Ангилал: мэдээ

  • Ерөнхий сайд Ерөнхий ассамблейд оролцож байна

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Нью-Йорк хотноо болж байгаа Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянан хэлэлцэж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний бүгд хуралдаанд оролцож байна.  Дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүн нар 2000 онд Нью-Йорк хотноо чуулж Мянганы хөгжлийн зорилтуудаа   тодорхойлон тэдгээрийг 2015 он гэхэд ханган биелүүлэх үүрэг амлалтыг  улс орон бүхэн хүлээсэн билээ.

    Ядуурлыг дэлхийн хэмжээнд хоёр  дахин  бууруулах, буурай болон хөгжиж буй орнуудад нэн тулгамдсан асуудал болсон хүнсний аюулгүй байдалд онцгойлон анхаарч эрс шийдэмгий алхам хийх, байгаль орчны  тэнцвэртэй байдлыг хангах  гэх мэт найман  чухал асуудлыг дэвшүүлсэн мянганы хөгжлийн зорилтуудын 10 жилийн хэрэгжилт ямар байгааг энэ хуралдаанаар ярилцаж  байна. Мөн түүнчлэн үлдсэн таван  жилийн хугацаанд улс орнууд  юу хийж, юун дээр анхаарах вэ  гэдгийг зорилт бүрээр нь нарийвчлан авч хэлэлцэж байгаагаараа энэ удаагийн дээд хэмжээний уулзалт чухал ач холбогдолтой гэж  чуулганд оролцож байгаа НҮБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд   дүгнэж байна.

    Манай улсын хувьд Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаарх гурав  дахь илтгэлээ гаргаад байгаа бөгөөд хэрэгжилт  нь 66 хувьтай байгаа ажээ.  Хамгийн чухал үзүүлэлт болох ядуурлыг бууруулах тал дээр  дорвитой ахиц өөрчлөлт гаргаагүй байна. Тиймээс 2015 он хүртэлх үлдсэн таван  жилийн хугацаанд ядуурлыг бууруулахын тулд ажлын байр олноор бий болгох ,мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн  төвүүдэд  хот, хөдөөнөөс квотоор хүмүүс  авч сургах ,тэднийг ажлын байраар хангах улмаар тогтвортой орлоготой болгоход Монгол Улсын Засгийн газар гол бодлогоо чиглүүлэн  ажиллаж байгааг Ерөнхий сайд С. Батболд ярьж байна.

    Түүнчлэн сүүлийн жилүүдэд  эдийн засгийн өсөлт гарч байгаа ч энэ нь ядуурлыг бууруулахад үр дүн үзүүлэхгүй байгаа тул үүнд анхаарч баялгийн тэгш хуваарилалтыг хангах , нээлттэй сайн засаглалыг хөгжүүлэх ,хөрөнгө оруулалтыг хөдөөд чиглүүлэх,төсвийн тогтвортой байдлын хууль гаргах,иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийх зэрэг тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх ажил урагштай явж байгааг Засгийн газрын тэргүүн НҮБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүдтэй  чуулганы үер уулзахдаа хэлж байлаа.

    Монгол улсын ерөнхий сайд С.Батболд  есдүгээр  сарын 27-ны өдөр болох 65 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож олон улсын тулгамдсан асуудлаарх Монгол улсын байр суурийг илэрхийлэн үг хэлнэ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65-р чуулганы  ерөнхий санал шүүмжлэлд 130 гаруй орны төр засгийн тэргүүнүүд оролцохоо мэдэгдээд байна.Ерөнхий сайд  С.Батболдын хувьд мөн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө байнга тулгардаг нийтлэг асуудалд чуулганд оролцогчдын анхаарлыг хандуулах , энэ асуудлаарх засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тохиролцож гэрээ байгуулах,уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тэмцэхэд улс орнуудтай хамтрах  чиглэлээр идэвхтэй ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд АНУ, Канадад албан ёсны айлчлал хийнэ

    Ерөнхий сайд АНУ, Канадад албан ёсны айлчлал хийнэ Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 20-ноос ирэх сарын 3-ныг  хүртэл АНУ, Канад улсад албан ёсны айлчлал хийнэ.  
    Уг айлчлалтай холбогдуулж  Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх  О.Оч, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар болон албаны төлөөлөгчид  өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

    Ерөнхий сайд  есдүгээр сарын 20-27-ны өдрүүдэд  Нью-Йорк хотноо ажиллах юм байна. Энэ хугацаанд Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянан хэлэлцэх  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний бүгд хуралдаанд оролцож үг хэлэх бөгөөд энэ хүрээнд болох “ Нэн эмзэг орнуудын онцгой хэрэгцээг хангах нь” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцож байр сууриа илэрхийлэх ажээ.  Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлд оролцож үг хэлэх бол, НҮБ-ын түншлэлийн төлөөх алба болон Луиз Блуны сангаас хамтран зохион байгуулах “ Санаачилгатай глобал удирдлага” дээд хэмжээний уулзалтад үндсэн илтгэгчээр оролцож, “ Түүхий эдийн ирээдүйн хандлага” сэдвээр  илтгэл тавих  юм байна.

    Үүнээс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий Ассамлейн 65 дугаар чуулганы дарга, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захирагч нартай болон тус чуулганд оролцож байгаа хэд хэдэн орны төр засгийн тэргүүн нартай уулзалт хийхээр төлөвлөснөөс гадна Нью- Йорк хотын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах ажээ.  Түүнчлэн НҮБ-ын эдийн засаг, санхүү хариуцсан хоёрдугаар хорооны даргаар О.Энхцэцэг хэмээх  монгол хүн сонгогдож, тэрбээр хорооны хурлаа хийж байх үеэр Ерөнхий сайдын айлчлал давхцаж байгаа нь бас нэг онцлог хэмээн албаны хүмүүс тодорхойлж байна.

    Харин есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд  Ерөнхий сайд С.Батболд Канад улсад айлчилна. Засгийн газрын тэргүүний хувьд тус улсад хийж байгаа анхны айлчлал гэдгээрээ онцлог хэмээн ГХЯ-ны газрын дарга Ш.Одонжил тэмдэглэлээ. Уг айлчлалын зорилго нь хоёр талын дээд хэмжээний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн таатай орчныг бэхжүүлэх, хоёр талын харилцааг өргөн хүрээтэй түншлэлийн хамтын ажиллагааны зарчмаар цар хүрээг нь өргөтгөн хөгжүүлэх, харилцааны өнөөгийн түвшин, хэтийн төлөвийг тодорхойлох, ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хөдөө аж ахуй , байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлаар санал солилцоход орших ажээ.

    Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд Канадын Ерөнхий сайд Стивен Харпер болон зарим салбарын сайд нартай уулзах юм байна. Мөн Канадын парламентад зочилж, парламентын Сенатын танхим, Нийтийн танхимын тэргүүн нартай уулзалт хийх ажээ. Түүнчлэн Ерөнхий сайд  Канадын Онтарио, Бритиш Колумб мужийн Засгийн газрын тэргүүнүүдтэй уулзаж, Торонто, Ванкувер хотуудад зохиогдох Монгол Канадын бизнес форумд оролцох юм байна.

    Айлчлалын хүрээнд зам тээвэр, барилга, хот байгуулалт, төрийн алба, стандартчлалын алба зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурах аж. Ингээд буцах замдаа Японд саатаж,  их аварга Д.Дагвадоржийн зодог тайлах ёслолд оролцох юм байна.

  • Ерөнхий сайд Канадын шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд Канадын шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Канад улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар шинээр томилогдсон Грегори Гоулдхоукийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд манай хоёр улсад газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн хэмжээ,  уур амьсгал гэхчлэн төстэй зүйлүүд олон байдаг. Монголчууд Канадыг хөгжлийн загвар улс хэмээн хардаг. Иймд Канад улсын хөгжлийн туршлагаас судлах, хамтран ажиллах боломж их байгаа гэдгийг онцолсон юм.

    Мөн энэ сарын сүүлчээр тус улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаагаа Монгол Улсын Засгийн газрын тэргүүн дурдаад Элчин сайд Грегори Гоулдхоукийг хариуцлагатай албанд томилогдсон нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаа гэдгээ тэрбээр тэмдэглэлээ.

  • Ерөнхий сайд тамирчдадаа мөнгөн шагнал гардууллаа

    Ерөнхий сайд тамирчдадаа мөнгөн шагнал гардууллаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөж, амжилт үзүүлсэн тамирчид, дасгалжуулагчдадаа баяр хүргэж, мөнгөн шагнал гардууллаа.

    Бээжингийн олимпын аваргын буухиаг амжилттай үргэлжлүүлж байгаа тамирчид, дасгалжуулагчид, спортын байгууллагуудын хамт олны шаргуу хөдөлмөрөөр бахархаж байгаагаа уулзалтынхаа эхэнд тэрбээр тэмдэглэлээ. Мөн “Жүдочид маань биднийг байнга баярлуулж байна. Та бүхний хөдөлмөр гайхамшигтай сайхан үр дүн авчирч байна.

    Чөлөөт бөхийн холбооныхны маань ч хичээж ажиллаж байгаагийн үр дүн гарч байна. Дэлхийн аваргаас алтан медаль хүртэнэ гэдэг бол үнэхээрийн том амжилт. Оюун ухаанаа уралдуулдаг шатрын том тэмцээнд амжилт гаргаж байгаад мөн баяртай байна” гэж Гүйцэтгэх засаглалын тэргүүн онцолсон юм. Амжилтын буухиа үргэлжлэхийн зэрэгцээ бахдам амжилт үзүүлсэн та бүхэнд шагналын хур бууж байна гэж тамирчид, дасгалжуулагчдад мөнгөн шагнал өгөхдөө Ерөнхий сайд хэллээ. 

    Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан Соронзонболдын Батцэцэгт 30 сая, Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Хашбаатарын Цагаанбаатар, Мөнхбаатарын Бундмаа нарт тус бүр найман сая, 2010 оны оюутны шатрын дэлхийн аварга болсон Батхуягийн Мөнгөнтуулыг 10 сая төгрөгөөр, эдгээр тамирчдын дасгалжуулагчдыг ч мөн Засгийн газрын журмын дагуу мөнгөн шагналаар шагнасныг Засгийн газрын тэргүүн С.Батболд өнөөдөр гардууллаа

  • Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө

    Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө Монгол Улсын улс төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 94 жилийн ой өнөөдөр тохиож байна. Нам, төр, улсын удирдах дээд бүрэлдэхүүнд орж, тасралтгүй 44 жил зүтгэсэн энэ түүхэн хүний мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон МАХН-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн хөшөөнд нь цэцэг өргөлөө.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны есдүгээр сарын 15-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны есдүгээр сарын 15-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээТөрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийг нэмэгдүүлэв.

    УИХ-ын хаврын чуулганаар Монгол Улсын төсөвт тодотгол хийж, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, эхчүүдэд олгох тэтгэмж, тусламжийн хэмжээг энэ оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлэхээр тооцож, шаардагдах хөрөнгийг төсөвт суулгасан билээ.  Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдсон төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

    Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ

    Төрийн албан хаагчдын цалинг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэх тухай шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Цалин нэмэгдүүлэх арга хэмжээг авахдаа төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээ, жишиг, хэмжээг жигд 30 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон учир албан тушаалын цалингаас тооцдог бүх төрлийн нэмэгдэл мөн тийм хэмжээгээр нэмэгдэх болно.

    Төрийн албан хаагчдын дундаж цалин өнөөдрийн байдлаар 323,0 мянган төгрөг, үүний дотор төрийн захиргааны албан хаагчдынх 336,7 мянган төгрөг, төрийн үйлчилгээний албан хаагчдынх 321,3  мянган төгрөг, төрийн тусгай албан хаагчдын 310,0 мянган төгрөг байгаа бөгөөд цалин нэмэгдүүлэх арга хэмжээ авснаар төрийн захиргааных 437,7 мянган төгрөг, төрийн үйлчилгээнийх 417,7 мянган төгрөг, төрийн тусгай албаных 403,9 мянган төгрөгт хүрч  тус тус нэмэгдэх юм. Төрийн үйлчилгээний албан хаагчид нь ажил мэргэжлийн хувьд хэд хэдэн бүлэгт хуваагдах бөгөөд шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагын салбарын мэргэжлийн албан хаагчдын цалин төрийн захиргааны албан хаагчдын цалинтай ойролцоо түвшинд байгаа юм.

    Харин төрийн үйлчилгээний албанд ажилладаг бага тушаалын үйлчлэх албан хаагчдын цалин хөлсний дундаж бусад бүлгийнхээс 15,0 орчим хувиар доогуур байна.  Үүнд цаашдаа анхаарч тодорхой арга хэмжээ авах ёстой гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Төрийн албан хаагчдын хамгийн бага цалин 145134 төгрөг байснаа 188674 болж нэмэгдэж байна. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх арга хэмжээнд 154,0 мянган төрийн албан хаагч хамрагдах  ажээ. 

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээ нэмэгдлээ

    Нийгмийн даатгалын  сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдэж байна. Үүний дотор бүрэн тэтгэврийн доод хэмжээ 81000 төгрөгөөс 105300 төгрөг болж, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 54000 төгрөгөөс 70200 төгрөг, дундаж тэтгэвэр 96600 төгрөгөөс 125500 төгрөг болж өсч байна. Нийт тэтгэвэр авагчдын 60,0 гаруй хувь нь бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэртэй байна. Энэ арга хэмжээнд нийт 308,0 мянган хүн хамрагдах байгаа юм.

    Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж мөн нэмэгдлээ

    Энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бүтэн өнчин хүүхэд зэрэг асрамж халамж шаардлагатай хэсэгт олгодог нийгмийн халамжийн тэтгэвэр 30 хувиар нэмэгдэж байна.  Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн тэтгэвэр 41400 төгрөг байгаа бөгөөд 10 дугаар сарын 1-нээс 53820 төгрөг болж нэмэгдэх ажээ.  Энэ тэтгэврийг 52,0 мянган хүн авах юм байна.

    Хэвтрийн өвчтэй, байнгын асаргаатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бүтэн өнчин хүүхдийг асрамжиндаа авч асарч байгаа иргэнд тодорхой болзолтойгоор сар бүр мөнгөн тэтгэмж олгодог. Энэ нь том асрамжийн газруудыг байгуулж санхүүжүүлэхээс хямд өртөгтэй бөгөөд нийгэм хамт олон, ах дүү хамаатан садан дотор нь асрамжлах зорилготой үйлчилгээ юм. Өнөөдрийн байдлаар нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээ 24000 төгрөг байгаа бөгөөд 10 дугаар сарын 1-нээс 31200 төгрөг болж нэмэгдэж байна.

    Нөхөн олговрын доод хэмжээ 105300 болж нэмэгдэнэ

    1997 онд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт орж, тэтгэврийн насанд хүрээгүй иргэдийн тэтгэвэр зогсоогдсон юм. Гэхдээ эдгээр иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор тодорхой хэмжээний мөнгө олгож байхаар Улсын Их Хурлаас тогтоосны дагуу сар бүр мөнгөн олговор олгож ирсэн билээ.  Анх нөхөн олговрыг 44000 хүн авч байсан бол одоо ихэнхи нь тэтгэврийн насанд хүрч тэтгэврээ авах болсноор одоо 84 хүн авч байна. Нөхөн олговрын доод хэмжээг нэмэгдүүлэхээр УИХ- ын тогтоолын төслийг өргөн барихаар тогтлоо. Энэ тогтоол батлагдсан нөхцөлд нөхөн олговрын доод хэмжээ 81000 төгрөгөөс 105300 болж нэмэгдэх ажээ. 

    Хүнд суртал дагуулсан тушаал, шийдвэрийг хүчингүй болгож эхэллээ

    Монгол улсын ерөнхий сайд С.Батболд 2010 оныг “ Бизнесийн орчны  шинэтгэлийн жил” болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд баялаг бүтээж байгаа хүмүүст саад болж байгаа   тушаал шийдвэрийг цэгцлэх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. Энэ асуудал ч өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хөндөгдөж, шийдвэр гаргалаа.

    Зарим сайд, аймгийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарын холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа хэм хэмжээ тогтоосон  шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгох асуудлыг хэлэлцээд Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.Зарим сайд, засаг дарга нар буруу шийдвэр  болоод захирамж гаргавал хүчингүй болдог гэдгийг энэ шийдвэр  харуулж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам 2010 оны хоёрдугаар улиралд нийт 25 шийдвэрт дүгнэлт хүргүүлснээс 20 шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчилж, улсын нэгдсэн бүртгэлд дахин бүртгүүлсэн болон хүчингүй болгосон ажээ. 

    Засгийн газрын наймдугаар сарын үйл ажиллагааны мэдээллийг сонсов

    Засгийн газрын 2010 оны наймдугаар сарын үйл ажиллагааны мэдээллийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцууллаа. Засгийн газраас наймдугаар сард хэрэгжүүлсэн ажлыг тоймлон дурдахад Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Увс, Баян-өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь,Дорноговь аймгуудад ажиллаж орон нутгийн байдалтай газар дээр нь танилцан, иргэдтэй уулзалт хийж засгийн газраас улс, орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг танилцуулан, тэдний санал хүсэлтийг сонслоо.

    Засгийн газрын 2010 оны 206 дугаар тогтоолоор “Монгол улсыг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр худалдан авч нөөцөлсөн бензин, шатахууныг газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад гэрээний үндсэн дээр зах зээлийн үнээр худалдан борлуулж, орлогыг 2010 оны 11 дүгээр сарын 15-ны дотор улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэв.

    Хүний хөгжлийн сангийн тухай хууль, УИХ-ын 2009 оны 99,100 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны гуравдугаар тогтоолын дагуу хэрэгжүүлж буй Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээх ажлын явц 94.6 хувьтай байна. Энэ оны наймдугаар сарын 2-ноос эхлэн олгож байгаа 10 мянган төгрөгийн олголтын бичилтийг 249052 хүн хийлгэж, 73132 хүн буюу 2.7 хувь нь мөнгөө авчээ. 

    1945 оны чөлөөлөх дайны түүхт ялалтын 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд батлагдсан нэрсийн дарааллын дагуу 87 ахмад дайчинд нэг өрөө байр олгох ажлыг зохион байгууллаа. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 212 дугаар тогтоолоор “ Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 3300 мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхээр шийдвэрлэсэн байна. 

    Засгийн газрын 2010 оны 209 дүгээр тогтоолоор 2010-2011 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцагчийн төлбөрийн 2010 оны 9-12 дугаар сард ногдох хэсгийг суралцагч өөрөө хариуцах, 2011 оны нэгдүгээр сараас эхлэн сургалтын төлбөрийн зохих хэсгийг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн 2011 оны төсөвт тусгахаар шийдвэрлэв. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны уур амьсгал өөрчлөгдөж, цөлжилт эрчимтэй явагдаж байгаад Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулж, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гашууны хоолойд “ Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал” –аар Засгийн газрын хуралдааныг зохион байгуулав.

    ОУВС-тай хамтарснаар сайн үр дүн гарчээ

    Монгол улсын Засгийн газар,ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн тогтворжуулах хөтөлбөрийн талаар ОУВС-гийн Захирлууудын зөвлөлөөс гарсан үнэлгээний тухай Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Дэлхийн эдийн засгийн хямралааас үүдэлтэй санхүүгийн хямрал монгол улсын төсвийн тэнцвэртэй байдал алдагдах нөхцөл байдал үүссэнийг харгалзан Монгол улсын Засгийн газар ОУВС-тай удаа дараалан хэлэлцээр хийсний үр дүнд 2009 оны гуравдугаар сарын эхээр эдийн засгийг тогтворжуулах Стэнд-бай хөтөлбөрийг тохиролцон, ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр 2009 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр батлагдсан аж.

    Монгол улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран ажиллсан өнгөрсөн хугацаанд Монгол улсын төсөв, санхүүгийн байдлыг тогтворжуулаад зогсохгүй төсвийн алдагдлыг бууруулж, төлбөрийн тэнцлийг тогтворжуулсан байна. Ер нь тус сангаас өгч буй зөвлөмжүүд нь улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн ирээдүйг нэлээн бодитой харсан, болзошгүй  эрсдлийг нарийвчлан тогтоосон байдаг тул Монгол улсын эдийн засгийг цогц байдлаар тодорхойлсон байдаг ажээ. “Стэндбай” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд гадаад валютын нөөцийн хэмжээ ихэссэн, инфляцын түвшний өсөлт саармагжин эдийн засгийн байдлын тогтворжсон зэрэг тодорхой үр дүнгүүд гарсан байна.

    Мөн Засгийн газар хугацаа хэтэрсэн гадаад өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэснээр хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн, хоёр талт маргаантай байгаа өр, төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чаджээ. Ийнхүү хамтарсан Засгийн газрын үед анх удаа ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн төсөл амжилттай хэрэгжиж дууссаныг Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэлээ.

    Газрын тосны онцгой албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт орууллаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. ОХУ-ын Роснефьт компаниас Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний үнэ энэ сард тн тутамд АИ-92 автобензин 42 ам.доллар буюу 56 мянган төгрөгөөр, дизелийн түлш 36 ам.доллар буюу 48 мянган төгрөгөөр өссөн. Харин А-80 автобензин 10 ам.доллараар буурсан байна. 

    УИХ-аас олгосон эрхийн хүрээнд Засгийн газраас Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоос орж ирж байгаа АИ-92 автобензинд 220 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 170 000 төгрөг болгож, харин А-80 автобензин болон дизелийн түлшинд олгож байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр үлдээж, 2010 оны есдүгээр  сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэлээ. Ингэснээр АИ-92 автобензинд ногдуулах онцгой албан татварыг 50 мянган төгрөгөөр бууруулан Засгийн газраас шатахууны үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч байна.

    Товчхон

    – Сангийн сайд С.Баярцогт  ирэх оны төсвийн төслийн талаар  засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. 

    -Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг 2010 оны эхний хагас жилийн явцын тухай танилцуулгыг Монгол улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан засгийн газрын гишүүдэд шинээр гаргах бодлогын баримт бичгийн уялдаа холбоог сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, шалгуур үзүүлэлт, үе шатыг тодорхой болгох зорилгоор үндэсний хөтөлбөр, төслийг батлан гаргахаас өмнө Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой санал солилцон шийдвэрлэж байхыг сайд нарт үүрэг болголоо.

    – Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар тодорхой саналуудыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов.

    – УИХ-ын гишүүн Д.Зоригт, Ц.Баярсайхан, С.Бямбацогт, Д.Балдан-Очир нарын санаачлан боловсруулсан Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, мөн тодорхой саналуудыг хуулийн төсөл санаачлагчдад уламжлахаар тогтлоо.

    – Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтэд эхний шатны үнэлгээ хийх ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Удирдлагын зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин, Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

    – Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцээд хуралдаан дээр гарсан саналыг тусган Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

    – “Улсын бүртгэлийн ажилтны өдөр”, “Улсын бүртгэлийн тэргүүний ажилтан” тэмдэг бий болгох тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов. 

    – Увс аймгийн Улаангом хотод Монгол улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит цогцолборыг бүрэн ашиглалтад оруулахад шаардагдах 300.0 (гурван зуун) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрлөө. 

    – БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300.0 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Баруун бүсийн авто замын төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд С.Баярцогтод олгоё гэсэн Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо

  • Ерөнхий сайд манлайлагч залууст амжилт хүслээ

    Ерөнхий сайд манлайлагч залууст амжилт хүслээ Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  JCI Монгол байгууллагын 13 дугаар үндэсний чуулганд оролцож, амжилт хүслээ. Байгуулагдаад 18 жилийн нүүрийг үзэж байгаа тус байгууллага нь энэ жилийн хувьд үндэсний  чуулганаа хийж байгаагаараа онцлог юм байна. “ Өөрчлөлт нь өөрөө байя” уриатайгаар чуулах энэ удаагийн чуулганаар дүрмээ шинэчлэн найруулж, монголын цаашдын хөгжлийн асуудлаар сонирхолтой олон хэлэлцүүлэг хийхээр тус байгууллагынхан төлөвлөжээ.

    Засгийн газрын тэргүүн JCI Монгол байгууллагын 13 дугаар үндэсний чуулганд оролцогчдод хандан хэлэхдээ “ Дэлхийн дулаарлын эсрэг хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, идэвхтэй эх оронч иргэн байхад уриалсан үйл ажиллагаа, “манай байгууллага бол “ хэмээн бахархан ярих олон залуусын гал цогтой харцнаас би JCI байгууллагыг хэдийнээ эчнээ таньдаг болсон юм. Манай хамтарсан Засгийн газар саяхан дэлхийн цаг уурын дулаарлын эсрэг анх удаа элсэн цөлд хуралдаж, олон улсын анхаарлыг энэ асуудалд хандуулахыг зорьсон.

    Цаашид ч та бүхний дэвшүүлэн тавьж, шийдэл олохыг хүсч буй хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлье. Монгол улс 20 жил нэг нийгмээс нөгөөд шилжлээ. Одоо та бид алдаа оноогоо хамтдаа дүгнэж, хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх түүхэн хариуцлагтай цагт ажиллаж амьдарч байна. Улс орныг хөгжүүлэх хамгийн чухал хүч бол өөртөө итгэлтэй, манлайлагч иргэд тэр дундаа залуус та бүхэн гэдэгт би итгэдэг. Аливаа төрийн бодлогын гол үндэс нь хүн байдаг. Та бүхэн хүний хөгжлийн төлөө бодлого дэвшүүлэн ажиллаж байгаа нь сайшаалтай хэрэг. Эх орноо хөгжүүлэхийн төлөө хамтдаа ажиллацгаая” хэмээн тэмдэглэлээ

  • Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандманийг батламжиллаа

    Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандманийг батламжиллаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дундговь аймгийн шинээр томилогдсон Засаг дарга Дамбабазарын Чандманийг хүлээн авч уулзаж, аймгийн Засаг даргын батламжийг нь гардууллаа. Ерөнхий сайд С.Батболд Засаг дарга Д.Чандманьд ажлын амжилт хүсээд, шинэ даргыг шийдвэрлэх олон ажил хүлээж байгаа, тэргүүлэх чиглэлээ зөв тогтоож, аймгийнхаа иргэдийг ажлын байраар хангаж ажиллахад гол анхаарлаа хандуулахыг зөвлөлөө. Мөн төрийн албанд олон жил ажилласан туршлагатай, эрдэмтэн хүний хувьд Дундговь аймгийн хөгжилд илүүтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа хэлээд аймгийнхаа усны асуудлыг нэн тэргүүнд шийдэхийг үүрэг болголоо.

    Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань нь хуучнаар Зөвлөлт Холбоот улсад Хөдөө аж ахуйн усжуулалт, механикжуулалтын их сургуулийг хөдөө аж ахуйн усжуулалтын инженер, МУИС-ийн ОУХДС-ийг англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн, доктор, профессор цолтой. Тус аймгийн Засаг даргаар томилогдох хүртлээ Усны судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажилласан. Мөн сүүлийн арваад жилд Дундговь аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, тус аймгийн Сайхан-Овоо сумын нутгийн зөвлөлийн даргын сонгуульт ажилтай юм байна

  • Цэцэг өргөлөө

    Цэцэг өргөлөө Жил бүрийн есдүгээр сарын 10-ныг  Улс төрийн  хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг билээ. Тус өдрийг тохиолдуулан  Монгол улсын Ерөнхий сайд  С.Батболд болон төр засгийн удирдлагууд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Манай улс энэ өдрийг тэмдэглээд эдүгээ 14 жил болж байгаа ажээ. 1998 онд Цагаатгалын хуулийг баталснаас хойш 29 мянган хүнийг цагаатгаад байгаа юм байна.

    “1937-1947 онд шүүхээр 30 орчим мянган хүн шийтгэсний 21 мянгыг шууд буудан хороосон байдаг. Хэлмэгдүүлэлтийг гомдсон хэдэн хүний хийсэн хэрэг гэж ойлгох хандлага байдаг. Гэтэл монгол улсыг тэр чигээр нь хар үүл нөмөрсөн цаг үе байсан” хэмээн Улс төрийн хэлмэгдсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар энэ үеэр сэтгүүлчдэд өгсөн  мэдээлэлдээ дурьдаж байв. Энэ өдрийг тохиолдуулан манай улсын бурхан шашны сүм хийдүүд хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан ном айлдаж, зул өргөх ажээ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд С.Батболд Дэлхийн аварга С.Батцэцэгт чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ

    Ерөнхий сайд С.Батболд Дэлхийн аварга С.Батцэцэгт чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Сүхбаатарын Батболд Чөлөөт бөхийн дэлхийн шинэхэн аварга Соронзонболдын Батцэцэгт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ. Мэндчилгээнд ”Москва хотноо зохион байгуулагдаж буй Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн  тэмцээнээс алтан медаль хүртэж “Дэлхийн аварга” хэмээх алдрын буухиаг эх орондоо залгуулсан Соронзонболдын Батцэцэг Танд болон  Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлагуудад  Монгол Улсын Засгийн газрын  өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ баяр хүргэж  байгаагаа илэрхийлье.

    Сингапур улсад зохиогдсон Залуучуудын зуны олимпийн анхдугаар наадмаас Монголын тамирчид ихэр аваргыг төрүүлсэн баярт мөчөөс хойш сар хүрээгүй хугацаанд чөлөөт бөхийн төрөлд Дэлхийн аваргатай болсон тухай сайхан мэдээг эх орон, ард түмэн тань сэтгэл  догдлон бахдал дүүрэн хүлээж авлаа. Чөлөөт бөхийн төрөлд 35 жилийн дараа дэлхийн аваргын эрхэм алдрыг хүртсэн    С.Батцэцэг Таны тэвчээр хатуужил, хүч хөдөлмөр, оюун ухаан  тамирчид, залуучуудын бахархал болж араасаа олон аваргуудыг төрүүлнэ гэдэгт итгэж байна. Танд болон чөлөөт бөхийн багийн хамт олонд спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд” гэжээ.