Ангилал: мэдээ

  • ЕРӨНХИЙ САЙД ХҮҮХЭД БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХЫГ ХҮСДЭГ

    Хүүхдүүдийн аав, энэ улсын иргэн, Ерөнхий сайдын хувьд хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл биелээсэй. Хүүхэд бүр эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аз жаргалтай, нүдэнд нь үргэлж инээд гэрэлтэж байгаасай хэмээн Засгийн газрын тэргүүн С.Батболд хүслээ. Тэрээр өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болсон “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” өдөрлөгийн үеэр бяцхан хүүхдүүдийн хамт “Хүслийн бөмбөлөг” хөөргөхдөө ийн шивнэжээ. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд С.Батболд, мөн зөвлөлийн дэд тэргүүн, Шадар сайд М.Энхболд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Б.Баатарзориг, Засаг даргын орлогч, Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Цогзолмаа нарын эрхэм хүндтэй зочид төв талбайд хүрэлцэн ирж хүүхэд багачуудынхаа  баярыг нь хуваалцсан байна. 


    Тэд хүүхдүүдтэй нэг хүсэл, нэг сэтгэлтэй байгаагаа илэрхийлэн дуулж бүжиглэн баяр дээр нь баяр нэмсэн бол рок, попын залуу дуучид, Хөгжим бүжгийн сургууль, Хүүхдийн ордны сурагчид шинэ уран бүтээлээ толилууллаа. Мөн 8-9 хүүхэд төрүүлж өсгөсөн Д.Долгор, Ж.Өөлд, М.Энхтуяа нарт Нийслэлийн 2012 оны “Ачлалт ээж” өргөмжлөлийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Шадар сайд М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Б.Баатарзориг нар гардуулж баяр хүргэв.

    Их жанжны талбайд болж байгаа энэ өдөрлөгийн үеэр 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хамтран урлаг, спортын төрөл бүрийн уралдаан, тэмцээн, үйлчилгээ, худалдаагаар хүүхдүүддээ бэлэг барьж байна. Мөн 21 аймаг, 9 дүүрэг ч хүүхэд, багачууддаа зориулсан арга хэмжээг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байгаа юм. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх, үрсийн баярыг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэж, улс орны өнцөг булан бүрт хайр, аз жаргал, баяр хөөр дүүрэн хүүхдийн дуу цуурайтаж байна. Эх, үрсийн баярын энэ өдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн төлөөллийг гэртээ хүлээн авч баярыг нь хуваалцлаа.  

  • “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд нийт хүүхдийн 60 гаруй хувь нь эмгэгтэй болох нь оношлогдлоо

    Монголын хүүхдүүдийн 60 гаруй хувь нь ямар нэгэн өвчний эмгэгтэй болох нь  “Эрүүл хүүхэд” аян зохион байгуулсны буянд оношлогджээ. Одоо эдгээр хүүхдүүдийг эмчилгээнд хамруулж анагаах дараагийн шатны ажил эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачлан эхлүүлсэн “Эрүүл хүүхэд” аян өнгөрсөн гуравдугаар сарын 19-ний өдөр орон даяар эхэлсэн юм. 18 хүртлэх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдал, бие бялдрын өсөлт хөгжилтийг нь үнэлэх, илэрсэн  эмгэгийг эмчлэх, өвчнөөс урьдчилсан сэргийлэх чиглэлээр сургалт явуулах, зөвлөгөө өгөх зорилго бүхий энэхүү аяны эхний шат өндөрлөж өнөөдөр дүнгийн хурлаа Эрүүл мэндийн яаманд хийлээ.


    Үзлэгт хамрагдаж чихний хэнгэрэг нь цоорхой болохыг мэдэж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэс засал хийлгэсэн охин энэ  үеэр эмч нартаа талархсанаа илэрхийлсэн бол аймаг, сум, өрхийн эмнэлгийн түвшинд үзлэг оношилгоог явуулсан эмч нар, эцэг эхчүүдийн төлөөлөл хуралд оролцож сэтгэгдлээ хэлж байлаа. “Эрүүл хүүхэд” аяныг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг бүхий удирдах хороог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд даргалдаг бөгөөд өнөөдрийн өргөтгөсөн хуралдааныг тэрбээр удирдаж явууллаа.  

    Тус аянд нийт хүүхдийн 82 хувь буюу 787 мянга 370 гаруй хүүхэд хамрагджээ. Эдгээр хүүхдийн 68 хувь нь ямар нэгэн байдлаар эмгэгтэй байна, энэ бол анхаарал тавихаас аргагүй өндөр үзүүлэлт. Үүнд дүгнэлттэй хандах учиртай гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлээд аяныг үргэлжлүүлж, хүүхдүүдийг үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, хүүхдийн шүдийг эмчлэх ажлыг шуурхай, чанартай зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Мөн одоо эмчилгээ хийж үр дүн гаргах учиртай. Энэ бол нэг удаа зохион байгуулаад зогсоох арга хэмжээ биш. Хүүхдийн 3, 5, 12, 17 насанд үзлэг оношилгоонд бүрэн хамруулж байх, санхүүжилтийг улсын төсөвт тусгах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгалаа.

    Сургууль болгоныг биеийн тамираар хичээллэх спорт заалтай болгох үүрэг өгөөд байгаа гэдгээ Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэлээд стандарт хангасан шүдний эмчилгээний анхан шатны кабинетийг ч мөн бий болгох ёстой гэдгийг тэмдэглэж байлаа. “Эрүүл хүүхэд” аянын нэгдүгээр шат өндөрлөж байгаа нь дөнгөж анхны алхам, гэхдээ хүүхдүүд минь эрүүл байх үндэс суурь нь энэ шатны үзлэг болох учиртай. Эрүүл байна гэдэг хэрхэн урьдчилан сэргийлэхээс эхэлнэ. Аяны эхний шат амжилттай дууслаа. Эмчилгээ хийх дараагийн шат үүнээс ч эрчимтэй өрнөх учиртай, хүүхдүүдээ эрүүл байлгахын төлөө үе шаттайгаар аянаа үргэлжлүүлэх болно гэж Ерөнхий сайд С.Батболд  онцолж байлаа.

    Энэ хугацаанд удирдах хорооны болоод аяны ажлын хэсгийн гишүүд, ажлын албаныхан тогтмол хяналт тавьж мэдээлэл солилцож ажилласан. Аяныг зөвхөн ажлын албаны мэдээллээр биш, аянд хамрагдсан хүүхэд багачууд, эцэг эхчүүд, үзлэгийг гардан хийсэн эмч эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын талаас мэдээлэл сонсож, цаашид бид юунд анхаарах нь чухал байгааг дүгнэж шийдвэрлэхээр хурлыг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж байгаа гэдгээ хурлын эхэнд хэллээ.

    Хүүхдүүдээ улс орон даяар нэгэн зэрэг үзлэгт хамруулж, энэ аянд зарим аймгууд тухайлбал, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгууд хамгийн олон хүүхэд үзлэгт хамруулжээ гэж Ерөнхий сайд хэлээд нийслэл, орон нутаг, төрийн бүх шатны байгууллага, тэр дотроо багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд, томчуудад хандаж энэ аянд хүүхдүүдээ бүрэн хамруулахыг дахин хүслээ. Насанд хүрэгчдийн архаг өвчний 60 хувь нь хүүхэд насандаа эхэлж, ямар нэгэн шинж тэмдэггүй явсаар хожуу үедээ илэрсэн байдаг. Тэгвэл энэ аяны үд дүнд ирээдүйн иргэд маань бие эрүүл, оюун ухаан, ёс суртахууны өв тэгш хүмүүжилтэй болж улс орны үсрэнгүй хөгжих боломж бүрдэнэ гэж удирдах хорооны дарга, Ерөнхий сайд С.Батболд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Энэ наадам нь олимпод оролцох тамирчдын хувьд томоохон сорилго боллоо

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд ийнхүү онцолж байна. Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын хаалтын ёслолын ажиллагаа 2012 оны 5 дугаар сарын 30-нд Буянт-Ухаа спорт цогцолбор дээр болж, Засгийн газрын  тэргүүн оролцлоо. Энэхүү их наадам нь шинэ залуу тамирчдыг төрүүлэн гаргахын зэрэгцээ иргэдийг биеийн тамир спортоор хичээллэхэд уриалан дуудсан томоохон арга хэмжээ юм гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцлоод, “Лондон-2012 “ зуны 30 дугаар олимпийн наадамд оролцох Монгол улсын үндэсний шигшээ баг тамирчдын хувьд томоохон сорилго боллоо гэдгийг тэмдэглэсэн юм.

    Түүнчлэн “Монгол улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу биеийн тамир, спортын материаллаг баазыг сайжрулахад онцгой анхаарч биеийн тамирын заалгүй ерөнхий боловсролын сургуулиудыг стандартын заалтай болгож, төв орон нутагт спортын ордон, цогцолборыг шинээр барьж, тоног төхөөрөмж хэрэглэл материалаар хангаж байгаа нь иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байна” гээд биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэн дээдэлдэг ард түмэнтэй улс болохыг гүйцэтгэх засаглалын тэргүүн уриаллаа.  

    Энэхүү их наадамд спортын 27 төрлөөр нийт 5000 гаруй тамирчин оролцож, өрсөлдсөн байна. Монголын бүх ард түмний спартакиад нэртэйгээр анх  1961 онд зохион байгуулагдаж байсан  уг их наадам нь Монгол улсын биеийн тамир, спортын хөгжилд бодитой нөлөө үзүүлсэн хэмээн албаны мэргэжилтнүүд онцоллоо. Хаалтын ажиллагааны төгсгөлд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд олимпийн наадамд оролцох баг, тамирчдаас бие сэтгэлээ бүрэн дайчлан ард түмнийхээ итгэлийг биелүүлж, Монгол улсын алтан соёмбот далбаагаа олимпийн тэнгэрт өргөн мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийн ерөөлийг дэвшүүллээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газар нийслэлийн бүтээн байгуулалтад онцгой анхаарч байгаа

    Монгол Улсын Засгийн газар хийж бүтээсэн ажлаа ард иргэддээ тайлагнахаар “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяныг энэ 5 дугаар сарын 11-нээс өрнүүлсэн. Аяны хүрээнд Засгийн газар, бүх яам, харьяа агентлаг хийж бүтээсэн ажлаа иргэддээ нээлттэй тайлагнаж, тэдний санал, бодлыг сонсон зөвлөгөө өгч, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэж байгаа юм. Энэ ажлын үргэлжлэл 2012 оны 5 дугаар сарын 26-ны бямба гаригийн энэ өдөр Сүхбаатарын талбайд болж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын нэг цэгийн үйлчилгээний асрууд төв талбайд үйл ажиллагаа явууллаа. 


    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нийслэлийн нээлттэй өдөрлөгт оролцох үеэрээ төсвийн төвлөрийг сааруулж, орон нутаг, нийслэлийн удирдлагын санхүү, төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын ажлын эрхийг орон нутагт шилжүүлэх, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд нь, эрхэлж байгаа бизнест нь, орон нутаг дахь бүтээн байгуулалтад нь, ажлын байр бий болгоход Засгийн газар анхаарч ажиллаж байна. Мөн төсвийн хуваарилалт, зарцуулалт, хяналтад иргэдийн оролцоо эрхийг нэмэгдүүлэхийн төлөө Засгийн газар үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа гэлээ. Энэ дөрвөн жилд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүч, хамтын ажиллагааны үр дүнд нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж, нийгмийн болон нийтийн үйлчилгээний барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг олноор баригдаж, хотын гудамж, зам талбайн өнгө үзэмж сайжирч байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж байлаа.

    Тэрбээр мөн Улаанбаатар хотын удирдлагууд хийсэн ажил, хэлэх үгтэйгээр 4 жилийнхээ ажлыг тайлагнаж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд сайхан амлаж, хоосон яриад суусан биш тодорхой ажлуудыг бодитой хийж, зарим ажлын цаашид хийх чиг төлөвийг гаргаж чадлаа гэж хэллээ.  Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг хэлсэн үгэндээ сүүлийн жилүүдэд Улаанбаатарт бүтээн байгуулалтын ажил өрнөж үүнд зарцуулах төсвийн хөрөнгийн хэмжээ нэмэгдсээр ирлээ. Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатарын хөгжилд бодлого болоод хөрөнгө оруулалтын дэмжлэгийг өдөр тутамд үзүүлж байгаа. Улаанбаатарт хийгдсэн ажлын үр дүн бүхэн Засгийн газрын нэгдмэл үйл ажиллагаатай холбоотой гэдгийг онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

    НАС БАРСАН АЛБАН ХААГЧИЙН АР ГЭРТ ТЭТГЭМЖ ОЛГОНО

    Дорнод аймагт гарсан түймрийг унтрааж байгаад түлэгдэн, эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн ахлах ахлагч Г.Багабишийн ар гэрт тэтгэмж өгөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Мөн дэд ахлагч А.Болорсүхийн БНСУ-д эмчлүүлэх зардалд зориулан 240 сая 151 мянган төгрөг гаргахаар болсон байна. Түүнчлэн Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн болон обьектийн түймэрт өртөн орон гэргүй болсон 36 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр өгөхөөр шийдвэрлэлээ. Энэ оны 04 дүгээр сарын 18-24-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Чойбалсан, Чулуунхороот, Халхгол, Хэрлэн сум, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түвшинширээ суманд түймэр гарсан юм.

    ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС ГАРГАХЫГ ДЭМЖИВ

    Арьс, ширээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Тогтоол батлагдвал арьс ширээр нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох, экспортын чиглэлийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна. Энэ дагуу арьс ширийг дотооддоо гүйцэд боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгоход зориулж 140 тэрбум, арьс ширээ боловсруулах үйлдвэрт тушаасан махны үйлдвэрийн зээлийн хүүгийн урамшуулалд 20 тэрбум, малчны урамшуулалд 59,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаас гаргахаар төлөвлөж байна. Түүнчлэн хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдийн боловсруулах үйлдвэрт тушаасан бог малын 1 ширхэг арьсанд 3 мянга, бод малын 1 ширхэг ширэнд 15 мянган төгрөгийн урамшуулал олгохоор төсөлд тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    БАГШ НАРЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТИЙГ СЭРГЭЭН АЖИЛЛУУЛНА

    Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” байгуулахаар боллоо. Институтийн дүрмийг баталсны зэрэгцээ бүтэц, орон тоог баталж мөрдүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас сайд Ё.Отгонбаярт даалгав. Мөн хуралдаанаас төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулийг Улаанбаатар хотод байгуулахаар шийдвэрлэлээ. Дээрх сургуулиудад сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, бүтэц, орон тоо, дүрмийг батлан мөрдүүлэхийг сайд Ё.Отгонбаярт үүрэг болгов. Мөн ажлын чиг үүргийн тусгай онцлог, ялгаа, нэмэлт ачаалалтай уялдуулан дээрх сургуулиудад ажиллагсдад үндсэн цалингийн нэмэгдэл олгох тухай ч хэлэлцэн шийдвэрлэлээ.

    ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 80 ХУВЬТАЙ БАЙНА

    “Оюутолгой” төслийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгаас үзвэл “Оюутолгой” төслийн барилга, бүтээн байгуулалтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн хүрээнд 18773 хүн ажиллаж байгаагийн 65.8 хувь буюу 12354 нь монгол иргэн байгаа юм. “Оюутолгой” төслийнхөн 2010 оноос хойш манай улсын 2500 орчим томоохон аж ахуйн нэгжүүдтэй 887 сая ам.долларын өртөг бүхий гэрээ байгуулан бараа, үйлчилгээ авч байна. Танилцуулгатай холбогдуулан цаашид төслийн хэрэгжилтийн явцад хяналт тавьж, Засгийн газрыг төлөөлөн “Оюутолгой” компанид төрийн мэдлийн хувь эзэмших эрхийг хэрэгжүүлэхдээ хэд хэдэн зарчим баримтлахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.

    Энэ дагуу төсөлд хувь нийлүүлэгч талуудын итгэлцэл, хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын талын хувь нийлүүлэгчийн хяналт, оролцоог сайжруулж, “Оюутолгой” компанийн удирдлагын багт төлөөллөө оруулах талаар хэлэлцэн тохиролцох болсон байна. Мөн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан өртөг, зардал нь байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, шаардлагатай бол мэргэжлийн болон төрийн захиргааны байгууллагаар үнэлэлт, дүгнэлт гаргуулж, тухай бүр нь шийдвэрлүүлэх юм. Түүнчлэн төслийн ажилд хяналт тавих мэргэжлийн багийг хараат бус, хөндлөнгийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, биелэлтэд хяналт тавих боллоо.

    Нэр бүхий сайд, агентлагийн дарга нар мөн компанийн нийгмийн хариуцлагыг сайжруулж, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, ил тод, нээлттэй байх, төслийн ханган нийлүүлэлтэд үндэсний аж ахуйн нэгжүүдийг түлхүү ажиллуулах, боломж, нөхцлийг бүрдүүлэх зарчим баримтлах үүрэг хүлээв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

    ТОВЧ МЭДЭЭ

    • Улсын ИХ Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан байна. Төсөлд “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулж шийдвэрлүүлнэ. Ингэхдээ гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах зайлшгүй шаардлагатай тохиодолд мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн, гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” бол гэж өөрчлөхөөр тусгажээ. Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ.
    • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүүхдийн тэтгэмжийн мөнгө олгох тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хүүхдийн тэтгэмжийн мөнгө олгох, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзсэн бол Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг дэмжиж байгаагаа төсөл санаачлагчид уламжлахаар боллоо.
    • Ерөнхийлөгч мөн Хувь хүний орлогын, Нэмэгдсэн өртгийн, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан байна. Эдгээрийг Засгийн газраас санаачлан боловсруулсан Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед хамтатган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг уламжлахаар тогтов.  
    • УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Б.Батбаяр, Л.Болд, Х.Тэмүжин нар иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаас гадна тариалангийн газар үнэ төлбөргүйгээр өмчлөх эрхтэй байхаар хуулийн төсөл санаачилсан байна. Энэ нь Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн үндсэн үзэл баримтлал, зарчимтай нийцэхгүй. Газар тариалан эрхэлж байгаа иргэн нь аж ахуйн зориулалтаар эзэмшиж байгаа газраа давуу эрхээр үнэгүй өмчилж авах нь Үндсэн хуулиар тунхагласан тэгш байдлын зарчим алдагдахад хүргэж байна гэж Засгийн газар үзэн дэмжих боломжгүй гэдгийг уламжлахаар боллоо.
    • Төрийн албан хаагч намаас түдгэлзэх бус харин бүрмөсөн татгалзах нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн Г.Батхүү хуулийн төсөл санаачилсан байна. Засгийн газрын хуралдаанаар үүнийг хэлэлцээд Монгол Улсын иргэн төрийн албан хаагч байх эсэхээс үл хамааран сайн дураараа намаас гарах эрх нь нээлттэй, харин төрийн албан хаагчийг намаас гарахыг хуулиар шаардах нь зохимжгүй гэж үзэв.
    • УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын санаачлан боловсруулсан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг уламжлахаар тогтов. Мөн Э.Бат-Үүл, С.Баярцогт нарын санаачлан боловсруулсан Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд тодорхой саналыг уламжлахаар болжээ.
    • МУИС-ийг Судалгааны их сургууль болгох талаар гишүүн Д.Лүндээжанцан нарын санаачлан боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжлээ. Судалгааны их сургууль болгохын тулд эрх зүй, дэд бүтэц, боловсон хүчин, санхүүгийн орчин бий болгож, МУИС-ийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шаардлагатай удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог бүрдүүлэн, судалгааг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ёстой юм байна.
    • Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо. Хэлэлцээрийн дагуу Японоос 5 тэрбум хүртэл иений зээлийг авч ашиглах боломжтой. Зээлийг уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эдийн засгийн бусад салбарын хөгжлийг дэмжих зорилгоор дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжээс гаргасан төслийг санхүүжүүлэхээр урьдчилан тохиролцоод байна.
    • 2012 оны I улиралд УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэрэг 3723 шийдвэрийн 5642 заалтыг хяналтад авч ажилласан нь 73.7 хувийн биелэлттэй байна. 
    • “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг УИХ-д танилцуулахаар болов. Мөн “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар танилцлаа.
    • Стандартчилал, хэмжил зүйн газрын орон нутаг дахь хүнс, эрүүл ахуй, нян судлал, ургамлын үр, хорио цээрийн лабораторуудыг тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын харьяанд шилжүүллээ.
    • Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерланд, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг соёрхон баталсан хуулиудыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д хэлэлцүүлэхээр боллоо.
  • Энэ бол хэн нэгний өгч буй бэлэг биш, иргэн та өөрөө баялгийнхаа эзэн нь учир хувь хүртэж байна

    Энэ бол хэн нэгний өгч буй бэлэг биш, ард түмэн та бүхэн эх орныхоо  өөрийн баялгийн эзэн болж байгаагийн жишээ юм шүү хэмээн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэн хэлж байна. Ахмад настанууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн эхний ээлжийн 330 мянган төгрөгийг өнөөдрөөс  тарааж эхэлж байна. Тус ажил ямархуу янзтайгаар эхэлж байгааг шалгахаар гүйцэтгэх засаглалын тэргүүн хадгаламж банкны урт цагааны хадгаламжийн касс дээр ирсэн нь энэ. Мөнгөө авахаар иргэд өглөөний 6 цагаас эхлэн дугаарлан зогсчээ. Тус мөнгийг олгох санхүүжилт хангалттай, мөн тэд картаар авах боломжтой хэдий ч эдгээр иргэд бэлэн мөнгөөр ингэж авахаа илүүд үзсэн бололтой.


    Ахмадууд л болсон хойно юманд яардаг зангаараа ирээд хүлээгээд зогсчлоо гэх тайлбарыг ч дайх нэг нь байлаа. Хүлээлт бий болсноос ийнхүү дараалал ихэссэн, түүнээс биш хамрах хүрээ бага учраас энэ мөнгийг шуурхай өгөх боломжтой гэсээр албаны хүмүүс Ерөнхий сайдыг угтсан юм. Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль, УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолоор нэг сая төгрөгийг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор болсон билээ. Энэ дагуу Засгийн газар эдгээр иргэдэд нэг сая төгрөгийг дөрөв, тав, зургадугаар сард гурван удаа тэнцүү хувааж олгохоор болж, эхний ажлыг эхлүүллээ. 

    Одоогийн байдлаар хүндрэл бэрхшээл бага, гурван банкаар дамжуулан олголтыг хийж эхлээд байгаа тухай, нийслэлийн хэмжээнд энэ мөнгийг 100 гаруй мянган иргэн авна гэж мэргэжилтнүүд Ерөнхий сайдад өгсөн мэдээлэлдээ дурьдаж байв. Уг ажлын бүртгэлийн хугацаа ч энэ оны сүүл хүртэл үргэлжлэх бөгөөд 31.1 тэрбум төгрөгийн санхүүжилт Хүний хөгжил санд орж иржээ.  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд энэ бүхэнтэй танилцсаны дараа иргэн Д.Норовсүрэн , Д.Нэргүй,  Д.Иш нарт 330 мянган төгрөгийг гардуулан өгсөн бөгөөд эх орныхоо  баялагтаа эзэн байж, шударга боломжин дээр авах нөхцөлийг Засгийн газар ийнхүү бүрдүүлж өглөө гэдгийг онцолсон юм. Засгийн газрын тэргүүн дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Энэ мөнгийг бөөнөөр олгох боломжтой хэдий ч инфляци үүсэх аюултай учраас  гурав хувааж олгохоор шийдсэн. 45 хоногийн хугацаанд шуурхай өгнө . Тиймээс тэд  нэг сая төгрөгөө бүрэн дүүрэн авах боломжтой гэдгийг хэлмээр байна. Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнд эдийн засаг 17.2 хувийн өсөлттэй гарсан. Энэ жил ч, ирэх жил ч энэ өсөлт тогтвортой байна гэсэн чиг хандлага байна. Өсөлт хаашаа очих вэ гэдэг асуудал бидний өмнө тулгарч байлаа.  Нийгэмд ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна, энэ өсөлт хүн дээрээ наалдаж өгөхгүй байна гэдэг асуудлыг иргэд тавьж байв.  Нийгмийн баялгийн шударга хувиарлалтыг яаж хийх вэ гэдгийг хүн болгон ярьж байсан ч тодорхой шийдэл гараагүй байсан. Харин энэ удаагийн УИХ болон Засгийн газар нийт ард иргэддээ нийгмийн баялгийг шударга хуваарилах  зарчмыг гаргаж эхлүүлсэн.

    Хүний хөгжил сангаар дамжуулан нийгмийн баялгийн хуваарилалтаа нийт 2.7сая иргэндээ шударга боломжин дээр олгодог энэ зарчмыг эхлүүлсэн нь манай Засгийн газрын үйл ажиллагааны чухал үр дүн. Үүнийг эхлүүлэхдээ бид 1.5 сая төгрөгийг ард иргэддээ бэлэн мөнгө,боловсрол, эрүүл мэнд, орон сууц, тэтгэвэр тэтгэмж, хувьцаа гэсэн хэлбэрүүдээр сонголттойгоор олгох боломжийг тавьж өгсөн. Өнгөрсөн хугацаанд нийт иргэддээ 500 мянган төгрөгийг бэлнээр олголоо. Амласан амлалтаа Засгийн газар хийж байна. Үүнийгээ ч сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлж дуусгана.

    Нэг сая төгрөгийг ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ өнөөдрөөс эхэлж олгож байна. Хийсэн гавьяатай ахмадуудаа хүндэлж байгаа хэрэг, мөн түүнчлэн төрөөсөө хайр халамж хүлээж байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ийнхүү түрүүлж өгч байгаа юм. Инфляци, үнийн хөөрөгдлөөс сэргийлж 363 мянган иргэндээ 330 мянган төгрөгийг гурав хувааж ийнхүү олгож байна. Тиймээс  нэг сая төгрөгөө дээрхи  иргэд маань  бүрэн дүүрэн авна, бас зохион байгуулалтайгаар та бүхэнд очино гэдгийг хэлмээр байна.

    Энэ олголтын явц ямар байгааг газар дээр нь шалгахаар ирсэн минь энэ. Харин нийт иргэддээ олгох хувьцаа болон түүний сонголтыг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж маш тодорхой болгоно. Энэ бүх ажлыг үе шатттайгаар дараалалтай хийж байна  гэлээ. 2012 оны 5 дугаар сарын 22-ний байдлаар улсын хэмжээнд 1.464.411 иргэн эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт худалдахаар, 1.0 сая төгрөгийн хишиг, хувийг бэлэн мөнгө хэлбэрээр хүртэхээр 287753 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүсэлтээ гаргаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • ДЭНЖИЙН МЯНГА ОРЧМЫН ГЭР ХОРООЛЛЫГ ТӨВЛӨРСӨН ДУЛААНД ХОЛБОХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

    Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх ажил бодит биеллээ олж, өнөөдөр Чингэлтэй дүүргийн 9,10-р хороо, 7-р хороолол орчмыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг эхлүүллээ. Дан ганц ярих биш, ярьсан зүйл бодит ажил болж байгааг  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд төвлөрсөн дулаанд холбох ажлыг эхлүүлэх арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ тэмдэглээд  үүний дүнд нийслэлийн агаарын бохирдол буурч, гэр хорооллыг орон сууцжуулах ажил бодитоор хэрэгжиж, ард иргэд маань ая тухтай амьдрах орчин бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрээр дээрх ажлыг гүйцэтгэгч “Улаанбаатар дулаан”компани болон бусад холбогдох байгууллагуудыг ажлаа чанартай, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.


    Дээрх ажил хийгдсэнээр Чингэлтэй дүүргийн 39-р сургууль, 124-р цэцэрлэг, шинээр баригдах спорт цогцолбор, амины орон сууц, аж ахуйн нэгжүүдийн барилгууд, 7 дугаар хороолол, Дэнжийн мянгын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр баригдах нийтийн орон сууцнууд төвлөрсөн дулаанд холбогдох юм байна. Түүнчлэн халаалтын улиралд хоёр мянган тонн түүхий нүүрс шатааж агаар бохирдуулдаг дунд хүчин чадлын 10 гаруй нам даралтын зуух, ердийн галлагаатай 200 гаруй халаалтын зуухыг зогсоосноор агаарын бохирдлын бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм. Байгаль орчны яамны “Цэвэр агаар”сангийн 3,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэж байгаа энэ ажил ирэх 9-р сард ашиглалтад орох ажээ.

    Цаашид бусад гэр хорооллыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг үргэлжлүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болно хэмээн Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт ярилаа. Түүнчлэн дэлхийн банкны төслийн хүрээнд дулааны шугам хүрэх боломжгүй гэр хорооллын  айлуудыг хэсэгчилсэн байдлаар цэвэр бохир усны шугамд холбох ажлыг хийх юм байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.    

  • Тариаланчдад шатахууны хөнгөлөлт үзүүлсэн нь том дэмжлэг болжээ

    Тариаланчид тариалангийнхаа үрэлгээг ид хийж байна. Энэ жилийн хувьд Засгийн газраас тариаланчдын хувьд байнгын бэрхшээл болдог шатахууны асуудалд нэлээд анхаарсан нь тэдэнд урам зориг өгчээ. Өөрөөр хэлбэл 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр шатахуун олгож байгаа нь эргэлтийн хөрөнгөө заавал зарж байж шатахуунаа авдаг байсан тэдний хувьд таатай нөхцөл болсон байна. Намар бүтээгдэхүүнээ борлуулсны дараа үлдсэн хувийг нь төлөх боломжоор хангаж өгсөн нь том хөнгөлөлт боллоо гэсээр Сэлэнгэ  аймгийн тариаланчид Засгийн газрын тэргүүнээ угтлаа. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ  бодит хөрсөнд хэрхэн бууж байгаа, мөн тэдэнд ямар бэрхшээл тулгарч байгааг сонсохоор Ерөнхий сайд С.Батболд  өнгөрсөн баасан гаригт Сэлэнгэ аймагт ажиллаж, Баянгол  сумын “Түмэн бут” ХХК-ийн тариалалалтын явцтай танилцаж,  тариаланчидтай уулзлаа.


    Энэ жил Сэлэнгэ аймгийн хувьд  тариалалт 50 хувьтай, харин Баянгол сумын хувьд 42 хувьтай явж байгаа юм байна. Засгийн газрын тэргүүнээ ирэх сургаар тариалан эрхэлдэг 20 гаруй компаний захирлууд ч тариалангийн талбайд цугларсан байв. Хур тунадас бага орсон хэдий ч газрын гүндээ чийг сайн хуримтлагдаж, тариалалт хэвийн сайн явагдаж байна хэмээн  “Түмэн бут” ХХК-ийн захирал Л.Алимаа ярилаа. Эднийх эргэлтийн 600 га газартай бөгөөд энэ жилийн хувьд Дэрс хот, Цагаанчулуут хэмээх газрууддаа үрэлгээгээ хийгээд эхэлжээ.” Алтайский 535 “ сортын үрээр эдний компани дөрөв дэх жилдээ тариалалт хийж буй бөгөөд ажил хэвийн сайн явагдаж байгааг онцоллоо.

    Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа тодорхой арга хэмжээнүүдийн үр дүнд газар тариалангийн салбарт хүндрэл гэх асуудал бага болжээ. Энэ тухайгаа ч тариаланчид Ерөнхий сайдад дуулгаж байсан бөгөөд харин жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг, ялангуяа үр тарианы комбайнуудаа шинэчлэх  зорилт дээр нь дэмжлэг үзүүлэх боломжийн тухай, мөн үр тариагаа хадгалах сав, түүнчлэн  борлуулалтын асуудлыг ч тэд хөндөв.

    Харин Засгийн газрын тэргүүн тэдэнд таатай мэдээ дуулгасан. Манай газар тариалангийн том компаниуд нэг үеэ бодвол бэхэжсэн болохоор одоо жижиг, дунд компаниудыг түлхүү анхаарах бодлого явагдаж байгааг хэлсэн нь тэдний хүсэлттэй бүрэн нийцлээ. Тухайлбал,татварын бодлогоо томчуудад биш жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хандуулж байгааг, зээлийн эх үүсвэрийг бага хүүтэй урт хугацаатайгаар тэдэнд зориулж байгааг, техник тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас  хөнгөлж чөлөөлөх хугацааг  2016 он хүртэл сунгасныг тариаланчидтай уулзах үеэрээ онцлон тэмдэглэж байв. Мөн түүнчлэн жижиг,дунд хэмээн хавтгайрч ярьдагийг цэгцэлж, тэдгээрийг нэлээн тодорхой болгож өгснийг ч дурьдлаа.  Хадгалах сав болоод борлуулалтын асуудал Засгийн газрын анхаарлын төвд бийг ч онцоллоо.

    Харин тариалангийн салбар маань уул уурхайн салбартай энэ зэрэгцэж, хос морь болох алхмууд тавигдсан нь шинэ мэдээ байв. Өөрөөр хэлбэл БНХАУ-д 100 мянган тонн үр тариаг экспортлохоор яриа хэлцэл хийж эхэлжээ. Энэ Засгийн газрын үед энэ ажлын эхлэл тавигдсан нь сайхан хэрэг гэлээ.  Ийнхүү тариаланчдын ажил жигдэрч, гурав хоногийн ажил үлджээ. Тариаланчидтай уулзсаны дараа Ерөнхий сайд С.Батболд тариалангийн талбайдаа үрэлгээ хийж байгаа  тариаланч Эрдэнэбаатартай уулзаж, санал бодлыг нь сонслоо. 4 дэх жилдээ ажиллаж байгаа тэрбээр  өнгөрсөн жил жил  нийтдээ 5.2 сая төгрөгийн цалин авсан гэнэ. Жил ирэх тусам цалин нь нэмэгдэж байгаа , газар тариалан эрхэлнэ гэдэг урамтай сайхан ажил хэмээн Эрдэнэбаатар ярилаа.

    Үүний дараа Засгийн газрын тэргүүн тус сумын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний талбайд хүрэлцэн очиж тариаланч, ногоочидтой уулзлаа. Баянгол сум нь 1600 өрх, 5700 хүн амтай аж. Эдгээрээс  350 гаруй өрх нь ногоо тарьдаг юм байна. Үрийн төмсний шинэчлэл 100 хувь хийгдэж, вирусгүй төмс тариалж эхэлжээ. Тус сум амьдрах орчин, үйл ажиллагаагаа ногоонжуулж, ногоон сум болох хөтөлбөр дэвшүүлсэн нь Ерөнхий сайдаас сайшаал хүртлээ. Энэ ажлын эхлэл болгож ОХУ-ын Эрхүү хотоос 100 ширхэг давжаа алимны мод авчирч суулгаж байгаа юм байна. Иргэддээ лизингээр энэ суулгацаас өгөх ажээ. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талаар ч Засгийн газраас тодорхой зорилт тавьж байгаа гэдгийг гүцэтгэх засаглалын тэргүүн  тэдэнд дуулгаж,  дэлхийн хүнсний хангамжид хүнсний ногоогоор нэмэрлэх томхон бодлого ч энд хөндөгдлөө.

    Ногоочдын тавьсан гол санал нь олон төрлийн ногоо тарьж байгаа хэдий ч түүнийгээ борлуулах, хадгалах сав зоорьны асуудал хүндрэлтэй байгааг дурьдаж байв. Энэ асуудлыг Ерөнхий сайд анхааралдаа авч, дэмжинэ гэдгээ тэдэнд дуулгалаа. Холбогдох сайдад үүрэг өгч,  ойрын үед Засгийн газрын хуралдаанд танилцуулах даалгаврыг өглөө.

    Баянгол сум улсын тэргүүний сум болов

    Сэлэнгэ аймгийн Баянгол сум улсын тэргүүний сумаар шалгарчээ. Тус сумыг тэргүүний сумаар шалгаруулсан гэрчилгээ, тугийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд гардуулан өглөө. Монгол улсын 330 гаруй сумаас шалгаран Баянгол сум энэ жилийн улсын тэргүүний сум болсон байна. Шагналыг 100 сая төгрөг дагалддаг ажээ. Хөдөлмөрч сумынхнаар бахархаж байгааг ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд  онцлоод, хамтын хөдөлмөрийг үнэт зүйлс болгосон нь танай сумын амжилтын үндэс юм гэдгийг дурьдлаа.

    “Сэлэнгэчүүд монгол улсынхаа хүнсний хэрэгцээг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд үүний дотор Баянгол сумынхан ажил үйлсээрээ манлайлж иржээ. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаас тэргүүний сумыг шалгаруулах үзүүлэлтийг  дүгнэж,өнөөдөр танай сумын ажилтай танилцаж явахдаа энэ шалгаруулалт нүдээ олсон шагнал болжээ гэдэгтэй би санал нэг байна. Ажилсаг бүтээлч сум учраас төр засгийн зүгээс ч дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой гэж бодогдлоо. Танай суманд анхны бүлэг үүсч, бүлгээрээ хамтарч ажлаа хийдэг нь хамгийн сайн үзүүлэлт юм. Хадлангаа 7-хон хоногийн дотор хамтраад авчихдаг нь сайхан сэтгэгдэл төрүүллээ. Сумын айл болгон ногоон эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, үүнийг манлайлж байгааг хараад бахархаж байна. Үүнээ гадна танай сумын сургууль улсын тэргүүний сургууль болсон нь маш сайн хэрэг” хэмээн Засгийн газрын тэргүүн Баянгол сумын ард иргэдэд хандаж хэлсэн үгэндээ онцлоод, тэдэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

    Сэлэнгэ аймгаас ийнхүү хоёр дах удаагаа улсын тэргүүний сум шалгарч байгаа юм байна. Баянгол сумын хувьд хөгжлийн түүхээ иргэн бүртэйгээ холбон тайлбарлаж байсан бөгөөд энэ ч утгаараа уг  ёслолын ажиллагаагаа иргэн бүрийн баяр болгосон байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сэлэнгэ аймагт ажиллахаар 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Тэрээр тус аймгийн Баянгол сумын үр тарианы “Түмэн бут”, “Баруун хараа өгөөж” компанийн хаврын тариалалтын ажилтай танилцан, газар тариалан эрхлэгчидтэй уулзаж санал, бодлыг нь сонсох юм. Мөн Улсын тэргүүний сумаар шалгарсан Баянгол сумын удирдлага, нутгийн иргэдэд гэрчилгээ, туг гардуулахаар төлөвлөжээ. Манай улс энэ жил 330 мянган га талбайд үр тариа, үүнээс 320 мянга га-д улаанбуудай, 15 мянган га-д төмс, 8 мянган га-д хүнсний ногоо, 18 мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариалах юм.

    Ингэснээр 490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээлийн болон техникийн ургамал хураан авч, 330 мянган га-д чанар сайтай уринш боловсруулна. Өнгөрсөн жил манай улс жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62.6 хувийг дотоодынхоо ургацаас хангаж чадсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧДАА ДЭМЖСЭН БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ БОЛЛОО

    69 хоногийн дараа Лондон хотноо болох зуны XXX олимп, паралимпийн XIV наадамд хүч чадал, авхаалж самбаагаа сорих тамирчдаа дэмжсэн гүйлт 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр боллоо. “Эрүүл мэнд-Эрхэм баян” уриатай энэ гүйлтэд 5 мянга орчим хүн оролцсоны дотор 8 настай балчираас эхлээд 80 настай азай буурал ч байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Лондонгийн олимпод бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд олимпийн тамирчдаа дэмжихээс гадна бие бялдраа чийрэгжүүлэх, эрүүл амьдрахын ач тусыг сурталчлах зорилгоор энэ гүйлтэд оролцсон байна. 


    Тэрээр гүйлтийг нээж хэлсэн үгэндээ эрүүл биед саруул ухаан оршдог гээд тамирчдаа дэмжихийн зэрэгцээ иргэд өөрсдөө нийтийн биеийн тамир, спортоор хичээллэж байхыг уриаллаа. Мөн Лондонгийн олимпод манай тамирчид Бээжингийн олимпод гаргасан амжилтаа бататгаж, улмаар ахиулан улсынхаа нэрийг дэлхий дахинаа дуурсгана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Бүх нийтийн гүйлт цаашид улс орон даяар үргэлжлэх бөгөөд хамт олон, гэр бүл, клуб, багаараа Улаанбаатар-Лондон хотын хоорондын зай болох 12250 км замыг туулах юм байна.

    Өнөөдрийн гүйлтийг Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулжээ. Манай улс Лондонгийн олимпод оролцох 29 эрх аваад байгаа бөгөөд олимпийн наадмуудаас нийт 21 медаль хүртээд байна.