“Төрийн албаны шинэтгэл, сорилт, боломж” сэдэвт Үндэсний чуулган 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд ажлаа хүлээн авсныхаа дараахан УИХ-ын чуулганд үг хэлэхдээ төрийн албыг шинэчлэн, дунд, доод шатанд байгаа хүнд суртлыг халах ёстой. Төрийн жинхэнэ албанд төр, ард түмэндээ чин шударгаар ажилладаг мэргэшсэн тогтолцооны зарчмыг тууштай хэрэгжүүлэх бодит шаардлага байна гэж мэдэгдсэн юм.
Энэ зорилтоо ажил хэрэг болгохын тулд олон улсад хамгийн шилдэг туршлага хэмээн үнэлэгдсэн Канад загвар болох мерит тогтолцоог судлан, эх орондоо нутагшуулах чиглэлээр ажиллаж байна. Улмаар Ерөнхий сайд Канад Улсад айлчлах үеэрээ хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан бөгөөд тус улс бүх талаар дэмжихээ ч илэрхийлсэн юм. Төрийн албаны шинэчлэлийг цаасан дээр лоозон болгон үлдээлгүй, цаг алдалгүй хийх ёстой гэж Засгийн газрын тэргүүн үзэж байна. Тиймээс төрийн албаны шинэчлэлийг тууштай эхлүүлэхийн тулд үндэсний хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм.
Өнөөдөр эхэлсэн чуулганд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, орон нутгийн бүх шатны төрийн байгууллагын албан хаагчдын төлөөлөл, төрийн бус байгууллага, бизнес, иргэд, манай улсад суугаа гадаад орны Элчин сайдууд, НҮБ, олон улсын байгууллагын төлөөлөл, Канад Улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч, хатагтай Мария Баррадос гээд 650 гаруй оролцож байна. Чуулганаар төрийн албаны шинэтгэлийн стратегийг тодорхойлох, төрийн алба, төрийн албан хаагчийн талаар хуульд оруулах өөрчлөлт, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, мэргэжлийн түвшинг улс орны хөгжлийн хурдац, нийгмийн хэрэгцээ, шаардлагад хэрхэн нийцүүлэх талаар хэлэлцэн нэгдсэн ойлголт, шийдэлд хүрэх юм.
Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд, Төрийн албаны шинэтгэлийг удирдах хорооны дарга С.Батболд оролцон төрийн албаны шинэтгэлийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр төрийн болон төв, орон нутгийн байгууллагад тогтвортой ажилласан хүнийг албан тушаалд дэвшүүлэн томилдог байхыг хуульчлахын зэрэгцээ төрийн албанд аль намын, аль нутгийн, хэний хүн байх нь гол биш гагцхүү стандарт, шаардлагыг хангасан сайн менежер, зохион байгуулагч, төрд сэтгэлтэй хүн ажилладаг байх ёстойг онцлон тэмдэглэлээ.
Намчирхах, нутгархах, бүлгэрхэх, албан тушаал, эрх мэдлийн нэр сүрээр төрийн байгууллагын дотоод ажил, хүний нөөцийн бодлогод ил далд хэлбэрээр нөлөөлдөг зүй бус, зохисгүй оролцоо, хандлагыг таслан зогсоох улс төр, эрх зүйн баталгааг бүрдүүлэх ёстой. Мэргэшсэн, тогтвортой, мерит зарчимд суурилсан төрийн албаны үр өгөөжтэй, иргэддээ үйлчилдэг, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж Ерөнхий сайд үзэж байна.
Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш бүх аймагт ажиллан иргэдтэйгээ уулзаж жаргал, зовлонг нь сонссон. Хэдийгээр асуудал, бэрхшээл байгаа ч хамгийн гол нь төрийн байгууллагын ажил үйлчилгээ, төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, хариуцсан ажил болон хүнтэй харьцах харьцаанд сэтгэл дундуур байдгаа иргэд хэлж байсан юм. Үүнийг Ерөнхий сайд сануулаад яам, агентлаг, төв, орон нутгийн төр захиргааны байгууллагуудад хэдэн мянган албан хаагч ажиллаж байгаа хэрнээ гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бодит өөрчлөлт гарсан гэж бардам хэлэх үндэслэл бага байна. Иргэдийн амьдралд шууд мэдэгдэхүйц дорвитой өөрчлөлт гарахгүй байна гэж шүүмжлэлтэй хандав.
Иймээс засаглалын хэлбэр, маягаа илүү үр өгөөжтэй болгож, төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Засаглалын үр ашигтай механизмыг тогтоох, төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагыг эрс сайжруулах нь эдийн засаг, нийгмийн том зорилтуудыг хэрэгжүүлж, улс орны болон хүний хөгжлийг хангах гол түлхүүр, үндсэн хөшүүрэг гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна. Энэ нь ч хөгжсөн орнуудын туршлага, тэдний амжилтын нэг нууц. Тиймээс төрийн албаны шинэтгэлийг ярих нь нийгмийн хэрэгцээ шаардлага, өнөө цагийн дуудлага гэж тэрээр онцлов.
Шинэтгэлийн гол зорилго нь одоогийн бүтэц, тогтолцоог боловсронгуй болгон тогтвортой байдлыг хангах, улмаар үйл ажиллагаа, соёл, хандлага, төрийн албан хаагчдын бодол сэтгэлгээ, арга барилын шинэтгэлийг эрчимжүүлэхэд оршино гэж Ерөнхий сайд хэллээ. Засаглалын ялгаа байгаа учир улс орнуудын зарим нь хөгжиж, зарим нь хөгжиж чадахгүй байна. Хөгжих үндэс нь сайн засаглалын стандарт. Тиймээс сайн засаглалын стандартыг төв, орон нутаг, нутгийн өөрөө удирдах ёсонд нэн даруй нэвтрүүлэхийг хичээх учиртай. Сайн засаглалын нэг үндсэн шинж бол төрийн алба мэргэшсэн, тогтвортой байж, иргэддээ чанарын үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг гэдгийг тэрээр сануулав.
Төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх нь улс орны тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл. Төрийн албаны тогтвортой байдал гэдэгт бодлогын, хууль тогтоомжийн, байгууллагын бүтэц, тогтолцооны, үйл ажиллагааны чиглэлийн, боловсон хүчний гээд олон зүйл багтана. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд эдгээрийн алинаар нь ч тогтвортой тууштай байдлыг хадгалж чадаагүйг Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Төрийн жинхэнэ албаны ажилтнуудын ангилал, зэрэглэлийн стандартыг тодорхой болгох ёстой гэж тэрээр үзэж байна. Энэ нь яам, агентлагийн хэлтэс, газрын дарга болон ерөнхий менежерүүдэд тавигдах шаардлагыг бусад улс орны ижил түвшний менежерүүдэд тавигддаг орчин үеийн шаардлагын түвшинд тодорхой стандартчилж өгнө гэсэн үг юм.
Ажил албандаа илүү хариуцлагатай, шударгаар ажиллахын тулд бид хэнд ч, юунд ч төлөөс төлөхгүй, зарлага гаргахгүй, харин ч итгэл, хүндэтгэлийг олно. Төрөө гэх ард түмний итгэл сэргэж ирнэ. Үүний тулд тухайн хүний хүсэл зориг хэрэгтэй. Ийм хүсэл, зориг, эрмэлзэл өөрт нь байгаагийн адил төрийн албан хаагчдад бий гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд хэлээд шударга, хариуцлагатай төрийн албаны төлөө хамтран ажиллахыг уриаллаа. Манай улсын төрийн байгууллагад 150 гаруй мянган хүн ажиллаж байна. Тэдний 113 мянга гаруй нь төрийн үйлчилгээний албан хаагч юм
Эмзэг байдлаас тогтвортой хөгжилд: байгаль орчин, хүний хөгжил сэдвийн дор байгаль орчны тулгамдсан асуудлууд хүний хөгжилд хэрхэн нөлөөлж буй болон нөлөөлж болохыг бодит тооцоо судалгаанд үндэслэн гаргасан Монгол Улсын Хүний хөгжлийн илтгэлийг танилцуулах арга хэмжээ өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо.
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны зургадугаар сарын 23-ны өдөр Азийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайд С.Батболдыг Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний бүгд хуралдаанд оролцох үеэр тус Азийн нийгэмлэгийнхэн уулзалт хийж байсан юм. Энэ удаад тэд манай оронд айлчилж байгаа нь энэ ажээ.
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн билээ. Тус айлчлалын үр дүнгээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Хэвлэлийн бага хуралд Сангийн сайд С.Баярцогт, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, ГХЯ-ны стратеги төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Г.Батжаргал нар хүрэлцэн иржээ. Юуны өмнө Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын тус улсад хийсэн айлчлал нь хоёр орны сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд хүргэснээрээ түүхэнд үлдэх, ач холбогдолтой айлчлал боллоо гэж Сангийн сайд С.Баярцогт тодотголоо. Улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хамгийн гол нь худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах,хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол Хятадын стратегийн түншлэлийн гол агуулга ажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны шинэтгэлийг удирдах хороо хамтран “Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” сэдэвт үндэсний чуулганыг энэ сарын 23-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Нийслэл, хөдөө орон нутгаас 600 гаруй төлөөлөгч оролцох энэхүү үндэсний чуулганд оролцохоор Канад улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч, хатагтай Мария Баррадос тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ирээд байгаа юм.
Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакартад болсон Зүүн Азийн асуудлаарх дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхий сайдыг 2011 оны зургадугаар сарын 13-ны орой БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод хүрэлцэн ирэхэд БНХАУ-ын албаны хүмүүс болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар нар угтан авлаа.
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд зургадугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын дэд дарга Си Жиньпинтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар БНХАУ-д айлчилж, ноён Си Жиньпинтэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай хийсэн албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, тодорхой үр дүн авчирсан төдийгүй хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргасан ач холбогдолтой уулзалт болсныг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэн хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.
Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ,Хатагтай, ноёд оо,
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд өнөөдөр өглөө Монгол Хятадын бизнесийн чуулга уулзалтад оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ энэхүү айлчлалын гол ач холбогдол нь хоёр хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэл болгон дээшлүүлэхэд оршиж байна гээд үүний гол хөдөлгөгч хүч нь худалдаа, хөрөнгө оруулалт, харилцан ашигтай хамтаар хөгжих харилцаа өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгч та бүгдийн хамтын ажиллагаа, түншлэл юм гэдгийг онцоллоо.