Ангилал: мэдээ

  • Соёл, өв уламжлалаа хадгалах, хөгжүүлэх сайхан театртай болох казах зон олны хүсэлтийг Ерөнхий сайд дэмжлээ

    Соёл, өв уламжлалаа хадгалах, хөгжүүлэх сайхан театртай болох казах зон олны хүсэлтийг Ерөнхий сайд дэмжлээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Наурызын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийн дарга А.Бакей тэргүүтэй казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Баян-Өлгий болон  манай улсын баруун аймгуудад хаваржилт харьцангуй сайн, цаг агаар ч тогтуун байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлээд өнгөрсөн жилийн мөн өдийд мөн казах зон  олны төлөөллийг өрөөндөө хүлээн авч уулзан тэднээр дамжуулан мэнчилгээ дэвшүүлэн баяр хүргэж, домборын эгшиг сонсож байсан тухайгаа хуучиллаа.

    Өвлийн тэсгим хүйтнийг  давж, хаврын урь орсныг  зарлан тэмдэглэдэг Наурызын баяр бол  ёс заншил, ахмад настнаа хүндэтгэн дээдэлдэг уламжлалт сайхан баяр гэдгийг  Засгийн газрын тэргүүн С.Батболд тодотгоод казах түмэнд хандан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөлөө. Сүүлийн жилүүдэд, ялангуяа сүүлийн 20 жилд казахчуудын монгол хэлний мэдлэг хангалттай биш болсон. Энэ нь сурч боловсрох,  мэргэжил эзэмших болон эх хэл дээрээ мэдээлэл авахад хүндрэлтэй байгаа талаар Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга уулзалтын үеэр хэлээд МҮОНТР-д тусгай нэвтрүүлэг бэлтгэх суваг, цаг авах боломж олговол төр засгийн мэдээллийг казах хэлээр хүргэх сурталчлах боломжтой болно. Үүнд анхаарал тавихыг Ерөнхий сайдаас хүслээ.

    Мөн Баян-Өлгий аймгийн театр үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болсон, мэргэжлийн найруулагч, удирдаач, зураачгүй болоод байна. 1959 онд байгуулагдахдаа 50-иад хүний  бүрэлдэхүүнтэй байсан домборын чуулга өнөөдөр дөнгөж 12-хон хөгжимчинтэй болсон зэрэг хүндрэлтэй асуудлуудынхаа талаар төлөөлөгчид Ерөнхий сайдад дуулгалаа. Засгийн газрын тэргүүнтэйгээ уулзах үеэр иргэд болоод нутаг  орныхоо талаар санал бодлоо хэлж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сайшаагаад “Энд гарсан  санал, зөвлөмжийг хүсэлт нөгөө талаас  төр засагтаа  тавьж байгаа шаардлага гэж хүлээж авлаа.

    Би өнгөрсөн жил монгол орныхоо 18 аймагт ажилласан. Баян-Өлгийд очихдоо та бүгдийн ярьсан энэ бүхэнтэй газар дээр нь танилцсан. Анхаарч ажиллаж байгаа. Аймгуудад тулгарсан асуудлуудын талаар ажлын төлөвлөгөө гаргаж Засгийн газар, холбогдох яамд ажиллаж байна. Хэрэгжих явцдаа байгаа, шийдлүүд өгнө” гэлээ. Мөн Баян-Өлгий аймаг соёлын өв, уламжлалаа хадгалах,  тайзны урлагийн түвшинд хүртэл хөгжүүлэх сайхан театртай, урлагийн чадварлаг баг, хамт олонтой байх учиртайг Ерөнхий сайд онцлоод БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, тус яамны дэд сайд Ч.Куланда үүнд анхааран ажиллаж байгааг дуулгалаа.

    Засгийн газар анхаарч байгаа, нөгөө талаар орон нутгийн зүгээс хичээн чармайж санаачилгатай ажиллах даалгаврыг Засгийн газрын тэргүүн Наурызын баярын мэндчилгээний хамт өглөө. Казах зон олныг төлөөлөн Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзсан төлөөлөгчид “Баян-Өлгий аймгийн 2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр” боловсруулж, батлуулснаа Засгийн газрын тэргүүнд  гардууллаа

  • Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Монголд нээх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ

    Европ стандарт, нормыг Монголд нутагшуулах зорилт тавьсан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Европын холбооноос Монгол Улсад суух Элчин сайд бөгөөд Европын комиссын Бээжин дэх Төлөөлөгчийн газрын тэргүүн Маркус Эдерерийг итгэмжлэх жуух бичгээ барьж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Европын холбоо, Монгол Улсын хамтын ажиллагаа 1993 онд Худалдаа хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, ган болон зудын хор хөнөөл, үр дагаврыг арилгахад Европын холбоо манай улсад дэмжлэг, тусламж үзүүлсээр ирсэнд талархаж байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

    Мөн Европын холбоо, Монгол Улсын хооронд байгуулах Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг хоёр тал саяхан үзэглэсэн бөгөөд бэлтгэл ажил нь хангагдаж дуусч байгаад сэтгэл ханамжтай байгаагаа Засгийн газрын тэргүүн тэмдэглээд тавдугаар сарын сүүлчээр Европын холбооны удирдлагуудтай уулзах үеэр гарын үсэг зурснаар уг хэлэлцээр баталгаажна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Бүх салбарт ялангуяа, засаглал, үйлчилгээ, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарт европ стандарт, нормыг Монголд нэвтрүүлэхэд Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр чухал ач холбогдолтой. Ингэснээр манай орны хөгжлийн олон тулгамдсан асуудлыг шийдэх боломжтой болно гэдгийг Ерөнхий сайд онцлоод 27 орон, 500 сая хүн амыг нэгтгэсэн Европын холбооны төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

     Монгол Улсад суух Элчин сайд бөгөөд Европын комиссын Бээжин дэх Төлөөлөгчийн газрын тэргүүн Маркус Эдерер Европын холбоо, Монгол Улсын хооронд байгуулах Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн болсон гэдгийг мөн дурдаад уг хэлэлцээр нь Европын холбоо, Монгол Улсын хоорондын харилцааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой. Засаглал, ардчилал, хүний эрх, институцийн шинэчлэлд стандарт хэм хэмжээг сайжруулах чиглэлээр төв болон орон нутгийн төрийн байгууллагуудын чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх 8 сая еврогийн тусламж, энэ хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь европ стандарт, нормыг эх орондоо нутагшуулах зорилго бүхий Монгол Улсын Засгийн газрын санаачилгад дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа ноён Маркус Эдерер илэрхийллээ

  • Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзлаа

    Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Жилийн ажлыг үр дүнтэй болгохын тулд энэ ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог Ерөнхий сайд өөрөө удирдаж байгаа юм. Үндэсний хорооны анхдугаар хурлаар хийх ажлын төлөвлөгөөгөө батлан 4 салбар хороо байгуулж ажилдаа орсон. Энэ жилийн ажлын хүрээнд өрх бүрийг үйлдвэрлэгч болгож, ажил олгогч бүр 1-ээс дээш ажлын байр бий болгох, залуучууд, 40-өөс дээш насныхан, цэргийн алба хаагчдыг ажлын байраар хангахыг Засгийн газар чухалчилж байгаа.

     Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороонд хэдэн хүн ажилтай болсон, удирдлага, зохион байгуулалтын ямар арга хэмжээ авсан зэргээр нь байгууллага, албан тушаалтны ажлыг дүгнэж, манайд хэрэгжиж байгаа аливаа төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн дүнд хэдэн ажлын байр бий болж байгааг  нарийвчлан үзэх юм. Гэхдээ Засгийн газар дангаараа зүтгээд байлгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, салбар бүрийн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагатай хамтран ажиллахыг зорьж байна.

    Энэ үүднээс Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сангийн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Монголбанкны удирдлагуудын хамт 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бизнес эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа. Хэдийгээр бидэнд бэрхшээл, зовлон их байгаа ч тулгамдсан асуудлаа зөвхөн шүүмжлэх, улс төржих, уриа лоозонгийн хэлбэрээр бус, хэрхэн шийдвэрлэх гарцын талаар ярьж, бодитой, ажил хэрэгч санал хэлэхийг тэрээр уулзалтын эхэнд хүсэв.

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийг үр дүнд хүргэхийн тулд талууд үүрэг, хариуцлагаа хуваалцана. Зохион байгуулах, дэмжих, зохицуулалт хийх чиглэлээр Засгийн газар манлайлах үүрэгтэй оролцоно. Өнгөрсөн оны эцэст 100 гаруй зөвшөөрөл, лицензийг хүчингүй болгож, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлсэн. Хамгийн гол нь мэргэжлийн холбоод салбараа бүрэн төлөөлдөг, бодлогоо зөв тодорхойлж, хэрэгжүүлдэг чадавхитай байх ёстой. Тухайлбал ямар нэгэн хууль батлахад тухайн салбарынхан байр сууриа тэр болгон илэрхийлдэггүй хэрнээ хууль батлагдаад гарсны дараа амьдралд нийцэхгүй байна хэмээн элдэв шүүмжлэл хэлэх нь зохисгүй гэдгийг Ерөнхий сайд бизнес эрхлэгчдэд хэлж, үүнд  хариуцлагатай хандан, санал бодлоо идэвхтэй илэрхийлдэг байхыг анхаарууллаа. 

    Энэ жил Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 30 тэрбум, Японоос 70 тэрбум төгрөг, Засгийн газраас 100 тэрбумын бонд гаргаж 30 орчим мянган ажлын байр бий болгохоор зорьж байна. Үйлдвэрүүд нийслэл, дүүрэг, хороотой гэрээ байгуулж, ажиллах хүчнээ сурган, зарим бүтээгдэхүүнээ өрхийн үйлдвэрлэлээр хийлгэх боломж байгааг Ерөнхий сайд хэллээ. Тухайлбал савхи, ноолууран эдлэл үйлдвэрлэх машиныг өрхөд авч өгөх, хүмүүсийг нь сургах хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас гаргаж, хөдөө орон нутагт малчид, газар тариаланчдын бүлэг, хоршоо, нөхөрлөл байгуулж ажиллуулахыг Засгийн газар дэмжинэ гэдгийг жишээ болгов. 

    Ерөнхий сайдыг үг хэлсний дараа бизнес эрхлэгчид тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, гарах гарцын талаар санал, бодлоо илэрхийллээ.

    Тэд дотоодын зах зээлээ хамгаалж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд төмс, хүнсний ногоо, бэлэн хувцас зэрэг импортын зарим барааны татварыг нэмж, боловсруулсан бүтээгдэхүүний экспортын татварыг хөнгөлөх, чөлөөлөх, тухайн аж ахуйн нэгжийг хэдэн ажлын байр бий болгосноос нь хамаарч татварын хөнгөлөлт үзүүлдэг байх, үйлдвэрүүд ажлынхаа байранд ажиллах хүнээ бэлтгэдэг болох  зэргийг голлон хөндөв.  

    Цөөнгүй яригдсан эдгээр асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газар ажиллаж байгаа ч бизнес эрхлэгчдэд мэдээлэл сайн хүрдэггүй нь ажиглагдаж байлаа. Жишээлбэл цэрэг, цагдаагийн албан хаагчдын болон сурагчийн дүрэмт хувцас, ширээ, сандал, аливаа тэмдэглэлт ойд зориулсан бэлэг, дурсгалын зүйл зэргийг зөвхөн дотоодын аж ахуй нэгжээр хийлгэдэг байхаар Засгийн газар зохицуулах гэж байгаа юм. Гарсан саналыг үйл ажиллагаандаа тусгана. Хамгийн гол нь бид өөрсдөө үйлдвэрлэж байгаа бараа, бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарах ёстой гэж Ерөнхий сайд энэ үеэр анхааруулаад өмнө нь хөндөгдөөгүй саналуудыг нэгтгэн, хэрхэн шийдвэрлэх саналаа танилцуулахыг танхимынхаа гишүүдэд үүрэг болголоо. 

    Түүнчлэн уул уурхайг хөгжүүлэх нь гол биш, харин монгол хүнээ хөгжүүлж, эдийн засгаа чадваржуулах нь Засгийн газрын гол зорилт гэж Ерөнхий сайд онцлоод уул уурхайн салбараас татвар зэрэг хэлбэрээр олох мөнгийг бусад салбараа, тухайлбал жижиг, дунд үйлдвэрлэлээ эрчимтэй дэмжихэд зарцуулна гэв. Цаашид Засгийн газар МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод сар бүр уулзаж асуудлаа хэлэлцэн, гарах гарцаа ярилцаж байхаар тогтсон байна. 

  • Гамшигт нэрвэгдсэн дөрвөн бүсээс иргэдээ үнэ төлбөргүйгээр эх оронд нь авчирна

    Монгол улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 3 дугаар сарын 12-нд боллоо. Хуралдаанаар Япон улсад  байгалийн гамшигт үзэгдэл болсонтой холбогдуулан Монгол улсын Засгийн газраас авах зарим  арга хэмжээний талаар хэлэлцлээ. Япон улсын Мияги болон Иватте мужид 8.9 баллын хүчтэй газар хөдлөлт, цунами болж  байгалийн ноцтой гамшиг тохиолдон, олон зуун хүний амь үрэгдэж,их хэмжээний эд материалын хохирол учирсантай  холбогдуулан тус улсад нэг сая ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай асуудлыг хэлэлцээд тогтоол гаргалаа.

    Мөн эхний ээлжинд гамшгийн бүсэд байгаа монгол иргэдээ үнэ төлбөргүйгээр онгоцоор эх оронд нь тээвэрлэж авчрахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.  Өөрөөр хэлбэл Мияги, Фукушима, Ибараки, Иватте мужуудад байгаа гамшигт өртсөн монгол иргэд үүнд хамаарагдах юм. Япон дахь ЭСЯ-ны ажилтнуудыг монголчуудтайгаа байнга холбоотой байж, хаана хэдэн иргэн байгааг тогтоон, судалгааг шуурхай гарган арга хэмжээ авч мэдээллээр хангахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Япон улсад эрэн хайх, аврах багийг илгээх асуудлыг судлан, зохих бэлтгэл хангахыг  Монгол улсын Шадар сайд М.Энхболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр нарт тус тус даалгалаа.

    Мөн Японы ард түмэнд олгох нэг сая ам.долларын тусламж олгох,  эхний ээлжинд 2500 ширхэг хөнжил хүргэх ажил зохион байгуулахыг Монгол улсын шадар сайд, УБОК-ийн дарга М.Энхболдод даалгав. Түүнчлэн    нэг өдрийн цалингаа хандив болгохыг төрийн байгууллагын албан хаагчдад, бусад иргэд, байгууллага,аж ахуйн нэгжид хандан зохих хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас   уриаллаа.

    Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Монгол улсын ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр тус хуралдаанаас гарсан шийдвэрийг товч мэдээлээд, хамгийн гол нь Японд байгаа монгол иргэдээ хяналтандаа авах нь Засгийн газрын үүрэг гэдгийг тэмдэглээд, одоогийн байдлаар тэнд байгаа монголчуудаас  муу мэдээ ирээгүй гэдгийг онцолж байлаа. Мөн иргэдийг  тээвэрлэх явцад  хүндрэл гараагүй, шаардлагатай  тохиолдолд нэмэлт онгоц гаргах үүрэг даалгаврыг ЗТБХБ-ын сайдад даалгаснаа ч дуулгасан.

    Наритагийн онгоцны буудал цагийн хуваарийн дагуу 22 цагт хаагдах учраас үүнээс өмнө амжиж иргэдээ нүүлгэх  ажлыг зохион байгуулж байгаа гэлээ.  Одоогийн байдлаар Наритагийн онгоцны буудлын бүртгэл дээр  Монголын 147 зорчигч бүртгүүлээд байгаа бөгөөд орой 21 цаг  45 минут гэхэд 10-аад хүнээр нэмэгдэх магадлалтай байгаа ажээ. Нийлээд 160 орчим зорчигч өнөөдөр оройн онгоцоор эх орондоо ирэх юм  байна

  • Японы ард иргэдэд туслах хандивын данс нээлээ

    Өчигдөр буюу гуравдугаар сарын баасан гаригийн 14 цагийн орчимд Япон улсын зүүн хойд эрэг орчмын гурван мужид байгалийн гамшигт үзэгдэл болж олон хүний амь нас эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Япон улсын Засгийн газар, ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлсэн. Мөн тэрбээр энэ өдрийн 16 цагийн орчимд холбогдох салбарын сайд нарт байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа Япон улсад боломжтой бүх талаар туслах, тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, тэдэнтэй холбоо тогтоох, хүсэлт гаргасан иргэдээ нутагт нь авчрах талаар холбогдох сайд нарт шуурхай арга хэмжээ авах үүрэг өгсний дагуу тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболд мэдэгдлээ.

    Засгийн газрын тэргүүн энэ цагт Японы ард түмэн туслахыг уриалж байна. Шилжилтийн хүнд хэцүү цаг үед монголчууд бидэнд тусламжийн гараа сунгаж, манай улсын хамгийн том хандивлагч, туслагч орон байж ирсэн, одоо ч тусласаар байгаа ард түмэн бол япончууд. Монголчууд бид энэ цаг үед Японы ард түмэнд боломжоороо туслаж сэтгэлийн дэм өгөх учиртай. Хандивын данс нээснийг зарлалаа. 

    Хадгаламж банк : 10490002362

     

    Голомт банк : 2715002907,  2715002908

  • Засгийн газраас уриалга гаргалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын Ерөнхий сайд Кан Наотод эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ. Цахилгаан утсанд “Япон Улсын Мияги мужид болсон газар хөдлөлт, цунамийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэж,  их хэмжээний эд материалын хохирол учирсанд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Япон Улсын Засгийн газар, ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Японы хөдөлмөрч, хичээнгүй ард түмэн энэхүү байгалийн гамшгийн хохирлыг богино хугацаанд даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.  Мөн түүнчлэн Засгийн газрын тэргүүн хүнд хэцүү энэ цаг үед Японы ард түмэнд туслахыг уриалсан байна. Тэрбээр хэлэхдээ шилжилтийн хүнд хэцүү цаг үед монголчууд бидэнд тусламжийн гараа сунгаж, манай улсын хамгийн том хандивлагч туслагч орон байж ирсэн, одоо ч тусласаар байгаа ард түмэн бол япончууд билээ. Тэгэхээр одоо монголчууд бид энэ цаг үед Японы ард түмэнд боломжоороо туслаж сэтгэлийн дэм өгөх учиртай гээд Монгол Улсын Засгийн газраас уриалга гаргаж хандивын данс нээсэн тухай уриалгадаа дурдсан байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын Ерөнхий сайд Кан Наотод эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ. Цахилгаан утсанд “Япон Улсын Мияги мужид болсон газар хөдлөлт, цунамийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэж,  их хэмжээний эд материалын хохирол учирсанд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Япон Улсын Засгийн газар, ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Японы хөдөлмөрч, хичээнгүй ард түмэн энэхүү байгалийн гамшгийн хохирлыг богино хугацаанд даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

    Мөн түүнчлэн Засгийн газрын тэргүүн хүнд хэцүү энэ цаг үед Японы ард түмэнд туслахыг уриалсан байна. Тэрбээр хэлэхдээ шилжилтийн хүнд хэцүү цаг үед монголчууд бидэнд тусламжийн гараа сунгаж, манай улсын хамгийн том хандивлагч туслагч орон байж ирсэн, одоо ч тусласаар байгаа ард түмэн бол япончууд билээ. Тэгэхээр одоо монголчууд бид энэ цаг үед Японы ард түмэнд боломжоороо туслаж сэтгэлийн дэм өгөх учиртай гээд Монгол Улсын Засгийн газраас уриалга гаргаж хандивын данс нээсэн тухай уриалгадаа дурдсан байна.

  • Ерөнхий сайд эмгэнэл илэрхийлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын Ерөнхий сайд Кан Наотод эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ. Цахилгаан утсанд “Япон Улсын Мияги мужид болсон газар хөдлөлт, цунамийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсанд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Япон Улсын Засгийн газар, ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Японы хөдөлмөрч, хичээнгүй ард түмэн энэхүү байгалийн гамшгийн хохирлыг богино хугацаанд даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

  • Ерөнхий сайд спортод элэгтэй

    Ерөнхий боловсролын сургуулийн 2010-2011 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг”-ийн шигшээ тэмцээн эхэллээ. Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон тамирчдад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт хүссэн байна. Тэрээр спорт, тэр дундаа сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжиж байдгаа хэлж, хүүхэд залуусыг энэ спортоор хичээллэн улсынхаа нэрийг Ази, олон улс, дэлхийн хэмжээнд дуурсгахыг хүсэн ерөөлөө. Тэмцээний үеэр нийслэл, дүүргийн төр, захиргааны болон харъяа байгууллагын тамирчдаас бүрдсэн “Холимог оддын” баг ерөнхий боловсролын сургуулийн шигшээ багтай хүч үзсэн байна.

    “Сурагчдын лиг” нь өсвөр үе, хүүхэд, залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх сонирхлыг нь нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн спортыг нийтлэг хөгжүүлэх, сурагчид, багш нарын туршлага, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Тэмцээнийг Олимп, дэлхийн аварга, ОХУ-ын гавъяат дасгалжуулагч, гавъяат тамирчин Сергей Белов, ОХУ-ын дунд сургуулийн сагсан бөмбөгийн “Кэс-Баскет” байгууллагын удирдлага, хүндэт зочид, төлөөлөгчид үзэж сонирхсон байна. “Сурагчдын лиг”-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Боловсролын газар хамтран зохион байгуулжээ.

  • Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 9-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООВ

    ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 2011 оны 3 дугаар сард А-80 автобензин тонн тутамдаа 14, АИ-92 автобензин 18, дизелийн түлш 125 ам.доллараар буурчээ. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн дизелийн түлшинд “0” төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 130 мянган төгрөг болгож, АИ-92 автобензинд 230 мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг 250 мянган төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

    Харин А-80 автобензинд 160 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээж, бусад боомтоор оруулж ирэх автобензин, дизель түлшний татварыг хэвээр мөрдөхөөр болов. Татварыг 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд татварын хэмжээг тогтоосноор газрын тосны бүтээгдэхүүний үнэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм. Дараа саруудад газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ огцом өссөн тохиолдолд татварын хувь хэмжээг бууруулан дотоодын зах зээл дэх жижиглэнгийн үнийн огцом өсөлтийг сааруулах нөхцлийг Засгийн газар татварын зохицуулалтаар хийж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

    “БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгалаа. Гадаадаас ажиллах хүч авахад зуучилж байгаа байгууллагууд болон ажил олгогчид олон улсын гэрээ, манай улсын хууль, тогтоомжоор заасан нөхцлийг дордуулж, гадаадын ажилчдын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг алдагдуулах, орон байраар хангахгүй байх сөрөг үзэгдэл гарч байгаа юм.

    Энэ нь гадаадын иргэдийг манай улсад хууль бусаар ажиллаж, амьдарч хууль, дүрэм, нийгмийн хэв журмыг зөрчихөд хүргэж байна. БНХАУ-ын тал иргэдээ зохистой хэлбэрээр хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, сахилга, зохион байгуулалтыг өндөржүүлэх зорилгоор “Ажиллах хүчний хэлэлцээр” байгуулах, ажиллах хүчээ төрийн оролцоо бүхий нэгдмэл субьектээр оруулах санал тавьж буй юм байна. Энэ жил болсон эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд бэлтгэх болон хуралдааны үед энэ асуудлыг талууд хэлэлцэн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.

    Хэлэлцээр батлагдвал манай ажил олгогчийн хэрэгцээ, захиалгад үндэслэн хятадын холбогдох төрийн байгууллагаас ажилчин илгээх эрх авсан тодорхой байгууллагаар дамжуулан зөвхөн мэргэжлийн үнэмлэх, дипломтой, бэлтгэл сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан хүмүүсийг авах юм.  Ингэснээр гадаад ажилчдын асуудлаар олон аж ахуйн нэгжийн хооронд бус нэг гарцаар шийдэгдэх, төрийн байгууллагууд харилцан хяналт тавих бололцоо үүсч байна.

    Мөн хуралдаанаар Засгийн газар хоорондын болон бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хэлэлцээд тогтоол гаргахаар боллоо. Гадаадаас ажиллах хүч авч байгаа ажил олгогч аж ахуйн нэгжүүд хэдэн ажлын байр бий болгосон, үүний хэдэн хувийг өөрийн орны болон гадаадын иргэд эзэлж байгаа тухай мэдээллийг ил тод, нээлттэй гаргаж өгдөг байхад анхаарч ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд чиглэл болголоо.

    “Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, төлбөрөөс чөлөөлөх” журамд өөрчлөлт оруулсан бөгөөд олон улсын гэрээ хэлэлцээр байгуулаагүй компаниудын ажиллах хүчнийг төлбөрөөс хөнгөлж, чөлөөлөхгүй байхыг Засгийн газар 2010 оны 79-р тогтоолоороо зохицуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ТЭЙ БОЛОВ

    Компаниудад засаглал төлөвшөөгүйн улмаас шаардлагатай хөрөнгө оруулалт босгох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж хязгаарлагдаж, зарим тохиолдолд ил тод, нээлттэй бус байдлаас үүдэн хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид болон бусад оролцогч талын эрх ашиг хохирох явдал цөөнгүй тохиолдож байна. Иймээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, их бүтээн байгуулалтын ажилд оролцох сайн засаглалтай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн компаниудыг бий болгох, компанийн засаглалыг төлөвшүүлэхэд төрөөс дэмжин ажиллах бодлогыг хэрэгжүүлэх явдал чухал байгаа юм. Иймээс “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

    Үүнтэй холбогдуулан:

    • “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн эхний үе шатанд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавих
    • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зарим хөрөнгийг Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах
    • Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэл болон шаардагдах хөрөнгийг Санхүүгийн зохицуулах хорооны төсөвт жил бүр тусгаж санхүүжүүлэх  арга хэмжээ авах,
    • Хөтөлбөрийн зарим арга хэмжээг олон улсын байгууллагын зээл, тусламж, гадаад оронтой тогтоосон хамтын ажиллагааны төсөл,арга хэмжээндхамруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд, байгууллагын дарга нарт даалгалаа.

    Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Ц.Баярсайханд зөвшөөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сайн засаглалыг хэрэгжүүлэх эрх зүйн болон зохицуулалтын таатай орчин бүрдэж, ил тод, нээлттэй компанийн засаглал бүхий тогтвортой үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжийн тоо өсч, тэдний хөрөнгө, санхүү нэмэгдэн үйл ажиллагаа өргөжин тэлэх бололцоо бүрдэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ИРГЭДИЙГ ЦАХИМ ҮНЭМЛЭХТЭЙ БОЛГОНО

    Монгол Улсын иргэний цахим үнэмлэхний загвар, тодорхойлолт, дүрмийн төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж хэлэлцүүлэхийг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Иргэний үнэмлэхийг иргэний цахим үнэмлэхээр солих ажлын бэлтгэлийг хангахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргад үүрэг болгов. Цахим үнэмлэх нь бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны бүхий л салбар, түвшинг хамарч, төрийн үйлчилгээний үндсэн суурь болох төдийгүй иргэний бүртгэлтэй холбоотой үнэн бодит мэдээллийн бааз, санг үүсгэнэ.

    Иргэдийг цахим үнэмлэхтэй болгосноор иргэний бүртгэл, мэдээллийн цогц системтэй болж, иргэний үнэмлэхтэй холбоотой гардаг хүндрэл, зөрчил багасан, нууцлал, хамгаалалт сайжирч, тухайн иргэний шилжилт хөдөлгөөн, сонгуулийн санал өгсөн эсэх, цэргийн алба хаасан болон татвар төлсөн байдал зэргийг тодорхойлох боломж бүрдэх юм. Мөн нийгмийн халамж, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн болон төрөл бүрийн даатгал, боловсрол зэрэг төрийн үйлчилгээг цахим иргэний үнэмлэх ашиглан иргэдэд хүргэх, иргэний бүртгэл нь бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны суурь мэдээлэл учир төр, засгийн байгууллагууд мэдээллийг хамтарч ашиглах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. 

    2010 онд иргэний шинэчилсэн бүртгэл явуулж хурууны хээ, дижитал зургийн мэдээллийн дэд сан үүсгэсэн нь цахим үнэмлэхэд агуулагдах суурь мэдээлэл болно гэж Засгийн газар үзлээ.  

    ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БООМТЫН ТООГ ЦӨӨЛӨВ

    Эм, эмнэлгийн хэрэгслийг зөвхөн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Буянт- Ухаа, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор улсын хилээр нэвтрүүлж байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Эм, эмнэлгийн хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтын тоог цөөрүүлсэн талаар Дэлхийн худалдааны  байгууллагад мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгасан байна.

    Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаа нь зохицуулалт нэрээр хаалттай, ил тод биш байгаа, энэ нь эргээд хэсэг хүний бизнес мэт ойлголт нийгэмд бий болж байгааг хуралдааны үеэр Ерөнхий сайд С.Батболд онцгойлон анхааруулаад,  энэ чиглэлээр шалгалт хийж хөндлөнгийн дүгнэлт гаргахыг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт үүрэг болголоо. 

    ТОВЧХОН

    • УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Энхболд нарын санаачлан боловсруулсан “Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн болон “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, тодорхой  саналуудыг  төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов.
    • 2011 оны 2 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийсэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчигийн айлчлалын дүнг сайшааж, айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгалаа.
    • Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк, Олон улсын хөрөнгө оруулалтын банкууд нэгдэж, шинээр банк байгуулах тухай олон улсын гэрээний төслийн талаарх хэлэлцээрт Монголын талын төлөөлөгчдийг ахлах, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Монголбанкны Ерөнхийлөгчид олгож, хэлэлцээрийн төслийг Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгов. Мөн шинээр байгуулах банкинд гишүүн орныг төлөөлж Монголбанкнаас гадна санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас төлөөлөгч оролцуулах нь зүйтэй гэж үзлээ.
    • НҮБ-аас 2012-2016 онд манай улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээг тодорхойлсон баримт бичгийн төслийг зүйтэй гэж үзлээ. Эдийн засгийн тогтвортой хөгжилд оролцоо, тэгш байдлыг хангаж ядуурлыг бууруулахад нөлөөлөх, Нийгмийн суурь үйлчилгээг чанартай, тэгш хүртээх, нийгмийн хамгааллын тогтвортой систем бий болгох, Байгалийн нөөцийн удирдлагын тогтвортой байдал, экологийн тогтолцоо, хүн амын эмзэг давхаргын уур амьсгалын өөрчлөлтөд уян хатан дасан зохицох чадварыг сайжруулах, Хүний эрхийг хамгаалах, тэгш бус байдлыг бууруулах зорилгоор засаглалыг сайжруулах гэсэн 4 тэргүүлэх чиглэлийг баримт бичигт тусгаад байна. Энэ баримт бичигт үндэслэн НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд өөрсдийн чиглэлээр хөтөлбөрүүдээ боловсруулан хэрэгжүүлнэ.  тэргүүлэх чиглэл, үр дүнг дэмжихэд нийт 34.084.450 ам.долларын боломжит санхүүжилт, 65.047.400 ам.долларын дайчлах санхүүжилт хийгдэх юм байна.
    • Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах, Улаанбаатарын утааг бууруулах болон бусад төсөлд  зориулан БНСУ-ын Засгийн газраас 300 сая хүртэл ам.долларын хөнгөлөлттэй зээл авах саналыг Засгийн газрын хуралдаанаас дэмжив. Энэ саналыг Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр хөндөж ярих нь зүйтэй гэж хуралдаанаас үзлээ.
    • Монгол хүн сансарт ниссэний болон сансрын хамтарсан нислэгийн 30 жилийн ой болон хамтарсан нислэгийг мөнхжүүлэх, алдаршуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, сансрын нисгэгч Майдаржавын Ганзориг нарыг Засгийн газраас тус бүр 3 өрөө орон сууцаар шагнах боллоо. Мөнгөн дүнгийн хэмжээг Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг Батлан хамгаалахын сайд Л.Болдод үүрэг болгов.

  • Ерөнхий сайд эмэгтэйчүүдэд баяр хүргэв

    Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нийт эмэгтэйчүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

    Тэрээр төр, засгийн хариуцлагатай албанд ажиллаж байгаа нэр бүхий эмэгтэйчүүдийг 2011 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Өндөр албан тушаал хашиж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэн, монгол эмэгтэйчүүдийн нэрийг өндөрт өргөж яваад нь талархал илэрхийлж дурсгалын зүйл, сарнай цэцэг гардуулав