Ангилал: мэдээ

  • Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ

    Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын тус улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. Ерөнхий сайд С.Батболдыг Москва хотын “Внукова” олон улсын нисэх онгоцны буудалд буухад хүндэт харуул жагсаж, хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэлээ.

    Ерөнхий сайдыг ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд А.Н.Бородавкин, ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко болон албаны бусад хүн угтлаа. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболдод энэ өдөр ОХУ-ын Тээврийн сайд, Худалдаа-Эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга И.Е.Левитин бараалхсанаар албан уулзалт эхэллээ. Энэхүү уулзалт “Президент” зочид буудалд боллоо.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр өөрийн төгссөн сургууль болох Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд лекц унших бөгөөд энэ үеэр тус сургуулийн захирал А.В.Торкунов Ерөнхий сайд С.Батболдод сургуулийнхаа хүндэт докторын цолны диплом гардуулна. Энэхүү ёслолын дараа Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд ОХУ-д ажиллаж, сурч буй монгол иргэд, оюутан залуучуудтай Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд уулзана.

    Харин үдээс хойш нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзаж, Монгол Оросын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцох юм. Энэ уулзалтын үеэр зарим компанийн хооронд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын гарын үсэг зурах ёслол болно

  • Хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ 907 сая ам.долларт хүрчээ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар 2010 оны 12 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсоор айлчилна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин, ОХУ-ын холбооны хурлын зөвлөлийн дарга С.M.Миранов, Төрийн Думын дарга Нэгдсэн Орос намын дээд зөвлөлийн дарга Б.В,Грызлов болон Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга И.Е.Левитин зэрэг өндөр албан тушаалтнуудтай уулзана.

     Энэ үеэр ОХУ-ын өмнө Монгол улсын хүлээх санхүүгийн  үүргийг зохицуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Дорнод-Уран хамтарсан үйлдвэр байгуулах зарчмын нөхцлийн тухай хэлэлцээр, Цэргийн хамтын ажиллагааны үр дүнд буй болсон оюуны өмчийг хамтран хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны 2012 оны төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.

    Мөн Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан Тунхаглалын үзэл санааны дагуу хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа худалдаа эдийн засгийн салбарт эрчимжиж энэ оны эхний хагас жилийн байдлаар хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ 907 сая ам.долларт хүрчээ. Энэхүү албан ёсны айлчлал нь Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцаа, бүх талын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм

  • Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч нутаг буцлаа

    Манай улсад ажиллах хугацаа нь дуусч бүрмөсөн нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын захирал Адриан Рутенбергийг хүлээн авч уулзав. Азийн хөгжлийн банк манай улсыг зах зээлийн харилцаанд шилжсэн цагаас эхлэн тууштай дэмжиж, олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүнд  Суурин төлөөлөгчийн газрын захирлын оруулсан хувь нэмэр их гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

    Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтарч боловсрол, хөдөө аж ахуй, хүний хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж үр дүнд хүрч байна. Эдийн засгийн өсөлтийг иргэддээ ашигтайгаар хүртээхийг зорьж байгаа энэ үед Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах нь чухал байна гэж тэрээр хэлэв.

    Манай улсад ажиллах 4 жил гаруй хугацаандаа олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, монголчуудын сайн сайхны төлөө багагүй зүйл хийсэн гэдэгт найдаж байгаагаа суурин төлөөлөгч Адриан Рутенберг илэрхийлээд Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.

    Азийн хөгжлийн банк манай улсад хэрэгжүүлж байгаа тээвэр, хөдөөгийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн салбар дахь хөтөлбөрөө үргэлжлүүлнэ. Хэдийгээр бүрмөсөн нутаг буцаж байгаа ч Монгол Улсын хөгжлийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийх болно гэж суурин төлөөлөгч Адриан Рутенберг хэллээ.

    Азийн хөгжлийн банк 1991 оноос хойш манай улсад 36 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд 700 гаруй сая ам долларын зээл, 300 орчим сая ам долларын буцалтгүй тусламж үзүүлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • БНСУ-ын Хөгжлийн банк хамтран ажиллах хүсэлтэй байна

    БНСУ-ын Хөгжлийн банк хамтран ажиллах хүсэлтэй байнаМанай улсад Хөгжлийн банкийг амжилттай байгуулах чиглэлээр БНСУ-ын Хөгжлийн банк хамтран ажиллахад бэлэн байна. Хөрөнгө, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгийн хуримтлал бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах зэрэг туршлагаасаа хуваалцаж, энэ салбарт ажиллах  мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэх талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод тус улсын Хөгжлийн банк санхүүгийн группын дарга бөгөөд гүйцэтгэх захирал И.С.Мин тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бараалхахдаа дуулгалаа.

     Монгол Улс уул уурхайн салбараа түшиглэн эдийн засгаа хөгжүүлэхийг чармайж байна. Их хөгжлийн загвараа зөв тодорхойлж, улмаар амжилтад хүрсэн улс орны нэг нь БНСУ. Манай Засгийн газар хөрөнгө, санхүүгийн зах зээлээ хөгжүүлэх, Хөгжлийн банк байгуулах, өрсөлдөх чадвартай болохоор зорьж байгаа энэ үед  БНСУ-ын Хөгжлийн  банкны туршлага сонирхол татаж байна. Цаашид  хамтран ажиллах чиглэлээр бэлтгэж, сонгон шалгаруулалтад оролцохыг зөвлөе гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв.

     БНСУ-ын Хөгжлийн банк 1954 онд байгуулагдсан. 1960-1970 онд дэд бүтцийн, 1970-аад оноос аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулж байсан бол сүүлийн жилүүдэд өндөр технологи, гадаадад хөрөнгө оруулах чиглэлээр түлхүү анхаарч байна

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д айлчилна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар 2010 оны 12 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсоор айлчилна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинтэй яриа хэлэлцээ хийж, бусад удирдах хүмүүстэй уулзан, Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан Тунхаглалын үзэл санааны дагуу хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

    Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож, Москва хотноо ажиллаж, амьдарч, сурч байгаа нутаг нэгтнүүдтэйгээ уулзахаар төлөвлөсөн байна. Ерөнхий сайдын энэ айлчлал хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх, Оросын удирдагчидтай тогтоосон нөхөрсөг харилцааг бататгах, стратегийн түншлэлийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар урагшлуулах зорилготой юм

  • Залхуурахгүй, худлаа ярихгүй байх нь хамгийн чухал

    Залхуурахгүй, худлаа ярихгүй байх нь хамгийн чухал “Ерөнхий сайд танаас хүн болгон ямар нэг зүйл хүсдэг байх.  Харин танд биднээс хүсэх зүйл байна уу” гэж “Монгол омогшил” реалити нэвтрүүлгийн  нэгэн оролцогч өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос асуулаа. Засгийн газрын тэргүүн залуугийн асуултад хариулахдаа залуучууд та нараасаа хоёрхон зүйл хүсье. Битгий залхуураарай. Хүн болгон залхуу байдалтай тэмцэх учиртай. Мөн залхуурлын ногдол ашиг нь ядуурал байдаг гэдгийг манай ахмад үеийнхэн хэлдэг гэлээ. Нөгөө нэг хүсэх зүйл нь худлаа хэлэхгүй, бодит байдлаа бодит мэдээлэлтэй ярьдаг байгаасай гэж хувь хүний хувьд бодож явдаг тухайгаа Монгол омогшлоор овоглосон залуустай уулзахдаа зөвлөлөө. Хариултын төгсгөлд тэрбээр залхуурахгүй, худлаа хэлэхгүй байвал манай улс хөгжинө өө. Энэ хоёр зүйлийг нийгэмд хэвшил болгоход залуус та бүхэн туслаарай гэлээ.

    Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, “Шинэ хөгжил” хүрээлэн, “G intertainment” студи, UBS телевиз хамтран зохион байгуулж байгаа Илтгэх урлагийн үндэсний уралдааны ялагчийг тодруулах “Монгол омогшил” реалити шоу үзэгчдэд хүрээд сар гаруйн хугацаа болж байна. Анхлан 500 гаруй залуус оролцсон энэхүү шоу нэвтрүүлэгт 30 оролцогч шалгарч үлдээд байгаа юм байна.

    Ерөнхий сайдтай уулзсан эдгээр залуус Засгийн газрын тэргүүнээс боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого болон цаг үеийн олон асуулад хариулт авсан. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд чухам юугаар омогшиж явдаг талаар ч асууж сонирхлоо. Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл  бүхий нэвтрүүлэг энэ сарын 19-ний ням гаригт UBS телевизээр гарах юм байна

  • Оюутолгойн төсөл монголын ард түмэнд ашигтай байгаа гэдгийг Засгийн газар нотоллоо

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Оюутолгой төслийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Учир нь өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайд С.Баярцогт болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар  Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрийн үр дүнг  танилцуулсан юм.

    Ерөнхий сайд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлэхдээ гэрээнд заасан  монголын талын 34 хувь буурсан зүйл огт байхгүй , хэвээр байгаа гэдгийг хатуу хэллээ.  Мөн түүнчлэн Засгийн газрын тэргүүн хэлэхдээ “ Оюутолгойг хөдөлгөх ёстой гэдэг дээр хүн бүр санал нэг байгаа. Харин ингэхдээ Монгол улсад, Монголын ард түмэнд ашигтай байх зарчмыг бид хатуу барих ёстой.

    Энэ үүднээс Оюутолгойн зарим заалтыг эргэж харья, алдаа байвал цаг алдалгүй засч залруулъя гэсэн байр суурь дээр  Ерөнхий сайдын хувьд  би хатуу зогсч байгаа. Тиймээс гэрээг монгол улсдаа илүү ашигтай байдлаар өөрчлөх талаар хөрөнгө  оруулагчидтай ажиллаж, тохиролцох үүрэг даалгаврыг энэ оны гуравдугаар сараас өгсөн.

    Бүр тодруулбал 2010 оны 8 дугаар сард болсон Хувь нийлүүлэгчдийн хурлаар санхүүжилтийн хүүг бууруулах арга хэлбэр, хувилбарыг судалж Төлөөлөн удирдах зөвлөлийн 12 дугаар сарын хурлаар Монголын талд танилцуулахыг хөрөнгө оруулагч талд хурлын тогтоолоор үүрэг болгосон” гэдгийг тэмдэглэсэн юм.

    Мөн хуралдааны төгсгөлд Монгол улсын ерөнхий сайд С.Батболд “Хөрөнгө оруулагч талтай хийсэн яриа хэлэлцээний үр дүнд Оюу толгойн төслийн санхүүжилтийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулах, давуу эрхийн хувьцааны гэрээнд тусгагдсан асуудлыг өөрчлөх, хөрөнгө оруулагч талууд өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа захиран зарцуулахдаа МУ-ын Засгийн газраас зөвшөөрөл авахаар болсон “ гэдгийг онцоллоо.

    Түүнчлэн үүнтэй уялдуулан холбогдох санамж бичиг, гэрээний нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурах эрхийг холбогдох сайд нарт өгсөн гэдгийг тэмдэглэсэн юм. Эдгээр нөхцөлөөр хувь нийлүүлэгчдийн гэрээг шинэчлэх ажил энэ оны эцэс хүртэл хийгдэх болно. Ямарч байсан Монгол улсын Ерөнхий сайдын хувьд би Оюутолгой төсөл Монголын ард түмэнд , Монгол улсад ашигтай байх тал дээр цаашид ч хатуу анхаарч ажиллах болно гэдгийг дахин  тэмдэглэлээ.

    Энэхүү яриа хэлэлцээний үр дүнд төслийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээг АНУ-ын инфляци нэмэх нь 9.90 хувиас Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBORнэмэх нь 6,50 хувь хүртэл бууруулахаар харилцан тохиролцоод байна. Өнөөдрийн байдлаар энэ нь 12 орчим хувиас 6.8 хувь болтол буурга гэсэн үг юм. Энэ нь олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн газрын болон төрийн өмчит оролцоот аж ахуйн нэгжүүдэд олгодог санхүүжилтын урт хугацааны зээлийн хувь хэмжээтэй дүйцэхүйц Монголын талд илүү үр өгөөжтэй хэлцэл болсон гэдгийг Сангийн сайд дурдлаа

  • Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн мотор аслаа

    Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн мотор аслаа “Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн мотор асч, хүчээ авч эхэллээ. Тас цавчих арга хэмжээний эхний  сайн үйлдлүүд гарлаа ” гэх энэ дүгнэлтийг төрийн албан тушаалтнууд биш Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болоод Ажил олгогч эздийн нэгдсэн холбооныхон  гаргалаа. Өнөөдөр төрийн ордонд болсон “ Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий зөвлөлийн гуравдугаар хуралдааны үеэр ийм дүгнэлт хийлээ.

    Тус хуралдааныг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд даргалсан бөгөөд  энэ ажлыг эхлүүлснээр бизнесийн орчин  шууд сайн болчихгүй зөвхөн суурь тавигдаж байгааг , бас он дууссанаар энэ ажил дуусахгүй цааш үргэлжилнэ   гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр хэлсэн үгэндээ бизнесийн шинэтгэлийн жилийн хүрээнд бизнесийн орчинг  сайжруулах, төрийн үйлчилгээг ил тод ойлгомжтой болгон хөнгөвчлөх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарсныг зарим тоо баримтаар дурьдлаа.

    Тухайлбал, хот байгуулалтын мэргэжлийн зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулснаар 10 гарын үсэг хоёр болсон бол, барилгын бизнес эрхлэхэд шаардагддаг зөвшөөрлийн гарын үсэг 16 байснаа зургаа болж цөөрснийг , мэргэжлийн хяналтын байцаагч нарын гарын үсэг наймаас дөрөвт хүрснийг энд онцлов. Түүнчлэн  бизнес эрхлэгчдийн өдөр тутам харьцдаг гааль, мэргэжлийн хяналт, татвар, бүртгэлийн үйлчилгээ нэг цэгийн үйлчилгээнд шилжиж, цаашид энэ ондоо багтаан тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөлөх чиглэлээр тодорхой алхам хийгдэх болно гэдгийг тэмдэглэлээ. 

    Хуралдаан дээр Үндэсний хөгжил шинэтгэлийн хороон дарга Ч. Хашчулуун  энэ чиглэлээр тодорхой  ажлууд хийгдэж байгааг мөн хэллээ.  Харин энэ ажлын хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч , шадар сайд М.Энхболд хийсэн мэдээлэлдээ  нийт 11 яам , 25 агентлагаас ирүүлсэн 337 зөвшөөрлийн жагсаалт гаргасныг дуулгаад, үүнээс 107 зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар санал боловсруулаад байгааг тэмдэглэж байлаа. 

    Өөрөөр хэлбэл эдгээр зөвшөөрлийн 35.6 хувь нь  Засгийн газар,яам,засгийн газрын агентлагаас олгож байгаа зөвшөөрөл бөгөөд эдгээрийн гуравны нэгээс илүү хувийг хүчингүй болгож байгаа гэсэн үг юм.  Төрөөс олгож байгаа зөвшөөрлийн тоог бууруулах, хүнд суртлыг багасгах бас нэг арга нь зөвшөөрөл олгох эрхийг төрийн бус байгууллагад шилжүүлэх явдал гэж ажлын хэсэг үзэж буйгаа ч энд тэмдэглэж байсан. Барилга барихын тулд 114-120 албан тушаалтны гарын үсэг, зөвшөөрлийг авч, энэ ажилд дунжаар 480 гаруй хоног зарцуулдаг гэх судалгаа байдаг бөгөөд, гарын үсгийг  56 болгож, хоногийн тоог 182 хоног болгож бууруулах бололцоо бийг ч шадар сайд дурьдаж байсан. Мөн эдгээр ажлыг хийхэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль гэх мэт 20 гаруй хуульд өөрчлөлт оруулах болж байгааг ч тэмдэглэж байсан юм.

    Харин Ажил олгогч эздийн холбооны Ерөнхийлөгч Жанцан гуайн дурьдсанаар энэ ажил цаашид үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, төрийн албаныхны хатуу чих, хүнд суртал зөөлөрч, бизнесийнхний үгийг сонсдог болсон нь  2010 оны хувьд хамгийн том амжилт гэдгийг тэмдэглэсэн юм. Эцэст нь Ерөнхий сайд эдгээр мэдээллийг сонссоны дараа  “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хариуцаж байгаа салбарын хэмжээнд эрчимжүүлж,  холбогдох хууль тогтоомж,  хуулийн нэмэлт өөрчлөлт, бодлого хөтөлбөрийг 12 дугаар  сарын 20-ны дотор  багтаан засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

    Мөн “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд бизнесийн шинэтгэлтэй холбоотой шинээр боловсруулж байгаа болон нэмэлт  өөрчлөлт  оруулах хуулийн тогтоолын төслийг 2010 оны УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг хуралдааны төгсгөлд тэмдэглэж, үүрэг болголоо

  • Ерөнхий сайд TWITTER-ээр ард иргэдтэйгээ харилцана

    Ерөнхий сайд TWITTER-ээр ард иргэдтэйгээ харилцана Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өөрийн TWITTER акаунтаа нээж, иргэдтэйгээ харилцах нэгэн боломж  нээгдлээ. Шилдэг блогчдыг шалгаруулах  ёслолын ажиллагааны үеэр уг үйл явдал болсон юм. Залуучуудаас  олон сайхан  санал  TWITTER-ээр ирнэ  гэдэгт итгэлтэй байгаагаа  Ерөнхий сайд энэ үеэр  тэмдэглэж, ажил хэрэгч бүтээлч  санаачилгыг боловсруулан төр засгийн бодлогодоо тусгах  боломжтой гэдгийг  тэмдэглэж байв. Түүний TWITTER нээгдэнгүүт  асуулт олноороо ирсэн бөгөөд цаг зав гаргаж байгаад эдгээрт өөрийн биеэр хариулахаа  амаллаа.

    Нийгмийн идэвхтэй хэсэг болсон мэдлэг боловсролтой, ажил хэрэгч хүмүүс интернэтийг өргөнөөр ашиглаж, блогоор дамжуулан өөрсдийн үзэл бодол, мэдээ мэдээлэл,санал бодлоо солилцож байна. Хөгжлийн үе шат, орон зай, газар нутаг,цаг хугацаанаас үл хамаарсан энэ идэвхтэй  нийгмийн харилцааг иргэн хүнийхээ хувьд ч, Засгийн газрын тэргүүний хувьд дэмжиж явдгаа ёслолын ажиллагааны үеэр  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд, иргэдтэйгээ ойрхон байх бас нэг бололцоог нээж өглөө гэдгийг дурдаж байлаа.

    Мэдлэгээр баялгийг бүтээх нийгмийн харилцааны хэлбэр гэж  зохион байгуулагчид  блогийг тодорхойлсон бөгөөд  энэ утгаараа хувь хүний вэб мэдээлэл интернэтийн орчин дахь хамгийн идэвхтэй харилцааны нэг болж чаджээ. Өнөөдрийн байдлаар монголд  400  мянга орчим  блогчид байдаг юм байна. Ёслолын  ажиллагаанд соушл нетворкийн гол төлөөлөл болсон нийгэм, улс төр болоод мэдээлэл технологийн мэргэжилтнүүд,монголын шилдэг зуу гаруй блогч урилгаар оролцож, санал бодлоо хуваалцлаа

  • ТОП-10 улс төрчийн жагсаалтыг С.Батболд тэргүүлж, С.Баяр удааллаа

    Сант Марал сангийн дэргэдэх судалгааны төвөөс монголын улс төрд орон зайгаа эзэлсэн ТОП- 10 улс төрчийн рейтингийг тодорхойлох судалгааг хийсэн байна. Судалгааг Улаанбаатар хотод явуулж, шилдэг улс төрчдийг тодруулжээ. Ингэхдээ энэ оны дөрөвдүгээр сарын байдлаарх үзүүлэлттэй харьцуулан дүнг гаргасан байна. Улаанбаатар хотод хийсэн судалгаанд оролцогчдын 18 хувь нь Ерөнхий сайд С.Батболдыг нэрлэж, тэрбээр рейтингээрээ нэгдүгээрт бичигдсэн бол, Ерөнхий сайд асан С.Баяр удаалж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравдугаарт оржээ.

    Түүнчлэн Н.Энхбаяр, С.Оюун, Н.Багабанди, З.Алтай, Б.Жаргалсайхан, Х.Тэмүүжин, Л.Гүндалай нарын улс төрчид Улаанбаатар хотод явуулсан судалгааны үр дүнгээр ТОП-10 улс төрчдөөр тодроод байна.