Ангилал: мэдээ

  • С.Батболд: Агаарын бохирдлыг бууруулах их аянд хамтдаа зүтгэхийг уриаллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011оны 5-р сарын 15-ны өдөр “Цэвэр агаар бэлэглэе” өдөрлөгт оролцож эрчим хүчний хэмнэлттэй зуухны анхны галыг өрдлөө. Засгийн газрын тэргүүн энэ үеэр хэлэхдээ хэдийгээр урин дулаан цаг ч гэлээ удахгүй бид өвөлтэй золгоно. Нийслэлчүүдийн санааг хамгийн их зовоож байгаа асуудал яах аргагүй утаа. Үүнийг бид хамтдаа шийдвэрлэх ёстой гээд Хамтарсан Засгийн газар 2009 оноос эхлэн утааны асуудлыг шийдвэрлэхээр зорилт тавин ажиллаж, АНУ-аас үзүүлж байгаа дэмжлэг туслалцааг Улаанбаатар хотын утааг бууруулах асуудалд чиглүүлэхийг Мянганы сорилтын сантай ярилцаж тохироод байна.

    АНУ-ын Мянганы сорилтын сан манай улсад 285 сая америк долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болж үүнээс 47,2 сая америк долларын  санхүүжилтийг агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” төсөлд оруулахаар шийдвэрлэсэн. Үүний дүнд энэ ажлыг 2010 оноос Чингэлтэй дүүрэгт эхлүүлж өнөөдөр бид энэхүү төслийн хүрээнд утааг 80 хувиар бууруулах утаагүй зуухыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулж байна гэлээ. Мөн тэрээр Засгийн газар энэхүү хэмнэлтэд зуухыг үндсэн үнээс нь 45-77 хувийг хөнгөлөлттэйгээр иргэдэд олгоно. Энэ нь цэвэр агаар хүсч байгаа иргэн бүрт айл өрх бүрт олгож байгаа урамшуулал юм гээд, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах аянд хамтдаа зүтгэхийг уриаллаа.

    Төслийн хүрээнд урьдчилсан байдлаар энэ онд нийслэлийн 70 гаруй мянган өрхийг энэхүү утаагүй зуухаар хангаад зогсохгүй цаашид нийслэлийн гэр хорооллын бүх айл өрхийг эрчим хүчний хэмнэлтэт  зуухаар хангах зорилт тавин ажиллаж байна.  Өнөөдөр нэг айл өрх нийт орлогын 40 хувийг түлээ нүүрсэнд зарцуулж байгаа гэсэн судалгаа бий. Тэгвэл үүнийг дор хаяж 30 хувиар хэмнэнэ гэсэн тооцоог мэргэжилтнүүд  гаргажээ. “Цэвэр агаар” төслийн хүрээнд хийгдэж байгаа энэхүү зуух нь 5-8 ханатай гэрийг халаахаас гадна амины орон сууцанд хэрэглэх бололцоотой.

    Чингэлтэй дүүргээс эхэлж байгаа энэ төсөл ирэх 10-р сар гэхэд нийслэлийн дөрвөн дүүрэгт хэрэгжинэ. Засгийн газар Мянганы сорилтын сантай хамтран байгуулсан гэрээний дагуу 45-77 хувийг санхүүжүүлнэ. Тухайлбал жижиг зуух авсан тохиолдолд үлдэж байгаа 70 гаруй мянган төгрөгийг  иргэд өөрсдөө төлнө. Мөн бэлгийн картаар ах эгч, найз нөхөд, байгууллагынхаа ажилтан албан хаагчдад энэхүү эрчим хүчний хэмнэлттэй зуухыг авч өгөх бүрэн боломжтой. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хүн бүхний хүчин чармайлт чухал учраас энэ ажил идэвхтэй оролцохыг Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт энэ үеэр хэллээ

  • Монгол улсын хөгжлийн түүх нэгээр нэмэгдлээ

    Монгол улсын хөгжлийн түүх нэгээр нэмэгдлээ Банк санхүүгийн салбарт шинэ хуудас нээгдсэн, хөгжлийн түүхэнд шинээр бичигдэх нэгэн үйл явдал өнөөдөр боллоо. Монгол улсын Хөгжлийн банкны нээлтийн ёслолын ажиллагаа болж, тус арга хэмжээнд Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Хөгжлийн банкны эдийн засагт оруулах хувь нэмэр, хүлээлт, үүрэг хариуцлага маш өндөр  гэдгийг ёслолын ажиллагаанд оролцсон Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, хөгжлийн түлхэгч хүч болсон банк  байх ёстой гэдгийг онцолж байв. Нэг сар гаруйхны өмнө Лондонгийн хөрөнгийн биржтэй менежмэнтийн гэрээ байгуулж байсан бол, өнөөдөр Хөгжлийн банкны нээлтийг хийж байгаа нь цаг үеийн захиалга болж байна хэмээн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд дурьдаад, өнгөрсөн 20 жил бид хөгжлийн шатуудаа туулж ирсэн ч түүнийгээ сайжруулах, эргэж харах нөхцөл байдал тулгарч байна.

    Ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн төлөө  шат дараалсан арга хэмжээ авч, энэ тухай ч хангалттай ярилаа. Харин эндээс бид бодит  ажил руу шилжих  ёстой, энэ ажил нь үр дүнгээ өгөх ёстой. Үүний нэг шийдэл нь Засгийн газраас Хөгжлийн банк байгуулж байгаа явдал юм. Энэ банкаар дамжуулан тэргүүн ээлжинд “ Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөр”, “ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “ Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжинэ. Дэлхийн жишиг стандарт ч дагаж мөрдөгдөх эхлэл болох юм.

    Монгол улс эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд байна. Энэ цаг мөчид бид ирээдүйн эдийн засгийн өсөлтийг тэтгэх салбаруудыг бий болгон дэмжих Хөгжлийн санхүүгийн тусгайлсан байгууллагыг байгуулж байна. Гараа  сайн бол, бариа сайн гэдэг шүү дээ. Энэ хэмжээгээрээ үүрэг хариуцлага гэж ойлгох хэрэгтэйг Гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглээд, олон улсын түвшинд өрсөлдөхүйц ажиллах чадвартай мэргэжлийн баг энэ банкыг авч явах учиртайг шинэ банкны удирдлагуудад зөвлөөд ажлын өндөр амжилт хүслээ.

    Дээрх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой нийт 800 тэрбум төгрөгийн өрийн бичгийг дотоодод арилжаалахыг Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкинд зөвшөөрөөд байгаа билээ. Энэ нь таван жилийн хугацаатай 250 тэрбум төгрөгийн , 10 жилийн хугацаатай 250 тэрбум төгрөгийн, 15 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн өрийн бичиг байх ажээ. Хөгжлийн банк нь улс орны хуримтлалыг ашиглан тэргүүлэх ач холбогдолтой салбаруудад Засгийн газрын хөгжлийн бодлогын дагуу урт хугацаатай, хүү багатай зээлийг олгож, үндэсний эдийн засгийн шинэ бүтцийг бий болгох байгууллага юм.

    Тус банкаар дамжуулан анх удаа 800 тэрбум төгрөгийн бонд гаргаж байгаа бөгөөд хэдий хэмжээний мөнгийг, ямар хүүтэйгээр олгохыг Сангийн яамтай нарийвчлан ярьж байгааг ёслолын ажиллагааны дараа хэвлэлийн бага хурал хийх үеэр Хөгжлийн банкны монгол талын тэргүүн дэд захирал Л.Болормаа мэдээлж байлаа. Мөн тус банкны гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүний 50-иас доошгүй хувь нь Монгол улсын иргэн байхаар хуульд тусгасныг баримтлан ажиллаж байгаа ажээ. Хяналтын хувьд Монгол банкны оролцоо хязгаарлагдмал гэдгийг Сангийн сайд С.Баярцогт тэмдэглэж байсан бөгөөд үйл ажиллагаагаараа арилжааны банкнуудтай өрсөлдөхгүй юм байна

  • Төр, засгаас нийслэл хотыг бүх талаар дэмжинэ

    Төр, засгаас нийслэл хотыг бүх талаар дэмжинэМонгол Улсын төр, Засгийн газар нийслэл Улаанбаатар хотыг эрх зүй, санхүү, бие даасан байдал гээд бүх талаар дэмжинэ. Ийм боломж ч бүрдсэн. Одоо хийж байгаа ажлаа орчин үеийн стандартад нийцсэн, нээлттэй, чанартай, бодитой байхад хот өөрөө анхаарах ёстой. Утаа, замын түгжрэл гээд олон жил ярьсан зүйлийг шийдвэрлэх боломжийг ч төр, засаг бүрдүүлж байна. Засгийн газар нийслэл хотыг дэмжихийн зэрэгцээ шахаж шаардаж, хариуцлага ярина. Хийж байгаа ажлын эцсийн дүнд иргэдийн ая тухтай амьдрах орчин сайжирсан байх учиртай гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

    Тэрээр Нүхт цогцолборт болсон “Улаанбаатар хот-Төр, хувийн хэвшлийн түншлэл” зөвлөлдөх уулзалтад оролцохдоо ингэж тэмдэглэв.

    “Концессийн тухай” хууль УИХ-аар батлагдсаныг нийслэл хот ашиглаж, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэн, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлж, хувийн хэвшил, иргэний нийгэмтэйгээ хамтран хатуу хяналт тавих хэрэгтэй гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.

    Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрөөс эхлээд орон сууц, авто болон төмөр зам барих, үйлдвэржүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гээд  томоохон  зорилт тавин хэрэгжүүлж байгаа юм. Эдгээрийг “Концессийн тухай” хуулийн хүрээнд, бодит үр дүнд хүргэхэд талууд хоорондын уялдаа холбоо чухал гэж Ерөнхий сайд үзэж байна.

    Банк, санхүү, хөрөнгө оруулалтаас гадна 800 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, уул уурхайн салбараас орох орлогыг дэд бүтэц, орон сууц, үйлдвэр, хүнээ хөгжүүлэх зэрэгт зарцуулан, БНХАУ-ын Хөгжлийн банкны 500 сая ам.долларыг нийслэлийн бүтээн байгуулалтад зориулахаар төлөвлөж байгааг тэрээр жишээ болголоо.

    Цаашид концессийн зарчмаар хэрэгжүүлэх төслүүдийн урьдчилсан шалгаруулалт зарлагдаж эхэлж байгаа энэ үед дотоод, гадаадын аль болох олон оролцогчийг оролцуулж нээлттэй өрсөлдөөн өрнүүлэх, үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжихийн зэрэгцээ шилдэг технологи, ноу-хаутай, үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан гадны туршлагатай компани, байгууллагуудтай хамтран ажиллахыг нийслэлийн удирдлагуудад Ерөнхий сайд С.Батболд чиглэл болгов.

     “Улаанбаатар хот-Төр, хувийн хэвшлийн түншлэл” зөвлөлдөх уулзалтын үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх 44 төслийг төсөл тус бүрээр хэлэлцэж байна. Түншлэлийн хүрээнд их хэмжээний хөрөнгө шаардлагатай төслүүдийг төсвийн хөрөнгө, санхүүжилт хүлээлгүй, төр, дотоод, гадаадын хувийн хэвшлийнхэнтэй хамтран харилцан ашигтай, удаан хугацааны гэрээ байгуулж хэрэгжүүлэхээр нийслэл хот төлөвлөжээ.

    Энэ хүрээнд Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн гүүрээс Яармагийн товчоо хүртэлх 18 км, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22,5 км, Ар зайсан-Их Монгол Улсын гудамжны 3,8 км, Шаргаморьтын  уулзвараас Гүнтийн даваа хүртэлх 5 км замаас гадна СХД, Багануур дүүрэгт байгуулах Нийслэлийн ахмадын сувилал, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, хүүхдийн цэцэрлэг зэрэг төслийн концесс олгох шалгаруулалтыг зарлаад байна.

    Цаашид автобусны эцсийн зарим буудлыг үйлчилгээний төвийн хамт цогцоор нь шинэчлэх, цэвэрлэх байгууламжийн төсөл, нүхэн гарц барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг концессийн гэрээгээр гүйцэтгүүлэхээр төлөвлөжээ. “Улаанбаатар хот-“Төр, хувийн хэвшлийн түншлэл” зөвлөлдөх уулзалтад нийслэлийн төр, захиргааны байгууллагаас гадна манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд, дотоод, гадаадын хувийн хэвшлийн 120 гаруй хүн оролцож байна

  • Азийн зах зээлд өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сар 12-ны өдөр Монголын иргэний агаарын тээврийн Изинес эйрвэйз компани Японы Олл Ниппон Эйрвэйз /АНА/ компанитай урт хугацааны хамтын ажиллагаа, стратеги түншлэл байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. Монгол, Японы хооронд агаарын тээврээр зорчигчдод найдвартай, шуурхай үйлчилгээг хүргэх, шинэ стандарт нэвтрүүлэх, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг сургах, агаарын хөлгийн ашиглалт үйлчилгээ, удирдлагын менежмент, аюулгүй ажиллагаа зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар талууд тохирчээ.

    Энэхүү түншлэл нь агаарын тээврийн салбарт төдийгүй, Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулаад зогсохгүй, Азийн зах зээлд өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болно хэмээн АНА компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Кэйсүкэ Окада ёслолын үеэр хэллээ. АНА компани нь 1952 онд байгуулагдаж эдүгээ Японы болон дэлхийн 76 хот руу нийт 164 олон улсын болон орон нутгийн чиглэлд 228 агаарын хөлгөөр үйлчилдэг байна. Жилийн орлогоороо дэлхийд эхний наймд эрэмбэлэгддэг тус компани зорчигчдын тоогоор Япондоо тэргүүлж байна.

  • Газрын тосны салбарт анхаарах зүйл багагүй байна

    Газрын тосны салбарт анхаарах зүйл багагүй байнаМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зүүн аймгуудад албан томилолтоор ажиллах үеэрээ Дорнод аймгийн Матад сумын нутагт байрлах “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтай танилцав. Ерөнхий сайд Дорнод аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзах үед энэ компанийн ажилтай холбоотой багагүй зүйл хөндөгдөж, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ч цөөнгүй удаа шүүмжлэлтэй хандаж байлаа. Ялангуяа газрын тосны нөөц ашигласны төлбөр, байгаль орчны нөхөн сэргээлт, газрын тос тээвэрлэдэг зам, эрчим хүчний талаар онцгойлон яригдаж байсан юм.

    БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани 2005 оноос өнөөг хүртэл 1,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, хайгуулын ажлаа эрчимжүүлж, газрын тосны нөөцийг тогтоон манай улсад хүлээлгэн өгсөн. Өнгөрсөн хугацаанд 4,6 сая баррель түүхий тос олборлохоор төлөвлөсөн тухай компанийн ерөнхийлөгч Гао Вэнбо танилцуулгадаа дурдлаа. Танилцуулганы дараа Ерөнхий сайдыг дагалдан явсан УИХ-ын гишүүд, холбогдох яам, агентлагийн удирдлагууд гэрээнд заасан хатуу хучилттай зам тавих, эрчим хүчээр холбох, байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлын хэрэгжилт хангалтгүй байгаад хариулт хүсч байлаа.   

    Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл зарим хэсгийн нөөцийг батлаж өгөөгүйгээс бүтээн байгуулалтын ажлууд удааширч байгаа. Нөөц батлагдсаны дараа хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэж, ажил үргэлжлэх боломжтой гэсэн тайлбарыг “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагууд хэлж байлаа. Дараа нь Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ эрэл, хайгуулын ажлын хэмжээг нэмэгдүүлж, олборлолтыг өсгөх, газрын тосоо эх орондоо боловсруулж, шатахууны хэрэгцээгээ найдвартай хангахад төр, засаг онцгой ач холбогдол өгч байна. Энэ дагуу хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хариуцлагатай, нээлттэй, өрсөлдөх чадвартай орчин бий болгох шаардлага бий болж байгаа гэлээ.

    Хайгуулын ажил эрчимжиж, олборлолт эхэлсэнтэй холбогдуулан энэ салбарт  төрөөс баримтлах бодлого, чиглэл, “Газрын тосны тухай хууль”-ийг шинэчлэх найруулах зайлшгүй шаардлагатай учир Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас Засгийн газар, Улсын Их Хуралд баримт бичгүүдийг өргөн барихад бэлэн болгоод байгаа юм байна. Цаашид үйл ажиллагаандаа зайлшгүй анхаарах хэдэн зүйлийн талаар “Петро Чайна Дачин Тамсаг” компаний удирдлага болон манай улсын холбогдох байгууллагуудад Ерөнхий сайд С.Батболд онцлон хэллээ.

    Тухайлбал газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг Бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмж тусгахыг хамгийн түрүүнд тэмдэглэв. 

    Компанийхан тостой холилдсон усаа ухсан нүхэнд хийдэг ч сайн саармагжуулдаггүй тухай зүүн гурван аймагт ажиллах үеэр нутгийн иргэд хэлж байсныг дуулгаад, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтээ стандартын дагуу хийх, газрын тос цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах зориулалттай Олборлолтын ил байгууламжийг 2011 онд багтаан барих нь чухал. Шингэн хог хаягдлыг стандартын дагуу саармагжуулж, нөхөн сэргээлтээ чанартай хийхэд компаниас гадна холбогдох байгууллагууд, орон нутаг онцгой анхаарахыг хатуу сануулав. Энэ ажлын хэрэгжилтийг Засгийн газар эргэж хянах болно гэдгээ дуулгалаа.

    Нөөцийн саваа хилийн боомтод барих, хатуу хучилттай зам тавих тухай ярьсаар цөөнгүй жил болсон ч байдал өнөөг хүртэл хэвээр байгаад Ерөнхий  сайд шүүмжлэлтэй хандлаа. Тиймээс Баянхошууны боомтын чиглэлд хатуу хучилттай замыг богино хугацаанд, үе шаттайгаар барих, мөн эрчим хүчний 188 км шугамыг амласныхаа дагуу ашиглалтад оруулахыг чиглэл болгов.

    Ийм шаардлагыг ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа бусад аж ахуйн нэгжид ч тавьж байгаа гэлээ. Тухайлбал хүнд даацын машинаар өдөр бүр Тавантолгойгоос хил рүү нүүрс тээвэрлэн байгаль орчныг бохирдуулж, хөрс эвдэж байна гэсэн үндэслэлээр дотоодын компаниудын тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож хатуу хучилттай зам тавиулж байгаа. Үүнтэй адил арга хэмжээ авахад ч болохгүй гэх газаргүйг Ерөнхий  сайд “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагад анхааруулаад авлаа.   

    Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь Засгийн газрын өмнөө тавьсан том зорилтын нэг гэдгийг тэрээр онцлон тэмдэглэлээ. Хэдийгээр Тамсагийн сав газарт нөөц эцэслэн батлагдаагүй ч зүүн болон төвийн бүсэд бага, дунд оврын үйлдвэр байгуулах, үүнд гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, үйлдвэрт түүхий эдээ тэргүүн ээлжинд өгөх учиртай гэж“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагад санууллаа.

    Ерөнхий сайдын бас нэг хөндсөн сэдэв бол гадны хөрөнгө оруулалттай зарим аж ахуйн нэгжид ажиллаж байгаа гадаад, монгол ажилчдын цалингийн зөрүүний тухай байлаа. Ижил төрлийн ажил хийж байгаа бол цалингийн хэмжээ гадаад, дотоод гэж ялгалгүй ойр байх ёстой. Цаашид монгол иргэдийг газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр бэлтгэж, мэргэшүүлэх, улмаар ажлын байраар хангах нь чухал байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд сануулав.  “Петро Чайна Дачин Тамсаг” компани төрийн болон төрийн бус байгууллага, эмнэлэг, сургууль, аймаг, сум, дүүрэг, баг, хороо, малчдад болон уламжлалт баяр ёслолын үеэр 2 сая орчим ам.долларын хандив, тусламж үзүүлсэн тухай өмнө нь танилцуулсан юм. 

    Хандив, тусламжийг шаардлага, боломж гарсан үедээ л өгч авалцаад байх бус, харин урт хугацаанд хамтран ажиллах нээлттэй, ил тод гэрээ байгуулж ажиллавал орон нутгийн хөгжил, иргэдийн ахуй амьдралд илүү өгөөжтэй гэж  Ерөнхий сайд үзэж байна. Тулгамдсан асуудал байгаа бол холбогдох байгууллагын хүмүүстэй нухацтай ярилцаж, саналаа нэгтгэн Засгийн газарт танилцуулж байхыг зөвлөөд ярьж байгаа зүйл байрандаа байгаад байх бус, урагшаа явсан, бодитой ажил байх ёстой. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үлгэр жишээ болох учиртай энэ төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хаа хаанаа анхаарах ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгийнхээ төгсгөлд тэмдэглэв. 

    Газрын тосны гэрээт талбай нь тусгай зөвшөөрөлтэй байх ёстой учир газар ашиглалтын төлбөр, нөхөн сэргээлтийн асуудлыг тусгасан журам өнөө хүртэл байхгүй байгаад салбарын яам анхаарахыг Ерөнхий сайд сануулж төсөл боловсруулан Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлал, Эрдэс балаг, эрчим хүч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, мэргэжлийн хяналт гээд холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь хуралдан асуудлаа хэлэлцсэн юм.

    Манай холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо тааруу байдаг учир цаашид шаардлагаа нэгтгэн тавьж байвал гадны хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, манайхны ажилд  тус нэмэртэй тухай ч уулзалтын үеэр яригдлаа.  Ажлын хэсэг саналаа нэгтгэн төсөлд тусгана. Энэ дагуу газрын тосны салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудал Засгийн газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцэгдэх болж байна

  • Зүүн хязгаарт ажил хөдөлмөр буцалж байна

    Эх орны зүүн хязгаар, Дорнод аймагт хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан гээд бүх салбарт ажил хөдөлмөр ид буцалж байна. Тулгарч байгаа асуудлаа хамтын хүчээр шийдвэрлэнэ. Иргэд ажилтай, орлоготой болж орон нутагтаа сайхан амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн төлөө хамтран зүтгэе гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Тэрээр 2011 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд хүрэлцэн очиж иргэд, хөдөлмөрчидтэй уулзсан байна.  Аугаа их Эх орны дайны ялалтын 66 жилийн ойн баярын өмнөх өдөр ирсэн Ерөнхий сайдад орон нутгийн удирдлага, иргэд талархал илэрхийлж, амжилт бүтээлээ тайлагнахын сацуу хүндрэл бэрхшээлээ ч дуулгалаа. Хамтарсан Засгийн газар атаршсан хэдэн мянган га газрыг дахин ашиглахаар шийдвэрлэн, шат дараатай арга хэмжээ авч эхэлсэн нь газар тариалангийн салбарт арвин их туршлагатай Халхголчуудын талархлыг хүлээж, анхаарлыг нь хамгийн их татсан сэдэв болжээ.  Энэ ч үүднээс тус суманд “Нар тоссон хөгжил” сэдэвт өдөрлөг болж, Халх голын бүс нутагт эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй хослон хөгжүүлэх “Халх гол” төслийг иргэд, газар тариалан эрхлэгчдэд танилцуулсан байна.  “Халх гол” төслийн хүрээнд 2012 он гэхэд 30 мянга га талбайг эдийн засгийн эргэлтэд оруулж 370-400 ажлын байр шинээр бий болгоно. Мөн үрийн тариалан, бусад таримлын тариалалтад шилжиж, ажилтнуудыг давтан сургаж мэргэшүүлэхийг зорьж байна.   Дараагийн шатанд 170 мянга га газрыг ашиглан, байгаль орчинд нөлөөлөх техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Түүнчлэн дагалдах бизнес болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж Засгийн газар тооцоолж байгаа юм. Атрын IIIаяныг үр дүнд хүргэхэд чухал түлхэц болсон бодлогын томоохон арга хэмжээ авч, тариалалт хийхэд Засгийн газраас тодорхой хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, илүү хураан авсан будаанд урамшуулал олгохыг цөөнгүй хүн Ерөнхий  сайдаас хүсч байлаа. Мөн Халх гол суманд салхины хүч ихтэй учир хөрсийг салхины эвдрэлээс хамгаалах, үүл буудаж бороо оруулдаг цогцолбор төхөөрөмжөөр хангах нь чухал гэдгийг ч сануулж байв.  Үүний зэрэгцээ нутгийн иргэд үүрэн телефоны сүлжээнд холбогдох, газрын тосыг урагш нь гаргаж байгаа замыг хатуу хучилттай болгох зэрэг тулгамдсан асуудал ч цөөнгүй байгааг хэлж байлаа. Иргэдийн үгийг сонссоны дараа Засгийн газрын тэргүүн хэлэхдээ төр, засаг, орон нутгийн удирдлага, иргэд хөгжлийн төлөө гэсэн нэгдмэл байр суурьтай байгааг онцлон тэмдэглэв. Атаршсан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, сумыг өндөр хүчдэлийн цахилгаан шугам сүлжээнд холбох, Чойбалсан-Халх голын хооронд 340 км хатуу хучилттай зам тавьж, төмөр замын сүлжээнд холбох боломжийг судлах зэргийг Засгийн газар “Халх гол” төслийн хүрээнд шат дараатай шийдвэрлэхээр зорьж байгаад Халхголчууд талархаж байна.  Зөвхөн газар тариалан, мал аж ахуй гэлтгүй Буйр нуур, Халх голоос эхлээд  байгалийн үзэсгэлэнт газар нутагтай, түүхийн хөшөө дурсгал олонтой гээд давуу  боломжоо ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Засгийн газар тодорхой дэмжлэг үзүүлнэ гэдгээ Ерөнхий сайд С.Батболд нутгийн иргэдэд амлав. Атаршсан талбайг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр солонгосуудад газраа хэдэн зуун га-гаар нь худалдах гэж байна гэсэн яриа иргэдийн дунд байгааг Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсоор няцаалаа. Хий хоосон цуурхал, ам дамжсан ярианд авталгүй, бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас нь авч, ажил, амьдралаа зохицуулж байх нь хаа хаанаа чухал гэдгийг ч сануулсан байна.  Засгийн газраас дэвшүүлэн тавьсан зорилтыг иргэд дэмжиж, хамтран ажиллаж ахуй амьдралаа өөд нь татъя. Та бүхний ирээдүй таны гарт байгаа гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгийнхээ төгсгөлд Халхголчуудад захилаа. Мөн өдөр гүйцэтгэх засаглалын тэргүүн Халх гол суманд байгуулж байгаа фермерийн загвар аж ахуйтай танилцсан байна. “Халх гол” төслийн эхний шатанд БНСУ-ын буцалтгүй тусламжаар 2011-2012 онд энд нийт 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр усалгааны систем байгуулж, мах, сүүний чиглэлийн үхрийн, гахайн загвар аж ахуй байгуулж манайд хүлээлгэн өгөх юм.      Солонгосууд энэ жил усалгааны систем байгуулж ирэх жил тариалалтаа хийхээр төлөвлөснөө Ерөнхий сайдад танилцууллаа.  Газар тариалангийн салбарт өрсөлдөх чадвартай, өндөр технологитой аж ахуй байгуулж, орон нутгийн хөгжил, иргэдийн ахуй амьдралд ач тусаа өгөх чухал ач холбогдолтой төслийг БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаад Ерөнхий сайд тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад талархал илэрхийлсэн байнаЭх орны зүүн хязгаар, Дорнод аймагт хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан гээд бүх салбарт ажил хөдөлмөр ид буцалж байна. Тулгарч байгаа асуудлаа хамтын хүчээр шийдвэрлэнэ. Иргэд ажилтай, орлоготой болж орон нутагтаа сайхан амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн төлөө хамтран зүтгэе гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Тэрээр 2011 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд хүрэлцэн очиж иргэд, хөдөлмөрчидтэй уулзсан байна.

    Аугаа их Эх орны дайны ялалтын 66 жилийн ойн баярын өмнөх өдөр ирсэн Ерөнхий сайдад орон нутгийн удирдлага, иргэд талархал илэрхийлж, амжилт бүтээлээ тайлагнахын сацуу хүндрэл бэрхшээлээ ч дуулгалаа. Хамтарсан Засгийн газар атаршсан хэдэн мянган га газрыг дахин ашиглахаар шийдвэрлэн, шат дараатай арга хэмжээ авч эхэлсэн нь газар тариалангийн салбарт арвин их туршлагатай Халхголчуудын талархлыг хүлээж, анхаарлыг нь хамгийн их татсан сэдэв болжээ.

    Энэ ч үүднээс тус суманд “Нар тоссон хөгжил” сэдэвт өдөрлөг болж, Халх голын бүс нутагт эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй хослон хөгжүүлэх “Халх гол” төслийг иргэд, газар тариалан эрхлэгчдэд танилцуулсан байна.  “Халх гол” төслийн хүрээнд 2012 он гэхэд 30 мянга га талбайг эдийн засгийн эргэлтэд оруулж 370-400 ажлын байр шинээр бий болгоно. Мөн үрийн тариалан, бусад таримлын тариалалтад шилжиж, ажилтнуудыг давтан сургаж мэргэшүүлэхийг зорьж байна.

    Дараагийн шатанд 170 мянга га газрыг ашиглан, байгаль орчинд нөлөөлөх техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Түүнчлэн дагалдах бизнес болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж Засгийн газар тооцоолж байгаа юм. Атрын IIIаяныг үр дүнд хүргэхэд чухал түлхэц болсон бодлогын томоохон арга хэмжээ авч, тариалалт хийхэд Засгийн газраас тодорхой хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, илүү хураан авсан будаанд урамшуулал олгохыг цөөнгүй хүн Ерөнхий  сайдаас хүсч байлаа. Мөн Халх гол суманд салхины хүч ихтэй учир хөрсийг салхины эвдрэлээс хамгаалах, үүл буудаж бороо оруулдаг цогцолбор төхөөрөмжөөр хангах нь чухал гэдгийг ч сануулж байв.

    Үүний зэрэгцээ нутгийн иргэд үүрэн телефоны сүлжээнд холбогдох, газрын тосыг урагш нь гаргаж байгаа замыг хатуу хучилттай болгох зэрэг тулгамдсан асуудал ч цөөнгүй байгааг хэлж байлаа. Иргэдийн үгийг сонссоны дараа Засгийн газрын тэргүүн хэлэхдээ төр, засаг, орон нутгийн удирдлага, иргэд хөгжлийн төлөө гэсэн нэгдмэл байр суурьтай байгааг онцлон тэмдэглэв. Атаршсан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, сумыг өндөр хүчдэлийн цахилгаан шугам сүлжээнд холбох, Чойбалсан-Халх голын хооронд 340 км хатуу хучилттай зам тавьж, төмөр замын сүлжээнд холбох боломжийг судлах зэргийг Засгийн газар “Халх гол” төслийн хүрээнд шат дараатай шийдвэрлэхээр зорьж байгаад Халхголчууд талархаж байна.

    Зөвхөн газар тариалан, мал аж ахуй гэлтгүй Буйр нуур, Халх голоос эхлээд  байгалийн үзэсгэлэнт газар нутагтай, түүхийн хөшөө дурсгал олонтой гээд давуу  боломжоо ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Засгийн газар тодорхой дэмжлэг үзүүлнэ гэдгээ Ерөнхий сайд С.Батболд нутгийн иргэдэд амлав. Атаршсан талбайг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр солонгосуудад газраа хэдэн зуун га-гаар нь худалдах гэж байна гэсэн яриа иргэдийн дунд байгааг Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсоор няцаалаа. Хий хоосон цуурхал, ам дамжсан ярианд авталгүй, бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас нь авч, ажил, амьдралаа зохицуулж байх нь хаа хаанаа чухал гэдгийг ч сануулсан байна.

    Засгийн газраас дэвшүүлэн тавьсан зорилтыг иргэд дэмжиж, хамтран ажиллаж ахуй амьдралаа өөд нь татъя. Та бүхний ирээдүй таны гарт байгаа гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгийнхээ төгсгөлд Халхголчуудад захилаа. Мөн өдөр гүйцэтгэх засаглалын тэргүүн Халх гол суманд байгуулж байгаа фермерийн загвар аж ахуйтай танилцсан байна. “Халх гол” төслийн эхний шатанд БНСУ-ын буцалтгүй тусламжаар 2011-2012 онд энд нийт 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр усалгааны систем байгуулж, мах, сүүний чиглэлийн үхрийн, гахайн загвар аж ахуй байгуулж манайд хүлээлгэн өгөх юм.   

    Солонгосууд энэ жил усалгааны систем байгуулж ирэх жил тариалалтаа хийхээр төлөвлөснөө Ерөнхий сайдад танилцууллаа.

    Газар тариалангийн салбарт өрсөлдөх чадвартай, өндөр технологитой аж ахуй байгуулж, орон нутгийн хөгжил, иргэдийн ахуй амьдралд ач тусаа өгөх чухал ач холбогдолтой төслийг БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаад Ерөнхий сайд тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад талархал илэрхийлсэн байна

  • Ерөнхий сайд Дорнод аймагт ажиллаж байна

    Ерөнхий сайд Дорнод аймагт ажиллаж байнаМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотноо хүрэлцэн ирэхэд Чойбалсан цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж, хөгжимд төрийн дуулал эгшиглэв. Дараа нь Ерөнхий сайд Хан-Уул цогцолбор сургуулиар орлоо. Тэрээр энэ сургуульд 1-4 дүгээр ангид суралцаж байсан бөгөөд А үсэг заасан багш Н.Долгормаа, нэг ангийнх нь хүүхдүүд хүрэлцэн ирсэн байлаа.

    Ерөнхий сайдыг сурч байх үеийн ангийн журналыг цогцолбор сургуулийн захирал Г.Бүдтуяа гүйцэтгэх засаглалын тэргүүнд сонирхуулсан нь гэнэтийн бэлэг байлаа.  “5 онцын эзэн”, номын сайн нөхөр болж байсан Ерөнхий сайдын ангийнхантайгаа авахуулсан гэрэл зургууд, цагаан толгойн унших, дуу, алгебр, зэрэг хичээлд онц дүн авч байсныг гэрчлэх журналын хуулбар, ангийн багш, найз нарынх нь дурсамж бүхий самбарыг сургуулийн хананд байрлуулсан байлаа.

    С.Батболд онцсайн сурдаг, сахилга батаар тэргүүний сурагч. Ангийн ахлагчаар олон жил ажиллаж, хичээлээс гадуур янз бүрийн ажил зохион байгуулахад их тус болдог байсан гэж багш Н.Долгормаа хуучиллаа. Ерөнхий сайд хүүхдүүдэд сайн суралцахыг захиж, багш нарт ажлын амжилт хүсэн улсын тэргүүний сургууль болохыг  ерөөгөөд иж бүрэн  компьютер бэлэглэсэн байна.

    Засгийн газар боловсролын салбарт шинэчлэл хийж, иргэддээ чанартай боловсрол олгохын тулд Кембрижийн стандартыг нэвтрүүлж эхэлсэн. Энэ стандарт улсын хэмжээнд бүрэн нэвтэрснээр олон улсын жишигт нийцсэн, чанартай, өндөр боловсролтой хүмүүс бэлтгэгдэнэ. Боловсролтой иргэд улс орны хөгжлийн гол түлхүүр. Иймээс улс орны ирээдүйг авч явах сурагчдад чанартай боловсрол олгох нь чухал байгааг Ерөнхий сайд багш сурган хүмүүжүүлэгчдэд захиж байлаа.   

    Сургуулийн захиргаа Ерөнхий сайд С.Батболдыг хүндэт төгсөгчөөрөө өргөмжилж, нэрэмжит танхимыг нь байгуулжээ. Сургуулийнхаа шинэ барилгын шав тавих ёслолд Ерөнхий сайд оролцлоо. Тэрээр 40 жилийн өмнө сургуулийнхаа хашаанд мод тарьж байснаа дурсаад дахин нэг мод суулгалаа.

    Дараа нь Ерөнхий сайд аймгийн төвд байгуулах гэж байгаа Хүүхдийн паркаар орсон байна. Хүүхэд, багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх энэ паркад морин тойруулга, мөргөлддөг машин, эргэлддэг дельфин, алсыг харагч, бусад тоглоом байрлуулах юм. Ингэснээр нэг цагт ойролцоогоор 300 хүүхэд тоглох боломжтой болно гэж аймгийн удирдлага танилцуулаад хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ.

    Хур бороо, нартай энэ өдрийг энд ирсэн хүүхэд, багачууд улам чимж байна. Парктай болох гэсэн хүүхдүүдийн хүслийг аймгийн удирдлага хүлээн авч энэ зун тохиох 80 жилийнхээ өмнө ашиглалтад оруулах гэж байгаад талархаж байна. Засгийн газар хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэхэд анхаарна  гэж  Ерөнхий сайд хэллээ. Бусад аймагт ч гэсэн хүүхдийн парк байгуулах санаачилга гаргаж байгааг Засгийн газар дэмжинэ. Хамтын хичээл зүтгэлээр хүүхдүүдийнхээ төлөө ажиллая гэв.

    Ерөнхий сайд С.Батболд мөн өдрийн орой Чойбалсан хотын иргэдтэй уулзаж төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар мэдээлж, иргэдийн санал, бодлыг нь сонссон байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн маргааш Чойбалсан хотноо болох “Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт зүүн бүсийн зөвлөгөөнд оролцон үг хэлсний дараа Халх гол сумыг зорино

  • Монголын хөгжлийн түүхэнд тодоор бичигдсэн Сүхбаатар суманд ажиллалаа

    Монголын хөгжлийн түүхэнд тодоор бичигдсэн Сүхбаатар суманд ажиллалааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хүрэлцэн ирлээ. Тэрээр ирсэн даруйдаа их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум 3500 хүнтэй, газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэхийг зорьж байна. Газар нутаг том учир малчдадаа төр, засгийн үйлчилгээг хүргэхэд багагүй хүндрэл учирдаг. Хамгийн захад байгаа айл руу очиход 150 км явах хэрэгтэй болдог тухай сумын Засаг дарга танилцуулж байлаа.

    1922 онд байгуулагдсан дунд сургуулийн сурагчид гүйцэтгэх засаглалын тэргүүнийг дуу хууртай угтлаа.  480 хүүхэдтэй энэ сургуулийн хичээлийн байрыг өргөтгөх, интернет сүлжээтэй болгоход Засгийн газар анхаарна гэж Ерөнхий сайд амласныг багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчид баяртайгаар хүлээн авав. Хичээл номдоо шамдаж, сайн суран эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг Ерөнхий сайд сурагчдад хүсэн ерөөж, дунд сургуульд иж бүрэн компьютер хүлээлгэн өгсөн байна.  Мөн Ерөнхий сайдын гэргийн тэргүүлдэг “Төгөлдөр” сан сургуульд 1 сая төгрөг хандивласан нь сургуулийн хамт олны хувьд гэнэтийн бэлэг боллоо.

    Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболд орон нутаг судлах музей үзлээ. 1971 онд байгуулагдсан энэ музейд жанжин Д.Сүхбаатарын өмсөж байсан хувцаснаас эхлээд “Нийгмийн хонгор” хэмээн алдаршсан хурдан морины чихмэл зэрэг олон үзмэрийг байрлуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Хур бороо дагуулж ирсэн Ерөнхий сайдыг Сүхбаатарчууд хүндэтгэн хүлээн авлаа

    Хур бороо дагуулж ирсэн Ерөнхий сайдыг Сүхбаатарчууд хүндэтгэн хүлээн авлаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сүхбаатар аймаг зорих замдаа 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Мөнххаан сумын иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцуулж, иргэдийн санаа, бодлыг сонслоо. Дараа нь Ерөнхий сайд аймгийн төв Баруун-Урт хотод хүрэлцэн ирэхэд хүндэт харуул жагсаж, төрийн дуулал эгшиглэлээ. Зуны эхэн сарын шинийн 2-ны өдөр хур бороо дагуулж уугуул нутагтаа ирсэн Ерөнхий сайдыг Сүхбаатарчууд хүндэтгэн хүлээн авлаа.

    Тэрээр ирсэн өдрөө их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд  цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн Д.Сүхбаатарын нэрэмжит 1 дүгээр дунд сургууль, ус цэвэршүүлэх төхөөрөмжийн ажилтай танилцав. Их жанжин Д.Сүхбаатарын нэрээр овоглосон ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуульд онц сайн дүнтэй суралцаж байгаа сурагчдыг  “Д.Сүхбаатар сан”-гийн тэтгэлэгт хамруулна  гэж Ерөнхий сайд хэлснийг сурагчид, багш, сурган хүмүүжүүлэгчид алга ташин хүлээж авлаа.

    Дээрх сургуулийн байр 960 хүүхдийн суудалтай ч 2115 хүүхэд суралцдаг, Тэмүүлэл цогцолбор сургуулийн 2,3 дугаар байр хуучирсан, зэргэлдээ орших аймгуудтай хатуу хучилттай замаар холбогдоогүй зэрэг асуудлуудад Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу тодорхой дэмжлэг үзүүлэх болон гэдгээ Ерөнхий сайд Баруун-Урт хотын иргэдтэй уулзахдаа хэллээ. Засгийн газрын тэргүүний хувиар олон газар, олон арга хэмжээнд оролцдог ч хүүхэд багачуудтай уулзаж, тэдний санаа бодлыг сонсож, ярилцах нь надад хамгийн аз жаргалтай мөч байдаг гэж Ерөнхий сайд С.Батболд сургуулийн хамт олонтой уулзахдаа дотнослоо. 

    Гүйцэтгэх засаглалын тэргүүн дараа нь Баруун-Урт сумын ус зөөлрүүлэх байгууламжийн ажилтай танилцлав. Баруун-Уртчуудын өмнө хамгийн их тулгамдаж байсан ундны усыг цэвэршүүлэх асуудалд  Засгийн газар анхаарч, хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөн. Энэ дагуу 2010 оны 01 дүгээр сард улсын болон орон нутгийн төсвийн 286,0 сая төгрөгөөр цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулснаар өмнө нь байвантай гэж нэрлэгддэг байсан ус цэвэршсэнд Баруун-Урт сумын иргэд баярлаж байгаагаа Ерөнхий сайдад илэрхийлж байлаа.

    Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа Эрүүл мэндийн нэгдлийн барилгын их засварын ажил, орчин үеийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолд оролцлоо. Засгийн газар иргэнээ эрүүл байлгахад онцгой анхаарч хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийж байгаа гэж хэллээ. Тухайлбал сүүлийн 20 жилд эрүүл мэндийн салбарт хийгдээгүй бүтээн байгуулалт, тоног төхөөрөмж, засварын ажил хийгдэж байгааг тоо баримтаар дурдлаа. Баруун-Урт хотын эрүүл мэндийн байгууллагын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл ч энэ хүрээнд хийгдэж байгааг Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ.

    Азийн хөгжлийн банкнаас 77 сая ам.долларын зээлийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Засгийн газар энэ мөнгийг эрүүл мэндийн салбарт, ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд зарцуулж байгаа юм. Энэ дагуу 2,5 тэрбум төгрөгийг хөдөө орон нутагт эмнэлэг барих, эмнэлгийн байрыг засварлах, тоног төхөөрөмж нийлүүлэх, боловсон хүчнийг сургаж бэлтгэх зэрэгт зарцуулж  байна. 375 сая орчим төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг Ерөнхий сайд С.Батболд Сүхбаатар аймагт хүлээлгэн өгсөнд эмч, сувилагч нар баярлаж байгаагаа илэрхийллээ.

    Гүйцэтгэх засаглалын тэргүүн дараа нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдтэй уулзаж ярилцлаа. Ерөнхий сайдын зүүн аймгуудад ажиллах албан томилолт үргэлжилж байна. Тэрээр маргааш буюу 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, Дорнод аймгийн Чойбалсан хотод ажиллана.

  • Монгол улсын Ерөнхий сайд зүүн гурван аймагт ажиллах томилолтоо Хэнтий аймгаас эхэллээ

    Монгол улсын Ерөнхий сайд зүүн гурван аймагт ажиллах томилолтоо Хэнтий аймгаас эхэллээМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сарын 04-09-ний өдрүүдэд зүүн аймагт томилолтоор ажиллахаар Улаанбаатар хотоос мордлоо. Тэрээр 5 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын иргэдтэй уулзаж Монгол Улсын Засгийн газраас явуулж байгаа бодлого, түүний хэрэгжилт, цаашдын зорилтын талаар  танилцуулав.

    Ерөнхий сайд Хэнтийчүүдэд хандаж хэлсэн үгэндээ  “2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, улс орны эдийн засгийг үүрч яваа бизнес эрхлэгчдийнхээ ажиллах орчинг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх,төрийн байгууллагын хүнд суртлыг халах, шат дамжлагыг багасгах хууль эрх зүйн орчинг сажруулах чиглэлээр олон ажил эхлүүлсэн. Тухайлбал ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл чирэгдэл  үүсгэж байсан 101 зөвшөөрлийг хүчингүй болгож, цаашид ч энэ чиглэлд анхаарч ажиллана” гэж хэллээ.

    Мөн хэн бүхний анхаарлыг татаж, талархлыг хүлээж байгаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хийж байгаа ажил, хүрэх үр дүнгийн талаар Ерөнхий сайд иргэдэд танилцууллаа. Энэ жилийн ажлын хүрээнд өрх бүрээс нэг хүн, ялангуяа 40-өөс дээш насныхныг ажилтай болгохыг Засгийн газар зорьж байгаа бөгөөд оны эцэс гэхэд 70 мянга гаруй ажлын байр бий болгоно. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны албан хаагчид, сум, багийн Засаг дарга, хувийн хэвшил, ард иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллийн хамтын ажиллагаа, үүний дотор Хэнтийчүүдийн оруулах хувь нэмэр ч чухал гэж Ерөнхий сайд хэллээ. 

     “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536+1 ширхэг хувьцааг иргэн бүртээ ижил тэгш, хүртээмжтэй, ил тодоор хуваарилахаар шийдвэрлэн, улмаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийг зорьж байгаа тухай гүйцэтгэх засаглалын тэргүүн ярилаа. Уул уурхайн салбарыг түшиглэн бүтээн байгуулах “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, Даланзадгад-Тавантолгой-Цагаан суварга-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсангийн чиглэлийн 1100 км төмөр зам барих, бүх аймгийг хатуу хучилттай замаар холбох ажлыг Засгийн газар санаачлан, үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Энэ бүхний үр дүн алсдаа мэдрэгдэнэ.  Улс орны хөгжил, хэрэгцээг угтан харж, нийгмийн сайн сайхны төлөө хамтарсан Засгийн газар ажиллаж байна гэж Ерөнхий сайд онцоллоо.

    “Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт зүүн бүсийн зөвлөгөөнийг Ерөнхий сайдын ивээл дор Дорнод аймагт зохион байгуулах гэж байгаа. Энэ зөвлөгөөнд оролцож, малчдынхаа санал бодлыг сонсож, байр сууриа илэрхийлэх нь Ерөнхий сайд С.Батболдын зүүн гурван аймагт ажиллаж байгаа албан томилолтын бас нэг хэсэг юм.

    “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар 329 суманд тус бүр гурван хүний орон тоотой “Мал эмнэлэг, үржлийн тасаг” байгуулсны дүнд 658 мэргэжилтэн ажлын байртай болсон. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 5,3 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ жил 51 тэрбум болж өссөн юм. Засгийн газар хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхийн тулд анх удаа аймаг бүрт 800 сая, 5 бүсийн хөгжилд дэмжлэг үзүүлэхээр 24 сая, сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан бий болгоход зориулж 24 тэрбум төгрөгийг төсөвт шинээр суулгасныг Хэнтий аймгийн иргэд талархан хүлээн авч байна.

     Ерөнхий сайдын хөндсөн бас нэг сэдэв нь өөрсдийн хүчээр гурил, төмс, хүнсний ногоогоо хангах тухай байлаа. Өнгөрсөн онд манай улс хэрэгцээт үр тариа, төмсөө 100 хувь, хүнсний ногооны 54 орчим хувийг дотоодоос хангах боломж бүрдсэн. Энэ онд олсон амжилтаа бататгаж, улмаар газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн тоо, хэмжээг өсгөх, улс орны эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, удмын санг хамгаалахыг зорьж байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглэв.

    Засгийн газар боловсролын салбарт шинэчлэл хийхийн тулд шат дараалсан арга хэмжээ авч байгааг Хэнтий аймгийн иргэд дэмжиж байна. Засгийн газар төрийн өмчийн их, дээд 42 сургуулийг 16 болгон цөөлсөнөөс гадна мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг чадавхжуулах, бэхжүүлэх, шинээр барихыг илүүд үзэж байгаа юм. Зүүн бүсийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг ирэх онд Хэнтий аймагт  байгуулах бөгөөд жилд 2 мянга гаруй хүнийг сургана. Энэ төвийн ажил жигдэрснээр аймаг хөгжиж дэвжих боломж бүрдэнэ гэдэгт  нутгийн иргэд итгэлтэй байна.

    Засгийн газар монгол хүнээ хөгжүүлэхийг чухалчилж энэ хүрээнд олон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүний нэг жишээ болох олон улсын Кембрижийн стандартыг нэвтрүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Хэнтий аймагт нэг сургууль энэ стандартаар хичээллэж эхлэнэ гэдгийг Ерөнхий сайд хэлэв. “Хүний хөгжил сан”-гаас иргэддээ өгч байгаа хишиг, хувь Ерөнхий сайдын хэлсэн үгэнд дурдагдлаа. Иргэд сар бүр бэлэн мөнгөө авахаас гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх зорилгоор ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө нийлж 21 мянган төгрөгөө бөөнд нь авах боломжийг Засгийн газар бүрдүүлсэн. Үлдэх 1 сая төгрөгийг боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц, малчны болон бусад зээлийн төлбөрт зарцуулна гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.

    Их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа оюутнуудын төлбөрөөс 500 мянган төгрөгийг бэлэн бусаар олгохоор шийдвэрлэсэн нь үр хүүхдийнхээ сургалтын төлбөр, банкны зээлийн дарамтыг багасгасан нь ахуй амьдралд нь дэмжлэг болж байгаа гэдгийг Хэнтий аймгийн цөөнгүй иргэн хэлж байлаа. Мөн цалин, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үе шаттайгаар нэмж байгаа Засгийн газарт иргэд талархаж байгаа нь Хэнтий аймагт болсон уулзалтаас харагдлаа. Цаашид Засгийн газраас хийх, хэрэгжүүлэх ажил их ч цаг хугацаа давчуу гээд бэрхшээл саад багагүй байна. Гэсэн ч бид зорьсондоо хүрэхийн төлөө ажиллаж, үүний тулд захиргааны шинэтгэлийг эрчимжүүлж, төрийн албыг чадавхжуулах, иргэдэд орй, түргэн шуурхай болгох талаар шат дараатай арга хэмжээ авна Ерөнхий сайд хэллээ.

    Ерөнхий сайд хэлсэн үгийнхээ төгсгөлд Хэнтийчүүдэд хандаж цаашид анхаарч ажиллах зүйлийг сануулав. 2009 оноос эхлэн санхүүгийн хувьд бүрэн бие дааж ирсэн Хэнтий аймаг айл өрх бүрээ амьдралын хангалттай эх үүсвэртэй болгоход анхаарах, иргэд ч бусдаас бадар барихгүйгээр амьдралаа залгуулахад анхаарах хэрэгтэй байна гэлээ. Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гийн зээлийг очих ёстой эзэнд нь хүргэх ёстойг онцгойлон анхаарууллаа. Аймаг, орон нутаг боловсон хүчнээ бэлтгэх, бэхжүүлэхийн тулд гадаадын улс орнуудад 30 гаруй хүүхэд сургаж байгааг Ерөнхий сайд сайшаалаа.

    Төрийн байгууллагын ажлын ил тод байдлыг хангахад анхаарч,  тендерийг шударгаар, ил тод явуулах, хяналтыг сайжруулахын тулд иргэний нийгмийн төлөөллийг ажлын хэсэгт оруулдаг болсон, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум энэ жил улсын хэмжээнд загвар сумаар шалгарсан зэрэг олсон ололт, амжилтаа бататгахыг Ерөнхий сайд хүсэв.

    Банкнаас зээл авах гэхэд барьцаа хөрөнгө шаарддаг, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд зээлийн хүүг хөнгөвчлөх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, зүүн бүсийн  оношлогооны төвийг Өндөрхаан хотод байгуулах зэрэг санал, хүсэлт гаргаж байлаа. Уул уурхайн орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо хөгжлийг түргэтгэн, иргэн бүрээ ажилтай, орлоготой болгож, монгол хүнээ хөгжүүлэхийг зорьж байгаа хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд хэлж байлаа.

    Мөн хий хоосон ярих биш хийж чаддаг гэдгээ Тавантолгойн хувьцаа, сар бүр бэлнээр олгож байгаа 21 мянган төгрөг, оюутнуудын сургалтын төлбөр, бага орлоготой иргэдээ 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах, ажлын байр бий болгох чиглэлээр болитой, үр дүнтэй ажил хийж байгааг Хэнтийчүүд Ерөнхий сайд С.Батболдод хэлж, хамтарсан Засгийн газрыг илүү сайн ажиллаарай гэсэн итгэл тээж байгаагаа хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хэнтий аймагт ажиллах үеэрээ “Атар чандгана сүү” компанийн сүүний фермерийн ажилтай танилцав. Энэ ферм Өлзийт сумын иргэдийг ажилтай, орлоготой болгоход тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа юм