Ангилал: мэдээ

  • Шаардлагад хариу өглөө

    МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН Д.ГАНБОЛД ТАНАА

    Шаардлагын хариу өгөх тухай

    “Цөмийн аюулгүй Монгол орны төлөө” цуглаанд оролцогсод болон Байгаль орчны төрийн бус байгууллагуудаас Засгийн газарт тавьж буй шаардлагуудтай Монгол Улсын Ерөнхий сайд танилцаад өгсөн чиглэлийн дагуу дараах хариуг хүргүүлж байна.

    1. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 3-р сарын 10-13-нд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр цөмийн энергийн салбарт хамтран ажиллах талаар байгуулсан далд гэрээ, хэлцлээ олон нийтэд ил тод болгох талаар:

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын Засгийн газрын урилгаар 2012 оны 3 дугаар сарын 11-15-ны өдрүүдэдтус улсад албан ёсны айлчлал хийсэн.Энэхүү айлчлал нь Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд хэрэгжсэн бөгөөд айлчлалын үеэр цөмийн энергийн салбартай холбоотой гэрээ, хэлэлцээр байгуулаагүй болно.

    2. Цөмийн хаягдлыг Монголд булшлах талаар өмнө хийсэн оролдлого, нууц хэлцлүүдээ ил тод болгож, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, хэрэв тийм оролдлого үнэхээр байгаагүй аваас Ерөнхий сайд С.Батболд өөрийн биеэр ард түмэндээ “Ийм зүйл байгаагүй гэдгээ батлан мэдээлэх талаар:

    Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа эрх бүхий яам, газрууд нь бусад орнуудтай цөмийн хаягдлыг булшлах, хадгалах талаар ямар нэг гэрээ, хэлэлцээр байгуулаагүй болно. Энэ талаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын тохируулагч агентлаг-Цөмийн энергийн газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт аливаа хэлбэрээр гадаад улсын цөмийн хаягдлыг булшлах нь хуулиар хориотой бөгөөд манай улсын зүгээс цөмийн хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт булшлах талаар аливаа улстай гэрээ, хэлэлцээ явуулаагүй бөгөөд байгуулаагүй гэсэн тайлбар, мэдэгдлүүдийг удаа дараа хийж байсан болно.

    Тухайлбал, Цөмийн энергийн газрын удирдлага, холбогдох нэгжийн дарга, мэргэжилтнүүд энэ асуудлаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр (“Ийгл” ТВ, ТВ-9, ТВ-25 телевиз, Үндэсний шуудан, Өдрийн сонин) удаа дараа ярилцлага өгч, уг мэдээлэл худлаа, ташаа болохыг тайлбарлаж няцаасан болно. Мөн Улс төрийн тойм болон Үндэсний шуудан сонины 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн дугаарт албан ёсны Мэдэгдэл хэвлүүлсэн. Цөмийн энергийн газар 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зарим телевиз, сонины сэтгүүлчдэд энэ асуудлаар дахин мэдээлэл хийж, тайлбар өгч, байр сууриа илэрхийлж байсан бөгөөд “Гадаад орны цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах” талаархи мэдээлэл худал болохыг няцаасан албан ёсны мэдэгдлийг Цөмийн энергийн газрын цахим хуудсанд байрлуулсан болно.

    Монгол Улс цөмийн хаягдал булшлах талаар гадаад оронтой гэрээ байгуулж байгаагүй бөгөөд цаашид энэ асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулахыг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ урд өмнө Ерөнхий сайд С.Батболд хариуцлагатайгаар мэдэгдэж байсан бөгөөд Япон Улсын Засгийн газрын урилгаар 2012 оны 3 дугаар сарын 11-15-ны өдрүүдэдтус улсад хийсэнайлчлалынхаа үеэр мөн ийнхүү мэдэгдсэн болохыг Та бүхэн анхаарч сонссон гэдэгт итгэж байна.

    3. 2009 онд “түргэн, түүхий”, зөвхөн ашиглалтыг дэмжих зорилгоор баталсан Цөмийн энергийн тухай хуулиас лиценз олгох, уран хайх, ураны түүхий эдийг олборлох, баяжуулах, АЦС байгуулах, цөмийн хаягдал булшлах тухай заалтуудыг нэн даруй хүчингүй болгох талаар:

    Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Улсын Их Хурлаас Цөмийн энергийн тухай хуулийг батлан гаргасан бөгөөд энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бусад хууль тогтоомжтой нийцсэн болно.

    Монгол Улсын Засгийн газар Үндсэн хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухайхууль болон Цөмийн энергийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

    Эдгээр хуульд гадаад улсын цөмийн хаягдлыг булшлахыг хориглосон болно. Тухайлбал, Улсын Их Хурлаас 200 онд баталсан Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухайхуулийн 4 дүгээр зүйлд “аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулах, улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно” гэж заасан.

    Мөн Улсын Их Хурлаас 2000 онд баталсан Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийн 5.1-д “цөмийн эрчим хүч, технологийг зөвхөн цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр анагаах ухаан, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэл, судалгаа зэрэг гагцхүү энхийн зорилгоор Монгол Улсын олон улсын гэрээний дагуу олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчимд нийцүүлэн ашиглана” гэж, 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасан зорилгоор болон Монгол Улсын хил орчимд хүн ам, байгаль орчны аюулгүй байдалд шууд нөлөөлөх буюу алсдаа сөргөөр нөлөөлж болзошгүй цөмийн шаар, аюултай хог хаягдал булшлах буюу хадгалуулахгүй байх талаар Олон улсын атомын энергийн агентлаг болон олон улсын холбогдох бусад байгууллага, цөмийн хөтөлбөр бүхий улстай хамтран ажиллана” гэж тус тус заасан.

    Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу Монгол Улсад аливаа хэлбэрээр гадаад улсын цацраг идэвхт хаягдлыг импортлох,улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглох бөгөөд гагцхүү “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-д заасны дагуу Монгол Улс өөрийн онцлогт тохирсон цөмийн эрчим хүчний станцтай болсон тохиолдолд түүнээс гарах цөмийн хаягдлыг булшлах асуудал нь хуулиар зохицуулагдаж байна.

    Монгол Улсын Засгийн газар нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаанд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, дүрэм, журмыг хатуу мөрдөж ирсэн бөгөөд цаашид ч мөрдөж ажиллах болно.

    4. Хайгуул, ашиглалтын лиценз олгох зорилгоор байгуулсан “Цөмийн энергийн газар”-ын удирдлагатай хариуцлага тооцох, бүр татан буулгах талаар:

    Цөмийн энергийн тухай хуулийн 11.1-д заасны дагуу Цөмийн энергийн газар нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн судалгааг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн захиргааны байгууллага бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой мэргэжлийн байгууллага юм.

    Дэлхий дахинд цөмийн технологийг хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, эрүүл мэнд болон бусад салбарт олон улсын дүрэм, журам, стандарт, хууль тогтоомжийн дагуу өргөнөөр ашиглаж байгаа нь тус салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, бодлого, шийдвэрийг оновчтой болгох, хяналт шалгалт, түүнд хэрэглэгдэх багаж хэрэгслэлийг сайжруулах, аливаа эрсдэл, аюул заналаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна.

    Иймд Цөмийн энергийн газрыг татан буулгах боломжгүй бөгөөд цаашид тус  байгууллагыг бэхжүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай, ёс зүйтэй шилдэг ажиллах хүчнээр хангах, ажиллах эрх зүйн орчин, дүрэм, журам, стандартыг боловсронгуй болгох, орчин үеийн найдвартай, өндөр технологи, техник хэрэгслээр хангах асуудлыг үе шаттайгаар судалж шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

    Тус газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх, цаашид удирдлага, зохион байгуулалт, хяналтын хувьд бэхжүүлэх зорилгоор Цөмийн энергийн газрын удирдлагад хариуцлага тооцох шийдвэрийг саяхан Засгийн газар гаргасан болно.

    5. Уран хайх, олборлох бүх лицензүүдийг цуцлах, цаашид нэг ч лиценз олгохгүй байх талаар:

    “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”болон Цөмийн энергийн тухай хууль батлагдсанаас хойшхи хугацаанд нийт 44 аж ахуйн нэгжийн 220 цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл байснаасхууль тогтоомжийн дагуу өнгөрсөн хугацаанд  28 аж ахуйн нэгжийн 119 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээг авсан байна.

    Монгол Улсад 2012 оны 4дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 14 аж ахуйн нэгжийн 99 хайгуулын тусгай зөвшөөрөл, 2 аж ахуйн нэгжийн 2 ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын  101 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 181 дүгээр зарлигаар цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохдоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж байхаар шийдвэрлэсэн бөгөөд цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох учиртай.

    6.Францын “Арева” зэрэг компаниуд уран олборлолт, баяжуулалтыг нэн даруй зогсоож, ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зэхэж буй гадаадын компаниудын үйл ажиллагааг хориглох тухай шийдвэр нэн даруй гаргах талаар:

    Бүгд Найрамдах Франц Улсын төрийн өмчит томоохон компани болох “Арева” компани нь “Арева Монгол” ХХК-иар дамжуулан Монгол Улсад 1996 оны 11 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд үйл ажиллагаагаа Цөмийн энергийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагуудын хүрээнд явуулж байна. Аливаа иргэн, хуулийн этгээдийн эрхэлж буй аж ахуйн үйл ажиллагааг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зогсоох учиртай бөгөөд одоогоор тус компанийн цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааг зогсоох хууль, эрх зүйн үндэслэл байхгүй байна.

    7. Хэрэв Монгол Улс цөмийн энергийг ашиглахгүйгээр эрчим хүчний хэрэгцээгээ хангаж чадахгүй гэж төр засаг үзэж байгаа бол энэ үндэслэлээ ард түмэндээ тайлбарлан “Ард түмний санал асуулга” явуулсны үндсэн дээр эрчим хүчийг ашиглах асуудлаа шийдвэрлэх талаар:

    Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын 5.3.2-т “Атомын эрчим хүч ашиглах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж, улмаар атомын цахилгаан станц барих зорилт тавьж ажиллах” хэмээн заасан. Үндэсний хөгжлийн цогц бодлого нь Монгол Улсын Үндэсний хөгжлийн хэтийн төлөв, стратегийн талаархи ард түмний санаа бодол болон улс төрийн намуудын үзэл баримтлал, байр суурийг нэгтгэн илэрхийлж тусгасан бодлогын чухал баримт бичиг юм.

    Мөн түүнчлэн Улсын Их Хурлын 2008 оны 35 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн  2.2.4-т ”Ураны судалгаа, хайгуул, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, баталгаажсан нөөцийг нэмэгдүүлэн, олборлолтод хөрөнгө оруулах сонирхол бүхий стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран Мардайн зэрэг ураны ордуудыг ашиглаж эхэлнэ” гэж; 2.2.9-т ”Цөмийн эрчим хүчийг ашиглах нарийвчилсан судалгаа хийж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Цацрагийн хяналт, аюулгүй байдлыг сайжруулна” гэж тус тус заасан болно.

    Манай улсын эрчим хүчний хэрэглээ 2025 он гэхэд 3950 МВт буюу одоо байгаа эрчим хүчний хэрэглээнээс 4 дахин өсөх төлөвтэй байна. Эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний баталгаат байдлыг хангах нь улс орны хувьд нэн чухал бөгөөд үндэсний эрчим хүчний системийг хэд хэдэн эрчим хүчний эх үүсвэртэй хослуулан хөгжүүлэх нь эрчим хүчний дутагдал, хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх гол арга зам юм. Манай улс Цөмийн эрчим хүчний станцтай болсноор эрчим хүчнийхээ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай хангах бололцоо бүрдэх бөгөөд нүүрстөрөгч ялгаруулалтыг боломжит түвшин хүртэл бууруулах бололцоотой болохыг судалгааны дүн харуулж байна.

    Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээг тодорхойлох асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд нарийвчилсан судалгааг үе шаттайгаар хийж байна. Тухайлбал, МУИС-ийн Цөмийн судалгааны төв Монгол Улсад цөмийн эрчим хүч ашиглах талаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд судлахаар төлөвлөж байна. Монгол Улс цөмийн энергийг ашиглаж, эрчим хүчний хэрэгцээгээ хангах асуудлаар  ард түмний санал асуулга явуулах талаархи Та бүхний саналыг судалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

    8. Цөмийн энергийг ашиглах, уран олборлох, баяжуулах, АЦС байгуулах талаар ойрын үед төрийн бус байгууллагуудыг оролцуулан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулах талаар:

    Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах асуудлаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж, санал бодлоо солилцон, хэлэлцүүлэг зохион байгуулах Та бүхний саналыг зарчмын хувьд дэмжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ньЕрөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл, хөтөлбөрүүд болон бусад асуудлуудыг ард нийтээр хэлэлцүүлж, иргэдийн санал, бодол, байр суурийг тусгах зорилготой бөгөөд тус танхимд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар хариуцан шийдвэрлэдэг болно.

    9. Цацраг идэвхт бодис, цөмийн аюул, хаягдал, цөмийн терроризмын талаар ард иргэдийг мэдээллээр хангах, хор холбогдлыг ойлгуулах, сэрэмжлүүлэх, “Цөмийн энергийн тухай” хуулийг цөмийн хор хөнөөлөөс ард иргэд болоод амьд байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалах хууль болгон өөрчлөн сайжруулах талаар:

    Цөмийн энергийн газар нь цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, цацраг идэвхт бодис, цөмийн аюул, терроризмын талаар ард иргэдийг мэдээллээр хангах, хор холбогдлыг ойлгуулах, сэрэмжлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдтэй хамтран ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

    Цөмийн энергийн тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна.

               Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  Ч.ХҮРЭЛБААТАР

  • Хоёр улсын харилцаанд хувь нэмрээ оруулахыг Кентийн хунтайж хүсэж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Кентийн Эрхэм дээд Хунтайж Майкл манай улсад айлчилж байгаа. Тэрбээр одоогийн Хатан хааныг төлөөлж гадаадын чухал арга хэмжээнд оролцдог нэгэн юм. Хунтайж Майкл 2012 оны 4 дүгээр сарын 17-ны энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхлаа. Урилгыг нь хүлээн авсан Хунтайжид Ерөнхий сайд талархал илэрхийлээд Монгол оронд тавтай зочлохыг урилаа. Монгол Английн харилцааг ялангуяа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байгаа талаар Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд дурдаад хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэх нь чухал гэдгийг хэллээ.

     

    Монголын Хөрөнгийн биржтэй Лондонгийн Хөрөнгийн бирж хамтран ажиллаж байгаа болон Монгол Улс Ерөнхий боловсролын сургуулийн сургалтдаа Кембрижийн боловсролын хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлж эхэлж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд Эрхэм дээд Хунтайжийг хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол оронд анх удаагаа зочилж байна, сэтгэгдэл өндөр байгаа гэдгээ Хунтайж энэхүү уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд боломжоо дайчлан ажиллана гээд өөрийн зүгээс Монголд ямар хөрөнгө оруулалт хийж болох талаар судалж байгаа гэдгээ Хунтайж хэллээ.

    Английн одоогийн Хатан хаан хоёрдугаар Элизабетын аав болон Майкл Хунтайжийн аав төрсөн ах дүүс бөгөөд Майкл 5 дугаар Жорж хааны дөрөв дэх хүү Кентийн гүн Жоржийнд төржээ. Түүнийг төрөхөд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвелт загалмайлж, Майкл Жорж Чарльс Франклин хэмээн нэр өгсөн гэдэг. Хунтайж Майкл ихэнх цагаа төрийн бус байгууллага болон олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд зориулдаг төдийгүй Хатан хааныг төлөөлж гадаадын чухал арга хэмжээнүүдэд оролцдог байна. Түүний манай улсад хийж буй айлчлал энэ сарын 14-нд эхэлсэн бөгөөд тэрбээр өөрийн орны болон олон улсын томоохон компаниудын төлөөллийг дагуулан иржээ. Кентийн Хунтайжийн айлчлал маргааш өндөрлөнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


  • 1м2 талбайн үнэ өсч байгаад дүгнэлт хийж хариуцлагатай хандахыг уриаллаа

    Монгол улсын Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “100 мянган айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй өрнүүлж байгаа энэ үед монголын барилгын салбарын удирдах ажилтнууд зөвлөгөөнөө хийж байна. Тус зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд эхэлсэн бөгөөд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэллээ. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц” төслийг гардан хэрэгжүүлэгчид нь манай барилгын салбарын нийт ажиллагсад, хамт олон юм гэдгийг Засгийн газрын тэргүүн тэдэнд хандсан үгэндээ тэмдэглэлээ. “ Монгол хүн эрүүл, боловсролтой байж орлого олж, бүтээлч амьдрахад зайлшгүй шаардлагатай нэг “материаллаг” хөрөнгө бол орон сууц юм.

    Орон сууцтай болох нь хувь хүн болон гэр бүлд “хувийн бусад хөрөнгө”-ийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлдэг. Ингэж хувь хүн, өрхийн амьдрал сайжирвал улс үндэстний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд эерэгээр нөлөөлнө. Иймээс Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах үйлсэд ихээхэн анхаарч,  ажиллаж байгаа бөгөөд үүнд “100 мянган айлын орон сууц” төслийн үйл ажиллагаа нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү төслийг 2016 он хүртэл хэрэгжүүлснээр зөвхөн хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилтыг биелүүлээд зогсохгүй бага, дунд орлоготой иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, барилга, орон сууцны үйлдвэрлэл, угсралтыг нэмэгдүүлэх,барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх,шинэ техник технологи нэвтрүүлэх, барилгын салбарын мэргэжилтэй ажилчдыг сургаж бэлтгэх, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тогтолцоог хөгжүүлэх, урт хугацааны хөнгөлөлттэй орон сууцны зээлийг бий болгох, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэнэ.

    “100 мянган айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд барих 79486айлын, 2012 оны 82 дугаар тогтоолоор 47537 айлын орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг тус тус баталж, 2016 он хүртэлх хугацаанд нийт 127023 айлын орон сууцны барилга, хотхон, хорооллыг барихаар боллоо. Энэ тоо цаашид ч нэмэгдэх бөгөөд иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ихээхэн дотоод нөөц, боломж байгааг бидэнд илтгэн харуулж байна.

    Монгол улсын хүн амынорон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэдэд олгох орон сууцны зээлийн хүүг 6 хувиас хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэж, иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 200.0 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрч, үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргалаа. Ингэснээр иргэд 20 хүртэлх жилийн хугацаатай, 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг авч орон байрны нөхцөлөө сайжруулах боломжийг олгосон төдийгүй орон сууцны зах зээлд дэх эрэлтийг дэмжиж, урт хугацааны хөнгөлөлттэй орон сууцны зээлийн тогтолцоог бүрдүүлэх эхний алхмыг хийлээ.

    Өчигдөр Төрийн банкинд дээр анхны зээлдэгч нарт зээл олгох үйл ажиллагааг албан ёсоор нээж, бодитоор хэрэгжих эхлэлийг тавилаа.Түүнчлэн орон сууц авахаар анх удаа хүсэлт гаргасан иргэдийнжилийн 6 хувь хүртэлхүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлээр худалдан авах орон сууцны талбайн хэмжээг 55м2–аар тогтоосон нь иргэдийн орон сууц худалдан авах сонголтыг 3 хүртэлх өрөө сууц болгон нэмэгдүүлж, тохилог ая тухтай орчинд амьдрах боломжийг бүрдүүллээ.

    “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд орон сууцны цогцолбор хорооллуудыг барих, гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилгоор  эхний ээлжинд Баянголын ам, Буянт-Ухаа, Яармаг, МҮОНРТ-ийн орчмын орон сууцны хороолол, 7, 14-р хорооллын цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан хангамжийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхэд зориулан нийт 408.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэсэн. Бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, барилга угсралтын ажлын хэмжээ нэмэгдэн барилгын материалын хэрэгцээ өсөж байгаатай уялдуулан материал хийц, эдлэлийн чанар, аюулгүй байдал, бат бэхийг шинжлэн тогтоох лабораторийг байгуулах хөрөнгийн асуудлыг Засгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.    

    Гэвч иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэнтэй холбогдон энэ оны гуравдугаар сарын байдлаар “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд баригдаж ашиглалтад орж байгаа болон захиалга авч байгаа орон сууцны барилгын 1мталбайн худалдан борлуулах дундаж үнэ 1.570.8 мянган төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 292.5 мянган төгрөгөөр буюу 22.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнийг судлан шалгаж үзэхэд барилгын компаниуд нь зах зээлд дэх эрэлтийн өсөлтийг далимдуулан бодит бусаар үнээ хөөсрөлттэй тогтоож байгаа дүгнэлт гарлаа. Өнөөгийн байдалд эрх бүхий байгууллагуудаас барилгын нэгж талбайн төсөвт өртөг, барилга угсралтын ажлын үнийн индексийн дагуу орон сууцны барилгын 1м2  талбайн өртгийг тооцоход дээд тал нь 1193,0 мянган төгрөгт багтаж байгаа бөгөөд барилгын захилагч, гүйцэтгэгч компаниудын ашиг 20 орчим хувиар орж тооцогдсон. Үүнд барилгын захиалагч, гүйцэтгэгч нар дүгнэлт хийж, нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж хариуцлагатай хандах шаардлагатай байгааг Ерөнхий сайд тус зөвлөгөөн дээр хэлсэн үгэндээ уриаллаа.

    Цаашид “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны барилга, хотхон, хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барих, гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч болон төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл, санхүүжилтийг олгосон банк, санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, мөн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэсэн бараа, импортолсон материал, техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх,орон сууцны хотхон, хорооллын инженер /цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбоо/-ийн хангамжийн түгээх гол шугам сүлжээг төлөвлөх, барих ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч нарт улсын төсвөөс тухайн ажлын санхүүжилтийг буцаан олгохасуудлыг боловсруулж байгаа гэдгийг зөвлөгөөний төлөөлөгчдөд дуулгаад, барилгачдадаа амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл , мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Орхон аймгийн Засаг даргыг батламжиллаа

    Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар сүүлийн 12 жил тасралтгүй ажилласан Дэмбэрэлийн Дэлгэрбаярыг Орхон аймгийн Засаг даргаар томилж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 4 дүгээр сарын 13-ны энэ өдөр батламжийг нь гардууллаа. Орхон бол эдийн засгийн чадавхиараа улсдаа тэргүүлдэг аймгуудын нэг. Нутаг орноо улам хөгжүүлэхийн төлөө хариуцлагатай, зарчимтай, эрч хүчтэй, нээлттэй, хамгийн гол нь шийдэмгий ажиллахыг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болгоод иргэддээ хүрч тулж ажиллахыг даалгалаа.

    Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй Д.Дэлгэрбаярыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад санал болгосон бөгөөд хамт олных нь шийдвэрийг хүндэтгэж байгаагаа Засгийн газрын тэргүүн С.Батболд тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Кентын эрхэм дээд хунтайж манай улсад айлчилна

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Кентын эрхэм дээд хунтайж Майкл манай улсад айлчлахаар 2012 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотноо ирнэ. Тэрбээр Их Британийн хатан хааны үеэл бөгөөд гадаадын улс орнуудад Хатан хааны элч төлөөлөгчөөр ажилладаг аж. Эрхэм дээд хунтайж Майкл айлчлалынхаа хугацаанд Монгол улсын Ерөнхий сайдад бараалхаж, мөн зарим салбарын сайдуудтай уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм байна. Түүнчлэн монголын хөрөнгийн биржид зочлохын зэрэгцээ бизнесийн төлөөлөлүүдтэй уулзалт хийнэ. Үүний зэрэгцээ “NTV” телевизийн “De Facto” нэвтрүүлэгт оролцож, “Care for children” тусламжийн байгууллагаас зохион байгуулах арга хэмжээнд ч уригджээ. Кентын эрхэм дээд хунтайж Майкл Монгол улсад дөрөв хоног айлчлах бөгөөд түүнийг дагалдан Их Британи, Монголын худалдааны танхимын дарга Жон Гроган болон банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, боловсрол зэрэг салбарын томоохон компанийн төлөөлөгчид ирэх юм байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Орон сууцны тухай мэдээллийг иргэд бодитоор хүлээн авна

     

    Монгол улсын Засгийн газраас иргэдийнхээ орон сууцны хангамжийг дээшлүүлэхэд чиглэсэн “100 мянган айлын орон сууц“ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Аль ч Засгийн газар урь д өмнө нь ийм боломж олгож байгаагүй бөгөөд тэр хэмжээгээр хүндрэл бэрхшээл гарч байгаа ч  Засгийн газрын идэвхтэй үйл ажиллагаа, УИХ-ын бодит дэмжлэгтэйгээр бидний ажил эрчимтэй явагдаж байна. Олон нийтийн зүгээс барилгын үнэ хэт өндөр байна, зээлэнд тохирох барилга олдохгүй байна, нийлүүлэлтийг дэмжих талаар Засгийн газар шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй  байна гэсэн шүүмжлэлүүд гарч байгааг бид анзаарч байна. Орон сууцны үнийг тогтвортой байлгах, нийлүүлэлтийг дэмжих чиглэлээр Засгийн газраас явуулах бодлогыг бид урьдчилан тодорхойлж, энэ дагуу хэд хэдэн шийдвэрийг гаргаж байгаа.

    Маргааш болох барилгын удирдах ажилтны зөвлөгөөнөөр энэ тухай ярилцаж, тодорхой гарцыг олох болно  хэмээн Ерөнхий сайд С.Батболд онцоллоо. Тус зөвлөгөөнд зориулсан “100 мянган айлын орон сууц“ хөтөлбөрт хамрагдсан орон сууцны мэдээллийн нэгдсэн үзэсгэлэнгийн үеэр Засгийн газрын тэргүүн ийн тэмдэглэсэн бөгөөд аливаа ажил  бодитоор эхэлнэ гэдэг хамгийн чухал болохыг дурьдсан юм. Хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны хорооллуудын болон барилга объектуудын газрын асуудлыг Улаанбаатар болон орон нутагт үндсэнд  нь шийдэж, орон сууцны барилгыг барих гүйцэтгэгч байгууллагуудыг хөтөлбөрт хамруулах, тэдэнд Засгийн газраас хэд хэдэн чиглэлээр тодорхой дэмжлэг үзүүлэх, барилгын материалын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч буйг ч тэмдэглэлээ.

    Хамгийн хүндрэлтэй асуудлын нэг болох иргэдэд үл хөдлөх хөрөнгөөр барьцаалан бага хүүтэй зээл олгох, хүүний хөнгөлөлтийн зөрүүг Засгийн газраас хариуцаж төлөх хөрөнгийн эх үүсвэрийн эхний ээлжийг шийдвэрлэснээр иргэдийн түрүүч нь зээлээ авч эхэлж байгааг Ерөнхий сайд энэ үеэр дуулгасан нь  хамгийн сайхан мэдээ байлаа. Маргааш болох барилгын удирдах ажилтны зөвлөгөөнд Засгийн газар онцгой ач холбогдол өгч  байгааг ч онцоллоо. “100 мянган айлын орон сууц” мэдээллийн үзэсгэлэнд тус хөтөлбөрт хамрагдсан орон сууцны төслүүд, банк санхүү даатгалын  зэрэг 70 гаруй компани, байгууллагууд  мэдээллээ дэлгэн тавьжээ.

    Тус үзэсгэлэн нь орон сууц худалдан авагчдад орон сууцны байршил, архитектур төлөвлөлт, дэд бүтэц, тохижилт, үнийн талаар тодорхой мэдээллийг өгч , иргэд сонголтоо хийхэд нь туслах зорилготой юм байна.  Барилгын гүйцэтгэгч , архитектур, зураг төслийн, барилгын материал үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд ч гэсэн энэ үзэсгэлэнгээс тодорхой мэдээлэл авч хөтөлбөрт оролцох оролцоогоо нэмэгдүүлэх арга замыг  ч хайж болох нь. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100 мянган айлын орон сууц“ хөтөлбөр амьдралд бодит зүйл болж байгаагийн нэг хэлбэр нь энэ арга хэмжээ болж байна.

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь цөөн хэдэн компаний асуудал биш, бид бүгд өөрсдийн чиглэлээр хувь нэмрээ оруулж, хамтран шийдвэрлэх нь  илүү үр дүнтэй гэдгийг Засгийн газрын тэргүүн эцэст нь  тэмдэглэлээ.  Энэ хөтөлбөр нь иргэдийн хүсэн хүлээлтийг хангасан хөтөлбөр байгаасай гэдгийг  Ерөнхий сайд онцлоод, монгол айл бүр тохилог сайхан орон сууцтай болохын ерөөлийг дэвшүүллээ. Мэдээллийн нэгдсэн үзэсгэлэн гурван хоног үргэлжлэх юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Орон сууцны 6 хувийн зээл эзэддээ хүрч эхэллээ

     

    Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн төлөө олон хөтөлбөр хэрэгжүүлж, арга хэмжээ авч байгаагийн дотор томоохон байр суурь эзэлж, өндөр ач холбогдол өгч байгаа нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр бодит ажил болж байгаагийн илэрхийлэл болсон нэгэн арга хэмжээ өнөөдөр Төрийн банкинд боллоо. Иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох нээлтийн арга хэмжээнд  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцохдоо цаасан дээр буусан хөтөлбөр маань бодит ажил болж ийн эхэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд иргэд маань тохилог сайхан байртай болно гэдэгт итгэлтэй байна. Жилийн 6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэдийн түрүүч болсон 20 өрх зээлийн батламжаа гардах энэхүү арга хэмжээнд зориуд ирж оролцож байна гэдгээ тодотголоо.  

    Иргэдийн маань ялангуяа, дундаж ба түүнээс доош орлоготой иргэдийн хувьд цалингаараа орон сууц худалдаж авах боломж өнөөдрийн хувьд харагдахгүй байна. Тиймээс орон сууцны хөтөлбөрөө бодитой болгох, иргэдийн худалдан авах чадварыг дэмжиж зээлийн ийм нөхцөл бий болгосон гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд дурдьлаа. Тиймээс бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах энэхүү хөтөлбөрийг бодит ажил болгохын тулд санхүү, эрх зүй орчин, газар олголт, нийлүүлэлт гээх бүхий л арга хэмжээг цогцоор нь авч эхэлснээр цаасан дээрх хөтөлбөр бодит ажил болж байгаа гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд цаашид байрны үнийн хөөсрөлтийг хазаарлахын төлөө онцгойлон анхаарна гэдгээ ч хэллээ.

    Зээлийн хүү өндөр байвал иргэд хамрагдаж чадахгүй, тиймээс 55 ам метр талбайгаас ихгүй, анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэддээ жилийн 6 хувийн хүүтэй зээлийг өгөхөөр шийдвэрлэсэн нь иргэдийн маань хүсэн хүлээсэн шийдвэр болсон гэдгийг ч хэллээ. Энэ хүрээнд өөрөөр хэлбэл, хөтөлбөрийг ажил болгож амьдралд хэрэгжүүлэхийн тулд хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны  200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар шийдвэрлэсэн гэдгийг ч мөн Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ. Ингээд 2012 оны 03 дугаар сарын 12-ноос зээлд хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээн авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 500 гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа бөгөөд анхны зээлийн шийдвэр гарч эдгээр хүмүүс зээлийн батламжаа гардаж байна гэсэн мэдээллийг ч Ерөнхий сайд С.Батболд өгсөн юм.

    Өнөөдрийн байдлаар нийт 546 иргэн тус хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ ОССК-д ирүүлсэн бөгөөд үүний 327 иргэн Төрийн банкаар, 219 иргэн Капитал банкаар зээлийн судалгаа хийлгэхээр сонгосон байна. 

    Эдгээр 20 өрхөд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зээлийн батламжийг нь гардуулахдаа “Та бүхний адил мянга мянга иргэд маань тохилог сайхан орон сууцанд тав тухтай амьдрах боломж нээгдэж байгаад талархаж байна гэлээ. Мөн зээлийн хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдийг хариуцлагатай, орлоготой, ажилтай байхыг хүслээ. Барилгын үнэ ханшийг хөөсрүүлэхгүй, бодитой, шударга байлгахын төлөө Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамныхан анхаарч ажиллахыг үүрэг болгоод ийн эхлүүлсэн ажлаа улам сайжруулахын төлөө Засгийн газар ажиллах болно гэж Засгийн газрын тэргүүн хэлж байлаа.

  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН” ХУВЬЦААГ ИРГЭДЭД ЭЗЭМШҮҮЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

    ~ Засгийн газрын ээлжит хуралдаан  2012 оны 04 дугаар сарын 11-ний өдөр болж цаг үеийн хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ ~

    Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа “Эрдэнэс  Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, 2011 оны 57 дугаар тогтоолыг үндэслэн  Засгийн газраас  иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Монгол  улсын нийт иргэнд “Эрдэнэс Тавантолгой “ хувьцаат компанийн нийт хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшүүлэх ажлыг дараах байдлаар зохион байгуулахаар болов. 

    Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлэх, 2011 оны 3 дугаар сарын 31-ны өдрөөс энэхүү тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх, энэ тогтоолд заасан тодорхой заалтын хүрээнд иргэдэд эзэмшүүлэх хувьцаанаас Хүний хөгжил сангаас УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолын дагуу 1.0 сая хүртэлх төгрөг бэлэн мөнгөөр хүртэх хүсэлтээ гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011,2011-2012 оны хичээлийн жилд сургалтын  төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний  хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцохоор болов. 

    Мөн тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 10 хүртэлх хувийг УИХ-ын 2012 оны 39 дүгээр тогтоолд заасан аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь адил тэнцүү хэмжээгээр худалдах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус  тус даалгалаа. УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоолын дагуу хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах иргэний хувьцааг энэ тогтоолын 2-т заасан хувьцааг аж ахуйн нэгжид худалдсан орлогоор санхүүжүүлэх ажлыг зохион байгуулахыг НХХ-ийн сайд Т.Ганди, Төрийн өмчийн хороо, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт тус тус даалгалаа. Тогтоолын 1,2,3-д заасан арга хэмжээг “Эрдэнэс Тавантолгой “ хувьцаат компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд дээр арилжихаас өмнө зохион байгуулж дуусгахыг  Төрийн өмчийн хороонд даалгалаа.

    Хувьцаатай гэдгээ яаж мэдэх вэ гэж олон иргэн асууж байгаа юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар энэ асуултад “Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсаны дараагаар иргэн бүрт Хүний хөгжил сангийн дэвтэр нээж өгсөн. 536 ширхэг хувьцааг Хүний хөгжил сангийн дэвтэрт тэмдэглээд иргэн болгонд 536 ширхэг хувьцааг бүртгэхийг Хөрөнгийн бирж түүний харьяа бүртгэл тооцооны төвд үүрэг чиглэл өгөгдсөн байгаа. Хүн бүрт 536 ширхэг хувьцааны данс нээгдсэн байгаа. Харин арилжаанд орох хараахан болоогүй байгаа. Арилжаанд орохтой холбоотой холбогдох шийдвэрийг тухайн үед нь өгнө. Харин хөдөө орон нутагт, зарим газраар брокер, диллерүүд явж 5000 төгрөг хураан данс нээх үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд ард иргэд хууртаж болохгүй гэдгийг анхааруулмаар байна. Тухайн үед Засгийн газраас шийд гаргаж чиглэлийг ард иргэддээ өгнө” гэж хэллээ.

    Ийнхүү Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н  хувьцааг иргэддээ зэмшүүлэх ажлыг бодитоор эхлүүллээ.   

    АЛСЛАГДСАН БОЛОН ГОВИЙН СУМДАД НЭМЭГДЭЛ ОЛГОНО

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Алслалтын болон говийн нэмэгдлийн талаар авах арга хэмжээний  тухай”Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Алслалтын болон говийн нэмэгдэлд хамрагдах сумдад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон орон нутгийг дэмжих, урамшуулах зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээг тогтоолын төсөлд тусгасан байна.

    Тухайлбал, тусгай сангуудаас тухайн сумдад түлхүү хөрөнгө хуваарилах, улсын төсвийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг төлөвлөхдөө нэмэгдэлд хамрагдах сумыг тусгайлан авч үзэхээр, түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татвар, зээлийн бодлогоор дэмжих, эрчим хүч, түлшний хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг судалж шийдвэрлэхээр тусгажээ.

    Нэмэгдэл олгох сумдыг тодорхойлохдоо нийгэм, эдийн засгийн байдал, хилийн боомт, шилжих хөдөлгөөн, өдөр тутмын өргөн хэрэглээний барааны хэрэглээ, үнийн өсөлт зэрэг тухайн сумын хөгжлийг тодорхойлох үзүүлэлтүүдийг харгалзан үзэж, говийн бүсийн 7 аймгийн 45 сумыг, алслагдсан сумдаас 8 аймгийн 71 сумыг сонгожээ. Төсөлд тусгаснаас үзвэл алслагдсан аймгуудад сард өрхийн гишүүн бүрт7000, говийн бүсийн аймгийн сумын өрхийн гишүүн бүрт 10 мянган төгрөг олгох юм байна. 

    ГУРВАН ДАХЬ ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ МӨНГӨН ШАГНАЛААР УРАМШУУЛНА

    Олон хүүхэд төрүүлж өсгөсөн  эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Мөнгөн шагналын  хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт шинээр гуравдахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд нэг удаа 300 мянган төгрөг, Эхийн алдар II зэргийн одонтой эхэд 500 мянган төгрөг, нэгдүгээр зэргийн одонтой эхэд сая төгрөгийн тэтгэмж олгоно гэж тусгасан.

    Энэхүү мөрийн хөтөлбөрийг ажил хэрэг болгох “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  Энэ төсөл нь таван зүйлтэй байх бөгөөд хуулийн хамрах хүрээг өргөжүүлж, “Эхийн алдар” одонтой эхчүүдээс гадна гурав дахь хүүхдээ төрүүлж өсгөсөн эхийг хамруулахаар тусгасан байна. Түүнчлэн Эхийн алдар I, II зэргийн одонтой эхчүүд, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд нэг удаагийн мөнгөн шагнал олгох асуудлыг нэмж тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг урамшуулахад чухал алхам болно гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын хуралдааны үеэр хэллээ.

    ГАЗРЫН ТОСНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ҮНДЭСНИЙ КОМПАНИУДАД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ

    УИХ-аас Засгийн газарт олгосон эрх хэмжээний хүрээнд газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Манай улсын хувьд одоогоор 2001 онд Эрдэнэт хотын нефть баазыг түшиглэн байгуулсан ганц үйлдвэртэй. Цаашид энэ чиглэлийн хэд хэдэн үндэсний үйлдвэртэй байх бодлогыг төрөөс барьж байна.

    Тиймээс ОХУ-ын түүхийн эдийн экспортын татварын хувь, хэмжээ бэлэн бүтээгдэхүүнийхээ татвараас өндөр байгаа нөхцөлд өндөр эрсдэл дагуулсан энэ салбарт нөөц бололцоогоо дайчлан, иргэдийг ажлын байраар ханган, цаашид хүчин чадал, технологийн шинэчлэлийг эрэлхийлэн ажиллаж байгаа үндэсний компаниудыг  Засгийн газар дэмжиж, УИХ-аас олгосон эрхийн хүрээнд татварын хөнгөлөлтүүдийг үзүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

    КЕМБРИЖИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ТӨВТЭЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА

    Кембрижийн Их сургуулийн Олон улсын шалгалтын төвтэй 2011 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар олон улсад жишиг болсон Кембрижийн стандарт манай улсад нутагших галт тэргийг хөдөлгөж байсан бол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү санамж бичгийг үндэслэн бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх талаар хоёр талын харилцан хамтын ажиллагааны зарчим, хэм хэмжээ, талуудын эдлэх эрх, хүлээх хариуцлага болон үйл ажиллагааны чиглэл, ажлын хүрээ, хуваарь, гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг тодорхойлсон Боловсролын үйлчилгээ үзүүлэх тухай хэлэлцээрийг Кембрижийн олон улсын шалгалтын төвтэй байгуулах нь зүйтэй гэж тогтлоо. Хэлэлцээрт энэ оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гарын үсэг зурна.

    Кембрижийн стандартыг баримжаалан бага, дунд боловсролын сургалтын үйлчилгээ, чанарыг олон улсын жишигт хүргэх, чанартай, өрсөлдөх чадвартай боловсролын тогтолцоог бий болгох Засгийн газрын бодлогын хүрээнд хос хэлээр хичээллэх төрийн өмчийн 3 сургуулийг Улаанбаатар хотноо байгуулсан бөгөөд 2018 он гэхэд ийм төрлийн сургуулийг аймаг бүрт 1, Улаанбаатарт 10-ыг байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Одоогийн байдлаар математик, байгалийн шинэчлэл, физик, хими, биологи, англи хэл гэсэн хичээлүүдийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, энэ 4 дүгээр сараас улсын хэмжээнд 31 үндэсний лаборатори сургуулийн сургалтад нэвтрүүлэх туршилтыг эхлүүлээд байна.

    Эдгээрээс гадна багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх, сурах бичгийг шинэчлэх, боловсролын үнэлгээний системийг өөрчлөх, чанарын хяналтын үндэсний тогтолцоо бий болгох, боловсролын институциудын мэргэжлийн чадавхийг сайжруулах, багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын агуулга, зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг ажлыг Кембрижийн стандартыг баримжаалан хэрэгжүүлж буй боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд хийх юм. 

    ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН ЗАРИМ АЙМАГТ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ӨВС ТЭЖЭЭЛ ОЛГОНО

    Зарим аймагт хаваржилт хүндэрч байгаа болон мал төллөж байгаатай холбогдуулан Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Увс аймгуудын малчид, иргэдэд улсын нөөцөөс үнийг хямдруулан олгох өвсний болон тэжээлийн тоо хэмжээг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталлаа. Улсын нөөцөөс 50 хувь хямдруулж олгосон  3903,56 тонн өвсний үнэ,1695,56 тонн тэжээлийн үнийн зөрүүг  Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрлөө.

    Мөн Улсын нөөцөөс олгох өвс, тэжээлийг хуваарилан гаргах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын нөөц сангийн хөрөнгө болон тэжээлийн борлуулалтын орлогоор 2012 оны 4 дүгээр улиралд багтаан өвс, тэжээлийг улсын нөөцөд нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгалаа. Түүнчлэн үнэ хямдруулан олгож байгаа өвс, тэжээлийг зориулалтыг бусаар зарцуулахгүй байх бүх талын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг холбогдох аймгийн Засаг дарга нар үүрэг болголоо.

    ХӨРӨНГӨ ГАРГАХААР БОЛЛОО

    Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 7.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргалаа. Тус тогтоолд сонгуулийн автоматжуулсан системд ашиглах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хадгалах зорилгоор  2012 онд агуулахын байр түрээслэхэд зориулж 129.6 сая төгрөг, Засгийн газрын 11 дүгээр байранд агуулахын зориулалтаар ашиглах 68 хавтгай дөрвөлжин метр талбайтай өрөө тасалгааг завсарлахад зориулж 25.7 сая төгрөг, нийт 155.3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрлөө.

    Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хадгалах агуулахын байрны  2013 оны түрээсийн төлбөр Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв  болон  агуулахын барилга бариулахад шаардагдах  хөрөнгийг  2013 оны улсын төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Д.Хаянхярваад, барилга барихад шаардлагатай газар олгох асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга  Г.Мөнхбаяр нарт тус тус даалгалаа.

    Сонгуулийн ерөнхий хорооны төв байр болон сонгуулийн автоматжуулсан системд ашиглах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хадгалах агуулахын байрыг төрийн тусгай хамгаалалтад авах талаар холбогдох  арга хэмжээ авахыг  Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болдод даалгалаа. УИХ-ын сонгуулийн санал авах байр бэлтгэх, цахилгааны эх үүсвэргүй газарт нөөц эх үүсвэрээр хангах зэргээр сонгуулийн санал авах ажиллагаанд хуулийн хүрээнд дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.

    850 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ЦЭРГИЙН БАГ ӨМНӨД СУДАНД ЭНХИЙГ САХИУЛНА

    НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газраас манай улсад хандаж Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд мотобуудлагын батальон оролцуулах хүсэлтийг ирүүлжээ. Үүний  дагуу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарч, Засгийн газрын тогтоолоор тус ажиллагаанд манай улс цэргийн багаа оролцуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан санамж бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэгт олголоо.

     ТОВЧХОН

    • УИХ 1992 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийг баталж, зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны үндсэн зарчим, чиг үүрэг, бүтэц бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоон хуульчилсан. ҮАБЗ үүсэн байгуулагдсан өдрийн Зөвлөлийн хууль батлагдсан өдрөөр тогтоож  10 болон 5 жилийн ойг албан ажлын хүрээнд тэмдэглэжээ. 20 жилийн ой нь энэ оны 5 дугаар сарын 23-нд болох бөгөөд энэ үеэр хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ. Ойг тэмдэглэхэд шаардагдах 32 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө. 
    • Монгол-Энэтхэгийн хамтарсан Мэдээлэл, технологийн аутсорсингийн  төв байгуулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор энэ оны 3 дугаар сарын 16-нд байгуулсан Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
    • УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг хууль санаачлагчдад нь уламжлахаар тогтлоо.
    • УИХ-ын гишүүн З.Алтай, Л.Гантөмөр, Ш.Сайхансамбуу, С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Тэтгэврийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзлээ.
  • ӨӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, САЙН САЙХАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЦАГ ЗАВ ГАРГАХЫГ УРИАЛЛАА

    Монгол Улсын Засгийн газар Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үзлэгийг орон даяар эхлүүлээ. Энэ ажлын хүрээнд “Цусны даралт ихсэлт”, “Чихрийн шижин хэв шинж-2”-ийг 40-өөс дээш насныханд, харин хөх болон умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэлтийн үзлэгийг 30-60 насны эмэгтэйчүүдийн дунд үнэ төлбөргүй хийх юм. Ерөнхий сайд С.Батболд 40-өөс дээш настай Монгол Улсын иргэний хувьд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны өрхийн эмнэлэгтээ ирж зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үзлэгт хамрагдаж,  40-өөс дээш  насны нийт иргэд,  хөдөлмөрчид, 30-60 насны эмэгтэйчүүддээ хандан өөрийн эрүүл мэнд, сайн сайхан амьдралынхаа төлөө цаг гарган харъяа өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандан энэхүү үзлэг шинжилгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.

    Мөн тэрээр өрхийн эмнэлгийн эмч нар энэ ажлыг зохион байгуулалттай, техник хэрэгслийн хувьд өндөр түвшинд, чанартай эхлүүлж байгаа нь харагдаж байна. Тиймээс иргэд энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй гээд бид өөрсдийн эрүүл  мэнддээ анхаарч, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Монголчууд бид эрүүл биед саруул ухаан оршино гэдэг, тиймээс бүгдээрээ эрүүл байхын ерөөлийг дэвшүүлье гэлээ.

    Сүхбаатар дүүргийн 8-р хорооны өрхийн эмнэлэгт энэ үеэр Засгийн газраас эхлүүлсэн “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аянд хамрагдаж, хүүхдээ үзүүлэхээр ирсэн эхчүүд олон байлаа . Өдөртөө 20 гаруй хүүхэд үзлэгт хамрагдаж байгаа бөгөөд амны хөндий, харшлын шинжтэй  эмгэгүүд нийтлэг байгааг өрхийн эмч Ерөнхий сайдад танилцуулж байв.  Тус өрхийн эмнэлэг нь  41 мянган хүүхдэд үзлэг хийх юм байна.  Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 80 гаруй хувийг үзлэгт хамруулжээ.

    Энэхүү аяныг амжилттай хэрэгжүүлснээр эхний шатанд 18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн байдлын түвшинг тогтоож, хоёрдахь шатанд үзлэгээр ямар нэг эмгэг илэрсэн тохиолдолд эрүүлжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.  Засгийн газрын тэргүүн үүний дараа Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үзлэгийг орон даяар зохион байгуулах өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.

    Энэхүү  үзлэгт зорилтод насныхан бүрэн хамрагдсанаар манай хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон “Цусны даралт ихсэлт”,“Чихрийн шижин хэв шинж-2”, “Хөх болон умайн хүзүүний хавдар“-аас эрт сэргийлж,  эрт үе шатанд нь эмчлүүлснээр өвчлөл, нас баралтыг бууруулах, өвчний хүндрэлд зарцуулах эрүүл мэндийн өртөг, зардлыг багасгахад ихээхэн ач холбогдолтойг Ерөнхий сайд энэ үеэр онцоллоо. Мөн цаашид Засгийн газраас эрүүл мэндийн салбар тэр дундаа нийгмийн эрүүл мэндэд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр нэмэгдүүлэн, эрүүл мэндийн салбарт техник, технологийн шинэ шинэ дэвшил гарган дэлхийн жишигт хүрэхийн төлөө ажиллах болно гэдгээ хэллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ийнхүү амралтын өдрөөрөө эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны зэрэгцээ  жил бүр уламжлал болгон зохиогддог “Засгийн газрын цом-2012” сагсан бөмбөгийн тэмцээнд ч оролцоод амжлаа. Уг тэмцээнд 11 яам, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их хурлын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар гээд нийт 14 байгууллагын 300 гаран тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Дашрамд дуулгахад Засгийн газрын тэргүүн спортод элэгтэй, бас ч эвсэлтэй гэдгээ харуулж сайд нарын дунд зохиогдсон 3-н онооны шидэлтийн тэмцээний аварга боллоо.  

  • Засгийн бодлого малчны хотонд бодитоор буужээ

    Ихэр хурга төрсөн, мал хээл хаяагүй бөгөөд төлийн хорогдолгүй, 300 гаруй бог мал төллөхөөс 80 гаруй  хувьтай явж байна, хаваржаа сайхан байна  гэх яриагаар  малчин О.Бямба-Очир Ерөнхий сайдыг угтлаа. Засгийн газрын тэргүүн  2012 оны 4 дүгээр сарын 6-ны үдээс хойш Төв аймгийн Аргалант сумын малчин О.Бямба-Очирын хот айлд хүрэлцэн очиж, төл бойжилт, малын хаваржилтай танилцахын зэрэгцээ малчидтай уулзлаа. Ерөнхий сайдыг ирэх сургаар  тэр хавийн хот айлын малчид, бүлгийн иргэд ч цуглажээ.


    Өвлийг өнтэй давж, малчид ч бэлтгэлээ базаасны сайн үр дүн энэ хот айлд тод  харагдаж байлаа. Энэ хот айл ч гэлтгүй энэ жил манай улсын нийт нутгаар цаг агаар тогтуун байж, урьдчилсан байдлаар 15 сая төл мал хүлээн авах тооцоо байгаа бөгөөд монгол улсын малын тоо 50 саяд хүрэх боломж ч харагдаж байгаа аж. Ингэснээр хотод нийлүүлэх махны хэмжээ нэмэгдэж, үнэ буурах боломжтой гэсэн яриа тэдний дунд өрнөлөө. Мөн малын хорогдол улсын хэмжээгээр урьд жилүүдээс хоёр дахин багасч, энэ жилийн хувьд онцлог гэхээр нэг зүйл нь ихэр хурга ишиг, тугал олноор гарч байгаа нь бэлэг дэмбэрэлтэй хэрэг хэмээн Ерөнхий сайд онцоллоо.

    Малчдын өөрсдийн хичээл зүтгэлээс гадна төрөөс малчдын талаар  багагүй ажил хийсний үр дүн гарч байгааг Засгийн газрын тэргүүн С.Батболд энэ үеэр онцолж, малын буянаа хамгийн түрүүн малчид маань эдлэх ёстой юм. Энэ утгаараа махны үнэ үнэлгээтэй байх ёстой, нөгөө талаар  ийм их малтай  орон   байж хэрэглэгчдэд очих махны үнэ боломжийн тогтвортой байх ёстой. Энэ зохицуулалтыг төр хариуцан хийнэ гэдгийг Ерөнхий сайд дурьдаад, малчныг үйлдвэрлэгч, мэргэжилтэй болгох , мөн энэ хөдөлмөрийг өвлүүлэх тал дээр тодорхой бодлогууд гарч байгааг, тухайлбал энэ сараас “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлж байгааг тэдэнд дуулгасан юм.

    Хөдөөгийн хөгжлийг  эрчимжүүлэх, хүн амын ажиллах таатай орчинг бүрдүүлэх, бүсийн ялгааг багасгахад энэ аян ихээхэн ач холбогдолтой аж. Их Британичууд хоршооллоор дамжуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж байсан бол, Германчууд зээлийн системийг өөрчлөх хоршоо байгуулж амжилтанд хүрсэн, харин Францчууд ажлынбайр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэлийн хоршоодыг байгуулж асуудал бэрхшээлээ шийдсэн зэрэг түүх дэлхийн  олон оронд байдаг  байна.

    Энэ аяны анхны хэлбэр болох бүлгийн зохион байгуулалт ч малчин О.Бямба-Очирынд  аль хэдийнээ нэвтрээд эхэлжээ. Бүр  анхны  айлуудын ч нэг юм байна.  Малчин айлуудын бүл олуул биш учир ийнхүү бүлэг болох нь олон давуу талтайг тэд ярилаа. Төв аймгийн хувьд  27 суманд  хоршооны сургагч багш нарыг бэлтгэж эхэлсэн, хоёр суманд загвар хоршоо байгуулж, бүх суманд хөдөө аж ахуйн биржийн хоршоо байгуулахаар зорьж байгаа гэнэ. Олон малтай, бусдыгаа манлайлж байгаа малчдыг үүнд идэвхтэй оролцохыг уриалж байгаа хэмээн албаны хүмүүс  ярьж байлаа. Хөдөө аж ахуйн чанартай бүтээгдэхүүнийг төрдөө тушааж, төрөөс хүртэх урамшуулалд  хамрагдах хүсэл олон малчинд төрж байгааг ч тэд дуулгасан. Энэ бүгдийгээ бөөний худалдаан сүлжээ болон “Нэг сум- нэг бүтээгдэхүүн” хэмээх арга хэмжээтэйгээ холбоод өгчихвөл урагш ахих нэг алхам гэдгийг ч тодотгож, Ерөнхий сайдаас магтаалын үг сонсоод авсан.

    Түүнчлэн малчид бас Ерөнхий сайдад магтаалын үг дуулгаад авна лээ. Сайн малчин эмэгтэй шалгаруулсан нь нүдээ олсон хэрэг байсан гэдгийг тэмдэглээд, их олон эмэгтэйчүүдэд урам өгсөн ажил байсан шүү гэдгийг хэлсэн юм.Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “ Таван -Эрдэнэ” хөтөлбөр энэ хот айлд хэрэгжиж эхэлж байгаагийн  нэг үр дүн нь төлийн хорогдолгүй,малын өвчлөлгүй байгаа нь том амжилт хэмээн гэрийн эзэн хуучилсан. Мал аж ахуй арилжааны эргэлтэд ороод эхэлбэл эзгүйрсэн хөдөө ажил хэрэгч эзэнтэй болж, боловсролтой малын эмч нар ч бодлого бариад эхлэхийг үгүйсгэх аргагүйн нэгэн жишээ бол энэ юм.

    Бас ноосны урамшуулал ч малчны амьдрал ахуйд тодорхой тусаа өгснийг цугларсан малчид Ерөнхий сайддаа ярилаа. 51 малчинд 31 сая төгрөгийн урамшуулал олгогдож, малчны хотонд хангах шалгуур үзүүлэлттэй болж өнгөрсөн жил Улаанбаатар хотод мах, сүүгээ зарснаар 4.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдэж нэг айлд 240-д мянган төгрөгийн орлого орж иржээ. Мөн энэ  сумын хувьд  мал аж ахуйн салбараас дутуугүй орлоготой нэг зүйл нь газар тариалангийн салбар гэнэ. Энэ хоёр салбарыг зэрэг хөгжүүлэх талаар, малчдын амьдралыг бодитойгоор дэмжихэд  төрийн зүгээс онцгой анхаарах болно гэдгийг ч Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэллээ.

    Хоёр жилийн өмнөх зудны  дараа  мал өссөн хэдий ч таваарын хэмжээ, жин татах хэмжээнд хүрэхгүй байгаа учир малчид малаа зарахгүй байгаа, мөн нөгөө талаар “Хүний хөгжлийн сан”-гаас  олгож байгаа бэлэн мөнгө тэднийг бас малаа зарахгүй байх бас нэг  шалтаг болж байгаа гэх яриа хэр үндэстэй вэ гэх асуулт ч гарч байлаа. “Хүний хөгжил санг”-аас олгож буй бэлэн мөнгө, оюутнуудад олгож буй тэтгэлэг малчдын амьдралд ихээхэн тус дэмжлэг болж байгааг харин тэд сайшааж байлаа.

    Төв аймгийн Аргалант сумын Сэртэн хэмээх газар өвөлжиж буй малчин О.Бямба-Очир гуайнхаар  Ерөнхий сайд ийнхүү үдэллээ.  О.Бямба-очир гуай  сумын сайн малчнаар 4 удаа шалгарсан, Аргалантын сангийн аж ахуйг  байгуулалцаж явсан анхдагчуудын нэг юм байна. 3 хүүхэдтэй бөгөөд том хүүгээ малчин болгож, өөрийн дэргэдээ айлсуулжээ. Малын тоо толгойноос илүү малын чанарт анхаарлаа хандуулж байна  гэж ярих  тэдний гадаа  шинэ төлийн дуу  ийнхүү цангинаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.