Ангилал: мэдээ

  • Бага орлоготой өрхийн амьжиргааг дундаж хэмжээнд хүргэхийн төлөө Засгийн газар ажиллана

    Чинээлэг нь өндөр татвар төлдөг, бага дунд орлоготой нь татуу татвар төлдөг тогтолцоог бүрдүүлэх, амьжиргаагаа сайжруулж, бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлж байгаа өрхүүдийг татварын бодлогоор дэмжинэ. Татварын ийм тогтолцоо нь шударга ёсыг үгээр бус үйлдлээр тогтооно гэдэгт итгэж байна. Иргэдийг, жижиг дунд үйлдвэрлэгчдийг барьцаа хөрөнгөгүйн зовлонгоос гаргах, хүүгийн татвараас нимгэлэх зээлийн шинэ бодлого гаргана. Ингэж иргэдэд санхүүгийн эрх чөлөөг бодитой олгох эрх зүйн орчин, хөтөлбөр төслүүдийг  хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Төрийн ордонд болсон Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг нээж хэлсэн үгэндээ тодотголоо.

    Мөн тэрбээр “Монгол төрийн бодлогын цөм нь монгол хүн, монгол айл өрх юм. Тиймээс ч бага орлоготой иргэдийнхээ амьжиргааг дундаж хэмжээнд хүргэх, идэвх санаачилгатай ажиллаж байгаа өрхийг урамшуулах бодлого баримтлана. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх бодлогыг  хэрэгжүүлнэ. Үүнийг бид сонгууль хүлээлгүй хэрэгжүүлж ажил хэрэг болгох ёстой гэдгийг тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байр бий болгон иргэдээ байнгын ажилтай, орлоготой байлгахад түлхүү анхаарсан. Зорилтод жилийн ажлын дүнд 72 мянган иргэн байнгын ажлын байртай болсон.

    Ер нь иргэдээ ажилтай орлоготой болгох, улмаар өрхийн хөгжлийг дэмжих ажил С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын хамгийн чухал зорилт билээ. Тиймээс ч  2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгохоо Засгийн газрын тэргүүн шинэ оны ажлын анхны өдөр Хэнтий аймагт ажиллах үеэрээ амласан. Засгийн газрын нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар энэхүү амлалт бодит ажил болж энэ оныг Өрхийн хөгжлийг дэмжих жилээр зарласан юм.  Мөн Засгийн газрын шинэ оны анхны тогтоолоор “Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэйгээр байгуулан ажиллаж эхлээд байгаа юм.

    Энэхүү Үндэсний хороог Засгийн газрын тэргүүн С.Батболд ахалж байгаа бөгөөд өнөөдөр болсон энэхүү арга хэмжээнд Засгийн газрын гишүүд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо болон аймаг, нийслэлийн удирдлагууд оролцлоо. Засгийн газар энэ онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2 удаа, нийт 50 гаруй хувиар  нэмнэ. Нийт иргэддээ 1.0 сая төгрөгийг хувьцаа эсвэл бэлэн мөнгө гэсэн сонголт бүхий хэлбэрээр олгохоор ажиллаж байна. “Шинэ бүтээн байгуулалт” төслийн хүрээнд “100 мянган орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, орлого багатай өрхийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, бага орлоготой өрхийн эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнийн хөнгөлөлт үзүүлэх, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг  зохицуулахад эдийн засгийн хөшүүргийг зохистой хэрэглэх зэрэг олон асуудлыг энэ жилийн хүрээнд шийдвэрлэнэ гэдгээ ч Засгийн газрын тэргүүн онцолж байлаа.

    Өрхийн хөгжлийг дэмжих жилийн нээлтийн ажиллагаанд оролцсон аймаг, нийслэлийн удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг даалгавар өгсөн юм. Монгол Улсын Засгийн газар 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил  болгон зарлаж 70 гаруй мянган байнгын ажлын байр шинээр бий болгосон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн энэхүү бодлого, үйл ажиллагааг энэ онд ч мөн үргэлжлэн хэрэгжүүлнэ. Өнгөрсөн жил орон нутгийн удирдлагуудын ажлыг дүгнэх гол үзүүлэлт нь хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжив, хэчнээн хүн ажлын байртай болов гэдгээр хэмжигдэж байсан бол энэ жил мөн адил хэчнээн  өрх, иргэдийн амьжиргааг дэмжив, үүний үр дүнгээр үнэлнэ гэдгийг анхаарууллаа. Мөн халамжийн шинэчлэлтэй уялдуулан шинээр хийх ажил олон байгааг хэлээд энэ ажилд орон нутгийн удирдлагууд онцгой анхаарч ажиллах нь чухал гэдгийг Ерөнхий сайд анхаарууллаа.

    Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг бодитой, үр дүнтэй ажил болгоход иргэдийн идэвх оролцоо чухал гэдгийг ч Ерөнхий сайд тэмдэглэж байлаа. Өөрөөр хэлбэл, ажилгүй байгаа хүн бүр ажил хийх, залхуурлаас ангижрах, орлоготой болох хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал байна. Өрх бүр өрхийн төсөв болон хөгжлийн төлөвлөгөө боловсруулж хэвших нь зүйтэй байна. Энэ нь тухайн өрхийн хэрэгцээ, чадавхид тулгуурлан өрхийн хөгжлийг дэмжих бодлогын үндэс байх болно гэдгийг Засгийн газрын тэргүүн зөвлөж байлаа.

    Монгол Улсын 742,3 мянган өрх, түүний дотор нийгмийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгаа өрхүүдийн амьдрал ахуйд бодитой өөрчлөлт, ахиц гаргахад та бидний хүчин чармайлт, хамтын үйл ажиллагаа чиглэгдэх учиртай. Ингэж чадвал зорилтод жилийн ажил үр дүнд хүрнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд, Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хорооны дарга С.Батболд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • ДЭД САЙД НАРЫГ ТОМИЛЛОО

    Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг томиллоо. Гадаад харилцааны дэд сайдаар Г.Тэнгэр, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар П.Баянмөнх, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар Н.Номтойбаяр, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Б.Цэнгэл, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар Ц.Гарамжав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар Б.Ундармаа нарыг томиллоо. Дэд сайдуудыг томилохдоо Засгийн газрын өмнө тавигдаж байгаа зорилтыг хэрэгжүүлэх, тухайн ажлыг хариуцах чадвар, ажлын туршлага зэргийг нь харгалзан үзсэн байна.

    Дэд сайд нарыг томилсоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Төрийн ажлыг цаг алдалгүй шуурхай явуулах үүднээс дэд сайд нарыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ийнхүү томиллоо. Дэд сайдууд хамгийн дайчин, хамгийн шуурхай ажиллах ёстой хүмүүс. Өдөр тутмын ажлаа сайн хийхээс гадна бодитой, үр дүнтэй хоёроос доошгүй ажил санаачлан хийхийг үүрэг болгож байна” гэв.  
        
    Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр

    1974 онд төрсөн. 1987-1991 онд Улаанбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991-1993 онд Техникийн их сургуулийн Компьютер, техник менежментийн сургууль, 1993-1994 онд Токио хотын Гадаад хэлний сургууль, 1994-1998 онд Япон Улсын Ёкохамагийн Үндэсний дээд сургууль төгссөн. Удирдлагын ухааны бакалавр. 1998-2000 онд Японы “БСП” компанид мэргэжилтэн, 2000-2001 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2001-2005 онд Японы “Коника Минолта” компанид мэргэжилтэн, 2005-2009 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны Гадаад харилцааны албаны дарга, 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 2 жил ажиллажээ.

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд П.Баянмөнх

    1970 онд төрсөн. 1993 онд ХААИС-ийг Мал зүйч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хөдөө аж ахуйн ухааны доктор. 1993-1995 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2010 онд ХХААХҮЯ-нд сайдын туслах, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 14 жил ажиллажээ.
       
    Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр

    1978 онд төрсөн. 1997-2000 онд АНУ-ын Ваппарайсо их сургуулийг Улс төр судлал, практик бизнес гэсэн хос мэргэжлээр, 2009-2011 онд ХБНГУ-ын Техник, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага, инженерингийн магистр цолтой төгссөн. 2001-2009 онд Тагнуулын ерөнхий газар, 2010 оноос “МАК” компанийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.  Төрийн албанд 7 жил ажиллажээ.

    Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Цэнгэл

    1968 онд төрсөн. 1985-1990 онд ЗХУ-ын Иваново хотын Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2000-2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистр цолтой төгссөн. 1990-1992 онд Дархан хотын шүүхэд нарийн бичгийн дарга, 1992-1999 онд НИТХ, НЗДТГ-ын зохион байгуулагч, хуулийн зөвлөх, 2000-2000 оны 6 дугаар сар хүртэл Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер, 2000-2008 онд Гаалийн байгууллагад албаны дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, 2008-2012 онд ЗТАЖЯ, ЗТБХБЯ-нд Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 21 жил ажиллажээ.

    Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав
        
    1959 онд төрсөн. 1975 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1976-1981 онд МУИС, 1984 онд ЗХУ-ын Москва хотын их сургууль, 1993 онд Итали Улсын Ром хотын их сургуулийг инженер-геологич, ашигт малтмалын гэрээ эрх зүйч мэргэжлээр төгссөн.  Геологийн ухааны магистр. 1981-1992 онд Улсын барилгын зургийн институт, Геологийн товчоонд лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, 1992-2012 онд “Монполимет” группын ерөнхий захирлаар ажиллаж байсан. Төрийн албанд 10 жил ажиллажээ.  

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ундармаа

    1964 онд төрсөн. 1972-1982 онд Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль, 1982-1983 онд ЗХУ-ын Эрхүү хотноо хэлний бэлтгэл, 1983-1988 онд Москва хотын Удирдлагын дээд сургууль төгссөн. Инженер-эдийн засагч, удирдлага зохион байгуулалтын мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор. 1989-1990 онд Удирдлагын хөгжлийн институт, 1990-1994 онд БСШУЯ-ны дэргэдэх Олон улсын лабораторид эрдэм шинжилгээний ажилтан, 1994-2009 онд “Бишрэлт” группийн захирал, 2010-2011 онд “Гэр бүл хөгжил төв”-ийн тэргүүнээр ажиллаж байсан. Төрийн албанд 6 жил ажиллажээ.

  • ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ЗАРИМ ТЭТГЭМЖИЙГ 2 ДУГААР САРД НЭМЭХ ТУХАЙ ТӨСЛӨӨ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    ~ Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр болов. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сайд нарт хандаж хэлэхдээ “Энэ Засгийн газрыг богино хугацаанд их юм хийгээсэй гэж хүн бүхэн харж, хүлээж байна. Бид хамтдаа бодитой, үр дүнтэй, шуурхай ажилллах ёстой” гэлээ.

    Өнөөдрийн хуралдаанаар цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг нэмэгдүүлэх хугацааг наашлуулан 2 дугаар сард багтаах төслөө УИХ-д өргөн барихаар болж, газрын тос, хүнсний зарим бүтээгдэхүүн, ялангуяа махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах чиглэлээр хийж байгаа ажилтай танилцлаа. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос гаргасан саналыг судалж хэрэгжүүлэх арга хэмжээ авах болсон байна. Мөн хуралдаанаар Улсын сайн малчин, улсын тэргүүний фермер, тэргүүний малчдын бүлэг, тэргүүний тариаланч хамт олон, тэргүүний тариаланч нарыг шалгарууллаа. ~

    ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ЗАРИМ ТЭТГЭМЖИЙГ 2 ДУГААР САРД НЭМЭХ ТУХАЙ ТӨСЛӨӨ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    Засгийн газрын хуралдаанаар төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг нэмэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан гишүүдээс гаргасан саналыг тусган төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Тогтоолын төсөлд тусгаснаар төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг энэ оны 2 дугаар сарын 1-ний болон 5 дугаар сарын 1-ний өдрөөр тооцож үе шаттай нэмэх юм.

    Мөн үүнд шаардагдах 172 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2012 оны Төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүртэлх хугацаанд батлагдсан төсвийн хэмжээнд зохицуулан шийдвэрлэхээр тусгажээ. Түүнчлэн 2012 оны төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж хаврын чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Төрийн байгууллагын албан хаагчдын цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг нэмэх хугацааг наашлуулснаар өргөн хэрэглээний барааны өсөлт, төгрөгийн бодит ханшийн уналт зэргээс иргэдийг хамгаалахын зэрэгцээ бодит орлого нь нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байна.     

    ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ҮНИЙГ ТОГВОРТОЙ БАРИХЫГ ЗОРЬЖ БАЙНА

    Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах чиглэлээр хийж байгаа ажлынхаа талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан автобензин, дизель түлшний дотоодын жижиглэнгийн үнийг тогтворжуулах зорилгоор НӨАТ-ыг бууруулах арга хэмжээг 2 дугаар сарын хилийн үнэ тодорхой болсоны дараа гаалийн болон онцгой албан татвартай уялдуулан судалж, санал боловсруулан Засгийн газарт оруулахыг салбарын сайдад даалгав.

    Мөн энэ оны улсын төсөвт газрын тосны нөөц бүрдүүлэхээр тусгагдсан 16.3 тэрбум төгрөгөөр нөөцийн шатахууныг шууд гэрээ байгуулан худалдан авах асуудлыг зохих хууль тогтоомжийн хүрээнд судалсны үндсэн дээр шийдвэрлэхээр боллоо. Түүнчлэн автобензин, дизель түлшний доод тал нь 30 хоногийн улсын нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгө, нөөцийн агуулах барихад эхний ээлжинд шаардлагатай 22 тэрбум төгрөгийн асуудлыг Засгийн газар, Улсын Их Хуралд зохих журмын дагуу тавьж шийдвэрлүүлэхийг холбогдох сайд нарт даалгав хэмээн Засгийн газрын Хэвэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    МАХНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРЧ БАЙНА

    Хүнсний зарим нэрийн бүтээгдэхүүн, түүний дотор махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай танилцууллаа. Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан нөөцийн махыг 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргасан. Үхрийн махыг 3700 төгрөг, хонины махыг 3200 төгрөг, ямааны махыг 2600 төгрөгөөр  худалдаж байна. Улаанбаатар хотод 202 цэгээр дамжуулан нийт 1,002 тн мах худалдсан бөгөөд энэ нь өдөрт дунджаар 45 тонн нөөцийн мах худалдаанд гаргасан гэсэн үг юм.

    Махны өргөтгөсөн худалдааг Улаанбаатар хотод 1 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд нийт 19 худалдааны төвд зохион байгуулав. Уг өргөтгөсөн худалдаанд 14 махны үйлдвэр оролцож, 373.4 тн мах худалдан  борлуулжээ. Сайдын хийсэн мэдээллээс харахад 1-р сарын 26-30-ны хоорондох 4 хоногт нийт 380,4 тн мах буюу хоногт дунджаар 95,1 тн мах орж ирсэн  нь хөдөө орон нутгаас нийлүүлэгдэж буй махны хэмжээ нэмэгдэх хандлагатай байна гэсэн үг юм.

    Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу салбарын яам, холбогдох бусад хяналтын байгууллага хамтран махны хууль бус экспортыг таслан зогсоох, хяналт, шалгалтыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Засгийн газар нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж, махны нөөцийг 10 мянган тонноор нэмж бүрдүүлэхээр төлөвлөлөө. Цаашид махны хангамж, худалдаанд гаргах хэмжээг нэмэхэд онцгой анхаарч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох газруудад үүрэг болголоо.

    ГУРВАН ТАЛТ ҮНДЭСНИЙ ХОРООНООС ГАРГАСАН САНАЛЫГ СУДАЛЖ ХЭРЭГЖҮҮЛНЭ

    Төгрөг, валютын ханшийг тогтворжуулах, автобензин, дизель түлш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, зарим төрлийн ажил үйлчилгээний үнийн өөрчлөлтийг судалж, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос гаргасан саналыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди танилцуулав. Үүнтэй холбогдуулан Үндэсний хорооноос гаргасан саналыг судалж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт үүрэг болголоо.

    Үндэсний хорооноос Улсын Их Хуралд:

    • Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй Монгол банкны ажилд дүгнэлт өгч, холбогдох арга хэмжээ авах
    • Гадаад худалдааны голлох валютын ханшны долоо хоногийн хэлбэлзэл хоёр хувиас дээш гарах тохиолдолд Монгол банк нь Засгийн газар, /Ерөнхий сайд/-тай зөвшилцөж, авах арга хэмжээг шийдвэрлэдэг байх, Монгол банкны Ерөнхийлөгчийн дэргэд Мөнгөний бодлогын зөвлөл байгуулж төр, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, хэрэглэгчийн байгууллагын төлөөллийг оруулах
    • Ам.доллартай харьцах төгрөгийн ханшийг огцом өсөлтийн өмнөх түвшинд хүргэх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх үүргийг Монгол банкинд өгөх
    • Төсвийн байгууллагад ажиллагсдын цалинг 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх
    • Улсын Их Хуралд өргөн бариад байгаа Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Худалдааны тухай хуулийг хугацаа алдалгүй батлах санал хүргүүлжээ.
    • Харин Засгийн газарт :
    • Автобензин, дизель түлшний дотоодын жижиглэнгийн үнийг өсөлтийн өмнөх түвшинд хүртэл бууруулах талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны шаардлагыг хэрэгжүүлэх арга хэмжээг 2 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн шийдвэрлэх
    • Шатахууны хангамжид доголдол үүсэхээс сэргийлэх зорилгоор улсын нөөцийн шатахуун бүрдүүлэх хөрөнгийг шийдвэрлэж, улирлын хэрэглээний нөөц бүрдүүлэх ажлыг түргэвчлэх
    • Аймаг, нийслэлийн Засаг дарга нар иргэд, аж ахуйн нэгжүүдэд байгаа махны нөөцийн судалгаа гаргаж, томоохон хот, суурин газруудад махны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
    • Цаашид махны нөөцийг баталгаатай байлгахын тулд “Эргэлтийн сан” байгуулж, дотоодын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээр дэмжих
    • Жижиг, дунд үйлдвэр, бичил бизнес болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор орлогын татварыг тодорхой хугацаанд тэглэх, НӨАТ ногдох орлогын босгыг өсгөх, бага, дунд орлоготой иргэдийн Хүн амын орлогын албан татварын хувь хэмжээг бууруулах буюу чөлөөлөх, банкны зээлийн хүүг бууруулах зэрэг тодорхой арга санал боловсруулж УИХ-д оруулах
    • Өрсөлдөөний тухай хуулийн дагуу зах зээлийн өрсөлдөөнийг хянан зохицуулах үүрэгтэй, хамтын удирдлага бүхий зөвлөлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэд байгуулан ажиллуулахыг санал болгосон байна.  

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны гаргасан саналд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Нямсамбуу, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар нар гарын үсэг зуржээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    УЛСЫН САЙЧУУД ТОДОРЛОО

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний малчдын бүлэг”, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын тэргүүний тариаланч”-дыг шалгаруулаа.

    “Улсын сайн малчин”-аар :

    • Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн малчин Дарамжавын Бямбарагчаа, Батцэнгэл сумын Баян-Уул багийн малчин Самбуугийн Лхагважав, Хашаат сумын Цайдам багийн малчин Оросын Очирбат, Ихтамир сумын Хан-Өндөр багийн малчин Хадын Эрдэнэбаатар
    • Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 4 дүгээр багийн малчин Динханы Терехан, Баяннуур сумын 4 дүгээр багийн малчин Байтаны Хадай, Улаанхус сумын 6 дугаар багийн малчин Жанатын Шалатай
    • Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Цорьж багийн малчин Доржийн Бямбасүрэн, Баян-Овоо сумын Асгамба багийн малчин Шанзангийн Дамдинсүрэн, Эрдэнэцогт сумын Жанжины багийн малчин Доржготовын Батболд, Баянбулаг сумын 3 дугаар багийн малчин Баасанжавын Батдэлгэр
    • Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Далхын Эрдэнэбат, Сайхан сумын Угалз багийн малчин Даваасүрэнгийн Баярсайхан, Баян-Агт сумын Баянзүрх багийн малчин Намнангийн Жаргалсайхан, Гурванбулаг сумын Тогоо багийн малчин Очирын Ширбазар
    • Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багийн малчин Жамъяншаравын Дандар, Тайшир сумын Галуут багийн малчин Чулууны Нямбуу, Төгрөг сумын Тунгалаг багийн малчин Хувцагааны Түмбаатар
    • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Дорлигийн Зоригтсайхан
    • Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн малчин Дашдондогийн Ганболд
    • Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Аманшанд багийн малчин Равдангийн Пүрэвдаш, Алтанширээ сумын Хаяа багийн малчин Бэгзийн Бөхбат
    • Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн малчин Нямдаваагийн Даваасүрэн, Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн малчин Өлзийнбатын Өлзий
    • Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн багийн малчин Руламын Ойровдорж, Гурвансайхан сумын Элгэн багийн малчин Донторын Дүгэр, Цагаандэлгэр сумын 2 дугаар багийн малчин Самбуугийн Оюунтуяа
    • Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн малчин Гомбосүрэнгийн Батбаяр, Түдэвтэй сумын Баянцагаан багийн малчин Уламбаярын Алтанхундага, Эрдэнэхайрхан сумын Алтан багийн малчин Сэдхүүгийн Сэсээр, Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин Жамъяны Цэвээн.
    • Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Булганы Уламбаяр
    • Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн малчин Чойсүрэнгийн Отгонбаатар, Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Мэндийн Раднаа
    • Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн малчин Цэвэлийн Валя
    • Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн малчин Цэндийн Эрдэнэбат, Халзан сумын 2 дугаар багийн малчин Рагчаагийн Энх-Амгалан, Түвшинширээ сумын Дэлгэрхаан багийн малчин Цэгмидийн Мижиддорж
    • Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн малчин Дамчаагийн Жамсран
    • Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн малчин Жунайн Пүрэв, Эрдэнэсант сумын 3 дугаар багийн малчин Базаррагчаагийн Төрболд, Лүн сумын Өгөөмөр багийн малчин Лэгцэгийн Очирбат, Мөнгөнморьт сумын Байдлаг багийн малчин Магсарын Лхамсүрэн
    • Увс аймгийн Давст сумын Торхилог багийн малчин Цэрэнгийн Баатар, Наранбулаг сумын Алдар багийн малчин Гэндэнгийн Батаа, Зүүнхангай сумын Жаргалант багийн малчин Хөрстийн Хавтгай, Түргэн сумын Баянхайрхан багийн малчин Охидоогийн Отгонбаяр
    • Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн малчин Дугаржавын Даваа, Манхан сумын Улаанхүрээ багийн малчин Өлзийнбатын Сэсээр
    • Хөвсгийн аймгийн Их-Уул сумын Шивээ багийн малчин Жавзангийн Дэмбэрэл, Цагаан-Уул сумын Тосон багийн малчин Пүрэвийн Бямбаа, Түнэл сумын Навчилтай багийн малчин Аюурзанын Дашжамц
    • Хэнтий аймгийн Галшар сумын Арвин багийн малчин Цэндийн Батболд, Дэлгэрхаан сумын Долоод багийн малчин Өвгөнхүүгийн Балдандугар, Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Дарьсүрэнгийн Оюун, Хэрлэн сумын Баярнмөнх багийн малчин Галсангийн Нарангэрэл

    “Улсын тэргүүний фермер”-ээр :

    • Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн иргэн Бэхбатын Бэххуяг
    • Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн иргэн Рэнцэнгийн Цогтбуян
    • “Улсын тэргүүний малчдын бүлэг”-ээр:
    • Говь-Алтай аймгийн Бугат сумын 2 дугаар багийн “Шимт хадлан”
    • Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шарга багийн “Улиаст”
    • Төв аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн “Монгол эсгийн” малчдын бүлгийг “Улсын тэргүүний малчдын бүлэг”
    • “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор :
    • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Ургац хангай” ХХК, Тэгш сум “Шинэ амжилт” ХХК, Хутаг-Өндөр сумын “Хонгор-Арго” ХХК.
    • Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Цайдам Өгөөж” ХХК
    • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Ургацын хишиг” ХХК, Түшиг сумын “Гацуурт” ХХК, Хушаат сумын “Өгөөж Мандал-Уул” ХХК, Ерөө сумын “Доолт” ХХК
    • Төв аймгийн Эрдэнэсант сумын “Нарт монгол” ХХК, Жаргалант сумын “Алтан залаа” ХХК
    • Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Идэр Онон” ХХК
    • Хөвсгөл аймгийн Тариалан сумын “ЭТҮ” ХХК
    • “Улсын тэргүүний тариаланч”-аар :
    • Архангай аймгин Эрдэнэбулган сумын “Хаус мандал” ХХК-ийн ногоочин Батсамбуугийн Алагмаа
    • Баян-Өлгийн аймгийн Сагсай сумын ногоочин Буркитханы Хайрым
    • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ногоочин Дүүрэнгийн Ганбаатар, Булган сумын ногоочин Цэвээний Бат-Өлзий
    • Говь-Алтай аймгийн Чандмань сумын ногоочин Банзрагчийн Оросоо, Есөнбулаг сумын ногоочин Пунцагийн Гансүх
    • Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочин Отгонсүрэнгийн Батпүрэв
    • Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын ногоочин Дашзэвэгийн Эрдэнэсүрэн
    • Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК-ийн тракторчин, комбайнч Баатарын Нямпүрэв, Цагааннуур сумын “Атар трейд” ХХК-ийн механикжуулагч Уранчимэгийн Хишигжаргал, Орхонтуул сумын “Суварган тамир” ХХК-ийн тракторчин, комбайнч Бүдээгийн Буянбат, Шаамар сумын ногоочин Дагвын Баатарцоож
    • Төв аймгийн Угтаалцайдам сумын “Чандмань дөл” ХХК-ийн механикжуулагч Дамдинсүрэнгийн Баатаржав, Жаргалант сумын “Хөх Баянбулаг” ХХК-ийн тракторч, комбайнч Нацагдоржийн Намнандорж, Угтаалцайдам сумын “Элсэн цагаан” ХХК-ийн механикжуулагч Доржбадамын Үржин, Борнуур сумын ногоочин Түвдэнгийн Балдангомбо
    • Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөвсгөл Алтандуулга” ХХК-ийн механикжуулагч Дарьмаасүрэнгийн Мөнхтогтох
    • Увс аймгийн Баруунтуруун сумын ногоочин Монголын Долгор
    • Ховд аймгийн Жаргалант сумын ногоочин Самбуугийн Лхагважав, Буянт сумын ногоочин Акийн Үлдэрхан нарыг “Улсын тэргүүний тариаланч”-аар тус тус шалгарсан байна.         

    ТОВЧ МЭДЭЭ

    • Өнгөрсөн оны 12 дугаар сард Засгийн газар 5 удаа хуралдаж, 49 асуудал хэлэлцэн 12 асуудалтай танилцжээ. 13 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 7 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 2 асуудлыг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр, 2 асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 1 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болж 4 асуудлыг хойшлуулсан байна. Засгийн газар тайлант хугацаанд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг эрчимжүүлэх ажлын явцтай танилцаж,  Хөдлөмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн тухай хэлэлцэн, төсвийн байгууллагын ажилчдын цалинг 2, 5 дугаар сард нэмэх тухай төсөл боловсруулсан гээд олон томоохон ажил хийж гүйцэтгэжээ. Нэгдсэн төсвийн 2011 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр нийт орлого 3721.9 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 477.9 тэрбум төгрөгөөр буюу 14.7 хувиар давсан байна. Харин төлөвлөсөн нэгдсэн төсвийн зарлагын 82.6 хувийг санхүүжүүлжээ.  
    • Хяналт шалгалтын обьектыг эрсдлийн ангилалд хамруулах шалгуур, үзүүлэлтийг хавсралт ёсоор баталлаа. Шалгуур, үзүүлэлтийг үндэслэн эрсдлийн ангилалд хамаарах обьектын жагсаалт, шалгалтад хамруулах давтамжийн хугацааг хяналтын чиглэл бүрээр баталж, мөрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгав. Улсын хэмжээнд 93643 обьектод эрсдлийн үнэлгээ хийхэд 19140 нь эрсдэл ихтэй, 44831 нь эрсдэл дунд, 29672 нь эрсдэл багатай гэж үнэлэгдсэн бол 372-т нь үнэлгээ хийгдээгүй байна.
  • ШИНЭЭР ТОМИЛОГДСОН САЙД НАР ТАМГАА ХҮЛЭЭН АВЧ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах боломжтой боллоо. Ийнхүү шинээр томилогдсон сайд нар 2012 оны 1 дүгээр сарын 27-ын өдөр тамга тэмдгээ хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.

    САНГИЙН САЙД АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

    УИХ-ын чуулганы хуралдаанаас Сангийн сайдаар томилогдсон Д.Хаянхярваа 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа хүлээн авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар Сангийн яаманд хүрэлцэн очиж тамгыг нь гардуулж өгсөн байна. Ерөнхий сайд яамны хамт олонд Сангийн сайд Д.Хаянхярвааг товч танилцуулав. Орон нутагт, тэр дундаа төсөв, санхүүгийн салбарт анхан шатнаас нь ажлынхаа гарааг эхэлж аймгийн Засаг дарга, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажилласан Д.Хаянхярвааг туршлагатай санхүүч, улстөрч гэж үнэлэн  хариуцлагатай албан тушаалд нэрийг нь дэвшүүлж томилуулсан гэж Ерөнхий сайд хэллээ.

    Мөн тэрээр Сангийн яамны хамт олонд хандаж хэлсэн үгэндээ “Сангийн яамны хамт олон хамгийн их ачаалал үүрч, хамгийн хариуцлагатай ажилладаг, чадварлаг баг. Өнгөрсөн гурван жилд төсөв, санхүүгийн бодлогод томоохон шинэчлэл хийгдсэн нь энэ хамт олны хүчин зүтгэл юм. Шинээр томилогдсон сайдаа дэмжин нэг баг болж, санхүү, эдийн засгийн бодлогыг ханган ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлэв.

    Д.ЦОГТБААТАР САЙД ТАМГАА ГАРДАЖ АВЛАА

    2012 оны 01 дүгээр сарын 27-ны баасан гариг, 20 цаг 45 минут. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хурлын танхимд тус яамны мэргэжилтнүүд, харьяа газар, агентлагийн удирдлагууд цугласан байлаа. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд УИХ-ын энэ өдрийн 09 тоот тогтоолоор тус яамны сайдаар томилогдсон Д.Цогтбаатарыг танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд тус яамны сайд асан, УИХ-ын гишүүн Л.Гансүх оролцож шинэ сайдад тамгаа хүлээлгэн өглөө.

    Төрийн албанд 19 жил ажиллахдаа Монгол улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх зэрэг хариуцлагатай алба хашиж байгаад БОАЖ-ын сайдаар томилогдсон Д.Цогтбаатар туршлагатай, манай шилдэг кадруудын нэг. Түүнийг байгаль орчин, аялал жуулчлалын салбарт гадаад орнуудын болон олон улсын байгууллагын дэмжлэг туслалцааг нэвтрүүлж, өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд энэ үеэр илэрхийлж байлаа.  

    Ж.ЭНХБАЯР САЙД ТАМГАА ГАРДАЖ АВЛАА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг Батлан хамгаалах яаманд очиход  хүндэт харуулж жагсч төрийн дуулал эгшиглэн угтан авлаа. Батлан хамгаалах салбарын ажил хамгийн нэр хүндтэй, хариуцлагатай алба гэдгийг Засгийн газрын тэргүүн энэ үеэр онцлоод Хамтарсан засгийн газрын үед салбарын ажилд чамгүй ахиц гаргасан Батлан хамгаалахын сайд асан Л.Болд болон түүний хамт олны ажлыг Засгийн газрын тэргүүний хувьд өндрөөр үнэлж байгаагаа хэллээ.

    Мөн тэрээр өмнө хийж ирсэн ололт амжилтаа улам бататган, алдаа оноо байгаа бол засаж залруулж, илүү санаачилгатай, хариуцлагатай ажиллахыг Батлан хамгаалахын сайд болон тус яамны удирдлагууд, зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүнд анхааруулаад Ж.Энхбаяр сайдад болон салбарын нийт хамт олонд амжилт хүслээ. Ингээд Батлан хамгаалах яамны тамга тэмдгийг сайдын үүргийг орлон гүйцэтгэгч Гадаад харилцааны сайд Г.Занданшатар шинэ сайд Ж.Энхбаярт гардуулан өглөө. Ажил үүргээ хүлээн авсан Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр “Бид цаашид Монгол Улс, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, зэвсэгт хүчний орчин үеийн мэргэжлийн чадварлаг шилдэг арми зэвсэгт хүчин болохын төлөө зүтгэх болно” гэлээ.

    ЗТБХБ-ЫН САЙД Ц.ДАШДОРЖ ТАМГА ТЭМДГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

    Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилогдсон Ц.Дашдоржид тамга тэмдгийг нь хүлээлгэж өгөх ёслол 2012 оны нэгдүгээр сарын 27-ны орой  тус яаман дээр боллоо. ЗТБХБ-ны сайдын үүргийг гүйцэтгэж байсан ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт  түүнд тамга тэмдгийг нь хүлээлгэн өгч, Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар  шинэ сайдын ажилд нь амжилт хүслээ. Тамга тэмдэг хүлээлгэн өгөх ёслолд тус яамны газар хэлтсийн дарга нар болон албан хаагчид нь оролцлоо.

    САЛБАРЫНХ НЬ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИН САЙДААР ТОМИЛОГДСОНД ЭМЧ АЖИЛТНУУД ТАЛАРХАЖ БАЙЛАА

    Монгол Улсын Шадар сайд М.Энхболд дараа нь Эрүүл мэндийн яаманд очиж УИХ-ын гишүүдийн 71,7 хувийн саналаар тус яамны сайдаар томилогдсон Н.Хүрэлбаатарыг тамга тэмдгээ гардахад нь байлцлаа. Асрагчаас нь эхлээд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшиж ажилласан эрүүл мэндийн салбарын шилдэг, залуу боловсон хүчин сайдаар томилогдон ирж байгаад яамны мэргэжилтнүүд, эмч ажилтнууд сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа. Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Ламбаа тамгаа хүлээлгэн өгөхдөө “Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 91,8 хувийн биелэлттэй байгаа. Хөтөлбөрөө 100 хувь биелүүлж тайлагнаарай.

    Хуучнаа амжилттай гүйцээж шинээр олон ажил сэдэж хийгээрэй” гэж шинэ сайдад зөвлөөд Эрүүл мэндийн салбарын 2012 онд хийх ажлын төлөвлөгөөг гардуулан өглөө. Тэрбээр мөн эмч мэргэжилтнүүд маань 1000 өвчтөний 990-ийг нь авраад арвыг нь алдахад энэ хүмүүсийн тухай л нийгэм ярьж шүүмжилдэг, сэтгэл зүйн дарамтад байдаг хүмүүс. Тэднийхээ төлөө залуу хүний эрч хүчээр ихийг хийж бүтээгээрэй гэж захилаа. Залуу сайд Н.Хүрэлбаатар ч энэ үеэр С.Ламбаа сайдтай хамтарч 3 жил гарай ажилласан, нэгэн зорилгын төлөө зүтгэж явсан гээд хичээж ажиллах болно, надад итгэж дэмжиж ажиллаарай гэж салбарынхандаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • САЙД НАРЫГ ТОМИЛСНООР ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

    УИХ-ын 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар нэр бүхий сайд нарыг томилох эсэх тухай хэлэлцэн шийдвэр гаргалаа. Сангийн сайдад нэр дэвшсэн Д.Хаянхярваа чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 67.9 хувийн саналаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшсэн Д.Цогтбаатар 64.7 хувийн саналаар, Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн Ж.Энхбаяр 67.8 хувийн саналаар, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшсэн Ц.Дашдорж 64.2 хувийн саналаар, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Н.Хүрэлбаатар 71.7 хувийн саналаар тус тус томилогдов.

    Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 80 хувийн саналаар тогтоолыг баталлаа. Ингэснээр Тэргүүн шадар сайдын албыг цомхотгож, эрхлэх асуудлынх нь хүрээнд байсан Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжил зүйн газрыг Монгол Улсын Шадар сайдын мэдэлд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газрыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдэлд шилжүүлэв. Сайд нарыг томилсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • С.Батболд: Улс төрөөр толхилцох эрх байхгүй

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    МАН-ын удирдах зөвлөл болон УИХ дах МАН-ын бүлэг хамтран хуралдаж, үүссэн нөхцөл байдал, түүнээс гарах арга замын талаар хэлэлцсэн байна. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулинд  өөрчлөлт оруулах, өөрөөр хэлбэл тэргүүн шадар сайдын орон тоог цомхотгох тухай саналаа оруулж, бүлгийн хурлаар тус саналыг дэмжиж, зөвшилцөл эхэлжээ.

    Ингээд  Ерөнхий сайд оруулсан саналынхаа тухай сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

    “Улс төрийн нөхцөл байдал сүүлийн долоо хоног орчим ээдрээтэй байна. Засгийн газрын үйл ажиллагаа  хэвийн явагдаж чадахгүй, хуралдаанаас гарах шийдвэрүүд  хүлээгдэж байна. Үүний цаана улс орны нөхцөл байдал болон цаг үеийн асуудлууд шил шилээ даран хүлээгдэж, төлөвлөсөн ажлууд ч зогсонги байдалд орлоо. Тухайлбал, багш нарын болоод төсвийн албан хаагчдын  цалинг  ирэх хоёрдугаар сарын нэгнээс нэмэгдүүлэх тухай асуудал шийдлээ олж байх ёстой.

    Үнийн хөөрөгдлөөс үүдсэн иргэдийн нуруун дээр ирж буй дарамт, үүн дээр Засгийн газрын зүгээс авах ёстой арга хэмжээ, хийх ёстой зохицуулалтын асуудлууд  шийдлээ хүлээж байна. Орон нутагт ч бас цаг үеийн шийдэх ёстой асуудлууд гарч байна. Бид хэдийгээр олонхийн суудалтай нам ч гэсэн, Ерөнхий сайдын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд  өмнөө тавьсан зорилтууд маань өөрчлөгдөөгүй. Түүнийгээ хэрэгжүүлж, хийж дуусгах ёстой. Ингэхийн тулд бүтэц бүрэлдэхүүнээ хадгалж ажиллах ёстой гэсэн энэ зарчмаа бид тууштай тавьж ирсэн.

    Энэ зорилтуудаа  хэрэгжүүлэхийн тулд хуулийн хүрээнд зөвшилцлийг явуулж, УИХ дээр зургаан гишүүнээ нөхөн томилуулж бүрэн бүрэлдэхүүнээр ажиллуулах  саналыг тавьсан ч улс төрийн зөвшилцлийн явцад гацаа үүслээ. Энэ гацааг цааш нь удаашруулж явах тусам улс орны болоод ард иргэдийн  амьдралд бэрхшээл хүндрэлүүд улам их гарах болно. Улс төрөөр толхилцож суух хооронд алдах зүйл их байна. МАН-ын даргын хувьд, Монгол улсын Ерөнхий сайдын хувьд намынхаа нөхдүүдтэйгээ энэ тухай  ярьж, хэлэлцсэний дүнд Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, тэргүүн шадар сайдын орон тоог цомхотгох саналыг гаргаж байна. Ингэснээр улс төрийн гацааг шуурхай гаргаж, Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж бодож байна.   

    Тэргүүн шадар сайдын энэ албан тушаал дээр манай намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх даргыг санал болгосон байсан. Төр засгийн ажил цаг алдахгүй явж байх нь улс төрийн энэ зөрчил, албан тушаал эрх мэдлээс хамаагүй чухал асуудал гэж  манай намын  ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нэрээ татаж авах санал гаргаж, үүнийг МАН-ын даргын хувьд хүлээн авч, МАН-ын удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцүүлж намын гишүүд маань дэмжлээ. Бид ард түмнийхээ өмнө хариуцлагатай байх ёстой гэдгийг ухамсарлаж байна. Гацаанаас гарах энэ хувилбарыг дэвшүүлж байгаагаараа бид ажлын төлөө, хариуцлагаа өөрсдөд дээрээ авч байгаагийн нэг илрэл ч гэж хэлж болно. Зөвшилцлийн дагуу Монгол улсын Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлсэн байгаа.  Энэ дагуу Засаг төрийн ажил хэвийн болно гэдэгт итгэж байна” гэлээ.

  • Сайд нарыг томилох асуудалд УИХ шуурхай хандахаа мэдэгдлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  Монгол улсын Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай тогтоолын төслийг  2012 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр  УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. “Монгол улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах асуудлыг Монгол улсын Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2, З дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна” хэмээн уг тогтоолын төсөлд дурьдсан байна.

    Тогтоолын төслөө өргөн мэдүүлсний дараа Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ. “ Засгийн газрын нэр бүхий зургаан сайдыг УИХ-д өргөн мэдүүлж, томилуулах энэ саналаа УИХ-ын даргад сая гардуулж өглөө. Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй шуурхай явж байх ёстой. Үний өсөлт, түүнийг тойрсон асуудал, төр засгийн зүгээс авах ёстой  арга хэмжээнүүд, хийх ёстой зохицуулалт, төлөвлөсөн арга хэмжээ гээд цаг үеийн асуудлууд чамгүй их байна.

    Засгийн газрын хуралдаанаа хийхийн тулд танхимын гишүүдийн ирцийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Тийм учраас энэ тогтоолын төслийг хуулийн дагуу УИХ-д өргөн барилаа. Үнэ ханш болоод цаг үеийн асуудлыг Засгийн газар анхааралдаа авч, яаралтай  шийдэх ёстой гэдгийг ч  УИХ-ын дарга уулзалтын үеэр тэмдэглэж, санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ асуудлыг хүлээж аваад шуурхай хандан холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж УИХ-ын чуулганаар Засгийн газрын нэр бүхий гишүүдийг томилуулах асуудлыг хэлэлцэнэ гэдгээ сая УИХ-ын дарга хэллээ.

    Ингээд эдгээр ажил хуулийн дагуу өнөөдрөөс эхэлж явагдах болно” гэлээ. “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн зөвшилцөлд ямар хариу өгсөн вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Үндсэн хууль болон Засгийн газрын хуульд заасны дагуу Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу  Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөх ёстой. Зөвшилцлийг бичгээр явуулж, хариуг бичгээр авна. Үүний дагуу зөвшилцөл хийгдсэн” гэсэн хариултыг өгсөн юм.

  • Үйлдвэрчний эвлэлийнхэн Ерөнхий сайдтай уулзаад жагсаалаа зогсоохоор боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын зарим гишүүдийнхээ хамт МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын дараагаар тус холбооноос зохион байгуулж байгаа ‘МҮЭ-Үнийн хөөрөгдлийн эсрэг’ жагсаал зогсохоор боллоо гэдгийг тус холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар сэтгүүлчдэд мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн эл уулзалтын эхэнд, ‘Асуудал байгаа. Бид асуудлаа хуулийн хүрээнд нээлттэй яриа хэлэлцээрийн зарчмаар бодитой хандаж ярьдаг байх учиртай. Үнийн хөөрөгдлийн асуудлаар Засгийн газар сүүлийн хоёр долоо хоногийн турш үүсэж байгаа нөхцөл байдалд дүгнэлт өгч ард иргэдийн нуруун дээрх үнийн дарамтыг бууруулах талаар зохих арга хэмжээг авч байна. Засгийн газрын чих сонсож, нүд нээлттэй байна.

    Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга нараар ахлуулсан ажлын хэсгүүдийг шуурхай байгуулж гаргасан дүгнэлтэд нь үндэслэн Засгийн газрын 2012  оны 1 дүгээр сарын 11-ий өдрийн 11 дүгээр тогтоолоор ‘Авто бензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөр баталсан.  Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах ‘’Бензин,  шатахуун,  хүнсний зарим бараа,  нийтийн тээврийн үнийг тогтворжуулах үүрэг бүхий зөвлөл’’-ийг Засгийн газрын дээрх тогтоолоор байгуулан ажиллуулж байгаа.

    Тооцох ёстой  хариуцлагаа ч  тооцож байна. Зарим нааштай үр дүн гарч нефтийн үнэ бага зэрэг буурч долларын ханш доошилж байна.  Цаашид ч зохих арга хэмжээг авсан шиг авах болно. Энэ хүрээнд жагсаал цуглаанд оролцогчдоос ирүүлсэн шаардлагад дурдсан асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар уулзалтын  үеэр ‘’УИХ Засгийн газраа  шуурхай бүрэлдүүлэх шаардлагатай байгаа. Ингэсэн тохиолдолд Засгийн газар бидний хүлээсэн хэлэлцээрийг яаралтай эхлүүлэхийг хүсэж байна гэлээ. Ерөнхий сайд түүнтэй ижил байр суурьтай байгаагаа хэлээд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэнгүүт энэхүү зөвлөлийн үйл ажиллагааг  цаг алдалгүйгээр шуурхайлна гэлээ.

    Ингэхдээ нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт Монгол банк, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр маргаашнаас хэлэлцээрийн ширээний ард сууж ажлаа эхлэхийг зөвлөлөө. Засгийн газрын нүд нээлттэй, чих сонсож байгаа. Нийгэмд ийм дуу хоолой хэрэгтэй ч гадаа хүйтэн байна, тиймээс ард иргэдийнхээ эрх ашиг, эрүүл мэндийг бодолцож жагсаал цуглаанаа буулгахыг Ерөнхий сайд хүссэн юм. Засгийн газар танхимаараа хүлээж авч уулзан асуудалд нухацтай хандаж байгаад болон хэлэлцээрийн ширээнд өргөн бүрэлдэхүүнээр суухаар болсонд талархаж байгаагаа МҮЭ-үүдийн төлөөлөл илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд С.Батболд: Нам намаараа талцаж хэзээ ч ажиллаж байгаагүй

    УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэллээ. Тэрбээр, хамтарсан Засгийн газарт Ардчилсан намаас орж ажилласан нөхөд маань Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Хамтарсан Засгийн газар Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд, нийгмийн сэтгэлгээний түвшинд ч гэсэн жишиг тогтоосон олон эерэг зүйлүүдийг хийсэн. Ардчилсан намын гишүүд маань өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хариуцлагатай, зүтгэлтэй, ажлынхаа үр дүнг үзэхсэн гэсэн сэтгэлтэй ажилласан.  Засгийн газрын хуралдаан маань намаараа талцсан уур амьсгалд хэзээ ч болж байгаагүй. Хуралдаан, үйл ажиллагаа маань зарчмаараа явж улстөрийн соёлыг харуулсан гэж бодож байна.

    Түүнчлэн Засгийн газрын тогтвортой, үр дүнтэй үйл ажиллагаа, гарсан томоохон шийдвэрүүд нь УИХ, Засгийн газрын бүтээлч  хамтын ажиллагааны тод илрэл гэж үзэж байна. Амжилт ололтоос гадна алдаа, дутагдал, илүү сайжруулах ажлаа ярих нь ч зүйн хэрэг. Гэхдээ хамтарсан Засгийн газрын бодит хийсэн зүйл нь илүү байгаа шүү гэдгийг хэлье. Засгийн газарт ажиллаж байсан нөхдөдөө, Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад ажил хэрэгч шүүмжлэлээр хандаж ирсэн эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.

    Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг. Бид энэ зарчмаар цаашдаа ч ажиллах болно. Бидний дэвшүүлсэн зорилт, хийж дуусгаагүй ажил байгаа. Ард түмнийхээ өмнө хүлээсэн энэ үүргээ биелүүлэхэд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын бүрэлдэхүүнд төлөөллөө оруулж ажиллаж байсан АН-ын бүлгийнхэн маань дэмжиж хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хамтарсан Засгийн газарт гишүүнээр амжилттай, сайн ажилласан Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Сангийн сайд С.Баярцогт, БОАЖ-ийн сайд Л.Гансүх, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нартаа баярлалаа. Та бүгдэдээ Засгийн газрын тэргүүний хувьд болоод бусад гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлээд цаашдын амьдрал, ажил үйлсэд тань амжилт хүсье гэлээ.


  • САЙД НАРЫН ҮҮРГИЙГ ШИЛЖҮҮЛЛЭЭ

     

    ”Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 7 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд захирамж гаргалаа. Энэхүү захирамжид орон гарсан Засгийн газрын гишүүдийг томилох хүртэл хугацаанд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын үүргийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод, Батлан хамгаалахын сайдын үүргийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт, Сангийн сайдын үүргийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод, Эрүүл мэндийн сайдын үүргийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид хариуцуулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.