Ангилал: мэдээ

  • Инновацийн кластер байгуулах ажил эрчимжиж байнаa

    Юнеско, Солонгосуудтай хамтарч инновацийн кластер байгуулна Монгол Улсын Ерөнхий сайдыг БНСУ-д айлчлах үеэр хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулсны дагуу өндөр технологийн инновацийн кластер байгуулах ажил эрчимжиж байна. Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газар “Мэдээлэл, холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулах үндэсний хөтөлбөр” боловсруулж Засгийн газраар батлуулах гэж байгаа бөгөөд хамтран ажиллах, туршлага солилцохоор гадны байгууллагын төлөөллийг урьжээ.

    ЮНЕСКО-гийн хөтөлбөрийн мэргэжилтэн, доктор Ёслан Нур, Дэлхийн технологийн паркийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор О. Дог-сонг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзан энэ талаар ярилцсан байна. БНСУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон зүйл ажил хэрэг болж байгаад Ерөнхий сайд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, өндөр технологийн инновацийн кластер байгуулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байгаад төлөөлөгчдөд талархав.

    ЮНЕСКО, Дэлхийн технологийн паркийн холбооны төлөөлөгчид манай улсад ирж холбогдох байгууллагын хүмүүстэй уулзан мэдээлэл, технологийн өнөөгийн байдал, хөгжлийн цаашдын төлөв зэргийн талаар судалгаа хийж байгаа юм. Инновацийн кластер, Цахиуран хөндий байгуулах Монгол Улсын Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ. Цаашид 4 үе шат бүхий ажлын “Мастер төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Инновацийн кластер, “Цахиуран хөндий”, их, дээд сургуулийн оюутны хотхон байгуулах төсөл, хөтөлбөрийг цогц хэлбэрээр хэрэгжүүлэх шаардлагатай байна  гэж төлөөлөгчид хэлэв.  Мөн мэдээлэл, холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулсан БНСУ-ын туршлага, олсон ололт, амжилтын талаар уулзалтын үеэр ярилцав

  • Унгарын Элчин Сайдын Яамыг нээн ажиллуулах асуудлыг эргэж харахыг хүслээ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар Улсын Парламентын дэд дарга Иштван Үйхейи тэргүүтэй төлөөлөгчдийг 2011 оны 4 дүгээр сар 13-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засгийн газрын тэргүүн Парламентын дэд даргын хувиар гадаад улс оронд хийж байгаа анхныхаа айлчлалыг Монгол Улсаас эхэлж байгаад  талархал илэрхийлээд хоёр орны эртний уламжлалт харилцааг хадгалж, цаашид шинэ шатанд өргөжүүлэн, хөгжүүлэх олон боломж байгааг тэмдэглэлээ. Мөн тэрбээр Монгол Улс өрсөлдөх чадвартай, Европ стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх үүднээс Европын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

    Үүнд Унгар, Чех зэрэг сайн харилцаат улс орнуудын туршлагыг  судлах шаардлага байгааг хэлээд энэ чиглэлээр хамтран ажиллана гэдэгт илтгэлтэй байна гэлээ. Түүнчлэн Хөгжлийн албан ёсны тусламжийг үргэлжлүүлэн үзүүлж байгаад талархал илэрхийлээд хоёр орны байнгын хамтын ажиллагааг өрнүүлэх үүднээс Монгол Улсад Унгарын Элчин сайдын яамыг нээн ажиллуулах асуудлыг эргэж харах, Сонгино дахь Биокомбинатыг шинэчлэхэд Унгар Улсаас олгосон 25 сая ам.долларын зээлийн төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг хүслээ.

    Ноён Иштван Үйхейи найрсгаар хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд тодорхой хугацаанд хоёр орны харилцаанд завсрын үе байсан хэдий ч Унгар Улсын хувьд Монгол Улстай сайн хөршийн найрсаг харилцаатай байхыг эрхэмлэдэг  гээд Унгарын Элчин сайдын яамыг нээн ажиллуулах нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

  • XX зуунд нэвтрүүлсэн Зөвлөлтийн боловсролын тогтолцоог XXI зуунд Кембрижийн олон улсын стандартаар солих галт тэрэг хөдөллөө

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын тэргүүнээр томилогдсоныхоо дараахан дэлхийн шилдэг боловсролын эталонд тооцогддог Кембрижийн боловсролын тогтолцоог  Монголд нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын эхний үр дүнг тодорхойлсон нэгэн түүхэн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль дээр Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр хос хэлээр хичээллэх төрийн өмчит анхны дунд сургуулийг өнгөрсөн оны өдийд байгуулснаар “Шинэ эрин” хэмээх сургууль үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.

    Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их сургуулийн олон улсын Шалгалтын төв хооронд Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийн шинэчлэлийн талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол тус сургуулийн хурлын танхимд болж, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Кембрижийн их сургуулийн  Олон улсын шалгалтын төвийн захирал Анн Пунтис нар санамж бичгийг үзэглэлээ.

    Энэхүү арга хэмжээнд Кембрижийн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх ажлыг анхлан санаачилсан, тус хөтөлбөрийн автор гэж хэлж болох Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Кембрижийн Үнэлгээний группийн дарга Симон Либус нар байлцлаа. Мөн энэ үеэр тус сургуулийн захирал Б.Амартүвшинд “Шинэ эрин” төрийн өмчит дунд сургууль нь Кембрижийн сүлжээ сургуулийн нэг болсныг батлах гэрчилгээ гардуулаа.   

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж тэнд цугласан олонд хандаж үг хэлэхдээ “Миний бие Ерөнхий сайдын ажлыг авсан даруйдаа боловсролын салбарынхантай уулзаж Монгол Улсын хөгжлийн гол хөшүүрэг, мотор нь өндөр боловсролтой, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай монгол хүн. Тиймээс Засгийн газраас хүний хөгжилд нэн тэргүүнд анхаарна гэдгээ хэлж байсан. Энэ яриа ажил болж хөрсөн дээрээ бууж байгаагийн нэг тод жишээ бол Кембрижийн стандарт Монголын боловсролын салбарт бодитоор нэвтэрч эхэлсэн явдал юм гэлээ.

    Өнгөрсөн XX зуунд манай улс боловсролын салбартаа Зөвлөлтийн боловсролын системийг нэвтрүүлж, улсаа улс шиг улс болгосон. Харин өнөөдөр XXI зуунд Монгол Улс, монгол хүнээ олон улсын стандартад нийцсэн боловсролын тогтолцоонд оруулах том ажлын эхлэлийг тавьж байна гэдгийг Ерөнхий сайд онцлоод манай монгол хүүхэд сургуулиа төгсөөд Харвардын их сургуульд очиход Кембрижийн стандартын гэрчилгээтэй, шууд элсэн орж чаддаг байх ёстой. Ийм боломжийн төлөө Засгийн газар бүхий л талаар дэмжиж ажиллах болно гэдгээ амлалаа.

    Мөн тэрбээр танай сургууль “Шинэ эрин” гэж сайхан нэртэй юм. Шинэ эрин, шинэ хөгжлийн эхлэл сургууль гэж харж байна. Монголын Засгийн газар, Кембрижийн их сургууль та бүхнийг дэмжиж  байгаагийн эхний үр дүн гарч байна гээд Монголын бүх сургуулиудад энэ сургалтын хөтөлбөр хэрэгжинэ, Кембрижийн боловсрол хүрнэ. “Шинэ эрин” сургууль Кембрижийн сургуулийн гэрчилгээ авсан нь Монголын боловсролын салбарын шинэчлэлийн бодитой эхлэл, буухиа боллоо гэдийг тэмдэглэлээ.

    Дэлхийн монгол иргэнийг бэлтгэх төрийн өмчит анхны “Шинэ эрин” лаборатори дунд сургууль шиг ийм 30 сургууль ирэх хичээлийн жилээс сургалтаа эхэлнэ, улсын хэмжээний бүх сургуулийн тав болон аравдугаар ангийн сурагчдын сургалтын хөтөлбөрийг Кембрижийн стандартаар явуулахаар төлөвлөн бэлтгэл ажил хангаж байгаа гэсэн мэдээллийг БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр энэ үеэр өглөө

  • Улсынхаа хөгжлийн түлхүүр байхыг оюутнуудаас хүслээ

    Улсынхаа хөгжлийн түлхүүр байхыг оюутнуудаас хүслээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сурлага, спорт, урлагийн амжилтаараа үеийнхнээ манлайлсан шилдэг 36 оюутанд нэрэмжит тэтгэлгээ гардууллаа. Энэхүү арга хэмжээ өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд болсон юм. Шилдэг оюутнуудад гардуулсан өргөмжлөлд “Оюуны эрдэмд шамдан суралцаж, авьяас билэг, идэвх зүтгэлээрээ олон мянган оюутны үлгэр дууриал болсон амжилтыг тань үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутнаар өргөмжлөв” гэжээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэтгэлэг хүртэж буй оюутан залууст хандаж, Монгол Улс боловсролын салбарт онцгой анхаарал хандуулж байгаа. Монгол Улсаа хөгжүүлэхийн тулд эхлээд монгол хүнээ хөгжүүлэх учиртай. Бурхны авралаар бидэнд уудам сайхан газар нутаг, байгалийн баялаг, мал сүрэг, бусад орны хөгжсөн туршлага гээд байна. Энэ бүхнийг хөгжил болгох, өрсөлдөх, хөрвөх чадвартай, ажилдаа хариуцлагатай ханддаг, ажиллаж чаддаг хүн бол Монгол Улсын хөгжлийн түлхүүр юм гэлээ.

    Мөн сонгож эзэмшиж байгаа мэргэжилдээ өндөр амжилт гаргаж, нөр их хичээл зүтгэлээр ийм амжилтад хүрсэн оюутнуудтай уулзаж буйдаа, тэднээр бахархаж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийлээд амжилтаа улам бататгаж, үеийн залуучууддаа үлгэр болж, дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, улсынхаа хөгжлийн түлхүүр болохыг ахын хувьд, Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар нэрэмжит тэтгэлэг хүртсэн оюутнуудаас хүслээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журмын дагуу болзол хангасан оюутан тус бүрт сар бүр 80,000 /наян мянган/ төгрөгийг 10 сарын турш өгдөг юм. Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 2009 онд анхлан 20 оюутанд өгсөн бол 2010 онд 35, энэ жил буюу 2011 онд 36 оюутанд олгосноор 91 залуус хүртээд байна.

     

    Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгээр суралцах оюутнуудын нэрсийг толилуулъя.

        Овог нэр

        Сургууль

    Мэргэжил

    Анги

    1

      Сандаг Ганхүү

       МУИС-ОУХС

    олон улсын харилцаа

    4

    2

      Лхагвасүрэн Ганцоож

       ШУТИС-КТМС 

    санхүүгийн удирдлага

    4

    3

      Аюурзана Отгонбаатар

       ХААИС-ИС

    инженер багш

    4

    4

      Пүрэвдорж Баясгалан

       ЭМШУИСМагистрант

    хүний их эмч

    7

    5

      Алтанцоож Азжаргал

       МУИС-Улаанбаатар ИС 

    Сэтгүүлзүй

    4

    6

      Оюунтөгс Эрдэнэболор

       СЭЗДС

    нягтлан бодох бүртгэл

    3

    7

      Батжаргал Цасчихэр

       СЭЗДС

    нягтлан бодох бүртгэл

    3

    8

      Нармандах Аззаяа

      АчАУДС

    хүний их эмч

    6

    9

      Өлзийпүрэв Шинэхүү

      Их Монгол ДС

      аялал жуулчла-лын менежер

    3

    10

      Энхмөрөн Бөртэ

      МУИС-ГХСС

    Япон орон судлал

    3

    11

      Цогтгэрэл Мөнхтуул

      ХААИС-МЭБС

    малын эмч

    3

    12

      Цэнджав Азцоож

      МУБИС-БУС

    багш

    4

    13

      Энхжаргал Ундармаа

      МУБИС-МаСС

    багш

    4

    14

      Батбаатар Баасанжав

      МУБИС-Багшийн сургууль

    багш

    4

    15

      Шагдарсүрэн Сайндэлгэр

      АчАУДС, Эмчилгээ

    хүний их эмч

    6

    16

      Булган  Өлзий-Эрдэнэ

      ШУТИС-КТМС  

    программхангамжийн инженер

    4

    17

      Даваасүрэн Цэрэннамжил

      МУИС-Завхан салбар

    Нягтлан бодох бүртгэл

    4

    18

      Ганбаатар Цэрэндаш

      ХААИС-ЭЗС 

    Маркетинг менежмент

    3

    19

      Отгонбаяр Цэцэн

      ЭМШИУС-НАСС

    хүний их эмч

    5

    20

      Нямдорж Хангайцэцэг

      СУИС-РТС

    сэтгүүлч

    3

    21

      Батсүх Ууганбаяр

      МУБИС-МоСС

    утга зохиолын ажилтан сэтгүүлч

    4

    22

      Сэр-Од Золбаяр

      Орхон Их сургууль

    нийгмийн ажилтан

    4

    23

      Сүхээ Билгүүн

      Шихихутуг ХЗДС

    эрх зүйч

    4

    24

      Батсайхан Даариймаа 

      Этүгэн дээд сургууль

     нягтлан бодох бүртгэл

    3

    25

      Батсүх Ганбат

      МУИС-МХСС 

    монгол судлаач

    3.8

    26

      Батсайхан Пэрэнлэйдамба

      МУБИС-МаСС 

    багш

    4

    27

      Цэнджав Амарсанаа

      Шихихутуг ХЗДС

    эрх зүйч

    4

    28

      Батболд Батжаргал

      ШУТИС-МХТС

    мэдээллийн технологи

    3

    29

      Батбаяр Булган

      ШУТИС-БИАС 

    барилгын инженер

    3

    30

      Рэнцэндорж Энхдэлгэр

      Тэнгэр ДС

    төрийн захиргаа удирдлага

    3

    31

      Энхбат Энх-Амгалан

      Тэнгэр ДС

    нягтлан бодох бүртгэл

    3

    32

      Самбуу Батцэцэг

      Дизайн урлагийн дээд сургууль

    архитектур

    3

    33

      Дандар Уянга

      ЭМШИУС-НАСС

    хүний их эмч

    4

    34

      Батсайхан Халиун

      ШУТИС-ХБС

    техникийн мэргэжлийн орчуулагч

    3

    35

      Ганзориг Тамир

      Хөгжим бүжгийн коллеж

    хийлч

    1

    36

      Дуламсүрэн Саран

      Хөгжим бүжгийн коллеж,  

    төгөлдөр хуурч

    1

  • Далайд гарцгүй орнуудын төлөөлөл Улаанбаатарт чуулж байна

    Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын өндөр түвшний бодлогын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хамтран зохион байгуулж байгаа энэ уулзалтад бүсийн далайд гарцгүй 12 орон, хандивлагч болон түнш орнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Ноэлин Хэйзер зэрэг өндөр түвшний 100 орчим хүн оролцож байна.

    Уулзалтаар 2003 онд Алматы хотноо болсон далайд гарцгүй болон транзит орнуудын сайд нарын хурлаас гаргасан хөтөлбөрийн биелэлтийг авч хэлэлцэж байна. Энэ хөтөлбөрт транзит тээврийн бодлогыг сайжруулах, зам, тээвэр зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын гадаад худалдааг дэмжих, санхүү болон техник тусламж үзүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарах гэсэн 5 чиглэлийн арга хэмжээ тусгагдсан юм. Мөн Ази, Номхон далайн бүс нутагт ямар ахиц гарсан, учирч байгаа саад бэрхшээлийг хэрхэн даван туулах, хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдөж байна.

    Зохион байгуулагч орны хувьд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зөвлөлдөх уулзалтад оролцон үг хэлэхдээ НҮБ-ын эдийн засаг, нийгмийн комисс болон бодлогын зөвлөлдөх уулзалт, далайд гарцгүй бусад хөгжиж буй бусад орныг Монгол Улсын Засгийн газар бүрэн дэмжиж байгааг  илэрхийлэв. Далайд гарцгүй орнууд нь газар зүйн хувьд ашиггүй, бусад улстай холбогдоход тээврийн зардал өндөр гардаг учир эдийн засгийн болон экологийн эмзэг байдлыг илэрхийлдэг үзүүлэлт бий болгох нь зүйтэй гэж Ерөнхий  сайд үзэж байна.

    Мөн тээвэр, дамжин өнгөрөх өндөр өртгийг зохицуулах үүднээс бодлогын шийдлийг томъёолох, электрон худалдаа бий болгох, хоёр тал болон бүсийн гэрээ хэлэлцээр, дамжин өнгөрөх тааламжтай, хөнгөлөлттэй нөхцөл бий болгох хэлэлцээ хийхэд туслалцаа үзүүлж байх нь зүйтэй гэж тэрээр хэлэв. 2013 онд дуусгавар болох Алматын хөтөлбөрийг үргэлжлүүлэх, Олон улсын далайд гарцгүй орнуудын судалгааны төв /“Think Tank”/-ийн ажлыг жигдрүүлэх нь хөгжлийн хэрэгцээг хангах, баримт, нотолгоонд үндэслэсэн, прагматик шийдлүүдийг олоход  чухал хэрэгтэй арга хэрэгсэл гэж хэлсэн байна. 

    Далайд гарцгүй орнуудын хуурай боомтыг далайд гарцтай орнуудын усан боомттой зам, төмөр замаар холбох, залуучуудад чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллая гэж хатагтай Ноэлин Хэйзер хэлснийг манай тал дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хурлаар хэлэлцсэн асуудлууд, цаашид тавих зорилтуудыг тусгасан “Улаанбаатарын тунхаглал” гэсэн баримт бичиг гаргах юм байна

  • “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын үр дүнгийн талаар УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хийсэн мэдээлэл

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын үр дүнгийн талаар УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хийсэн мэдээлэл Улсын Их Хурлын дарга,

    Улсын Их Хурлын гишүүд ээ,

    Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний жилийн тайлан, мэдээллийн танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлсэн тул товч мэдээлэл хийе. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг 40 мянга орчим хувийн хэвшлийн аж ахуйн нэгж үйлдвэрлэж, тэдгээрт 800 мянга гаруй хүн ажиллаж байна. Тиймээс улс орны эдийн засгийн ачааг үүрч яваа бизнес эрхлэгчдийнхээ ажиллах орчинг сайжруулах, өрсөлдөх чадвартай болгох, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьжиргааг сайжруулах, төрийн байгууллагын хүнд суртлыг халах, шат дамжлагыг багасгах, хууль эрх зүйн орчноо сайжруулах зэргээр бизнесийн орчноо шинэтгэхийг зорьж ирлээ.

    Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Дэлхий дахины өрсөлдөх чадварын индекс”, Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь” тайланд манай орон дэд бүтэц, макро эдийн засгийн тогтвортой байдал, санхүүгийн зах зээл, бизнесийн боловсронгуй байдал, бизнес эрхлүүлэх, тусгай зөвшөөрөл, лиценз, зээл авах, гэрээний хэрэгжилт, компанийг татан буулгах зэрэг үзүүлэлтээр доогуурт бичигдэж байна. Засгийн газар дээрх үзүүлэлтийг сайжруулах зорилгоор 2011 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, жилийн ажлын төлөвлөгөөнд яам, агентлаг, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагын саналуудыг өргөн хүрээнд тусган хэрэгжүүлсэн. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн төлөвлөгөөнд нийт 131 зорилт, арга хэмжээг оруулсаны 105 арга хэмжээ нь бизнес эрхлэх орчинг сайжруулахад чиглэгдсэн.

    Уг жилийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий хувийн хэвшлийн болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй Зөвлөл байгуулан Монгол Улсын Ерөнхий сайд ахлан, улирал тутам хуралдаж, шинэтгэлийн жилийн үйл ажиллагааны биелэлтийн явц, үр дүнд хяналт тавьж ажиллалаа. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж үзвэл 100 хувиар биелсэн арга хэмжээ43, 90хувийн биелэлттэй арга хэмжээ 30, 70 хувийн биелэлттэй арга хэмжээ 19,50 хувийн биелэлттэй арга хэмжээ 14, 30 хувийн биелэлттэй арга хэмжээ 11, 10 хувийн биелэлттэй арга хэмжээ 14 байна. Үүний дотор бизнесийн орчны шинэтгэлийн төлөвлөгөөний дагуу боловсруулж Улсын Их Хурлаар батлуулсан багц хууль, төрийн бодлого, хөтөлбөр 10, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа хуулийн төсөл 13 орж байна.

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хууль эрх зүйн асуудлыг шинэчлэх, өөрчлөхөд ихээхэн анхаарч ажиллалаа. Тухайлбал, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах, эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, зарим нь батлагдсан. Нилээд нь одоо хэлэлцэгдэхээр хүлээгдэж буйг та бүхэн мэдэж байгаа. 

    Мөн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн төсөл, Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бизнесийн орчныг шинэчлэхтэй холбогдуулан боловсруулж байна. Бизнес эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, бодлогын орчныг боловсронгуй болгох чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад яам, агентлагтай хамтран 81 хуулийн зөрчил, давхардал, хийдлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулахаар ажиллаж байна.

    Бизнест үзүүлэх төрийн үйлчилгээний тогтолцоо, оролцоог оновчтой болгох зорилгоор Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж нийт 101 зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар, 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шилжүүлэх санал боловсруулж, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлээд байна. Хүчингүй болгох зөвшөөрлүүдийн 65-ыг нь Засгийн газрын тогтоолоор, 36-г нь холбогдох 21 хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэсэн.

    Хүчингүй болгох, төрийн бус байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэх  тусгай зөвшөөрлүүд нь Засгийн газар, яам, агентлагаас олгож байгаа нийт 337 зөвшөөрлийн 33.0 хувь буюу гуравны нэг нь болж байгаа юм. Ингэснээр Засгийн газар “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдэд хүндрэл учруулж байсан, шаардлагагүй зөвшөөрөл, түүнтэй холбоотой эрх зүйн актуудыг хүчингүй болгох арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж чадлаа.

    Барилга барих зөвшөөрөл, баталгаажуулалтыг гүйцэтгэх албан тушаалтан болон хугацааг тодорхой тогтоох зорилгоор “Барилга барих зөвшөөрөл, баталгаажуулалтад гарын үсэг зурах албан тушаалтны жагсаалт”-ыг Засгийн газрын 2010 оны 325 дугаар тогтоолоор батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүний үр дүнд барилга барих зөвшөөрөл, баталгаажуулалтад нийт 118 албан тушаалтан гарын үсэг зурдаг байсныг 58 болгосноор гарын үсэг зурах албан тушаалтны тоо 60 хүнээр цөөрч, энэ ажилд дунджаар 480 хоног зарцуулдаг байсныг 168 хоног болгон 3 дахин бууруулав. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдон аймаг, нийслэлээс гаргасан шийдвэрүүдэд ч өөрчлөлт оруулах чиглэл өгсөн.

    “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”, “Компанийн засаглалын хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” зэрэг бизнесийн байгууллагын хөгжил, засаглалыг сайжруулах чиглэлээр явуулах бодлого, зорилтыг багтаасан баримт бичгийг боловсруулан 2011 оны эхний улиралд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн баталлаа. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, татвар, хураамжийг багасгах талаар ч тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүллээ. Өнгөрсөн жил иргэний шинэчилсэн бүртгэл явуулж, бүртгэлийн баримт бичгүүдийг онлайн хэлбэрт шилжүүлэх, үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүллээ.

    Бүртгэлтэй холбоотой 128 нэр төрлийн үйлчилгээнд хураамж авч байсныг 57 болгон багасгасан. Мөн үйлчилгээний хөлс, хураамжийн тоог 2 дахин багасгаж, барьцааны, түрээсийн гэрээ цуцлах, бүртгэл хаах, гэрчилгээ хүчингүй болгох зэрэг үйлчилгээг хураамжгүй болголоо. Гааль, мэргэжлийн хяналт, иргэн, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээнд “Нэг цэг”, “Нэг цонх”, “Бизнес ширээ”-ний үйлчилгээ, 21 аймаг, нийслэл, дүүргийн Татварын газар, хэлтэст татварын цахим тайлангийн үйлчилгээг тус тус нэвтрүүллээ.

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг тэргүүлэх салбаруудад ажиллуулах, хөгжилтэй орнуудад өндөр боловсрол эзэмшсэн хүмүүсийн хувь нэмрийг улс орны хөгжилд татан оруулах зорилго бүхий “Зөгийн үүр” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлүүллээ. Мөн гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор хилийн “Боомтуудын ерөнхий төлөвлөгөө, концессын зүйлийн жагсаалт”-ыг баталж, концессын хуулийн дагуу хөгжүүлэхээр ажиллаж байна.

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын чухал хэсэг нь бизнесийн орчны макро эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх явдал байлаа. Энэ хүрээнд стратегийн ач холбогдол бүхий зарим ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал багтсан. Эдгээр асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн асуулгад хариулах, Ерөнхий сайд болон холбогдох сайдын Улсын Их Хуралд хийсэн мэдээлэлд тодорхой тусгагдсан болно.

    Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэл нь үйлдвэрлэгчдийн төлөөлөл болох Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоод, ажил олгогч эздийн төлөөлөл болох Монголын Ажил олгогч, эздийн нэгдсэн холбоо, ажилчны эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл болох Монголын үйлдвэрчний байгууллага, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, зөвшилцсөн нь ажлын үр дүнд эерэг нөлөө үзүүлж байна. Шийдвэр боловсруулах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлсэн нь нэг талаас амьдралд нийцсэн бодлого болж, нөгөө талаас энэ хамтын ажиллагаа нь хууль тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулах зорилгоор нэгдсэн ойлголтод хүрэхэд ихээхэн хугацаа шаардсан.

     “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийнхүрээнд авч хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн ажлууд эхнээсээ үр дүнгээ өгч байна. Өнгөрсөн 2010 оны байдлаар манай улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оноос 10 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 11.4 хувиар өслөө. Боловсруулах аж үйлдвэрийн салбар дотор хүнсний аж үйлдвэрлэл 24 хувиар, хувцас үйлдвэрлэл 17 хувиар, модон эдлэлийн үйлдвэрлэл 35.6 хувиар, төмрийн үйлдвэрлэл 29.6 хувиар, эрдэс бодисоор хийсэн эдлэлийн үйлдвэрлэл 54.0 хувиар нэмэгдлээ. Аж үйлдвэрийн салбарт зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоон үзүүлэлт нэмэгдээд зогсоогүй хөдөлмөрийн бүтээмж 5.5 хувиар, тус салбарт ажиллагсадын тоо өмнөх оныхоос 1.7 мянган хүнээр өссөн нь чанарын чухал үзүүлэлт юм.

    Бизнесийн орчин сайжирч, улсын бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчилж байгаагийн үр дүнд шинээр бүртгэгдэж буй аж ахуйн нэгжийн тоо өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, 2009 онд шинээр бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн тоо 379-өөр нэмэгдсэн бол 2010 онд 4044 аж ахуйн нэгж шинээр бүртгэгддлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн тоо 40.9 мянгад хүрээд байна. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 581 жижиг үйлдвэр шинээр бий болж, 1041 үйлдвэр техник, технологио шинэчилж үйл ажиллагаагаа өргөжүүллээ.  

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн бодлогын үр дүнд Монгол Улсын өрсөлдөх чадвар ч зохих хэмжээгээр дээшиллээ. Тухайлбал, 2010-2011 оны Өрсөлдөх чадварын тайлан судалгаагаар Монгол Улс 3.7 оноогоор 139 орноос 99 дүгээр байрт орсон нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 0.3 пунктээр дээшилж даруй 18 байраар урагшилсан. 2011 оныг Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ нь бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр олсон амжилтаа бататган, улмаар монгол хүнийг хөгжүүлэх, ажилтай болгох, тогтвортой амьжиргаа, орлоготой байлгах цогц бодлогын нэг хэсэг, үргэлжлэл юм.

    Засгийн газар “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд төлөвлөсөн зорилт, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог зохистой түвшинд хүртэл бууруулах, эрх зүйн болон зохицуулалтын таатай орчин, нөхцөл бүрдүүлэх асуудал нь зөвхөн нэг жилийн ажлын хүрээнд бүрэн хэрэгжүүлчихдэг зүйл хараахан биш юм. Энэ бол тогтмол хийгдэх үйл явц юм. Тиймээс манай хамтарсан Засгийн газар цаашид бизнесийн орчны шинэтгэлийн ажлын үр дүнг илүү бодитой, үр өгөөжтэй болгох, боловсруулсан бодлого, шийдвэр бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэнд хүрдэг байх, олон нийтэд таниулах талаар анхаарч ажиллана.

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Засгийн газар энэ оны эхний улиралд ажлын төлөвлөгөөний хэрэгжилт нь хангалтгүй, дуусаагүй байгаа зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тогтсон. Одоо яам, агентлагаас энэ оны 1 дүгээр улиралд багтаан авч хэрэгжүүлсэн ажлын тайланг авч байна. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг 2011 оны хагас жилээр нэгтгэн дүгнэж хэлэлцэх болно.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

    2011 оны 4 дүгээр сар 08.                                   УИХ-ын чуулганы танхим

  • ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ ХҮНИЙ ХӨГЖИЛД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

    Монгол Улсын Засгийн газар хүнээ хөгжүүлэхэд онцгой анхаарч байна. Үүний тулд стратегийн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олох орлогыг нийт иргэдээ хөгжүүлэхэд зориулна. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр бүхэн хүнээ хөгжүүлэхэд чиглэж байна. Тухайлбал “Хүний хөгжил сан” байгуулж иргэддээ хишиг, хувь хүртээж байгаагаас гадна саяхан “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэн бүртээ тэгш хуваарилах шийдвэр гаргалаа гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв.

    Тэрээр 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Нобуко Хорибе тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзахдаа ингэж хэллээ. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон хүүхэд, өсвөр залуу үе гэсэн зорилтот бүлэгт чиглэсэн, үр дүнтэй, бодитой арга хэмжээ авч байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилгүйдлийг бууруулах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд Засгийн газар анхаарч байна. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай биелүүлж байгаа бөгөөд гол үзүүлэлтүүдийг хангах болно. Энэ чиглэлээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллана гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эх, нялхсын эндэгдлийг бууруулах, жендерийн тэгш байдлыг хангах, ерөнхий боловсролын сургуульд суралцагсдын сурах таатай орчин бүрдүүлэх, ХДХВ/ДОХ, бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцэх зэргээр Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллана гэж хатагтай Нобуко Хорибе хэлэв. Монгол Улс үсрэнгүй хөгжих шатандаа орж, хүн ам нь хурдацтай өсч байгааг НҮБ-аас хийсэн судалгаа харуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор тулгамдсан асуудал ч гарч ирж байна. Цаашид нийт хүн амын 70 орчим хувийг эзэлж байгаа залуучууд, өсвөр насныханд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэж тэрээр үзэж байна.

    НҮБ-ын Хүн амын сан нь 2007-2011 онд “Улс орны хөтөлбөр”-ийн хүрээнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүн ам зүйн хөгжил, жендерийн тэгш байдлыг дэмжихэд  14 сая ам.доллар зарцуулаад байна. 2012-2016 онд хүн амын эмзэг бүлэгт хүрч үйлчлэх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатны эрүүл мэндийн багц үйлчилгээнд нэгтгэх, эхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, залуучуудад чиглэсэн хөтөлбөрүүдээ өргөжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин болон эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм. НҮБ-ын Хүн амын сан саяхан хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад 600 гаруй сая төгрөгийн үнэ бүхий автомашин, мотоцикль, эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ

  • Хөрөнгийн зах зээлийн шинэ үе эхэллээ

    Хөрөнгийн зах зээлийн шинэ үе эхэллээ Монгол улсын Засгийн газар өнгөрсөн онд Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилт тавьж, энэ амлалт олон монгол хүнд хол, үл таних үгс болон сонсогдож байсан үе ард хоцорч байна. Дасаагүй үг хэллэг, таниагүй зах зээл монголчууд бидэнд ойртжээ. Монгол улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, өөрчлөн шинэчлэх явдлыг  зорилгынхоо нэгээр тодорхойлж, энэ тал дээр үр дүн  авчирна хэмээн ажлаа авсны дараа амалж байсан Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр ам ажлын зөрүү байхгүй гэдгээ харууллаа.

    Өнөөдөр болсон Лондонгийн хөрөнгийн биржтэй “ Ажлын мастер гэрээ” байгуулах ёслол  дээр Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ ” Дугуйг бид шинээр бүтээх албагүй. Харин бүтээчихсэн тэр зүйлээс суралцах ёстой. Энэ зорилгоор дэлхийд арвин туршлагатай Лондонгийн хөрөнгийн биржтэй  стратеги хамтын ажиллагаагаа хөгжүүлэх гэрээн дээр гарын үсэг зурж байна. Лондонгийн хөрөнгийн бирж бол олон улсад төдийгүй Европ, Азид өөрийн туршлага, технологио өргөжүүлж чадсан арвин баялагтай улс. Энэ хамтын ажиллагаанаас Монгол хүн бүр хожих ёстой.

    Засгийн газраас хэд хэдэн томоохон шийдэл гаргаж байгаагийн нэг нь монгол хүн бүртээ үнэ төлбөргүйгээр хувьцаа эзэмшүүлэх шийдвэр байлаа.Энэ агуулгаараа ч бидний хамтын ажиллагаа түүхэн ач холбогдолтой. Лондонгийн хөрөнгийн биржтэй бид хамтарснаар үнэт цаасны арилжаа явуулах орчин үеийн цогц системийг нэвтрүүлж, эрх зүйн орчин, дэд бүтэц, технологи боловсон хүчний чадавхи олон улсын стандартад хүрэх юм. Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид орон зай цаг хугацаанаас үл хамааран Монголын хөрөнгийн биржийн өндөр хурдны платформд холбогдож, арилжаанд хямд өртгөөр, урт хугацаанд үр ашигтай оролцон хөрөнгийн захаас бодит өгөөж хүртэх боломж бүрдэж байна.

    Улаанбаатар-Лондон- Торонтогийн 24 цагийн арилжааны бүсэд холбогдон олон улсын санхүүгийн зах зээлд гарах боломж нээгдлээ. Энэ үйл ажиллагаа нь Монголын ирээдүйн их бүтээн байгуулалтын эхлэлийг тавих үржил шимт хөрс шороо бий болж, дэлхийн хөгжингүй орнуудтай энэ зэрэгцэхүйц үсрэнгүй хөгжлийн замдаа орох алтан цаг үе ойрхон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө ч бид ажиллах болно.  “ хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

    Харин Лондонгийн хөрөнгийн биржийн захирал ноён Хавиер  Роле  энэ үеэр  Лондонгийн хөрөнгийн бирж нь Монголын хөрөнгийн зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахад тусалж чадах итгэлт түнш байх болно гэдгийг тэмдэглээд, Монгол улсын эдийн засгийг дараагийн жилүүдэд дэлхийн хамгийн идэвхтэй бөгөөд хурдан өсөлттэй эдийн засаг болно хэмээн таамаглаж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол улсын эдийн засгийг сонирхох олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхол улам идэвхжиж байгааг олж харснаа дурдаад, хөрөнгийн зах зээлийн хүч чадлыг ойлгодог үндэстэн байна хэмээн сайшааж байв.

    Одоогийн байдлаар Лондонгийн хөрөнгийн биржид  дэлхийн 70 шахам орны 2.600 гаруй компани бүртгэгдсэн байдаг бөгөөд монголоос  Petro Matad хэмээх ганц компани байдаг юм байна. Ойролцоогоор дөрвөн их  наяд ам.доллар бүхий олон улсын хөрөнгийг Лондон удирдаж байгаа ажээ. Азийн худалдааны зорилтыг санхүүжүүлэх механизмыг бий болгосонтой холбогдуулан дэлхий нийт биднийг анхаарлын төвдөө аваад байна гэж ноён Роле тэмдэглээд, бидэнд бүх салбарын хөрөнгө оруулалтын боломж, ялангуяа Монголын эдийн засгийн өсөлтийг хангах уул уурхай, түүхий эдийн секторт хуримтлуулсан арвин баялаг туршлага байгаагаа дуулгалаа.

    Мөн энэ үеэр  Монгол улсын иргэн бүрийн нэр дээр “ Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцааг эзэмшиж буйг баталгаажуулан  Үнэт цаасны бүртгэлийн ажлыг хийж дууссаныг “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК зарлаж, цахим хуудасны эхний зочноор Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдыг урилаа. Аман ярианаас бодит ажил руу орцгооё хэмээн уриалсан Засгийн газрын тэргүүн тус цахим хуудаснаас хоёр хүнийг онцолж, бүртгэгдсэн эсэхийг шалгав. Увс аймгийн Сагил сумын иргэн, улсын сайн малчин Г.Батжаргал, МУИС-ийн оюутан С.Ганхүү нар ийнхүү  “Эрдэнэс Тавантолгойн” компаний хувьцаа эзэмшигчид боллоо. Одоогийн байдлаар Монгол улсын 2.5 сая иргэн тус компаний хувьцаа эзэмшигч болсон  тухай бодит мэдээлэл самбарт гарсан харагдлаа.

    Түүхэн үйл явдлын гэрч болж,  ард иргэддээ хувьцаа эзэмшүүлнэ гэсэн амлалт ийнхүү бодит ажил болсныг Ерөнхийй сайд С.Батболд онцлоод, эх орныхоо баялгийн эзэд болсон нийт ард түмэндээ сайн сайхныг хүсэн ерөөлөө. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. “Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах тухай гэрээ байгуулснаар   Монголын хөрөнгийн бирж 24 цагийн турш гүйлгээ хийж, хөдөлгөөнд орлоо  гэсэн үг  үү” хэмээх сэтгүүлчийн асуултад  Засгийн газрын тэргүүн С.Батболд” Энэ ажилд тодорхой цаг хугацаа шаардана. Бид ч хариуцлагатай хандах ёстой юм. Хөрөнгийн биржийн дэд бүтцийг шинэ түвшинд гаргана.

    Үүнийг бэлдэхэд цаг хугацаа шаардана. Мөн түүнчлэн мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх шаардлагатай байгаа.  Цаашлаад  эрхзүйн орчноо олон улсын шаардлагад нийцүүлэн өөрчлөлт хийх ёстой юм. Өөрөөр хэлбэл биднээс бүх зүйл шалтгаална. УИХ, Засгийн газар ард түмэнтэйгээ хамтраад бид энэ бүхнийг хийх ёстой. Өнөөдөр хамтын ажиллагаанд гарын үсэг зурж байгаа нь бид зүг чигээ оллоо гэсэн үг”хэмээн хариуллаа. Мөн түүнчлэн “Лондонгийн биржийн энэ  үйл ажиллагаанд хэн ямар хяналт тавих вэ, бас тэднээс  бид юу хүлээж байна вэ “ гэсэн асуултад хариулахдаа “ Ерөнхийдөө ТӨХ хяналт тавина. Том утгаараа Монголын ард түмэн хяналт тавина.

    Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарснаар энэ салбарын хүний нөөц, технологид шинэчлэл авчрах ирээдүй бий. Хөрөнгийн зах зээл хөгжүүлснээр  засаглал сайжирна. Нээлттэй, тунгалаг засаглалыг сайжруулах механизм болох учиртай. Нөгөө талаар хөрөнгийн зах зээлийн талаарх монголчуудын мэдлэг  дээшилж, өнгөрсөн алдааг давтахгүй байх мэдээлэлтэй болно. Энэ тал дээр ч тодорхой сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээ Лондонгийн тал илэрхийлээд байгаа“ гэлээ. Лондонгийн хөрөнгийн биржээс хувьцаагаа авч болдог ийм цаг үе ойрхон  ирсэн гэдгийг  ТӨХ-ны дарга Д. Сугар  эцэст нь тэмдэглэж байв.  Лондонгийн тал технологийн шинэчлэлийг 10 гаруй сая ам.доллараар хийж байгаа юм байна.

  • “100,000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарынхан нэгдсэн зохион байгуулалтад орох шаардлагатай гэлээ

    “100,000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарынхан нэгдсэн зохион байгуулалтад орох шаардлагатай гэлээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мэргэжлийн холбоод тухайлбал, мах, ноос ноолуур, мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоодтой уулзаж, тухайн салбарын тулгамдсан асуудлаар ярилцсан төдийгүй эдгээр уулзалтаас гарсан санал зөвлөмжийн дагуу Засгийн газрын хуралдаанаас тодорхой шийдвэрүүд гараад байгаа билээ. Засгийн газрын тэргүүн энэхүү арга хэмжээгээ өнөөдөр барилгын салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд болон барилгын байгууллагын төлөөллүүдтэй хийсэн уулзалтаар үргэлжлүүллээ. Барилгын салбарын ажил ид эхэлж буй учир энэхүү уулзалтад аль аль тал нь ихээхэн ач холбогдол өгч байна.

    Улс орны хөгжилд мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын боломжийг өргөн ашиглах ёстой гэсэн байр суурь баримталж буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100,000 орон сууц хөтөлбөр”-ийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ, үүнд мэргэжлийн холбоодын гүйцэтгэх үүрэг, боломж бололцоо ямар байна гэсэн чухал асуудлыг хөндөж салбарын төлөөллийн санал бодлыг сонслоо. Барилгын салбарынхан “100,000 орон сууц хөтөлбөр”-ийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлээд Улаанбаатарыг утаанаас салгах, ядуурал, ажилгүйдлийг багасгах зорилго бүхий тус хөтөлбөр нь барилгачдыг, барилгын салбарынхныг ойрын хэдэн жилд ажлаар хангана.

    “40 мянган орон сууц”-аас эхэлсэн энэ хөтөлбөр 200, 300 мянган айлын орон сууц хөтөлбөрөөр үргэлжлээсэй. Ингэхдээ барилгын материал үйлдвэрлэгч болоод монгол барилгачидтай монгол компаниа энэхүү хөтөлбөрт түлхүү хамруулахыг хүсч байгаагаа хэлж байлаа. Мөн энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр барилгын материал, тоног төхөөрөмжийн үнэ өсч байгаа гэдгийг Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гишүүд энэ уулзалтын үеэр няцаасан төдийгүй хямд өртөгтэй, чанар сайтай материал, түүхий эдээр барилга угсралтын компаниудаа хангахаа энэхүү уулзалтын үеэр амласан нь тэнд цугласан хүмүүст ихээхэн таалагдлаа.

    Өөрийн бизнесээ ярихаас биш “100,000 орон сууц”, “Шинэ бүтээн байгуулалт” зэрэг хөтөлбөрийн хүрээнд хэчнээн ажлын байр бий болгох, улс орныхоо нийгэм, эдийн засагт хэрхэн хөрөнгө оруулах талаар хэн ч ярихгүй байна гэж мэргэжил нэгнүүддээ шүүмжлэл хэлэх хүмүүс ч бас байлаа.   Ийнхүү барилгын салбарынхны санал хүсэлтийг сонссоныхоо дараагаар буюу уулзалтын төгсгөлд  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэдэнд хандаж “Би та бүхэнтэй Засгийн газрын тэргүүнээр томилогдсоныхоо дараахан буюу 2009 оны арванхоёрдугаар сард уулзсан. Ингэхдээ “Бид дэд бүтцийн салбар дахь мөрөөдлөө цаасан дээр буулгаж үлдээмээргүй байна” гэдгээ хэлж байсан. Танай салбарынхны хийх ажил өнөөдөр тодорхой болсон. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой гэдгийг эхлээд хэллээ.    

    Улаанбаатарын утааг багасгах, шинээр ажлын байр бий болгож, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцны усан хангамжийг дээшлүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд “100 ,000 орон сууц”хөтөлбөр чиглэгдэж байгаа гэдгийг тэмдэглэлээ. Ингэхдээ Орон сууцны санхүүжилтийн корпораци нь төрөөс мөнгө авч байшин бариад, иргэдэд худалдах ийм шийдвэрийг Засгийн газар огт гаргаагүй гэдгийг хэлээд “Та бүхний зарим нь ташаа мэдээлэлтэй байгаа нь ажиглагдаж байна. Цаашдаа Засгийн газрын шийдвэрийг ямар ч орчуулагчгүйгээр шууд хүргэж байх ажлыг бид зохион байгуулна” гэлээ. Харин барилга барих, үүнийг худалдаж авах зохицуулалтыг хийх нь төрийн үүрэг. Төрийн зохицуулалтын бодлого нээлттэй, ойлгомжтой, шударга байна гэдгийг онцлоод та бүхний санал бодлыг бодлого, хөтөлбөртөө тусгахын тулд ингэж уулзаж байгаа, цаашид ч сонсч байх болно гэсэн юм.

    Энэхүү бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ барилгын салбарын үндэсний компаниудыг оролцуулахад анхаарч ажиллана гэдгээ ч мөн илэрхийлээд Засгийн газар дотоодын үйлдвэр, үндэсний компаниудаа дэмжиж байгаа. Ингэхээ аль ч салбарт чанар, үнэ, стандарт хангасан байх шаардлага тавина гэдгээ хатуу анхаарууллаа.  Мөн Засгийн газар 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай хэлэлцээд тогтоол гаргахаар болсон. Уг тогтоолоор төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд нэн тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдээс хангах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан талаар мэдээлэг өглөө.

    “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд хэрэгжүүлэхээр сонгосон хорооллуудын газар олголт, чөлөөлөлтийн ажлыг  яаралтай шийдэж өгөхийг Засгийн газрын тэргүүн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид энэ үеэр үүрэг болголоо. Ингэхдээ инженерийн шугам сүлжээ болон хорооллын зам барих асуудлыг цогцоор нь шийдэх учиртайг тэрбээр тодотголоо. Мөн “Шинэ бүтээн байгуулалт” болон “100,000 орон сууц” хөтөлбөр нь манай улсын бүх салбарыг хамарсан их бүтээн байгуулалт учраас барилгын салбарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан 1548 аж ахуйн нэгжүүд нэгдсэн зохион байгуулалтад орох шаардлагатайг Засгийн газрын тэргүүн онцлолоо.

    Энэ хөтөлбөр  нь бага, дунд орлоготой иргэд, залуучууд, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах зорилготой тул орон сууц барих үйл ажиллагаанд төрийн зохицуулалт зайлшгүй орох болно. Харин энэ зохицуулалтад санал бодлоо чөлөөтэй хэлж, илэрхийлж байхыг барилгын салбарынхнаас хүслээ. Тус салбарынханд эдгээр хөтөлбөрүүд томоохон боломж олгож байгаа ч ажлын байрны шаардлага хангах боловсон хүчний асуудал хүндрэлтэй байгаа талаар уулзалтад ирсэн хүмүүс хэлж байсан. Монгол Улсын Ерөнхий сайд ч үүнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлээд энэхүү бүтээн байгуулалтад 54600 гаруй ажлын байр байна.

    Энэ ажлын байрны шаардлагыг хангах боловсон хүчнийг бэлтгэх, ажилтны давтан сургалт, мэргэжлийн зэрэг олгох зэрэг мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байгаа гэдгийг хэллээ. Барилгын салбарынхны ажил ард иргэдийн нийтлэг эрх ашигт нийцэж чадаж байвал санхүүжилт хүндрэлтэй асуудал биш гэдгийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн үгийнхээ төгсгөлд онцолсон юм. Барилгын салбарт бий  болсон боломж болоод хүлээлт, хүндрэлтэй асуудлуудын талаар ярилцаж, үүнээс гарах гарц хайж санал солилцсон ажил хэрэгч уулзалт боллоо гэж энэхүү арга хэмжээнд оролцсон хүмүүс дүгнэж байлаа

  • Монголын Хөрөнгийн биржийг хөгжүүлэхдээ сургалтад түлхүү анхаарахыг Ерөнхий сайд хүслээ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Лондонгийн Хөрөнгийн биржийн ерөнхийлөгч Хавер Роле тэргүүтэй тус биржийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 200 гаруй жилийн түүхтэй, зах зээлийн багтаамж, арилжааны хэмжээ, нэр хүндээрээ дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтах Лондонгийн Хөрөнгийн биржийн удирдлагуудтай хийсэн уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа гэдгээ хэлээд манай улсын хоёрдогч зах зээл болох хөрөнгийн зах зээлийг шинэчлэхэд ширүүхэн өрсөлдөөнөөс шалгарсан Лондонгийн Хөрөнгийн биржийн туршлага үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Мөн энэхүү шинэчлэлтийн эцсийн дүнд Монгол Улс, монгол хүн хожих ёстой гэдгийг онцлоод шинэ техник технологи нэвтрүүлэх, гаднын томоохон хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах болон уул уурхай, дэд бүтэц зэрэг төслүүдэд анхаарахын зэрэгцээ монгол хүмүүсийг сургах энэ чиглэлийн мэдлэгийг нь дээшлүүлэхэд түлхүү анхаарал тавьж ажиллахыг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн захилаа. Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажилласнаар үнэт цаасны арилжаа явуулах,  орчин үеийн цогц системийг нэвтрүүлж, Монголын хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин, дэд бүтэц, техник технологи, боловсон хүчний чадавхи олон улсын стандартад хүрнэ гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ.

    Лондонгийн Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч ноён Хавер Роле, цаг гарган хүлээн авч уулзаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдад талархлаа илэрхийлээд Лондонгийн хөрөнгийн бирж дэргэдээ Академитай, үүгээрээ дамжуулан монгол иргэдийг сургах, Монголын Хөрөнгийн биржийн залуу боловсон хүчнийг бэлтгэхэд таны захисанчлан түлхүү анхаарна гэдгээ хэллээ. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран Монголын Хөрөнгийн бирж өндөр хурдны платформд холбогдож, арилжаанд хямд өртгөөр, урт хугацаанд, үр ашигтай оролцон, хөрөнгийн захаас бодит өгөөж хүртэх боломж бүрдэнэ.

    Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагууд дотоодын хөрөнгийн захаар дамжуулан гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас урт хугацааны, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр татах боломж бүрдэж, цаашлаад Улаанбаатар-Лондон-Торонтогийн 24 цагийн арилжааны бүсэд холбогдон, олон улсын санхүүгийн зах зээлд гарах боломж нээгдэх болно гэж Лондонгийн Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзахдаа хэллээ