Ангилал: мэдээ

  • Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн (НҮБХХ) Суурин төлөөлөгч Хатагтай Сезин Синаноглуг 2010 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд хатагтай С.Синаноглуд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчөөр томилогдсонд нь баяр хүргээд, хоёр талын хамтын ажиллагаа амжилттай хөгжсөөр ирснийг уулзалтын эхэнд тэмдэглээд, НҮБ-ын тусламж, дэмжлэг, хамтын ажиллагаа нь манай орны хөгжлийн зорилтуудад ихээхэн хувь нэмэр оруулдаг бөгөөд үүнд Суурин төлөөлөгчийн газар гол үүрэг гүйцэтгэж байгааг хэллээ.

    НҮБ-ын Хөгжлийн Тусламжийн Хөтөлбөр нь (UNDAF) Монгол Улсын эн тэргүүний зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх НҮБ-ын системийн стратегийн үйл ажиллагааны хүрээг тодорхойлдог бөгөөд Монгол Улс UNDAF 2012-2016-г бэлэн болгоход бүрэн дэмжиж, хамтран ажиллаж байгаа гэдгийг тэрээр онцолсон юм. НҮБ-ын Мянганы Хөгжлийн Зорилтуудад заасан үзүүлэлтүүдийн биелэлтийг Монгол Улс 2015 он гэхэд хангахын тулд чармайн ажиллаж багагүй амжилтад хүрсэн. Харин ядуурал, жендерийн эрх тэгш байдал, байгаль орчин зэрэг зарим зорилтын хүрээнд үзүүлэлтүүд нь удаашралтай байгаа бөгөөд үүн дээр Засгийн газар төвлөрөн ажиллаж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

    Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны хүрээ, хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлох, ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаагаа нэгтгэх зорилгоор Засгийн газар, НҮБ, ТББ, олон нийтийн төлөөлөл оролцуулсан семинар ойрын үед зохион байгуулах санаачилгыг Ерөнхий сайд гаргалаа. Хатагтай С.Синаноглу халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг улам дэлгэрүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гээд, Монгол Улсын МХЗ-ын үзүүлэлтийг хангахын төлөө идэвхтэй ажиллаж байгааг өндрөөр үнэлж байгаагаа хэллээ.

    Түүнчлэн дэлхий нийтийн тулгамдсан асуудал болох цаг уурын өөрчлөлт, цөлжилтийн асуудалд Монголын Засгийн газраас онцгойлон анхаарч, тус асуудлаар говьд хуралдан тодорхой шийдвэрт хүрсэн явдал нь дэлхий нийтийг анхаарлыг тус асуудалд хандуулсан алхам болсон. Энэ нь Монгол Улсын бүтээлч санаачилга бөгөөд дээрхи асуудлыг шийдэх зориг төгс байгаагийн илэрхийлэл байлаа гэдгийг тэрээр онцолсон юм. Ерөнхий сайдын гаргасан санаачилгыг хатагтай С.Синаноглу бүрэн дэмжиж байна гээд, цаашид хөгжлийн бодлогын аливаа асуудлаар НҮБ хамтран ажиллаж, тусалж, дэмжихэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ

  • Энэтхэг, Вьетнам, Францын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав

    Энэтхэг, Вьетнам, Францын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Энэтхэг, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас манай улсад суух Элчин сайдаар томилогдсон Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд  Сатбир Сингх, Хоанг Таун Тхинь нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, ажлын амжилт хүслээ. 
    Мөн Бүгд Найрамдах Франц Улсаас (БНФУ) Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жан-Поль Дюмоныг хүлээн авч уулзлаа.

    Монгол- Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд гаргахыг чухалчлав
    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас (БНЭУ) Монгол Улсад суухаар шинээр томилогдсон Элчин сайд Сатбир Сингхийг 2010 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол-Энэтхэг улсууд нь түүхэн уламжлалт оюун санааны хэлхээ холбоотой бөгөөд хоёр талын харилцаа эрт дээр үеэс улбаатай гэдгийг тэмдэглэлээ.

    Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагааны уламжлалт соёл, боловсролын салбарын харилцаа идэвхтэй хөгжиж байна. Цаашид хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргахын тулд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд онцоллоо. Хоёр талын хамтын ажиллагааны механизмыг улам боловсронгуй болгоход цаашид анхаарч, тухайлбал тодорхой салбарууд дээр хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах боломжтой юм гэж Ерөнхий сайд хэлэв.

    Ноён Элчин сайд хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргахын тулд харилцааны уламжлалт салбаруудаас гадна бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллах болно гээд, харилцан албан уулзалт, айлчлал, солилцоог эхний ээлжинд байнгын, хэвшмэл болгохыг чухалчилж байгагаа илэрхийллээ. Энэтхэгийн томоохон, нэр хүнд бүхий хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулахыг ихэд сонирхож байгаа. Есдүгээр сарын сүүлчээр Энэтхэгийн бизнесийн төлөөлөгчид Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНЭУ-ын Уул Уурхай асуудал эрхэлсэн сайдыг айлчлуулах боломжийг судалж байна гэж Элчин сайд С.Сингх хэллээ.

    Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Франц Улсаас (БНФУ) Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жан-Поль Дюмоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. 

    Ерөнхий сайдыг Вьетнамд айлчлахыг урилаа
    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСВУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдоод удаагүй байгаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Хоанг Таун Тхинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд нь амжилт хүслээ. Хоёр орны хооронд бараа солилцоо нэмэгдэж, хүнс хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эрүүл мэнд, аялал жуулчлал болон олон нийтийн байгууллагууд хооронд хамтын ажиллагаа өргөжиж байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэлээ.

    Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Хоанг Таун Тхинь нь 1977-1982 онд манай улсын ХААДС-ийг төгссөн, Монгол дахь БНСВУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан монгол зан заншил уламжлал, түүх соёлыг мэддэг, монгол хэл сайн эзэмшсэн дипломатч ажээ. Хоёр орны харилцааг шинэ түвшинд хөгжүүлэхэд Эрхэмсэг ноён Элчин сайдын манай орны талаарх мэдлэг том дэмжлэг болно гэдэгт итгэж байгаагаа Засгийн газрын тэргүүн С.Батболд илэрхийлэв.

    Мөн Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын 14 дүгээр хуралдаан амжилттай болж өнгөрсөнд баяр хүргээд хоёр орны хооронд эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжүүлэхэд чиглэсэн комиссын шийдвэрүүдийг ажил хэрэг болгоход Элчин сайд Хоанг Таун Тхинийг идэвх гаргаж ажиллахыг хүслээ.

    Монгол Улс АСЕАН-ы орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд дурьдаад “АПЕК болон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт, АСЕАН-ы хамтын ажиллагаанд оролцох манай эрмэлзлэлийг Вьетнам нөхөд маань цаашид ч дэмжинэ гэдэгт найдаж байна” гэлээ. Ноён Элчин сайд Хоанг Таун Тхинь уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг БНСВУ-д айлчлахыг урьсан Ерөнхий  сайдынхаа урилгыг дамжууллаа.

    2009 онд хоёр орны худалдааны эргэлт 8,9 сая ам.долларт хүрсэн бөгөөд Вьетнамын талын экспорт давамгайлж байгаа.  Боловсролын яамд хорондын хэлэлцээр болон хувийн зардлаар Монголоос 55 оюутан Вьетнамд, Вьетнамаас 19 оюутан манай улсад суралцдаг юм байна

  • Иргэдийн санал тогтоол боллоо

    Иргэдийн санал тогтоол боллоо Монгол улсын Ерөнхий сайд энэ зуны турш орон нутагт томилолтоор ажилласан билээ. Тэрбээр Засгийн газрын бодлого шийдвэр үйл ажиллагааг иргэддээ мэдээлж, малчдын амьдралыг газар дээр нь очиж танилцсан юм. Засгийн газрын тэргүүн одоогийн байдлаар баруун есөн аймаг буюу Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайд, говийн дөрвөн аймаг болох Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, төвийн бүсийн Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан Уул аймгуудад тус тус ажиллаад байна.

    Иргэдийн Засгийн газартаа итгэх итгэл улам нэмэгдэж, хамтарсан Засгийн газар хамтраад юм хийж чадаж байна гэх урам очсон газар бүрт анзаарагдаж байсныг Ерөнхий сайд баруун аймгуудад ажилласны дараа Засгийн газрын хуралдаан дээр танхимын гишүүддээ  мэдээлэл хийхдээ хэлж  байсан. Гүйцэтгэх засаглалын  тэргүүн орон нутагт ажилласан томилолтоороо аймаг бүрээр төлөвлөгөө гарган ажиллахаар болж байгаа бөгөөд баруун аймгуудынхаа төлөвлөгөөг баталлаа.

    Энэхүү төлөвлөгөөний дагуу засгийн газрын тогтоолд Ерөнхий сайд С.Батболд гарын үсэг зуржээ. Тус тогтоолд дурдсанаар “ Төвөөс алслагдсан баруун аймгийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх болон тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тэдгээрт алслагдсан бүсийн нэмэгдэл олгох асуудлыг судалж, санал боловсруулан энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулах”-ыг Сангийн сайд С.Баярцогт болон НХХ-ийн сайд Т.Ганди нарт даалгасан байна. 

    Өөр нэг чухал заалт бол  “Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг  2011 оны улсын төсөв болон эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах”-ыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Мөн “Хүнсний ногоо тарих, хадлан тэжээл бэлтгэх талаар иргэдээс гарч байгаа санаачилгыг дэмжиж, бага оврын тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт хөнгөлттэй үнээр нийлүүлэх асуудлыг судалж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2011 оны улсын төсөв, зээл, тусламжийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авах”-ыг ХХААХҮ-ийн сайдад даалгасан байна. 

    “Хөдөө аж ахуйн бирж болон мах боловсруулах үйлдвэрийн сүлжээ байгуулах, малгүй болсон малчдын банкны зээлийн өрийн зарим хэсгийг Хүний хөгжил сангаас иргэн бүрт хүртээх хишиг, хувиас нөхөн төлүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх аравдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах”-ыг ХХААХҮЯ болон НХХ-ийн яаманд тус тус энэхүү тогтоолоор  үүрэг болголоо.

    “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, сангаас олгох зээлийн хэмжээ, нөхцөл шаардлагыг  өөрчлөх асуудлыг судалж шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авах”-ыг Т.Бадамжунай сайдад даалгав. “Байгаль орчныг хамгаалах чиглэлээр иргэд, төрийн бус байгууллагаас тавьсан санал хүсэлтийг нэг бүрчлэн судалж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллан шийдвэрлэх арга хэмжээ авах”-ыг БОАЖ-ын сайд Л.Гансүхэд мөн даалгалаа. “Могойнголын нүүрсний уурхайг түшиглэн дулааны цахилгаан станц барих, Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан, энэ есдүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулах”-ыг ЭБЭХ-ий сайдад үүрэг болгов. 

    Энэхүү тогтоолын төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах арга хэмжээ авч байхыг Сангийн сайд С.Баярцогт, холбогдох сайд нарт, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт тус тус даалгасан байна. Ийнхүү  Ерөнхий сайдын орон нутагт ажиллах үеэр иргэдээс гарсан санал хүсэлт биеллээ олох эхний алхам  хийгдлээ

  • Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрөгч амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутаг Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, иргэд, тариаланчдаа сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Ерөнхий сайдын албан томилолтын бүрэлдэхүүнд Засгийн газрын зарим сайд нар, яам, харьяа байгууллагын удирдлагууд багтаж ажиллалаа.

    С.Батболд: Гурил экспортлогч орон болох боломж манай улсад байна
    “Атрын 3 дугаар аян”-ы Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хамтарсан Засгийн газар хүн амынхаа гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавьж тодорхой олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн бодит үр дүн гарч байна гэж тариаланчид ярьж байна. Энэ онд  330 гаруй мянган тонн улаан буудай хураан авна гэсэн тооцоог ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд гаргажээ. Төлөвлөсөн ургацаа авах боломжтой гэж тариаланчид гүйцэтгэх засаглалын тэргүүнд тайлбарлаж байсан юм.

    Ийм хэмжээний ургацаар 250 мянга орчим тн гурил үйлдвэрлэж, эх орныхоо гурилын хэрэгцээг бүрэн хангана гэдэгт итгэлтэй байна. Үүгээр зогсохгүй үр тариа, гурил экспортлогч орон болох боломж ч манай улсад бүрэн байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн ундарга” ХХК болон Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Ундрагч” ХХК-ийн ургац хураалтын явцтай танилцах үеэрээ онцоллоо.

  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа

    Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа Наадмын дараагаас төвийн болон баруун бүсийн 9 аймаг, мөн говийн 4 аймагт албан томилолтоор ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын энэ удаагийн томилолт үйлдвэрлэл, газар тариалангийн гол бүс нутгууд болох Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт үргэлжиллээ. Засгийн газрын тэргүүн С.Батболд иргэдтэй уулзах үеэрээ “Олон түмэнтэйгээ уулзаж, та нарынхаа саналыг сонсож байгаа нь Засгийн газрын ажлын нэгэн хэлбэр юм” гэлээ.

    Орон нутгийн иргэдийн сэтгэлийг зовоож буй гол асуудал нь ажлын байрны хүрэлцээ бага байгаагаас залуучууд ажил эрхлэхгүй байгаа явдал юм. Тиймээс ахмадуудын тэтгэврийн мөнгөөр амьдралаа залгуулж буй айлууд олон байна. Үүний зэрэгцээ монгол залуучуудын ажлын байрыг гадаадын ажилчид эзлээд байгаад бухимдах иргэд олон байлаа. Иргэдийнхээ санал бодлыг сонссон Засгийн газрын тэргүүн хэд хэдэн асуудлыг онцолж ярилаа. Эдгээрийн нэг нь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүдэд мэргэжлийн ажилчин бэлтгэх асуудал юм.

    Мэргэжилтэй ажилчин бэлтгэх зорилгоор Засгийн газраас 50 гаруй тэрбум, Оюутолгой төслөөс мөн ийм хэмжээний хөрөнгө зарж мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн техник, тоног төхөөрөмжийг шинэчилж байна. Эдгээр төвд залуучуудыг ямар нэгэн төлбөргүйгээр сургахаас гадна суралцах хугацаанд нь тэтгэмж олгоно. Зах зээлд эрэлт хэрэгцээ багатай мэргэжлээр их, дээд сургуульд сурч, суралцах хугацаандаа төлбөрийн дарамттай, төгсөөд ажлын байргүй, ажилгүй иргэдийн тоог нэмж байсны оронд инженер, техникийн ажилтан, гагнуурчин, бетон зутгагч, засварчны мэргэжил эзэмшвэл ажлын байр бэлэн байгаа төдийгүй гадаадад хар ажил хийх шаардлагагүй болно.

    Эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож хангалттай цалин авч сайхан амьдрах боломж байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн Оюутолгой, Тавантолгой төслийн бүтээн байгуулалтад оролцож байгаа залуучуудын цалин хангамж, ажлын байр, амьдрах орчны таатай нөхцөлөөр жишээ татан тайлбарлаж байлаа. Монгол Улсад уул уурхай, дэд бүтцийн салбарт ажлын байр олноор бий болж, түүнд ажиллах хүсэл сонирхолтой залууст мэргэжлийн дадал, ур чадвар олгох сургуулиуд нь бэлэн болж байна.

    Энэ онд л гэхэд 3000 гаруй залуучуудыг ямар нэгэн төлбөргүйгээр МСҮТ-д сургахаар Засгийн газраас шийдвэрлэсэн бөгөөд орон нутгаас суралцах залуучуудын санал авч тодорхой квот гаргаж сургаж эхлээд байна. Одоо гагцхүү суралцагч, залуучуудын маань өөрсдийн сахилга хариуцлага, санаачилгатай байдлаас л цаашдын сайхан амьдралын баталгаа шалтгаалах болно гэдгийг сайтар анхаарах ёстой. Үүнд хүсэл зориг нэгдэж, идэвхтэй оролцож, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцахыг хүүхэд, залуучуудад уриалж байлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтуудын төгсгөлд дүгнэж хэлсэн үгэндээ энэ “Ажлын байрны асуудал очсон газар бүрт хөндөгдөж байна. Манай Засгийн газрын нэгдүгээрт тавьж буй зорилт маань иргэдээ ажлын байртай болгох. Энэ ажил маань шуурхай үр дүнгээ өгөх эсэх нь иргэд та бүхнээс шалтгаалах юм. Өнгөрсөн хавар шийдсэн томоохон бүтээн байгуулалтын шийдлүүд шинээр ажлын байр бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Он гарсаар Оюутолгойд ажиллагсдын тоо 1100 гаруй хүнээр нэмэгдэж, өнөөдөр тэнд 3600 гаруй монгол ажилчин ажиллаж байна. Ойрын жилүүдэд 6000 хүртэл ажлын байр нэмэгдэх хандлага байна.

    Үүнээс гадна хувийн хэвшлийнхэн Өмнөговь аймгийн Ухаахудаг, Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний орд, Сэлэнгийн Төмөртэйн орд газрын олборлолтыг эхлүүлж, түүнийг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт  анх удаа үндэсний мэргэжилтэн, ажилчдын хүч хөдөлмөрөөр дулааны цахилгаан станцыг барьж байгуулж байна. Ажлын байр олноор бий болох хандлага байна. Эдгээр бүтээн байгуулалтад мэргэжилтэй ажилчид өгөөч гэж аж ахуйн нэгжүүд хүсэлт тавиад байна. Тиймээс ч иргэдээ үүнд бэлтгэхийн тулд Засгийн газар өөрөөс шалтгаалах бүхнийг хийж байна гэсэн юм.

    Мөн “Говийн аймгуудаар ажиллахдаа Оюутолгойн бүтээн байгуулалттай танилцлаа. Говь нутаг маань сэрж байна. Оюутолгой төсөлд гаднын ажилчид олноор ажиллаж байна гэж байна. Засгийн газар аль болох монгол залуучуудаа ажилтай байлгах бодлого барьж байна. Оюутолгойн үндсэн олборлолт эхлэхэд Эрдэнэт үйлдвэрээс гурав дахин илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргана. Энэ нь манай улсын эдийн засагт үр өгөөжтэй. Энэ үйлдвэрт цаашдаа монгол ажилчид давамгайлж ажиллана гэдгийг та бүхэндээ хэлэх байна” гэлээ.

    Өнөөдрийн байдлаар л гэхэд тав, зургадугаар зэрэглэлийн  1300 гаруй гагнуурчин өгөөч ээ гэсэн хүсэлтийг компаниуд Засгийн газарт тавиад байна. Гэтэл Монгол Улсын хэмжээнд өндөр зэрэглэлийн 130 гаруйхан л гагнуурчин байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллага гаргаад байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ийм жишээ татсаныхаа дараагаар  “Тэгэхээр бид энэ ажлын байранд тэнцэж ажиллах залуусыг бэлтгэмээр байна. Тиймээс ч Засгийн газрын зүгээс Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд ажилгүй, ажил идэвхтэй хайж байгаа иргэдээ сургах ажлыг эрчимтэй зохион байгуулж эхлээд байна.

    Энэ бүгдэд харилцан чармайж, залуучууд маань хичээнгүйлэн суралцах ёстой” гэдгийг очсон газар бүртээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд онцлон ярьж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцахыг урьж байлаа. Бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрүүдийг УИХ, Засгийн газраас гаргасан. Эдгээр ажлууд хэрхэн хэрэгжиж байна, орон нутгийн ажил амьдрал ямар байна гэдэгтэй танилцах, ирэх хоёр жилд, түүнээс цаашхи хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх нь гүйцэтгэх засаглалын тэргүүний хөдөө орон нутагт хийж буй томилолтын зорилго юм.

    “Албан томилолтын үр дүнгээр Засгийн газрын хуралдаан хийж,  хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж эхлээд байна. Баруун бүсийн есөн аймгаар явахад гарсан зөв зүйтэй санал санаачилгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ажил хэрэг болгохоор шийдвэрлэсэн. Говь болон газар тариалангийн бүс нутгийн ажилтай танилцахад гарсан асуудлуудыг ч мөн шийднэ” гэдгээ Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж байлаа. Иргэд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд хандаж Засгийн газрын хуралдаанаар оюутнуудын сургалтын төлбөрийн асуудлыг хэлэлцэн тогтоол гаргаж их, дээд сургууль, коллежийн суралцагчийн төлбөрөөс 500 мянган төгрөгийг ирэх оны нэгдүгээр сараас Хүний хөгжил сангаас бэлэн бусаар олгохоор шийдвэрлэснийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

    Үүний адил тэтгэврийн зээлтэй байгаа ахмадуудын банкны зээлийн өрийг Хүний хөгжил сангаас тэдэнд олгох мөнгөөр хааж өгөөч гэсэн хүсэлт уулзалт бүрт хөндөгдөж байв. Мөн жижиг дунд үйлдвэрийн зээлийн хугацааг сунгаж  өгөөч гэсэн санал олонтаа гарч байлаа. Иргэдээс гарсан санал, санаачилга, хүсэлтийг судалж, зохих арга хэмжээг авах болно гэдгээ Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд хэлж байлаа

  • Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ

    Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээМонгол улсын Ерөнхий сайд С.Батболд есдүгээр сарын 3-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллалаа. Хур бороотой угтсан боржигон нутгийнхан Засгийн газрын тэргүүнийг тун бэлэгшээж байв. Дэд бүтэц, зах зээлийн давуу тал ихтэй Говьсүмбэрчүүдийн өмнө олон олон боломжууд нээлттэй байгааг Ерөнхий сайд С.Батболд очсон газар бүртээ онцолж байлаа.

    Зам дагаж хөгжил

    Чойр- Сайншандын чиглэлийн 176.4 км хатуу хучилттай замын барилгын ажлын нээлтэд оролцохдоо Ерөнхий сайд ийн онцлон тэмдэглэлээ. Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр босч байгаа энэ замын анхны гэрээ хэлэлцээрийг ерөнхий сайд С.Батболд гадаад хэргийн сайд байхдаа эхлүүлж байсан түүхтэй.  Босоо тэнхлэгийн хувьд ОХУ, БНХАУ-тай шууд холбогдох, эдийн засгийн хувьд ач холбогдол нь өндрөөр үнэлэгдэх  энэ зам 43  сая ам.долларын хөрөнгө оруулалтаар босч байгаа юм байна.

    Гүйцэтгэгчээр гадаад дотоодын 20 гаруй  компани өрсөлдсөнөөс БНСУ-ын “LG” группын салбар  “LIG Engineering” компани шалгарчээ. Солонгосын лабораторид туршилт хийсэн, ямартаа ч 10-20 жилийн турш монголын цаг агаарын нэмэх, хасах 40 хэмд ямар ч гэмтэлгүй, өндөр стандартын зам барих болно гэдгийг тус компанийхан амалж байна. Энэ замыг 2013 оны есдүгээр сарын 1-нд хүлээлгэн өгөх ажээ. Цементэн давхар хучилттай, өмнөх замаасаа нэг метрээр өргөн болох юм байна.

    Монгол ажилчдыг ажиллуулж байгаагаараа онцлог ажээ. Монгол улсын Засгийн газраас хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлж байгаагийн нэгд Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах том ажлын хүрээнд энэ зам ашиглалтад орж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцолж байлаа. Түүнчлэн Европ Азийг холбосон энэ зам орон нутгийн хөгжилд ч  ач тустайг  мөн тэмдэглэж байв. Монгол улсын эдийн засгийн бодлогын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах энэ замын ажилд хөрөнгө оруулалт хийж байгаа Америкийн ард түмэнд гүн талархал илэрхийлж байгаагаа бас дурдсан юм.

    Энэ замаар транзит тээврээс  эхлээд урсгал  нэлээн ихтэй зам байх тооцоо гараад байгааг ЗТБХБ-ын яамны  төрийн нарийн бичгийн дарга Ж. Бат-Эрдэнэ ярилаа.Чойрын богд хэмээх их хайрханы хажууд замын барилгын ажил  эхэлж  байгаад нутгийн зон олон ам сайтай байсан төдийгүй,   энэ хайрхан ээлээ өгнө гэдэгт итгэж байгаагаа ч тэд нуусангүй.

    Шивээ овоогийн нүүрсний уурхайтай  танилцлаа

    Ерөнхий сайд С.Батболд Говьсүмбэр аймагт ажиллах томилолтынхоо хүрээнд Шивээ- Овоогийн уурхайд очиж, тус уурхайн ажил байдалтай танилцлаа. Тус уурхай нь байгуулагдаад 20 жил болж байгаа бөгөөд нийтдээ 44.5 сая шоо метр нүүрс хуулж, 11.7 сая тонн нүүрс олборложээ. Эдүгээ тус компани 29тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна гэх урам муутайхан үгээр тус компанийхан Ерөнхий сайдыг угтлаа. 1998 онд Японы Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр тус уурхай тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн хэдий ч эдүгээ тоног төхөөрөмжийн үнэ болоод элэгдлийн зардал өндөр, мөн нүүрс бодит өртгөөс бага үнэлэгдэж байгаа нь алдагдалд орох үндсэн шалтгаан болсныг Шивээ- Овоо нүүрсний уурхайн захирал Х.Балсандорж тайлбарлаж байсан.

    Мөн жил ирэх тусам уурхай гүнзгийрч тухайн жил бүртээ хөрсөө хуулж чадахгүй байгаагаас одоогийн байдлаар 8.6 сая шоо метр хөрсний хоцрогдолд ороод байгаа аж. Түүнчлэн тус компанид  лиценцийн асуудал буйг ч хэлж байсан. Гэвч тус компанийхан алдагдалтай ажиллаж байна гээд гар хумхиад суусангүй. Уурхайгаас олборлож байгаа 47 хувийн дундаж чийглэгтэй нүүрсийг хатаах замаар чийглэгийг бууруулах, илчлэгийг нэмэгдүүлэх ийм үйлдвэрийг байгуулсан бөгөөд эндээс зургаан тэрбум төгрөгийн орлогын тооцоог харж байгаа юм байна.

    Уурхайн тээвэртэй хөрс хуулалтын зай нэмэгдэж, зардал өсч байгаатай холбогдуулан хөрсний тээврийн өөрийн өртгийг бууруулах, бүтээлийг нэмэгдүүлэх зорилгоор хөрс тээврийн 2.5км конвейерийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ирэх жил үүнийг ашиглалтад оруулснаар хөрсний тээврийн өөрийн өртөг 1.5 дахин буурч жилдээ гурван тэрбум төгрөгийн зардал хэмнэх тооцоог гаргасан байна. Мөн дотоодын  нүүрсний тээврийн зайг хоёр км-ээр богиносгох замаар конвейерийн  системийг нэвтрүүлснээр нүүрс гаргалтын өөрийн өртөг 2.7 дахин буурч, 700-гаад сая төгрөгийн хэмнэлт гарч байгааг танилцуулж байсан.

    Энэ ажлыг Ерөнхий сайд тун сайшаасан бөгөөд өртгөө багасгаад, тээвэрлэх технологио өөрчилнө гэдэг маш чухал гэдгийг онцоллоо.  Үр ашигтай төслүүдийг авч үзээд, зөв арга технологийг Засгийн газар дэмжин ажиллах болно гэдгийг энэ үеэр тэмдэглэн хэлэв. Мөн ирэх оны төсөвт  Шивээ-овоо уурхайд төсөвлөсөн мөнгө хасагдсан шалтгааныг судалж үзэхийг Эрдэс баялаг эрчим хүчний  дэд сайд Т.Энхтайванд үүрэг болголоо. Харин эрчим хүчний үнийг тодорхой хэмжээнд барих үүднээс нүүрсний үнэ баригдаад байгаа шалтгааныг сонссон Ерөнхий сайд эрчим хүчний үнийг ялгавартай гаргаад, тарифыг тогтоох бодлогыг Засгийн газар дэмжиж байгааг тэмдэглэж байсан.

    Уул уурхайн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх жишиг сургууль болно

    Уул уурхайн чиглэлийн ажил олгогч томоохон компани, холбогдох яам, мэргэжлийн байгууллагуудын явуулсан шалгаруулалтаар Говьсүмбэр аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь жишиг сургууль болох үзүүлэлтийг хангажээ. Тус төвийн үйл ажиллагаатай Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд танилцлаа. Тус мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв нь   уул уурхайн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх жишиг сургууль болох бөгөөд Монголын мянганы сорилтын сангаас 2.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.

    Энэ ажлын хүрээнд сургалтын дадлагын барилгыг 2011 онд шинээр барьж байгуулах бөгөөд хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдох ажээ. Уул уурхайн хүнд машин механизмын оператор, гидравлик хий шингэн, механик, цахилгаан электроник, мехатроник, токарь, гагнуур, дотоод шаталтын хөдөлгүүр  зэрэг мэргэжлээр эдүгээ тус сургуульд бүх аймаг орон нутгаас 600 орчим оюутан ирж суралцаж байна. Уул уурхайн томоохон компаниудаас ажлын байрны захиалга ихээр ирдэг бөгөөд төгсөгчдийн 90-ээс дээш хувь нь ажлын байраар бүрэн хангагддаг ажээ.

    Уурхайд ажиллагсдыг 24-өөс дээш хэмээн  насны хязгаарлалт хийж байгаа нь одоогийн байдлаар бага зэрэг хүндрэл учирч байгаа гэнэ. Учир нь 18-19 насандаа тус төвд орсон тэд сургуулиа төгсчихөөд хоёроос гурван жил ажилгүй  байж болохгүй юм. Энэ асуудалд зохицуулалт хийж өгөх хэрэгтэйг Ерөнхий сайд холбогдох яам, газрын ажилтнуудад үүрэг өглөө. Дараа нь Ерөнхий сайд оюутнуудтай уулзсан юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “ Оюутнууд та бүхэн их боломжит нөхцлийн өмнө ажил мэргэжлийн гараагаа эхэлж байна.

    Монгол улсын хөгжлийн зангилаа болсон энэ нутагт  МСҮТ өргөжих нөхцөл бүрдэж байгаа нь сайшаалтай. МСҮТ-ийг аймаг орон нутгаар нь, бүс нутгаар нь дэмжих бодлогыг Засгийн газар барьж байна. Уул уурхайн томоохон компани, хувийн хөрөнгө оруулагчидтай хамтран монголдоо өндөр мэргэжил, мэдлэгтэй боловсон хүчин бэлдэх нь хамгийн том зорилт болж байна” хэмээн тэмдэглээд оюутнуудад сурлагын өндөр амжилт хүссэн юм.

    Говьсүмбэрчүүдийн өмнө өргөн их боломж байна

    Тус аймгийн иргэдтэй уулзах үеэрээ Ерөнхий сайд С.Батболд  бас дахин ийн онцлон тэмдэглэсэн.  Говьсүмбэр  аймгийн  хувьд зам, тээвэр, харилцаа, холбоо, эрчим хүч зэрэг давуу талууд нь бусад аймгаа бодоход хөгжлийн томоохон өргөн их боломж гэдгийг ерөнхий сайд дурдаад, цаашид орон нутгийн төдийгүй улсын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулахуйц бүтээн байгуулалтын ажил өрнөх болно гэдгийг онцоллоо. Засгийн газрын тэргүүнийг ирсэн дээр нь гэсэн шиг   Говьсүмбэрчүүдийн хувьд асуулт асууж, хариулт авах гэсэн иргэд бишгүй их байлаа.

    Тэд хүүхдийнхээ сургалтын төлбөрөөс эхлээд Шивээ овоогоос нутгийн иргэддээ хувь хүртээх боломж бий эсэх, аймгийн Хөгжимт драмын театрыг шинэ байртай болгож өгөх , аймгийн нэгдсэн эмнэлгийн байрыг томсгож өгөх,  хүүхдийн байгууллага одоо болтол байргүй байна, их дээд сургуулиудын багш нар оюутнууддаа номоо шахаж байна гэх мэтээр ерөнхий сайдын тодотгосноор асуудал бага, жижиг  гэж байдаггүй  энэ мэт олон  асуудлыг гүйцэтгэх засаглалын тэргүүнээс  асууж хариултыг авч байв.

    Томоохон аймагт орох Говьсүмбэрийн нэгдсэн эмнэлэг хүн эргэх зайгүй шахам талбайд толгой хоргодож байгаад Ерөнхий сайдын санаа   их зовсон.  Тиймдээ ч ирэх оны төсөвт энэ асуудлыг тусгаж өгөхөө амалж байв. Бодлого зорилтоо “Хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн” хэмээн тодорхойлж байгаа Засгийн газрын хувьд эмэгтэйчүүд нь төрөх эмнэлэггүй, өвдсөн иргэд нь хэвтэх эмнэлэггүй байж болохгүй гэдгийг тэрбээр онцлон дурдаж байлаа.

    Ерөнхий сайд С.Батболд тэдэнтэй уулзаж хэлсэн  үгэндээ” Сая би ирэх замдаа Чойр-Сайншандын чиглэлийн 176.6 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлтэд оролцож, Шивээ –Овоогийн уурхай, Уул уурхай барилгын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 500 гаруй залуучуудыг уул уурхайн нарийн мэргэжил эзэмшүүлэн төгсгөж, 700 гаруй оюутанг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэхээр сургаж байна.

    Тэд зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн мэргэжил эзэмшин Оюутолгой, Тавантолгой, Бор-өндөр, Цагаан суварга, Сайншандын хүнд үйлдвэрийн цогцолбор болон бусад уул уурхай , авто замын барилгын компанид ажиллах боломж танай аймгийн залуучуудын өмнө нээлттэй байна. Уул уурхайд түшиглэсэн үндэсний аж үйлдвэржүүлэлт, төмөр зам, шинэ бүтээн байгуулалтын зорилтыг хэрэгжүүлж эхэлснээрээ манай улс хөгжлийн шинэ шатанд шилжиж байгаа юм. Энэ бол улс төр, нийгмийн өөрчлөлтийн 20 жилийг залгаж байгаа эдийн засгийн өсөлтийн, бодит  бүтээн байгуулалтын 20 жилийн эхлэл гэдэгт эргэлзэхгүй байна.

    Ирээдүйдээ итгэлтэй байж, аймаг сум орон нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлж ажиллахыг та бүхэндээ уриалъя “ хэмээн тэмдэглэсэн юм. Мөн цаг үеийн асуудлыг хөндөж “ Зудын хор уршгийг арилгах, зутарч хохирсон малчдынхаа амьжиргааг тэтгэх зорилгоор Засийн газар тогтол гарган  “Малчин өрхийг малжуулах журам” батлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ журмаар улсын хэмжээнд малгүй болсон нийт өрхийн 50 хувийг энэ онд багтаан малжуулах юм.

    Зудын хохирлыг давахад Засгийн газрын хүчин чармайлтаас гадна аймаг  орон нутаг, иргэдийн санал санаачилга, малчдын бэлтгэл нэн чухал. Бид “ниргэсэн хойно нь хашигарах”-ын үлгэрээр ажиллаж болохгүй. Энэ нь эдийн засгийн их хохиролтой, зах зээлийн зарчимд харш гэдгийг хаа хаанаа ойлгох цаг болсон. Иймээс бид угтуулан бэлдэх, цаг хожих, хохирол бага амсах зарчмаар ажиллах ёстой” гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ анхаарууллаа. Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан 9 бүлэг, 65 үзүүлэлтээр тооцож гаргасан судалгаагаар Говьсүмбэр аймаг хөгжлийн индексээрээ улсын дунджаас үлэмж дээгүүр байранд орсон юм байна

  • Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү

    Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүүӨсвөр үеийнхний зуны олимпийн анхдугаар наадам, өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөнгөн шагнал олголоо.

    Тэрбээр тамирчдад хандаж “Засгийн газрын тэргүүний хувьд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, Төрийн далбаагаа мандуулсан өсвөр үеийн сайхан залуучууд та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Би олимпын хорооны зүтгэлтэн, спортыг дэмжигч иргэн. Хүүхдийн олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Батцэцэг алтан медаль авлаа гэсэн мэдээг Монголын олимпын хорооноос анх өгсөн. Та нарын амжилтын тухай мэдээлийг цаг мөч бүрт нь авч байлаа.

    Та бүхнийг их спортод маш сайхан ирээдүй хүлээж байна. Эцэг эх, ах дүүс, ард түмнээ баярлуулж, улс орныхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө улам илүү хөдөлмөрлөөрэй. Ийм нөхцөл боломжийг төр засаг олгож, урамшуулж байх ёстой” гэж хэллээ. Мөн “Та нар 2012 оны Лондонгийн зуны олимпын найдварууд нар шүү. Бэлтгэл сургуулилтаа улам сайн хийгээрэй” гэсэн юм. Сингапурт болсон Өсвөр үеийнхний зуны олимпын анхдугаар наадмаас алтан медаль хүртсэн Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд нарт тус бүр 36 сая, мөнгөн медаль хүртсэн О.Дөлгөөнд 5 сая 400 мянган төгрөг, мөн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнээс алтан медаль хүртсэн Ц.Хонгорзулд 12 сая, өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс алтан медаль хүртсэн А.Энхтуулд 500 мянган төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар гардууллаа.

    Тамирчдаа ийм өндөр амжилтад хүргэсэн дасгалжуулагч багш П.Жигжидсүрэн, Л.Ундралбат, Д.Мөнхбаяр, Ц.Алтантөгс, Д.Энхбаатар нарт ч мөн энэ үеэр мөнгөн шагнал олголоо

  • Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ

    Түүхэн ялалтын 65 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан баярын арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайд С.Батболд оролцож, дайнд оролцож явсан ахмад дайчдад баяр хүргэж, үг хэллээ.

    Ерөнхий сайд энд хэлсэн үгэндээ XX зууны түүхэнд бараан мөр үлдээн, хүн төрөлхтөнд гай гамшиг гашуун зовлон учруулсан дэлхийн II дайны сүүлчийн голомтыг дарсан энэ дайны ялалтын түүхэн ач холбогдол нь фашист эвслийн түрэмгий бодлогыг няцааж, дэлхий дахинд энх тайван тогтооход эргэлтийн үйл явдал болсны дээр Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан зөвшөөрүүлэх онцгой үр дагавартай байсанд оршино хэмээн тэмдэглэж байв.

    Улиран одох он жилүүдэд үл мартагдах энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг Засгийн газраас гаргаж, улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө өөрийн амь бие хүч хөдөлмөрөө зориулж явсан ахмад үеэ бахархах өдөр болгон тэмдэглэж байгаа юм. Чөлөөлөх дайнд манай улсын 24 мянган дайчин эх орныхоо төлөө тулалдаж явсан бөгөөд 960 орчим ахмадууд эдүгээ энх тунх аж төрж байгаа юм байна. Тэдэнд 65 жилийн ойн медаль гардуулж, 163 ахмад дайчдыг төрийн дээд одон медалиар шагналаа. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний үеэр 60 ахмад дайчинд орон сууцны түлхүүр гардуулан өгсөн ажээ

  • С.Батболд: Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах том боломж та бүхний өмнө байна

    С.Батболд: Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах том боломж та бүхний өмнө байна Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Солонгосын техникийн коллежийн 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

    Монгол Улсын Ерөнхий сайд оюутан залууст хандаж үг хэлэхдээ “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 45 мянган залуучууд сурч байна. Үүнээс гадна саяхан “Оюутолгой” төслийн санхүүжилтээр 3300 ажилгүй иргэдийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан сургаж мэргэшүүлэх шийдвэрийг манай Засгийн газар гаргасан. Үүнд “Оюутолгой” төслөөс 36 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж хийх юм. Үүний 23 тэрбумыг нь суралцагчдын цалин, хоол хүнсний зардалд, 13 тэрбумыг нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн чадавхийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжөөр хангахад зарцуулна” гэсэн чихэнд чимэгтэй мэдээг дуулгалаа.

    Хэдхэн хоногийн өмнө говийн аймгуудад ажилаад ирсэн Ерөнхий сайд С.Батболд “Мэргэжилтэй ажилчдыг даруй бэлтгэн гаргах шаардлага байгаа тул эхний 1000 хүнийг ирэх сарын 1-нээс, үлдсэн 2300 хүнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс сургалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаярт даалгаж, сонгон сургахдаа төв, орон нутгийн оролцоог жигд хангаж, нийт хүн амын тоотой хувь тэнцүүлэн, суралцах хүний квотыг хот, аймаг, сум, дүүргүүдэд тогтоох зарчмаар сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй зохион байгуулах үүрэг өгсөн юм. Ингэхдээ ажилгүй, хөдөлмөрийн биржид бүртгүүсэн, ажлын байр идэвхтэй хайж байгаа хүмүүсээс сонголт хийх нь зохимжтой гэж үзэж буйгаа Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ онцоллоо. Мэргэжлийн байгууллагуудын судалгаанаас харахад орын таван жилд 40 мянга гаруй ажлын байр шинээр бий болох төлөвтэй байгааг суралцагч оюутнууд, эрдэмтэн багш нарт дуулгасан юм.

    Ерөнхий сайд дараа нь тус коллежийн зарим анги танхимаар орж, суралцагчидтай уулзаж, ярилцлаа.

    Эхний орсон анги нь Оюутолгой төслийн санхүүжилтээр суралцаж буй ангийнхан байлаа. Голдуу Өмнөговь аймгаас ирсэн залуучууд тэнд суралцаж байгаа юм байна. Ерөнхий сайд С.Батболд тэдэнд хандаж хэлэхдээ “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг  эрчимжүүлэх, идэвхжүүлэх, бодитой ажил болгох зорилт тавиад бид бүх талаас нь бодлогоор дэмжиж байгаа. Энэ нь бодитой ажил болж байна. Засгийн газраас дэмжихийн зэрэгцээ хамгийн гол зүйл нь бүтээн байгуулалтын ажил ид өрнөж нарийн мэргэжилтэй боловсон хүчний эрэлт хэрэгцээ, ажлын байрны шаардлага их байгаа нь үүнтэй холбоотой юм.     

    Засгийн газрын шийдвэрүүд бодитой ажил болох ийм нөхцөл Монгол Улсын маань өнцөг булан бүрт өрнөж байна. Өндөр мэргэжилтэй, өрсөлдөх чадвартай мэргэжлийн боловсон хүчнээ бид өөрсдөө бэлтгэж чадаж байвал гадаадын мэргэжилтэн авах шаардлага байхгүй. Ийм боломж манай улсад бүрдээд байна. Та нар минь хичээн суралцаарай. Би сая говийн аймгуудад ажиллаад ирлээ. Тэнд, уурхайд та нар шиг залуучууд ажиллаж, дундаж нь 890 мянган төгрөгийн цалин авч байна. Тэдний амьдрах орчныг ч сайн бүрдүүлжээ. Энэ бүхэнтэй танилцаад ирсэн хүний хувь та бүхэнд зөвлөж байгаа юм” гэж зөвлөлөө.  

    Түүнчлэн “Манай залуучууд хар бор ажил хийх гэж гадаад орныг зорьж байна, Элчин сайдын яамдын үүдэнд зогсож байна.  Ингэхийн оронд эх орондоо бүтээлчээр ажиллаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, өөрсдийнхөө ахуй амьдралыг дээш нь татаж чадах мэргэжилтэй, чадвартай боловсон хүчин болох бүх  боломж та бүхний өмнө нээлттэй байна” гэж хөдөө орон нутгаас нарийн мэргэжил эзэмшихээр ирсэн тэдгээр залууст гүйцэтгэх засаглалын тэргүүн захилаа.  

    Монгол Солонгосын технологийн коллежид энэ жил шинээр 500 оюутан авчээ. Эднээс гадна 1000 залуус суралцах хүсэлтээ өгөөд байгаа юм байна.

    Ерөнхий сайд энэ мэдээллийг сонсоод “Суралцъя, нарийн мэргэжил  эзэмшье гэсэн ийм хүсэл эрмэлзлэл өндөр залуучууд олон байгаад  сэтгэл хангалуун байна. Засгийн газрын зүгээс хөдөлмөрийн зах зээлд хүлээгдэж, шаардагдаж байгаа мэргэжилтнүүдийг МСҮТ-үүдтэйгээ хамтраад бэлтгэх бодитой ажлын эхлэл нь энэ хичээлийн шинэ жил боллоо.  Залуучуудын сурах боломжийг өргөтгөхийн тулд аж ахуйн нэгж, байгууллагуудтай уялдаа холбоотой байж, хамтран ажилахыг Засгийн газар зорьж байна. Хамгийн гол нь төгсөж гарч байгаа залуучууд маань ажлын байраар бүрэн хангагдсан байх, хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээ байгаа нарийн мэргэжлийг чадварлаг эзэмшсэн байх ийм боломжийг бий болгоно” гэдгээ эрдмийн энэ өдөр залуучууд та бүхэндээ дуулгахад таатай байна” гэлээ.

    Хөнгөн үйлдвэрийн мэргэжилтэй ажилчид бэлтгэж ирсэн тус сургууль нь энэ уламжлалаа үргэлжүүлэхийн зэрэгцээ нийгмийн хөгжил, шинэтгэл, өөрчлөлттэй уялдуулан эрэлтэд тулгуурласан мэргэжлүүдээр сургалтаа өргөжүүлж , энэ хичээлийн жилд мэргэжлийн боловсрол олгох сургалтад нийт 2760 суралцагч хамруулж байна.

    Монгол Улсын Засгийн газрын Үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх бодлогын хүрээнд томоохон төслүүд хэрэгжиж, , энэхүү бүтээн байгуулалтад олон улсын түвшний стандартад нийцсэн өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн шаардагдаж байгаа энэ үед  тус коллежийн гүйцэтгэх үүрэг чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд онцолж байлаа. 

    Тус коллеж нь “Вагнер-Ази тоног төхөөрөмж” ХХК, “Оюутолгой” ХК-тай хамтарч эдгээр ажил олгогч  компанийн захиалгат мэргэжлийн сургалтад залуучуудыг хамруулж, ажлын байраар хангаж байна. Удахгүй “Тавантолгой”, “Энержи ресурс” ХК-ийн захиалгаар ажиллагсдыг мэргэшүүлэн сургах юм. “Оюутолгой” ХХК-ийн дэмжлэгээр ирэх сараас таван мэргэжлээр 140 хүнийг мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамруулах гэж байгаа талаар тус сургуулийн захирал танилцууллаа. Засгийн газраас мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, олон  арга хэмжээ авсны үр дүнд мэргэжлийн сургуулиудын хүчин чадал нэмэгдэж, иргэд, нарийн мэргэжлийн үнэ цэнийг мэдэрч мэргэжил эзэмших эрмэлзлэл өргөжин тэлсээр байгаа гэдгийг тус коллежийн  захирал онцоллоо

  • С.Батболд: Өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас чухал

    С.Батболд: Өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас чухал Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ албанд томилогдсоныхоо дараахан тус сургуулийг зорьж, боловсролын салбарын төлөөлөлтэй уулзах үеэрээ боловсролын талаар баримтлах бодлогоо тодорхойлж байсан билээ. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр тэрбээр улсынхаа ирээдүйн хөгжлийг тодорхойлох, хөдөлгөх хүч бэлтгэх том уурхай болсон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрдэмтэн багш, оюутнуудтай дахин уулзлаа.

    Ерөнхий сайд С.Батболд тэнд хэлсэн үгэндээ “Боловсролын бодлого маш тодорхой. Дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай боловсролыг эх орондоо эзэмших боломжийг буй болгох зорилтыг дэвшүүлж, энэ хүрээнд тулгамдсан болон ойрын ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлаа ч бас товлож хэлж байлаа. Жилийн өмнө товлож тодорхойлсон ажил үйлс өнөөдөр хэрхэн хэрэгжиж байна гэдэг нь хамгаас чухал” гэж тодотгоод хичээлийн шинэ жилийн нээлтийн баярын энэ өдөр эргээд харахад дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд бидэнд хийж хэрэгжүүлсэн ажил чамгүй байна гэсэн юм.

    Энэ хичээлийн жилд төрийн өмчит 16 их, дээд сургууль шинэчилсэн бүтцээр ажиллах бөгөөд их сургуулийн хотхон байгуулах ажлыг нийслэлийн Налайх дүүргийн Шивэртийн хөндийд эхлүүлэх асуудлыг шийдвэрлэж, зохих бэлтгэлийг хангаад байгаа талаар Ерөнхий сайд С.Батболд дурдлаа. Мөн Хотхон байгуулах ажлын эхний ээлжинд ШУТИС хамрагдаж байгаагийн дээр БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 270 сая гаруй юанийг ШУТИС-ийн хотхоны хөрөнгө оруулалтад зориулна гэсэн мэдээллийг оюутан багш нар алга ташин хүлээн авлаа.

    “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд үзүүлэх үйлчилгээнд боловсролын тодорхой үйлчилгээг хамруулаад байгаа. Их, дээд сургууль, коллежиуд сургалтын төлбөрийг энэ намар бүтэн жилээр бус, 9-12 дугаар сард ногдох хэсгийг суралцагчаас авахаар зохицуулсан. Цаашид сургалтын сангаас үзүүлдэг зээл, буцалтгүй тусламжийн журам шинэчлэгдэх бөгөөд агуулга нь суралцагчдын сурлагын чанарыг дэмжихэд чиглэгдэнэ гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ онцлоод төр, засгаас баримталж байгаа бодлогыг манай их, дээд сургууль коллежийн удирдлага, хамт олон, оюутан суралцагчид хичээл зүтгэлээрээ тууштай дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

    Мөн даяаршлын зуун дахь дэлхий ертөнц хөгжил, хүний сайн сайхны төлөөх өрсөлдөөнд хэн илүү чадвартай, хүчтэй нь амжилт олно. Монголчууд өрсөлдөөнөөс хоцрохгүйн тулд чанартай, өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас чухал болохыг гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд эрдмийн баярын энэ өдөр оюутнуудад захиж хэллээ.

    ШУТИС-ийн харьяа 17 сургуульд энэ хичээлийн жилд 30 гаруй мянган оюутан суралцана. Мөн 1200 эрдэмтэн багш, мөн тооны ажилтан, ажилчин ажиллана. 134 мэргэжлээр бакалвр, магистрийн, 76 чиглэлээр докторын сургалт явуулдаг Монгол Улсын нэр хүнд бүхий тус сургуульд энэ жил шинээр 500 гаруй оюутан элсэн суралцаж байна. 

    Тус сургуулийн ректор, Монгол Улсын гавьяат багш Б.Дамдинсүрэн хичээлийн шинэ жилийн нээлтийн үгэндээ  “Боловсролын системийг хөгжүүлэх, түүний дотор дээд боловсролын системийг шинэчлэх мэргэжилтэн бэлтгэх чанарыг дээшлүүлэх, боловсролын үйл ажиллагааг явуулах таатай орчныг бий болгох, Монголын залуучуудыг сурч боловсрох, мэргэжил эзэмшихэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар маш чухал шийдвэрүүдийг Таны удирдаж байгаа хамтарсан Засгийн газар гарган хэрэгжүүлэх алхмуудыг амжилттай явуулж байгаад баярлаж байгаагаа энэ ялдамд илэрхийлье” гэж нээлтийн үгэндээ онцоллоо