Ангилал: мэдээ

  • ЯАМДЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫГ ТОМИЛЛОО

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр болж яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон зарим агентлагийн дарга нарыг томиллоо. Засгийн газар төрийн ажлыг тасралтгүй, жигд явуулах үүднээс Төрийн албаны зөвлөлөөс санал болгосон нэр бүхий хүмүүсийг ийнхүү ээлжит бус хуралдаанаасаа ажилд нь томилсон байна.

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Бадамждоржийн Батхишигийг Гадаад харилцааны яамны, Намжилын Түмэндэмбэрэлийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо. Түүнчлэн Лувсандагвын Амарсанааг Засгийн газрын тохируулагч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын, Пүрвээгийн Дэлгэрнаранг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто тээврийн газрын даргын албан тушаалд томиллоо. Дээрх хүмүүсийг тухайн ажлыг хариуцах чадвар, ажлын туршлагыг нь харгалзан томилсон байна.

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг

    1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973 онд 10 жилийн сургууль, 1979 онд ЗХУ-ын Ленинград хотын Их сургууль төгссөн. Олон улсын эдийн засагч мэргэжилтэй. Тэргүүн шадар дипломат болон доктор, дэд профессор цолтой. УБДС-д багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого судлах төв, Нийгмийн ухааны институтэд Эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, МАХН-ын Төв хорооны дэд дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, БНБУ-д суух Элчин сайд, Гадаад харилцааны яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан. Төрийн албанд 33 жил ажиллаж байгаа юм.

    Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл

    1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1977 онд 10 жилийн сургууль, 1985 онд ЗХУ-ын Ленинград хотын Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2001-2002 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, төгссөн. Улс ардын аж ахуйн төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй. Доктор. МАХН-ын Төв хорооны Сэтгүүлүүдийн нэгдсэн редакцид утга зохиолын ажилтан, “Боловсрол” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Прогноз” төвийн дэд захирал, МАХН-ын Удирдах зөвлөлд Сан хөрөнгө эрхлэх газрын дарга, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ОХУ-ын Улаан-Үд хотод суух Ерөнхий консул, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн дэд захирал, Эрүүл мэндийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 26 жил ажиллаж байна.

    Бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаа

    1953 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1971 онд 10 жилийн сургууль, 1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1991 онд Москва хотын Нийгэм, улс төрийн дээд сургууль төгссөн. Барилгын инженер-эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй. Дархан хотын Байшин үйлдвэрлэх комбинатад эдийн засагч, комбинатын дарга, Дархан хотын Барилгын үйлдвэрлэлийн нэгдлийн дарга, Дархан хотын АДХГЗ-ны дарга, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, МАХН-ын нарийн бичгийн дарга, БНХАУ-д суух Элчин сайд, МАХН-ын Ажлын албаны дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Төрийн албанд 21 дэх жилдээ ажиллаж байгаа юм.

    Авто тээврийн газрын дарга П.Дэлгэрнаран

    1964 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1983 онд 10 жилийн сургууль, 1989 онд ЗХУ-ын Москва хотын Цэргийн улс төрийн дээд сургууль, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн. Ерөнхий цэргийн офицер, хуульч мэргэжилтэй. Талх, чихрийн үйлдвэрийн ХЗЭ-ийн хорооны дарга, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны дэд дарга, хотын Залуучуудын холбооны тэргүүн, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, УИХ дахь МАХН-ын бүлэгт референт, “Прогноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан,  Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн Өмчийн газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, “Автобус-3” компанийн захирал, Авто тээврийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Төрийн албанд 10 жил ажиллаж байгаа юм.

  • НИЙСЛЭЛИЙГ ДЭЛХИЙН ХОТУУДЫН ЖИШИГТ ХҮРГЭХИЙН ТУЛД ТОМООХОН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

    Нийслэл Улаанбаатар хот дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, томоохон төсөл, хөтөлбөрт нээлттэй оролцуулах боломж олгож байна гэдгээ зарлалаа. 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Гадаад харилцааны яаманд болж байгаа Олон улсын хөрөнгө оруулагчдын гуравдугаар чуулганы үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр энэ тухай мэдэгдсэн байна. Нийслэл хотод тулгамдаад байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, хамтран хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг хөрөнгө оруулагчдад танилцуулах нь энэ удаагийн чуулганы гол зорилго юм.


    Тухайлбал хотын цэвэр усан хангамж, цэвэрлэх байгууламжийг сайжруулах, хөрсний ус ашиглах, метро байгуулах, “100 мянган орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, гэр хорооллыг барилгажуулах, авто замын салбарт ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг танилцуулна.

    Байгаль орчин, нийгмийн салбар ч хөрөнгө оруулагчдын чуулганы анхаарлын төвд байна.

    Тухайлбал Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлж, Туул голд минж нутагшуулах төсөл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын явц зэргийг танилцуулахаар төлөвлөжээ. Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэлэхдээ “Засгийн газар Улаанбаатар хотын өмнө тулгамдсан бэрхшээл, хүндрэл, давуу тал, хөгжих боломжийг маш сайн ойлгодог бөгөөд эдгээрийг шийдвэрлэх эрх зүйн болон эдийн засгийн үндсийг бий болгоход бүх талын дэмжлэг үзүүлж ирсэн, үзүүлэх ч болно” гэлээ.  

    “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд зээлийн хүүг 6 хувь болгосон, гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай инженерийн шугам, сүлжээг барих ажлыг эхлүүлсэн, хотод хэрэгжүүлэх нэн шаардлагатай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг амжилттай арилжсан зэргийг Ерөнхий сайд дурдлаа. Түүнчлэн “Хүн ам ихээр төвлөрсөнхотын нийтлэг жишигт хүрсэн хот байгуулалтын оновчтой төлөвлөлтийн дагуу хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан, эрх зүйн таатай орчинг  бүрдүүлнэ” гэж хэлэв.

    Олон улсын хөрөнгө оруулагчдын өмнөх хоёр чуулганаас гарсан санал, зөвлөмжийг нийслэлийн төр, захиргааны байгууллага ажил, бодлого, хөтөлбөртөө тодорхой хэмжээгээр тусган хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийнхийг ч мөн адил тусгах юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны хамтран зохион байгуулж байгаа энэ чуулганд гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын банк, санхүүгийн байгууллага, ах дүү хотууд, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Нэг секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай супер компьютер ашиглаж эхэллээ

    Нэг секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай супер компьютерийг Монголд анх удаагаа цаг уурчид ашиглаж эхэллээ. Цаг агаарын урьдчилсан мэдээний чанарыг сайжруулж, малчин Доржийн хаваржаанд цаг агаар ямар байхыг тав хоногийн өмнөөс мэдээлж өгч чадах энэхүү супер компьютерийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. АНУ-д үйлдвэрлэсэн Crayмаркийн супер компьютер нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи бөгөөд Зүүн Азийн орнуудад, тухайлбал, хятад Солонгосын дараагаар манай улс ашиглаж эхлэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2009 оны 12 дугаар сарын 7-нд байгаль орчны салбарынхантай хийсэн уулзалт ярилцлагын үеэр цаг уурчид ийм компьютертэй болох хүсэлт тавьсан бөгөөд Засгийн газар хөрөнгө гарган шийдвэрлэснээр тэдний хүсэлт өнөөдөр ажил хэрэг боллоо.  


    Манай улс бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан голлон эрхэлдэг, байгаль, цаг агаараас ихээхэн хамааралтай. Дэлхий нийт ч ийм хамааралтай болж байгаа энэ үед ийм өндөр хүчин чадалтай компьютертэй болж  байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд иргэн бүр мэдээлэлтэй, мэдээлэл нь өндөр чанартай байх учиртай. Тиймээс ч Засгийн газраас хөрөнгө гарган супер компьютер авч монголчууд бид цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээ илүү нарийвчлалтайгаар хүлээн авах болж байна. Энэ нь улс орны эдийн засагт төдийгүй, хувь хүний амьдралд ч ихээхэн боломжийг бий болгох юм гэдгийг Ерөнхий сайд С.Батболд дурдлаа.

    Нэг секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх агуу боломж бүхий ийм компьютерийг монгол инженерүүд ажиллуулж, чанартай мэдээлэл боловсруулж чадаж байгаа нь бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж байгаагийн нэг том жишээ юм гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотгоод цаг агаарын төлөвийн чиг хандлагыг 100 жилээр гаргах бололцоотой гэдэг нь  улс орныхоо хөгжлийг төлөвлөх ихээхэн боломжийг бий болгоно. Энэ боломжийг бид ялангуяа, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбартаа бүрэн дүүрэн ашиглах учиртай гэдгийг онцлон хэллээ.

    Мөн тэрбээр өнөөдөр бид эдийн засгийн хөгжлөө онцгойлон ярьж байгаа. Ярих ч учиртай. Гэхдээ байгаль орчныхоо асуудлыг энэ хөгжлийн өмнө тавьдаг зарчмыг үсрэнгүй хөгжлийнхөө энэ гараан дээр ирсэн бид төрийн бодлого болгох ёстой гэдгийг чухалчлаад энэ яриаг хий хоосон уриа лоозон биш ажил хэрэг болгох нь байгаль орчны салбарт ажилладаг нийт хүмүүсийн үүрэг гэдгийг ч Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ. Үүнд Засгийн газар хөрөнгө хүч, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.

    Монгол Улсын Засгийн газар ард иргэддээ ажлаа тайлагнах дөхөж буй энэ үед зарим салбар үйл ажиллагааныхаа хэрэгжилтийг эхнээс нь дүгнэж, цэгнэж байна. Үүний илрэл болсон нэгэн арга хэмжээ өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур орчны шинжилгээний газарт боллоо. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Цогтбаатар салбарынхаа дөрвөн жилийн ажлын тайланг танилцуулж, 2009 оны уулзалтын үеэр Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гардуулсан юм.

    Салбар болгон хийсэн ажлаа дүгнэх учиртай. Засгийн газар ч ажлаа тайлагнах ёстой. Тайлангийн хугацаанд өгсөн үүрэг даалгаврын биелэлт, үр дүн ямар байна  гэдэг чиг хандлага руу орж байгийн илрэл нь өнөөдөр болж буй энэ арга хэмжээ юм гэж Засгийн газрын тэргүүн хэллээ. Өнөөдөр дэлхийн усны өдөр, маргааш цаг уурын өдөр тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд байгаль орчны салбарынханд мэндчилгээ дэвшүүллээ.

    Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол оронд дулааралт эрчимтэй болж ган зуд, аадар тунадас, уруйн үер, хүчтэй шороон ба цасан шуурга зэрэг байгаль цаг агаарын аюултай үзэгдлийн давтагдал нэмэгдэж гарах хохирлын хэмжээ, байгаль орчны доройтол жилээс жилд нэмэгдэж улс орны тогтвортой хөгжилд ихээхэн хүндрэл, бэрхшээл учруулж, цаашид ч энэ байдал өсөх хандлагатай байна. Энэ эрсдэлийг багасгах, улс орны тогтвортой хөгжлийг хангахад ирээдүйгээ харсан төлөвлөлт, өндөр технологи, шинжлэх ухаанч арга барил асуудлыг шийдэх үндэс болж байгаа. Ийм үед секундэд 6.5 их наяд  үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай Супер компьютер чухал хэрэгтэй хэмээн цаг уурчид тайлбарлаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.   


  • ЕРӨНХИЙ САЙДЫН ДЭРГЭД “САНСАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛНА

    Эдүгээгээс 31 жилийн тэртээ 1981 оны гуравдугаар сарын 22-нд малчин ардын хүү анх удаа сансарт нисч, Монголын  түүхэнд алтан үсгээр бичигдэх үйл явдал тохион хүн бүр баяр бахдал, урам зоригоор дүүрэн байсан нь саяхан. Тэгвэл өнөөдөр энэхүү түүхэн өдрийг эргэн дурсаж,эрдэмтэн, судлаачид сансар судлалын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Орчин үеийн сансар судлал-Монгол Улс” эрдэм шинжилгээний хуралд оролцож хэлсэн үгэндээ “Манай улс дэлхийн олон орноос сансарт хүнээ нисгэсэн 10 дахь улс орон болж чадсан нь манай орны сансар судлалын салбарт чухал ач холбогдолтой үйл явдал болсон төдийгүй хамтарсан нислэг нь ОХУ, Монгол Улсын сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны салшгүй нэг хэсэг юм ” гэлээ.


    Мөн цаашид сансар судлалыг хөгжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах, төр, засгаас ямар хэлбэрээр дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудал тодорхойгүй байгаад дүгнэлт хийх цаг болсныг онцлоод,энэ салбарыг төр, засгийн бодлогын төвд байлгах үүднээс “Сансар судлалын үндэсний зөвлөл”-ийг Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллах шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Түүнчлэн энэ чиглэлээр холбогдох яамд, Шинжлэх ухааны академи, мэргэжлийн байгууллагууд идэвх санаачилгатай ажиллаж тодорхой санал, зөвлөмжийг энэ хурлаас гаргана гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

  • Агаарын санаа бодит хөрсөнд буужээ

     

    Алтан гартай инженерүүд “ нүдний гэм” болсон энэ үед  залуусын уран сэтгэлгээг хөгжүүлэх нэгэн төслийг Монгол улсын Ерөнхий сайдын санаачилгаар хоёр дахь жилдээ эхлүүлээд байна. Энэ бол “ Залуу зохион бүтээгч” төслийн уралдаан  бөгөөд орой болгон МҮОНТ-ээр гарч, хүүхэд залуус төдийгүй бүх насныхны үзэх дуртай нэвтрүүлэг хэдийнээ болжээ. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  өнөөдөр тус төслийн уралдааны гуравдугаар шатанд тэнцсэн 31  бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

    “ Монгол улсын хөгжлийг хөдөлгөгч нь монгол хүн өөрөө юм. Өөрөөр хэлбэл “ Монголыг Монгол толгой хөгжүүлнэ “ хэмээн бид ярьж байгаа. Ард түмэн нь бүтээгч байх Засгийн газрын  бодлогын  тодорхой  үр дүнгийн нэг илрэл нь залуус та бүхний эдгээр бүтээл болж байна. Жил ирэх тусам энэ уралдааны бүтээлүүд улам чанаржиж байна. 20 жилийн дараах Монгол улс нэлээн гайгүй хөгжилтэй улс орнуудын тоонд орох боломж ч бүрдлээ. Тухайлбал үүнд эдийн засгийн өсөлтийг нэрлэж болох бөгөөд үүнд итгэл нэмсэн нэг зүйл нь залуус та бүхний эдгээр бүтээл юм. Сайн сайхан зүйлийг Засгийн газар бүх боломжоороо дэмжинэ. Мөн түүнчлэн эдгээр бүтээлд хандив болон сэтгэлгээний дэмжлэг үзүүлсэн Монголын үндэсний компаниуддаа талархал илэрхийлж байна “ хэмээн Засгийн газрын тэргүүн үзэсгэлэнгийн үеэр залуусд хандан хэлсэн үгэндээ онцоллоо.

    Гар утас, комьпютерээс өөр зүйлд анхаарлаа хандуулах нь багассан өнөөгийн монгол залуусд энэ төслийн уралдаан нэлээн өгөөжөө өгч байгааг зохион байгуулагчид  дурьдаж байв. Тэднийг жаахан дэмжээд өгөхөд л монгол хүүхэд залуусын төрөлхийн авьяас, чадвар нь гарч ирж байгаа гэх урмын үг ч сонсогдож байлаа. Монгол улсын ирээдүйн иргэдийг техник сэтгэхүйтэй болгон төлөвшүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа “ Залуу зохион бүтээгч “ төслийн энэ жилийн уралдаанд нэлээн их дэвшлүүд гарчээ.

    Баруун, зүүн, төвийн гэсэн үндсэн гурван маршрутаар нэгдүгээр шатаа зохион байгуулсны зэрэгцээ ӨМӨЗО-ны Хөх хот, ОХУ-ын Буриад улсын Улаан-үд хотуудад мөн явагдаж, нийтдээ 350 гаруй залуус 700 гаруй санаа бүтээлээрээ уралдаанд идэвхтэй оролцжээ. Агаарт байсан санаанууд энэ жилийн хувьд бодит хөрсөнд бууж ирсэн нь их амжилт байлаа гэж уралдааны зохион байгуулагчид ярьж байна. Орон нутгаас идэвхтэй оролцох болж, ялангуяа Увс, Сэлэнгэ аймгаас ирсэн багууд зохион байгуулалттайгаар сайн оролцож байгааг тэд онцоллоо.

    Хөрш зэргэлдээ 3 орны хүүхэд залуусын оюун сэтгэлгээгээр бүтсэн хараагүй иргэдэд зориулсан мэдрэгчтэй таяг, зөөврийн ариун цэврийн өрөө, нисэгчгүй онгоц, ухаалаг хүлэмжүүд, төгөлдөр хуур заагч, модыг 100 хувь хаягдалгүй боловсруулах олон үйлдэлт хөрөө рам, өөрөө явагч ногоо хураагч, монгол гэрийг суурин ахуй нөхцөлд зориулан өөрчилсөн гэр, бохир усыг 00-д ашиглаж болох шийдэл гээд олон шилдэг санаанууд эндээс төрөн гарсан байна. Монгол улс цаашид хэрэглэгч бус үйлдвэрлэгч орон болоход энэ төсөл үнэ цэнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхий сайд  ч мөн онцлон тэмдэглэж байлаа. Мөн энэ жилийн бүтээлүүд эко тал руу нэлээн чиглэсэн , багш нар хүүхдүүдтэйгээ нэлээн идэвхтэй оролцож байгааг, үндэсний компаниуд ирээдүйн боловсон хүчнүүдээ нэлээн сонирхож байгаа гээд олон онцлогуудыг зохион байгуулагчид нэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ .

  • ЗАСГИЙН ГАЗАР САНХҮҮГИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

    ~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Засгийн газар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын таатай нөхцөл олгохыг зорьж татвартай холбоотой хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан, нүүрсний 20 хоногийн аюулгүйн нөөц бүрдүүлэх хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн, Иргэний үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсэг байгуулсан зэрэг нь онцлох сэдэв байлаа ~


    Засгийн газрын хуралдаанаар “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийн нэгдүгээр шатны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хэрэгжилттэй танилцаад,  ажлаа эрчимжүүлэхийг сайд нар болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд даалгалаа. 2011-2013 онд хэрэгжих Үндэсний стратегийн нэгдүгээр шатанд 36 ажил хийхээр тусгасан бөгөөд 2011 онд хэрэгжүүлэх 12 ажил дунджаар 51 хувийн биелэлттэй байгаа нь хангалтгүй гэж Ерөнхий сайд үзэн ийм үүрэг өгсөн байна.

    Засгийн газар сүүлийн гурван жил төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, тодорхой судалгааны үр дүнд татвартай холбоотой хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Ерөнхий сайд С.Батболдоос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болов.

    Ингэснээр Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг дээшлүүлэх, орлого нь тодорхой бус болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын таатай нөхцөл, хөнгөлөлт үзүүлэх асуудал хүчтэй яригдаж эхэллээ. Энэ тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ онцлов. Хэрэв тухайн аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн орлогын дүн  50 сая төгрөгөөс дотогш байвал “НЭГ” хувийн татвар төлж байхаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд тусгасан гэж сайд хэллээ.

    Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргагч аж ахуйн нэгж, иргэний татвар ногдох орлогын хэмжээ 10 сая төгрөг байвал татвар төлөгчөөр бүртгэгддэг бол үүнийг 50 сая төгрөг болгохоор тусгажээ. Мөн орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй бизнес эрхлэгчдээс авдаг татварын хувь, хэмжээг тодорхой хязгаарт өөрчлөх эрхийг орон нутагт олгохоор хуулийн төсөл боловсруулсан байна.

    Засгийн газар ийнхүү санхүүгийн шинэчлэлийг эхлүүлж байгаа бөгөөд цаашид улсын хэмжээнд санхүүгийн эрх чөлөө олгох /өршөөл/ ажлыг эхлүүлж, санхүүгийн бүртгэлийн тайлан тооцоог нэг мөр цэгцтэй, шударга явуулах нь зүйтэй гэж сайд Т.Бадамжунай хэлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД АХАЛНА

    Монгол Улсын иргэний үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор ахлуулан байгууллаа. Харин аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо бүрт тухайн шатны Засаг дарга Ажлын хэсгийг ахлах болжээ. Иргэний үнэмлэх нь УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтад зайлшгүй хэрэгтэй төдийгүй сонгуулиас өмнө үнэмлэхийг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд төрийн болон орон нутгийн байгууллагын дэмжлэг туслалцаа, оролцоо шаардлагатай учир Засаг дарга нарыг тухайн орон нутаг дахь Ажлын хэсгийн ахлагчаар томилсон байна.

    Үнэмлэх олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг Ажлын хэсгийн ахлагч нарт даалган, иргэний үнэмлэхний олголтын талаар 6 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг сайд Ц.Нямдоржид үүрэг болголоо. Иргэний үнэмлэхийг 496 нэгжээр дамжуулан шууд олгохоор төлөвлөөд байна. Үнэмлэх хэвлэх байр, тоног төхөөрөмж бэлэн болсон бөгөөд нууцлал бүхий бэлдэцийг 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 5 дугаар сарын 29-ний хооронд Финлянд Улсаас авчирна. Энэ дагуу үнэмлэхийг 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 6 дугаар сарын 11 хүртэл хугацаанд тасралтгүй хэвлэж, иргэдэд тараах юм. Иргэний үнэмлэх нэг удаа олгоход шаардагдах хураамжийг иргэдээс авахгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    “НҮҮРСНИЙ АЮУЛГҮЙН НӨӨЦ” БҮРДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ТӨСВИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

    Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах, өр авлагыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт зориулж 7 тэрбум 305 сая 800 мянган төгрөгийн төсвийн зээл олгохыг Сангийн сайд Д.Хаянхярваад Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. Олгосон зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, энэ онд багтаан бүрэн буцаан төвлөрүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгажээ.

    “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг өвлийн оргил ачааллын үед 20 хоногийн нөөцтэй байлгахаар тооцсон байна. Зээл нь станц, уурхайнууд хооронд өр авлага үүсгэхгүй байх, хуримтлагдсан өр авлагыг бууруулах, эдийн засаг, санхүүгийн чадавхийг нь дээшлүүлэхэд дэмжлэг болох учиртай юм. Түүнчлэн уурхайнууд энэ оны 2 дугаар улиралд хийхээр төлөвлөсөн уулын тоног төхөөрөмж, технологийн автомашин, механизмуудын засвараа хугацаанд нь гүйцэтгэх боломж бүрдэж, нүүрсний нөөц бэлдэх тээврийн хэрэгслүүдийн найдвартай байдал ч бий болно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР 82 ХУВЬТАЙ БАЙНА

    Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2011 оны байдлаар 82 хувьтай. Зарим зорилтын энэ онд хүлээгдэж байгаа үр дүнг тооцож үзэхэд эхний хагас жилийн байдлаар 87 орчим хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцууллаа. Засгийн газар 2010 онд санхүү, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, үр дүнд нь бий болсон олон эерэг үзүүлэлтийг тогтворжуулан, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх эдийн засаг, хөрөнгө, санхүүгийн үндэс сууриа бэхжүүлж чаджээ.

    Тэгвэл өнгөрсөн онд нэн тэргүүнд макро эдийн засгийн өсөлтийг хангах, дэд бүтэц, бүтээн байгуулалт, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих замаар эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлжээ. Энэ ололт амжилтдаа тулгуурлан ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах, иргэдийн бодит орлогыг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхэд, залуус, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын заримынх нь үр дүн гарч байгааг сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдлаа.

    Түүнчлэн 2011 он  тодорхой хугацааны дараа үр дүн нь мэдэгдэх олон ажлыг эхлүүлж, хэрэгжих эх суурийг нь тавьсан жил болсон байна. Цаашид Дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэр, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, аймгуудын онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн жижиг, дунд үйлдвэр, Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, газрын тос боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж, шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангаж эхлэх, нөөц нь тогтоогдсон стратегийн зарим ордыг эргэлтэд оруулах зэрэг зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг сайтар нягтлан, сайд нараас гаргасан саналыг тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Шүүхийн тухай, Онц байдлын тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
    • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан төмөр замын талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг сайд Ц.Дашдоржид даалгалаа. 
    • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3 дахь заалтад “химийн хорт” гэсний өмнө “тэсэрч дэлбэрэхээс бусад” гэж, 15 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 4 дэх заалтад “тэсэлгээний хэрэгсэл” гэсний дараа “импортлох, экспортлох, худалдах” гэж нэмэхээр төсөлд тусгажээ. 
    • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг томиллоо. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, боловсрол, хил орчим, бүс нутгийн харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй энэ комиссын хуралдааныг жил бүр хоёр улс ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд 16 дугаар хуралдаан энэ жил Улаанбаатар хотноо болох юм.
    • Шинжээч эмч, криминалистик, шүүх эмнэлэг болон шинжилгээний лабораторийн шинжээч, бага эмч, эхо-рентген эмч, лаборант, туслах ажилтан нарын онцгой нөхцлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар бодож олгоно. Мөн эдийн засгийн шинжээч, галт зэвсэг, гар, мөрний сангийн ажилтан, санч, оператор, өнгөт гэрэл зураг, дүрс бичлэгийн лабораторийн эрхлэгч, шуурхай албаны жолооч, жижүүр нарт 15 хувь, захиргаа, санхүү, аж ахуйн ажилтан болон бусад албан хаагчдад 10 хувь байхаар тооцон олгох болов. Шүүх шинжилгээний ажилтнууд нь өдөрт зөвхөн цогцосноос ялгарах 22 төрлийн хорт бодисоор амьсгалж, эд эс, хими, биологи, физик, криминалистикийн лабораторид олон төрлийн хорт бодис, урвалжтай цаг тутам харьцдаг нь эрүүл мэндэд нь хортойгоор нөлөөлдөг байна.
    • Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Б.Буянжавт Бригадын генерал цол хүртээлгэхийг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.
  • ЕРӨНХИЙ САЙД КАЗАХ ТҮМЭНД НАУРЫЗЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЛЭЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Наурызын баярыг тохиолдуулан Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей тэргүүтэй иргэдийг 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Өдөр, шөнө тэнцдэг 03 дугаар сарын 22-ны өдөр Наурызын баяраа тэмдэглэх гэж байгаа казах түмэнд Ерөнхий сайд нутгийн зөвлөлийн гишүүдээр нь дамжуулан Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

     

    “Манай улсын эдийн засгийн өсөлт 17,3 хувьтай гарсан. Энэ өсөлт цаашид ч хадгалагдаж, тогтвортой байх төлөв ажиглагдаж байна. Үүний үр шимийг нийт иргэд, бүс нутаг, алслагдсан нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэддээ хүртээхийг Засгийн газар зорьж байгаа. Энэ чиглэлээр цаашид улам эрчимтэй ажиллана” гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлэв. Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар казах түмний төлөөллийг төрийн хэмжээнд хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаад нутгийн зөвлөлийн дарга А.Бакей талархал илэрхийллээ.

    Төр, засаг алслагдсан бүс нутаг, ялангуяа Баян-Өлгий аймгийг дэмжин хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлж байгаагийн дүнд иргэдийн ахуй амьдрал өөдлөн дэвжиж байгааг тэрээр хэлэв. Бүрэн бус тоогоор Улаанбаатар хотод 10 гаруй мянган казах иргэн ажиллаж, амьдардаг юм байна. Иймээс цаашид казах, урианхай, тува иргэдийн соёл, оюуны хэрэгцээг хангах зорилгоор нийслэлд Соёлын төв байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг нутгийн зөвлөлийнхөн Ерөнхий сайдаас хүслээ.

    Монгол Улсын Ерөнхий  сайд С.Батболд 21 аймагт, тэр дундаа Баян-Өлгий аймагт томилолтоор ажилласан. Тухайн үед Баян-Өлгийчүүд алслагдсан бүсийн нэмэгдэл, урамшуулал олгох, казах хэл дээрээ радио, телевизийн мэдээлэл авах сувагтай болох, Монгол-Хятадын хилийн Даян, Улаан уулын боомтоос Монгол-Оросын хилийн Цагааннуур, Улаанбайшинтын боомт хүртэл хатуу хучилттай зам тавих, номын сан, Хүүхэд, залуучуудын парк, 920 хүүхдийн суудалтай сургууль,  орчин үеийн оношлогоо, эмчилгээний төвтэй болох зэрэг хүсэлтийг гүйцэтгэх засаглалын тэргүүнд тухайн үед тавьж байсан юм.

    Эдгээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, төлөвлөгөөний дагуу үндсэнд нь бүрэн хэрэгжүүлж дуусч байна. Наурыз буюу Хаврын баяр нь урин цагийн эхлэл. Энэ өдрийн маргаашаас өдөр уртасч, малчны хотонд төлийн дуу цангинан, өвс ногоо ургаж эхэлдэг хэмээн казах түмэн бэлэгшээдэг байна. НҮБ-ын Ерөнхий ассамблей өнгөрсөн онд Наурызын баярыг “Хүн төрөлхтөний халдашгүй соёлын өв”-ийн жагсаалтад бүртгэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

  • 1990-ээд оноос хойш Монгол төрийн гадна үлдсэн хүүхдийн эрүүл мэндийн асуудал Ерөнхий сайдын анхааралд ирлээ

    Мал сүрэг, эд хөрөнгө, машин техник, хашаа байшиндаа анхаарал тавьж, тоолж, бүртгэлжүүлдэг манай улсад өнөөдрөөс нэгэн өөр өнгө бүхий, чухал арга хэмжээ бодитоор эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол ардын намын дарга  С.Батболдын санаачилсан 18 хүртлэх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт  хамруулах, эрүүл чийрэг өсгөлүүн бие бялдартай болгоход чиглэгдсэн ажил өнөөдөр улс орон даяар “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” уриатайгаар эхэлж байна. Аав, ээжийн нандин эрдэнэ, улс орны ирээдүй болсон бяцхан үрсийнхээ эрүүл мэндэд анхаарах чухал ажлаа Монголын төр 1990-ээд оноос хойш таг мартсан гэж хэлж болно. Эмч нар ч үүнийг өнөөдөр хүлээн зөвшөөрөн ярьж, “Эрүүл хүүхэд” аяныг хоёр гараа өргөн талархан хүлээн авч байна.


    ”Эрүүл монгол хүн” хэмээсэн хөтөлбөр хэдэн жилийн өмнө хэрэгжсэн ч үүнд хүүхдүүд хамрагдаагүй. Тиймээс Ерөнхий сайд С.Батболд ирээдүй хойчийнхоо төлөө цагаа олсон буянтай ажлыг эхлүүлж байгаад талархаж байгаагаа Ардын эмч, Хүний гавьяат эмч, хүүхдийн зөвлөх эмч Д.Малчинхүү илэрхийлээд Монголын мянга мянган хүүхдийн эрүүл мэндийн төлөөх энэхүү ажилд хичээнгүйлэн зүтгэж, хөтөлбөрийн гадна нэг ч хүүхэд үлдээлгүй хамруулахын төлөө ажиллах болно гэдгээ хэлж байлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд санаачилсан ажил нь бодит амьдрал дээр хэрхэн бууж, ажил хэрэг болж байгаатай танилцахаар хүмүүсийн нэрлэж заншсанаар Эх, нялхсын эрдэм шинжилгээний төв буюу Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон “Вербист” асрамжийн төвөөр очлоо. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Ерөнхий сайдыг очиход Нийслэлийн 28 дугаар сургуулийн хүүхдүүд үзлэг оношилгоонд хамрагдаж байлаа.

    Ерөнхий сайд эхлээд нүдний эмчийн өрөөгөөр орлоо. Өглөөнөөс хойш 60-аад хүүхэд үзлэгт хамрагдсанаас 10 гаруй нь  харааны доголдолтой, нүдний шил зүүх шаардлагатай. Гэсэн ч эдгээр хүүхэд ийм үзлэгт орж хараагаа нягтлуулж байгаагүйгээс бүгд шил зүүдэггүй, хараа муутай гэдгээ ч мэдэхгүй байна гэж эмч хэллээ.

    Мөн ерөнхий үзлэг хийж байгаа эмч хүүхдүүдийн өсөлт бойжилт хэвийн байгаа ч хөдөлгөөний дутагдалтай байгаа талаар Ерөнхий сайдад хэллээ. Эдгээр нь хүүхдүүд маань зурагт их үздэг, компьютерийн ард удаан хугацаагаар суудаг, спортоор хичээллэхгүй байгаатай холбоотой. Тиймээс ерөнхий боловсролын сургууль бүрийг спорт заалтай болгох ажлыг яаравчлах үүргийг БСШУ-ы сайд Ё.Отгонбаярт өглөө. Ерөнхий сайдыг очиход “Вербист” асрамжийн газрын 50 хүүхэд үзлэг оношилгоондоо ид хамрагдаж байлаа.

    Эдгээр хүүхдийн дунд түрүүчийн адил хоолойн өвчлөл элбэг байсан ч харааны доголдолтой нэг ч хүүхэд байсангүй. Мөн аав ээжийнхээ асрамжид байдаг хүүхдүүдтэй харьцуулахад биеийн өсөлт, хөгжлөөр арай илүү байна гэсэн дүгнэлтийг эмч нар хийжээ. Энэ нь хүүхдүүд тогтсон цагт чанартай, тэжээллэг хооллодогоос гадна биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийдэг, зурагт, компьютер шагайж удаан хугацаагаар суудаггүйтэй нь холбоотой гэж эмч нар тайлбарлаж байлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд эмч, багш нартай уулзаж, ярилцахдаа “Үнэт эрдэнэ болсон хүүхдүүддээ анхаарал тавих нь төр засгийн үүрэг. Хүүхдүүдийн эрүүл мэндэд гагцхүү ээж, аавууд анхаарал тавих бус төр засаг оролцож, манлайлал үзүүлье гэсэн юм. “Эрүүл хүүхэд” аяны үр дүнд мэдээллийн нэгдсэн сан бий болно. Хүүхдүүдийн маань биеийн хөгжил, эрүүл мэнд нь ямар байна гэхчлэн гол мэдээллийг бий болох үзлэг оношилгоог хийж байна. Үүний дүнд бид юунд анхаарах, ямар эмчилгээ, сургалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ явуулах вэ гэдгээ цогцоор нь тодорхойлно. Хүн ам, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндийн талаар явуулах бодлого харагдах учиртайг хэлж байлаа.

    Энэ үеэр нэгэн сэтгүүлч Ерөнхий сайдаас “Та таван хүүхэдтэй, өнөр бүлийн эзэн. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хэрхэн анхаардаг вэ” гэж сонирхоход Ерөнхий сайд С.Батболд “Ажилдаа дарагдаад хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд цаг зав гаргаж чаддаггүй аав ээжүүд олон. Хариуцлагатай сайн аав, ээжүүд ч бий гэж хэлээд “Эрүүл хүүхэд” аянд багш, сурган хүмүүжүүлэгчид,  эцэг эхчүүдийг идэвхтэй оролцохыг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

  • “ЭРҮҮЛ ХҮҮХЭД” АЯНД 18 ХҮРТЭЛХ НАСНЫ БҮХ ХҮҮХЭД ХАМРАГДАНА

     

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Эрүүл хүүхэд” аян 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр орон даяар эхэллээ. Нийслэл хотод энэ арга хэмжээний нээлт Соёлын төв өргөөнд болж гүйцэтгэх засаглалын тэргүүнээс гадна Эрүүл мэндийн яам, сургууль, эцэг, эхчүүд, хүүхдийн төлөөлөл оролцсон байна. 18 хүртэлх насны бүх хүүхдийг дотор, амны хөндий, чих, хамар хоолой, нүдний ерөнхий үзлэгт хамруулж, бие бялдрын хөгжлийг үнэлж, эрүүл болгох, хүүхдийн эрүүл мэндийн тухай мэдээллийн сан бий болгон, эрүүл мэндийн байгууллагуудын бүртгэлийг сайжруулах нь “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяны гол зорилго юм.

    Манай улсын нийт хүн амын 36 хувийг 18 хүртэлх насны хүүхэд буюу хүн амын гуравны нэгээс илүү хувийг 18 хүртэлх насныхан эзэлдэг. Энэ нь манай орны ирээдүй өөдрөг, гэгээлэг, хөгжлийн асар их нөөц, боломж байгааг харуулсан хэрэг гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна. Гэхдээ улс орны ирээдүй болсон хүүхэд, багачууд эрүүл байх нь амжилтад хүрэх үндэс хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүн үзэж “Эрүүл хүүхэд” аяныг санаачилж, Удирдах хороог нь өөрөө ахлан ажиллаж байгаа юм.

    Аяны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ хүүхдийн өвчлөлийг арилгах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна эрүүл орчинд сурч боловсрох, амьдрахад төр, засгаас эхлээд эцэг, эхчүүд бүгд хамтран зүтгэх ёстойг тэмдэглэв. Мөн эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг, сургууль, хамт олон болоход идэвхтэй оролцож, хүүхдийн төлөө хүн бүр За гэж хэлэхийг Засгийн газрын тэргүүний хувьд уриаллаа. Өмнө нь манай улс “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үүнд хүүхэд, залуус хамрагдаагүй юм. Статистикийн тоо баримтаас харвал 10 мянган хүүхдэд ногдох өвчлөл нялхсын хувьд 48,5, 1-4 хүртэлх насанд 72,3, 5-15 насанд 126,7, 16-19 насанд 66,8 хувьтай байна.

    Хүүхдүүд ихэвчлэн амьсгал, хоол боловсруулах болон шээс, бэлгийн тогтолцооны өвчин тусдаг бол өнгөрсөн жил эрүүл мэндээр цэргийн албанд тэнцээгүй залуусын дунд дотор, нүдний эмгэг, чих, хамар хоолой, жин, өндрийн алдагдал, мэдрэлийн өвчин зонхилжээ. Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын хэлснээс үзвэл манай улсын насанд хүрсэн, архаг өвчтэй хүмүүсийн 60 хувь нь хүүхэд насандаа өвчилж, энэ нь олон жилийн дараа бусад өвчний суурь болж архагшдаг байна. Иймээс аяны хүрээнд 18 хүртэлх насны бүх хүүхдийг ерөнхий үзлэгт хамруулж, өвчтэй бол эмчлэх нь ирээдүйдээ хийж байгаа том хөрөнгө оруулалт гэж салбарын сайд хэллээ.

    47 жил хүүхдийн эрүүл мэндийн төлөө зүтгэсэн Монгол Улсын Ардын эмч, Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Д.Малчинхүү “Эрүүл хүүхэд” аяны нээлтийн арга хэмжээний хүндэт зочин байлаа. Тэрээр энэ аяныг маш их талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд 18 хүртэлх насны бүх хүүхдийг үзлэгт хамруулж, өвчтэйг нь эмчлэх гэж байгаа нь ирээдүйн насанд хүрэгсдийн эрүүл мэндэд анхаарч байна гэсэн үг гэлээ. Мөн эцэг, эхчүүд хүүхдүүдээ, багш, сурган хүмүүжүүлэгчид сурагчдаа үзлэгт хамруулахаас гадна өөрийнхөө хэдэн мянган шавь болох эмч, эмнэлгийн ажилтнуудыг энэ аянд идэвхтэй оролцож, хариуцлагатай хандахыг захиж байлаа.

    Хүүхдийн хичээл, сурлагын амжилт эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалан харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл эрүүл хүүхэд илүү сайн суралцдаг гэж 17 жил бага ангийн багшаар ажиллаж байгаа, нийслэлийн 13 дугаар сургуулийн багш Ж.Одгэрэл үззж байна. Тус сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн дунд чих, хамар хоолой, дотор, амны хөндийн өвчлөл багагүй. Өрхийн эмнэлэгт хандая гэхэд нарийн мэргэжлийн эмч байдаггүй, хувийн эмнэлэг төлбөр өндөр гээд хүндрэл цөөнгүй гардаг. Энэ бүх асуудлыг аяны хүрээнд шийдэх гэж байгаад тэрээр талархаад “Эрүүл хүүхэд” аянд идэвхтэй оролцож сурагчдаа хамруулахыг багш, сурган хүмүүжүүлэгч нартаа уриаллаа.

    970 гаруй мянган хүүхдийн эрүүл мэндэд Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарч аян зохион байгуулж байгаад Биеийн тамирын сургалттай сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Дэмбэрэлдагва талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр эрүүл байхын тулд зөв зохистой хооллож, хичээл, амралтаа зохицуулан, биеийн тамир, спортоор хичээллэж байхыг үе тэнгийнхэн болон дүү нартаа уриаллаа. “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд зарцуулагдах 18 тэрбум төгрөгийг Засгийн газар шийдвэрлэж, үзлэгт хамрагдах хүүхдийнх нь тоогоор аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлээд байна. 

    Аяныг бодит үр дүнд хүргэж, 18 хүртэлх насны хүүхдүүдээ эрүүл бие бялдартай болгоход Засгийн газар, эрүүл мэнд, боловсрол гээд бүх шатны төрийн байгууллагын хүчин зүтгэлээс гадна төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, ялангуяа эцэг, эхчүүдийн оролцоо хамгаас чухал юм. “Эрүүл хүүхэд” аяны эхний шатыг 5 дугаар сарын 30 хүртэл, хоёрдугаар шатыг 6 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 30 хүртэл явуулна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т 1600 гаруй цэргийн албан хаагч хамрагдана

    Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлэн байгаа цэрэг эрс өнөөдөр Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 91 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд түүхт энэ өдөр ололт амжилтаа дүгнэн, цаашдын зорилтоо тодорхойлж байгаа Зэвсэгт хүчин, цэрэг эрсийнхээ баярын арга хэмжээнд оролцож, эх орноо хамгаалах ариун үйл хэрэгт залуу нас, эрч хүч, эрдэм боловсролоо харамгүй зориулсан ахмадуудад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэлээ.


    Ерөнхий сайд энэ үеэр Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн албан хаагчид, ахмад дайчдын нийгэм, эрх зүйн баталгааг бүрдүүлэхэд чиглэсэн идэвх санаачилга, үйл ажиллагааг тууштай дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн улс орны батлан хамгаалах салбарт бүхий л амьдралаа зориулж, хүнд хэцүү цагийн дайн байлдаан, энхийн бүтээн байгуулалтад манлайлан зүтгэж ирсэн ахмад дайчид болон өнөөгийн офицер, ахлагч нарынхаа нийгмийн хамгааллын асуудлыг онцгой анхаарч байгаагаа хэллээ.

    Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас “40000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж батлан хамгаалах салбарын олон арван албан хаагч энэ хөтөлбөрт хамрагдаад байна. Үүгээр зогсохгүй “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд 1662 цэргийн албан хаагчийн орон сууц, “Ахлагч” амины орон сууцны хотхоныг хот, хөдөө орон нутагт барих зорилт тавьж, улс орны бусад бүтээн босголтын ажилд барилгын цэргийн ангиуд, батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнийг оролцуулж эхлээд байгаа тухай Засгийн газрын тэргүүн энэ үеэр дуулгасан нь цэрэг эрсдээ барьсан түүний бэлэг байлаа.