Ангилал: мэдээ

  • С.Батболдын Кувейт улсад хийсэн айлчлалын мэдэгдэл

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН КУВЕЙТ УЛСАД ХИЙСЭН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН ДҮНГЭЭР ГАРГАСАН ХЭВЛЭЛИЙН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

    Монгол Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Сүхбаатарын Батболд Кувейт Улсын Ерөнхий сайд Эрхэм дээд шейх Нассэр Мохаммад Аль-Ахмад Аль-Сабахын урилгаар 2011 оны 1 дүгээр сарын 4 – 6-ны өдрүүдэд Кувейт Улсад албан ёсны айлчлал хийв.

    Айлчлалын үеэр Эрхэмсэг ноён Сүхбаатарын Батболд, Эрхэм дээд шейх Нассэр Мохаммад Аль-Ахмад Аль-Сабах нар албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Сүхбаатарын Батболд Кувейт Улсын Эмир Эрхэм дээд шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабэр Аль-Сабах, Кувейт Улсын Үе залгамжлах хунтайж Эрхэм дээд шейх Наваф Аль-Ахмад Аль-Жабэр Аль-Сабах нарт бараалхаж, Кувейт Улсын Үндэсний Ассамблей (Парламент)-н Спикер Эрхэмсэг ноён Жассэм Аль-Харафитай уулзав. 

    Өнгөрсөн хугацаанд хоёр орны хооронд бат бэх суурьтай улс төрийн харилцаа тогтсоныг талууд нотолж, харилцан ашиг сонирхолтой бүх салбарт хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэх эрмэлзэлээ илэрхийлэв. 

    Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн шугамаар хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжсэнд талууд баяртай байгаагаа илэрхийлэв. Засмал зам тавих, усан цахилгаан станц байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Кувейт Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын санд Монгол Улсын Засгийн газар талархал илэрхийлэв.

    Худалдаа, эдийн засгийн салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн ач холбогдлыг талууд тэмдэглэж, дэд бүтэц, зам, орон нутаг болон хот байгуулалт, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, харилцаа холбоо, тээвэр, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг салбарын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцож, эдгээр салбарын хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээг авахаа нотлов. 

    Монголын оюутнуудад олгох тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх тухай Кувейтын талын шийдвэрт Монголын тал талархал илэрхийлэв.

    Кувейтээс Монгол улсад газрын тос импортлох талаар талууд харилцан сонирхлоо дахин нотлов. 

    Уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, уул уурхайн түүхий эд, ашигт малтмалын нөөцийн хайгуулын төслүүд зэрэг Монголын эдийн засгийн олон салбарт Кувейтын хөрөнгө оруулалтыг татах сонирхолоо Монголын тал илэрхийлэв. 

    Түүнчлэн хоёр тал цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.  

    Монгол Улс нь мал сүргээр баялаг улсын хувьд Кувейтэд мах экспортлох боломжтойг талууд тэмдэглэж, энэ талаар яриа хэлцээ хийхийг санал болгов. Кувейтын тал Монголын саналыг талархан хүлээн авч, түүний хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа нотлов.   

    Монголын тал 150 ортой, оношлогооны цогц тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 16 хүртэлх насны хүүхдэд зориулсан орчин үеийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг барих буцалтгүй тусламж олгохыг Кувейтын талаас хүсч, энэхүү төслийн талаарх судалгаа болон нарийвчилсан мэдээллийг Кувейтын талд өгөхөөр тохиролцов. 

    Хоёр тал олон улсын өнөөгийн тулгамдсан асуудлаар санал солилцож, эдгээр асуудлаар ижил байр суурьтай байгаагаа нотлов. Талууд Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа, терроризмтэй тэмцэх, Палестины бүрэн эрхт, тусгаар тогтносон улс болох эрхийг дэмжих, Ойрхи Дорнодыг үй олноор хөнөөх зэвсгээс ангид байх зэрэг асуудлаар НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

    Монгол Улсын Ерөнхий сайд айлчлалын үеэр зохион байгуулагдсан Монгол, Кувейтын бизнес чуулга уулзалтад оролцож, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар үг хэлэв. 

    Монгол Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Сүхбаатарын Батболд өөрийг нь болон Монголын төлөөлөгчдийг найрсагаар хүлээн авсанд Кувейт Улсын Ерөнхий сайд Эрхэм дээд шейх Нассэр Мохаммад Аль-Ахмад Аль-Сабахт гүн талархал илэрхийлж, Эрхэм дээд Ерөнхий сайдыг Монгол Улсад тааламжтай цагтаа албан ёсоор айлчлахыг урив. Кувейт Улсын Ерөнхий сайд Эрхэм дээд шейх Нассэр Мохаммад Аль-Ахмад Аль-Сабах урилгыг баяртай хүлээн авав. Айлчлалын товыг дипломат шугамаар тохиролцохоор болов.

    Энэхүү Хэвлэлийн хамтарсан мэдэгдлийг 2011 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Эль-Кувейт хотноо гаргав.

  • Булангийн орны хөрөнгө оруулагчдад Монголыг таниулсан айлчлал боллоо

    Булангийн орны хөрөнгө оруулагчдад Монголыг таниулсан айлчлал боллоо Байгалийн баялгаа чулуу болгож хөрөнгөжсөн булангийн орнуудтай харилцан ашигтай худалдаа эдийн засгийн  хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол-Кувейтийн хөрөнгө оруулалт бизнесийн форумд үг хэлэхдээ мэдэгдэв. Энэхүү форумд Кувейтийн талаас Арабын булангийн орнуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүнд бүхий 20 гаруй компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь анхаарал татаж байв.

    Ерөнхий сайд тэдгээр хөрөнгө оруулагчдад хандаж хэлсэн үгэндээ байгалийн баялаг ихтэй, жижиг эдийн засагтай, хүн ам цөөтэй Монгол орны өмнө хөгжлийн асар их боломжуудыг нээсэн төслүүд гараагаа эхэлснийг, мөн ЕХ, АНУ, Япон гэх мэт дэлхийн том зах зээл бүхий улс орнуудтай худалдаа эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах чиглэлээр амжилттай ажиллаж хөрөнгө оруулалтын томоохон хөтөлбөрүүдэд хамрагдаж байгаа талаараа мэдээлэл өглөө. 

    Мөн далайд гарцгүй зах зээл хязгаарлагдмал орны хувьд 2 том хөрштэйгээ худалдааг хөнгөвчлөх, транзит тээврийн тарифийн асуудлаар гэрээ хэлцэл идэвхтэй хийж байгаа гэдгээ ч хэлээд дэд бүтэц, уул уурхай, хөдөө, аж ахуй, эрүүл мэнд, газрын тос, банк санхүү, хөрөнгийн зах зээл гээд олон салбарт хөрөнгө оруулалт хийх өргөн боломж  Монголд байгааг Ерөнхий сайд хэлээд ирэх зургадугаар сард Улаанбаатар хотод  Монгол Арабын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулахаар талууд ажиллаж байгааг дуулгав.

    Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү айлчлал хурдтай хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа Монгол Улсыг Арабын булангийн  орнуудад таниулан суртчлахад чухал үүрэг гүйцэтгэлээ гэж хоёр талын ажил хэрэгч хүмүүс дүгнэв. Монгол-Кувейтийн бизнес форумаас харахад газрын тосны худалдаа, хайгуул олдворлолт, Хөдөө, аж ахуй тэр дундаа мах болон махан бүтээгдэхүүний экспорт, дэд бүтэц, банк санхүү зэрэг чиглэлээр Кувейтийн хөрөнгө оруулагчид манайтай хамтарч ажиллах сонирхол байна.

    Энэ сонирхлыг бодит ажил болгоё гэвэл манай бизнес эрхлэгчид чиглэл чиглэлээрээ хамтраад ганц сайн төсөл боловсруулаад Кувейтийн талд саналаа тавибал тэд шууд дэмжихэд бэлэн байгааг Ерөнхий сайд С.Батболд Монголынхоо бизнесменүүдтэй Эль-Кувейт хотноо уулзахдаа хэллээ.

    Кувейтууд асуудлаа төрөлжүүлээд маш цэгцтэй, тодорхой ярьдаг хүмүүс болохоор тавьж буй асуудлаа биднээс мөн адил тодорхой гаргаж өгөхийг  хүсч байна. Үүнийг манай албаны хүмүүс ч, бизнес эрхлэгчид ч анхаарах хэрэгтэйг Сангийн сайд С.Баярцогт хэллээ. Манай улсын хувьд Кувейтийн талд хоёр асуудлыг тавиад байгаа юм. Үүнд Эрдэнэтээс Мөрөн хүртэлх хатуу хучилттай авто зам барих, 150 ортой хүүхдийн төрөлжсөн эмнэлэг  байгуулахад хамтрах тухай юм.

    Ерөнхий сайд С.Батболд энэхүү хүсэлтээ Кувейтийн Эмир, Үндэсний ассамблейн дарга, Ерөнхий сайд болон Кувейтийн сангийн тэргүүнтэй уулзахдаа тавьсан бөгөөд тэдний зүгээс дэмжиж туслахад бэлэн байна гэсэн нааштай хариулт  аваад байна. Кувейтүүдийн хувьд Иракийн дайралтын хүнд, хэцүү үед жинхэнэ андын ёсоор дэмжиж уриалга гаргаж байсан Монголын ард түмэнд талархаж явдгаа, ойр дотнын найзаа гэж үздэгээ бүхий л түвшиндээ илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд өндөр ач холбогдол өгч байна

  • Шинжлэх ухааны салбарт Кувейттэй идэвхтэй хамтарч ажиллана

    Шинжлэх ухааны салбарт Кувейттэй идэвхтэй хамтарч ажиллана Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дагалдан яваа төлөөлөгчдийнхөө хамт Кувейтийн шинжлэх ухаан  судалгааны хүрээлэнд зочиллоо. Тус хүрээлэн нь 1967 онд Японы “Арабиан Ойл” компани  Кувейтийн Засгийн газартай хийсэн газрын тосны гэрээний үүргийн биелэлт болон анх байгуулагдсан түүхтэй бөгөөд  газрын тос, цөл дэх хөдөө аж ахуй болон далайн биологи гэсэн 3 үндсэн чиглэлээр  сэдэвчилсэн судалгаа хийх зорилготой байжээ. Харин 1973 онд тус шинжлэх ухаан судалгааны хүрээлэн нь Эмирийн зарлигаар удирдах зөвлөлөөр дамжуулан сайд нарын зөвлөлийн шууд харьяанд орсон байна. Гэвч удалгүй бие даасан олон нийтийн хүрээлэн болгон өөрчилжээ.

    Кувейтийн шинжлэх ухаан судлалын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Монголын төлөөлөгчдөд үйл ажиллагаа зорилтоо танилцуулахдаа жилийн 194 сая ам.долларын төсөвтэй тус хүрээлэн нь тодорхой салбараар асуудлын гүнд орж ажиллаж чаддаг, үр дүн нь ч амьдралд гардаг болохоор булангийн орнууддаа төдийгүй олон улсад танил болсон гэдгээ бардам хэлж байлаа. КШУСХ нь эдүгээ байгаль орчин, хот төлөвлөлт, хүнсний ба далайн нөөц, газрын тосны судалгаа шинжилгээ, технологи, эдийн засаг, усны нөөц гэсэн чиглэлүүдээр идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

    Ерөнхий сайд тус хүрээлэнтэй танилцаад, өөрийн орны онцлог  болон зах зээлтэйгээ уялдсан тодорхой хэдэн гол чиглэлээр үйл ажиллагаагаа стандартын дагуу цомхон бүтэцтэй явуулж байгаа нь амжилттай үр дүнтэй ажиллах үндэс болж байгааг энэ хүрээлэнгийн жишээн дээр дагалдан яваа хүмүүст тайлбарлав. Үнэндээ дэндүү нүсэр бүтэц, хэдэн арван салбар хэлтэстэй манай шинжлэх ухааны хүрээлэн социализмын үеийн загвараасаа салж Кувейтийн энэ хүрээлэнгийн туршлагаар ажиллабал амжилтад хүрэх боломж байна. Кувейтийн шинжлэх ухаан судалгааны хүрээлэн манай БОАЖЯ-тай зарим тодорхой чиглэлээр хамтран ажиллаад эхэлсэн төдийгүй хамтарсан бааз байгуулсан, түүнийгээ  Монголыг Кувейттэй холбох гүүр хэмээн нэрлэх болсноо Ерөнхий сайдад дуулгалаа.

    Мөн тус хүрээлэнгийн төрөлжсөн төв болох Үндэсний газар хөдлөлийн сүлжээ нь манай улсын газар хөдлөлтийн байдалд судалгаа хийгээд нааштай үзүүлэлт гарсныг сонирхуулав. Шинжлэх ухаан технологийн  ололтыг бодит амьдралд нэвтрүүлэх, судалгаа шинжилгээг мэргэжлийн түвшинд хийж байгаа энэ туршлагаасаа монголчуудтай хуваалцаж өргөн хүрээнд  хамтран ажиллахыг Ерөнхий сайд С.Батболд тус хүрээлэнгийнхэнтэй уулзахдаа хүслээ

  • Монгол Улс булангийн орнуудыг хамаарах Элчин сайдын яамаа Кувейтэд нээлээ

    Монгол Улс булангийн орнуудыг хамаарах Элчин сайдын яамаа Кувейтэд нээлээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Кувейт Улсад хийж байгаа албан ёсны айлчлал шинжлэх ухаан технологи, худалдаа бизнесийн салбарыг хамарсан үйл явдлаар үргэлжилж байна. 2011 оны 01 дүгээр сарын 5-нд Монгол Кувейтийн харилцаанд нэгэн шинэ хуудас нээгдлээ.

    Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 35 жилийн түүхэнд хоёр тал анх удаагаа Элчин сайдын яамдаа нээж байгаа юм. Өнгөрсөн онд Кувейтийн тал Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн бол өнөөдөр Монголын гэсэн тодотголтой Элчин сайдын яамны байр Эль Кувейт хотноо үүдээ нээлээ.

    Булангийн орнуудтай  харилцаа хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэхэд Кувейт дэх Монголын Элчин сайдын яам чухал үүрэг гүйцэтгэх учиртайг Ерөнхий сайд С.Батболд нээлтийн ёслолд оролцохдоо тэмдэглээд ажлын амжилт хүслээ

  • Ерөнхий сайд нар хэлэлцээ хийлээ

    Ерөнхий сайд нар хэлэлцээ хийлээМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Кувейт Улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. 1-р сарын 4-ний өдөр тэрээр Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Нассер Мохаммед Аль Ахмед Аль Сабахтай хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

    Хэлэлцээний эхэнд Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ айлчлал таатай уур амьсгалд амжилттай болох нөхцөл бүрдүүлсэн, тусгай хуваарийн нислэгээ илгээж Улаанбаатар-Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх боломж бүрэн байгааг харуулсан Кувейтийн талд талархлаа илэрхийлэв. Шууд нислэг нь хоёр улсын иргэд хоорондын харилцан зорчих болон аялал жуулчлал, худалдаа бизнес хөгжихөд чухал үүрэгтэй гэж тэрээр хэллээ.

    Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг талууд өнгөрсөн онд тэмдэглэснийг дурьдаад Элчин сайдын яамдаа харилцан нээж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааны түвшинг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн үзэж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлэв.

    Хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчин, эрүүл мэнд, ашигт малтмал гээд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой салбар олон ч хоёр орны худалдааны эргэлт санасан хэмжээнд хүрэхгүй байгааг тэрээр тэмдэглэлээ.
    Монгол, Кувейтийн харилцааг урагшлуулахад Арабын эдийн засгийн Кувейтийн сан чухал үүрэг гүйцэтгэж байгааг, тус сангийн шугамаар Монголд хэрэгжүүлсэн төслүүд хоёр улсын хамтын ажиллагааны билэг тэмдэг болж байгааг онцлов.

     Харилцаа, хамтын ажиллагааны туршлагадаа тулгуурлан Монголд 150 ортой эмчилгээний болон оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмжтэй, эмч, сургагч нараа дотроо бэлтгэх чадвартай хүүхдийн эмнэлэг барих төслийг Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх хүсэлтийг Ерөнхий сайд С.Батболд Кувейтийн Ерөнхий сайдад албан ёсоор тавилаа.

    Хэлэлцээний үеэр хөндөгдсөн нэг чухал асуудал бол газрын тосны чиглэлээр хамтран ажиллах тухай байв. Газрын тосыг Монголд нийлүүлэх, өмнө нэгэнт тохирсон асуудлыг хурдавчлах, эхний ээлжинд 1 сая тн газрын тос нийлүүлэх асуудлыг Кувейтийн тал ойрын үед  шийднэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэлээд энэ нь Монгол Улсын хувьд чухал гэдгийг тэмдэглэв.

    Түүнчлэн байгаль орчин хамгаалах чиглэлээр 2009 онд байгуулсан санамж бичгийн дагуу 3 лаборатори бүхий шинжлэх ухааны судалгааны төвийг Богд уулын өмнөд хэсэгт байгуулахаар ажиллаж байгаа, шонхор шувууг хамгаалах, үржүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар хэлэлцэн тохирсон нь чухал алхам гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Кувейтийн Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үг, тавьсан саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд олон улсын хэмжээнд бие биенээ дэмжсэн тодорхой алхмууд хийсээр ирсэн, одоо энэ харилцаагаа хоёр талын хамтын ажиллагаанд үр дүнтэй нэвтрүүлж хэрэгжүүлэхийн чухлыг онцлов.

    Хэлэлцээний дараа талууд Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын гэрээ болон харилцан оюутан солилцох  гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол малыг эрүүлжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх шинэ зах зээл бий болох, Монгол, Кувейтийн боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжих таатай орчин бүрдлээ

  • Ерөнхий сайд С.Батболд Кувейтийн үндэсний ассамблейн даргатай уулзав

    Ерөнхий сайд С.Батболд Кувейтийн үндэсний ассамблейн даргатай уулзавКувейт Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Үндэсний Ассамблейн дарга Жассем Аль-Харрафи-тай уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын салхийг хагалж хэлсэн үгэндээ Монгол Улсын хөгжлийн гол салбар болох дэд бүтцийн салбарт Кувейт Улс туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэнд талархав.

    Ялангуяа аймгуудыг холбосон хатуу хучилттай зам тавих, жижиг оврын усан цахилгаан станц барих төсөл амжилттай хэрэгжсэн, одоо парламентын шинэ ордон барих төсөл үргэлжлэн хэрэгжиж байгааг Ерөнхий сайд онцлоод цаашид өөр олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн баяжуулах боломж байгааг дурьдав. Хүүхдийн эмнэлэг барих асуудлыг Засгийн газрын тэргүүн дахин хөндөж дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Кувейтийн сан онцгой үүрэг гүйцэтгэж байгааг Ерөнхий сайд үнэлээд Олон улсын парламентын холбооны шугамаар талуудын харилцаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв.

    Кувейтийн Үндэсний ассамблейн дарга хэлсэн үгэндээ Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй Монголын найз нараа эх орондоо, Парламентын ордондоо хүлээж авч байгаадаа баяртай байна гэлээ. Хоёр талын харилцаа түүний дотор өндөр дээд түвшинд тогтсон харилцаа үлгэр жишээ үзүүлэх найрсаг хэмжээнд байна. Харин одоо иргэд хоорондын болон худалдаа бизнесийн салбарынхны холбоог бэхжүүлэх талаар ярилцсан асуудлаа бодит ажил хэрэг болгохын төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэв.

    Тэрээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг тааламжтай үедээ Кувейтэд айлчлахыг уламжилж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ

  • Кувейтийн эрхэм дээд Эмир өөрийгөө монгол хүн гэв

    Кувейтийн эрхэм дээд Эмир өөрийгөө монгол хүн гэвМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль Ахмад Аль Жабер Аль-Сабах-т бараалхсанаар албан ёсны уулзалт эхэллээ. Кувейт Улс ардчилсан, хаант засаглалтай орон бөгөөд тус улсыг Эрхэм дээд Эмир удирддаг. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид  шинээр олон салбарт хамтрах өргөн боломж байгааг дурьдлаа.

    Монголын хүн амын 70-аад хувийг эзэлдэг  залуучууд, хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалахад Засгийн газар онцгойлон анхаарч байгаа бөгөөд энэ салбарт Кувейттэй хамтран ажиллах, тухайлбал 16 хүртэлх насныханд зориулсан хүүхдийн эмнэлгийг Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар барьж байгуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

    Мөн газрын тосны салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, өмнө нь ярьж тохирсоноо бодит ажил хэрэг болгохын чухлыг тэрээр тэмдэглэлээ. Эрхэм дээд Эмир Монгол Улсын Ерөнхий сайдын Кувейт Улсад хийж байгаа анхны айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд, Кувейтчүүд бол Монголчуудын найз, анд нөхөр гэж зөвхөн дээд түвшинд төдийгүй Кувейтийн ард түмэн үздэг гэлээ.

    Эрхэм дээд Эмир хэлэхдээ ‘’Ерөнхий сайд С.Батболдын санал, хүсэлтийг дэмжиж байна. Бид хэд хэдэн чиглэлд төсөл амжилттай хэрэгжүүлсэн, цаашид хамтын ажиллагаагаа шинэ салбаруудад үргэлжлүүлэх саналыг дэмжиж байна. Монгол Улс сайн боловсруулсан төслөө гаргавал бид хүүхдийн эмнэлэг барихад туслахад бэлэн. Уул уурхай, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй болон бусад харилцан сонирхож буй салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсч байна” гэв. Кувейтийн Эмир манай улсад 2 удаа айлчлалаар, 1 удаа амрахаар ирж байсан учир өөрийгөө бараг Монголын иргэн гэж боддогоо хэлж Ерөнхий сайдтай дотнослоо

  • Кувейтчүүд Монголчуудыг дотны анд нөхдөө хэмээн хүндэтгэж байна

    Кувейтчүүд Монголчуудыг дотны анд нөхдөө хэмээн хүндэтгэж байнаМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын тэргүүний хувиар анх удаа Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тус улстай дипломат харилцаа  тогтоосноос хойшхи 35 жилийн хугацаанд өндөр, дээд түвшний харилцан айлчлал цөөнгүй байсан ч Монгол Улсын Засгийн газрын тэргүүн айлчилж байсан түүх үгүй юм.

    Иймээс Ерөнхий сайд С.Батболдын Кувейт Улсад хийж буй албан ёсны  айлчлалд хоёр тал ихээхэн ач холбогдол өгч байна. Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Нассер Мохаммед Аль-Ахмед Аль-Сабах Монгол Улсын Ерөнхий сайдыг албан ёсоор угтах ёслол “Баяан” цогцолборын ‘’Эмирийн асар’’ өргөөнд болов.

    Угтах ёслолд Кувейтийн талаас Засгийн газрын бүх гишүүн нь оролцсон бол манай талаас айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Г.Баярсайхан, Гадаад хэргийн дэд сайд Б.Болор, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Сайраан нарын албан ёсны төлөөлөгчид байлцлаа

  • Сайд нарт анхааруулах арга хэмжээ авлаа

    Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн, мөн 2011 оны эхний хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн сахилга хариуцлагын тухай болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандсан Ерөнхий сайдын албан даалгаврын талаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2011 оны улсын төсөвтэй холбоотой асуудал хэлэлцэхэд 1 цаг 30 минут хоцорсон Сангийн сайд С.Баярцогт, Улсын Их Хурал, Байнгын хороо болон дэд хороонд шаардлагатай судалгаа, мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөөгүй Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаас анхааруулах арга хэмжээ авлаа.  

     Цаашид Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудал хэлэлцэхэд хариуцлагатай оролцож, Улсын Их Хурал, Байнгын хороо болон дэд хороонд шаардлагатай судалгаа, мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд хугацаанд нь гаргаж өгөх, хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэх болон гишүүдийн асуулт, асуулгын хариу хэлэлцэх үед өөрийн биеэр оролцож байхыг Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын гишүүдэд даалгав.

     Мөн Засгийн газрын өнөөдрийн буюу шинэ оны эхний хуралдаанаас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандсан Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа. Албан даалгавраар орон нутагт төрийн хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засаг дарга нар хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд аливаа асуудлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, түүний явц, үр дүнд тавих хяналтаа сайжруулан, хүлээлгэх хариуцлагыг чангатгаж ажиллахыг үүрэг болгов.

    Түүнчлэн худалдан авах ажиллагааны бүх тендерийг 2011 оны 2 дугаар сарын 1-ний дотор улсын хэмжээнд зарлаж, 4 дүгээр сарын 1-ний дотор дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажлаа эхлүүлсэн байхыг Засаг дарга нарт даалгалаа. Төсвийн хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, гэрээнд заасан хүлээх үүрэг, хариуцлагыг маш тодорхой биелүүлэхийг Засаг дарга нарт даалгасан байна.

    Мөн Ерөнхий сайдын албан даалгаварт Аймаг, нийслэлийн Засаг дарга нар эрх шилжсэн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний тайлан, гүйцэтгэлийн тайлан мэдээг холбогдох журам, маягтын дагуу бэлтгэж улирал бүрийн 3-ны дотор төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлэх, албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгов

  • 2010 оны онцлох хүнээр Ерөнхий сайд С.Батболдыг нэрлэжээ

    2010 оны онцлох хүнээр Ерөнхий сайд С.Батболдыг нэрлэжээ “News” агентлаг, “Ардын эрх” сонин 2010 оны онцлох хүнээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, МАН-ын дарга Сүхбаатарын Батболдыг нэрлэсэн байна. Түүний удирдсан Засгийн газар Монголд уул уурхайн хоёр дахь том төслийг хэрэгжүүлэхээр Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах шийдвэрийг УИХ-аар батлуулсан. Уг ордын нийт нөөцөөс Монгол Улсын бүх иргэдийн нэр дээр хувьцаа болгон эзэмшүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдэд арилжаалах болон олон улсын бирж дээр нээлттэй хувьцаа гаргах замаар хөрөнгө босгох шийдвэрийг батлуулсан. Энэ хэрээрээ ч хамгийн их шүүмжлэл дагуулж, сайн муу  үг дуулж яваа хүн бол Ерөнхий сайд С.Батболд гэж тус сонины тоймч бичжээ.

    Мөн “Монголчууд олон Ерөнхий сайдын нүүр үзсэн ч Засгийн газрыг тэргүүлж асан тэдгээр нөхдийн дотор С.Батболд шиг баялаг бүтээх салбар, бодит секторт ажиллаж байсан нь үгүй. Бүгд улстөрчид байв гэж дүгнээд Монголын 2,7 сая хүний хоолтой хоолгүй, ажилтай ажилгүй явах нь Ерөнхий сайд, түүний тэргүүлсэн Засгийн газраас ихээхэн шалтгаалдаг. Тиймээс ч түүний бизнесийн салбарт олсон амжилт нь улс орны эдийн засгийг сайжруулахад нөлөөгөө үзүүлнэ гэж монголчууд найдаж байна. Цаг хугацаа түүний ард биш, өмнө байна” гэж бичжээ.

    90 жилийн түүхтэй МАХН нэр болоод имижээ энэ л хүний үед сольж,  хувьсгалт үзэл суртлаасаа татгалзан орчин үеийн улс төрийн нам болох зохион байгуулалтад орж эхэллээ гэсэн байна. “News” агентлаг, “Ардын эрх”  сонин хамтран 2004 оноос Оны онцлох хүнийг нэрлэж  иржээ.