Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд, багачууд, эцэг эхчүүдэд зориулан илгээсэн Ерөнхий сайд С.Батболдын мэндчилгээ
“Нарны хаан” хүүхэд багачууд, хүндэт эцэг эхчүүд та бүхэндээ Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр-хүүхдийн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Жил бүрийн энэ өдөр хүүхдийн инээд хөөр, баяр баясал дүүрэн байж, аз жаргалын дуунд нь эцэг эхчүүд бид амьдралын шинэ эрч хүч, ундрагаар ивээгддэг билээ. Хүүхдээ зөв хүмүүжүүлэх, нас, бие, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн хөгжүүлэх нь эцэг эхчүүдийн төдийгүй Монгол төрийн гол бодлого байх учиртай. Иймд төр засаг, шийдвэр гаргагчдаасаа эхлэн байгууллага, хамт олон, эцэг эх, хүүхэд бүр эрүүл аюулгүй орчин, зөв зан үйлийг дээдэлж хэвшил болгох нь чухал юм.
Тиймээс ч хүүхэд бүх талаар хамгаалагдсан орчинг бүрдүүлэхэд чиглэсэн Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратегитай болохоор Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлээд байна. Өнөөдөр гэр бүл, аж амьдралынхаа төлөө ачааны хүндийг үүрч яваа хүүхдүүд цөөнгүй бий. Тэдний зовлон бэрхшээлийг хөнгөлөх, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд төр засаг, эцэг эхчүүд, иргэн бүрийн хариуцлага гол үүрэг гүйцэтгэнэ.
Хүүхэд хамгааллын бодлого хүнд хүчир амьдралын ачааг үүрч, зовлон, бэрхшээлийг туулж яваа хүүхдүүдийг нэн тэргүүнд хамгаалахад чиглэгдэх учиртай. Монголын хүүхдүүд үндэсний хоёрдугаар чуулганаа хуралдуулж, санал дүгнэлтээ Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлд танилцууллаа. Хүүхдүүд маань олон чухал саналыг дэвшүүлсэн бөгөөд хүүхэд бүр хөгжих тэгш боломжтой байхыг төр, засгаасаа хүсчээ. Хүүхэд багачууд та бүхнийхээ үнэтэй саналыг үндэслэн “Хүүхдийн хөгжлийг дэмжих” талаар Засгийн газраас шийдвэр гаргаж хэрэгжүүлэх болно.
2010 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн түүхэн ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулан хүүхдийг хөгжүүлэх бодлогын шинэчлэл хийх гарааг эхлүүлнэ. Хүүхдийн хөгжил гэр бүлтэй салшгүй холбоотой. Тийм ч учраас хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх төрийн бодлогод гэр бүлийн хөгжил чухал байр суурийг эзэлж, нягт уялдсан байх учиртай. Монгол орны хүн амын зонхилох хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг. Тэд үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэг том баталгаа. Хүүхэд “асуудал бэрхшээл” биш “хөгжлийн гарц” гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Харин аав, ээж, ах эгч, өвөө эмээ, багш нарынхаа хайр халамжийг хүртэж, ирээдүйдээ хүсэн тэмүүлж, шинийг сурч мэдэхийг хичээж, энэрэнгүй үйлсэд идэвхи санаачлагатай оролцож, байгаль орчин, эрүүл мэндээ сахин хамгаалах нь хүүхдүүд Та бүхний үүрэг юм шүү. Эрхэм дүү нартаа сануулахад авъяас чадвараа нээн илрүүлж, мэдлэг боловсролоо дээшлүүлж, эх орондоо хэрэгтэй иргэн болон төлөвшихийг сургаж зөвлөе. Өдөр бүр өнөөдрийнх шиг баяр баясгалантай, хүүхдүүд айх аюулгүй, эмээх зүйлгүй, эсэн мэнд өсч хүмүүжиж, Монгол орноо дэлхийн дайтай авч явах иргэд болон хөгжих болтугай.
Улс үндэстний маань хөгжлийн саруул ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улсын Ерөнхий сайд,
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн
С.Батболд
Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод ирсэн цэрэг, дайчдад зориулсан нөхөн сэргээх цогцолбор төв 2011 онд ашиглалтад орно. Олон улсын цэргийн болон энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагчдын хувьд тухайн улсын газар нутаг, цаг уурын нөхцөл, ажиллагааны эрсдэлтэй байдал зэрэг нь эрүүл мэнд,сэтгэл зүйд нь сөрөг нөлөө үзүүлдэг учир ийм төв байгуулах болсон байна.
Монголын нийт хүн амын 40 гаруй хувь нь амьдарч буй Улаанбаатар хот ямар стандарттай, ямар жишиг хот байх вэ гэдгээ шийдэж энэ дагуу хөгжих учиртай. Ингэхдээ хотын менежтент, төлөвлөлт, барилга байгууламж, замын хөдөлгөөн зэрэг бүх талын зохистой харьцааг цаасан дээр зөвөөр буулгаад хариуцах эзэнтэй байж, үр дүн нь бодит амьдралд хэрэгжих тийм л төслүүд хэрэгжүүлэхэд анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Их тэнгэр цогцолборт болж буй “Улаанбаатар хот-түншүүдийн зөвлөлдөх уулзалт”-д оролцож үг хэлэхдээ онцлолоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 5 дугаар сар 27-ны Бурхан багшийн их дүүчин билигт сайн өдөр зарим бурханы шашны хийд, музейн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Засгийн газрын түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах бодлогын хүрээнд зарим бурханы шашны хийд, музейн удирдлагуудад түүх, соёлын дурсгалуудыг сэргээн засварлах, тэдгээрийн хадгалалт хамгаалалтын аюулгүй нөхцлийг хагахад нь зориулж улсын төсвөөс хийх хөрөнгө оруулалтын батламжийг нь гардуулан өглөө.
Монгол Улс шилжилтийн үеийн буухиаг хөгжлийн буухиа болгох ёстой. Энэ боломж бидэнд байна. Ингэхийн тулд засаглалын болон үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлж, үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй гэж Монгол Улсын Ерөнхий сайд үзэж байна. Тэрээр 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Чингис” зочид буудалд болсон Засаглалын 3 дугаар форумын нээлтэд үг хэлэхдээ ингэж онцолжээ. Эрдэс баялаг, боловсрол, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг бүх салбарыг хөгжүүлэх дотоод боломж, гадаад дэмжлэг байна.
Монгол Улс хүүхдээ хөгжүүлэх бодлогын шинэчлэл хийх цаг болсныг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд анхааруулж, Хүүхдийн хөгжлийн үндэсний стратегитай болох шийдвэрийг гаргалаа. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж, Ерөнхий сайд, тус зөвлөлийн тэргүүн С.Батболд нээж үг хэлэхдээ “Сүүлийн үед “Хүүхэд хамгаалал, хүүхэд төлөвшил, хүүхдийн хөгжил, хүүхдийн иргэншил” гэж их ярьж байгаа ч бодит амьдрал дээр үр дүн мэдрэгдэхгүй, хүүхдүүд хохирсоор байна” гэж анхааруулсан юм. Тиймээс Засгийн газраас шийдвэртэй алхам хийх болно гэж онцоллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Канад Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Мария Баррадос, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Анна Биолик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн урилгаар Монгол-Канадын төрийн албаны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцохоор Монгол Улсад хүрэлцэн иржээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Монхимо” ХХК-ийн ерөнхий захирал М.Ариунааг хүлээн авч уулзав. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шилдэг зохион бүтээгчийн алтан медаль хүртсэн түүнд Ерөнхий сайд баяр хүргээд эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажилд нь амжилт хүслээ. Дэлхийн нэр хүнд бүхий шагнал хүртсэн “Монхимо” ХХК-ийн ерөнхий захирал М.Ариунаа уулзалтын үеэр хэлэхдээ “1992 оноос өнөөг хүртэл судалгаа шинжилгээ хийж, эрдмийн ажлаа үйлдвэрлэлд нэвтрүүлж, дотоод болоод гадаадын зах зээлд гаргасан манай хамт олны амжилтыг үнэлж ийм шагнал олголоо гэж бодож баяртай байгаа” гэсэн юм.
Монгол Улсын хөгжлийн цөм, оюуны уурхай болсон оюутан залуучууд тав тухтай орчинд суралцаж, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болох учиртай. Тэдний суралцах орчин, шаардлагыг хангасан оюутны хотхон байгуулах бүтээн байгуулалтын ажлыг энэ зун эхлүүлэх үүрэг даалгаврыг Монгол Улсын Ерөнхий сайд, ажлын хэсгийн дарга С.Батболд холбогдох албан тушаалтнуудад өглөө. Их сургуулийг хотхоноор хөгжүүлэх ажлыг удирдах ажлын хэсгийн хурал 2010-05-20-нд Төрийн ордонд боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга Ян Фишер нар 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар хэлэлцээ хийв. Талууд 20 жилийн өмнө хуучин социалист орнуудад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт нь Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын түүхэн хувь заяанд чухал үүрэг гүйцэтгэн хөгжил рүү хөтөлсөн өргөн, таатай боломжийг бий болгосныг тэмдэглэв.