Завхан аймгийн удирдлагууд өмнөх Засгийн газарт хандан дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгаа ажлуудынхаа талаар санал, хүсэлт гаргасан байна. Эдгээрийн хариуг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Завхан аймагт ажиллахдаа өглөө. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн нийт 77 км хатуу хучилттай автозамын барилгын ажил үргэлжилж байна. Үүнд зориулж 2010 оны төсвийн төсөлд 8,8 тэрбум төгрөгийн хөрөнгө тусган, замын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. Баянхонгор-Алтай чиглэлийн 269 км, Баянхонгор-Улиастай чиглэлийн 470 км хатуу хучилттай автозам барих төслийг концессын гэрээгээр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр бариулна.
Удахгүй гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажил үе шаттай хийгдэх болно гэж Ерөнхий сайд Завхан аймгийн иргэдтэй уулзахдаа хэлэв. Тайширын усан цахилгаан станцыг гадаадын төслийн зээлийн болон улсын төсвийн нийт 40,0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж байгуулсан. Завхан аймгийн сумдыг Тайширын усан цахилгаан станцтай цахилгаан дамжуулах шугамаар холбох, сумдын дэд станц барихад 2008-2009 онд улсын төсвөөс 21,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Сумдын усалгаатай газар тариаланг дэмжих, мал эмнэлгийн үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2010 оны улсын төсвөөс 455,0 сая төгрөг зарцуулж байна.
Тайширын усан цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл Завхан аймагт хөдөө аж ахуйн түүхий эд, зарим төрлийн ашигт малтмал боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэл барьж байгуулах төслийг улсын төсвийн болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэж эхлэх боломжтой болох юм. Гэхдээ бүхнийг УИХ, Засгийн газар, гадаадын зээлийн хөрөнгөөр шийдэх бус, харин орон нутаг нөөц, бололцоогоо ашиглан боломжтой зүйлийг нь өөрсдөө бие даан шийдэж байхыг Ерөнхий сайд санууллаа. Цаашид аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд төр, засаг, орон нутгийн санал, санаачлага, зохион байгуулалтаас гадна ард иргэдийн идэвхтэй оролцоо байх ёстой. Тал талаасаа хамтарч ажиллаж чадвал өмнөө тавьсан зорилт, арга хэмжээгээ хурдан шуурхай хэрэгжүүлэх боломжтой гэж Ерөнхий сайд үзэж байна.
Завхан аймагт хөдөлмөрийн биржэд бүртгэлтэй 2700 орчим иргэн ажил идэвхтэй хайж байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 900 орчим хүнээр нэмэгдсэн байна. Энэ нь эдийн засгийн хямрал, зудын хохирлоос улбаатай юм. Иймээс ирэх 2 жилд ажилгүйдлийг бууруулах чиглэлээр идэвх, санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг Ерөнхий сайд Завхан аймгийн удирдлагад анхаарууллаа.
Завхан аймагт Улиастай-Донойн 17 км хайрган хучилттай замыг ашиглалтад оруулж, 4 км хатуу хучилттай замыг аймгийн төвд тавьж эхлэн, 2.7 км замыг гэрэлтүүлэгтэй болгосон байна. 2009 оныг Улиастай хотын тохижилт, бүтээн байгуулалтын жил болгон, энэ хүрээнд бүтээн байгуулалтын томоохон ажил хийн, үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэлийг боломжтой бүх хэлбэрээр дэмжиж ажиллажээ. 2010 оныг сумдын бүтээн байгуулалт, үйлдвэржилт, тохижилтын жил болгон сум бүрт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Зам, гүүрт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Яруу сумын орон нутгийн зам, гүүрийн засварыг хийж дуусган, Их-Уул сумын Идэрийн голын 169 метр урт төмөр бетон гүүрийн ажил ид өрнөж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Завхан аймгийн төв Улиастай хотод хүрэлцэн ирэв. Тэрээр хүнсний захаар орж, махны үйлдвэр, нэгдсэн эмнэлэг, замын ажлын эхлэлтэй танилцлаа. Тэрээр Донойн нисэх онгоцны буудал хүрэх 17 км замыг хатуу хучилттай болгоход шаардлагатай хөрөнгийг 2011 оны төсөвт тусгахыг холбогдох яамдын сайд нарт үүрэг болгов. Ерөнхий сайд дараа нь улиастай хотын иргэдтэй уулзан төр, засгийн бодлого, шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонсон хариу өгсөн байна.
Тайширын усан цахилгаан станцыг 9 дүгээр сард туршилтын журмаар ажиллуулахаар төлөвлөж байна. Үүнд шаардлагатай 250 мянган ам доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт байх Тайширын усан цахилгаан станцын ажилтай танилцсаны дараа ийм шийд гаргалаа. Энэ дагуу Сангийн яам болон Эрдэс баялаг, эрчим хүчний яам шаардлагатай хөрөнгөний тооцоогоо гарган ойрын үед Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээж байна.
Говь-Алтай аймаг газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, өнгөрсөн оноос тариалах талбайг 500 га-гаар, хураан авах ургацыг 1000-аас доошгүй тонноор нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Урьдчилсан байдлаар үр тариа 585,9 га-д, төмс 193 га-д, хүнсний ногоо 107 га-д, тэжээлийн ургамал 512 га-д, эмийн ургамал 131 га-д, жимс жимсгэнэ 82 га-д тариалаад байна. Говийн нөхцөлд услалтын системийн ашиглалтыг сайжруулж, шаардлагатай зарим нөхцөлийг бүрдүүлээд өгчихвөл говийн бүсэд хангайн бүсээс илүү ургаж, арвин ургац өгөх боломжтой олон нэр төрлийн жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал тариалах боломж байгааг Ерөнхий сайд С.Батболд тус аймгийн иргэдтэй уулзахдаа хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна.
Говь-Алтай аймагт хүрэн нүүрс, хром, төмөр, магнезит, алт, нефть олборлох, тэдгээрт түшиглэсэн боловсруулах үйлдвэр байгуулж, эдийн засгийн хөгжлөө түргэтгэх боломж байна. Цээл сумын Таяннуурын төмрийн хүдрийн, Чандманын Зээгт, Төгрөгийн Хүрэн голын нүүрсний орд газар, Тайшир суманд цементийн орд газар бий.
Өнгөрсөн өвөл болсон байгалийн гамшиг, зудын улмаас Говь-Алтай аймгийн нийт өрхийн 43 хувь буюу 3580 малчин өрх зуданд өртөж, аймгийн хэмжээнд 715 мянган толгой мал хорогдон 764 өрх огт малгүй болжээ. Засгийн газраас ч үүнд анхаарч гамшгийг хохирол багатай даван туулахад нь зориулж улсын төсвөөс 635 сая төгрөг, гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив тусламжаар 577,2 сая төгрөг, нийт 1 тэрбум 214, 2 сая төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлсэн юм.
Одоогоор Хөшөөтийн уурхайн хайгуул хийгдэж, нөөцийн хэмжээг эцэслэн тогтоогоод байна. Ирэх 10-р сараас эхлэн олборлолт эхлэх бөгөөд энэ үед баяжуулах үйлдвэр ашиглалтад орно. Монгол Улсын Ерөнхий сайд Ховд аймагт ажиллах үеэрээр Хөшөөтийн уурхайд очин ажлын явцтай нь танилцлаа. Хөшөөтийн уурхай 85 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд тал нь коксжсон, тал нь энгийн нүүрс. 85 сая тонн нүүрсний нөөцийг зөвхөн Хөшөөтийн уурхай байгуулахаар хашаа хатгасан талбайн хэмжээгээр тогтоосон байна.