Ангилал: мэдээ

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    засгийн газрын хуралдаанХҮН АМЫН 87.3 ХУВЬ НЬ ХИШИГ, ХУВИА БЭЛЭН БУС ХЭЛБЭРЭЭР АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

    “Хүний хөгжил сангийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдээс хишиг, хувийг бэлэн бусаар авах хэлбэрийн талаар санал авсан дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 2 сая 358 мянга 432 хүн хишиг, хувиа бэлэн бус хэлбэрээр авах саналаа өгөөд байна. 

    Үүнд :

    1. Тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрт санал өгсөн нийт иргэдийн 22,1 хувь буюу 520 665 иргэн:
    а. тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх  303 445 иргэн буюу 12,9 хувь
    б. эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөх 217 220 иргэн буюу 9,2 хувь

    2. эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт санал өгсөн иргэдийн 14,6 хувь буюу 344 768 иргэн :
    а. иргэнийг халдварт өвчнөөс сэргийлэх вакцинд хамрагдах нөхөн төлбөрт 104 845 иргэн буюу 4,4 хувь
    б. нарийн мэргэжлийн болон явуулын амбулаторийн  үзлэгт хамрагдах төлбөрт 127 402 иргэн буюу 5,4 хувь
    в. оношлогоо эмчилгээнд хамрагдах төлбөрт 112 521 иргэн буюу 4,8 хувь

    3. боловсролын үйлчилгээний төлбөрт санал өгсөн иргэдийн 18,5 хувь буюу 437 992 иргэн :
    а. оюутны сургалтын төлбөрт 256 892 иргэн буюу 10,9 хувь
    б. сурагчдын сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны төлбөрт 137 515 иргэн буюу 5,8 хувь
    в. мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хурдавчилсан мэргэжлийн сургалтын төлбөрт 43 585 иргэн буюу 1,8 хувь

    4. орон сууц худалдан авах урьдчилгаа зээл болон зээлийн хүүг төлөхөд санал өгсөн иргэдийн 18,1 хувь буюу 427 716 иргэн 

    5. малчны зээл болон бусад зээлийн төлбөрт санал өгсөн иргэдийн 31,4 хувь буюу 739 812 иргэн :
    а. малчны зээлийн төлбөрт 173 698 иргэн буюу 7,4 хувь
    б. бусад зээлийн төлбөрт 566 114 иргэн буюу 24 хувь . Эндээс харахад хүн амын 87.3 хувь нь хишиг, хувиа бэлэн бус хэлбэрээр авах сонирхолтой байгаа нь тогтоогдоод байна.

    “Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор өгсөн үүргийг хэрэгжүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Сангийн сайд С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт даалгав. 
     
    АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд дэвшүүлсэн зорилтыг хангах зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүнийг олгохтой холбоотой харилцааг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал боловсруулах Ажлын хэсэг байгуулав. Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын ахлах энэ Ажлын хэсэгт төрийн захиргааны төв байгууллагад ажилладаг, хувийн салбарын үйл ажиллагаа эрхлэгчидтэй ажил хэргийн шугамаар хамтран ажиллаж туршлага хуримтлуулсан, аж ахуй үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох зохицуулалтыг боловсруулж, хянаж, батлах эрх мэдэл бүхий албан хаагчид, мэргэжлийн төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг оруулах юм. 

    Мөн Ажлын хэсэг болон холбогдох байгууллагуудын шуурхай ажиллагааг хангах зорилгоор “Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнтэй холбогдсон хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянан үзэж боловсронгуй болгох ажлын удирдамж”-ийг батлав. Энэ удирдамжаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнтэй холбоотой хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянан үзэж боловсронгуй болгох зарчим, шалгуур болон арга хэлбэр, зохион байгуулах үйл ажиллагаа, хамрах хүрээ, ажлын хэсгийн эрх үүрэг, зөвшөөрөл, эрх зүйн актыг хянан үзэх үе шат, журам зэргийг тогтоох юм.

    АРГА ХЭМЖЭЭ АВСНААР МАХНЫ ҮНЭ БУУРЧЭЭ

    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцлаа. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран 2010 оны 6 дугаар сарын 7-15 өдөр “Хүчит шонхор” зах, “Скай” хайпермаркетийн талбайд “Махны өргөтгөсөн яармаг-худалдаа” зохион байгуулжээ. 

    Энэ хугацаанд хонь, үхрийн ястай болон цул махыг тухайн үеийн ханшнаас дунджаар 15 хувиар хямд нийлүүлж  нийт 31.5 мянган тонн мах борлуулсан байна. “Хүчит шонхор” захад үхрийн кг мах 4650, хонины мах 3800, ямааных 2800, адууных 2650, дайвар бүтээгдэхүүнийг 1500 төгрөгөөр худалджээ. Энэ нь тухайн үеийн зах зээлийн ханшнаас 20-28 хувиар бага байжээ. 

    “Скай” хайпермаркетад 1 кг хонины махыг 3800, үхрийн махыг 4300, адууны махыг 2500 төгрөгөөр худалдсан байна. 
    2010 оны 6 дугаар сарын 28-ны байдлаар 1 кг махны үнэ өмнөх 5 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн мах 12, хонины мах 19, адууны мах 13, ямааны мах 6 хувиар буурсан судалгаа гарчээ. 

    Дорнод аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан зүүн аймгуудаас нийлүүлэх мал, маханд хязгаарлалт тогтоосон учир нийлүүлэлт буурч төвийн аймгуудаас нийлүүлэх мал, махны хэмжээ нэмэгдэж байна. Баяр наадам дөхөж байгаа энэ үед малчид малаа авчирч тодорхой газруудад зарж байгааг хориглохгүй ч халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор цэгцэлж, зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай болжээ.  

    “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын дагуу махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулсан, гол нэрийн бүтээгдэхүүний үнийг судалж байгаагаас бусад асуудлыг хэрэгжүүлж эхлээгүй байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн засаг даргын Тамгын газарт Засгийн газраас анхааруулав. 

    Тогтоолыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, биелэлтийг сар бүрийн эцэст Засгийн газарт танилцуулж байхыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.мөнхбаярт даалгав.

    ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

    Хуулийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Амбулаторийн үзлэг, шинжилгээ, оношлогоо, өдрийн эмчилгээ, үйлчилгээ, хөнгөвчлөх  тусламж, үйлчилгээ, уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээг даатгалаас санхүүжүүлж, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцад нэмж оруулахаар тусгасан байна. Мөн даатгуулагчийн гадаад улс оронд хийлгэсэн эмчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын дээд хязгаарт багтаан олгохоор төлөвлөжээ. 

    Эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураах, эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг батлахтай холбоотой харилцааг зохицуулах, даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах, чанар, хүртээмжид хяналт тавих, санхүүжилтийг тусламж, үйлчилгээний чанартай уялдуулах, эрүүл мэндийн даатгалын мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, даатгуулагчид өгөх мэдээллийг сайжруулах үүрэгтэй байхаар зохицуулж байна. 

    Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг бие даалгаж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн даатгалын байцаагчийн эрх, үүрэг болон эрүүл мэндийн даатгалын  тухай хууль зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг мөн тусгажээ. 

    УИХ-д өргөн барьсан нийгмийн халамжийн багц хуулийн төсөлд нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай /ядуу/ өрхийн гишүүний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцахаар заасан. Иймээс төрөөс шимтгэлийг нь хариуцдаг иргэдийн хүрээнд өөрчлөлт оруулж, энд дурдсанаас бусад өрхийн хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эцэг, эх нь хариуцахаар төсөлд тусгасан байна.

    НЭР БҮХИЙ ХҮМҮҮСИЙГ ШАГНАВ

    Ардын хувьсгалын 89 жилийн ойг тохиолдуулан дор дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнав. 
    Үүнд :
    1. Э.Цасчихэр – Увс аймгийн Засаг дарга
    2. С.Энхбаатар – Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч дарга 
    3. Г.Ганболд – Гадаад харилцааны яамны Европын газрын зөвлөх 
    4. Б.Батжаргал – Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга 
    5. Д.Баярмагнай – ОБЕГ-ын Аврах тусгай ангийн аврагч 
    6. С.Одончимэг – Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч
    7. Д.Батболд – БОАЖЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга 
    8. С.Болдбаатар –  Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хошууч 
    9. А.Цолмон – БСШУЯ-ны ахлах мэргэжилтэн 
    10. Ж.Бямбадорж  – Орхон аймгийн “Орхон-Азза” ХК-ийн автогрейдерчин
    11. Ю.Отгонбилэг –  НХХЯ-ны мэргэжилтэн 
    12. П.Ганхуяг – ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга 
    13. С.Мөнх-Очир – “ДЦС IY” ТӨХК-ийн уурын цехийн инженер 
    14. Ш.Энхтөр – ЭНЭШТ-ийн клиникийн захирал

    ТОВЧХОН

    • Төсвийн тухай хуулийн төслийг дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов. Их засвар, хөрөнгө оруулалтын эрх, тендерийг өөрсдөө мэдэж шийддэг байх зэргээр эрх мэдлийг орон нутагт өгөхөөр төсөлд тусгаад байна. Энэ хуулийн төсөл нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Төсөл батлагдсанаар төсвийн талаархи эрх зүйн орчин бусад улс орны төсвийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн нэгэн адил ойлгомжтой, системтэй болж төсөв боловсруулах, гүйцэтгэх, хяналт тавих үе шатанд холбогдох этгээдийн үүрэг хариуцлага сайжирч төсвийн сахилга бат дээшилнэ. Хуулийн төсөлд тусгасан дунд хугацааны хөтөлбөрийн төлөвлөлтийг хэрэгжүүлснээр Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй санхүүжүүлэх боломж бүрдэх юм.

    • “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. 

    • УИХ-ын гишүүн Л.Гүндалайн санаачлан боловсруулсан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэв.

    • “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцээд дэмжиж Засгийн газрын тогтоол гаргахаар болов.

    • 2010 оны 7-8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцуулав. 7-8 дугаар сард олон жилийн дунджаас дулаан байх бөгөөд хэд хоног өдөртөө огцом халж үр тариа, бэлчээрийн болон таримал ургамлын ургалтад тааламжгүй нөлөөлж болзошгүй байна. Мөн хур бороо олон жилийн дундаж хэмжээнд орох төлөвтэй учир зарим үед усархаг аадар бороо, мөндөр орж үер буух, дуу цахилгааны өмнө салхи түр зуур хүчтэй ширүүсэх мэдээ гарчээ. 7-8 дугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байх нь.

  • Ерөнхий сайд БНСУ-д ажиллаж байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг чухалчлав

    Ерөнхий сайд БНСУ-д ажиллаж байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг чухалчлав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Төрийн Хууль тогтоомжийн сайд Ли Сөг Ен тэргүүтэй БНСУ-ын төлөөлөгчдийг 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн тохиож байгаа энэ жил ноён сайд айлчилж байгааг тэмдэглээд, хоёр орны хууль зүйн асуудал хариуцсан төрийн төв байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг гэв.

    Монгол Улс цаашид хөгжлийн бодлогод суурилсан хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд БНСУ-ын туршлагаас суралцах, иргэний нийгэм, хүний эрхийг хамгаалах үүргийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль тогтоомжийг олон түмэнд сурталчлах механизмыг нь судлах, туршлага солилцох бүрэн боломжтой юм гэлээ. Мөн Ерөнхий сайд Монгол-Солонгосын улс төр, эдийн засаг, нийгмийн бүх салбарын харилцаанд том амжилт гарч байгаа бөгөөд ард түмний, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх нь дээрх бүх салбарын харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэгтэй юм гэдгийг онцоллоо.

    Иймээс хоёр орны иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа 30 000 гаруй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрх зүйн байдлыг нь хангах, ажил хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох талаар анхаарал тавьж хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. БНСУ-ын сайд Ли Сөг Ен Монгол-Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор ард түмний харилцаа өргөжин тэлж байгаа бөгөөд энэ харилцаанаас бодитой үр дүн гаргахаар ажиллах хэрэгтэй байна гэлээ.

    Түүнчлэн тэрээр БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар Ерөнхий сайдын гаргасан санал санаачилгыг дэмжиж ажиллах болно гээд мөн Монгол Улсад амьдарч ажиллаж байгаа Солонгос иргэдийн үйл ажиллагааг дэмжих талаар хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. БНСУ-ын эдийн засгийн хөгжилд хууль тогтомжийн хөгжил шинэчлэл нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж ноён сайд онцлоод, Монголын талтай хөгжлийг дэмжих хууль эрх зүйн орчин бүрдүүлсэн туршлагаасаа хуваалцахад бэлэн байна гэв.

    Үүний сацуу Солонгосын тал Монгол Улсын ХЗДХЯ-тай хамтарч ажиллах, мэргэжилтэн солилцох, харилцан туршлага судлах, Монголын хуулийн чиглэлийн их, дээд сургуультай холбоо тогтоон сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа тэрээр илэрхийллээ. Ерөнхий сайд ноён Ли Сөг Ены санал санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашид хоёр талын үр ашигтай хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

    БНСУ-ын Хууль тогтоомжийн яам нь Ерөнхий сайдын ажлын албаны бүтцэд ордог бөгөөд дарга нь Төрийн сайдын статустай байдаг. Тус байгууллага нь төрийн хууль тогтоомжийн хөнгөн шуурхай, оновчтой тодорхой байдлыг хангах, хэрэгжтлтэд нь хяналт тавих, хууль тогтоох явцыг боловсронгуй болгох, нийтэд сурталчлах, тайлбарлах үйл ажиллагааг явуулдаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайдад Саудын Арабын Газрын тосны сайд бараалхлаа

    Ерөнхий сайдад Саудын Арабын Газрын тосны сайд бараалхлаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригтын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Саудын Арабын Вант Улсын (САВУ) Газрын тос, Эрдэс баялгийн сайд Али бин Ибрахим Аль-Наими тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд Монгол Улс, САВУ-ийн хооронд харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэх бүрэн боломж байгаа гэдгийг дурдаад, цаашид хоёр талын эдийн засгийн голлох салбар болох уул уурхай, ашигт малтмалын салбарт харилцааг хөгжүүлж, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж ирэх нь чухал байна гэлээ.

    Ерөнхий сайд Монгол-Саудын Арабын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын нэг нь Саудын Арабын байгалийн баялгийн олборлолт, хөрөнгөжүүлэлт, удирдлага менежментийн арвин туршлагаас суралцах, судлах явдал бөгөөд энэ нь Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой байх болно гэдгийг тэмдэглэлээ. Ноён А.И.Аль-Наими Монгол Улстай эрдэс баялгийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг судлах зорилгоор айлчилж ирсэн гээд САВУ-ын хаан Абдулла бин Абдулазизийн мэндчилгээг Ерөнхий сайдад уламжиллаа.

    Ноён сайд Саудын Арабын эдийн засгийн гол салбар нь газрын тос химийн салбар бөгөөд САВУ нь дангаараа дэлхийн газрын тосны хэрэгцээний 10 хувь буюу өдөрт 1.12 сая тонн газрын тос олборлож, дотоод гадаадын зах зээлд нийлүүлдэг гэв. Гэхдээ тус улсын газрын тос, ашигт малтмалын салбарын хөгжлийн бодлогын гол зарчим нь аль болох нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх явдал гэдгийг ноён сайд цохон тэмдэглэлээ.

    Саудын Арабын бизнесийн орчин нь нээлттэй, чөлөөт зах зээлийн зарчим дээр суурилдаг. Иймээс хоёр талын худалдаа, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим Монголын талтай холбоо тогтоон, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаа гэж тэрээр хэллээ. Мөн Ноён А.И.Аль-Наими Монголын газрын тосны мэргэжилтэн, техникийн ажилчдыг сургах, дадлагажуулах, харилцан туршлага солилцох, улс төр, бизнесийн албан айлчлалуудыг хөгжүүлэх, Монгол Улсад Саудын Арабын хөрөнгө оруулалтыг хийх боломжийг бий болгох тал дээр хатран ажиллахад бэлэн байна гэж мэдэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд шилдэг тамирчдаа урамшууллаа

    Ерөнхий сайд шилдэг тамирчдаа урамшууллаа Олимпын наадам, тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн шилдэг 61 тамирчин, дасгалжуулагчдад Засгийн газраас 336 сая төгрөг олгохоор шийдвэрлэснийг Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпод бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд Тамирчдын өдрөөр дуулгалаа. Монголын Тамирчдын өдөр, Олон улсын олимпын өдөр, Монголын Үндэсний Спортын IV их наадмын хаалтын ажиллагаанд зориулсан Тамирчдын гала тоглолтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар тамирчдадаа хүндэтгэл илэрхийлж, зарим тамирчдад Засгийн газрын мөнгөн шагналыг гардуулсан юм.

    Монгол Улсын Ерөнхий сайд нийт тамирчин дасгалжуулагчдад хандаж хэлсэн үгэндээ “ Энэ жилээс улсын аварга шалгаруулах тэмцээнийг төрөөс санхүүжүүлэх эрхийг тодорхой шалгуур хангасан спортын холбоодуудад гэрээний дагуу олгож эхэлсэн нь энэ салбарт хийгдсэн шинэчлэлийн эхлэл гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд төсвийн орлого сайжирч биеийн тамир, спортын байгууллагуудад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ ч нэмэгдэж байна. Энэ онд нийслэл болон дөрвөн аймагт спортын шинэ ордонг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна” гэлээ.

    Мөн тэрбээр Засгийн газрын тогтоолоор 2010 онд Үндэсний спортын их наадмыг орон даяар гурван үе шаттайгаар үндэсний спортын 9 төрлөөр зохион байгуулан давхардсан тоогоор 450 мянга гаруй хүнийг хамруулсан нь Засгийн газраас батлагдсан “Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх томоохон ажил боллоо гэдгийг онцолж байлаа.  Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогод суурилсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг ойрын үед боловсруулж Засгийн газраас батлах гэж байгааг дуулгасан юм. Тус хөтөлбөр батлагдсанаар төр, засгаас биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого чиглэл, иргэдэд хүргэх үйлчилгээ тодорхой болно гэж тус салбарынхан талархаж байна.

    74 дэх жилдээ тэмдэглэж буй Монголын тамирчдын өдрийн арга хэмжээнд оролцсон Ерөнхий сайд, Олимпод бэлтгэх Үндэсний хорооны дарга С.Батболд “Дэлхийн улс орнуудын эв нэгдлийн илэрхийлэл болсон Зуны олимпын 30 дугаар наадам хоёр жилийн дараа эхэлнэ. Монгол түмний баяр бахдалыг төрүүлсэн Олимпийн алтан медаль хүртсэн амжилтын буухиаг Лондонд үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар баг тамирчдаа Олимпын наадамд амжилттай оролцуулахад бүхий л боломжоо дайчлан ажиллана” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Монгол улсын Ерөнхий сайд нотолгоонд суурилсан шийдвэрийн механизмыг чухалчиллаа

    Монгол улсын Ерөнхий сайд нотолгоонд суурилсан шийдвэрийн механизмыг чухалчиллааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилга болон ивээл доор “Нотолгоонд Суурилсан Худалдааны бодлого ба Ази-Номхон далайн Худалдааны хэлэлцээрт нэгдэх хэлэлцээний арга хэрэгслүүд” сэдэвт өндөр хэмжээний гурван өдрийн сургалт семинар Монгол Улсын Гадаад Харилцааны Яаманд эхэллээ. Ази-Номхон далайн Худалдааны Хэлэлцээр (АНДХХ) нь НҮБ-ийн Ази-Номхон далайн Эдийн Засаг, Нийгмийн Зөвлөлийн (UNESCAP) гишүүн, хөгжиж буй орнуудад элсэн ороход нээлттэй бөгөөд харилцан ашигтай чөлөөт худалдааг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой преференцийн (худалддааын давуу эрхийн) олон талт гэрээ юм.

    Тус семинарын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэлэв. Тэрээр семинарыг хамтран зохион байгуулж байгаа НҮБ-ийн Ази-Номхон далайн Эдийн Засаг, Нийгмийн Зөвлөлд талархал илэрхийлээд, Монгол Улс АНДХХ-рт элсэн орохын тулд шийдвэр гаргахдаа баримт, нотолгоон дээр суурилдаг байх зарчмыг нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Ерөнхий сайд “Монгол Улсын ардчилал, зах зээлийн эдийн засгийг хөгжлийн өндөр шатанд гаргахад ил тод, тогтвортой, ойгомжтой, цэгцтэй хөгжлийн бодлого баримтлах хэрэгтэй байна.

    Бодлого болон түүнээс үүдэн гарах шийдвэр нь хүсэл мөрөөдлийн жагсаалт, үзэл бодол, онол баримжааны аливаа өнцөг дээр суурилах бус, харин нээлттэй хэлэлцэж, олон өнцгөөс шүүн тунгааж, бодитой нотолгоон дээр суурилсан байх учиртай. Иймээс бид ажилд хандах сэтгэлгээндээ шинэчлэл хийх хэрэгтэй. Долоо хэмжиж нэг огтло гэсэн Монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Энэ нь сайн бодож, тунгааж, нотолж байж шийдвэр гаргаж бай гэсэн үг бөгөөд үүнийг л бид хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэж семинарт оролцож байгаа төрийн байгууллагуудын төлөөлөгчдөд хандаж хэллээ.

    Мөн Ерөнхий сайд АНДХХ-рт Монгол Улс элсэн орсноор Монголын бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэж, Монгол Улс бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд өргөнөөр оролцох, худалдаагаа хөгжүүлэх таатай орчин бүрдэх ач холбогдолтой юм гэдгийг цохон тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • С.Батболд: Энэ бол эх үрсийнхээ төлөө бидний хийх ажлын эхлэл

    С.Батболд: Энэ бол эх үрсийнхээ төлөө бидний хийх ажлын эхлэл “Эхчүүдтэй уулзлаа, сэтгэгдэл өндөр, сайхан байна. Энэ бол эх үрсийнхээ эрүүл мэндийн төлөө бидний хийж, хэрэгжүүлэх ажлын эхлэл” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Шинээр төрөх эмнэлэг барихаар төлөвлөсөн байгаа. Эдгээр ажил үе шаттайгаар хэрэгжинэ. Хоёрдугаар амаржих газар болоод шинээр байгуулагдах төрөх эмнэлэг барих 19 тэрбум төгрөг энэ жилийн улсын төсөвт суусан. Шинэ төрөхийн барилгын ажлыг шуурхай, хамгийн гол нь чанар стандартын дагуу гүйцэтгэх үүргийг Эрүүл мэндийн яаманд өгсөн гэж Монгол Улсын Ерөнхий сайд засварын ажил нь дуусаж, өнөөдрөөс үйлчилгээ нь эхэлж буй Нэгдүгээр амаржих газрын үйл ажиллагаатай танилцахдаа хэлсэн юм. Мөн цаашдаа энэ салбарт төрөх эмнэлгээс гадна тогтолцоо, үйлчилгээ, эмчилгээ оношлогооны хүрээнд өргөтгөх олон ажил байгааг дурдлаа.

    Эхчүүдийнхээ үр хүүхдээ төрүүлэх аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх нь төр засгийн үүрэг. Энэ үүргийнхээ дагуу УИХ, Засгийн газраас үе шаттай ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь Нэгдүгээр төрөхийн засварын ажил байлаа гэж Ерөнхий сайд онцлов. Тус амаржих газрын бохирын шугамын гэмтлээс шалтгаалан нярайн халдвар дэгдэлт хэлбэрээр гарч, эмнэлгийн үйл ажиллагааг энэ оны нэгдүгээр сарын 18-наас бүрэн зогсоосон. Байдал хүндэрсэн тэр үед  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Улаанбаатар хот болоод эмнэлгийн удирдлагуудтай уулзахдаа “Ойрын өдрүүдэд Засгийн газрын хуралдаанаар Нэгдүгээр  амаржих газрын их засварт шаардагдах төсвийн талаар хэлэлцэнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг яаралтай шийдэх шаардлагатай байна” гээд Засгийн газрын хуралдаанаар хөрөнгийн эх үүсвэрийг шийдсэн юм.

    Ерөнхий сайд С.Батболд энэ талаар “Засгийн газраас энэ асуудалд онцгой анхаарал тавьж Нэгдүгээр амаржих газрын засварын хөрөнгийн эх үүсвэрийг богино хугацаанд шийдсэн. Энэ нь засварын ажил бүрэн хэмжээнд, хугацаандаа хийгдэж дуусахад нөлөөллөө гэж бодож байна. Нэг талаас чанартай, нөгөө талаас стандарт хангах чиглэлээр шинэлэг ажлууд хийгдсэн гэж Эрүүл мэндийн яамны удирдлагууд, энэ ажлыг зохион байгуулсан хамт олон хэлсэн.  Нэгдүгээр амаржих газар өнөөдөр эхчүүдээ хүлээж авч байна. Бид сайхан үйл явдлын гэрч боллоо. Монголын үрс маш олон болтугай” гэлээ.

    Тус амаржих газрын дарга Д.Энхбаяр энэ үеэр “Бид барилгын засварын ажлаа энэ сарын 1-нд хүлээж авсан. Өнөөдрийг хүртлэх хугацаанд ариутгал, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийж, Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаагаа хэвийн явуулж болно гэсэн дүгнэлт гарсны дагуу эхчүүдээ хүлээж авч байна” гэлээ. 240 ортой Нэгдүгээр амаржих газарт энэ өдөр 26 эх эмчлүүлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ

    “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийн төсөл, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Манай улсын хүн ам мах, гурил, сүү, цагаан будаа, элсэн чихэр зэргийг хүнсэндээ өргөн хэрэглэдэг. үүнээс дотоодын үйлдвэрлэлээр мах, сүүний хэрэгцээгээ 100 хувь, гурилын хэрэгцээгээ 44 хувь, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 100 хувь импортоор хангаж байна.

    Эдгээр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ тогтворгүй байнга хэлбэлзэж байгаа нь иргэдийн амьжиргаа, худалдан авалтад сөргөөр нөлөөлж байна.Тиймээс хууль батлагдсанаар мах, гурил, цагаан будаа, элсэн чихэр, улаан буудайн гаалийн тарифын хувь хэмжээг шаардлагатай тохиолдолд Улсын Их хурал эрх олгосноор Засгийн газар өөрчилж байх эрх зүйн орчин бүрдэх юм.

    Ингэснээр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдал хангагдаж үнэ тогтворжиж дотоодын үйлдвэрлэгчдийн ялангуяа гурил, улаан буудай үйлдвэрлэгчдийн санхүүгийн чадавхи сайжирч, бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэх боломж бүрдэнэ. Мөн газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт нэмэгдсэнээр ажлын байр нэмэгдэж, тухайн салбарт ажиллаж байгаа иргэд, аж ахуйн нэгжээс улсын төсөвт оруулах орлогын хэмжээ өсөх юм. 

    Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ургац алдсан тохиолдолд гурил, улаан буудайг импортоор авч хүн амын хэрэгцээг хангах, ургац арвин жил хэрэгцээгээ дотоодоос бүрэн болон ихэнхийг хангах тохиолдол байнга гарч байна. Иймээс улаан буудай, гурилын үйлдвэрлэл, импортыг гаалийн татварын уян хатан бодлогоор зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа учир хуулийн төслийг боловсруулжээ.

    ХУУРАМЧ ЭМТЭЙ ТЭМЦЭНЭ

    Засгийн газрын хуралдаанаар ”Хуурамч эмтэй тэмцэх үндэсний стратеги”-ийг сайшаалаа. Стратеги болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын багц болон гадаадын зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэх, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 2 дугаар сард Засгийн газарт танилцуулж байхыг холбогдох сайд нарт даалгав. 

    Манай оронд 1994 оны 10 дугаар сард анх хуурамч пенициллин, 2001 онд их хэмжээний хуурамч витамин В комплекс эмийг Буянт-Ухаа боомтод илрүүлэн устгаж байжээ. 2005-2007 онд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран 147 нэрийн эмийг судалгаанд хамруулахад 28 нь стандартын бус, хуурамч байсан  нь манай зах зээлд хуурамч эм байгааг илтгэсэн үзүүлэлт юм. 

    Хууль эрх зүйн орчин сайн бүрдээгүй, эмийн үндэсний зохицуулалт муу, мөрдөж байгаа хуулийн хэрэгжилт хангалтгүй, оногдуулах шийтгэл сул, авлига болон сонирхлын зөрчил их, олон давхар зуучлагчтайгаар нийлүүлэгддэг, нийлүүлэлтээс давсан эрэлттэй, өндөр үнэтэй, хамтран ажиллагч талуудын хамтын ажиллагаа сул зэрэг нь эмийг хуурамчаар үйлдвэрлэхэд нөлөөлдөг байна. 

    Үндэсний стратегид :
    • Эм, эмнэлгийн хэрэгсэл
    • Биологийн идэвхт бүтээгдэхүүн
    • Гоо сайхны бараа, нүдний шил, нүдний контакт линз зэрэг эрүүл мэндэд нөлөөлөх бүтээгдэхүүнийг хамруулсан байна. 

    Манай улсад хувийн өмчид тулгуурласан эм, эмнэлгийн хэрэгслийн 34 үйлдвэр, 136 ханган нийлүүлэх байгууллага, 1026 эмийн сан байгаа бөгөөд 821 эм зүйч, 1503 эм найруулагч ажилладаг. Монголчууд 30 гаруй улсын 200 үйлдвэрийн 1500 эм, ОХУ, Энэтхэг, БНХАУ-ын 41 үйлдвэрийн 67 эмийн түүхий эд, эх орны үйлдвэрийн 51 нэрийн эмийг бүртгэн эмчилгээ, оношлогоонд хэрэглэж байна. Мөн эмийн шинжилгээний лаборатори нь хийх ёстой шинжилгээний 60 гаруй хувийг л хийдэг гэсэн судалгаа гарчээ.

    ТАМИРЧДЫГ ШАГНАВ

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, кураш бөх, таэквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, чөлөөт бөхийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, 2009 оны сүүлийн хагаст болсон жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, шатрын их мастер, самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2010 оны жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, буудлагын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, пара таэквондо, сонирхогчдын шатар, жиу-жицу бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан нэр бүхий тамирчид, дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгохоор тогтов.

    АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫГ ДҮГНЭВ

    Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын 2009 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолоор батласан журмыг үндэслэн 2009 оны үйл ажиллагааны үнэлгээгээр өндөр үнэлгээ авсан Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж, дээрх аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт тус бүрд нь нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгохоор болов. 

    Үйл ажиллагааны үр дүн, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс санал асуулга авч үнэлэн, дүгнэх ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэж байх, хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхи, үр нөлөөг дээшлүүлэх талаар санаачлагатай ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

    ТОВЧХОН

    • Улсын Их хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Батбаяр, Р.Гончигдорж нарын санаачлан боловсруулсан “Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай” хуулийн төсөл болон “Мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг төсөл санаачлагч нарт уламжлахаар тогтов. 

    Тухайлбал 1.0-18 насны хүүхэд бүрт сар тутам 20000 төгрөг олгох тохиолдолд 2009 оны статистик гүйцэтгэлээр нийт  981,6 мянган хүүхдэд жилдээ 235,6 тэрбум төгрөг шаардагдахаар байна. Энэхүү нэмэлт зардлыг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх нь тодорхойгүй байна. Улсын Их Хурал Хүний хөгжил сангийн тухай хуулийг батлахдаа хүүхдийн, шинэ гэр бүлийн, шинээр төрсөн хүүхдийн зэрэг нийгмийн халамжийн чиглэлийн арга хэмжээнүүдийг зохицуулж байсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон. Ийм шийдвэр гараад хагас жил болоогүй байх тул төслийг дэмжих боломжгүй байна гэж Засгийн газрын хуралдаанаас үзэж төсөл санаачлагчдад уламжлахаар боллоо. Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө аль алийг нь давхардуулалгүй нэг цонхоор явуулах нь зүйтэй гэсэн байр сууринаас Засгийн газар хандаж байна.

    • Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хооронд байгуулах “Терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцээд “Гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай” Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов.

    • “Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

    • “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-д нэмэлт оруулах тухай, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-”д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

    • Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлэх “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лабораторийн барилга барих, техникийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд монголын талаас шаардагдах хөрөнгийг хэлэлцээд тогтоол гаргахаар боллоо.

    • Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын 2010 оны 6 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсад хийх айлчлалын үеэр баримтлах удирдамжийг зүйтэй гэж үзэн Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.

    • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандиг АНУ-ын Нью-Иорк хотноо болох НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн үндсэн чуулганд 2010 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар оролцохыг зөвшөөрөв.

    • ОХУ-ын Москва хотноо 2010 оны 6 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд “ОХУ болон Тусгаар улсын хамтын нийгэмлэгийн орнууд-Глобалчлалын эринд” сэдэвт 14 дэх удаагийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцохыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод зөвшөөрөв.

    • Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болсон Дэлхийн эрүүл мэндийн 63 дугаар ассамблейд оролцсон тухай Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Засгийн газрын гишүүдэд танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-ын Хөдөлмөрийн сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-ын Хөдөлмөрийн сайдыг хүлээн авч уулзав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Хөдөлмөрийн сайд Лим Тэ Хи тэргүүтэй БНСУ-ын төлөөлөгчдийг 2010 оны 6 дугаар сарын 16-н өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож байгаа гэдгийг дурдаад, өнгөрсөн хорин жилийн хугацаанд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байдаг гээд цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр орны хөдөлмөрийн харилцаа чухал ач холбогдолтой гэдгийн онцлон тэмдэглэв.

    Ерөнхий сайд БНСУ-ын Засгийн газар манай олон мянган иргэдэд БНСУ-д ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээл, нийгэм эдийн засгийн тодорхой зорилтуудыг урагшлуулахад чухал хувь нэмэр болж байгааг тэмдэглээд, цаашид хоёр тал худалдаа, бараа эргэлтийг чөлөөтэй болгох, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагагаа хөгжүүлэх, ард түмэн буюу иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, түүний дотор иргэд харилцан зорчих, аялал жуулчлал хийхэд тодорхой хэмжээний хөнгөлөлтийг үзүүлэх гэсэн чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьж байна гэв.

    Мөн Монгол Улсад БНСУ-ын хөрөнгө оруулалтыг зөвхөн жижиг, дунд үйлдвэрийн салбараар хязгаарлагдалгүй дэд бүтэц, хүнд үйлдвэр зэрэг эдийн засгийн том салбаруудад оруулах боломж байгаа бөгөөд үүнд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа олон мянган мэргэжилтэй монгол ажилчид том түшиг болж, ард түмний хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд “гүүр” болох болно. Иймээс монгол ажилчдад Солонгосын тал мэргэжлийн үнэмлэх олгох, Монголын талтай мэдээлэл солилцох байнгын механизмтай болох, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим нэг албан болон техникийн саадыг арилгах тал дээр анхаарвал аль аль талдаа алс ирээдүйд ашгаа өгөх алхам байх болно гэж Ерөнхий сайд онцоллоо.

    БНСУ-ын Хөдөлмөрийн сайд Лим Тэ Хи Ерөнхий сайдын санал санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд зохих албаны хүмүүст энэ тухай уламжлахаа мэдэгдлээ. Түүнчлэн тэрээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Солонгосын тал албаны болон техникийн талын саад бэрхшээлийг байхгүй болгоно гэдгээ мэдэгдээд хоёр орны хөдөлмөрийн харилцаан дахь хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • С.Батболд: Сүмогийн аваргуудаараа бахархдаг

    сүмо, уулзалтМонголчууд биднийгээ баярлуулж, улс орныхоо нэр хүндийг өндөр хөгжилтэй Япон улсад өргөж яваа бөхчүүдээрээ, их аваргуудаараа бахархаж явдаг. Сүүлийн хэдэн башёд амжилттай барилдаж байгаа босоо аваргадаа Засгийн газрын тэргүүн нь баяр хүргэж байна” гэж Ерөнхий сайд С.Батболд Хакухо М.Даваажаргалыг хүлээж авч уулзахдаа хэллээ. Хакухо М.Даваажаргал Ерөнхий сайдтай аав, ээж, эгчийнхээ хамт уулзсан юм.

    Энэ үеэр их аварга М.Даваажаргал “Хакухо” нэртэй цагаан будаа тариалахаар судалгаа хийж, япон мэргэжилтнүүдийн хамт эх орондоо ирсэн. Төв аймаг, аавынхаа төрсөн нутагт цагаан будаа тариалах төлөвлөгөөтэй. Өдгөө судалгааны ажил ид хийгдэж байна. Японы хамгийн сэрүүн газар, өвөлдөө хасах 30 градус хүртэл хүйтэрдэг Хоккайдод “Хакухо” нэрийн цагаан будаа тариалж байгаа, эхний ургацаа ирэх есдүгээр сард хураана гэж их аварга маань Ерөнхий сайддаа сонирхууллаа. Хакухо М.Даваажаргал маргааш Япон улсыг зорих юм байна гэж Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

  • Монгол Улсад ЕХ-оос 2 сая еврогийн тусламж үзүүлэхээр боллоо

    Монгол Улсад ЕХ-оос 2 сая еврогийн тусламж үзүүлэхээр боллоо Европын Холбооны (ЕХ) Европын Комиссын 2010 оны 5-р сарын 31 өдрийн шийдвэрээр зудын гамшигт нэрвэгдсэн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэн, амьжиргааг нь дэмжих зорилгоор Монгол Улсад 2 сая еврогийн тусламж үзүүлэхээр болжээ. Энэхүү тусламж нь зудад нэрвэгдэсэн малчин өрхүүдийн  хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, амьжиргааг нь дэмжих, эрүүл мэнд, эрүүл ахуйг нь сайжруулахад зориулагдах юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ЕХ-ны энэхүү шийдвэрийг тохиолдуулан ЕХ-ны БНХАУ дахь Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн М.Пулц тэргүүтэй төлөөлөгчид, ХБНГУ, БНФУ, ИБУИНВУ, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Монгол Улс дахь БНБУ-ын хэргийг түр хамаарагч, Нидерландын вант Улсын ЭСЯ-ны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.

    Ноён М.Пулц уулзалтын эхэнд зудын гамшигт нэрвэгдсэн малчдын амьжиргааг дэмжихэд зориулж ЕХ Монгол Улсад 2 сая еврогийн тусламж үзүүлэх болсноо мэдэгдээд, энэхүү тусламж нь ЕХ-ны Монгол Улсад туслах чин эрмэлзлэлийн илэрхийлэл юм гэлээ. Ерөнхий сайд С.Батболд зудын байгалийн гамшгийн хор уршгийг арилгах амаргүй үед манай нөхөрсөг түнш болох ЕХ-ны зүгээс анхааран, зудад нэрвэгдсэн хүн амд тусламж үзүүлэх болсонд талархал илэрхийлэв. Тэрээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна.

    Гэхдээ цаашид хоёр талын хамтын ажиллагааны үндсэн сэдвүүд болох европын стандартыг Монголд нутагшуулах үйл явц, Монгол Улсын ЕХ-той байгуулах Түншлэл, Хамтын ажиллагааны гэрээний хэлэлцээг идэвхжүүлэх шаардлагатай байна гэдгийг онцоллоо. М.Пулц ЕХ Монгол Улстай хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөрийн төслийг боловсруулж байгаа бөгөөд удахгүй хоёр талын хамтын ажиллагаанд бодит дэвшил гарах болно гэж хариу мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.