Ангилал: мэдээ

  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН АЙВЕНХОУ МАЙНЗ, РИО ТИНТО КОМПАНИЙН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

    2011оны 10 дугаар сарын 6

    1.    Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдох хоёр асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз, Рио Тинто компаниуд санал солилцов. Талууд Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа дахин нотлов.

    2.    Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль, тогтоомжтой бүрэн нийцэж байгуулагдсаныг дахин бататгав.

    3.    Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас хойш Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татсан орнуудын нэг болсон билээ. Монгол Улс дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй улс орнуудын нэг болсон байна. Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанаас Монголын ард түмэн ихээхэн үр ашиг хүртэж байгаа бөгөөд цаашид төсөл ашиглалтанд орж үйл ажиллагаа эхэлснээр улам их үр ашиг хүртэх болно.

    4.    Хөрөнгө оруулалтын гэрээнь Оюутолгой төслийн барилгын ажлын үндэс суурийг бүрдүүлсэн бөгөөд саяхан барилгын ажлын 50%-ийг нь гүйцэтгэж дууссан, ирэх жилийн гуравдугаар улиралд анхны бүтээгдэхүүнийг гаргаж эхлэхээр байна. Айвенхоу Майнз, Рио Тинто компаниуд өнөөдрийг хүртэл Оюутолгой төсөлд 2.6 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд уг төслийг ашиглалтанд оруулахын тулд цаашид ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулна.

    5.    Хөрөнгө оруулалтын гэрээний 15.30-д “Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасан. Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээний энэхүү зүйлд заасан эрхийн дагуу холбогдох өөрчлөлт оруулахаар санал солилцох байр сууриа илэрхийлсэн гэж Айвенхоу Майнз, Рио Тинто компаниуд үзэж байна. Монгол Улсын Засгийн газраас илэрхийлсэн байр суурийг Айвенхоу Майнз, Рио Тинто компани хүндэтгэн үзэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг үргэлжлүүлэн дэмжиж байгааг талархан тэмдэглэж байна.

    6.    Монголын ард түмний тусын тулд Оюутолгой төслийг дуусгаж бүтээгдэхүүнээ бүрэн гаргах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай төслийн санхүүжилтийг баталгаажуулах талаар Хувь нийлүүлэгч талууд хамтран ажиллах болно. Бүх хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагч, зээлдэгч, ажилчид, гэрээт гүйцэтгэгчид,иргэний нийгмийн байгууллагуудболон орон нутгийн иргэд Оюутолгой төслийн ирээдүйд бүрэн итгэлтэй байж болно.

  • Үндэснийхээ эрх ашгаас уяатай ажиллахыг улс төрчдөд зөвлөлөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайдС.Батболд болон УИХ-ын дэд дарга нар, намуудын бүлгийн дарга нарыг хүлээн авч уулзан цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Оюутолгой бол Монгол Улсын том бүтээн байгуулалт. XX зууны их бүтээн байгуулалтыг Эрдэнэт үйлдвэрийг гэдэг бол XXI зууны хамгийн том бүтээн байгуулалтыг би Оюутолгойнх байна гэдэгт итгэдэг. Бидний авч буй цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгойтой холбоотой гэж харах хэрэгтэй.

    Оюутолгой ашиглалтад орох тэр цагт манай улс дэлхийн зах зээл дээрх том тоглогч болно гээд Оюутолгой дагасан дэд бүтцийг яаралтай бий болгох шаардлагатай байгааг Эрдэнэтэд хивсний үйлдвэр байгуулсан жишээгээр тайлбарлалаа. Мөн тэрбээр асуудал байгаа бол ярилцаад шийддэг байхыг зөвлөөд өөр өөр газар аар саар мэдэгдэл хийдгээ болих хэрэгтэй. Оюутолгойн талаарх аливаа шийдвэр Улаанбаатарт л гарч байх ёстой гэдгийг анхаарууллаа. Гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл унах аюултайг Ерөнхийлөгч мөн сэрэмжлүүллээ. Оюутолгой бол Монгол Улсын эдийн засгийн баталгаа. Манай улсын нэрийг дэлхийд сайнаар ч, саараар ч гаргаж чадах том төсөл гэдгийг тэрбээр онцлоод улстөрчид үндэснийхээ эрх ашгаас уяатай байж, том эрх ашигт хүлэгдэж ажиллах учиртайг хэллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ уулзалтын үеэр хэлсэн үгэндээ хөрөнгө оруулагч тал Монгол Улсын Засгийн газрын тавьж байгаа асуудалд хүндэтгэлтэй хандаж байгааг онцолж байв. Засгийн газрын тэргүүн цаг үеэ олсон ач холбогдолтой уулзалт болж байгааг тодотгоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнтэй санал нэг байгаагаа илэрхийллээ. Оюутолгой төслийн асуудал, уг төслийн Монгол Улсын эдийн засагт өгөх үр өгөөжийн талаар бид байнга ярьж байх ёстой. Оюутолгой төсөл эдийн засаг, санхүүжилтийн хувьд тасалдахгүй явж байж бодит үр дүнгээ Монголын ард түмэн ирэх жилээс өгөх учиртай гэж Засгийн газрын тэргүүн С.Батболд хэлээд УИХ, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан тогтоолын дагуу тодорхой заалтуудыг дурдаад хөрөнгө оруулагч талд тавьсан, хөрөнгө оруулагч тал Монгол Улсын Засгийн газрын тавьж байгаа асуудалд хүндэтгэлтэй хандаж байгааг хэллээ. Мөн хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж байгааг энэ үеэр мэдэгдлээ.

    УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч мөн энэ уулзалтын үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай санал нэгтэй байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ тэрбээр “Оюутолгой бол Монголын хөгжлийн тулгуур асуудлуудын нэг. Манай улсын гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг өндөрөсөлттэй байгаа нь Оюутолгойтой холбоотой. Ийм бүтээн байгуулалтыг зогсооё гэсэн УИХ-ын гишүүн байхгүйбайх.Засгийн газар хөрөнгө оруулагч талтай ярилцъя гэж байгаа ийм цаг үед одоогийн бодлогоо сайн авч явъя гэдэгтэй гишүүд санал нийлж байгаа гэдэгт итгэж байна гэж хэллээ. Мөн санхүүгийн хямрал, зэсийн үнэ унах байдал ажиглагдаж байгаа ийм эгзэгтэй үед асуудалд нухацтай хандах хэрэгтэйг сануулаад Засгийн газрыг тогтвортой ажиллуулъя гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа.

    Эх сурвалж: http://open-government.mn

  • Хөгжлийг жинхэнэ ёсоор бүтээгч нь Монгол хүмүүн та өөрөө

    – МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИЛГЭЭЛТ –

    Европд байгаа монголчуудын чуулга уулзалтад оролцогчдод

    Эрхэм хүндэт Монголчуудаа, залуусаа,

    Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчдөө,

    Соёл түүхийн эртний өв уламжлалт Европ тивийн хөгжил дэвшлээрээ тэргүүлэгч улс орнуудад ажиллаж сурч амьдарч байгаа элэг нэгт Монголчууд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын болон нийт Монголчуудынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн  мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны ерөөлийг өргөн, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

    Энэхүү чуулга уулзалт зохион байгуулагдаж байгаа 2011 он бол монгол өвөг дээдсийн маань анхлан үүсгэсэн төрт улс Хүннү гүрний болон Мянганы суут хүн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын, үндэсний тусгаар тогтнолоо дахин сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, Ардын хувьсгалын агуу тэмдэглэлт тэгш ойнууд тохиосон манай орны түүхэнд онцгой ач холбогдол бүхий жил билээ.

    Өнөөдрийн Монгол Улс даяаршлын эрин зуунд эх орныхоо тусгаар тогтнол, монгол үндэстнийхээ баялаг өв санг өнөө хүртэл хадгалж, улам  баяжуулан  хөгжүүлсээр байгаа маань бид бүхний зүй ёсны бахархал мөн. Манай улс эдийн засгийн эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа энэ түүхэн үед тэрхүү хөгжлийг жинхэнэ ёсоор бүтээгч нь гагцхүү хүн төрөлхтөний жинхэнэ баялаг болох Монгол хүмүүн өөрөө байх нь дамжиггүй юм.

    Энэ үүднээс манай Засгийн газраас2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, тодорхой үр дүнгүүд гарч байна. Түүнчлэн гадаад улс орнуудад суралцаж ажиллаж байгаа Монголчуудаа эх орныхоо бүтээн байгуулалтад урин дуудах “Зөгийн үүр” хөтөлбөрийг санаачилж батлан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрөө Европын орнуудад өндөр боловсрол, нарийн мэргэжил, баялаг туршлага эзэмшиж байгаа эх орон нэгтнүүддээ танилцуулах, та бүхэнтэйгээ санал бодлоо солилцох зорилго бүхий Чуулга уулзалтыг миний бие Засгийн газрын Тэргүүний хувиар өөрийн ивээл дор зохион байгуулж байгаа юм.

    Энэ Чуулга уулзалтаар төр, засаг, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагуудын өргөн бүрэлдхүүнтэйгээр Та бүхэн маань хуран чуулж, эх орныхоо хөгжилд нэн шаардлагатай мэргэжилтний хэрэгцээг хангахад томоохон хувь нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна. Улс орныхоо төлөөх чинхүү сэтгэлээр эх орон нэгтнүүдтэйгээ хамтдаа Монгол Улсынхаа мандан бадралыг гардан бүтээгч нь болж ажиллаж хөдөлмөрлөхийг Ерөнхий сайдын хувиар залуус та бүхэндээ уриалж байна. 

    Эх орныхоо хөгжлийн түүчээ болж, нийт Монголчуудаа манлайлан хөгжил дэвшлийг хамтдаа бүтээцгээе.

    Монгол Улс маань үүрд дэвжин мандаж,

    Монгол хүний сүлд хийморь ямагт бадарч байх болтугай.

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СҮХБААТАРЫН БАТБОЛД

    2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

                                                                 Берлин хот, ХБНГУ

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 85 ХУВЬТАЙ БАЙНА

    Засгийн газрын хуралдаанаар түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав. Үүнтэй холбогдуулан түлш, эрчим хүчний үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг 11 дүгээр сарын 01-ний дотор дуусгахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт үүрэг болголоо. Дулааны станцуудын нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэхтэй холбогдуулан нүүрс гаргах, вагоноор тасралтгүй хангах, нүүрс хүлээн авах ажлыг сайтар зохион байгуулж дээр дурдсан хугацаа гэхэд 20 хоногийн нөөцтэй болгохыг мөн даалгасан байна.

    Түүнчлэн Баянхонгор аймгийн Баацагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумын дизель станцад дутагдаж байгаа дизелийн түлшний 120 сая төгрөгийн татаасыг ч шийдвэрлэхээр боллоо. Увс, Хөвсгөл, Сүхбаатар аймагт баригдаж байгаа дулааны станцуудын ашиглалтын өмнөх захиргаа байгуулах болсон байна.  

    Эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийн явц 9 дүгээр сарын 20-ны байдлаар 85 хувьтай байна. Дулааны станц, шугам сүлжээний тоноглолын их засвар, шинэчлэлийн ажлын явц 87, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүдийнх 70 хувьд хүрчээ. 2009 оноос “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгож эхэлснээр станц, уурхайн хоорондын төлбөрийн хүндрэл арилж байна. Салбарын хэмжээнд дулааны цахилгаан станцууд 21 хоногийн нүүрсний нөөцтэй болжээ.

    Төвлөрсөн дулаан хангамжтай 5 аймаг, 1 сум өвлийн бэлтгэлээ графикийн дагуу хийж байна. Харин өнгөрсөн өвөл гал алдаж багагүй хүндрэл учруулж байсан Увс аймгийн Улаангом хотын дулааны хангамжийн найдвартай ажиллагааг хангах, өвлийн бэлтгэлийг нь хангуулах зорилгоор Эрчим хүчний газар, “Увс дулааны станц”-тай 1 жилийн гэрээ байгуулан ажиллаж засвараа бүрэн хийж дуусчээ.

    Дизель станцтай Завхан аймгийн Улиастай, Говь-Алтай аймгийн Есөнбулаг эрчим хүчний  үйлдвэрүүдийн дизель болон цахилгаан шугам сүлжээний их засвар 80-85 хувьтай байна. “Есөнбулаг эрчим хүч” компанид төсвийн хөрөнгөөр шинээр 2 дизель станц суурилуулсан бөгөөд 25 хоногийн түлшний нөөцтэй болжээ. Харин Улиастай 24 хоногийн нөөцтэй байна.

    Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй сумдын нар, салхи хосолсон цахилгаан станцад горимын тохируулга болон засвар үйлчилгээг хийж дуусчээ. Түлшний салбарын хэмжээгээр өвөлжилтийн бэлтгэлийн явц 90 хувьд хүрсэн бөгөөд Багануурын уурхай 90, Шарын гол 87,6, Шивээ-Овоо 91,5, Адуунчулууны уурхай 89,5, хувьтай байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    АШИГТ МАЛТМАЛЫН БОЛОН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ХБНГУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

    Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарын түншлэлийн ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзэв. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод олгохоор боллоо. Хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхэд энэ хэлэлцээр чухал ач холбогдолтой юм. Хэлэлцээр байгуулснаар дэлхийн өндөр хөгжилтэй, Европын Холбооны гол хөдөлгүүр болж байгаа ХБНГУ-тай стратегийн түншлэлтэй болж, ХБНГУ-ын стратегийн сонирхол манай улсад бодит байдлаар бий болно гэж Засгийн газар үзэж байна.

    МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАМТАРСАН ХОРООНЫ ХУРАЛ БОЛНО

    10 дугаар сарын 13-ны өдөр Брюссель хотноо Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны 14 дүгээр хуралдаан болно. Хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийг Шадар сайд М.Энхболд ахлах юм. Хуралдаанаар улс төр, эдийн засгийн байдал болон гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл солилцоно. Мөн харилцааг цаашид өргөжүүлэх боломж, хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, үр дүн, түүний дотор 2011-2013 оны Хөгжлийн хамтын ажиллагааны баримжаалсан хөтөлбөрийн чиглэл, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцах юм байна.

    Талууд боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал, хөдөлмөр, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, дэд бүтэц, мэргэжлийн хяналт, цөмийн аюулгүй байдал болон эрүүл ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талар санал солилцоно. Түүнчлэн Европын Холбооны зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хийж байгаа ажлаа ч танилцуулахаар төлөвлөжээ.

    Монгол Улс, Европын Холбооны хооронд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг эцэслэн байгуулах, Ерөнхий сайдыг Европын Холбоонд айлчлуулах, Европын холбооны Дипломат төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээх, “Зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалт”-аас улсаа хасуулах, худалдааны тусгай хөнгөлөлтийн /GSP+/ системийн ашиглалтыг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцэх юм байна.

    ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 40 ЖИЛИЙН ОЙ БОЛНО

    Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх оны 12 дугаар сарын 24-нд болно. Япон Улстай хөгжүүлж байгаа харилцааны өнөө болон ирээдүйн ач холбогдлыг харгалзан хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх үүднээс түүхт ойг ёслол төгөлдөр тэмдэглэх юм.

    Ойг тохиолдуулан хоёр улсын төрийн тэргүүн нар илгээлт солилцох, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал зохион байгуулах, Японы томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг Монгол Улсад урьж тэднээр дамжуулан улс орноо сурталчлах зэрэг 20 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ойн арга хэмжээнүүд нь хоёр орны харилцааны амжилтыг бататгаж, ард түмний найрамдлыг бэхжүүлэх, улс орноо сурталчлахад чухал түлхэц болох юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧДЫН ЦОЛНЫ НЭРИЙГ ӨӨРЧЛӨХИЙГ ДЭМЖИВ

    Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан хаагч нь шадар түрүүч, тэргүүн түрүүч, дээд түрүүч, офицер нь шадар дэслэгч, тэргүүн дэслэгч, дээд дэслэгч, шадар ахмад, тэргүүн ахмад, дээд ахмад, комиссар гэсэн цолтой байдаг. Энэ нь албан хаагчдаас иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, харьцахад одоо хэрэглэж байгаа цолны нэршил ойлгомжгүй, олон улсын хэмжээнд тогтсон цэргийн болон цэрэгжсэн байгууллагын албан хаагчийн цолны нийтлэг ойлголтоос гажууд, гадаад орон, олон улсын болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцахад бэрхшээлтэй, бүрэн утгаараа орчуулагддаггүй, оновчгүй байдаг зэрэг хүндрэл учруулдаг байна.

    Иймээс дэлхий нийтийн жишиг, албаны онцлог, албан хаагчийн нийтлэг эрх ашигт нийцүүлж цолны нэрийг өөрчлөх нь зүйтэй гэж Засгийн газар үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барихаар боллоо. Өөрчлөлт орсноор онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан хаагч ахлагч нь дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч, офицер нь онцгой байдлын дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд хурандаа, хурандаа гэсэн цолтой болох бөгөөд Ерөнхий газрын удирдлага нь цэргийн дээд цолтой болох юм.

  • Монголын боловсрол дэлхийн стандартад хүрэх учиртай гэдгийг Ерөнхий сайд чухалчиллаа

    1921 онд 40 сурагч, 2 багштай анхны бага сургуулиар эхлэл нь тавигдсан орчин цагийн боловсролын салбарэнэ өдрүүдэд 90 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Өнөөдөр тус салбарын 864 цэцэрлэгт 167,0 мянган хүүхэд, ерөнхий боловсролын 760 сургуульд 514,7 мянган сурагч, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн 71 төвд 53,3 мянган сурагч, 102 их, дээд сургуульд 170 мянган оюутан суралцаж байна.

    Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, түүхийг бичилцэж ирсэн багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн мэргэд, боловсролын салбарын бүх ажилтан, ажиллагсдад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэлээ. Боловсролын салбар энэ хугацаанд олон томоохон ололт авчирсан. Хүн ардаа бичиг үсэгтэй болгож, нийгмээ соён гэгээрүүлж, улсаа хөгжүүлэх боловсон хүчнийг бэлтгэж чадсан нь хамгийн чухал ололт юм гэдгийг тодотгоод илүү их амжилтад хүрэхийн тулд хийх ажил их байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ.

    Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад Кембрижийн стандарт нэвтрүүлж, Монголын боловсролыг дэлхийн стандартад хүргэх ёстой гэдгийг чухалчиллаа. Энэ салбарын ажилтан, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, боловсролын системд чанарын өөрчлөлт гаргах зэрэг томоохон зорилт байгаа. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байгаа гэж Засгийн газрын тэргүүн С.Батболд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд С.Батболдын Монгол Улсын 2012 оны төсвийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан өгсөн мэдээлэл

    Ерөнхий сайд  С.Батболдын Монгол Улсын 2012 оны төсвийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан өгсөн мэдээлэлМонгол Улсын Засгийн газраас 2012 оны улсын төсвийн төслийг боловсруулан хуулийн хугацаанд УИХ-д өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2012 оны төсөв нь сонгуулийн бүрэн эрхийн хугацааны  сүүлийн жилийн  төсөв гэдгээрээ онцлог болсон юм.  Иймд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн биелүүлэхэд чиглэсэн нөөц боломжоо шахуу дайчилсан төсөв гэж үзэж байна.

    2012 оны эцэст нэг хүнд ногдох ДНБ 6.4 сая төгрөг буюу 5362 ам.долларт хүрнэ. 2012 оны төсвийн төслийг боловсруулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 35.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7.1 их наяд төгрөг буюу ДНБ-ний 39.5 хувь байхаар боловсрууллаа.

    Нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ний 4.1 хувьд хүрлээ. (2011 оны төсвийн алдагдал 9.9 хувиар батлагдсан. Үүнтэй зэрэгцүүлж үзвэл 2012 оны төсвийн алдагдал 2.4 дахин буурахаар байна)

    Энэ оны төсвийн хүрээнд 4 гол зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвөлж байна  

    1.Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орлогын тэгш хувиарлалтыг хангах,байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээх,
    2.Хүний хөгжилд суурилсан эдийн засгийн цогц бодлогыг хэрэгжүүлэх,
    3.Төмөр зам, авто зам, цахилгаан станц зэрэг эдийн засгийн суурь дэд бүтцийг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг дэмжих,
    4.Хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг болно.

    Мөн: Нийслэл болон орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлнэ,
    -“Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ,
    -Байгаль орчныг хамгаалах хөрөнгийг эрс нэмэгдүүлнэ,
    -Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зориулж 71,2 тэрбум төгрөгийг төсөвт тусгалаа,
    -“Таван-Эрдэнэ” арга хэмжээг хэрэгжүүлж, мал аж ахуйг эдийн засгийн идэвхитэй эргэлтэнд оруулна,
    -Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, ажлын байрыг олноор бий болгоход анхаарна,
    -2012 онд их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хэмжээг ихээхэн нээмгдүүлэхээр төлөвлөлөө. 2012 онд улсын төсвөөс 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэ нь 2011 оны батлагдсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс 2.4 дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

    -Ард иргэд бүтээн байгуулалтын асуудлаас гадна сонгуулийн амлалт болох 1.5 сая төгрөг болон цалин тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төсөвт тусгагдсаныг сонирхож байгаа байх,
    -Тиймээс энэ талаар товч мэдээлэл хийе,

    Нэг. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар.
    -Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2012 онд нийтдээ 53 хувиар нэмнэ,
    -Үүний үр дүнд цалин 2008 оны түвшингээс 2 дахин нэмэгдэнэ,  
    -Энэ арга хэмжээний үр дүнд төрийн албан хаагчдын дундаж цалин 200.0 мянган төгрөгөөр нэмэгдэж 600.0 мянган төгрөгт хүрнэ.
    -Цалин нэмэгдүүлэх арга хэмжээг авахдаа хүн бүрийн цалинг жигд хувиар биш ялгавартай нэмэгдүүлэх зарчим баримтлана,
    -Иймд төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд ижил мөнгөн дүнгээр буюу /80000 төгрөгөөр/, дараагийн ээлжинд ижил хувиар /буюу  23  хувиар/ нэмэгдүүлэхээр тооцлоо.
    -Энэ арга хэмжээний үр дүнд төрийн албан хаагчдын доод цалин 2008 оны түвшингээс 2.3 дахин, үндсэн мэргэжилтэн багш, эмч нарын цалин 2.0 дахин, дээд цалин 1.8 дахин нэмэгдэнэ,
    -Цалин нэмэх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн 3 талт үндэсний хороогоор хэлэлцүүлж, талууд нэгдсэн зөвшилцөлд хүрлээ,
    -Энэ удаад тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлыг тэтгэвэрийн шинэчлэлийн асуудалтай хамтад нь шийдэж, суурь тэтгэвэрийн тогтолцоонд шилжүүлнэ,
    -Эхний шатанд бүх хүний тэтгэврийг ижил мөнгөн дүнгээр, дараагийн шатанд тэтгэврийн хэмжээг харгалзан ялгаатай нэмэгдүүлэхээр тусгалаа.
    -Тэтгэвэрийг дунджаар 53 хувиар нэмэгдүүлж, 2008 оны түвшингээс 2 дахин өсгөнө,

     Хоёр. Хүний хөгжил сангаас  1,500,000 төгрөг олгох талаар
    -Хүний хөгжил сангаас  1,5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар иргэдэд олгоход зарцуулах хөрөнгийг тооцож 2012 оны төсөвт тусгалаа.
    -Үүнд иргэн бүрт сар тутам олгож буй 21000 төгрөгийг 2012  оны эхний хагас жилийг дуустал  олгож, иргэн бүрт  500,0 мянган төгрөг бэлнээр олгох гэсэн зорилтоо хэрэгжүүлнэ.
    -1.000.000 төгрөгийн хувь хишгийг нийгмийн бүлгүүдэд дараах байдлаар хүртээхээр Хүний хөгжил сангийн 2012 оны төсөвт тусгалаа. Үүнд:
    -Ахмад настан, хөгжлийн брэхшээлтэй нийт 334.2 мянган иргэдэд 1 сая төгрөгийг бэлэн мөнгөөр нийт 334.2 тэрбум төгрөг,
    -Нийт 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр нийт 83.6 тэрбум төгрөг,
    -Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 5 мянган иргэнд 5 тэрбум төгрөг,
    -Орон сууц худалдан авсны урьдчилгаа төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсөвлөлөө,
    -Ойролцоогоор 600 мянган иргэнд 1.5 сая төгрөг бүрэн олгогдож дуусна,
    -Үлдэж буй 2.2 сая иргэнд 1 сая төгрөгийг хүртээхдээ Тавантолгой болон стратегийн ордууд дээр Засгийн газар хөрвөх бонд гарган эх үүсвэрийг шийдвэрлэнэ. Хуримтлуулсан эх үүсвэрийг бэлэн мөнгө болгон хувиргаж болох сонголт бүхий хувьцааг иргэдэд олгоно.  

  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

    2012 оны төсвийн төсөл, “Нийгмийн даатгалын сан” болон “Хүний хөгжил сан”-гийн төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэвлэл, мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ.

    Ирэх жилийн төсөв Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг бүрэн биелүүлэхэд чиглэсэн, нөөц боломжоо шахуу дайчилсан төсөв гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.  

    2012 оны эцэст нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 6.3сая төгрөг буюу 5362 ам.долларт хүрэх нь. Ирэх онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.4 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 36хувь, нийт зарлага 7.1 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 39.5 хувь байхаар төсөлд тусгажээ.

    Нэгдсэн төсвийн нийт зарлага 7.1 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 39.5 хувь,  нийт алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.1 хувьд хүрэх нь. 2011 оны төсвийн алдагдал 9.9 хувиар батлагдсан. Үүнтэй зэрэгцүүлж үзвэл ирэх оны төсвийн алдагдал 2.4 дахин буурахаар байна.

    Ирэх жил “Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна байгаль орчныг хамгаалах хөрөнгийг эрс нэмэгдүүлнэ. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зориулж 71,2 тэрбум төгрөгийг төсөвт тусгажээ. “Таван-Эрдэнэ” арга хэмжээг хэрэгжүүлж, мал аж ахуйг эдийн засгийн идэвхтэй эргэлтэнд оруулан, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, ажлын байр олноор бий болгоход Засгийн газар анхаарч байна.

    2012 онд улсын төсвөөс 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байна. Энэ нь 2011 оны батлагдсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс 2.4 дахин нэмэгдсэн гэсэн үг бөгөөд урьд өмнө байгаагүй үзүүлэлт болж байна.

    Төсвийн төслөөс харахад ирэх онд :

    –       Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орлогын тэгш хуваарилалтыг хангах, уул уурхайн салбарт татварын болон бусад бодлогын зохицуулалтыг оновчтой бүрдүүлэх замаар байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээх

    –       Хүний хөгжилд суурилсан эдийн засгийн хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх

    –       Төмөр зам, автозам, цахилгаан станц зэрэг эдийн засгийн суурь дэд бүтцийг өргөжүүлэх, бүтээн байгуулалыг дэмжих

    –       Хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн боломжит бүх эх үүсвэрийг хамгийн бага зардлаар бүрдүүлэхийг гол зорилтоо болгожээ.

    Монгол Улсын Ерөнхий сайдын хийсэн мэдээллээс үзвэл ирэх онд :

    Нэг. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар.

    –       Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2012 онд нийтдээ 53 хувиар нэмэх бөгөөд үүний дүнд цалин 2008 оны түвшингээс 2 дахин нэмэгдэнэ.   Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 200.0 мянган төгрөгөөр нэмэгдэж 600.0 мянган төгрөгт хүрнэ.

    –    Цалин нэмэхдээ хүн бүрийн цалинг жигд хувиар биш ялгавартай нэмэгдүүлэх зарчим баримтална. Иймд төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд ижил мөнгөн дүнгээр буюу /80000 төгрөгөөр/, дараагийн ээлжинд ижил хувиар /23  хувиар/ нэмэгдүүлэхээр тооцжээ.  

    –     Ингэснээр төрийн албан хаагчдын доод цалин 2008 оны түвшингээс 2.3 дахин, үндсэн мэргэжилтэн багш, эмч нарын цалин 2.0 дахин, дээд цалин 1.8 дахин нэмэгдэнэ.

    –    Цалин нэмэх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн 3 талт үндэсний хороогоор хэлэлцүүлж, талууд нэгдсэн зөвшилцөлд хүрчээ.  

    –       Энэ удаад тэтгэвэр нэмэгдүүлэхийг тэтгэврийн шинэчлэлтэй хамтад нь шийдэж, суурь тэтгэврийн тогтолцоонд шилжүүлнэ. Эхн эгдүүлэхээр тусгажээ. Тэтгэврийг дунджаар 53 хувиар нэмэгдүүлж, 2008 оны түвшингээс 2 дахин өсгөнө.

          Хоёр. “Хүний хөгжил сан”-гаас  1,500,000 төгрөг олгох талаар :

    –       Стратегийн орд газруудаас орох орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээх эрх зүйн болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаа ирэх онд бүрэн хэрэгжүүлнэ.

    –       Үлдэгдэл 1 сая төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 334,2 мянган иргэнд бэлнээр буюу нийт 334,2 тэрбум, 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр 83,6 тэрбум, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 5 мянган иргэнд 5 тэрбум,  орон сууц худалдаж авсны төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсвийн төсөлд тусгажээ.

    –       Ирэх онд иргэд 1.5 сая төгрөгөө бүрэн авна. 1 сая төгрөг хүртээхдээ ашигт малтмалын ордын хувьцааг бэлэн мөнгө болгох сонголттойгоор  иргэддээ олгохоор Засгийн газар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл мөнгөн хөрөнгөөр баталгаажсан энэ хувьцааг иргэд Засгийн газарт арилжиж бэлэн мөнгө болгох бүрэн боломжтой юм.

  • Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болов

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болж 2012 оны төсвийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ирэх оны төсөв, “Нийгмийн даатгалын сан” болон “Хүний хөгжил сан”-гийн төсвийн төслийг Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.

    2012 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ

    2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.4 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 35.4 хувь, нийт зарлага 7.1 их наяд буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 39.5 хувь, нийт алдагдал 740.9 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.1 хувь байхаар төсвийн төсөлд тусгажээ.

    2012 оны төсөв хөгжлийн шинэ гараан дээр ирсэн манай улсын эдийн засгийн бүтцийг шинэчлэн, урт хугацаанд эдийн засгийн өндөр өсөлтийг хангах замаар монгол хүнээ ажилтай, орлоготой болгоход чиглэж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд онцоллоо. 

    Өөрөөр хэлбэл ирэх жилийн төсөв иргэдийнхээ эрүүл мэндэд, боловсролд, эрхэлж байгаа бизнест, бүтээн байгуулалтад, ажлын байр бий болгоход нь хөрөнгө оруулж өрх гэрийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад чиглэж байгаа юм.  

    2012 он Монгол ардын нам болон Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, УИХ-ын сонгуулийн дараа намууд хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд тусгасан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх сүүлийн жил. Иймээс мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг гүйцэтгэх зорилт тавин ирэх оны төсөв, “Нийгмийн даатгалын сан”,  “Хүний хөгжил сан”-гийн төсвийг төслийг боловсруулан өргөн барьж байна.

    Ирэх онд :
    –     Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орлогын тэгш хуваарилалтыг хангах, уул уурхайн салбарт татварын болон бусад бодлогын зохицуулалтыг оновчтой бүрдүүлэх замаар байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээх

    –       Хүний хөгжилд суурилсан эдийн засгийн хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх

    –       Төмөр зам, автозам, цахилгаан станц зэрэг эдийн засгийн суурь дэд бүтцийг өргөжүүлэх, бүтээн байгуулалыг дэмжих

    –   Хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн боломжит бүх эх үүсвэрийг хамгийн бага зардлаар бүрдүүлэхийг гол зорилтоо болгожээ.

    Засгийн газар ирэх онд бүтээн байгуулалтыг дорвитой нэмэгдүүлэхээр төлөвлөн ажлын байр шинээр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, хүчин чадлыг нь дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийн дүнд нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах, иргэдийнхээ ая тухтай амьдрах, суралцах орчныг сайжруулах, төрөөс үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээг хэрэгжүүлнэ.

    2012 онд эдийн засгийн бодит өсөлт 25.6 хувь байна гэж Засгийн газар төсөөлж байна. Ингэснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн оны үнээр 18.0 их наяд, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 6.3 сая төгрөгт хүрэх юм. Эдийн засгийн бүтцийн хувьд дийлэнх буюу 45.6 хувийг үйлчилгээ, 43.4 хувийг үйлдвэрлэлийн салбар эзлэхээр байна.

    Ирэх онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.4 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 35.4 хувь байхаар тооцлоо. Үүнээс 2 их наяд буюу 31 хувь нь уул уурхайн салбараас, үлдэх 4.4 их наяд төгрөг буюу 69 хувь нь эдийн засгийн бусад салбараас төсөвт орох нь.

    Нэгдсэн төсвийн нийт зарлагын гуравны хоёр буюу 4.2 их наяд төгрөгийг урсгал зардалд зарцуулахаар Засгийн газар тооцоолсон байна. Зарцуулах хөрөнгийг 2011 оны төсвийн төлөвлөгөөтэй харьцуулахад 1.7 их наяд төгрөгөөр буюу 55.7 хувиар нэмэгдэж байгаа юм.

    Харин төсвөөс 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь энэ оны батлагдсан дүнтэй харьцуулахад 2.4 дахин өсчээ. Энэ нь 2000-2007 онд хийж байсан хөрөнгө оруулалтаас 2 дахин өсч, урьд өмнө байгаагүй үзүүлэлт болж байна.

    Ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтын 87.1 хувийг барилга, байгууламж барих, өргөтгөх, шинэчлэхэд, 3.7 хувийг их засварт, 9.2 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар төлөвлөжээ.  

    Орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, ялангуяа хүн амын талаас илүү хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хотын дэд бүтэц, агаарын бохирдол, хот төлөвлөлтийг шийдвэрлэх нь хөрөнгө оруулалтын бодлогын нэг онцлог юм.  Тухайлбал агаарын бохирдлыг бууруулах зэрэг томоохон арга хэмжээнд 71.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт  хийхээр төлөвлөөд байна.

    Стратегийн орд газруудаас орох орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээх эрх зүйн болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаа ирэх онд бүрэн хэрэгжүүлнэ.

    Үлдэгдэл 1 сая төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 334,2 мянган иргэнд бэлнээр буюу нийт 334,2 тэрбум, 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр 83,6 тэрбум,  эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 5 мянган иргэнд 5 тэрбум,  орон сууц худалдаж авсны төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсвийн төсөлд тусгажээ.

    Ирэх онд иргэд 1.5 сая төгрөгөө бүрэн авах юм. 1 сая төгрөг хүртээхдээ ашигт малтмалын ордын хувьцааг бэлэн мөнгө болгох сонголттойгоор  иргэддээ олгохоор Засгийн газар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл мөнгөн хөрөнгөөр баталгаажсан энэ хувьцааг иргэд Засгийн газарт арилжиж бэлэн мөнгө болгох бүрэн боломжтой гэсэн үг хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХИЙГ ДЭМЖИВ
    “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны тогтоолын 27 дугаар хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.

    Төсөл батлагдсанаар хатуу буудай болон улаанбуудайн хөх тарианы холимогонд жилийн турш 20 хувь, зөөлөн буудайнд 15 хувь, ОХУ-аас оруулж ирж байгаа улаан буудайн гаалийн татварын хэмжээг тодорхой хугацаанд 40 хувь болгоно.  

    Энэ нь ажлын байрыг хадгалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор авч байгаа арга хэмжээ юм.

    Энэ жил манай улс урьдчилсан байдлаар 427 мянган тонн үр тариа, үүнээс буудай 419.1 мянга, овъёос 3.4 мянга, арвай 2.8 мянга, хөх тариа 0.3 мянган тонныг хураан авах төлөвтэй байна.

    Жилдээ 240 мянган тонн гурил хэрэглэдэг манай улс 2011-2012 онд 277.4 мянган тонн гурил үйлдвэрлэж, хэрэгцээт буудай, гурилынхаа хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах бүрэн боломж бүрдээд байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

    –    Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 33 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгав. Мөн 2011-2012 оны төсвийн жилд 600 тэрбум төгрөгийн зээлийг гадаад болон дотоодын санхүүгийн байгууллагаас авахыг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрөв.

    –       “Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай” Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав. Энэ дагуу 1 дүгээр зүйлийн “гадаад валют болон хаалттай хэлбэрээр” гэснийг “гадаад валютаар хаалттай болон нээлттэй хэлбэрээр” гэж, 2 дугаар зүйлийн “үнэт цаасны” гэснийг “үнэт цаас, зээлийн” гэж өөрчиллөө. Ингэснээр манай улсаас гадаад зах зээлд гаргаж байгаа анхны, их хэмжээний өрийн бичгийн хүүгийн түвшинг боломжит хамгийн бага түвшинд тогтоох, өрийн бичиг болон зээлийн хүүгийн зөрүүгээр төсөвт үзүүлэх хүүгийн төлбөрийн дарамтыг бууруулах, зах зээлийн нөхцөл байдлаас хамааруулан өрийн бичгээ уян хатан байдлаар хаалттай болон нээлттэй хэлбэрээр гаргах боломжтой болно гэж Засгийн газар үзлээ.

    “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” компанийн Дархан-Сэлэнгийн салбарт үүссэн аваарийн хор уршгийг арилгах, цахилгаан дамжуулах агаарын шугамыг сэргээх босгоход шаардагдах 860 сая төгрөг, “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компанид учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлахад шаардлагатай 16 сая төгрөг, нийт 876 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Цахилгаан дамжуулах агаарын шугамын сэргээн босголтын ажлыг шуурхай зохион байгуулж, системийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй хангахыг салбарын сайдад үүрэг болголоо. Нөөц сангаас олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, тайлангаа энэ оны 4 дүгээр улиралд багтаан Онцгой байдлын Ерөнхий газарт ирүүлэхийг мөн даалгалаа.

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар ахмадуудаа хүндэтгэн хүлээн авлаа

    Дэлхийн болон Монголын ахмадын өдрийг угтаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагууд гавъяаныхаа амралтыг эдэлж байгаа настнуудаа төр засгийн үйлчилгээний “Элит” төвд хүндэтгэн хүлээн авлаа. Энэхүү арга хэмжээг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар үг хэлэхдээ ахмадын өдрийн мэндийг Монгол Улсад төрийн яам  байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн мэндчилгээний хамт хүргэлээ.

    Энэ 2011 онд Монгол Улсад Засгийн газрын Ажлын алба болон төрийн дөрвөн яам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа. Мөн Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн түүхэн тэгш ойнууд давхацсан жил болж байгааг тэмдэглэлээ. Мөн Монголын эдийн засаг өсөлттэй байна. Мал таван төрөлдөө өсч, сүүлийн 20 жилд аваагүй их ургац хураан авах төлөвтэй гэдгийг Хэрэг эрхлэх газрын дарга дуулгаад Засгийн газар 2012 оны төсвийн төслөө  хэлэлцэж буй. Ахмадуудынхаа тэтгэврийг, төрийн албан хаагчдынхаа цалинг нэмэхээр ярилцаж байгаа гэдгийг тэрбээр онцоллоо.   

    Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Д.Гомбожав болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аймгийн Засаг даргаар ажиллаж асан 70 гаруй ахмад оролцлоо. Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Содном гуай энэ үеэр Монгол Улсын эдийн засаг ийн хурдацтай өсч байгаа нь Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн үр дүн юм гээд улам эрч хүчтэй ажиллахыг захилаа.  

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, тэргүүн дэд дарга Ш.Солонго, дэд дарга Д.Нямжав нар ахмадууддаа Дэлхийн болон Монголын ахмадын өдөр, Хэрэг эрхлэх газрын 100 жилийн ойн мэнд хүргэж дурсгалын зүйл гардууллаа.

    Монгол Улсын ардын жүжигчин Ш.Чимидцэеэ, гавьяат жүжигчин А.Бүтэд нарын  урлагийн алдартнууд Хэрэг эрхлэх газрын ахмадуудыг хүндэтгэн урлагийн тоглолт сонирхууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Шарын гол Нако зэрэг компаниудтай хариуцлага тооцно

    Шарын гол Нако зэрэг компаниудтай хариуцлага тооцно Нийслэлийн Баянгол дүүрэг үртсэн шахмал түлш буюу коксжсон шахмал түлш хэрэглэж байгаа анхны дүүрэг болж байгаа юм байна. Тэдний ажлын явц бодит байдалд ямар байгааг Ерөнхий сайд мөн очиж үзлээ. Тус дүүргийнхний нэг жилд  хэрэглэж байгаа 33 мянган тонн нүүрс ийнхүү утаагүй технологиор солигдож байгаа ажээ. Түлшний асуудлаа дүүрэг дүүргээр ийнхүү шийдээд явж байгааг Ерөнхий сайд С.Батболд сайшаалаа. Харин түлшээ өдий болтол нийлүүлэхгүй байгаа Шарын гол, Нако зэрэг компаниудтай хариуцлага тооцож ажиллахыг Нийслэлийн мэрд үүрэг болгов.

    Өөрөөр хэлбэл төсвөөс татаас авчихаад үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа бол хатуу хариуцлага тооцох ёстой гэлээ. Утаагүй технологийг гэртээ туршиж байгаа тус дүүргийн нэгэн  айлаар Ерөнхий сайд орлоо. Гэр хороололд  дэд бүтцийг бий болгоод өгчихвөл тохилог амьдрах нөхцлийг энэ залуухан  гэр бүл харуулж чадсан байна. Шалаа халдаг болгож, мөн дулаан хангамжаа ч шийдсэн байв. Харин цахилгааны үнийг 50 хувь хөнгөлөх  шийдвэрийг хүлээж байна гэх тэдний асуултад Засгийн газрын тэргүүн таатай хариу  барилаа. Ийм дэвшилтэт технолги ашиглаж, зуух түлш, гэрээ дулаалж байгаа тэдэнд зориулж шөнийн  цахилгааны үнийг 50 хөнгөлөх шийдвэр гаргасныг Ерөнхий сайд С.Батболд  дуулгалаа. Энэ нь оройны 18 цагаас өглөөний 9 цаг хүртэл үйлчлэх тариф юм.  

    Агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх бас нэг чухал зүйл нь иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр бөгөөд төв болоод Яармаг хороололд шинэ хорооллыг барьж байна гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, энэ жил 20000 айлыг орон сууцанд оруулна гэсэн мэдээллийг өгсөн. Нийслэлээ нийслэл шиг болгохоор зорьж байгаа Засгийн газрын зорьсон ажил урагштай байгаад Ерөнхий сайд тун сэтгэл хангалуун байна. Ямартай ч нийслэл болоод дүүргийнхэн хариуцсан ажлаа дажгүй сайн хийж байна гэх үнэлэлт өглөө. Харин энэ эхлүүлж байгаа ажил хурдан, шударга, нээлттэй, чанартай  байх ёстой гэдгийг анхааруулж, бас үүрэг өглөө