Ангилал: мэдээ

  • Амай паспортоо дурсгав

    уулзалт, аялагчДэлхийн 69 орноор бадарчилсан Ж.Золбаяр буюу Амай 2010 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж гадаад паспортоо дурсгав. Тэрээ аяллынхаа явцад 3 гадаад паспорт дуусгасан бөгөөд Ерөнхий сайдад дурсгасан паспорт нь 28 дахь улс буюу Өмнөд Африкт дууссан байна. Монгол хүн, залуучууд хийе бүтээе гэвэл чаддаг, үр дүнд хүрч болдогийг тэрээр 4 жил 6 сар 12 хоногийн аяллаараа харуулснаа хэлээд цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа товч танилцуулав.

    Ж.Амай аяллынхаа явцад гадаадын улс орнууд, ард түмний амьдрал, зан заншил, сэтгэлгээ, соёлыг эх орныхтойгоо харьцуулж судалгаа хийсэн байна. Эх орондоо ирсний дараа “Монгол бадарчин” нийгэмлэгээ байгуулж аялах дуртай залуустай долоо хоног бүрийн Даваа гарагт уулзан гадаадын аялагчидтай холбож, зөвлөгөө өгч байхаар төлөвлөжээ. Мөн БНХАУ-ын Шанхай хотноо болж байгаа Экспо-2010 үзэсгэлэнгийн хүрээнд ирэх 9 дүгээр сард монголын өдрүүдийн арга хэмжээнд  аялах дуртай залуусыг оролцуулах болсон байна.

    70 гаруй мянган км газар аялан өөрийгөө нээж, сурч мэдсэнээ бусадтайгаа хуваалцаж байгаад Ерөнхий сайд С.Батболд аялагч Ж.Амайд талархал илэрхийллээ. Монгол залуусын сэтгэлгээ, соёлыг өөрчлөх, нийгмийн харилцааг стандарттай болгох нь чухал байгааг тэрээр хэлээд энэ чиглэлээр төр, засгаас олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Макро эдийн засгийн үндсэн зорилт, шалгуур үзүүлэлтүүдийг оны эцэст ханган биелүүлэх боломжтой

    Макро эдийн засгийн үндсэн зорилт, шалгуур үзүүлэлтүүдийг оны эцэст ханган биелүүлэх боломжтой Монгол Улсын Засгийн газар-Гадаад түншүүдийн хамтарсан бодлогын хэлэлцүүлэг 2010 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Төрийн ордонд болж байна. Төсвийн тогтвортой байдал, нийгмийн халамжийн шинэчлэл, хямралыг даван туулах, банкны салбарын шинэчлэлийн талаархи хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газрын гишүүд, агентлаг, газар болон иргэний нийгмийн төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нээж үг хэлэн УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа нийгэм, эдийн засгийн зарим үндсэн бодлогын талаар гадаад түншүүддээ тоймлон танилцууллаа.

    Тэрээр хэлсэн үгэндээ “манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2009 оны жилийн эцэст 1.6 хувийн бууралттай гарсан бол энэ оны эхний 4 сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 60,7 тэрбум төгрөгөөр буюу 12.7 хувиар,  гадаад худалдааны эргэлт өмнөх оны мөн үеэс 570,3 сая ам доллараар буюу 58.1 хувиар өсч эдийн засгийн хямралт үеийг нэгэн хэмжээгээр даван туулж байна. Ийм эерэг, нааштай үзүүлэлт гарч байгаагийн зэрэгцээ инфляцийн өсөлт, мал аж ахуйн салбарт учирсан томоохон хохирол, ажилгүйдлийн өсөлт зэрэг таагүй, онцгой анхаарал татсан үзүүлэлт цөөнгүй  гарч байгааг Засгийн газар хяналтандаа авч анхаарч ажиллаж байна.

    Засгийн газар эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан макро эдийн засгийн үндсэн зорилт, шалгуур үзүүлэлтүүдийг оны эцэст ханган биелүүлэх боломжтой” гэв. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үнэ цэнтэй цаг мөчийг бүрэн ашиглаж, хэлэлцэхээр төлөвлөсөн асуудал тус бүрээр идэвхи, санаачлагатай, ажил хэрэгчээр оролцохыг Засгийн газрын гишүүд, сайд нарт болон яамд, агентлагийн албан хаагчдад үүрэг болгов.

    Энэ хэлэлцүүлэг тодорхой үр дүнтэй, цаашид олон улсын байгууллага, гадаад орнуудтай Монгол Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлэх стратеги-төлөвлөгөөнд тусгалаа олохуйц тодорхой үр өгөөжтэй болно гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар-Гадаад түншүүдийн хамтарсан бодлогын хэлэлцүүлгийг Засгийн газар, Дэлхийн банк хамтран зохион байгуулж байна.

  • Ерөнхий сайд С.Батболд Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Ерөнхий сайд С.Батболд Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Дэлхийн банкнаас Монгол, Хятад, Солонгос улс хариуцсан захирлаар томилогдсон ноён Клаус Роландыг хүлээн авч уулзлаа. Улс хариуцсан захирлаар томилогдоод манай оронд анх удаагаа ирж байгаа ноён Клауст Ерөнхий сайд С.Батболд ажлын амжилт хүсээд маргааш төрийн ордонд болох Монгол Улсын Засгийн газар ба гадаад түншүүдийн хамтарсан бодлогын хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Энэхүү хэлэлцүүлгээр төсвийн тогтвортой байдал,нийгмийн хамгааллын шинэчлэл,банкны салбарын бүтцийн шинэчлэл,бодит салбарыг сэргээн хөгжүүлэх зэрэг чухал асуудлууд хөндөгдөх юм.

    Уулзатын үеэр Ерөнхий сайд хэлэхдээ Дэлхийн банк Олон улсын валютын сан зэрэг гадаад түншүүдтэйгээ хамтран тохиролцсон бодлогын арга хэмжээ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын засгийн газар анхаарч УИХ-тайгаа хамтарч ажиллаж байна гэлээ. Ноен Клаус хэлэхдээ Монгол улсын засгийн газар хямралыг амжилттай  хурдан даван туулах чиглэлээр санаачлагатай сайн ажиллаж байгааг тэмдэглээд цаашид анхаарах зүйл төсөв,банкны салбарт байгааг дурьдлаа. Энэхүү танилцах уулзалтанд Монгол Улсыг Дэлхийн банкинд төлөөлөн суудаг гүйцэтгэх захирал Жим Хаген ,Дэлхийн банкны суурийн төлөөлөгч Аршад Сайд, Сангийн сайд Баярцогт нар оролцлоо.

  • Ерөнхий сайд Энэтхэгийн уул уурхайн салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    уул уурхай, энэтхэг, уулзалтМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Энэтхэг Улсын Уул уурхай хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга С.Ш.Наир тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд Энэтхэгийн уул уурхайн салбарын удирдах албаны болон бизнесийн төлөөлөгчид Монгол-Энэтхэгийн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийг судлахаар хүрэлцэн ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

    Хатагтай С.Наир Ерөнхий сайдад хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Энэтхэг Улс Монголын талтай уул уурхайн шинжлэх ухаан, геологийн судалгаа шинжилгээний тал дээр хамтран ажиллахад бэлэн байна гээд хоёр талын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг ашигт малтмалын бодит олборлолтын үе шат руу гаргах нь чухал байна гэв. Мөн тэрээр Энэтхэгийн Засгийн газар өөрийн оролцоотой уул уурхайн консорциум байгуулж байгаа тухай дурдаад, ашигт малтмалын үйлдвэрлэлийн орлогоос хүн амын эмзэг, ядуу бүлгийн гишүүдэд хувьцаа эзэмшүүлэх замаар тэднийг орлоготой, харин уул уурхайн салбарыг нэр хүндтэй болгох зорилт тавьж, энэ талаар тодорхой хуулийн төсөл боловсруулж байна гэж мэдээллээ.

    Ерөнхий сайд Монголын тал Энэтхэгийн талтай уул уурхайн салбарт хамтран ажиллахдаа шударга байх, ижил тэгш хөрөнгө оруулалт хийх, харилцан ашигтай байх гэсэн зарчмуудыг баримтлах болно гээд ураны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар Монгол Улс Энэтхэг Улстай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ. Мөн хоёр талын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд зохих шатанд харилцан уулзалдах, санал солилцох, салбарын ажил хэрэгч хүмүүсийг хооронд нь ойр ойрхон уулзуулж байх нь ач холбогдолтой байх болно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Ерөнхий сайдад АНУ-ын ҮАХ-ийн төлөөлөгчид бараалхлаа

    Ерөнхий сайдад АНУ-ын ҮАХ-ийн төлөөлөгчид бараалхлаа Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболд АНУ-ын Үндэсний Ардчилсан Хүрээлэнгийн (ҮАХ) хөтөлбөрийн захирал, ҮАХ-гийн Индонези дахь төлөөлөгчийн газрын захирал Пол Роуланд, АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Самуэль Гейденсон тэргүүтэй ҮХА-гийн төлөөлөгчдийг 2010 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Засгийн газрын тэргүүн, МАХН-ын даргын хувьд төлөөлөгчдөд хандан ҮАХ МАХН болон Монголын бусад улс төрийн нам, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, тусламж дэмжлэг үзүүлж байдагт нь талархал илэрхийлэв.

    Тэрээр “Монгол Улс сүүлийн хорин жилийн турш ардчилсан, иргэний нийгэм байгуулахын төлөө шилжилтийн үеийг даван туулж байна. Энэ үйл хэргийг МАХН эхнээс нь тууштай дэмжин эхлүүлж, засгийн эрхэнд байх хугацаандаа гардан гүйцэтгэж багагүй амжилтыг олсон билээ. Энэ хугацаанд та бүгдийн тусламж дэмжлэг бидэнд чухал байсан. Цаашид ч бид сонгуулийн тогтолцооны шинэчлэл, улс төрийн намын төлөвшил зэрэг олон асуудлаар хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ.

    АНУ-ын ҮАХ нь 1983 онд үүсгэн байгууулагдсан ба дэлхийн өнцөг булан бүрт ардчиллын институтыг дэмжин, улс төрийн болон иргэний байгууллагуудыг бэхжүүлэн, иргэний оролцоо, нээлттэй болоод хариуцлагатай засаглалыг хөгжүүлэхийн төлөө ажилладаг гишүүнчлэлгүй, төрийн бус байгууллага юм. Уулзалтын үеэр ноён С.Гейденсон ҮАХ-гийн тэргүүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, хатагтай Мадлен Олбрайтын мэндчилгээг Ерөнхий сайд С.Батболдод уламжиллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайдын ивээл дор Монголын эмэгтэйчүүд чуулж байна

    Ерөнхий сайдын ивээл дор Монголын эмэгтэйчүүд чуулж байна Монгол орныхоо өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй эмэгтэйчүүд Төрийн ордонд хоёр дахь өдрөө чуулж байна. Тэд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Эмэгтэйчүүд-хүний хөгжил” сэдэвт Монголын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож буй юм. Монгол Улсын Ерөнхий сайд, Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны дарга С.Батболд чуулганыг нээж хэлэхдээ “Монгол хүн бүр ажилтай, тогтмол орлоготой байх нь төр засгийн хамгийн чухал стратегийн зорилтын нэг.

    Засгийн газар энэ  зорилгоор эдийн засгийн өсөлтийг хангах,  жижиг дунд үйлдвэр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ. Манай улс уул уурхайн баялагтаа түшиглэн Оюутолгой, Тавантолгойн зэрэг ордуудыг ашиглаж эхлэх, алт, зэс, төмөр, барилгын материалын томоохон үйлдвэрүүд, авто зам, төмөр замын, эрчим хүчний том сүлжээнүүдийг байгуулах зааг дээр ирээд байна. Эдгээр уул уурхайн баялгаас олсон хөрөнгийг эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийнхээ хөгжилд зарцуулах ёстой” гэлээ.

    Мөн тэрбээр “Эхчүүд та бид үр хүүхдүүдийнхээ хүмүүжил төлөвшил, гэр бүлийн хөгжил, үнэт зүйлсийн талаар зөвхөн ярих төдий биш төрийн бодлогод онцгойлон тусгаж шат дараатай арга хэмжээ авах  шаардлагатай болсон. Тиймээс гэр бүл, эмэгтэйчүүд, жендэр, хүүхэд залуучуудын асуудлаар Төрийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах агентлаг бий болгож ажиллуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа энд онцлон дурдъя” гэсэн юм. Үүний дараагаар үндэсний чуулганд хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их хурлын даргын илгээлтийг төлөөлөгчдөд уншиж сонсголоо.

    Ерөнхий сайдын ивээл дор болж буй энэхүү чуулганы төлөөлөгчид Монголын эмэгтэйчүүд, жендерийн тэгш байдал, хүний хөгжил, эдийн засаг, хөгжих эрхийн хэрэгжилт, нийгэм, соёлын хөгжил, нийгмийн төлөвшил, ардчилсан засаглал, улс төрийн оролцоо зэрэг олон талт асуудлаар үндсэн илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.  Тэд чуулганаас гарах баримт бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, Улс төрийн намын удирдлагуудад хүргэх юм байна.

    “Эмэгтэйчүүд- хүний хөгжил” Монголын эмэгтэйчүүдийн үндэсний чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр, Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Иргэний зориг эмэгтэйчүүдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын Үндэсний сүлжээ зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн форум болов

    Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн форум боловМонгол Улсын Ерөнхий С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн Монгол Улсад хйих айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын газар БНХАУ-ын Худалдааны яамны Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих газартай хамтран “Монгол-Хятадын Худалдаа, Эдийн Засгийн Форум”-ыг 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

    Энэхүү форум нь уул уурхай, дэд бүтэц, хүнс хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбарын хүрээнд Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн боломжийг БНХАУ-ын бизнес эрхлэгчдэд сурталчлан таниулах, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбож бизнесийн түншлэл тогтоон цаашид хамтран ажиллах боломж олгоход чиглэгдэж байв. Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар үг хэлж, форумын ажиллагаанд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао Монгол улсад айлчилж байна

    бнхау, айлчлалМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао 2010 оны 6 дугаар сарын 1-2-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд манай улсад 16 жилийн дараа, ноён Вэнь Зябогийн хувьд анхны албан ёсны айлчлал юм.

    БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаог Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд угтан авч, хүндэт харуулын дарга айлтгал өргөсний дараа хоёр орны төрийн дуулал эгшиглэлээ. Дараа нь хоёр улсын Ерөнхий сайд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао “Баганат” танхимд байрлуулсан хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой Төрийн ордонд ганцаарчилсан уулзалт хийв.  

    Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
       
    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нарын уулзалтаар хоёр улсын харилцааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар хэлэлцэж, бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцлоо.
    Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 жил өнгөрч, харилцаа хамтын ажиллагаа сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн хүрээнд амжилттай хөгжиж байна.

    Эхэлж буй шинэ жаранд хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх чин эрмэлзлэлээ хоёр тал санал нэгтэй нотлож, хоёр улсын удирдагчдын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, яриа хэлэлцээ чухал үүрэгтэй бөгөөд янз бүрийн түвшний уулзалтын давтамжийг хадгалж байх нь зүйтэй гэж талууд үзэв. Мөн хоёр орны хоорондын худалдааг нэмэгдүүлэх, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, хятадын талаас олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, манай улсад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулж экспортод гаргах, хоёр орны иргэд хоорондын харилцааны асуудлаар ярилцав.

    Албан ёсны  хэлэлцээ амжилттай боллоо

    Монгол Улсад БНХАУ 50 сая юаны буцалтгүй тусламж үзүүлэхээр болов

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээг эхлүүлж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад айлчлахаар хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао болон дагалдан яваа төлөөлөгчдөд чин сэтгэлийн талархал илэрхийлж тавтай зочлохыг хүслээ. Монгол Улсын Засгийн газар, монголын ард түмэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдыг хүндэтгэн хүлээж авсанд баярлаж байгаагаа ноён Вэнь Зябао илэрхийлэв.

    Хэлэлцээний үеэр хоёр улсын хоорондын улс төр, худалдаа эдийн засаг, соёл, хүмүүнлэг, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, уул уурхай гээд бүх салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлыг хөндөж ярилцав. Мөн  бүс нутгийн болон олон улсын харилцааны өргөн хүрээтэй асуудал, тухайлбал Зүүн Ази, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар санал солилцож, ШХАБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхээр тохиролцов.

    Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Зүүн Ази, Зүүн хойд Азийн хамтын ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцох Ерөнхий сайд С.Батболдын саналыг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао дэмжиж байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд далайд гарцгүй манай орны хувьд транзит тээврийн асуудлыг Ерөнхий сайд С.Батболд хэлэлцээний үеэр чухалчиллаа. Хятадын нутаг дэвсгэрээр хийж байгаа транзит тээвэрт хятадын талаас хөнгөлөлт үзүүлэх, далайд гарах боомтын тоог нэмэгдүүлэх, хил орчмын бүсэд болон Тяньжин боомт, бусад боломжтой боомт хүртэл монголын авто тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломжийг бий болгох эрх зүйн орчинг судлаж үзэх Ерөнхий сайд С.Батболдын хүсэлтийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нааштай хүлээн авч холбогдох байгууллагуудтайгаа ойрын үед ярилцана гэлээ.

    Иргэдтэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэх үүднээс хоёр орны  хууль, хяналтын ижил чиг үүрэгтэй байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам өргөтгөн хөгжүүлэх, шууд харилцааг бэхжүүлэх, терроризм, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг идэвхжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас хятадын талд гардуулан өгсөн “Ялтан шилжүүлэх гэрээ”-г ойрын хугцаанд байгуулах саналтай байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илэрхийлэв.

    Уг асуудлыг судалж нааштайгаар шийдвэрлэхээ илэрхийлж, манай улсад 50 сая юаний буцалтгүй тусламж, батлан хамгаалах салбарт 10 сая юаны тусламж үзүүлэх болсныг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао мэдэгдлээ. Буцалтгүй тусламжийг хоёр улсын харилцан тохирсон төслүүдэд зарцуулна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Оюутны хотхон”-ны хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төслийг БНХАУ дэмжиж буцалтгүй тусламжийнхаа зохих хэсгийг зарцуулах, 5 жил дараалан жил бүр манай 60 залууг хүлээн авч айлчлуулж, Засгийн газрынхаа тэтгэлгээр ирэх 5 жилд 2000 оюутныг нэмж сургахаар боллоо.

    БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны 9 баримт бичигт гарын үсэг зурлаа

    Хилийн дэглэмийн тухай анх удаа гэрээ байгуулав

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нарын албан ёсны хэлэлцээний үеэр хоёр орны хилийн дэглэмийн асуудлыг хөндөн ярилцав. Энэ хүрээнд Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол, Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 1988 оны гэрээг шинэчилэн байгуулж байна. Гэрээ байгуулагдсанаар Монгол Улсын хилийг хамгаалах, улсын хилийн халдашгүй байдлыг хангах, хил орчмын нутаг дэвсгэрт мөрдөх хилийн дэглэм, түүнийг сахин хамгаалах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг таслан зогсоох эрх зүйн орчин 1988 оны гэрээнээс илүү боловсронгуй болно.

    Түүнчлэн хоёр улсын, тэр дундаа хил орчмын орон нутгийн худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг төрийн нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хөгжүүлэх, хил орчмын нутаг дэвсгэр дээрх төрөл бүрийн үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах, байгаль орчныг хамгаалах, хилийн усыг зүй зохистой, илүү үр ашигтай байдлаар ашиглаж хамгаалах, зах зээлийн эдийн засгийн шаардлагаас үүдэн гарч буй хил дамнасан байгууламжийг шинээр барьж байгуулах, ашиглах, хилийн боомтыг бүрэн хүчин чадлаар ашиглах үүднээс үйл ажиллагааг нь сайжруулах зэрэг олон талт асуудлаар хоёр улсын Засгийн газар хамтран ажиллах эрх зүйн үндэс бүрдэх юм.

    БНХАУ 50 сая юаны тусламж үзүүлнэ

    Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 50 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэх бөгөөд тусламжийн хөрөнгийг хоёр талын харилцан тохиролцсон төсөлд зарцуулах болов.

    Улаанбаатар хот Бээжингийн гудамжтай болно

    БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Бээжингийн гудамж байгуулах талаарх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд захидал солилцов. БНХАУ-ын ЭСЯ-ны урд талын зам, талбайг Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Бээжингийн гудамж болгохоор тогтсон. Солилцох захидал байгуулагдсанаар хоёр улсын Засгийн газар хооронд 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн дагуу олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Бээжингийн гудамжийг тохижуулах ажлыг хийж гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэх юм.

    Гаалийн хэлэлцээрийг илүү бодитой, үр нөлөөтэй хэрэгжүүлнэ

    Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1993 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурав. Протокол байгуулагдсанаар 1993 онд байгуулсан Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хоёр Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг илүү бодитой, үр нөлөөтэй хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.

    Энэхүү протоколын хүрээнд талууд гаалийн зөрчил болон гаалийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, гаалийн үнэлгээ, оюуны өмчийн эрхийн зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээллийг солилцох боломжтой болох юм. Түүнчлэн хоёр улсын хууль тогтоомжийн хүрээнд гаалийн хамтарсан хяналт, шалгалт хийх, улс орны аюулгүй байдал, хүн ам, байгаль орчинд хохирол учруулж болзошгүй химийн хорт, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодист тавих хяналтыг чангатгах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх үйл ажиллагаатай хамтран тэмцэх, харилцан боловсон хүчин илгээх, туршлага судлах, мэргэшил дээшлүүлэх чиглээр хамтран ажиллах боломж бүрдэнэ.

    800 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах боломж нээгдлээ

    Эрхэмсэг ноён Вэн Зябаогийн талаас 500 сая ам долларын хөнгөлттэй зээлийн шугамыг өмнө нь олгохоор шийдвэрлэсэн 300 сая ам доллар дээр нэмж олгох болсоныг мэдэгдсэн болно. Энэхүү хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тэргүүлэх ээлжинд ашиглах боломжтой гэж Засгийн газар үзэж байна.

    Тухайлбал дэд бүтэц, ХАА-н салбарт тодорхой төслүүд хэрэгжүүлэх боломжтой юм. Монгол Улсын хувьд дэлхийн зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ гаргах өрсөлдөх чадвартай гарцыг аль болох олон байлгахыг эрэлхийлэх нь зүй ёсны сонирхол бөгөөд БНХАУ-тай холбосон, улмаар цаашлаад далайн боомтуудтай холбосон төмөр зам, авто замын сүлжээг хөгжүүлэхэд Засгийн газар анхаарч байна. Мал аж ахуй, хүнсний салбарт ялангуяа мах боловсруулах, малын гаралтай түүхий эдийг боловсруулж, хүнсний өндөр чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортод гаргах чиглэлээр дээрх хөрөнгийг зарцуулах боломжтой гэж үзэж байна.

    Цөмийн энергийн салбарт хамтран ажиллахаар болов

    Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн газар, БНХАУ-ын Үндэсний цөмийн корпораци хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр хоёр улсын салбарын байгууллага цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт цаашид хэрхэн хамтран ажиллах талаар нэгдсэн ойлголттой болох юм.

    Мөн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Боловсролын үнэмлэх, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийг сэргээн хоёр улсын Гаалийн байгууллага хооронд салбарын асуудлаар мэдээлэл солилцох эрх зүйн орчинг бүрдүүлэх протоколд гарын үсэг зурав. Холбогдох баримт бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл өглөө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд С.Батболд эмзэг бүлгийн хүүхдийн гар зургийн үзэсгэлэнг ивээн тэтгэж, зохион байгууллаа

    үзэсгэлэн, нээлт, хүүхэдХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өөрийн ивээл дор зохиогдсон эмзэг бүлгийн болон асрахын хүүхдүүдийн зураг, урлалын үзэсгэлэнг гэргий Х.Отгонтуяа, хүүхдүүдийн хамт үзэж сонирхлоо. Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд болсон энэ арга хэмжээнд “Амьдрах ухаан-урлахуйн төв”-ийн хүүхдүүд 500 гаруй бүтээлээ толилууллаа.

    Уг үзэсгэлэнг эгэл баатар Д.Эрдэнэбат, боловсролын тэргүүний ажилтан Р.Бийраа нар 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийнхийг нь Ерөнхий сайд С.Батболд ивээн тэтгэж буй юм. Үзэсгэлэнд тавигдсан нийгмийн эмзэг бүлгийн хүүхдийн зарим бүтээл 2009 онд БНСУ-д болсон олон улсын наадмаас алтан медаль хүртэж байжээ.

    Үзэсгэлэнг ивээн тэтгэж зохион байгуулсан Ерөнхий сайд С.Батболд “Орчин, нөхцлийг нь бүрдүүлээд өгвөл манай хүүхдүүд юуг ч бүтээж чаддаг гэдгийг энэ үзэсгэлэн харууллаа. Монголын хүүхэд бүхэн өрсөлдөх чадвартай иргэн болох ёстой. Чамгүй их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж олон сайхан бүтээл хийсэн хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, өрхийн тэргүүний хувьд баяр хүргэе” гэж онцолж хэлээд хүрэлцэн ирсэн 100 хүүхдэд гарын бэлэгээ гардуулж өглөө.

    Мөн Ерөнхий сайд С.Батболд үзэсгэлэнд арьсан урлаг, эсгий урлаг, уран зураг, сийлбэр, модон наамал гэсэн төрлөөр тэргүүн байр эзэлсэн таван хүүхдэд унадаг дугуй, хоёрдугаар байр эзэлсэн хүүхдүүдийг роллик, гуравдугаар байр эзэлсэн хүүхдүүдийг иж бүрэн хичээлийн хэрэгсэл, жижиг биллиардаар шагнаж уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ. Уг үзэсгэлэн 2010 оны 6 дугаар сарын 1-8-ны өдрүүдэд ажиллана.

  • С.Батболд: Хүүхдийн төлөө гэсэн аливаа санал, санаачилгыг дэмжинэ

    С.Батболд: Хүүхдийн төлөө гэсэн аливаа санал, санаачилгыг дэмжинэ

    “Хүүхдийг хамгаалах, дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай зэрэг шаардлагатай бүхнийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар эрчимтэй ажиллана. Хүүхдийн төлөө гэсэн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхний санал, санаачилгыг дэмжинэ” гэж Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан “Хүүхэд-Шинэ бүхний эхлэл” баярын хөтөлбөрт оролцохдоо хэлэв.

    “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл саяхан хуралдан Хүүхдийн хөгжлийн үндэсний стратегийг боловсруулсан. Хүүхдийн чиглэлээр авах бүхий л арга хэмжээг цогцоор нь багтаасан энэ баримт бичгийг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлана. Хүүхэд хамгаалал, ёс зүй, зан заншилд анхаарч, тэднийг хүчирхийллийн аливаа хэлбэрээс хамгаалах, хүүхдийг боловсролтой, өрсөлдөх чадвартай болгон хүмүүжүүлэхийн тулд Засгийн газар тодорхой, бодитой арга хэмжээ авна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүүхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ онцоллоо.

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан баярын арга хэмжээнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, НИТХ-ийн дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Дархан аварга Ж.Мөнхбат, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал болон албаны бусад хүн оролцов.

    “Хүүхэд-Шинэ бүхний эхлэл” баярт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хүүхэлдэйн театр, Улсын дуу бүжгийн эрдмийн чуулга, Улаанбаатар чуулга, Драмын эрдмийн театрын хамт олон болон хамтлаг, дуучид уран бүтээлээ толилууллаа. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд бараа, бүтээгдэхүүнийхээ үзэсгэлэн- худалдаа ажиллуулсан байна.