Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ажлаа хүлээн авсны дараа УИХ-д үг хэлэхдээ бусад улс орны стандарт, дэвшилтэт аргуудыг судалж, нэвтрүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн билээ. Стандартын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд манлайлах үүрэгтэй оролцож Болгар, Унгар зэрэг Европын орны шинэ стандартыг нутагшуулж амжилтанд хүрсэн түүхийг судалж хэрэгжүүлэх, туршлага судлах чиглэлээр Гадаад харилцааны яам, Гадаад харилцааны сайдтай хамтарч захидал илгээх, ажил хэрэг болгохыг Мэргэжлийн хяналтынханд Ерөнхий сайд үүрэг болгов.
Дээрх орнуудын стандартын шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгжид мөрдүүлэхэд хяналт, шалгалтыг чиглүүлэх нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааны үндсэн зорилтын нэг байх ёстой гэж Ерөнхий сайд үзэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллахдаа ийм үүрэг өгсөн байна.
Ерөнхий сайд эхлээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нэгдсэн төв лабораторийн ажилтай танилцлаа.
Нэгдсэн төв лаборатори 7,5 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Шинэ лаборатори ашиглалтад орсноор бараа, бүтээгдэхүүнийг олон улсын стандарт, аргачлалын дагуу шинжилж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж болох хими, физик, биологийн хүчин зүйлийг илрүүлж, үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой болох юм.
Биотехнологийн салбар эрчимтэй хөгжиж, хүнсний чанар, аюулгүй байдал хурцаар тавигдаж байгаа өнөө үед хяналт шалгалтыг өндөр нарийвчлалтай, мэргэжлийн түвшинд гүйцэтгэх лабораторийн чадамж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой. Нэгдсэн төв лабораторийн барилгыг ашиглалтад оруулах, Мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторуудыг бэхжүүлэхэд Засгийн газар шаардлагатай арга хэмжээ авна гэж Ерөнхий сайд хэлэв.
Дараа нь Ерөнхий сайд С.Батболд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт очин ажилтнуудтай уулзав.
“Хүн, малын хөл хориот өвчин“, “Амьсгалын цочмог халтай хам шинж өвчин”, “Шувууны томуу”, “Гар, хөл, амны өвчин”, “Томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдвар” зэрэг шинэ болон сэргэж байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах, таслан зогсооход Мэргэжлийн хяналтынхан багагүй үүрэг гүйцэтгэснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Үндэсний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулах, төсөв, санхүүгийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил хийж, бодитой үр дүн, ахиц дэвшил гаргаж байна.
Засгийн газар, Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран “Бизнесийн хяналтын шинэчлэл” төсөл хэрэгжүүлж байгаа. Судалгаанаас харахад манай улс хамгийн их хяналт, шалгалт хийдэг Бүгд Найрамдах Тажикстан Улсаас 15 хувиар, Бүгд Найрамдах Белорус Улсаас 8 хувиар илүү хяналт, шалгалт хэрэгжүүлж байна. Энэ нь хяналт шалгалтын тоо, давтамжийг бууруулах, уялдаа холбоог сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хэрэгжих, хэрэгжихгүй олон дүгнэлтийг цөөрүүлэх цаг болсныг харуулж байна.
Хяналт шалгалтыг аж ахуйн нэгж, байгууллагын дотоод үйл ажиллагаанд хэт хутгалдах, зөрчил дутагдал эрж хайх, бизнес эрхлэгчдийн хийж бүтээх цаг хугацааг алдагдуулах, хүнд суртал, чирэгдэл гаргах, торгож шийтгэх, айлгаж сүрдүүлэх арга барилаар явуулахгүй байх хэрэгтэй. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээг орхигдуулах, авлигад өртөн өргөсөн тангаргаа хөсөрдүүлэх зэрэг зохисгүй үйлдэл, хууль бус үйл ажиллагаа гарсаар байгаатай Засгийн газар хэзээ ч эвлэрэхгүй” гэлээ.
Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, аргачлалд нийцүүлэхэд онцгой анхаарах нь хяналт шалгалтын үр дүнтэй тогтолцоо. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, хэм хэмжээ нь хяналтын амар хялбар аргачлал юм. Мэргэжлийн хяналтын бүх шатны байгууллагын удирдлага, улсын байцаагчдын ур чадвар, мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, давтан сургах, нийгмийн асуудал, ажиллах нөхцөл, баталгааг сайжруулах талаар бодитой ажил хийх шаардлагатай байгаа.
“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд нэн түрүүнд төр, хувийн хэвшлийн хийх ажлыг тодорхой зааглах нь чухал. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар түүний харъяа байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээг оновчтой тогтоож, үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, төсөв санхүүгийн сахилга хариуцлагыг бэхжүүлэхэд тавих хяналтаас бусад чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай. Бизнес эрхлэгчдийн дотоодын хяналтын тогтолцоог төлөвшүүлэх, компанийн сайн засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахад анхаарах хэрэгтэй.
Аливаа зөвшөөрлийг автоматжуулж, аажим бүртгэлийн тогтолцоонд шилжих, хууль, тогтоомжийн хэрэгжилт, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, тендерээр гүйцэтгэж байгаа ажлын явц, хийсэн шалгалтын мэдээллийг яам, төрийн байгууллагуудад хүргүүлж, биелэлтийг хангуулах талаар хамтран ажиллаж үр дүнг Засгийн газар болон холбогдох байгууллагуудад тайлагнаж байх нь зөв. Хилийн хяналтыг шинэчлэх, хөнгөвчлөх, хурдан шуурхай болгох чиглэлээр санал боловсруулж Засгийн газраар шийдвэрлүүлэн ажлын явц, үр дүнг тайлагнаж байя.
Засгийн газраас барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажиллагааг хөнгөвчилсөнтэй холбогдуулан уг ажлыг ил тод, хүндрэл чирэгдэлгүй хэрэгжүүлж, барилгын чанар, аюулгүй байдлын хяналтыг шинэ шатанд гаргах, орчны тохижилт, ногоон байгууламжийг зураг төслийн дагуу бүрэн гүйцэтгүүлэн, иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангуулахад онцгой анхаар. Олон улсын жишиг шаардлага болсон “Check list” буюу “Хяналтын хуудас”-ыг нэвтрүүлж, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог бий болгон, бизнес эрхлэгчдэд учруулдаг хяналт шалгалтын дарамтыг бууруулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө түлхүү өгөх хэлбэрт шилжих хэрэгтэй байна гэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын Хөрөнгийн Бирж байгуулагдсаны 19 жилийн ойг тохиолдуулан Хөрөнгийн биржид зочлон 3631 дэх арилжааг эхлүүлэх цан цохилоо. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлага, боломж байгааг дурьдаад 2010 он Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг идэвхитэй хөгжүүлэх шинэ үе шатыг тавьсан он жил болно гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Мэргэжлийн боксын хөнгөн жингийн дэлхийн удаа дараагийн аварга, Монгол Улсын гавъяат тамирчин Ч.Цэвээнпүрэвийг хүлээн авч уулзав. Ч.Цэвээнпүрэвийг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын тамирчин энэ оны 2 дугаар сард нутагтаа болох мэргэжлийн боксын 2 холбооны дэлхийн аваргын халз тэмцээнд дуудсан байна. Энэ тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүсч Ч.Цэвээнпүрэвт Төрийн далбаа гардуулав.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Унгарын Ерөнхий сайдын Бүрэн эрхт төлөөлөгч, Унгар, Монголын Засгийн газар хоорондын комиссын Унгарын хэсгийн дарга др. Вереш Янош бараалхав. Монгол Улсын Ерөнхий сайд Унгарын төлөөлөгчидтэй уулзахдаа таатай байгаагаа илэрхийлээд эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комисс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү Комиссын ээлжит III хуралдаан амжилттай хуралдаж өндөрлөсөнд баяртай байна.
Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Дебора Коминиг хүлээн авч уулзав. Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа үр дүнтэй байгааг Ерөнхий сайд тэмдэглээд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монгол Улсад айлчилсан нь чухал үйл явдал гэж онцлов.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн сурвалжлагчид 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ярилцлага өгөв. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд улиран өнгөрч буй онд улс орны хэмжээнд олсон ололт, үзүүлсэн амжилтыг нэгтгэн дүгнэхдээ Эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэх боломжийг хангасан томоохон төслүүд хэрэгжих үндэс суурь нь тавигдсан жил боллоо. Үр тариа, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц ургац хураан авлаа. Шинээр шийдвэрлэх олон ажлын эхлэлийг тавьсан он байлаа. Мөн сургамж дагуулсан жил байв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн яамны байранд эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзлаа. Аливаа улсын дэлхийд өрсөлдөх чадварыг эрүүл иргэдээ хэрхэн хөгжүүлснээр нь тодорхойлдог. Иймээс “Эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай Монгол хүнийг төлөвшүүлэх” талаар үзэл бодол, байр сууриа илэрхийлж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглэв. Эрүүл мэндийн салбарт олсон ололт, амжилт их ч цаашид анхаарах, тулгамдсан асуудал ч цөөнгүй байна. Иймээс энэ салбарын шинэчлэлийг бүх шатанд цогцоор нь, зорилготой, уялдаа холбоотой хийх нь ахиц дэвшилд хүрэх арга зам гэж Ерөнхий сайд үзэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Гаалийн ерөнхий газарт ажиллаж санхүү, эдийн засгийн салбарынхантай уулзав. Шилжилтийн түвшнээс гарч эдийн засгийн хөгжлийн өндөр түвшинд хүрэх боломж манай улсад байна. Иймээс ирэх жилүүдийн хөгжлийн төлөвлөлтөө тодорхой хийх нь маш чухал байгааг Ерөнхий сайд хэлсэн үгийнхээ эхэнд тэмдэглэв. Гэхдээ төлөвлөгөө гэхэд хэцүү мөрөөдөл мэтийн зүйл бичээд үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд бодлогын ямар орчин хэрэгтэйг мартдаг зуршлаасаа салахгүй бол олон сайхан зорилт цаасан дээр үлдэнэ гэдгийг Ерөнхий сайд анхааруулав. Ирэх 2011 оны төсвийг боловсруулж эхлэхээс өмнө ойрын жилүүдийн хөрөнгө оруулалтын бодлогыг чамбай, нухацтай боловсруулах нь чухал байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
Ерөнхий сайд судалгаа, дүгнэлтэд түшиглэн хурдтай ажиллахыг даалгав