Ангилал: мэдээ

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНЭУ-ын Ерөнхийлөгчид бараалхлаа

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНЭУ-ын Ерөнхийлөгчид бараалхлаа Манай улсад төрийн айлчлал хийж байгаа БНЭУ-ын ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патилд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр бараалхлаа. Уулзалтын эхэнд  Ерөнхий сайд С.Батболд эрхэмсэг зочин, БНЭУ-ын Ерөнхийлөгчийг Монгол улсад тавтай айлчлахыг хүсч, энэ айлчлал нь Монголын тулгар төрийн  2220, Их Монгол улс байгуулагдсаны  805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын түүхт  90 жилийн ой зэрэг онцгой жил давхцсан үеэр тохиож байгаагаараа чухал болж байгааг тэмдэглэлээ.

    Түүнчлэн  2009 онд Гадаад хэргийн сайд байхдаа Энэтхэгт тантай уулзаж байсан бол, энэ удаа эх орондоо дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцлоод, эрхэм ерөнхийлөгчийн  айлчлал нь хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд том түлхэц болно гэдэгт итгэлтэй байна хэмээн тэмдэглэлээ. Монгол, Энэтхэг  хоёр улс нь олон зуун жилийн уламжлалт харилцаатай төдийгүй энэ  нь түүхийн, шашны, соёлын гэх мэт харилцаагаар холбогдон явж ирснийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд дурьдаад, Энэтхэг улс нь  Монгол улсын ойрхон гуравдагч хөрш бөгөөд сэтгэл санааны хувьд ч хоёр ард түмэн дөхүү байдгийг онцолж байв.

    Мөн Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн хоёр орон 2 талын харилцааг иж бүрэн түншлэлийн хэмжээнд хөгжүүлэхээр хамтран ажиллаж байгааг уулзалтын үеэр тэмдэглэлээ. Энэтхэг улс нь дэлхийн хамгийн том ардчилсан улс, ийм том улстай адилхан Монгол улс ч гэсэн  ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж хамт яваадаа  бахархаж  явдаг гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцлоод, энэ долдугаар сараас эхлэн Монгол улс ардчиллын хамтын нийгэмлэгийг хоёр жилийн хугацаанд даргалах болсон гэдгийг тэмдэглэж байв.  Монгол улсын Ерөнхий сайд нь Ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалах Үндэсний зөвлөлийг тэргүүлж байгаа ажээ.

     Дэлхий дахинд ардчиллыг түгээх үйлсэд Энэтхэг улстай хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг Ерөнхий сайд уулзалтын үеэр илэрхийлэв. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  Энэтхэг улс  эдийн засгийн хөгжлөөрөө асар их дэвшил гаргаж байгаад нь баяр хүргэлээ. Түүнчлэн Монгол улсыг ардчилал, зах зээлийн шинэ тогтолцоонд шилжих үед дэмжлэг туслалцаа үзүүлсэнд нь, мөн Энэтхэгийн Засгийн газраас өмнө нь олгосон 25 сая ам.долларын хөнгөлттэй зээл нь дэлхийн эдийн засгийн хямралын үр дагаврыг гэтлэн давахад ихээхэн  тус дэм болсонд талархаж буйгаа энэ үеэр илэрхийллээ. БНЭУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн  айлчлалаар тус улсаас  20 сая ам.долларын хөнгөлттэй зээл олгохоор болж байгаад Монгол улсын Ерөнхий сайд талархал илэрхийлэв.

     

    Өнгөрсөн тавдугаар сард Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны гуравдугаар хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай болсон бөгөөд хоёр талын хамтын ажиллагаанд  чухал механизм болсон гэдгийг дурьдаад , тэндээс гарсан шийдвэрт Монгол улсын Засгийн газар онцгойлон анхаарна гэдгээ уулзалтын үеэр гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглэлээ.  Мөн хоёр улс нь бие биенээ нөхсөн,харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгаа, тухайлбал уул уурхай, мэдээллийн технологи, дэд бүтэц, хөдөөгийн хөгжил, эрүүл мэнд зэрэг нь хамгийн ирээдүйтэй салбар юм гэдгийг Ерөнхий сайд онцлоод, эдгээр салбарт хөрөнгө оруулалтыг ихэсгэх, түүнчлэн  аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа чухал болохыг тэмдэглэлээ.

    Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа  монгол оюутны тоог 20-иор нэмж байгаа явдалд Ерөнхий сайд талархал илэрхийллээ. Мөн түүнчлэн сургалтын хүрээг нэмэгдүүлж буйд  ч талархаад, шинжлэх ухаан технологи иновацийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ч дуулгалаа. Олон улсын  олон талт хамтын ажиллагаа,  ялангуяа НҮБ-д Монгол улс аюулгүйн  зөвлөлийн байнгын бус гишүүнээр элсэх хүчин чармайлтад Энэтхэг улс дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын төгсгөлд тэмдэглэн хэллээ.   

    Түүнчлэн БНЭУ-ын Ероөнхийлөгчид эрүүл энх, аз жаргалыг хүсч, Энэтхэгийн ард түмэнд дэвшил цэцэглэлтийн ерөөлийг дэвшүүллээ. Мөн Энэтхэгийн ерөнхий сайд, доктор Манмохан Сингхд халуун мэндчилгээ уламжлахыг хүслээ.

    Харин БНЭУ-ын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил халуун дотно найрсаг хүлээн авсанд талархал илэрхийлээд, 2009 онд Гадаад хэргийн сайдын хувьд уулзаж байсан бол энэ удаа Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байна гэлээ. Айлчлалын үеэр чухал үр дүнтэй хэлэлцээрүүд хийсэн гэдгээ эрхэм зочин дурьдаад, Энэтхэг улс нь Монгол улсыг Зүүн Ази дахь  стратегийн түнш гэж  үзэж явдгаа илэрхийллээ.

    Ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалах үедээ Монгол улс энэ үйл ажиллагаагаа улам хөгжүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ. Мөн хоёр орны Батлан хамгаалах болон аюулгүй байдлын байгууллагууд  идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа БНЭУ-ын Ерөнхийлөгч илэрхийллээ. Боловсролын салбар бол хоёр орны хамтын ажиллагааны хамгийн чухал салбар бөгөөд Энэтхэг улс нь Монгол улсад зориулж Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоогоо нэмж байгаадаа баяртай байна хэмээн тэмдэглэв.  

    Түүнчлэн эрчим хүч, цөмийн энергийг энхийн зорилгод ашиглах хамтын ажиллагааг эрчижүүлэх саналтай байгаагаа эрхэм зочин дуулгалаа. Мөн иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, хоёр орны хооронд шууд нислэг тогтоохын чухлыг БНЭУ-ын ерөнхийлөгч тэмдэглээд, удаан хугацаагаар Энэтхэгт суралцах иргэдийн визийг тав хүртэлх жилээр   олгох  шийдвэр гарсныг уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ. БНЭУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бизнес форум зохион байгуулагдаж, энэ үеэр ажил хэрэгч хүмүүсийн хэлхээ холбоо өргөжих боломж нээгдэнэ  гэдэгт итгэлтэй байна хэмээн эрхэм зочин уулзалтын төгсгөлд тэмдэглэлээ

     

  • Ерөнхий сайд С.Батболд Буриадын Ерөнхийлөгчтэй уулзлаа

    Ерөнхий сайд С.Батболд Буриадын Ерөнхийлөгчтэй уулзлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод тус улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бараалхав. Ах дүү буриадын нутагт хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд Улаан-Үд хотын 345 жилийн ойн баярын мэндийг Ерөнхийлөгч В.В.Наговицынд хүргэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс хил орчмын бүс нутагтай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гээд энэ бүс нутагт хоёр орны худалдааны эргэлтийн 70 орчим хувь ногддог,сүүлийн үед худалдааны тэнцвэрт байдал бий болж нааштай үзүүлэлтүүд гарч байгааг хэлэв.

    Бараа эргэлт нэмэгдэхийн хэрээр ачаа тээвэр, шалган нэвтрүүлэх байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, хялбаршуулах,түргэн шуурхай болгох шаардлага байна. Энэ талаар хоёр талын эрх барих дээд байгууллага анхаарах, Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлээр тодорхой алхам хийж байгаагийн адил Оросын тал ч  анхаарч байгаа гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ.

    Мөн хоёр талаас ажлын хэсэг гарч шалган нэвтрүүлэх дээр гарч байгаа хүндрэл, саад бэрхшээлийг шийдэх зөвлөмж гаргахаар боллоо. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын хувьд энэ чиглэлийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах энэ талаархи төсөл, байр сууриа хууль тогтоох дээд байгууллагадаа уламжлахад бэлэн байгаагаа Ерөнхийлөгч В.В.Наговицын Ерөнхий сайдад хэллээ.   

    ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад хүрэлцэн ирсэнд нь Ерөнхийлөгч В.В.Наговицын Ерөнхий сайд Батболдод талархал илэрхийлээд таны тэргүүлсэн  Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны үр дүнд Монголын эдийн засаг  эрчимтэй хөгжиж байгааг харахад бахархалтай байна гээд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв. Тэрээр Ерөнхий сайд С.Батболдын хэлсэнтэй санал нэг байгаагаа хэлээд хоёр талын худалдаа эргэлт түүний дотор Монголоос Буриад руу чиглэсэн экспортын хэмжээ жилээс жилд өсч, худалдааны тэнцвэрт байдал бий болсныг тэмдэглэлээ.

    Монголын аж ахуйн нэгжүүд Буриад Улсын газар нутагт хөрөнгө оруулалт хийх,тухайлбал  хөргөлтийн агуулах барих болсон нь Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн худалдан авах хэмжээг нэмэгдүүлэхэд  ихээхэн үүрэг гүйцэтгэх болно гэлээ. Мөн иргэний нисэхийн байгууллага Улаан-Үд хотноо засвар үйлчилгээгээ хийлгэх, аж ахуйн нэгжүүд жижиг оврын онгоц худалдан авахаар гэрээ хэлцэл хийх сонирхол бий болж байгаад баяртай байгаагаа Ерөнхийлөгч В.В.Наговицын Засгийн газрын тэргүүнд илэрхийллээ.

    Аялал жуулчлалын салбар хөгжиж байгааг дагалдан бага оврын нисэх онгоцны үйлдвэрлэл хөгжиж байгааг мөн тэмдэглэлээ. Мөн уулзалтаар талууд худалдаа, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлалын салбар болон иргэд хоорондын харилцан зорчих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаагаа харилцан илэрхийллээ.

    Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Улаан-Үд хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын 20 жилийн ойн ёслолд оролцов. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын төрийн дээд одонгоор Ерөнхий сайд С.Батболдыг  шагнасныг Ерөнхийлөгч В.В.Наговицын энэ үеэр гардууллаа

     

  • Ерөнхий сайд С.Батболд Байгалийн эдийн засгийн форумд оролцож байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Эрхүү хотноо болж байгаа Байгалийн эдийн засгийн форумд оролцож байна. Тус форумын нээлтэд Ерөнхий сайд хэлсэн үгэндээ бус нутгийн хамтын ажиллагаа, түүнд Монгол Улсын идэвхтэй оролцооны талаар хөндлөө. Бүс нутгийг хамарсан дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал гэх мэт томоохон төслүүдэд Монгол Улс идэвхтэй оролцоход бэлэн байна гэлээ.

    Мөн дараа жилийн форум буюу наймдугаар хурлыг аялал жуулчлалын сэдвээр хийхийг санал болголоо. Энэ удаагийн байгалийн эдийн засгийн форумын нэг гол сэдэв нь “Эрчим хүчний салбарын хөгжил”, мөн Алс дорнодыг хөгжүүлэх төрийн бодлого болон стратегийн хөгжил гэсэн сэдвүүд байх ажээ. Өнөөдөр тус чуулганд оролцож байгаа улс орны тэргүүлэгчидтэй хоёр талын уулзалтууд хийж байна

  • Эрхүүгийн их, дээд сургуулиудад суралцах оюутны тоог нэмнэ

    Эрхүүгийн их, дээд сургуулиудад суралцах оюутны тоог нэмнэ Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Эрхүү хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Амбан захирагч Д.Ф.Мезенцев 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бараалхав. Байгалийн эдийн засгийн чуулга уулзалт болон Эрхүү хот байгуулагдсаны 350 жилийн ойн арга хэмжээнд урьсанд Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархал илэрхийлэв. Хоёр талын болон Ази-Номхон далайн бүс нутаг дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар олон чухал асуудал хэлэлцэх энэ чуулга уулзалтад Монгол Улс ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгааг тэрбээр тэмдэглэлээ.

    Уламжлалт, сайн хөрш манай хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд үүнд Амбан захирагчийн оруулж байгаа хувь нэмрийг Ерөнхий сайд өндрөөр үнэлж байдгаа хэллээ. Хоёр орны худалдааны нийт эргэлтийн 70 орчим хувь нь Сибирийн бүс нутагт ногддог. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны Засгийн газар хоорондын комисс болон бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

    Хийн хооолойг Монголоор дайруулах асуудал харилцан ашигтай гэдгийг Ерөнхий сайд дахин хөндөж, үүний техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах боломжтой гэв. ОХУ манай улсаас мах авахаа 2010 оны 9 дүгээр сарын 14-нөөс зогсоосон талаар уулзалтын үеэр яригдлаа. Энэ хоригийг цуцлуулахын тулд Эрхүү муж өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэлэв.

    Мал эмнэлгийн асуудал байгаа хэдий ч Латин Америкаас мах авсны оронд Монголоос авах нь илүү хямд, ашигтай гэдгийг Амбан захирагч Д.Ф.Мезенцев онцлон тэмдэглэлээ. Одоогоор Эрхүүгийн их, дээд сургуулиудад 800 орчим монгол оюутан суралцаж байна. Тэдний тоог нэмэгдүүлэх, тэтгэлэгтэй оюутны тоог өсгөх, хувиараа сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлөх шийдвэр гаргах гэж байгаагаа Амбан захирагч уламжиллаа.

    Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа Амбан захирагч илэрхийлж, Эрхүү хотын эмч нарын тусгай галт тэргийг ойрын үед Монгол Улсад аялуулж, үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, эмчилгээ хийлгэхээр уулзалтын үеэр тохиролцов.

                БАЙГАЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 7 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

    ОХУ-ын Эрхүү хотноо эхэлсэн Байгалийн эдийн засгийн 7 дугаар чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон үг хэллээ. Манай улсын төр, засаг энэ чуулга уулзалтад ихээхэн ач холбогдол өгч, өндөр хэмжээний төлөөлөгчдөө оролцуулдаг уламжлалтай. Тухайлбал, УИХ-ын дарга, орлогч дарга, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга тэргүүтэй төлөөлөгчид өмнө нь оролцож байсан. Төлөөлөгчдөө оролцуулах нь чуулга уулзалтын үеэр яригдаж байгаа бүс нутаг, улс орон дамнасан томоохон төсөл, арга хэмжээтэй Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогоо уялдуулах, оролцох боломж, арга замыг хайхад чухал нэмэртэй юм.  

    Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр яригдсан олон улсын болон бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх санал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаарх зөвлөмжийг ОХУ-аас Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудтай хийх харилцаа, хамтын ажиллагааны бодлогын баримт бичиг, Дорнод Сибирь, Алс Дорнодын хөгжлийн талаар гаргах ОХУ-ын Засгийн газрын шийдвэрт тусган хэрэгжүүлдэг байна.  

    Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч А.П.Торшин, ОХУ-ын “Ростехнологи” корпорацийн Ерөнхий захирал Ё.В.Чемезов нартай уулзав. Тэрбээр дараа нь Монгол Улсын Ерөнхий консулын газарт зочилж, Монгол Улсын Засгийн газраас Эрхүү мужид монгол гэр бэлэглэх ёслолд оролцлоо

  • С.Батболд: Монгол орны хөгжлийн түлхүүр ард түмний минь хүсэл эрмэлзэл, хүч хөдөлмөр юм

    С.Батболд: Монгол орны хөгжлийн түлхүүр ард түмний минь хүсэл эрмэлзэл, хүч хөдөлмөр юм Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга А.П.Торшиныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын хоккейн лигийн “Локомотив” клубийн тамирчдын сууж явсан онгоц Ярославль хотын ойролцоо осолдож, олон хүний амь эрсэдсэн явдалд Монгол Улсын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ. ОХУ-ын Эрхүү хотноо удахгүй болох Байгалийн эдийн засгийн Форумын өмнө уулзаж байгааг  Ерөнхий сайд дурдаад Монголын тал энэхүү эдийн засгийн форумд өндөр ач холбогдол өгч байгаа. Олон Улс, бүс нутгийн олон арга хэмжээ зохиогдох төдийгүй хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болно гэдэг итгэлтэй гэлээ.

    Мөн тэрээр энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд уригдан ирсэнд таатай байгааг Засгийн газрын тэргүүн энэ үеэр хэллээ.

    Өөрийг нь хүлээн авсанд Ноён А.П.Торшин Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Монгол Улс асар их хурдацтайгаар хөгжиж байгааг харж байна.  Яаж ийм амжилт гаргаж байгааг асуумаар байна гээд эрч хүч, цог золбоотой залуу Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байна гэлээ. Засгийн газрын тэргүүн үүний хариуд “Энэ бол Монгол Улсын ард түмний  хүсэл эрмэлзэл хүч хөдөлмөр юм” гэлээ.

     

  • Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ХБНГУ-ын Холбооны канцлер Монголд айлчилна

    Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ХБНГУ-ын Холбооны канцлер Монголд айлчилнаМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Петер Шалерыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа ноён Петер Шалерт Монгол Улсад Элчин сайдаар томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргээд олон улс оронд ажиллаж асан туршлагатай дипломатч томилогдсонд талархаж байна гэлээ. Мөн Монгол Германы хамтын ажиллагааг бүхий л салбарт идэвхтэй хөгжүүлэх боломж байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд ХБНГУ бол манай улсын Европ дахь том түнш. Монголын 40 мянга гаруй иргэн герман хэлээр ярьдаг.  Энэ хүмүүс хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал гүүр болж байдгийг Ерөнхий сайд дурдлаа.

    Монгол Улс Европын холбоотой Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг ойрын үед байгуулах нь чухал ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар Европын стандартыг эх орондоо нутагшуулах зорилттой ажиллаж байгаа талаараа Засгийн газрын тэргүүн уулзалтын үеэр онцоллоо. Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байна. Герман Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх нэн таатай үе ирж байна. Ийм түүхэн цаг үед танай сайхан оронд Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаа гэдгээ ноён Петер Шалер илэрхийлээд Герман Монголын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө өөрийн зүгээс боломжтой бүхий л арга хэмжээг авч сайн ажиллах болно гэлээ.

    Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркел Монгол Улсад удахгүй айлчлах гэж байгааг дуулгалаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ уулзалтын үеэр ноён Элчин сайдыг албан үүргээ гүйцэтгэхэд нь Монголын Засгийн газар дэмжиж хамтарч ажиллах болно гэдгээ илэрхийллээ

     

  • Ерөнхий сайдын мөрөөдлийн багийг домогт Ховард дэмжлээ

    Ерөнхий сайдын мөрөөдлийн багийг домогт Ховард дэмжлээ Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачлан хэрэгжүүлж байгаа “ Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн хөтөлбөрийн нээлтэд NBA-ийн өнөө цагийн супер од Двайт Ховард оролцлоо. Ерөнхий сайдын хувьд сагсан бөмбөг сонирхогч төдийгүй Монголын сагсан бөмбөгийн холбоог байгуулж,дэмжлэг үзүүлж бүр санхүүжилт өгч NBA-ийн зарчмаар сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулцаж  явсан түүхтэй. Хүүхэд багачуудыг спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг монгол хүнийг бий болгоход чиглэгдэж байгаа “ Монгол мөрөөдлийн баг” хөтөлбөрийн нээлтэд  монголын сагсан бөмбөг сонирхогч хүн бүрийн  шүтээн, цэнхэр дэлгэцээр хэдийнээ танил болсон Ховард оролцож байгаа нь бэлэг дэмбэрэлтэй сайхан зүйл болж байгааг Бөхийн өргөөнд цугларсан мянга мянган залуучуудад хандан Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэн хэлж байлаа.

    Мөн Ховардын араас NBA-ийн шилдэг тоглогчид цуврах үүд хаалга нээгдэж байна хэмээн бэлэгшээж байгаагаа ч Засгийн газрын тэргүүн хэллээ.  Двайт Ховард нь АНУ-ын “ Орландо мэжик” багийн төвийн тоглогч билээ. “ Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн хөтөлбөр нь энэ хичээлийн жилд Монгол улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гурван насны ангиллаар явагдах бөгөөд шилдгийн шилдэг шалгарсан баг АНУ-д очиж NBA-ийн гайхамшигт тоглолтыг үзнэ . Энэ хөтөлбөрийг Засгийн газар ивээн тэтгэж зохион байгуулах юм.

    Монгол хүүхдийг багаас нь спортоор хичээллүүлж, сагсан бөмбөгт дуртай болгох Монгол улсын Ерөнхий сайдын энэ санаачлагыг маш их дэмжиж байгаагаа сагсан бөмбөгийн од, өөрийн хөгжилтэй зан, хүчирхэг тоглолтоороо бусдын хайр хүндэтгэлийг хүлээдэг Ховард уг ёслолын ажиллагааны үеэр илэрхийлж байлаа. Тэрбээр тун их баярласан байсан бөгөөд  “ Монгол улсын Ерөнхий сайдын сая хэлсэн үгээс  ирээдүйд Монголоос агуу сагсчид төрөх нь гэдэг итгэл үнэмшил төрлөө, би монголд дараа жил NBA-ийн бусад шилдэг тоглогчоо дагуулж ирэх болно оо “ гэсэн үг Бөхийн өргөөнд цугларсан монголын залуусын цөсийг ёстой л хөөргөсөн гэхэд болно. Тэрбээр Ерөнхий сайдтай  тун дотно яриа өрнүүлж, бас хажуугаар нь шог хошин мэдрэмжээ тун сайн илэрхийлж байлаа.

    Монгол залуус маань ч  агуу фэнүүд  гэдгээ яруу тодоор харуулж,  Бөхийн өргөөг бараг “шатааж” байсан. Сагсан бөмбөгийн спортод элэгтэй, Монгол улсын Засгийн газрын тэргүүнд Двайт Ховард өөрийн гарын үсэг бүхий сагсан бөмбөгийг бэлэг болгон өглөө. Дашрамд дурьдахад Монгол улсын Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлэх  “Монгол мөрөөдлийн баг” хөтөлбөрийн хүрээнд  монголын бүх сургуулийг спорт заалтай болгох юм байна. Энэ заал нь стандартыг тогтоох ч онцлогтой гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байна

     

  • Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээнэ

    Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээнэ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын /ОУШХБ/ ерөнхий захирал Уиллиам Лэйси Свингийг хүлээн авч уулзлаа. Цагаачлал, шилжих хөдөлгөөнөөс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх, үндэсний чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд явуулдаг энэ байгууллага манай улстай хамтран ажиллаж дэмжиж ирсэнд талархаж байдгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдуулзалтын эхэнд тэмдэглэлээ.

    Ноён Уиллиам Лэйси Свинг манай улсад ирсэн зорилгоо танилцуулахдаа хамтран ажилладаг түншүүдтэйгээ уулзаж харилцаагаа гүнзгийрүүлэх, хамгийн гол нь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөгчийн газраа  Улаанбаатар хотноо албан ёсоор нээх, энэ сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын гишүүн орнуудын Цагаачлалын албадын тэргүүн нарын ээлжит 10 дугаар уулзалтад оролцохоор ирсэн гэж Ерөнхий сайдад танилцуулаад манай байгууллагыг дэмжиж хамтран ажиллаж байгаа, төлөөлөгчийн газраа нээх боломж олгосон  Монгол Улсын Засгийн газарт талархлаа илэрхийллээ.  

    Монгол Улс 2008 онд тус байгууллагын гишүүнээр элссэн. Энэ хугацаанд хүний наймааны хохирогч болсон 358 монгол иргэнийг эх орон, гэр орондоо очиход нь зуучилсан, шилжин  суурьшигч болон гадаад оронд бичиг баримтаа гээгдүүлсэн, бэлгийн мөлжлөгт өртсөн зэрэг 5000 гаруй монгол иргэнийг эх орондоо ирэхэд нь тус байгууллагын гишүүд тусалсан гэсэн мэдээллийг ноён Уиллиам Лэйси Свинг хэлээд Монголд төлөөлөгчийн газраа албан ёсоор нээснээр үйл ажиллагаа улам өргөжиж, тэр хэрээр дотоод болон гадаадад шилжих хөдөлгөөнд оролцож буй монгол хүний эрх ашиг хамгаалагдаж чадна гэлээ.   

    Монгол Улсын Ерөнхий сайд энэ үеэр тус байгууллагатай илүү өргөн хүрээнд олон салбар чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд манай оронд байгуулагдаж буй төлөөлөгчийн газраараа дамжуулан гадаадад ажиллаж буй Монгол иргэдэд анхаарал тавьж байх, шилжих хөдөлгөөний менежментийг бэхжүүлэх, олон нийтэд ойлголт мэдээллийг үнэн зөв хүргэхэд түлхүү анхаарч ажиллахыг Ерөнхий сайд С.Батболд зөвлөлөө. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага нь 1951 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын  байгууллага юм. 132 орныг эгнээндээ нэгтгэсэн энэхүү байгууллага нь эдгээр оронд нийт 400 гаруй салбар нэгжтэй юм байна

  • Засгийн газар тариаланчдыг дэмжсэн шиг дэмжлээ

    Засгийн газар тариаланчдыг дэмжсэн шиг дэмжлээ Энэ жил манай улс 420 мянган тонн үр тариа хураан авах боломж бүрджээ. Энэ бол сүүлийн 20 жилд авч байгаагүй арвин их ургац бөгөөд чанарын хувьд маш сайн, үр тариа төдийгүй төмс хүнсний ногоо  ч сайхан ургасан  байна. Рекорд тогтоох энэ ургацаа хураан авахад тэнгэр хангай сайхан байгаасай гэж хэн хүнгүй залбирч байна. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  даваа гаригт газар тариалангийн гол бүсүүд болох Сэлэнгэ сумын Сайхан, Баянгол, Мандал болон Төв аймгийн Сүмбэр сумдаар явж ургац хураалтын ажил байдалтай танилцах үеэр очсон газар бүрийн тариаланчид ийм мэдээллийг өгч байв.

    Энэ их арвин ургац, үр өгөөж нь манай тариаланчид, мехникжуулагчдын хөдөлмөр зүтгэл юм, тэдний ажлыг урамшуулах зорилгоор Засгийн газраас ч  тариаланчдынхаа ургацыг худалдан авах, урамшуулах, чанартай хүнсээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах  нөхцөлийг нь сайжруулах гээд бүх талын дэмжлэг үзүүлж байна гэдгийг Ерөнхий сайд  С.Батболд энэ үеэр онцлон тэмдэглэж,  тэдний хүсч  горьдлого тээн хүлээж  байсан хэд хэдэн таатай мэдээллийг тэдэнд  өглөө.

    Юуны өмнө хурааж авах үр тарианы 15 мянга орчим тонныг улсын үрийн нөөцөд авч, гурилын үйлдвэрүүддээ 90 мянга орчим тонныг худалдаж, 50 мянган тонныг тэжээл болон бусад үйлдвэрүүдэд борлуулах бөгөөд тариалан эрхлэх санд 130-140 орчим тонныг төвлөрүүлэх зорилготой байгаа аж. Харин үлдэж байгаа 100 гаруй мянган тонн үр тариаг Засгийн газар худалдаж авах, борлуулах тал дээр  дэмжлэг үзүүлнэ, ер нь энэ жилийн ургацыг бүх л хэлбэрийн оролцоотойгоор шийдвэрлэж, урамшуулна хэмээн мэдэгдсэн нь тариаланчдыг баярлуулсан шиг баярлууллаа.

    Харин үнийн хувьд гадаад дотоод нөхцөл байдал харьцангуй сайн байгаа хэдий ч  дотоодын аж ахуйн нэгжээ хамгаалах зорилгоор Засгийн газар боломжтой бүх л арга хэмжээгээ үргэлжлүүлж авна гэдгийг Засгийн газрын тэргүүн мэдэгдэж байна. Тухайлбал,  нэг тонн буудайг    350 мянгаар худалдан авч   байсан энэ  үнэ хэвээр хадгалагдах төдийгүй,  сайн чанарын улаан буудайд  тонн тутамд  50 мянган төгрөгөөр урамшуулдаг уг  урамшуулал ч энэ жил дахин үргэлжилнэ хэмээсэн нь тариаланчдын маань хүсэн хүлээсэн мэдээлэл мөн байлаа. Тэд нижигнэсэн алга ташилтаар энэ мэдээллийг хүлээн авсан нь ёстой л загатнасан газар маажих шиг болсон.

    Энэ нь Атрын гуравдугаар аяныг  амжилттай үргэлжлүүлж, цаашдаа  экспортын түвшинд ч хүргэх алсын зорилго төдийгүй урт хугацааны бодлогын дэмжлэг болох юм гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байсан. Түүнчлэн НӨАТ-аас чөлөөлж, татварыг импортын хүнс ногоон дээр тавьж байгаа нь  гадны  чанартай, чанаргүй  хүнсний ногооноос  иргэдээ хамгаалж байгаа хэлбэр  гэдгийг  Ерөнхий сайд С.Батолд тэмдэглэж байна. Түүнчлэн татварын болон борлуулалтыг дэмжихийн зэрэгцээ урт хугацаанд тогтвортой борлуулах энэ нөхцөлийг  хангаж ажиллана гэдгийг  ч дурьдаж байв .

    Зоорь агуулахаас авахуулаад борлуулалтын сүлжээг төв газруудад нээж ажиллуулах үүргийг зохих газруудад  Засгийн газрын тэргүүн өгчээ.  Харин энэ нөхцөл боломжоо үр дүнтэй ашиглах, ургацаа хугацаанд нь бүрэн  хурааж авах асуудал та бүгдийн хариуцлагын асуудал юм шүү гэдгийг Ерөнхий сайд тариаланчдад сануулаад,  хүйтэн орохоос өмнө  14-21 хоногийн хугацаанд ургацаа хурааж авч дуусгахыг тэдэнд үүрэг болголоо. Ерөнхий сайд С.Батболд болон салбарын сайд нь хөдөө аж ахуй, газар тариалангийн  энэ салбараа дэндүү сайн мэддэг нь энэ уулзалтын явцаас илт харагдаж байсан. Тиймдээ ч тэдний хүсэн хүлээж байсан санхүүгийн дэмжлэгийг хэрэгтэй үед нь үзүүлж, хэрхэн яаж ажиллахыг харилцан  ийнхүү ярилцлаа. Засгийн газар, тариаланчдын ойлголцлын түвшин нэг байна.

    Монголчууд бид дээд зэргийн чанартай гурил хүнсэндээ хэрэглэх нь

    Газар тариалангийн бүсүүдээр Ерөнхий сайд С.Батболдыг явж байхад тариаланчид маань энэ жилийн ургацад хоёр давуу тал, онцлог байгааг тэмдэглэж байв. Юуны өмнө энэ жилийн тарианы талбай маш цэвэрхэн, хогийн ургамал бараг ургаагүй . Хоёрдугаарт тариан түрүү маш их арвин, дээд тал нь 60 ширхэг байгаа нь маш их онцлогтой төдийгүй цавуулаг сайтай байгааг хэлж байсан. Энэ нь гурил чанартай болох хамгийн гол үндэс юм гэдгийг тэд дурьдаад, Атрын гуравдугаар аян үнэхээр үр дүнгээ өгч, Засгийн газраас ч  биднийг сайн дэмжсэний үр дүн. Одоо бидэнд цаг агаарын мэдээг хурдан шуурхай гаргаад өгчихвөл бид ажлаа сайн хийх л үлдлээ хэмээн ярьцгааж байсан нь Засгийн газрын тэргүүнд ч бас урам нэмсэн үг байлаа.

    Дэлхийн стандарт ургацын талбайд хүч түрэн орж ирж байна

    Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд техник тоног төхөөрөмжүүдээ сайн шинэчилсэн , төрөл тус бүртээ 60-80 хувь шинэчлэгдэж чадсан нь  ургац сайн авахад нөлөөлсөн нь дамжиггүй хэмээн тариаланчид ярьж байна. Энэ жилийн хувьд АНУ-ын Жон Дейр  компанийн комбайн манай ургацыг хураахад хүч түрэх  нь.  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тариалангийн талбайд ажиллах зуураа тус компанийн 10 комбайныг Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Дорнод зэрэг аймгийн  газар тариалан эрхэлдэг  компаниудад  хүлээлгэж өглөө.

    Манай монголчуудын хэрэглэдэг байсан ОХУ-ын Нива комбайн  өдөрт дээд тал нь 24 га газрыг хураадаг байсан бол, АНУ-ын Жон Дейр  40 га газрыг буюу хоёр дахин хурдтай өгөөжтэй ажиллах хүчин чадалтай   гэнэ.  Мөн хураалтын явцад хаягдал бараг  гардаггүй, будаагаа няцалдагггүй зэрэг олон сайн талтай юм байна. Сүүлийн үеийн технологид суурилсан техник авахыг тариаланчид хүсдэг болсон бөгөөд энэ нь ч ургацад сайнаар нөлөөлж байгааг тэд ярилаа. Гэхдээ  ОХУ-ын Нива бидний ажлыг нэлээдгүй нугалж байсан шүү гэх үгсийг ч унагаж байсан.

    Түүнчлэн төмс, хүнсний ногоо тариалж байгаа жижиг аж ахуйн нэгж, өрхүүдэд гар ажиллагааг мехникжуулах тоног төхөөрөмжийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын тариаланчдад олгосон. Энэ жил 500 –гаад аж ахуйн нэгжид ийм тоног төхөөрөмжийг өгөх зорилттой байгааг Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байв . Дотоодын компаниудаа  дэмжихийн зэрэгцээ өрхийн үйлдвэрлэл, тэдний аж ахуйг дэмжих бодлого тэднийг тойроогүй гэдгийг Ерөнхий сайд дурьдаж байлаа.   Мөн энэ үеэр яригдаж байсан нэг зүйл нь жижиг аж ахуйн нэгжүүдийн хооронд дундын үйлчилгээний төвүүдийг байгуулснаар тэд бусдыгаа ажлаа хийж дуусахыг хүлээж, цаг алддаг байдал энэ жил алга боллоо хэмээн хэлж байсан нь нэг онцлог гэж хэлж болно.

    Тансаг рестораны хэмжээний зоогийг Сэлэнгийн нэгэн айлд амталлаа

    Ерөнхий сайд С.Батболд Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллахдаа тус сумын иргэн Чүлтэм гуайнхаар зочилсон. Тэрбээр хашаандаа гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө бас бус ховор ногоо жимс тарьсан нь олны нүдийг хужирлаж байв. Долоо хоногт хоёр удаа ургац авч, нэг удаа авахдаа бараг 20 кг орчим гүзээлзгэнэ хураан авч байгаагаа энэ буурал Засгийн газрын тэргүүнд хуучилсан. Ихэнхдээ захиалгаар гүзээлзгэнээ борлуулчихдаг хэмээн ярих энэ буурал тун ч тохилог амьдардаг төдийгүй  хотын тансаг зочид буудлын хоолны цэсэнд байдаг хоол амттан энэ айлын ширээн дээр харагдсан нь   ажилсаг хүн  хаана ч  сайхан амьдардагийн томхон жишээ болж байлаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

     

  • Кембрижээр овоглосон хичээлийн шинэ жил эхэллээ

    Кембрижээр овоглосон хичээлийн шинэ жил эхэллээ Дэлхийн стандарт боловсролыг монголд нутагшуулах Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан ажлын эхлэл энэ хичээлийн жилийн онцлог болж байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий боловсролын сургуулиуд энэ жилээс эхлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн стандартаар хичээллэж эхэллээ. Монгол орны боловсролын салбарын шинэчлэлийн том хуудсыг хамтдаа нээсэн энэ жилийн есдүгээр сарын 1 буюу эрдмийн баярыг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд нийслэлийн гэр хорооллын 58 дугаар сургуулийнхантай цугтаа угтлаа. Сурлага, урлаг спортын өндөр амжилтаар ч тус сургуулийнхан энэ хичээлийн жилээ эхлүүлж байгаа аж.

    Засгийн газрын тэргүүн тус сургуулийн ёслолын арга хэмжээнд  хэлсэн үгэндээ жил бүрийн хичээлийн шинэ жил өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг , энэ жилийн хувьд эдийн засгийн боломжийг хүн руугаа чиглүүлж ажиллуулах  дөрвөн чухал мэдээлэл байгааг онцоллоо. Нэгдүгээрт Кембрижийн стандарт хэрэгжиж эхэлсэн нь боловсролын салбарт хийгдэж буй томоохон шинэчлэл юм гэдгийг тэмдэглээд, Кембрижийн сургуулийн суралцагчид англи, монгол хос хэлээр сургалтаа явуулж, төгсөгчид нь дэлхийн хэмжээний нэр хүндтэй сургуульд элсэн суралцах эрхтэй болж, монголын боловсролын тогтолцоо олон улсад хүлээн зөвшөөрөгдөж эхэлнэ гэдгийг дурьдлаа.

    Ирэх жил нийслэлийн дүүрэг бүрт, бүх аймгийн төвүүдэд Кембрижийн стандартаар хичээллэх сургуулийг байгуулна , харин энэ стандартаар хичээллэх сургуулийн удирдлага, багш нарын гүйцэтгэх үүрэг хариуцлага асар их учраас энэ жилээс эхлэн ЕБС-иудын багшлах боловсон хүчний асуудалд Засгийн газраас  онцгой анхаарах болно гэдгийг тэмдэглэлээ.  2011-2012 оны хичээлийн жилд Монгол улсын Ерөнхий сайд “  Монгол хүүхэд “ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж ажиллахаа мэдэгдсэн нь энэ өдрийн бас нэг шинэ мэдээ байлаа. Уг хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын бүх сурагчдыг эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт үнэ төлбөргүй хамруулах бөгөөд ингэснээр монголын ирээдүйн залуус эрүүл чийрэг өсч торних,   сурах, өрсөлдөх нөхцөл  байдал хангагдана хэмээн үзэж байгаагаа Засгийн газрын тэргүүн дуулгаж байна.

    3 дахь сюрприз нь Ерөнхий боловсролын бүх сургуулиудад стандарт хангасан биеийн тамирын заалтай болгоход чиглэсэн бодлогыг энэ хичээлийн жилээс авч хэрэгжүүлэх бөгөөд ирэх гурван жилд ажлыг гүйцэтгэсэн байх зорилтыг тавьж байгаагаа дуулгалаа.  Энэ арга хэмжээний хүрээнд “”Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байна. Энэхүү хөтөлбөр нь хүүхэд багачуудыг спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг монгол хүнийг бий болгоход чиглэгдэж байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Мөн энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн 1-3 ангиудад иргэний боловсролын хичээл заах болсон нь шинэлэг бөгөөд хүүхэд багачуудад эх орноо хайрлаж, бахархан дээдлэх, ахас ихэсээ хүндлэх, үндэсний дархлааг бэхжүүлэх зорилготой хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүн ач холбогдлыг нь үнэлж байна.

    Монголын төр, айл өрх, иргэн бүр чамбайлан бэлтгэж  хүндэтгэл ёслолоор дүүрэн тэмдэглэдэг  хичээлийн шинэ жилийн   баярт Засгийн газрын тэргүүн  ийн сюрприз барилаа. Ярьснаа бодит ажил хэрэг болгох эхний алхмыг ч  эхлүүлсэн гэдгээ Ерөнхий сайд нийслэлийн 58 дугаар сургуулийн спорт заалны нээлтэд оролцохдоо харууллаа. Тохилог ариун цэврийн өрөө, халуун устай энэхүү шинэхэн спорт цогцолборыг Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар УИХ-ын гишүүнийх нь хөрөнгө оруулалтаар босгожээ.

    Хөлбөмбөгийн зургаан баг, Үндэсний болоод чөлөөт бөхийн  спортоор амжилт гаргасан олон авьяаслаг сурагчидтай 58 дугаар сургуулийн багачууд Ерөнхий сайдыг сагс тоглож өгөхийг ч  гуйгаад амжсан. Засгийн газрын тэргүүний хүүхэд насны есдүгээр сарын 1-ний дурсамжийг сонирхсон сэтгүүлчийн асуултад тэрбээр хариулахдаа найман настай ахыгаа   дагаж уйлсаар яваад  долоон  настайдаа  нэг ангид хамт орж байсан гэгээн дурсамжаа уудаллаа