Ангилал: мэдээ

  • Ерөнхий сайд С.Батболд Нийслэлийн хоёр дүүрэгт ажиллав

    Ерөнхий сайд С.Батболд Нийслэлийн хоёр дүүрэгт ажиллав Орон сууцны барилгын ажлыг зургаан дүүрэгт зэрэг эхлүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010-05-04-ний өдөр нийслэлийн  Сүхбаатар, Баянгол дүүргийн зарим байгууллагын ажилтай танилцлаа. Тэрбээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт Гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд хийгдэж айл өрхийг шилжүүлэн суурьшуулах ”300 айлын орон сууц”-ны шав тавих ёслолын ажиллагаанд оролцов. Гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөрийн хүрээнд өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглаж буй газраа эргэлтэд оруулж, орон сууцаар солих айл өрхийг түр байршуулах зорилго бүхий энэхүү 300 айлын хоёр орон сууцыг 2010 онд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөгөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр танилцууллаа. 

    Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд шав тавих ёслолын ажиллагааны үеэр нийслэлийн зургаан дүүрэгт иргэдийг түр суурьшуулах орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх боломжийг судалж ойрын үед шийдвэрлэх үүрэг чиглэлийг хотын удирдлагуудад өгөөд “Засгийн газраас бодлого боловсруулж дэмжинэ” гэлээ. Ерөнхий сайд С.Батболд дараа нь Улаанбаатар хотын Нийтийн номын сан дахь Өрхийн бичил аж ахуйг дэмжих “Cold agro” төслийн үйл ажиллагаатай танилцаж, өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдтэй уулзаж ярилцлаа.

    ЭМ ҮЙЛДВЭРЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА

    Ерөнхий сайд С.Батболд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Монос мойл” эмийн санд очлоо. Тэрбээр нийслэлийн иргэдийн эмийн хангамж, чанар, үнэ ханштай танилцаж, эм үйлдвэрлэгчидтэй уулзаж ярилцахдаа “Ханиад томууны үеэр эмийн үнийн хөөрөгдөл гарч байна. Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн дээд хязгаарыг Засгийн газар тогтооно гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан, УИХ-аар хэлэлцэж байгаа. Хэрэв энэ хууль батлагдвал эмийн үнийг хиймлээр хөөрөгдөх үндэсгүй болно” гэсэн юм.

    Мөн “Засгийн газар дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, иргэдээ чанартай бүтээгдэхүүнээр хангах, үнийн дээд хязгаар амьдрал дээр үйлдвэрлэгчдээ дампууруулахгүй байх хувилбар бүхий журам гаргах учиртай. Бодлого журам нь тодорхой, ойлгомжтой бол эмийн үнийн гэнэтийн өсөлт, үнийн хөөрөгдөл, чанаргүй эмийн хангалтаас ард иргэдээ хамгаалах боломж гарна. Энэ чиглэлээр Эрүүл мэндийн яам, холбогдох мэргэжлийн байгууллагууд үйлдвэрлэгчидтэйгээ ярилцаад ямар арга хэмжээ авах талаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг Эрүүл мэндийн сайдад  үүрэг болгож байна” гэлээ.

    ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭД ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ

    Ерөнхий сайд С.Батболд Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Таван эрдэнэ” захаар орж иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзаж ярилцав. “Таван эрдэнэ” захад хүнсний бүтээгдэхүүний үнэ бусад захынхтай харьцуулахад харьцангуй өндөрт тооцогддог учир Ерөнхий сайд энэ захыг сонгосон байна. Атрын 3 дахь аяны үр дүнд гурил, төмс боломжийн үнэтэй байгаа бол махны үнэ эрс өсч адууны кг мах 4000 төгрөгт хүрч, үхрийн мах 6000 төгрөг хэдийнэ давжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 13-14 хувиар өссөн гэсэн үг юм.

    Иргэд ч Ерөнхий сайдад хандан махны үнийн өсөлтөд анхаарахыг хамгийн түрүүнд хүсч байлаа. Цаашид мах, гурил, элсэн чихэр, будаа, ногоо зэрэг хүнсний гол нэрийн барааны үнэд төрөөс зохицуулалт хийж, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд нийслэлийн удирдлагуудад  үүрэг болгов. 

    Ерөнхий сайд дараа нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “Жаст Агро” компанийн “Мах маркет” үйлдвэрт очиж нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулсан нөөцийн мах бэлтгэсэн байдалтай танилцлаа. 2009 оны байдлаар “Жаст Агро” ХХК дотоодын махны худалдааны 32.3%, махны хадгалалтын 30%, мал нядалгааны 26%, махны экспортын 40% -ийг дангаараа хариуцаж байна.

    “Мах маркет” үйлдвэр ямааны нэг кг махыг 1900, хонины махыг 2900 төгрөгөөр тооцон 167 цэгээр дамжуулж хэрэглэгчдэд шууд нийлүүлдэг.  Хэдийгээр жил бүр нөөцийн мах бэлтгэдэг ч хөрөнгө мөнгөний боломжоос шалтгаалан шаардлагатай хэмжээнд хүртэл мах нөөцөлж чадахгүй байгаа тухай нийслэлийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав. Жилд 16 мянган тонн мах бэлтгэн нийлүүлбэл нийслэлчүүдийн махны эрэлт, хэрэгцээг хангаж, үнийн хөөрөгдлийг таслан зогсоох боломжтой гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр хэллээ.

    ЖИЖИГ ГЭЛТГҮЙ ЯМАР Ч АСУУДАЛД АНХААРЪЯ

    Ерөнхий сайд С.Батболд Нийслэлийн нутгийн захиргааны “Хангарьд” ордонд нийслэлийн удирдах ажилтнуудтай уулзав. Төр, засгийн хэмжээнд нийслэл хотын хөгжлийн талаар авч хэрэгжүүлэх бодлогын шинжтэй асуудлаас гадна цаг үеийн ажлын талаар Ерөнхий сайд үүрэг, даалгавар өглөө. Зам засвар зэрэг бүтээн байгуулалтын ажлын сонгон шалгаруулалтыг ил тод болгон хугацаанд нь зарлаж байх, аливаа ажлын стандарт, гүйцэтгэлийн хяналтыг хэвшүүлж, мөрдүүлэхийг онцгойлон анхааруулав. 

    Мөн тэрбээр “Төрийн байгууллагын дунд шатныхны ажлыг дүгнэхдээ иргэдэд хөнгөн шуурхай үйлчилж, аливаа гомдол, саналыг  хэрхэн шийдвэрлэсэн зэргийг гол үзүүлэлт болгоё. Хяналтын байгууллагуудын давхардсан ажил, үүргийг авч үзэх, дүрэм, журмаа ойлгомжтой, нээлттэй, хяналт, шалгалт, бүртгэлийн системээ боловсронгуй болгож хялбаршуулах, нэг цонхны үйлчилгээ нэвтрүүлэх чиглэлээр ямар ажил хийхээ Засгийн газарт танилцуулах хэрэгтэй.

    Нийслэлийн хамгийн том асуудал ажилгүйдлийг шийдвэрлэх ямар арга хэмжээ авч байгаа талаар нийслэл, дүүрэг, хорооны хэмжээнд авч үзэж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого Засгийн газар, нийслэлийн хэмжээнд хэрхэн уялдаж байгааг ч авч үзэх ёстой. Хувиараа бизнес эрхлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хийж байгаа ажлаа улам өргөжүүлье.  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нийслэлд ажилчин бэлтгэх ажил эхэлсэн. Үүнийг бүх шатандаа өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэв.

    Тэрбээр цааш нь “Амьжиргааны түвшинг сайжруулах чиглэлээр хийх ажил багагүй байна. Эм, эмийн чанар, түүнд тавих хяналт, шалгалтыг сайжруулъя. Хүнсний хангамж, тухайлбал мах зэргийг Улаанбаатар хот руу хэрхэн оруулж нийлүүлж байх, түүнд тавих хяналтаа хялбаршуулахад анхаарах хэрэгтэй. Хот тохижилтын чиглэлээр багагүй ажил хийж байна. Нийслэлийн хэмжээнд ногоон бүс, ногоон байгууламж гэж байнга ярьдаг байх ёстой. Газар олгочихоод дараа нь тохижилт, ногоон байгууламжийн ажилд нь шаардлага тавихгүй  байна. Дүүрэг, хороо бүр хог цэвэрлэгээ, тохижилтын талаар системтэй болох хэрэгтэй. 

    Арга ядахад л хүн олноор очдог Хийморийн овоогоо цэвэрлэж, тохижуулчихвал нийслэлчүүдийн сүлд хийморь нь ч өөдөө байна шүү дээ. Энэчлэн  жижиг гэлтгүй ажилд анхааръя. Хөрсний усыг ашиглах аливаа санал, санаачилгыг дэмжиж ажиллах шаардлагатай. Иргэдийг бухимдуулж байгаа автомашины түгжрэлийг хэрхэн оновчтой шийдэх, цагийн хуваарийг хэтрүүлэн ажилладаг баар, цэнгээний газрууд, архидан согтууралт зэрэгтэй хэрхэн тэмцэх юм.  Төвлөрлийг сааруулах зорилгоор хийж байгаа ажлууд тухайлбал, оюутны хотхоныг хотоос  зайдуу байгуулах төлөвлөлтийг нийслэлийн удирдлагууд шуурхай боловсруулж оруулж ирэхэд анхаарах хэрэгтэй байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд нийслэл хотод ажиллана

    нийслэл, аймагМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 5 дугаар сарын 4-ний өдөр буюу Мягмар гарагт нийслэл хотод ажиллана. Тэрээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 300 айлын орон сууцны шав тавих ёслолд оролцон өрхийн бичил аж ахуйг дэмжих “Êоулд Агро” төслийн үйл ажиллагаатай танилцана. Ерөнхий сайд эмийн хангамж, чанар, ханш, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ ямар байгаатай танилцаж, иргэд, худалдаа эрхлэгчдийн санал бодлыг нь сонсохоор эмийн сан, “Таван Эрдэнэ“ захаар орох юм.

    Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаст Агро” компаний “Мах маркет” үйлдвэрийн үйл ажиллагаа болон нийслэлүүдийн хэрэгцээнд зориулсан нөөцийн махны бэлтгэсэн байдал, чанартай танилцана. Дараа нь нийслэлийн нутгийн захиргааны “Хангарьд” ордонд нийслэлийн удирдах ажилтнуудтай уулзалт хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

  • Ерөнхий сайдад Эбертийн сангийн Ерөнхийлөгч бараалхав

    Ерөнхий сайдад Эбертийн сангийн Ерөнхийлөгч бараалхав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод ХБНГУ-ын Фрийдрих Эбертийн сангийн Ерөнхийлөгч, хатагтай А.Фукс 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бараалхав. Ерөнхий сайд манай улсад Фрийдрих Эбертийн сангийн Ерөнхийлөгч анх удаа айлчилж буйд талархал илэрхийлэн тавтай зочлохыг ерөөв. С.Батболд Герман Улс нь Монгол Улсын Европ дахь гол түнш бөгөөд хоёр улсын хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байна. Ялангуяа Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийг Герман Улс эхнээс нь тууштай дэмжиж тусалсанд Монголын төр, засаг, ард түмэн талархаж байдаг юм.

    Фрийдрих Эбертийн сангаас Монгол Улсад ардчилсан нийгмийг төлөвшүүлэх, чөлөөт хэвлэл, үйлдвэрчний эвлэлийн тогтолцоог шинэчлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх зэрэг чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд одоо ч оруулсаар байгаа билээ. Танай сангаас Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааг манай холбогдох байгууллагууд цаашид дэмжин бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна. Манай улс сүүлийн 20 жилд хөгжлийн амаргүй замыг туулсаар одоо эгзэгтэй, хариуцлагатай шинэ хөгжлийн гараан дээр ирээд байна. Бидний 20 жилийн хугацаанд олсон ололт, амжилт бол монголчууд бидний өөрсдийн маань чармайлт хүчин зүтгэлийн үр дүн юм.

    Гэвч алдаа байсан. Хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж чадаагүйгээс гарсан гажуудал бас байгаа. Ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна. Нийгэмд баялгийн зөв шударга хуваарилалтын хүлээлт, хүсэмж, нийгмийн шударга ёсны хүсэмжлэл байсаар байна. Иргэний нийгмээ дэмжих, нийгмийн харилцааг нээлттэй боловсронгүй болгох шаардлага тулгарч байна. Бидэнд боломж их бий. Энэ боломжоо ашиглан зөв бодлого тодорхойлон хэрэгжүүлбэл амжилтад хүрнэ хэмээн хэллээ.

    Фрийдрих Эбертийн сангийн Ерөнхийлөгч сангийнхаа талаар танилцуулаад цаашдын хамтын ажиллагааны талаар саналаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Монгол орны хөгжлийн төлөө лондонд чуулна

    Монгол орны хөгжлийн төлөө лондонд чуулнаХилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөл, Их Британи  дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Британийн Монголчуудын холбоо нар хамтран “Монгол орны хөгжилд” сэдэвт чуулга уулзалтыг 2010 оны тавдугаар сарын 2-ны ням гаригт Лондон хотноо зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн салбарынхантай уулзахдаа “Хүнээ хөгжүүлж байж улс орон хөгжинө” гэж онцлон хэлсэн үгнээс улбаалан энэ удаагийн чуулга уулзалтын зорилгоо тодорхойлжээ.

    Чуулганд анагаах ухаан, байгалийн ухаан, математик загварчлал, нийгмийн ухаан болон бусад чиглэлээр дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ажиллаж, сурч байгаа Монгол Улсын иргэд илтгэл тавьж Монгол Улсын хөгжилд оюуны хувь нэмэр оруулах талаар Англи, Герман болон бусад орноос манай иргэд цахим хэлбэрээр чуулганд оролцон хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Энэхүү чуулга уулзалт нь хоёр улсын хооронд онлайн хэлбэрээр анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Нутгийн удирдлагын танхимаас шууд холбогдож тус Зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлж гадаадад амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах асуудлаарх төр засгийн авч хэрэгжүүлж буй бодлого, цаашдын хандлагын талаар санал солилцоно гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 04 сарын 27-нд Төрийн ордонд  болсон “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлыг зохион байгуулах Зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд оролцож, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо. Хуралд Засгийн газрын гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон холбогдох агентлагийн дарга нар оролцож, Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу өөр өөрсдийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв.

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн төлөвлөгөөнд нийт 131 зорилт, арга хэмжээ тусгаснаас бизнес эрхлэх орчныг сайжруулах 105 арга хэмжээ бизнесийн орчны макротүвшний тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн 26 арга хэмжээ багтсан. Эдгээрийг хариуцаж хэрэгжүүлэхээр  төрийн 22 яам, агентлаг, төрийн бус зургаан байгууллага, мэргэжлийн холбоод ажиллаж байна. 2010 оны нэг болоод хоёрдугаар улиралд хэрэгжүүлэхээр тусгагдсан ажлууд хэрэгжих шатандаа явааг Зөвлөлийн гишүүд мэдээлэлдээ онцолж байв.

    Монгол Улсын Ерөнхий сайд, “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлыг зохион байгуулах Зөвлөлийн дарга С.Батболд хурлыг хааж хэлэхдээ “Ерөнхий уулзалт боллоо. Ийм том хэмжээний хурал хийх гэж хүлээмээргүй байна. Бизнесийн орчныг тааламжтай болгох, уул уурхай, хөдөө аж ахуй, мэргэжлийн хяналт, гааль гэхчлэн тодорхой аль нэг салбар, тухайн салбарын холбогдох хүмүүс цуглаад энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн асуудлуудаар долоо хоног бүр бодлогоо ярилцдаг байя. Ийм ажлыг тогтмолжуулж ямар сэдвээр уулзалт хийх гэж байгаа болон уулзалт, хурлаас ямар санаа оноо, шийд гарав гэдгийг Зөвлөлийн даргад танилцуулдаг болъё” гэсэн үүрэг өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайд үйлдвэрчний эвлэлийнхнийг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд үйлдвэрчний эвлэлийнхнийг хүлээн авч уулзлааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар болон Боловсрол, шинжлэх ухааны ажилтны ҮЭ,  Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга нарыг хүлээн авч уулзлаа. Тэд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнд төрийн албан хаагчдын үндсэн цалин, өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсэн юм.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Засгийн газар ард иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байгаа” гээд тэдний шаардлагыг одоо хийж байгаа хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд судалж  үзээд хариу өгөхөө мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • С.Батболд: Бизнесийн орчныг шинэ шатанд гаргах нь ТОП аж ахуйн нэгжүүд, та бүхний үүрэг

    С.Батболд : Бизнесийн орчныг шинэ шатанд гаргах нь ТОП аж ахуйн нэгжүүд, та бүхний үүрэг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд бизнесийн салбартаа манлайлагч ТОП аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан өргөмжилдөг ёслолын ажиллагаа ес дэх жилдээ болж, 2009 оны манлай аж ахуйн нэгжүүд тодорлоо. Ерөнхий сайд С.Батболд ТОП-100 аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж хэлэхдээ “Монгол Улсын хөгжлийн үндэс суурийг тавьж байгаа та бүхнээрээ бахархаж байна.

    Улсынхаа эдийн засгийг урагш хөгжүүлж дараагийн шинэ шатанд гаргая гэвэл бизнесийн орчноо, бизнесийн салбараа төр засаг илүү бодлоготойгоор дэмжих учиртай. Ийм шаардлага ирлээ. Үүнийг хамгийн сайн ухамсарлаж, мэдэрч буй хүмүүс бол тэргүүн эгнээнд яваа та бүхэн. Засгийн газар үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдээ дэмжихийн төлөө ажиллаж байна. 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ээр зарлалаа. Уриа лоозон тавих нэг хэрэг, үүнийг ажил болгохын төлөө хамтдаа чармайх учиртай. Бизнесийн орчныг тогтвортой, нээлттэй болгох, үндэсний бизнесээ дэмжих  сэтгэлийн бөгөөд үйл ажиллагааны чармайлт байгаа гэдгийг Ерөнхий сайдын хувиар хэлье. Харилцан чармайлт илүү үр дүнд хүргэнэ.

    Бизнесийн лидерүүд та бүхэн өөрийн салбартаа манлайлахын зэрэгцээ нийгэмдээ илүү хариуцлагатай, манлайлагч байгаарай. Та бүгд төр засгийн түвшинд, бодлого боловсруулах хэмжээнд хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлж хөгжүүлэх шаардлагатай.   Биднээс илүү хөгжсөн улс оронд ийм байна, бидний орчин ийм байх учиртай. Өрсөлдөх чадвартай, бизнесийн шударга орчныг Улсын Их Хурал, Засгийн газар ингэж бүрдүүлж өгөх ёстой гэсэн санал санаачилгыг бид та бүхнээс хүлээж байна. Ийм боломжийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар байгаа гэдгийг дахин хэлье.

    Энэ чиглэлээр үлгэр дууриалал үзүүлж, бизнесийн орчноо өрсөлдөх чадвартай, нээлттэй, улс төрчид нь, Засгийн газар нь харилцан ярилцдаг, сонсож хүлээж авдаг ийм хэмжээнд хүргэж, дараагийн шатанд гаргах үүрэг хариуцлага ТОП-ууд та бүхэнд ирлээ” гэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын хөгжилд өндөр хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан хамт олонд улам их амжилт ерөөгөөд идэвхтэй хамтын ажиллагаанд уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Ерөнхий сайдад Данийн элчин сайд бараалхав

    Ерөнхий сайдад Данийн элчин сайд бараалхав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Данийн Вант Улсын Элчин сайд Жеппе Транхолм Микелсен-ийг бүрмөсөн буцахыг нь тохиолдуулан хүлээн авч уулзав. Ерөнхий сайд С.Батболд Элчин сайд Ж.Т.Микелсений ажиллах хугацаанд Монгол, Данийн уламжлалт харилцаа өргөжин хөгжсөнд баяртай байна гээд Дани Улс Монгол Улсад, ялангуяа ДАНИДА-гийн шугамаар багагүй тусламж үзүүлж буйд талархал илэрхийлэв.

    Ерөнхий сайд БНХАУ-д Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцохдоо Данийн Вант Улсын Ерөнхий сайд Л.Лаккетэй уулзаж хоёр орны харицааны талаар санал солилцож, улмаар Данийн тал Монгол Улсад европын стандартыг нутагшуулах бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэсэн тохиролцоонд хүрснээ дурдаад Монголын тал Дани улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, байгаль орчны салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байна гэв.

    Элчин сайд Европын стандартыг Монголд нутагшуулах тухай Ерөнхий сайдын санал санаачлага, ажил хэргийг Данийн Вант Улс дэмжиж байна. Дани Улс Монгол Улсын гурав дахь хөрш байхад бэлэн. Хоёр орны цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна хэмээв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийв

    Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийвМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 4-р сарын 9-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Хайнань мужид зохиогдсон Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож, БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Гонкогт ажлын айлчлал хийсэн юм. Энэхүү айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 4-р сарын 10-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужид зохиогдсон Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож “Ногоон сэргээн босголт: Тогтвортой өсөлтөд чиглэсэн Азийн бодит сонголт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд ногоон эдийн засаг бий болгох асуудлаар Азийн орнууд бодлого үйл ажиллагаагаа нэгтгэх, дэлхийн улс орнууд эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөх шаардлагатайг, Дэлхийн эдийн засгийн хямрал, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд Боаогийн хурал чухал хувь нэмэр болох төдийгүй хүчтэй, эрүүл, өрсөлдөх чадвартай Азийг бий болгоход ч нөлөөлнө гэж дүгнэжээ..

    Мөн хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих, байгальд ээлтэй технологийг ашиглах замаар уул уурхай, төмөр зам, барилгын үйлдвэрлэл зэрэг дэд бүтцийн салбараа хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаагаа онцлон дурдсан байна. Ерөнхий Сайд С.Батболдын тавьсан илтгэлийн талаар Боаогийн хурлын зохион байгуулагчид болон оролцогчид байр сууриа илэрхийлэн Монгол Улс байгалийн нөөцөө ашиглан хөгжилд хүрэх зорилтуудаа амжилттай биелүүлэхийг хүссэн байна. 

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын үеэр БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасон, Данийн Вант Улсын Ерөнхий сайд Ларс Лакке Расмуссэн, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Хоёрдугаар Дэд Ерөнхийлөгч Мохаммад Карим Халилитэй ажлын уулзалтууд хийж чухал асуудлуудар санал солилцжээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Боаогийн чуулга уулзалтад оролцоод БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Гонконгийн удирдлагуудтай уулзаж гадаадын хөрөнгө оруулалтыг татсан банк, санхүү, боловсрол, хөрөнгийн зах зээлийнх нь туршлага монголын тал сонирхож, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. 

    Гонконгийн амбан захирагч Доналд Цан Ерөнхий сайд С.Батболдын тавьсан хүсэлтийг дагуу шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, боловсролын салбарт хамтран ажиллаж, Гонконгийн биржүүдээр дамжуулж монголын компаниудыг хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд туслах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилт тавьж буй бизнесменүүдийг ирж туршлага судлахыг урижээ. Ажлын айлчлалын үр дүнд Гонконгийн шууд хөрөнгө оруулалтыг Монголд татан оруулах, аялал жуулчлал, хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх үүднээс Улаанбаатар Гонконгийн хооронд шууд нислэг хийх асуудлыг яаралтай шийдвэрлэхээр тогтож, Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулахыг талууд дэмжсэн байна.

    Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтанд оролцож, Гонконгод ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бээжин хотноо түр саатаж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзаж хоёр орны харилцааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн асуудлаар санал бодлоо илэрхийлж, хамтын ажиллагаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах, хилийн зарим боомтыг 24 цагаар ажиллуулах, ОХУ-аас БНХАУ-руу тавьж байгаа хийн хоолойг Монгол улсаар дамжуулах, мах сүүний боловсруулах үйлдвэр байгуулах, их, дээд сургуулийн хотхон барихад хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол улсад томоохон мах сүүний боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, зарим томоохон төсөлд хамтран ажиллахад  бэлэн байгаагаа дурдаж, Ерөнхий сайд С.Батболдын саналуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ, БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Гонконгт хийсэн айлчлал хугацаа богино боловч агуулгаар дүүрэн, ажил хэрэгч боллоо гэж Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх онцлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Ерөнхий сайд С.Батболд: Чармайлт хоёр талаасаа байх учиртай

    Ерөнхий сайд С.Батболд: Чармайлт хоёр талаасаа байх учиртай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн хуралд оролцлоо. Хурлын эхэнд уг хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, 2010 оны тариалалтын бэлтгэл ажлын явцын талаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Гантулга танилцуулав. Тэрбээр илтгэлдээ тус хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутагт 3000 гаруй механикжуулагч, ногоочин ажлын байраар хангагдан, техник технологийн дэвшил, шинэчлэл нэвтэрч, нэгжээс авах ургацын хэмжээ 16,0 центрт хүрсэн нь том амжилт гэж онцоллоо.

    Монгол Улсын Ерөнхий сайд, “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн дарга С.Батболд зөвлөлийн гишүүддээ хандаж ”Төрийн зохицуулалт байх ёстой газраа дээд зэргээр байх учиртай. Төлөвшөөд биеэ даатал нь төр бойжуулж, сэргээх ёстой.  Газар тариалангийн салбарт төрийн ийм зохицуулалт байгаа. Энэ салбарт бидэнд олсон ололт бий. Ололтоо ярих ёстой. “Атрын гурав дахь аян” гэсэн эрчимтэй бодлого тавигдлаа. Төр, засаг  сэтгэл зүйн бөгөөд үйл ажиллагаа талаас нь дэмжсэн өнгөрсөн хоёр жилд газар тариаланд илт сэргэлт гарсантай хэн ч маргахгүй. Одоо амжилтаа баталгаажуулах, энэ идэвхжил хандлагаа шинэ шатанд гаргах, илүү эрчимжүүлэх тогтолцооны механизмыг нь зөв болгоход засгаас анхаарна” гэсэн юм.

    Мөн энэ хүрсэн түвшнөө хөгжүүлэхэд төр, нөгөө талаас үйлдвэрлэгч, тариаланчид ямар үүрэг хариуцлага хүлээх чиглэлээр нэгдсэн, цогц бодлого боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд үүрэг болгохдоо “Чармайлт хоёр талаасаа байх учиртай. Төрөөс үр өгөөжтэй дэмжлэг шаардах хэрэгтэй. Ийм бодитой чармайлтыг Засгийн газар дэмжинэ. Бидэнд хамтран ажиллах бүрэн боломж, туршлага, сэтгэл байна” гэсэн юм.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд цааш нь ”Харьцангуй идэвхтэй, санаачилгатай, магадгүй хөрвүү аргаар яваад ирсэн газар тариалангийнхаа хөгжлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, бусдын зөв жишгийг авсан бодлогод оруулах цаг ирлээ” гэв. Манай улс 2010 онд 282,2 мянган га-д үр тариа, үүнээс 270,0 мянган га-д буудай, 13,2 мянган га-д төмс, 7,1 мянган га-д хүнсний ногоо тариалж, 410,0 мянган тонн үр тариа, 158,5 мянган тн төмс, 93,3 мянган тн хүнсний ногоо тус тус хураан авч улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах зорилттой байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.