Ангилал: мэдээ

  • Засгийн газар Тавантолгойн төслийг Улсын Их Хуралд өргөн барина

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 4-ний өдөр болж Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцлээ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар төслийг эцсийн байдлаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.  Оролцогч талууд хувь хэмжээ гээд бүх нөхцөлөөр тохиролцоонд хүрч чадсан байна. Тухайлбал урагшаа болон зүүн тийшээ явах төмөр замын асуудлаар талууд нааштай тохиролцоонд хүрсэн нь манай улсын хувьд ашигтай хувилбар болсон байна. Мөн 300х2-ын буюу 600 мегаваттын цахилгаан станц барихаар болсон байна. Түүнчлэн манай талаас тууштай тавьж байсан нүүрснээс шингэн түлш гаргах, кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг бий болгодог үйлдвэрүүдийг барихаар эцэслэн тохиролцжээ.

    Монголын тал өөрийн байр суурин дээр хатуу зогсож чадсанаар хөрөнгө оруулагчид манайд 500 сая ам.долларыг буцалтгүйгээр шууд олгож, дахин нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон өгөхөөр болжээ. Түүнчлэн Монгол Улсад төлөх бүх татвар, хураамжаас гадна “Эрдэнэс Тавантолгой” компанид тээврийн зардлыг хассан борлуулалтын орлогоос 5 хувьтай тэнцэх төлбөрийг мөн өгөхөөр тохиролцсон байна.   

    Хэлэлцээрийн явцад БНХАУ-ын Шинхуа  групп 40, АНУ-ын Пибоди  24, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувь /18:18/-ийг хамтран эзэмшихээр болжээ. Засгийн газрын гишүүд гэрээний төсөлтэй танилцаад Ажлын хэсгийг сайн ажилласан гэж үнэллээ. Төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж ирэх лхагва гарагт Улсын Их Хуралд өргөн барихаар болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Энэтхэг улстай бүхий л салбарт хамтран ажиллах боломж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Энэтхэг Улсын аюулгүй байдлын зөвлөлийн орлогч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны нарийн бичгийн дарга Лата Редди тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Манай хоёр улсын ард түмэн түүх, соёл, шашин шүтлэгээрээ салшгүй холбоотой. Энэ үүднээсээ ч Энэтхэг Улс бол манай улсын онцгой түнш юм. Цаашид энэхүү түүхэн уламжлалт харилцаагаа хадгалж, бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх боломж бидэнд байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Мөн тэрээр хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хооронд ажилд хэрэгч, тогтмол харилцаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал болон боловсролын салбарын хамтын ажиллагаанд ач холбогдол өгч байна гэв. Түүнчлэн Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой тохиож байна. Энэтхэг Улс олон улсын болоод НҮБ-ийн хүрээнд хамтран ажиллаж, ихэнх асуудлаар ижил буюу ойр байр сууринаас ханддагт талархаж байгаагаа илэрхийллээ.

     

    Хатагтай Лата Редди хэлэхдээ Монголд анх удаагаа ирж байна. Монгол Улсын Үндэсний их баяр наадам үзэх завшаан тохиосонд баяртай байна гээд Монгол, Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын зөвлөлдөх уулзалт амжилттай болсныг тэмдэглэв. Мөн энэ сарын сүүлээр Монгол Улсад хийх Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Пратибха Девишинх Патилигийн айлчлал хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, түншлэлийг шинэ шатанд гаргах түүхэн айлчлал болно хэмээн найдаж байгаагаа хэллээ.        

    Монгол, Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын зөвлөлдөх уулзалтаар хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын терроризмтой хамтран тэмцэх, бүсийн аюулгүй байдалтай холбоотой хар тамхи, хүний наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, олон улсын аюулгүй байдлын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцсон байна.

  • Япон улсын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд К.Бэшшёг хүлээн авч уулзлаа. Дэд сайд Улаанбаатар хотноо болж байгаа хоёр улсын гадаад яам хоорондын 9 дэх удаагийн Бодлогын зөвлөлдөх уулзалтад оролцож байгаа юм. Япон Улсад болсон газар хөдлөлт, цунамийн улмаас олон хүний амь нас эрсэдсэнд Ерөнхий сайд уулзалтын эхэнд эмгэнэл илэрхийлээ.

    Манай улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн цагаас эхлэн өнөөг хүртэл бүх талаар тусалж, дэмжиж ирсэн Япон Улсад гүн талархалтай ханддагаа тэрээр тэмдэглэв. Харилцаа, хамтын ажиллагаагаа стратегийн түншлэлийн хүрээнд авч үзэн өндөр ач холбогдол өгдөгийг Ерөнхий сайд онцлоод харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой, үүний тулд эрх зүйн үндсээ боловсронгуй болгож, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах сонирхолтой байна гэлээ.

    Мөн талууд бие биенээ нөхөж, харилцан ашигтай ажиллах нь чухал байгааг хэлж, Япон Улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болохыг дэмжсэн Монгол Улсын байр суурь хэвээр байгааг нотоллоо. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх жил болно. Түүхт энэ ойг өргөн тэмдэглэж, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал зохион байгуулах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Газар хөдөлж, цунами болсоны дараа Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, аврагчдаа илгээн, эд материалын болон сэтгэл санааны тусламж, дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа Япон Улсын Гадаад хэргийн сайд К.Бэшшё илэрхийллээ.

    Гадаад харилцааны яамнаа болж байгаа Бодлогын зөвлөлдөх уулзалтаар хоёр орны харилцаанд үнэлэлт өгч, харилцаа, хамтын ажиллагааны ойрын болон хэтийн төлөв, харилцааг Стратегийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэх тохиролцоог ажил хэрэг болгох, ойрын үед зохион байгуулах өндөр түвшний айлчлал, уулзалтын тов зэргийг хэлэлцэж байгааг тэрээр Ерөнхий сайдад хэлэв. Улс төрөөс гадна хувийн хэвшил хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал байгааг дэд сайд К.Бэшшё тэмдэглээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээр элсэх Япон Улсын хүчин чармайлтыг Монгол Улс дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг Япон Улсад айлчлахыг урилаа

  • “Зөгийн үүр-20110” цахим уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

    Эрхэм хүндэт уулзалт зөвлөлгөөний оролцогчид оо,

    Монгол Улсын Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон  зарлаж, ажлын байр бий болгох, иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх нөхцөлийг  бүрдүүлэх  чиглэлээр авч хэрэгжүүлж буй олон талт  арга хэмжээний нэг хэлбэр нь  “Зөгийн үүр”  хөтөлбөрөөс зохион байгуулагдаж байгаа гадаадад амьдарч буй  иргэдтэйгээ уулзаж буй  энэхүү цахим уулзалт зөвлөлгөөн юм.

    Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ давуу тал, амжилтыг улс орны хөгжлийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэх,  тэргүүний арга туршлага, ноу-хау-г нэвтрүүлэх, гадаадад байгаа иргэддээ түшиглэн улс орны хөгжлийг эрчимжүүлэх , иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, гадаад улс оронтой эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд  анхаарч байна. Төр үүргийнхээ дагуу нэгдсэн бүртгэлийг төгөлдөржүүлэн, гадаадад амьдарч байгаа иргэдээ бүртгэх ажлыг эрчимжүүлж, өнөөгийн нөхцөл байдлаа тодорхойлон цаашид гадаадад байгаа иргэдэд чиглэсэн төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохоор төлөвлөн ажиллаж байна.

     

    Гадаадад амьдарч буй иргэдээ иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг  байгуулж,  бүртгэлийн нээлтийн үйл ажиллагааг БНСУ-аас  2011 оны 3 дугаар сарын 23-нд  эхлүүлэн  бүсчилсэн хуваарь хийж Америк, Герман, Франц, Орос, Казакстан, Тайланд, Египет, Энэтхэг, Хятад зэрэг улсад  сургалт зохион байгуулж, шинэчилсэн бүртгэлийн ажил  35  оронд суугаа  ЭСЯ-нд  явагдаж байна. Судалгаагаар манай 120 мянга орчимиргэн хилийн чанадад ажиллаж, сурч амьдарч байгаагаасөнөөдрийн байдлаар иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн 6274 иргэний цахим мэдээл ирж,  5545 иргэнд иргэний бүртгэлийн дугаар олгогдоод байна .

    Монгол Улсын Хүний хөгжил сангийн тухай хууль,  «Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хишиг, хувь хэмжээг тогтоох тухай» , «Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай» , «Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухайтогтоолын дагуу эх орны хувь хишиг болон УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 350  дугаар  тогтоолоор”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийн хувьцааг  иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн  иргэдэд нэрийн данс нээжэзэмшүүлэхээр боллоо.

    Хилийн чанадад эрх ашиг нь хөндөгдсөн, гачигдал зовлон учирсан иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор “Иргэдэд туслах сан”-г байгуулан ГХЯ  дээр ажиллуулж байна. Бид дээрх сангийн зохицуулалтыг улам боловсронгуй болгох зорилтыг ч ойрын хугацаанд хэрэгжүүлэх болно. Засгийн газраас гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалд хамруулах ажилд анхаарлаа хандуулж Солонгос, Унгар Улсад  ажиллаж, амьдарч байгаа иргэд  нийгмийн даатгалд хамрагдах боломж бүрдсэн. Цаашид  Европын холбооны хэд хэдэн улстай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гэрээ хэлэлцээр хийх ажлыг эрчимжүүлэн судалгаа, хэлэлцээр хийж эхлээд байна.

    Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан Хөдөлмөрийн төв бирж үйл ажиллагаагаа 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн явуулж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг цуглуулж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээллийг боловсруулах, түгээх үйлчилгээг эрхлэж www.labornet.mn вэб портал нээж, та бүхний мэдээллийг хүлээн авч ажил олгогчид, мөн ажлын байрны болон ажил олгогчийн тухай мэдээллийг цуглуулах, онлайн мэдээлэл, зуучлалын үйлчилгээ явуулах боломжийг бүрдүүллээ. 

    Хилийн чанадад суугаа иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлөөс Төрийн болон хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж  байгууллагуудаас 2011-2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс  нөхөгдөх боломжгүй  байгаа нарийн мэргэжил, өндөр ур  чадвар шаардсан ажлын байрны хэрэгцээ шаардлагын талаар авсан судалгааны дүнгээс үзэхэд Дэд бүтэц, барилгын салбарт- 6235,  уул уурхай эрчим хүчний салбарт -165,  эрүүл мэндийн салбарт-131, хөнгөн үйлдвэрийн салбарт – 125,  Хууль  эрх зүй салбарт-61 ажлын байрны  бодит хэрэгцээ байна.  

    Мөн судалгаанаас үзэхэд манай улсад  нарийн мэрэгжлийн  тухайлбал агаарын хөлгийн ашиглалтын инженер, уурхайн засвар үйлчилгээний инженер, биотехнологич, лабораторын эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, арьс боловсруулагч технологич инженер, банк, санхүү бизнес, маркетинг, программ хангамжийн инженер зэрэг  өндөр боловсрол, ур чадвар шаардсан  ажлын байрны хэрэгцээ их байна. Иймд  гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа  хүч, бололцоо, хувь нэмрийг улс  орныхоо бүтээн байгуулалтад  оролцуулах, эх орондоо эргэж ирээд ажил хөдөлмөр эрхлэх бололцоо, нөхцлийг бүрдүүлэх  зорилгоор  Монгол Улсын  Засгийн газар тусгайлсан хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа нь Та бүхний анхаарлын төвд аль хэдийнээ орсон гэдэгт эргэлзэхгүй байна. 

    Энэхүү “Зөгийн үүр”  хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хилийн чанадад байгаа иргэдийн  боловсрол, чадавхи, ажлын туршлагын талаар  судалгаа хийж,   ажил олгогч байгууллагуудыг гадаадад байгаа монгол иргэдийн талаарх мэдээллээр хангах, хамтран ажиллах механизмыг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Түүнчлэн гадаадад байгаа иргэдтэйгээ биечлэн болон  онлайнаар уулзаж, санал бодлыг сонсох, эрэлт хэрэгцээг  бодитоор тодорхойлох, төр засгийн бодлого шийдвэр,  улс оронд болж буй үйл явдлын талаарх  мэдээллийг үнэн зөв хүргэхэд   анхаарч байна.

    Хилийн чанадад үндэснийхээ уламжлал,  хэл соёл, ёс, заншлаа хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх  сурталчилгаа хийж  төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж,  улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монгол Улсын иргэд, монголчуудын холбоодын үйл ажиллагаанд Засгийн газар гүн талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашдын үйл ажиллагааг бүхий л талаар  дэмжиж ажиллана. Та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал бодлоо солилцохоор холбогдох төр, хувийн хэвшлийн төлөөлөл өргөн бүрэлдхүүнээрээ  уулзалтад оролцож байна. Харилцан чөлөөтэй  мэдээлэл, санал бодлоо хуваалцаж, ярилцаж зөвлөлдөхийг урьж байна.

    Монгол Улсын Ерөнхий сайдын  хувьд уулзалт зөвлөгөөнөөс  гарах үр дүнг анхаарч, төр засгийн цаашдын бодлого шийдвэрт тусгаж, хамтран ажиллах болно.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Төмөр зам, Уран, Тавантолгойн асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй байна

    Төмөр зам, Уран, Тавантолгойн асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй байна Шатахууны нөөц хангалттай байгаа ч зохиомол хомсдол үүсч, ялангуяа өнгөрсөн амралтын өдрүүдээр иргэдийн бухимдал багагүй үүслээ. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд нөхцөл байдлыг хяналтандаа авч, шуурхай арга хэмжээ авах тодорхой хугацаатай үүрэг даалгаврыг өнгөрсөн баасан гаригт холбогдох албан тушаалтануудад өгсөн билээ.

    Шатахууны нөөц, нөхцөл байдал яг газар дээрээ ямар байна вэ. Хомсдол үнэхээр үүсэв үү, ард иргэдийн ахуй амьдрал, удахгүй болох Улс хувьсгалын баяр наадмыг энэ байдалтайгаар угтах уу. Шатахууны хангалт хэвийн явагдаж байхад хомсдол яагаад үүсээд байна вэ  гэх мэт мэдээллийг сонсч, өгсөн үүргийн хэрэгжилтийг шалгахаар  Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр  ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт, Газрын тосны газрын дарга  Д. Амарсайхан нарыг өрөөндөө дуудлаа.

    ЭБЭХ-ийн сайд Д.Зоригтын мэдээлж байгаагаар дизель түлшний хувьд өнөөдрийн байдлаар Монгол улсад байгаа нөөц нь нийтдээ 28.964 тн байгаа ажээ. Энэ нь хэвийн хэмжээнд байгаа гэсэн үг бөгөөд  “Шунхлай”, “Магнай трейд” компаниудын шатахуун түгээх станцууд шатахууныг иргэдийн хүссэн хэмжээгээр өгч байгаа юм байна. Харин бусад компаниудын шатахуун түгээх станц шатахууныг картаар өгч байгаа гэнэ. Дизель түлшний хангамж ерөнхийдөө жигдэрсэн, уул уурхайн томоохон компаниуд болох Оюутолгой, тавантолгойн уурхайнууд бүрэн хэмжээгээр хангалт хийгдсэн гэх мэдээллийг салбарын сайд хийлээ. Уриншийн хувьд ч байдал жигд байгаа гэдгийг Д.Зоригт сайд дуулгаж байна.  

    АИ-80,АИ-95 бензиний хангамж болоод нөөц хэвийн байгаа аж. Харин АИ-92 бензиний хувьд асуудал гарсан гэдгийг тэрбээр тэмдэглээд, өнгөрсөн амралтын өдрүүдээр шатахуун түгээдэг компаниуд нэг нэгнээ дагаж хэвийн олгож байсан шатахуунаа карт, талон руу шилжүүлсэн байна. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын дагуу эдгээр компаниудын удирдлагатай ЭБЭХ-ийн сайд уулзаж, нөхцөл байдлыг нь сонсчээ. Шатахууны байдал хэвийн болж байх явцад элдэв яриа үүссэнээс иргэд шатахууныг их хэмжээгээр нөөцөлж, зарим газруудаар өдөрт 2000 тонн зардаг байсан бол 10000 тонн болтлоо өсч, зохиомол хомсдол үүссэнээс компаниуд талон руу шилжсэн гэнэ.

    Яриа хэлэлцээ хийсний үр дүнд компаниуд өнөөдрөөс эхлэн шатахуунаа бэлэн мөнгөөр өгч эхэлсэн, ихэнх газар 20 мянган төгрөг хүртэлх хэмжээнд олгож байгааг Д.Зоригт сайд мэдээллээ. Ирэх сарын шатахууны нөөцийг ОХУ, БНХАУ-тай ярьж байгаа төдийгүй, БНСУ болон Сингапур улстай ч энэ тухай яриа хэлэлцээ хийж байгааг онцоллоо. Мөн ЭБЭХ-ийн сайд энэ үеэр хоёр асуудлыг онцлон тэмдэглэлээ. Монгол улсын Е­рөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр яригдсан Роснефтийн жижиглэнгийн худалдааны асуудал ч энд хөндөгдлөө.

    Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа газрын тосны тухай хууль тогтоомжид зарим өөрчлөлтийг оруулж, ОХУ-ын компаний бөөний болон жижиглэнгийн худалдааны асуудлыг зохицуулах асуудлыг судалж, энэ саналаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах шаардлагатай байгааг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хэлж байна. Түүнчлэн ОХУ-тай зангилаа асуудал болох Төмөр зам, Уран, Тавантолгойн асуудлыг нэг тийш нь шийдэхгүй бол шатахуун, эрчим хүчний салбарт асуудал дахин үүсэхгүй гэх баталгаа байхгүйг онцоллоо. Харин Газрын тосны газрын дарга Д.Амарсайханы хэлснээр шатахууны нийлүүлэлт өнгөрсөн оноос 50 хувь илүү нийлүүлэгдсэн бөгөөд иргэд их хэмжээгээр нөөцөлснөөс ийнхүү хомсдол үүссэн, хэрэглээ хэвийн хэмжээнээс 3-5 дахин нэмэгдсэн гэдгийг тэмдэглэлээ.

    Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд шатахууны нийлүүлэлт, эрэлт, татвартай холбоотой асуудлыг Засгийн газар цаг тухай бүрт нь авч хэлэлцээд зохих шийдвэрийг авч ирсэн. Тухайлбал, 2011 оны байдлаар ОХУ-аас Монгол улсад нийлүүлэх газрын тосны хилийн үнэ удаа  дараа өөрчлөгдөж ирсэнтэй холбогдуулан Газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварын хувь хэмжээнд 7 удаа өөрчлөлт оруулах замаар үнийг тогтвортой барьж ирсэн.

    Цаашид ч шаардлагатай арга хэмжээ авах болно гэж  Засгийн газрын тэргүүн хэллээ. Ингэхдээ  хоёр хөрш болоод гуравдагч талтай шатахуун нийлүүлэх гэрээ хэлцлийг шуурхай хийж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, шатахуун түгээх станцуудын картаар олгож байгааг зохицуулж, тодорхой хэмжээнд бэлэн мөнгөөр олгох, иргэдэд бухимдал чирэгдэл үүсгэхгүй байхыг онцгой анхаарч, хурдтай ажиллахыг ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нарт үүрэг болгоод маргаашийн Засгийн газрын хуралдаанд асуудлыг цогцоор нь оруулж ирэхийг даалгалаа

  • Олон улсын мэдээллийн агентлагууд Улаанбаатар хотноо чуулж байна

    Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх зөвлөл /ОАНА/-ийн ээлжит 33 дугаар хурал Улаанбаатар хотноо 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эхэллээ. Хуралдаанаар ОАНА-гийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж байгаа мэдээ, мэдээллийн агуулга, чанарыг сайжруулах, мультимеда чиглэлээр мэдээлэл солилцоогоо улам өргөжүүлэх, техник, технологийн хамтран шинэчлэх талаар хэлэлцэж байна. Гүйцэтгэх зөвлөлийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон үг хэлэв.

    Тэрээр ашигт малтмалын томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, уул уурхайн баялагтаа тулгуурлан улс орноо хөгжүүлэх, их бүтээн байгуулалт өрнүүлэх зорилт тавьж байгааг хурлын төлөөлөгчдөд дуулгаад үүний дүнд өнгөрсөн онд 6 хувьтай байсан эдийн засгийн өсөлт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 9,7 хувьд хүрснийг тэмдэглэв.

    Гэхдээ эдийн засгийн үйлдвэрлэлийн салбарын зэрэгцээ мэдээллийн эдийн засгийг хөгжүүлэх бодлого баримталж, энэ хэрээр мэдээллийн технологи улс орны амьдралд маш эрчимтэй нэвтэрч байгааг онцоллоо. “13-14 дүгээр зуунд өнөөгийн БНХАУ, ОХУ, Европын улсуудыг хамарсан 15 мянга гаруй км үргэлжилсэн өртөө, улаа нь мэдээллийн технологийн хүн төрөлхтөний түүхэнд гарсан 3 том хувьсгалын нэг. Чингисийн их гүрэнд өргөн уудам Евроазийг нэгэн нетворкийн сүлжээнд холбож байсан харилцаа, холбооны арга зарчим нь энэ өртөө юм” гэж нэрт судлаач Ким Жон Ре дүгнэсэн байдгийг ч Ерөнхий сайд С.Батболд жишээ болгов.    

    Мөн тэрээр монголчууд энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг хэлээд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилж, зорьж ирсэнээ бүтээж, зорилгоо хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэн ерөөв. Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн нийт бүтээгдэхүүний 56, худалдааны эргэлтийн 50, далайн тээврийн 60, агаарын тээврийн 25 орчим хувь нь ногдож байна. Үүнийг дагаад дэлхийн санхүү, шинжлэх ухаан, технологийн хамгийн том нөөц бүхий энэ бүс нутгийн мэдээллийн байгууллагуудын үүрэг, ач холбогдол, нэр хүнд, нөлөө ч асар их байдаг.

    Эгнээндээ Ази, Номхон далайн бүс нутгийн 33 орны мэдээллийн 42 агентлагийг эгнээндээ нэгтгэсэн ОАНА-д МОНЦАМЭ агентлаг 1981 онд гишүүнээр элссэн байна. Тус агентлагаас ОАНА-гийн мэдээллийн нэгдсэн санд өдөр тутам англи хэлээр 15 мэдээ нийлүүлж, улсынхаа хөгжил дэвшил, өнөөгийн нөхцөл, байдлыг бүс нутагтаа таниулан сурталчилж, мэдээлдэг юм

  • Хөдөө, орон нутгаас ирсэн шилдэг хүүхдүүдэд амжилт хүслээ

    Хөдөө, орон нутгаас ирсэн шилдэг хүүхдүүдэд амжилт хүслээ Ерөнхий боловсролын 544 сургуулиас шалгарсан 1000 хүүхдийн амжилтын талаар өгүүлсэн “Монгол Улсын шилдэг 1000 сурагч-2010” гэсэн ном гарчээ. Хөдөө, орон нутгийн хүүхдүүд номоо гардахаар Улаанбаатар хотноо ирээд байгаа юм байна. Энэ хүүхдүүдтэй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр уулзаж, Чингис хааны цогцолборын өмнө зургаа татууллаа.

    Монгол Улс үсрэнгүй хөгжлийн гараанд дээр ирээд байгаа. Энэ түүхэн цаг хугацааг үргэлжлүүлэн авч явах хүмүүс нь улс орны ирээдүй болсон хүүхдүүд та нар шүү гэдгийг Ерөнхий сайд хэлээд ажил үйлс, сурлага, урлаг спортын амжилтаар үе тэнгийнхнээ манлайлсан эдгээр хүүхдүүдэд баяр хүргэж, ололт амжилтаа улам бататгаж илүү өндөр амжилтад хүрэхийг хүсэн ерөөлөө

  • Эрүүл мэндийн үйлчилгээг хүн бүрт тэгш хүртээхийн төлөө Засгийн газар ажиллаж байна

    1921 оны наймдугаар сарын 15-нд цэрэг,ард иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй тусламж үзүүлэх “Эмнэлгийнхороо” байгуулах тухай их жанжин Д.Сүхбаатарын гарын үсэг зурсан шийдвэр нь Монгол Улсад эрүүл мэндийн алба үүсч хөгжсөн он тооллын түүхийн эхлэл ажээ. Харин тэд өнөөдөр 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Монгол Улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү арга хэмжээнд оролцож баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд 1921 оны үед Монгол Улсын ард иргэдийндунд халдварт өвчин, сүрьеэ өргөн дэлгэрсэн, байгалийн голомтот өвчин тарваган тахлын дэгдэлт ойрхон давтамжтай гарчхүн амыннас баралт өндөр хувьтай байсан.

    Мөн хүн амын тоо жилээс жилд буурч байснаас үүдэн гадаадын зарим судлаачид бүр “мөхөж буй үндэстэн” хэмээн тэмдэглэн үлдээсэн билээ. Харин тэр хүнд хэцүү үе 90 жилийн хугацаанд түүх болон үлдэж Монгол хүн эрүүлжиж, дундаж наслалт нэмэгдэж, хүн амын тоо нэмэгдэж 2,7 сая гарлаа. Энэ их амжилтад хамгийн гол үүрэг гүйцэтгэж ажилласан гавьяатай хүмүүс бол эрүүл мэндийн салбарын үе үеийн ажилтнууд гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан маань өөрсдийн үүрэг зорилгоо нэр төртэй биелүүлж 90 жилийнхээ түүхийг их амжилтаар бүтээлээ хэмээн тодотголоо.

    Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэхэд үе үеийн Засгийн газраас бодитой дэмжлэг үзүүлж ирсний үр дүнд 10 000 хүн амд ногдох цочмог халдварт өвчний гаралт хэдэн арав дахин, шинээр төрсөн 1000 хүүхдээс нэг ой хүртэлх нялхсын эндэгдэл 26 дахин, эхийн эндэгдэл 250 дахин буурч, нийт хүн ам 5 дахин өслөө. Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эмнэлгийн ажиллагсдын нөр их хөдөлмөр, уйгагүй зүтгэл, хүн ардынхаа төлөө гэсэн чин сэтгэлийн үр дүнд дээрх амжилтад хүрснийг онцлон хэлэх ёстой гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.

    Мөн Монгол Улсын Засгийн газар бодлого, үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлээ Монгол хүний хөгжлийг хангах явдал гэж тодорхойлсон. Дэвшүүлсэн зорилт, явуулж буй бодлого монгол хүн бүрт хүрэх  ёстой. Монгол хүн бүр эрүүл байж эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хүн бүрт тэгш хүргэх боломжийг бүрдүүлэхийг Засгийн газар зорьж ажиллаж тэмдэглээд Эмнэлгийн тусламж, үйлчилгээ бүр Засгийн газрын үйл ажиллагааны гол бодлого чиглэл болж байгаа бөгөөд хөрөнгө оруулалт, санхүүжилт үүнд чиглэж байгаа гэлээ.

    Хамтарсан Засгийн газраас эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлж томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Клиникийн нэгдсэн I, III эмнэлэг, нийслэлийн 1, 3 дугаар амаржих газар, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн өргөтгөлүүд, 300 ортой нийслэлийн эх, нялхсын эрүүл мэндийн төвийн цогцолборыг шинээр барьж эхэлсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд онцлоод 5 мянга гаруй хүний суудал бүхий спортын цогцолборыг ашиглалтад оруулсан. Улаанбаатар хотод стандартын шаардлага хангасан Үндэсний оношилгооны төв, 16 хүртэлх насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх чадвар бүхий эмнэлгийг барихаар төлөвлөснө ч мөн энэ үеэр дуулгалаа.

    Ингэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна.  Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийг эрчимжүүлэх, оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулах, Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, эмч, эмнэлгийн ажиллагсдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн нийгмийн асуудлыг сайжруулах зэрэг тулгамдсан олон асуудлуудыг оновчтой шийдвэрлэх  шаардлагатайг 90 жилийн түүх бидэнд сануулж, харуулж байна.

    Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа салбарын нийт ажилтнуудын санал санаачилгад тулгаарлан шийдвэрлэх нь зүйтэй. Энэ бүх асуудалд Засгийн газар анхаарч, эрүүл мэндийн салбараа дэмжиж ажиллана гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогссон алтан гартай ачтануудад ажил үйлс нь бүтэмжтэй байж энэ ертөнцийн түмэн жаргаланг ард иргэддээ бэлэглэж байхыг хүсэн ерөөлөө

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын “Монгол улсын хүнсний аюулгүй байдал – 2011” форумд хэлсэн үг

    Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,

    Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

    Хүнс, хөдөө аж ахуйн нь манай улсын хувьд хөгжлийн төдийгүй стратегийн ач холбогдолтой  чухал салбар. Тиймээс бид хүнс хөдөө аж ахуйн салбартаа шинэчлэлийн олон бодлого хэрэгжүүлж ирлээ. Үр дүнд нь монгол орондоо эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэх боломж нээгдэж эхэллээ.

    Гэвч бидний ирээдүйтэй гэж зорьж буй энэ салбарт дэлхий дахиныг хамарсан байгаль цаг уурын өөрчлөлт,усны нөөцийн багасалт, хүн амын өсөлт, түлшний үнийн өсөлт нь сөрөг нөлөө үзүүлэх боллоо. Мөн хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөц багасч, үнэ огцом өсч байгаагаас дэлхийн улс орнууд хүнсний хангамж, аюулгүй байдлынхаа бодлогод өөрчлөлт, шинэчлэлт хийж, төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх, дэмжлэг, зохицуулалтаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна.

     Тухайлбал, Ром хотноо 2009 оны 12 дугаар сард  зохион байгуулсан НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын дээд хэмжээний 3 дахь уулзалтаас “Хүн амын хүнсний үндсэн хэрэгцээг 2025 он гэхэд бүрэн хангах, 2050 он гэхэд хүн ам, түүний дотор хүүхэд өлсгөлөн байх гэдэг ойлголтыг арилгах” зорилт тавьсан. Энэ зорилтыг хангахад чиглэгдсэн төрийн оновчтой зохицуулалт, бодлогыг авч хэрэгжүүлэхийг гишүүн орнуудад  зөвлөсөн билээ. Учир нь дэлхийднэгтэрбум хүн буюу зургаан хүн тутмын нэг нь өлсгөлөнд нэрвэгдээд байна. Үүний 60 гаруй хувь нь Ази, номхон далайн орнуудад байна.   

    Тиймээс даяаршиж буй өнөө үед хүнсний аюулгүй байдлыг хангах, хангамжийг тогтвортой байлгах нь зөвхөн ганц орны бус, олон улсын хамтын ажиллагааны бодлого, үйл ажиллагааны нэн тэргүүний зорилт боллоо. Манай улс ч гэсэн дэлхийн улс орнуудын нэгэн адил хүнсний хангамжийн асуудалд анхаарлаа хандуулж, бодлого зорилгоо улам нарийвчлах ёстой.

    Бид хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд түүхий эдийн нөөц, гадаад худалдааг өргөжүүлэх, олон улсын чанар, стандартын тогтолцоог нэвтрүүлэхэд хүчин чармайлт гаргах ёстой.  Манай улс ард иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд энэ чиглэлийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хөгжүүлэхийг эн тэргүүний зорилтоо болгож байна.

    “Атрын IIIаян” тариаланг дэмжих үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжиж газар тариалангийн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хүнсний улаан буудайн импортын хараат байдлаас гарлаа. Манай улс улаан буудай, төмсний хэрэгцээгээ бүрэн, хүнсний ногооны 60 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах хэмжээнд хүрч, дотоодын гурилын үйлдвэрлэл сүүлийн 2 жилийн дотор  2,2 дахин нэмэгдлээ. Энэхүү үйлдвэрлэлээс хамаарч өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай улсын төмсний импорт 4 дахин,  улаан буудайн импорт 2,5 дахин, гурилын импорт 2 дахин буурлаа.  

    Сүүлийн жилүүдэд хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн салбарт манай хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснээр дотоодын хүнсний үйлдвэрлэл нэмэгдэж, импортын хэмжээ буурч,  эдийн засгийн эерэг үзүүлэлт гарч байна.

    Хүнсний аж үйлдвэрийн салбарт 2010 онд 504 тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 27,5 хувиар өсч, 64 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүнийг экспортлон, Монгол улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 60 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг боллоо гэсэн үг юм. Өнгөрсөн 10 сарын хугацаанд дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүний үнэ 30 орчим  хувиар нэмэгдэж байхад Монгол улсын хувьд уг үзүүлэлт харьцангуй тогтвортой байж инфляцад эерэгээр  нөлөөлсөн талаар Монгол Банкнаас мэдээлсэн зэрэг таатай нөхцөл бүрдлээ.

    Энэ оны нэгдүгээр сард хүнсний хангамж, аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар мах, гурил үйлдвэрлэгчдийн уулзалтууд, “Монгол хөрс-Монгол хүнс” зөвлөлдөх уулзалтыг  зохион байгуулсны үр дүнд хүнс хөдөө аж ахуйн салбарын хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах, газар тариалангийн салбарт олсон ололтоо бататгахаар боллоо. Мөн “Атрын IIIаян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлэх, “Сүү”, “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” хөтөлбөрүүдийн арга хэмжээг уялдуулах зорилгоор Засгийн газрын “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулж, “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.  

    Үндэсний хүнс үйлдвэрлэгчдийг  татварынбодлогоор дэмжихзорилгоор хууль эрх зүйн орчинд томоохон өөрчлөлтүүдийг хийж эхэллээ. Тухайлбал “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай”хуульд нэмэлтөөрчлөлторуулж, газар тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж,борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнийг нэмүү өртөгийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Мөн “Импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлж тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталсан. Цаашид  хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан “Хүнсний тухай“ хуулийг шинэчлэн найруулж, “Худалдааны тухай хууль”-ийн төслийг шинээр боловсруулж, энэ ондоо багтааж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

    Хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд  хяналт шалгалтын зөв тогтолцоо хэрэгтэй. Иймд ГЕГ, МХЕГ зэрэг мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах,  хүнс бэлтгэх бүхий л шатанд эрсдэлийг урьдчилан тооцох олон улсын аргачлалд тулгуурлан хяналтыг явуулдаг болох талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал байна. Мөн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор иргэд, олон нийт, төрийн байгууллагуудын санаачлагыг өрнүүлэх нь та бүхний хийх ёстой ажлын нэг хэсэг юм. Импортлогч орнуудын инфляцийг шууд оруулж ирж байгаад дүгнэлт хийж эртнээс авах дохиоллын системийг бий болгох хэрэгтэй.

    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг орон нутаг улсын хэмжээнд жигд хангахад өөрийн онцлог, дэд бүтцийн боломжийг харгалзаж, иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын идэвх санаачлагыг дэмжин ажиллах ёстой. Ялангуяа хүнсний хангамжийг тогтвортой байлгахад тээврийн дэд бүтэц чухал үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс авто болон төмөр замын багтаамжийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар анхаарч тодорхой ажлуудыг эхлүүлээд байна. 

    Мөн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хянах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бие даасан, үндэсний лавлагаа лабораторийг байгуулах шаардлага байна. Үүнийг хэрхэн яаж байгуулах талаар зөв шийдэл олох учиртай. Ингэхдээ хүнсний аюулгүй байдлыг хангах олон улсын болон европын стандартуудыг нэвтрүүлэх хэрэгтэй. Мөн саалиа бэлдэхээрсаваа бэлдгэсэн үгийг санаж хүнсний аюулгүй байдалтай холбогдуулан олон улсын стандартад нийцсэн агуулахуудыг барьж байгуулах хэрэгтэй байна. Агуулахын ач холбогдлыг бид махны үнийн зохицуулалтаас харж мэдэрсэн. Энэ чиглэлээр манай хувийн хэвшлийнхэн тодорхой ажлуудыг хийж байгаа гэдэгт итгэж байна.

    БНХАУ-ын Засгийн газраас авах 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн тодорхой хэсгийг, УИХ-аар батлагдсан ЖДҮ-ийг дэмжихээр гаргаж буй 150 тэрбум төгрөгийн бондыг хүнс, хөдөө аж ахуйн салбарт шаардлагатай томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Учир нь хүнсний аюулгүй байдлыг хангах, үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэлүүдийг дэмжиж ажиллах нь ард иргэдийн болоод улс орны аюулгүй байдлыг хангаж, баталгаажуулах алс хэтийн бодлого мөн.  

    Хүн амыг  аюулгүй  хүнсээр хангана гэдэгт ганцхан хоол хүнсний асуудал биш юм. Хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг, мал амьтан, ургамлын өвчин, хортон шавьжны асуудлыг бас давхар шийдвэрлэх ёстой. Энэ зорилгоор манай Засгийн газар Монгол малыг эрүүлжүүлэх чиглэлээр томоохон ажлууд хийхээр төлөвлөж байна. Юуны өмнө бүх малыг угаалга, тарилга, туулганд бүрэн хамруулах бодлого боловсруулж байна. Малаа эрүүлжүүлнэ гэдэг нь хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангаж байгаагийн нэгэн илрэл юм.

    Хүнсний  аюулгүй байдалд үнэлгээ өгч, цаашдын зорилтыг тодорхойлох зорилгоор  зохион байгуулж  буй энэхүү форумд оролцогч үйлдвэрлэгчид, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл Та бүхэн   тулгамдаж буй асуудлын талаар санал, бодлоо илэрхийлж тодорхой шийдвэр гаргахад идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.

    Анхаарал тавьсанд баярлалаа                        Улаанбаатар хот.  2011.06.24

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд: Тулгамдсан олон асуудлыг оновчтой шийдвэрлэх шаардлгатайг 90 жилийн түүх харуулж байна

    Эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, ажиллагсад аа,

    Хүндэт зочид оо,

    Хатагтай ноёд оо,

    Монгол Улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан ахмад буурлууд, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, энэ мөчид ажил үүргээ гүйцэтгэж буй эрүүл мэндийн салбарынхандаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсье. Эрүүл мэндийн салбарынхантай маань мөр зэрэгцэн ажиллаж байгаа олон улсын түншлэгч байгууллага, хандивлагч орны төлөөлөгчдөд эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе.  

    1921 оны наймдугаар сарын 15-нд цэрэг,ард иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй тусламж үзүүлэх “Эмнэлгийн хороо” байгуулах тухай их жанжин Д.Сүхбаатарын гарын үсэг зурсан шийдвэр нь Монгол Улсад эрүүл мэндийн алба үүсч хөгжсөн он тооллын түүхэн эхлэл болсон. Тухайн үед Монгол Улсын ард иргэдийндунд халдварт өвчин, сүрьеэ өргөн дэлгэрсэн, байгалийн голомтот өвчин тарваган тахлын дэгдэлт ойрхон давтамжтай гарчхүн амыннас баралтөндөрхувьтай байсан. Мөн хүн амын тоо жилээс жилд буурч байснаас үүдэн гадаадын зарим судлаачид “мөхөж буй үндэстэн” хэмээн тэмдэглэн үлдээсэн билээ. Харин тэр хүнд хэцүү үе 90 жилийн хугацаанд түүх болон үлдэж Монгол хүн эрүүлжиж, дундаж наслалт нэмэгдэж, хүн амын тоо нэмэгдэж 2,7 сая гарлаа.

    Энэ их амжилтад хамгийн гол үүрэг гүйцэтгэж ажилласан гавьяатай хүмүүс бол эрүүл мэндийн салбарын үе үеийн ажилтнууд гэдэгтэй хэн ч маргахгүй ээ. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан маань өөрсдийн үүрэг зорилгоо нэр төртэй биелүүлж 90 жилийнхээ түүхийг их амжилтаар бүтээлээ.

    Анхдагч, хоёрдогч, гуравдагч шатлалын эрүүл мэндийн байгууллагууд засаг захиргааны нэгжийн бүх түвшинд зохион байгуулагдаж, үйл ажиллагаа нь тогтворжсоноор хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй үзүүлэх чадавх бүхий тогтолцоо өнгөрсөн хугацаанд бүрдсэн.  Энэхүү эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэхэд үе үеийн Засгийн газраас бодитой дэмжлэгийг үзүүлж ирсний үр дүнд 10 000 хүн амд ногдох цочмог халдварт өвчний гаралт хэдэн арав дахин, шинээр төрсөн 1000 хүүхдээс нэг ой хүртэлх нялхсын эндэгдэл 26 дахин, эхийн эндэгдэл 250 дахин буурч, нийт хүн ам 5 дахин өслөө. Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эмнэлгийн ажиллагсдын нөр их хөдөлмөр, уйгагүй зүтгэл, хүн ардынхаа төлөө гэсэн чин сэтгэлийн үр дүнд дээрх амжилтад хүрснийг онцлон хэлэх ёстой.  

    Манай Засгийн газар бодлого, үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлээ Монгол хүний хөгжлийг хангах явдал гэж тодорхойлсон. Дэвшүүлсэн зорилт, явуулж буй бодлого монгол хүн бүрт хүрэх  ёстой. Монгол хүн бүр эрүүл байж эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хүн бүрт тэгш хүргэх боломжийг бүрдүүлэхийг Засгийн газар зорьж ажиллаж байна.

    Эмнэлгийн тусламж, үйлчилгээ бүр Засгийн газрын үйл ажиллагааны гол бодлого чиглэл болж байгаа бөгөөд хөрөнгө оруулалт, санхүүжилт үүнд чиглэж байна. Хамтарсан Засгийн газраас эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлж томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Клиникийн нэгдсэн I, III эмнэлэг, нийслэлийн 1, 3 дугаар амаржих газар, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн өргөтгөлүүд, 300 ортой нийслэлийн эх, нялхсын эрүүл мэндийн төвийн цогцолборыг шинээр барьж эхэлсэн бөгөөд 5 040 хүний суудал бүхий спортын цогцолборыг ашиглалтад орууллаа. Мөн Улаанбаатар хотод стандартын шаардлага хангасан Үндэсний оношилгооны төв, 16 хүртэлх насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх чадвар бүхий эмнэлгийг барихаар төлөвлөж байна.

    Эрүүл мэндийн салбарыхныхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ур чадварыг нь сайжруулах, нийгмийн асуудлуудыг нь шийдвэрлэх талаар ч Засгийн газраас тодорхой бодлого хэрэгжүүлж ирсэн. Эрүүл мэндийн салбар энэ мэт амжилт бүтээл байгаа боловч асуудал бэрхшээл байгааг 90 жилийн ойгоор нь хэлж сануулалгүй өнгөрч болохгүй. Амьдрал баян учраас алдаа оноо цөөнгүй бий. Өнөөдрийг хүртэл бидний өмнө эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага ч байсаар байна.

    Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийг эрчимжүүлэх, оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулах, Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, эмч, эмнэлгийн ажиллагсдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн нийгмийн асуудлыг сайжруулах зэрэг тулгамдсан олон асуудлуудыг оновчтой шийдвэрлэх  шаардлагатайг 90 жилийн маань түүх бидэнд бас сануулж, харуулж байна. Бас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа салбарын нийт ажилтнуудын санал санаачилгад тулгаарлан шийдвэрлэх нь зүйтэй. Энэ бүх асуудалд Засгийн газар анхаарч, эрүүл мэндийн салбараа дэмжиж ажиллана.  

    Ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогссон алтан гартай ачтан та бүхний маань ажил үйлс бүтэмжтэй байж энэ ертөнцийн түмэн жаргаланг ард иргэддээ бэлэглэж байхыг хүсэн ерөөе. Эрүүл мэндийн салбарынхаа 90 жилийн ойг амжилт бүтээлээрээ баяжуулан баталгаажуулж баяраа сайхан тэмдэглэхийг хүсэе.

    Анхаарал тавьсанд баярлалаа               2011 оны 6 дугаар сарын 24.