Ангилал: мэдээ

  • Ерөнхий сайд С.Батболд эрхэмсэг зочноо хүндэтгэн үдийн зоог барилаа

     

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер, эрхэмсэг хатагтай Ангела Меркелийг хүндэтгэн зоог барилаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын С.Батболд “Миний урилгыг хүлээн авч Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа эрхэмсэг хатагтай Канцлер Ангела Меркель болон ХБНГУ-ын төр, засгийн төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилж, тухлан саатахыг хүсье” гэлээ. Мөн тэрбээр, 

    – Энэ жил Монгол нутагт анхны төрт улс байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил гээд манай улс, ард түмний түүхэнд  тохиосон олон чухал үйл явдлыг Монголын ард түмэн ёслон тэмдэглэж байна. Билэг дэмбэрэлтэй энэ цаг мөчид Герман Улсын Засгийн газрын тэргүүн ийнхүү Монгол Улсад анх удаа зочлон ирж байгаа нь монголчууд бидэнд өндөр хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг гэж үзэж байна. 

    Канцлер Таны айлчлал манай хоёр орны болон ард түмний найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг, энэхүү харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Герман Улсын Засгийн газар чухалчлан анхаарч байгааг илтгэн харуулж байна. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг  шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна.

    Та бидний яриа хэлэлцээ чин сэтгэлийн, харилцан ойлголцсон уур амьсгалд боллоо. Хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг болоод олон улсын тавцанд хамтран ажиллах асуудлаар санал солилцсон маань үр ашигтай боллоо. Цаашдын хамтын ажиллагаанд ихээхэн түлхэц үзүүлэх Хэлэлцээрүүдэд айлчлалын үеэр гарын үсэг зурлаа.

    Герман Улстай тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Герман Улс нь манай Европ дахь гол түнш. Монгол Улсын Засгийн газар Европын холбоотой харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, Европын холбоонд баримталдаг нийтлэг зарчим, хэм хэмжээ, норм стандартуудыг нутагшуулахыг эрмэлзэж байна.

    Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа өнөө цагт ардчилсан нийгмийн үнэт зүйлс, итгэл үнэмшлээр бэхжиж, улмаар хоёр орны болон бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн тусын тулд улам өргөжин тэлж байгааг тэмдэглэхэд таатай байна. Цаашид ч ардчиллыг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө Эрхэмсэг хатагтай Канцлер Тантай хамтран ажиллахдаа таатай байх болно.

    Германы алдарт зохиолч Курт Тухольски “Найрамдал, нөхөрлөл бол эх орны адил”  гэж хэлсэн байдаг. Энэ ишлэлийн мэргэн утга санаа монгол хүнд их дотно бөгөөд ойлгомжтой санагдаж байна. Манай хоёр орны найрамдал, түншлэлийг мөн энэ өргөн утгаар тайлбарлан тодорхойлж болж байна. Эрхэмсэг хатагтай Ангела Меркель Таныг зуны дэлгэр цагт Монгол Улсад энэ удаагийнхаас арай урт хугацаагаар дахин айлчлан ирэхийг урьж байна гэлээ.

    ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Меркель, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэргийн хамт хүндэтгэл үзүүлж, халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийллээ. Монгол Улсад богино хугацаанд айлчилсан хэдий ч Монгол орны үзэсгэлэнт байгаль, хүн ардынх нь зочломтгой сайхан зан чанарыг мэдэрлээ. Монгол Улсын Ерөнхий сайд зуны дэлгэр цагаар ирээрэй гэж дахин урьсанд талархаж байгаагаа эрхэмсэг хатагтай Ангела Меркель илэрхийлээд “Эрхэм Ерөнхий сайд С.Батболд таныг ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхийг урьж байна” гэлээ. 

    Тэрбээр мөн айлчлалын үеэр хийсэн албан ёсны хэлэлцээ, Монгол Улсын Төрийн өндөрлөгүүдтэй хийсэн уулзалт, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлсэн нь Монгол Германы харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан түүхэн айлчлал боллоо. Энэ бүх хэлэлцээр, баримт бичгүүдийг ажил хэрэг болгох, бодит үр дүнд хүргэхийн төлөө ХБНГУ-ын Канцлерийн хувьд анхаарч ажиллах болно гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Айлчлалын хүрээнд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын урилгаар манай улсад айлчилж байгаа ХБНГУ-ын Холбооны Канцлер, эрхэмсэг хатагтай А.Меркелийн айлчлал үргэлжилж байна. Энэ айлчлал ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүний хэмжээнд манай улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтой бөгөөд хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг илтгэн харуулсан үйл явдал болж байна гэж хоёр тал үзэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Меркел нар Монгол Германы харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Уг ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.

    Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талаас ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Германы талаас ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт төлөөлөгч Петер Шаллер, тус улсын Эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Иохен Хооманн нар, мөн Уурхайн гэрээт олборлогчдын тухай Эрдэнэс Тавантолгой компани, ББМ Оперта групп хоорондын гэрээнд Монголын талаас Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Германы талаас ББМ Оперта группийн Ерөнхийлөгч Вольфган Петерс нар гарын үсэг зурлаа.

    Хамтран ажиллах тухай Эрдэнэс тавантолгой компани, Сийменс компани хоорондын ерөнхий гэрээнд Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Сийменс компанийн Эрчим хүчний үйлдвэрлэл хариуцсан гүйцэтгэх захирал Маркус Таке нар гарын үзэг зурлаа. Улаанбаатар хотод шинээр баригдах суурьшлын бүс дэх усны тогтвортой ашиглалтын болон усны хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний  тухай Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, ХБНГУ-ын ГАУФФ инженеринг компанийн хоорондын хэлэлцээрийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, ГАУФФ инженеринг компанийн Ерөнхийлөгч Увэ Гауфф нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

    Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Линдао Нобелийн шагналтнуудын Зөвлөл, Констанс нуурын эрэх дээрх Линдао Нобелийн шагналтнуудын уулзалтын сан хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичиг болон Монгол Улсын ШУА, Дюссельдорф хот дахь Герда Хенкелийн сан хоорондын Археологийн салбарын шинжлэх ухааны хамтын ажиллагааны тохиролцоонд Монголын талаас ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Германы талаас Герда Хенкелийн сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Микел Ханслер нар гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Эрхэмсэг хатагтай Ангела Меркелийг албан ёсоор угтан авлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар 2011 оны 10 дугаар сарын 12-ны орой манай улсад ирсэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Эрхэмсэг хатагтай Ангела Меркелийн албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. Энэхүү айлчлал нь ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүний хэмжээнд Монгол Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн бөгөөд манай хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг илтгэн харуулсан үйл явдал юм. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн хүндэт зочноо өглөө 09 цагт Сүхбаатарын талбайд  угтан авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр хүндэт харуулж жагсаж, хоёр орны Төрийн дуулал эгшиглэлээ

    Угтах ёслолын ажиллагаанд Монголын талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт,  УИХ дахь Монгол, Германы парламентын бүлгийн дарга Б.Тэрбишдагва болон бусад албаны төлөөлөгчид байлцлаа. Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын  Бундестагийн гишүүн Юрген Коппелин, Михаэль Фукс, Дагмар Энкельманн, Уте Кумпф, болон Төрийн нарийн бичгийн дарга, Холбооны Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штефан Зайберт нар байсан юм. Хүндэт төлөөлөгчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурснаар албан ёсны хэлэлцээр эхэллээ.

  • “Эх орныхоо хөгжилд- бидний оролцоо” сэдэвт Европ дахь Монголчуудын чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

    Монгол Улсын Засгийн газраас санаачилан хэрэгжүүлж буй “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээндМонгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монголчуудын анхдугаар чуулга уулзалтыг ХБНГУ-ын Берлин хотноо 2011 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

    Чуулга уулзалтад Монголоос Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Батлан хамгаалахын сайд Л.Болд  тэргүүтэй төр засаг, хувийн хэвшлийн албан ёсны 50 төлөөлөгч болон Европын 17 орноос 150 өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн иргэд сонгон шалгаруулах журмын дагуу уригдан оролцов. Чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас  дараах 4 үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллав. Үүнд:

    1.    Хилийн чанадад суугаа иргэддээ Засгийн газрын бодлого шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, их бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөх зорилгоор нэгдсэн хуралдаан зохион байгуулж, салбарын яамд, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага болон оролцогч иргэд илтгэл тавьж, санал бодлоо солилцов. Нэгдсэн хуралдааныг Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар удирдаж, салбарын яамдын бодлогын уялдаа холбоог хангаж ажиллав.

    2.    Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн иргэдийг салбарын яамдын удирдлага болон Монгол дахь ажил олгогчидтой танилцах, холбоо тогтоох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Шинжлэх ухаан ба технологи”, “Уул уурхай ба эрчим хүч”, “Дэд бүтэц ба барилга хот байгуулалт” болон “Эрүүл мэнд” гэсэн 4 салбар хуралдаан зохион байгуулж, тухайн салбарын хөгжлийн бодлого чиглэл, боловсон хүчний хэрэгцээ, шаардлагын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

    Салбар хуралдаануудыг төрийн нарийн бичгийн дарга Н.Гантулга, Н.Хүрэлбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар удирдаж, нарийн мэргэжил эзэмшсэн иргэдтэйгээ салбарын тулгамдаж буй асуудал, хамтран шийдвэрлэх арга зам, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцож,  зөвлөмж гаргав. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Ганбямба,  МУ-ын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, гадаад бодлогын зөвлөх О.Оч нар оролцож улс орны хөгжлийн чиг хандлага, төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

    3.    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд “Зөгийн үүр-Aжлын байр” сэдэвт ажлын байр зуучлалын нээлттэй өдөрлөг зохион байгуулж 2011-2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа нарийн мэргэжил, өндөр ур чадвар шаардсан боловсон хүчний хэрэгцээ, ажлын байрны талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

    Төрийн байгуулагуудын нийт ажлын байрны эрэлт хэрэгцээ, зарыг Хөдөлмөрийн төв бирж болон Нийслэлийн хөдөлмөрийн газар, Хувийн хэвшлийн байгууллагуудын төлөв байдал, эрэлт хэрэгцээний талаар Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, түүнчлэн  10 томоохон аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл ажлын байрны хэрэгцээ шаардлагаа танилцуулав.

    “Зөгийн үүр-ажлын байр” өдөрлөгт төр, хувийн хэвшлийн байгууллагуудаас дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа нийт  600 гаруй нарийн мэргэжил, ур чадвар шаардсан ажлын байрыг санал болгосон бөгөөд оролцогчдоос тухайн ажлын байруудад идэвхитэй бүртгүүлж анкет бөглөж өгсөн байна. Уг өдөрлөгийн үеэр хөдөлмөрийн биржүүд болон оролцогч хувийн хэвшлийн бүх байгууллагууд   үйл ажиллагааныхаа талаар  илтгэл тавьсан бөгөөд чуулга уулзалтын нийт төлөөлөгчдөөс гадна Герман улсад ажиллаж амьдарч буй 50 иргэн ”Зочин” мандатаар оролцож, ажлын байрны  талаарх мэдээлийг авлаа.

    4.    “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хилийн чанадад амьдарч буй иргэдийг эх орондоо эргэн ирж ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэдлэг дамжуулах, хөрөнгө оруулалтыг татах зэргээр харилцан үр ашигтай хамтран ажиллах, тэдний гаргасан санал санаачлагуудыг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийг төр засгийн болон олон нийтийн байгууллагуудад хандан уриалж, МУ-ын Засгийн газар, Ерөнхий сайд, түүний дэргэдэх хилийн чанадад амьдарч буй МУ-ын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөл холбогдох бусад байгууллагуудад хандаж нэгдсэн зөвлөмж гаргалаа.

    Чуулга уулзалтын үеэр Монголоос төр засаг, хувийн хэвшлийн байгууллагуудын албан ёсны бүрэлдэхүүн ХБНГУ-ын Бундестагийг үзэж сонирхон, Бундестагийн Төв Ази, Монголыг хариуцсан гишүүдтэй уулзаж санал бодлоо солилцов.

    Мөн Европын 15 оронд үйл ажиллагаагаа явуулж буй иргэдийн сайн дурын үүсэл санаачлагын байгууллага, Монголчуудын холбоодын тэргүүд, гишүүдтэй уулзалт ярилцлага хийж, МУ-аас ХБНГУ-д суугаа элчин сайд Б.Даваадорж МУ-аас Шведийн вант улсад суугаа элчин сайд Б.Энхмандах нартай уулзаж тухайн оронд ажиллаж амьдарч буй МУ-ын иргэдийн талаар санал бодлоо солилцож ажил хэргийн уулзал хийлээ.    

    ХИЛИЙН ЧАНАДАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЗӨВЛӨЛ

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГЫГ  ХЭЛЭЛЦЭВ

    Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэхүү баримт бичиг батлагдсанаар мэдээлэл шуудан харилцаа холбоо, технологийг эрчимтэй хөгжүүлж, мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн хөгжлийг бий болгоход ихээхэн түлхэц болох юм.

    Тус салбар нь нийгэм, эдийн засгийн шинэ харилцаанд хамгийн хурдан, эрсдэл багатайгаар шилжин, шинэчлэгдэж байгаа салбарын нэг юм. 2000 оноос хойших 10 жилийн хугацаанд хөдөө орон нутагт шилэн кабелын сүлжээ байгуулсны дүнд өнөөдөр манай улсын бус аймаг, сумын төв суурингууд газрын болон хөдөлгөөнт холбооны сүлжээнд холбогдох боломжоор хангагдаад байна. Мөн Үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 2002 онд 235 мянга байсан бол өнөөдрийн байдлаар 2 сая 500 мянгад хүрч хөдөлгөөнт холбооны нэвтрэлтийн түвшин 90,3 хувь байгаа нь хөгжиж буй орнуудын болон дэлхийн дундажтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм.

    АГНУУРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ЖУРМЫГ ДЭМЖЛЭЭ

    Агнуур зохион байгуулалт хийх журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусгаж тогтоол гаргахаар болов. Энэхүү журам батлагдсанаар орон нутагт агнуурын бус нутгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, зөвхөн эрх бүхий байгууллагаас баталсан агнуурын бус нутагт агналт хийдэг байх, улмаар агнуурын бус нутгийг аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, иргэнд эзэмшүүлснээр ашиглагч нь хамгаалагч байх зарим амьдралд бодитоор хэрэгжих нөхцөл бүрдэх зэрэг байгаль хамгааллын ач холбогдолтой гэж үзжээ.

    УИХ-Д ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТОВ

    Женев хотноо 2008 онд хуралдсан Дэлхийн шуудан холбооны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит их хурлаар хэлэлцэж баталсан “Дэлхийн шуудан холбооны дүрмийн наймдугаар нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөл батлагдсанаар шуудангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шуудангийн сүлжээгээр дамжуулах илгээмжийг чөлөөтэй солилцох баталгааг бүрдүүлэх, шинэ техник,технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

    ГАЗРЫН ТОСНЫ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЙГУУЛАХААР БОЛОВ

    Дархан-Уул аймагт жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах тухай асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. Тогтоолд Засгаас ямар нэгэн санхүүгийн баталгаа гаргахгүй гэдгийг тодорхой тусгахаар боллоо. Энэхүү үйлдвэр нь хоногт 44 мянган баррель буюу жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд жилд 1,7 сая тонн орчим шингэн түлш үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоог гаргасан байна. Мөн үйлдвэрлэсэн бензин шатахуун нь олон улсын хэмжээнд дээд зэрэглэлийн чанарын стандартыг хангасан, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй экологийн давуу талтай юм байна.

    КОНЦЕССЫН ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР БОЛОВ

    “Концессын зүйлийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д  Улаанбаатарын дулааны 5 дугаар цахилгаан станц болон Дорнодын дулааны  цахилгаан станц  барихтай холбоотойгоор өөрчлөлт оруулахаар боллоо. Ингэснээр Улаанбаатар хотын өсөн  нэмэгдэж байгаа дулааны болон цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор цахилгаан дулааны 5 дугаар шинэ эх үүсвэрийг ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу “Барих-ашиглах-шилжүүлэх” зарчмаар олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтаар хийх болов. 

    Харин Дорнод аймгийн хувьд 100 Мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг “Барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр барих юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд  авто болон төмөр замын дэд бүтэц хөгжсөн,  барилга байгууламж барих нөөц талбайтай, нүүрс болон усны нөөцийн ойрхон байрлалтай,   500 гаруй мэргэшсэн боловсон хүчний нөөцтэй зэрэг нь  уг төслийн томоохон давуу тал болж байна.

    АГААРЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТАВДУГААР ЭРХ ЭДЛЭХ АСУУДАЛД АНХААРНА

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр  Монгол улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн дагуу байгуулсан санамж бичгээр тохирсон асуудлаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга танилцуулга хийлээ. Хуралдаанаас Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн дагуу 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан санамж бичгийн 1 дэх заалтаар тохиролцсон нислэгийн давтамж болон маршрутын хуваарийн талаар тохиролцсон асуудлуудыг дэмжин баталгаажуулах талаар холбогдох шугамаар ХБНГУ-ын талд мэдэгдэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт даалгалаа.

    Европын холбооны гишүүн улсын Засгийн газартай шинээр байгуулах Агаарын харилцааны хэлэлцээр болон байгуулаад байгаа хоёр талын Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу нислэгийг зохицуулах асуудлыг аль болох Монголын талд агаарын тээвэрлэлтийн 5 дугаар эрх эдлэх асуудалд түлхүү анхаарч, ашигтай байх хувилбарыг баримтлан хийж байх нь зүйтэй гэж үзлээ.

    ӨНГӨРСӨН САРД ЗАСГИЙН ГАЗАР 46 УДАА ХУРАЛДЖЭЭ

    2011 оны эхний 9 сард Засгийн газрын хуралдааныг 46 удаа ( үүнээс ээлжит хуралдаан 35, ээлжит бус хуралдаан11) зохион байгуулж, нийт 148 цаг 32 минут хуралдсан байна. Энэ хугацаанд 739 асуудлыг  Засгийн газрын хуралдаанд оруулж, үүнээс 536 асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 203 асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлсэн болно.

    Засгийн газрын хуралдаанаас 56 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 43 асуудлыг Хууль санаачлагчдад уламжлахаар, 12 асуудлыг УИХ-ын байнгын хороотой зөвшилцөхөөр, 5 асуудлыг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 23 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлд танилцуулахаар  шийдвэрлэсэн байна.  Мөн 37 асуудлыг хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналын дагуу дахин хэлэлцэхээр хойшлуулжээ. Мөн хугацаанд Засгийн газрын хуралдаанаас 287 тогтоол, Ерөнхий сайдын захирамж 66-г гаргахаар шийдвэрлэснийг зохих журмын дагуу албажуулсан байна.  

    Товчхон

    • Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Уг хуулийн төсөлд тусгагдсан гол асуудал нь хадгаламжийн даатгалд хамрагдах хадгаламжийн хэмжээ юм. Даатгалын тохиолдол үүсвэл Корпораци даатгагдах хадгаламж эзэмшигчдийн тухайн банкин дахь нийт төгрөг ба валютын хадгаламжийг 20 сая төгрөг хүртэл хэмжээгээр нөхөн төлнө зэрэг  заалтын төсөл оржээ.
  • Монгол улс томоохон арилжааны зээл авах эрхтэй болжээ

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод өнөөдөр Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч  Харухико Курода бараалхлаа. Манай улс Азийн хөгжлийн банктай хамтран ажилласны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм байна. Хамтын ажиллагааны 20 жилийн ойг тэмдлэглэж байгаа энэ өдрүүдэд АХБ-ны Ерөнхийлөгч  манай улсад айлчилж байгаад бэлэгшээж байгаагаа Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  илэрхийлээд, Ерөнхийлөгчийн албан тушаалдаа дахин таван жилээр улиран сонгогдсонд нь баяр хүргэлээ.

    АХБ-аас Монгол улсад нийт нэг тэрбум орчим ам.долларын бодит хөрөнгө оруулалтыг хийсэн нь 1991 оноос хойш Монгол улсад үзүүлсэн нийт зээл тусламжийн дөрөвний нэг нь болж байгаа нь АХБ-ыг манай хамгийн том хамтрагч олон улсын байгууллага болохыг илтгэж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэн хэлэв. Түүнчлэн санхүүгийн байгууллагуудын хамгийн нэр хүндтэй  АХБ-тай хамтран ажиллаж байгаа нь Монгол улсын хувьд нэр төрийн хэрэг гэдгийг мөн дурьдлаа.  

    Монгол улсын эдийн засгийн хурдацтай өсөлт, тогтвортой хөгжлийг хангах зорилгоор нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг бусад олон улсын байгууллагын санхүүжилттэй уялдуулан хэрэгжүүлэх бодлогыг барьж, нэн тэргүүнд нефть, нефтийн бүтээгдэхүүний 100 хувийн импортын хараат байдлаас гарах зорилгоор хүрэн нүүрсийг хийжүүлэх том хэмжээний төслийг АХБ-ны энгийн эх үүсвэрийн санхүүжилтээр хэрэгжүүлж хамтран ажиллах саналтай байна гэдгээ мөн уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ.

    Харин ноён Харухико Куродагийн хувьд олон орны хөгжлийн судалгааг харж байсны хувьд Монгол орон сүүлийн 20 жилд макро эдийн засгийн тогтворжилт дээрээ том дэвшил гаргасан цөөхөн орны нэг байж чадлаа гэдгийг дурьдаад, мөн ардчилалыг бэхжүүлж чадсан орны нэг гэдгээ  ч харууллаа гэдгийг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол Улсын ДНБ-ний өсөлт нэмэгдэх нь тодорхой байна, бидний судалгаагаар ойрын 10-20  жилд монгол улсын ДНБ өсөлтөө хадгалах төлөв  ч харагдаж байна гэдгийг АХБ-ны Ерөнхийлөгч дурьдаж байлаа. Мөн энэ бол маш чухал үзүүлэлт, цаашдаа өсөлтөндөө тулгуурласан зөв бодлого тууштай явуулбал Монгол улс өндөр хөгжилтэй орон болоход ойрхон байна гэдгийг ч тэрбээр хэллээ.

    Ингэхдээ Уул уурхайгаас гадна бусад салбараа хамтад нь хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой хэмээн зөвлөлөө. АХБ-ны хувьд Монгол Улсын эдийн засгийн  дунд хугацааны болоод урт хугацааны төлөв байдалд санаа зовохгүй  байна  гэдгийг ч  илэрхийлж, сайн дүр зураг харагдаж байгааг тэмдэглэв. Мөн Монгол улсад тогтвортой байдал бий болсон тул Азийн хөгжлийн банк Монгол улсад зээлжих эрхийн статусаа нэмэгдүүлснэээнэ үеэр дуулгалаа.Энэ нь Монгол Улс өмнө  нь зөвхөн буцалтгүй тусламж, зээл авдаг байсан бол статус нэмэгдсэнээр томоохон хэмжээний арилжааны зээл авах эрх нээгдэж байна гэсэн үг юм байна. Өөрөөр хэлбэл Азийн хөгжлийн банкны ердийн томоохон харилцагчдын нэг нь Монгол Улс болж байгаа ажээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Монгол Улс түүхэндээ дээд амжилт тогтоосон ургац авлаа

    Энэ онд улсын хэмжээнд 433,4 мянган тн үр тариа, 191,5 мянган тн төмс, 97,2 мянган тн хүнсний ногоо хураасан нь манай улсын түүхэнд байгаагүй рекорд амжилт боллоо. Энэ нь Монгол Улсын Засгийн газар газар тариалангийн салбараа бодлогоор дэмжиж ажилласны үр дүн юм гэж ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай хэлээд “Ерөнхий сайд танд болон Засгийн газартаа нийт тариаланчдынхаа өмнөөс талархаж байна” гэлээ.

    Ажлын амжилт, үр дүнгийн талаар таатай сайхан мэдээлэл хүлээн авсан Засгийн газрын тэргүүн С.Батболд, газар тариалангийн салбарынхан маань онцгой амжилт гаргалаа. Тариаланчид, ногоочид, механикжуулагчид болон ургацын ажлыг зохион байгуулсан салбарын төдийгүй орон нутгийн удирдлагуудад Монгол Улсын Засгийн газар, нийт ард иргэдийнхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийллээ.

    Эх орныхоо хөрсөнд ургасан үр тариа, төмс хүнсний ногоо, чанартай гурил, органик бүтээгдэхүүнээр ард иргэдийнхээ хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадна гэдэг хамгийн чухал. Энэ бол манай улсын аюулгүй байдлын төдийгүй хөгжлийн баталгаа юм гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэллээ. Хүнсний хангамж гэдэг дэлхий нийтийн асуудал болоод байгаа ийм үед  Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй үр тариа, хүнсний ногоо, гурил экспортлогч орон болох зорилт тавьж ажиллах учиртайг Ерөнхий сайд тодотгоод манай улс дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнд уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хос морьтой “давхих нь” манай улсын хөгжлийн нэг багана, тэнхлэг юм гэдгийг онцоллоо.

    Авсан зорилтоо бид энэ жил ажил хэрэг болгож чадлаа. Одоо ард иргэдийнхээ хүнсний хэрэглээнд эдгээр бүтээгдэхүүнээ жилийн дөрвөн улирлын туршид чанартай хүргэхийн төлөө гол анхаарлаа хандуулахад аж ахуйн нэгжүүд анхаарах учиртай. Тээвэрлэх, худалдах, борлуулалтын ажилд Засгийн газар эрх зүйн бөгөөд зохион байгуулалтын хувьд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Ард иргэдээ чанартай бүтээгдэхүүнээр тогтмол, тогтвортой үнээр хангаж чадаж байж энэ амжилтын үр дүн гарах учиртай гэдгийг анхааруулсан юм.

    Хэд хэдэн аймаг онцгой амжилт гаргасныг Ерөнхий сайд дурдаад Сэлэнгэ аймаг 214 мянган тн үр тариа хурааж авсан нь манай улсын нийт ургацын тал хувьтай тэнцэнэ. Төв аймаг энэ жил түүхэндээ байгаагүй их ургац авсан. Булган аймаг үр тарианыхаа тоо хэмжээг эрс нэмэгдүүллээ гэж хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ зориуд тэмдэглэлээ.

    Ерөнхий сайд өнгөрсөн хавар тариалалтын ажилтай Төв аймагт, харин өнгөрсөн сард ургац хураалтын ажилтай танилцаж Сэлэнгэ, Төв аймагт ажилласан юм. Тэрбээр энэ тухайгаа тэмдэглээд манай тариаланчид хичээл зүтгэлтэй ажилласны үр дүн гарлаа. Энэ намар ургацаа богино хугацаанд шуурхай хурааж, ажлаа сайн зохион байгуулж, өгсөн үүрэг даалгавар, өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүсэнд нь талархаж байлаа.

    Мөн тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлсэн “Атрын 3” аяны хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлыг зохион байгуулалт сайтай хэрэгжүүлсэн, хамтын бүтээлч ажлын үр дүнд ийм амжилтад хүрснийг тодотгоод хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • АНХНЫ ТАВАН ЯАМ НЭЭЛТТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

    Монгол Улсын түүхэнд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал онцгой байр суурь эзэлдэг. Энэхүү хувьсгалын үр дүнд Монгол Улсын тусгаар тогтнол дахин сэргэж, VIII Богд Жибзундамба хутагтыг тус улсын хаанд өргөмжлөн, анхны таван  яам байгуулагдсан түүхтэй. Энэ онд дээрх яамдын үргэлжлэл болон ажиллаж байгаа эдүгээгийн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх алба, (Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам) Дипломат алба, (Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч  яам) Санхүү, эдийн засгийн алба, (Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам)  Хууль зүй, дотоод хэргийн алба, (Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам) Батлан хамгаалах алба (Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам) үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна.

    Энэхүү түүхт ойн хүрээнд өнөөдөр тэд “Анхны таван яам – 100” сэдэвт нээлттэй өдөрлөгөө зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү өдөрлөгт оролцож хэлсэн үгэндээ 2007 оноос эхлэн манай төв, орон нутгийн төрийн байгууллагууд иргэддээ үйлчлэх, тэдний санал бодлыг сонсох нээлттэй өдөр зохиох ажил аль хэдий нь хэвшил болжээ. Ард иргэдийнхээ санал бодлыг сонсч, тэдэнд төрийн төрөл бүрийн үйлчилгээг газар дээрээс үзүүлж, урлаг, спортын тоглолт, түүхэн замнал, өнөөгийн үйл ажиллагаагаа сурталчилсан ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

    Мөн тэрээр иргэдийг энэхүү нээлттэй өдөрлөгт идэвхтэй оролцох, төрийн албан хаагчдыг олон нийтэд чанартай үйлчилгээ хүргэж, тэдний санал хүсэлтийг хүлээн авахыг  уриалж байгаагаа хэллээ. Монгол Улсын орчин цагийн төрийн захиргааны төв байгууллагын эх суурь нь болсон энэхүү таван яамд эх орныхоо хөгжил дэвшлийг чанарын шинэ шатанд гарган ард олны сайн сайхан аж амьдралын төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж өнөөгийн өндөрлөгт хүргэж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар энэ үеэр хэлээд анхны таван яамдын хамт олон 100 жилийн ойгоо угтан байгууллагынхаа түүхэн замнал, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлаа шинэ шатанд гаргах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ойн нэрэмжит спорт, урлагийн олон төрлийн  ажил зохиох зэрэг томоохон зорилт дэвшүүлж идэвхи, санаачлага гарган ажиллаж байна гэлээ.   

    “Анхны таван яам-100” сэдэвт нээлттэй өдөрлөгийн үеэр дээрх таван яам нийслэлийн иргэд, олон нийтэд үйл ажиллагаа сурталчлах, төрийн зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлэх юм. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт болон бусад асуудлаар иргэдээс санал асуулга авахаас гадна Монгол Улсын Хүний хөгжил сангаас олгох оюутны сургалтын төлбөр, орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг хаана хэнд хандаж хэрхэн авах зэрэг зөвлөгөө мэдээллийг өгч байна.

  • АНХНЫ ТАВАН ЯАМ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТӨӨ УРЬЖ БАЙНА

    Монгол Улсад анхны таван яам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт жилийн хүрээнд 10-р сарын 10-ны даваа гаригт Сүхбаатарын талбайд ЗГХЭГ болон Сангийн яам, ХЗДХЯ, БХЯ, ГХЯ-ны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Энэ тухай өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав,Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Төрийн захиргааны газрын дарга Ш.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баясгалан, Гадаад харилцааны яамны газрын дарга Д.Баярсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Нээлттэй өдөрлөгийн үеэр Засгийн газрын бодлого шийдвэрийг иргэдэд танилцуулахаас гадна иргэд хүссэн мэдээллээ эндээс авах боломжтой. Тухайлбал Монгол Улсын Хүний хөгжил сангаас олгох оюутны сургалтын төлбөр, орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээгийн төлбөрийг хаана хэнд хандаж хэрхэн авах талаар зөвлөлгөө мэдээллийг эндээс авч болно.

    Батлан хамгаалах яамны хувьд гэрэл зургийн альбом, “Догшин хар сүлдний нууц” баримтат кино, дурсгалын медаль, үзэсгэлэн зэргийг гаргасан байна. Хамгийн өндөр настай таван генералд орон сууц олгож, мөн таван генералд эдлэн, хаус бэлэглэжээ. Ирэх долоо хоногоос 50 албан хаагчидадорон сууцны түлхүүр гардуулахаар болжээ. Мөн 300 айлын орон сууц бариулах ажил эхлүүлсан байна.  Өдөрлөгийн үеэр архивын лавлагаа үнэ төлбөргүй гаргаж өгөх зэрэг арга хэмжээ явуулах юм.

    Гадаад харилцааны яамны тухайд иргэдэд нэг цэгийн үйлчилгээ явуулж, анхны сайдынхаа хөшөөний эх загварыг танилцуулах юм байна. Мөн дипломат ажлын онцлогийг харуулсан ажил зохион байгуулж, ёслолд хэрэглэдэг машин зэргийг үзүүлэх юм байна.Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч нотариатын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Мөн хилчдийг ар гэртэй нь шууд холбож харилцуулах юм байна. Энэ мэт тухай яам, агентлагийн үйл ажиллагаатай бүхий л мэдээллийг “Анхны таван яам- 100” нээлттэй өдөрлөгөөс авах боломжтой юм.

  • ХБНГУ-д “Зөгийн үүр” чуулга уулзалтыг зохион байгууллаа

    Могол улсын Засгийн газраас санаачлан “Зөгийн үүр” хөтөлбөрийн хэрэгжүүлж байгаа билээ. Хилийн чанадад суралцаж, ажиллаж байгаа монголчуудыг эх нутагтаа ирж, их бүтээн байгуулалт хөгжлийн гараан дээр өөрсдийн хүчин зүтгэлээ оруулахыг уриалсан хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл дэлхийгээр тархан нисэж бал цуглуулсан “Зөгий”-нүүдээ үүрэндээ ирэхийг уриалж байгаа юм.

    Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч байгаа Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс Европ тивд амьдарч буй  монголчуудын дунд “ Берлин-2011” анхдугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа. Берлин хотноо зохиогдсон энэхүү чуулга уулзалтад монголын талаас УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Ганбямба болон БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, Хилийн чанадад амьдарч байгаа Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах албаны дарга Ч.Энх- Эрдэнэ нар оролцож    “ Зөгий”-нүүдэд  хандан төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар танилцууллаа.

    Европт суралцаж, ажиллаж байгаа 200 гаруй монголчууд тус чуулганд хүрэлцэн иржээ. Чуулганы эхний өдөр “ Эх орны хөгжилд миний оролцоо” сэдэвт нэгдсэн болон салбар хуралдааныг зохион байгуулсан. Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол иргэдийг тухайн салбарын яамдын удирдлага, хувийн хэвшлийн байгууллага, судлаачидтай уулзуулсан юм. Энэ жилийг Монгол улсын Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлийг дэмжих жил” болгон зарласан байгаа. “Зөгийн үүр” хөтөлбөр ч үүнтэй холбоотой.  

    Энэхүү уулзалтанд Монголын үндэсний томоохон 20 гаруй компаний хүний нөөцийн мэргэжилтнүүдэрэлттэй байгаа ажлын байрандаа судалгаа хийж газар дээр нь холбоо тогтоож байсан нь онцлог байлаа. Түүнчлэн өөрсдийн компаний танилцуулга, давуу тал мөн хэрэгцээтэй байгаа боловсон хүчний талаархи бодит мэдээллүүдийг өгч байсан нь “Зөгийнүүдэд”том боломж олгосон үр дүнтэй чуулга уулзалт боллоо. Түүнчлэн энэ уулзалт нь УИХ болон Засгийн газрын гишүүд, Яам агентлагынхан гээд шийдвэр гаргах түвшний олон төлөөлөгчид ирсэн гэдэг утгаараа анхных болж байгаа бөгөөд энэ үеэр “Зөгийнүүд”эх орондоо нэвтрүүлж ашиглаж болох шинэ санаа, төслүүдээ танилцуулж харилцан санал бодлоо солилцож байсан юм.

    Монголд ажилгүйдэл их байна, гэхдээ ажлынбайр  бий. Харамсалтай нь нарийн мэргэжлийн боловсон хүчин байхгүй байна гэх мэдээллийг тэдэнд өгсөн бөгөөд улсын хэмжээнд ямар ямар ажлын байр эрэлттэй байгааг чуулганы үеэр танилцуулж байсан. Тухайлбал, ЗТБХБЯ 22900, ХХААХҮЯ 11300,ЭБЭХЯ 12600, БОАЖЯ 3154, БСШУЯ 1599 ажлын байр тус тус шаардлагатай байгааг мэдээлж байв.

    Харин тэнд суралцаж ажиллаж байгаа ихэнх залуус монголд очоод найдвартай ажлын байр бий эсэхийг лавлаж, мөн цалингийн хэмжээг хамгийн их сонирхож байв. Түүнчлэн хүүхдүүдийнхээ боловсролд анхаараад нутаг руугаа буцаж чадахгүй байна, монголын боловсролын тогтолцоо хурдан стандартын түвшинд очоосой гэх саналыг хэлэх нэг нь ч бас байлаа. Ихэнх Монголчууд Европт гэр бүлтэй болж, хөгжилтэй орны хэмнэлээс гарахааргүйгээр дасан зохицжээ. Гэхдээ хөгжилд хувь нэмрээ оруулах олон санал байгааг тэд онцолж байлаа.

    Берлин хотноо зохиогдсон “Зөгийн үүр” чуулга уулзалтын хоёр дахь өдөр хөдөлмөрийн яармаг ажиллалаа. Монголд 40 мянга орчим ажлын байр эзнээ хүлээж байгаа тухай статистик тоо байдаг.  Хөдөлмөрийн яармагийн  үеэр монголын 10 гаруй компаний төлөөлөл монголд шаардлагатай байгаа ажлын байраа танилцуулж байсан. Цахилгаан эрчим хүч, үйлдвэрийн тоног төхөөрөмж, механик инженер, уул уурхайн инженерийн мэргэжилтэй боловсон хүчнүүд эдүгээ монгол улсад хэрэгтэй байгааг тэдний танилцуулгаас харж болохоор байлаа. Өөрөөр хэлбэл нарийн мэргэжлийнхэн асар их хэрэгцээтэй байгаа аж.

    Дублины их сургуульд докторантаар сурч байгаа гээд өндөр боловсрол эзэмшиж байгаа тэднээр эх орон нь  бахархахгүй байхын аргагүй. “Зөгийн үүр” хөтөлбөрийнхөн ч тэдний авьяас чадвар мэдлэгийг Монголдоо шингээхийг зорьж байна. Энд цугласан 200 гаруй монголчууд эх орондоо ирж ажиллавал бид гадаадаас нарийн мэргэжилтнүүдийг гуйхгүй байх боломж ч энд харагдаж байлаа.

    Монголд очиход олон мянган ам.долларын цалин өгч, дардан замаар хөтөлж амьдруулна гэж амлахгүй байгаа ч тэдэнд асар их ирээдүй хүлээж байна гэдгийг танилцуулахад энэ чуулганы зорилго оршиж байгааг “Зөгийн үүр”-ийнхэн тодотголоо. Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаа монголд ажлын байрны нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө гэж оюутнууд ярьж байв.Ямартай ч хөдөлмөрийн биржийн танилцуулгын дараа хилийн чанадад амьдарч буй иргэдээс 650 гаруй нь ажлын байранд бүртгүүлсэн байлаа. Цахим хэлбэрт суурилсан мэдээлэл солилцоог хөгжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлэхийг тэд эцэст нь хүсч байсан юм. Мөн  энэ үеэр тэднээс монголдоо хэзээ очих вэ гэсэн судалгааг явуулахад ихэнх нь ойрын таван жилд гэсэн хариултыг өгчээ.


    Эх сурвалж: http://open-government.mn