Ангилал: мэдээ

  • Алтаргана наадмын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Алтаргана наадмын төлөөлөгчдийг хүлээн авч уулзавМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Алтаргана-2010 наадамд оролцохоор ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Эрхүү, Чита муж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгаас ирсэн буриад зоны төлөөлөгчдийг 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав. Хил залгаа бүс нутгийн ард түмнүүдын харилцаа, хамтын ажиллагаа, нөхөрлөл, түншлэлийг өргөжүүлэхэд Алтаргана наадам чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв.

    Улаанбаатар хотноо анх удаа болж байгаа энэ наадмын хүрээнд буриад түмний түүх, зан заншил, соёлыг монголын ард түмэнд, нийслэлчүүдэд таниулж, урлаг, спортоор өрсөлдөж байна. Хил орчмын бүс нутгийн худалдаа, эдийн засгийг хөгжүүлэхэд ч хувь нэмрээ оруулах энэ наадмыг зохион байгуулахад Улсын Их хурал, Засгийн газар, орон нутаг бүх түвшинд анхаарсан гэж Ерөнхий сайд хэлээд наадамд оролцож байгаа буриад зонд Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэв.

  • Эв нэгдлийн их баяр наадам

    Эв нэгдлийн их баяр наадам Өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд нээгдсэн буриад зоны  баяр  бахдлын цэнгүүн “Алтаргана- 2010” их наадмын нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцохдоо ийнхүү хэллээ. “Буриад түмний урлаг, соёл, спортын бүхий л ай  төрөл зүйлүүдийг  багтаасан Алтаргана наадам нь эв нэгдлийн, элгэн сэтгэлийн их баяр юм. Энэ наадамдаа хүн бүхэн их аз жаргал баяр баясгалан тээж хуран цуглардаг уламжлал хэдийнэ тогтож, хүлээн хүсдэг наадам болж өргөжин тэлсээр байна.

    Олон мянган жилийн уламжлалт, өв соёлыг түүчээлэн тээсэн буриад ардын ““Алтаргана-2010” хэмээх ес дэх удаагийн наадмын ажиллагаанд амжилт хүсье. Монгол тулгатны их голомт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо тохиож буй “ Алтаргана-2010” наадамд морилон ирсэн ОХУ, БНХАУ болон Монгол улсын төр, нийгэм,соёл урлагийн зүтгэлтнүүд, эртний их түүхт авьяас билэгт Буриад түмэн, эрдэмтэн судлаачид энэ наадамд оролцогч хүн бүхэнд Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа мэнд дэвшүүлж, эрхмийн дээдийг хүсэн ерөөе. Сайхан наадаарай ” хэмээн ерөөл дэвшүүллээ.

    Энэ удаагийн наадмыг ес дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд ОХУ, БНХАУ-ын Өвөр монголын буриадын төлөөлөл оролцож байгаагаараа онцлог гэж хэлж болох аж. Тийм ч учраас энэ жилийн “Алтаргана-2010” наадамд 1700 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Анх 1994 онд Хэнтий аймгийн Дадал сумын буриадууд дууны  Алтаргана наадам зохиож эхэлснээс хойш уг наадам   олон төрлөөр өргөжиж, хоёр жил тутамд уламжлал болгон зохиогдох болжээ. “Алтаргана-2010” буюу энэ жилийн наадамд хүрэлцэн ирсэн буриадууд маань урлаг, соёл, спортын 15 төрлөөр өрсөлдөх юм байна. гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайдад ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчид бараалхав

    Ерөнхий сайдад ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчид бараалхав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 14 дүгээр хуралдаан Улаанбаатарт эхлэх гэж байгаатай холбогдуулан тус хуралдаанд оролцохоор ирсэн ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод ОХУ-ны Ерөнхий сайд В.В.Путины мэндчилгээг ОХУ-ын Тээврийн сайд уламжиллаа.

    Ерөнхий сайд мэндчилгээг хүлээн аваад, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд амжилт хүсэв. Тэрээр Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд, Засгийн газар хоорондын комиссын (ЗГХК) ээлжит 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлууд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хоёр орны ЗГХК-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар  ОХУ-ын төлөөлөгчидтэй санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ж.Стэйнберг: Монгол Улс нь ардчиллын загвар улс юм

    Ж.Стэйнберг: Монгол Улс нь ардчиллын загвар улс юм Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Төрийн Департаментын нэгдүгээр орлогч дарга Жеймс Б.Стэйнбергийг 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Монгол Улс, АНУ-ын сайн хөршийн, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, хоёр улсын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарын харилцаанд амжилт гарч байгааг тэмдэглэв. Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн ардчилал, зах зээлийн эдийн засгийг АНУ эхнээс нь тууштай дэмжиж, тусалж ирснийг Ерөнхий сайд дурдаад, өнөөгийн хоёр улсын харилцаа чанарын шинэ түвшинд гарч ирж байгааг онцлов.

    Тухайлбал Монгол Улс олон улс болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, сахин хамгаалах талаар тууштай бодлого явуулдаг бөгөөд дэлхийн халуун цэгүүдэд НҮБ, АНУ болон дэлхийн бусад оронтой хамтран энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгааг Ерөнхий сайд дурдлаа. Монгол Улс нь ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн нийгэм, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхээр туулж ирсэн сүүлийн хорин жилийн замналын баялаг туршлагаасаа дэлхийн аливаа улс оронтой хуваалцах, хэлэлцэх, ойлгуулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг Ерөнхий сайд цохон  тэмдэглэлээ.

    Монгол Улсад АНУ-ын Мянганы Сорилтын сангийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг мөн тэрээр дурдаад, цаашид АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, бизнесийн солилцоог хөгжүүлэх талаар ихээхэн боломж байгааг тэмдэглээд, Монгол Улс АНУ-тай боловсролын салбар, мэдээллийн технологийг хөгжүүлэх, технологи шилжүүлэх талаар хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. АНУ-ын Төрийн Департаментын нэгдүгээр орлогч дарга Ж.Стэйнберг Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаа, хамтын ажиллагаагаа АНУ ихэд өндрөөр үнэлдэг бөгөөд тус харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно гэв.

    Тэрээр Монгол Улсын дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах энхийн бодлогыг АНУ дэмжсээр ирсэн бөгөөд цаашид ч дэмжих болно гэж хэллээ. Түүнчлэн Монгол Улсын олон улс болон бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэхэд гаргаж байгаа хүчин чармайлтыг Ж.Стэйнберг өндрөөр үнэлж, Монгол Улсын ардчилсан замналаар туулж өнгөрүүлсэн туршлагаас хуваалцах, суралцах нь аливаа бэрхшээлтэй асуудалтай тулгарсан улс орны хувьд том ач холбогдолтой бөгөөд загвар байх болно гэдгийг онцлов.

    Мөн тэрээр Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн санал, санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, АНУ-д монголын оюутан залуусыг сургах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх талаар хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, идэвхжүүлэх болно гэж мэдэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Сайхан үгээр хэлбэл хөгжлийн алтан үе бидний өмнө байна

    Сайхан үгээр хэлбэл хөгжлийн алтан үе бидний өмнө байна Өнөөдөр төрийн ордонд нээгдсэн “Эх орныхоо хөгжилд- бидний оролцоо” сэдэвт гадаадад байгаа монголчуудын анхдугаар чуулга уулзалтад оролцож мэндчилгээ дэвшүүлэхдээ Монгол улсын ерөнхий сайд  С.Батболд ийн онцоллоо. Тэрбээр “ Шилжилтийн 20 жилээс эдийн засгийн хөгжлийн 20 жил рүү хөдөлсөн буухиаг манай Засгийн газар эхлүүлээд байна. Энэ цаг үе рүү яаж очих вэ гэдэг нь монголчууд та биднээс шалтгаална. Эдийн засгийн хөгжлийн шинэ зууныг гардан хийх аз завшаан, их хариуцлага бидний өмнө ирлээ” хэмээн тэмдэглэсэн юм.

    Өнөөдрийн байдлаар гадаадад 200 гаруй мянган монголчууд амьдарч байгаагаас энэ удаагийн чуулга уулзалтад 20 гаруй орноос 300 орчим эрдэмтэн, судлаачид, багш оюутнууд хилийн чанадаас ирж оролцож байгаа аж. Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар, бас саналаа  нэмэрлэхээр ирсэн эдгээр эрхэм зочдод ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлэхдээ урт цаас харж ярьсангүй. Энгийн, илэн далангүй яриа өрнүүллээ. Өнгөрсөн Засгийн газрын үед түүнийг гадаад харилцааны сайд байх үед хилийн чанадад амьдарч буй монгол улсын иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах зөвлөл анх байгуулагдаж байсан аж.

    Хэдийгээр интернэтээс улс орныхоо талаар мэдээлэл авч байгаа хэдий ч хамгийн гол нь ийнхүү уулзаж ярилцаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой болохыг Ерөнхий сайд  С.Батболд тэмдэглээд, гурван гол чиглэлд яриагаа хандууллаа. Манай улсын  хөгжлийн чиглэл  нь хүн руугаа чиглэж, үүнд анхаарлаа хандуулж чадвал хөгжлийн түлхүүр болж чадна гэдгийг онцлоод энэ нь гэр бүлийн үнэт зүйлс дээр тулгуурласан байх ёстойг тэмдэглэсэн юм. Бас Монголын үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого мартагдах ёсгүй аж. 

    Өөрөөр хэлбэл түүний  хэлснээр  монгол хүнээ хөгжүүлэх, монгол гэр бүл рүү чиглэсэн бодлого явуулах, монголын үндэсний аж ахуйн  нэгжүүдээ дэмжих энэ гурван зорилтыг Засгийн газар хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд ингэснээр чинээлэг дундаж давхарга бий болно гэдэгт  Ерөнхий сайд эргэлзэхгүй байгаагаа нуусангүй. Хүний хөгжил сангийн хуулийг баталснаар уул уурхайгаас олох орлогыг тэгш хуваарилах, монгол хүнээ хөгжүүлэхийн гол үндэс болсон боловсролыг дэмжих, мөн монгол хүн эрүүл байх  нэг гол зарчим даатгалын тогтлолцоог боловсронгуй болгох шинэтгэлийн томоохон ажлууд эхэлснийг дурдаж байв.

    Ирэх наймдугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт 10 мянган төгрөгийн хишиг, хувийг “ Хүний хөгжил сан”-гаас олгохоор Засгийн газар төлөвлөж байгаа, 2011 оноос хишиг хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэн сар бүр олгох нь зүйтэй гэсэн чиглэл баримталж байгааг тэмдэглэсэн. Хавтгайрсан халамж гэж ярьдагч энэ халамж нь болж өгвөл хүн амынхаа зорилтот хэсэг рүү чиглэсэн тэтгэлэг байх ёстойг тэмдэглээд, хүн амаа жинхэнэ утгаар нь бүртгэх бүртгэлийн ажил эхэлснийг ч мэдээлээд амжлаа. Эх орондоо ирсэн дээрээ шинэчилсэн бүртгэлдээ хамрагдахыг хилийн чандад суугаа монголчууддаа ерөнхий сайд уриалж байв.

    Өнгөрсөн 20 жилийн хугацаанд  улс төр, иргэний нийгэм руу чиглэсэн суурь тавигдсан болохоор одоо институци руу  бодлогоо чиглүүлнэ хэмээн Засгийн газрын тэргүүн онцолж байна. Өөрөөр хэлбэл шилжилтийн  20 жилээс одоо  эдийн засгийн хөгжлийн 20 жилийн буухиаг эхлүүлэх ажлыг  энэ Засгийн газар хийж бодитой үр дүнд хүрэх зорилт тавин ажиллаж байгааг ерөнхий сайд онцоллоо. Үүнийг Төмөр замын бодлогын  үзэл баримтлал, Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордуудыг ашиглах  үндсэн чиглэл,  орон сууц болоод монгол мал зэрэг томоохон хөтөлбөрүүд  тус тус батлагдсанаар тайлбарлаж байлаа.

    Одоо эдгээр шийдлүүд ажил хэрэг болох ёстойг Монгол улсын Ерөнхий сайд  С.Батболд онцолж байв. Гадагш явж байгаа урсгалыг эх орондоо бий болгох, үүний тулд ажлын байр цалингийн түвшинг нэмэгдүүлэх талаар Засгийн газар бодит ажил хийх болно хэмээн бас дурдсан. Ялангуяа нарийн мэргэжлийн, ур чадвар шаардсан ажилтнуудын цалин хөлсний асуудалд ойрын үед өөрчлөлт гарах аж. “ Санхүү эдийн засгийн хямралтай байгаа ч иргэддээ чиглэсэн бодлогоо үргэлжлүүлэн ирэх аравдугаар сарын 1-нээс цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж төсвийн тодотголд тусгууллаа. Монгол хүн боломжийн цалин хөлс авч, хөдөлмөрөө зөв үнэлүүлж байх ёстой гэж боддог” хэмээн  Ерөнхий сайд хэлсэн үгэндээ дурдав.

    Түүнчлэн тэрбээр цааш дурьдахдаа” Гадаад улс орнуудтай харилцах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудлын хүрээнд монголчуудаа хөгжүүлэх, нарийн мэргэжилд сургах, хөрвөх чадвартай иргэд бий болгоход анхаарч байна. Саяхан БНСУ-ын хөдөлмөрийн сайдтай уулзахдаа монгол хүмүүсийг нарийн мэргэжилд сургахад анхаарах, энэ нь эргээд томоохон төслүүдэд Монгол солонгосын аж ахуйн нэгжүүд хамтрахад ажлын байраар хангагдах боломжийн тухай ярилцсан. Солонгост ажиллах гэж тус улсын ЭСЯ-ны гадаа хэдэн зуугаараа олон өдрөөр дугаарлан зогсдог байдлыг халж, эх орондоо боломжийн цалинтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар бодлого гарган ажиллаж байна “ гэлээ.

    Бас Монгол улсын Засгийн газраас дэлхийд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх Европын холбооны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт даган мөрдөгдөж буй зарчим, стандарт, хэм хэмжээг өөрийн оронд нутагшуулах ажлыг эхлүүлснээ дурдлаа. “Харийн оронд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа сайхан мэдээ бидэнд ирж байгаа.Бас тэд эх орон руугаа ирж байна. Тэдний ирсэн хойно яаж тэр мэдлэг боловсролыг нь ашиглах вэ гэдгийг одоо цөмөөрөө ярилцах хэрэгтэй” хэмээн ерөнхий сайд үгийнхээ төгсгөлд тэмдэглэж, эх орныхоо бүтээн байгуулалтад мэдлэг чадвар болоод биеээрээ оролцохыг тэдэнд  уриаллаа.

    Мөн энэ үеэр Ерөнхий сайд судалгаагаар шалгаруулсан номинацид тэргүүлсэн иргэдэд шагнал гардуулсан. Олон улсын тавцанд монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж яваа өргөмжлөлтөнөөр эрдэмтэн И. Цэрэн-Ололт,түшигтэй хүнээр Англид амьдардаг багш Д.Цэрэнбат, шилдэг холбоогоор Их Британы монголчуудын холбоо шалгарчээ.

  • Ерөнхий сайдад Шинжаан-Уйгарын парламентын төлөөлөгчид бараалхав

    Ерөнхий сайдад Шинжаан-Уйгарын парламентын төлөөлөгчид бараалхав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө засах орны (ШУӨЗО) Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Алигэн Иминбахай тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцаа бүх салбарт шинэ агуулга хэлбрээр баяжин, улам өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэв.

    Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг чанарын шинэ шатанд гаргахад хоёр талын дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалууд чухал үүрэгтэйг бөгөөд энэ механизм амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Тэрээр үргэлжлүүлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хил, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал бөгөөд Монголын тал Хятадын хил залгаа мужууд, Өөртөө засах орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхаарч ажиллаж ирсэн гэдгийг дурдав. Монгол, Хятадын хил дээр улирлын чанартай 13 боомт ажиллаж байгаагаас 4 боомт нь ШУӨЗО-ны нутаг дэвсгэр дээр байгаа. Эдгээр боомтуудын дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, заримыг нь байнгын ажиллагаатай болгох асуудлыг шийдвэрлэхийг Монголын тал зорьж байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

    Мөн тэрээр хоёр талын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчимжүүлэх том боломж, бололцоо байгааг дурдаад, Монголын баруун бүсийн аймгууд мал аж ахуй, газар тариалан, туслах аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр ШУӨЗО-той хамтран ажиллах, харилцан туршлага солилцох хүсэлтэй байна гэдгийг хэлэв. Үүний сацуу бие биеэ нөхөн ажиллах, хөрөнгө оруулалт, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэргүүний технологийг нэвтрүүлэх, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхийг Монголын тал дэмжиж ажиллах болно гэж Ерөнхий сайд хэллээ.

    А.Иминбайхай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд, Монгол Улс, ШУӨЗО-ны худалдаа, эдийн засгийн харилцаа тоон дүнгээр байнга өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэлээ. Тэрээр Ерөнхий сайдын дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, зохих газруудад асуудлыг дэвшүүлэн, улмаар шийдэх талаар ажиллах болно гэж мэдэгдлээ. Уулзалтын төгсгөлд А.Иминбахай Монгол Улс, ШУӨЗО, тэр дундаа Монголын байруун аймгуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бүх талаар хөгжүүлэн, “хамтран хөгжихөд бэлэн байна” гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Эдийн засгийн хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан хүнээр Ерөнхий сайд С.Батболд тодорчээ

    Эдийн засгийн хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан хүнээр Ерөнхий сайд С.Батболд тодорчээ Эдийн засгийн чиглэлээр тойм судалгаа хийдэг томоохон сэтгүүл болох “ The Mongolian mining journal”-ийн уламжлалт санал асуулгын дүнгээр Засгийн газрын тэргүүн  энэ оны эхний хагас жилд монголын эдийн засгийн хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан хүнээр тодорсон байна. 2010 оны эхний хагас жил нь Монгол улсын эдийн засагт онцгой сонирхолтой цаг үе бөгөөд хөгжлийн суурь болсон олон асуудлыг Засгийн газар шийдвэрлэж галт тэрэг хөдөлгөсөн гэж судалгаанд оролцогсод дүгнэснийг тус сэтгүүл онцолсон байна.

    Тиймдээ ч Ерөнхий сайд сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр нь дурдагдаж, улмаар тухайн мэдээллийнхээ 77.3 хувьд нь гол эзэн байснаараа энэ номинацийг тэргүүлжээ. Таван толгой, төмөр зам гэх мэт улс орны стратегийн ач холбогдолтой их ажлуудыг хөдөлгөсөн, төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгох алхмуудыг эхлүүлж, ТУЗ-д нь иргэний нийгэм, мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулах ардчиллын салхийг хагалсан, бизнесийн шинэтгэлийн жил зарласан, эдийн засгийн форум уулзалтыг зохион байгуулсан болоод бусад олон үйл ажиллагаагаараа  Засгийн газрын тэргүүн С.Батболд бусдаас онцгойрсон байна. Сэтгүүл зүйн мэргэжлийн байгууллага болох Монголын хэвлэлийн хүрээлэнтэй хамтран тус судалгааг хийжээ.

    Уг номинацын шагналыг “The Mongolian mining journal” сэтгүүлийн редактор С. Болд-Эрдэнэ нарын сэтгүүлчид өнөөдөр Ерөнхий сайд С.Батболдод гардуулан өгсөн юм. Тэд “Эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан олон хүн номинацид нэр дэвшиж байснаас Ерөнхий сайд таны нэр хамгийн олон санал авсан” хэмээн тодотгож байв. Ерөнхий сайд шагналыг авсны дараа“ Засгийн газар  монгол улсаа хөгжүүлэхийн тулд эдийн засгийн шинэтгэл хийхийг гол зорилтоо болгон ажиллаж байна. Энэ чармайлтыг эдийн засагчид болоод сэтгүүлчид олж харан тодорхойлж байгаад баярлалаа. Цаашид Засгийн газар эдийн засгийн шинэтгэл хийхийн тулд олон ажил хийх болно. Эдийн засгийн ардчилалд томоохон ахиц гарах болно” хэмээн дурдлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээЗАСГИЙН ГАЗАР ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА 

    Үндэсний их баяр наадмын өмнөхөн буюу 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэн салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг, даалгавар өгсөн. Наадмын дараах өдөр болсон /2010 оны 7 дугаар сарын 14/ Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний тухай дахин хэлэлцэж тогтоол гаргалаа. 

    Энэ дагуу хөдөө аж ахуйн салбарт : 

    • Аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд цаг агаарын хүндрэл, гамшгийн үед зарцуулах өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг ОХУ-аас тусламжаар олгосон тэжээлийн арвай буудайг боловсруулан бүрдүүлэх

    • Зудын улмаас малгүй болсон иргэдийг малжуулах, бусад салбарт ажиллах нөхцөл, боломж бүрдүүлэх, гамшгийн эрсдлийн чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжиж байгаа дотоод, гадаадын төсөл, хөтөлбөр, жижиг, дунд үйлдвэрлэл, газар тариалан, уул уурхайг хөгжүүлэх бодлого, чиглэлтэй уялдуулан хэрэгжүүлэх

    • Хөрс, агаарт их хэмжээний халалт үүсч гандах төлөвтэй байгаа учир гангийн зэрэглэл тогтоон шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах ажлын цар хүрээг нэмэгдүүлэх

    • Тусгай хамгаалалттай газар болон аймаг, сум дундын нөөц бэлчээрт өвөлжүүлэх өрх, малын тоо, нүүдэл дамжин өнгөрөх замын чиглэлийг 9 дүгээр сард багтаан тогтоож, отор нүүдлийг нэгдсэн зохицуулалтаар зохион байгуулж хэрэгжүүлэхийг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. 

    Мөн : 
    • “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг малчид, иргэдэд сурталчлан таниулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах 

    • Салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох яам, газар, аймаг, нийслэлийн төр, захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэж хангалтгүй ажилласан орон нутгийн удирдлага, албан тушаалтантай хариуцлага тооцох 

    • Хээлтүүлэгч малын хүрэлцээ муу байгааг харгалзан дутагдах хээлтүүлэгчийг нөхөн тавих, худалдан борлуулах ажлыг нэгдсэн журмаар зохицуулах, аймаг, сум, малчид, иргэдийн захиалгаар зохиомол хээлтүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулах 

    • Хадлан, тэжээл бэлтгэлийн эрэлт, хэрэгцээ их байгаа техник, тоног төхөөрөмжийн хангамжийг хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан нэмэгдүүлэх, тэргүүний үйлдвэрлэгч, хадланчдыг урамшуулах болзол зарлан, тэдний туршлага, үр дүнг сурталчлах

    • Үтрэмийн талбай, агуулахаас гарч байгаа тэжээлийн будаа, үр тарианы сүрэл, хүнсний ногооны иш, навч зэргийг малын тэжээл бэлтгэхэд ашиглах талаар мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, мэргэжилтнүүдээр сурталчилгаа хийлгэх ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгав. 

    Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт : 

    • Аймаг, нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө гарган ажиллах, өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг ОХУ-ын тусламжаар олгосон тэжээлийн арвай буудай болон орон нутгийн нөөц боломжоо ашиглан бүрдүүлэх

    • Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх угаалга, тарилга, боловсруулалтын арга хэмжээг цаг хугацаанд нь гүйцэтгүүлэх, өвөлжөө, бууц, хашаа, хорооны ариутгал, халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд чанартай гүйцэтгэхэд хяналт тавьж үр дүнг тооцох  

    • Хадлан, тэжээл бэлтгэх техникийн засвар үйлчилгээг 7 дугаар сарын 20-ны дотор дуусгах, техникээр үйлчлэх дундын үйлчилгээний нэгжийг зохион байгуулж малчид, иргэд, аж ахуйн нэгж хоорондын уялдаа холбоог хангах

    • Аймаг, нийслэл, төвлөрсөн хот, суурин газрын хүн амын 2011 оны хаврын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн зохион байгуулалтаар мал, мах бэлтгэж үйлдвэрийн аргаар боловсруулан нөөцлөх, дотоод, гадаад зах зээлд нийлүүлэх арга хэмжээ авах 

    • Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд малчдад үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, зохион байгуулахын тулд шатахуун, бусад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхийг даалгалаа. 

    Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, ажлын явцыг 8 дугаар сарын сүүлчээр Засгийн газрын хуралдаанд дахин оруулж хэлэлцүүлэх, улмаар мал өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнг нэгтгэн гаргаж 2010 оны 11 дүгээр сард Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд үүрэг болгов. 
      
    Зам, тээвэр, барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт :

    • Цаг агаарын хүндрэлтэй үед улсын чанартай авто зам, замын байгууламжид эвдрэл гарч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учрахаас сэргийлэх, авто тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор замын засвар, арчлалтын чанарыг сайжруулж тогтмолжуулах, ургац тээвэрлэх зам, гүүрийн шинэчлэл, засварыг яаралтай эхлүүлж чанартай хийх, гэнэтийн эвдрэлийг шуурхай засварлаж байх зохион байгуулалтын арга хэмжээ авах   

    • Бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн граашийн засвар, дулаалгыг хугацаанд нь чанартай хийх, сэлбэг хэрэгсэл, өвлийн улирлын шатахуун, тослох материалыг зохих хэмжээнд нөөцлөж, иргэдэд найдвартай үйлчлэх нөхцөл бүрдүүлэх

    • Дулааны станц, салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг нисэх онгоцны буудлууд, харъяа албадуудад бүрэн хангуулж, нислэгийн аюулгүй байдлыг хангах

    • Төв, суурин газрын барилга байгууламж, орон сууцны цэвэр, бохир ус, дулааны шугам, сүлжээний ээлжит засвар, үйлчилгээ, угаалга, туршилтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь хийж дуусгуулах арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгав. 

    2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тодорхой үүрэг, даалгавар өгч хяналт тавин, биелэлтийг нь шалгахаар тогтов.

    Эрчим хүчний салбарт :

    Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын “Нүүрсний аюулгүй нөөц”-ийг бүрдүүлэх 4,9 тэрбум төгрөгийн төсвийн зээлийн эх үүсвэрийг Засгийн газар шийдвэрлэсний дагуу станцууд нүүрсээ нөөцлөж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх, цахилгаан станцууд нүүрсний 20 хоногийн нөөцтэй байх зэрэг үүрэг, даалгаврыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад өглөө.

    ЕРӨНХИЙ САЙД ОРОН НУТАГТ АЖИЛЛАНА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 15-ны өдрүүдэд Архангай, Хөвсгөл, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллахаар төлөвлөж байна. Засгийн газрын тэргүүн орон нутагт ажиллахдаа өвөлжилтийн бэлтгэл, Засгийн газраас авч байгаа арга хэмжээ, тогтоол шийдвэр дунд доод шатанд хэрхэн хэрэгжиж байгаад гол анхаарлаа хандуулах юм.

    Тэрээр мөн Шадар ван Чингүнжавын 300 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн даргын хувьд Хөвсгөл аймагт болох ойн арга хэмжээнд оролцоно. Ерөнхий сайд 9 аймагт 20 удаа уулзалт хийж, 21 байгууллагын ажилтай танилцан сумдын удирдлагатай уулзаж Засгийн газрын бодлого болон цаг үеийн асуудлаар санал солилцох юм.  

    ТОВЧХОН

    • “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүлийн санаачлан боловсруулсан хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн үндэслэлээр бүхэлд нь дэмжих боломжгүй гэсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар болов.

    • Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг Монгол Улсад хэрэгжүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, “өөриймшүүлэх” зардлыг 2011 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын жилд бүрийн төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогтод даалгав. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс орон нутгийн төсөвт авч байгаа татвар, төлбөр, хураамж, торгууль зэргээс орсон орлого болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагад өгсөн мөнгөн болон мөнгөн бус хандив, тусламжийн тайланг жил бүр гаргаж, нийтэд мэдээлж байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.

    • 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Анкара хотноо гарын үсэг зурсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг батлав.

    • 2010 оны 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд БНСВУ-ын Ханой хотноо болох АСЕАН-ы Бүсийн чуулганы Сайд нарын 17 дугаар уулзалтад Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчдийг оролцох нь зүйтэй гэж үзэв.

    • Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг 2010 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 3-ны өдөр хүртэл Япон Улсад ажлын айлчлал хийхийг  зөвшөөрөв.

  • Монгол Улсын Ерөнхий сайд БНТУ-ын Парламентын даргатай уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд БНТУ-ын Парламентын даргатай уулзав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мехмет Али Шахинтай 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдөр уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол-Туркийн харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй хөгжиж ирсэнд сэтгэл хагалуун байдаг гээд, хоёр талын харилцааг илүү өндөр түвшинд гаргахад өндөр хэмжээний харилцан айлчлалууд нь чухал ач холбогдолтой юм гэдгийг онцоллоо.

    Тэрээр нийгэм, соёл, боловсролын салбарт хоёр талын харилцаа амжилттай сайн хөгжиж байгаа, тухайлбал жил бүр монгол залуусыг Турк Улсад сургах талаар Туркийн Засгийн газар ихээхэн чармайлт гарган ажилладаг гэдгийг тэмдэглэв. Талууд цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд хөгжүүлэх, тухайлбал худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ихээхэн боломж байгаа гэдгийг Ерөнхий сайд яриандаа онцлоод, эдгээр боломжийг ашиглаж харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөхөд Парламент хоорондын хамтын ажиллагаа нь том үүрэг гүйцэтгэх болно гэж хэллээ.

    БНТУ-ын Их Хурлын дарга М.Шахин халуун дотно хүлээн авч байгаад талархал илэрхийлээд “Монгол Улс нь бидний хамтын түүхийг хадгалж ирсэн орон тул бидний хувьд Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөнөөр хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой байдаг” гэж тэмдэглэв. Тэрээр Монгол-Туркийн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ажил хэрэгч хүмүүсийг харилцан солилцох, харилцан туршлага судлах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авах нь чухал байна гэдгийг онцлов.

    Жишээлбэл Турк Улсын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хөгжүүлэхэд хэд хэдэн саад бэрхшээл учирдаг бөгөөд гол бэрхшээл нь тээврийн асуудал байдаг гэж М.Шахин тэмдэглээд, эдгээр асуудлыг шийдвэрлэх боломж, бололцоог бий болгохын тулд Туркийн тал ажиллах болно гэв. Тухайлбал далайд гарцгүй Монгол Улсын олон улсын тээврийн асуудлыг хөгжүүлэхэд Туркийн тал бүх талаар дэмжиж ажиллах болно гэж тэрээр мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • З.Бжезински: Монгол Улс Европтой хил залгах боломжтой

    З.Бжезински: Монгол Улс Европтой хил залгах боломжтой Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар хүрэлцэн ирсэн АНУ-ын нэрт улс төр судлаач, доктор Збигниев Бжезински 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Гадаад харилцааны яаманд “Евроази дахь АНУ-ын гадаад бодлого” сэдвээр лекц уншлаа. Лекцийг нээж Ерөнхий сайд С.Батболд үг хэллээ. Тэрээр доктор З.Бжезински нь олон улсын харилцаа, стратеги судлал, геополитикийн хүрээний эрдэмтэн, судлаачдын дунд алдартай хүн гэдгийг тэмдэглээд, АНУ, ЗСБНХУ-ын хооронд стратегийн зэвсэглэлийг хязгаарлах гэрээг байгуулах, АНУ-БНХАУ-ын харилцааг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг нь онцоллоо.

    Түүнчлэн 1987 онд Монгол Улс (тухайн үед БНМАУ), АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтооход учирч байсан саад бэрхшээлийг арилгахад З.Бжезинскигийн үүрэг оролцоо их байсан гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Тиймээс Монголын эрдэмтэн судлаач, сонирхогч хүмүүс З.Бжезинскигийн лекцээс чухал ач холбогдолтой санаа, үзэл бодол, мэдээ мэдээлэл олж авна гэдэгт итгэлтэй байна хэмээн Ерөнхий сайд үгээ өндөрлөв. Доктор З.Бжезински лекцийнхээ эхэнд түүнийг халуун дотноор хүлээн авч байгаа Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлэв.

    Тэрээр Монгол Улс нь ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалах талаар ардчилал шинээр буюу сэргээн тогтоосон улс орнуудын дунд үлгэр жишээ амжилтад хүрсэн гэдгийг тэмдэглэв. АНУ-ын Евроази дахь гадаад бодлогыг тэрээр хугацааны хувьд гурав, агуулгын хувьд улс төр, эдийн засгийн хэмээн хувааж үзсэн байна. Өнөөгийн АНУ-ын Евроази дахь гадаад бодлого нь 1990 оноос хойшхи буюу 3-р үе дээрээ байгаа бөгөөд АНУ-ын одоогийн засаг захиргаа шийдвэрийг дангаар гаргах биш, тухайн асуудалд хамаарагч тал бүрийн байр суурийг харгалзан үзэж байх зарчмыг баримталж байгаа гэж тэрээр хэлэв.

    Монгол Улс нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Цаашид тус бодлогоо агуулгын хувьд улам баяжуулахын тулд гадаад бодлогоо улс төр, эдийн засаг, нийгэм, хүний эрхийг хамгаалах талаар төрөлжүүлэх, нэгтгэх, бүс нутгийн интеграцчлалд оролцох оролцоогоо нэмэгдүүлэх шаардлагатай гэж тэрээр үзэв. Үүнтэй холбогдуулан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ) цаашид институтын хэлбэрээ улам боловсронгуй болгож, гишүүн орнуудынхаа харилцааг салбар тус бүрээр илүү баяжуулж өгвөл тус бүс нутгийн аюулгүй байдал, ялангуяа Монгол Улсын гадаад аюулгүй орчинг баталгаажуулахад том үүрэг гүйцэтгэх болно гэж тэрээр хэллээ.

    ОХУ-ын одоогийн засаг захиргааны бодлого Европын Холбоотой бүх талаараа харилцаагаа өргөжүүлж, улам ойртох чиг баримжаатай болсон. Хэрэв энэ чиг шугам цаашид тууштай бөгөөд илүү идэвхтэй хөгжсөөр байвал Монгол Улс Европтой хил залгах цаг ирэх болно гэж тэрээр лекцээ төгсгөлөө. Доктор З.Бжезински нь АНУ-ын Стратегийн болон олон улсын судалгааны төвийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Клинтоны Умард Атлантын эвслийг зүүн тийшээ өргөжүүлэх бодлогын суурийг тавьсан хүн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.