Ангилал: мэдээ

  • Төмөр туулай жилийн 9 алдартныг Ерөнхий сайд С.Батболд тэргүүллээ

    Өдгөөгөөс 11 жилийн тэртээ “Сүргийн манлай” хэмээгч могой жилд нэгэн оны дотор монгол түмнээ хошуучлан манлайлсан Алдартнуудыг Монголын үндэсний өдөр тутмын сонин “Өнөөдөр” анх удаа тодруулж байжээ. Монголын нийгмийн салаа мөчир бүхнийг төлөөлөх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх 100 эрхмийн саналаар эдгээр хүмүүсийг тодруулдаг, санал асуулга шударга явагддаг, үр дүн нь олны нүдэнд ил байдаг, түмний хүндлэлд багтсан хэн боловч шалгарах боломж нээгддэг зэрэг олон шалгуураар энэ санал асуулга нийт монголчуудын сэтгэлд нийцдэг, тэр хэрээр хүмүүсийн хүлээдэг, итгэлээ илгээдэг арга хэмжээ юм.

    Эдгээр 100 эрхэм туулай жилд Монголдоо магнай нь байсан гэж үзсэн 10-90 насны, төрөл бүрийн мэргэжлийн 97 хүнийг нэрлэжээ. Харин монгол түмнээ магнайлсан эдгээр 97 эрхмийг Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд тэргүүлж, төмөр туулай жилийн тэргүүн алдартнаар тодорсон бөгөөд өнөөдөр Улаанбаатар зочин буудалд болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр цалин цагаан бадамлянхуа, ногоолин хаш чулуун суурьтай туулай жилийн дүрс бүхий цул мөнгөөр урласан цом гардан авлаа. Ерөнхий сайд энэхүү шалгаруулалтад сүүлийн гурван жил шалгарч байгаа бөгөөд бар болон туулай жилд оны есөн алдартнуудаа магнайлж амжилтаа бататгалаа.

    Монголын нийгмийн салаа мөчир бүхнийг төлөөлөх 100 эрхэм Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын амжилтыг хэрхэн үнэлсэн талаар тус сонины Нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар танилцуулахдаа С.Батболд бол шинэчлэгч, итгэл дагуулагч гэсэн тодорхойлолт хэллээ. Тэрбээр мөн,

    -“Өнөөдөр” сонины энэ оны алдартнуудыг Ерөнхий сайд С.Батболд магнайлж, Тэргүүн алдартанболлоо. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд түүний тэргүүлсэн хамтарсан Засгийн газар их зүйл хийсэнд нь олон нийтийн зүгээс хүлээлгэсэн итгэл гэж өнгөцхөн дүгнэж болно. Гэхдээ эдийн засгийн салбар дахь реформын шинжтэй олон шийдвэр түүний үзэгний үзүүрээс гарсан тул алдартнуудын эрэмбийн анхдугаарт жагсахаас аргагүй. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөрөнгийн зах зээлийг хөгжлийн хөшүүрэг гэж томьёолон, Лондоны Хөрөнгийн биржтэй түншлэх ажлын эхлэлийг тавьж, уул уурхай дагасан бүтээн байгуулалтын ажилд томоохон түлхэц өгөх Хөгжлийн банк хаалгаа нээснийг онцлоход хангалттай.

    Монголыг дэлхий сонирхох болсон энэ үед түүнд засгийг тэргүүлэх сорилго, түүхэн шийдвэрүүдийг үзэглэх завшаан давхацсан ч гэлээ хойч үеийнхний өмнө хүлээх их хариуцлага, алдах эрхгүй цаг хугацааны эзэн байх их ачааг нуруун дээр нь үүрүүлээд буй. Уул уурхайн их баялгаасаа иргэд хувь хүртэж, 536 ширхэг хувьцааны ашгийг хүлээж суух болсон нь түүний цаг үед хамаатай үлдэнэ. Тавантолгойн ордыг дагасан гаднынхны харцанд тал алдалгүй буурь заасан тэрбээр стратегийн хөрөнгө оруулагчдын тендерийн эцсийн дүнг зарлахыг хүлээзнэж буй.

    Бизнесийн салбараас хуримтлуулсан ихээхэн туршлага, түүнээс улбаалсан прагматик байр суурь нь жирийн иргэний амьдралаас эхлээд дэлхийн жишигт нийцэх стандарт хүртэл орон зайг мэдэрч, хөрсөн дээр буух хөгжлийн хөтөл бө- рүүдийг санаачлахад түлхсэн биз ээ. Ерөнхий сайдын чиглүүлсэн замаар монголчууд явж гэмээнэ бадар барьдаг цаг үеэсээ баялгийнхаа шимийг хүртдэг үе рүү шилжих нь мэдээж. Зөвхөн эдийн засаг, бизнесийн орчноор хязгаарлагдахгүй дэлхийн боловсролыг нутагшуулах Кембрижийн стандартын автор нь тэр. Багагүй хэл ам дагасан хамтарсан Засгийн газрыг ганхуулалгүй авч явсанд нь төрийн хүний төвч, дипломатчийн ноён нуруу, бизнесмений алсын хараа нөлөөлснийг дурдах хэрэгтэй юмгэлээ.

    Төмөр туулай жилийн өрсөлдөөн тун ширүүн болсон гэж тус сонины эрхлэгч бас хэлсэн. Нөгөө талаар сонгуулийн угтал жил гэдэг утгаараа улстөрчдийн өрсөлдөөн онцгой байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тэргүүн алдартнаас тун цөөхөн саналаар аман хүзүүджээ. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд арваннэгэн удаагийн шалгаруулалтад арваннэгдэхээ шалгарсан цорын ганц хүн болжээ. Тулхтай улстөрч, тууштай төрийн зүтгэлтэн хэмээх үнэлэмж түүнийг ямагт дагалдаж байдаг хэмээн олны танил 100 эрхэм дүгнэжээ. Харьцангуй залуу ч, хат сууж, туршлага хуримтлуулсан, шинэ цагийн боловсрол, ажил хэрэгч чанарын төлөөлөл болсон сайд С.Баярцогт, Г.Занданшатар өөрөөр хэлбэл, С.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын гурван гишүүн энэхүү шалгаруулалтад багтсан байна.  

    Арван нэгдэх удаагийн оны алдартнуудыг одоо нэрлэе. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд алдартнуудаа магнайлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин, MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал, Монгол Улсын аварга С.Мөнхбат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, Сангийн сайд С.Баярцогт, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар төмөр туулай жилийн оны алдартнаар тодорчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • 2011 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ЕРӨНХИЙ САЙДААС ШАГНАЛАА ГАРДЛАА

    Авъяас билэг, авхаалж самбаа, оюун ухаан, нийгмийн амьдралд бусдыгаа манлайлан оролцож, олон улсын болон үндэсний хэмжээнд амжилт гаргасан нэр бүхий 20 хүүхэд 2011 оны шилдэгээр шалгарлаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн  С.Батболд 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүүхдүүдийг Төрийн ордонд хүлээн авч Батламж, шагналыг нь гардуулав. Энэ онд 21 аймаг, 7 дүүргийн 53 хүүхэд “Оны шилдэг хүүхэд”-ийн 9 номинацид нэр дэвшсэн байна.

    Эдгээрээс:

    Сурлагын амжилт, танин мэдэхүйн номинацид:

    • Батбаярын Баатархүү. Нийслэлийн СБД-ийн лаборатори 1 дүгээр сургуулийн 11д ангийн сурагч
    • Шагдарын Золбаяр. Нийслэлийн СБД-ийн “Орчлон” сургуулийн 9 дүгээр ангийн сурагч
    • Эрдэнэбаатарын Оргил-Эрдэнэ. Нийслэлийн СБД-ийн лаборатори 1 дүгээр сургуулийн 11д ангийн сурагч
    • Батбилэгийн Хуншагай. Дархан-Уул аймгийн 19 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч

    Урлаг, уран бүтээлийн номинацид:

    • Сүхбаатарын Алтан-Эрдэнэ. Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” цогцолбор сургуулийн 8в ангийн сурагч
    • Гантөмөрийн Болормаа. Хөгжим бүжгийн коллежийн 9а ангийн сурагч

    Биеийн тамир, спортын номинацид:

    • Баяржаргалын Баярмаа. Нийслэлийн СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн II ахлах сургуулийн 11б ангийн сурагч
    • Балдоржийн Мөнгөнчимэг. Нийслэлийн БЗД-ийн 21 дүгээр сургуулийн 11д ангийн сурагч
    • Баасанжавын Самданжамц. Төв аймгийн Бүрэн сумын харъяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” клубын тамирчин
    • Самаандагвын Ханбүргэд. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч
    • Ганбатын Ундармаа. Дорнод аймгийн Баян-Уул сумын 11а ангийн сурагч

    Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хөдөлгөөн номинацид:

    • Серикийн Асланбек. Баян-Өлгий аймгийн Монгол-Туркийн хамтарсан сургуулийн 11а ангийн сурагч
    • Нацагийн Долгор. Дархан-Уул аймгийн 24 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч
    • Дашдоржийн Лхагвадорж. Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн 10д ангийн сурагч
    • Батын Намуунцэцэг. Нийслэлийн БЗД-ийн 33 дугаар сургуулийн 11д ангийн сурагч

    Бүтээлч, мэргэжлийн чиг баримжаа номинацид:

    • Сайнбилэгийн Ариунбилэг. Нийслэлийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн 10б ангийн сурагч
    • Пүрэвхүүгийн Мөнхгэрэл. Нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн 11г ангийн сурагч

    Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс номинацид:

    • Бямбажавын Шүрээ. Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн 7г ангийн сурагч
    • Энхжаргалын Элбэрэлт. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч

    Байгаль хамгаалал номинацид:

    • Баярцэцэгийн Марал. Говьсүмбэр аймгийн 1 дүгээр сургуулийн 9г ангийн сурагч шалгарчээ.  

    Оны шилдэг хүүхдийн Батламжид “Цог золбоо, хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүхэд ахуй насандаа эрдэм боловсролд шамдаж, авъяас чадвараа хөгжүүлэн, амьдрах арга ухаанд суралцаж үеийн нөхдөө хошуучилсан тул 2011 оны шилдэг хүүхдээр шалгаруулав” хэмээн бичсэн байна.Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд хүүхдүүдэд баяр хүргэж сайн сайныг хүсэн ерөөв. Тэрээр хэлэхдээ “Монголын ирээдүй, үеийнхнийхээ үлгэр дууриал болсон Та бүхнээр бахархаж байна. Энэ бол нэг талаас итгэл боловч нөгөө талаас асар их хариуцлага хүлээлгэж байна гэсэн үг. Манай улс эрчимтэй хөгжлийн гараан дээр ирлээ. Хөгжил хүн рүү чиглэж, монгол хүн бүрийг боловсролтой, ажилтай, орлоготой болгон хөгжилд хүрэх суурийг бид тавьж чадлаа.

    Ирэх жилүүд энэ зорилтоо хэрэгжүүлэх их хичээл, зүтгэлийн жилүүд байх болно. Энэ том зорилтоо биелүүлэх нь монгол хүний хичээл зүтгэл, авъяас чадвар, манлайллаас хамаарна. Манлайлагчдын төлөөлөл нь энд зогсож байгаа Та бүхэн юм. Өөрийн болон улсынхаа ирээдүйн төлөө урлаг, спорт, сурлага, нийгэм, хүмүүнлэг зэрэг олон салбарт гаргасан Та бүхний манлайлал бүх салбарт түгж, ирээдүйн лидер болохыг Монгол Улсын Ерөнхий сайд, ахын хувиар хүсэн ерөөе. Та бүхнээр дамжуулан Монголынхоо бүх хүүхдэд шинэ жилийн баярын мэнд хүргэе“ гэв.

    Оны шилдэг хүүхдийг 1991 оноос эхлэн шалгаруулж ирсэн бөгөөд 272 хүүхэд шилдэгээр шалгараад байна. Шилдэг хүүхдүүдийг аймаг, нийслэл, сургууль, хүүхдийн байгууллага, хамт олон санал болгож, тухайн орон нутгийнхаа хүүхдийн байгууллагаар дамжуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө газарт уламжилдаг юм. Тус газар болон хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, олон улсын хүүхдийн Найрамдал төв, Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, Хүүхдийн ордны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг “Оны шилдэг хүүхдүүд”-ийг шалгаруулжээ. “Петровис” компани 10 гаруй жил энэ арга хэмжээг, сүүлийн хоёр жил “Говь-Гео” компани ивээн тэтгэж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгыг ЦЕГ-т шилжүүлэхээр боллоо

    ~ Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ~

    Төрийн  тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай амбулаторийн барилгыг Цагдаагийн ерөнхий газарт балансаас балансад шилжүүлэхээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ эмнэлгийн барилга бариулж байгаа бөгөөд энэ эмнэлэг нь 2013 онд ашиглалтад орох юм байна.

    • Шри Ланк улсын Хиккадово хотноо энэ оны 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 2-нд зохиогдсон өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож үнэмлэхүй амжилт үзүүлж, алтан медаль хүртсэн тамирчин Е.Төгстөмөрт 2 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчин Г.Энхчимэгт 1.5 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин Ц.Лхагвасүрэн, Г.Учирал, Э.Баасансүрэн, Б.Оюунсувд нарт тус бүр 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор боллоо. Шагналд зарцуулах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрлөө.
    • Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын илтгэлийн төслийг хэлэлцэн дэмжээд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт өргөн барихаар тогтов.
    • Бүгд Найрамдах Турк улстай байгуулсан “Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын цэргийн буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд “БНТУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн тусламжийн гүйцэтгэлийн протокол”-ыг батлах тогтоолын төслийг дэмжлээ.
    • Шинэчлэн баталсан  Компанийн тухай хуулийн дагуу аж ахуйн нэгжүүдийг нийлүүлсэнтэй холбогдуулан ТЕГ-ын албан бичгийг үндэслэн “Жагар интернэйшнл” ХХК-ийн пиво, “Эрдэнэт шанд” ХХК-ийн пиво үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, “Интерстандарт брьюри” ХХК-д зохих хуулиудын заалтын дагуу тусгай зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.
  • Нийслэлийн Засаг даргад Э.Бат-Үүлийг батламжлуулах тогтоолыг өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод НИТХ-ын дарга Д.Баттулга Нийслэлийн Засаг даргад нэр дэвшээд байгаа Э.Бат-Үүлийг батламжлуулах тухай тогтоолыг өнөөдөр өргөн барилаа. Энэ уулзалтад Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч Э.Бат-Үүл байлцлаа. НИТХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдаж, Нийслэлийн Засаг даргад нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд төлөөлөгчдийн 97,16 хувийн саналаар дэмжээд байгаа юм.


    Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр нийслэлд хийгдэж ирсэн бүтээн байгуулалтын ололт амжилтыг үргэлжлүүлэх, төрийн албаны мэргэшсэн залгамж чанарыг хадгалах учиртай гэдгийг онцолж хэлсэн байна. НИТХ-ын дарга Д.Баттулга, Засаг даргад нэр дэвшээд байгаа Э.Бат-Үүл нар Ерөнхий сайдын хэлсэнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд нийслэлд хийгдэж байгаа сайн ажлуудыг үргэлжлүүлж, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг хуулийн дагуу ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ. Харин улс төрийн албан тушаалтнуудын хувьд зарим өөрчлөлт орохыг тэд үгүйсгэсэнгүй.  

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай  хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргадаг юм байна.

     


  • Олимпын медальтнуудад Засгийн газрын мөнгөн шагнал гардууллаа

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Лондонгийн XXX олимпийн наадамд амжилттай оролцож, жүдо бөхийн -100 кг жинд мөнгөн медаль авч, Монгол Улсын олимпийн анхны хос медальтан болж түүхэн амжилт гаргасан хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярт 60 сая, 73 кг-ийн жинд хүрэл медаль авсан олон улсын хэмжээний мастер С.Ням-Очирт 30 сая, тэдний дасгалжуулагч Д.Баттулгыг 45 сая төгрөгөөр урамшуулах шийдвэр гаргалаа. Биеийн тамир спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 326 дугаар тогтоолоор батлагдсан  Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах  журмын дагуу ийн урамшууллаа. 


    Шагналыг Эрүүл мэндийн сайдын 2012 оны төсвийн багц дахь спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт зөвшөөрлөө. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөнгөн шагнал гардуулахдаа та хоёрын барилдааныг сэтгэл огшин үзсэн. Бяр чадал, тэсвэр тэвчээрээ гайхуулж эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан дүү нараараа ах нь үнэхээр бахархаж байгаа гээд тэдэнд эрүүл энх, спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө. Зуны олимпийн XXX наадамд жүдогийнхны гаргасан амжилтын буухиаг бусад тамирчид маань үргэлжлүүлж, Лондонгийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа олонтаа мандаж, Төрийн дуулал эгшиглэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр мөн илэрхийлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  

  • Ерөнхий сайд айлчлалаа түр хойшлууллаа

    Ерөнхий сайд С.Батболд 2012 оны зуны олимпод оролцож байгаа Монголын тамирчдаа дэмжихээр ИБУИНВУ-ын нийслэл Лондон хот руу өнөөдөр мордох байсан ч эл айлчлалаа түр хугацаагаар хойшлууллаа. Айлчлалаа хойшлуулсан нь Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж, зөвшилцөж байж гаргасан шийдвэр бололтой. Мөн гүйцэтгэх засаглалын тэргүүн төр засгийг шинээр эмхлэн байгуулж улстөрийн намуудтай зөвшилцөх ажлыг шуурхайлахад Ерөнхий сайдын хувьд байлцах ёстой гэсэн шийдэлтэй нь бас холбоотой юм. 

    Ерөнхий сайд С.Батболд ИБУИНВУ-ын нийслэл Лондон хот руу айлчлах төлөвлөгөө нь хоёр сар орчмын өмнө төлөвлөгдөж батлагдсан юм. Энэ нь Монгол Улсаар хязгаарлахгүй дэлхийн бусад орны төр, засгийн өндөрлөгүүд тодруулж хэлбэл, Ерөнхийлөгч нь олимпийн нээлтийн үйл ажиллагаанд оролцдог бол Ерөнхий сайд нь олимпийн хаалтын ажиллагаанд оролцож, тамирчдаа дэмжин, амжилтыг нь баталгаажуулж урам зориг өгч, улмаар олимпийн медальтнуудаа эх орондоо авч ирдэг эрхэм уламжлалт харилцаатай холбоотой юм

  • Зам засвар болоод өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    ~ Монгол Улсын Засгийн газар 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа ~

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд улсын хэмжээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа зам засварын болон бусад төсөл хөтөлбөрийн ажлыг улам эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хугацаанд нь чанартай хэрэгжүүлэх, бүх шатны төрийн байгууллагын ажлыг сулруулахгүй, хариуцлагатай хандаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт энэ хурлын үеэр үүрэг болголоо. 

    Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахыг зөвшөөрлөө

    БНХАУ, Кувейт улс болон Абу-Дабигийн сангийн зээлийн хөрөнгөөр түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж ашиглалтад оруулсан Дөргөн, Тайширын усан цахилгаан станцын ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК болон “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн зээл төлөх хугацааг 40 жилээс багагүй, зээлийн хүүг жилд 0,75 хувиас ихгүй байх нөхцөлөөр зээл авсан үеийн ханшаар төгрөгт шилжүүлэн дээрх компаниудтай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахыг Сангийн сайд болон ЭБЭХ-ний сайд нарт зөвшөөрлөө. Монгол Улсын Засгийн газар гадаад орон, олон улсын байгууллагаас урт хугацааны төслийн зээл авч Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

    Эдгээр цахилгаан станц нь жилд 36,0-38,0 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн өөрийн дотоод хэрэгцээнд болон хэрэглэгчдэд нийлүүлэхээр  зураг төсөл нь хийгдсэн. Өөрөөр усан станцуудын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь техникийн болон усан хангамжийн хэмжээнээс хамаарч хязгаарлагдмал байгаа. Энэ хоёр станцаас эрчим хүчээр хангагддаг баруун таван аймгийн ард түмний амьжиргааны чадавх, ард иргэдээс гарах зардлын түвшингээс шалтгаалан цахилгаан эрчим хүчний үнийг станцын зардлыг нөхөх хэмжээнд хүргэн тогтоох боломжгүй.

    Иргэдийн амьдрах, ажиллах, сурч боловсрох тохитой нөхцөл бүрдүүлэн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн амьдралын чадавхиа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор баруун аймгуудын 100-200 кВт-аас ихгүй ачаалалтай бүх сумдын төвийг цахилгаанаар хангахаар өндөр хүчдлийн шугам сүлжээнд холбосон нь  цахилгаан эрчим хүчний алдагдлыг нэмэгдүүлж, ашиглалтын зардлыг өсгөж байгаа зэргээс зээлийн хүүгийн төлбөрийг гүйцэтгэх эдийн засаг, санхүүгийн чадавхгүй байгаа талаар ЭБЭХ-ий сайд Д.Зоригт танилцуулж байлаа.   

    Ирэх онд олон улсын зургаан тэмцээн зохион байгуулна

    Олон улсын холбоодын дэмжлэг, Монгол Улсын спортын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн 2013 онд манай улсад олон улсын чанартай зургаан тэмцээн зохион байгуулахаар өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Буудлагын спортын Ази тивийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээн, “Чингис хаан-2013” жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, байт харвааны Азийн Гран-При тэмцээн, Монгол туургатны хүүхдийн наадам, Бодибилдинг фитнессийн залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар боллоо.

    Олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах талаар жилийн өмнө шийдвэр гаргаснаар төсвийн төлөвлөлтийг сайжруулах, тэмцээний бэлтгэл ажлыг хангах, тамирчдын бэлтгэл сургуулилтыг зөв зохион байгуулахад ач холбогдолтой байдаг.  Эдгээр арга хэмжээний зардлыг 2013 оны төсвийн багцдаа тусган санхүүжүүлж, тэмцээний бэлтгэлийг бүрэн хангуулж, зохион байгуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт даалгалаа.

    Товчхон

    • Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад энэ оны хоёрдугаар улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 92,8 хувьтай байгаа талаар тэрбээр мэдээллээ. 
    • 2013 онд Оюутны спортын III  их наадмыг орон даяар 4 үе шаттайгаар эх орондоо болон гадаадад суралцагч монгол оюутнуудын дунд спортын 15 төрлөөр зохион байгуулна. 
    • Дэлхийн болон бүсийн мэргэжлийн уралдаан, тэмцээнд онцгой амжилт гаргасан гоо засалч, түүний дасгалжуулагч, хувцас урлаачид Засгийн газраас мөнгөн урамшуулал олгох журмыг баталлаа.
  • Медалийн буухиа үргэлжилж, Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт итгэлтэй байна

    “Лондон 2012”  зуны XXX олимпийн жүдо бөхийн 73 кг-ийн жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Сайнжаргалын Ням-Очирт  Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд баяр хүргэлээ. Мөн түүний багш, дасгалжуулагч нарт талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Олимпод оролцож байгаа Монголынхоо нийт баг, тамирчдад Засгийн газрын тэргүүн С.Батболд амжилт хүсээд, медалийн буухиаг үргэлжлүүлж, Лондонгийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбааг олонтаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа хэллээ.

  • Капитал банк орон сууцны зээл олгох боломжтой

    ~ Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ~

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бага, дунд орлоготой иргэдэд 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох ажлын хүрээнд Капитал банкнаас ирүүлсэн хамтран ажиллах саналын талаар Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Капитал банкийг өөрийн болон Хөгжлийн банкны эх үүсвэрээр иргэдэд 6 хувийн хүүтэй зээл олгох үйл ажиллагаанд оролцуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

    УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл  ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бага, дунд орлоготой иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгох ажлын хүрээнд Хөгжлийн банкнаас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах эхний шатны санхүүжилтийг Засгийн газрын баталгаат 580.000 ам.долларын бондыг 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалах замаар татан төвлөрүүлээд байна.

    Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн нийт эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор банкуудыг эхний ээлжинд өөрийн хөрөнгөөр хөнгөлөлттэй зээл иргэдэд олгуулах, өөрийн хөрөнгөөр зээл олгосны дараагаар үүнтэй нь уялдуулан Хөгжлийн банкнаас бага хүүтэй, урт хугацаат хөрөнгийн санхүүжилтийг хийх бодлогыг баримталж ирсэн. Банкуудыг өөрийн хөрөнгөөр зээл олгуулах ажлыг эхлүүлэх болон энэ үед үүсэх харилцааг зохицуулах зорилго бүхий “Арилжааны банкнаас өөрийн дотоод эх үүсвэрээр иргэдэд олгох орон сууцны хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг тохиролцох гэрээ”-ний загварыг Сангийн сайдын тушаалаар баталж, арилжааны банкуудаас уг гэрээний дагуу хамтран ажиллах нөхцөл, боломжийн талаар бичгээр санал авсан байна.

    Арилжааны банкуудаас Төрийн банк болон Капитал банкнаас өөрийн хөрөнгөөр хөтөлбөрийг санхүүжүүлэн хамтран ажиллах санал ирүүлсний дотор Капитал банк дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах саналтай байгаагаа илэрхийлж, тэдний саналыг гэрээнд тусгасан нөхцөлд өөрийн эх үүсвэрээр 5-10 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтойг мэдэгдээд байгаа юм байна.

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр баталлаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр” болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.

    Хөтөлбөр төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл тусламжаар бүрдүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Мөн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэн жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгалаа.

    Энэхүү хөтөлбөр нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг иргэдэд шуурхай, хүртээмжтэйгээр хүргэх, мэдээлэл сурталчилгааг явуулахдаа оновчтой хэлбэрийг сонгон авч, тэдний нас биений онцлог, сонирхол, мэдээлэл авах шаардлага хэрэгцээнээс хамааран орчин үеийн сургалтын дэвшилттэй талыг ашиглах зорилготой юм.

    Ноосны урамшууллаас хоцорсон малчдад урамшууллыг нь олгоно

    Монгол Улсын Засгийн газар УИХ-ын тогтоолын дагуу 2011 оноос малчдад анх удаа ноосны урамшуулал олгож эхэлсэн. Энэ урамшуулалд ондоо багтаж 21 аймаг, нийслэлийн 236 сум, дүүргийн 41851 малчин хонь, тэмээний ноосоо үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлснээс 32977 малчин өрх ноосны урамшууллаа авчээ.

    Ноосоо тушаасан хэдий ч бичиг баримтын зарим бүрдүүлэлтээ дутуу ирүүлснээс 7744 малчин өрх урамшуулалд хамрагдаж чадаагүй байсан бөгөөд энэ урамшуулалд шаардагдах хөрөнгийг энэ оны төсөвт төсөвлөсөн ноосны урамшуулалд олгох эс үүсвэрээс нэг удаагийн арга хэмжээ болгон олгох тухай  Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

    Хэнтийн Бэрхэд гал унтраах анги байгуулна

    Хэнтийн аймгийн Бэрх хотод гуравдугаар зэрэглэлийн гал унтраах 42 дугаар ангийг шинээр байгуулах асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд тогтоол гаргахаар боллоо.

    Бэрх хот нь 968 өрх, 3183 хүн амтай, хүн амынхаа тоогоор аймагтаа гуравт ордог байна. Монголросцветмет нэгдлийн  харьяа Жоншны үйлдвэрийн дэргэд гал унтраах анги 1981 онд байгуулагдаж, Галын тусгай албаны хоёр автомашин бүхий бүрэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад Жоншны үйлдвэр зогссоноор 1991 онд татан буугдсан юм байна. Сүүлийн жилүүдэд тэнд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжин, барилга байгууламж нэмэгдэж, хил залгаа Батноров, Биндэр суманд үйлчлэх боломжтой болохыг харгалзан гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үүрэг бүхий мэргэжлийн анги, салбарыг байгуулснаар аймаг, орон нутгийн ард иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, гамшигтай тэмцэх чадварыг нэмэгдүүлж, гамшгийн тоо болоод хор хохирлыг бууруулахад ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

    Зүүн Азийн хүүхдийн урлагийн их наадам болно

    Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухааны соёлын байгууллага ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Зүүн Азийн хүүхдийн урлагийн наадмыг энэ оны наймдугаар сарын 21-26-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.   

    Уг наадам нь Азийн соёлын төрөл зүйлийг хамгаалан хөгжүүлэхэд хүүхэд залуучуудыг оролцуулах, энхтайвныг тогтоох, хөгжүүлэх зорилготой. БНХАУ, Япон, БНСУ, Монгол улсад зохион байгуулагдаж байсан бөгөөд манайд хоёр дахь удаагаа болох гэж буй юм.  

    Наадамд эдгээр орнуудын Засгийн газрын төлөөлөгч, ЮНЕСКО-ийн ерөнхий захирал, бие төлөөлөгч, Үндэсний комиссийн ерөнхий нарийн бичгийн дарга, сайн үйлсийн элч нар оролцдог бөгөөд энэ үеэр ЮНЕСКО-ийн Зүүн Азийн дэд бүсийн орнуудын Үндэсний комиссийн ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт болдог уламжлалтай ажээ.

    Товч мэдээ

    • Засгийн газрын тохируулагч агентлаг Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабалыг ажлаас нь чөлөөлж, Ц.Нанзаддоржийг тус хорооны даргаар томиллоо. Төрийн албанд 18 жил ажилласан туршлагатай Цагааны Нанзаддоржийг Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэл томиллоо.
    • Усны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан сав газрын захиргааны бүтэц, орон тоо, төсвийн жишгийн тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар болж, төсвийн зарлагын норм, норматив, бүтэц болон орон тооны жишиг хязгаарыг мөрдүүлж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.
    • Ойн талбайн норматив, байршил батлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Уг тогтоолоор аймаг, нийслэлд байгуулагдах сум дундын ойн ангийн хариуцах ойн талбайн норматив, байршлыг хавсралт ёсоор баталж, дээрх нормативыг үндэслэн хариуцсан нутаг дэвсгэртээ сум дундын ойн ангийг байгуулж тэдгээрийн бүтэц, орон тооны дээд хязгаар, дүрмийг батлахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. 2008 оноос сумын болон сум дундын ойн анги байгуулагдаж эхэлсэн бөгөөд 22 ойн анги  ажилладаг юм байна.
    • Газрын тосны хайгуулын “Төхөм-Х урд” талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар, “Монголын Алт” ХХК-ийн хооронд 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
  • ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

    ~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр болж, цаг үеийн 10 гаруй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ ~

    Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын дүн, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай найман заалт бүхий Засгийн газрын тогтоол гаргалаа. Өнгөрсөн жил Засгийн газраас мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар бэлтгэл сайтай байсан төдийгүй тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж ажилласны үр дүнд 1.2 сая хадлан, 46.8 мянган тн үйлдвэрийн тэжээл бэлтгэж өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг улсын хэмжээнд 86.6 хувьтай ханган түүхэнд хамгийн их хадлан бэлтгэсэн он жил болж, мал сүргийг өвөл хаврын улиралд гарз багатай даван гарчээ.

    Энэ оны хагас жилийн байдлаар оны эхний нийт малын 0.8 хувь буюу 275,6 мянган толгой мал зүй бусаар хорогдсон нь олон жилийн дунджаас бага  байгаагаас гадна оны эхний нийт хээлтэгчийн 89.8 хувь төллөж гарсан төлийн 99.0 хувь бойжин одоогийн байдлаар 14.4 сая төл үүний дотор 300.0-аад мянган ихэр төл хүлээн авч манай улсын мал сүрэг 50.3 сая толгойд хүрчээ. Хаврын тариалалтын хувьд улсын хэмжээнд 372.3 мянган га-д тариалалт хийснээс 306.1 мянган га-д үр тариа, 16.1 мянган га-д төмс, 7.0 мянган га-д хүнсний ногоо, 10 мянган га-д малын тэжээлийн, 32.3 мянган га-д тосны ургамал, жимс жимсгэнэ 687.0 га-д тус тус тариалжээ.

    Тиймээс дээрх нааштай үзүүлэлтүүдийг улам бататгахын зэрэгцээ анхаарвал зохих асуудлуудаас сургамж авахын чухлыг Засгийн газрын танхимын гишүүд хэллээ. Өнгөрсөн жил орон нутагт мах бэлтгэлийн ажилд дутуу анхаарснаас болж хаврын улиралд Улаанбаатар хот болон хүн ам олонтой томоохон хот суурин газруудад нөөцийн махны хомсдол үүсч, үнэ өсөх хандлага гарсан тул 2013 оны хаврын махны нөөцийг хангалттай түвшинд бэлтгэх зорилгоор аймаг, нийслэлийн хэмжээнд бэлтгэж нөөцлөх махны хэмжээг тогтоон өгөх, мөн дотоодын зах зээлийг хамгаалах, махны хангамжийг тогтворжуулах зорилгоор махны экспортыг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хязгаарлахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүд даалгалаа.

    Мөн түүнчлэн ургац хураалтын бэлтгэлийг хангах зорилгоор ажиллах техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, ургац хураалт хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууныг тасалдалгүй хангах, хангамжийг хэвийн байлгах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх,зуны цаг агаарын хэт халалт, ган, үер зэрэг байгалийн үзэгдлийн үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, цаг агаарын мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах, гамшигт үзэгдэл тохиолдсон үед шуурхай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох яамдын сайд нар болон Аймаг,нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

    ТҮЛШ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН ИХ ЗАСВАРЫН АЖЛУУДАА ХИЙЖ БАЙНА

    Мөн өдрийн хуралдаанаар Түлш, эрчим хүчний салбарын 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай  ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт танилцууллаа. Тус асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов. 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэг, эмнэлгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган биелэлтэд нь хяналт тавьж, бүх шатны сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөлийн ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

    2012 оны 6 дугаар сарын 19-ны байдлаар төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын хэмжээнд 198394.4 тонн нүүрс, 1816.6 тонн мазутыг нөөцлөөд байгаа бөгөөд нүүрс нөөцлөлтийн ажил 96.8 хувийн биелэлттэй байна. “ТБЦДС” ХК болон цахилгаан түгээх сүлжээ компаниуд 2012-2013 оны өвөлжилтөнд бэлтгэх ажлаа төлөвлөсөн графикийн дагуу тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, цахилгаан дамжуулах шугам, тоног төхөөрөмжийн ашиглалтыг дээшлүүлэх ажлуудыг хийж, их засварын ажил 18 хувьтай, Улаанбаатар, Дархан хотын дулааны шугам сүлжээний компаниуд тавдугаар сарын 15-наас дулааны төв шугамын засварын ажлыг эхэлж дулааны төв болон салбар шугамуудад нягтын шахалт хийх, сольж шинэчлэх, үйлчилгээ тохируулга хийх зэрэг их засварын ажлууд 25 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулгадаа дурдлаа.

    Мөн сайдын мэдээлснээр нүүрсний салбарын хэмжээгээр өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд бэлэн нүүрсний нөөц 1075.0 мян.тн байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 55 хувиар илүү байгаа ажээ. “Багануур” ХК-ийн найдвартай ажиллагаа, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахад зориулж техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд зориулж техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд  болон дизель түлшний нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт зориулан 3.2 тэрбум  төгрөгийн төсвийн зээл олгохыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрлөө. Мөн Завхан аймгийн Улиастай сумын дизелийн цахилгаан станцын дизелийн түлшний зардалд шаардлагатай байгаа 574. 5 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрлөө.

    ШИНЭЭР ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАРИХ АЖЛЫГ НЭН ДАРУЙ ЭХЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭЛЭЭ

    Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярыг зохион байгуулсан дүнг Монгол Улсын Шадар сайд, Зохион байгуулах хорооны дарга М.Энхболд танилцуулахдаа ажлаа цаг хугацаанд нь зохих түвшинд зохион байгуулсныг тэмдэглэлээ. Мөн шинээр цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван үе бүхий модон тавцан шинээр хийн, сандал түрээслэн байрлуулж суудлын тоог 2056-гаар нэмэгдүүлсэн байна. 

    Энэ жилийн наадамд Улсын даян аварга 1, улсын аварга 2, арслан 6, гарьд 5, харцага 15, начин 54, аймаг цэргийн цолтой бөхчүүд 182, сумын цолтой бөхчүүд 141, залуу бөх 54 барилджээ. 120  гаруй цэрэг барилдуулахаар бэлтгэсэн ч 40 нь барилдсан юм байна. Үндэсний бөхийн барилдааны дүрэмд тухайн бөх ам авахаар зарласнаас хойш 5 минутын хугацаанд ам авах, ослын даатгалд даатгуулсан бөхийг баяр наадамд барилдуулж байх өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд бөх ам авах явцад үзэгчдийг бухимдуулдаг, хүлээлгэдэг явдал гараагүйг онцолж байлаа. Засгийн газрын хуралдаанаас наадмын бэлтгэл ажлын хүрээнд зам засвар, тохижилт үйлчилгээний хүрээнд хийсэн ажлыг сайшаасан байна.

    22-ын товчоо чиглэлийн 10,6 км замын өргөтгөл шинэчлэлтийн хүрээнд Дархан-Эрдэнэтийн замын уулзвараас 22-ын шалган бүртгэх товчоо хүртэл 4,2 км замын нэг урсгалын асфальтбетон хучилтыг хийж, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлсэн, Баруун Нарангийн үерийн хамгаалалтын далан дээрх гүүрийн барилгын ажил, Нарантуул худалдааны төвийн уулзварт төмөр зам дээгүүр автомашин гардаг болгох ажлыг дуусгасан нь хотын замын ачааллыг бууруулахад ач холбогдолтой болсон зэрэг наадмын бэлтгэл ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлыг Засгийн газрын хуралдаанаас үнэллээ. Баяр наадмыг зохион байгуулах 9 салбар хороонд нийт 151 хүн ажиллажээ.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Монгол Улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийг хэмжил зүйгээр дэмжих, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, Хэмжил зүйн зөвлөлийн дүрмийг баталлаа.
    • Монголын хөрөнгийн биржийн Стратеги хамтын ажиллагааны гэрээний дагуу Лондонгийн хөрөнгийн бирж группэд энэ 2012 онд төлөх 8.7 сая ам.долларын төлбөрийг арилжааны банкнаас зээл авч төлөхийг зөвшөөрлөө. Авсан зээл, зээлийн хүүгийн хамт эргэн төлөх эх үүсвэрийг төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгалаа.
    • Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Солонгос улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. 
    • Увс аймгийн Боршоо хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зарчмын хувьд дэмжиж Засгийн газрын тогтоолоор батлахаар тогтлоо.
    • “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистик” Улаанбаатар хотын группийн анхдугаар хуралдааныг энэ оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд үүнд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
    • 2012 оны эхний хагас жилд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газарт хандан нийслэл, орон нутгийн иргэдээс нийт 1180 санал, өргөдөл, гомдол, ирүүлжээ. Эдгээрийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, энэ тухай албан бичиг иргэдэд хүргүүлсэн байна. Иргэдийн саналын 90 гаруй хувьд нь тодорхой хариу өгч, тавьсан асуудлыг нь шийдсэн байна.