Ангилал: мэдээ

  • С.Батболд: Эцсийн үр дүн нь тодорхой төсөл, хөтөлбөрийг Засгийн газар дэмжинэ

    С.Батболд: Эцсийн үр дүн нь тодорхой төсөл, хөтөлбөрийг Засгийн газар дэмжинэЭцсийн үр дүн нь тодорхой, иргэдээ ажилтай, орлоготой болгосон төсөл, хөтөлбөрийг Засгийн газар бодлого, хөрөнгө санхүүгээр дэмжихэд бэлэн. Хамгийн гол нь тухайн салбарын мэргэжлийн холбоо бодлогоо боловсруулж, түүнийг нь  хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах хэрэгтэй байна. Засгийн газраас үзүүлэх ёстой дэмжлэгийг нь үзүүлнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Тэрээр 2011 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Арьс ширний холбооны удирдлага, гишүүдийг хүлээн авч уулзан энэ салбарт тулгамдаж байгаа бэрхшээл, төр, засгаас өгч болох тусламж, дэмжлэг, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

    Энгийн жишээ хэлэхэд, сонирхсон айл өрхийг оёдлын машинаар хангаж, хүмүүсийг нь сургах, зах зээлээ олоход нь туслах замаар ажлын байр бий болгох төсөл, хөтөлбөр байвал дэмжинэ. Өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас аймаг бүрт квот тогтоон өгч, борлуулалт сайтай бээлий оёх хүсэлтэй иргэдийг дэмжих боломж байна. Ингэснээр дор хаяж 8 мянган ажлын байр бий болох боломж байгаа гэсэн мэргэжлийн холбооны судалгааг Ерөнхий сайд дурдаад энэ хэрээр тухайн өрхийн амьдрал ахуй ч дээшилнэ гэж үзэж байна гэлээ.   

    Ажлын байр бий болгох, техник, технологоо шинэчлэх, технологийн бодлогоо хөгжлийн бодлоготойгоо уялдуулах, үндэсний үйлдвэрлэл, ялангуяа өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжих, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, Аж үйлдвэрийн парк, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах, экспорт, импортын бодлого зэрэг чиглэлээр төр, засгийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байгааг тодорхойлж Засгийн газарт асуудлаа оруулах нь зүйтэй. Төлөвлөлт, зохион байгуулалтаа хоёр талаасаа хийж, байгаа боломжоо сайн ашиглаж ажиллая. Засгийн газрын гол үүрэг бол зах зээлийн боломжийг нь нээж өгөх. Энэ тал дээр ахицтай зүйл багагүй байгаа гэж Ерөнхий сайд үйлдвэрлэгчдэд хэллээ.   

    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд томоохон аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулахдаа өөрсдөө үйлдвэрлэх боломжтой ажлын хувцас, бусад шаардлагатай зүйлийг заавал дотоодын аж ахуйн нэгжээр хийлгэж байх хувилбар байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд зөвлөөд хөтөлбөрөө Засгийн газарт оруулахдаа энэ асуудлыг тусгахыг үүрэг болголоо. Төрийн хяналт, зөвшөөрлийн зарим чиг, үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлж байгаа учир тухайн салбарын мэргэжлийн холбоо чадваржих ёстойг Ерөнхий сайд анхааруулж илүү үүрэг, хариуцлагатай байхыг санууллаа.

    Арьс ширний холбооны ерөнхийлөгч Б.Энх-Амгалангийн тавьсан Алтанбулагийн чөлөөт бүсэд арьс ширний үйлдвэрлэлийн нэгдсэн төв байгуулах газрын асуудлыг шийдэх, хөдөө аж ахуйн бирж, эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах, гарал үүслийн гэрчилгээ олгох эрхийг салбарын мэргэжлийн холбоонд шилжүүлэх зэрэг саналыг Ерөнхий сайд  судалж үзэн тодорхой шийд гаргана гэж амлалаа.    

    Энэ 7 хоногт багтан хөнгөн үйлдвэрлийн салбарын талаар авах арга хэмжээний талаар Ажлын хэсэг хуралдаж хэлэлцэнэ. Энэ хуралд Ерөнхий сайдаас гадна Тэргүүн шадар сайд, Шадар сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Сангийн сайд нар,  Монголбанк, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, мэргэжлийн холбоодын удирдлага зэрэг холбогдох бүх байгууллагын төлөөлөл оролцох юм.

    2 дугаар сарын сүүлээр болох Засгийн газрын хуралдаанаар хөнгөн үйлдвэрийн салбарынхны боловсруулсан бодлогын талаар хэлэлцэнэ

  • Бид ченжийн нийгэмд амьдраад байна. Үүнийг арилгах эрх зүйн харилцааг бий болгох шаардлагатай байна

    Бид ченжийн нийгэмд амьдраад байна. Үүнийг арилгах эрх зүйн харилцааг бий болгох шаардлагатай байнаАливаа бараа бүтээгдэхүүн ченжийн гараар дамждагийг арилгах, эрх зүйн харилцааг бий болгох хэрэгтэй байна. Засгийн газрын зүгээс зах зээлийн боломж нөхцөлийг бүрдүүлэхэд илүү анхаарч ажиллаж байна. Мэргэжлийн холбоод энэ боломжийг ашиглаж, идэвх санаачилгатай ажиллаж чадвал тулгамдсан асуудлаа шийдэх бүрэн боломж байна гэж Ерөнхий сайд С.Батболд Ойчдын нэгдсэн холбоо, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзахдаа хэлээ.

    Тус холбоод “Ойн тухай үндэсний хөтөлбөр”-ийн дэд хөтөлбөрийг боловсруулжээ. Хөтөлбөр батлагдсанаар тэдний өмнө тулгамдаад байгаа мод бэлтгэх, боловсруулах  үйлдвэрүүдийн техник технологийг шинэчлэх, ойн гүнд орж, ашиглалтын нас гүйцсэн ойд нэвтрэх ойн зам гаргах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх боломжтой тул ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж өгөхийг хүслээ.

    Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, сургууль, цэцэрлэгийн ширээ сандлаас эхлээд байгууллага аж ахуйн нэгжийн тавилгыг дотоодынхоо бүтээгдэхүүнээр хангах, импортын түүхий эдийг нэмүү өртгийн татвараас чөлөөлөх, Модны бирж байгуулахад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг хэлж байна. Үүнээс гадна мод бэлтгэх асуудалд төрийн зохицуулалт шаардлагатай байгааг холбоодын төлөөлөл хэллээ.

    Ерөнхий сайд С.Батболд Шинэ бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг бид эхлүүлж байна. Үүнд үндэсний үйлдвэрүүд, тэр дотроо боловсруулах, хөнгөн үйлдвэрүүдийн оролцоо ихээхэн чухал. Бид үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж импортыг багасгах, эсвэл татварын босгыг нэмэгдүүлэх боломжтой. Ингэхийн тулд өөрсдийн бараа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж үнэ ханш дээр манай үйлдвэрлэгчид илүүтэй анхаарч өрсөлдөх чадвартай байх нь юу юунаас чухал гэдийг Засгийн газрын тэргүүн хэллээ.

    Сайн юм хийж байгаа компани байгааг би үзэсгэлэнгээс харсан. Харин өөрсдийгөө нийгэмд сурталчлах тал дээр зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй. Мөн эдийн засгийн үр ашгаас гадна ой модны нөөцийг зохистой  ашиглах тал дээр давхар анхаарах ёстой. Бид ченжийн нийгэмд амьдраад байна. Энэ тогтолцоог өөрчилж үйлдвэрлэгч хэрэглэгчдийг шууд холбох боломжийг бүрдүүлэх тал дээр хаа хаанаа идэвх санаачилгатай ажиллая. Салбарын өмнө тулгамдсан асуудлаа шийдэх тодорхой саналуудаа тусгасан бодлого хөтөлбөрөө нэгдсэн журмаар гаргаад 2 дугаар сарын сүүлээр Засгийн газрын хуралдаанд  оруулж ирэхийг ХХААХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайд нарт болон салбарын мэргэжлийн холбоодод үүрэг болголоо

  • ТӨРИЙН ЗОЛГОЛТ БОЛОВ

    Төрийн золголт боловXVII жарны цагаагчин Төмөр туулай жилийн шинийн нэгний билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн 9 хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэний дараа Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн очиж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нартай золгов. Золголтын дараа Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг цэнгүүлэн гэрийн жавар үргээж, төр түвшин, түмэн олон амгалан байхыг бэлгэдэн ерөөл айлдлаа.

    Өмнө нь төр, засгийн удирдлагууд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд очдог байсан бол энэ жил Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц, Дашчойлин хийдийн хамба Ч.Дамбажав нар Төрийн ордонд морилон ирж төрийн 3 өндөрлөгтэй золгон, хотол олныхоо сайн сайхны төлөө ном хурж байгаа тухай айлтгав. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд хамгийн өндөр настай буурлуудын гэрт очиж золгодог байсан уламжлал энэ жил өөрчлөгдлөө.

    Сар шинийн нэгний энэ өглөө ахмадуудаа төлөөлж Төрийн ордоны ёслол, хүндэтгэлийн танхимд хүрэлцэн ирсэн АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан Ц.Готов, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Хөдөлмөрийн баатар, IIIэмнэлгийн мэдрэлийн тасгийн зөвлөх, доктор, профессор Ж.Хайрулла, Аж үйлдвэрийн салбарын зөөлөн эдлэлийн анхны Хөдөлмөрийн баатар оёдолчин Л.Дашням, Ардын жүжигчин, профессор Д.Жаргалсайхан, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Б.Бааст, БХЯ-ны Ахмадын хорооны дарга, хошууч генерал С.Гомбосүрэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайд асан Д.Ёндон нартай төрийн 3 өндөрлөг золгож, гарын бэлгээ гардуулан дурсгалын зураг авахуулжээ.

    Сар шинийн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэвлэл, мэдээллийн ажилтнуудад өгсөн ярилцлагадаа “Сайхан өдөр болж байна. Үүнийг гарч байгаа Туулай жилд ард түмэн, улс орны маань ажил, амьдрал ч өөдрөг сайхан байхын шинж гэж бэлэгшээж байна. Энэ билэгт сайн өдөр ахмадуудынхаа төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Монгол түмэн төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ

  • Монгол улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа нь нэг талаар сайн, нөгөө талаар эрсдэл дагуулах магадлалтай

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Стев Барнеттар болон ОУВС-ийн монгол дахь суурин төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа. ОУВС-ийн ажлын хэсгийнхэн манай оронд арав гаруй хоног ажилласан бөгөөд энэ ажлынхаа үр дүнг Ерөнхий сайдад танилцуулахаар ийн иржээ.

    Манай оронд хоёр жил гаруйн хугацаанд хэрэгжүүлсэн Стэндбай хөтөлбөрийг амжилтттай хэрэгжүүлж дууссанд сэтгэл хангалуун байгаагаа ОУВС-ийнхан илэрхийлээд 2011 оны төсвийн талаарх дүгнэлтээ Монгол улсын Засгийн газрын тэргүүнд дуулгасан юм. Монгол улсын эдийн засаг маш хурдацтай хөгжиж байна гэдэг дүгнэлтийг ОУВС-ийн ажлын хэсгийнхэн гаргаад байгаа бөгөөд энэ нь нэг талаар сайн, нөгөө талаарэрсдэл дагуулах магадлалтай гэдгийг тэд анхааруулж байна.

    2011 оны төсөв ДНБ-ий 52.1 хувьтай тэнцэх хэмжээний байгаа нь төсвийн хэт тэлэлтэй холбоотойг анхаарууллаа.Мөнинфляци тодорхой түвшнээс нэмэгдэж, 20 хувиас давах дүр зураг харагдаж байгааг ОУВС-ийн ажлын хэсгийнхэн хэлж байна. Түүнчлэн аль болох ядуусд чиглүүлж байгаа Стэндбай хөтөлбөрийг үргэлжлүүлэх зөвлөгөөг ч бас өглөө.

    Макро эдийн засгийн эдгээр үзүүлэлтээс харахад эцсийн дүндээ энэ бүгд нь Монголын хувийн хэвшлийн салбарт нөлөөлж, тэд өрсөлдөх чадвар сул  болж магадгүй байгааг ОУВС-ийн шинжээчид ярьж байна. Харин Монгол улсын Засгийн газраас явуулж байгаа эдийн засгийн чиглэлийн бодлогууд тодорхой үр дүнгээ өгч байгааг судалгаа харуулж байна гэсэн дүгнэлтийг ОУВС хийжээ.  

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэдний дүгнэлтийг сонссоны дараа та бүхний анхааруулж байгаа бүх зүйл Засгийн газрын анхаарлын төвд байгаа, Төв банкныхантайгаа ч  хамтарч ажиллаж байнагэдгийг дурьдлаа. Ирэх гуравдугаар сард эдийн засгийн форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, энэ үеэр эдгээр асуудлыг олон талаас нь хэлэлцэхээр төлөвлөж байгаа.

    Мөн Монгол улс зөвхөн уул уурхайг түшиглэсэн эдийн засгийн бодлогоос гадна жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарыг түлхүү хөгжүүлэх бодлого барьж буйгаа Ерөнхий сайд дуулгаад, хүнсний ногоогоор өөрсдийн хэрэгцээгээ хангадаг болсон нь хөрш зэргэлдээ орнуудынхаа үнийн өсөлтөд автдаг байсан цаг хойно өнгөрснийг тэмдэглэж байсан юм. Үнэтэй зөвлөгөө өгч, бас Стэндбай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэдэнд талархлаа илэрхийллээ

  • Багш нарын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд анхаарахаа Ерөнхий сайд амлалаа

    Багш нарын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд анхаарахаа Ерөнхий сайд амлалаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын 40 гаруй мянган багш нарыг төлөөлж Спортын шинэ ордонд цугласан 5000 орчим багш нарт баярын мэнд хүргэж үг хэлэхдээ, боловсролын шинэчлэлийн гол хөдөлгөгч хүч нь багш нар. Та бүхэн үйл ажиллагаа, арга барилаа цаг үргэлж шинэчлэхгүй бол хэчнээн ярьсан ч шинэчлэл хийгдэхгүй.  Энэ шинэчлэлийг хийх багш нарынхаа асуудлыг бид нэн тэргүүнд шийдэх ёстой гэдгийг онцоллоо. Тиймээс ч тэдний хувьд эмзэг сэдэв болоод байгаа орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд дорвитой арга хэмжээ авна гэдгээ Ерөнхий сайд С.Батболд амлалаа.

    Багш нарыг орон сууцаар хангах чиглэлд тодорхой санал боловсруулж ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлэхийг Боловсрол соёл шинжлэх ухааны болон Сангийн сайдад үүрэг болгосон гэсэн Ерөнхий сайдын мэдээлэл  Монголын багш нарын баярын 45 дахь өдрийн хамгийн том бэлэг боллоо. Мөн тэрбээр багш мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, ажлын урамшууллыг сайжруулахад төр засгийн зүгээс тууштай анхаарах болно гэдгээ ч мөн илэрхийллээ.

    Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх, Кембрижийн сургалтын  стандартыг нэвтрүүлэх эхлэлийг тавьсан, их, дээд сургуулийн тоог цөөлсөн,  Оюутолгой төслийн хүрээнд хөрөнгө оруулалт хийгдэж томоохон бүтээн байгуулалтад оролцох 3300 залуусыг сургаж эхэлсэн зэрэг өнгөрсөн онд хийсэн ажлаа бахархан нэрлэж Монголын багш нар өнөөдөр Нисэхийн цагаан хаалганы ойролцоо сүндэрлэсэн спортын шинэ ордон хуран чууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр улсын тэргүүний сургууль, цэцэрлэгийн хамт олонд болон оны тэргүүний багш нарт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр нар баяр хүргэж, шагналыг нь гардууллаа

  • Бар жилийн есөн алдартныг Ерөнхий сайд С.Батболд илт давуугаар магнайллаа

    Бар жилийн есөн алдартныг Ерөнхий сайд С.Батболд илт давуугаар магнайллаа Монголын өдөр тутмын “Өнөөдөр” сонин жил бүрийн цагаан сарын босгон дээр улиран одож буй оны алдартнуудыг тодруулдаг уламжлалтай. XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилийн есөн алдартныг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд магнайлж, тус сонины хамт олноос цалин цагаан бадамлянхуа, ногоолин хаш чулуун суурьтай бар жилийн дүрсийг цул мөнгөөр урласан цом гардлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд есөн алдартныг илт давуугаар , тасархай манлайлсан гэдгийг шалгаруулалтыг зохион байгуулсан “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар хэлээд түүний санаачлан эхлүүлсэн Европ стандарт, Кембрижийн боловсролын тогтолцоо Монголын ирээдүйтэй гарцаагүй хамаатай гэлээ. Мөн МАН-ын шинэчлэлийг гардан зохион байгуулсан гэдгийг ч дурдаад урьд өмнө хэн ч зүрхлээгүй, хэзээ нэгэн цагт хийх л байсан ажлыг барьж авсан зоригийг нь олон нийт үнэлж түүнд саналаа өгсөн гэдгийг бар жилийн тэргүүн алдартанд цомыг нь гардуулахдаа тодотгож байлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүн алдартны хувьд оны алдартнуудаа төлөөлж хэлэхдээ, арван жил дараалан зохион байгуулсан энэхүү уламжлалт шалгаруулалтыг нийгмийн салбар бүрийг төлөөлөх төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийн саналаар нээлттэй, ил тод явуулдгийг нь онцлоод хоёр дахь удаагаа шалгарсандаа талархаж байгаагаа илэрхийллээ. 

    Мөн тэрбээр Засгийн газрын тэргүүний хувьд улиран одож буй төмөр бар жилийг улс орны ирээдүйн хөгжилд нөлөө үзүүлэх томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн үндсийг тавьсан, үйл явдлаар баялаг болсон гэж дүгнээд 2010 онд эх орныхоо хөрсөнд ургасан буудай, төмсөөр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангасан, “Хөгжлийн банк” байгуулж,  “Хүний хөгжил сан”-гаас ард иргэддээ байгалийн баялгаас анх удаа адил тэгш хэлбэрээр хишиг, хувь хүртээж эхэлсэн, Тавантолгойн орд газрыг ашиглах, бүтээн байгуулалт өрнүүлэх түүхэн чухал шийдвэрүүдийг гаргасан гэдгийг онцоллоо.     

    Өмнөх оны амжилтаа үргэлжлүүлж, 2011 оныг Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарласныг Ерөнхий сайд тэмдэглээд, иргэд маань ажлын байртай болж, ядуурлыг бодитой бууруулж, өнгөрсөн жил суурийг нь тавьсан ажлынхаа үр шимийг гаргах бүтээлч ажлын жил байх болно гэж төлөвлөж, ажиллаж байгаа гэж хэллээ.

    Ийнхүү бар жилийн алдартнуудыг Ерөнхий сайд С.Батболд магнайлж, гавьяат тамирчин С.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Монгол Улсын УИХ-ын дарга Д.Дэмбэрэл,  Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар алдартнаар тодорчээ

  • Төслийн менежментийн тогтолцоог бүх шатандаа нэвтрүүлэх хэрэгтэй

    Төслийн менежментийн тогтолцоог бүх шатандаа нэвтрүүлэх хэрэгтэй Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр “Бизнесийн байгууллагын менежментийн чадамж” үндэсний зөвлөгөөнд оролцлоо. Тус үндэсний мэргэжлийн зөвлөгөөн нь анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог ажээ. Уг арга хэмжээг нээж, Монгол улсын Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ“Бид ирэх 20 жилээ их бүтээн байгуулалтын үе гэж тодотгон томъёолсон. Мөн манай улсын эрчимтэй хөгжлийн гарааны жилүүд эхэлж байгааг олон улсын төдийгүй хувийн санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагын судлаачид ярьж тэмдэглэх болсон. Тиймээс бидний агуулга, мөн чанарын хувьд ч хүрээ далайцын талаасаа ч өмнөхөөсөө илүү нарийн төвөгтэй, оюун ухаан, эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвар шаардсан зорилго зорилтууд тосон хүлээж байгаа.

    Манай улс байгалийн баялагтаа тулгуурлан эдийн засгийн хурдацтай өсөлт, их бүтээн байгуулалтын, үйлдвэржүүлэлт хөгжлийн том гараанд ирснийг нийтээрээ ойлгон ухамсарлаж байна. Дэлхийн банкнаас саяхан боловсруулсан Монгол улсын эдийн засгийн төлөв байдлын тоймд манай улсын хөрөнгө оруулалтын төслийг удирдах чадвар, менежментийн чадавхи сул байгааг анхааруулсан байна. Дэлхий дээр баялагтай мөртлөө хөгждөггүй улс орнууд байна. Бас баялаггүй мөртлөө хөгжсөн улс орнууд байна. Үүний нэг том ялгаа бол засаглалын ялгаа юм. Тиймээс төр засгийн төдийгүй дотоодын компани, бизнес эрхлэгчид хөгжлийн шаардлагыг хангаж чадахуйц удирдлага, менежментийн тогтолцоог төлөвшүүлж, хөрөнгө санхүү, хүний нөөцийн хувьд баттай сууриа бүрдүүлж чадах ёстой” гэдгийг тэмдэглэж байсан юм.

    Түүнчлэн боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө Төслийн менежментийн тогтолцооны талаар суралцах, улмаарбүхий л шатандаа энэхүү менежментийг нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ. Мөн бизнес эрхлэгч  хувь хүн ч бай, аж ахуйн  нэгж байгууллага  ч бай юуны өмнө ашиг орлогоо нэмэгдүүлэх асуудлыг эн тэргүүнд тавьдаг хэдий ч тогтвортой амжилтын төлөө гол анхаарлаа хандуулах цаг болсныг хэлээд, хүний төлөөх үзэл баримтлал, үйл ажиллагааг салбар бүрт нэвтрүүлэх хэрэгтэй байгааг зөвлөсөн юм. Шилдэг менежер, манлайлагчдыг бэлтгэх талаар бүх шатны боловсролын байгууллагууд  онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг энд дурьдаад, орчин үеийн менежментийн ухаанд хөрөнгийн зах зээлийн асуудал томоор тавигдаж байгаа учир бизнес эрхлэгч бүр үүнд анхаарлаа хандуулахыг ч уриаллаа.

    Тус зөвлөгөөнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бизнесийн бүх салбарынхны төлөөлөл хүрэлцэн ирж, менежментийн чадамж, бизнесийн амжилтад хүрэх зам, аж ахуйн нэгж байгуулагуудын үйл ажиллагаан дах эрсдлийн менежмент  гэх мэт олон сэдвээр мэргэжлийнхнээс номын дуу сонслоо. Дашрамд дурьдахад Ерөнхий сайд С.Батболд Монголын менежментийн холбооны 2004 оны улс төр нийгмийн салбарын “Шилдэг менежер “-ийн шагналыг хүртэж байжээ. Бизнесийн салбарынхны зовлонг ойлгож, энэ тал дээр таатай бодлогоявуулж байгаад талархаж байгаагаа ММХ-ны тэргүүн, профессор Д.Цэрэндорж энэ үеэр илэрхийлж, холбооныхоо хүндэтгэлийн цомыг Засгийн газрын тэргүүнд гардууллаа

  • Ж.Батмөнх агсны тухай кино гарна

    Ж.Батмөнх агсны тухай кино гарна Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авдаг уламжлалын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд төр нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймаа гуайг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ буурай Ерөнхий сайдад хоёр хүсэлттэй ирснээ ч дуулгав. Ж.Батмөнх агсны цээж баримлыг байршуулах, түүнчлэн түүний нэрэмжит МУИС-ийн гудамжийг тохижуулах А.Даариймаа гуайн хүсэлтийг Ерөнхий сайд хүлээн авч, шийдвэрлэхээр боллоо. Ирэх гуравдугаар сарын 10-нд Ж.Батмөнх агсны 85 насны ой болох юм байна.

    Түүний амьдралын замналыг өгүүлсэн түүхэн баримтат киноны санхүүжилтыг ч мөн шийдвэрлэхээр болж, төрсөн өдрөөр нь нээлт хийхээр зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Ерөнхий сайд мөн энэ үеэр удахгүй болох цагаан сарыг тохиолдуулан А.Даариймаа гуайд гарын бэлгээ гардууллаа

  • Ерөнхий сайд С.Батболд: Засгийн газрын тэргүүний хувьд Шинжлэх Ухааны салбартаа ихээхэн анхаарал тавьж байна

    Ерөнхий сайд С.Батболд: Засгийн газрын тэргүүний хувьд Шинжлэх Ухааны салбартаа ихээхэн анхаарал тавьж байнаМонгол Улсын Шинжлэх ухааны академийнхан ололт амжилт,алдаа дутагдлаа хэлэлцэн чуулж байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 1-р сарын 27-ны өдөр Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээ,  үйл ажиллагааны 2010 оны тайлан хэлэлцэх Их чуулганд оролцож улс орныхоо шинжлэх ухаан технологийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаарх санал бодлоо хуваалцлаа. Шинжлэх ухааны салбараа улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил, аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн хөгжүүлэх замаар эдийн засаг дахь шинжлэх ухааны өгөөж, нийгэм дэх шинжлэх ухааны нэр хүндийг дээшлүүлэхэд байнга анхаарч ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд үгийнхээ эхэнд хэлээд Шинжлэх ухааны салбарын санхүүжилт бага байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

    Гэхдээ санхүүжилт бага байгаагаас чадавх сул, чадавх сулаас итгэлгүй, мухар эргүүлэгт орчихсон байна гэж шүүмжилдэг. Санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхийн өмнө салбарын бүтэц, зохион байгуулалт, салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа нь хүлээгдэж буй хэмжээнд байна уу гэдгийг эргэцүүлмээр байна гэлээ. Түүнчлэн Засгийн газрын тэргүүн Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн мониторингийн судалгаанаас үзэхэд 1000 хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоогоор дэлхийд дээгүүр байр эзэлдэг боловч шинжлэх ухааны тодорхой судалгааны чиглэлд ногдох судлаачийн тоо, чадавх сул байна хэмээн дүгнэснийг анхааруулаад энэ чиглэлд Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулиуд, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэйг хэллээ.

    Мөн манай улсын хувьд асар том боломж, шинэ зорилт, сорилтууд тулгарч байна. Энэ бүхнийг даван туулахад эрдэмтэн мэргэд та бүхнээс олон зүйл шалтгаална. Тиймээс шинжлэх ухааны салбартаа ихээхэн анхаарал тавьж ажиллахаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд Байгалийн баялгаа улс орныхоо, хүнийхээ хөгжилд зарцуулах, шавхагдашгүй баялаг бүтээх зайлшгүй шаардлага бий. Энэ бодлогын нэг зорилт болгож Монголын геологи, эрдэс баялгийн үндэсний төв байгуулах, Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барих кокс, химийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд Шинжлэх ухааны академи, үндэсний эрдэмтэн мэргэдийг оролцох ёстой гээд…

    –  Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их, дээд сургуулийн эрдэм судлалын ажилтай уялдуулах талаар тодорхой ажил хийх,

    –  “Бэлчээр сайжруулах экологийн туршилт судалгааны төв”-ийг цаг алдалгүй байгуулах,

    –   Экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд технологийн шинэчлэл хийх,

    –   Эдийн засгийн дэд бүтэц, хөдөө аж ахуй, уул уурхайн маш сайн хөгжсөн гадаадын технологийг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулахад онцгой анхаарах хэрэгтэйг хэлсэн юм.

    Засгийн газрын тэргүүн Шинжлэх ухааны академийн өмнө тулгамдсан, мөн дээрх асуудлуудыг энэ оны эхний хагаст Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нарт үүрэг болголоо. Мөн тэрээр 2011 онд Монголд анхны орчин үеийн шинжлэх ухааны байгууллага “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсаны 90 жил, Шинжлэх ухааны академийн 50 жилийн түүхэн ойг тэмдэглэх ажилд амжилт хүсч, эрдэмтэн мэргэд  эрдэм судлал, оюуны нөр их хөдөлмөр тань улам өргөн дэлгэр байхыг ерөөсөн юм.

    Энэ үеэр тус академийн тэргүүлэгчдийн хурлаас Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хувилбай хааны одон”-гоор  шагнаснаа гардуулсан юм. Сүүлийн жилүүдэд тус салбарынхан хорт хавдрыг эмчлэх, сэргийлэх чиглэлээр ажиллаж, дотоодын эмийн үйлдвэрлэлийн хувь хэмжээг  өсгөх, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний гүн боловсруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэжээ.

    Бид 50 дахь удаагаа тайлангаа хэлэлцэх Их чуулганаа хийж байна. Төр засаг шинжлэх ухааны салбарт анхаарч байдаг хэдий ч энэ хугацаанд Ерөнхий сайд бидний чуулганд биеэр оролцож, шинжлэх ухааны салбарт анхаарч ажиллахаа биечлэн хэлж байсан удаагүй. Тиймээс Засгийн газрын тэргүүндээ талархаж байгаагаа илэрхийлэе хэмээн Академич Т.Намжим энэ үеэр хэлж байлаа.

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Шинжлэх ухааны академийн Их чуулганд хэлсэн үг

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Шинжлэх ухааны академийн Их чуулганд хэлсэн үг

    С.Батболд: Шинжлэх ухааны академи одоогийн бүтэц, тогтолцоондоо дүгнэлт хийж, давхардлыг арилгах, их сургуулиуд, бизнестэй хамтрах хэрэгтэй

    Эрхэм хүндэт академичид, эрдэмтэд мэргэд ээ!

    Өнөөдөр туулай жилийн босгон дээр Монголын шинжлэх ухааны академийн Их чуулганд оролцож, улс орныхоо шинжлэх ухаан технологийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаархи бодлоо Та бүхэнтэйгээ хуваалцах боломж олдсонд баяртай байна. Шинжлэх ухааны академийн Их чуулган гэдэг бол зөвхөн эрдэмтдийн  төдийгүй, улс орны хэмжээний томоохон арга хэмжээнд тооцогддог.

    Өнөөдөр шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хувилбай хаан”-ы одонг авч байгаадаа баяртай байна. Энэ нь шинжлэх ухааны байгууллагуудтайгаа хамтран ажиллаж олон асуудлыг шийдвэрлэх ёстойн илрэл боллоо. Бас сая эрдэмтдийнхээ бүтээлийн үзэсгэлэнг үзэж, нааштай олон эхлэл байгаатай танилцлаа. Дэлхийн хөгжилтэй болон хөгжиж буй орнууд мэдлэгт суурилсан эдийн засаг бий болгох, хөгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Тиймээс бид шинжлэх ухааны салбараа улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил, аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн хөгжүүлэх замаар эдийн засаг дахь шинжлэх ухааны өгөөж, нийгэм дэх шинжлэх ухааны нэр хүндийг дээшлүүлэхэд байнга анхаарч ажиллах хэрэгтэй.

    Монгол улсад шинжлэх ухааны салбар үүсч хөгжиж, үндэсний чадавх бий болсноос хойш олон арван жил өнгөрчээ. Анх ОХУ-ын Шинжлэх ухааны академийн загвараар байгуулагдсан манай шинжлэх ухааны байгууллагууд олон жилийн турш хуучин социалист орнуудын академиудтай хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Харин сүүлийн 20 жилд дэлхийн бусад улс орны шинжлэх ухааны байгууллагуудтай харилцах олон боломж нээгдлээ. Гэсэн хэдий ч ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас эхлэн шинжлэх ухааны салбарт шийдлээ хүлээсэн тодорхой асуудлууд хуримтлагдсан гэдэгтэй манай эрдэмтэд санал нийлэх байх аа.

    Хамгийн түрүүнд санхүүжилт муудаж, салбарын боловсон хүчин сарнилд орсон зэрэг олон бэрхшээлийг шинжлэх ухааны салбар даван тууллаа.

    Шинжлэх ухаан, технологийн салбарын мастер төлөвлөгөө батлагдаж, бүтцийн томоохон өөрчлөлт хийгдэж, эрдэм шинжилгээний 72 байгууллага нэгжийг 22 хүрээлэн төв болгон Шинжлэх ухааны академи, их, дээд сургууль, зарим яамны харьяалалд шилжүүлж, эрдэм шинжилгээний 17 байгууллагыг “Судалгаа-туршилт-үйлдвэрлэл-бизнес”-ийн 8 корпораци болгон зохион байгууллаа. Салбарын эрх зүйн үндсэн баримт бичгийг боловсруулан гаргаж, эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд сургуулиудыг түшиглэн технологийн инкубатор байгуулж, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологиудыг шинэчлэн тогтоосон.

    Мөн шинжлэх ухаан, технологийн салбарыг үйлдвэрлэл, үйлчилгээний салбартай холбох, санхүүжилтийн олон эх үүсвэртэй болгож, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх чиглэлээр тавигдаж байгаа зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасган бүтцийг зохистой болгох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, өндөр технологийг нутагшуулж, хөгжүүлэхэд чиглэсэн “2010-2014 онд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-ыг Засгийн газар баталснаар шинжлэх ухаан, технологийн салбарт зарцуулж байгаа төсвийн хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлэх, салбарын нөөцийг төвлөрүүлэхэд чухал алхам болсон.

    Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас шинжлэх ухааны салбарын санхүүжилтэд чамгүй анхаарч ирлээ. Тухайлбал Одон орон геофизикийн судалгааны төвийн олон жилийн судалгааны үр дүнг Засгийн газар хэлэлцээд “Газар хөдлөлтийн гамшгийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан. Энэ тогтоолын дагуу Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийг судлах, газар хөдлөлийн аюул, эрсдэлийн үнэлгээг нарийвчлан тогтоох, геофизикийн ажиглалтын байнгын цэг байгуулахад зориулж нийт 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.

    Шинжлэх ухааны корпорациудын ихэнх нь өнөө маргаашаа аргацаах хэлбэрээр явж байна гэхэд хилсдэхгүй биз ээ. Шинжлэх ухааны салбарын санхүүжилт бага байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ санхүүжилт бага байгаагаас чадавх сул, чадавх сулаас итгэлгүй, мухар эргүүлэгт орчихсон байна гэж шүүмжилдэг. Санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхийн өмнө салбарын бүтэц, зохион байгуулалт, салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа нь хүлээгдэж буй хэмжээнд байна уу гэдгийг эргэцүүлмээр байна. Шинжлэх ухааны академийн Их, Бага чуулганаар санхүүжүүлэхээр гаргаж буй судалгааны сэдэвт ажлууд өнөөгийн бидний өмнө тавигдаж буй хөгжлийн зорилтууд, тэргүүлэх чиглэл, цөм технологи зэрэгтэй хэр уялдаж байна вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдах ёстой. Энэ чиглэлээр үнэлгээ хийж үзэхийг Шинжлэх ухааны академи, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд даалгаж байна.

    Угаасаа хангалттай байж чадахгүй санхүүжилтийг хуваарилахдаа ”эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэдэг зарчим баримталснаар аль алинд нь дорвитой судалгаа хийхэд хүрэлцэхгүй байдал шинжлэх ухааныг хагас өлсгөлөн байлгах нэг үндэс болж байна гэдгийг эрдэмтэн мэргэд та бүхэнтэйгээ ярилцах ёстой. Шинжлэх ухааны салбарт хувийн хэвшлийн санхүүжилттэй хамтарсан судалгааны тоо хэд байна вэ? Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний байгууллагууд, академи хүрээлэнгүүдийн хоорондын хамтарсан судалгааны тоо хэмжээ өнөөдөр яагаад өсөхгүй байна вэ?, Академийн одоогийн бүтэц маань тэргүүлэх чиглэл, цөм технологитой хэрхэн уялдаж байна вэ? гээд олон асуултыг бид ярилцан шийдэж, хариулт өгөх цаг болжээ.

    Монгол улс жижиг эдийн засагтай, хүн ам цөөтэй, шинжлэх ухаан технологийн салбарын хүний нөөцийн чадамж боломж хязгаарлагдмал зэргийг эргэцүүлэн бодож, шинжлэх ухаан технологийн салбарт байгаа нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийх шаардлагатай. Ялангуяа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн ойрын үеийн чиг хандлагыг харгалзан, шинжлэх ухаан, технологийн салбарын гүйцэтгэх үүрэгт онцгой анхаарал хандуулах шаардлага тулгарч байна.

    Өнөөдөр мэдээлэл, харилцаа холбооны салбарт 400 компани үйл ажиллагаа явуулж, 21 оронд манай компаниуд аутсорсинг хийж байна. Манай шинжлэх ухаан энэ процесст хэрхэн оролцож байгаа нь төдийлөн харагдахгүй байна. Монголын эрдэмтэд шинэ сортын үр гаргах, шинэ үүлдрийн хонь гаргах гээд чамгүй судалгаа хийжээ. Гэтэл Дарханы 144 шинэ сортын үрийн нөөц хэдэн арван тонноор хэмжигдэж, Орхон үүлдрийн хонины тоо хэдхэн зуугаар тоологдож байгаа өнөө үед үйлдвэрлэлд нэвтрүүлэх тухай ярихад амаргүй гэдэг нь ойлгомжтой.

    Хөгжлийн олон асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газар багагүй хүч хөрөнгө зарцуулж буй өнөө үед шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц бололцоог үүнд чиглүүлж, чадвар чадавхыг нь ашиглаж, хөрөнгө зардлаа хэмнэмээр байна. Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн мониторингийн судалгаанаас үзэхэд 1000 хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоогоор бид дэлхийд дээгүүр байр эзэлдэг боловч шинжлэх ухааны тодорхой судалгааны чиглэлд ногдох судлаачийн тоо, чадавх сул гэсэн дүгнэлт гарч байна.

    Монгол улсад үйлдвэрлэж буй үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 95 хувь технологийн багтаамж доогууртай гэсэн судалгаа гарсан байна. Сүүлийн жилүүдэд хорт хавдрыг эмчлэх, сэргийлэх чиглэлээр ажиллаж, дотоодын эмийн үйлдвэрлэлийн хувь хэмжээг  өсгөх, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний гүн боловсруулалтыг нэмэгдүүлэх зэрэг нааштай сайн эхлэл харагдаж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ ийм нааштай эхлэл харьцангуй цөөн, үр дүн нь гарт баригдахаар их биш байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

    Манай шинжлэх ухаанд тулгамдаж буй эдгээр асуудлыг бидэнтэй адил тогтолцооноос шилжихдээ хамгийн зөв шийдлийг олсон бусад орны олон жишээ, загварыг судалж, манайд илүү зохицох туршлагуудыг санаачилгатай, зоригтой хэрэглэмээр байна. Энэ чиглэлд Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулиуд, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай. Шинжлэх ухаан, технологийн салбарын идэвх санаачилгыг өрнүүлэхэд тус болох эрх зүй, эдийн засгийн зохистой орчныг бүрдүүлэхэд шаардагдаад байгаа бодлогын алхмуудыг санал болгож шийдвэрлэх ёстой.

    Шинжлэх ухааны академи одоогийн бүтэц, тогтолцоондоо дүгнэлт хийж, давхардлыг арилгах, их сургуулиудтай уялдуулах, бизнестэй хамтрах бололцоотой болгох, батлагдсан тэргүүлэх чиглэл, цөм технологитойгоо уялдуулмаар байна. Ингэхдээ өөрийн орны эдийн засаг, санхүү, хүний нөөцийн боломжоо харгалзан прагматик хандлагыг урьтал болгох хэрэгтэй. Шинжлэх ухааны санхүүжилтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, санхүүжилт, судалгааны үр дүн, өгөөжийг нотлох, захиалагч нь үйлдвэрлэгч байх зарчмыг нэвтрүүлэх шаардлагатай байна.

    Шинжлэх ухаан, бизнесийн байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл, дэвшилтэт технологийг хувийн хэвшлийнхэнд сурталчлан таниулах, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага та бидний өмнө тавигдаж байна. Судалгааны академик эрх чөлөөг хүндэтгэн үзэж, судалгааны ерөнхий чиглэлээ зөв тогтоож, улсын ерөнхий хөгжлийн бодлоготой уялдуулах шаардлагатайг анхаарах ёстой. Шинжлэх ухааны ололтыг олон түмэнд, нийгэмд ойлгуулан түгээн дэлгэрүүлэх ажлыг ч орхигдуулах ёсгүй. Иргэд, олон нийтийн шинжлэх ухааны ерөнхий мэдлэг дулимагаас үүдэн салбарын олон нийтийн дэмжлэг сул, зарим үед эрдэмтэн судлаачдын дуу хоолойг улс төржсөн дуу хоолой орлоод байгааг ч анхаарах ёстой.

    Тэргүүлэх чиглэлүүдэд эрдэмтэд судлаачдын идэвхийг өрнүүлэн Та бүхний нааштай санал, санаачилгыг дэмжиж, салбарын үр өгөөж, үнэлэмжийг дээшлүүлэх гэсэн чин эрмэлзлийг минь дэмжинэ гэж итгэж байна. Өнөөгийн бидний шүүмжлээд байгаа мухар эргүүлгээс шинжлэх ухааныг татаж гаргахад эрдэмтэн мэргэд, академич бүрийн идэвх, санаачилга юу юунаас чухал гэдгийг зориуд хэлэхийг хүсч байна. Хэрэв бодлого ойлгомжтой, үр дүн тодорхой, үйл ажиллагаа ил тод, оролцоо хангагдсан, олон түмэн дэмжсэн байвал шинжлэх ухааны салбар төр, засгийн дэмжлэгтэйгээр улс орны хөгжлийн чухал хүчин зүйлийн нэг болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

    Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд ээ,

    Манай улсын хувьд асар том боломж, шинэ зорилт, сорилтууд тулгарч байна. Энэ бүхнийг даван туулахад эрдэмтэн мэргэд та бүхнээс олон зүйл шалтгаалах учраас Засгийн газрын тэргүүний хувьд шинжлэх ухааны салбартаа ихээхэн анхаарал тавьж ажиллах болно гэдгээ хэлье. Манай экспортын бүтээгдэхүүний 70 гаруй хувийг эзэлж буй уул уурхайн бүтээгдэхүүнд өртөг шингээж чадахгүйгээр түүхий эд чигээр нь гаргаж байгаад Засгийн газар дорвитой өөрчлөлт хийхээр аж үйлдвэрийн цогцолборуудыг барьж байгуулахаар зорьж байна.

    Манай эрдэмтэд өөрийн орны нүүрсний нийт 50 гаруй ордын 43-ынх нь нүүрсийг судлан техникийн бүрэн шинжилгээ хийж, нэмүү өртөг шингэсэн кокс болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх ирээдүй бүхий санал боловсруулсан нь улс орны хөгжлийн бодлоготой нийцэж байна. Түүнчлэн үнэт, өнгөт, ховор металл, нефть, уран, барилгын материал зэрэг эрдсийн түүхий эдийн байршлын зүй тогтлыг илрүүлэх “Ашигт малтмалын зураг” зохиосон нь төр, засгийн бодлогод илүү үр өгөөжтэй ашиглагдах ёстой.

    Байгалийн баялгаа улс орныхоо, хүнийхээ хөгжилд зарцуулах, шавхагдашгүй баялаг бүтээх зайлшгүй шаардлага бий. Энэ бодлогын нэг зорилт болгож Монголын геологи, эрдэс баялгийн үндэсний төв байгуулах, Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барих кокс, химийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд Шинжлэх ухааны академи, үндэсний эрдэмтэн мэргэд бодитойгоор оролцох ёстой гэж бодож байна. Сайншандын цогцолбор, Ховор металл, Атомын станц, Эрчим хүч хэмнэх, Экспортын хөтөлбөр гэх мэт эдийн засгийн тулгамдаж буй зорилтууд, тэргүүлэх чиглэлүүдэд шинжлэх ухааныг чиглүүлэх ёстой.   

    Манай орны уул уурхай, металлургийн үйлдвэрлэлийн өнөөгийн хөгжилтэй уялдан бусад үйлдвэр, үйлчилгээ, судалгаа шинжилгээний ажил эрс нэмэгдэж анализын өндөр хүчин чадлын лаборатори байгуулах шаардлагатай боллоо. Тиймээс Шинжлэх ухааны академийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторийг орчин үеийн зарим шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр ханган нефть, нефтийн бүтээгдэхүүн, геологи, эрдэс төмрийн орчны бохирдол, усны чанарын болон хөдөө аж ахуйн, хүнс, биологийн дээжийн шинжилгээ хийх үндэсний чадамжтай болгох нь зүйтэй гэж үзэж байна. 

    Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их, дээд сургуулийн эрдэм судлалын ажилтай уялдуулах талаар тодорхой ажил хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн боломжийг их, дээд сургуулийн багш нарын судалгаатай уялдуулах ёстой гэсэн үг юм. Дэлхийн нийтийн хандлагаас харахад их, дээд сургуульд суурилсан шинжлэх ухааны хүрээлэнгийн салбар илүү өгөөжтэй нь нотлогдсон гэж ярьж байгааг нийт эрдэмтдээрээ, салбараараа хэлэлцэн шийдвэрлэхийг салбарын сайдад үүрэг болгож байна.

    Өнгөрсөн онд Засгийн газрын хурлыг монголын говьд хийлгэх үеэрээ Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн боловсруулсан бэлчээрийн доройтол, цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутагт бэлчээрийг нөхөн сэргээх технологийг нэвтрүүлэх саналтай танилцаж, дэмжин хэрэгжүүлэх шийдвэр гаргасан билээ. “Бэлчээр сайжруулах экологийн туршилт судалгааны төв”-ийг цаг алдалгүй байгуулах хэрэгтэйг дурдъя.

    Экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд технологийн шинэчлэл хийх, эдийн засгийн дэд бүтэц, хөдөө аж ахуй, уул уурхайн маш сайн хөгжсөн гадаадын технологийг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулахад онцгой анхаарах хэрэгтэй. Энэ талаар гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг Засгийн газар бүх талаар дэмжинэ. Шинжлэх ухааны академийн өмнө тулгамдсан, бас миний хөндсөн асуудлуудыг энэ оны эхний хагаст Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нарт үүрэг болгож байна.

    Эцэст нь хэлэхэд, 2011 онд Монголд анхны орчин үеийн шинжлэх ухааны байгууллага “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсаны 90 жил, Шинжлэх ухааны академийн 50 жилийн түүхэн ойг тэмдэглэх ажилд амжилт хүсч, эрдэмтэн мэргэд та бүхнийхээ эрдэм судлал, оюуны нөр их хөдөлмөр тань улам өргөн дэлгэр байхыг ерөөе.

    Анхаарал хандуулсанд баярлалаа!

    2011.01.27.       Хүүхдийн номын ордон