Ангилал: мэдээ

  • ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН ДАХИН 23 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ

    Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө цалин, тэтгэврийг нэмэх зорилт тавьсан. Энэ дагуу энэ оны 2 дугаар сарын 1-нээс цалинг эхний ээлжинд 80 мянган төгрөгөөр нэмсэн бол дараагийн шатанд буюу 5 дугаар сарын 1-нээс 23 хувиар нэмж байна. Ингэсээр цалин нийтдээ 53 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд дундаж цалин 630 мянган төгрөгт хүрлээ. Дундаж цалин 300 мянган төгрөг байсан 2008 онд Засгийн газар цалинг 20 хувь, 2010 онд 30 хувиар нэмж 2011 оны байдлаар 410 мянган төгрөгт хүргээд байсан юм.

    ЗАСГИЙН ГАЗАР ДУНДАЖ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ 222 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОЛОО

    Засгийн газар 2012 оны 5 дугаар сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр одоо байгаа 165,0 мянган төгрөгийн дундаж тэтгэврийн хэмжээ 222,9мянган төгрөгтхүрлээ. Энэ нь өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 75 хувь, энэ оны 4 дүгээр сарын 1-ний байдалтай харьцуулахад 35 хувь, 2008 оныхтой харьцуулахад 2,3 дахин нэмэгдэж байгаа юм. Нийт тэтгэвэр авагчдын 64 хувь нь буюу 193,4 мянган иргэн 1995 оноос өмнө авч байсан цалин хөлсөндөө үндэслэн тэтгэврээ тогтоолгосон. Эдгээр иргэдийн тэтгэвэр дунджаар 40 орчим хувиар буюу 63,0 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Харин 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэр дунджаар 28 орчим хувиар буюу 48,9 мянган төгрөгөөр нэмэгдлээ.

    Хүн амын амьжиргааны доод түвшний хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар бүрэн тэтгэврийн доод хэмжээг 180,300 төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 145,200 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоохоор төлөвлөж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийнитгэлцүүр батлах, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг Засгийн газар энэ долоо хоногийн хурлаараа хэлэлцэх юм. Ийнхүү С.Батболдын Засгийн газар цалин, тэтгэвэр,зарим тэтгэмжийг нэмэх  амлалтаа биелүүллээ.

  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД АЛТАН МӨРДӨСТНҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

    Монгол Улсад цэргийн цол-генерал цол бий болсон өдрийг тохиолдуулан Засгийн газрын тэргүүн С.Батболд  2012 оны 4 дүгээр сар 27-ны өдөр генералуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий гэдэгчлэн тэрхүү цэрэг эрсийн мөрөөдлийг бодит  биелэл болгож чадсан генералууд та бүхнээр цэрэг эрс, Монголчууд бид үргэлж бахархдаг хэмээн Ерөнхий сайд С.Батболд алтан мөрдөстнүүдтэй уулзах үеэрээ тэмдэглэлээ. Мөн тэрээр  энэхүү өндөр хариуцлагатай үүрэг, нэр төрөө өргөж явахын зэрэгцээ цаашид улс орны хөгжил дэвшил, батлах хамгаалахын шинэчлэлд өөрсдийн хувь нэмрийг оруулан, хойч үе шинэ залуу офицеруудад арга туршлагаа харамгүй хайрлан, төр засаг, ард түмэндээ өмөг түшиг болж явна гэдэгт итгэлтэй байна гэлээ.


    Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар зэвсэгт хүчин, тэр дотроо зэвсэгт хүчний сор болсон генералуудын асуудлыг бүхий л талаар дэмжиж ирсэн төдийгүй цаашид ч энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Тухайлбал генерал цолны нэмэгдлийн асуудлыг УИХ-ын тогтоолын түвшинд бус хуулийн төсөл боловсруулж, шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын тэргүүний хувьд дэмжинэ гээд төслийг ойрын хугацаанд боловсруулахыг салбарын сайдад үүрэг болголоо.

    1944 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор анх генерал цолыг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай  гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгох журам гаргаж Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Эрэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 11 хүнд олгосон түүхтэй. Эдүгээ энэ эрхэм хүндэт цолыг 158 хүн хүртээд байна. 


  • ИРЭХ ОНД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 15.2 ХУВЬТАЙ БАЙХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

    ~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ~

    Ирэх онд уул уурхайн салбарын өсөлт, энэ салбарын бусад салбарт нөлөөлөх нөлөөлөл, шинээр бий болох ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөл, мал аж ахуйн салбарын өсөлт зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт 15.2 хувьтай байна. Үүнд уул уурхайн салбарын өсөлт 24.8, уул уурхайн бус салбарынх 13.3 хувь байна гэж Засгийн газар үзлээ. Эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувийн бодит өсөлттэй гарсан нь уул уурхайн бүтээн байгуулалт, гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээл дэх өндөр үнэ, цаг агаарын таатай байдалтай холбоотой  байлаа.  

    Тэгвэл ирэх онуудад эдийн засаг өсч байгаатай холбоотойгоор инфляци 13.1 хувьтай байх таамаглал дэвшүүлсэн байна. Цаашид суурь инфляцийг барих Засгийн газрын бодлого, арга хэмжээ, эрэлтийг дэмжих бодлого барихгүй гэвэл инфляцийг нэг оронтой тоонд оруулах боломжтой гэсэн эерэг төсөөлөл гарчээ. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт үргэлжлэх, дэд бүтэц, бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хөрөнгийн урсгал, алт, зэсийн дэлхийн зах зээлийн эрэлт, үнэ өсөх зэргээс шалтгаалан валютын ханш ирэх онуудад чангарах төлөвтэй байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдах хуулийн /Хүний хөгжил сангийн тухай гэх мэт/ төслийн тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, гишүүдийн гаргасан саналыг тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

    ЗАСГИЙН ГАЗАР ӨНГӨРСӨН САРД АЧААЛАЛ ИХТЭЙ БАЙЖЭЭ

    Засгийн газрын 2012 оны 03 дугаар сарын үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцууллаа. Өнгөрсөн сард Засгийн газрын хийсэн ажлыг  дүгнэвэл ачаалал ихтэй, энэ хэрээр улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд чухал нөлөөтэй олон томоохон шийдвэр гаргасан сар болж өнгөрчээ. Засгийн газар тайлант хугацаанд иргэн бүрт олгох 21 мянган төгрөгийн хишиг, хувийг 06 дугаар сарыг дуустал хүртээхээр шийдвэрлэсэн. Мөн 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон 16 хүртэлх насны хүүхэд, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан нь тогтоогдсон 16 насанд хүрсэн иргэнд “Хүний хөгжил сан”-гаас олгох нэг сая төгрөгийг энэ оны 2 дугаар улирлын сар бүрийн сүүлийн хагаст хуваан олгохоор болсон юм.

    Түүнчлэн “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд барих “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах орон сууцны жагсаалтыг баталжээ. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Төмөр замын салбарт авах зарим арга хэмжээний тухай”, “Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах тухай хэлэлцэн тодорхой шийдвэр гаргасан байна. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан саналыг судлан үзээд зарим их, дээд сургууль, коллежи болон ерөнхий боловсролын сургуулийн удирдлагатай харилцан тохиролцож, хичээлийн эхлэх хугацаанд өөрчлөлт оруулах болжээ.

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын танилцуулгаас үзвэл манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого энэ оны 2 дугаар сарын гүйцэтгэлээр 674.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 41.7 тэрбум төгрөгөөр буюу 5.8 хувиар давж биелжээ. Энэ нь 2011 оны мөн үеэс 207.1 тэрбум төгрөг буюу 44.3 хувиар өссөн гэсэн үг юм. Нэгдсэн төсвийн зарлага 2012 оны 2 дугаар сарын гүйцэтгэлээр 1425.5 тэрбум төгрөг зарцуулахаас гүйцэтгэлээр 682.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн нэгдсэн төсвийн зарлагын 47.9 хувийг санхүүжүүлсэн байна. Засгийн газар өнгөрсөн сард 6 удаа хуралдаж, 55 асуудал хэлэлцэн 16 асуудалтай танилцжээ. Үүнээс 33 асуудлыг Засгийн газрын тогтоолоор, 34 асуудлыг тэмдэглэлээр, 2 асуудлыг Ерөнхий сайдын захирамжаар шийдвэрлэсэн байна.

    ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

    Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хооронд байгуулсан “Нийгмийн салбарыг дэмжих” хөтөлбөрийн хоёрдахь шатны Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хөтөлбөрийн хоёрдахь шатны санхүүжилтийн хүрээнд 1 тэрбум 550 сая иен буюу ойролцоогоор 20 сая ам.доллар авах боломж бүрдээд байна. Энэ хөрөнгийг макро эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн үр ашгийг дээшлүүлж, ядуу иргэдийг хамгаалах шинэчлэл хийх, эмийн үнийн хөнгөлөлтийн хүрээг нэмэх, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс санхүүжүүлэх болон сурагчдын сурах бичгийг төрөөс даах ажлыг зорилтот бүлэгт чиглүүлэх, хүүхдийг тэжээлийн дутагдлаас сэргийлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Мөн өргөн хүрээний хомсдол үүссэн үед шаардлагатай вакцин эм, эмнэлгийн бусад хангамж нийлүүлэх тогтолцоо бий болгох, гэр хорооллыг хөгжүүлэх зэрэг цогц ажилд зарцуулахаар тохиролцоод байна.

    АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

    Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан агаарын хөлөг олон улсын хилийн боомтгүй нисэх буудалд зайлшгүй буулт хийсэн тохиолдолд хилийн хяналтыг гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах зохицуулалт бүрдүүлэх, холбогдох журмыг боловсруулан баталгаажуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын паспорт хяналтын нэгдсэн сүлжээний программ хангамжийг сайжруулах, шаардагдах хөрөнгийг шуурхай шийдвэрлүүлэхийг үүрэг болгов.

    Түүнчлэн агаарын тээврийг хялбаршуулахтай холбогдсон үйл ажиллагаа, арга хэмжээ нь аялал жуулчлал, олон улсын худалдааны хөгжилд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох, үнэлгээ өгөх боллоо. “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр” 181 заалттай бөгөөд 2011 оны байдлаар 154 заалт бүрэн хэрэгжиж, 21 заалт 30-90 хүртэл хувийн биелэлттэй, 6 заалт хэрэгжээгүй байна. Хөтөлбөрийн дундаж хэрэгжилт 92 хувьтай гэсэн тооцоо гарчээ. 

    ТОВЧ МЭДЭЭ

    • УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар боллоо. Гишүүн Д.Одхүү хотын захын гэр хорооллоос төвийн сургуульд суралцдаг сурагчдыг тээвэрлэх, тусгай зориулалтаар тоноглосон автобус худалдан авч хилээр оруулахад дээрх төрлүүдийн татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлдөө тусгасан байна.
    • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг дэмжин гишүүдээс гаргасан саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн төсөл 7 бүлэг 28 зүйлтэй бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн төсөөлөл, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах юм.
    • Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлого, Мянганы хөгжлийн зорилтод үндэслэн боловсруулсан 73 үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 75.4 хувьтай, төсвийн болон гадаад орны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа 129 төсөл 85.5 хувийн биелэлттэй байна.
    • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр батлах, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцсэн байна.
    • “Албан тушаалтны төрийн өмчлөлд шилжүүлсэн бэлэг, үйлчилгээний үнэ хөлсийг үнэлэх, зарцуулах журам”, “Албан тушаалтны төрийн өмчлөлд шилжүүлсэн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсний талаархи мэдэгдэл”-ийн маягтыг баталлаа.
    • Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн ажлын явцын талаар сайд Ц.Дашдорж танилцууллаа. Нисэх буудлын шавыг энэ сарын 23-ны өдөр тавьсан бөгөөд 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Манай улс Хөшигийн хөндийд 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугам татаж, дэд өртөө байгуулах, хурдны замаар холбох, нисэх буудлыг холбоо, мэдээллийн шилэн кабелиар холбох ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх юм.
    • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрладаг 18 мгв-ын цахилгаан станц, цэвэр усны эх үүсвэрийн барилга, байгууламжийг цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авлаа.
    • Үндэсний төв архивын шинэ цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орохтой холбогдуулан шаардлага хангасан тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах нийт 5.1 тэрбум төгрөгийг энэ оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэхээр шийдвэрлэв. Мөн архив болон стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж нэмж авахад шаардагдах 4.5 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгахаар болжээ.
    • Үндэсний номын сангийн шинэ барилга барихад шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгах, бусад эх үүсвэр бий болгон хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шинэ барилга барихад урьдчилсан байдлаар 16 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байна.
    • Энэ оны Төвийн тухай хуульд тусгагдсаны дагуу “Мэдээлэл холбооны сүлжээ” компаниас 6.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх, төвлөрүүлсний дараа хугацаа хэтэрсэн бусад өр, урт хугацаат зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөлтийг 4 жилээр хойшлуулахаар боллоо. Энэ нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, үйлчилгээний үнэ тарифыг бууруулах, хамрах хүрээг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх зорилготой юм.
    • “Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журам”-ыг баталлаа. Дулааны цахилгаан станцын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад зориулж олборлосон нүүрснийхээ 70-аас доошгүй хувийг нийлүүлж, эрчим хүчний системийн нүүрсний нийт хэрэглээний 20-иос доошгүй хувийг дангаараа хангадаг аж ахуйн нэгж, байгууллагыг төлбөрөөс чөлөөлөх, түүнчлэн дулаан хангамжийн эх үүсвэрт нийлүүлсэн нүүрсний хэмжээгээр нь түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс хөнгөлөх тухай журамд заажээ.
    • Говь-Алтай аймгийн Тайшир, Дорноговь аймгийн Эрдэнэ, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт байх газар хөдлөлтийг судлах сүлжээ станц байрладаг газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. Тусгай хэрэгцээнд авсан газрын талбайтай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуулын талбайн эвдэгдсэн газарт зөвшөөрөл эзэмшигч этгээдээр нөхөн сэргээлт хийлгэж хүлээн авах юм байна.
    • Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг энэ оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 15-нд явуулахаар боллоо. Тооллого нь мэдээллийн иж бүрэн систем бүрдүүлэх, салбарын төлөвлөлт, бодлого боловсруулалт, гарч байгаа шийдвэрийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдэд шийдвэр гаргах, ажлаа явуулахад зориулсан нарийвчилсан мэдээллийн эх үүсвэр бий болгох ач холбогдолтой юм. 
    • Энхийг сахиулагчдын олон улсын өдөр 5 дугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсад “Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэлээ. Энэ дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойн арга хэмжээг орон даяар өргөн хүрээнд зохион байгуулахыг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярт даалгасан байна.
    • Нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны олон улсын хамтарсан сургуулилтыг Монгол Улсад зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар болов.
    • Монгол Улсаас Бутаны Вант Улс, Бүгд Найрамдах Панам Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
    • ОХУ-ын Москва хотноо болсон М.И.Глинскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, Монакогийн Вант Улсын Монте Карло, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаан, АНУ-д болсон Барток Кабалевский-Прокофьевийн нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд амжилттай оролцон тэргүүн болон хоёр, гуравдугаар байр эзэлсэн нэр бүхий уран бүтээлчдэд нийт 200 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор боллоо.
  • С.БАТБОЛД: ЦЭВЭР ОРЧИНД АМЬДРАХАД БИД БҮГДИЙН УХАМСАР, ҮҮРЭГ ОРОЛЦОО ХАМГААС ЧУХАЛ

    Улаанбаатар хотын өмнө тулгамдсан олон асуудлын нэг бол яах аргагүй хог хаягдал. Үүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэхгүйгээс гудамж талбайд хог хаягдах, орчныг бохирдуулах, хотын өнгө үзэмжийг доройтуулах гээд олон сөрөг үр дагавартай. Гэтэл нийслэлд хог ачих автомашины хүрэлцээ муу, байгаа хэд нь хогтойгоо цуг хаягдахад хүрээд байна. Тэгвэл өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Цэвэр агаар сан”-гаас нийслэлийн 9 дүүрэгт Солонгос Улсын Hyundai үйлдвэрийн хог тээврийн тусгай зориулалтын 28 автомашиныг хүлээлгэн өглөө.


    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ Засгийн газар ард иргэдийнхээ тав тухтай амьдрах, орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө онцгойлон анхаарч, олон ажил хийж хэрэгжүүлж байгааг тэмдэглээд үүний нэг тод жишээ бол өнөөдрийн арга хэмжээ юм гэдгийг онцоллоо. Түүнчлэн энэхүү тусгай зориулалтын автомашин нь нийслэл хотын цэвэр цэмцгэр байдлыг хангахад ихээхэн тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна гээд хамгийн гол нь бид бүгдийн ухамсар, үүрэг оролцоо чухал гэдгийг хэллээ.

    Хоггүй цэвэр цэмцгэр орчинд амьдрахын тулд шийдвэрлэх олон асуудал бий. Наанадаж хогийн цэгийг 24 цагийн ажиллагаатай болгож, гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Ерөнхий сайд энэ ажлыг 6-р сардаа багтааж дуусгахыг Байгаль орчин,аялал жуулчлалын сайд болон хотын удирдлагуудад үүрэг болгоод цаашид Улаанбаатар хотын хогны менежментийг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн хог боловсруулах үйлдвэр байгуулах, орчин үеийн стандартыг нэвтрүүлэх чиглэлээр анхаарч ажиллахыг даалгалаа.

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн хүсэлтэд хариу өгөв

                                                                АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГ ТАНАА

                                                                                                                                                                                        Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай

    Монгол Улсын иргэдэд 1 сая төгрөг, хувьцаа олгох талаархи Улсын Их Хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх тухай Таны хүсэлттэй танилцан дараахь хариуг өгч байна.

    Нэг. Юуны өмнө МАН-АН-ын хамтарсан Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээх, хувьцаа эзэмшүүлэх талаархи зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээх, хувьцаа гаргах талаархи Монгол Улсын хууль тогтоомжийг МАН, АН-ын хамтарсан Засгийн газраас олон удаа шийдвэр гарган хэрэгжүүлсэн. Засгийн газар аливаа томоохон шийдвэр гаргахын өмнө Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг томилж, тухайн асуудлыг эрх зүй, санхүү, эдийн засаг, мөнгөний бодлого, инфляци, хөрөнгө оруулалт, хүний хөгжил, нийгмийн хамгаалал зэргээр тал бүрээс нь судалж, бодлогын хувилбар боловсруулж хэлэлцэн шийдвэр гарган, хэрэгжүүлж, уялдуулан зохицуулж байсныг Та мэдэж байгаа.

    Хоёр. АН Засгийн газраас гарсан ч манай Засгийн газар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтоо хэрэгжүүлэх, түүний дотор иргэдэд 1 сая төгрөгийн хишиг, хувь хүртээх, хувьцаа олгох талаар өмнө нь баримталсан бодлого, зарчмаа өөрчлөөгүй бөгөөд энэ хугацаанд Улсын Их Хурлаас баталсан болон Засгийн газраас гаргасан өнөөдөр мөрдөж байгаа хүчин төгөлдөр шийдвэрийг үргэлжүүлэн хэрэгжүүлж байгааг үүгээр нотолж байна.

    Гурав. ”Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоол гаргаж, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн хүрээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн /олгох иргэний шалгуурыг журамд тодорхой заасан/-д 1.0 сая хүртэлх төгрөгийн хишиг, хувийг бэлнээр хүртээхээр шийдвэрлэж, Хүний хөгжил сангийн 2012 оны батлагдсан төсвийн хүрээнд энэ оны 2 дугаар улиралд багтаан сар сараар хуваан олгоно. Энд улсын төсвийн орлого жил бүрийн I улиралд хангалтгүй бүрддэг, мөн их хэмжээний мөнгө бэлнээр гаргавал инфляцийг нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг нөхцөлийг харгалзан дээрх шийдвэрийг гаргасан болно. Энэхүү шийдвэрийн дагуу дээр дурдсан хүмүүст 1 сая хүртэлх төгрөгийн эхний хэсгийг олгохоор холбогдох яам, агентлаг бэлтгэлээ базааж, иргэд ч материалаа бүрдүүлж байгаа болно.

    Мөн хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд тусгагдсан иргэнд сар бүр олгодог 21 мянган төгрөгийг (бэлэн мөнгөний хишиг, хувиа)уламжлал ёсоор олгож, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, оюутны сургалтын төлбөр зэрэг бэлэн бусаар олгох хөрөнгийг батлагдсан журмын дагуу зохион байгуулж байна.

    Дөрөв. “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн Засгийн газрын 116 дугаар тогтоол гаргалаа. Уг тогтоолдИргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Монгол Улсын нийт иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшүүлэх зорилгоор Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлэх, 2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх, иргэдэд эзэмшүүлэх хувьцаанаас Улсын Их Хурлын 2011 оны 53 дугаар тогтоолын дагуу Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцохоор тогтсон.

    Улсын Их Хурлын 2011 оны 57 дугаар тогтоолын дагуу эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах иргэний хүсэлтийг хүлээн авч, иргэдийн нэрс, худалдах хувьцааны тоог нэгтгэн гаргах ажлыг 2012 оны 6 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулах, Улсын Их Хурлын 2012 оны 39 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн “б”-д заасан нөхцөлийг хангасан аж ахуйн нэгжүүдээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдаж авах талаар өөрийн харьяалагдах татварын хэлтэст 2012 оны 6 дугаар сарын 1-ний дотор ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хувьцааг нэрлэсэн үнээр нь тэнцүү хэмжээгээр худалдах ажлыг зохион байгуулах, аж ахуйн нэгжид худалдсан хувьцааны орлогоос бүрдэх хөрөнгийг иргэдээс худалдан авах хувьцааны төлбөрийг санхүүжүүлэх, эсхүл иргэдийн хүсэлтийг үндэслэн иргэдийн банкны зээл болон орон сууцны төлбөрт нь шилжүүлэх ажлыг зохион байгуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийн талаархи саналыг Засгийн газарт танилцуулсны үндсэн дээр 2012 оны 5 дугаар сарын 1-ний дотор нэрлэсэн үнийг зохих журмын дагуу тогтоох, хувьцаагаа худалдах иргэдийн хувьцааг багцалж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад худалдах нөхцөл, боломжийн талаар судалж, Засгийн газарт танилцуулах зэргийг мөн уг тогтоолд заасан болно.

  • Хөшгийн хөндийд нисэх онгоцны шинэ буудал баригдаж эхэллээ

    Монголын иргэний нисэхийн анхны онгоц хөөрч, нислэг үйлдэж байсан  Хөшгийн хөндийд олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажил эхэллээ.  Улаанбаатар хотоос 60 гаруй км-ийн зайд тус шинэ буудал  баригдах юм байна. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд шинэ буудлын шав тавих ёслолын ажиллагаанд оролцож хэлсэн үгэндээ Монгол улсын Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт иргэний агаарын тээврийн хөгжлийг эрчимжүүлж, Төв аймгийн Хөшгийн хөндийд олон улсын нисэх буудал байгуулж Улаанбаатар хотын дэд бүтэцтэй холбоно гэж тусгагдсан нь ийнхүү биелэлээ олж байна гэдгийг онцоллоо.


    Хур бууж, газрын хувьд шар тос болж байгаа энэ өдөр шав тавих ёслол болж байгаа нь их бэлэг дэмбэрэлтэй хэрэг болж байна гэдгийг Засгийн газрын тэргүүн энэ үеэр тэмдэглээд, хөгжилд түүчээ нэмсэн чухал арга хэмжээ гэдгийг ч хэлсэн  юм. “Энэхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд манай Засгийн газар , Япон улсын олон улсын хамтын ажиллагааны банк хооронд  2008 онд 28.8 тэрбум иений төсөвт өртөгтэй олон улсын нисэх онгоцны шинэ буудал байгуулах хөнгөлттэй зээлийн гэрээ байгуулсан  гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн онцлоод, энэхүү олон улсын шинэ  буудал нь агаарын тээврийг олон улсын стандартын түвшинд хүргэж, иргэний агаарын тээврийн тогтвортой хөгжлийг хангахад онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ.

    Энэхүү томоохон бүтээн байгуулалтыг түшиглэн төмөр зам, авто болон ачаа тээврийг гүйцэтгэх томоохон төв бий болохоос гадна Улаанбаатар хотын дэд бүтэцтэй холбогдох мөн наад зах нь 100 мянга гаруй хүн амтай шинэ дагуул хотыг бид барьж байгуулах болно хэмээн Ерөнхий сайд С.Батболд  шав тавих ёслолын ажиллагааны үеэр онцолж байлаа. Түүнчлэн энэ шинэ буудлыг барьж байгуулснаар манай улсын нутаг дээгүүр өнгөрч байгаа баруун Европ, хойд Америкийг зүүн өмнөд Азитай холбосон агаарын замуудын нислэг буудаллах боломж нээгдэж, энэ нь Монголд төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжилд таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн ажлын байрууд олноор бий болж, бусад томоохон байгууламжуудад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орох таатай боломж бас нээгдэнэ гэдгийг ч дурьдлаа.  

    Төслийн хүрээнд үерийн усны хамгаалалт далангийн барилга байгууламж, цахилгаан дамжуулах 110 киловатт-ын шугамын болон холбоо мэдээллийн шилэн кабель татах бүтээн байгуулалтын ажил эхний удаад ийнхүү эхэллээ. Ёслолын ажиллагаанд Монгол улсын Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Су.Батболд, Д.Дондог болон Япон улсаас манай улсад суугаа  онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шимизү, Японы олон улсын хамтын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Исогой болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

    Тус ёслолын ажиллагааны үеэр лам хуврагууд ном гүрэм айлтгаж, хүндэт зочид тусгайлан бэлтгэсэн талбай дээр цай, арвай буудайны дээжийг өргөж, ёслол үйлдлээ. Шинэ буудал баригдсанаар онгоц хөөрч буух зурвас нь 2 талын оролт гаралттай болж, нислэгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, үйлчилгээний хүрээ өргөжих, зорчигчдын ая тухтай аялах таатай нөхцөл бүрдэхээс гадна олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын тавьж буй шаардлага, стандартын түвшинд хүргэх зорилтыг биелүүлэх таатай нөхцөл бүрдэж байгаа ажээ.

    Нийтдээ 30 гаруй барилга байгууламжууд баригдах бөгөөд зорчигч үйлчилгээний терминал нь нэг цагт 1100 зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай байх юм байна. Иж бүрэн  барилга байгууламжаас бүрдсэн олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор  Аэродромын хяналтын код 4D-ээс  4E-д шилжих бөгөөд 2019 он гэхэд олон улсын болон дотоодын нислэгээр жилд 1 сая 650 мянган зорчигчдод үйлчилж, 11900 тн ачаа тээвэрлэдэг болох юм байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • “МӨРӨӨДЛИЙН БАГ”-ИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээнийг АНУ-ын NBA-ийн од, супермэн хочит Двайт Ховард ирж нээж байсан нь саяхан.  Тэгвэл 8 сарын турш манай улсын бүх аймаг сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй мянган хүүхэд багачууд аваргын төлөө өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсны эцэст өнөөдөр “Мөрөөдлийн баг”-ийн аваргууд тодорлоо.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шилдгүүдэд шагнал гардуулах ёслолд оролцож хэлсэн үгэндээ Хүн бүр мөрөөдөлтэй. Гагцхүү мөрөөдлөө биелүүлэхийг тулд эрүүл чийрэг бие бялдартай байх нь чухал. Тиймээс  бид сагсан бөмбөгийн спортоор дамжуулан нийтийн биеийн тамир, хүүхэд залуучуудынхаа эрүүл чийрэг бие бялдрыг хөгжүүлэх  өсвөр үеийнхний авьяас чадварыг нээн илрүүлэх үүднээс  Ерөнхий сайдын хувьд, спортод хайртай хүний хувьд энэхүү санаачилгыг гаргасан юм гэдгээ хэллээ. 

    Мөн тэрээр “Мөрөөдлийн баг”-ийн тэмцээнд 300 мянга гаруй хүүхэд идэвхтэй оролцсон нь хүүхэд багачууд маань спортоор хичээллэх хүсэл эрмэлзэлтэй байгаа нь харагдаж байна гээд нийт багш дасгалжуулагч тамирчдадаа талархаж байгаагаа илэрхийллээ. Энэ удаагийн тэмцээнд хөдөө орон нутгаас идэвхитэй оролцож, Архангай, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор Завхан аймгаас ирсэн баг тамирчид шилдгээр шалгарсан нь орон нутагт энэхүү спортоор амжилт гаргах үндэс суурь байгааг илтгэж байна хэмээн зохион байгуулагчид нь хэлж байна. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн баг дасгалжуулагчид үндэсний хэмжээнд зохиогдож байгаа тэмээнд 30 жилийн дараа аймгаа төлөөлөн оролцож байгаадаа баяртай байна гэж байлаа.

    Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр баг тамирчид “Мөрөөдлийн баг” хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байх санаачилгыг гаргасныг Монгол Улсын Ерөнхий сайд дэмжиж байгаагаа хэллээ. Тэмцээний бага насны ангилалд Өмнөговь аймгийн Баяндалай сумын эрэгтэй, Завхан аймгийн эмэгтэй баг, Дунд насны ангилалд Нийслэлийн 48-р дунд сургуулийн эрэгтэй баг, Спорт сургуулийн эмэгтэй баг тамирчид, Ахлах насанд Орхон аймгийн эрэгтэй, Дорноговь аймгийн эмэгтэй баг 1-р байранд шалгарч алтан медаль, аваргын малгай футболк, 2.000.000 төгрөг үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Үүнээс гадна тэмцээний шилдгийг шилдэг нэг тоглогч АНУ-ын  NBA-ын playoff-ын тоглолтыг үзэх эрхийн бичгээр шагнагдлаа. Түүнчлэн энэ өдрүүдэд ОХУ-ын Уфа хотноо болж байгаа Олимп, Дэлхийн аварга Сергей Беловын нэрэмжит  олон улсын хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээнд нийслэлээс шалгарсан “Мөрөөдлийн баг”-ийн тамирчид оролцож байна.

  • Террорист гэмт этгээдийг баривчилсан З.Буяннэмэхэд Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийллээ

    Тайландын Вант улсаас Хонконг хүрэх онгоцонд энэ сарын 16-ны өдөр болсон явдлын талаар монголчууд төдийгүй дэлхийн олон орны иргэд ярьж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, жирийн монгол залуугаар бахархаж байна. СХ 712 онгоцны аяллын явцад амиа золиослохыг завдсан алан хядагчийг барьж саатуулан 216 зорчигчийн амь насыг хамгаалсан Монгол Улсын Иргэн Заяабаатарын Буяннэмэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 4 дүгээр сарын 18-ны энэ өдөр хүлээн авч уулзлаа.


    Баатарлаг зориг, авхаалж самбаа гарган, шуурхай ажиллан террорист гэмт этгээдийг барьж саатуулан олон зуун эрдэнэт хүний амийг аварч, монгол хүний эр зоригийг олон улсад таниулсан танаар Монголын ард түмэн бахархаж байгаа гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүнээ талархаж байгаагаа илэрхийлж талархлын бичиг, дурсгалын зүйл гардууллаа.

    З.Буяннэмэх онгоцонд болсон явдлын талаар “Тэр этгээд 40 орчим насны Филиппин хүн байсан. Онгоц газардахаас 20 орчим минутын өмнө нэг нөхөр хаалга онгойлгох гэж дайрч онгоцны үйлчлэгч болон хоёрдугаар нисгэгчтэй зууралдаад гэнэтийн юм болсон. Өөрийн мэдэлгүй очоод өнөө нөхрийг хоолойгоор нь боож унаган, хоёрдугаар нисгэгчийн өгсөн гаваар гавлаад онгоц газардтал хажуудаа суулгаж авч явсан” гэж ярихад Ерөнхий сайд “Их мэдрэмжтэй, зоригтой байж, бахархам үйл хийжээ. Манай монгол залуучуудаас л ийм эрэлхэг зориг, авхаалж самбаа гарна” хэмээгээд З.Буяннэмэхээр бахархаж байгаагаа хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


  • ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭНД БАЙНА

    ~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр боллоо. Энэ өдөр Засгийн газар 24 асуудал хэлэлцэж 13 асуудалтай танилцан холбогдох шийдвэр гаргажээ ~


    Монгол Улсын Засгийн газрын өр 9.6 тэрбум ам.доллар хүрсэн тухай УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өмнө нь мэдээлж байсан нь ташаа ойлголт.  Гадаад өр зохистой хэмжээнээс хэтрээгүй, өөрөөр хэлбэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар хэллээ. Нийт гадаад өрийн 2.2 тэрбум ам.доллар нь Засгийн газарт хамааралтай бөгөөд үлдэх 7.4 тэрбум ам.доллар нь хувийн хэвшил, түүн дотроо банк, банк бус байгууллагын өр байгаа гэдгийг Монголбанкны албан ёсны мэдээлэлд дурджээ.

    Засгийн газар өнгөрсөн онд 257.9 тэрбум төгрөгийн гадаад зээл авч ашигласан бөгөөд өрийн үлдэгдэл 2011 оны гүйцэтгэлээр 2,650.9 тэрбум төгрөг байна. Нийт зээлийн үлдэгдлийн 66.2 хувийг төслийн, 21.6 хувийг санхүүгийн, 10.3 хувийг автозамын, 1.6 хувийг хөтөлбөрийн зээл, үлдсэн 0.3 хувийг Олон улсын валютын сангийн зээл эзэлж байгаа тухай Сангийн яамны танилцуулгад дурдсан байна. Тэгвэл дотоод өрийн үлдэгдэл мөн оны гүйцэтгэлээр 503.3 тэрбум төгрөг болжээ. Төсвийн алдагдал, улирлын чанартай дутагдал болон орон сууц, жижиг, дунд үйлдвэр, ноос, ноолуурын салбарыг дэмжих, зарим ажлыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газар өнгөрсөн онд 358.3 тэрбум төгрөгийн үнэт цаас гарган арилжаалж, эргэн төлөлтөд 20 тэрбум төгрөг төлсөн байна. Засгийн газрын нийт өр өнгөрсөн онд 3,154.2 тэрбум төгрөг болжээ.

    ӨМНИЙН ГОВЬД НҮҮРС ХЭРХЭН ТЭЭВЭРЛЭЖ БАЙГААГ ШАЛГАЖЭЭ

    Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалын дагуу Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэж байгаа 13 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнг сайд Т.Ганди Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Дээрх аж ахуйн нэгжүүдэд ололттой болон дутагдалтай тал аль аль нь байна. Цаашид гадаадаас ажиллах хүч авч байгаа аж ахуйн нэгжүүд, ялангуяа Цогтцэций сумаас Гашуунсухайт боомт хүртэлх чиглэлд нүүрс тээвэрлэж байгаа явцад мэргэжлийн байгууллагууд нарийвчилсан үзлэг, шалгалт хийн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын талаар дүгнэлт гаргаж, хариуцлага тооцох нь зүйтэй гэж сайд Т.Ганди хэллээ.

    Мөн гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тавих хяналтыг сайжруулах, хууль, тогтоомж зөрчсөн этгээдэд ногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгааг танилцуулгад дурджээ. Түүнчлэн гадаадын ажилчдаар нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг Эдийн засгийн цагдаагийн газар болгон өргөтгөх, нийгмийн даатгал, хөдөлмөрийн асуудал хариуцсан ажилтны орон тоог нэмэх, төрийн үйлчилгээний нэг цэгийн төв ажиллуулах, Оюутолгой, Тавантолгойн төслүүдийн хүрээнд хүнд даацын жолооч, оператор нарыг тусгайлсан сургалтаар бэлтгэж мэргэшүүлэх нь зүйтэй гэдгийг сайд Т.Ганди танилцуулгадаа санал болгожээ. 

    СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ 70 МЯНГА ОРЧИМ ИРГЭН ГАДААДАД АМЬДАРЧ БАЙНА 

    “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах тухай журам”-ын төслийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар танилцууллаа. Төсөлд Монгол Улсаас хилийн чандад суугаа нийт 40 Дипломат төлөөлөгчийн газарт иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Комисс, салбар комисс байгуулах, тэдгээрийн чиг үүрэг, сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх, сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах, танилцуулах, санал авах ажлыг зохион байгуулах, саналыг нууцлалыг хангах зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулжээ.

    Журмын төслийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Гадаад харилцааны сайдын хамтарсан тогтоол, тушаалаар батлахаар төлөвлөсөн байна. Төсөлд тусгаснаар сонгуулийн эрх бүхий иргэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө тухайн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт ирж бүртгүүлэх ёстой. Иргэд санал өгөхдөө өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эсвэл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэж хуудсаа дугтуйд битүүмжлэн саналын хайрцагт хийх юм. Гэхдээ сонгогч бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс хамаарч саналаа биечлэн өгөх боломжгүй бол итгэмжлэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар саналаа өгч болохыг журамд тусгаад байна.

    Салбар комисс иргэдийн саналыг санал хураалт дууссан өдрийн дараагийн өдрийн дотор Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх зэргийг ч  нарийвчлан тусгажээ. Өнөөдрийн байдлаар гадаадад сонгуулийн эрх бүхий 70 мянга орчим иргэн байгаа бөгөөд иргэний шинэчилсэн бүртгэлд 33 мянга гаруй хүн хамрагдаад байна.

    ИРЭХ ЖИЛҮҮДЭД ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ

    Засгийн газрын хуралдаанаар эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Ирэх 5 жилд манай улс хүнээ хөгжүүлэх, ажиллаж, амьдрах аюулгүй таатай орчныг бүрдүүлэх, хүнд ээлтэй засаглалыг төлөвшүүлэн эдийн засгаа бүсчлэн хөгжүүлэхийг тэргүүлэх чиглэл болгохоор төлөвлөжээ. Мөн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, хүнд үйлдвэрийн суурийг тавин боловсруулах үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх юм. Түүнчлэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжсэн дэд бүтцийг хөгжүүлнэ гэж тэргүүлэх чиглэлд тусгаад байна.

    Мөн хуралдаанаар “Эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Үндсэн чиглэлийг Өсөлтийн үр шимийг нийгмийн бүлгүүдэд хүргэх макро эдийн засгийн, Бодит салбарын хөгжлийн, Байгаль орчин, бүс нутгийн хөгжлийн болон Хүнд өгөөжтэй нийгмийн бодлого, Төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэл, Гадаад бодлого, батлан хамгаалах гэсэн бүлэгтэй байхаар боловсруулсан байна. Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, шинэ Засгийн газрын ажлын эхлэл болохоор төлөвлөн боловсруулснаараа онцлог юм.

    “ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

    “Хөдөөгийн хөгжил” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хөтөлбөрийг эхний ээлжинд 2012-2015 онд хэрэгжүүлж хөдөөгийн өрхийн бодит орлогыг 2010 оны түвшингээс 2 дахин нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулах зорилт тавьж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр малчин өрхийн амьжиргаа нь байгаль цаг уур, түүхий эдийн үнэ, ханшийн өөрчлөлтөөс хэт хамаарах хамаарал багасч, хөдөөгийн иргэд нийгмийн суурь үйлчилгээг жигд хүртэх нөхцөл бүрдэнэ.

    Мөн бүх сум, зарим томоохон баг, тосгон байнгын эрчим хүчээр хангагдаж, иргэд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг бүрэн хүртэх боломжтой болох юм. Түүнчлэн сум өөрийн санхүүгийн эрх мэдэлтэй болж, орлогоо бүрдүүлэн зарлага, санхүүжилтээ иргэдийн оролцоотой төлөвлөн баталж хэрэгжүүлдэг болох зэрэг зорилтыг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болжээ.

    ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДААС ШАЛТГААЛАН АЖИЛ УДААШИРЧЭЭ

    “Халх гол” төсөл болон баруун бүсэд газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай танилцууллаа. Сайд Т.Бадамжунайн танилцуулгаас үзвэл Халх голын сав газарт газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй тогтвортой эрхлэх боломжийг бүрдүүлэх үүднээс үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг татаж эхэлсэн ч орон нутгийн удирдлагуудаас болж цаг алдаж байна. Тухайлбал аж ахуйн нэгжүүд эхний ээлжинд 50 орчим мянган га талбайд тариалан эрхлэх хүсэлт гаргасан ч аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гаргаагүй байна. Мөн Халх гол сумын төвийн цэвэр, бохир усны шугамыг сэргээн засварлах ёстой ч зураг төслийн ажил нь  хийгдээгүй байгааг сайд Т.Бадамжунай хэллээ.

    Үүнтэй холбогдуулан “Халх гол төслийг хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх, сумын төвийн цэвэр, бохир усны шугамыг сэргээн засварлах зураг төсвийн болон шинэчлэн засварлахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. “Халх гол” төслийн хүрээнд Халх голын бүс нутагт ашиглалтгүй байсан 30,0 мянган га атаршсан талбайгаас 19,8 мянган га талбайг хуулийн дагуу эзэмшүүлж эргэлтэд оруулжээ. Мөн өөрийн техникгүй жижиг аж ахуйн нэгж болон өрхийн тариалан эрхлэгчдийг техникийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилгоор нэг тэрбум төгрөгөөр Техник үйлчилгээний дундын төв байгуулан ажиллаж байна.

    2011 онд 6 аж ахуйн нэгж 9 орчим мянган га-д үр тариа тариалж, 13 мянган га-д уриншийн боловсруулалт хийснээр энэ онд 15 мянган га-д үр тариа тариалж, 15,0 мянган га-д уринш боловсруулалт хийх боломж бүрдсэн байна. Энэ нь төсөл хэрэгжихийн өмнөх жилтэй харьцуулахад 3,3 дахин нэмэгдсэн гэсэн үг юм. Тэгвэл баруун бүсийн газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх зорилгоор 2010-2012 онд нийтдээ 1,6 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн байна. Үүнээс гадна “Чацаргана” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 500 сая төгрөгийн зээлээр Увс аймагт жилд 600 тонн чацаргана боловсруулах үйлдвэрийг  ашиглалтад оруулжээ. Мөн жимс, жимсгэний суулгац үржүүлэгчдийг дэмжих зорилгоор 2010-2012 онд Увс аймгийн иргэн, аж ахуйн нэгжээс 1,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 880 мянган ширхэг чацарганы суулгац худалдан авч бусдад олгосон байна.

    “АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

    Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан агаарын хөлөг олон улсын хилийн боомтгүй нисэх буудалд зайлшгүй буулт хийсэн тохиолдолд хилийн хяналтыг гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах зохицуулалт бүрдүүлэх, холбогдох журмыг боловсруулан баталгаажуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын паспорт хяналтын нэгдсэн сүлжээний программ хангамжийг сайжруулах, шаардагдах хөрөнгийг шуурхай шийдвэрлүүлэхийг үүрэг болгов.

    Түүнчлэн агаарын тээврийг хялбаршуулахтай холбогдсон үйл ажиллагаа, арга хэмжээ нь аялал жуулчлал, олон улсын худалдааны хөгжилд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох, үнэлгээ өгөх боллоо. “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр” 181 заалттай бөгөөд 2011 оны байдлаар 154 заалт бүрэн хэрэгжиж, 21 заалт 30-90 хүртэл хувийн биелэлттэй, 6 заалт хэрэгжээгүй байна. Хөтөлбөрийн дундаж хэрэгжилт 92 хувьтай гэсэн тооцоо гарчээ. 

    ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

    “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах Үндэсний дөрөв дэх хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоол гарахаар боллоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Шадар сайд М.Энхболд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди  нарт даалгалаа. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг өөрийн эрхлэх ажлын хүрээнд болон нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэх, эрсдэл өндөртэй салбаруудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр боловсруулж, баталж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2013 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусгах, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг холбогдох сайд нарт даалгажээ.   

    ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАТАЛЛАА

    ОХУ-ын  Москва хотноо энэ оны 2 дугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан  “Нэг улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар  хөдөлмөр эрхлэх тухай  Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. 2009 онд манай 46 мянга гаруй иргэн ОХУ-ын хилээр нэвтэрсэн бөгөөд 77 орчим хувь нь тухайн улсад бүртгэлд хамрагджээ. Тэгвэл манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ тоогоор ОХУ хоёрдугаар байрт ордог байна. ОХУ-ын иргэд ихэвчлэн уул уурхай, боловсролын салбарт ажилладаг гэсэн судалгаа гарчээ. 2011 оны эцсийн байдлаар тус улсын 1000 гаруй иргэн манай улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан байна.

    Энэ нь иргэдийн шилжих хөдөлгөөн хоёр улсын нийгэм, эдийн засагт ач холбогдолтойг харуулж байгаа төдийгүй иргэдийн эрхийг хангахад чиглэгдсэн зохицуулалтыг бий болгох шаардлагатай болсныг харуулж байгаа юм. Иймээс дээрх хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр хоёр улсын  хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ болон хувь хүний хөдөлмөрлөх эрхийг хангах боломж бүрдэж байна.  

    ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

    “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд хийсэн ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан, “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ хийж, цаашид баримтлах бодлого, арга хэмжээний саналын хамт Засгийн газарт оруулахыг сайд Т.Бадамжунайд даалгалаа. Мөн хуралдаанаар “Чацаргана“ үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаад дэвшүүлсэн шалгуур, үзүүлэлтийг хангахад шаардлагатай арга хэмжээг дэмжихэд зориулсан хөрөнгийг улсын төсөвт нэмж тусгахыг сайд Т.Бадамжунай, Д.Хаянхярваа нарт даалгалаа.

    Мөн чацарганы байгалийн нөөцийг шинэчлэн тогтоох, генефонд байгуулах, чацарганаар үйлдвэрлэх бүтээгдэхүүний биохимийн найрлага, бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл, хүний бие махбодид үзүүлэх нөлөө зэрэг чиглэлээр эрдэм шинжилгээ, клиник судалгаа хийх төслийг Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлж байхыг сайд Ё.Отгонбаярт даалгажээ.

    БАЯНХОНГОР АЙМАГТ ИНГЭ ИХЭРЛЭЖЭЭ

    Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэнгийн нурууны дөрөвдүгээр багийн малчин Н.Амарсанаагийн улаан зүсмийн ингэ ихэрлэсэн байна. Монголчууд мал сүрэг, тэр дундаа тэмээ ихэрлэхийг ихэд бэлэгшээдэг юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай ихэр ботгоны зургийг Монгол Улсын Ерөнхий сайдад Засгийн газрын хуралдааны дараа хүлээлгэн өгч, ихэр ботго эсэн мэнд бойжиж байгааг дуулгалаа. Өмнө нь тус аймгийн Баян-Овоо сумын малчин Т.Содномдаржаагийн хотонд таван ихэр, Бууцагаан сумын Баянбүрдийн багийн малчин Б.Баяндэлгэрийн хотонд дөрвөн ихэр хурга мэндэлсэн юм. Үүнээс гадна Төв аймгийн Баян-Өнжүүл сумын гуравдугаар багийн малчин Ч.Ганболдын хотонд гурван ихэр тугал, Архуст сумын Ноён шанд нэгдүгээр багийн малчин С.Жадамбын хотонд таван ихэр ишиг бойжиж байна.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Засгийн газрын хуралдаанаас Тагнуулын ерөнхий газрын даргаар Д.Гэрэлийг томиллоо. Д.Гэрэл өмнө нь Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан. Тагнуулын ерөнхий газрын дарга байсан Р.Болд Монгол Ул­саас Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод байгаа юм.
    • “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын 2011 оны хэрэгжилтийн явцтай танилцаад гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д танилцуулахаар боллоо.
    • Чойр-Сайншанд чиглэлийн 176, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто зам, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах барилгын ажил, далд уурхай болон баяжуулах үйлдвэрийн суурь бүтэц, угсралт хийх зэрэг ажилд гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахаар тогтлоо. Гадаадын ажилчид, мэргэжилтнүүдийг энэ онд багтаан буцаан гаргах юм байна.   
    • УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн санаачлан боловсруулсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
    • УИХ-ын гишүүн А.Тлейхан нар цэцэрлэг, сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заал шинээр барих тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. Төслөөр шийдвэл 2012-2015 онд боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт жил бүр 300-400 тэрбум төгрөг болж, төсвийн ачаалал их хэмжээгээр нэмэгдэхээр байна. Иймээс хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хийхдээ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсвийн орлогод нийцүүлж, жил бүр улсын төсөвт тусгах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг уламжлахаар боллоо.
    • “Цэргийн дайчилгааны нөөцийн материал хэрэгслийн үзлэг явуулж байх тухай”, “Цэргийн хувцас өмсөх дүрэм батлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжиж холбогдох саналыг уламжлахаар тогтлоо. Мөн хар тамхи, мансууруулах бодисын эсрэг төрийн болон төрийн бус байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын зохисгүй хэрэглээг бууруулах, эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж Ерөнхийлөгчөөс “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжлээ.
    • УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
    • “Давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журам”-ыг баталлаа. Аж ахуйн нэгжүүд нэгдэх, нийлэх, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авснаар зах зээлд төвлөрөл бий болж, өрсөлдөөнийг хязгаарлах, үгсэн хуйвалдах, өрсөлдөгчийг зах зээлээс шахан гаргах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрддэг тул үүнээс сэргийлж дээрх журмыг гаргасан байна.
    • “Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” болон Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголтын банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хэлэлцээрийн хүрээнд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл зэргийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
    • Манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2011 оны 12 дугаар сарын гүйцэтгэлээр 4.159.6 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 118.3 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар давж биелжээ. Энэ нь 2010 оны мөн үеийнхээс 1.037.1 тэрбумаар буюу 33.2 хувиар өссөн гэсэн үг юм. Нэгдсэн төсвийн зарлага урьдчилсан гүйцэтгэлээр 5.056.8 тэрбум төгрөг зарцуулахаас гүйцэтгэлээр 4.792 тэрбум төгрөгт хүрсэн байна. Зарлагын 94.8 хувийг санхүүжүүлжээ
    • 2012 оны 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх-ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын дөрөвдүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрөв.
    • Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцын тухай сайд Д.Зоригт танилцууллаа. Үүнтэй холбогдуулан бичил уурхайн үйл ажиллагааны хамрах нутаг дэвсгэрийн хүрээ, бичил уурхайчдын тоог харгалзан сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцэд батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан энэ асуудлыг хариуцсан хүн ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ. Бичил уурхайчдад ногдуулах албан татварын хувь, хэмжээг бууруулах талаар гарч байгаа санал, хүсэлт болон энэ заалт хэрэгжихгүй байгаа шалтгааныг судлан шаардлагатай бол хуулийн уг заалтыг өөрчлөх талаар санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
    • Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын барилгын хөрөнгө оруулалтын эх үүсвэрт зориулж 800 сая төгрөгийн төсвийн зээл олгохоор боллоо. Зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, хугацаанд нь эргүүлэн төлөхийг Засаг дарга Ц.Жанлавт даалгав.
    • Говь-Алтай аймгийн Тайшир, Дорноговь аймгийн Эрдэнэ, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт байгуулсан Газар хөдлөлтийг судлах сүлжээ станц байрладаг газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. Тусгай хэрэгцээнд авсан газрын талбайтай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуулын талбайн эвдэгдсэн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээр нөхөн сэргээлт хийлгэж хүлээн авахыг аймгуудын Засаг дарга нарт даалгажээ. 
    • Зэвсэгт хүчний 120 дугаар ангийг Монгол Улсын баатар, хурандаа генерал Бутачийн Цогийн, Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэнг Монгол Улсын Төрийн шагналт, академич Шагдарын Цэгмидийн, Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийг Монгол Улсын хүний гавьяат эмч Ядамын Мөнхчулууны нэрэмжит болгохоор тогтлоо.
    • Жүдо бөх, софт теннис, самбо бөхийн дэлхийн цомын аварга, шатар, кураш бөх, бүстэй бөхийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад нийт 187 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. Дээрх тэмцээнүүдэд манай60 тамирчин, 7 дасгалжуулагчийн хамт оролцож медаль хүртсэн байна.    
  • 10 ГАРУЙ МЯНГАН АЖЛЫН БАЙР ЭЗНЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА

    Өнөөдрийн байдлаар бэлэн ажлын байрны захиалга 12 мянгад хүрээд байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ. Ялангуяа бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа энэ үед энэ тоо улам өсөх төлөвтэй байна. Иймээс ажил олгогч болон ажил хайж байгаа иргэдийг холбох, ажилд зуучлах, мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос өгөх зорилгоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголын Мянганы Сорилтын Сан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөрийн төв бирж, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар хамтран Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд “Хаврын хөдөлмөрийн яармаг”-ийг уламжлал ёсоор зохион байгуулж байна.

    Энэ яармаг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль, эрх зүйн орчин шинэчлэгдэж, мэдээллийн технологид тулгуурласан хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээлэл, зуучлалын үйлчилгээний шинэ орчинг бүрдүүлсэн үед болж байгаагаараа онцлогтой гэж албаны хүмүүс үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд яармагийг нээж хэлсэн үгэндээ Засгийн газар хүнээ хөгжүүлж, ажилтай орлоготой болгохыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлийн нэг болгон ажиллаж байгааг тэмдэглэв. Засгийн газар төмөр зам, 100 мянган орон сууц гээд бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлж, ажлын байр олноор бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн болон мэргэжлийн сургалтын орчинг  бодитой арга хэмжээг ээлж дараатай авч байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн хэллээ.

    Үүний дүнд аймаг, сумдад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хуваарилж байгаа хөрөнгийн хэмжээ 3 дахин нэмэгдэж байгаагийн дээр шинээр бий болсон ажлын байрны 50-иас доошгүй хувь орон нутагт бий болжээ. “Хүчит зам”, “Очир ундраа”, “Улаанбаатар такси” зэрэг компанид ажилд орсон, сургалтын төвүүдэд сонирхсон мэргэжлээрээ суралцах нэр бүхий залууст Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ажлын байрны батламж, сургалтын эрхийн бичгийг нь гардууллаа. Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар манай улсад ядуурлын түвшин 2010 оныхоос 9 хувиар буурсан байна. Энэ нь Засгийн газраас ажлын байр бий болгож, иргэдээ ажилтай, орлоготой болгохоор явуулж байгаа ажлын үр дүн юм.

    Албан ёсны мэдээллээс үвэл ядуурлын хамралт 29.8 хувь болж 2010 оныхоос 9.4 пунктээр, ядуурлын гүнзгийрэлт 7.6 хувь болж 3.7 пунктээр, ядуурлын мэдрэмж 2.8 хувь болж 2010 оныхоос 1.8 пунктээр тус тус буурчээ. Баруун бүсийн ядуурлын хамралт 30.2, Хангайн бүсийнх 38.9, Төвийн бүсийнх 27.2, Зүүн бүсийнх 34.3, Улаанбаатар хотод 23.5 хувь болж, 2010 оныхоос бүс бүрт 2.1-20.9 пунктээр буурсан байна. Ядуурал сумын төв, хөдөөд хамгийн их буурсан бөгөөд 2010 оныхоос 18.9 пунктээр буурсан байна.

    Засгийн газар цаашид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татвараас чөлөөлөх, зээлийн хүүгийн зөрүүг төлөх, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн татварыг хөнгөлөх, хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох хоршооллыг хөгжүүлэх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Ингэснээр ажлын байр олноор бий болж, иргэд ажилтай, орлоготой болж улмаар ядуурлаас гарах боломж бүрдэх юм. Засгийн газар өнгөрсөн оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд үүний дүнд 70 гаруй мянган хүн шинээр, байнгын ажилтай болсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.