Ангилал: мэдээ

  • Солонгосын Ерөнхийлөгч, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Монголд айлчиллаа

    Энэ жил орчин үеийн гадаад харилцаа үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд өндөр хэмжээний айлчлалууд ёстой л шил дарж байна. Энэтхэг, Солонгос, Финляндын Ерөнхийлөгч, АНУ-ын дэд Ерөнхийлөгч манай улсад хөл тавьсан энэ өдрүүд нойрмог байгаа улстөрийн ертөнцийг сэргээж чадсан.

      Солонгосын Ерөнхийлөгч Ли Мен Багийн айлчлалын нэг зорилгыг хэвлэлийнхэн Тавантолгойтой холбон тайлбарлаж байлаа. Тавантолгойн шалгаруулалтаас Солонгосын концсорциум хасагдсан, эсэх талаар илүү мэдээлэл авахаар ирсэн гэсэн жиг жуг айлчлалын үеэр дэгдсэн. Гэхдээ мэдээж айлчлалын албан мэдээлэлд энэ талаар ямар нэг талаар дурдсан зүйл үгүй. Энэ айлчлалыг хоёр орны харилцааг шинэ шатанд гаргалаа гэсэн дүгнэлт дагасан. Солонгосоос манай талд оношлогооны төвтэй болоход зориулж 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон нь айлчлалын онцолж хэлэх агшин байлаа. Айлчлалын үеэр яригдах байх гэж хүлээж байсан асуудлын нэг бол хоёр орны иргэд визгүй зорчих асуудал. Ерөнхий сайд С.Батболд БНСУ-д айлчлахдаа энэ асуудлыг хөндөж байсан юм. Солонгосын хувьд энэ асуудал дээр нислэгийн давтамжийг дээшлүүлнэ гэсэн дипломат хариултыг өгснөөс өөр тодорхой байр суурь илэрхийлсэнгүй. Гэхдээ ганцаарчилсан уулзалтын гол яриа хөөрөө Тавантолгой байсан гэх мэдээллийг хэвлэлүүд цацсан ч энэ талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл алга байна. Ямартай ч Солонгосын Ерөнхийлөгчийн айлчлал бодит үр дүнтэй болж чадсан. Дараагийн нэг том зочин бол АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден. АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн түвшний айлчлал 67 жилийн өмнө болж байсан гэдэг утгаараа энэ эрхэм анхаарал татахгүй байх аргагүй зочин. Айлчлалын үеэр бодитой гэж хэлж болохоор гэрээ хэлэлцээр энэ төрд өрнөсөнгүй. Гэхдээ Америкийн дэд Ерөнхийлөгчийн цөмийн салбарт хамтрах, цөмийн хаягдлын асуудлаар тохиролцоонд хүрэх гэж ирсэн гэх таамаглалыг гадна, дотны хэвлэлийнхэн хийж байсан. Гэхдээ айлчлалын үеэр энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлэгдээгүй. Жозеф Байден Ерөнхий сайд С.Батболдын урилгаар манай улсад зургаан цаг айлчилсан. Ерөнхий сайд түүнтэй уулзах үеэрээ “Таны айлчлал манай улс ардчиллыг эргэлт буцалтгүйгээр сонгож, манай ард түмэн улс төрийн эрхэнд байгаа аль ч хүчин ардчиллыг дээдэлж буйг АНУ хүлээн зөвшөөрч байгаагийн тод илрэл юм. АНУ нь Монгол Улсын гуравдагч хөршийн иж бүрэн харилцааг хөгжүүлж буй орон. Хоёр орны хувьд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн харилцааны хүчирхэг түншлэл бий болгох боломжтой. АНУ өндөр технологитой, харин манай улс байгалийн баялагтай төдийгүй улс төрийн болоод хөрөнгө оруулалтын таатай орчинтой” гэж онцолсон. Уг уулзалтын үеэр Жозеф Байден “АНУ Монголын гуравдагч хөрш хэмээх хүндтэй нэр зүүж байгаадаа таатай байна. Тиймээс сайн хөрш байхыг эрмэлзэх болно. Монгол Улсыг сайхан ирээдүйтэй орон гэж хардаг” хэмээн онцолсон.
    Эх сурвалж: http://guum.mn 

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2011-2012 оны хичээлийн шинэ жилийн нээлт, “Оюутны тангарагийн баяр”-ын арга хэмжээнд хэлсэн үг

    Оюутан, залуучууд аа,

    Эрдэмтэн, профессорууд аа,

    Хүндэт зочид, төлөөлөгчид өө

    Эх орны маань ирээдүй, их бүтээн байгуулалтын эзэд болох оюутан залуучууд Та бүхэндээ эрдэм номын баярын мэндийг дэвшүүлж, сурч боловсрох, судалж мэдэх их үйлстээ улам их амжилт гаргахын ерөөлийг өргөн мэндчилж байна. Энэхүү их үйлсийн гэгээн хөтөч болсон эрдэмтэн мэргэд, профессор багш нартаа ч гэсэн шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэе.

    Эрдэм номын баяр тохиож буй энэ цагт оюутан залуус нийтээр баярлаж, бахархах сайхан мэдээг Та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна. Дэлхийн оюутны зуны 26 дугаар Универсиад их наадамд Монгол Улсаа төлөөлөн амжилтай оролцож мөнгөн медаль хүртсэн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан Б.Мөнгөнтуул, Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн оюутан О.Чинбат, Боловсролын их сургуулийн оюутан Ч.Нарантуяа, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан Б.Бишрэл, Н.Баяраа, Д.Ганзориг нартаа Засгийн газрын болон оюутнуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.

    Эдгээр оюутнуудынхаа амжилт алдрыг үнэлсэн Засгийн газрын шагналыг хичээлийн шинэ жилийн эхний энэ өдөр гардуулж өгнө. Мөн эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, салбар бүрээ манлайлж бусдадаа үлгэр дууриал болж байгаа бүх оюутнууддаа талархал илэрхийлье.

    Энэхүү шинэ хичээлийн жил өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй, хичээл зүтгэлтэй оюутан бүрийн амжилт ололтоор бичигдэн үлдэнэ гэдэгт итгэж байна. Манай Засгийн газар Монгол залуу хүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боломж бололцоо олгох, эрдэм ном сурах орчин нөхцлөөр хангах, хувь хүнийг хөгжүүлэх асуудлуудад онцгой анхаарч тодорхой бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

    Авьяас чадвар, амжилт ололтоороо манлайлж улс, олон улсын хэмжээний уралдаан тэмцээн, олимпиадад амжилттай оролцсон оюутнуудыг дэлхийн шилдэг 50 их сургуульд инженер технологийн мэргэжлээр бакалаврын түвшинд сургахаар улсын төсөвт 3.0 тэрбум төгрөг тусгасан.

    Энэ бодлогын дагуу Засгийн газраас “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам”-ыг баталж шалгуур, болзлыг хангасан оюутнуудыг өндөр хөгжилтэй орнуудад суралцуулж эхлүүллээ. 2012 оноос эхлэн оюутнуудад сар бүр 70.000 төгрөг олгохоор УИХ баталсан бөгөөд Засгийн газар холбогдох журмыг гарган хэрэгжүүлнэ.  

    Манай Засгийн газар 2011-2012 хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцагчдын сургалтын төлбөрийн зохих хэсгийг “Хүний хөгжил сан”-гаас олгуулах асуудлыг шийдвэрлэсэн. Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас орой, эчнээ ангийн оюутнуудад “Хүний хөгжил сан”-гаас сургалтын тэтгэлэг олгох шийдвэр гаргасныг дуулгая.

    Жил бүр 42000 орчим оюутныг төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар сургаж байна. Өөрөөр хэлбэл “Хүний хөгжил сан”-гаас их, дээд сургуульд сурч буй оюутан бүр, төрийн сангаас дөрвөн оюутны нэг нь сургалтын төлбөрийн дэмжлэг авч байна гэсэн үг юм.   

    Гадаад орнуудын Засгийн газрын тэтгэлгээр 2011-2012 оны хичээлийн жилд 4000 шахам оюутан суралцана. Эдгээрийн 810 нь шинээр элссэн суралцагчид байна. Мөн манай улсын сургалтын төрийн сангийн зээлээр энэ жилийн байдлаар 200 гаруй залуус гадаадад сурч байна. Энэ мэтээр Засгийн газар оюутнуудынхаа нийгмийн асуудлууд, сурч боловсрох орчин нөхцөлд анхаарч байна.

    Харин оюутнууд маань ийм боломж бололцоогоор хангагдсаны хувьд илүү сайн хичээж сурах ёстой. Төр засаг та бүхнийг ингэж дэмжиж байхад оюутнууд маань нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх зорилгоор “Нэгдэх үү” сэдэвт уриалгыг гаргасанд талархаж байна.

    Оюутны байгууллага болоод оюутнууддаа илүү нийгмийн хариуцлагатай болгож,  хийж бүтээх эрхийг нь өгөх хэрэгтэй. Эдгээр бодлогын хүрээнд оюутны нийтийн тээврийн хөнгөлөлтийн үйлчилгээ, олон улсын оюутны картын үйлчилгээ гэх мэт үйлчилгээг оюутны байгууллагаар дамжуулан гүйцэтгүүлж Та бүхэндээ итгэл өгөн ажиллаж байна. Мөн оюутны байгууллагын бие даасан байдлыг хангахын тулд Оюутны холбооны байрны асуудлыг шийдвэрлэх тал дээр Засгийн газар анхаарч ажиллах болно.

    Сургалтын тоон үзүүлэлтэд биш, оюутны хөгжлийг тодорхойлох агуулга, стандартад илүү анхаарч ажиллахыг боловсролын байгууллага, түүний удирдлагуудад анхааруулан сануулж байна. Өнөөдөр та бид шинэ хичээлийн жилийг угтахын зэрэгцээ “Оюутны тангараг”-ын ёслолыг анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү оюутны тангараг нь оюутан залуус Та бүхэн улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах, өсөн дэвжихийн төлөө хичээн суралцах томоохон амлалт юм.

    “Оюутан цаг минь насны баясгалан” гэж олон үеийнхэн онцлон дурсдаг. Тиймээс Та бүхнийгээ бахархан дурсах нэгэн шинэ хичээлийн жилээ хүсэл тэмүүлэлтэй, амжилт ололттой, эрдэм номын арвин ургацтайгаар өнгөрүүлэхийг хүсэн ерөөе.

    Анхаарал тавьсанд баярлалаа
    Эх сурвалж: news.gogo.mn

  • Боловсруулах үйлдвэрлэлийн технологийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ

    Боловсруулах үйлдвэрлэлийн технологийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Тарьяа Халоненд бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд эрхэмсэг хатагтай Тарьяа Халонен-ийн Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүсээд манай хоёр ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр Хельсинки хотноо өнгөрөгч  дөрөвдүгээр сард хуралдсан Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын 11 дүгээр хуралдаанаар харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр  гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар хүчин чармайлт гаргаж байгааг тэмдэглэв.

    Финланд Улсын Засгийн газраас Монгол Улсад хөнгөлөлттэй зээл тусламж олгож ирсэн нь шилжилтийн үеийн хүндрэлийг даван туулахад хувь нэмэр болсныг тэмдэглээд, дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон төслүүд болон боловсруулах үйлдвэрлэлийн технологийн салбарт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ч Ерөнхий сайд хэллээ. Түүнчлэн харилцаа холбоо, ойн аж ахуй, түүний дотор мод боловсруулах, цаас үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг судалж, оюутан сургах, мэргэжилтэн бэлтгэх, Монгол Улсад мэргэжилтэн томилон ирүүлэх техник туслалцааны хөтөлбөр бий болгох хүсэлт тавив.

    Европын Холбооны нэгдсэн стандарт, норм, хэм хэмжээг Монгол Улсын төрийн захиргаа болон нийгэм, эдийн засгийн салбаруудад нэвтрүүлэх бодлого барьж ажиллаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд хэлээд Европын Холбооны дипломат төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо ажиллуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Эрхэмсэг хатагтай Тарьяа Халонен хэлсэн үгэндээ “Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд өсч, хөгжиж байгааг харж байна. Танай Засгийн газар эдийн засгаа хөгжүүлэх, сайн засаглалыг нэвтрүүлэх чиглэлээр зөв бодлого явуулж сайн үр дүн гаргаж байгаад талархаж байна. Эдийн засгийн өсөлт иргэдийн ахуй амьдралд үр өгөөжөө өгч байх нь чухал” гэв.

    Түүнчлэн эрхэмсэг Ерөнхийлөгч Финланд улсын хувьд ус цэвэршүүлэх салбар брэнд болтлоо хөгжсөн учир энэ туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй компани Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгааг уулзалтын үеэр холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ. Мөн тэрээр иргэний нийгэм, төрийн бус байгууллагыг төгөлдөршүүлэх, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг салбарт ч хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэлээ.

     

  • Амжилт арвин БНСУ-ын банктай хамтран ажиллана

    Монгол улсын арилжааны банкуудын хүү өндөр, хугацаа богино байдаг нь бизнест дарамт  болж  томоохон хөтөлбөрийг  санхүүжүүлэх  бодлого үе үеийн Засгийн газрын толгойны өвчин байсан гэхэд хилсдэхгүй байх. Үүнийг шийдэх гол арга нь Хөгжлийн банк байгуулах зорилт байсан бөгөөд энэ ажлыг Ерөнхий сайд С.Батболд эхлүүлсэн билээ. Одоогоос гурван сарын өмнө Монгол улсын Хөгжлийн банк байгуулагдаж үүд хаалгаа нээсэн. Тэгвэл өнөөдөр тус банктай гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхээр БНСУ-ын Хөгжлийн банктай  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

    Солонгос улсын Хөгжлийн банкны туршлага, менежмэнт, НоуХау нь Монгол улсын хөгжилд дэвшил бас амжилт авчирна гэдэгт итгэж байна хэмээн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэн хэллээ. Монгол улсын Хөгжлийн банк БНСУ-ын Хөгжлийн банк хооронд Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх “ Удирдлагын гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр болж, тус арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайд С.Батболд болон Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нар оролцлоо.

    Монгол улсын хөгжлийн томоохон зорилт хөтөлбөрийг бодит ажил болгоход банк санхүүгийн салбар тэр дундаа Хөгжлийн банк томоохон үүрэг гүйцэтгэх учиртай. Энэ ч агуулгаар  Монгол улс Хөгжлийн банкыг байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ үеэр  дурьдаад, Засгийн газраас дэвшүүлэн тавьсан  Орон сууц, Төмөр зам, Авто зам, дэд бүтэц зэрэг  хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийг санхүүгийн бусад эх үүсвэрээс гадна Хөгжлийн банкны санхүүжилтээр түлхүү дэмжин, бодит ажил болгохоор зорьж байна. Энэхүү Хөгжлийн банкийг орчин үеийн менежментийн түвшинд авч явахад бусад хөгжилтэй орны туршлага асар чухал юм. Тэр дундаа Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг сонгох олон улсын нээлттэй тендерийн үр дүнд  шалгарсан БНСУ-ын Хөгжлийн банктай хамтарч ажиллах болсондоо  Монгол улсын Засгийн газар тааламжтай  байна хэмээн онцлон тэмдэглэлээ.

    Удирдлагын гэрээнд Монголын талаас ҮХШХ-ны дарга, Монгол улсын хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуун, Солонгосын талаас тус улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Хан Дай Ву болон Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албыг хаших Ким Жанг Жин нар тус тус гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагааны үеэр БНСУ-ын Хөгжлийн банкны захирал Хан Дай Ву  Монголд ажиллахаар ирсэн солонгос ажилтануудаа  монгол хүн мэтээр төсөөлж, хичээнгүйлэн ажиллахыг хүсч байгаа хэмээн онцолж байсан бол, Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газрын үед эхлүүлж байгаа томоохон бүтээн байгуулалтыг  санхүүжүүлэх энэ үйлсэд асар их туршлагатай БНСУ –тай хамтрах болсондоо талархаж  буйгаа тэмдэглэсэн юм.

    БНСУ-ын хөгжлийн банк нь дайнд сүйдэж дэлхийн хамгийн ядуу буурай оронд тооцогдож байсан Солонгос улсыг хагас зуун жил хүрэхгүй хугацаанд дэлхийд тэргүүлэх эдийн засагтай орнуудын хэмжээнд хүргэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн ажээ. Ийм арвин туршлагатай, үйл ажиллагаагаараа амжилтаа бататгасан банктай Монгол улсын хөгжлийн банк хамтран гараагаа эхэлж байна

  • Дэлхийн хэмжээнд сэтгэж ажиллах хариуцлагатай үүрэг хүлээсэн гэдгийг Ерөнхий сайд С.Батболд анхаарууллаа

    Дэлхийн хэмжээнд сэтгэж ажиллах хариуцлагатай үүрэг хүлээсэн гэдгийг Ерөнхий сайд С.Батболд анхаарууллаа Монгол Улс ардчиллыг эргэлт буцалтгүйгээр сонгосноос хойш 20-иод жил болж байна. Өнөөдөр улс төрийн ямар нэгэн хүчин төр засгийн эрхэнд байхаас үл шалтгаалан ардчилал Монголд үнэт зүйлс болсныг дотоодод  төдийгүй гадаадад ч хүлээн зөвшөөрөх болсон билээ. Үүний нэг илрэл нь 138 орныг эгнээндээ нэгтгэсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай улс өнгөрөгч 7 дугаар сараас даргалж байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2005 онд Гадаад харилцааны сайд байх үедээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтонтой уулзаж, энэ талаар санал солилцож энэхүү ажлын суурийг тавьсан бөгөөд эдүгээ арчиллаар овоглосон энэ нийгэмлэлийг даргалах хүртлээ манай орны нэр хүнд олон улсын хэмжээнд өслөө.

    Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011-2013 онд даргалах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг байгуулаад буй бөгөөд энэхүү зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд даргалж байгаа юм. Үндэсний зөвлөлийн анхны хурлыг Ерөнхий сайдын санаачилгаар зарлан өнөөдөр Төрийн ордонд хуралдууллаа. 

    Тус нийгэмлэгийг ардчиллыг дэмжих, ардчиллын хэм хэмжээ, институцийг хөгжүүлэн бэхжүүлэхэд улс орнуудын нэгдмэл байр суурийг баталгаажуулах зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага хэмээн тодорхойлдог. Манай улс АОХН-ийг хоёр жилийн хугацаанд даргалж тус нийгэмлэгийн гишүүн улс орнуудын Гадаад хэргийн сайд нарын бага хурлыг 2013 онд Улаанбаатарт зохион байгуулна.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс АОХН-ийг даргалж байгаа энэ хугацаанд ямар асуудалд илүү анхаарч, ийм ахиц гарлаа гэсэн үр дүнтэй ажиллах хэрэгтэй гэдгийг гишүүддээ анхааруулаад ардчиллын боловсролын асуудлыг үндсэн сэдвээ болгож авъя гэлээ. Ингэхдээ энэ ажлыг лоозон, тунхаглалын хэмжээнд хийж популист мэдэгдэл гаргах биш илүү хариуцлагатай хандах учиртай гэдгийг онцоллоо. Мөн Гадаад  харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газартай ажлаа уялдуулж Үндэсний хорооны гишүүдэд тухай бүр нь цахим хэлбэрээр ажлаа танилцуулж, мэдээллээр болон шуурхай удирдлагаар хангаж ажлаа зангидаж байхыг үүрэг болголоо.

    Азиас анх удаа Монгол Улс АОХН-ийг тэргүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд тодотгоод энэ бол өндөр нэр хүндтэй алба тэр хэрээрээ үүрэг хариуцлага дагуулж байгаа. Гадаад руу хандсан дэлхийн хэмжээнд ажиллах том үүрэг хариуцлага ногдож байгаа, Монгол Улсын нэр хүнд олон улсын түүхэнд хэрхэн үнэлэгдэх нь энэхүү ажлыг хэрхэн хийж гүйцэтгэснээс шалтгаална гэдгийг тэмдэглэлээ. Мөн манай улс өөрийнхөө ардчиллыг бэхжүүлэх, бусад орнуудад ялангуяа, Азийн орнуудад үлгэр үзүүлэх ажлыг түлхүү зохион байгуулах учиртай гэсэн юм.

    Хуралд хүний эрхийн Үндэсний зөвлөлд багтдаг УИХ-ын зарим гишүүд, Гадаад харилцааны сайд, ХЗДХ, БСШУ, НХХ-ийн сайд нараас гадна зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Хүний эрхийн үндэсний комиссийн дарга болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэхчлэн албаны хүмүүс оролцож санал бодлоо илэрхийлж хэрхэн ажиллах талаараа ярилцлаа. Нийгэмлэгийг даргалах энэхүү чухал ажилд ач холбогдол өгч Үндэсний зөвлөлийг хуралдуулж, хийх ажлаа төлөвлөж байгаа нь чухал ач холбогдолтой гэдгийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Хүний үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа нарын хүмүүс үг хэлэхдээ онцлоод Ерөнхий сайдад талархаж байгаагаа илэрхийллээ.

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга энэ үеэр Үндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд төрийн байгууллагын төлөөлөл түлхүү орсныг хэлсэн бөгөөд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон төрийн бус байгууллагуудаас төлөөлөл оролцуулах нь зөв гэж үзлээ. Ил тод, нээлттэй ажиллах нь ардчиллын зарчим. Үндэсний зөвлөлийн ажлыг шуурхай, нэгдсэн удирдлагаар хангаж, ямарваа давхцал гаргалгүй ил тод  ажиллахыг Үндэсний зөвлөлийн гишүүдэд Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо.

    АОХН-ийн үйл ажиллагаа Ядуурал, хөгжил, ардчиллын асуудлаарх ажлын хэсэг, ардчиллыг хөгжүүлж, Үндэсний болоод үндэстэн дамнасан аюулаас хамгаалах ажлын хэсэг, Хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажлын хэсэг, бүсийн хамтын ажиллагааны ажлын хэсэг, Иргэний нийгмийг байгуулж, хамгаалах ажлын хэсэг, АОХН-ийн шинэчлэлийн асуудлаар ажлын хэсэг гэсэн хэсгүүдээс бүрддэг бөгөөд ирэх аравдугаар сард болох Үндэсний зөвлөлийн хурлаар эдгээр ажлын хэсгийн ахлагчийг томилох, ажил үүргийг нь хуваарилж өгөхөөс гадна есдүгээр сарын 15-нд багтаан төсвөө гаргаж ирэх үүргийг 2011-2013 онд АОХН-ийг даргалах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өглөө.

    Ардчиллын боловсролын тухай ойлголтыг олон нийтэд системтэй таниулах, сурталчлах, хичээлийн хөтөлбөрт тусгах, ардчиллын боловсролыг амжилттай хэрэгжүүлж буй Энэтхэг, Чили зэрэг оронтой хамтран ажиллах, туршлага судлах чиглэлээр ажиллахаар мөн тохирлоо. Иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилд дэмжлэг үзүүлэх, АОХН-ийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд бусад улс оронтой хамтран ажиллах, туршлага солилцох зэрэг асуудалд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.   

    АОХН-ийг 2000 онд Варшав хотноо болсон Гадаад хэргийн сайд нарын анхдугаар бага хурлаар байгуулсан. Анхдугаар бага хуралд оролцсон 106 орны төлөөлөгч “Варшавын тунхаглал”-ыг баталжээ. Иргэний нийгмийн 300 гаруй байгууллага АОХН-тэй хамтран ажилладаг байна

  • Иргэд цалингаараа сэтгэл хангалуун амьдрах таатай боломж бүрдэж байна

    Иргэд цалингаараа сэтгэл хангалуун амьдрах таатай боломж бүрдэж байна Монголчуудын нэгэн үе эрийн гурван наадмаа хийдэг байсан Яармагийн дэнж эдүгээ мянган мянган айлын гал голомтоо бадраасан цогцолбор хороолол болох нь. Богд уулын ар хормойд сүндэрлэн босох “ Шинэ Яармаг” хорооллын шав тавих ёслол өнөөдөр болж, тус арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд болон манай улсад айлчлал хийж байгаа БНХАУ-ын коммунист намын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны намын улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан нар оролцлоо.

    Монгол улсын Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах ажлыг эрчимжүүлж, орон сууцны зээлийн хүүг хамгийн бага түвшинд байлгах замаар хүн амыг орон сууцаар хангах ажлын эхний томоохон алхам энэ болж байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тус арга хэмжээний үеэр тэмдэглэн хэллээ. Энэ ч үүднээс Хөгжлийн банкаар дамжуулан 800 тэрбум төгрөгийн санхүүжилтын эх үүсвэрийг шийдсэнээр иргэд  хямд эх үүсвэртэй урт хугацааны бага хүүтэй зээлд хамрагдах боломжтой болсон төдийгүй орон сууцных нь зай талбай ч бас тэдэнд дөхөмтэй байгаа.

    Иргэдээ орон сууц худалдан авах боломжийг гарган өгч байгаа нь хамгийн ач холбогдолтой хэрэг гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байв. Өөрөөр хэлбэл иргэдэд олгож буй орон сууцны зээлийг 6 хувьд хүргэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан байгаа гэдгийг дурьдаад, энэ шинэ хороололд Яармагийн гэр хорооллынхныг түлхүү оруулах бодлого барьж байгаа төдийгүй, төвийн дүүргийн гэр хорооллын иргэдээ ч боломжтой үнээр, тохилог аятайхан нөхцөлд амьдруулах таатай боломжийг Засгийн газар эрэлхийлэн ажиллаж байна  хэмээн  Ерөнхий сайд С.Батболд  тэмдэглэлээ.

    “ Шинэ яармаг” хороолол нь нийтдээ 15 мянган айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, эрүүл мэндийн төв, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй  иж бүрэн цогцолбор хороолол болох бөгөөд Улаанбаатар хотод 3.4 дүгээр хорооллоос хойш баригдаж байгаа хамгийн том бүтээн байгуулалт юм байна. Монгол улсын Засгийн газраас зарласан “ 100 мянган айлын орон сууц” хөтөлбөр болон “ Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр , Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тус хороолол нь манлайлах үүрэг гүйцэтгэх юм.  

    1966 онд Улаанбаатар хотод болсон их үерийн дараа энэ Яармагийн дэнж дээр  иргэд анх суурьшиж, хотжих үйл явцын эхлэл болж байсан бол эдүгээ хоёр дахь том хорооллын түүхийг бичилцэх боллоо гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар онцолж байлаа. Иргэдэд хямд  үнэтэй орон сууц олгох боломжийг бүрдүүлсэн БНХАУ-ын Экспорт,Импорт банкны хамт олонд талархаж байгаагаа ч онцолсон юм.

     “ Шинэ Яармаг” төсөл амжилттай хэрэгжсэнээр цаашид орон сууцны хорооллын төлөвлөлт, санхүүжилт, ажиллах хүчийг бэлтгэх, урт хугацааны  моргейжийн зээл олгох гэх мэт олон асуудлыг цогцоор нь шийдэх загвар төсөл болно хэмээн албаны хүмүүс тодотгож байна. Уг төслийг Монгол улсын Засгийн газар, ЗТБХБЯ, Үндэсний компаниудын нэгдэл “ Юнайтэд Прожектс” групп компани, БНХАУ-ын Гэжоуба групп компани хамтран хэрэгжүүлэх бөгөөд БНХАУ-ын Экспорт, Импорт банкны хөнгөлттэй зээлийн хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлэх юм.  “ Шинэ Яармаг” хорооллын барилгын дундаж үнэ нь ойролцоогоор  м2 нь 700-800 ам.доллар байх юм байна

     

  • Ардчиллыг дэлхий даяар хөхиүлэн дэмжих үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Канад Улсын Олон Улсын хамтын ажиллагааны сайд, хатагтай Б.Ода тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Манай улсад айлчилж байгаад нь Ерөнхий сайд талархал илэрхийлээд Канад Улс манай гуравдагч хөрш төдийгүй хөрөнгө оруулалтын хувьд хоёр дахь түнш улс юм. Бид Канад Улсын хувьд Ази дахь найдвартай түнш нь бөгөөд Канад Улсыг хөгжлийн загвар хэмээн үздэг гэлээ.

    Төрийн албаны шинэчлэлийг төгөлдөршүүлж чадсан Канадын туршлагыг манай улс нутагшуулахаар ажиллаж байгаа. Энэ үүднээсээ ч Канадын Төрийн албаны зөвлөлөөс тодорхой туслалцаа үзүүлж, төсөл хэрэгжүүлж байгаад Засгийн газрын тэргүүн талархал илэрхийллээ. Мөн хоёр орны харилцааг хөгжүүлэх үйлсэд ихээхэн анхаарал тавьж байгаа Ерөнхий сайд С.Харперт талархаж байгааг уламжлахыг хүсэв.

    Манай хоёр орон уул уурхай, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга, байгаль орчны салбар хамтран ажиллах өргөн боломж байгааг Ерөнхий сайд хэлээд 9 дүгээр сард болох Засгийн газар хоорондын дугуй ширээний тавдугаар уулзалтаар харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаад хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээрийн явцыг түргэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

    Өөрийг нь халуун дотноор хүлээн авсанд хатагтай Б.Ода Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлэв. Манай хоёр орон бие биенээ чухал түншээ хэмээн хүлээн зөвшөөрсөн нь ихээхэн чухал. Олон салбарт идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж байгаагийн дотор төрийн албыг бэхжүүлэхэд анхаарч ажиллах сонирхолтой байна гэж тэрээр хэллээ. Мөн ардчилалыг дэлхий даяар хөхүлэн дэмжих үйлсэд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн байна.

     

  • Тавантолгойн ордоос Монголын иргэн бүрийн эзэмших 536 ширхэг хувьцаа амиллаа

    Тавантолгойн ордоос Монголын иргэн бүрийн эзэмших 536 ширхэг хувьцаа амиллаа“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд болсон нүүрсний экспортын нээлтийн ажиллагаанд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, ТУЗ-ын дарга Д.Сугар болон ТУЗ-ын гишүүд, манай банкны зарим төлөөлөл хүрэлцэн ирэв. Мөн Японы “Иточү” компанийн дэд ерөнхийлөгч  Йоичи Кобаяши болон “KОРЕС” компанийн төлөөлөл хүрэлцэн ирсэн нь содон харагдаж байлаа. Тавантолгойн Цанхийн зүүн хэсгээс энэ онд 1.3 сая тонн нүүрс экспортлох тооцоо гаргасан бөгөөд биднийг очиход 60 мянган тонныг агуулахдаа хадгалж, 250 мянган тонныг бэлтгэсэн байв. “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Л.Энэбишийн хэлснээр экспортын хэмжээг 2015 онд 15 саяд хүргэх бөгөөд энэ үед Монгол Улс хэдийнэ цэвэр ашиг хүртэж эхэлсэн байх аж.

    Тавантолгойн Цанхийн зүүн хэсгийн нүүрсийг монголчууд өөрсдөө олборлож, үр шимийг нь хүртэж байгаа. Энэ нь монголчууд өөрсдөө хийж, бүтээж, баялгийнхаа эзэн байх боломжтойг харуулсан түүхэн үйл явдал болж байна. Энэ онд экспортлох 1.3 сая тонн нүүрсний тонн тутмыг нь 70 ам.доллараар тооцон урд хөрш рүү гаргах аж. Дэлхийн зах зээл дэх үнэтэй харьцуулбал чамлахаар үзүүлэлт хэдий ч ирэх оноос олон улсын жишгээр тооцон үнэлэх болно хэмээн Б.Энэбиш хэлсэн. Сонирхуулахад энэ жилдээ тонн нүүрснээс 11-13 ам.долларын ашиг олж байгаа, харин нүүрсний III давхарга руугаа шилжиж, экспортын хэмжээгээ нэмбэл дээрх тоо бүр ч илүү өснө.

     

    Энэ онд шавыг нь тавих Нүүрс угаах үйлдвэр ашиглалтад орвол хоёр дахин их ашиг олох боломж бүрдэх юм билээ. “Норвест” компанийн хийсэн судалгаагаар Тавантолгойн Цанхийн зүүн хэсгээс жилд 15 сая тонн нүүрс экспортолбол 112 жил ашиглах боломжтой гэсэн. Харин ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нүүрсээ түүхийгээр нь биш, угааж, коксжуулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах байр суурьтай байгаагаа дуулгалаа. Түүнчлэн ирэх оны гуравдугаар сард багтан хувьцааг нь олон улсын томоохон хөрөнгийн биржид гаргахаар төлөвлөж байгаа тухайгаа энэ үеэр ярьж байв. Тавантолгойн Цанхийн зүүн хэсгийн нүүрсний экспортын эхний алхам дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа. Учир нь тэдний сонирхож буй коксжуулах нүүрсний 7.5 тэрбум нөөц энд бий.

    Ж.Тэгшжаргал

     

    “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н АНХНЫ ЦУВАА

    Тавантолгойн орд газрын төрийн мэдлийг захиран зарцуулах төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд сүүлийн өдрүүд содон, чихэнд чимэгтэй мэдээлэл дүүрэн, үйл явдал их байлаа. Тус компанийнхан өнгөрч буй даваа гаригт нүүрс тээвэрлэлтийн гэрээгээ хийсэн бол өчигдөр нүүрсээ экспортлох анхны цуваагаа ёслол төгөлдөр үдэв. Тус бүр нь 100 тонн нүүрс тээсэн цувааг Цогтцэций сумын уугуул, 30 гаруй жил тээврийн замд жолоо мушгисан туршлагатай жолооч С.Энхтүвшин жолоодон баяр хүргэсэн олны уухай, сүү цацлын дор замдаа гарсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан экспортод ачихаар 60 мянган тонн нүүрс бэлтгэжээ. Яг ачихад бэлтгээд овоолоод тавьчихсан гэсэн үг.

    Үүнийг мэргэжлийнхээ хэллэгээр цагаалсан нүүрс гэдэг юм байна. Харин яг уурхайд бол 2,4 сая тонн хөрсийг нь хуулаад том гэгчийн овоолго бэлтгэсэн эксковатороор хутгаад ачиж цагаалах 250 мянган  тонн нүүрс бэлэн зэхээхэн хүлээж байна. Энэ бүх нүүрсийг өвлийн улиралд ч үргэлжлүүлэн цагаалж ачаалсан, хөрс хуулалтаа үргэлжлүүлсээр энэ жилдээ 1,3 сая тонн нүүрс экспортолж чадна гэдэгтээ тэд итгэлтэй байгаа аж. Зөвхөн олборлогч оператор компанийг шалгаруултал бэлтгэл ажлыг нь хангах анхны чиг үүрэгтэй байсан компанийнхан харин ч олборлолтоо хийж, экспортод гаргах хэмжээнд маш их ажил амжуулж гэж албаны хүмүүс сайшааж байсан.

     

    Уурхайн эхний санхүүжилтийг Монголын үндэсний Голомт болон Худалдаа хөгжлийн банк зээл олгон гаргасан. Борлуулалтыг “Cinalco” компанийн охин компани “Сhalco” хариуцах бөгөөд зөвхөн БНХАУ гэлтгүй Өмнөд Солонгос, Японы зах зээлд гаргах юм. Тэр ч утгаараа ёслолд япон, солонгос түншүүд нь оролцлоо. Бас өдгөө Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн Цогтцэций сумын уугуул хүүгийн хувьд ёслолд оролцохоор иржээ. Мэдээж хэрэг олборлолт хийж байгаа их үйлсийн эзэд “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан хамгийн их баяр хөөртэй байсан.  

    Хувьцаа тарааснаар монгол хүн бүр эзэн нь болж байгаа Тавантолгойн ордын Зүүн Цанхийн олборлолтыг монгол банкуудын дэмжлэгээр монгол инженер ажилчдын хүчээр олборлож, монгол жолооч нар тээвэрлэн байгаа гэдгээрээ тэд их бахархаж байгаа аж. Энд одоо 160 гаруй хүн ажиллаж байгаа. Хамгийн гол нь бүгдээрээ монголчууд, нэг ч гадаадын мэргэжилтэн, ажилтан байхгүй гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхайн газрын дарга Д.Энхбаяр онцолж байлаа. Уурхайд одоо хоёр эксковатор, долоон Сомасвол машин ажиллаж байгаа. Ер нь бол 10 сомасвол машинтай, цаашид техникийн хүчин чадлаа нэмэгдүүлэх засвар үйлчилгээ хийх гэх мэтийн их ажлууд хүлээж байгаа гэж Д.Энхбаяр танилцуулж байв.

    Тэд ерөнхийдөө хөрөнгө оруулалтыг нь шийдээд өгвөл бид, монголчууд дангаараа олборлолтыг хийх бүрэн боломжтой гэж өөдрөг сэтгэлээр өгүүлж байсан. Ийнхүү олборлолт, экспортоо эхэлсэн “Эрдэнэс Тавантолгой”-нхон ирэх жилд 2,4 сая тонн цааш нэмсээр 2013 онд жилд 13-15 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа. Тавантолгойн зөвхөн Зүүн Цанхийг нөөцийг жилд 15 сая тонн олборлоно гэж тооцоолбол 110 жил ашиглах боломжтой гэж “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш хэлэв. Гэхдээ хэрвээ дэд бүтэц, техник технологио сайжруулбал жилдээ 15 сая тонноос ч илүү экспортын бүтээгдэхүүн гаргах боломжтой гэнэ.

    Үүний төлөө л тэд чармайн ажиллаж байгаа байх. Тавантолгойн хувьд дэд бүтэц хийгээд тээвэрлэлтийн асуудал хамгийн чухал анхаарлын цэг болоод байгаа. Цагаан мод боомт хүртэл 240 орчим км. Үүнийг хүнд даацын тэргээр туулан эргээд ирэх буюу нэг рейс хийхэд гурван хоног. Басхүү Цагаанмодын боомтод ачаа тээсэн машинууд байнга цуварч байдаг ачаалал ихтэй болохоор машин гарах гэж дор хаяж 8-10 цаг хүлээн зогсдог. Зарим үед 100-200 машин дараалан өнжин хонон хүлээх ч хэрэг гардаг. Дээр нь говийн хөрс хүнд даацын машинуудад талхлагдан амьд амьтан бүү хэл ургамал “амьдрах” аргагүй, байгаль орчинд бол халтайн дээдээр халтай болоод байгаа талаар хүн болгон өгүүлдэг. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд эхний ээлжинд 3,6 км сайжруулсан шороо зам тавьсан. “Энержи ресурс” компанийн тавьж буюу зам ашиглалтад орчих юм бол “Эрдэнэс Тавантолгой”-нхон ч мөн энэ замаар тээвэрлэлтээ явуулна.

    Энэхүү замыг энэ наймдугаар сард ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хүнд даацын тэрэгний жолооч нар “Засмал зам есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад орчих байх аа. Тэгвэл ч үгүй мөн сайхан аа. Ёстой диваажинд заларлаа л гэсэн үг” гэж шүүрс алдаж байсан. Гэхдээ дэлхийд томд тооцогдох Тавантолгойн ордын хувьд зөвхөн машинаар нүүрсээ тээвэрлэнэ гэдэг хүнд. Тиймээс төмөр замын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна гэж ноён Б.Энэбиш дахиад л сануулж байна. Одоогоор зөвхөн нэг бус хэд хэдэн чиглэлийн төмөр зам байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрээд байгаа юм. Өнөөдөр шороо манарууланхан нүүрсээ тээвэрлэж байгаа монголчууд маргааш засмал замаар жирийлгэж, нөгөөдөр төмөр замаар “хар алт”-аа дэлхийн зах зээлд хүргэх буй за гэсэн ерөөл талбия. Бүтээлийн зам урт, амжилт арвин байх болтугай.

     

  • Өргөтгөсөн уулзалт хийв

    Өргөтгөсөн уулзалт хийвЗасгийн газрын урилгаар Монгол Улсад айлчилж байгаа БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнканыг Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзав. Хоёр орны харилцаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлцээний давтамжийг хадгалах нь хамтын ажиллагааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.

    Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн 6 дугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн хамт хоёр улсын сайн хөршийн харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн. Үүний дараа Хятадын талаас хийж байгаа хамгийн өндөр түвшний энэ айлчлал хоёр улсын Ерөнхий сайд нарын тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох ач холбогдолтой юм. Талууд Монгол Улс, БНХАУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлж, шинэ агуулга, бодит хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа уулзалтын үеэр нотоллоо.

    БНХАУ болон Монгол Улс бие биенийхээ тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөр өөрсдийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэн үздэг гэдгийг нарийн бичгийн дарга Жоу Юнкан онцлон тэмдэглээд сайн хөршийн хувьд Монголын эдийн засгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэлээ. БНХАУ-ын тал мөн уул уурхай, газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, төмөр зам, дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хилийн боомтыг хөгжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ. Тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай Санамж бичигт талууд Жоу Юнканы айлчлалын үеэр гарын үсэг зурах юм байна. Мөн 40 сая юаны буцалтгүй тусламж үзүүлж байгаа юм.  

    Түүнчлэн хууль тогтоох байгууллага, орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлж, залуучууд, улс төрийн нам, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг бүх салбарт хамтран ажиллахаар тохиролцсон ажлуудаа эрчимжүүлэх тухай ярилцлаа. Манай орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш БНХАУ нь Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлээд Засгийн газар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэв.

    Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон байна. БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад бараалхах бөгөөд улс төрийн гол намуудын удирдлагатай уулзана

     

  • Жоу Юнканы айлчлал эхэлж, томоохон баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

    Жоу Юнканы айлчлал эхэлж, томоохон баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа Засгийн газрын урилгаар манай оронд айлчилж байгаа БНХАУ-ын Комммунист намын Төв хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Намын улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнканы албан ёсны айлчлал эхэллээ. Тэрбээр өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдтой ганцаарчилсан болон өргөтгөсөн  уулзалтыг тус тус хийлээ. Үүний дараа Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Намын улс төр, хуулийн хорооны  нарийн бичгийн дарга Жоу Юнкан нар  баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.

    Хоёр тал нийтдээ найман томоохон баримт бичигт гарын үсэг зурав. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд 10 сая юанийн буцалтгүй тусламж олгох тухай хоёр улсын Засгийн газар хоорондын солилцох захидалд монголын талаас Сангийн сайд С.Баярцогт, хятадын талаас худалдааны яамны дэд сайд Чэнь Зянь нар тус тус гарын үсэг зурлаа.

    Мөн Монгол улсын БСШУЯ, БНХАУ-ын шинжлэх ухаан технологийн яам хоорондын шинжлэх ухаан, технологийн салбарт 2011-2015 онд хамтран ажиллах тухай хэлэлцээр болон Монгол улсад хятад хэлний сайн дурын багш нарыг ажиллуулах тухай Монгол улсын БСШУЯ, БНХАУ-ын  Күнзийн институтын төв хоорондын хэлэлцээрт  БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Сяолун нар гарын үсэг зурав.

    Түүнчлэн Газрын тосны салбарын хамтын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай Монгол улсын ЭБЭХЯ, БНХАУ-ын газрын тосны үндэсний корпораци хоорондын хэлэлцээрт санамж бичигт ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан, БНХАУ-ын газрын тосны үндэсний корпорацийн Ерөнхийлөгч Жан Жэминь нар тус тус гарын үсэг зурсан бол, “Монгол улсын хөгжлийн банк болон БНХАУ-ын Экспорт,импорт банк хооронд хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т монголын талаас Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн дарга Ч.Хашчулуун, хятадын талаас Экспорт, импорт банкны Ерөнхийлөгч Ли Ругү нар гарын үсэг зурлаа.

    “Шинэ яармаг орон сууцны цогцолбор хороолол барих төслийн нэгдүгээр үе шатыг санхүүжүүлэх тухай Монгол улсын “ ЮП групп” ХХК болон БНХАУ-ын Экспорт, импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээр”-т монголын талаас “ЮП групп” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ууганбаяр, хятадын талаас Экспорт, импорт банкны Ерөнхийлөгч Ли Ругү нар гарын үсэг зурлаа. Мөн “  Хилтон зочид буудлын барилгын ажлыг санхүүжүүлэх тухай Монгол улсын “ Стар Стэйтс” ХХК болон  БНХАУ-ын Экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр”-т монголын талаас “ Стар Стэйнс” ХХК-ийн ерөнхий захирал С.Цацрал, хятадын талаас Экспорт, импорт банкны ерөнхийлөгч Ли Ругү нар тус тус гарын үсэг зурлаа