Ангилал: мэдээ

  • Ерөнхий сайд ЖАЙКА-гийн сайн дурын гишүүдэд талархал илэрхийлэв

    Ерөнхий сайд ЖАЙКА-гийн сайн дурын гишүүдэд талархал илэрхийлэв Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дэлхийн 85 оронд 35 мянган сайн дурын гишүүдээ илгээгээд буй ЖАЙКА-гийн сайн дурын гишүүдийг хүлээн авч уулзлаа. ЖАЙКА манай улсад 1991 оноос сайн дурын гишүүдээ томилж энэ хугацаанд 400 гаруй гишүүн томилогдон ажиллажээ. Сайн дурын гишүүд нь томилогдсон орныхоо ард иргэдэд Японы техник технологийн ололттой талыг хөгжиж буй орнуудын бүтээн байгуулалт, хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд ажилладаг байна.

    Ерөнхий сайд ЖАЙКА-гийн сайн дурын гишүүдэд хандаж “Анх Улаанбаатар хотоос эхэлсэн сайн дурын гишүүдийн үйл ажиллагаа эдүгээ хүрээгээ тэлж, Багануур дүүрэг, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь,  Сүхбаатар зэрэг 10 гаруй аймагт ажиллаж байна. Та бүгдийн нийгмийн бүхий л салбарыг хамарсан өргөн хүрээтэй үйл ажиллагаа нь монгол орны хөгжил төдийгүй манай хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэж, талархал илэрхийлье” гээд “Монгол орон, монголчуудын хэл соёл, зан заншлыг таньж мэдэн, Японы ард түмэнд түгээн хоёр орны ард иргэдийг холбосон гүүр байгаарай” гэж ерөөлөө.

    2004 оноос Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлэх тусламжийн хөтөлбөрийг баталжээ. Тус хөтөлбөрт үндэслэн “Зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сайжруулах, боловсон хүчин бэлтгэхэд туслах”, “Хөдөө орон нутгийг хөгжүүлэх”, “Байгаль орчныг хамгаалахад чиглэсэн тусламж”, “Эдийн засгийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн дэд бүтцийн хөгжил” зэрэг салбаруудад цэцэрлэгийн багш, бага ангийн багш, компьютерийн мэргэжилтэн, орон нутгийн хөгжлийн ажилтан, хог хаягдлын боловсруулалт, аялал жуулчлал, цахилгаан станцын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ зэрэг мэргэжлээр сайн дурын гишүүд томилогдон ажиллаж байна. Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кидокоро Такуо оролцлоо

  • ОУУЗН-ээс 400 мянган швейцар франкийн тусламж олгохоор шийджээ

    ОУУЗН-ээс 400 мянган швейцар франкийн тусламж олгохоор шийджээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод МУЗН-ийн  Ерөнхийлөгч Л.Одончимэд дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчдийнхээ хамт бараалхав. Л.Одончимэд МУЗН-ийн дунд, анхан шатны хороо аймгуудын Онцгой байдлын хэлтэстэй хамтран өвөлжилтийн байдалд үзлэг  хийж  хүндрэлтэй байгаа аймгуудад 60.0 сая төгрөгийн дулаан хувцас ачуулсан байна. Мөн Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн шинжээчдийг урин өвөлжилт хүндрэлтэй байгаа аймгуудад  ажиллуулжээ. Үүний үр дүнд Олон улсын Улаан загалмай нийгэмлэгээс 400.000 швейцар франкийн тусламж үзүүлэхээр боллоо.

    Энэ мөнгийг 5 аймгийн 1500 орчим өрхөд  тусламжийн барааг багцлан тараахаар шийдэж байна. Энэ багцад дулаан хувцас, гурил, будаа, зэрэг бараа бүтээгдэхүүн багтах юм гэлээ. Тэрбээр Улаан загалмай нийгэмлэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, энэ нэмэлт, өөрчлөлтдөө Улаан загалмай нийгэмлэгийн үндсэн ажилтнуудыг төрөөс санхүүжүүлэх, тусламжаар гадаадаас ирж байгаа бараа материалд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй байх зэрэг заалт оруулснаа тайлбарлан төслөө Ерөнхий сайдад гардуулав.

    Ерөнхий сайд МУЗН-ээс санаачлага гарган малчдадаа туслах арга хэмжээ авсанд талархаж буйгаа илэрхийлээд ирж байгаа тусламжийн барааг холбогдох байгууллагуудтай нь ажлаа уялдуулан оновчтой шуурхай хүргэхийг анхааруулаад Улаан загалмай нийгэмлэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналд Засгийн газар анхаарал тавих болно

  • Улсын Их Хурал “Зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг хэлэлцэхээр болов

    Улсын Их Хурал “Зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг хэлэлцэхээр боловЕрөнхий сайд “Зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээ нэгдсэн чуулганы хуралдаанд танилцууллаа. Тэрээр хэлсэн үгэндээ өвөлжилт хүндэрсэн аймгуудад дэмжлэг үзүүлэх, нөхцөл байдлыг судлах зорилгоор холбогдох яам, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсгийг өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллуулж шуурхай арга хэмжээ авч, тэдний саналыг Засгийн газрын шийдвэрт тусгах арга хэмжээ авсан болно.

    Улсын нөөцийн өвс, тэжээлийн гуравны хоёрыг малчдад үндсэн болон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож, малын эм, биобэлдмэлийг тусламжаар өгч, цаг хүндэрсэн сумдад эмнэлгийн түргэн тусламжийн машин, цахилгаан станц улсын нөөцөөс гаргаж, зам давааны цас арилгах, отрын малчдад эрүүл мэндийн тусламж, нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд зориулж зарим аймгийн Засаг даргын Тамгын газарт нийт 2,207.9 мянган төгрөг олголоо.

    Хилээр мах гаргах боомтын тоог нэмэгдүүлж, өвс нэвтрүүлэх зорилгоор шинээр түр боомт нээв.

    Малчдад туслах хандивын хөдөлгөөн өрнүүлж, мал өвөлжилтийн нөхцөл байдлыг гадаад орон, хандивлагч байгууллагуудад мэдээлж тусламж дэмжлэг хүсэх зэрэг арга хэмжээ авлаа. Мал өвөлжилтийн ажлыг шуурхай зохицуулах үүргийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд ахалсан Улсын онцгой комисс хариуцан өвөлжилтийг даван туулах олон талт арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, малын тэжээл үйлдвэрлэх хэмжээг нэмэгдүүлэх, нийслэлд мах борлуулах ажлыг зохион байгуулах, өвс, тэжээл хүргэх, цаг үеийн байдлыг судлах, малчдад туслах хөдөлгөөн өрнүүлэх ажлыг шуурхай зохицуулан ажиллаж байна.

    12 аймгийн 155 суманд өвөлжилт хүндэвтэр байгаа мэдээ аймгуудаас ирсэн. Ажлын хэсгийн очиж ажилласан дүгнэлтээр 2010 оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар мал өвөлжилтийн нөхцөл байдлыг улсын хэмжээгээр авч үзвэл 7 аймгийн 29 сум зудын гамшгийн хэмжээнд хүрсэн, 6 аймгийн 35 суманд өвөлжилтийн нөхцөл зудын хэмжээнд, 14 аймгийн 74 сум зудархуу байдалтай гэсэн дүгнэлт гарлаа. Цаана нь өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй 12 аймгийн 75 сум байна.

    Өчигдрийн байдлаар улсын хэмжээгээр 1.5 сая орчим толгой мал хорогдсон гэсэн мэдээ гарлаа. Үүний дотор 109.0-299.0 мянга хүртэл малын хорогдолтой байгаа Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Дундговь, Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудад онцгой анхаарал хандуулах шаардлагатай боллоо. Мал өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын нутгийн зөвлөл, төрийн бус байгууллагууд, яам, агентлаг, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс, иргэд, олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагын зүгээс малчдад туслах хөдөлгөөн өрнүүлэн идэвхтэй ажиллаж байгааг Засгийн газар дэмжин талархаж байна.

    Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвнээр тусал гэсэн ардынхаа мэргэн үгийг санаж малчдад туслах энэ хөдөлгөөн, санаачилгыг цаашид улам идэвхжүүлж, байгууллага, иргэн бүр энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцож манай улсын эдийн засгийн гол салбар мал аж ахуйг зудаас хохирол багатай гаргахад туслахыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд миний бие нийт иргэддээ хандан уриалсан. Засгийн газар мал өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээгээ цаашид үргэлжлүүлэхийн хамт Төрөөс малчдад болон хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр анхааран ажиллах болно. Мөн Монгол мал хөтөлбөрийг дэмжиж батлан хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

    Улсын Их Хурлын тогтоолын төслийн үндэслэл, ач холбогдлын талаар товч танилцуулая.

    2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мал өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболдын мэдээллийг сонсоод цаашид авах арга хэмжээний талаар нэмж шаардагдах 5.666.5 /таван тэрбум зургаан зуун жаран зургаан сая таван зуун/ мянган төгрөгийг 2010 оны улсын төсвийн “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас гаргах нь зүйтэй гэж үзсэн билээ.

    “Зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь өвөлжилт хүндэрсэн аймгуудад олгох санхүүжилтийг 2010 оны улсын төсвийн “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас 3 тэрбум 760 сая төгрөг гаргах саналыг Улсын Их Хуралд оруулж байгаа юм. Өвөлжилт хүндэрсэн 12 аймаг тус бүрт 230.0 сая төгрөг олгож өвс, тэжээл, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч малчдад олгох, эмнэлгийн үйлчилгээг малчиддаа хүргэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахад зарцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа болно. Цаашид цаг агаарын байдлын улмаас бусад аймагт өвөлжилт хүндэрч болзошгүйг харгалзан үзэж энэ хөрөнгөнөөс 1 тэрбум төгрөгийг Засгийн газрын мэдэлд үлдээж зарцуулах эрхийг олгуулах саналтай байгаа болно.

    “Монгол мал” хөтөлбөрт зарцуулах хөрөнгийг гаргах зөвшөөрөл авч зарцуулаад, Засгийн газар уг хөрөнгийг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх замаар шийдвэрлэх болно. 

    Энэ тогтоол гарснаар мал өвөлжүүлэх, цаашдаа хаваржуулах ажлын зохион байгуулалтыг сайжруулж, малчдад чиглэсэн бүх төрлийн үйлчилгээг эрс сайжруулах үүрэг, хариуцлага аймаг, сумын бүх шатны удирдлага, ажил хариуцсан ажилтнуудад ногдож байгаа болно. Ингэснээр мал өвөлжилтийн талаар авч буй удирдлага, зохицуулалт, үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, одоогийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх болно гэв. Үүний дараа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдийн асуултанд хариулав. УИХ “зөвшөрөл олгох тухай” тогтоолыг хэлэлцэхээр боллоо

  • ОХУ 10 сая рублийн тусламж үзүүлнэ

    ОХУ 10 сая рублийн тусламж үзүүлнэӨвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад ОХУ 10 сая рублийн үнэ бүхий тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхан энэ тухай ноот бичгийг гардуулав. Өвс, тэжээл, шатах тослох материал, дулаан хувцас, эм, тариа бүхий эхний ээлжийн 25 чингэлэг ачаа ирэх сарын 2 гэхэд Улаанбаатар хотод ирэх гэж байна. Цаашид ОХУ-аас арилжааны нөхцлөөр өвс, тэжээл нийлүүлэх боломж байгаа гэж Элчин сайд В.В.Самойленко хэлэв. Ерөнхий сайд хэлэхдээ “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Хүнд хэцүү нөхцөлд тусламжийн халуун гараа сунгасан найрамдалт хөрш ОХУ, оросын ард түмэнд Монгол Улсын Засгийн газар, монголчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэв

  • Ерөнхий сайд нэгдүгээр амаржих газрын засварын хөрөнгийг шийдэхээ амлалаа

    Ерөнхий сайд нэгдүгээр амаржих газрын засварын хөрөнгийг шийдэхээ амлалааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Нэгдүгээр амаржих газар, “Ачтан” эмнэлэгт ажиллалаа. Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт нярайн халдвар дэгдэлт хэлбэрээр гарч, тус эмнэлгийн үйл ажиллагааг энэ сарын 19-ний шөнөөс бүрэн зогсоогоод байгаа билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Ерөнхий сайдад хандаж  “Энэ гурван сарын хугацаанд 11 мянган ам. метр талбайтай энэ эмнэлэгт иж бүрэн засвар хийе. Хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгөхөд Ерөнхий сайд Та анхаарч өгнө үү” гэлээ.

    Их засварын ажилд 2.1 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Хэрэв хөрөнгөний асуудал шийдэгдчихвэл гурван сарын хугацаанд чанартай засварлана гэж нийслэлийн удирдлагууд амлаж байв. Нэгдүгээр амаржих газарт харьяалалтай эхчүүдийг ЭНЭШТ, Хоёрдугаар амаржих газар, “Хатагтай”, “Таны төлөө бид” эмнэлэгт хуваарилан үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ нь хүн хүчний нөөц, орон байр, тоног төхөөрөмжийн ачаалал нэмэгдэж дараагийн эрсдэлийг бий болгох вий гэсэн болгоомжлол эмч мэргэжилтнүүдэд байна. Иймээс тус амаржих газрын харьяаны төрөх эхчүүдийг, өөрөөр хэлбэл тус эмнэлгийн төрөх тасгийг “Ачтан” эмнэлэгт төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

    “Ачтан”-д Нэгдүгээр амаржих газрын төрөх тасгийг гурван сарын турш бүрэн шилжүүлэн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахтай холбоотой  469.6 сая төгрөг төсөвлөжээ. Засвар үйлчилгээ хийсний дараа халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс шинжилгээ авч, ариутгал хийнэ. Энэ ажилд 112 сая төгрөг зарцуулах бөгөөд 2-3 хоногт багтаан хийх ажээ. “Цэвэр орчин бүрдлээ. Эх барих үйл ажиллагаа явуулж болно гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсны дараа төрөхөө шилжүүлээрэй” гэж Ерөнхий сайд анхаарууллаа. Нэгдүгээр амаржих газрын бүх эмч, мэргэжилтэнд “Ачтан”-д ажиллах бөгөөд техник тоног төхөөрөмжөө энд суурилуулах юм байна.

    Ерөнхий сайд С.Батболд “Ойрын өдрүүдэд Засгийн газрын хуралдаанаар Нэгдүгээр  амаржих газрын их засварт шаардагдах төсвийн талаар хэлэлцэнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг яаралтай шийдүүлэх шаардлагатай байна.  Их засварын ажилд гурван сар магадгүй үүнээс илүү хугацаа ч  зарж болох. Тулгамдсан цаг үед Засгийн газар, эрүүл мэндийн салбараас тавьж буй хүсэлтийг хүлээж авч, 190 ор чөлөөлж, нэгдсэн байдлаар ажиллах боломж олгож байгаа “Ачтан” эмнэлгийнхэнд талархаж байна” гэлээ

  • Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

    Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэвУлс тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Мөн улс төрийн намууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн төр, захиргааны байгууллага, Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон иргэдийн төлөөлөл хүндэтгэл үзүүлсэн байна.

    1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр монголчууд анхдугаар Их Хурлаа хийн анхны Үндсэн хуулиа баталж, Ардын эрхт Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглан, улсын дээд эрхийг Улсын Их Хуралд, түүний чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулахаар тогтсон түүхтэй

  • Бизнесийн орчны шинэтгэлийн зөвлөл хуралдав

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Бизнесийн орчны шинэтгэтгэлийн жил”-ийн үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн анхдугаар хуралдааныг удирдав. Ерөнхий сайд Зөвлөлийн бүрэлдэхүүнд хандаж “… энэ ажлыг уриа лозун болгохгүйн төлөө анхааран идэвх зүтгэл гаргаж бодитой, үр дүнтэй ажил хэрэг болгох хэрэгтэй юм. Бизнесийн орчныг тогтвортой, ойлгомжтой болгох, иргэд, аж ахуйн нэгж бизнес эрхлэхийн тулд хүлээж суудаг биш, үйл ажиллагаанд шууд оролцдог, хяналт тавьдаг, тийм боломжийг хангасан орчныг бүрдүүлэх ёстой.

    Үүний тулд тодорхой  хууль, дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага гарах нь мэдээж бөгөөд энэ чиглэлээр эрх бүхий байгууллагууд богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай” хэмээн онцлов. Төлөвлөгөөний төсөл нь Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэх нь” тайланд суурилсан бөгөөд Монгол Улсын бизнесийн орчинд тулгамдаж байгаа үндсэн асуудлуудыг “Бизнес эхлүүлэх”-ээс “Бизнес хаах” хүртэл 10 тулгуур үзүүлэлт, үе шат бүрээр нь тодорхойлон авах арга хэмжээг нарийвчлан тусгажээ.

    Төлөвлөгөө хэрэгжсэнээр:
    •    Бизнес эрхлэх хууль, эрх зүйн нөхцөл сайжирч, санхүүжилтийн шинэ боломж бололцоог бий болгон, санхүүгийн эрсдэл зардлыг бууруулна.
    •    Бизнес эрхлэх үйл ажиллагааг хөнгөвчилснөөр бизнес эрхлэгчдийн цаг хугацааг хэмнэж, бизнесийн үйл ажиллагааны үргүй зардал, эрсдлийг бууруулна.
    •    Бизнес эрхлэх боломж өргөжсөнөөр, зах зээлд шинээр орж ирэх компанийн тоо нэмэгдэж бизнесийн эрүүл, шударга өрсөлдөөн бий болно.
    •    Одоо байгаа бизнесийн байгууллагуудын хувьд зах зээлээ өргөжүүлэн, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх боломж бүрдэж ажлын байрны тоо нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа юм

  • Ерөнхий сайд амбан захирагчийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ОХУ-ын Воронеж мужийн амбан захирагч бөгөөд Монгол Улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал эрхэлсэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай үүрэг гүйцэтгэгч төлөөлөгч А.В.Гордеевийг хүлээн авч уулзав. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 2009 онд ихээхэн үр дүнтэй байсныг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев, Засгийн газрын дарга В.В.Путин болон бусад өндөр албан тушаалтан Монгол Улсад айлчилсныг онцоллоо.

    Монгол Улс ОХУ-тай харилцах харилцаандаа цаг ямагт тэргүүлэх ач холбогдол өгдөг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны шинэ зорилтуудыг  хэрэгжүүлэхийн төлөө чармайлт гарган ажиллаж байна гэв. Воронеж мужийн амбан захирагч А.В.Гордеев ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлаад харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.

    ОХУ цаашид төмөр зам, цөмийн эрчим хүч, уран, санхүүгийн салбар дахь харилцаандаа ач холбогдол өгч байгаа бөгөөд энэ чиглэлээр хийж буй болон хийх ажил багагүй байна гэв. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд амбан захирагчтай санал нэг байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагаа харилцан ашигтай, үр дүнтэй байх нь чухал гэв

  • Ерөнхий сайд сайхан бичигтэнд шагнал гардуулав

    Ерөнхий сайд сайхан бичигтэнд шагнал гардуулавМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Монголын сайхан бичигтэн-2009” улсын уралдааны шагналтнуудад шагнал гардууллаа. Уралдаанд 21 аймаг, нийслэлийн дүүрэг бүрээс нийт 1000 орчим сайхан бичигтэн  бүтээлээ ирүүлж дөрвөн ангилалд өрсөлджээ. Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийн монгол хэлний багш Б.Сэнгээ мэргэжлийн багш нарын дундаас шалгарсан бол уралдааны хамгийн олон оролцогчтой 1-10 ангийн сурагчдаас “Их засаг” лицей дунд сургуулийн наймдугаар ангийн сурагч А.Анармаа тэргүүлжээ.

    Харин насанд хүрэгчдийн ирүүлсэн бүтээлээс МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн Эх бичиг судлалын хоёрдугаар дамжааны оюутан Э.Эрдэнэзуугийн бүтээл шалгарсан байна. Монгол бичгээр дагнасан, долоо хоног тутмын “Хүмүн бичиг” сониноос зохион байгуулдаг энэ уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид МУИС, МУБИС-д элсэх урилга, төрийн сангийн 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн төлөө өрсөлддөг ажээ. Энэ ангиллын эхний хоёр байрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хоёрдугаар дунд сургуулийн сурагч Б.Лхамхүү, Завхан аймгийн Баянхайрхан сумын дунд сургуулийн сурагч Б.Лхагважав нарын дөрвөн хүүхэд шалгарсан байна.

    Сайхан бичигтнүүдэд шагнал олгосон Ерөнхий сайд С.Батболд тэдэнд хандаж “Уламжлалт сайхан бичгээ сурталчилж, ард түмэндээ хүртээл болгох ариун үйлсийг түгээж байгаа багш, сурагч та нартаа баяр хүргэхээр Засгийн газрын хуралдаанаас завсарлага аваад ирлээ. Үүх түүх, бичиг соёлоо бид ахмадуудаасаа өвлөсөн, хойч үеийнхэндээ нандигнан уламжлуулах үүрэгтэй. 11 ангийнхны өрсөлдсөн ангиллаас нэг, хоердугаар байр эзэлсэн дөрвөн сурагчийг Төрийн сангийн тэтгэлгээр сурах эрхээр шагнадаг байсан бол энэ удаад гуравдугаар байрт шалгарсан дөрвөн хүүхдэд мөн ийм боломж олгож байна” хэмээн хэллээ. Ерөнхий сайд дараа нь МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд дэлгэсэн “Монголын сайхан бичигтэн-2009” уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг үзэж сонирхов

  • Монголын силикон ваалий-цахиуран хөндий байгуулна

    Монголын силикон ваалий-цахиуран хөндий байгуулна Хот хоорондын, хотын доторх ярианы тарифыг адил болгов

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарт ажиллан тус салбарынхантай уулзав. Ерөнхий сайдын чиглэл болгосноор харилцаа холбооны үйлчилгээний үнэд мөрдөж байгаа хот хоорондын, хотын дотор гэсэн ялгаатай тарифыг тэгшитгэж ижил тарифтай болголоо.  Энэ тухай гэрээнд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо,  технологийн газар, харилцаа холбооны зохицуулах хороо, Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл, Монголын цахилгаан холбоо  компанийн захирлууд гарын үсэг зурав.

    Үүний үр дүнд өмнө нь газар зүйн байрлалаас ихээхэн зөрүүтэй байсан бүх төрлийн ярианы үйлчилгээ аймаг, хот хоорондын гэж ялгалгүй анх удаа ижил түвшинд хүрч, тоон технологийн хуваагдлыг багасгах зорилт нэг алхамаар урагшилсан үр дүн гарлаа. 2 дугаар сарын нэгнээс интернетийн үнийг мөн газар зүйн байрлалаас үл хамаарч ижил тарифт шилжүүлнэ  гэж Ерөнхий сайд хэлэв. Ерөнхий сайд тус салбарынхантай уулзахдаа интернэтийн урсгалыг нэмэгдүүлэх, үнэ тарифыг хямдруулах, бүх нийтийг компьютержүүлэх зэрэг зорилт амжилттай хэрэгжиж, орон даяар нэвтрүүлэг цацах телевизийн тоог нэмэх, шилэн кабелийн гол сүлжээ үүсгэх зэрэг ажил эрчимтэй өрнөж байгааг хэлсэн үгэндээ тэмдэглэв.

    1970-аад оны үед АНУ-ын зүүн эрэгт хэт төвлөрсөн хөгжлийн төвийг саармагжуулж баруун эрэг рүү шилжүүлэх зорилгоор байгуулсан мэдээллийн технологийн кластер бол дэлхий дахинаа Силикон Ваалий буюу Цахиуран Хөндий хэмээн алдаршсан. Өндөр технологийн бизнесийн кластерийг хөгжүүлэх жишиг болсон энэ загвар, стандартаар Монголынхоо Силикон Ваалий-Цахиуран Хөндийг хамтдаа байгуулах санаачилга гаргаж судалж үзэх ёстой. Монголынхоо Цахиуран Хөндий байгуулах газраа нийслэлийн ойролцоо сонгож, их дээд сургуулиудын хотхоныг төвлөрүүлж, технологийн дэд бүтцээр бүрэн тоноглосон  сургууль, цэцэрлэг зэрэг орчинг цогцоор нь шийдсэн үлгэр жишээ хот болгон хөгжүүлж болно гэж Ерөнхий сайд хэллээ. 

    Засгийн газраас боловсролын салбарт хийж буй шинэчлэлийн хүрээнд төрийн өмчийн их, дээд сургуулийг нэгтгэж хотын ойролцоо байршуулах бодлоготой Цахиуран Хөндийг уялдуулах, мэдээллийн технологийн боловсрол  олгодог тусгай хөтөлбөр бүхий дунд сургууль байгуулахаас эхлээд мэргэшсэн ажилтан бэлтгэх, бакалавр, магистр, докторын зэрэг олгодог сургалтын тогтолцоо байгуулж болно. Энэ дагуу БНЭУ-ын Засгийн газрын 20 сая ам.долларын зээлээр “Аутсорсингийн төв” байгуулах, мэдээллийн технологийн мэргэжлийн, дунд болон Их сургууль байгуулах цогц төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна гэв.

    Кластер дахь шинээр үүссэн компаниудийн амжилттай хөгжих нэг үндэс нь хөрөнгийн зах зээл. Учир нь Вээнчер хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа хөрөнгийн зах зээлтэй шууд холбоотой. Манай улсын хувьд кластерийг шинээр хөгжүүлэхээр зорьж буй хөрөнгийн зах зээлтэй уялдуулах нь зөв. Энэ асуудлыг бүгдээрээ судалж шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах ёстой гэж хэлэв. “Монгол Улсын сансарын холбооны үндэсний хиймэл дагуул”, “Мэдээллийн технологийн сургалт үйлдвэрлэлийн хотхон” төслийн хүрээнд улс орныг бүхэлд нь хамарсан өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг байгуулах томоохон ажил энэ онд үргэлжлэн хийгдэнэ.

    Төсөл хэрэгжсэнээр иргэд мэдээлэл солилцох, нийгмийн олон төрлийн үйлчилгээ хүртэхийн зэрэгцээ гадаад улс оронтой бизнесээ хөгжүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх техник, технологийн өргөн боломж бий болох давуу талтай. Сүүлийн жилүүдэд аутсорсингийн чиглэлээр олон улсын зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж буй компани цөөн боловч бий болж байгаа нь сайшаалтай. Программ хангамжийн дотоодын зах зээлийнхээ хэрэгцээг манай улсын компаниуд амжилттай хангасаар байгааг зохих ёсоор дэмжинэ. Банкны болон төрөл бүрийн бүртгэлийн систем, вэб суурьтай программ хангамжийг боломжийн түвшинд амжилттай хөгжүүлж байгаа ч чанарын асуудлыг дурдахгүй өнгөрч болохгүй. Харин вэб контентийн чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг компани, байгууллага цөөн байгааг анхаарах хэрэгтэй гэж Ерөнхий сайд хэлэв.  

    Төрийн болон хувийн хэвшлийнхний мэдээллийн систем хэт доогуур байгаад дүгнэлт хийх, программ хангамж, мэдээллийн үйлчилгээний салбарын өсөлт төдийлөн ахихгүй байгаагийн учир шалтгааныг сайн судалж арга хэмжээ авахыг тэрбээр үүрэг болголоо. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбараа түшиглэн мэдлэгт тулгуурласан нийгмийг бий болгох асуудлыг төрийн бодлогоор дэмжинэ. Үүнд энэ салбарынхны үүрэг оролцоо, идэвхи санаачилга, хариуцлага чухал үүрэг гүйцэтгэнэ. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх зорилтыг хангахад шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, бодлого, зохицуулалтын болон зохион байгуулалтын арга хэмжээг эрчимжүүлж бусад улс орнуудаас хоцрохгүй байхыг онцлов.    

    Улс орны кодчлол, төрийн цахим ойг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажил  хийгдсэн ч нийт иргэд, албан байгууллагыг нэг мөр ойлголттой болгох, нэгдсэн журмаар мөрдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин болон эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх ажил хүлээгдэж байна. Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог төгөлдөржүүлэх, хүн амын шилжилт хөдөлгөөн, хаягжилтын систем, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг боловсронгуй болгох, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүнд суртлыг арилгах, банк, санхүү, даатгал, халамжийн үйлчилгээ зэргийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулахад мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологи, шийдлийг нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага бий гэж Ерөнхий сайд хэлэв.   

    Цаашид энэ салбарын давуу талуудыг төрийн бодлогоор яаж дэмжих вэ гэсэн салбарын цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх, ингэхдээ эрдэмтэн судлаачид, бусад улс орны туршлага, хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллагын санал дүгнэлтийг чухалчилан авч үзэхийг Ерөнхий сайд үүрэг болгов. Цахим гарын үсгийн хууль, Цахим хэлцлийн хууль зэрэг багц хуулийн төслийг эцэслэн Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих, хөдөөгийн харилцаа холбоо, интернэтийн үйлчилгээг 2012 он хүртэл хөгжүүлэх тусгай хөтөлбөр, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, уялдаа холбоо бодлого, зохицуулалтын арга хэмжээгээр дэмжих, Засгийн газраас баталсан салбарын томоохон хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс орныг хамарсан нэгдсэн нэг том мэдээллийн систем, төв байгуулж болох эсэх асуудлыг судалж шийдвэрлэх чиглэл өгөв. 

    Мэдээлэл, холбооны сүлжээний шинэчлэлт, өргөтгөлийг үргэлжлүүлэх, интернэтийн урсгалыг нэмэгдүүлэх, үнэ өртгийг хямдруулах, өндөр хурдны утасгүй интернэт, хөдөлгөөнт телевиз зэрэг шинэ төрлийн үйлчилгээг өрсөлдөөн, зохицуулалтын орчноор дэмжих, хөдөө орон нутагт интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим боловсрол, онлайн сургалт, цахим эмчилгээний нэгдсэн сүлжээг бүрдүүлэх, хэрэглээ үйлчилгээг нэвтрүүлэх, программ хангамж, гадаад дотоод аутсорсинг, оюуны багтаамж бүхий үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэх, төрийн үйлчилгээ, төрийн байгууллагуудын дотоод ажил, албан хэрэг хөтлөлтийг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлага байгааг Ерөнхий сайд хэлэв