Ангилал: мэдээ

  • Ерөнхий сайдад Дэлхийн банкны төлөөлөгчид бараалхав

    Ерөнхий сайдад Дэлхийн банкны төлөөлөгчид бараалхав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дэлхийн Банкны Санхүү, хувийн хэвшлийн салбарын хөгжлийн газрын дэд ерөнхийлөгч Жанамитра Диван болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзав. Ж.Диван Монгол Улс Дэлхийн банкны харилцаа, хамтын ажиллагаа хувийн хэвшлийн салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

    Ерөнхий сайд Монгол Улс эдийн засгийн хямралыг хэрхэн давж байгаа үйл явц, тулгамдаж буй асуудлуудыг танилцуулаад, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, цас зудын гамшиг, хот тэлэлт, орон сууц, дэд бүтэц, боловсролын асуудлуудыг цогцоор нь шийдэх зорилттой байгаа бөгөөд амжилтад хүрнэ гэдэгт итгэл төгс байна гэв. Эдгээр асуудлыг шийдэхэд Монгол Улсын Дэлхийн Банк, ОУВС-тай нягт хамтын ажиллагаа чухал байгааг дурдав.

    Мөн Монгол Улс хувийн хэвшлийг хөгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авсны үр дүнд багагүй амжилтад хүрч, хувийн сектор эдийн засгийн хөдөлгөгч хүч болтлоо хөгжлөө, банкны салбарын хөгжил хувийн хэвшлийн хөгжилд чухал түлхэц үзүүлж байна, энэ салбар дахь Монгол Улс Дэлхийн банкны харилцаа, хамтын ажиллагаа сайн байгаа хэмээн дүгнэв. Ж.Диван Монголд хөрөнгийн зах зээлийг цаг алдалгүй хөгжүүлэхийн чухлыг онцлоод банк санхүүгийн салбарт Дэлхийн банк дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Боломжуудаа хослуулах нь амжилтад хүрэх үндэс болно

    Боломжуудаа хослуулах нь амжилтад хүрэх үндэс болно Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Монгол дахь Солонгосын жил”-ийн нээлтийн ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Ким Дэ Ги тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд энэ нь олон зууны турш түүхэн хэлхээ холбоотой явж ирсэн монгол, солонгос үндэстний харилцаанд шинэ хуудас нээсэн үйл явдал юм гэв.

    Тэрбээр хоёр улсын харилцааг бүхий л салбарт эрчимтэй жигдхэн хөгжүүлэх, юуны өмнө бүрэлдэн тогтож буй хүмүүсийн хоорондын харилцаа, өөрөөр хэлбэл ардын дипломатын харилцааг гүнзгийрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага өсөн нэмэгдэж байна. Солонгос Улс хурдтай хөгжиж байгаа, хөгжлийн менежмент сайтай, өндөр технологитой. Монгол Улс түүхий эдийн баялаг нөөцтэй, хөгжлийн гарц сайтай орон. Эдгээр боломжуудыг харилцан ашиглаж хослуулах нь хөгжлийн амжилтад хүрэх үндэс болно. Мөн чөлөөт худалдааг хөгжүүлэх нь чухал юм. Одоогийн тогтсон харилцаандаа тулгуурлан хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх бүрэн боломж байгаа хэмээн үзэж байна.
        
    2011 онд танай улсад “Монголын жил” болно. Энэ арга хэмжээ нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх сайхан боломжийг бүрдүүлнэ. “Монголын жил”-ийг зохион байгуулахад танай яамнаас дэмжлэг үзүүлэхийг хүсье.  “Монгол дахь солонгоын жил”-ийн хүрээнд төлөвлөгдсөн арга хэмжээнүүд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өндөр дээд түвшний давтамжийг хадгалах, харилцаа, хамтын ажиллагааг агуулга талаас нь анхаарах хэрэгтэй юм.

    Хоёр орны соёл, урлагын салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна. Одоо биеийн тамир спортын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж хоёр орны тамирчид хамтарсан бэлтгэл сургуулилалт хийх, эмч мэргэжилтнүүдээ солилцох, манай тамирчдыг сургалтад хамруулах, спортын нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлд хамтран ажиллах боломж байна” гээд БНСУ-ын баг тамирчид өвлийн олимпод амжилттай оролцсонд баяр хүргэв.

    БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд “Манай хоёр орны ойр дотно байгаа харилцаа, хамтын ажиллагаа амжилттай өргөжинө гэдэгт найдаж байна. Цаашид уламжлалт харилцаагаа хадгалан гүнзгийрүүлэх учиртай. Монгол Улс үсрэнгүй хөгжих цаг ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна. Манай талаас харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө тодорхой саналуудыг тавих болно” гээд Ерөнхий сайдыг соёл, спортын чиглэлд анхаарал тавьж байдагт талархаж явдаг гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

  • БНЧУ 4 сая крон, ХБНГУ 100.000 еврогийн тусламж үзүүлнэ

    БНЧУ 4 сая крон, ХБНГУ 100.000 еврогийн тусламж үзүүлнэМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 3 дугаар сар 26-ны өдөр  БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вацлав Йилекийг хүлээн авч уулзлаа. В.Йилек Монгол Улсад нүүрлээд байгаа байгалийн гамшгийг хохирол багатай давахад зориулж БНЧУ-ын Засгийн газраас 4 сая кроны тусламж үзүүлэх болсныг уламжлав. Ерөнхий сайд байгалийн гамшигт олон малчин өрх өртөн амьжиргааны эх үүсвэргүй болж байгаа хүнд үед дотоод, гадаадын олон байгууллага эд материал, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны тусламж, дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

    2010 онд Монгол Улс БНЧУ-йн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох бөгөөд ойн үеэр зохиох арга хэмжээний төлөвлөгөөг БНЧУ-ын Элчин сайд танилцуулаад Монгол Улс-Европын Холбооны хооронд Хамтын ажиллагаа, түншлэлийн гэрээ байгуулах, Европын стандартыг Монголд нэвтрүүлэхэд дэмжин, туршлагаасаа хуваалцана гэв. Түүнчлэн Чехийн тал Европын бусад түнштэй хамтран Монголд Мэргэжлийн боловсролын төв байгуулан ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

    БНЧУ-ын Элчин сайдын тавьсан саналуудыг Ерөнхий сайд С.Батболд хүлээн авснаа илэрхийлээд Монгол Улс-Европын Холбоотой Хамтын ажиллагаа, түншлэлийн гэрээ байгуулахыг БНЧУ дэмжиж байгаад талархав. Удахгүй Монгол Улсад хийх БНЧУ-ын Ерөнхий сайд Ян Фишерын айлчлал нь хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болохыг дурдаад хоёр орны цаашдын үр бүтээлтэй харилцаа, хамтын ажиллагаанд итгэлтэй байна гэв. Ерөнхий сайд мөн өдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пиус Фишерийг хүлээн авч уулзлаа.

    П.Фишер Монгол Улсад учирсан байгалийн давагдашгүй хүчин зүйлийг гэтлэн давахад зориулж ХБНГУ-ын Засгийн газраас 100 000 /нэг зуун мянга/ еврогийн тусламжийг Германы Дэлхийн зөн (World vision) ТББ-аар дамжуулан үзүүлэх болсныг уламжлав. Тусламжийг зуданд нэрвэгдсэн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв аймгийн хоёр мянган өрхийг эм тариагаар хангах, эдгээр аймагт хорогдсон малын сэг зэмийг арилган халдваргүйжүүлэхэд зарцуулах юм.

    Монгол Улсыг Европын Холбоотой Хамтын ажиллагаа, түншлэлийн гэрээ байгуулахад ХБНГУ дэмжиж ажиллах болно гэдгээ Элчин сайд илэрхийлэв. Тэрбээр Германы археологийн баг Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран Өвөрхангай аймгийн Хархорин суманд археологийн шинэ олдворууд илрүүлж байгааг дуулгалаа. Ерөнхий сайд ХБНГУ тусламж үзүүлсэнд болон Монгол Улсын Европын Холбоотой Хамтын ажиллагаа, түншлэлийн гэрээ байгуулахыг дэмжиж байгаад талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ

  • Зарлах, шалгах, дүгнэх аргаа ил тод болгоё

    Зарлах, шалгах, дүгнэх аргаа ил тод болгоё Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны удирдлагыг хүлээн авч 2009 оны 11 дүгээр сарын 16-нд боловсролын салбарынхантай уулзахдаа сургалтын төрийн сангийн тогтолцоог шинэчлэн, сурлагын түвшнээс хамаарч санхүүжүүлдэг тогтолцоог бий болгох, 2010 оноос өндөр хөгжилтэй оронд оюутан сургах шалгаруулалтыг нийтэд зарлаж, ил тод ойлгомжтой явуулах журам боловсруулах талаар өгсөн үүргийнхээ биелэлтийг сонсож үүрэг даалгавар өглөө.

    Ерөнхий сайдын асуултад БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газар болон Төрийн сангийн газрын дарга нар хариулав. Дараа нь Ерөнхий сайд С.Батболд тус яамны удирдлага болон холбогдох албан тушаалнуудад үүрэг чиглэл өгөв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Миний өгсөн үүргийг ажил хэрэг болгох алхамууд хийгдэж буй нь сайн хэрэг. Гэхдээ цаашид ажлаа эрчимжүүлж тодорхой болгох нь чухал байна. Засгийн газар хоорондын гэрээний дагуу болон төрийн сангийн зээлээр суралцах оюутныг сонгон шалгаруулах арга хэмжээг зохион байгуулахдаа нэн хариуцлагатай хандах хэрэгтэй. Эхний ээлжинд сонгон шалгаруулалтыг зарлах аргаа оновчтой тодорхой болго.

    Тогтсон стандарттай бол. Сонгон шалгаруулалтыг зарлах арга өөр байж болохгүй. Тэгвэл ойлгомжгүй болно. Сонгон шалгаруулалтыг зарлах хамгийн оновчтой, ойлгомжтой боломж, аргыг хайж ашиглах хэрэгтэй. Хамгийн наад захын арга гэхэд хэвлэлийн бага хурал зарлаад хийхэд олон түмэнд хүртээмжтэй хүрнэ. Онлайн ашиглах нь бас нэг арга боловч нийтэд хүрэх нь хязгаарлагдмал юм. Сургуулиар нь дамжуулаад зарлах аргыг хэрэглэхэд бас л ил тод байдлыг хангахгүй.

    Дараа нь шалгах, дүгнэх аргаа оновчтой сонгож, ил тод шударга явуулах боломжийг хангах хэрэгтэй. Хийх гэж буй болон хийж буй ажлаа ил тод болгон зарлаж бай. Сурлага сайтай бол хэний ч хүүхэд сонгон шалгаруулалтад ороод, тэнцээд хүссэн сургуульдаа сурдаг байх ёстой. Суралцах шаардлагыг хангах шалгуур үзүүлэлтийг  хөрөнгийн баталгаа гэхээсээ илүү сурлага гэсэн үндсэн үзүүлэлт рүү хандуулахад голлон анхаарах ёстой,” гэж хэллээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Шилдэг сурагчдад ерөнхий сайдын тэтгэлэг олгов

    Шилдэг сурагчдад ерөнхий сайдын тэтгэлэг олговСурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагчдад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгов. Боловсрол, спорт, урлагийн салбарт мэргэжил, сурлагаараа бусдадаа үлгэр дууриал үзүүлж, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардаж байгаа нь бахархалтай бөгөөд хариуцлагатай үйл явдал гэж тэрбээр тэмдэглээд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөв.

    Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар :

    №    ОВОГ НЭР     СУРГУУЛЬ     МЭРГЭЖИЛ    АНГИ
    1    Г.Уянга     МУИС    банк санхүү      4
    2    Ч.Тогтохцэрэн    МУИС    санхүү, менежмент      4
    3    Б.Пүрэв    МУБИС    сэтгүүлч      4
    4    Л.Амарзаяа    ЭМШУИС    ерөнхий эмчилгээ      6
    5    Б.Номуундарь    ЭМШУИС    ерөнхий эмчилгээ      6
    6    Ж.Гарваа    Монгол бизнес дээд сургууль    эдийн засгийн менежмент      4
    7    Б.Лхагвадорж    МУИС    газрын кадастрын инженер      3
    8    Д.Одончимэг    ШУТИС    нийгмийн ажилтан      4
    9    Б.Хишигжаргал    Дархан-Уул. Техникийн коллеж    уул уурхайн эрчим хүч      3
    10    Л.Хишигбаяр    МУБИС    багш      4
    11    Б.Хулан    МУИС    эдийн засгийн математик загварчлал      3
    12    Т.Зулхүү    МУИС    электроник инженер      3
    13    Б.Батзаяа     Зохиомж дээд сургууль    сэтгүүлч, орчуулагч      3
    14    О.Болор-Эрдэнэ    Радио, телевизийн дээд сургууль    сэтгүүлч      3
    15    Г.Чинбат    Шихихутуг дээд сургууль    эрх зүйч      3
    16    Б.Цэлмэг    Эм Ай Ю дээд сургууль    бизнес менежмент      3
    17    З.Гэрэлтуяа    Хөдөлмөрийн дээд сургууль    нягтлан бодох бүртгэл      4
    18    С.Өнөр    СЭЗДС    бизнесийн удирдлага      3
    19    Ш.Отгон-Өлзий    Зохиомж дээд сургууль    гаалийн удирдлага      3
    20    А.Содбаатар    МУИС    онолын математик      3
    21    Б.Батзаяа    Гүүр коллеж    аялал жуулчлал      3
    22    Б.Өлзийхишиг    Ач АУДС    хүүхдийн эмч      4
    23    Б.Оргил    СУИС    соёл судлаач      4
    24    Ш.Булгангэрэл    Улаанбаатар их сургууль    орчуулагч      4
    25    Л.Нандинчимэг    Этүгэн АУДС    эм зүйч      5
    26    Д.Тэгшзаяа    МУИС    гадаад харилцаа      3
    27    Г.Хонгорзул    Соёмбо дээд сургууль    татвар-нябо      4
    28    Ч.Нямсүрэн    МУИС    сэтгэл судлаач      3
    29    Б.Алтанзагас    Хүмүүнлэгийн их сургууль    гадаад харилцаа      3
    30    Т.Амартүвшин    Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль     сэтгүүлч      4
    31    Д.Цэвэлмаа    Тэнгэр дээд сургууль    нийгмийн ажилтан      3
    32    М.Дэлгэрмаа    МУИС    багш      4
    33    М.Алтанбагана    ШУТИС    программ хангамж      3
    34    Б.Анхчимэг    ШУТИС    математик загварчлал      3
    35    Г.Цэрэнжаргал    ШУТИС    архитектур      3
     
    нар Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардлаа. ”Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу болзол хангасан нэг оюутанд сар бүр 80,000 /наян мянга/ төгрөгийг 10 сарын турш өгдөг юм.

  • Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэх анхны сургууль нээгдлээ

    Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэх анхны сургууль нээгдлээМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны гуравдугаар сарын 25-ны өдөр боловсролын салбарт нэлээд цаг зарцууллаа. Эхлээд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуульд Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр хос хэлээр хичээллэх төрийн өмчит анхны сургуулийн нээлтэд оролцлоо. Энэ арга хэмжээний үеэр БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөр, стандартыг турших туршилт, судалгааны төв, түшиц лаборатори сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж байна.

    Сургууль энэ оны есдүгээр сарын 1-нээс 15-16 насны, нэг ангидаа 20 хүүхэд бүхий хоёр бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Сургуульд ажиллах багш нарын англи хэлний сургалт өнөөдрөөс эхэлж байна” гэв. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Кембрижийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүнийхээ хөгжилд томоохон хувь нэмэр оруулах боломж бүрдэх юм. Дэлхий даяар улс гүрнүүд хүнийхээ хөгжилд ихээхэн анхаарч байна. Энэ хандлагын цөм нь боловсролын асуудал юм. Хүнээ хөгжүүлж чадсан улс орон хөгждөг ийм жишээг бид олныг мэднэ.

    Иргэн боловсролтой, өрсөлдөх чадвартай бол хувь хүний, өрх гэрийн амьдрал дээшилнэ. Бид ийм замд хүрэх эхлэл тавьж байна. Монгол Улсын хөгжлийн гарц нь хүнээ хөгжүүлэх явдал юм. Энэ чиглэлд чухал алхам хийлээ. Зөв эхлэл гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн энэ лаборатори сургуулийн түвшинд биш нийслэлийн бүх дүүрэг, аймаг, улс орны хэмжээнд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн боловсролын тогтолцоонд шилжин орох бололцоог бий болгохын төлөө Монгол Улсын Засгийн газар бүхий л талаас нь дэмжих болно” гэлээ. Тэрбээр дараа нь тус сургуульд багшлахаар сонгон шалгаруулалтад тэнцсэн, эхний сургалтад хамрагдаж буй багш нарт батламж гардуулахдаа “Дэлхийн Монгол иргэнийг бэлтгэх төрийн өмчит анхны сургуулийн багш нар та бүхэн үүрэг хариуцлага, нэр төрөө өндөрт өргөж яваарай” гэж захилаа.

  • Австри, Унгар улсад хийсэн айлчлалын үр дүнгийн талаарх мэдээлэл

    Австри, Унгар улсад хийсэн айлчлалын үр дүнгийн талаарх мэдээлэл1.    Австрид хийсэн ажлын айлчлал
     
    •    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Вена дахь салбар төвийн захирал, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаны Гүйцэтгэх захирал Антонио Мариа Костатай уулзаж хоёр тал Авлигалтай тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, хуурамч эм бэлдмэлийг гадаадаас оруулахгүй байх, мансууруулах бодисын ургацын тархалтыг тогтооход шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлаар ярилцаж, энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

    •    Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Удирдлагын газрын дарга Дэвид Воллертой уулзаж ОУАЭА-аас Монгол Улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төвөөр шалгаруулсныг ноён Д.Воллер албан ёсоор мэдэгдсэн онцгой үйл явдал болсон. Монгол Улс хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төв болсноор ОУАЭА холбогдох санхүүжилтийг хандивлагч орнуудтай хамтран шийдвэрлэх бөгөөд ингэснээр Монгол Улсад Азийн бүсийн эрүүл мэндийн томоохон загвар төв бий болох юм.

    •    НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын /ЮНИДО/ Ерөнхий захирлын орлогч Ёшитору Урамототой уулзаж Монгол Улсад Европын стандартыг бүхий салбарт цогцоор нь нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцсон бөгөөд ЮНИДО Монгол Улсын үйлдвэрлэлийн салбарт Европын холбооны стандартуудыг нэвтрүүлэх чиглэлээр туслалцаа дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

    •    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Перрин де Бришамбаотой уулзаж ЕAБХАБ эдийн засгийн салбарт Ази, Европыг холбосон транзит тээврийн асуудалд анхаарч, Монгол Улсыг Европд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

    •    Австрийн Холбооны канцлер Вернер Файманнтай уулзаж Монгол, Австрийн Эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны үеэр тохирсон зүйлсийг бүрэн хэргэжүүлэхээр хоёр талаасаа шаргуу ажиллахаар тохиролцов.

    –    Европын Холбооны стандартыг Монголд нэвтрүүлэх асуудлаар санал солилцсон бөгөөд австрийн тал энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн.

    –    Боловсролын салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон. /Австри Улсын Боловсрол, судалгааны салбар дахь олон улсын хамтын ажиллагааны агентлагаас хэрэгжүүлдэг тэтгэлэг, судалгааны хөтөлбөрүүдэд Монголын оюутнуудыг албан ёсоор хамруулах хүсэлт тавьсан. Боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор канцлер В.Файманн манай улсын Боловрол, соёл, шинжлэх ухааны сайдыг Австрид айлчлахыг албан ёсоор урьсан/.

    –    Ерөнхий сайд С.Батболд Холбооны канцлер В.Файманныг Монгол Улсад айлчлахыг урьсан. 

    2.    Унгарт хийсэн албан ёсны айлчлал

    •    Айлчлалын үеэр БНУУ-ын Ерөнхий сайд Байнаи Гордонтой албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Шойом Ласло, Улсын Хурлын дарга Катона Бела нарт бараалхаж, Будапешт хотын засаг дарга Демски Габортай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэл, зорилгын талаар санал солилцов.

    •     Энэхүү айлчлал Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаарай онцлогтой. Айлчлалын үеэр өнгөрсөн 60 жилийн хугацаанд хийсэн ажлаа эргэн дүгнэж, цаашид хамтран ажиллах ямар боломж байгааг өргөн хүрээтэй хэлэлцлээ. Хоёр тал цаашид хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ дахин нотолж, чиглэлээ тодорхойлон тогтоолоо. Хөдөө аж ахуй, геологи, уул уурхай, байгаль орчныг хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон батлан хамгаалах салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг тодотголоо. Тухайлбал, хоёр орны худалдааны хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэх үүднээс бизнес эрхлэгчдийн зөвлөл байгуулж, харилцан мэдээлэл солилцож, шууд хамтран ажиллах, унгарын зүүн хилийн төмөр замын “Захонь” боомтоор Монголоос ачигдсан Европ рүү нийлүүлэгдэх бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн асуудал хариуцсан монгол, унгарын хамтарсан компани байгуулах, Геофизикийн хүрээлэн байгуулах, газрын гүний усны эрэл хайгуул хийх,  Улаанбаатарын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, Биокомбинатыг шинэчлэх зориулалтын 25 сая ам. долларын хүүгүй зээлийн хэрэгжилтийг түргэтгэх, цөлжилттэй тэмцэх, далайд гарцгүй  орны хувьд олон улсын форум, чуулга уулзалт дээр хамтран ажиллахаар тогтов.

    •    Айлчлалын нэг гол зорилго нь Европын стандартуудыг Монголд нутагшуулах, энэ чиглэлээр бодит ойлголцол, тохиролцоонд хүрэх явдал байв. Энэ зорилго биелэгдлээ. Албан ёсны хэлэлцээний үеэр хоёр орны Ерөнхий сайд нар Европын Холбоотой байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн явцын талаар санал солилцов. Мөн 2011 оноос БНУУ Европын Холбоог тэргүүлэх болж байгаа нь энэхүү тохиролцоог урагшлуулахад тус дэмтэй болохыг хоёр тал цохон тэмдэглэлээ. 

    •    Унгар Улсад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн даатгалын асуудлаарх зохих хэлэлцээрийг энэ ондоо багтаан шийдвэрлэхээр тохиролцов.

    •    БНУУ Улаанбаатар хотод байнгын төлөөлөгчөө ажиллуулах, мөн Улаанбаатар дахь Европын Холбооны аль нэг гишүүн улсын ЭСЯ-аар дамжуулан виз олгож байх зэрэг томоохон асуудлуудаар айлчлалын хүрээнд ойлголцолд хүрэв.

  • Швейцарийн хөгжлийн агентлаг 500 мянган франкийн тусламж үзүүллээ

    Швейцарийн хөгжлийн агентлаг 500 мянган франкийн тусламж үзүүллээБайгалийн гамшиг болон зуданд нэрвэгдсэн малчдад Швейцарийн хөгжлийн агентлаг 500,000 франкийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боллоо. Тусламжийг гамшигт хамгийн их нэрвэгдээд байгаа баруун 5 аймгийн 20 сумын 9 мянган  өрхийн 36,000 иргэнд /ойролцоогоор/ зориулах юм. Швейцарийн хөгжлийн агентлагийн Суурин зохицуулагч Феликс Феллман 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой  уулзахдаа энэ тухай хэлэв.

    Швейцарийн хөгжлийн агентлаг тусламжаа “Ногоон алт” төсөл хэрэгжиж байгаа малчдын өөрөө удирдах байгууллага болох Бэлчээр ашиглагчдын хэсгүүдээр дамжуулан хүргэнэ. Малчдад хоол хүнс, түлш шатахуун, эм тариа болон малын тэжээл, малын эм тариа, ариутгалын бодис зэрэг нэн хэрэгцээт зүйлсээ худалдан авах мөнгийг нь дээрх хэсгүүдэд олгохоор төлөвлөжээ. Хүнд хэцүү үед сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлж байгаад Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийлээд энэ тусламж байгалийн гамшгийг  хохирол багатай даван туулахад чухал хувь нэмэр болно гэлээ. 

    Швейцарийн Холбооны Улс, Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа бичил уул уурхай зэрэг төсөл, хөтөлбөр нийгэм, эдийн засгийн хувьд үр дүнгээ өгч байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Швейцарийн хөгжлийн агентлаг 2004 оноос манай улсад Суурин төлөөлөгчийн газраа ажиллуулж эхэлсэн. Жил бүр ойролцоогоор 9 сая гаруй швейцари франк /9 сая ам доллар/-ийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. 2009 онд хөдөө аж ахуйн салбарт 4.0 сая, байгаль орчны салбарт 2,6 сая, сайн засаглал, хүний эрхийг дэмжих хүрээнд  2,4 сая ам доллар тус тус олгоод байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Казахын ард түмэн Ерөнхий сайдыг аймгийнхаа ойд урилаа

    Казахын ард түмэн Ерөнхий сайдыг аймгийнхаа ойд урилааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Наурызын баярыг угтаж, казах иргэдийн төлөөллийг 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд  хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Баделхан, Х.Жекей, А.Тлейхан, ХХААХҮ-ийн  дэд сайд Ж.Сауле болон нийгмийн салбар бүрийн төлөөлөл оролцсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “НҮБ-аас Наурызын баярыг Олон улсын баяр болгон зарлаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өнгөрсөн сарын 23-ны шийдвэрээр Наурызын баярыг хүн төрөлхтний халдашгүй соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн.

    Өдөр, шөнө тэнцдэг энэ тэгш сайхан өдрийг казахын ард түмэн Та бүхэн Хаврын баяр болгон тэмдэглэдэг. Энэ сайхан баярын мэндийг Та бүхнээр дамжуулан нийт казах түмэндээ хүргэж аз жаргал сайн сайхныг ерөөе” гэлээ. Өвөлжилт хэдий хүнд хэцүү байгаа ч казах түмэн төр засгийн итгэлийг зүтгэлээр хариулах ёстой хэмээн чармайн ажиллаж байгааг аймгийн Засаг дарга С.Хавал хэлэв. Тэрээр 2010 онд тэмдэглэн өнгөрүүлэх Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайдыг хүрэлцэн очихыг урьсан нутгийн иргэдийн урилгыг гардуулав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Европын стандартыг Монголд нутагшуулах зорилт тавьсан айлчлал өндөрлөв

    Европын стандартыг Монголд нутагшуулах зорилт тавьсан айлчлал өндөрлөв Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын анхны албан ёсны айлчлал Бүгд Найрамдах Унгар Улсад болж өндөрлөлөө. Тэрээр Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хийсэн айлчлалаараа тус улсын Ерөнхийлөгч Шойом Ласло, Улсын хурлын дарга Катона Бела, Ерөнхий сайд Байнаи Гордон, Будапешт хотын захирагч Д.Габор, Эгэр хотын засаг дарга Хабиш Ласло зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрлээ.

    Айлчлалын гол зорилго Европын стандартуудыг монголд нутагшуулах, энэ чиглэлээр бодит ойлголцол, тохиролцоонд хүрэхэд чиглэгдэв. БНУУ-ын Ерөнхий сайд Байнаи Гордонтой хийсэн хэлэлцээрийн үеэр хөндөж ярьсан гол асуудлуудын нэг нь Европын стандартыг Монголд нэвтрүүлэх, үүнтэй холбогдсон туршлагаас суралцах тухай байв. Хоёр Ерөнхий сайд эн тэргүүнд Европын холбоотой байгуулах Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрт энэ тухай тусгай заалтыг оруулж, санхүүжилтийнх нь асуудлыг шийдэх тал дээр хамтран ажиллахаар тохиров. Мөн 2011 оноос БНУУ Европын холбоог тэргүүлэх болж байгаа нь энэхүү тохиролцоог урагшлуулахад тус дэмтэй болохыг хоёр тал цохон тэмдэглэлээ. 

    Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Унгар улсад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн даатгалын асуудлаарх зохих хэлэлцээрийг энэ ондоо багтаан шийдвэрлэхээр тохиролцов. БНУУ Улаанбаатар хотод байнгын оршин суух төлөөлөгчөө ажиллуулах мөн Улаанбаатар дахь Европын Холбооны аль нэг гишүүн улсын ЭСЯ-аар дамжуулан виз олгож байх зэрэг томоохон асуудлуудаар айлчлалын хүрээнд ойлголцолд хүрэв. Хоёр улсын худалдааны эргэлтийг бодитойгоор нэмэгдүүлэх, боловсролын салбарт хамтран ажиллах, Улаанбаатарын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, геофизикийн хамтарсан хүрээлэн байгуулах, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтарсан зөвлөл байгуулах, 25 сая ам. долларын хүүгүй зээлийн хэрэгжилтийг түргэтгэх зэрэг асуудлуудыг ярилцан шийдвэрлэхээр боллоо. 

    Унгар улсад ажиллаж, сурч байгаа Монгол иргэдтэй Ерөнхий сайд С.Батболд уулзаж, төр засгийн явуулж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг хоёр орны Засгийн газрын хүрээнд шийдвэрлэх талаар байр сууриа илэрхийлэв. Ерөнхий сайд С.Батболдын айлчлал тусламж, дэмжлэг хүсэхээс илүү чанар шаардлагад нийцсэн стандартын бараа, бүтээгдэхүүн хийдэг арга, технологи шинэ менежмент, ноу-хаугаас суралцах чиглэлийг гол болгосноороо онцлог болж өндөрлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.