Ангилал: мэдээ

  • “Төв азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор” байгуулна

    “Төв азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор” байгуулнаШинжлэх ухааны академи /ШУА/-ийн удирдлагууд 2010 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж “Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор”-ын төслийн талаар танилцууллаа. Уг цогцолбор нь хотын 0 цэгээс 40 км, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас засмал замаар 24 км, Хөшигтийн хөндийд баригдах шинэ онгоцны буудлаас 30 км-ийн зайд байрлалтай. Палеонтологийн музей, Хүннү судлалын музей, ХХ зууны монголчууд-Галерей, Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв музей, Эзэн Чингисийн музей, соёлын музей, спортын талбай, автомашины гараж, зогсоол, үйлчилгээний төв, захиргааны барилга, зочид буудал зэрэг 11 байгууламжтай байх юм.

    “Энэ цогцолбор бий болсноор гадаадын төдийгүй дотоодын аялал жуулчлал хөгжих таатай нөхцөл бүрдэнэ. Монгол судлал, ялангуяа, хүн төрөлхтний түүхэнд нүүдэлчдийн эзлэх байр суурийг судлахад үнэтэй хувь нэмэр оруулах судалгаа шинжилгээний маш том төв байх болно” гэж ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин онцоллоо.  Түүх, соёлын том, сайхан төв байгуулах санал, санаачилгыг Ерөнхий сайд дэмжиж байгаагаа илэрхийлээд музейд дэлгэн харуулах соёлын өв, үзмэрүүд улсын хамгаалалтад байх учиртай. Иймээс төр, засаг тодорхой дэмжлэг үзүүлнэ гэв. Тэрбээр “Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор” хувьцаат компани байгуулж Хөрөнгийн биржид хувьцааг нь арилжих боломжийг судлахыг ШУА-ийн удирдлагуудад зөвлөлөө.

    2011 онд төв Азид нүүдэлчдийн анхны төр улс байгуулагдсаны 2220 жил, 2012 онд Эзэн богд Чингис хааны сүүдэр тохиосны 850 жилийн ой тохиох юм. “Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор”-ын эхний шатны ажлыг 2010-2012 онд, хоёрдугаар шатыг 2013-2015 онд гүйцэтгэж дуусахаар төлөвлөжээ

  • Монгол улсын Ерөнхий сайд “Оны алдартан” өргөмжлөлөө гардлаа

    Монгол улсын Ерөнхий сайд “Оны алдартан” өргөмжлөлөө гардлааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сониноос жил бүр шалгаруулдаг “Оны алдартан”-аар тодорлоо. Тус сонин нь энэхүү арга хэмжээг есөн жилийн тэртээх могой жил тухайн онд ажил үйлс, алдар гавьяагаараа монгол түмнээ манлайлсан хүмүүсийг олны танил эрхмүүдийн саналаар тодруулж эхэлснээс хойш энэ жил ес дэх жилдээ, есөн алдартнаа шалгаруулсан юм. “Харшлалт” хэмээх шороон үхэр жилийн алдартнуудыг нийгмийн салбар бүрийн төлөөлөл болсон 100 эрхмийн саналаар тодруулахад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг айргийн тавд нэрлэжээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шороон үхэр жилийн “Есөн алдартан”-д өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагааны үеэр,
    “Үхэр жилийн есөн алдартны нэг болсондоо баяртай байна. Нэр хүндийн хэрэг боллоо. Надад том хариуцлага үүрүүллээ гэж  хүлээж авч байна. Миний төлөө санал өгсөн хүмүүст талархаж буйгаа илэрхийлье. Улиран одож буй шороон үхэр жилд  Засгийн газар багагүй ажлыг хийсэн. Төмөр бар жилдээ   ажлаа үргэлжлүүлж, Монгол Улс, ард түмнийхээ төлөө бодитой зүйлийг хийж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

    2010 оныг Засгийн газар Бизнесийн шинэтгэлийн жил болгож зарлалаа. Манай оронд иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлж, улс орныхоо хөгжлийг сайжруулах стратегийн ордууд бий.  Эдгээр ордыг ашиглах төсөл хэрэгжүүлэхдээ ард түмнийхээ ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих болно. Ашигт малтмал, стратегийн ордуудаас олсон ашгийн дээжээс  “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан бар жилийн босгон дээр иргэддээ түгээж эхэллээ. Одоохондоо бэлэн мөнгө түгээж байна. Цаашдаа эмнэлэг, боловсролын салбар болон орон сууц, даатгал, хадгаламжийн хэлбэрээр түгээх зорилт тавин ажиллаж байна. 

    Ингэснээр иргэд хувь хишгээ өөрийн хүссэн хэлбэрээр авах сонголтыг бий болгож өгч байгаа юм. “Өнөөдөр” сониноор дамжуулан нийт монголчууддаа төмөр барс жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.   

    “Оны алдартан“ өргөмжлөлд “Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танаа
    Монголын нийгмийн салаа мөчир бүхнийг төлөөлөх 100 эрхмийн саналаар XVII жарны харшлалт хэмээх шороон үхэр жилийн 9 алдартны нэгээр тодорсон танд энэхүү өргөмжлөлийг өргөн барив. Монгол түмнээ манлайлсан таны хичээл зүтгэл хөдөлмөр бүтээл, амжилт ололт үеийн үед монгол түмний дээдлэх алдар дуурсах бахархал болох болтугай. Танд цог хийморь аз жаргалыг ерөөе. “Өнөөдөр” сонин 2010 оны 2 сарын 13 Улаанбаатар хот” гэжээ.

    Шороон үхэр жилийн алдартнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Баяр, Жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Боксын дэлхийн аварга П.Сэрдамба, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, ДБЭТ-ын дуучин С.Мөнгөнцэцэг, Сүмогийн их аварга Д.Дагвадорж, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нар тус сонины ес дэх удаагийн “Есөн алдартан”-аар тодорч өргөмжлөлөө гардлаа

  • Ерөнхий сайд ахмад дайчин М.Лашид гуайтай золгов

    Ерөнхий сайд ахмад дайчин М.Лашид гуайтай золговЦагаан сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Говь-Алтай аймгийн уугуул, ахмад дайчин М.Лашид гуайнд очин амар мэндийг нь эрж золгов. М.Лашид гуай 8 хүүхэд, ач зээ нийлсэн 30 гаруй хүүхэдтэй болж өдгөө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд энх тунх амьдарч байна. Тэрбээр 1939,1945 оны дайнд оролцон, Говь-Алтай аймагтаа сум, нэгдлийн дарга, Гаалийн хорооны дарга зэрэг хариуцлагатай алба хашиж явжээ.

    Ерөнхий сайд С.Батболд өндөр настан М.Лашид гуайтай улс орны хөгжил, цаг үе, өвөлжилтийн байдлын талаар халуун дулаан яриа өрнүүлж гарын бэлгээ гардууллаа. Засгийн газар улс орны хөгжлийг урагшлуулах томоохон ажлыг гүйцэлдүүлэхээр зүтгэж байгааг М.Лашид гуай үнэлж зоригтой ажиллахыг Ерөнхий сайдаас хүслээ. Тэрбээр өндөр насыг нь хүндэтгэн шинийн нэгний өглөө ирсэнд нь талархаж Ерөнхий сайдад “Орчлонгийн уран барилгууд” нэртэй ном дурсгасан байна.

  • Форумд Ц.Элбэгдорж үг хэлж, Эрнандо де сото лекц уншлаа

    Форумд Ц.Элбэгдорж үг хэлж, Эрнандо де сото лекц уншлааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан, манай оронд анх удаа болж буй “Монголын эдийн засгийн чуулга”-ны хоёр дахь өдөр Төрийн ордонд үргэлжилж байна. Эдийн засгийн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Чуулганыг санаачлагч болоод идэвхтэй оролцож буй төлөөлөгч та бүхэнд баярлалаа. Их чухал, ач холбогдолтой чуулган болж байна. Энэ чуулганыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа“ гэж онцлов.

    Эдийн засгийн анхдугаар чуулганы хүндэт зочин нь  дэлхийн шилдэг эдийн засагчийн нэг, Перу улсын иргэн Эрнандо Де Сото юм. Тэрбээр тус чуулганы индрээс “Бүртгэлийн тогтолцооны ач тус, өмчийн эрхийг баталгаажуулах нь хөгжлийн үндэс” сэдвээр лекц уншлаа. Бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, нээлттэй ярилцлага хэлбэрээр өрнөж буй Монголын эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр “Улсын бүртгэлийн шинэчлэл”, “Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл”, “Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь” гэсэн гурван салбар хуралдаанаар үргэлжилнэ. Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 18.00 цагаас болж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хаалтын үг хэлнэ

  • Монголын эдийн засгийн форум үргэлжилж байна

    Монголын эдийн засгийн форум үргэлжилж байнаМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор манай улсад анх удаа зохиогдож буй Монголын эдийн засгийн чуулган үргэлжилж байна. Энэ өдөр “Монгол Улсын төсвийн шинэтгэл”, “Уул уурхайн салбарын хөгжил”, “Байгаль орчин-ногоон эдийн засаг” гэсэн гурван салбар хуралдаан болж  эдгээр салбарт тулгамдаж буй асуудлуудаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд нээлттэй ярилцлаа. “Монгол Улсын төсвийн шинэтгэл” салбар хуралдааныг Сангийн сайд С.Баярцогт, “Уул уурхайн салбарын хөгжил” хуралдааныг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, “Байгаль орчин, ногоон эдийн засаг” хуралдааныг УИХ-ын гишүүн, Ногоон намын дарга Д.Энхбат нар удирдав.

    Монголын эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдрийн салбар хуралдаанаа дүгнэж УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ий сайд Д.Зоригт “Уул уурхайн салбараа дагаж хөгждөг нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, дэд бүтэц бүхий үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд төр, засгаас юу хийх ёстой вэ. Уул уурхайн салбарын улс, орон нутгийн төсөвт оруулах орлого, түүний зарцуулалтыг ил тод болгоё. Уул уурхайн салбар сүүлийн 10-20 жилд бидний хүлээж байсан хурдаар хөгжиж чадсангүй гэсэн шүүмжлэл манай салбар хуралдаанд оролцсон гишүүдээс гарч байлаа. Дэд бүтцийн хөгжил сул байгаагаас орд газруудыг ашиглалтад оруулах хугацаа удааширч байна.

    Томоохон төслүүдээ эргэлтэд яаралтай оруулъя гэсэн санал манай төлөөлөгчдөөс гарч байлаа. Бид маргаашийн хуралдаанд энэ талаар үргэлжлүүлэн санал солилцож, нээлттэй ярилцах болно” гэлээ. УИХ-ын гишүүн Д.Энхбат даргалсан хуралдаанаа дүгнэж “Байгаль орчин-ногоон эдийн засаг” салбар хуралдаан “Уур амьсгал, дэлхийн дулаарал”, “Байгаль орчны тулгамдсан асуудлууд” сэдвээр цөлжилт, ургамлын бүрхүүл, бэлчээрийн доройтол, усны хомсдол, “Ус” үндэсний хөтөлбөр, ногоон эдийн засгийг хөгжүүлэх тухай, биологийн төрөл зүйлийн доройтол, түүнийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг өргөжүүлэх, хүрээлэн буй орчны бохирдол, хотын экологи, хог хаягдлын шинэ менежмент зэрэг олон асуудлаар асуудал хөндлөө” гэлээ.

    УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт “Монгол Улсын төсвийн шинэтгэл” салбар хуралдааныг дүгнэж “Улсын төсвийн боловсруулалт, төлөвлөлт, гүйцэтгэл иргэдэд ил тод байх ёстой хэмээн хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийнхэн үзэж байна. Дашрамд хэлэхэд, Төвсийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуулийн төслөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажилладаг “Иргэний танхим”-аар дамжуулаад нээлттэй хэлэлцүүлэг явуулах саналд нэгдлээ” гэлээ. Монгол Улсын Эдийн засгийн форум маргааш Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилнэ

  • Монголын хөгжлийн стратегийн зөвлөл байгуулах санал гаргав

    Монголын хөгжлийн стратегийн зөвлөл байгуулах санал гаргав Монголын эдийн засгийн анхдугаар чуулган эхэллээ. Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд салбар хуралдаанууд хуралдах юм. Энэхүү чуулганаар улсын төсвийн шинэтгэл, уул уурхайн салбарын хөгжил, байгаль орчин, ногоон эдийн засаг, улсын бүртгэлийн болон хөрөнгийн зах зээлийн шинэчлэл, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганы ажиллагааг нээж үг хэлэв.

    Тэрбээр хэлсэн үгэндээ “Төр, засгийн бодлого амьдралаас хол хөндий байна гэсэн шүүмжлэл олонтаа гардаг. Тэр хол хөндий гэгдээд байгаа зайг ойртуулахад энэхүү чуулган тус дөхөм болно гэдэгт найдаж байна. Бид хөгжлийн гарц, хөгжлийн зам хэмээн өргөн агуулгаар нь ярьсаар ирлээ. Одоо ажил хэрэгт шилжих, бодитой алхам хийх цаг нь боллоо. Яагаад стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байна вэ гэсэн тодорхой асуудлаар санал бодлоо солилцож, нэгдмэл ойлголтод хүрэх ёстой.

    Тухайлбал, манай Засгийн газар Тавантолгойн ордыг ашиглах асуудалд нухацтай хандаж 100% төр, ард түмний мэдэлд байлгаж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг цогцолбороор нь бүтээн байгуулж олон мянган ажлын байр бий болгохыг зорьж байна. Одоо эдийн засгийн ардчилал руу түүхэн үсрэлт хийх хэрэгтэй болоод байна. Эдийн засаг, бизнесийн эрх чөлөөг зах зээлийн утгаар нь хангаж чадахгүй болхувь хүний улс төрийн эрх, эрх чөлөө, улмаар ардчиллын ирээдүй, улс орны хөгжил, үндэсний аюулгүй байдлын баталгаа ч хангагдахгүй.

    Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан нь ард иргэд, бизнес эрхлэгчдийнхээ энэ эрх чөлөөнд нь зам тавьж өгч буй бодит алхам юм. Үүнийг иргэд маань санхүүгийн эрх чөлөөтэй  болсон байх хэтийн том зорилгын үүднээс харж ажиллах болно. Энэхүү чуулганаас “Монголын хөгжлийн стратегийн зөвлөл” хэмээх зөвлөлдөх байгууллага байгуулахыг санал болгож байна. Цаашид уламжлал болгон жил бүр ийм чуулганыг зохион байгуулж хэвших хэрэгтэй юм.

    Эдийн засгийн анхдуггар чуулганыг эдийн засгийн ардчллыг хөгжүүлэх, өрөөсгөл бүтэцтэй эмзэг эдийн засгаас тогтвортой өсөлттэй хөгжлийн эдийн засаг руу, эрүүл бус далд эдийн засгаас илтод нээлттэй эдийн засаг руу, хөрөнгө мөнгөний хязгаарлагдмал байдлаас хөрөнгийн зах зээл рүү хийх эрс шийдэмгий алхамын эхлэл байгаасай хэмээн хүсч байна хэмээн тодорхойллоо

  • Ерөнхий сайд оны шилдэг багш нарт шагнал гардууллаа

    ЕРӨНХИЙ САЙД ОНЫ ШИЛДЭГ БАГШ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын багш нарын өдрийг тэмдэглэх 44 дэх жилийн ёслолын ажиллагаанд оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд багш сурган хүмүүжүүлэгчдэд хандаж “Манай боловсролын салбарт хийж эхлүүлсэн амжилтаа үргэлжлүүлэх, шинээр хийх зүйл олон байна. Бид боловсролынхоо тогтолцоог дэлхийн жишигт нийцүүлэх ёстой. Монголчууд боловсролоороо, амьдрах чадвараараа, мэргэжлээрээ дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болох учиртай гэсэн зорилт, шаардлага тавигдаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд гол манлайлагч, тулгуур нь багш, сурган хүмүүжүүлэгч гэдгийг та нар минь сайн ойлгож байгаа.

    Олон улсад өрсөлдөх чадвартай, боловсролтой сурагчдыг бий болгох, Кембрижийн тогтолцоог авч хэрэгжүүлэх ажлын эхлэлийг тавьсанд талархаж байна. Энэ шаардлагыг үүрч ажиллах багш нарынхаа нийгмийн асуудал, мэдлэг чадварыг дээшлүүлэх, давтан сургалт, дотоод гадаадад мэргэшүүлэн сургах, багш нарынхаа хөгжлийг дэмжихэд төр засгаас анхаарал тавьж Багш нарын хөгжлийн ордон барихаар төлөвлөөд байна.

    Багш нарын цалин, урамшуулал цалинг нэмэх, орон сууцаар хангахад Засгийн газраас анхаарч тодорхой ажлын эхлэлийг тавиад байгаа. XXI зуунд дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг бэлтгэх их үйлсийн эзэн, багш, сурган хүмүүжүүлэгч нартаа Монголын багш нарын баярын мэндийг хүргэе” гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд дараа нь Оны тэргүүний багш нарт шагнал гардууллаа.

    Оны тэргүүний багшаар:
    •    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын нэгдүгээр ахлах сургуулийн хими биологийн багш Дэмбэрэлийн Үдэлгарав
    •    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын хоёрдугаар ахлах сургуулийн математикийн багш Жууяарын Чогмаа
    •    Архайнгай аймгийн Эрдэнэбулган сумын Нэгдүгээр цэцэрлэгийн багш Дариймаагийн Энхтуул
    •    Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Нэгдүгээр сургуулийн химийн багш Намсрайн Сүхбат
    •    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Олонлог” сургуулийн математикийн багш Балдандоржийн Ганболд
    •    Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш Цэнджавын Мөнхтуяа
    •    “Монос”  анагаах ухааны дээд сургуулийн багш Халзангийн Мөнхжаргал
    •    “Дархан-Өргөө” дээд сургуулийн багш Лхагваагийн Нина нар шалгарчээ.

    Энэ арга хэмжээний үеэр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Улсын тэргүүний цэцэрлэг, Улсын тэргүүний сургуулийн хамт олонд өргөмжлөлийг нь гардууллаа.

    Улсын тэргүүний цэцэрлэгээр
    •    Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэг
    •    Нийслэлийн Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэг
    •    Булган аймгийн Булган сумын 4-р цэцэрлэг
    •    Завхан аймгийн Улиастай сумын нэгдүгээр цэцэрлэг

    Улсын тэргүүний сургуулиар
    •    Өвөрхангай аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургууль
    •    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль шалгарлаа

  • “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа нээгдэв

    “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа нээгдэв Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газар, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв-2010” үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг нээж үг хэлэв. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ дөрөв дэх жилдээ зохиогдож байгаа энэ арга хэмжээ улам өргөжсөн нь харагдаж байна. Энэ арга хэмжээ нь бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүнийхээ чанарын түвшинг жишиж үзэх, хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүнээ танилцуулж сурталчилахаас гадна өөр хоорондоо танилцаж, туршлагаа солилцож, бие биенээсэээ суралцах, өрсөлдөх олон боломжийг олгоно. “Монголд үйлдвэрлэв” бүтээгдэхүүний нэр төрөл нь олширч чанаржсан нь харагдаж байна.

    Монгол Улсын Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг ямагт дэмжиж ирсэн. Цаашид ч дэмжинэ. Өнгөрсөн онд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 30.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлсөн. Иймэрхүү үйлдвэрлэлийг дэмжихийн тулд  цаашид  олон арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Бизнесийн үйл ажиллагаа, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх эрх зйүн орчныг боловсронгуй болгох, хүнд суртал аливаа дарамт чирэгдлээс ангид байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2010 оныг “Бизнесийн орчны шинэчлэлийн жил” болгон зарласан билээ. Энэ зорилтоо хэрэгжүүлснээр улс орныхоо өрсөлдөх чадварын түвшинг тодорхойлох, ололт, дутагдлаа олж харах, үнэлэлт дүгнэлт өгөх боломж бүрдэнэ.

    Засгийн газар энэ онд хийх ажлынхаа үндсэн чиглэлийг тодорхойлсон. Одоо боломжоо ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотооддоо борлуулахын зэрэгцээ Европын өргөн зах зээлд экспортод гаргах зорилт тавьж байна. Үүний тулд олон улсын стандарт, чанарын  шаардлага хангасан техник, технологи ашиглан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах болно. Энэ талаар Засгийн газраас бүрэн дэмжлэг үзүүлнэ  хэмээв.   Үзэсгэлэн худалдаа энэ сарын 8-ыг дуустал үргэлжлэх юм“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа нээгдэв

  • Ерөнхий сайд “Таван толгой” төслийг хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгов

    Ерөнхий сайд “Таван толгой” төслийг хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болговМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Таван толгой” төслийн Ажлын хэсгийн хуралдааныг удирдаж үүрэг өглөө. Ерөнхий сайд “Хамтарсан Засгийн газрын шийдвэрлэх ёстой олон зорилтын нэг нь “Таван толгой” төслийг хэрэгжүүлэх асуудал юм. 2009 онд “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэх ажлын үндэс нь тавигдсан. 2010 онд “Таван толгой” төслийг хэрэгжүүлэх эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгарч байна. Юуны өмнө дэд бүтцийг бүрдүүлэх, улс төр, эдийн засаг болон гадаад дотоод асуудлаа тогтвортой байлгах нь нэн тэргүүний асуудал юм.
        
    “Тавантолгой” төслийг хэрэгжүүлэх бодлогыг боловсруулахдаа иргэд, аж ахуйн нэгж мэргэжлийн байгууллагын дунд нээлттэй, ил тод хэлэлцүүлэг явуулж байж хамгийн оновчтой хувилбарыг сонгон шийдэх нь зүйтэй. Энэ хувилбарынхаа дагуу бодлого, зорилтоо тодорхойлон боловсруулж УИХ-ын хаврын чуулганд өргөн барих хэрэгтэй гэв. Дараа нь ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Ажлын хэсгээс хийж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.

    Д.Зоригт “УИХ-ын 2007 оны 12 дугаар сарын 40-р тогтоолоор стратегийн ордыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, үндсэн зарчим, удирдамжыг баталсан. “Таван толгой” төслийг боловсруулах Ажлын хэсэг 2009 онд байгуулагдсан. Түүнээс хойш олон улсын 11 компани, консерциумтай эхний яриа хэлэлцээгээ хийлээ.

    Одоо:
    •    2010 онд ордыг ашиглах тулгуур асуудлыг шийдвэрлэх.
    •    Хоёр дахь  шатны хэлэлцээр хийх
    •    Сонгон шалгаруулалтыг  дуусгаж гэрээ байгуулах ажил үлдээд байна гэв.
        Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд “Бидэнд харгалзан үзэх, тооцох хүчин зүйл, тунгаах асуудал олон байна. Хамгийн шилдэг хувилбарыг л онож  сонгох хэрэгтэй. Иймээс:
    •    Таван толгойг төрийн өмчийн компани байгуулан 100% өмчилж, түүнийг дагасан хувилбаруудыг түлхүү судлах,
    •    Кокс,  хими, ган  төмөрлөгийн  зэрэг үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх мастер төлөвлөгөөг боловсруулах,
    •    Урьдчилсан  төлбөрийн асуудлыг анхаарах. Оюутолгойн төслөөс хэд дахин их хөрөнгө хуримтлуулах бодлого баримтлах
    •    Гадаадын томоохон оператор компаниудыг судалж гэрээ байгуулах боломжийг хэрэгжүүлэх
    •    “Таван толгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг 2010 оны эхний хагас жилд багтаан хэрэгжүүлэх зэрэг үүрэг өглөө

  • Цэцэг өргөлөө

    Цэцэг өргөлөө Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 117 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон албаны хүмүүс жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.