Ангилал: мэдээ

  • “Лондон 2012” олимпд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчид АSICS брэндийг сонголоо

     

    “Лондон 2012” олимпын наадам эхлэхэд 120 гаруй хоног үлдлээ. Тиймээс энэ богинохон хугацааг амжилттай төлөвлөж олимпын бэлтгэл ажлыг улам эрчимжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд өнөөдөр болсон Олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурлын үеэр үүрэг болголоо. Үндэсний шигшээ багийн цалин, бэлтгэл цугларалт, тэмцээн, хувцас хэрэглэл, материаллаг баазыг бэхжүүлэх зардалд  Монгол Улсын Засгийн газар  2011 онд 1,8 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2012 онд 4,1 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаад байгаа юм.

    Үндэсний шигшээ багийн тамирчид 2011 онд нийт 63 удаагийн тив дэлхий, олимпын эрхийн болон олон улсын тэмцээнээс 224 медаль авсан нь өмнөх жилүүдэд байгаагүй амжилтыг үзүүлж, алт мөнгөн медалийн хувийн жин нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Өнөөдрийн байдлаар “Лондон 2012” 30-р олимпын наадамд оролцох 12, паралимпын 14-р наадамд оролцох 9 эрх аваад байна. Цаашид 30-аас доошгүй эрхтэйгээр олимпд оролцохоор төлөвлөж байгаагаа Биеийн тамир спортын газрын дарга Б.Наранбаатар энэ үеэр Ерөнхий сайдад танилцууллаа.

    Мөн хуралдаанаар “Лондон 2012” олимпд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчдын ёслолын хувцсыг “Шилмэл загвар” компаниар хийлгэхээр тогтож, харин тамирчдын хүсэлтээр бэлтгэлийн хувцсыг Япон Улсын АSICS компаниас авахаар боллоо. Олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр мөн Үндэсний болон залуучуудын шигшээ багийн тамирчдын цалингийн зэрэглэлийг нэмэгдүүлэх, олон улсын төсөл хөтөлбөр тусламжаар орж ирдэг спортын тоног төхөөрөмжид гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг хөндлөө.

    Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд гишүүдийн гаргасан саналыг дэмжиж, нааштайгаар шийдвэрлэхийн төлөө ажиллах болно гээд баг тамирчид, дасгалжуулагчид бэлтгэл сургуулилтаа улам эрчимжүүлж, Лондонгийн тэнгэрт Монгол Улсынхаа төрийн далбааг олонтой мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа хэллээ.

  • ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЗАМ, ГҮҮРИЙН АЖЛЫН ЖАГСААЛТЫГ БАТЛАВ

    ~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ~

    “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх автозам, гүүрийн ажлын жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ нь хатуу хучилттай зам болон гүүрийн ажлын явцыг удаашруулахгүй байх, шинээр хийх ажлыг цаг алдалгүй яаралтай эхлүүлэх зорилготой юм. Зам, гүүрийн ажилд шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж, банкны үйл ажиллагааны зардалд зориулан гэрээт ажил бүрийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг төсөвт өртгөөс тусад нь тооцож, тухай бүрт нь өгч байхаар болов.

    Жагсаалтаас үзвэл Цахир-Тосонцэнгэл чиглэлийн хатуу хучилттай 127 км, Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 45 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 104 км замыг 2013 онд тавьж дуусгах юм байна. Түүнчлэн Улаанбаатар хотод 25 км хатуу хучилттай замыг энэ онд шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх болжээ. Автозамын салбар дахь бүтээн байгуулалтыг зөвхөн хуулинд нийцүүлж өрнүүлнэ. Хэрэгжүүлэх арга, механизм дээрээ Хөгжлийн банк болон холбогдох газрууд уялдаа холбоо сайтай ажиллах, аливаа асуудлыг өнөөдрийнх шиг хууль, дүрэм, журмынх нь дагуу Засгийн газрын хуралдаанд оруулан нээлттэй хэлэлцүүлж, гарсан шийдвэрийг олон нийтэд үнэн зөв мэдээлж байхыг Ерөнхий сайд С.Батболд албан тушаалтнуудад анхаарууллаа.

    “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвүүдийг нийслэл хоттой болон ойролцоох хилийн боомттой холбосон нийт 5572 км, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 990 км хурдны зам, Улаанбаатар хотод 212 км хатуу хучилттай зам, 7 цэгт гүүрэн гарц шинээр барьж 350 км замыг шинэчлэхээр тусгасан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ГАШУУНСУХАЙТ, ШИВЭЭХҮРЭН БООМТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

    Хилийн боомтуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг богино хугацаанд боловсруулан баталж, хэрэгжүүлэхийг холбогдох сайд, харъяа агентлаг, аймгийн удирдлагад даалгалаа. Энэ нь хилийн боомтуудын хяналт, шалгалт, боомтоор дамжин өнгөрч байгаа зорчигчдын ачаа тээврийг сааталгүй түргэн, шуурхай нэвтрүүлэх, хяналт, шалгалтыг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр ханган олон улсын жишигт нийцсэн боомт болгон хөгжүүлэх Засгийн газрын зорилтыг цогцоор нь хэрэгжүүлэх зорилготой юм.

    Ерөнхий төлөвлөгөөнд дээрх зорилтоос гадна нүүрс, ашигт малтмал тээвэрлэх авто замын сүлжээг өргөтгөх, мэргэжлийн хяналтын лаборатори, гаалийн хяналтын барилга байгууламж барих газар, ачаа ачиж буулгах терминаль, тээвэр ложистикийн үйлчилгээний байгууламж, цогцолбор зэргийг байгуулахаар тусгажээ. Түүнчлэн хилийн шалган нэвтрүүлэх бүсэд цацраг шалгах төхөөрөмж, тээврийн хэрэгслийг ариутгах, электрон пүү, ачаа тээврийг шалгах рентген камер зэрэг хяналт шалгалтын тоног төхөөрөмж байрлуулах юм байна. Үүний зэрэгцээ нүүрс тээвэрлэх экспортын 6 салаа, импортын 4 салаа, ашигт малтмал тээвэрлэх экспорт, импортын тус бүр 1 салаа зам байгуулахаар төлөвлөжээ.

    Төлөвлөгөөнд тусгаснаар нүүрс, ашигт малтмал тээвэрлэх замыг зорчигч тээврийн болон иргэний ачаа тээвэрлэх замаас тусгаарлаж, хилийн шалган нэвтрүүлэх цогцолборын хоёр талаар гарах, орох ачаа тээврийн 3, зорчигч тээврийн 2 салаа замтай байх юм. Үүнээс гадна Гашуунсухайт боомтоос 6,5 километрт байх Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтаар барьж байгаа орон сууц, үйлдвэр, үйлчилгээний барилга, байгууламжийг орон нутгийн бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээний төв болгон хөгжүүлэх зэрэг олон ажил хийнэ гэж Засгийн газар гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

     “ЦАХИМ ЗАСАГ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

    Засгийн газрын хуралдаанаар “Цахим засаг” хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн төсвийн төсөлд тусгаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжаар санхүүжүүлэхээр тогтжээ. “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа АНУ, ХБНГУ, БНСУ, Малайз, Шинэ Зеланд, Япон, БНЭУ зэрэг 15 орны цахим засгийг хөгжүүлсэн туршлагыг судалсан байна.

    Өнгөрсөн онд Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсан нь цахим засгийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх анхны алхам болсон гэж үздэг. Үүнээс гадна мэдээллийн аюулгүй байдлыг технологийн орчинд хангах зорилгоор холбогдох хуулийн төслүүдийг боловсруулаад байна. “Цахим засаг” хөтөлбөр батлагдсанаар төрийн бүх шатны байгууллагын ажлыг ил тод болгож, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг хангах, оролцоог нэмэгдүүлэхэд мэдээллийн технологи, харилцаа холбооны дэвшилтэт технологийг ашиглах, улмаар улс орны дотоод, гадаад харилцаа, засаглалыг оновчтой зохион байгуулах суурь тавигдлаа” гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

    “Цахим засаг” хөтөлбөрийг 2016 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шинжилгээ үнэлгээ хийх баг гаргаж ажиллах үүрэг хүлээсэн байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй Засгийн газар жил бүрийн нэгдүгээр улиралд танилцаж байх юм.

    2011 оны 10 дугаар сарын байдлаар төрийн байгууллагуудад 56 мянга гаруй компьютер ашиглагдаж байна. “Цахим засаг” хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудыг шилэн кабелийн сүлжээгээр холбосон нэгдсэн сүлжээ бий болгож, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, нийт ашиглаж байгаа компьютерийн 50-иас доошгүй хувийг шинэчлэх, программ хангамжийг лицензжүүлэх, мэдээллийн систем, контентийг хөгжүүлэх, менежментэд шинэчлэл хийх зэрэг арга хэмжээ авч цахим засгийн үйлчилгээг иргэдэд хүргэх нөхцөл бүрдүүлэхийг Засгийн газар зорьж байна. Манай улсын хувьд 161 сум, суурин газрыг 21 мянга орчим км өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбоод байгаа бөгөөд үлдсэнийг холбох ажил ид хийгдэж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” КОМПАНИ БАЙГУУЛАВ

    Засгийн газрын хуралдаанаар “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” компанийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” хэмээн өөрчлөхөөр шийдвэрлэлээ. Замын-Үүд, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар зэрэг аймаг төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон. Цаашид говийн бүс нутаг болон Завхан аймгийг холбох учир цахилгаан дамжуулах сүлжээ улам өргөжин тэлж, үйл ажиллагаа, үйлчлэх цар хүрээ нь өсч байгаа учир ийм арга хэмжээ авч байна. Түүнчлэн “Төвийн бүсийн цахилгаан түгээх сүлжээ” компани нь цахилгаан эрчим хүчний хангамжийн 90 гаруй хувийг хэрэглэгчдэд дамжуулан хүргэдэг зэргийг нь ч харгалзан үзжээ.

    Мөн хуралдаанаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн ОХУ болон БНХАУ-аас 2008-2011 онд импортоор авсан цахилгаан эрчим хүчний Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татварын хуримтлагдсан өрийг барагдуулахад шаардагдах 2 тэрбум 83 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Баруун 3 аймгийн хэрэгцээнд зориулж цахилгаан эрчим хүчийг дунджаар 99,7 төгрөгөөр худалдан авч, дунджаар 83,6 төгрөгөөр борлуулж нэг кВт цаг тутамд 15-16,1 төгрөгийн алдагдал хүлээдэг байна.

    ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 2100.7 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЭЭД БАЙНА

    Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үнэт цаасны зах зээлийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, үнэт цаасны ззах зээлд оролцогчдын үйл ажиллагааг тодорхой зохицуулах, үйл ажиллагааг ил тод болгох, олон нийт, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, төрийн зохицуулалт, хяналт, шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх үүднээс хуулийн төслийг боловсруулсан байна.

    Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Эдийн засгийн шинэ сэтгэлгээ, хандлага, соёл бий болгох, ажил аль болох анхнаасаа алдаа мадаг багатай байх суурь нөхцлийг бүрдүүлэх нь чухал” гэж онцлон сануулж байлаа. Хөрөнгийн зах зээлийн хэмжээ жилээс жилд өсч байгаа бөгөөд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2011 оны 2 дугаар сард 3219.2 тэрбум, мөн оны 11 дүгээр сард 2100.7 тэрбум төгрөг болжээ. Одоогоор  үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн 88 компани ажиллаж байна.

    ИРГЭНИЙ НИЙГМИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ ТӨРИЙН БОДЛОГЫГ ЗАСГИЙН ГАЗАР САНААЧИЛЛАА

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын ахалсан, иргэний нийгмийн бүх талын төлөөлөл оролцсон  Ажлын хэсгээс боловсруулсан “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлогын үзэл баримтлал”-ын төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн төр-иргэний нийгмийн түншлэл, хамтын ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулж, хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.

    Төслийг боловсруулахын тулд төрийн бус байгууллага, олон нийтийн дунд 40 гаруй удаа хэлэлцүүлэг зохион, гаргасан саналыг нь тусгасан байна. Мөн иргэний нийгэм хөгжсөн 20 гаруй орны туршлага, хууль тогтоомжийг судалжээ. “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлогын үзэл баримтлал” нь малыг малчдад, иргэдэд газар, орон сууцыг нь өгсөнтэй дүйхүйц чухал арга хэмжээ гэж Засгийн газар үзэж байна. Иргэний нийгмийн байгууллагууд төлөвшин чадваржих, үзэл баримтлал, үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргах зорилт манай улсад тулгарч, иргэний нийгмийн байгууллагууд иргэдэд үйлчилгээ хүргэх, төрийн чиг үүргийг гүйцэтгэх хандлага ч гарч ирлээ.

    Ардчиллын төлөвшил нь улс төрийн намуудад хамаатай гэх ойлголт манайд цөөнгүй. Тэгвэл өндөр хөгжсөн орнуудад иргэний нийгмийн байгууллагын эзлэх байр суурь, оролцох оролцоог давхар авч үздэг байна. Манай улсын хувьд өнгөрсөн 20 жилийн хугацаанд анх удаа боловсруулсан энэ үзэл баримтлалд иргэний нийгмийн тухай үндсэн ойлголт, ардчилсан төр, иргэний нийгмийн харилцаанд эрхэмлэх нийтлэг үнэт зүйлс, зарчмыг тодорхойлж, төрөөс иргэний нийгмийн талаар хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хүрээ, хандлагыг тодорхойлжээ. Иргэний нийгмийн байгууллага, иргэдийн идэвх санаачилга, эв санаа, хамтын ажиллагаа, шинэлэг арга туршлагыг төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх тухай заалт үзэл баримтлалд багтсан байна.

    “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлогын үзэл баримтлал”-ын төсөл батлагдвал төрийн бодлогын албан ёсны баримт бичиг болох төдийгүй иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах Засгийн газрын үйл ажиллагааны хууль ёсны баримтлал болох учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд онцоллоо.  

    ТОВЧ МЭДЭЭ

    • УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан байна. Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль удахгүй мөрдөгдөж эхэлсний дараа хэрэгжилт, үр нөлөөг нь сайтар судлан өөрчлөлт оруулах эсэх талаар шийдвэр гаргах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Харин хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийг мөрдөх байгууллагын харьяаллыг тогтооход чиглэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах  тухай хуулийн төслийг дэмжив. 
    • Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам, уралдаант шалгаруулалтын Урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын жишиг баримт бичиг, санал үнэлэх журам зэргийг хэлэлцэн баталлаа. Дээрх журмуудыг дагаж мөрдөхийг Төрийн өмчийн хороо, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
    • Засгийн газар өнгөрсөн онд УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэрэг 139 шийдвэрийн 293 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан байна. Үүнээс 89 заалт буюу 30,4 хувь нь биелж, 203 нь хэрэгжих шатанд, 1 заалтын биелэлтийн хугацааг тооцох болоогүй, хэрэгжилтийн явц удаашралтай 8 арга хэмжээ байгаа тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт 82,8 хувьтай байна. Үүнтэй холбогдуулан заалт, арга хэмжээ бүрийг хяналтад авч бүрэн хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, 2011 оны эцсийн байдлаар тасарсан болон хэрэгжилт нь удааширч байгаа заалтуудыг хэрэгжүүлэхийг сайд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
    • Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Эксим банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуйн бага оврын трактор худалдан авах төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Д.Хаянхярваад олголоо.
    • Хөгжлийн банкны 2011 оны үйл ажиллагаа, 2012-2015 оны Бизнес төлөвлөгөөг Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
    • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дархан-Уул аймагт ажиллахдаа Дархан хотыг “Загвар хот” болгохоор шийдвэрлэж, хөгжлийн хөтөлбөр боловсруулах Ажлын хэсгийг байгуулах болсон. Үүнийг аймгийн удирдлага, нутгийн иргэд талархан хүлээж авсны зэрэгцээ хөтөлбөр батлахад шаардагдах төсвийн төслийг ирүүлсэн байна. Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн 100 сая төгрөгийг нөөц сангаасаа гаргахаар боллоо. Дээрх хөрөнгийг үйлдвэрлэлийг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн судалгаа, үйлдвэрлэл, сургалт-эрдэм шинжилгээний бүсийн төлөвлөлт, үйлдвэрүүдийн ерөнхий төлөвлөгөө, замын сүлжээ, дэд бүтцийн хангамжийн судалгаа, Дархан хотын хөгжлийн хөтөлбөр боловсруулах зэрэгт зарцуулах юм.
    • Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын Сүжигтийн ам, Батсүмбэр сумын нутаг Ноён уулын Зурамт, Хужиртын ам, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талд орших Хүннүгийн язгууртны дурсгалт цогцолбор газрын хамгаалалтын бүсийг 133,6 га байхаар тогтоов. Хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, хохирол учруулах үйл ажиллагаа явуулахыг зогсоон, бүрэн бүтэн байдлыг хамгаалах болжээ.
    • Үндэсний номын санд хадгалагдаж байгаа Монголын түүхийн үнэт баримтат өв болох 10 гар бичмэл, ном судар, МУИС-ийн Улаанбаатар сургуульд байгаа Хүннүгийн язгууртны эд өлгийн 10 зүйл, Эрдэнэзуу музейд байх ховор нандин 31 цутгамал бурхан, танка, Чойжин ламын музейд байх Занабазарын хийцийн 25 цутгамал бурхан, сийлбэр, хатгамал, нийт 77 ширхэг эд өлгийн зүйлийг “Түүх, соёлын үнэт дурсгалт зүйл”-ийн жагсаалтад орууллаа. Ингэснээр жагсаалтад багтсан эд өлгийн зүйл 748 болж байна.
    • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Пани Ятодү-гийн 2012 оны 02 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар тогтов.
  • С.Батболд: Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө Засгийн газар эрчтэй ажиллана

    Монгол Улсын Засгийн газрын Жендэрийн Үндэсний хороо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Ази тивийн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх үндэсний стратегийг тодорхойлох зорилгоор “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох нь”сэдэвт Азийн бүсийн бага хурлыг зохион байгуулж байна.  Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлсэн энэхүү хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Зүүн умард болон Зүүн өмнөд Азийн орнууд  БНХАУ, Вьетнам, Индонез, Камбож, Киргиз, Малайз, Монгол, Мянмар, Филиппин, Тайланд, БНА Тимор Лесте зэрэг 11 орны парламентийн гишүүд, Засгийн газар, иргэний нийгмийн төлөөлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд, экспертүүдийн 80 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

    Монгол Улсад сүүлийн жилүүдэд гарч байгаа эдийн засгийн өсөлтийг бодит хөгжил болгож, тогтвортой, ногоон өсөлт болгох, иргэн бүрийг эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой, сэтгэл хангалуун  амьдрах нөхцөлийг бий болгоход зориулах учиртай. Өөрөөр хэлбэл, бид хүний хөгжилд илүү их анхаарал хандуулах шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлэх арга замын нэг нь нийгэм, эдийн засаг, улстөрийн бүхий л салбарт жендэрийн тэгш байдлыг хангах явдал юм гэж Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга С.Батболд хуралд оролцогчдод явуулсан илгээлтдээ тодотгосон байна. Бүрэн дунд боловсролын сургуульд суралцагчдын эрэгтэй эмэгтэй хүүхдийн тооны харьцаа, Хөдөө аж ахуйгаас бусад салбарт цалинтай ажил эрхэлж байгаа хүн амын жендэрийн тэгш байдлыг хангах зэрэг үзүүлэлтийг Монгол Улс аль хэдийнэ хангаад байгааг Ерөнхий сайд тэмдэглэжээ.   

    Гэвч улс төрд, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хувьд удаашралтай буюу ухралттай байгааг дурьдаад жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдэд хандсан бодлогыг хууль эрхзүйн баталгаатай болгоход Монгол Улсын Засгийн газраас ихээхэн анхаарч, цогц бодлого, арга механизм нэвтрүүлж байна. Үүний дотор Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг өнгөрсөн онд УИХ-аар баталсан бөгөөд Сонгуулийн тухай хуульд  эмэгтэйчүүдийн квотыг тусган түүний тэргүүлсэн Засгийн газрын үед анх удаа хэрэгжүүлэх гэж байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Цаашдаа эмэгтэйчүүдийн нөөц бололцоог улс төрийн хувьд бүрэн дүүрэн ашиглах, ардчилсан засаглалд бодитойгоор оролцох боломжийг олгохын төлөө улам эрчимтэй ажиллах болно гэдгээ ч Засгийн газрын тэргүүн илэрхийлжээ.

    Түүнчлэн тэрбээр илгээлтдээ жендэрийн тэгш байдлыг хангах тухай Мянганы хөгжлийн зорилт Зүүн Азийн бүс нутгийн орнуудад харилцан адилгүй хэрэгжиж байгаа нь энэхүү олон улсын бага хурлын ач холбогдлыг нэмэгдүүлж байна. Бид бүхэн нэгэн тивд оршин амьдарч байгаа ч хөгжлийн хувьд харилцан адилгүй, жендэрийн талаар олсон ололт амжилт өөр өөр байна. Тиймээс энэ хурлын үеэр улс орон бүр Мянганы хөгжлийн зорилтуудаа биелүүлэх, учрах сорилт бэрхшээлийг даван туулах шийдлээ олж, сайн туршлагаа хуваалцан ярилцаж анхаарна гэдэгт итгэлтэй байгаа гэжээ.      

    Дэлхийн олон орны элч төлөөлөгч болж ирсэн эдгээр төлөөлөгч сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдэд хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ, эмэгтэйчүүдийг улс төрд татан оролцуулах ямар арга зам байна, төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх асуудал, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжихэд орон орны авч буй эрх зүй, тогтолцоо зэрэг олон сэдвийг хөндөж хэлэлцүүлэг өрнүүлэн, туршлага мэдээллээсээ  хуваалцаж байна.  

    Улс төрийн оролцоон дахь жендэрийн тэгш байдлыг хангах нь ардчилал, нийгмийн шударга ёсны үндэс. Энэхүү шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө улс орнууд хэлэлцэн Мянганы тунхаглалыг баталж Засгийн газрууд үүний төлөө тусгай арга хэмжээ авахаар амлалт өгсөн. Иймээс олон улсын түвшинд тавьсан үүрэг амлалтаа бодит ажил болгохын төлөө Азийн орнууд хуран чуулж туршлагаа солилцон, туршлагад үндэслэн улс төр дэх эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх үндэсний стратегийг боловсруулах, бүс нутгийн түвшинд мэдээлэл солилцох, хамтран ажиллах, өөрчлөлт шинэчлэлийн талаар нөлөөллийн ажил хийхэд бүсийн орнууд бие биедээ туслах нь хурлын зорилго юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • МОНГОЛ УЛС, АНУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 25 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтоныг 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав. Хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, харилцаа амжилттай хөгжиж байгаад Ерөнхий сайд сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд хэллээ. Харилцан айлчлал цаашид ч тогтмол байдлаар үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн түвшинг ахиулах нь зүйтэй гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлэв.


    Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны яаманд үзэсгэлэн гаргасан бөгөөд ойд хоёр тал өндөр ач холбогдол өгч, олон арга хэмжээ зохиож байгааг тэмдэглэлээ. Монгол Улс Ардчилллын нийгэмлэгийг даргалж байгаа энэ үед нийгэмлэгээс зохион байгуулах аливаа арга хэмжээг АНУ дэмжиж, идэвхтэй оролцож байхыг хүсээд бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах чиглэлээр АНУ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

    Мөн Мянганы сорилтын сангийн төслүүд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглээд дээрх төслийн хүрээнд Компакт хоёрдугаар гэрээнд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр орны хооронд Ил тод байдлын гэрээ байгуулах чиглэлээр хэлэлцээг эхлүүлэх нь зүйтэй гэлээ. Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Эдлтон хэлсэн үгэндээ 150 жилийн өмнө Монгол Улсад анхны америк хүн хөл тавьж байсныг дурдлаа.

    АНУ Монгол Улсын ардчиллыг эхнээс нь дэмжиж ирсэн. Ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа энэ үед олон улсын эмэгтэйчүүдийн бага хурлыг Монголд зохион байгуулахыг дэмжинэ гэв. Түүнчлэн Монгол Улсыг НАТО-гийн түнш орон болсонд баяр хүргээд харилцаа, хамтын ажиллагааны талаар Ерөнхий сайдын хэлсэнтэй санал нэг байгаагаа илэрхийлэв.

  • БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирсэн  Ли Тэ Ро-г хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ Монгол, БНСУ ардчиллын үнэт зүйлсийг хуваалцдаг, ах дүү ард түмэн. Манай хоёр орны харицлаа, хамтын ажиллагаа хөгжих өргөн боломж байгаа гэдгийг тэмдэглэв. Иргэд харилцан чөлөөтэй зорчих чиглэлээр талууд хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр шинээр томилогдсон Элчин сайд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.


    Түүнчлэн Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах талаар хамтран ажиллаж байгаа энэ үед туршлагатай дипломатч Монгол Улсад томилогдон ирсэнд талархаад ажлын амжилт хүсэв. Цаг зав гарган хүлээж авсанд нь Элчин сайд Ли Тэ Ро Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлэв. Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг тэрээр тэмдэглэлээ. Элчин сайдаар ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, солонгосын аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зэрэгт анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • ЕРӨНХИЙ САЙД “ХӨДӨӨГ ХОРШООЛОХ АЯН”-ЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

    Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар энэ оныг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дүгээр чуулганаас “Олон улсын хоршооллын жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд хоршоологчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг хөдөлмөрөөрөө хорших, төрөөс хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүний эдийн биржийн тогтолцоог байгуулах бэлтгэл ажлыг хангах асуудлаар төрийн ордонд чуулж байна. Өнөөдөр дэлхийн долоон тэрбум хүний гурван тэрбум нь хоршооноос ашиг хүртэж, 100 сая ажлын байрыг бий болгосон байна.

     

    Мөн дэлхийн эдийн засгийн хямралыг хоршоолол хамгийн гарз хохирол багатайгаар даван туулсан тухай олон улсын байгууллагын судалгаа гарчээ. Үүнээс харахад хоршоог шинэ түвшинд өөр утга агуулгаар баяжуулан хөгжүүлэх зорилттой тулгарч байгааг Ерөнхий сайд С.Батболд Хоршоологчдын үндэсний III чуулганд оролцож хэлсэн үгэндээ тэмдэглээд хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх, хүн амын ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх, бүсийн ялгааг багасгах зорилгоор Монгол Улсын Засгийн газар “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.

    Мөн тэрээр Засгийн газар өчигдрийн хуралдаанаар “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлэх, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс тодорхой хэсгийг нь жишиг хоршоо байгуулахад зарцуулах, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын багцад зохицуулалт хийх замаар 2012 онд хоршоололд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, цаашид жил бүрийн төсөвт тусгах, Хоршооллын үндэсний зөвлөлийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан ажиллуулах шийдвэрийг гаргаснаа дуулгасан юм. Түүнчлэн хоршоог хөгжүүлэх зорилтын хүрээнд хөдөөгийн баялаг бүтээгчдийг үйлдвэрлэгч, хэрэглэгчтэй шууд холбох,  малчид үйлдвэрлэгчдийн дундаас ашиг олж, бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөдөг ченжийн тогтолцооноос гарах бодлого хэрэгжүүлэхээ Засгийн газрын тэргүүн хэлж байна.

    Мөн хоршоологчдын хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн боловсруулалт, ноос, ноолуур, арьс шир, мах, сүү, чацарганын үйлдвэрлэлийг хоршин хөгжүүлэх үүсгэл санаачлагыг Засгийн газрын тэргүүний хувьд бүхий л талаар дэмжих болно гэдгээ илэрхийлээд Засгийн газраас дараах үүрэг чиглэлийг холбогдох газруудад өлөө.

    • Монгол Улсын сум бүрт жишиг хоршоодыг ажиллуулж, үйл ажиллагааг нь дэмжих,
    • Хоршоодыг хөгжүүлэх, бэхжүүлэх ажлыг хүн л хийнэ. Тиймээс сум бүрээс хоршоодыг удирдах хүмүүсийг сонгож сургаж, мэргэшүүлэх ажлыг энэ жилдээ багтаан эхлүүлэх,
    • “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгийн 80-аас доошгүй хувийг жишиг хоршоодод олгох
    • Малчид, тариаланчдыг дэмжих урамшууллын тогтолцоог хоршооны бүтэц үйл ажиллагаатай шууд холбон хөгжүүлэх, 
    • Салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран “Хөдөөг хоршоолох аян”-ыг тухайн орон нутгийн хэмжээнд удирдан зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож байна, 
    • Холбогдох сайд, яам, агентлагийн дарга нар хоршоолох аяныг эрчимжүүлэх, хоршооллын эрх зүйн орчинг сайжруулах, санхүү, хөрөнгө оруулалт, зохион байгуулалтын арга хэмжээ авах саналаа боловсруулан шуурхай арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо.

    Мөн энэ үеэр “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлэх, хоршооллын үндэсний III чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Чуулганд 21 аймаг, 330 сумдын Засаг дарга, хот, хөдөөгийн 400 хоршоологчид, дэмжигч гишүүд болон төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд зэрэг нийтдээ 900 гаруй төлөөлөгчид оролцож байна.

  • АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД II УЛИРАЛД БАГТАН НЭГ САЯ ТӨГРӨГӨӨ АВНА

    Засгийн газрын хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр боллоо. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 1 сая төгрөг, Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах зэргийг хэлэлцэн шийдвэр гаргасан нь онцлох сэдэв байв.

    Засгийн газрын хуралдаанаар “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.

    Тухайлбал “2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй “Хүний хөгжил сан”-гаас 1 сая хүртэлх төгрөгийн хишиг, хувь хүртэж болно” гэж заалаа.

    Мөн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссоор хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон 16 хүртэл насны хүүхэд, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан нь эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор тогтоогдсон 16 нас хүрсэн иргэн хишиг, хувиа авч болох юм.

    Хэрвээ өмнө нь бэлэн бусаар хишиг, хувь хүртсэн бол 1 сая төгрөгөөс үүнийг суутган тооцож, үлдэх хэсгийг энэ оны 2 дугаар улиралд сар бүрийн сүүлийн хагаст тэнцүү хувааж олгохоор журамд тусгажээ. Энэ талаар Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний хэлснээс үзвэл ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж 4,5,6 дугаар сард олгох юм байна. Санхүүгийн боломж, өдөр ирэх бүр нэмэгдэх гээд байгаа инфляцыг барихын тулд ийнхүү гурав хувааж өгөхөөр шийдвэрлэжээ.

    Хишиг, хувиа авах хүсэлтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд бичгээр гаргаж өгөх ёстой. Хэрвээ өөрөө хүсэлт гаргах боломжгүй бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эхнэр, нөхөр нь өмнөөс нь гаргаж болох юм. Хүсэлтэд овог нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, иргэний үнэмлэхний дугаар, оршин суугаа хаяг, өмнө нь бэлэн бусаар хишиг, хувь хүртсэн эсэх, 1 сая төгрөгийг бэлнээр авах хүсэлтэй байгаа болон өмнө нь бэлэн бусаар авсан хишиг, хувийг суутган тооцохыг зөвшөөрсөн тэмдэглэлийг заавал тусгах ёстойг журамд заажээ.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд хөдөлмөр алдалтын хувь хэмжээ, 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй болохыг нотолсон баримт бичгийг хүсэлтэд хавсаргах юм байна. Хэрвээ тухайн хүн нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг бол нэмэлт баримт бичиг шаардахгүй, тэтгэвэр, тэтгэмж авдаг гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагуудаас авах юм. Сум, хорооны ажилтан иргэдийн хүсэлтийг сар бүрийн 15-ны өдрөөр тасалбар болгон нэгтгэж, мэдээллээ аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст тухайн сарын 25-ны дотор хүргүүлэх ёстой.

    Аймаг, дүүргээс үүнийг нягталж, иргэдийн нэрсийн жагсаалтыг батлан сар бүрийн 30-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх юм. Эндээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сангийн яамны Төрийн сангийн газар гэсэн дарааллаар явж Төрийн сангийн газраас шаардагдах хөрөнгийг сар, улирлын хуваарийн дагуу “Хүний хөгжил сан”-д шилжүүлэхээр болжээ. Үүнээс гадна “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ын гуравдугаар бүлэгт нэмж заалт орууллаа. Энэ дагуу шинээр төрсөн хүүхэд болон нас барсан иргэнд тухайн онд хуваарилагдсан хишиг, хувийг бүрэн олгохоор болсон байна.

    Түүнчлэн “2011-2012 оны хичээлийн жилд оюутны сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх хэмжээг 491960 төгрөг” гэж журамд тусгасан байсныг “500 мянган төгрөгөөс 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн хэмжээг хассан хэмжээтэй тэнцүү” хэмээн өөрчилжээ. Орон сууцны төлбөрөө хишиг, хувиар төлөх хүсэлтэй иргэдэд хамаатай заалтыг ч журамд өөрчлөн найруулсан байна.

    Тухайлбал Орон сууцны санхүүжилтийн корпораци нь орон сууцны төлбөр хэлбэрээр хишиг, хувийг олгоход шаардагдах хөрөнгийг захиалга авсан байгууллага, иргэн, зээл олгосон банк, төлбөрөө бүрэн төлж орон сууцаа авсан иргэн, аймаг, дүүрэг тус бүрээр гаргаж, төлбөрийн дансны бүртгэлийг нэгтгэн, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байх болжээ.  Шат шатны байгууллагууд үүнийг хянан үзэж шийдвэр гаргасны дараа хишиг, хувийг шилжүүлэхээр болсон байна.

    Мөн журамд “Монгол Улсын иргэн гадаад улсын харьяат болсон бол сүүлийн жилд түүний хүртэх хишиг, хувийн хэмжээг 3 дахин нэмж нэг удаа олгоно” гэж тусгасан байсан нь хуульд нийцэхгүй байгаа тул хаслаа. Засгийн газрын энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэх урьдчилгаа төлбөр болох 312.5 тэрбум, ногдол ашиг 110 тэрбум төгрөгийг энэ оны 3-5 дугаар сард үе шаттайгаар, бүрэн төвлөрүүлэхийг Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэс МГЛ”, ”Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалгав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ, ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ТАТВАРЫН БОДЛОГООР ДЭМЖИНЭ

    Засгийн газрын хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн төсөлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргагч аж ахуйн нэгж, иргэний татвар ногдох орлогын хэмжээ 10 сая төгрөг байвал татвар төлөгчөөр бүртгэгддэг бол үүнийг 50 сая төгрөг болгохоор тусгажээ. Мөн орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй бизнес эрхлэгчдээс авдаг татварын хувь, хэмжээг тодорхой хязгаарт өөрчлөх эрхийг орон нутагт олгохоор заасан байна.  

    Түүнчлэн хэрэв тухайн аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн орлогын дүн  50 сая төгрөгөөс бага байвал “НЭГ” хувийн татвар төлж байхаар холбогдох хуулийн төсөлд тусгажээ. Мөн тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй боловч аль нэг үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 10 сая төгрөг хүрч, Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт, буцаан олголт хийх тохиолдол гарч байгаа учир татвар ногдох борлуулалт хийгээгүй бол хасалт хийхгүй байх зэрэг олон заалтыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулахаар төсөлд тусгаад байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хуулийн төсөлтэй холбогдуулан хэлэхдээ “Том аж ахуйн нэгжүүдэд татварын өршөөл нэг удаа үзүүлсэн нь үр дүнгээ өгсөн. Иймээс жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд ч мөн адил татварын өршөөл үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ татвартай холбоотойгоор том аж ахуйн нэгжүүд задарч жижиг болохгүй байх гарц олох, татварын энэ өөрчлөлтийг татвар төлөгчийн байр сууринаас хандаж хийх, хүнд суртал, ар өврийн хаалганаас хол байлгах нь зүйтэй” гэж хатуу сануулав.

    Үүнээс гадна Ой, модны салбарын бүтээгдэхүүний үйлдвэрүүд түүхий эдээ хангалттай авч чадахгүй байгаа учир импортоор оруулж ирэх бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, дүнз, хагас боловсруулсан модон материалыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж Сангийн яам үзэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.            

    ГАДААД ОРОНД ӨНДӨР ҮНЭ ТӨЛЖ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО

    БНСУ-ын “Эксим” банкнаас зээл авч “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Д.Хаянхярваад олгосон байна. Зээл нь 0.1 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жил байх юм. Зээлээр Клиникийн нэгдсэн II эмнэлэгийн дэргэд Үндэсний оношлогоо, эмчилгээний төвийн барилга барьж, орчин үеийн тоног, төхөөрөмж суурилуулахаар төлөвлөөд байна.

    Төв байгуулагдсанаар манай иргэд үзлэг, оношлогоонд хамрагдах гэж их мөнгө төлөн гадаад орныг зорих шаардлагагүй болж байна. Өөрөөр хэлбэл БНСУ-д ашигладаг орчин үеийн тоног төхөөрөмжийг энэ төвд суурилуулснаар өвчтөний онош зөрөхгүй болохоос гадна оношлогооны алдаанаас үүдэн гардаг нас баралтыг бууруулах, орон нутгийн болон эрүүл мэндийн үйлчилгээ дутагдалтай газарт илүү хүртээмжтэй, онцгой үйлчилгээ бий болох зэрэг давуу тал бий болох юм. “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв”-ийг ашиглалтад оруулсны дараа БНСУ-аас эмч, мэргэжилтнүүдийг авчирч тодорхой хугацаанд ажиллуулах, дотоодын боловсон хүчнээ давтан сургах, ур чадварыг нь сайжруулах зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд С.Батболд салбарын сайдад чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    “ХӨДӨӨГ ХОРШООЛОХ АЯН” ӨРНҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо, иргэдээс гаргасан санаачилгыг Засгийн газар дэмжин “Хөдөөг хоршоолох аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ аян хөдөө орон нутагт үйлдвэрлэл эрхлэгчдийг хөдөлмөрөө сайн дурын үндсэн дээр суурилж хорших, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тогтолцоо бий болгох бэлтгэл ажлыг хангах зорилготой юм. Аян болон түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор жишиг хоршоодыг сумдад байгуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамруулах болж байна.

    Тухайлбал аймаг, сумдад олгож байгаа жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээл, “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийг хоршоодод олгох зэрэг олон ажлыг аяны хүрээнд хийх юм. Аймгийн Засаг дарга нар тухайн орон нутагтаа “Хөдөөг хоршоолох аян”-ны төлөвлөгөө батлан, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн бол аяны хүрээнд хийх ажлыг Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо, бусад холбогдох хоршооллын холбоогоор гэрээгээр гүйцэтгүүлж, тэдэнд туслалцаа, дэмжлэг үзүүлэх болжээ. Манай улсын хүн амын 63.3 хувь нь хот, суурин газарт, 37.7 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг. Энэ нь эдийн засгийн өсөлт болон хөгжлийн түвшинг жигд хангах эх үндэс нь орон нутгийн хөгжлөөс шууд хамааралтай гэсэн үг юм.

    Ялангуяа хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай, газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл зонхилсон манай орны хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, орон нутгийн хөгжлийг хангах аж ахуй эрхлэх гол хэлбэр нь хамтын хөдөлмөрт тулгуурласан хоршооны бүтэц. Иймээс төрөөс үүнд ихээхэн ач холбогдол өгч бодлогын баримт бичиг, хууль, хөтөлбөр батлаад байна.

    МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЖ ҮНЭ БУУРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА  

    Махны нийлүүлэлт, үнэ болон махны нөөцийг нэмэгдүүлэх талаар авч байгаа арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан махны хангамжийг нэмэгдүүлэх, үнэ бууруулах талаар Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, явц, үр дүнг иргэдэд мэдээлж, Засгийн газарт танилцуулж байхыг салбарын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгалаа.

    Сайдын танилцуулгаас үзвэл сүүлийн сард махны үнэ тогтвортой байсан байна. Сар шинийн баярын өмнө эрэлт хэрэгцээ эрс ихэсдэг учир бэлдсэн 12 мянган тонн нөөцийн махны 5 мянган тонныг борлуулжээ. Харин сар шинийн дараа эрэлт, хэрэгцээ буурснаас гадна иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн бэлдсэн махаа борлуулж эхэлсэн байна. Нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр үнэ тодорхой хэмжээгээр буурч, тогтвортой болох төлөв ажиглагдаж байна. Тухайлбал энэ 7 хоногт гэхэд 750 тонн мах хөдөө орон нутгаас ирнэ гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат хэллээ.

    Түүний хэлснээр ямар дэлгүүр, худалдааны төвд зарж байгаагаас шалтгаалан махны үнэ харилцан адилгүй. Гэхдээ “Хүчит шонхор” зэрэг захад хонины ястай мах нэг кг нь дунджаар 6700 орчим, үхрийнх  6980, ямааных 47566 төгрөг байгаа юм байна. Цаашид салбарын яам, хотын захиргаа улсын баяр наадам хүртэл нийслэлчүүдийг махаар таслахгүй байх үүднээс нийлүүлэлтийг жигд байлгаж, үнийг одоогийнхоос өсгөхгүй байхыг зорьж байгаа тухай холбогдох албан тушаалтнууд хэлэв. Махны нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор төсвийн зээл хэлбэрээр 40 гаруй тэрбум төгрөгийг шийдэж өгсөн гэдгийг ч Сангийн сайд Д.Хаянхярваа тодотгож байлаа хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    СУРАЛЦАГСДЫН ДУНДАЖ НОРМАТИВЫГ БАТЛАВ

    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байрны хувьсах зардал, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ дагуу сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 25.2 мянган төгрөг болголоо.

    Мөн бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид зарцуулах хувьсах зардлын дундаж нормативыг 20.7 мянга, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байрны нэг хүүхдэд зарцуулах дундаж нормативыг 15 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн байна. Тэгвэл мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид зарцуулах хувьсах зардлын дундаж нормативыг өнгөрсөн жилийнхээс 134 мянган төгрөг буюу 29.2 хувиар нэмж 595.1 мянган төгрөг байхаар тогтжээ. Энэ бүхэн нь инфляцийн өсөлт, цалингийн нэмэлт зэргийг харгалзан авсан арга хэмжээ юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ҮНДСЭН ЧИГЛЭЛ 80 ГАРУЙ ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА

    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Үүнтэй холбогдуулан үндсэн чиглэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 6 бүлэг 19 зорилтын хүрээнд 190 арга хэмжээтэйгээр батлан хэрэгжүүлсэн бөгөөд хэрэгжилт 2011 оны эцсийн байдлаар 80,1 хувьтай гарчээ. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 190 арга хэмжээнээс 62 нь бүрэн биелсэн, 53 нь 90 хувь,  46 нь 70 хувь, 16 нь 50 хувь, 7 нь 30 хувь, 1 нь 10 хувийн биелэлттэй байгаа бол хангалтгүй биелэлттэй 5 арга хэмжээ байна.

     ТОВЧ МЭДЭЭ

    • Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, түүнтэй холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
    • Стратегийн ач холбогдол бүхий зарим аюултай бараа, бүтээгдэхүүнд тавих хяналтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.
    • УИХ-ын гишүүн Я.Батсуурь Нийгмийн даатгалын болон Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан байна. Төсөлд “Аж ахуйн нэгж байгууллагын 2-3 хувийн орон тоонд 35-аас дээш насны эмэгтэй, 40-өөс дээш насны эрэгтэй хүнийг ажиллуулахаар тусгасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ”Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно” гэж заасантай зөрчилдөж байгаа учир дэмжих боломжгүй гэж үзлээ. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуульд “35-аас дээш насны эмэгтэй, 40-өөс дээш насны эрэгтэй хүнийг үндсэн ажилтнаар авч ажиллуулбал ажил олгогчоос сар бүр төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцахаар заасан нь ажил олгогч шимтгэл төлөхгүйн тулд зөвхөн дээрх насны хүмүүсийг ажилд авах, ажилд авсан хүнээ 35-аас дээш насных хэмээн хуурамчаар мэдүүлэх зэрэг сөрөг үр дагавар үүсгэхээр байна” гэж Засгийн газар үзлээ.
    • УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ц.Цэнгэл нарын санаачлан боловсруулсан Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
    • “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2012-2016 онд хамтран ажиллах хөтөлбөр”-ийн төслийг дэмжиж, хөтөлбөрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Бүгд найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуягт олгохоор боллоо. Хөтөлбөрийн хүрээнд талууд тус бүр нэг бакалавр, докторантыг тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр хамруулах юм. Мөн их, дээд сургуулийн багш нарыг солилцох, хоёр орны хэл, утга зохиол заах, сурталчлахад дэмжлэг үзүүлэх, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах чиглэлээр соёлын өдрүүд, үзэсгэлэн зохион байгуулах, зохиолчдын бүтээлийг орчуулах, хэвлэх, номын сан, музей, соёлын бусад байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжихээр болжээ.
    • Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тайлант хугацаанд Засгийн газар 9 удаа хуралдаж, 52 асуудлыг хэлэлцэн, 14 асуудалтай танилцаж холбогдох тогтоол, шийдвэр гаргажээ.
    • “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоол, бодлогын төслийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн барих нь зүйтэй гэж үзлээ.
    • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2011 оны худалдан авах ажиллагааны тайлан, хэрэгжилтэд хийсэн үнэлгээний дүнтэй танилцав. Үүнтэй холбогдуулан үнэлгээний явцад илэрсэн зөрчил, дутагдалд дүн шинжилгээ хийж, цаашид худалдан  авах ажиллагааг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журам, зааврыг чанд мөрдөж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.
    • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комисс байгуулах, түүний үүргийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколын төслийг дэмжиж, Протоколд гарын үсэг зурах эрх олгохоор болов. Засгийн газар хоорондын Комиссын хуралдаан зохион байгуулагч тал нь зөвхөн хуралдаан зохион байгуулахтай холбогдсон зардлыг, нөгөө тал өөрсдийн төлөөлөгчдийн зорчих тээвэр, зочид буудал, хоолны зардлыг хариуцаж байхаар нэмэлт, өөрчлөлтөд тусгасан байна.
  • “ҮНДЭСНИЙ ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ” КОМПАНИ БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

    Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад оронд хийх айлчлалын бүрэлдэхүүнд орж маргааш явах гэж байгаа тул Засгийн газын ээлжит бус хуралдаанд “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар танилцуулсан байна. Төмөр замын суурь бүтцийн 51-ээс доошгүй хувийг төрийн мэдэлд байлгах үүднээс төрийн өмч давамгайлсан хувьцаат компани байгуулж, суурь бүтцийг эзэмшүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзэн шийдвэр гаргалаа.

    Энэ компанийн ажлыг эхлүүлэх зорилгоор хувь нийлүүлсэн хөрөнгөд төрийн талаас эхний ээлжинд ногдох 518 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, “Шинэ төмөр зам” төслийг эхний ээлжинд санхүүжүүлэхэд шаардагдах 399 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг Хөгжлийн банкинд гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгав. Шинэ компанийн хувьцааны 49-өөс дээшгүй хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн оролцоог хязгаарлахгүйгээр, бусад хөрөнгө оруулагч тус бүрийн хувьцааны эзэмшлийг 10 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлана.

    Мөн “Монголын төмөр зам” болон “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компанийн төрийн мэдлийн хувьцаа нь тус бүрт 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж хөрөнгө оруулагч нарт санал болгох, хувьцааг дотоодын болон гадаадын нэр хүнд бүхий Хөрөнгийн биржээр нээлттэй арилжих нь зүйтэй гэж үзсэн байна. “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд хийгдэх ажлууд  ийнхүү ил тод, нээлттэй, хууль ёс дагуу Засгийн газрын хуралдаанд танилцуулагдаж байна. Ийм зарчмаар аливаа ажил явах ёстой. Түүнээс бус илд далд хэлбэрээр хийгдсэн ямар нэгэн гэрээ хэлцэл Засгийн газрын түвшинд яригдах ёсгүй гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хуралдааны төгсгөлд сайд нарт хатуу анхааруулав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.


  • “МИАТ”, БНСУ-ЫН “КОРЕАН ЭЙР” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

    Хамтын ажиллагааны стратегийн түншлэлийг өргөжүүлэх харилцан ойлголцлын Санамж бичигт “МИАТ” болон БНСУ-ын “Кореан Эйр“ компанийн удирдлагууд 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордонд гарын үсэг зурлаа. Энэ дагуу “Корейн Эйр” компани “МИАТ” компанийн үйлчилгээний чанарыг дэлхийн түвшинд хүргэх, үйлчилгээнийх нь стандартыг “Скай Тийм” /Sky Team/ холбоонд нэгдэн орох стратегийн зорилтын бэлтгэлийг хангах чиглэлэрэ хамтран ажиллах юм байна. Түүнчлэн аюулгүй байдал, нислэг, техник, газрын үйл ажиллагаа, техник, үйлчилгээ, зардлын менежмент зэрэг үр ашгийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн туслалцаа үзүүлэх юм.


    18 жилийн хамтын ажиллагааны түүхээ өргөжүүлэхээр байгуулсан харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж нар оролцов. “МИАТ”, “Корейн Эйр” компани хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах үүргээ хамтын ажиллагаа болон өрсөлдөөний зарчмаар хослуулан явуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

    Мөн компани хооронд код хамтран эзэмших гэрээний дагуу үзүүлж байгаа үйлчилгээний чанарыг сайжруулах бөгөөд үүний дотор “МИАТ” компани нислэгийг хуваарийн дагуу үйлдэх чадвартай байх юм. Хоёр улсын хоорондын эдийн засаг, худалдааг өргөжүүлэхэд агаарын тээврийн салбар чухал үүрэгтэй гэж “МИАТ”, “Корейн Эйр” компани үзэж байна хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Кембрижийн хөтөлбөрийг нутагшуулахад “элитийн батальеонынхон” түүчээлэн оролцож байна

    Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараахан, хамгийн түрүүнд боловсролын салбарынхантай уулзаж Монгол Улсыг Оюутолгой, Тавантолгой биш боловсролтой Монгол толгой хөгжүүлнэ хэмээн тунхагласан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар боловсролын салбарт олон шинэчлэл хийгдэж буйн нэг нь Кембрижийн стандартыг Монголд нэвтрүүлэх юм. Дэлхийн 130 гаруй оронд түгэн дэлгэрсэн Кембрижийн стандартаар манай улсад “Шинэ Эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн сургууль байгуулагдаж англи монгол хэлээр сургалт явуулж байгаа. Мөн дэлхийд хүлээнд зөвшөөрөгдсөн энэхүү сургалтын стандартыг баримжаалсан сургалтын шинэ хөтөлбөрийг эрдэмтэн багш нар боловсруулаад байгаа юм.


    Энэхүү шинэчилсэн хөтөлбөрийг нэвтрүүлэх туршилтыг ирэх 4 дүгээр сараас аймаг бүрийн нэг, Улаанбаатар хотын 10 сургууль өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд нийт 31 үндэсний лаборатори сургуульд нэвтрүүлж эхлэх бөгөөд эдгээр сургуулийн 300 гаруй багш нар “Шинэ Эрин” дунд сургуульд дээр сургалтад хамрагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шинэ хөтөлбөрийг дэлгэрүүлэх анхдагч болсон эдгээр багш нартай уулзахдаа “Өнгөрсөн зуунд Оросын боловсролыг нэвтрүүлж бид амжилтад хүрсэн. Улсаа улс шиг улс болгож чадсанаараа бид бахархдаг. Харин одоо дэлхийн боловсролыг нутагшуулах зорилго маань мөрөөдөл биш бодит ажил  хэрэг болж байна.

    Та бид XXI зууны боловсролын шинэ стандартыг эхлүүлэх түүхэн үүрэг хүлээсэн хүмүүс” гэлээ. Ингэхдээ дэлхийн энэ стандарт манай боловсролын салбарт нэвтрэх, нутагших эсэх нь багш нараас шууд хамаарна. Үүний тулд эхлээд багш нараа бэлтгэх учиртай. Энэ ч зорилгын хүрээнд өнөөдрийн сургалт явагдаж байгаа гэдгийг тэмдэглэлээ. Мөн Тавантолгой, Оюутолгой зэрэг энэ олон толгой Монгол улсыг хөгжүүлэхэд хувь нэмэр л оруулна. Харин улс орноо монгол толгой хөгжүүлнэ гэдгийг багш нартай уулзах үеэрээ Ерөнхий сайд дахин хэллээ.

    Шинэчилсэн хөтөлбөрийг хамгийн анх хүлээн авч, ерөнхий боловсролын сургуулиудад түгээн дэлгэрүүлэх ажлыг гардан хийх учиртай эдгээр багш нарыг мэргэжил нэгтнүүд нь Элитийн батальеонынхон  хэмээн тодотгож байна. Монгол Улсын Засгийн газар хүүхэд залуучуудаа өрсөлдөх чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролтой, дэлхийн иргэн болгохын төлөө ажиллаж байгаа. Энэ зорилтыг  хэрэгжүүжлэх, ажил хэрэг болгоход сургалтад хамрагдсан багш нар түүчээлэн оролцох учиртай гэдгийг Ерөнхий сайд С.Батболд анхааруулаад Монголын боловсролыг дэлхийн стандартад хүргэх үүрэг, хариуцлага ч мөн энэ багш нарт оногдож байгааг тодотгож байлаа.

    2015-2017 онд Кембрижийн  сургалтын хөтөлбөр, сургалтын системийг ерөнхий боловсролын бүх сургуульд үе шаттайгаар нэвтрүүлнэ, 2017 онд сургалтын хөтөлбөр, чанараа Кембрижийн магадлан итгэлжлэлээр үнэлүүлж дэлхийд баталгаажуулна гэдгийг Ерөнхий сайд багш нарын төлөөлөлд хэлээд аливаа юмыг улстөржүүлэх сонирхол түгээмэл байна. Гэхдээ хүүхэд залуучуудынхаа ирээдүйгээр хэзээ ч улстөр хийж болохгүй гэдгийг Ерөнхий сайд хатуу хэлээд энэхүү шинэчлэлийг  ажил хэрэг болгохын төлөө тууштай ажиллана гэдгээ онцоллоо

    Монгол орны маань эдийн засаг өндөр өсөлттэй байна. Энэ өсөлт хувь хүнд очихдоо тэдний эрүүл мэнд, өрсөлдөх болоод амьдрах чадварыг сайжруулах орчин нөхцөлийг нь бүрдүүлэхэд чиглэгдэх учиртай гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд хэлж байлаа. Сурагчдынхаа улирлын амралтын үеэр сургалтад хамрагдаж номын дуу сонсож байгаа багш нарын төлөөлөл энэ уулзалтын үеэр мөн санал сэтгэгдлээ хэллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд монгол орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө олон сайхан ажил санаачлан хийж байгаад багш нар талархаж  байлаа. Боловсролын салбар дэлхийн жишигт хүрэх бэлтгэл ажил ид хийгдэж байна. Үүний дээр 18 нас хүртлэх бүх хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, оношилж эмчлэх зорилго бүхий “Эрүүл хүүхэд” аяныг улс орон даяар зохион байгуулж байгаад талархаж байгаагаа тэд илэрхийлж байлаа. Ерөнхий сайд С.Батболдын санаачлан эхлүүлсэн эдгээр ажил дараа дараачийн Засгийн газрын гол бодлого болж үргэлжлээсэй хэмээн хүсч байгаа ч тэд  тэмдэглэж байлаа.

    Багш нар бид сайн шавьтай байхыг хүсдэг. Шавь нар маань аймаг, дүүрэг, улс орны хэмжээнд амжилт гаргаж нэр алдраа дуурсгадаг байсан бол Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон улсад гарах боломж бүрдэж байна. Дэлхийн хэмжээнд өрсөлдөх шавьтай болно хэмээн Кембрижийн хөтөлбөрийг дэмжиж хүлээн авснаа багш нар хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээддийн албанаас мэдээллээ.