Ангилал: мэдээ

  • ОН ГАРСААР 64 МЯНГА 635 ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ

    Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 64 635  хүн шинээр ажилтай болжээ. Эдгээрийн 28 мянга гаруй нь эмэгтэйчүүд юм байна. Баруун бүсийн аймгуудад 7 877, Хангайн бүсэд 10 517, Төвийн бүсэд 10 715, Зүүн бүсэд 4 338 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод 31 мянга 118 хүн ажилд оржээ. Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэгт тус бүр 5 мянгаас дээш хүн шинээр ажлын байртай болсон байна.

    Ховд аймаг 1845 хүнийг шинээр ажлын байртай болгосноор баруун бүсдээ тэргүүлсэн бол Хангайн бүсэд Архангай аймаг 2191, Төвийн бүсэд Төв аймаг 2282, Зүүн бүсэд Дорнод аймаг 1986 хүнийг шинээр ажлын байртай болгож бусдыгаа хошуучилжээ. Улсын хэмжээнд нийт ажилд орсон хүний 12 370 нь барилгын салбарт ажиллаж байгаа нь хамгийн ихэд тооцогдож байна. Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 10 919, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 8 184, уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 6000-7400 хүн шинээр ажилтай болсон дүн гарчээ.

  • Түгжрэл багасгах цогц ажил хэрэгжүүлнэ

    УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд 2008-2011 онд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

    УИХ-ын дарга, 

    Эрхэм гишүүд ээ,     

    Та бүхэнд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд 2008-2011 онд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авах зарим арга хэмжээний талаар товч мэдээлэл хийе.   

    Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэл хотын эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд авто замын сүлжээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс үе үеийн Засгийн газар нийслэл Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын асуудалд ихээхэн анхаарч ирлээ. Үр дүнд нь өнөөдрийн байдлаар хатуу хучилттай авто замын урт нь 650.4 км болоод байна. Үүний 70 орчим хувийг  ашиглалтад ороод 20-иос дээш жилийн насжилттай болсон, их засвар, шинэчлэлт хийгдээгүй авто зам  эзэлж байгааг дурдах нь зүйтэй юм. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын барилгажилтын хэмжээ 1980 оноос 3.5 дахин нэмэгдсэн. Гэвч авто замын үндсэн сүлжээ бараг хэвээрээ байгаа нь бидний гарцаагүй анхаарлаа хандуулах асуудал болж байгаа юм. 

    Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийслэл хотын авто замын салбарт Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Нарны зам” төсөл, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Энхтайвны гүүрийн их засвараас өөр дорвитой ажлууд хийгдээгүй. Сүүлийн 16 жилийн хугацаанд жилд 162 саяас 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь тухайн үед шинээр зам барих, шинэчлэх боломжгүй, зөвхөн засвар, арчлалтад зарцуулагдаж байжээ. Энэ нь Монгол улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжин, эдийн засгийн чадавхи  сул байсантай холбоотойгоор Улаанбаатар хотын дэд бүтэц, ялангуяа авто замын салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүйгээс үүдэлтэй юм. 

    Манай хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд улс, нийслэлийн төсвөөс Нийслэлийн авто замын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр нэмэгдүүлж ирлээ. Мөн 2010 онд хөрөнгө оруулалтын шинэ хэлбэр болох өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцлөөр анх удаа 50 км авто зам барих ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар дуусах шатандаа явж байна. 

    2008 оноос хойш нийслэлд 42.5 км авто замыг шинээр барьж, 67.9 км авто замыг өргөтгөн шинэчилж, нийтдээ 110.4 км авто замын барилгын ажлыг холбогдох байгууллагууд хийж гүйцэтгэлээ.  Үүнийг задалж үзвэл 2008 онд шинээр 7.69 км зам барьж, 1.74 км замыг өргөтгөж сайжруулсан. 2009 онд шинээр 3.1 км зам барьж, 10.5 км замыг өргөтгөж шинэчилсэн. 2010 онд шинээр 11.8 км зам барьж, 14.0 км замыг өргөтгөж шинэчиллээ.  Харин 2011 онд шинээр 19.9 км зам барьж, 41.7 км замыг өргөтгөн сайжруулсан. Эдгээр тоон үзүүлэлт нь жил ирэх бүр Улаанбаатар хотын авто замыг сайжруулахад хөрөнгө оруулалтыг боломжоороо нэмэгдүүлж байгааг харуулж байна. Энэ хугацаанд нийт 169.1 урт метр төмөрбетон гүүрийг шинээр барьж, 1406.6 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилж, явган хүнд зориулсан болон автомашин явах нүхэн гарцуудыг тус бүр нэгийг барьж ашиглалтад оруулсан. 

    Дээрх зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд улсын төсвийн хөрөнгөөс 61.0 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгөөс 16.8 тэрбум төгрөг, “Монгол улсыг хөгжүүлэх сан”-гаас 3.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 0.8 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжийн хүрээнд 37.3 сая доллар, 4.7 тэрбум  төгрөг зарцуулсан. 

    Эдгээрээс гадна хотын авто зам, замын байгууламжийн арчлалт, урсгал засвар, орон сууцны хороолол доторх замын шинэчлэлтийг Нийслэлийн Авто замын санд төвлөрсөн хөрөнгөөр хийж байна. Нийслэлийн замын санд 2008 онд  4.4 тэрбум төгрөг, 2009 онд  5.6 тэрбум төгрөг, 2010 онд 7.2 тэрбум төгрөг, 2011 онд 9.5 тэрбум төгрөг, нийт 26.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, орон нутгийн чанартай зам ашигласны төлбөр зэрэг эх үүсвэрүүдээс төвлөрүүлж, хотын гол гудамж замуудын арчлалт, урсгал засвар, хорооллын доторх авто замуудыг шинэчлэх зэрэг ажлуудад зарцуулсан байна. 

    Цаашид төлбөртэй зогсоолын үйлчилгээ болон төлбөртэй зам барьж хураамжийн шинэ эх үүсвэрийг бий болгох арга хэмжээг авна . Энэ зорилгоор “Төлбөртэй зогсоолын журам”­­-ыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2009 онд батлан мөрдүүлж эхэлсэн. Хамтарсан Засгийн газар нийслэл Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулахын тулд дотоод эх үүсвэрээс гадна гадаадын зээл тусламжийг ч гэсэн боломжоороо төвлөрүүлэн ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар Нийслэл Улаанбаатар хотод гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр дараах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд:

    Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Чингэлтэй дүүргийн Хайлаастын 1.1 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны 4.1 км авто зам, Орбит-Тахилтын 7.1 км авто зам, Баянзүрх дүүргийн Ботаник Шархадны 6.5 км авто зам барих ажлыг эхлүүлсэн. Хайлаастын 1.1 км авто замыг 2011 онд, бусад замуудыг 2012 онд ашиглалтанд оруулна. Японы улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Нарны гүүр” гүүрэн гарц барих ажил өнөөдрийн байдлаар 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд 2012 оны 6 сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.  Мянганы Сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Улиастайн салаа замын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто зам, Баянзүрхийн товчооноос Налайх-Тэрэлжийн уулзвар хүртэлх 15.9 км авто замыг өргөтгөж шинэчлэх төслүүдийг 2011-2013 онд хэрэгжүүлж дуусгана. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжин хотын нэрэмжит гудамжны шинэчлэлт хийхээр зураг төслийн ажлыг эхлүүлсэн. Бээжингийн гудамжны шинэчлэлтийг 2012-2013 онд хэрэгжүүлнэ. Дээрх төслүүдийн хүрээнд ойрын хугацаанд буюу 2012-2013 онд 18.7 км авто зам, 386 урт метр гүүрийг шинээр, 19.3 км авто зам, 75 урт метр  гүүрийг өргөтгөн шинэчилж, төмөр зам дээгүүр шинээр 1 гүүрэн, 1 нүхэн гарцыг барьж ашиглалтад оруулна. 

    Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 

    • Баруун 4 замын уулзвар дээрх олон түвшний огтлолцол барих,
    • Яармагийн гүүрийг хос болгон өргөтгөж шинэчлэх,
    • Толгойт Сонсголонгийн замын уулзварт гүүрэн гарц барих,
    • Олимпийн гудамжнаас Нарны зам ба төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух гүүрэн гарц барих,  
    • Саппорогийн аюулгүйн тойрог дээрх олон түвшний огтлолцол барих,
    • Баянбүрдийн аюулгүйн тойрог дээрх олон түвшний огтлолцол барих

    зэрэг 6 томоохон төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. 

    Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлын тогтоолоор батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрт нийслэлийн авто замыг сайжруулах ажил нэг томоохон хэсэг нь болон тусгагдсан. Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод нийт 350 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр, 212 км авто зам, 7 гүүрэн гарц, огтлолцлыг шинээр барихаар төлөвлөсөн.   

    2011 онд Засгийн газрын 105 тоот тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх 17 төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталж, ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна. Эдгээр 17 төсөл, арга хэмжээний хүрээнд олон түвшний огтлолцол 1-ийг, 48.7 км авто замыг шинээр барих буюу өргөтгөнө. 
     
    Тус хөтөлбөрийн хүрээнд 2012-2013 онд хэрэгжүүлэх 120.4 км авто зам, замын байгууламжуудын зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлд Буянт Ухаа, Шинэ Яармаг, 7, 14, Радио Телевиз, Баянголын ам зэрэг 6 шинэ хорооллыг нэн түрүүнд барихаар төлөвлөсөн. Эдгээр хорооллын доторх гол болон туслах нийт 83 км авто замыг цогцоор нь барина.  

    “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр хэрэгжсэнээр 2017 он гэхэд Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын сүлжээний нийт урт 925 км болж, хотын хөдөлгөөний түгжрэл ихтэй гол гудамж замуудын уулзварт олон түвшний огтлолцол, гүүрэн гарцууд баригдсан байх болно.

    Авто тээврийн хэрэгслийн үзлэг тооллогын дүнгээр  2008 онд 106.8 мянга, 2009 онд 131.4 мянга, 2010 онд 152.1 мянга, 2011 оны 9 сарын байдлаар 177.9 мянган тээврийн хэрэгсэл тоологдсон. Өөрөөр хэлбэл 2008-2011 онд Улаанбаатар хотод зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 71 хувиар  нэмэгдлээ. Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирж зорчиж буй тээврийн хэрэгслүүдийг тооцвол энэ тоо илүү их нэмэгдэнэ. Эдгээр тоон үзүүлэлт нь авто замыг шинээр барих, засварлах хэрэгцээг эрс ихэсгэлээ. Гэвч тээврийн хэрэгслийн энэхүү өсөлттэй хамааралтай хөрөнгө оруулалтыг нийслэлийн авто замын салбарт оруулж чадахгүй байна. Улаанбаатар хотын авто машин, хүн амын өсөлттэй шууд хамааралтайгаар хотын авто замуудын нэвтрүүлэх чадавх хүрэлцэхгүй болж, хөдөлгөөний түгжрэл үүсч, агаарын бохирдлыг нэмэгдүүлж, нийгэм болон эдийн засагт сөргөөр нөлөөлөх болсон. 

    Иймд хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг шинэчлэн өргөтгөж, хоёр түвшний уулзвар, гүүрэн болон нүхэн гарц, авто зогсоол барихаар тусган үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ мэтээр хамтарсан Засгийн газар Улаанбаатар хотын авто замын асуудалд анхаарч олон бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлж ирлээ. Гэвч хийж гүйцэтгэхийн зэрэгцээ хотын авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд олон хүндрэл бэрхшээлүүд тулгарч байна. Үүнд:

    • Хотын төвийн авто замыг шинэчлэхэд инженерийн шугам сүлжээг хүчитгэх, шилжүүлэхэд ихээхэн хөрөнгө шаардлагатай боллоо,
    • Зам барилгын ажлын талбайг чөлөөлөхөд одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар “тухайн газрын өмчлөгчтэй нөхөн олговрын хэмжээг тохиролцоно” гэсэн заалт    байдаг нь зам барилгын ажлыг явуулахад нэг гол бэрхшээл үүсгэлээ,
    • Олон түвшний огтлолцол, гүүрэн гарц, нүхэн гарцууд баригдаж буйтай холбоотойгоор мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ нэмэгдлээ,
    • Барилгажилт эрс нэмэгдэж, тусгай зориулалтын машин, механизм, хүнд даацын ачааны тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох болсонтой холбоотойгоор зам, замын байгууламжийг эвдэх явдал ихэслээ. Эдгээр тулгамдсан асуудлыг бид цогцоор нь шийдвэрлэх ёстой.

    Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, менежментийг сайжруулах, зам барилгын ажлын чанарыг дээшлүүлэх, авто замаар саадгүй зорчих нөхцлийг хангахын тулд дараах арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

    • Тээврийн хэрэгслийн ил, далд, олон давхар болон төлбөртэй зогсоолыг олноор байгуулах,
    • Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудын уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд олон түвшний огтлолцол барих, явган хүнд зориулсан гүүрэн болон нүхэн гарц барих,
    • Их багтаамжийн нийтийн тээврийн төрлийг нэвтрүүлэх,
    • Хотын чанартай хурдны замыг барих,
    • “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудал хүртэлх авто замыг шинээр барьж байгуулах,
    • Нэгт төвтэй одоогийн Улаанбаатар хотыг олон төвтэй болон дагавар хот, тосгон бүхий жигд тархсан суурьшилтай болгож өөрчлөх,
    • Нийслэлийн Авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх,
    • Нийслэлийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын тогтолцоог боловсронгуй болгож, бүх замыг төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн аж ахуйн нэгжүүдэд хариуцуулан гүйцэтгүүлэх,
    • Ашиглагдаж байгаа гүүр, замын байгууламжуудад газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөтэй авч хэрэгжүүлэх,
    • Зам барилга, засварын шинэ техник, технологийг өргөнөөр нэвтрүүлэх,
    • Зам барилга, засварын ажлын хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, хөндлөнгийн зөвлөх компаниар технологийн хяналтыг гүйцэтгүүлэх,
    • Мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх талаар тодорхой бодлого гаргаж хэрэгжүүлэх зэрэг болно.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Манай улсын хүн амын тал хувь амьдарч, тээврийн хэрэгслийн 60-70 хувь зорчдог, нийт газар нутгийн 0.3 хувийг эзлэн орших Улаанбаатар хотын авто замын сүлжээнд Засгийн газраас 2008-2011 онд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авах зарим арга хэмжээний талаар танилцуулахад ийм байна. 

    УИХ-ын эрхэм гишүүд Та бүхнийг Улаанбаатар хотын авто замтай холбоотой асуудлаар санал бодлоо илэрхийлэхийг хүсье. Та бүгдийн саналыг Засгийн газар, нийслэл цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах болно. 

    Анхаарлаа хандуулсанд баярлалаа


    2011 оны 11 дүгээр сарын 18

    УИХ-ын чуулганы танхим

  • Хөдөлгөөний түгжрэл ингэж арилна

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр УИХ-ын чуулганы танхимдУлаанбаатар хотын авто замын сүлжээнд 2008-2011 онд хийж гүйцэтгэсэн ажил , цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Өөрөөр хэлбэл эдүгээ хэн хүний уур ундуу, цаг хугацааг барах болсон замын түгжрэлийг хэрхэн арилгах талаар тодорхой ажлуудыг төлөвлөж  эхлүүлээд байгаагаа энэ мэдээлэлдээ дурьдсан юм. Юуны өмнө тээврийн хэрэгслийн ил, далд, олон давхар болон төлбөртэй зогсоолыг олноор байгуулахыг гол зорилгоо болгож байгаагаа Ерөнхий сайд мэдээлэлдээ дурьдаж байна. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудын уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд олон түвшний огтолцол барих, явган хүнд зориулсан гүүрэн болон нүхэн гарц барих, их багтаамжийн нийтийн тээврийн төрлийг нэвтрүүлэх зорилго тавьж байна.

    Мөн хотын чанартай хурдны замыг барих, “ Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудал хүртэлх авто замыг шинээр барьж байгуулах, нэг төвтэй одоогийн Улаанбаатар хотыг олон төвтэй болон дагавар хот, тосгон бүхий жигд тархсан суурьшилтай болгож өөрчлөх, нийслэлийн Авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг барьж байна. Мөн нийслэлийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын тогтолцоог боловсронгуй болгож, бүх замыг төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн аж ахуйн нэгжүүдэд хариуцуулан гүйцэтгүүлэх бодлогыг барьж байгаа ажээ. Ашиглагдаж байгаа гүүр, замын байгууламжуудад газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөтэй авч хэрэгжүүлэх, зам барилга, засварын шинэ техник технологийг өргөнөөр нэвтрүүлэхээр болж байна.

    Өнөөдрийн байдлаар манай Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын урт нь 650.4 км болоод байгаа аж. Үүний 70 орчим хувийг ашиглалтад ороод 20-иос дээш жилийн насжилттай болсон, их засвар, шинэчлэлт хийгдээгүй авто зам эзэлж байгаа юм байна. Нийслэл Улаанбаатар хотын барилгажилтын хэмжээ 1980 оныхоос 3.5 дахин нэмэгдсэн байдаг ч авто  замын сүлжээ бараг хэвээрээ байгаа нь гарцаа байхгүй бидний анхаарлаа хандуулах асуудал болж байна гэдгийг Ерөнхий сайд онцолж байна. Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд улс, нийслэлийн төсвөөс Нийслэлийн авто замын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр нэмэгдүүлж ирсэн бөгөөд 2010 онд хөрөнгө оруулалтын шинэ хэлбэр болох өөрийн хөрөнгөөр гйүцэтгэн дараа төлөгдөх нөхцөлөөр анх удаа 50 км авто зам барих ажлыг эхлүүлж эдүгээ дуусах шатандаа явж байна.

    Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээл, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж, Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалт, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тодорхой төслүүдийг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд дээрх төслүүдийн хүрээнд ойрын хугацаанд буюу 2012-2013 онд 18.7 км авто зам, 386 урт метр гүүрийг шинээр, 19.3 авто зам, 75 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилж төмөр зам дээгүүр шинээр нэг гүүрэн, нэг нүхэн гарцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.  

    Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр

    • Баруун 4 замын уулзвар дээрх олон түвшний огтлолцол барих,
    • Яармагийн гүүрийг хос болгон өргөтгөж шинэчлэх,
    • Толгойт Сонсголонгийн замын уулзварт гүүрэн гарц барих,
    • Олимпийн гудамжнаас Нарны зам ба төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух гүүрэн гарц барих, 
    • Саппорогийн аюулгүйн тойрог дээрх олон түвшний огтлолцол барих,
    • Баянбүрдийн аюулгүйн тойрог дээрх олон түвшний огтлолцол барих

    зэрэг 6 томоохон төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

    Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлын тогтоолоор батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрт нийслэлийн авто замыг сайжруулах ажил нэг томоохон хэсэг нь болон тусгагдсан. Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод нийт 350 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр, 212км авто зам, 7 гүүрэн гарц, огтлолцлыг шинээр барихаар төлөвлөсөн.  

    2011 онд Засгийн газрын 105 тоот тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх 17 төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталж, ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна. Эдгээр 17 төсөл, арга хэмжээний хүрээнд олон түвшний огтлолцол 1-ийг, 48.7 км авто замыг шинээр барих буюу өргөтгөнө. 

    Тус хөтөлбөрийн хүрээнд 2012-2013 онд хэрэгжүүлэх 120.4 км авто зам, замын байгууламжуудын зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлд Буянт Ухаа, Шинэ Яармаг, 7, 14, Радио Телевиз, Баянголын ам зэрэг 6 шинэ хорооллыг нэн түрүүнд барихаар төлөвлөсөн. Эдгээр хорооллын доторх гол болон туслах нийт83 км авто замыг цогцоор нь барина. 

    “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр хэрэгжсэнээр 2017 он гэхэд Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын сүлжээний нийт урт 925 км болж, хотын хөдөлгөөний түгжрэл ихтэй гол гудамж замуудын уулзварт олон түвшний огтлолцол, гүүрэн гарцууд баригдсан байх болно гэсэн мэдээллийг Ерөнхий сайд хийлээ.  Ийнхүү хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө нийслэл Улаанбаатар хотын авто замыг сүлжээг шинэчлэн өргөтгөж, хоёр түвшний уулзвар, гүүрэн болон нүхэн гарц, авто зогсоол барихаар тусган үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

  • Кувейтын Сангийн сайдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011оны 11-р сарын 18-ны өдөр Кувейт Улсын сангийн сайд Мустафа Жассем Аль-Ш амали тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Манай улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаад талархаж байгаагаа  Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд хэлээд өнгөрсөн жил танай сайхан оронд албан ёсны айлчлал хийсэндээ сэтгэл хангалуун байна гэлээ. Энэ айлчлал нь хоёр орны түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэдэгт итгэлтэй байгаагаа дурьдаад, эрхэм сайдын энэ айлчлал нь манай улсын эдийн засгийн өндөр өсөлттэй үед ирж байгаагаараа онцлог болж буйг тэмдэглэн хэлэв.

    Монгол улс нь зөвхөн  уул уурхайг түшиглэхийн сацуу дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч гээд олон салбаруудад бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байгаа гэдгийг хэлээд, өнгөрсөн жил Кувейт   улсад айлчлах үеэр  Монгол улсад  бүрэн тоноглогдсон хүүхдийн эмнэлэг барих асуудлыг шийдвэрлэсэн. Одоо энэ ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад талархаж буйгаа  Монгол улсын Засгийн газрын тэргүүн уулзалтын үеэр илэрхийллээ. Кувейт улсын сангийн сайд  Мустафа Жассем Аль-Шамали хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, таны тэргүүлж байгаа Засгийн газар амжилттай ажилласны үр дүнд эдийн засгийн өндөрлөгт хүрч чадсанд баяр хүргэе гэлээ.

    Мөн хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайдын өнгөрсөн жил Кувейт улсад хийсэн айлчлал чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэлээ. Кувейтын сангийн шугамаар хүүхдийн эмнэлэг барих болон бусад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа гэдгийг ноён Сангийн  сайд дурьдаад, эдгээр төсөл хөтөлбөрүүдийн үр дүн хоёр улсын ард түмэнд л ашиг тусаа өгөх учиртайг  тэмдэглэж байв.

    Мөн Кувейтийн сангийн санхүүжилтээр авто замын салбарт амжилттай хөрөнгө оруулалт хийгдсэн, цаашдаа ч дэд бүтэц, уул уурхай, эрүүл мэнд, боловсрол гэх мэтчилэн чухал салбаруудад идэвхтэй хамтран ажиллах боломж байгааг ч илэрхийллээ. Энэ бүх үйл ажиллагаанд  Монгол улсын Ерөнхий сайдын дэмжлэг их байгаад талархаж буйгаа мөн  тэмдэглэн хэллээ. Кувейтийн сангийн дэмжлэгтэйгээр эдүгээ Дархан-Эрдэнэт, Эрдэнэт- Булган- Уньт, Уньт- Тариалангийн чиглэлийн авто замууд шинэчлэгдэж байгаа ажээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Худалдааны салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдлээ

    Ардын хувьсгал ялсан 1921 онд Монгол ардын харилцан туслалцах хоршооны хэлтсийг Сангийн хамаг хэргийн яамны дэргэд байгуулснаар Монгол улсад орчин цагийн худалдааны салбар үүссэн гэж үздэг. Эдүгээ энэ салбар 90 жилийнхээ босгон дээр иржээ. Уг ойд зориулсан худалдаа эрхлэгчдийн улсын дөрөвдүгээр зөвлөлгөөн Төрийн ордонд өнөөдөр эхэллээ. Зөвлөлгөөнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон, нээж хэлсэн үгэндээ “ Та бид өнөөдөр энэ салбарын баярыг тэмдэглэж, амжилт ололт, алдаа оноо, хэтийн төлөвийг нь хэлэлцэж байна.

    Монгол улсын эдийн засаг үсрэнгүй хөгжлийн шатандаа ирсэн энэ цаг үед худалдааны салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэн хэлье. 1990-ээд оны эхэн үед дэлхийн 20-иодхон улстай 200 хүрэхгүй сая ам.долларын худалдаа хийдэг байсан  Монгол улс өнөөдөр 20-иод жилийн дараа дэлхийн 140 гаруй улстай арваад тэрбум ам.долларын худалдаа хийдэг боллоо. 2003 онд 3878 аж ахуйн нэгж, 9352 хүн гадаад худалдаанд оролцож байсан бол энэ оны 11 дүгээр сарын байдлаар 6729 аж ахуйн нэгж, 9770 хүн болж өсчээ.

    Ингэж манай улсын худалдааны салбарын хүрээ өргөжин тэлж, дэлхийн ертөнцийг өнцөг булан хүрч үйл ажиллагаагаа бэхжүүлж өсөн дэвжихэд хувь нэмрээ оруулсан төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчиддээ талархал илэрхийлье. Гадаад худалдааг хөнгөвчлөх, чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах, олон улсын худалдаанд мөрддөг бусад боломжуудыг ашиглах замаар худалдааны салбараа хөгжүүлэх асуудалд миний бие Үйлдвэр худалдааны болон Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа ихээхэн анхаарсан.

    Өнөөдөр ч миний анхаарлын төвд байна. Гадаад зах зээлд монголын бараа бүтээгдэхүүнийг таатай нөхцлөөр гаргах, тааламжтай орчин бүрдүүлэх зорилгоор Европын холбооны зах зээлд монголын гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй гаргах гэрээ хэлэлцээрийг миний бие миний бие 2005 онд хийж хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан.Энэ боломжийг манай улс 2013 он хүртэл ашиглах ёстой. Саяхан манай Засгийн газар Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэцээр байгуулах чиглэлээр яриа хэлэлцээг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа. Үүнийг үр дүнтэйгээр ажил хэрэг болгох учиртай.

    Худалдааны салбар өргөжин тэлэхийн хэрээр шинэ хүндрэл бэрхшээл, яаралтай шийдвэрлэвэл зохих асуудлууд урган гарах боллоо. Тиймээс Засгийн газар худалдааны эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, зөв оновчтой бодлого хэрэгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх, экспортод нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг хувь хэмжээг нэмэгдүүлэх, худалдаан дахь тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах, хурдтай, оновчтой шийдвэр гаргахыг үүрэг болгон ажиллаж ирлээ. Мөн худалдааны салбарын хууль, эрх зүйн орчинг улам сайжруулах ажлын хүрээнд “Худалдааны тухай хууль”, “ Гадаад худалдаанд төрөөс бармтлах бодлого”, “ Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр” зэрэг баримт бичгүүдийг боловсруулан гаргахаар ажиллаж байна. Манай Засгийн газар томоохон худалдааны үйл ажиллагааг дэмжихээс гадна жижиг, дунд худалдаа үйлчилгээний салбарт ч ихээхэн анхаарч ирлээ.

    Сүүлийн хоёр жилд 60 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг 280 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгосон. Үүний 8 хувь буюу 4.8 тэрбум төгрөгийг худалдаа, үйлчилгээний салбарт өгсөн. Цаашид ч гэсэн жижиг, дунд худалдааны салбарыг бодитойгоор дэмжих болно. Ер нь худалдааны таатай орчинг төр засаг нь бүрдүүдж, бизнес эрхлэгчид нь бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Тиймээс худалдааны салбарын хөгжилд бизнес эрхлэгчдийг илүү үүрэг оролцоотой, санаачилгатай оролцоосой гэж хүсч байна. Худалдааны системийг хөгжүүлэхгүйгээр, олон улсын худалдааны соёл, мэдлэгээс суралцахгүйгээр, худалдаа эрхлэгч мэргэжлийн хүн хүчгүйгээр бид үсрэнгүй хөгжлийн зорилтоо биелүүлэх боломжгүй. Тиймээс тулгамдаад байгаа бүхий л асуудлыг системтэйгээр шийдвэрлэж хөгжилд хүрэх нь бидний зорилт ” хэмээн тэмдэглэн хэллээ.

    Худалдаа эрхлэгчид маань түүхэн 90 жилийн хугацаандаа гурван удаа ийм томоохон зөвлөлгөөнийг хийсэн бөгөөд, энэ удаагийнх нь 30 жилийн дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм байна. Тус Худалдаа эрхлэгчдийн дөрөвдүгээр зөвлөлгөөнд аймаг, нийслэл, Улаанбаатар хотоос 800 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, салбарынхаа тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, цаашдын зорилтынхоо талаар хэлэлцэн зөвлөмж гаргах юм байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ядуурлыг бууруулахад ядуу, эмзэг хэсгийг дэмжих нь нэн чухал гэж Засгийн газрын тэргүүн С.Батболд үзэж байна

    Улс орны өмнө тулгамдсан асуудлыг хөндөж “Ядуурлыг бууруулах бодлого ба нийгмийн халамж, хамгаалал” сэдэвт дээд хэмжээний уулзалт Төрийн ордонд болж байна. Энэхүү уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэллээ. Ерөнхий сайд Засгийн газраас ядуурлыг бууруулах, нийгмийн халамж хамгааллыг сайжруулахын төлөө хийж хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар танилцууллаа. Засгийн газар ард иргэдээ эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хөгжлийн шинэ суурийг зөв тавихын төлөө ажиллаж ирсэн.

    Эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 6 орчим хувьтай байсан бол энэ оны эцэс гэхэд 20 хувьд хүрнэ. Харин 2012 онд 25.6 хувьтай байхаар төсөөлж байна. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3000 орчим ам. долларт хүрлээ. Харин ирэх оны эцэс гэхэд 5000 долларт хүрэх боломж харагдаж байна. Эдийн засгийн энэхүү өсөлтийг иргэн бүртээ яаж хүргэх вэ?, нийгмийн бүлгүүдэд хэрхэн зөв хуваарилах вэ?, бус нутаг, хөдөө орон нутгийн иргэдэд жигд хуваарилах ямар арга зам байна вэ?  гэдэг асуудалд Засгийн газар бодлого үйл ажиллагаагаа төвлөрүүлж байна гэж Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ.

    Мөн байгалийн баялаг, хөрөнгө оруулалтыг ядуурлыг бууруулах, нийгмийн халамж хамгааллын тогтолцоог сайжруулахад чиглүүлэх нь Засгийн газрын нэг том зорилт. Учир нь эдийн засгийн өсөлтийн үр дүн болсон хөрөнгө оруулалтаар ажлын байр бий болгох нь ядуурлаас гарах зөв гарц юм. Эдийн засгийн өрсөлдөх чадвартай таатай орчинд хөрөнгө оруулалт ордог. Энэхүү хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Эдийн засгийн өсөлт нь ажлын байрыг бий болгодог. Ажлын байр нь ядуурлыг бууруулдаг тогтолцоог бэхжүүлэх нь чухал байна гэдгийг Засгийн газрын тэргүүн хэллээ.

    Энэ ч зорилгоор 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж 60 мянган шинэ ажлын байр бий болгохоор төлөвлөсөн. Одоогийн байдлаар энэхүү зорилтын биелэлт 90 гаруй хувьтай хэрэгжиж байна. Үр дүнд нь ажилгүйчүүдийн хувь хэмжээ нэг оронтой тоонд орж буурсныг Ерөнхий сайд тодотгоод Олон улсын хөндлөнгийн судалгааны байгууллагын дүн ч үүнийг харуулж байна. Тухайлбал, Дэлхийн банкны судалгаагаар манай улсын хөдөлмөрийн чадвартай иргэдийн дунд нийт ажилгүйчүүдийн эзлэх хувь хоёрдугаар улиралд 8.7 хувь хүртэл буурсан нь тогтоогджээ. Цаашид энэхүү нөхцөлийг хадгалж, бэхжүүлэх нь чухал гэлээ.

    Улс орнуудыг хүний хөгжлөөр нь хэмждэг зарчим дэлхий нийтэд мөрдөгдөх болсон. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс тогтмол явуулдаг судалгааны дүнгээр манай улс хүний хөгжлийн индексээрээ дундаж үзүүлэлттэй орны тоонд орлоо. Хүний хөгжлийн индексээрээ таван жилийн өмнө бус нутгийнхаа орнуудын дунд доогуурт бичигдэж байсан бидний хувьд багагүй амжилт юм. Энэхүү амжилт ололтоо бэхжүүлж, хүний хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах зорилгоор эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын асуудалд Засгийн газар анхаарч санхүүжилтийг нь үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Үр дүнд нь бүх иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах нөхцөл боломж бүрдлээ. Мөн боловсролын салбарт олон улсын стандартыг нэвтрүүлж эхлүүлэхийн зэрэгцээ өөрчлөлт шинэчлэлтийг эрчимжүүлж байна гэж Ерөнхий сайд С.Батболд эхлээд хэллээ.   

    Хамтарсан Засгийн газрын хөтөлбөрт туссан нийгмийн зорилтуудын нэг бол иргэн бүртээ 1.5 сая төгрөг олгох асуудал.  “Хүний хөгжил сан”-гаас жил бүр иргэн бүртээ хишиг, хувь олгож, энэхүү зорилтоо 2012 онд бүрэн хэрэгжүүлнэ. Тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэхийн зэрэгцээ нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтод бүлгүүдэд хүргэхийн тулд хязгаарлагдмал хэрэглээтэй өрхийн иргэдэд хүнсний талон олгож, хүнсний үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээ авч байна.

    Энэчлэн ядуурлыг бууруулах, нийгмийн халамж хамгааллыг сайжруулах талаар олон зүйлийг Засгиййн газраас хэрэгжүүлсэн. Цаашид ч нийгмийн хамгааллыг сайжруулах, ядуурлыг бууруулахын төлөө анхаарч ажиллана гэж Засгийн газрын тэргүүн С.Батболд онцлоод хийхээр төлөвлөсөн ажлынхаа заримаас танилцууллаа. Хүн амын ядуурлыг бууруулахад ядуу, эмзэг хэсгийг дэмжих асуудал нэн чухал байна. Ядуурал нь зөвхөн нийгмийн үйлчилгээ, хамгааллаар шийдэгдэхгүй. Тиймээс эдийн засгийн өсөлтийг бий болгож буй салбаруудын бодлогыг уялдуулан зохицуулах талаар тодорхой  алхам хийнэ.

    Манай улсын хүн амын олонхийг залуучууд эзэлдэг. Гэтэл хүн амын үнэт зүйл, гол баялаг болсон залуус маань ажилгүй иргэдийн ихэнхийг эзэлж, нийгмийн эмзэг хэсэгт багтах боллоо. Залуучууд нийгмийн халамж хамгааллыг хүртэж суудаг биш ажил хөдөлмөр эрхэлдэг боломж нөхцөлийг нь бүрдүүлэхэд анхаарах болно. Ядуурал нэмэгдэхэд шилжилт хөдөлгөөн нөлөөлөх боллоо. Тиймээс хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг багасгах, хөдөөгийн сургууль, эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, бүсийн нэмэгдлийг бий болгох замаар хөдөө орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжинэ.

    Хүн амын гадаад шилжих хөдөлгөөнд залуучууд идэвхтэй хамрагдаж байна. Тиймээс улс орны ирээдүйд бий болох сөрөг зүйлсээс сэргийлэх зорилгоор энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэхээр тодорхой бодлого гарган хэрэгжүүлж байна. Нийгмийн халамж, хамгааллын өргөн сүлжээг хумьж, оновчтой тогтоох бодлогыг хэрэгжүүлнэ. Тиймээс нийгмийн хамгааллыг цаашид хавтгайруулахгүй байх бодлогыг баримтлана.  Мөн хувь хүнийг гэхээсээ илүү гэр бүл, өрхийн хөгжлийг дэмжихэд чиглүүлнэ.

    Нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээнд хэнийг хамруулж болох бодлого нь иргэний нийгмийн байгууллагууд, оршин суугчдын санал бодолд суурилсан байх тогтолцоог бий болгоно. Нийгмийн эмзэг бүлгийн өрх, ядуу иргэдэд зөвхөн мөнгөн тусламж өгөөд зогсохгүй тэднийг хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхлүүлэх замаар ядуурлаас гаргах арга замыг олж хэрэгжүүлнэ. Хүний хөгжил сангаас олгох  хишиг,хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан залуучууд зэрэг  нийгмийн бүлгүүдэд хүртээж, цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Мөн нийгмийн суурь тэтгэврийн тогтолцоог бий болгож, Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан тогтолцооны зөрчлүүдийг шийдвэрлэнэ.

    Нийгмийн халамж, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх тусламж үйлчилгээг нь хөгжүүлэх шаардлага байна. Тиймээс Засгийн газар нийгмийн халамж хамгааллыг шинэчлэх зорилгоор “Нийгмийн халамжийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан билээ. Ядуурлыг бууруулах, нийгмийн халамж, хамгааллын шинэ тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдсэн энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлахыг УИХ-ын гишүүдээс хүслээ.

    Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд “Манай Засгийн газар хүний хөгжилд чиглэсэн эдийн засгийн цогц бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Хөгжлийн энэхүү зорилтоо үргэлжлүүлэн ажил хэрэг болгохын тулд ирэх оны төсөвт шаардлагатай санхүүгийн боломжит эх үүсвэрүүдийг тусгасан. Тиймээс нийгмийн хамгааллын бодлого зорилт маань амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж байна. Өнөөдрийн энэхүү зөвлөлдөх уулзалтаар ядуурлыг бууруулах зорилт, нийгмийн халамж хамгааллын чиглэлээр явуулж буй төрийн бодлогын талаар байр сууриа илэрхийлж, цаашдын ажилд тустай санал санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

    “Ядуурлыг бууруулах бодлого ба нийгмийн халамж, хамгаалал” сэдэвт дээд хэмжээний уулзалтад УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын донор байгууллагуудын 100 гаруй төлөөлөгч оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТАЛААР ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭ АВНА

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болов. Хуралдаанаар мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах арга хэмжээ, “Шинэ төмөр зам” төслийн явцын талаар хэлэлцэв.  

    “Мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г ирэх оны эхний хагаст багтаан боловсруулахыг Засгийн газрын хуралдаанаас сайд Ё.Отгонбаярт даалгалаа. Багш бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургаж чадваржуулахад чиглэсэн арга хэмжээг 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн дэс дараатай авч хэрэгжүүлэхээр боллоо. Мөн ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгын залгамж холбоог хангаж, Мэргэжлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрт суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн сахилга, хариуцлага, харилцааны соёл төлөвшүүлэх, ачаалал даах, эрсдэлийг давах чадвартай, амьдрах ухаанд сургахад чиглэсэн агуулгыг тусгах юм байна.

    Мэргэжлийн боловсрол, сургалтад ажил олгогчийн оролцоо, хариуцлагыг өндөржүүлэх, эрэлтэд нийцсэн ажиллах хүч бэлтгэхэд салбарын хөрөнгө, хүний нөөцийг харилцан үр ашигтай зохицуулах, суралцагч, төгсөгчийг дадлагын болон ажлын байртай холбох зорилгоор салбарын яам хоорондын гэрээ байгуулж нягт хамтран ажиллах, өргөн хүрээнд бодлого барьж ажиллах нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Сургалтын чанарыг дээшлүүлэх, суралцагсдын тоог нэмэх, дадлагын сургалтын техник, технологийг шинэчлэх зорилгоор холбогдох сайд нарт мөн үүрэг өгсөн байна.

    Энэ дагуу дадлагын сургалтыг байгууллагадаа чанартай зохион байгуулсан, өндөр мэргэшилтэй ажилтныг дадлагын багшаар ажиллуулах боломжоор хангасан аж ахуйн нэгжийг дэмжих, хуульд заасан хөнгөлөлт үзүүлэх, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн төсөлд хамруулах юм. Мөн мэргэжлийн өөрийн өртөг, боловсрол, сургалтын стандартад суурилсан төсвийн тогтолцоо бий болгож нэвтрүүлэхийг судлан, ирэх оны эхний хагаст багтаан шийдвэрлүүлэхийг сайд нарт даалгажээ.

    Сургалтын байгууллагын хичээлийн болон дотуур байр, дадлагын газрыг өргөтгөх, дадлагын сургалтын бааз, лабораторийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгө оруулалтыг нэмэх болсон байна. “Оюутолгой”, “Тавантолгой” болон бүтээн байгуулалтын бусад хөтөлбөр, төслийн хүрээнд мэргэжилтэй ажилчин бэлтгэх, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв төгссөн хүмүүсийг ажлын байраар хангах тухай хуралдаанаар яригдлаа.

    Энэ чиглэлээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй зөвшилцөн, нэгдсэн  төлөвлөгөө гарган үйл ажиллагаагаа уялдуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт танилцуулж байхыг холбогдох сайд нарт даалгав. Түүнчлэн цэргийн алба хааж байгаа иргэдэд мэргэжлийн чадамж эзэмшүүлэх, тэднийг цэргээс халагдсаны дараа ажилтай болгоход анхаарахыг ч үүрэг болгожээ.

    Хуралдаанаас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хэд хэдэн ажил хийхийг даалгалаа.

    Засаг дарга нар орон нутагтаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг судалж, холбогдох байгууллагуудыг үнэн зөв мэдээллээр хангах, ажилгүй иргэдээ мэргэжлийн боловсрол, сургалтад хамруулах, мэргэжилтэй ажилтны нөөцөө бүрэн ашиглах бодлого, зорилт дэвшүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг энэ онд багтаан боловсруулж, батлуулах юм.

    Мөн аймаг, нийслэлийн мэргэжлийн боловсрол, сургалтын болон хөдөлмөрийн байгууллага, нийгмийн түншийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж зохицуулах, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн салбар зөвлөлийг тогтмол, үр өгөөжтэй ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээжээ. Шинээр бий болгосон ажлын байрны тоо, хэдэн хүнийг ажилтай болгосноор нь Засаг дарга нарын ажлыг дүгнэх гол үзүүлэлт болгон холбогдох журамд өөрчлөлт оруулж хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгав.

    Аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтнуудаа мэргэшүүлж чадваржуулах сонирхлыг дэмжих, ажлын байрны эрэлт, захиалгыг бодитой гаргаж, сургалтын байгууллагуудыг үнэн зөв мэдээллээр хангах, мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, хөтөлбөрийг боловсруулах, чанарын үнэлгээ хийхэд идэвхтэй оролцохыг Ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд зөвлөв. Мөн үйлдвэрлэлийн болон дадлагын сургалтыг чанартай зохион байгуулах талаар захирал, инженер, техникийн ажилтнуудын санаачилга, хариуцлагыг өндөржүүлэхийг зөвлөжээ.

    Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж байгаа хүний тоо энэ онд 67 мянгад хүрсэн байна. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан суралцагсдын тоог 90 мянгад хүргэх зорилтын хэрэгжилт 75 хувьтай байна гэсэн үг юм. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг 2010-2011 оны хичээлийн жилд 18 мянга гаруй хүн төгссөн бөгөөд 55 хувь нь 6 сарын дотор ажлын байртай болжээ.                      

    БУУДАЙ, ТӨМСИЙГ 100 ХУВЬ, ХҮНСИЙ НОГООНЫ 62,6ХУВИЙГ ДОТООДЫН УРГАЦААР ХАНГАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

    2011 онд манай улс 448,1 мянган тонн үр тариа, үүнээс 437,9 мянган тонн буудай,199,2 мянган тонн төмс, 105,2 мянган тонн ногоо, 4,5 мянган тонн арвай, 4,3 мянган тонн овъёос, 624 тонн хөх тариа, 568 тонн гурвалжин будаа, 4,5 мянган тонн тосны ургамал,34,3 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ.

    Ингэснээр жилийн хэрэгцээт буудай төмсийг 100,0 хувь, хүнсний ногооны 62,6 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой болж байна.

    Ургац хураалтын дүнг  2010 оны ургацтай харьцуулахад үр тариа 81,8 мянган тонн, төмс 30,2 мянган тонн, хүнсний ногоо 14,9 мянган тонноор тус тус ахиу ургац хураан авчээ. Газар тариалангийн салбарт олсон ололтыг бататган тогтворжуулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн нутагшуулах, үрийн чанарыг сайжруулах, ургацын хэмжээ ялангуяа хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тариалангийн салбарын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой санал боловсруулан ирэх оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт оруулахыг сайд Т.Бадамжунайд даалгажээ. Мөн тариалангийн үйлдвэр эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд энэ оны ургацаас Тариаланг дэмжих сан, улсын нөөц болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн хүнсний буудайн нэг тонн тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал олгох боллоо.

    ШИНЭ ТӨМӨР ЗАМ” ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

    “Шинэ төмөр зам” төслийн явц, эхний ээлжинд шаардлагатай байгаа санхүүжилтийн талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан төслийн хүрээнд хийсэн техник, эдийн засгийн үндэслэл, геологи, геодези, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, хөрс хуулалтын төлбөрт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хуульд заасан журмын дагуу хянан энэ сард багтаан санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

    “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Тавантолгой-Сайншанд чиглэлд 468 км, Сайншанд-Хөөт 450, Хөөт-Чойбалсан 155, Хөөт-Нөмрөг 380, Тавантолгой-Гашуунсухайт 267, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 46 км зам тавих юм. Нэг км төмөр замын суурь бүтцийг 2.5-2.8 сая ам.доллараар барина гэсэн тооцоо гарчээ. Төмөр зам тавьснаар 2020 он гэхэд жилд 66 сая тонн нүүрс тээвэрлэх юм.

    УНГАР УЛСТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИВ

    Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улс хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн барихаар тогтов. Өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар манай 2 мянга орчим иргэн Бүгд Найрамдах Унгар Улсад албан ёсоор сурч, ажиллаж, амьдарч байна. Үүнээс 800 хүн нь тус улсын хууль, тогтоомжийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажиллж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа юм.

    Хэлэлцээр байгуулснаар тухайн иргэн тэтгэвэр тогтоолгох нөхцөл, болзол хангасан үедээ Монгол, Унгар Улсад тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, тэтгэвэртээ гарч 2 талаас ногдох хэсгээ шилжүүлэн авах боломж бүрдэнэ. Мөн Унгар Улсад ажиллаж, нийгмийн даатгалд хамрагдаж байсан болно хамрагдаж байгаа манай иргэдийн нийгмийн баталгаа сайжрах бөгөөд иргэдийнхээ талаар албан ёсны нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай ч  болох юм.

    ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООВ

    Ирэх онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь байхаар тогтоолоо. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг даатгуулагч, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.11-д заасан иргэний сарын шимтгэлийн хэмжээг тус бүр 670 төгрөгөөр, гадаадын иргэн, харъяалалгүй хүний сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувь байхаар боллоо. Тогтоолыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх юм байна. 

    ЭЛЧИН САЙДУУДЫГ ТОМИЛОХ, ЭГҮҮЛЭН ТАТАХ САНАЛАА ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    Отгонбаярын Даваасамбууг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Мөн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Санжаасүрэнгийн Баярааг, Япон Улсад Содовжамцын Хүрэлбаатарыг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад Түвдэндоржийн Жанабазарыг, Бүгд Найрамдах Сингапур Улсад Банзрагчийн Дэлгэрмааг томилох саналаа өргөн мэдүүлэв. Мөн хуралдаанаас Нямдоржийн Анхбаярыг АНУ-ын Сан Франциско хотод, Дамбадаржаагийн Батжаргалыг  Япон Улсын Осака хотод суух Ерөнхий консулаар томилсон байна. 

    ТОВЧ МЭДЭЭ

    • Энэ оны 5-7 дугаар сард гарсан байгалийн аюулт үзэгдэл, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ болон Онцгой байдлын албаны аврагч, алба хаагчдын гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсний томилолтын зардалд шаардагдах 289 сая 62 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
    • Төр, засгийн үйлчилгээний авто бааз, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,Эрчим хүчний зохицуулах газар, “Дулааны 3 дугаар цахилгаан станц”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компанийн эзэмшлийн 51 орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь хувьчлахаар шийдвэрлэлээ.
    • “Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай” Засгийн газрын энэ оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар тогтоолд өөрчлөлт орууллаа. Ингэснээр “800 тэрбум төгрөгийн” гэснийг “600 сая ам.доллар хүртэлх буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн” гэж өөрчиллөө. Мөн Хөгжлийн банкны 600 сая ам.долларын Дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөр боловсруулахыг Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрсөн байна.
    • Бүгд Найрамдах Турк Улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын үлэмж хэмжээний хохирол учирсантай холбогдуулан 50 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж үзүүлэхээр боллоо. 2010 онд манай улсад болсон зудын үеэр Бүгд Найрамдах Турк Улс манайд 50 мянган ам.доллар хандивласнаас гадна 84 мянган ам.долларын үнэ бүхий аяны хөнжил, хүнсний зүйлийг өөрийнхөө онгоцоор ирүүлж байсан юм.
    • Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар манай улсад 97 орны 24 500 орчим хүн хөдөлмөр эрхэлж байна. Харин Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу зуучлалаар 30 гаруй мянган иргэн БНСУ, Япон, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Унгар Улсад ажиллаж, үйлдвэрлэлийн дадлага хийжээ.
    • Жендерийн үндэсний хорооны бүрэлдэхүүн болон дүрмийг шинэчлэн баталж, Ажлын албаны 4 орон тоог 8 болгосон байна.
  • Энхийн төлөө цогцолбор төв үүдээ нээлээ

    Монгол дайчид дэлхийн халуун цэгүүдэд үүрэг даалгавраа амжилттай биелүүлж байгаа. Манай улсын 5200 гаруй цэргийн албан хаагч 10 гаруй оронд энхийг сахиулсан. Өнөөдөр 300 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Цэрэг дайчдад зориулсан нөхөн сэргээх төвийн шавыг өнгөрсөн 5 дугаар сард тавьсан билээ. Улаанбаатар хотоос 30 км-ийн зайтай, “Багабаян” цэргийн амралтын газар дахь энэ цогцолборын нээлт өнөөдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцов. Тэрээр хэлсэн үгэндээ “Эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж ирсэн дайчдынхаа нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд Засгийн газар онцгой анхаарч ирсэн. Үүний нэг илрэл нь өнөөдөр нээлтээ хийж буй “Энхийн төлөө цогцолбор” төв юм” гэж онцолж байлаа.

    Мөн энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагчдад олгох томилолтын зардлыг нэмэгдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Боловсон хүчний асуудалд жил бүр 200 орчим хүнийг гадаадын цэргийн сургуулиудад урт богино хугацаагаар сургаж байгаа. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 700 гаруй албан хаагчдыг орон сууцтай болгосон зэрэг цэрэг, дайчдын нийгмийн асуудалд Засгийн газраас анхаарч хэрэгжүүлж байгаа зарим ажлын талаар танилцуулаад батлан хамгаалах салбарын шинэчлэлийг цаашид ч дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ.

    Олон улсын цэргийн болон энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагчдын хувьд тухайн улсын газар нутаг, цаг уурын нөхцөл, ажиллагааны эрсдэлтэй байдал зэрэг нь эрүүл мэнд, сэтгэл зүйд нь сөрөг нөлөө үзүүлдэг учир ийм төв байгуулах болсон байна. Тус төвийг барихад 40 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлсэн БНХАУ-ын Засгийн газарт Ерөнхий сайд С.Батболд талархсанаа нээлтийн ажиллагааны үеэр мөн илэрхийлсэн юм.

    Энхийн төлөө цогцолбор төв нь барилга архитектурын өвөрмөц шийдэлтэй, бие даасан инженерийн дэд бүтэцтэй, барилгын норм, стандартын шаардлагыг хангасан, байгаль орчинд халгүй, эко технологийн халаалтын зуух, цэвэрлэх байгууламжтай юм байна. Энэхүү цогцолбор нь 51 өрөөтэй, хурлын танхим, зоогийн газар, билльяардын өрөө, саун болон чийрэгжүүлэлтийн өрөө, бассейн зэрэгтэй амралт сувиллын цогц үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрэн хангасан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

  • БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн дэд сайд М.А.Травниковыг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. “Байгалийн олон улсын эдийн засгийн 7 дугаар чуулга уулзалт”-ын үеэр болсон “Монгол-Оросын хил орчмын хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний уулзалтыг амжилттай зохион байгуулсныг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

    Мөн хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд  хил орчмын болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа жинтэй үүрэг гүйцэтгэдэг. Энэ харилцааг улам эрчимжүүлэхийн тулд 2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдыг ОХУ-д айлчлах үеэр байгуулсан хууль эрх зүй, худалдаа, эдийн засгийн таатай шинэлэг  нөхцөл бий болгох хамтарсан төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байгааг тэрээр сайшаав.  

    Ерөнхий сайд ОХУ-ын Эрхүү, Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд  хотноо ажиллаад буцах замдаа Наушки, Алтанбулаг боомтод түр саатаж ажилтай нь танилцсан юм. Хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг тохижуулан, үйл ажиллагааг нь боловсронгуй болгож, зорчигч иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилдэг байхад анхаарах, цаашид Байгаль, Хөвсгөл нуурыг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хил орчмын дэд бүтцийг сайжруулах зэрэг ажлыг эрчимжүүлэхэд анхаарах нь чухал гэж онцлон тэмдэглэлээ.

    Монгол Улсын Засгийн газар хоёр орны бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ гэж Ерөнхий сайд С.Батболд хэлээд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Дэд комиссын 10 дугаар хуралдаанд амжилт хүсэв. Энэ хуралдаан ирэх оны 5 дугаар сард ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсад болох  юм гэж Засгийн газрын  Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭН ЗАСЧ ТОХИЖУУЛНА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Азийн Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч ноён Занг Жилонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монголчууд хувьтай хүн хурнаар хэмээн бэлэгшээдэг. Шинэхэн цас орсон энэ сайхан өдөр та бүхний Монгол улсад  хийж байгаа айлчлал эхэлж, та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна. Монголын хөлбөмбөгийн ирээдүйн хувь заяа улам гэрэлтэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна хэмээн Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд хэллээ.

    Мөн тэрээр хүнийг эрүүл байлгах гол үндэс суурь нь биеийн тамираар хичээллэх, тэр дундаа хөлбөлбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх асуудалд Монгол Улсын Засгийн газар анхаарч ирснийг хэллээ. Тухайлбал нийслэл болон хөдөө орон нутагт хөл бөмбөгийн зориулалтын талбайг ихээр байгуулж байгаа нь хүүхэд залуучуудын талархлыг хүлээж байна. Цаашид ч хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх чиглэлээр Азийн хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллах, тодорхой төсөл, хөтөлбөрт хамрагдахыг хүсч байгаагаа  Засгийн газрын тэргүүн хэллээ.

    Түүнчлэн Монголын баг тамирчдыг Азийн хэмжээнд зохиогдож байгаа тэмцээн уралдаанд оролцоход төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаа ч Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ. Ноён Занг Жилонг Ерөнхий сайд С.Батболдод өөрийг нь цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд спортод элэгтэй, спортыг дэмждэг Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа, мөн Монгол Улсын эдийн засгийн огцом өсөлтийг нүдээр үзэж мэдрэх боломж гарсанд хувьдаа баяртай байна гэлээ. Мөн тэрээр Монголын эдийн засаг хүнд байхад чөлөөт бөхийг холбоог 10 гаруй жил удирдаж, Монголын чөлөөт бөхийн түүхэнд үнэнтэй хувь нэмэр оруулсан шигээ Монголын хөлбөмбөгийн холбоог дэмжиж байдагт талархаж байгааг ч Засгийн газрын тэргүүнд илэрхийлж байлаа.

    Монголын хөлбөмбөгийн холбоо 2000 оноос хойш Азийн хөлбөмбөгийн холбоо болон Дэлхийн хөл бөмбөгийн холбоо /FIFA/-той нягт хамран ажиллаж, энэ спортыг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг ноён Занг Жилонг хэлээд “Goal” төслийн хүрээнд FIFA-гийн хөрөнгө оруулалтаар монголын хөлбөмөгийн талбайг улам өргөжүүлж, олон улсын стандартад нийцүүлэн засч тохижуулхаар болсныг Засгийн газрын тэргүүнд дуулгалаа. Түүнчлэн Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганболдтой нягт хамтран ажиллаж байгаагаа ноён Занг Жилонг энэ үеэр хэллээ.