Ангилал: мэдээ

  • Сурагч шавь нарынхаа сурч мэдэх эрх ашгийг хүндэтгэхийг хүслээ

    Цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, хугацаагүйгээр ажлаа хаяад хоёр хоносон  багш нарын төлөөллийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр үдээс хойш хүлээн авч уулзлаа. Өөрөөр хэлбэл Боловсролын шинжлэх ухааны  үйлдвэрчний холбоон дарга Ж.Батзориг тэргүүтэй төлөөллийг Засгийн газрын тэргүүн  БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, НХХ-ийн сайд Т.Ганди нарын хамт уулзаж, илэн далангүй ярилцаж саналыг нь сонсохоор ширээний ард урилаа. Боловсролын салбарт шийдэх асуудал олон байгаа гэдгийг маш сайн мэдэж байгаа,үе шаттай шийдэх арга хэмжээг цаг алдалгүй ч хийж байгаа гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлээд, тэдний саналыг сонслоо.

    Таван төрлийн шаардлага тавьж байгаа тэд цалин хөлсөө хоёр дахин нэмэгдүүлэх, орон сууцны хөтөлбөрт хамруулах, багш нарын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлүүлэх зэрэг асуудал байгааг дурьдав. Түүнчлэн өнгөрсөн 10 дугаар сард  3 талт хэлэлцээрээр  цалин хөлсийг хоёр үе шаттайгаар нэмэхээр шийдсэн байтал ирэх оны төсвийн тухай хуулиар энэ асуудлыг яагаад хойшлуулав, үүнд  зовнидог төр засаг гэж байна уу гэх асуултыг тавилаа.

    Харин Ерөнхий сайд тэдэнд тун эмх цэгтэй мэдээллийг өглөө. Засгийн газраас боловсролын салбарт онцгой ач холбогдол өгч байгаа, ялангуяа хүний хөгжлийн асуудал нь Засгийн газрын бодлогын цөм, эдийн засгийн өсөлтийг хүний хөгжлөөрөө дамжуулан хуваарилалт хийж байгааг дурьдсан юм. Ялангуяа улсын төсвийн 20-иос доошгүй хувийг боловсролын салбарт зарцуулах ёстой байдаг ч яг үнэндээ 30 гаруй хувь нь энэ салбарт чиглүүлээд  явж байна гэдгийг хэлээд, гэхдээ тэдний шаардлага ч зүй ёсных гэдэгтэй санал нэгдлээ. Харин өргөс авсан юм шиг маргааш шийдэгдчихгүй , ардчилсан нийгэмд ямарваа асуудал бодитой судалгаатай үндэслэлтэй  байх ёстой, инфляци хөөрөгдөх ч юмуу хүндрэл үүсэх аюулыг бодолцох ёстой юм.

    Ерөнхий сайдын хувьд  монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх ёстой гэсэн зарчмыг  хатуу барьж ирсэн, 3 талт хэлэлцээрийг ч талууд байгуулсан байгаа. Энэ хэлэлцээрээр багш нар төдийгүй төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэдэг заалт оруулсан, гэхдээ он сар заагаагүй байсан гэдгийг хэллээ. Мөн та бүгдийн шаардаж буй  асуудлыг бид анхаарч авч хэлэлцэнэ, гэхдээ энэ ажил хаялтын улмаас хүүхдүүд, сурагчдынхаа сурч мэдэх эрх ашгийг хохироох ёсгүй, бас нийгэмд сөрөг үр дагавар дагуулах ёсгүй гэдгийг анхааруулаад хариуцлагын асуудал ч ард нь бийг санууллаа. Нэгэнт л энэ асуудлаар зөвшилцөж эхэлж буй учраас ажил хаялтаа зогсоохыг Ерөнхий сайд тэднээс  хүслээ.

    Түүнчлэн  энэ асуудлаар зөвшилцөх ажлын хэсгийг Сангийн болон БСШУ ба НХХ-ийн сайдаар ахлуулан  байгуулж байгааг дуулгаад, 3 талт хэлэлцээрийн хүрээнд сууж ярилцаж, энэ хэлэлцээрийг эхлүүлэхийг санал болголоо. Өөрөөр хэлбэл бидний зорилго нэг байна, үүнийг харин үе шаттай шийдвэрлэе. Гэхдээ  өргөс авсан мэт асуудал хурдан өөрчлөгдөхгүй,хуулийн хүрээнд 3 талт хэлэлцээрийн журмын хүрээнд үндэстэй судалгаатайгаар ярилцаж шийдье. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Тавьж буй олон асуудлыг юунаас эхэлж, шийдэх үү, шаардлагатай эх үүсвэрийг яаж гаргах уу гээд нухацтай цаг алдалгүй хэлэлцэн шийдье гэсэн байр суурийг илэрхийллээ. Ийнхүү Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу хэлэлцээр өнөөдрөөс эхэлж, багш нарын ажил хаялт зогсохоор болсон гэж хэлж болох юм. Хэлэлцээр эхэлмэгц ажил хаялт зогсдог хуулийн журамтай ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Багш нарын нийгмийн асуудлыг сайжруулах хуулийн төслийг Ерөнхий сайд дэмжиж байна

    Боловсролын шинэчлэл, шинэ стандарттай уялдуулан боловсролын салбарт ажиллагсдын мэргэжлийг дээшлүүлэх, багшийн мэргэжлийн нэр хүндийг өргөж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургалт давтан сургалтын тогтолцоог боловсронгуй болгох зохицуулалтыг хийх Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хувьд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин, Д.Очирбат, Д.Одбаяр, С.Эрдэнэ, П.Алтангэрэл нарын боловсруулсан хуулийн төслийг дэмжиж байгаа юм.

    УИХ-ын эдгээр гишүүд  Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өнөөдөр өргөн барилаа. Боловсролын байгууллагад ажиллагсдыг 5 жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах албан тушаалтны мэргэшлийг улсын төсвийн хөрөнгөөр таван жил тутам дээшлүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.

    Уг хуулийн төсөл батлагдвал сум, тосгон, багийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, номын санч, сургуулийн эмчид хөдөө суманд тогтвор суурьшилтай ажилласны 5 жил тутамд нэг удаа зургаан сартай тэнцэх тэтгэмжийг өөрийн ажиллаж байгаа байгууллаас олгоно.      

    Мөн бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш болон одоо мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хуульд заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэнд тэтгэвэрт гарахад нь 24 сар, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан ба түүнээс дээш ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхийг тусгаснаар төрийн албан хаагчдын тэтгэмжийн ялгавартай байдлыг арилгана гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хүлээж аваад Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцэх болно гэдгээ хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  

  • 7 ХОНОГТ 2 МЯНГА ОРЧИМ ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ

    Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 69 876 хүн шинээр ажилтай болжээ. Өмнөх 7 хоногтой харьцуулахад шинээр ажилтай болсон хүний тоо 2 мянга орчим хүнээр нэмэгдсэн гэсэн үг юм.  Нийт ажилд орсон хүний 30 мянга гаруй нь эмэгтэйчүүд байна.

    Баруун бүсийн аймгуудад 9 081, Хангайн бүсэд 11 599, Төвийн бүсэд 11 477, Зүүн бүсэд 5 089 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод 32 мянга 630 хүн ажилд оржээ. Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүрэгт тус бүр 5 мянгаас дээш хүн шинээр ажлын байртай болсон байна. Ховд аймаг 2121 хүнийг шинээр ажлын байртай болгосноор баруун бүсдээ тэргүүлсэн бол Хангайн бүсэд Архангай аймаг 2293, Төвийн бүсэд Төв аймаг 2349, Зүүн бүсэд Дорнод аймаг 2265 хүнийг шинээр ажлын байртай болгож бусдыгаа хошуучилжээ. Улсын хэмжээнд нийт ажилд орсон хүний 12 673 нь барилгын салбарт ажиллаж байгаа нь хамгийн ихэд тооцогдож байна.

    Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 12 457, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 8 614, уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 7175- 8400 хүн шинээр ажилтай болсон дүн гарчээ. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил“-ийн хаалт энэ сарын 16-нд болно. Энэ хүрээнд Соёлын төв өргөөнд “Хөдөлмөрийн яармаг-2012” арга хэмжээ болохоос гадна Төрийн ордонд жилийн ажлын хүрээнд хийсэн ажлаа дүгнэх юм байна.

  • Индонез Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хийнэ

    Ардчиллын төлөөх Балийн IY чуулганд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёонотой албан ёсны уулзалт хийлээ. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд энэ удаагийн чуулга уулзалтыг амжилтай зохион байгуулж буй явдалд нь баяр хүргэлээ. Түүнчлэн тэрбээр  өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцаа хамтын ажиллагаа өргөжиж байна гээд, зөвхөн хоёр талын хүрээнд төдийгүй олон талт хамтын ажиллагааны чиглэлээр ч амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Үүний тод илрэл нь Индонезийн тал манай талыг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэгч орны хувьд Ерөнхий сайдын түвшинд урьж оролцуулж буй явдал болохыг талууд харилцан тэмдэглэлээ.

    Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс бүс нутагт ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, бэхжүүлэх талаар Балийн чуулга уулзалтын зарчим, үзэл санааг бүрэн дүүрэн дэмжиж  байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн тэргүүний хувьд Ардчиллын боловсролыг гол сэдэв болгон, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бусад улс оронтой туршлага солилцон ажиллахыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгааг тэмдэглэж энэ хүрээнд Балийн чуулга уулзалт, АОХН-ийн зорилго, үйл ажиллагаа нийлж байгааг онцоллоо.

    Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно урилгыг хүлээн авч тус чуулганд оролцож буйд нь талархал илэрхийлээд Ази, Номхон далайн бүс нутгийн улс орны засгийн газрууд ардчиллыг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд хамтран ажиллах бүрэн бололцоо, хүсэл эрмэлзэлтэй болохыг Балийн чуулга уулзалт харуулж байна.Уг чуулга уулзалт болон АОХН-ийн хүрээнд Монгол улстай  идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
    Энэхүү уулзалт болон чуулга уулзалтын нээлт зэрэг бусад арга хэмжээнд оролцох үеэрээ Ерөнхий сайд С.Батболд Индонезийн Ерөнхийлөгч Сусило  Бамбанг Юдоёонотой хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн үр ашигтай, бодит үр дүнтэй болгон хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

    Хоёр талын хамтын ажиллагааг эн тэргүүнд аль салбарт хөгжүүлэх талаар тодорхойлж, Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хийх, Засгийн газрын гишүүд, яамдын хоорондын харилцааг идэвхжүүлэх чиглэлээр одооноос эхлэн идэвхтэй ажиллахаар тохиролцов. Ирэх 2012 оны хавар Улаанбаатар хотноо болох Энхийг сахиулагчдын цугларалтад оролцох зэргээр энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал нэгтэй байгаагаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар харилцан тэмдэглэв.

    Брунейн улс Монголын оюутнуудад зориулж тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ  

    Ерөнхий сайд С.Батболд тус чуулга уулзалтад оролцож буй Бруней Даруссаламын вант улсын султан Хассанал Болкиах Муиззадин Уаддаулахтай уулзалт хийлээ. Хоёр талын харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарт хөгжүүлэх талаар уулзалтын үеэр хөндлөө . Ерөнхий сайд С.Батболд Брунейн талаас монголын оюутнуудад зориулан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлээд уул уурхай, газрын тосны чиглэлээр монгол оюутнуудыг тус улсын их дээд сургуулиудад илгээх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
          
    Мөн чуулга улзалтын үеэр Катарын Ерөнхий сайд Шейх Хамад Бин Хасемтай  уулзалт хийлээ. Уулзалтын  үеэр эрчим хүч, ялангуяа газрын тос, байгалийн хийн салбарт хамтран ажиллах, мэргэжилтэн бэлтгэх, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, энхийг сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Катарын Ерөнхий сайд дээр дурдсан чиглэлээр Катарын тал хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд Монголын уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах, зээл олгох зэргээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Мөн Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг талархан хүлээн авч ойрын хугацаанд айлчлан хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар бодитой алхам хийхээ илэрхийлэв. Мөн Япон улсын Ерөнхий сайдын тусгай элч, Гадаад хэргийн сайд асан К.Окада өөрийн хүсэлтээр уулзав.

     Уг уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдыг Японд айлчлахыг урьсан Японы талын урилгыг дахин нотолж энэ удаагийн айлчлал нь хоёр орны хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгатай болгон баяжуулан хөгжүүлэх болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд С.Батболд энэ талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлээд хоёр орны хооронд Монголын уул уурхайн салбарын томоохон төсөлд хамтран ажиллах, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаар ойрын хугацаанд ахиц гарна гэдэгт итгэлтэй  байгаагаа тэмдэглэв. Мөн Япончууд  байгалийн гамшгаас үүдэн учирсан гарз хохирлыг эр зоригтой, амжилттай даван туулж буйд нь  баяр хүргэлээ.
     
    Ардчиллын төлөөх Балийн 4 дүгээр чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой мөн тус чуулга уулзалтад оролцож буй ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Төрийн сайд Жэреми Браун, Шинэ Зеландын Засгийн газрын гишүүн, цагаачлал, мэдээлэл сурталчилгааны сайд Жонатан Колеман нар өөрийн хүсэлтээр уулзаж хоёр талын болон олон  талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Индонезийн Ерөнхийлөгч Монголд айлчилна

    Бүгд найрамдах Индонез улсын Бали арал дээр ардчиллын төлөөх Балийн IV форум үргэлжилж байна. Тус чуулга уулзалтад Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно манай Ерөнхий сайдыг онцлон урьж, 21 жилийн өмнө тайван замаар ардчилсан хувьсгал хийж эдүгээ Азидаа тэргүүлэгч ардчилсан орон болсны хувьд туршлага хуваалцахыг хүссэн юм. Мөн манай улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдаж буй учраас Индонезийн Ерөнхийлөгчийн энэ урилгыг хүлээн авсан Ерөнхий сайд С.Батболд  чуулга уулзалтын чухал хүн байлаа.

    Уулзалтын хоёр дахь өдөр Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдыг хүлээн авч уулзлаа.  Хоёр орон эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжтойг Индонезийн төрийн тэргүүн илэрхийлсэн байна. Түүнчлэн Монгол улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Индонезийн харилцаа эрчимтэй хөгжих үүдийг нээж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой болж байгааг тэмдэглэн хэллээ.

    Ерөнхий сайд С.Батболд Монгол улс нь ардчиллыг бэхжүүлэх, энхийг сахиулах, батлан хамгаалах салбаруудад түүнчлэн бие биенээ нөхсөн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг уулзалтын үеэр хөндөн ярилаа. Мөн эрхэм Ерөнхийлөгчийг ирэх оны есдүгээр сард Монгол улсад айлчлахыг урилаа. Урилгыг Индонезийн төрийн тэргүүн талархан хүлээн авсан байна.

    Ардчиллын Монгол загварын туршлагыг Азийн орнуудтай хуваалцсан Ерөнхий сайд С.Батболд чуулга уулзалтын үеэр Япон, Катар, Турк, Зүүн Тимор, Их Британи, Шинэ Зеланд, Бруней, Бангладеш зэрэг орнуудын төр, засгийн тэргүүнүүдтэй хоёр талын уулзалтуудыг хийлээ. Монгол улсын эдийн засгийн өсөлт олон орны удирдагчдын анхаарлыг татаж байсан бөгөөд ирэх жил эдийн засгийн өсөлт  25 хувийн өсөлттэй гарах хандлагатай байгааг Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр тэмдэглээд, ардчиллын үнэт зүйлсийг хэрхэн бэхжүүлж хөгжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

    Манай орон уул уурхайн баялгаа эргэлтэд оруулсан нь дэлхийн улс орнуудын анхааралд аль хэдийнээ орсон нь Балийн чуулга уулзалтаас тод харагдаж байлаа. Олон орны төлөөлөгчдийн уулзах хүсэлтэд манай Ерөнхий сайд “ дарагдсан нь” үүнийг гэрчилж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд С.Батболд Ардчиллын төлөөх Балийн IY чуулга уулзалтад оролцоно

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  Индонез  улсад болох Ардчиллын төлөөх Балийн IY чуулганд оролцохоор өнөөдөр өглөө  Улаанбаатараас мордлоо. Энэ удаагийн  чуулга уулзалт нь тус улсын Бали арал дээр болох бөгөөд “ Өөрчлөгдөж буй дэлхий дахины ардчиллын үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх нь : Ардчиллын дуу хоолойг дэмжих нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Мөн  Балийн энэ удаагийн чуулга уулзалтад Монгол улсын Ерөнхий сайдыг анх удаа урьж байгаагаараа онцлог болж байна.

    Монгол улсын Засгийн газрын тэргүүн тус чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцож, “ Өөрчлөгдөж буй дэлхий дахины ардчиллын үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх нь : Ардчиллын төлөө дуу хоолойг хүлээн авах нь” сэдэвт дээд түвшний хуралдаанд оролцож үг хэлнэ. Мөн “ Ардчиллын төлөөх дуу хоолойг хүлээн авах Төрийн  чадвар” болон “ Иргэний нийгмийн оролцоог ардчилсан орон зайгаар хангаж өгөх нь “ сэдэвт харилцан ярилцлагуудад тус тус оролцох бөгөөд  чуулга уулзалтын  үеэр  Индонезийн Ерөнхийлөгчид бараалхахаас гадна хоёр талын уулзалтууд хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ 

  • “ЭРДЭНЭС ОЮУТОЛГОЙ” КОМПАНИ БАЙГУУЛЛАА

    ~ Засгийн газрын хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Оюутолгой” компани байгуулах болон автобензины 15 хоногийн нөөц бүрдүүлэх зэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна ~

    “Эрдэнэс Оюутолгой” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани хэлбэрээр байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ компани нь стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Оюутолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй юм.

    “Эрдэнэс Оюутолгой” компанийн өөрийн хөрөнгийг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс МГЛ” компанийн хөрөнгөнөөс гаргах, компанийн дүрмийг зохих журмын дагуу баталж мөрдүүлэхийг Төрийн өмчийн хороонд даалгалаа. Ер нь стратегийн ач холбогдол бүхий орд тус бүрээр “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани байгуулагдах юм. Анхных нь “Эрдэнэс Тавантолгой” байсан бол дараагийнх нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК болж байна.

    МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ НӨӨЦӨӨ 2,3 САРААР БҮРДҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ

    Шатахууны нийлүүлэлтээс хамаарсан үнийн огцом өсөлт, шатахууны хомсдол үүсэх үед зарим чухал /нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг/ салбарын хэрэгцээг 15 хоног хангах зорилгоор автобензины улсын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 5 тэрбум төгрөгийг Эрсдлийн сангаас гаргах болов.

    Одоогоор газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангалттай, ойрын үед хангамж тогтвортой байгаа тухай Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас Засгийн газрын хуралдаанд мэдээллээ. Цаашид онцгой байдлын нөөц дээр нэмж тогтмол 2,3 сарын нөөцтэй болох үүднээс Засгийн газраас дээрх арга хэмжээг авч байгаа юм байна.

    Төрийн чухал үйлчилгээний хэрэгцээг хангах, газрын тосны бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтийг саармагжуулах зорилгоор 2008 онд УИХ тогтоол гарган улсын нөөцийн доод хэмжээг 2 сарын хэрэглээний буюу 120 мянган тоннд хүргэж нэмэгдүүлэхийг Засгийн газарт даалгасан. Энэ дагуу “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр 28,3 мянган тонн бензин, дизель түлшний нөөц бүрдүүлснээс 4 мянган тонн түлшийг 2009 оны ургац хураалтад ашиглаж, үлдсэнийг нь өнгөрсөн оны 8, 9 дүгээр сард дотоодын зах зээлд хомсдол үүсэх нөхцөл бүрдсэн учир борлуулж, мөнгийг нь төсөвт төвлөрүүлжээ.

    Өнгөрсөн сард дизель түлшний хилийн үнэ 95 мянган төгрөгөөр нэмэгдсэн учир Засгийн газар шийдвэр гарган Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирэх түлшний тонн тутамд 100 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг тэглэсэн. Засгийн газар ийнхүү тухай бүр нь бензин, дизель түлшний хилийн үнэ өсөхөд татварыг бууруулж, хилийн үнэ буурахад татварыг нэмж байснаар дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнийн огцом өсөлтийг сааруулж, тогтвортой байлгаж байна.

    ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙГ БАТЛАВ

    Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дүрмийг баталлаа. Энэ дүрмээр Зөвлөл нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын оролцоог хангах, Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны байгууллагын төлөөлөл бүхий бие даасан, нийгмийн зөвшилцлийн байгууллага байх юм. Үндэсний зөвлөл нь 4 хүртэл орон тоотой байх бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн салбар зөвлөл, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны бүх шатны байгууллагаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулна.

    Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 68 071  хүн шинээр ажилтай болжээ. Эдгээрийн 29 мянга гаруй нь эмэгтэйчүүд юм байна. Баруун бүсийн аймгуудад 8 424, Хангайн бүсэд 11 423, Төвийн бүсэд 11 281, Зүүн бүсэд 4 855 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод 32 мянга 088 хүн ажилд оржээ. Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүрэгт тус бүр 5 мянгаас дээш хүн шинээр ажлын байртай болсон байна.

    Ховд аймаг 1898 хүнийг шинээр ажлын байртай болгосноор баруун бүсдээ тэргүүлсэн бол Хангайн бүсэд Архангай аймаг 2293, Төвийн бүсэд Төв аймаг 2349, Зүүн бүсэд Дорнод аймаг 2031 хүнийг шинээр ажлын байртай болгож бусдыгаа хошуучилжээ. Улсын хэмжээнд нийт ажилд орсон хүний 12 602 нь барилгын салбарт ажиллаж байгаа нь хамгийн ихэд тооцогдож байна. Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 11 867, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 8 470, уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 7800 хүн шинээр ажилтай болсон дүн гарчээ.

    МАНАЙ 9 ТАМИРЧИН ЛОНДОНЫ ОЛИМПИЙН ЭРХ АВААД БАЙНА

    Өнөөдрийн байдлаар буудлагын О.Гүндэгмаа, хөнгөн атлетикийн Б.Сэр-Од, Л.Отгонбаяр, байт харвааны Ж.Гантөгс, Б.Урантунгалаг, чөлөөт бөхийн О.Насанбурмаа, У.Чулуунбат, боксын У.Мөнх-Эрдэнэ, П.Сэрдамба нар Лондонгийн олимпод оролцох эрхээ аваад байна. Түүнчлэн Паралимпийн жүдо бөхийн Б.Ганбат, П.Болортуяа, А.Мөнхбат, Д.Ганбат, М.Очирхуяг, байт харвааны Б.Оюун-Эрдэнэ, Б.Жавзмаа, буудлагын Ц.Лхамсүрэн, хөнгөн атлеттикийн Г.Мөнхбат нар эрхээ авчээ. 

    Үндэсний шигшээ багийн тамирчид өвөл, зун, паралимпийн спортын 14 төрөлд насанд хүрэгчид, залуучуудын ангилалаар 142 тамирчин, 34 дасгалжуулагч  ирэх олимпод бэлтгэж байгаа тухай Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Шигшээгийнхэн тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээнд амжилттай оролцож, энэ оны 11 дүгээр сарын байдлаар 21 алт, 61 мөнгө, 86 хүрэл, нийт 198 медаль хүртээд байна.

    Цаашид Эрдэнэт хот дахь Олимпийн баазын тохижилт, материаллаг баазыг бэхжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тамирчдын хоолны газрыг шинэчлэх, бокс, хүндийн өргөлтийн тамирчдын бэлтгэл сургуулилт хийх нөхцлийг бүрдүүлэх, спортын хэрэглэл, материал худалдан авах асуудлыг шийдвэрлүүлэхийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Мөн “Олимп хөгжил” сангийн ажлыг эрчимжүүлэн хөрөнгө мөнгө хуримтлуулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Сангийн Удирдах зөвлөлийн дарга, Шадар сайд М.Энхболд, орлогч дарга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгажээ.

    Манай улсын баг тамирчид 11 удаа зуны олимпод оролцон 3 алт, 7 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн. 2008 оны Бээжингийн XXIXолимп, Паралимпийн XIIIнаадмаас 3 алт, 2 мөнгөн медаль хүртэж 204 орноос 31 дүгээр байрт шалгарсан юм.  Ирэх олимпод медалийн буухиаг таслалгүй, амжилтаа бататгах нь манай гол зорилт болоод байна.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг энэ оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 10 дугаар хуралдаанд оролцсон юм. Хуралдаанд оролцсон дүнг Засгийн газар сайшааж хуралдааны мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгалаа.
    • Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратеги төлөвлөгөөг хавсралтаар баталлаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжаар хэрэгжих хөтөлбөр, төсөлтэй уялдуулах болсон байна. Иргэд, олон нийтийн оролцоотойгоор төрийн байгууллагууд нэгдэж, хамтарч ажилласнаар хүүхдэд учирч байгаа эрсдэл, эмзэг байдал, эрхийн зөрчлийг арилгах, хүүхэд хамгааллын шинэ үйлчилгээг хөгжүүлэх боломжийг өргөжүүлэх юм. Бага насны хүүхэд, сургуультай холбоотой асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд цогцоор нь дахин оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байна.
    • Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд шинээр баригдаж байгаа, ирэх оны 1 дүгээр сард ашиглалтад орох Хөдөлмөрийн төв биржийн байранд Хөдөлмөрийн төв бирж болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг байрлуулахаар болов.
  • ОН ГАРСААР 68 МЯНГА 071 ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ

    Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 68 071  хүн шинээр ажилтай болжээ. Эдгээрийн 29 мянга гаруй нь эмэгтэйчүүд юм байна. Баруун бүсийн аймгуудад 8 424, Хангайн бүсэд 11 423, Төвийн бүсэд 11 281, Зүүн бүсэд 4 855 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод 32 мянга 088 хүн ажилд оржээ. Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүрэгт тус бүр 5 мянгаас дээш хүн шинээр ажлын байртай болсон байна.

    Ховд аймаг 1898 хүнийг шинээр ажлын байртай болгосноор баруун бүсдээ тэргүүлсэн бол Хангайн бүсэд Архангай аймаг 2293, Төвийн бүсэд Төв аймаг 2349, Зүүн бүсэд Дорнод аймаг 2031 хүнийг шинээр ажлын байртай болгож бусдыгаа хошуучилжээ. Улсын хэмжээнд нийт ажилд орсон хүний 12 602 нь барилгын салбарт ажиллаж байгаа нь хамгийн ихэд тооцогдож байна. Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 11 867, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 8 470, уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 7800 хүн шинээр ажилтай болсон дүн гарчээ.

  • Монгол улс арилжааны зээл авдаг орон болжээ

    Одоогоос таван сарын өмнө Монгол улсын банк санхүүгийн салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж, Хөгжлийн банк байгуулагдаж байсан билээ. Тэгвэл тус банк өнөөдөр 600 сая ам.долларын дунд хугацааны евро бондын хөтөлбөрийг олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын ING, Deutsche банк, HSBS банкуудтай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Олон улсын зах зээлд ийм хэмжээний бонд гаргаж байсан туршлага манай улсад байхгүй бөгөөд энэ нь эдийн засгийн  хөгжлийн хувьд чухал үйл явдал  болж байна хэмээн ёслолын ажиллагаанд оролцсон Монгол улсын Ерөнхий сайд  С.Батболд онцлон тэмдэглэлээ.

    Энэ бол эдийн засгийн өсөлтөд түлхэц, хурд өгөх үйл ажиллагаа хэмээгээд, Монгол улс бол найдвартай түнш болж байгаагийн илэрхийлэл ч юм гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байлаа. Түүнчлэн бидний хүсэн хүлээсэн их бүтээн байгуулалтын ажлыг хурдасгахад энэ хөтөлбөр жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд итгэл, зүтгэл гарган ажилласан Монгол улсын Хөгжлийн банкны хамт олон болон хамтран ажилласан гадаад, дотоодын бүх байгууллагад талархал дэвшүүллээ.

    Монгол улсын Хөгжлийн банкны гаргаж буй бонд нь Монгол улсын Засгийн газрын баталгаатайгаар олон улсын зах зээлд гарч байгаа анхны бонд  болж байгаа юм байна. Хэдийгээр  олон улсын хөрөнгийн зах зээлийн нөхцөл, байдал тааламжгүй үе таарсан ч Монгол улсын Хөгжлийн банк маш сайн нөхцөлтэйгөөр хөтөлбөрөө эхлүүлж, эхний ээлжийн бондоо  ижил төстэй зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад бага хүүтэйгээр гаргаж чадсан нь онцлог юм гэдгийг тус банкныхан дурьдаж байв.

    Монгол улсын Хөгжлийн банкны хэрэгжүүлж эхэлж байгаа дунд хугацааны Евро бондын  энэхүү хөтөлбөр нь “ Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр, “ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “ Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”, “ Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон төсөл хөтөлбөр” –үүдийг санхүүжүүлэх эхний бодит боломжийг олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл төмөр зам, орон сууц, замын хөтөлбөрүүдийн гарааны мөнгө болох юм байна. Эхний удаад 20 сая ам.долларын бонд  гарч байгаа ажээ.  Энэ бондыг  энэ 12 дугаар сар болон 2012 онд хэд хэдэн үе шаттайгаар, Сингапурын хөрөнгийн бирж дээр арилжаалахаар төлөвлөөд байгаа ажээ.

    Олон улсын ING хөрөнгө оруулалтын банк нь Нидерланд улсад төвтэй банк бөгөөд Монгол улсад сүүлийн гурван жилийн туршид хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулж байгаа бол, Герман улсын  Deutsche банк нь 141 жилийн түүхтэй хөрөнгө оруулалтын банк юм байна. Дэлхийн 70 гаруй улсад хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ үзүүлдэг ажээ. Харин Лондонд төвтэй HSBC банк нь дэлхийн 80 гаруй улсад салбартай олон улсын хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч байр суурьтай банк юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Нийслэлийн иргэдийн саналыг Ерөнхий сайдад уламжиллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр “Нийслэлийн нутгийн зөвлөл” төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн нутгийн зөвлөлийнхөн Улаанбаатараа утаагүй болгох хамгийн зөв арга бол хийн хэрэглээг хэвшүүлэх явдал гэж үзэж байгаа юм байна. Ингээд Оросоос Хятад руу татах хийн хоолойг Монголоор дамжуулахыг дэмжсэн нийслэлийн иргэдийн саналыг цуглуулснаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод гардуулсан юм. 10 мянга гаруй иргэдийнхээ санал хүсэлтийг агуулсан энэхүү захидлыг ОХУ, БНХАУ-ын удирдлагуудад уламжилж өгөхийг тэд хүслээ.

    “Улаанбаатарын утаа, замын бөглөрөл, автомашины зогсоол зэрэг асуудлуудыг цогцоор нь шийдэх бодит гарцыг хайж, Улаанбаатараа брэнд хот болгохын төлөө Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд та идэвхитэй ажиллаж байгаа нь залуучууд бидэнд урам зориг өгч эдгээр асуудлыг ажил хэрэг болгохын төлөө хамтарч ажиллан, гар бие оролцохыг хүсч байна“ гэж Нийслэлийн нутгийн зөвлөлийнхөн уулзалтын үеэр хэллээ. 

    Эдгээр залуучууд Улаанбаатарын тулгамдсан асуудалд анхаарч, хамгийн гол нь 10 мянга гаруй хүний дэмжлэгийг баталгаажуулсан гарын үсэг цуглуулж бодит ажил хийж буйд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар Нийслэлийн агаарын бохирдлыг шийдэх богино, дунд, урт хугацааны хөтөлбөр гаргаж хэрэгжүүлж байгаа гэдгээ Засгийн газрын тэргүүн хэлээд энэ хүрээнд нийслэлийн оршин суугчдыг хийн түлшээр хангах нь хамгийн чухал.

    Лондон, Бээжин, Сөүл зэрэг дэлхийн томоохон хотууд хийн түлш хэрэглэж утаанаас ангижирсан туршлага байгаа. Энэ асуудлыг дэмжиж төрд хүч, иргэдийн дуу хоолой нэмж байгааг нь сайшаалаа. Мөн нийслэлчүүдийн амьдрах орчныг эрүүл, таатай байлгах зэрэг асуудалд залуучуудын дуу хоолой чухал гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.