Ангилал: мэдээ

  • Ерөнхий сайд “шилэн хана”-тай болохыг хүслээ

    Ерөнхий сайд “шилэн хана”-тай болохыг хүслээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх аргачлал ба орон нутгийн оролцоог хангах нь” сэдэвт семинарт оролцогчдод хандаж үг хэллээ. Тэрбээр “Авлигатай тэмцэх гэдэг үг улиг домог мэт сонсогдох болчих гээд байна. Энэ ажлыг хоосон үг, улиг домог болгох биш, ажил хэрэг болгох шаардлага тулгарч байна. Авлигатай тэмцэх талаар зарим ажил хийгдэж байгаа ч эрч далайц муутай удаан байгааг анхаарч хурдаа нэмэн үр дүнг нь дээшлүүлэх хэрэгтэй. Авлигатай тэмцэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр зэхэж  байгаа нь сайн хэрэг. Харин үүнээ хэрэгжүүлж, үр дүнгийнх нь талаар хэлэцэж ярилцаж арга хэмжээ авдаг болж хэвших нь нэн чухал юм.

    Төр, захиргааны байгууллагын удирдлагууд Та бүхэн авлигаас сэргийлэхэд манлайлал үзүүлэх ёстой. Манлайлал үзүүлнэ хэмээн ярихдаа гол нь биш, бодитойгоор үлгэрлэн манлайлах  хэрэгтэй. Төрийн албан хаагчдын хөшүүн хойрго хүнд суртал ил тод бус байдал нь авлига болон хувирдаг, өөрөөр хэлбэл авлига өсөж үржих хөрсийг төлжүүлдэг  гэсэн ярианд дүгнэлт хийж, хүний төлөө гэсэн зарчмыг баримтлан үйл ажиллагаандаа “шилэн хана” босгох хэргтэй байна.

    Энэ бол Та бүхний үйл ажиллагааны орчин нь тунгалаг, ойлгомжтой болох нөхцлийг бүрдүүлэх юм. Түүнчлэн авлигаас урьдчилан сэргийлэх бодлогоо тодорхой болгохын төлөө ажил эрхэлсэн байгууллага болон яамд  тооцоо судалгаанд тулгуурлан шинжлэх ухааны үндэстэй хандахыг хүсч байна. Авлигатай тэмцэх нь зөвхөн төрийн байгууллагын үүрэг биш, энэ ажилд төрийн бус байгууллага, иргэний нийгмийн оролцоо, иргэдийн идэвхи санаачлага чухлаас гадна хөндлөнгийн хяналт хэрэгтэй юм гэлээ.

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, Азийн сангаас хамтран зохион байгуулсан энэхүү хоёр өдрийн семинарт төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын зэрэг олон албан тушаалтан хамрагдлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Ерөнхий сайд С.Батболд засаг дарга нарт хүний төлөө анхаарахыг сануулав

    Ерөнхий сайд С.Батболд засаг дарга нарт хүний төлөө анхаарахыг сануулавМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай уулзан байгалийн гамшиг, зудын хор хохирлыг гэтлэн давах талаар төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хийх болон цаг үеийн ажлын талаар товч мэдээлж үүрэг, даалгавар өгөв. Тэрбээр малчдад сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, залуу малчдад зориулсан сургалт, сурталчилгаа явуулах, болзошгүй эрсдлээс иргэдийн амьжиргаа, мал сүргийг хамгаалах арга хэмжээг зохион байгуулж хэвших хэрэгтэй.

    “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх арга хэмжээнд  бэлтгэх шатанд сум, байгууллагын удирдлага, ажилтнууд хариуцлагатай ажиллах, тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийн бүртгэлийг үнэн зөв гаргаж, төлбөрийн эрхийг сонгуулах санал авалтыг иргэдэд сайтар ойлгуулан, шуурхай зохион байгуулах шаардлагатай байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Үдийн хоол” хөтөлбөрийн хоолны чанарт онцгой анхаарал хандуулж, сургуулийн удирдлагууд, бэлтгэн нийлүүлэгчидтэй сумдын Засаг дарга нарыг гурвалсан гэрээтэй ажиллуулж, хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай гэлээ.

    Ерөнхий сайд хүн ам, орон сууцны тооллогыг 2010 оны 11 дүгээр сарын 10-нд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан иргэдийн хөдөлгөөний бүртгэл, мэдээллийг бүрэн хөтлөх, бичиг баримтын зөрчлийг цэгцлэх, иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг алдаа дутагдалгүй, шуурхай зохион байгуулахыг анхаарууллаа. Түүнчлэн өнөөдөр улс оронд бий болж байгаа нөхцөл байдал, өрнөж буй үйл явцыг Монголын төрт ёсны эрх зүйн үүднээс бодитой дүгнэн, ард иргэдэд зөв ойлголт өгч, улс орны том эрх ашиг, ард түмний амьдралын тогтвортой баталгааг хангахад бүх шатанд ажлаа чиглүүлж ажиллахыг үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзлаа

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзлаа Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтанд оролцож, Гонконгод ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бээжин хотноо түр саатаж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзаад эх орондоо ирлээ. Ерөнхий сайд С.Батболд хоёр орны харилцааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн асуудлаар санал бодлоо илэрхийлж, хамтын ажиллагаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах, хилийн зарим боомтыг 24 цагаар ажиллуулах, ОХУ-аас БНХАУ-руу тавьж байгаа хийн хоолойг Монгол улсаар дамжуулах, мах сүүний боловсруулах үйлдвэр байгуулах, их, дээд сургуулийн хотхон барихад хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол улсад томоохон мах сүүний боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, зарим томоохон төсөлд хамтран ажиллахад  бэлэн байгаагаа дурдаж, Ерөнхий сайд С.Батболдын саналуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Уулзалтын үеэр хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, хэлэлцсэн зүйлүүдийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагууд ажлаа уялдуулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр талууд тохирлоо. 

    Уулзалтанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансүх нар байлцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулж, шууд нислэг хийхээр болов

    Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулж, шууд нислэг хийхээр болов Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Гонконгийн удирдлагуудтай  уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд Гонконгийн засаг захиргааны тусгай бүсэд зочилж, гадаадын хөрөнгө оруулалтыг татсан банк, санхүү, боловсрол, хөрөнгийн зах зээлийнх нь туршлага монголын талын сонирхолыг татаж буйг тэмдэглэн эдгээр салбаруудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

    Гонконгийн амбан захирагч Доналд Цан Ерөнхий сайд С.Батболдын тавьсан хүсэлтийг дагуу шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, боловсролын салбарт хамтран ажиллаж Монголын залуусыг олноор сургах боломжтой гэлээ. Гонконгийн биржүүдээр дамжуулж монголын компаниудыг хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд туслах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилт тавьж буй бизнесменүүдийг ирж туршлага судлахыг урилаа.   

    Уулзалтын үеэр талууд худалдаа эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэнтэй санал нэгдэв. Энэхүү ажлын айлчлалын үр дүнд Гонконгийн шууд хөрөнгө оруулалтыг Монголд татан оруулах, аялал жуулчлал, хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх үүднээс Улаанбаатар Гонконгийн хооронд шууд нислэг хийх асуудлыг яаралтай шийдвэрлэхээр боллоо. Мөн Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулахыг талууд дэмжив.

    Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн явц, ажлын айлчлалын үр дүн, хөрөнгө оруулагчдын сонирхсон асуудлаар Dowjones болон Thomson Reuters агентлаг, The Wall Street Journal сонинд ярилцлага өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Европын стандарыг Монголд нутагшуулахад Дани Улс дэмжлэг үзүүлэхээр болов

    Европын стандарыг Монголд нутагшуулахад Дани Улс дэмжлэг үзүүлэхээр болов

    Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтанд оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Данийн Вант Улсын Ерөнхий сайд Ларс Лакке Расмуссэн, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Хоёрдугаар Дэд Ерөнхийлөгч Мохаммад Карим Халилитэй уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд Данийн Вант Улсын Ерөнхий сайд Ларс Лакке Расмуссэнтэй Боаогийн хурлын үеэр уулзаж буйдаа талархал илэрхийлж хоёр орны хоорондын худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд өндөр хэмжээний уулзалтууд чухал үүрэг гүйцэтгэдгийг цохон тэмдэглэв.

    Мөн Дани Улс Монголын ардчилсан өөрчлөлтийг анхнаас нь дэмжиж чөлөөт хэвлэлийн тогтолцоог бүрдүүлэх зорилготой Данидагийн төсөл, боловсролын салбарын дэмжлэгийг өндөрөөр үнэлдэгээ тэмдэглэв. Дани Улс нь Европын холбооны гишүүний хувьд Европын стандартыг Монголд нэвтрүүлэхэд туслаж дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа өгүүлэв. Данийн Ерөнхий сайд Ларс Лакке хоёр орны харилцаа амжилттай хөгжиж буйг тэмдэглэж, бизнес эдийн засгийн шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх санал нэг байгаагаа дурдлаа. Данийг гуравдахь хөршөө гэж тооцож болно гэдгийг онцолж Монгол Улсын Ерөнхий сайдын нутагшуулах гэж буй Европын стандарыг нэвтрүүлэхэд бүх талын тусламж дэмжлэг үзүүлэхээр болов.  

    Энэхүү уулзалтын дараа Ерөнхий сайд С.Батболд Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Хоёрдугаар Дэд Ерөнхийлөгч Мохаммад Карим Халилитэй уулзаж хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Боаогийн эдийн засгийн чуулга уулзалтын талаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаар БНХАУ харилцан ашигтай байх зарчим баримтлахаа илэрхийлэв

    Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаар БНХАУ харилцан ашигтай байх зарчим баримтлахаа илэрхийлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Дэд дарга Си Жиньпинтэй уулзаж, Боаогийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэж, өндөр дээд хэмжээний уулзалтууд хийх боломж болгосонд талархал илэрхийлэв. Мөн харилцан ашигтай нэмүү өртөг бүрдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтойг онцлон дурдлаа. Уул уурхай, эрчим хүч, банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, авто болон төмөр зам зэрэг дэд бүтцийг хөрш орнуудтайгаа хамтран хөгжүүлэх, далайд гарцгүй орны хувьд дамжин өнгөрөх тээврийн яриа хэлэлцээг ахицтай явуулах зорилттойгоо өгүүллээ.

    БНХАУ-ын Дэд дарга Си Жиньпин санхүүгийн хямралын нөхцөлд ч хоёр талын санаачилгын үр дүнд худалдаа, эдийн засгийн харилцааны үзүүлэлт сайн байгааг дурдаж, үлгэр жишээ болохуйц томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлж, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэцийн салбарыг хөгжүүлэх боломжтойг онцлов. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаарх Монголын байр суурийг БНХАУ-ын тал чухалчилан үзэж, НҮБ-ын хүрээнд байгуулсан холбогдох баримт бичигүүдийн дагуу харилцан ашигтай байх зарчим баримтлахаа цохон тэмдэглэв.

    Монгол Улс нь Боаогийн чуулга уулзалтыг санаачилагчийн хувьд идэвхитэй оролцож Азийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэрээ оруулж ирсэнийг өндөрөөр үнэлдэгээ илэрхийллээ. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд амралтын өдрүүдэд Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтанд оролцож ногоон эдийн засгийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэн дэлхийн удирдагчидтай санал солилцсон уулзалтууд өндөрлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.  

  • БНАЛАУ-ын Ерөнхийлөгчтэй уулзлаа

    БНАЛАУ-ын Ерөнхийлөгчтэй уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын үеэр БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасонтой уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд хоёр орны харилцаа өндөр дээд хэмжээнд идэвхтэй хөгжиж байгаа нь цаашдын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал болохыг онцоллоо. Мөн цаашид хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлж, боловсрол эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтойг дурдав. НҮБ-ын дэмжлэгтэйгээр Монголд байгуулахаар болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж  далайд гарцгүй орны хувьд нийтлэг эрх ашгийнхаа асуудлаар уламжлалт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн ач холбогдлын талаар санал солилцлоо.

    Харин БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасон хоёр орны найрамдлын байгууллага, холбоо байгуулах хэрэгтэйг онцолж, мал аж ахуйн хамтарсан төсөл хэрэгжүүлж, малчдыг сургахад тусламж хүслээ. Уулзалтын хүрээнд хоёр орны мал аж ахуйн хамтарсан төслийг хэрэгжүүлэх боломжийг судалж, энэ жил Вьентьян хотноо Монгол-БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулахаар талууд ярилцав. Уулзалтад Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр нар оролцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • С.Батболд МАХН-ын дарга боллоо

    Ерөнхий сайд С.Батболд МАХН-ын дарга боллоо МАХН-ын бага хурлын ХI хуралдаан өнөөдөр төрийн ордонд болж байна. Хурлын үеэр тус намын дарга С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргав. Тэрээр “МАХН-ын үе үеийн дарга нар нийгмийн захиалгаар гарч ирдэг. Ерөнхий сайд С.Батболд ч нийгмийн захиалгаар гарч ирж байна. Өнөө үед улс орны эдийн засгийн хөгжлийг авч явах, бизнесийн орчинг бүрдүүлэх, эдгээр зорилтыг шийдвэрлэхэд эдийн засгийн мэдлэг туршлагатай удирдагч хэрэгтэй байна. Ерөнхий сайд С.Батболд үүнд яг тохирно” хэмээн хэлж намынхаа 25-р их хурлын дүрмийн дагуу МАХН-ын даргад Ерөнхий сайд С.Батболдын нэрийг дэвшүүллээ.  

    МАХН-ын дарга С.Баярын санал болгосны дагуу бага хурлын гишүүдийн дунд санал хураалт явагдав. Санал хураалтанд МАХН-ын бага хурлын 194 төлөөлөгч оролцсоноос 98,4 хувийн саналаар Ерөнхий сайд С.Батболдыг МАХН-ын даргаар сонгов. Мөн Ерөнхий сайд С.Батболдыг МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонголоо. Тэрээр МАХН-ын даргаар итгэл үзүүлж томилсон гишүүддээ талархал илэрхийлж, намын тамгаа хүлээн авсаныхаа дараа “Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдал, сахилга хариуцлагын тухай” асуудлаар улс төрийн илтгэл тавилаа.

  • Иргэн бүрт 1,5 сая төгрөгийг олгохоор болов

    Иргэн бүрт 1,5 сая төгрөгийг олгохоор болов2010-2012 онд Монгол Улсын иргэн бүрт 1,5 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох, бэлэн мөнгө өгөх гэсэн хэлбэрээр олгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв. 1 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, орон сууц худалдаж авсны төлбөр хэлбэрээр олгож 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг 2011, 2012 онд үе шаттайгаар бэлнээр өгөх боллоо.

    Монгол Улсын иргэн бүрт 1,5 сая төгрөг олгох хэлбэр

    1.Тэтгэврийн болон эрүүл мэндийн шимтгэлийн төлбөрт :
     
    Тэтгэврийн даатгалд хамрагдаагүй малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэд хамрагдах боломжтой. 2006 онд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсанаар нийт хүн ам заавал даатгалын тогтолцоонд шилжсэн ч  даатгалд хамрагдаагүй иргэд байсаар байна. Иймээс хуулийн хүрээнд даатгалд хамрагдаж чадаагүй дээрх иргэдийн шимтгэлийн 4 жилийн төлбөрийг нөхөн төлж, иргэдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон даатгалын сангаас тусламж, үйлчилгээ хүртэх эрхийг нээж өгч байна.

    2. Эрүүл мэндийн үйлчилгээнд :

    Энэ хүрээнд иргэд нэг удаа иж бүрэн, нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношлогоо, эмчилгээнд ороход тодорхой хэмжээний төгрөгийн эрхийн бичиг олгох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулахаар боллоо. 

    3. Болосвролын үйлчилгээнд :

    Иргэд болон суралцагсдад эрхийн бичиг олгож улмаар төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутны сургалтын төлбөр, ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн суралцагсдад сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгоно. Мэргэжлийн ур чадвараар тэнцээгүй эсвэл мэргэжил нь зах зээлд хэрэгцээгүй болсон ажилгүй иргэдэд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд ур чадвар олгох сургалтад оролцох эрхийн бичгийг олгосноор шинэ мэргэжил эзэмшиж, ажлын байртай болох нөхцөл, бололцоо үүсч ажилгүйдэл багасахад түлхэц болно. 

    4. Орон сууц худалдаж авсны төлбөрт :

    Эрхийн бичгийг орон сууц худалдаж авах урьдчилгаа, зээл болон зээлийн хүүнд тооцож олгоно. Энэ нь иргэдийг орон сууцаар хангах Засгийн газрын бодлоготой нийцэж байгаа бөгөөд “100.000 айлын орон сууц” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлнэ. 

    5. Бэлэн мөнгө :

    “Хүний хөгжил сангийн тухай хууль”-д хишиг, хувийг бэлнээр олгохоор заасны дагуу иргэн бүрт эхний ээлжинд 70,0 мянган төгрөгийг 2010 оны 2 дугаар сараас олгож эхэлсэн бөгөөд иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулсны дараа 50,0 мянган төгрөг олгохоор ажиллаж байна. Монгол Улсын иргэн нь “Хүний хөгжил сангийн хууль”-д заасан нөхцөл, журмаар хишиг, хувь хүртэх хэлбэрийг сонгоно. Энэ нь тэдний ирээдүйн нийгмийн баталгааг хангах томоохон ач холбогдолтой. 

    2010 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн иргэн бүрт хишиг, хувь олгохдоо захиалгын хуудас тарааж саналыг нь нэг бүрчлэн авах, хишиг, хувь олгох хэлбэр бүрээр шаардагдах хөрөнгийн тооцоог гарган 2010 оны 7 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав. 

    ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ АШИГЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус 20 дахь хуралдаан 2010 оны 4 дүгээр сар 2-ны өдөр болж Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай хэлэлцэв. Нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх, гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа. Ажлын хэсгийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд ахлах бөгөөд Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд орлогчоор нь ажиллах юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд яамдын газрын дарга болон бусад албан тушаалтан оржээ. 

    ТАВАНТОЛГОЙН ОРДЫН ТАЛААР

    Тавантолгойн ордыг ашиглах нь ордын нөөц, нүүрсний олборлолт, нүүрс баяжуулах, угаах үйлдвэр байгуулах, тээвэрлэлт буюу төмөр зам, авто зам, эрчим хүч, усны хангамжийг шинээр бий болгох, бүтээгдэхүүн борлуулах, хилийн боомтын чадавхийг нэмэгдүүлэх болон хөрш орнуудын далайн боомтыг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж, шинэ боломж бий болгох юм. 

    Тавантолгойн нүүрсний орд манай улсын хувьд хамгийн сайн судлагдсан ордын нэг бөгөөд урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг хэд хэдэн удаа хийлгэсэн байна. Нүүрсний нөөцийн ордыг олон улсад түгээмэл хэрэглэдэг ангилалд шилжүүлж тооцвол нүүрсний нөөц нэмэгдэх боломжтой. Ордоос жилд 15-30 сая тонн нүүрс олборлох боломжтой ч энэ нь төмөр замын тээвэрлэлт, усны хангамжаас шалтгаална. 

    Канад Улсын техникийн зөвлөх “Норвест” компани нь ордын уул, геологийн нөхцөл нь сайн судлагдаж, нөөц нь тогтоогдсон Цанхийн хэсгийн талбайг ойролцоо хэмжээний нүүрсний нөөц бүхий бие даасан хоёр хэсэгт хувааж ашиглах боломжтой. Бусад талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нөөц нэмэгдүүлэх  хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийх нь зүйтэй гэж зөвлөжээ. 

    Эрчим хүчний хангамжийг бүтээн байгуулалтын эхний үед болон олборлолтын үндсэн шатанд хэрхэн хангах, шинээр байгуулах цахилгаан станцын хүчин чадал, хөрөнгө оруулалтын нөхцөл, санхүүжилтын талаар хэлэлцээнд оролцогч компаниудтай дэлгэрэнгүй ярилцах боллоо. Тавантолгойн ордын усны хангамжийг одоо тогтоогдоод байгаа газрын гүний эх үүсвэрээс төслийн дунд үе шат хүртэл хангах, түүнээс цааш шинэ эх үүсвэр ашиглахын тулд нэмэлт хайгуул судалгааг төсөлтэй зэрэг эхлэхээр төлөвлөжээ. 

    Тавантолгойн ордыг түшиглэж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь манай улсын зорилго бөгөөд нүүрс угаах үйлдвэр байгуулж, хүчин чадлыг нь үе шаттайгаар өргөтгөх, коксын үйлдвэрийг гадны хөрөнгө оруулагчтай хамтран барихыг чухалчилж байна. Ажлын хэсэг, “Эрдэнэс МГЛ” компани хамтран нүүрсний ордын геологийн судалгаа, орд газрын уул, техникийн нөхцөл, нүүрсний нөөц, дэд бүтэц, урьдчилсан техник, эдийн засгийн үнэлгээ, холбогдох бусад мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд байршуулжээ. 

    Геологи, уул уурхайн салбарын эрдэмтэн, судлаачид, орон нутгийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг Улаанбаатар, Даланзадгад хотод зохион байгуулж, нүүрсний ордыг хэрхэн ашиглах талаар эрдэмтэн, судлаачдын санал, зөвлөмжийг аваад байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлав

    Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлав

    ОЮУТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ БАТЛАВ

    Оюутолгойн ордын талаар байгуулсан Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернейшнл Холдингс” компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийн биелэлтийн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Гэрээний 15.7-д заасан гэрээний хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг хоёр тал биелүүлсэн тул Оюутолгойн ордын талаар байгуулсан Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто интернейшнл холдингс” компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр боллоо гэж Засгийн газар үзэв. 

    Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” нарын хооронд Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-нд байгуулж гарын үсэг зурсан. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар болон Хөрөнгө оруулагч тал шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллав. 

    Оюутолгой ордыг ашиглах төслийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг ЭБЭХЯ-ны харъяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авч, холбогдох шийдвэр гаргалаа. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр өмнө нь бүртгэгдсэн эдийн засгийн үр ашигтай 25.3 сая тонн зэс бүхий 2.67 тэрбум тонн хүдрийн нөөц дээр тодорхой нөхцөлд ашигтай 19.6 сая тонн зэсийн нөөцөөс 5.7 сая тонн, 810 тонн алтны нөөцөөс 130 тонн, 5905 тонн мөнгөний нөөцөөс 1457 тонн бүхий 706 сая тонн хүдрийн нөөцийг тус тус “эдийн засгийн үр ашигтай” нөөцөд шилжүүлэн нэмлээ. Ийнхүү эдийн засгийн үр ашигтай нөөцийн хэмжээг 31.1 сая тонн зэс, 1328 тонн алт,  7601 тонн  мөнгө бүхий 3.38 тэрбум тонн хүдрээр тооцон нэмэгдүүлэв.  

    “Оюутолгой” ХХК нь тодорхой нөхцөлд ашигтай үлдэж буй 14 сая орчим тонн зэсийн асуудлыг техник, технологийн шинэчлэл, металлийн зах зээлийн үнэ, байгууллагын үйл ажиллагааны зардал багассан тохиолдол бүрт эдийн засгийн үр ашигт тооцоо, тодотгол хийж байхаар болов. Мөн 5 жил тутамд  ТЭЗҮ-дээ тодотгол хийж байхыг “Оюутолгой” ХХК-д үүрэг болголоо.

    Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг Хөрөнгө оруулагч талтай хамтран шалгаж, харилцан тохиролцоонд хүрэв. Төслийн нийт хөрөнгө оруулалт 2009 оны эцсийн байдлаар 1,588,4 тэрбум төгрөг гарснаас хамааралгүй зардлууд болон Оюутолгой төслийн хайгуулын ажлын зардал 508,7 тэрбум төгрөгийг тооцон хаслаа. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар болон Хөрөнгө оруулагч талын хоорондын хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг 1079,7 тэрбум төгрөгөөр тогтоов.

    “Рио Тинто” группийн Айвенхоу Майнз Лимитед” компани дахь эзэмшлийн хувь 9,8 хувиас 22,4 хувь болон нэмэгдсэн байна. Оюутолгой гэрээ хүчин төгөлдөр болсноор төслийн бүтээн байгуулалтын болон бараа, бvтээгдэхvvн нийлvvлэх,  vйлчилгээ vзvvлэх зэрэг дагасан бизнесийн ажиллагаанд дотоодын аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулах боломж нээгдэв. Оюутолгойн төслийн бэлтгэл ажил болох бүтээн байгуулалт, барилгын ажлын хугацаанд 4000-5000 хvн ажиллаж, шууд болон шууд бусаар нийт 10000 ажлын байр шинээр бий болно. Төслийн ашиглалтын үе шатанд 2500-3500 хvн ажиллах бөгөөд эдгээрийн 90 хувь нь монголчууд байх юм.  

    Монгол Улсын уул уурхайн хамгийн том төсөл болох стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн зэс-алтны ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар эдийн засаг, санхүү, мөнгөний эргэлт сайжрах, дэд бүтцийн томоохон байгууламж, шинэ хот тосгон баригдаж, хүн амын төвлөрөл багасан, ажлын байр нэмэгдэх зэргээр айл өрх, улс орны амьдралд ахиц дэвшил гарч хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж “Зууны бүтээн байгуулалт” болох бололцоо бүрдлээ. 

    Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын цаашдын хөгжил цэцэглэлтийг тодорхойлох, монголын ард түмэн хойч үед үр ашгаа өгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татан стратегийн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах эхлэл болж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

    ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДСОН ТАНИЛЦУУЛГА

    Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” нарын хооронд Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-нд байгуулж гарын үсэг зурсан. Энэ хугацаанд Ажлын хэсгийн зүгээс Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурагдсанаас хойш 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө буюу гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг хангахад шаардлагатай арга хэмжээ авлаа. Үүнд:

    А. Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийн биелэлтийн талаар: 
    1.    Оюутолгойн ордыг ашиглах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг ЭБЭХЯ-ны харъяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэж дахин хэлэлцэх болсон. Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөс тавьсан шаардлагын хариуг тус компани 2010 оны 3 сарын 11-нд ирүүлсэн бөгөөд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж холбогдох шийдвэр гаргав.

    2.    “Антре гоулд” компанийн эзэмшилд буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох асуудлыг шийдвэрлэсэн. Эдгээр тусгай зөвшөөрлийн талаар “Айвенхоу Майнз Лимитед” компанийн өмнө эдэлж байсан эрхийг гэрээгээр баталгаажуулан “Оюу Толгой” ХХК-д шилжүүлсэн бөгөөд үүгээр энэ нөхцөл биелэгдэж байна. 

    3.    Ерөнхий сайдын 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийг Ажлын байнгын хороонд үргэлжлүүлэн ажиллуулах болсон. Ажлын байнгын хороо “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа болон гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдтэй холбогдох асуудлыг хэлэлцэн холбогдох арга хэмжээ авч ажиллалаа.

    4.    Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг Талууд хоёр талаас нягтлан шалгаж харилцан тохиролцоонд хүрлээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 2009 оны эцсийн байдлаар 1,588,4 тэрбум төгрөг, үүнээс хасагдаж тооцох дүн буюу “Оюутолгой” төсөлд хамааралгүй зардал, “Оюутолгой” төслийн хайгуулын зардлыг 508,7 тэрбум төгрөгөөр тооцон хорогдуулж Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг 1079,7 тэрбум төгрөгөөр тогтоолоо.

    5.    Гэрээ хүчин төгөлдөр болох өдрийн байдлаар Хөрөнгө оруулагчийн хөрөнгөд шилжүүлэн бүртгэсэн зардал,  татварын өр, хөнгөлөлтийг холбогдох татварын албаар баталгаажуулах урьдчилсан нөхцөл нь Хөрөнгө оруулагч тал дан ганц өөрийн эрх ашигтай хамааралтай тул гэрээний 15.9-д заасны дагуу Засгийн газарт албан бичгээр хангагдсанд үзэж асуудлыг хойшлуулан гэрээ хүчин төгөлдөр болсоны дараа хийж гүйцэтгэхээр боллоо.

    6.    “Айвенхоу Майнз Лимитед” компани нь Монгол Улстай давхар татварын гэрээ байгуулсан Нидерландын Вант Улсад “Оюутолгой Нидерланд” компани байгуулан Хөрөнгө оруулагчийн өмчлөлийг шилжүүлэх бүтцийн өөрчлөлт хийсэн болно.

    7.    Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд холбогдох бүх Тал 2009 оны 10 дугаар сарын 6-нд гарын үсэг зурсан. 

    8.    Хөрөнгө оруулагчийн дүрмийг өөрчлөн Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагуудад бүртгүүлсэн болно. Харин гэрээ хүчин төгөлдөр болсоны дараа компанийн дүрмийн сан, хувь нийлүүлэгчдийн тоо зэрэг өөрчлөлтийг компаний дүрэмд оруулах болжээ.
     
    9.    “Оюутолгой” төсөлд хамааралгүй зарим тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн.

    10.     “Рио Тинто” групп болон “Айвенхоу Майнз Лимитед” компанийн хооронд байгуулсан Хувьцаа борлуулах гэрээний дагуу “Рио Тинто” группийн “Айвенхоу Майнз Лимитед” ХХК-ийн эзэмшилийн хувь нэмэгдэн 22,4 хувьд хүрэв. Цаашлаад ирэх 18 сарын хугацаанд энэ хувь, хэмжээ 46.6 хувьд хүрэх боломжтой юм.  

    “УТААГҮЙ УЛААНБААТАР” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    Засгийн газрын хуралдаанаар “Утаагүй Улаанбаатар” үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хөтөлбөрийг “100 мянган айлын орон сууц” болон авто замын салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн хамт цогцоор нь хэрэгжүүлэхээр тогтсон байна.

    “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний болон дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шинээр боловсруулах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хуулиудын төсөл, үзэл баримтлал болон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тооцоог гарган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.гансүх нарт үүрэг болголоо. “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ахална. 

    ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

    “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүүлэх, чөлөөлөх журам”-ын 11 дэх заалтын “Улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга байгууламж барих…” гэснийг хасахаар шийдвэрлэв. 9 жил мөрдөж байгаа энэ журмын 11 дэх хэсэгт “Улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга, байгууламж барих, байгалийн гамшиг, сүйрлийн хор хөнөөлийг арилгахад шаардагдах ажиллах хүч, мэргэжилтнийг Засгийн газрын шийдвэрийн дагуу гадаадаас авч ажиллуулах тохиолдолд ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө” гэж заасан байдаг. 

    Журмыг боловсруулсан 2001 онд нийгэм, эдийн засгийн хөгжил, нөхцөл байдал өнөөдөртэй харьцуулахад харьцангуй ялгаатай байсан, мөн “томоохон төсөл, хөтөлбөр, барилга, байгууламж барих” гэдэгт “Мянганы зам” зэрэг томоохон хэмжээний ажлыг багтаан ойлгож байсан юм. 2001 онтой харьцуулахад барилгын ажил далайцтай өрнөж байгаа энэ үед барилгын бараг бүх компани дээрх заалтын дагуу ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх санал оруулж байгааг бодлого, зохицуулалтын хувьд нэг мөр болгож, өөрчлөх шаардлага тулгарсан.  

    Нөгөө талаар дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа “томоохон төсөл, хөтөлбөр” мэтээр тайлбарлаж, ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлж байгаа. Энэ нь барилга, уул уурхайн салбарт үндэсний хэмжээний мэргэжилтэй ажилчин бэлтгэх замаар гадаадаас авах ажилтны тоо, хэмжээг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид монгол ажилчдыг түлхүү ажиллуулах Засгийн газрын бодлоготой уялдахгүй байгаа учир ийм шийд гаргалаа.  

    ТОВЧХОН

    •    Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. 

    •    “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болов. 

    •     “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, экспортлоход улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх хилийн боомтын жагсаалт”-д Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтыг нэмэв. 

    •    2010 оны 4 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд БНСВУ-ын Ханой хотноо болох “Шувууны томуу болон томуугийн цартахлын асуудлаарх олон улсын сайд нарын 7 дугаар бага хурал. Цаашид авах арга хэмжээ-2010”-т Монгол Улсын Шадар сайд М.Энхболдыг оролцуулах нь зүйтэй гэж үзэв. Бага хурлаар шувууны томуу, томуугийн цартахлын дэлхий нийтийн бэлэн байдал болон Египет Улсын Шарм эль-Шейхэд 2008 оны 10 дугаар сард болсон өмнөх хурлаас гарсан шийдвэр, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэлэлцэн Сайд нарын тунхаг бичиг гаргах юм.