Ангилал: мэдээ

  • Сүхбаатар дүүргийн 13-р хороонд 75 ортой хүүхдийн цэцэрлэг нээгдлээ

    Сүхбаатар дүүргийн 13-р хороонд 75 ортой хүүхдийн
    цэцэрлэг улсын төсвийн санхүүжилтээр баригдаж, ашиглалтад орлоо. УИХ-ын гишүүн
    С.Батболд тойргийнхоо тулгамдсан асуудлын нэг болох сургууль, цэцэрлэгийн
    хүртээмжийг сайжруулах чиглэлээр онцгой анхааран ажилладаг бөгөөд тус
    цэцэрлэгийн барилгын санхүүжилт зогссон байсныг шийдвэрлэж, 2017 улсын төсөвт нэмэлт санхүүжилт суулгаж, ажил хэрэг болгосон байна. Ингэснээр Сүхбаатар дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд сургуулийн
    өмнөх боловсрол олгох анхны цэцэрлэг ийнхүү үүд хаалгаа нээлээ.

    Нээлтийн үеэр С.Батболд гишүүний зөвлөх тус цэцэрлэгийг
    ашиглалтад оруулахад гүн туслалцаа үзүүлсэн байгууллага хамт олон болон
    цэцэрлэгийн барилга барих газрыг чөлөөлж өгсөн айл өрх, албан байгууллагуудад
    хорооны иргэдийн өмнөөс талархал илэрхүүлэв. Мөн С.Батболд гишүүний ажлын
    албанаас цэцэрлэгийн үйл ажиллагаа, сургалтын орчин, материаллаг баазыг
    нэмэгдүүлэх зорилгоор үнэ бүхий зүйлсийг хүлээлгэн өгөв.

  • УИХ-ын гишүүн С.Батболдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдана

    УИХ-ын гишүүн С.Батболд сонгогдсон тойргийнхоо иргэдийн дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Сагсан бөмбөгийн спортоор дамжуулан хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, өсвөр насны охид хөвгүүдийг спортоор хичээллэх сонирхлыг идэвхжүүлэх зорилгоор сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг билээ.

    Уламжлал болон зохиогддог уг тэмцээн энэ жил Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14-р хорооны иргэдийн дунд 12 сарын 16, 17-ны өдрүүдэд 35-р сургуулийн спорт зааланд зохион байгуулагдах гэж байна.

    Тэмцээний тэргүүн байранд шалгарсан баг тамирчид цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдана. 2, 3-р байранд шалгарсан багуудад мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах аж.

    Тэмцээний удирдамж:

  • ИБУИНВУ-ын парламент дахь олон улсын парламентын бүлгэмийн төлөөлөгчид манай улсад ажиллаа

    УИХ-ын гишүүн, Монгол-Британийн Парламентийн бүлгийн дарга С.Батболдын урилгаар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийлээ.

    Парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд эрх баригч Консерватив намаас 3, Хөдөлмөрийн намаас 2, Либерал демократ намаас 1 гишүүн багтсан. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Оюу Толгойн бүтээн байгуулалттай танилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, зарим Байнгын хорооны дарга нар болон Монголын Хөрөнгийн бирж, Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

    Төлөөлөгчид Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 5,594 дахь арилжааг нээж, цан цохилоо. Цан цохих үйл ажиллагааны үеэр ноён Лимпнигийн Лорд Ховард сэтгүүлч нарт хандан хэлэхдээ ИБУИНВУ болон Монгол улс хоорондын дипломат харилцаа 1963 оноос эхэлсэн бөгөөд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн барууны хамгийн анхны улс нь Их Британи улс байсныг онцлон тэмдэглэв. Хоёр улсын өнөөгийн хамтын ажиллагааны нэг том бэлэг тэмдэг нь Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн биржийн стратеги хамтын ажиллагаа бөгөөд цаашид хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.

    Дашрамд дурьдахад УИХ дахь Монгол, Британийн Парламентын бүлэг 1996 онд анх байгуулагдсан. 2016 оноос УИХ дахь Монгол, Британийн Парламентын найрамдлын бүлгийн даргаар С.Батболд, дэд даргаар Н.Учрал, гишүүдээр Ж.Мөнхбат, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, О.Содбилэг, А.Сүхбат, Д.Хаянхярваа, Д.Цогтбаатар нар ажиллаж байна.

    УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын алба

  • Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаар олон улсын уулзалт болж байна

    Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах асуудлаарх Ази Номхон далайн лидерүүдийн Сүлжээний Зүүн хойд Азийн бүсийн анхдугаар уулзалт 2017 оны зургадугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

    Уулзалтад ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Монгол зэрэг орнуудын судлаач, ажиглагчид оролцож буй бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, нэн ялангуяа Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцож буй.

    Уулзалтын үеэр Монголын Хөгжлийн Стратегийн Хүрээлэнгийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд үг хэлэв.

    Дээр дурьдсан асуудлуудаар тус Сүлжээний гишүүд болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч дарга асан Нобуясү Абе, БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд асан Сүнгхван Ким, Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Н.Туяа, түүнчлэн Элчин сайд Ж.Энхсайхан зэрэг оролцогчид байр сууриа илэрхийлэв.

  • Өрх толгойлсон 1000 эх, хүүхдийг баярлуулах арга хэмжээ боллоо

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Есүй эх хүүхдийн эрхийг хамгаалах төв ТББ “Сүхбаатарын Батболд” сангийн дэмжлэгтэйгээр өрх толгойлсон 1000 ээж, тэднийг хүүхдүүдийг баярлуулах арга хэмжээг зохион байгууллаа.

    “Эх үрсийн инээмсэглэл-2017” арга хэмжээнд МУ-ын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн С.Батболд өрх толгойлсон эхчүүд, тэдний хүүхдүүд болон дүүргийн хүүхэд багачуудыг баярлуулж, хамтдаа нэг өдрийг өнгөрөөлөө. Энэ арга хэмжээний хүрээнд нийт 1000 ээжийг хүүхэдтэй нь баярлуулж байгаа бөгөөд өчигдөр Чингэлтэй дүүргийн 500 ээжийг хүүхэдтэй нь баярлуулсан бол өнөөдөр Сүхбаатар дүүрэгт 500 ээжийг хүүхдийх нь хамт баярлууллаа.

  • Сү.Батболд: Хамгийн чухал нь 1072 хувьцаа

    Бензинийн шар гэрэл нь асчихсан машинд суучихлаа-

    УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдтой ярилцлаа.

    -Та Ерөнхий сайд байсан хүний хувьд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг ажлаа юунаас эхлээсэй гэж харж байгаа вэ?

    -Аливаа Засгийн газрын ажилд эхлэл, бас төгсгөл гэж байдаггүй. Хэрвээ Засгийн газар гурван сая хүнээ суулгаад явах хөгжлийн машин бүтээх ажил хийдэг гэвэл танхимын тэргүүн нь солигдох бүрт өмнөх засгийнхаа хийснийг буцааж тайлаад шинээр угсарч эхлээд байвал бид хэзээ ч машинтай болохгүй, урагшаа явахгүй. Байрандаа л баахан хий эргэлдэнэ. Үүнтэй адил засгийн ажил бол шинэ Ерөнхий сайд гарч ирсэн ч өмнөх танхимынхаа сайныг нь улам сайжруулж, зэрэгцүүлэн шинээр илүү сайныг хэрэгжүүлээд явдаг тасралтгүй үргэлжлэх ёстой процесс.

    Төрийн бодлого уламжлагдан залгамж чанартай явах ёстой гэдгийн учир энэ. Харин 2012 оны сонгуулийн дараа гарч ирсэн Засгийн газар төрийн энэ залгамж чанарыг тасалж, бүгдийн шинэчилнэ гэх нэрийн дор буруу замаар баахан бужигнууллаа, буруу ч явлаа. Дүүрэн будаатай үлдээсэн машин маань тэвшиндээ шороо ч үгүй үлдэж. Одоо үүний горыг нь монголчууд бид нийтээрээ амсч байна. Ийм л хэцүү цаг үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Засгийн газар ажиллах болж байна. Ажлын эхлэл гэвэл, шинэ Ерөнхий сайдыг би юу хийх гэж бүх намыг засагт урьсан, тэгээд яг юу хийх гэж байгаа тухайгаа ард түмэндээ тодорхой, нээлттэй хэлэх байх гэж бодож байгаа. Төрийн бодлого хэдийгээр залгамж чанартай ч, буруу бодлогыг үргэлжлүүлж болохгүй шүү дээ. УИХ Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахдаа хувь хүнийг нь Ерөнхий сайдын албанаас буулгах гэж хариуцлага тооцоогүй. Хамгийн гол нь буруу бодлогыг зогсоох, засах гэж танхимын тэргүүнээр нь дамжуулж Засгийн газартай хариуцлага тооцсон. УИХ-ын буруу гэж үзсэн, танхимын тэргүүнтэйгээ хамт огцорсон бодлогыг шинэ Засгийн газар үргэлжлүүлэхгүй байх л даа. Тийм учраас шинэ Ерөнхий сайдыг юу хийхээ оновчтой тодорхойлсон зорилго бүхий үг хэлэхийг би хувьдаа хүлээж байгаа.

    -Заавал Ерөнхий сайдыг үг хэлэхийг хүлээхгүйгээр засах ёстой алдаануудыг нь хэлж болохгүй юу. Ер нь алдааг засалцах л гэж танай нам Засгийн газарт орсон биз дээ?

    -Сөрөг хүчин МАН Засгийн газарт яах гэж орсон, ороод бид юугаар тусалж чадах вэ гэдгээ манай намын удирдлагууд ч гэсэн ард түмэндээ хэлэх байх. Миний хувийн байр суурь гэвэл Монгол Улсыг бүхлээр нь автомашинтай зүйрлэбэл, бензиний шар гэрэл нь аль хэдийнэ асчихсан машины кабинд л бид ороод суучихлаа. Уг нь бид, МАН-ынхан чинь тэвшин дээр нь, бараг л багтаж ядан бүүр хойгуур нь шахуулж явсан улс ш дээ. Одоо тэгээд яах билээ, тэрэндээ гомдоод тэвшин дээрх нь тэндээ, кабинд байгаа нь дотроо өвлийн энэ хүйтэнд замын дунд хөлдөлтэй биш. Зөвхөн намын, улстөрийн эрх ашгаа бодсон бол хойш суух л байсан байх. Гэтэл улс орны эрх ашиг, МАН-д саналаа өгсөн сонгогчдынхоо эрх ашиг илүү үнэ цэнтэй учраас Ерөнхий сайдын саналыг хүлээж авахаас өөр сонголт МАН-д байгаагүй. Одоо энэ Засгийн газарт намуудын дарамт биш, намуудын дэмжлэг хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөгийн хүндрэлийн гол шалтгаан нь гадна талдаа бус, дотроо, Монгол Улсад, Монголын улстөрчдөд илүү байна гэдгийг дотоод гадаадгүй хэлж байгаа. Ийм эмзэг, хүнд цаг үед нэгдэж нийлсэн, гар гараасаа барьж байж л хүндрэлийг давна.

    -Ер нь танай намынхан эдийн засаг хүнд байгаа тухай л яриад байх юм. Та ч түрүүнд дүүрэн будаатай үлдээсэн машин маань шороо ч үгүй үлдэж гэсэн. Үнэхээр тийм байгаа юм уу, та бүхэн засагт багтсан шалтгаанаа цайруулах гэж хэтрүүлээд байна уу?

    -Харьцуулалт хийхийн тулд ганц нэгхэн тоо хэлье. Сонгуулийн дараа манай Засгийн газар ажлаа өгч байхад эдийн засгийн өсөлт 17.5 хувьтай байсан одоо нэг оронтой тоонд орж байна. Инфляц 9.7 хувь байсан одоо хоёр оронтой тоонд шилжиж 13.9 болж. Доллар 1338 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 1880 гараад явж байна. Улсын төсөв өнөөдрийнх шиг алдагдалтай гардаггүй байлаа. Гадна талдаа ч нэр муудлаа. Монгол Улс өрсөлдөх чадвараараа 93-т бичигдэж байсан бол одоо 107 болж ухарлаа. Зээлжих зэрэглэл буурч, 11.7 тэрбум байсан улсын нийт гадаад өр бараг 20 тэрбум ам.долларт хүрлээ. Тэвш дүүрэн будаа гэдэг маань манай Засгийн газар улсын алдагдалгүй төсвөөс гадна Хөгжлийн банкны 580 сая долларын бонд гээд хангалттай мөнгө үлдээсэн. Манай Засгийн газрын үлдээсэн энэ мөнгөн дээр Н.Алтанхуягийн Засгийн газар 1.5 тэрбум долларын Чингис бонд, Самуурай бондын 300 сая доллар, Үнэ тогтворужжлах хөтөлбөрийн дөрвөн их наяд төгрөгтэй байсан. Гэтэл одоо улсын төсвийн орлого их наядаар тасарч, Монголбанкны гадаад валютын нөөц хасах үзүүлэлттэй гарч байна. Ийм их мөнгийг хоёрхон жилд үрэн таран хийлээ. Үндсэндээ залуусын хэлдгээр өмнөх засаг улс орынхоо эдийн засаг, өмнө нь байсан, өөрсдөө босгож ирсэн бондын мөнгөөрөө сайхан найрлаад дуусчихаж. Найр дууссан хойно нь МАН засагт орж байна. Найрандаа уриагүй, огт оролцуулаагүй зочдоо гэнэт урьж байгаа нь найраар буулгаад хаячихсан, өр зээл тавьчихсан гэр орноо хамт цэвэрлье л гэж байгаатай адил л юм даа.

    -За ойлголоо, түрүүний асуултаа гүйцээж хариулт авъя. Засах ёстой алдаанууд гэвэл Засгийн газарт юу гэж зөвлөх талаар?

    -Би санаа оноогоо чуулган, байнгын хороодын хуралдаан дээр хэлээд явж байгаа л даа. Хамгийн түрүүнд, үнэнтэйгээ эвлэрмээр байна. Одоо АН-ынхан маань засагт хамтарсан намуудаасаа, ард түмнээсээ үнэнээ нууж болохгүй. Гоё сайхан байна гэж худлаа ярьж хэрэггүй. Хэрвээ одоо ард түмнээсээ үнэнээ нуувал ганц АН биш, засагт хамтарсан бүх нам, УИХ ч буруутан болно. Жинхэнэ хуйвалдааны Засгийн газар болно. Хоёрт, Монгол Улс нэгдсэн улс учраас Засгийн газар нэгдмэл удирдлагатай байх ёстой. Фракцууд бол АН-ын л асуудал. Тэр нь төрийн ажилд нөлөөлж, Засгийн газрын кабинетийн зарчмыг алдагдуулж болохгүй. Ийм шинж өмнөх Засгийн газарт байсан, одоогийн Засгийн газарт уламжлагдаж болохгүй. Гуравдугаарт, Монгол Улс нэгдсэн улс учраас нэгдсэн нэг л төсөвтэй байх учиртай. Гэтэл одоо УИХ-ын хяналтын гадуур Хөгжлийн банкны, Монголбанкны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн, бондын гээд 3-4 төсөв байна. Эдгээр төсвөө нэг болгохоос ажлаа эхлэх хэрэгтэй. Нэг төсөв, нэгдсэн хяналттай болох хэрэгтэй. Дөрөвт, сүүлийн үед зах зээл дээр Төв банк нь зээл олгож арилжааны банкуудтайга өрсөлдөөд, Засгийн газар нь хувийн хэвшилтэйгээ уралдаж мөнгө босгоод байх юм. Энийгээ болих хэрэгтэй. Төв банк нь мөнгөний бодлогоо тодорхойлох, санхүүгийн зах зээлээ хянах, Засгийн газар нь хувийн хэвшлээ дэмжих тэр ажлуудаа л хийх ёстой. Төр нь өөрөө оролцож хувийн хэвшлээ дэмжинэ гэж байхгүй. Төр, хувийн хэвшлийн харилцааны хил хязгаарыг зөв, зохистой тогтоож, түүнийгээ хатуу мөрдөх хэрэгтэй. Бас тогтоосон хил хязгаар нь цэвэр тунгалаг байх ёстой.

    -Сүүлийн үед Тавантолгойн асуудлаар олон хүн ярьж байна. Энэ нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр телевизээр “Тавантолгойг ард түмэндээ өгөх гэж байтал хэдэн улстөрч хуваагаад авчихлаа” гэж ярьсантай холбоотой байх. Нөгөө талаас бас Тавантолгойн тендер явж байна?

    -Тавантолгойн талаар би одоо буцаж, түүх яримааргүй байна. Нарийн яривал Тавантолгойн ордын лицензийг авч хадгалахад ч, төрд, ард түмэндээ буцааж өгөхөд ч манлайлсан хүн нь би юм шүү дээ. Хэрвээ тухайн үед лиценз нь гадаадынхны гарт орчихсон, худалдагдчихсан байсан бол төрд буцааж авч чадахгүйн дээр Тавантолгойн баялаг Монгол Улс, монголчуудын тоглоомын дүрмээр явахгүй байх байлаа. Өөрөөр хэлбэл, энэ ордын байрлал нь Монгол Улсын нутагт ч баялаг нь тухайн лиценз эзэмшигчийнх байх байв. Өнөөдөр бид Оюутолгойн гэрээг яагаад өөрийн хүсэлд 100 хувь нийцүүлж хийж чадаагүй вэ гэвэл хөрөнгө оруулалт, технологи байхгүй, туршлага дутна гэдгээс гадна энэ ордын лиценз нь гадаадын компанийн нэр дээр байсан учраас бид хэдийгээр баялгийн эзэн ч гэсэн өөрийн дураар нүүдэл хийж болоогүй. Харин азаар Тавантолгойн ордын лиценз монголчуудад байсан учраас төрд буцааж өгсөн юм. Тэгэхээр улстөрчид маань тэдгээр хүмүүст талархдаггүй юмаа гэхэд үнэнийг гуйвуулж гүтгээд байх нь зүйд нийцэхгүй л дээ Үнэнийг гуйвуулж, эдийн засаг байх ёстой Тавантолгойг үргэлж улстөрийн зорилгоор ашиглаад байгаад харамсдаг. Энхбаяр даргын ярьсан тухайд тэр хүний л бодол байх. Гэхдээ гүтгэлэгт хязгаар байх ёстой. Тийм учраас би энэ талаар, ер нь Тавантолгойн ордын түүх, энэ ордын лиценз ямар хүмүүсийн нэр дээр байж байгаад төрийн мэдэлд яаж ирсэн, одоо хэн эзэмшдэг гээд бүх асуудлаар УИХ-аас ажлын хэсэг гаргаж бүх үнэнийг ард түмэндээ мэдээлээч гэдэг хүсэлтийг УИХ-ын даргад тавина гэж бодож байгаа. Тэр ажлын хэсэгт нь энэ хардаад, зориуд мушгиад байгаа улстөрчид, парламентад суудалтай бүх намын төлөөллийг оруулах хэрэгтэй гэж бодож байгаа. Бас Тавантолгойн талаар бодит байдлыг өгүүлсэн, үнэнийг тунгаах бололцоо олгосон нэвтрүүлэг хийж ард түмэнд хүргэх ёстой гэж бодож байгаа. Тавантолгойд надад одоо манай Засгийн газраас нийт ард түмэндээ олгосон 1072 хувьцаанаас өөр хувь, оролцоо байхгүй.

    -Одоо явж байгаа тендерийн тухайд…

    -Нарийн мэдээлэлгүй байна. Үндэсний компаниуд давуу эрхтэйгээр гадныхантай хамтарч оролцох, энэ ордын бүх өр зээлийг төлөх, эдийн засгийн эргэлтэд хурдан оруулах тендер юм байна гэсэн хэвлэлийн мэдээнээс цаашгүй л байна. Бас Засгийн газар, УИХ-аар давхар хянагдах ёстой юм. Энэ бүгдэд Тавантолгойн лицензийг хадгалах, төрд буцааж өгөхөд манлайлж явсан, бас Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа нийт ард түмэндээ 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргасан хүний хувьд би нэг л зарчмын байр суурийг хатуу баримтална.

    -Тэр нь?

    -Тавантолгойн ордоос иргэн бүрийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа баталгаатай, үнэ цэнтэй, ард түмэнд өгөөжөө өгдөг байх ёстой. Энэ хувьцаа иргэдийн гар дээр цаас биш, ногдол ашиг болж хэзээ очих, цаашдаа тасралтгүй очиж байх эсэхийг тендерийн гол шалгуурын хэмжээнд авч үзэх ёстой. Ингэж байж Таванолгойн орд ард түмнийх хэвээр үлдэнэ. Түүнээс бус, цаасан дээр хүн бүр 1072 хувьцаатай гэсэн бүртгэлээс цаашгүй бол Тавантолгойг ард түмнийх гэж хуульчлаад ч нэмэргүй. Ер нь Тавантолгой, Оюутолгойтой холбоотойгоор төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд олон нийтэд ойлгомжтой, ил тод, тунгалаг, эдийн засаг, нийгмйн өгөөжтэй байх хэрэгтэй. Үүний тулд томоохон ордуудын дэргэд олон нийтийн хяналтын зөвлөл ажиллуулах зөв юм.

    -Оюутолгой бас гацаанд орлоо. Одоо 34 хувиа зарж Монгол Улс татвараа аваад л сууж байя гэж байна. Энэ хэр оновчтой шийдвэр вэ?

    -Бас л тодорхой мэдээлэл алга. Хэрвээ тэгж 34 хувиа зарах гэж байгаа бол өнөөдрийн цаг үед хамгийн буруу шийдвэр болно. Манай Засгийн газар ажиллаж байх үед Оюутолгойн хувьцааны ханш 20 гаруй доллар хүрч байсан. Одоо гурав хүрэхгүй доллар байгаа байх. Хувьцааны ханш нь ингэж унасан энэ цаг үед хувиа зарах хамгийн буруу.

    -Хэрвээ ойлголцохгүй бол төсөл цаашаа явахгүй, Оюутолгойг хөдөлгөхгүй бол эдийн засаг сэргэхгүй юм биш үү?

    -Оюутолгой, Тавантолгой бол Монголыг олон жил тэжээх баялаг. Гэтэл өнөөдөр бид энэ баялагаа баялаг биш, улстөрчдийн хэрүүлийн алим болчихлоо. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн баялаг ашигтай байх үед бид энэ хоёр ордоо тойрч хэрэлддэг. Зах зээл дээр ханш нь унаад ирэхээр ч бас л маргаад суучихдаг. Бурхан бидэнд, монголчуудад бэлэгээ өгсөн, тавганд хийгээд ширээн дээр тавьчихсан. Тэрийг нь бид халбагадахдаа хэрэлдэж байна, ам руу халбагадаж өгсөнгүй гэж уурлаж байна. Одоо бидэнд хоёр сонголт байна. Үргэжлүүлээд хэрэлдээд суух уу, 2012 оны сонгуулийн өмнөх шиг энэ хоёр орд эдийн засгийн эргэлтэд орж явах ёстой юу. Миний бодлоор энэ хоёр ордоо эргэлтэд оруулж байж л эдийн засгийн ашиг хүртэнэ. Гэхдээ мөнгө олох гэж байна, эдийн засаг хүнд байна гэдгээр улсад, ард түмэнд ашиггүй хувилбараар шийдэж болохгүй. Өнөөгийн түр зуурын хүндрэлийг давах гэж байна гээд ирээдүйдээ хохиролтой, засч болохооргүй алдаа гаргаж болохгүй л дээ. Заримдаа сайн ажиллахаас алдаа гаргахгүй ажиллах нь чухал байдаг. Бэрхшээл бүхэн боломжтойгоо ирдэг гэж нэг үг байдаг даа. Тийм учраас өнөөгийн хүндрэлээс гарах боломж, гарцыг л зөв олж харж тодорхойлох хэрэгтэй.

  • Сү.Батболд СоцИнтернийн комисст ажиллана

    Дэлхийн Социалист интернационалын тэргүүлэгчид өнгөрсөн өдрүүдэд НҮБ-ын чуулганы үеэр АНУ-ын Нью-Йорк хотноо хуралдаж, олон улсын байдал, энх тайван, аюулгүй байдлын асуудлаар тус хөдөлгөөний хийх ажил, дэлхийн эдийн засгийн байдал болон цаг уурын өөрчлөлтийн асуудлыг авч хэлэлцлээ. Хуралд ӨАБНУ-ын ерөнхийлөгч Я.Зума, Нигерийн Ерөнхийлөгч М.Исуфу, Бельгийн Ерөнхий сайд Э.Ди Рупо, Австрийн Ерөнхийлөгч асан A.Гусенбауэр нар хүрэлцэн иржээ. Монгол Улсаас МАН-ыг төлөөлж Социнтерний дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нар оролцлоо. УИХ-ын гишүүн Сү.Батболд  хуралд хэлсэн үгэндээ улс орнуудын эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд улс орнуудын эрх тэгш байдлыг хангахын чухлыг цохон тэмдэглэв. Тэрээр эдийн засгийн хүндрэлээс амжилттай гарахын тулд хүн амын хувьд амаргүй арга хэмжээнүүдийг авахад хүрдэг бөгөөд энэ цаг үед Социнтерний гишүүн орнууд эдийн засгийн тэгш эрхийн зарчмыг хэрэгжүүлэх нь улс орнуудын хөгжилд нааштай нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Хуралд оролцогчид ч зарим улс орны эдийн засаг хямралтай байгааг дүгнэж, хямралт байдлаас гарах арга хэмжээг төлөвлөхдөө эдийн засгийн тэгш эрхийн зарчмаар хандахын чухлыг тэмдэглэж байсан юм. Хурлаас эдийн засгийн тэгш эрхт байдлыг судлах олон улсын комисс гаргахаар шийдвэрлэж, уг комисст Социнтерний дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд, ЭҮКН-ын дарга Соня Ганди, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Я.Зума, Бельгийн Ерөнхий сайд зэрэг олон улсын нэр хүндтэй зүтгэлтнүүд ажиллахаар болжээ.  Тус комиссыг Бельгийн Ерөнхий сайд Э.Ди Рупо тэргүүлэх аж. 

  • С.Батболд:Тогтвортой хөгжлийн стратеги үгүйлэгдэж байна



    -Хэн их ярьж, илүү үгүйсгэхээр биш, тогтвортой хөгжлийн бодлогоор л уралдах ёстой-

    Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, анхаарал татсан асуудлыг хөндөж, УИХ-ын гишүүн Сү.Батболдтой ярилцлаа.

    -Эдийн засаг ихээхэн хүндэрч, нэлээд амаргүй нөхцөл үүссэн нь иргэн бүхэнд мэдрэгдэж байна. Таныг Засгийн газар тэргүүлж байх үед эдийн засгийн өсөлт 17.8 хувьд хүрч байсан, Гэтэл 10 гаруй хувиар унаж, дөнгөж 5.3 хувь болжээ. 17.8 хувийн өсөлт үнэхээр бодит өсөлт байсан уу, эндээс яриагаа эхэлбэл ямар вэ?

    -2008-2012 онд манай нам АН-тай хамтарч засаг барьж байсныг та санаж байгаа байх. Тэр үеийн эдийн засгийн өсөлт бидний хамтын л бүтээл. Төр, засгийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны оролцоогүйгээр, хэн нэгнээс огт хамааралгүйгээр урсгалаараа эдийн засаг өсөөд явчихна гэж байхгүй л дээ. Эдийн засгийн 17.8 хувийн өсөлт бол бодитой л тоо байсан. Хэдэн хүн хэл амаа нийлүүлээд хэлчихсэн тоо биш, олон улсын мэргэжлийн байгууллагууд баталгаажуулсан, тухайн үедээ “гайхалтай өсөлт” гэж дэлхий нийтэд шагшигдаж байсан амжилт шүү дээ.

    Тэр дөрвөн жил бас л амаргүй жилүүд байсан. 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал Монголыг тойроогүй. Хямралыг ямар арга замаар давж гарах, эрсдэлийг багасгаж, өсөлтийг  хэрхэн хангах вэ гэсэн том зорилт, асуултууд тулгарч байлаа. Бид одооных шиг ямар нэг байдлаар хэн нэгнээс алдаа хайх гэж оролдоогүй. Харин яах ёстой вэ гэдэг дээр тогтож эргэцүүлж, бодлогоо хэрэгжүүлж байлаа. Эдийн засгийг эрүүлжүүлэх үндсэн арга зам  бол гадна дотнын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, манайхыг чиглэсэн урсгалыг идэвхжүүлэх явдал мөн гэсэн зарчимд манай Засгийн газар бодлогоо чиглүүлсэн. Үүнтэй холбогдуулж томоохон хөтөлбөр, шийдвэрүүдийг гаргах  ёстой гэж үзсэн. Тухайн үед МАН үнэмлэхүй олон суудалтай байсан ч хамтарсан Засгийн газрыг байгуулж, бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдийг боловсруулан, хамтдаа томоохон шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлж чадсан гэж боддог.

    -Тэдгээр шийдвэрүүдээсээ заримыг нэрлэж болох уу?

    -“Оюутолгой” төслийг эхлүүлэх бүх шийдвэр, Тавантолгойн асуудал, зам, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан гэхмэтчилэн бүх салбарыг хамарсан. Түүний зэрэгцээ эдийн засгийн өсөлт бол зөвхөн статистик үзүүлэлт биш, үр шим нь иргэд, хувь хүн, айл өрхөд хүртэх ёстой гэдэг зарчмаар хүний хөгжлийн бодлогыг хамтад нь дэвшүүлж тавьсан. Үр дүнд нь  эдийн засгийн сэргэлт, идэвхжил эрс нэмэгдсэн. Энэ бүхэнд гадаад зах зээлийн нааштай байдлууд, тухайлбал манай уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт бас эергээр нөлөөлсөн л дөө.

    Манай Засгийн газрын үед гаднын хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн. Эдийн засгийн өсөлт 2012 онд 17.8 хувьд хүрснээр эдийн засгийн хурдтай хөгжлийн суурийг тавьж чадсан гэж боддог. Гэхдээ хөгжлийн суурийг тавьчихлаа гэж бид өөрсдийгөө тунхаглаагүй. Дэлхийн банк, ОУВС, Эдийн засгийн форумаас “Хэрвээ та бүхэн энэ бодлогоо тогтвортой үргэлжлүүлэх юм бол танай улсын эдийн засаг ирэх 10-20 жилд 15 хувиас доош буухгүй” гэсэн дүгнэлтийг өгч  байсан юм.

    -Эдийн засгийн хөгжлийн суурийг зөв тавьсан юм бол ингэтлээ амархан нурчихгүй баймаар. Яагаад уруудалт нүүрлэчихэв. Гаднын хөрөнгө оруулагчид яагаад биднээс үргэчихэв ээ?

    -Монгол төрийн, Засгийн газрын бодлого тогтвортой, ойлгомжтой, залгамж чанартай байх нь маш чухал. Шинээр байгуулагдсан Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа зөв зүйтэй ажлуудыг баяжуулан үргэлжлүүлж, бурууг нь засаж, түүнийгээ нийгэм, олон нийтэд ил тод зарладаг байх ёстой. Ингэж байж хөрөнгө оруулагчид итгэл үнэмшилтэйгээр ажлаа явуулна.

    Гэтэл хамтарч хэрэгжүүлсэн ажлаа, өмнөх Засгийн газрынхаа зөв чигт явж байсан бодлогыг өөрчлөх нь, залгамж чанараа алдагдуулах нь  хэр оновчтой байсан юм бол. Ингэсний харгайгаар хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдэд хүлээлт, болгоомжлол үүсэж, удалгүй ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоосон. Хямарсан үед яах ёстой вэ гэдэгт үе үеийн Засгийн газрууд гол анхаарлаа хандуулсаар ирсэн. Тухайлбал, манай Засгийн газрын үед шинэ бүтээн байгуулалтын дунд хугацааны, урт хугацааны хөтөлбөрүүдийг гаргаж байв. Урт хугацааны буюу 20 жилийн хөтөлбөр нь холдоод, төсөөлөл болчих гээд байсан тул Засгийн газраас “Шинэ Бүтээн Байгуулалт” хөтөлбөрийг УИХ-д оруулж батлуулсан нь илүү оновчтой болсон гэж боддог. Авто болон төмөр зам, эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, нийгэм гээд бүх салбаруудыг хамарч, эдийн засгийн нөхцөл, өгөгдөхүүн дээр тулгуурласан, ямар ч Засгийн газар гарсан бай хамаагүй, улам боловсронгуй болгоод явчих боломжтой энэ хөтөлбөрийг бид анх гаргасан юм. Даруу биш санагдаж болно, уучлаарай, гэхдээ энэ хөтөлбөр нь салбарын мэргэжилтнүүдийн үнэхээр ихээхэн хүчин чармайлтын дор боссон, дэлхийн жишгийн тооцоо судалгаа, дүгнэлт үнэлэмжид суурилсан чухал баримт бичиг байсан юм шүү. Гэтэл энэ хөтөлбөр, хийсэн ажил маань сүүлийн хоёр жилд үгүйсгэлийн бай болов. Үүнээс улс орны хөгжил удааширч,ард иргэд маань хохирно.

    Дэвшүүлсэн зорилт, эхлүүлсэн ажлууд маань  их бага хэмжээгээр үргэлжлээд явж байгаа хэдий ч байсныг байгаагүй, хийснийг хийгээгүй, бүтээснийг нураасан мэтээр сурталдаж, 2012-2014 онд л хийж байгаа гэж зарлаад явах нь хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн итгэлийг бууруулахаас өөр юунд ч хүргэхгүй. Тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт саарах нь гарцаагүй.

    -Гарц нь тэгээд юу вэ?

    -Миний бодлоор гарц, түлхүүр байгаа. Тэр бол Тогтвортой хөгжлийн бодлого. УИХ дахь МАН-ын бүлэг хөгжлийн бодлогын стратегитай  болох саналыг УИХ-д оруулсан. Бодлого тогтвортой байж чадаж байна уу, үгүй юү гэдгийг дүгнэдэг механизмтай болох ёстой.  Урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтууд хэрхэн хэрэгжив, дотоодын нийт бүтээгдэхүүн хэдэн хувиар өсөв, нэг хүнд ногдох орлого яаж өсөв, эдийн засгийн бусад үзүүлэлтүүд нь хэрхэв гэдэг тодорхой үзүүлэлтээр дүгнэдэг систем рүү орох ёстой юм. Хэн илүү ярьж, хэн илүү үгүйсгэж байгаагаар биш, бодит үзүүлэлтээр дүгнэдэг, тэндээсээ хөгжлийн бодлогоо тодорхойлдог зарчим руу явах ёстой гэж бид үзэж байгаа юм.

    Дэлхийн банк, ОУВС, олон улсад ч гэсэн тогтсон, сонгодог хэдэн үзүүлэлтүүд байдаг. Ийм тодорхой үзүүлэлтээр дүгнээд явах юм бол эдийн засгийг улстөржүүлдэг байдлаас холдож, өөрийнхөө сонгодог зорилтуудаар ялгардаг зам руу орох бололцоотой. Засгийн эрх авсан нам болгон шинээр бодлого гаргаж ирж, уралдуулаад байвал хол явахгүй.

    Аливаа хөгжлийн бодлого сонгуульд, намд зориулагдах ёсгүй. Ялсан улс төрийн хүчний дур зоргоор өөрчлөгддөг зүйл биш, уламжлагдан залгамжлагддаг байх ёстой. Монгол төрийн бодлого, намын бодлого хоёр бол огт өөр зүйл. Монгол төрийн бодлогод хэнбугай ч байсан захирагдах л учиртай. Манай нам сайхан, бид сайн, бусад нь муухай гэж харуулах зорилгоор төрийн бодлогыг засамжилж таарахгүй. 

    -Гаднын хөрөнгө оруулагчдын хамгийн их эмзэглэж байгаа зүйл нь Монголын улс төр, хууль эрх зүйн тогтворгүй байдал юм байна гэдгийг хэн ч ойлгодог боллоо. Хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй байх, монголчууд бид өөрсдөө гадаад зах зээлд сайн тоглогч байх асуудалд төрийн залгамж чанар алдагдсан уу. Таны яриад байгаа хөгжлийн бодлогыг цааш хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

    -Өнгөрсөн хоёр жил Засгийн газрын хувьд их сургамжтай он жилүүд болсон байх аа гэж би хувьдаа боддог. Гаднын хөрөнгө оруулалт эрс буурсан, өсөлтийн хурд саарсан нөхцөлд зээлийн эх үүсвэрүүд, төрөөс дэмжих дэмжлэг, хөтөлбөрүүд гэх мэтээр санхүүгийн цар хүрээ нь эрс нэмэгдсэн тул эдийн засгийн хувьд урагшлах боломжууд байгаа юм. Харамсалтай нь өмнөх Засгийн газрын үед суурийг нь тавьж чадсан эдийн засгийн өсөлт, хурдцыг хадгалж чадсангүй.

    Манай Засгийн газрын үед төсвийн нийт зарцуулалт 4.0 их наяд орчим төгрөг байсан бол Шинэчлэлийн Засгийн газрын үед 7.5 их наядын төсвийн зардалтай болов. Дээр нь 1.5 тэрбум ам.долларын эх үүсвэртэй “Чингис” болон “Самурай” бонд, Монголбанкны 4.0 их наядын Үнэ тогтворжуулах хөтөлбөр, 1.0  их наяд төгрөгийн Засгийн газрын Үнэт цаас,   манай Засгийн газраас Хөгжлийн банкинд үлдээсэн 580 сая ам.доллар  гээд мөнгөний асар их боломж байна. Би нэг тоо харж байсан. Манай Засгийн газраас 5.4 дахин их мөнгөний эх үүсвэртэй, өмнөх Засгийн газруудаас хэдэн арав дахин илүү хөрөнгө чинээтэй Засгийн газар ажиллаж байна. Гэтэл эдийн засгийн өсөлт нь тэр хэмжээнд нэмэгдэж  чадаагүйгээр үл барам   бүр саарч, удааширч байгаа нь гарцаагүй бодлогын алдаанаас л болсон. Сургамж авсан болов уу гээд байгаагийн учир энэ.

    -Танай Засгийн газрыг халамжийг хавтгайруулж, дэндүү их өр тавьснаас болж эдийн засгийн өсөлт саарсан гэж байнга ярьдагт ямар хариулт өгөх вэ?

    -Би үүнтэй ерөөсөө санал нийлэхгүй байна. Эдийн засаг чинь тийм их өсөлттэй байгаа юм бол яагаад айл өрх, хувь хүн буюу Дулмаа, Доржид наалдахгүй байна вэ гэж биднийг засаг барьж байх үед их шүүмжилдэг байлаа. Бид эдийн засгийн өсөлтийн үр шимийг хувь хүн, бизнес, үйлдвэрлэлийн аль аль нь мэдрэх ёстой гэж бодлогоо тодорхойлж байсан. Уул уурхайгаас олсон орлогын тодорхой хэсгийг ард түмэнд хүртээх зорилгоор “Хүний хөгжил сан” байгуулж байв. Хоёр нам “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” гэсэн бодлогуудыг гаргаж, хамтарсан Засгийн газрын үед хэрэгжүүлсэн шүү дээ.

    Цалин, тэтгэврийг хоёр дахин нэмэгдүүлж, Эх орны хишиг, Эрдэнийн хувь хэлбэрээр Монголын иргэн бүрт  21 мянган төгрөгийг Хүний хөгжил сангаас  хүртээсэн. Үүнийг их шүүмжилдэг. Энэхүү ажлыг бид  эдийн засгийн өсөлтийг иргэн бүртээ нааж өгөх, өрх бүрт хүртээх зорилгоор Хүний хөгжлийг дэмжих бодлого, сангийн  хүрээнд хэрэгжүүлж ирсэн. Ялангуяа дундаж болон дундаас доош орлоготой иргэдэд гэр бүлийн бодит орлого болж очсон гэж боддог. Үүнийг үргэлжлүүлэх ёстой юм. Гэхдээ хавтгайруулсан хэлбэрээр биш, нийгмийн зорилтот хэсэг рүү, мөнгөн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа ахмадууд, хүүхдүүд, орлого багатай иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх мэт тодорхой бүлэгт олгох нь зөв. 

    -Халамжийн бодлогод таны тэргүүлсэн Засгийн газар хэчнээн төгрөг зарцуулсан бэ?

    -Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд  зөвхөн уул уурхайн салбарын орлогоос хуулийн дагуу  эх үүсвэр бүрдүүлсэн. Тэр эх үүсвэр нь Засгийн газрын бонд ч юмуу, зээл биш байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн ногдол ашгаас, Тавантолгойн орд газрын нүүрсийг урьдчилан борлуулсан орлогоос ард иргэддээ хүртээж байв. Нийт 300 сая ам.долларын 250 сая ам.долларыг “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан Монголын 2.8 сая хүнд хүртээсэн.

    Гэхдээ энэ бодлогоос авч үлдсэн сургамжаа би хэлье. Ийм хөтөлбөрийг зорилтот хэсэг рүү, шаардлагатай нийгмийн давхарга руу л чиглүүлэх ёстой юм. Шинэчлэлийн Засгийн газрын түнтгэр хэтэвчний дэргэд нүүрсний урьдчилгаа гэх 300 сая ам.доллар бол эдийн засгийг унагаж, уруудуулчих хэмжээний мөнгө биш. Нөгөө талаар өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрүүдээ үргэлжлүүлээд, алдаа мадаг байсан бол засаж залруулаад, нүүрсний ачилтаа хэвийн явуулчихсан бол энэ өрийг богино хугацаанд барагдуулчих боломжтой байлаа. Гэтэл ачилтаа зогсоож, харьцангуй гайгүй  үнэтэй байхад нь өрөө төлөх боломжийг  алдаж байсан  нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн шүү дээ. Ерөөсөө өмнөх Засгийн газрын зөв ажлыг үргэлжлүүлэх асуудлаар шинэчлэлийн Засгийн газар алдаа гаргасан гэж бид үздэг. 

    -Таны ярианаас  шинэчлэлийн Засгийн газар  7.8 их наяд төгрөгийн төсөвтэй, дээр нь бараг л энэ хэмжээний бондын мөнгөтэй, нийтдээ 14 орчим их наяд төгрөгийн хэрэглээтэй байгаа юм байна. Тэгсэн хэрнээ эдийн засаг яагаад ингэж суларч, ам.долларын ханш чангараад байна вэ. Иргэн миний халаасанд байгаа 1000 төгрөг яагаад 700 болтлоо үнэгүйдчихэв ээ. Энэ нөхцөл байдлыг яаж эрүүлжүүлэх вэ?

    -Зах зээлийн эдийн засгийн хууль, жам ёсыг горимоор нь явуулах ёстой гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Төр бизнест хөндлөнгөөс илүү ихээр оролцож, зах зээлийн бус аргаар зохицуулалт хийхийг оролдохдоо их мөнгийг хүчээр нийлүүлсэн нь сөрөг үр дагавартай байсан.  Зах зээл дээр эрүүлээр, ном журмаараа явж байсан урсгалыг хөрөнгө оруулалт багасаад ирэнгүүт хүчээр балансжуулж, үнэ тогтоох, зохицуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн нь тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн ч цаад талдаа баланс нь алдагдсан.  Өнгөрсөн 2 жил зах зээлийн эдийн засгийн харилцаанд төр засгаас  хэтэрсэн зохицуулалт, хэтэрсэн оролцоогоор хандсан нь алдаанд хүргэж байна  гэж бодож байна. 

    Гаднаас орж ирж буй валютын урсгал 2011 онтой харьцуулахад 60 хувиар багассан байна. Эрх баригчид энэ валютын урсгалын дийлэнх нь Оюутолгойн мөнгө байсан гэж хэлдэг. Статистикаас харвал 2011 онд орж ирсэн валютын урсгал дотор Оюутолгойн эзлэх хэмжээ 20 хувь л байж. Гэтэл 2013 онд Оюутолгойтой холбоотой орж ирсэн урсгал 60 хувьд нь нөлөөлж байх жишээний. Тэгэхээр энд хөрөнгө оруулалт эрс буурснаас  үүдсэн бэрхшээл үүсч байгаа нь илэрхий байна.

    -Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийсэн. Сүүлийн 20 жилд бий болгосонтой тэнцүү хэмжээний эрчим хүчний сүлжээг хоёр жилийн дотор хийлээ гэж мэдэгдсэн. Энэ ажлыг танай Засгийн газар хийх боломж байгаагүй юм уу.

    -Аливаа асуудал хөгжлийн үе шатаараа л явдаг. Хүний хөгжил ч ялгаагүй. Цэцэрлэгт ороод, дараа нь дунд сургуульд суралцаж, цаашид дээд боловсрол эзэмшдэг шүү дээ. Эрчим хүчний салбарын хөгжил үүнтэй адил дэвшин хөгжиж яваа. Бид энэ салбарыг хөгжүүлэх эхний алхам болгож тухайн үед Монголын 21 аймаг, бүх сумыг эрчим хүчний  нэгдсэн сүлжээнд холбох, дэд бүтцийг  барьж байгуулах  зорилт тавьж байв. Монголын өрх бүрт эрчим хүч хүргэж, малчин айл өрхийг гэрэлтэй болгох зорилго бүхий “100 мянган нарны гэрэл” хөтөлбөрийг зэрэгцүүлэн хэрэгжүүлж байсан.  Харин  эрчим хүчний эх үүсвэрийг  нэмэгдүүлэх, шинээр бий болгох дараагийн шатны ажил нь өнгөрсөн хоёр жил илүүтэй явж ирлээ. Гэхдээ зарим ажлууд тухайлбал, ТЭЦ-IV-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, Салхитын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж байгуулагдах асуудлууд нь манай Засгийн газрын үед суурь нь тавигдаж, өнгөрсөн хоёр жил ашиглалтад оржээ.  

    -Хоёрхон жилийн хугацаанд 2300 км авто зам тавьсан байна шүү дээ. Үүнийг Та бас л өөрийнхөө Засгийн үед эхлүүлсэн ажлын суурь гэж хэлэх үү?

    -Тийм шүү дээ.  Аймаг орон нутгийг холбох замын ажлын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаас эхлээд замыг бүрэн ашиглалтад оруулах хүртэл  наад зах нь хоёр жил болно. Тэгэхээр өнгөрсөн хоёр жил  ашиглалтад орсон замын ажлын эхлэл нь  2011, 2012 онд тавигдсан байж л таарах гээд байгаа биз.  2012 онд манай Засгийн газар  хөдөө орон нутгийн   14 чиглэлээр зам барих ажлыг шийдвэрлэсэн бөгөөд тухайн онд  900 км замыг хүлээж авна хэмээн төлөвлөж байсан. Гэтэл сонгууль энэ тэртэй холбоотойгоор 2012 ондоо амжаагүй, 2013 он руу шилжсэн. Эдгээр зам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дуусаж, ашиглалтад орсон байх жишээтэй.

    -Орон сууцны асуудал байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 08 хувийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Иргэдээ орон сууцжуулах ийм хөтөлбөрийг танай Засгийн газрын үед дэмжсэн бол олон хүн байртай болох байсан биш үү?

    -Иргэдээ орон сууцжуулах бодлого үе үеийн Засгийн газрын эн тэргүүний зорилт байсаар ирсэн. Бүр социализмын үеэс одоог хүртэл.  Одоогийн МАН-ын дарга М.Энхболдын Засгийн газрын үед 40.000 айлын орон сууц барьж ашиглалтад оруулах зорилт тавьж байсан. Тухайн  дөрвөн жилийн дотор 43.000 орчим орон сууц ашиглалтад орсон байна лээ. Энэ тоог би зориуд харсан л даа. 2010 онд баталсан Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрөөр 100 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах зорилт тавьж, манай Засгийн газар бага орлоготой иргэддээ орон сууцыг боломжит өртгөөр олгох бодлого барьж байв. Үүний тулд 06 хувийн хүүтэй зээл олгож эхэлснийг  та санаж байгаа байх. Тухайн үеийн хамтарсан Засгийн газрын шийдвэр шүү дээ. Одоогийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Зургаан хувийн хүүтэй зээл боломжтой юм байна” гэж хэлж байсан. Дараагийн Засгийн газар 06 хувийн зээлийг 08 болгосон.  Иргэдээ орон сууцаар хангах хөтөлбөрийг биднийхтэй адил энэ Засгийн газар ч хэрэгжүүлээд л явж байна.

    -Манай улсын эдийн засгийн нэг гол салбар бол хөдөө аж ахуй. Газар тариалан түүний салшгүй хэсэг. Энэ жилээс эхлэн манай улс анх удаа улаан буудай, төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ өөрсдөө хангадаг боллоо гэж Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдсан байна лээ?

    -Монгол бол байгалийн асар их баялагтай орон. Бид азтай ард түмэн. Мах, гурил, хүнсний ногоо гээд хоол хүнсээ хэнээс ч авахгүй  байх бүрэн боломжтой нь бас нэг давуу тал. Үүнд төр засгийн бодлого, дэмжлэг л хэрэгтэй байдаг. 2008 онд Монгол Улсын Ерөнхий сайд байсан С.Баяр “Атрын III аян”-ыг эхлүүлэх санаачилга гаргаж байсан. Энэ аянаар газар тариаланг дэмжих бодлого дэвшүүлж хөрөнгө санхүү, татвар, техник технологийн оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр 2010, 2011 онуудад манай улс өндөр ургац авч төмс, гурилаар өөрсдийгөө бүрэн хангах хэмжээнд хүрсэн. “Атрын III аян”-ы амжилт, ололт өнөөдөр ч үргэлжилж, ахиж дэвшсээр байна. Хоёрхон жилийн дотор энэ Засгийн газар л хийчихсэн ажил биш шүү дээ. Мал аж ахуйн салбарт ч өсөлт, дэвшил гарсаар байна. Бидний үед “Монгол мал”, “Таван эрдэнэ” хөтөлбөр, Малчдын талаар төрөөс баримтлах бодлого гээд олон баримт бичгүүд баталж, томоохон зорилтыг хэрэгжүүлж ажилласны үр дүн гарч байна гэж хардаг.

    -Хоёр хөршийн Төрийн тэргүүнүүд манайд айлчиллаа. МАН-ын лидер улстөрчийн хувьд айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ. Хоёр хөрштэйгөө хийх худалдаа, эдийн засгийн эргэлт эрс сайжрах нь гэж ойлгож болох уу?

    -Монгол Улсын маань гадаад бодлогын хувьд гарцаагүй тэргүүлэх ач холбогдолтой түнш бол манай хоёр хөрш. Бид хоёр хөрштэйгөө бүх талын харилцаа, тэр дундаа дэд бүтэц, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцаагаа эрчимтэй хөгжүүлэх нь маш чухал. Түүний зэрэгцээ гуравдагч хөршүүдтэйгээ тогтоосон эдийн засаг, түншлэл, хамтын ажиллагаагаа орхигдуулахгүй хөгжүүлж явах ёстой. Монгол Улсын гадаад бодлого дээр манай нам нэгдмэл байр суурьтай байгаа. Нам ч гэлтгүй, бүх монголчууд нэг байр суурьтай байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

    Дотроо бид үзэл бодол зөрж болно. Улс төр, эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудлаар хувь хүмүүсийн ойлголт, улс төрийн намуудын сөргөлдөөн байж болох юм. Харин гадаад бодлогын асуудлаар бол улс орны нийтлэг эрх ашиг хөндөгддөг учраас  бид нэгдмэл байх ёстой. Манай нам эрх барьж байхдаа ч, сөрөг хүчин байхдаа ч хоёр хөрштэй харилцах харилцааны асуудлаар бие биеэ дэмжиж ажиллах ёстой гэж хандсаар ирсэн. Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү үр ашигтай болгох талаар өмнө нь ярьж байсан ажлуудыг бодит ажил хэрэг болгоосой гэдэг саналаа бид нээлттэйгээр илэрхийлж байсан. 

    ОХУ-тай худалдааг либералчлах, экспортын бараа бүтээгдэхүүнд харьцангуй хөнгөлөлттэй тариф ногдуулах талаар миний Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ ОХУ-д тавьж байсан саналуудыг үргэлжлүүлэн, тодорхой ахиц гарсанд таатай байна. Өмнөд хөрш болон хойд хөрштэйгөө транзит тээврийн хэлэлцээр хийж, эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ахиц гаргах тодорхой тохиролцоонд хүрч чадсан нь чухал алхам. Монгол улсын Ерөнхийлөгч хоёр хөршийн тэргүүнүүдтэй Душанбед  3 талын уулзалтыг амжилттай  хийж эдийн засгийн хамтын ажиллагаа, транзит тээвэр, бүс нутгийн хамтын ажиллагаанд Монгол улс илүү идэвхтэй оролцох боломж бий болж байгаа нь  чухал ач холбогдолтой  боллоо гэж бодож байна.  Зарчмын ийм асуудлуудаар нийтлэг эрх ашгаа эн тэргүүнд тавьж, дэмжин ажиллах болно. Сөрөг хүчин гэхээр сөрөөд байдаг юм биш, зөв бодлогыг дэмжих нь зүй. Харин буруу зүйл дээр бол сөрөг хүчний зүгээс ч, улс орны эрх ашгийн үүднээс ч шүүмжлэлтэй хандана гэдгээ манай нам болон УИХ дахь МАН-ын бүлгээс удаа дараа илэрхийлж байгаа. Яг ийм байр сууринаас ухаанаа уралдуулах хэрэгтэй. Харин улс төрийн асуудал нь сонгуулиар шүүгдээд явах ёстой юм.

    -Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

    Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”

  • Сү.Батболд гишүүн Ё.Нодаг хүлээн авч уулзлаа

    УИХ-ын гишүүн С.Батболд манай улсад айлчилсан Японы Ерөнхий сайд асан Ё.Нодаг хүлээн авч уулзлаа.

    Сү.Батболд,  Ё.Нода нарыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Монгол, Японы харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр орны хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах анхны хэлэлцээг эхлүүлж байсан түүхтэй. Өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн тус улсад хийсэн айлчлалаар уг хэлэлцээрийг байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн нь хоёр орны стратегийн харилцааг шинэ шатанд гаргасан үйл явдал боллоо хэмээн судлаачид дүгнэж байсан юм.

    Дашрамд дурдахад, ноён Ё.Нода Японы 95 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол УИХ-ын гишүүн Сү.Батболд Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байв.