Монгол Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд Та бүхэндээ олон улсын ахмадуудын баярын өдрийн халуун мэндийг хүргэе!
Ахмад настны өдрийг олон улсын хэмжээнд 19 дэх жилдээ, Монгол Улсад 17 дахь жилдээ өргөн дэлгэр тэмдэглэж байна. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг билээ. Монгол Улсын Засгийн газрын бодлогын төвд ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлдэг бөгөөд ахмадуудад зориулсан шуурхай үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын хүн амын насжилтын стратеги”-ийг 2009 онд баталсан нь ахмад настны аж байдлыг сайжруулах, тэдний нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, эрүүл насжих нөхцөл боломжийг нэмэгдүүлэх талаар бодлогын чиглэлийг тусгасан анхны урт хугацааны бодлогын баримт бичиг юм.
Хамтарсан Засгийн газраас байгалийн баялгийн орлогоо иргэддээ тэгш, шударгаар хуваарилах бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулж, эхний ээлжинд иргэн бүртээ 120.000 төгрөг олгож эхлээд байна. Ирэх оноос иргэн бүрт сар тутам 21000 төгрөгийг бэлнээр, үлдэх мөнгийг тухайн иргэний хэрэгцээнд тулгуурлан бэлэн бусаар олгох болно. Ялангуяа, ахмадууд бэлэн бус хэлбэрээр эрүүл мэндийн үйлчилгээ хүлээн авах боломжийг бүрдүүлэх нь чухал байна.
Засгийн газар тэтгэврийг нэмэгдүүлэх талаар үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын хүрээнд 2010 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэврийг 30,0 хувиар, мөн алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тэтгэмжийн хэмжээг 50.0-100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Дайнд оролцсон ахмад настнуудад орон сууцны дэмжлэг олгох ажлыг 2009 оноос эхлүүлж өнөөдрийн байдлаар 992 ахмад дайчин энэ арга хэмжээнд хамрагдаад байна. Энэ онд багтаан 600 ахмад дайчдад орон сууц олгох ажлыг хийж дуусгана гэдгийг дуулгахад таатай байна.
Цаашид ч ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж хэрэгжүүлэх болно. Төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболдод Канадын олон улсын худалдааны сайд Питер ван Лоун бараалхаж хоёр талын худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээрийг эрчимжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Ерөнхий сайд уулзалтын үеэр хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар зөвхөн амлах биш харин хэлсэн ярьснаа бодит ажил хэрэг болгоход илүүтэй анхаарч ажиллаж байна гээд, 2010 оныг Монголд бизнесийн орчны шинэтгэлийн жил болгон зарласан.
Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Канадын сан хөмрөгийн зөвлөлийн дарга, Ази Номхон далайн хөтөлбөрийн сайд, парламентын гишүүн Стоквэлл Дэй бараалхав. Канадын нөлөө бүхий улс төрчдийн нэг энэ эрхэм Монголд элэгтэйгээрээ манайханд хэдийнэ танил болсон хүн юм. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд өөрийн орны дотоодын нөхцөл байдал, Засгийн газраас явуулж буй хөгжлийн бодлого зэргээс танилцуулаад Канадын эдийн засгийн хөгжлийн загвар туршлагаас судлах сонирхолоо илэрхийлэв. Ялангуяа дэд бүтэц, барилга, хөдөө аж ахуй, үйлчилгээ,төрийн алба болон бусад олон салбарт Канадын загварыг нэвтрүүлэх боломжтойг дурдлаа.
Ерөнхий сайд С.Батболдын Канад Улсад хийж буй айлчлалынхаа үеэр Монгол Улс, Канад Улсын хооронд худалдаа хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс Харилцан ойлголцлын гурван санамж бичиг байгуулахаар тохирлоо. Үүнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад Улсын Төрийн албаны комисс хооронд Төрийн албаны өөрчлөлт шинэчлэлтийн туршлага, мэдээлэл харилцан ойлголцлын санамж бичиг, Монголын Стандартчилал, хэмжил зүйн газар, Канадын Стандартын байгууллага хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Канад Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хооронд мэдээлэл технологи, худалдааны солилцоог дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.
Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Ерөнхий сайд Стивен Харпертай ганцаарчилсан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар Монгол Канадын өнөөгийн байдлыг өндрөөр үнэлж, хоёр орны хоорондын улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын Канад Улс дахь албан айлчлал энэ сарын 28-нд эхэллээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд Канад улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр улсын хоорондын харилцааг өргөжүүлэх, өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад ач холбогдолтой гэж хоёр тал үзэж байна. Ерөнхий сайд С.Батболд гэргийн хамт Оттава хотын төвд байрлах энхийг сахиулагчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа албан ёсны арга хэмжээ эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн чуулганы эхний өдөр буюу есдүгээр сарын 20-нд хүлээн авч уулзсан тухай бид мэдээлсэн. Харин 9-р сарын 25-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65 дугаар чуулганы дарга Жосеф Дэйс Ерөнхий сайд С.Батболдыг хүлээн авч уулзав. Энэ нь НҮБ Монгол Улс дахь харилцаандаа чухал ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж ноён Жосеф хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд есдүгээр сарын 25-нд Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч Вацлав Клаустай НҮБ-ын төв байранд уулзав. Бусад улс орнууд хөгжлийн албан ёсны тусламжаа бараг зогсоогоод байхад Чех улс манайд үзүүлж байгаа тусламжаа үргэлжлүүлж байгаад Ерөнхий сайд С.Батболд ноён Клауст талархлаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий ассамблэйн 65-р чуулганд оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Наота Кантай уулзаж хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол Японы эдийн засаг худалдааны харилцаа улам өргөжиж байгааг, мөн иргэд хоорондын харилцан зорчих болон бусад салбарт хамтын ажиллагаа идэвхжиж байгааг Ерөнхий сайд нар тэмдэглээд хамтын ажиллагаагаа цаашид шинэ хэлбэрээр баяжуулах боломжийн талаар санал солилцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболд өнөөдөр Ардчилсан орнуудын нийгэмлэг, Дэлхийн эмэгтэй удирдагчдын зөвлөлөөс хамтран зохион байгуулсан “Ардчилсан засаглалд эмэгтэйчүүдийн үзүүлэх хувь нэмэр” сэдэвт дээд хэмжээний хэлэлцүүлэгт оролцлоо. НҮБ-аас санаачилсан Мянганы хөгжлийн зорилтонд хүйсийн тэгш эрхийн талаар болон эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зэрэг асуудлыг тусгасан. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан нийгэм дэх эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засгийн оролцоо, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлж байлаа.