Ангилал: мэдээ

  • “Монголын үнэн” сонины 90 жилийн ойн арга хэмжээнд Ерөнхий сайд оролцлоо

    “Монголын үнэн” сонины 90 жилийн ойн арга хэмжээнд Ерөнхий сайд оролцлоо “Монголын үнэн” сонин өнөөдөр 90 нас хүрлээ. Намаасаа ч , ардын хувьсгалаас  ч ах тус сонины 90 жилийн ойн баярын хурал өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт болж, ёслолын ажиллагаанд  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцсон юм. Мөн хүндэт зочноор УИХ-ын дарга ч уригдсан байлаа. “ Монголын үнэн” сонинд ажиллаж байсан  үе үеийн төлөөллийн сэтгүүлчид, ажилчид мөн уншигчид нь баярын хурлын зочдын эгнээг тэлжээ.

     Монгол улсын Ерөнхий сайд зочдод хандан хэлсэн үгэндээ  “Элдэв хүндрэл бэрхшээлийг нэр төртэйгөөр даван туулж чаддаг, намаасаа хэдэн насаар ах тус сонин монгол түмнийхээ оюуны эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахын төлөө зүтгэж ирлээ. Тус сонины 90 жилийн ой бол чухамдаа монголын тогтмол хэвлэлийн, монголын оюун санааны , монголын ард түмний 90 жилийн түүх юм гэдгийг бид бахархалтайгаар хэлэх учиртай.

    Уугуул нэрээ сэргээн авсан “Монголын үнэн” сонины анхны дугаар өнөөдөр, яг 90 жилийн дараа төрсөн сар, өдөртөө таарч хэвлэгдэв. 1920 оны 11 дүгээр сарын 10-нд хэвлэгдсэн “Монголын үнэн” сонин анхны дугаараа “ Ард олны эрх чөлөө дэлхий дахинаа наран мэт бадраг, Монгол улсын язгуур үндэс эрдэм соёл нь дэлгэрэн мандах болтугай” гэж уриалсан уриаг одоо ч манай  намын төв хэвлэл баримтлах учиртай билээ. Манай сонин нийтлэлийн тэнцвэртэй байдлыг цаашид ч хангах бодлого барих хэрэгтэй.

    “ Хэцүүг ч гэсэн хийж бүтээхээ зорьё”гэсэн уриаг би их хуралдаа дэвшүүлсэн билээ. Монгол хүн бүр эрүүл, соёлтой, чинээлэг амьдралтай, боловсролтой, түвшин суртахуунтай, эх оронч иргэн болж төлөвшихөд “ Монголын үнэн” сонин бүх л боломжоо дайчлах учиртай “ хэмээн хэллээ. Ёслолын ажиллагаанд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл,Өдөр тутмын сонинуудын холбоо, Сонинуудын холбооны төлөөлөгчид хүрэлцэн ирж баяр хүргэсэн бөгөөд тус сонины  ойд зориулсан эссе бичлэгийн уралдаанд түрүүлсэн оюутан сурагчдын шагналыг энэ үеэр гардууллаа

  • Батлан хамгаалахын салбар дахь харилцаагаа өргөжүүлнэ

    Батлан хамгаалахын салбар дахь харилцаагаа өргөжүүлнэМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Карл Теодор Фрайхер цу Гуттенберг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоёр орны хооронд тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцаа, түүний дотор батлан хамгаалахын салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт эрчимтэй хөгжиж байна. Манай улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн цагаас эхлэн туслаж, дэмжиж ирсэн ХБНГУ нь Европ дахь бидний түнш орон гэж Ерөнхий сайд тэмдэглэв.

     Хоёр тал цэргийн шинэчлэл, эмнэлэг, боловсон хүчин сургах зэрэг чиглэлээр хамтарч байгааг тэрээр хэлээд цаашид хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахад анхаарахыг ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдаас хүслээ. Мөн ирэх жил тохиох Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн арга хэмжээнд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийг урьж байгааг уламжлахыг хүсэв.

    Германы цэргүүд монголын дайчидтай Афганистан Улсад мөр зэрэгцэн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, эр зоригийг их үнэлж байна гэж ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд хэллээ. Цаашид хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө зүтгэх  болно гэлээ

  • Монгол Улс хорт хавдрыг эмчлэх загвар орон болно

    Монгол Улс хорт хавдрыг эмчлэх загвар орон болно Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Юкия Аманог хүлээн авч уулзлаа.
    Манай улс тус агентлагтай хамтран ажиллах хөтөлбөрт өнгөрсөн оны 12 дугаар сард гарын үсэг зурсан. Хөтөлбөрийн хүрээнд атомын энерги, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газар тусгайлан анхаарч байгаа гэдгээ Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

    Мөн Олон улсын атомын энергийн агентлаг хорт хавдрыг эмчлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтын загвар орноор Монголыг сонгосонд талархаж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийлээд ирэх 4-5 жилд энэхүү чухал зорилтыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.Уулзалтын үеэр малын гоц халдварт шүлхийн вакцин болоод уг өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал мөн хөндөгдлөө.

    Манай улсад шүлхийн вакцин нийлүүлэх, уг өвчнийг оношлох лаборатори байгуулахад туслалцаа үзүүлэхийг Олон улсын атомын энергийн агентлагаас Ерөнхий сайд хүссэн юм.Ноён Юкия Амано Монгол Улс Олон улсын атомын энергийн агентлаг хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад талархал илэрхийлээд малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд анхаарна. Лаборатори байгуулахад техникийн тусламж үзүүлэх боломжтой гэдгээ уулзалтын үеэр онцоллоо.

    Атомын станц байгуулахад техник эдийн засгийн үндэслэл боловсруулах шинжээчдийн баг ирүүлэхээ тэрбээр мэдэгдлээ.  Мөн цөмийн  энергийн салбарыг хөгжүүлэхэд эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь чухал гээд Монгол Улс нь энэ асуудлаарх олон талт гэрээнд нэгдэхийг ноён Юкия Амано уриаллаа. Тэрбээр хорт хавдартай тэмцэх үзүүлэлтээр Монгол Улс Азидаа үлгэр болж байгааг онцлоод амжилт хүслээ

  • Говь-Алтай аймгийн засаг дарга батламжаа авлаа

    Говь-Алтай аймгийн засаг дарга батламжаа авлаа Тус аймгийн Засаг даргаар өнгөрсөн есдүгээр сард томилогдсон ,залуухан шинэ дарга   Ш.Амгаланбаяр Монгол улсын Ерөнхий сайдаас өнөөдөр батламжаа гардан авлаа. Ерөнхий сайд түүнд  хариуцлагатай албанд  томилогдсонд нь баяр хүргээд, тус аймгийн дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлж ажиллахыг зөвлөлөө. Түүнчлэн Алтай нутгийн зарим иргэд алтны ордын илэрцийг гар аргаар ашиглах хүсэлтийг орон нутгийн удирдлагад удаа дараа тавьсан ч түүнийг нааштай шийдвэрлэж өгөхгүй алтны хайгуулын лизенцийг хууль бусаар хотын компанид олгуулахыг дэмжсэн гэх гомдол Засгийн газарт ирсээр байна. Засгийн газраас гар аргаар алт олборлох түр журам гарсныг биелүүлж, иргэдийн хүсэлтийг боломжийн хэмжээнд хангаж ажиллахыг зөвлөөд  Бургастайн хилийн боомтыг иж бүрэн стандартын түвшинд хүргэх үүргийг ч өгөөд амжсан юм.

    Ш.Амгаланбаяр нь 1965 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. 1982-1987 онд ЗХУ-ын (хуучнаар) Калининград хотын Цэргийн инженерийн дээд сургуулийг цахилгаан хангамжийн инженер мэргэжлээр төгсчээ. 2009 онд ШУТИС-ийг цахилгаан хангамжийн магистр, 2008-2010 онд Удирдлагын академид төрийн удирдлагын магистрийг тус тус хамгаалсан байна.

    Энэтхэгийн Дели хотноо мэргэжлийн сургуульд хот байгуулалт, дэд бүтцийн төлөвлөлтийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Ардын армийн 199 дүгээр ангид багш, салаан захирагч, Улаанбаатар хотын ДШСГ-т инженер, хөргүүлийн комбинатад автоматик инженер, МИАТ компанид цахилгааны инженер зэрэг ажлуудыг хийж байсан. Түүнчлэн Улаанбаатар хотын  Захирагчийн ажлын албанд ерөнхий инженер , 2009 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн хот байгуулалтын асуудал хариуцсан зөвлөх зэрэг ажлуудыг хийж байсан байна.

  • Ураны салбарт хамтран ажиллах талаар ярилцав

    Ураны салбарт хамтран ажиллах талаар ярилцавМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын “РосАтом” корпорацийн  ерөнхийлөгч С.В.Кириенког хүлээн авч уулзан ураны салбарт хамтран ажиллах талаар ярилцав.

    Энэ салбарт хамтарсан компани байгуулж цаг алдалгүй ажилд нь оруулах нь чухал гэдэгт талууд санал нэгдэв

  • Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

    Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэвНийслэл хот үүсэн байгуулагдсаны 371 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Шадар сайд М.Энхболд, НИТХ-ийн дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

    Мөн УИХ-ын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлага, Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, ард иргэдийн төлөөлөл хүндэтгэл үзүүллээ.

    Өндөр гэгээн Занабазар 1639 онд Өвөрхангай аймгийн Ширээ цагаан нуурт Номын өргөөгөө байгуулсан нь өнөөгийн Нийслэл Улаанбаатар хотын суурь болсон юм

  • Монголчууд Тусгаар тогтнолын талбайтай боллоо

    Монголчууд Тусгаар тогтнолын талбайтай боллоо 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын жагсаал цуглаан одоогийн Чандмань төвийн өмнөх талбайд өрнөж байжээ. 1921 оны долдугаар сард Д.Сүхбаатарын журамт цэргүүд,  Зөвлөлтийн улаан армийнхан мөн л энэ талбайд цуглан нэгдээд одоогийн Сүхбаатарын талбай руу хөдөлж асан түүхийг энэ өдөр хүмүүс дурслаа. Тиймээс Ялалтын хэмээн тодотгодог байж. 1990 оны Ардчилсан хувьсгалын жилүүдэд Ялалтын талбай хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилсан үзэл санааны индэр болж байсныг олон хүн мэднэ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч түүхэн цаг хугацааны талбар болсон, нийслэлийн төв хэсэгт орших энэхүү талбайг Тусгаар тогтнолын талбай гэж нэрлэхээр өнгөрсөн хавар тогтжээ.

    Талбайн тохилжилтын эхний шатны ажлууд дуусаж өчигдөр нээлтийн ажиллагаа нь боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох үеэрээ хамгийн ариун нандин түүх, үйл явдлаа бэлгэдэж, хүндэтгэсэн тусгаар тогтнол, эрх чөлөөний хөшөө, талбай аливаа улс орны нийслэлд байдгийг тусгаар тогтносон улс орнуудын иргэд илүүтэй мэднэ. Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөө, хөдөлгөөн тэмцлийн индэр болж ирсэн түүхт талбайгаа ийм сайхан хүндэтгэлтэй нэрээр нэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.

    Мөн ирэх жил Тусгаар тогтнолын 100, Ардын хувсгалын 90 жилийн ой тохионо. Бүтээлч ажлаар түүхэн ойд томоохон бэлэг барьж угтах болсонд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотгоод улам сайхан тохижуулахыг нийслэл болоод Чингэлтэй дүүргийн удирдлагуудад хүслээ. 6400 ам дөрвөлжин энэ талбайг тохижуулах эхний шатанд хуучин хавтанг нь бүрэн шинэчилж, орчин үеийн шийдэл бүхий усан оргилуур, цэцгийн мандал, гэрэлтүүлэг чимэглэл хийж байгаа бөгөөд нийслэл, дүүргийн 970 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн шинэчлэн тохижуулж байна. Хоёрдугаар шатны ажлаар талбайн төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө үе үеийн түүхэн тэмцэгчдэд зориулсан дурсгалын гэрэлт хөшөө цогцолбор бүтээн босгохоор төлөвлөжээ.

    Тусгаар тогтнолын бэлгэдэл энэ талбай монголчуудын улс үндэстнээрээ бахархах, хойч үедээ эх оронч үзлийг төлөвшүүлэх, хүний эрх эрх чөлөөг дээдлэх, үзэл бодлын чөлөөт индэр болох төдийгүй иргэдийн амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх, урлаг соёлын төрөл бүрийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан, хүн зон бужигнасан талбай байгаасай гэж хүсэж байгаагаа нээлтийн ажиллагаанд оролцсон нийслэл, дүүргийн удирдлагууд, тэнд цугласан иргэд хүсэж байлаа

  • Ерөнхий сайдтай Оросын төмөр замын төлөөлөгчид уулзлаа

    Ерөнхий сайдтай Оросын төмөр замын төлөөлөгчид уулзлаа Монгол улсын ерөнхий сайд С.Батболд  “ Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.М.Якунин  тэргүүтэй  төлөөлөгчдийг 2010 оны аравдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа. Улаанбаатар төмөр замын ерөнхий хорооны хурал нийслэл хотноо хуралдаж байгаа энэ үед тэд Ерөнхий сайдтай ийн уулзав.  Засгийн газрын тэргүүн Улаанбаатар төмөр замыг  техник технологийн хувьд шинэчлэх, олон улсын түвшинд хүргэхийн чухлыг энэ уулзалтын үеэр тэмдэглэж байлаа.

    Түүнчлэн  “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.М.Якунины гүйцэтгэж байгаа үүргийг ч мөн үнэлж буйгаа илэрхийлсэн юм. Техник технологийн шинэчлэл болон төмөр зам дагасан дэд бүтэцтэй холбоотой ажлуудыг  яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна гэдгийг  ч тэмдэглэлээ. Ерөнхий сайд С.Батболд ирэх 12 дугаар сард ОХУ-д айлчлах  үеэрээ ч эдгээр асуудлын талаар тодорхой ярих болно гэдгийг нэмж дурдав.

    Засгийн газар УИХ-ын түвшинд шийдэх олон асуудал бий. Үүнийг шийдэхийн төлөө Засгийн газар эрчимтэй ажиллаж байгааг эрхэм зочдод дуулгалаа. Төлөөлөгчдийн тэргүүн В.М.Якунин Монгол улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн асуудалд мөн анхаарлаа хандуулж байгаагаа тэмдэглэв. Монгол улсын төмөр замаар нүүрс тээвэрлэлт ихсэж байгаатай холбогдуулан энэ асуудал тэдний анхаарлын төвд орж байгааг дурдаад, өнөөдрийн байдлаар 50 гаруй зүтгүүрийн ажил эхлээд байгааг хэллээ.  Мөн Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын сонгуульд хувийн сонирхол ороогүй гэдгээ ч Монгол улсын ерөнхий сайдад энэ үеэр дуулгаад амжлаа

  • С.Батболд: Төсвийн төвлөрлийг задалж, орон нутагт захиран зарцуулах эрхийг нь шилжүүлнэ

    МОНГОЛ УЛСЫН 2011 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙНДААТГАЛЫН САНГИЙН 2011 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2011 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХ УЛСЫН ИХ ХУРЛЫН НЭГДСЭН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭЛСЭН ҮГ

    УИХ-ын дарга,
    Эрхэм гишүүд ээ,
    Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2011 оны Улсын төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлэхтэй холбогдуулан төсвийн бодлого, шинэтгэлийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төсвийн дотоод, гадаад орчин, ирэх оны төсвийн төслийн талаар товчхон илтгэе. Манай Засгийн газрын анхаарлын төвд байсаар ирсэн асуудлуудын нэг бол төсвийн шинэчлэл юм. Улсын төсвийн тогтолцоог шинэчлэх, асуудалд иж бүрэн байдлаар хандаж, тогтвортой байдлыг хангах, үр ашигтай төсөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт, хяналтын систем бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах, төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны зөв, эрүүл тогтолцоог бий болгох зорилгод бидний шинэчлэлийн бодлого чиглэсэн.

    Энгийнээр хэлбэл төсвийн төвлөрлийг задалж, орон нутаг, нийслэлд захиран зарцуулах эрхийг шилжүүлэх, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд нь, эрхэлж байгаа бизнест нь, орон нутаг дахь бүтээн байгуулалтад нь, ажлын байр бий болгоход нь хөрөнгө оруулалт хийх, төсвийн хуваарилалт, зарцуулалт, хяналтад иргэдийн оролцоо, эрхийг нэмэгдүүлэхэд энэхүү шинэчлэлийн зорилго оршиж байгаа юм.  Ингэхийн тулд хууль эрх зүйн орчныг шинэчлэх талаар энэ онд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирлээ.

    НЭГД: Төсвийн тусгай шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавихад төрийн байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, эрдэс баялгийн орлогоор нөхөн сэргээгдэх баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хуримтлал бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг УИХ баталснаар төсвийн төлөвлөлт, хариуцлага, удирдлагын шинэ зарчимд шилжиж бүтцийн томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг нэвтрүүлэх нөхцөл бүрдэж байна.

    Энэ хуулиар төсвийн зарлагыг хязгаарлаж, уул уурхайн салбараас орж ирэх бүх орлогыг үлдэгдэлгүй хуваарилах биш тодорхой хэсгийг нь тогтворжуулалтын санд хуримтлуулж, орлого буурсан үед уг сангаас төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шинэ зарчим бий болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, төсвийн орлогын тасалдлын үед хойд хормойгоор урд хормойгоо нөхөх зарчмаар ажилладаг хуучин хандлагыг халж, төсвийн санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгож буй хэрэг юм.

     Төсвийн тогтворжуулалтын сан нь төсвийн тогтвортой байдлыг хангах зорилтынхоо хүрээнд доод тал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээнд хүртэл санхүүгийн нөөцийг хуримтлуулах ба ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө бүрдэх хүртэл төсвийн орлогын тасалдлыг нөхөхөөс өөрөөр зарцуулагдахгүй, хуримтлал хэлбэрээр хадгалагдах хуультай бөгөөд түүнээс давсан хуримтлалын хөрөнгөөр дотоод болон гадаад зах зээлд хөрөнгө оруулалт хийж эхэлнэ.

    Хөгжлийн энэхүү хөрөнгө оруулалт нь хамтарсан Засгийн газраас дэвшүүлээд байгаа төмөр замын сүлжээ, газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим хүчний цахилгаан станц байгуулах, олон улсын болон Европын холбооны стандартын шаардлага хангасан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг эдийн засгийн суурийг бэхжүүлэх, хөгжлийг түргэтгэх зорилготой, алсдаа ард түмэнд үр өгөөжөө өгөх томоохон төсөл арга хэмжээнд зарцуулагдахаар хуульчилсан.

    Төсвийн тогтворжуулалтын санд 2011 онд ойролцоогоор 164.6 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрөх төлөвтэй байна. Уул уурхайн ордуудын ашиглалттай холбоотойгоор 2013 оноос эхлэн тус сангаас хөгжлийн хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ хэмээн бид үзэж байгаа.
     
    ХОЁРТ: Засгийн газраас төсвийн шинэчлэлийн ажлын хүрээнд “Нэгдсэн төсвийн тухай”, “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулиудыг нэгтгэсэн “Төсвийн тухай” хуулийн төсөл, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг тус тус боловсруулан 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

    Эдгээр хуулийн төсөлд төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт, хяналтад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг сайжруулах, улс орны хөгжлийн бодлого болон төсвийн төлөвлөлтийн уялдаа холбоог хангахаар тусгасан нь төсвийн зарлагын үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал үр дүн өгнө гэж үзсэн.  Иймд эдгээр хуулийн төсөлд анхаарал хандуулахыг УИХ-аас хүсэж байна.

    Мөн төсвийн хариуцлага, сахилга батыг сайжруулах талаар онцгой анхаарч, холбогдох албан тушаалтан болон шийдвэр гаргагч субьектуудын эрх хэмжээг тодорхой болгох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, улс төрийн намуудын нийгмийн болон төсвийн хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг төсвийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд авч үзэж байгаа юм. Ингэснээр төсвийн ил тод байдал сайжирч, хяналтын тогтолцоо чамбайрч “улсын мөнгийг идчих вий, засгийн мөнгийг завшчих вий” гэж хардах биш бодитой хариуцлага тооцох боломж бүрдэнэ.

    ГУРАВТ: Төв болон орон нутгийн төсвийн харилцааг боловсронгуй болгох, орон нутгийн эрх мэдэл хязгаарлагдмал байгаа байдлыг өөрчлөхөд анхаарч ирлээ. Өнөөгийн байдал нь орон нутгийн төсөв захирагчдын оролцоо нэн суларч, орон нутагт төсвөө бүрдүүлэх, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжилд төсвийн харилцааг бүрэн дүүрэн ашиглах тал дээр идэвх гаргахгүй, хариуцлагаас зайлсхийх сөрөг хандлагыг бий болгож байна.

    Иймээс төсвийн харилцааг шинэ шатанд гаргах, төвлөрлийг сааруулах цогц бодлогын хүрээнд төв, орон нутгийн төсвийн болон чиг үүргийн зүй зохистой хуваарилалтыг тогтоох цоо шинэ зарчмыг Төсвийн тухай хуулийн төсөлд тусгаж өгснийг энд дурдах нь зүйтэй. Цаашид орон нутгийн төсвийн суурь тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх санхүүгийн дэмжлэг олгохоос гадна зөвхөн тодорхой үйлчилгээнд орлогыг зарцуулах эрхтэй нөхцөлт шилжүүлэг тухайлбал, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулж орон нутгийн хөгжлийг дэмжих нэгдсэн сангаас олгох шилжүүлэг болон нийслэл, хотын хөгжлийн хэрэгцээнд зориулж улсын төсвөөс олгох тусгай зориулалтын татаас зэргийг олгохын зэрэгцээ улсын төсөвт орон нутгаас орлого төвлөрүүлдэггүй байх тогтолцоонд шилжихээр төлөвлөж байна.

    Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт хийгдэх улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжүүлэх эрхийг орон нутагт нь бүрэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Томоохон хэмжээний худалдан авалтыг төвлөрсөн байдлаар Засгийн газрын тусгайлсан агентлаг зохион байгуулж, салбарын яамд болон Төсвийн ерөнхийлөн захирагч нар тендер шалгаруулалт, зохион байгуулалтад оролцдоггүй байх тогтолцоонд шилжинэ.

    ДӨРӨВТ: “Засгийн газрын санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн удирдлагын тухай” хуулийн төслийг боловсруулах ажил хийгдэж байгаа бөгөөд ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх болно. Монгол Улсын олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилласан өнгөрсөн 20 жилийн хамтын ажиллагаа шинэ төвшинд гарч, нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах боломж хязгаарлагдаж, харин зах зээлийн нийтлэг зарчим, нөхцөлөөр хөрөнгө мөнгө босгох, бүтээн байгуулалтын ажлаа санхүүжүүлэх шаардлага тулгарч байгаа тул энд эрх зүйн зохицуулалт зайлшгүй чухал боллоо. Иймд энэ хууль нь ирээдүйд бий болох мөнгөн хөрөнгийн хуримтлал, гадаадаас орж ирэх хөрөнгийн урсгалыг үр ашигтай удирдах, болзошгүй санхүүгийн дарамт, эрсдэлээс зайлсхийх шаардлагын улмаас Засгийн газрын авах зээл, гаргах баталгаа зэрэг шинээр бий болж буй нөхцөл байдалтай холбогдсон санхүүгийн нэн чухал харилцаануудын зохицуулалтыг шинэ төвшинд гаргах чухал ач холбогдолтой. Төсвийн шинэчлэлийн хүрээнд хийж буй хууль эрх зүйн эдгээр өөрчлөлт, шинэлэг зарчим нь ирэх оны манай улсын төсвийн эрх зүйн орчныг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэе.  

    Одоо төсвийн гадаад орчны талаар цөөн хэдэн зүйл хэлье.

    Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай  хамтран Дэлхийн эдийн засагт нүүрлэсэн хямралын улмаас макро эдийн засаг, банк, санхүүгийн салбарт бий болсон хүндрэлийг даван туулах, төсвийн тэнцвэрт байдлыг хангах, төлбөрийн тэнцлийн огцом алдагдлыг бууруулах зорилго бүхий “Стэнд бай” хөтөлбөрийг 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж дуусгалаа.

    Энэ хөтөлбөрийг Ази, Номхон далайн бүс нутагт амжилттай хэрэгжүүлсэн анхны орон болсныг хамтрагч талууд сайшаан тэмдэглэж байгаа. 
    Харин өнгөрсөн хугацаанд Засгийн газраас улсын гадаад өрийн асуудалд анхаарч, идэвх санаачилгатай ажилласны үр дүнд Монгол Улс гадаад улсад хугацаа хэтэрсэн өргүй болсныг Та бүхэнд мэдэгдэхэд таатай байна.

    Манай улс хугацаа хэтэрсэн гадаад өрийн дарамтаас гарч байгаа нь олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүд, тэдгээртэй холбогдуулан төр засгаас гаргаж буй хүчин чармайлтын үр дүнд бий болж буй нааштай өөрчлөлтүүдийн нэг бөгөөд төсвийн гадаад орчин илаарших, тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдэж буйн илрэл мөн.

    Түүнчлэн Монгол Улсын төсвийн бодлогын ил тод байдал, шинэчлэл, хариуцлагын тогтолцоонд ахиц өөрчлөлт байгааг улс орнуудад төсвийн бодлогын талаарх зөвлөгөө өгдөг “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагаас хийсэн судалгааны дүн харууллаа. Тус байгууллага нь улс орнуудын төсвийн бодлогын ил тод байдал, хариуцлагын тогтолцоо, иргэдийн оролцоог жил бүр судлан 100 хүртэлх онооны үнэлгээ өгдөг. Сүүлийн жилүүдийн судалгаагаар манай улсын үнэлгээ тогтмол нэмэгдэж 2010 онд өмнөхөөсөө бараг 2 дахин өсөж 60 оноо авлаа.

    Саяхан тус байгууллагын тайланд дурдсанаар Монгол Улсын Төсвийн бодлогод үзүүлсэн энэхүү амжилт нь Нэгдүгээрт Засгийн газрын бий болгосон техникийн процессын шинэчлэл, Хоёрдугаарт Засгийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагын хүчин чармайлт, Гуравдугаарт Хандивлагч орон, олон улсын байгууллагуудтай хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны үр дүн гэж үзсэн байна.

    Өөр нэг нааштай мэдээ гэвэл Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын Олон улсын зөвлөлөөс 2010 оны 10 дугаар сарын 19–ний өдөр Монгол Улсыг газрын тос, байгалийн хий, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт ил тод байдлыг хангасан орноор хүлээн зөвшөөрсөн тухай зарласан явдал юм.

    Монгол Улс анх 2005 онд ил тод байдлын Санаачилгыг хэрэгжүүлэх үүрэг авч, энэ хугацаанд 3 удаагийн тайлан, илтгэл гаргасан юм. Манай улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын шаардлагыг хангасан нь олон улсад Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд өсөж энэ чиглэлд хийж буй шинэчлэл, ахиц дэвшлийг үнэлсэн алхам боллоо.

    Түүнчлэн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын үнэлгээ хийдэг олон улсын Behre Dolbear группээс 2010 онд гаргасан тайлангаар Монгол Улс нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаар түлхүү хөгжсөн 25 улс орноос эхний 6-д эрэмбэлэгдлээ. Энэ бүхнийг ишлэхдээ гадаад орчин биднийг, Монгол Улсыг маань хэрхэн харж, үнэлж буйг нэмэр хачиргүйгээр нийт олондоо танилцууллаа гэдгээ тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

    Засгийн газар Оюу толгойн орд газрын  хөрөнгө оруулалтын гэрээг энэ 2010 онд байгуулж, Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил хүлээгдэж байсан томоохон бүтээн байгуулалтын ажлыг бодитойгоор хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн ордыг ашиглах үзэл баримтлалыг УИХ-аас баталж эдийн засгийн эргэлтэнд оруулах эхлэлийг тавьсан нь хамтарсан Засгийн газар, түүнчлэн УИХ, Засгийн газрын хамтын хүчин чармайлтын үр дүн байлаа.

    Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн нь Монгол Улсын цаашдын хөгжилд өргөн боломж, давуу талыг авчирч байгаа учраас энэхүү таатай боломж нөхцөлийг аль болох бүрэн дүүрэн, ард түмэнд үр өгөөжтэй ашиглахын төлөө бид чармайн ажиллаж ирлээ.
    Ийнхүү нэг талаас манай улсын төсөв, санхүүгийн байдал тогтворжиж, гадаад валютын нөөцийн хэмжээ ихэсч, инфляцийн түвшний өсөлт саармагжин эдийн засгийн байдал тогтворжсон зэрэг нааштай өөрчлөлт ажиглагдаж байна.

    Гэвч нөгөө талд эдийн засгийн цаашдын хурдацтай өсөлтийг дагасан олон шийдвэрлэх асуудал биднийг хүлээж байна. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулах, иргэддээ үр өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох, байгаль орчин, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн бүтцээ төрөлжүүлэх  чиглэлээр хийх ажил олон бий.

    Цаашид макро эдийн засаг, төсөв, санхүүгийн тогтвортой байдлаа хадгалах, банкны бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх, халамжийг хавтгайруулах бус харин авах ёстой иргэдэд нь хүргэх, ядуурал, ажилгүйдлийг бодитойгоор бууруулах, бүс нутгийн жигд хөгжлийг хангах талаар анхаарч ажиллах шаардлагатай байна.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,
    Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиудыг боловсруулахдаа төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж,  өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж  буй хууль эрх зүйн орчин болон ирэх оноос хэрэгжиж эхлэхээр батлагдсан хуулийн хүрээнд Засгийн газраас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг харгалзан үзсэн болно.

    Ирэх онд эдийн засгийн өсөлт өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр байх төлөвтэй байна.

    Иймд Засгийн газар ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа эдийн засгийн өсөлтийг хангах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, ажлын байр гаргах, хүн амын сурч боловсрох, эрүүл аж төрөх, амьдрах нөхцөлийг сайжруулах зэрэг Мянганы хөгжлийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэлд тусгагдсан бодлогын арга хэмжээнүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх зорилтыг тавьж, эдгээр чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьсон. Энэ дагуу ирэх онд Хүний хөгжил сангаас иргэн бүрт сард 21,0 мянган төгрөг, оюутнуудын сургалтын төлбөрт 500,0 мянган төгрөгийг тус тус олгохоор тооцсоны зэрэгцээ бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих, бие даасан байдлыг хангах зорилгоор аймаг, сум бүрт төсвөөс олгох хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэн тооцлоо.

    Ирэх онд төсөвт төвлөрөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын, ашигт малтмалын нөөц ашигласны, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн орлогыг  тооцохдоо дэлхийн зах зээл дэх алтны үнийг 1,250.0 ам доллар, цэвэр зэсийн үнийг дунджаар 8,425.0 ам.доллар, угаасан нүүрсний үнийг 128.0 ам доллараар  тус тус тооцож төсвийн төсөлд тусгалаа. 

    Хэдийгээр төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж байсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болгосноор 2011 оноос эхлэн орлого буурах хэдий ч орлогын бусад эх үүсвэрийг бүрэн дайчилснаар нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх жилүүдийнхээс нэмэгдэхээр байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд зааснаар 2011 оны хувьд “гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого”-д “ЗЭС” болон “НҮҮРС”-нээс төвлөрөх орлого хамаарч байна. Алтны хувьд дээрх шаардлагыг хангаж чадахгүй байгаа тул хамаарахгүй.

    2011 онд зэс, нүүрсний үнийг ОУВС-ийн сүүлийн 12 жилийн дундаж, “Bloomberg” агентлагийн 2010-2013 оны үнийн төсөөллийн дунджаар тооцоход төсөвт нийт 583.7 тэрбум төгрөг төвлөрөхөөр байна. Төсвийн зарлагын хувьд УИХ-аас баталсан 2010 оны төсвийн үзүүлэлтүүдийг суурь болгох, цалин тэтгэврийн хэмжээг 2010 оны түвшинд барих, төсвийн байгууллагын орон тоог нэмэгдүүлэхгүй байх, УИХ-аас Засгийн газарт өгсөн үүргийн дагуу орон тоо, бүтэцтэй холбоотой өөрчлөлтийг төсөвт тусгаж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2011 онд хэрэгжүүлэх арга хэмжээг 2010 оны түвшинд байлгахаар  тооцлоо.

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 2011 он онцлог жил болж байгаатай холбогдуулан шинээр эхлэн хэрэгжүүлэх барилга байгууламжийн тоог өмнөх жилээс нэмэгдүүлэх зарчмыг баримталснаар төсвийн нийт хөрөнгө оруулалтад шинээр эхлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний  эзлэх хэмжээ 42.8 хувь болж байна.

    Төсвийн нийт хөрөнгө оруулалтын 86.2 хувийг барилга байгууламж барих, өргөтгөл, шинэчлэл хийхэд, 5.6 хувийг их засварын ажилд, 8.2 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад тус тус зарцуулахаар төлөвлөлөө. Орон нутгийн хөгжлийг дэмжих, бие даасан байдлыг хангах, төсвийн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд 2011 онд аймаг бүрт 560.0 сая төгрөгөөр тооцсон нийт эх үүсвэрийг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, хүн ам, газар  нутгийн хэмжээ, ДНБ болон орон нутгийн татварын орлогын төвлөрүүлэлт зэрэг үзүүлэлтийг харгалзан хөрөнгө оруулалтад хуваарилах, нийслэлд 20.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулах эрх олгохоор төсвийн төсөлд тусгалаа.

    УИХ-ын дарга,
    Эрхэм гишүүд ээ,
    Монгол Улсын 2011 оны төсвийн төслийг боловсруулахад нэгдсэн төсвийн нийт орлого 3 их наяд 56.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.0 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 3 их наяд 251.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 41.5 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 194.7 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -2.5 хувьтай тэнцэхээр төсвийн төслийг боловсруулан танилцуулж байна. Та бүхнээс Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталж өгөхийг хүсье.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • О.Декамп: Монголын нэр хүнд дэлхийд өссөн

    О.Декамп: Монголын нэр хүнд дэлхийд өссөн Оюутолгой, Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын нэр хүнд дэлхийд өссөн гэж Европын Сэргээн босголтын банкны Турк, Зүүн Европ болон Төв Азийн асуудал хариуцсан захирал Оливье Декамп хэллээ. Тэрээр 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

    Монгол Улс Европын Сэргээн босголтын банк дахь зэрэглэлээ нэмэгдүүлэн зээлжих эрхтэй гишүүн орон болсон. Үүнээс хойш 360 сая ам долларын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил, уул уурхайн салбарт авч ашиглаж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Хөрөнгө оруулалтаас гадна хувийн хэвшлийн бүтцийн өөрчлөлтийг дэмжих, компаний засаглалыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаад тэрээр талархлаа илэрхийллээ.

    Монгол Улсын Засгийн газарт шинэчлэл хийх эрмэлзэл байгаа бөгөөд санхүү, татварын орчин нь итгэл найдвар төрүүлж, хамтран ажиллахад урамтай байна гэж Оливье Декамп хэлэв. Европын Сэргээн босголтын банк цаашид манай улсын аялал жуулчлал, эмийн үйлдвэрлэл, харилцаа холбоо зэрэг салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

    Манай улс 2009-2011 онд Европын Сэргээн босголтын банктай хамтран санхүүгийн системийг нэгтгэх, бэхжүүлэх, эрдэс баялгийн удирдлага, эдийн засгийн суурийг төрөлжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, төрийн мэдлийн дэд бүтцийг арилжааны хэлбэрт шилжүүлэх, түүнд хувийн хэвшлийн оролцоог хангахыг хөхиүлэн дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна