Ангилал: мэдээ

  • Улс төрд эмэгтэйчүүд олноороо ороосой гэж хүсдэг

    Аль ч гэр бүлд эмэгтэйчүүд та бүхний манлайлал, санаачилга нь тухайн гэр бүлийн хөгжил, хүүхдийн боловсрол хүмүүжил, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах,шударга ёсыг хэвшүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг хэмээн “Эмэгтэйчүүд- Хөгжлийн төлөө 2011” форумын нээлтийн ажиллагаанд оролцохдоо Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Нийгмийн Ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооноос тус форумыг зохион байгуулж байгаа бөгөөд хот, хөдөөгийн 1000 гаруй  эмэгтэйчүүд уг чуулганд  төлөөлөгчөөр хүрэлцэн иржээ.

    Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд цааш хэлсэн үгэндээ “2011 оны 11 дүгээр сарын 11-ний энэ өдөр одоо яг 11 цаг 11 минут болж байна. Зуун жилд ганцхан тохиох энэ мөчид зууны манлай намын эмэгтэйчүүд зөвлөлдөж байгаа нь түүхэн үйл явдал боллоо. Тоон бэлэгдлийн тохиол бүрдэл бүхий энэ өдрийг товлож хөгжлийн төлөө чуулж байгаа нь их үйл хэргийг эхлүүлэх бэлгэ ерөөл биз ээ” хэмээн тэмдэглээд, өнөөдрийн эрчимтэй өрнөж байгаа  их  бүтээн байгуулалтанд эмэгтэйчүүдийн дундаас ундран гардаг санал санаачилга, бүтээлч шийдлүүдийн үр өгөөж ач холбогдол улам бүр өсч байна гэдгийг дурьдлаа.

    Хөгжил дэвшилд хүргэх их бүтээн байгуулалтын анхны алхмыг хамтарсан Засгийн газар хийж эхэлж буйг гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглэхийн сацуу томоохон хөтөлбөр бодлогуудын талаар тодорхой мэдээллийг форумын төлөөлөгч эмэгтэйчүүдэд өглөө. Түүнчлэн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд “ Би Ерөнхий сайдын ажлыг аваад УИХ-д хандаж хэлсэн үгэндээ гэр бүлд чиглэгдсэн бодлогод онцгой анхаарч ажиллахаа илэрхийлж байсан.

    Энэ бодлого зорилтоо хэрхэн хэрэгжүүлэхээ олон удаа эргэцүүлэн бодож, эрдэмтэн мэргэд,намын нөхөд, ажлын алба, мэргэжлийн холбоодтой  санал солилцож “ Гэр бүл” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх боллоо ” хэмээгээд, хөтөлбөр эхэлснийг энэ үеэр зарлалаа.  Энэхүү хөтөлбөрийг “  Монгол улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлоготой уялдуулж, гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлоготой уялдуулж, гэр бүлийн хөгжлийн асуудлыг орчин үеийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудтай цогцоор нь авч үзэн боловсруулах болно” хэмээн тэмдэглээд, энэ бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлагч эмэгтэйчүүд та бүгдийн туршлага, бүтээлч эрмэлзэл, үр хүүхдийнхээ ирээдүйг бодох сэтгэл онцгой ач холбогдолтой гэлээ.

    Мөн дэлхийн 40-өөд улсуудад туршлага нь дэлгэрч үр ашгаа өгч байгаа “ Эмэгтэйчүүдийн банк” байгуулах танай форумын санаа сэдлийг дэмжиж ажил хэрэг болгоход МАН-ын дарга, Засгийн газрын тэргүүний хувьд санаа тавьж дэмжин ажиллах болно гээд, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оролцуулах нь ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах, сайн засаглалыг цогцлон байгуулах нь зайлшгүй шаардлага мөн юм. Тиймээс би эмэгтэйчүүдийг улс төрд олноор ороосой гэж боддог хэмээн тэмдэглээд, форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

  • Монгол хүүхдүүд “Мөрөөдлийн баг”-тай болно

    Монгол улсын бүх аймаг сум, нийслэл дүүргийн нийтдээ 750 сургуулийн хүүхэд багачууд  хамрагдах үндэсний хэмжээний шинэ тэмцээн энэ долоо хоногийн бямба гаригт эхлэх гэж байна. Энэ бол Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээн юм. Энэ тэмцээнийг хамтран зохион байгуулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар болон тэмцээний албан ёсны түнш МCSCoca Cola” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав,Skytel” компанийн гүйцэтгэх захирал Б.Батзориг, “Моннис моторс ” ХХК-ийн дэд захирал Б.Гантулга нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Монгол орны бүх сургуулиудаас шалгарсан өсвөрийн сагсчид маань насны гурван ангиллаар хоорондоо өрсөлдөнө. Ирэх оны дөрөвдүгээр сард “Монгол мөрөөдлийн баг” тодрох ажээ. Хөдөлгөөний дутагдал, буруу хэвшлээс сэргийлэхээс авахуулаад  багаар сэтгэх, эрүүл зорилготой болох олон сайн шинж чанаруудыг сагсан бөмбөгийн спорт хүүхдэд өгнө гэдэгт зохион байгуулагчид нь итгэлтэй байгаа юм. “Монгол мөрөөдлийн баг”-ийг олон улсын нэр хүнтэй тэмцээнүүдэд  оролцуулах, NBA-ийн тоглолт үзүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа тэд санамж бичигт гарын үсэг  зурах ёслолын ажиллагааны үеэр мэдээлж байлаа.

    Тэмцээний уриа нь “Бидэнд мөрөөдөл бий”. Харин албан ёсны бэлгэ тэмдэг нь төрийн далбааны өнгө бүхий өмсгөлтэй, сагсан бөмбөг сугавчилсан туулай юм байна. “Сагсан бөмбөг бол багийн спорт. “Монгол мөрөөдлийн баг” тэмцээнд оролцогч бүхэн хожил, хожигдлооос үл хамааран эрүүл мэнд, эрч хүч, баяр баясал хожно. Бидэнд мөрөөдөл бий. Бид хамтдаа чадна” гэж уг тэмцээний санаачлагч нь буюу Ерөнхий сайд С.Батболд багачуудад хандсан илгээлтдээ дурдсан байна.

  • ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭЖ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС СЭРГИЙЛНЭ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр болов. Хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татварын хэмжээг тэглэх, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг дотоод, гадаадын Хөрөнгийн биржид арилжаалах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

    Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн дизелийн түлш тутамд 100 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг “0” болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Дээрх шийдвэрийг энэ сарын 11-ний өдрөөс мөрдөж эхлэх юм. Энэ сарын хувьд ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж байгаа дизель түлшний хилийн үнэ 73 ам.доллар буюу 95 мянган төгрөгөөр нэмэгдсэн тул онцгой албан татварыг ийнхүү тэглэлээ.

    Энэ нь дотоодын зах зээл дэх түлшний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна. Бусад алслагдсан боомтоор оруулж ирэх автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварыг хэвээр мөрдөхөөр боллоо. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний бүх төрөлд онцгой албан татварын хэмжээ “0” болж, гаалийн албан татвар ч тэглэгдэж байна. Автобензин, дизель түлшний хилийн үнэ өсөхөд Засгийн газар онцгой албан татварыг бууруулан, хилийн үнэ буурахад татварыг нэмж тухай бүр нь арга хэмжээ авч байсан. Үүний дүнд шатахууны дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнийн огцом өсөлт саарч, тогтвортой байгаа юм.

    Харин сүүлийн үед “Роснефть” компани манай улсад хангалттай хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байгаа. Үүнээс болж импортлогч аж ахуйн нэгжүүд ОХУ-ын алслагдсан нутгаас, илүү өндөр үнээр АИ-92 автобензин худалдан авахаас өөр аргагүйд хүрч байна. Иймээс дотоодын зах зээл дэх энэ төрлийн бензиний литр тутмын үнийг 30 төгрөгөөр нэмэх саналаа импортлогчид Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хүргүүлсэн байна гэж  Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.            

    “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙН ХУВЬЦААГ ГУРВАН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР АРИЛЖААЛНА  

    Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гадаад, дотоодын зах зээлд арилжаалах Хөрөнгийн биржийн сонголт, компанийн бүтцийн талаар Ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Үүнтэй холбогдуулан тус компанийн хувьцааны тодорхой хувийг Монгол, Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж гэсэн гурвалсан бүтцээр арилжаалах, хувьцаа арилжаалах компанийн үнэлгээ өндөр байх боломж, татварын таатай орчин, нөхцөл, эрх зүйн зохицуулалт, Хөрөнгийн биржийн шаардлагуудыг харгалзан хувьцаа арилжаалах компанийг Их Британид бүртгэлтэй компани байх нь зүйтэй гэж үзлээ.

    Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгүүлэхдээ FTSE индекст багтаж чадвал эрэлт илүү их нэмэгдэх бөгөөд энэ индекст орохын тулд Их Британид бүртгэлтэй, хувьцаа арилжаалах компани байгуулах ёстой юм. Энэ чиглэлээр ажиллахыг Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэс МГЛ” компанийн удирдлагад Засгийн газрын хуралдаанаас даалгав.  

    Тавантолгой төсөлд хамтран ажиллаж байгаа зөвлөх банкууд болон хуулийн зөвлөхүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр компанийн үнэлгээ, хөрөнгийн зах зээлийн хандлага, стратегийн үүднээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны тодорхой хувийг Монголын болон Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржид гурвалсан аргаар бүртгүүлэх боллоо. Гурван Хөрөнгийн биржид гарснаар өргөн хүрээтэй хувьцааны илүү их эрэлт үүсгэх боломж нээгдэнэ гэж Засгийн газар тооцоолж байна. Хувьцааг дотоодын болон олон улсын хоёр Хөрөнгийн биржид зэрэг арилжаалахын тулд “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүтцэд өөрчлөлт оруулах, үүнтэй уялдан дотоодын хөрөнгийн зах зээл, Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм журамд зохих өөрчлөлт оруулна.

    “Эрдэнэс Тавантолгой”  компанийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид  арилжаалах асуудлаар гол зөвлөх, зохион байгуулагчаар Дойче банк /ХБНГУ/, Голдмэн Сакс /АНУ/, хувьцааны борлуулалтын ажилд  БиЭнПи Париба /Франц/, Маквэари /Австрали/ банк хамтран оролцохоор ажиллаж байна. Мөн төслийн аудитор болон татвар, хуулийн зөвлөх чиглэлээр олон улсын нэр хүндтэй томоохон байгууллагуудтай хамтарч байгаа юм. Хувьцааг гадаадын Хөрөнгийн биржид арилжаалахад гол баримт бичиг болох Үнэт цаас гаргах танилцуулгыг бэлтгэн компанийн бизнес төлөвлөгөө, санхүүгийн загварыг  ч зөвлөхүүдтэй хамтран боловсруулж байна Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ГАЗАР ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН УЛСЫН САН БҮРДҮҮЛНЭ

    Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын дүнгээр газар зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан бүрдүүлж, энэ сард багтаан хэрэглэгчдэд хүргэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт Засгийн газрын хуралдаанаас даалгаж, зөвлөв. Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэгдсэн сангийн мэдээллийг шинэчлэн бүрдүүлэх, үндэсний ангилал, код нэвтрүүлэх, мэдээллийн сангуудын уялдааг хангах болсон байна.

    Түүнчлэн тооллогод хамрагдаагүй аж ахуйн нэгж, байгуулагуудыг нэг бүрчлэн шалгаж, бүртгэлийг нь хуульд нийцүүлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тогтолцоог сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, шийдвэрлэх болсон байна. Энэ онд зохион байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод 66.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан. Нийт аж ахуйн нэгж, байгууллагын 68.6 хувь буюу 45.6 мянга нь Улаанбаатар хотод байрладаг нь тодорхой болжээ.

    ГАДААДЫН ОРНУУДАД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

    Байгалийн гамшиг болж хүний амь эрсдэн, эд материалын үлэмж хэмжээний хохирол учирсан Тайландын Вант Улсад 20 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж үзүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Үерийн улмаас тус улсын 28 муж, Бангкок хотын 9 дүүрэг, түүний дотор тариалангийн талбай, үйлдвэрийн газрууд, аж үйлдвэр-технологийн хэд хэдэн парк, онгоцны буудал усанд автаж, 370 гаруй хүн амь насаа алдаад байна.

    2.7 сая хүн ямар нэг хэмжээгээр үерт өртөж, 6 тэрбум ам.долларын хохирол учран, 600 гаруй мянган хүн ажилладаг 14 мянган аж ахуйн нэгж ажлаа түр зогсоожээ. Тайландын Вант Улс манай улсын эдийн засгийн хүндрэлийг давах, ой, хээрийн түймрийн хохирлыг арилгах, зуданд нэрвэгдсэн малчдад туслах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэгт тусламжийн гараа сунгаж байсан юм. Хамгийн сүүлд буюу 2009 онд Тайландын гүнж манай улсад айлчлахдаа Төв аймгийн Алтанбулаг сумын сургуульд “Үдийн хоол” хөтөлбөрийг эхлүүлэхэд 60 мянган ам.доллар өгч, техникийн зөвлөгөө, сургалтыг өөрийнхөө ивээл дор явуулж байна.       

    Мөн БНАСАУ-аас тавьсан хүсэлтийг харгалзан хүнсний тусламж үзүүлэх нь зүйтэй гэж хуралдаанаас үзлээ. Энэ дагуу 35 тонн ямааны мах худалдан авч БНАСАУ-д тээвэрлэн хүргэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна. Манай улс өнгөрсөн жил мөн тус улсад 30 тонн махыг буцалтгүй тусламж болгон хүргэж байсан юм. БНАСАУ-ын Засгийн газар энэ оны эхээр НҮБ болон гадаадын улс орнуудад хандаж 1 сая тонн хүнсний тусламж үзүүлэхийг хүсчээ. Тус улсын хүн амын хүнсний жилийн хэрэглээнд 5.3 сая тонн ургац хэрэгтэй байдаг бөгөөд жил бүр дунджаар 4 сая тонныг өөрсдөө хураан авдаг байна.

    ДОТООД ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРМЫГ БАТЛАВ

    “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Харъяа байгууллага, аж ахуйн нэгж, өөрийн аппаратад энэ журмыг баталж, мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

    5 бүлэгтэй энэ журам аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил үйлчилгээг хууль тогтоомж, дүрэм журам, стандартад нийцүүлэх, зөрчил дутагдлыг илрүүлэх, арилгахад чиглэсэн дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Жишээлбэл хяналт шалгалт хийх нэгж, ажилтан нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад шууд захирагдах бөгөөд зохион байгуулалтын хувьд бусад бүтэц, нэгжээс хараат бус байхаар журамд тусгажээ.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Засгийн газрын 2011 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилт хангалтгүй байгаа тул улсын төсвийн хөрөнгөөр энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалтаар батлагдсан худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
    • Хуралдаанаар Увс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцав. Үүнтэй холбогдуулан өөрсдийн үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг нэг бүрчлэн дүгнэн тооцож, ирэх оны улс, орон нутгийн төсөвт тусгах замаар хэрэгжилтийг бүрэн хангахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
    • Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр байгуулах нөхцөл, боломжийг судлах Хамтарсан судалгааны хэсгийн тайлантай танилцав. Үүнтэй холбогдуулан хэлэлцээ хийх үүрэгтэй Ажлын хэсэг  байгуулах нь зүйтэй гэж үзлээ.
    • Увс аймгийг “Аялал жуулчлалын загвар аймаг” болгох саналыг дэмжиж, Увс нуур-Улаангом-Хархираагийн чиглэлд хатуу хучилттай зам барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгав.
    • “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд байгуулахаар тогтлоо. Энэ төв цэнгэг ус болон бусад нөөц баялгийг хамгаалах, зөв зохистой ашиглах, олон нийтэд экологийн боловсрол олгох, судалгаа шинжилгээ, сургалт, сурталчилгаа хийх зэрэг үйл ажиллагаа явуулах юм.
    • “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийн эхний үе шатанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Үүнтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгах, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр болсон байна. Хөтөлбөрийн хүрээнд нийт 78 арга хэмжээг 2016 он хүртэл хэрэгжүүлэх юм.
  • Монголын эдийн засгийн өндөр хурдтай хөгжил Шведийн сонирхлыг татаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Шведийн Вант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Ларс Фрэдэнийг хүлээн авч уулзан, Монгол Швед хоёр улсын  харилцаа, худалдаа эдийн засгийг хөгжүүлэх асуудлаар ярилцлаа. Манай хоёр улс уламжлалт найрамдалт харилцаатай. Энэхүү харилцааг улам бэхжүүлэхэд гүүр болох Монгол Улсын Элчин сайдын яамыг өнгөрсөн жил Стокгольм хотноо нээсэн бөгөөд Элчин сайдын яамыг нээхэд Шведийн Засгийн газар дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархаж байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглээд Улаанбаатар хотноо Шведийн Элчин сайдын яамыг нээн ажиллуулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

    Швед бол техник технологи, НОУ ХАУ өндөр хөгжсөн орон. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Засгийн газрын тэргүүн С.Батболд дурдаад уул уурхай төдийгүй боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Ноён Элчин сайд Ларс Фрэдэн хэлсэн үгэндээ Монголын эдийн засгийн өндөр хурдтай хөгжил нь Шведийн ажил хэрэгч хүмүүсийн анхаарлыг татаж буйг уулзалтын үеэр онцолж байлаа. Энэхүү уулзалтын үеэр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах асуудлаар мөн ярилцсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Монгол улс бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн дэд сайд А.И.Денисов тэргүүтэй төлөөлөгчдийг  өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол улс ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой энэ жил болж байгаа бөгөөд уг ойн хүрээнд тэрбээр манай улсад айлчилж байгаа юм байна. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ Монгол улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой, Монгол улсад дипломат алба үүсч хөгжсөний 100 жил, Улаанбаатар хотод ОХУ-ын консулын алба үүссэний 150 жилийн ой зэрэг түүхэн үйл явдлууд давхцсан энэ өдрүүдэд эрхэм зочдыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, энэ бол монгол улсын хувьд ач холбогдолтой арга хэмжээ хэмээн тэмдэглэлээ.

    Монголчууд бид  өнө эртнээс  хойд хөршийн ард түмэнтэйгээ найрсаг харилцаатай явж ирсэн эдүгээ ч энэхүү түүхэн болоод стратегийн харилцаандааөндөр ач холбогдол өгдөг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Түүнчлэн  одоо Санктпетрбург хотноо болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны хуралд  анхаарлаа хандуулж байна, тус байгууллагын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулах тэр дундаа  эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй  байр сууринаас оролцох эрмэлзэл сонирхолтой байдгаа илэрхийллээ. Мөн ОХУ-аас  нийлүүлж буй нефть бүтээгдэхүүний тогтвортой ханган нийлүүлэлтэд анхаарч ажиллаж байгаад Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр оросын талд талархлаа илэрхийлэв.

    Харин ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн дэд сайд А.И.Денисов төсөв хэлэлцэж байгаа энэ их ажлын хажуугаар цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод ОХУ-ынЕрөнхий сайд В.Путинаас баярын захидал илгээснийг уламжиллаа. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Санктпетрбург хотноо болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны хурлыг удирдаж байгаа гэдгийг ч  дуулгалаа. Мөн Монгол улсын Ерөнхий сайдын дурьдсан эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлээд, ОХУ Монгол улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гэдгээ тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
     

  • МОНГОЛ УЛС ГУРИЛ, ТӨМСНИЙХӨӨ ХЭРЭГЦЭЭГ ДОТООДООС БҮРЭН ХАНГАЖ БАЙГААД БАЯР ХҮРГЭВ

    Атрын III аяны хүрээнд Монгол Улс гурил, төмснийхөө хэрэгцээг дотоодын ургацаас бүрэн хангах боломжтой болсон нь маш чухал үзүүлэлт гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн /НҮБ-ын ХХААБ/ байгууллагын дэд захирал бөгөөд Ази, Номхон далайн бүсийн захирал Хироюки Конума хэлэв. Тэрээр 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцахдаа ингэж үнэлсэн байна.

    НҮБ-ын ХХААБ нь манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр, тухайлбал 2009 оны зудын үеэр 1,3 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, шүлхий болон хил дамнасан халдварт өвчинтэй тэмцэх, Эмзэг бүлгийн хүнсний ногооны хангамжийг сайжруулах, махны үйлдвэрт эгзэгтэй цэгийн чанарын хяналтын тогтолцоо нэвтрүүлэх зэрэг олон төсөл, хөтөлбөрийг  амжилттай хэрэгжүүлж ирснийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв.

    Монгол Улсын Засгийн газар хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байгаа бөгөөд энэ чиглэлээр зохион байгуулсан “Хүнсний аюулгүй байдлын форум”-д ноён Х.Конума илгээлт ирүүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. Хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж байгаа учир Монгол Улсад тус байгууллагын бие даасан төлөөлөгчийн газар байгуулахыг Ерөнхий сайд С.Батболд санал болголоо. Атрын III аяныг амжилттай хэрэгжүүлсний дүнд монголчууд гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангаж, улмаар гадаадад экспортлох боломж бүрдсэн. Цаашид бүс нутагтаа улаан буудай, малын гаралтай бүтээгдэхүүний нөөц, бааз орон болох хүсэлтэй байна. Ингэснээр Монгол Улс хүнсний тусламж авдаг орноос экспортлогч орон болж, Ази, Номхон далайн бүс дэх НҮБ-ын ХХААБ-ын загвар орон болох чиглэлээр хамтран ажиллая гэв.

    “Хүнсний баталгаат байдлын хөтөлбөр”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр болон “Даян дэлхийн хүнсний баталгаат байдлын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдэд тус байгууллагын техник туслалцааг цаашид үргэлжлүүлэн авах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн 2014 онд НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтэй байгааг дэд захирал Х.Конума дэмжив. Монгол Улс газар тариалангийн салбараа сэргээж улмаар 100 мянган тонн улаан буудай экспортолж, бүс нутгийн хэрэгцээнд өөрийн хувь нэмрээ оруулах чадавхитай болсонд тэрээр баяр хүргэлээ.  

    Цаашид ашиглах боломжтой 700 гаруй мянган га талбайд төрөл бүрийн ургамал тариалж, дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна гадаадын улс орнуудад нийлүүлэх боломж байгааг тэмдэглээд энэ чиглэлээр дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн гэв. “Даян дэлхийн хүнсний баталгаат байдлын хөтөлбөр”-ийн 12,5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжих “Мал аж ахуйд суурилсан цогц амьжиргааг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын ХХААБ 1,5 сая ам.долларын техникийн туслалцаа үзүүлэхээр төлөвлөж байна.  Үүний хэрэгжилтийг түргэвчлэх шаардлагатай байгааг Х.Конума хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинээс баярын мэндчилгээ ирүүлжээ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинээс баярын мэндчилгээ ирүүллээ. 1921 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр нь хоёр улсын найрамдалт, сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, цаашлаад хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг бүрдүүлэхэд гол үндэс суурь болсон гэдгийг  мэндчилгээнд дурджээ.

    “Энэхүү найрамдалт харилцаа өнөөдөр Стратегийн түншлэлийн хэмжээнд хүртлээ амжилттай хөгжиж байгааг онцлоод, цаашид энэхүү түншлэлийн хүрээнд хоёр талын ард түмний эрх ашигт бүрэн нийцэх харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, дээд хэмжээнд тохиролцсон хөрөнгө оруулалт, ашигт малтмал, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарт томоохон төлүүдийг тууштай хэрэгжүүлэх явдал юм. Түүнчлэн хоёр талын төдийгүй олон талт хамтын ажиллагаандаа ОХУ өндөр ач холбогдол өгдөг хэмээн энэхүү мэндчилгээнд дурьдаад  Монголын ард түмэнд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин гэжээ.

  • ЦАХИЛГААНЫ ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХЭЭР ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болов. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үнэ тарифын хөнгөлөлт, урамшуулал олгох болон Өмнийн говийн бүтээн байгуулалтын дэд бүтцийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь онцлох сэдэв байлаа. 

    “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Урамшууллын зөрүүг улсын төсөвт тусган эрчим хүчний байгууллагад олгож байхыг Сангийн сайдад, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, агаарын бохирдлыг бууруулах ажлын явц, үр дүнгийн талаар жил бүрийн 6 дугаар сард Засгийн газарт танилцуулж байхыг асуудал эрхэлсэн сайд нар болон Нийслэлийн Засаг даргад үүрэг болгов. Журам батлагдсанаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, утаагүй зуух, гэрийн дулаалга хэрэглэн, түүхий нүүрс түлэхгүй байх зэрэг тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх болж байна.

    Өөрөөр хэлбэл агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдан хуульд заасны дагуу цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд холбогдон цахилгаан халаагуур хэрэглэж байгаа өрхийн цахилгааны /зөвхөн ахуйн хэрэглээний зориулалтаар хэрэглэсэн/ үнийг хүйтний улирлын үргэлжлэх хугацаа, цахилгааны шөнийн тариф мөрдөгдөх хугацаатай уялдуулан 50 хувиар бууруулж урамшуулахаар болов. Мөн эрчим хүчний шөнийн хэрэглээний цагийг хүйтний улиралд 18 цагаас өглөөний 09 цаг хүртэл сунгаж нийт 15 цаг болголоо. Ингэснээр өмнө нь үйлчилж байсан хугацаа даруй 6 цагаар уртасч, үнийн тариф 2 дахин хямдарч байгаа юм.

    Болзол, шалгуур хангасан хэрэглэгч нь урамшуулалд хамрагдах хүсэлтээ эрчим хүчээр хангагч байгууллагад гаргаж харилцан гэрээ байгуулна. Тухайн хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд эрчим хүчнийхээ төлбөрийг сар бүр тогтоосон хугацаанд төлж, төлбөрийн ямар нэгэн өргүй байхаар журамд тусгажээ.

    Урамшуулалд хамрагдах хэрэглэгчид тавигдах нөхцөл, шалгуурыг :

    • Дулаалга сайтай болон байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууц бүхий хэрэглэгчийн барилгад тавигдах нөхцөл, шалгуурыг холбогдох норм, нормативын хүрээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам
    • Цахилгаан дамжуулах сүлжээнд холбогдсон цахилгаан болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаагуур, газрын гүний дулаан, нар, салхи, сэргээгдэх бусад эрчим хүч ашигладаг, шахмал, хагас коксон түлш хэрэглэдэг айл өрхийнхийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам  
    • Дулаалгатай гэр, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр, түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харъяа холбогдох төрийн  байгууллага тус тус тогтоох юм.

    Тавьсан нөхцөл, шалгуур хангасан, агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаж байгаа 90 мянга 700 гаруй өрхийг цахилгааны 50 хувийн урамшуулалд хамруулахад энэ онд 2,5 тэрбум, ирэх онд 5,9 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛБАЛ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЖ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

    Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаас баталлаа. Урамшуулалд шаардагдах хөрөнгийг Цэвэр агаар сангаас гаргах, хийж байгаа ажлын явц, үр дүнг жил бүрийн 6 дугаар сард багтаан танилцуулж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд даалгав.

    Шалгуур үзүүлэлт хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлд“Ногоон бүтээгдэхүүн”, “Ногоон үйлчилгээ” гэрчилгээ өгч, цаашид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ энэ гэрчилгээг 2  жил хэрэглэх эрх олгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна. Мөн гэрчилгээ авсан тухайн этгээд хүсэлт гаргавал дотоод, гадаадаас хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл, тусламж авахад нь дэмжлэг үзүүлэхээр журамд тусгажээ.  

    Агаарын бохирдлыг бууруулах, барилга, байгууламжийн эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж гаднаас оруулж ирэх, мөн үйлдвэрлэж зах зээлд тогтвортой нийлүүлбэл урамшуулал хүртэх боломжтой боллоо. Үүнд нар, салхи, газрын гүний дулаан, бүх төрлийн хий, шингэн түлш, дулаалгын материал, цахилгаан халаагуур, дэвшилтэт техник, технологи бүхий бүтээгдэхүүн багтаж байна. Тухайлбал хийн түлшээр ажилладаг тээврийн тээврийн хэрэгсэл, хийн зуух зэргийг нэрлэж болох юм.   

    Түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх дээр дурдсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж ашигладаг, тэдгээр нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцэж байгаа нь судалгаагаар тогтоогдвол урамшуулал хүртэх эрхтэй. Үйлдвэрлэл, үйлчилгээ нь үндэсний болон олон улсын эрчим хүчний хэмнэлтийн ангиллын эхний 2 дугаар зэрэглэлд багтсан, агаар бохирдуулагч эх үүсвэрээс гарах бохирдуулагч бодисын хэмжээ стандартын шаардлага бүрэн хангасан, эсвэл 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан нь баталгаажсан зэргийг нь ч харгалзан үзэх юм байна.

    Үүний зэрэгцээ эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаалгыг сайжруулах төсөл, сэргээгдэх эрчим хүч, бүх төрлийн хийн түлш, цэвэр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд Цэвэр агаар сангаас дэмжлэг үзүүлж урамшуулахаар журамд заажээ. Шалгуур үзүүлэлт хангасан тухай материалыг жил бүрийн 4, 10 дугаар сард тухайн сардаа багтаан хороо, дүүрэг, Нийслэлийн Агаарын чанарын албаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам хүлээн авна. 

    Урамшуулал олгохдоо:

    • Дулаалга сайтай болон байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууц бүхий хэрэглэгчдийн барилгад тавигдах нөхцөл, шалгуурыг хангасан эсэхэд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам
    • Хийн болон шингэн түлш, тэдгээрийн тоног төхөөрөмж, газрын гүний дулаан, нар, салхи, сэргээгдэх бусад эрчим хүч, тэдгээрийн тоног төхөөрөмжид тавигдах нөхцөл, шалгуурлыг хангасан эсэхэд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны саналыг үндэслэх юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

    ӨМНИЙН ГОВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ

    Засгийн газрын хуралдаанаар Өмнийн говийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж байгаа асуудлийг шийдвэрлэх талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Энэ хүрээнд өмнийн говийн өнөө болон ирээдүйн бүтээн байгуулалтын эрчим хүчний хэрэглээг хангах, хатуу хучилттай авто замын хүчин чадлыг нэмэгдүүлж 4 зорчих хэсэгтэй болгох, уул уурхай, дэд бүтцийн хөгжилд шаардлагатай усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомт, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумын ерөнхий төлөвлөгөөг батлах зэрэг арга хэмжээ авахаар боллоо.

    Тавантолгойн орд газрыг түшиглэн барих цахилгаан станцын судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг энэ онд дуусгаж, тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр барих ажлыг ирэх оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” компанид даалгасан байна. Мөн Оюутолгойн үйлдвэрлэлийн хэрэгцээг эрчим хүчээр хангахын тулд цахилгаан станц барихыг “Оюутолгой” компанид хариуцууллаа. Гэхдээ энэ нь төслийн өртөгт нөлөөлөхгүй байх, тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх, цахилгаан станц нь Тавантолгойн ордоос олборлосон нүүрсийг ашиглана гэсэн нөхцөлийг зааж өгсөн байна.

    Тогтоолд хөрсний эвдрэл, тоосжилтоос хамгаалах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээг мөн тусгажээ. Тухайлбал Тавантолгой-Гашуунсухайтын боомт чиглэлд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай 245 км хатуу хучилттай замын хүчин чадлыг нэмэгдүүлэх болсон байна. Энэ дагуу замыг 4 зорчих хэсэгтэй болгох, шинээр өргөтгөсөн 2 зорчих хэсэгтэй замыг тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зам барих ажилд  бусад хөрөнгө оруулагчийг оролцуулахыг “Эрдэнэс Тавантолгой” компанид  хариуцууллаа.

    Мөн өмнийн говийн бүс нутгаас Хангимандал, Замын-Үүд боомт руу авто зам тавих асуудлыг судлан боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгожээ. Уул уурхай, дэд бүтцийн хөгжилд ус ихээхэн шаардлагатай учир эх үүсвэрийг нь нэмэгдүүлэх, цаашид усны өсөн нэмэгдэх хэрэгцээг найдвартай хангах талаар ч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд Тавантолгойн нүүрсний уурхай, Сайншанд орчимд газрын доорх усны хуримтлал бүхий талбайд гидрогеологийн нарийвчилсан хайгуул хийж, усны ашиглах боломжит нөөцийг тогтоохыг салбарын сайд, харъяа агентлаг болон аймгийн Засаг дарга нарт даалгав.

    Мөн Орхон, Сэлэнгэ голд урсацын тохируулга хийх, усан сан байгуулах, шилжүүлэн ашиглах боломжийг судлан, зураг төсөл боловсруулах ажлыг энэ оноос, барилгын ажлыг 2013 оноос эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дахь Балгасын улаан нуурын хотгорын газрын доорх усны ордоос тодорхой хэмжээний усны нөөцийг “Эрдэнэс Тавантолгой” компанид ашиглуулахаар болов. Өмнийн говийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, бүс нутгийн хөгжлийг хангах нь хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал байлаа.

    Энэ дагуу “Өмнийн говийн хүн амын нутагшил, суурьшил, хот байгуулалтын хөгжлийн стратеги”, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын ерөнхий төлөвлөгөөг энэ онд, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумынхыг ирэх оны эхний хагас жилд багтаан батлуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад хүнд даалгалаа. Энэ онд багтаан Гашуунсухайт боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажлын зардалыг гаргаж, боомтын авто замын орц, гарцыг 10 урсгалтай болгон өргөтгөхийг “Эрдэнэс МГЛ” компани хариуцахаар болсон байна.

    Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын өргөтгөл, шинэтгэлийг Концессын хуулийн дагуу ирэх оны эхний улиралд багтаан эхлүүлж, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын мастер төлөвлөгөөг мөн хугацаанд боловсруулж батлуулна. Дээрх ажлуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв, зээл, тусламж болон концессын гэрээ байгуулах зэрэг боломжтой нөхцлөөр шийдвэрлэхээр болсон байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Төсөл нь дээд боловсролын хөтөлбөрийн чанар, нийцлийг сайжруулах, Засаглал, менежмент, санхүүжилтийг сайжруулах, Тэгш байдал ба хүртээмжийг сайжруулах гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй.

    Төслийн хүрээнд энэ салбарын шинэчлэлийн бодлогын зөвлөмж боловсруулах, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын орчин, тоног төхөөрөмжийг сайжруулах, багш, сурган хүмүүжүүлэгчдэд үндэсний үнэлгээний стандарт тогтоох, хөдөө орон нутагт их, дээд сургуулиудын чадавхийг дээшлүүлэх зэрэг ажил хийнэ.  

    2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжүүлэх энэ  төсөлд  Азийн хөгжлийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, манай Засгийн газар 2.22 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Хөнгөлөлттэй зээл нь 32 жилийн хугацаатай, үүнээс эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

    Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг өрсөлдөх чадварын судалгаанд манай улс энэ онд 139 орноос 99 дүгээр байранд орж өмнөх жилүүдийг бодвол харьцангуй дээшилсэн. Гэхдээ дотоодын сургалт, судалгааны төвийн боломж, бололцоогоороо сүүл мушгиж, дээд боловсролын системийн чанараар 136, дээд боловсролын удирдлагын чанарын байдлаар 135 дугаар байранд орсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    • “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар, Украйн Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Хэлэлцээр байгуулснаар талууд соёл, урлагийн бүх салбарт хамтын ажиллагааг дэмжих эрх зүйн орчин бүрдсэн. Мөн соёл, урлагийн салбарт нэн шаардлагатай мэргэжлээр боловсон хүчинг Украйн Улсад бэлтгэх, давтан сургалтад хамруулах, туршлага судлах, олон улсын чанартай уралдаан, тэмцээнд уран бүтээлчдээ оролцуулах боломжтой болж байна. Хэлэлцээрийн дагуу талууд өөрийн нэгдэн орсон дотоод, олон улсын хууль тогтоомжийн хүрээнд соёлын үнэт өвд тооцогдох эд өлгийн зүйлсийг хууль бусаар хилээр оруулах, гаргахын эсрэг хамтран ажиллах бөгөөд энэ чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлж, мэдээлэл солилцох юм.
  • НҮБ–ын Ерөнхий Ассамблейн чуулганы танхим Монголоор амьсгаллаа

    10 дугаар 27-ны өдөр Монгол Улсын хувьд түүхэн өдөр билээ.Одоогоос 50 жилийн өмнөх энэ өдөр манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсчтусгаар тогтнол,аюулгүй байдлаа хангаж ,олон улсын нэр хүнд байр сууриа бэхжүүлсэн юм. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд өрнүүлсэн Монгол Улс НҮБ-ын хамтын ажиллагааны үр дүнг дүгнэн цэгнэж ,цаашдын зорилтоо тодорхойлсон чухал үйл явдлууд Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болж байна. Энэ ойн арга хэмжээний хүрээнд НҮБ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзав.

    Ерөнхий сайд  уулзалтын эхэнд  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар дахин томилогдсонд ноён Бан Ги Мүнд баяр хүргээд түүний удирдлага дор НҮБ амжилттай ажиллаж байгааг тэмдэглэв. Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон 50 жилийн хугацаанд хоёр тал олон салбарт амжилттай хамтран ажиллаж ирсэн цаашдаа энэхүү харилцаагаа улам бататган хөгжүүлэхийн чухлыг Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Монгол Улс нь эдийн засгийн хувьд нааштай сайн үзүүлэлтийг үзүүлж байгаа.Уул уурхайгаас олж байгаа ашгийг иргэддээ тэгш хүртээх зорилгоор Хүний хөгжлийн сан бий болгосон.Энэ сангаар дамжуулж хувь хишиг хүртээх ажлыг цаашид үргэлжлүүлэх,иргэдийнхээ амьжиргааг улам сайжруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гээд олон салбарт НҮБ-тай хамтран ажиллахын чухлыг Монгол улсын Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ.

    Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан 2015 он гэхэд Мянганы хөгжлийн зорилтуудыг биелүүлэх,үр дүнг гаргах тодорхой саналуудыг Монгол Улс дэмжиж байгаагаа илэрхийлээд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Монголд амжилттай хэрэгжиж байгааг дуулгав. Монгол улс энэ оны 7 дугаар сараас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа.Бидний хувьд зорьж буй гол ажил бол ардчиллын боловсролыг олон улсын хэмжээнд түгээх явдал.2012 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолын төслийг ардчиллын боловсролын чиглэлээр санаачлахаар ажиллаж байгаа гэдгээ Ерөнхий сайд С.Батболд мэдэгдээд энэ тал дээр анхаарч дэмжихийг Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнээс хүслээ. Мөн Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагааг Либия, Чад, Сьерра Леоне, Конго улс, Дарфурт амжилттай явуулж байна.

    Тухайлбал өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн манай улсаас хоёрдугаар  шатны цэргийн хээрийн эмнэлгийн баг Дарфурт үүрэг гүйцэтгэж байгаа болон Өмнөд Суданд шинээр энхийг сахиулах үйл ажиллагаанд нэг  батальон цэрэг илгээхээр шийдвэрлэснийг дуулгав. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын бүсийн энхийг сахиулах төвүүд болон Нью-Йорк дахь төв департамэнтэд Монголын шинжээчдийг ажиллуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэллээ.

    Монгол Улсын Засгийн газрын тэргүүний дэвшүүлсэн саналыг анхаарч хариуцлагатай тэмдэглэж авахыг ноён Бан Ги Мүн холбогдох албан тушаалтандаа уулзалтын үер үүрэг болгож байв. Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах явц амжилттай  явж байгаа, одоогийн байдлаар долоон улс гарын үсэг зураад байгааг мөн онцлон тэмдэглэв.

    Судалгааны төвийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  манай улсад 2009 онд айлчлахдаа нээсэн нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр НҮБ-аас явуулж буй үйл ажиллагаанд Монгол Улс тэргүүлэх үүрэгтэй оролцох боломж нээснийг Ерөнхий сайд мөн дурьдлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мү НҮБ-д элссэний 50 жилийн ойн баярын мэндийг Ерөнхий сайд С.Батболдод хүргээд Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг онцлов.

    Түүнчлэн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах  талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг,Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэрээр тэмдэглэв.Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр сайн ажиллаж байна хэмээн Монгол Улсын Засгийн газрыг үнэлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн эсрэг Монгол улс үлгэр дууриал болохуйц арга хэмжээ авч байгааг ч дурьдав. Мөн ядуурлыг бууруулах,ажилгүйдлийг багасах тал дээр нааштай үзүүлэлт Монгол улсад гарч байгааг, Хүний хөгжлийн сангаар дамжуулан иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх бодлогоо тууштай хэрэгжүүлэхийн чухлыг тэрээр тэмдэглээд Монгол улс НҮБ-ын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

    Мөн өдөр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы дарга Нассир Абдулазиз Нассертай уулзаж, Монгол улс  болон НҮБ-ын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Монгол дуу хуур олон улсын дипломатчдыг гайхашрууллаа

    Монгол Улсаа сурталчилсан нэгэн гайхамшигт тоглолт 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын чуулганы танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 66 дугаар чуулганд оролцох энэ үеэр чуулганы танхимд болсон хүндэтгэлийн танхимд болсон тоглолтыг Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров найрууллаа. Эх орноо сурталчилан дэлхийн олон оронд тоглолт хийсэн Монгол Улсын Морин хуурын чуулга ардын жүжигчин Ц.Батчулууны удирдлагад шилдэг бүтээлээсээ толилуулж, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид үндэснийхээ бүжгийн гайхамшгийг харуулсан сайхан тоглолт боллоо.

    Дэлхийн лидерүүд үгээ хэлж бодлогоо тодорхойлдог НҮБ-ын чуулганы танхимд  морин хуур аялгуулж, монгол ардын уртын дуу цуурайтсан нь олон орны дипломатчдын бишрэлийг төрүүллээ. Өдгөөгөөс 50 жилийн тэртээ  буюу 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн бөгөөд энэ жил 50 жилийн ой тохиж буй юм. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхийн улс орнуудын хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд голлох үүрэг бүхий НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн нь манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж, олон улсын нэр хүнд, байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулах, тусламж дэмжлэг авах өргөн боломж нээгдсэн билээ.

    Монголчууд морин хуурын аялгуу эгшиглэхэд гэрийн жавар арилдаг хэмээн билэгшээдэг. Хуурын аялгуу цуурайтсан энэ тоглолтын үеэр монголчууд уран нугаралт, ардын бүжгээ толиллуулж, дэлхийн сонгодог бүтээлүүдийн цоморлигоосоо ч толилууллаа. Хөөмийн түрлэгийг үзэгчид илүүтэй сонирхлоо. ОХУ-ын Санкт-Петербургт энэ оны есдүгээр сард болсон П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын гавьяат жүжигчин болсон Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин дуурийн алдартай ариг дуулсан нь монголчууд дан ганц ардын урлагаараа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог урлагаар гайхагдах их авьяастай ард түмэн гэдгийг дэлхийн олон улсад таниулсан хэрэг болооо.  

    50 жилийн өмнө манай улс тусгаар тогтнол аюулгүй байдал байдлаа баталгаажуулж, олон улсад нэр хүндээ өсгөх түүхэн алхмаа хийж байсан Нью-Йорк дахь НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы энэ танхимд өнөөдөр монголчууд бид бахархах түүх соёл, ёс заншилтай, хөгжил дэвшилд хүрсэн ард түмэн гэдгээ харуулсан тоглолт хийж чадлаа. Бүтэн нэг цагийн турш орон орны дипломатчдыг “уяж” чадсан энэ тоглолт эх орноо сурталчилсан сайхан тоглолт боллоо хэмээн хүмүүс ам сайтай байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.