Ангилал: хэлсэн-үг

  • Баян-өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж хэлсэн үг

    Баян-өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж хэлсэн үг2010 оны 8 дугаар сарын 04-ний өдөр                Өлгий хот

    Хүндэт аксакалууд, настан буурлууд аа!
    Манай орны казак иргэд ээ!

    Мөнх цаст сүрлэг Алтай, домогт Таван Богд уулс, Толбо, Ачит, Даян, Хотон нуурын өгөөмөр үзэсгэлэн төгөлдөр бүс нутагтаа бүрэн эрхт улсынхаа эрх чөлөөт иргэн болж, эв найрамдал, энхийн бүтээн байгуулалтын 70 жилийн түүхээ дархалсан казак, урианхай, тува, дөрвөд зэрэг олон үндэстэн ястан, зон олны өлгий нутаг Баян-Өлгий аймгийн хөдөлмөрч, бүтээлч ард иргэд Та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Миний бие танай сайхан нутагт анх удаа ирж байгаа хэдий ч Та бүхнийхээ ажил хөдөлмөр, амьдрал ахуй, амжилт бүтээлийн тухай байнга сонсож зохих мэдээлэлтэй байдаг юм. Та бүхэнтэйгээ нүүр тулан уулзаж байгаа энэ завшааныг ашиглан улс орны хөгжлийн болон аймаг, орон нутгийн холбогдолтой цөөн асуудлыг хөндөн ярьж, санал бодлоо солилцохыг хүсэж байна.

    Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ!
    Эв нэгдлийг эрхэмлэсэн Монгол Улсын хамтарсан Засгийн газар улс орныхоо хөгжлийн байдалд дүн шинжилгээ хийж, ард олныхоо аж амьдралыг судлан үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилттой ажиллаж эхэлснээс хойш хоёр жил шахам хугацаа өнгөрчээ. Миний бие Засгийн газрын тэргүүний амаргүй энэ албыг хүлээн аваад 9 сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд олон жил яригдаад шийдэгдэж чадаагүй байсан томоохон асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж, улс  орныхоо хөгжлийг түргэтгэхэд чухал алхам хийж, илүү тааламжтай нөхцөл бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.

    Стратегийн болон эдийн засгийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг 6 дугаар сард байгуулснаар тэнд бүтээн байгуулалтын их ажил өрнөж, 2200 гаруй монгол хүн орчин үеийн техник, техналоги ашиглан гадаадын өндөр мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байна. Үүний зэрэгцээ Өмнөговь, Ховд, Сэлэнгэ зэрэг аймгуудад нүүрс, төмрийн хүдрийн орд уурхайнуудын олборлолт, ашиглалт шинээр эхэлсэн бөгөөд түүнийг дагалдаж дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламжийн бүтээн байгуулалт эх орны энд тэнд өрнөж байна. Нөөцийн хэмжээгээрээ дэлхийд томд орох Таван толгойн орд газрыг ашиглах эрх зүйн орчинг бий болгож, үндэсний компаниудыг үүсгэн байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр энэ орд газраас хувь хүртэх, хувьцаа эзэмших эрх нээгдэж, үндэсний компани, аж ахуйн нэгжүүд ажил, үйлчилгээгээрээ давуу эрхтэй оролцон, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдлээ.

    Уул уурхайн салбарын үр шимийг хүртэхийн тулд зөвхөн орд газруудыг ашиглалтанд оруулснаар хязгаарлагдахгүй, олборлосон ашигт малтмалыг тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэх, ашигт малтмалыг эцэслэн боловсруулах, олон улсын зах зээлд үнэ хүргэн арилжаалах, арга замуудыг Засгийн газар эрэлхийлж, асуудлыг цогцоор нь алсын хараа, хэтийн зорилгын үүднээс харж, шийдвэртэй алхамуудыг цаг алдахгүй хийхийг эрмэлзэж байна.
    Энэ арга хэмжээний нэг болох Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын төслийг Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.

    Энэхүү бодлогын зорилго нь одоо байгаа төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ирээдүйд өсөн нэмэгдэх тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг үр дүнтэй, найдвартай хангахад чиглэгдсэн үр ашигтай үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг бий болгох, салбарын эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, ашигт малтмалын томоохон орд газруудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг  экспортолж улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэж байгаа юм.

    Энэ төслийн хүрээнд ойрын 4 жилд Тавантолгой, Цагаан суврага, Зүүнбаян, Сайншанд, Баруун-Урт, Чойбалсангийн чиглэлийн 1000 гаруй км төмөр зам барьж байгуулна. Алсдаа энэ төмөр зам баруун тийш үргэлжилж, Баян-Өлгий аймгийн нутгаар дамжин ОХУ-ын хил хүрч олон улсын сүлжээнд холбогдох юм. Төмөр замын бүтээн байгуулалтыг дагалдаж олон зуун мянган ажлын шинэ байр нэмэгдэнэ. Хэдэн арван тосгон суурин байгуулагдаж, хөгжлийн үр шим, хүн амьдрах таатай орчин хөдөөд бий болж, зах зээл малчдад ойртоно гэж бид төсөөлж байгаа. Үүний тулд энэ том ажлыг эхлүүлэхээр Засгийн газар зориг гарган шийдвэрлэсэн.

    Уул уурхайн олборлолттой зэрэгцээд эрдэс баялгийн түүхий эдийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байна. Үүнтэй уялдуулан уул уурхайн боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах төсөл хөтөлбөрийг боловсруулж эхлээд байна. Тухайлбал, нүүрс боловсруулан кокс гаргах, хийжүүлэх үйлдвэр, газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр, үрлэн төмрийн болон бусад үйлдвэрийг багтаасан “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах ажлыг ирэх оноос эхлүүлнэ. Арван жилд 70-80 мянган ажлын шинэ байр бий болгох, аж үйлдвэрийн энэ цогцолбор ашиглалтад орсноор Монгол Улс уул уурхайн түүхий эдийг бус бүтээгдэхүүн экспортлогч орон болж, ДНБ-ний хэмжээ одоогийнхоос 2-3 дахин өсөх юм. Бид ойрын ирээдүйгээ ингэж харж байна.

    Уул уурхай, аж үйлдвэржүүлэлт, их бүтээн байгуулалтын энэ том зорилтыг хэрэгжүүлэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж, эх орноо хөгжүүлэх чадварлаг мэргэжилтэн, боловсролтой ажилчид, хөдөлмөрч хичээнгүй хүн өнөөдөр нэн чухал эрдэнэ болоод байна. Ажлыг хүн л хийдэг. Гэхдээ ажил өөрөө өөртөө тохирох хүнийг захиалдаг. Өндөр боловсролтой, эх оронч сэтгэлтэй, ёс суртахуунлаг хүн манай нийгмийн захиалга юм. Нийгмийн энэ захиалгад нийцүүлэн боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембриджийн стандартыг ерөнхий боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх, мэргэжилтэй ажилчин бэлтгэх Сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг өргөжүүлэх, Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх, төрөлжүүлэх, нэгтгэх, боловсролын тогтолцооны бүх шатанд сургалтын чанарыг дээшлүүлэх замаар дэлхийн жишигт хүрсэн боловсролыг эх орондоо эзэмших нөхцөлийг бүрдүүлэх хэтийн төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна.

    Аж үйлдвэржүүлэлт техник техналогийн дэвшлийг, тэр нь боловсролын шинэчлэлийг өдөөсөн хүн нийгмийн төр зүй тогтлын дагуу үйл явц хурдацтай өрнөж байна. Орчин үеийн өндөр боловсролтой, дэлхийд өрсөлдөх чадвартай шинэ үе гарч ирж байна. Өнөөдөр хэн нь ардчилагч ба ардчилагч бус гэсэн шалгуураар биш хэн нь өндөр боловсрол, өрсөлдөх чадвар, ажил хэрэгч, ёс журамтай вэ гэдгээр үнэлж дүгнэх цаг ирсэн. Манай орны эдийн засгийн өнөөгийн голлох салбар хөдөө аж ахуйн салбарт газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тарианы чанар, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүргэхээр Засгийн газар ажиллаж  байна.

    Засгийн газар, тариаланч, механикжуулагчид, ард иргэдийн хамтын хүчин зүтгэлээр “Атрын гуравдахь аян”-ы хүрээнд өнгөрөгч 2009 онд хэрэгцээт үр тарианы 97.0 хувь, төмсний 100.0 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн. Тэгвэл энэ  2010 онд 282,2 мянган га-д үр тариа, үүнээс 270,0 мянган га-д буудай, 13,2 мянган га-д төмс, 7,1 мянган га-д хүнсний ногоо, 12,2 мянган га-д малын тэжээлийн ургамал тариалж, улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60.0 хувийг дотоодын ургацаас хангах юм. Үүний зэрэгцээ одоо 274,3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулаад байна.

    Сүүлийн үед дэлхийн цаг уурын дулаарал, өөрчлөлтөөс шалтгаалж олон оронд усны үер, ган, зуд, хүчтэй салхи гарч, хүний амь нас эрсдэх болон эд материалын нөхөж баршгүй  хохирол учрах боллоо. Манай оронд л гэхэд жилдээ орох хур тундасны хэмжээ багасаж, хэт халж, хуурайших үзэгдэл нэмэгдэж, гол, нууруудын усны түвшин буурах, ширгэх, зарим үед аадар бороо орж үер болох, цас их орох, цасан болон шороогоор хүчтэй шуурах, хэт хүйтрэх зэрэг байгаль, цаг агаарын бэрхшээл тохиолдсоор байгаа нь эдийн засагт дараас болж, иргэдийн амьдралд хүндрэл учруулж байна.

    Өнгөрөгч өвлийн улиралд цочмог хүйтрэн байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл учирч мал аж ахуйн салбар, малчдын аж амьдралд ихээхэн хүндрэл учруулсан. Энэхүү зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 8,1 сая толгойгоор хорогдож, нийтдээ 550 орчим тэрбум төгрөгийн шууд хохирол учирч 8200 гаруй өрх амьжиргааны үндэс болсон малаасаа саллаа. Монгол Улсын Засгийн газар мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулахад цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч, нийт 45,7 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнээс гадаад орон, олон улсын байгууллага, дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдээс 26,6 тэрбум төгрөгийн хандив, тусламж цугларсныг 2 удаагийн цуваагаар 21 аймагт хүргүүлсний гадна ОХУ-ын тусламжийн тэжээлийн буудайг хуваарилан олгосон.

    Гадаадын байгууллагуудаас 12,3 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, Засгийн газраас нийт 6,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн холбогдох арга хэмжээнүүдийг авч ажилласан. “Зудын улмаас амьжиргааны эх үүсвэрээ алдсан зарим малчин өрхийг малжуулах журам”-ыг батлан гаргаж, энэ арга хэмжээнд зориулан эхний ээлжинд 3,0 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор батлуулан аймгуудад хуваарилан олголоо. Цаашид мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий  “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг Засгийн газар боловсруулан өнгөрөгч 5 дугаар сард Улсын Их Хурлаас батлан гаргасныг бид үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

    Мөн Засгийн газар 2010 оны 137 дугаар тогтоолоор “Мал аж ахуйн салбарт 2009-2010 оны өвөл хаврын улиралд тохиолдсон зудын хохирлыг барагдуулах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г батлан холбогдох яам, газар, гадаад орон, Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон орныг хамарсан эдийн засгийн хямрал үргэлжилж, улс, орнуудын эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлийн хэмжээ буурч, ажлын байр хомсдож, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байсан боловч өнгөрсөн оны сүүлчээс тогтворжих хандлагатай болж байна.
    “Хүний хөгжил”-ийн төлөө бодлого боловсруулан хэрэгжүүлж, Монгол хүн бүрээ эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой болгох нь хамтарсан Засгийн газрын хамгийн чухал зорилтын нэг юм.

    Энэ зорилтын хүрээнд “Хүний хөгжил” сангаас эхний ээлжинд иргэн бүрт 70,0 мянган төгрөгийг олголоо. Мөнгийг бөөнөөр олгох нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсч, зарим бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг бий болгох хандлага ажиглагдаж байна. Иймд үүнээс сэргийлэх, иргэддээ хишиг, хувийг байнга тогтмол хүртээх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж “Хүний хөгжил” сангаас Монгол Улсын иргэнд 2010 оны 8 дугаар сарын 01-ээс он дуустал 10,0 мянган төгрөг, 2011 оноос 20,0 мянган төгрөгийг сар бүр иргэддээ хишиг, хувийн хэлбэрээр олгож байх шийдвэрийг саяхан гаргасан.

    Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 01-ээс 30 хувиар өсгөхийн зэрэгцээгээр төрийн албан хаагчдыг орон сууцжуулах үүднээс 4 мянган хүнийг хөнгөлттэй зээлд хамруулах шийдвэрийг гаргаад хэрэгжүүлж эхлээд байна.

    Эрхэм хүндэт Өлгийчүүд ээ!
    Эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө болон бүтээн байгуулах үйлсэд Баян-Өлгийчүүд, нэн ялагуяа ахмад үеийнхэний урсгасан цус, асгаруулсан хөлсийг Монголын төр засаг, ард түмэн ямагт өндөр үнэлж, манай залуу үеийнхэн бахархан дууриаж ирсэн билээ. Тус аймгаас төр, нийгэм, соёлын нэрд гарсан зүтгэлтнүүд, хөдөлмөрийн сайчууд, авъяас билэгтнүүд олноор төрж, манай орны материаллаг ба оюун санааны сан нөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, арилшгүй ул мөр үлдээснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

    Казак түмний хэл, соёл, зан заншил, шашин шүтлэгийн онцлогыг хүндэтгэн хамгаалах, уламжлан хадгалах, аж амьдралыг нь дээшлүүлэх талаар Монголын төр засаг зохих арга хэмжээг авч ирсэн бөгөөд уг асуудал цаашид ч анхаарлын төвд байх болно. Улс орны нийтлэг зорилт, тулгамдсан асуудлуудаас гадна эх орны нийслэлээс алс хол, зах зээлийн төвөөс алслагдсан, бүс нутгийн хөгжил, хүн ам зүйн онцлог, орлогын эх үүсвэр, дэд бүтцийн хомсдол зэргээс шалтгаалан Баян-Өлгийчүүдэд тулгарч байгаа бэрхшээл зовлонг бид бүрэн ойлгож, мэдэрч байгаа.

    Аймгийн өмнө тулгарсан зорилт, бэрхшээлийг Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого болон Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд авч үзэн, хэтийн хараатай, чиглэсэн зорилго, цогц төлөвлөгөөтэйгээр, иж бүрнээр хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Үүний тулд дараах хэдэн зангилаа асуудалд төр засаг, орон нутгийн удирдлага, иргэд хамтын хүчээ төвлөрүүлэн ажиллах нь зүйтэй.

    Үүнд:

    1.Манай орны хөгжил, хүн ардын амьжиргааны үндсэн тулгуур болсон уламжлалт мал аж ахуйг эрхлэх аргыг үндсээр нь өөрчлөх цаг болсныг өнгөрсөн өвлийн байгаль, цаг уурын хүнд сорилт бидэнд харууллаа. Малчдын бүлгэм, хоршоо зэрэг хамтын аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулан эрчимжүүлэх, үндэсний фермерүүдийг бий болгон дэмжих, сүргийн бүтцийг зохистой байлгах, малчдын шинэ үеийг бэлтгэн сургах, орон нутгийн тэжээлийн аж ахуйг өргөтгөн бэхжүүлэх, баг, сум бүрт усалгаатай талбайг олшруулан хашиж хамгаалах, малын даатгалын системийг нэвтрүүлэх зэргээр мал сүргийг байгалийн эрхшээлээс сэргийлэн хамгаалах цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага нэн чухал байна.
     
    2.Танай аймагт малын гаралтай мах, сүү, ноос, арьс шир боловсруулах, загас олборлох зэргээр орон нутгийн түүхий эд, байгалийн нөөцөд түшиглэсэн жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх төсөл, хэсэгчилсэн арга хэмжээг хэрэгжүүлэх боломж нөхцөл бий. Орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг Засгийн газраас зориуд дэмжиж хөрөнгө санхүү, зохион байгуулалтын арга хэмжээ авч бие даасан агентлаг байгуулсан. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр сүүлийн 2 жилд тус бүр 30,0 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ онд аймаг бүрт 530 сая төгрөг хуваарилаад байгаа. Энэ бүхнийг үр ашигтай зарцуулах хэрэгтэй.
     
    3.Баян-Өлгий аймгийн хувьд уул уурхайн салбарыг хөгжлийн хоёр дахь гол тулгуур болгох өргөн боломж тун ойрхон байна. Хэд хэдэн газарт нөөц бүхий гянт болд, алт, Асгатын мөнгө, Толбо сумын нутаг дахь холимог металлын, Булган сумын нутаг дахь төмөрийн баян орд газруудын хайгуул, судалгааны урьдчилсан үр дүн ихээхэн найдвар төрүүлж байна. Одоо эдгээр орд газруудыг эргэлтэд оруулах талаар лиценз эзэмшигч холбогдох компаниуд болон аймгийн удирдлагууд идэвхтэй, санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Засгийн газар уг асуудлыг бүх талаар дэмжих болно.
     
    4.Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд дэд бүтэц шийдвэрлэгч ач холбогдолтой нь ойлгомжтой. Нэг үеийг бодоход энэ талаар бодит боломж өргөжсөөр байна. Танай аймгийн бүх сумд үндсэндээ өндөр хүчдэлийн эрчим хүчний сүлжээнд холбогдоод байгаа. Улаан байшинт-Өлгий-Ховдын чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил үргэлжилж, Улаанбаатарыг баруун бүстэй холбох хугацаа наашилсаар байна. Одоо БНХАУ-ын Алтай аймгийг манай Баян-Өлгий аймаг, ОХУ-ын Уулын Алтайтай холбох 200 гаруй км хатуу хучилттай зам тавих тухай яриа хэлэлцээ эхлээд байгааг Монгол Улсын Засгийн газар дэмжих болно. Энэ бүхэн нь Баян-Өлгий аймаг төдийгүй Баруун бүсийн дэд бүтцийг цогцолбороор хөгжүүлэх сайхан төлөвийг нээж байгаа юм.
     
    5.Аялал жуулчлал танай аймгийн хөгжлийн бас нэгэн тулгуур болох учиртай. Баян-Өлгий аймгийн онгон байгаль, энд байгаа дэлхийд ховордсон ан амьман, ургамал, эртний түүхэн дурсгалууд, олон үндэстэн ястны өвөрмөгц соёл, зан заншил, аж төрөх ёс зэрэг давтагдашгүй боломжууд бол гадаадын аялагч, жуулчдын анхаарлыг татаж, сонорыг мялаах увьдис мөн. Гагцхүү гадаадын жуулчдыг хүлээн авах соёлч үйлчилгээ, тохилог цэвэр орчинг бий болгоход бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, хүн бүр анхаарч ажиллах нь зүйтэй.
     
    Эрхэм хүндэт иргэдээ!

    Улс орны нийгэм, эдийн засгийн нийт хүчин чадал нь аймаг, орон нутгийн чадавхи, идэвх санаачлагаас ихээхэн хамаардгийг Та бүхэн илхнээ мэднэ. 2009-2010 онд аймгийн хэмжээнд дэд бүтэц, зам, гүүр барилгын салбарт 12,0 орчим тэрбум төгрөгийн ажил хийгдэж, Өлгий-Цагааннуурын хатуу хучилттай 30 км замыг үргэлжлүүлэн барих 13,0 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлж, баруун бүсийн автозамыг хөгжүүлэх төслийн хүрээнд Өлгий-Хашаатын чиглэлийн хатуу хучилттай автозамыг БНХАУ-ын 50,0 сая ам долларын хөнгөлттэй зээлээр энэ оны 3 дугаар улирлаас эхлэх, Өлгий хотын Нисэх буудлын 11,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хатуу хучилттай зурвас, 1,7 тэрбум төгрөгийн өртөгтэй Спорт цогцолборын барилгын ажил идэвхтэй явагдаж ашиглалтанд оруулах хугацаа ойрхон болсон зэрэг ажлын эхлэл, амжилт бүтээл их байна. Танай аймгийн ажил байдалтай танилцаж явахад нутгийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагаанд ололт, амжилтын зэрэгцээ цаашид анхаарч шийдвэрлэвэл зохих асуудлууд цөөнгүй байна.

    -Орон нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа чандлан сахиж, нэгнийхээ ажлыг дэмжиж, үг хэлээ ойлголцож, үйл ажиллагаагаа уялдуулж, хамтарч ажиллах нь юу юунаас илүү чухал гэдгийг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Төрийн ажилтнуудаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүнд суртал чирэгдэлгүй нээлттэй, ил тод, шударга болгох шаардлага өнөө үед хурцаар тавигдаж байна. Төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг дээд зэргээр сахиулж, төрийн албан хаагчид ёс зүйн зөрчил гаргах, хууль тогтоомж зөрчиж ажлын хариуцлага алдах, ажлаа цалгардуулж зөрчил дутагдал гаргавал зохих зэм, хариуцлагыг тухай бүрд нь хүлээлгэдэг байх ёстой.

    -Хүний боловсрол, мэргэжлийн чадавхиас эцсийн эцэст ажил хэргийн хувь заяа шалтгаалдаг. Дунд ба дээд боловсролын тогтолцоог дэлхийн хишиг, стандартад ойртуулах, зах зээлийн эрэлт шаардлагад нийцүүлэх нь чухал болж байгааг би өмнө хэлсэн. Өнгөрсөн онд танай аймгийн боловсролын салбарын үйл ажиллагааг судлан үнэлэлт дүгнэлт өгсөн ажлын хэсгийн тайлангаас үзэхэд аймгийн төв, сумдын дунд сургуулиуд, Өлгий хотын соёлын коллежийн сургалтын чанар, сурагчдын сурлагын түвшин, багш нарын мэргэжил, мэдлэг, заах аргад ихээхэн дутагдал илэрч ерөнхий дунд боловсролын сургуулийн үнэлгээгээр сүүлийн 3 жил аймгуудаас сүүлийн байранд байсан байна.

    Уг шалгалтын дүнг үндэслэн Засгийн газраас танай аймгийн боловсролын салбарын ажлыг сайжруулах талаар тогтоол гарган, зарим арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан МУБИС ба Дорнод Казахстаны Их сургуулийн Өлгий хот дахь салбар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн чиглэлийг уул уурхай, мал аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг аймгийн эдийн засгийн салбар, зах зээлийн бүтэц, бодит шаардлагатай нягт уялдуулан оновчтой сонгох, Соёлын коллежийн багш нарыг чадваржуулах, дунд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах хэрэгтэй байна.

    -Иргэдийн оюун санааны хөгжил, хүмүүжил, ёс суртахууны төлөвшил нь үндэсний соёл урлагын хөгжилтэй салшгүй холбоотой. Баян-Өлгийчүүд олон үндэстэн, ястны соёлын баялаг өвтэй, дэлхийн сонгодог соёл урлагаас суралцаж ирсэн уламжлалтай, хэл, соёл, зан заншлын өвөрмөц онцлогтой ард түмэн. Өлгийчүүдийн хэл, соёл, ёс заншлын баялаг уламжлалыг хүндэтгэн хамгаалах, цэврээр хадгалах, шинэ нөхцөлд хөгжүүлэх явдал төр засгийн бүх шатны байгууллагуудын байнгын үүрэг мөн. Орчин үеийн барилгын цогцолбортой танай аймгийн хөгжимт драмын театрын техник тоноглолыг шинэчлэх, мэргэжлийн бүрэлдэхүүний тоог театрын стандарт шаардлагын хэмжээнд хүргэх, тэднийг шинээр бэлтгэх, давтан сургах, Домборын үндэсний найрал хөгжмийн оркестрыг сэргээн бэхжүүлэх талаар танай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлага, иргэдээс тавьж буй удаа дараагийн санал хүсэлтийг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүй ёсны асуудал гэж үзэж байна.

    -Аймгийн эрүүл мэндийн салбарт хүнд суртал, хариуцлагагүй байдал ихээхэн газар авсан тухай, эмч, эмнэлгийн ажилтнуудын дотор ажилдаа хайнга хандах, үүрэгт ажлаа оромдож, хувийн эмнэлэг, бизнесээ илүү бөөцийлэх, өвчтөн үйлчлүүлэгчдийг үл тоомсорлох, гар харж, шан харамж авах, архидан согтуурах зэрэг ёс зүйгүй, өргөсөн тангарагтаа үнэнч бус явдал гаргадаг гэсэн иргэдийн гомдол, шүүмжлэл нэмэгдсээр байдаг.
    Ганцхан жишээ авахад, эхийн болон 0-1, 1-5 насны нялхсын эндэгдлээр улсад тэргүүлж, өнгөрсөн жилд 5 эх, 0-1 насны 68, 1-5 насны нялхсын эндэгдэл 25 гарсан ба энэ оны эхний хагас жилд дээрх дутагдал давтагдах шинжтэй байгаа нь иргэдийн иргэдийн шүүмжлэл үндэслэлтэйг харуулж байна. Эдгээр дутагдлуудыг шийдвэртэй засах арга хэмжээг аймгийн удирдлага холбогдох яам, мэргэжлийн хяналтын улсын албатай хамтарч авахын зэрэгцээ эмнэлгийн байгууллагуудын материаллаг бааз, оношлогоо, эмчилгээний техникийн боломж, эм хангамж, эмч сувилагч нарыг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх тал бүрийн арга хэмжээг боловсруулан дэс дараатай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

    -Баян-Өлгий аймгийн онгон байгаль, цэвэр агаар, цэнгэг ус, газар зүйн хувьд ашигтай байрлалын давуу тал нь хөгжлийн зангилаа асуудлуудыг шийдвэрлэхэд нэгэн таатай нөхцөл юм. ОХУ, БНХАУ-тай хил залгадаг, Казахстантай шууд харилцаатай, Исламын ертөнцтэй илүү ойр холбогдох сэтгэл зүй, шашин шүтлэгийн хүчин зүйлийн энэхүү боломжийг аймгийн эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд ухаалгаар ашиглан, зээл тусламж авах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг бүхий л талын арга замыг хайж, санаачлага, овсгоотой ажиллах нь чухал юм.

    -Эдийн засаг, нийгмийн зорилтыг шийдвэрлэхэд хүний хүчин зүйл туйлын чухал. Танай аймгийн хувьд ажиллах хүч, хүний нөөц ихтэй, ард иргэд нь хөдөлмөрч хичээнгүй чанартай, ахмад үеэ хүндэтгэн, үндэснийхээ зан заншилаа дээдлэн, эвтэй найрсаг аж төрж ирсэн уламжлалтай, Алтайн уул шиг нөмөр нөөлөгтэй аксакалуудын амьдралын хат суусан баялаг туршлага, алтан сургаал, залуу үеийнхэний сурч боловсрох, ажиллах чин эрмэлзлэл зэрэг нь юу юунаас эрхэм зүйл билээ.

    Танай аймгийн удирдлага, байгууллага, иргэдийн хүсэл эрмэлзэлд тулгуурлан баруун бүсийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Баян-Өлгий аймгийг хөгжүүлэх зорилт, чиглэл Монгол Улсын төр засгийн анхаарлын төвд байнга байсаар байх болно. Анхаараад зогсохгүй шийдвэрлэх арга замыг Та бүхэнтэй хамтран эрэлхийлэн ажиллах болно гэдгээ илэрхийлж байна. Засгийн газраас авч явуулж байгаа арга хэмжээ болон нутгийн захиргааны байгууллагуудын ажлын ололт амжилт, алдаа дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар товч дурдахад ийм байна. Хэдэн үеэрээ аж төрөн суугаа, ээлтэй Өлгий болсон энэ л сайхан нутагтаа эдийн засаг, аж ахуйгаа хөгжүүлж, эрх чөлөөтэй, баян чинээлэг амьдарч 70 жилйин зузаан түүх, баялаг туршлагаа улам бататгаж, тулгамдсан шинэ зорилтуудыг шийдвэрлэх үйлстээ их амжилт олохыг Баян-Өлгийчүүд Та бүхнээсээ хүсэн ерөөе.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Ерөнхий сайд С.Батболд Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн баяр наадам дээр хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболд Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн баяр наадам дээр хэлсэн үгЭрхэм хүндэт иргэд ээ

    2010-07-28

    Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч шадар ван Чингүнжавын мэндэлсний  300 жилийн ойн баяр наадамдаа хол ойроос хүрэлцэн ирсэн  Хотгойд түмэн Та бүхэндээ болон нийт Хөвсгөлчүүддээ Монгол Улсын Засгийн газар , ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хорооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн мэндчилье. Дэлгэр монгол орныхоо ариун дагшин хойморт дээдсээс өвөлсөн нутагтаа  эрх тааваараа аж төрөн суугаа Хөвсгөлчүүд ой угтсан олон бүтээлч ажил санаачлан , орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлж, аж ахуй,  соёлын бүтээн байгуулалт өрнүүлж, амжилт бүтээл арвин, баяр хөөр дүүрэн байгаа нь бахархалтай.

    Хөвсгөл аймаг өнгөрсөн онд улсдаа хамгийн  олон мал тоолуулж, үр тарианы арвин ургац хураан авч үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээгээ өргөтгөн улс орны хөгжилд зохих хувь нэмрээ оруулсан. Ой угтсан их ажилд орон нутгийн ард иргэд, нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллагуудаас гадна эх орныхоо өнцөг булан бүрт мөн гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа Хөвсгөл нутгийн уугуул иргэд, Хотгойд зоны үр садын оролцоо зүтгэл, үүсгэл санаачлага их байнаа. “Хотгойдын Чингүнжав сан”-гийн оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэж байна. Эвлэн нэгдвэл бүтээж босгодог, зориглон хөдөлвөл санасандаа хүрдэгийн сайхан жишээг Хөвсгөлчүүд Та бүхэн харууллаа.

    Засгийн газар, ой тэмдэглэх Үндэсний хороо, орон нутгийн санаачлагыг дэмжин, хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ, олон талын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Ийнхүү чин зоригт Чингүнжавын мэндэлсэний түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулснаар ирээдүй хойч үед эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, түүний төлөө чин шударгаар тэмцэж ирсэн түүхэн хүмүүсийн баатралаг үйл хэргийг таниулахад чухал ач холбогдолтой боллоо. Түүхэн хүний их ойг угтаж бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлсэн нь орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болжээ.

    Иймээс өнөөдрийн энэ баяр наадмын утга агуулга өргөн дэлгэр юм. Юуны өмнө газар нутаг, үндэс угсаа, түүх соёлынхоо төлөө үеийн үед тэмцэж, хамгаалж ирсэн өвөг дээдсийнхээ гавъяа дурсгалыг алдаршуулан, тэдэндээ хүндэтгэл үзүүлж буй их баяр юмаа. Энэ бол эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улсынхаа бүрэн эрхт иргэн нь болж, эрх дураараа аж төрж байгаа бахархам завшаан, тэнгэрлэг хувь заяагаа баясан тэмдэглэж буй иргэний их баяр юм. Энэ бол эцэг болсон дээд тэнгэр, эх болсон газар дэлхийгээ баясган, ястан угсаатныхаа ёс жудаг, уламжлал, заншлаа эрхэмлэх угсаа, язгуур  соёлын их баяраа. Энэ бол эв найртай, шударга ариунаар  ажиллаж, хийж бүтээснээрээ бахархах бас ирээдүйд хийх бүтээх их  эрч хүч, урам зоригийг ундраах нийгэм, хөдөлмөрийн их баяр юм.

    Эрхэм хүндэт наадамчид аа?
    Хотгойд түмний бахархал шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн баяр наадамдаа хүн бүр хүндэтгэл ёслол дүүрэн оролцож, ёс жудгаа эрхэмлэн , хүүхэд  багачууд, өвгөд өтгөсөө баясган сайхан наадаарай. Хотгойд түмний хүлэг нь хурдан, бөхчүүд нь хүчтэй, харваа нь мэргэн байх болтугай. Хөвсгөлчүүдийн хийморь өөдрөг,хийж бүтээх урам зориг нь эрчлэн, бүтээл туурвилын их амжилт гаргаж улс орныхоо хөгжилд  илүү их хувь нэмэр оруулахыг Та бүхэндээ уриалан, сайн сайхны ерөөл дэвшүүлье.

    Хотлоороо сайхан наадаарай.

  • Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн төлөөлөгчидтэй уулзав

    Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж хэлсэн үг

    2010 оны 07 дугаар сарын 23-ны өдөр

    Хархорин хот

    Эрхэм хүндэт Хархоринчууд аа! иргэд ээ!

    Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний гал голомт нутагт аж төрөн суугаа  иргэд Та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье. Энэ удаагийн хөдөө орон нутгийн томилолтоо  би Монгол эх орныхоо “хүйс” нь болсон төвийн бүсийн тулгуур төв Хархорин хотоос эхэлж байна. “Халхын буян хишиг”-ийн өдөр Хархоринчуудтайгаа уулзаж байгаа нь бүр  ч бэлгэшээлтэй юм. Өнөөдөр бол “Монголчуудын буяныг тогтоон арвижуулах сайн үртэй, идэрийн барилдлагатай өдөр” хэмээн цаг улирлын бичигт тэмдэглэжээ. Бэлгэ ерөөлт энэ өдөр Автай сайн Хааны үүсгэн байгуулсан Монголын бурхан шашны түүхт хийд Бат-Эрдэнэ зуудаа нийт ард иргэдийнхээ сүлд хийморийг даатган мандал өргөлөө.

    Ард иргэдийн амьдрал ахуйтай танилцаж, нутаг орондоо хийж бүтээж байгаа ажил үйлсийг нь нүдээр үзэж, хөгжил дэвшлийн хэтийн зорилт, чиглэлийн талаар санал, бодлоо хуваалцах их аяны эхний уулзалтын эзэд Та бүхэн боллоо. Нөхцөл байдлаа бодитоор дүгнэж, илэн далангүй ярилцацгаая. Миний бие  хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдоод 9 сарын нүүр үзэж байна. Улс орныхоо эдийн засаг, нийгмийн байдалд дүн шинжилгээ хийж, ард олныхоо аж амьдралыг судлан, Засгийн газрын үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилттой ажиллалаа.

    Энэ хугацаанд хамтарсан Засгийн газар олон жил яригдаад шийдэж чадаагүй байсан томоохон асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж улс  орныхоо хөгжлийг түргэтгэх талаар анхны алхамаа хийж, үйлдвэрлэл, бизнес хөгжих илүү тааламжтай нөхцөл бүрдүүлж эхэллээ гэж хэлэх байна. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан Таван толгойн орд газрыг ашиглах эрх зүйн орчны үндсийг тавилаа. Ингэснээр Монголын ард иргэд, үндэсний компаниуд давуу эрхийн хувьцаа эзэмших боломж нээгдэж, Монгол Улсын иргэн бүр өөрийн гэсэн өмчтэй болох,байгалийн баялагтаа эзэн нь байх  түүхэн шийдвэрийг хамтдаа гаргаж чадлаа.

    Уул уурхайн салбарын үр шимийг хүртэхийн тулд зөвхөн орд газруудыг ашиглалтанд оруулснаар хязгаарлагдахгүй, олборлосон ашигт малтмалыг тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэх, ашигт малтмалыг эцэслэн боловсруулах, олон улсын зах зээлд үнэ хүргэн арилжаалах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх гээд олон олон ажлууд ар араасаа ундарч байна. Энэ бүхнийг Засгийн газар ээлж дараатай, тодорхой үндэслэл судалгаатайгаар, нэгдсэн бодлого, нэгдмэл удирдлагаар хангахын төлөө шаргуу ажиллаж байна. Энэ арга хэмжээний нэг болох Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын төслийг Засгийн газраас боловсруулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа. Энэ бодлого хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд 2011-2014 онуудад нийтдээ мянга гаруй км Төмөр замыг Таван толгой-Сайншанд-Баруун Урт-Чойбалсангийн чиглэлд барих болно. Энэ бол аварга том бүтээн байгуулалт, ажлын шинэ байрны төсөл.

    Зам дагаж хөгжил гэдэг. Төмөр замын төсөлтэй уялдаад “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” байгуулах төсөл боловсруулагдаад дуусч байна. Өнгөрсөн 5 сард Засгийн газар хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд, уг төслийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ цогцолборт нүүрсийг боловсруулан кокс гаргах үйлдвэр, үрлэн төмрийн үйлдвэр, нүүрс хийжүүлэх үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр болон бусад үйлдвэрийн газруудыг барьж байгуулахаар төлөвлөж байна. Цогцолборын эхний ээлжийг 2011-2014 онд барьж байгуулах юм.

    Ингэснээр 2015 оноос Монгол Улс уул уурхайн түүхий эдийг экспортлогч бус, түүхий эдийн тодорхой хэсгийг боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн экспортолдог улс орон болох боломжтой. Хамгийн гол нь “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ыг бүрэн байгуулснаар 2010-2021 онд нийтдээ 70,0-80,0 орчим ажлын байр шинээр бий болгоно гэж гэж үзэж байгаа юм. Ийнхүү Уул уурхайд түшиглэсэн Үндэсний Их Бүтээн байгуулалтын үе эхэлснийг Засгийн газрын тэргүүн би зоригтойгоор хэлж чадах байна. Энэ бүх том төслүүдийн зорилго нь Монгол Улсын эрх ашиг, эдийн засгийн бат суурь, Монгол хүний аж амьдралын баталгаа, хөгжлийн үндсийг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

    Засгийн газар ийнхүү алсыг харж, ард түмнийхээ амьдралын чанар, ахуй нөхцлийг сайжруулах зорилтыг аж үйлдвэржүүлэлтийн бодлоготой уялдуулж, хамтад нь шийдвэрлэхийг зорьж байна. Үүний тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, 2010 оныг “Бизнесийн орчны, шинэтгэлийн жил” болгох зэргээр асуудлыг аль болох цогцоор шийдвэрлэхийн төлөө ажиллаж буй. Энэ удаагийн томилолтын нэг зорилго нь Засгийн газар ойрын болон хэтийн бодлого зорилт, хөтөлбөр төслөө орон нутгийн ард иргэддээ танилцуулж, Та бүхнийг Их бүтээн байгуулалтад бие сэтгэлээрээ бэлэн байж, гар бие оролцохыг уриалахад оршиж байгааг хэлье.

    Уул уурхай, аж үйлдвэржүүлэлтийн том зорилтын зэрэгцээ Хөдөө аж ахйн салбарт газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэх замаар дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээгээ бүрэн хангах, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхийг зорьж байгаа. Хүн амынхаа хүнсний хэрэгцээ, аюулгүй байдлыг хангах үүднээс “Атрын 3 аян”-ыг цаашид эрчимжүүлж, 2010 онд Улсын хэрэгцээт буудай, төмсийг 100%, хүнсний ногооны 60%-ийг дотоодын ургацаас хангах зорилт  тавин ажиллаж байна. Энд Хархоринчуудын хувь оролцоо нэн чухал гэдгийг онцлон хэлье.

    Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий  “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг саяхан Улсын Их Хурлаас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Өнгөрсөн өвөл, хавар манай орны мал аж ахуйд учирсан гарз хохирол, гамшгийн хор уршгийг арилгах, амин зуулга болох мал сүргээ алдсан малчдын санаа сэтгэл, ахуй амьдралыг харж үзэж, бололцоотой бүх арга хэмжээг авах нь Засгийн газрын нэн ойрын зорилтын нэг байсаар байх болно. Хорогдсон мал сүрэг жил жилээр өсөж үржинэ. Хамгийн гол нь хүний амь, амьдралын баталгааг хангах нь нэн тулгамдсан асуудал гэдгийг бид ойлгож байгаа.

    “Монгол хүний хөгжлийг хангах нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болно” гэдгийг би энэ ажлыг хүлээж авах үедээ онцлон хэлсэн. Энэ байр суурь одоо ч, цаашид ч хэвээр байх болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1,5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлнэ” гэсэн зорилт хэрэгжих хууль эрх зүйн орчинг өнгөрсөн хугацаанд бүрдүүллээ. Хүний хөгжил сангийн тухай хуулийг УИХ-аар батлуулан байгалийн баялгаас олсон орлогыг иргэддээ тэгш, шударгаар хүргэх ажлыг эхлүүлсэн. “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын дагуу эхний ээлжинд 70,000 төгрөгийг иргэддээ олгоод байна.

    Хүний хөгжлийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  саяхан УИХ-д өргөн барьсан. Энэ хуулиар Хүний хөгжлийн сангаас иргэдэд бэлэн мөнгө олгож буй хугацаанд өөрчлөлт оруулж 2010 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн сар бүр иргэн бүрт 10,000 төгрөг олгож байх, цаашид 2011 оны 01 дүгээр сараас сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн 21,000-аас доошгүй төгрөгт хүргэхээр зорьсон болно. Үүнийг Засгийн газар хэрэгжүүлнээ.

    Иргэн бүрт олгох 1,0 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох зэрэг хэлбэрээс нь сонголт хийх саналыг иргэдээс авах ажлыг зохион байгуулсан. Нийт саналын 50 шахам хувь нь орон сууц худалдан авах урьдчилгаа зээл болон малчны зээл ба бусад зээлийн төлбөрт зориулахаа илэрхийлсэн байна. Үүнийг ч Засгийн газар бодолцох болно. Төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар өсгөхийн зэрэгцээгээр төрийн албан хаагчдийг орон сууцжуулах үүднээс 4 мянган хүнийг хөнгөлттэй зээлд хамруулах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж  эхлээд байна.

    Хүний хөгжил нь зөвхөн халамж, тэтгэмж, цалин орлогоор хангагдахгүй. Түүгээр хэмжигдэхгүй ээ. Харин хөгжлийн түвшин нь Монгол хүний эрүүл мэнд, боловсролын түвшин, амьдралын чанар, өрсөлдөх чадвараар л тодорхойлогдоно. Тиймээс эрүүл мэнд, боловсролын салбарт ахиц шинэчлэл гаргах иж бүрэн бодлогыг бид хэрэгжүүлэхийг зорьж байна. Их бүтээн байгуулалтыг эрүүл бие бялдартай, өндөр боловсрол мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай, хөгжлийн төлөө хүсэл эрмэлзэлтэй, хөдөлмөрч хичээнгүй хатуужилтай хүн л хийх болно. “Монгол хүний хөгжил” гэдгийг манай Засгийн газар ийм өргөн утгаар харж, Их бүтээн байгуулалт хийх, иргэн хүний хөгжлийг хангах хос том зорилтыг нэг зоосны хоёр тал хэмээн үзэж, нэгдмэлээр шийдэхийг зорьж байна.

    Хархоринчууд аа!
    Танай суманд дэд бүтэц бусад сумдаас түлхүү хөгжсөн, ялангуяа байршлаараа улсынхаа газар нутгийн төв цэгт оршиж, хатуу хучилттай  замаар улсынхаа нийслэлтэй холбогдсон,  байнгын найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангагдсан, олон хүн амтай, орон нутгийн чанартай хотын статустай гээд олон давуу тал байна. Монгол Улсын Их Хурлаас баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, ”Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” зэрэг бодлогын баримт бичигт  Хархорин хотыг Хангайн бүсийн тулгуур төв байхаар тусгаж, аялал жуулчлал, газар тариалан, үйлдвэрлэл-үйлчилгээг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөсөн нь ирээдүйн хөгжлийн сайхан боломжийг нээж өгчээ.

    Хархорин сумын хөгжлийн тулгуур нь уламжлалт газар тариалангийн салбар билээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа атаржсан газраа сэргээн ашиглаж, газар тариаланг хөгжүүлэх зорилго бүхий “Атрын 3 аян”-ы хүрээнд  Хархорин сумынхан өнгөрсөн онд 1100 тн төмс, хүнсний ногоо, 700 тн үр тариа хураан авч аймгийнхаа хэрэгцээнд нийлүүлжээ. Хураан авсан үр тарианы хэмжээ урьд оныхоос 4 дахин өссөн хэдий ч ахмад буурлуудын маань сангийн аж ахуйд ажиллаж байх үеийн ургацын хэмжээтэй харьцуулвал хэд дахин бага байгаа нь хойшид нэгийг бодож, ихийг хийгүүштэй.

    Орхоны хөндийд  газар тариалан эрхлэх бүрэн боломжтойг   ахмад үеийнхэн маань бидэнд амжилт бүтээл, амьдралын туршлагаараа нотлон харуулсан билээ. Энэ ялдамд Хархорин сангийн аж ахуйд ажиллаж газар тариалан эрхлэх их үйлсэд гар бие оролцож явсан ахмад буурлууддаа гүн талархлаа илэрхийлье. Хархорин суманд орчин үеийн технологитой, усалгаатай тариалан эрхлэх болон малын тэжээл тариалалтыг ч нэмэгдүүлэх замаар төвийн бүсийн улмаар үндэсний хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулж, сум орны эдийн засгийн бие даасан байдлыг хангах бүрэн бололцоо бий. Газар тариалангийн салбарын шинэ бүтээн байгуулалтыг эндээс эхлүүлж болно. Тийм ч шаардлага байна. Энэ талаар бүтээлч  санал санаачлага гаргаж, бодит ажлыг эхлүүлбэл санхүүгийн болон орчин үеийн машин механизм,технологийн хангалтыг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас ч анхаарч ажиллах болно.

    Үйлдвэрлэл тэр дундаа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь Хархорин хотын хөгжлийн бас нэг тулгуур гэж үзэж байна. Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлого боловсруулан аймгуудад хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгож  эхэлсэн билээ. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас тус сумын 28 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 357.0 сая төгрөгний хөнгөлөлттэй зээл олгож 434 ажлын байр шинээр бий болсон мэдээ байна. Гэсэн хэдий ч ажилгүйдлийн түвшин 6.0 хувьтай байгаа нь ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаар хийж буй ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.

    Монгол Улсын Засгийн газраас Хархорин хотын цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээг шинээр байгуулахад эхний ээлжинд 1.0 тэрбум төгрөгний санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Инженерийн шугам сүлжээ ашиглалтанд орсноор бизнес эрхлэгчдэд бас нэг таатай нөхцөл бий болно гэж үзэж байна. Хархорин хотын хөгжлийн бас нэг тулгуур нь яах аргагүй аялал жуулчлалын салбар мөн. Монгол Улсын аялал жуулчлалын үндсэн маршрутад Хархорин хот хамаардаг нь энэ салбарын бизнес, үйлчилгээ  хөгжих бүрэн боломжтой билээ.

    Орхоны хөндийн цогцолборт газрууд, Монголын эзэнт гүрний нийслэл Харахорум хотын туурь, Эрдэнэзуу хийдийг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Та бүхэн туршлага хуримтлуулж,  амжилт олж байгаа. Цаашид мэргэшсэн хөтөч бэлтгэх, аялал жуулчлалын шинэ төрлийн шинэ менежмент бүхий соёлтой  үйлчилгээнүүдийг бий болгох, байгаль орчныг хамгаалахад ихээхэн анхаарч ажиллах шаардлагатай байна. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдаж буй 5.0 сая долларын төсөвт өртөг бүхий” Хархорин-Музей”энэ онд багтаж ашиглалтанд орох ёстой. ”Хархорин-Музей” ашиглалтанд орсноор тус хотод аялал жуулчлал хөгжих өргөн боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

    Энэ бүхэн бол ойрын үеийн дүр зураг юм.  Би Хархорины ирээдүйг дор хаяж арван жилээр, тэгэхдээ их өөдрөгөөр төсөөлж явдаг. Түүх сөхвөл өнөө жил Чингис хааны зарлигаар Их Монгол Улсын нийслэл Хархорум хот үүсгэн байгуулагдсаны 790 жилийн ой тохиож буй. 2005 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч Хархорин хотыг сэргээн байгуулах ажлыг судалж, Улсын Их Хуралд санал оруулахыг Засгийн газарт чиглэл болгосон байдаг. Миний бодоход уул уурхайн болон аж үйлдвэрийн цогцолборын их бүтээн байгуулалт алсуураа Хархорины ирээдүйтэй холбогдоно гэж үзэж байна. Саяхан Засгийн газар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан.

    Энэ хөтөлбөрийн агуулга зөвхөн одоогийн нийслэл Улаанбаатарын хөгжлөөр хязгаарлагдаагүй, бүсийн хөгжлийн бодлого, орчин үеийн хот байгуулалттай нягт уялдаатай. 2020 онд Хархорум хотын 800 жилийн ойг бид шинэ хотын бүтээн байгуулалтаар угтах боломж байхыг үгүйсгэхгүй. Энэ бол биелэхгүй мөрөөдөл биш. Бид зоригловол, хамтдаа зүтгэвэл бүтээж чадах зүйл. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Та бидний өмнө хэтийн сайхан ирээдүй байна.

    Эрхэм хүндэт Хархоринчууд аа, 
    Өнгөрсөн жилийн ололт амжилтаа улам бататгаж, 2011 онд тохиох төрөлх аймгийнхаа түүхт 80 жилийн ойгоо ажил хөдөлмөр, амжилт бүтээлийн дээдээр угтахыг хүсэн ерөөе. Ирээдүйн Хархорины их бүтээн байгуулалт өнөөдрөөс Та бүхний сэтгэл оюунд ургаж, хожим биелэлээ олох болтугай.

  • Монгол улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболд: Сонгуулийн ардчиллын шинэ соёлд суралцахуй

    Монгол улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболд: Сонгуулийн ардчиллын шинэ соёлд суралцахуйБаярын хурлын хүндэт зочид оо,
    Хатагтай, ноёд оо.

    Он цаг улирах тусам утга агуулга, учир холбогдол нь улам тодрох улс төрийн амьдралын нэгэн үйл явдлын ойг дурсан санах ёслол хүндэтгэлийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүгдийнхээ амрыг эрэн мэндчилье. Одоогоос хорин жилийн өмнөх энэ өдрүүдэд зуны аагим халуунтай зэрэгцэн улс төрийн халуухан үйл явц өрнөж байжээ. Түүний оргил нь 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн бүх нийтийн чөлөөт сонгууль байсан юм. Ардчиллын 20 жилийн ойн хүрээнд энэ үйл явдлыг эргэн дурсаж, хүндэтгэл ёслолын арга хэмжээ зохион байгуулж байгаа нь зүй ёсны хэрэг билээ.

    Учир нь 1989 оны өвлийн жихүүн өдөр аядуу намдуу цуглаанаар эхэлсэн ардчилсан хөдөлгөөн цагаан морин жилийн хаврын саруудад эрч хүчээ авч, өргөн олныг хамарч улмаар тухайн үеийн улс төрийн тогтолцоог өөрчлөх шаргуу шаардлага тэмцлийн үр дүн нь энэхүү олон нам оролцсон анхны чөлөөт сонгууль юм. 20 жилийн өндөрлөгөөс эргэн харахад энэ сонгууль нь манай орны улс төрийн амьдралд гарсан нэн онцгой бөгөөд түүхэн ач холбогдолтой үйл явдлын нэгэн болох нь улам тодорч байна. Энэ сонгууль нь улс төрийн олон нам оролцсон анхны сонгууль гэсэн тодотголоороо түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Түүх бичлэг болсон сонины хуудсыг сөхөн харвал тухайн сонгуульд МАХН, МоАН, МСДН, МҮДН, МНН, МЧХН (Чөлөөт хөдөлмөрийн нам) гэсэн зургаан нам оролцсон байна.

    Нэг мандат бүхий 430 тойрогт нам ба нам бусчуудын эвслээс 2413 хүн нэр дэвшин өрсөлдөж байснаараа хамгийн олон нэр дэвшигчтэй сонгууль болжээ. Зарим тойрогт 72 нэр дэвшигч өрсөлдсөн нь содон баримт юм. Бас сонгогчдын идэвх оролцоо хамгийн өндөр, хамгийн их өрсөлдөөнтэй байжээ. Анхны санал хураалтаар 402 тойрогт нэр дэвшигчдээс хэн нэг нь олонхийн санал авч сонгогдсон бол, 28 тойрогт дахин санал хураалт явагдаж, эцсийн дүнгээр 429 депутат сонгогдож, 1 тойрогт 2 удаагийн санал хураалтаар хэн ч олонхийн санал авч чадаагүй байна. Анхны энэ сонгуулиар сонгогч нь нэр дэвшигчдээс нэгийг сонгох, намын төлөө санал өгөх гэсэн 2 давхар санал хураалт явагдсан нь бас нэг онцлог билээ.

    Сонгуулийн үр дүн нь ч өнөөдөр эргэн дурсахад сонирхолтой юм. Нийт сонгогчдын 60.7 хувь нь МАХН-ын, 24.3 хувь нь МоАН-ын, 5.6 хувь нь МСДН-ын, 5.9 хувь нь Монголын Үндэсний Дэвшил намын, 1.2 хувь нь МНН-ын, 1.3 хувь нь МЧХН-ын төлөө тус тус саналаа өгч байжээ. Нэр дэвшигчдийн авсан саналын тоогоор бол АИХ-ын 430 суудлын 84.4 хувийг МАХН-аас, 3.8 хувийг МоАН-аас, 0.9 хувийг Монголын Социал-Демократ намаас, 1.4 хувийг МҮДН-аас, 9.5 хувийг нам бусчуудаас нэр дэвшигчид авч байлаа.

    Энэхүү чөлөөт ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага болох Ардын Их Хурлын анхдугаар чуулганаар байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг 50 гишүүнтэйгээр байгуулсан байна. Ингэхдээ суудлын хуваарилалтыг сонгуульд намуудын авсан саналтай хувь тэнцүүлэх байдлаар шийдвэрлэжээ. Үр дүнд нь МАХН ба бусад намууд 60:40 гэсэн харьцаагаар Улсын Бага Хурлыг бүрдүүлсэн. Энэ нь сонгуулийн дүнгээр улс төрийн намууд парламентад зохистой байдлаар байрших, сонгогчдын саналыг бодитой тусгасан, зөв тэнцвэр бий болох улс төрийн аятай нөхцөлийг бүрдүүлсэн ухаалаг шийдэл байсан нь өнөөдөр улам тодорч байна.

    Анхны ардчилсан сонгуулийн ач холбогдлыг олон талаар тодотгож болно. Үүнд:
    Монгол Улс төрийн шинэ тогтолцоонд шилжин, дэлхийн улс орнуудын нийтлэг жишиг бүхий парламентын засаглалтай орон болох үндэс суурийг тавьсан. Улмаар манай нийгмийн улс төрийн тогтолцоо, төрийн байгууллын бүтцийг үндсээр нь өөрчлөх, олон намын тогтолцоо бүрэлдэн төлөвших нөхцөлийг бүрдүүлжээ. Улс төрийн олон нам болон нам бусчуудын эвслээс нэр дэвшүүлэх, нэг тойрогт нэг мандатын төлөө олон нэр дэвшигч өрсөлдөх нөхцлийг бүрдүүлснээрээ иргэдийн сонгох сонгогдох эрхийг аливаа хязгаарлалтгүйгээр чөлөөтэй эдлүүлэх болсон. Иргэд ч энэ сонгуулиар үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх, сонголт хийх эрх, эрх чөлөөгөө илүү бодитойгоор мэдэрснээр цаашид нийгмийг ардчилах замд том түлхэц үзүүлсэн.

    Олон нам бүлгийн төлөөлөлтэй төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага-Ардын Их Хурал, хууль тогтоох дээд байгууллага-Улсын Бага Хурлыг байгуулснаараа улс төрийн олон ургальч үзлийг парламент дотор өрнүүлэх, улс төрийн зөвшилцлийг хангах нөхцөлийг ч бас бүрдүүлжээ. Сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал нь засаг захиргааны бүх нэгж, хүн ам, нийгмийн бүх бүлэг давхаргын төлөөллийг өөртөө багтааж, нийт ард олны санал бодлын бодит тусгал, бүрэн төлөөлөл болж байснаараа нийгмийн зөвшилцөл, үндэсний нэгдлийг хангаж чадсан байна.

    Тийм ч учраас үйл ажиллагаа нь нийгэмд нээлттэй, иргэд сонгогчидтойгоо эргэх холбоо, амьд харилцаатай байж, аливаа асуудлыг нийтийн эрх ашгийн үүднээс, нийгмийн санаа бодлын огтлолцол дээр авч үзэж, голч төвч байдлаар шийдвэр гаргаж байв. Үүний хамгийн тод нотолгоо, чухал ололт нь Монгол Улсын шинэ үндсэн хуулийг боловсруулж хэлэлцсэн явц ба түүнийг эцэслэн баталсан явдал мөн. Ийнхүү энэ сонгууль нь Монгол Улсад сонгуулийн ардчиллыг жинхэнэ утгаар хөгжүүлэх анхны томоохон алхам болж, манай орны улс төрийн сонгуулийн практикт олон зүйл дээр цоо шинэ жишиг тогтоож өгсний зэрэгцээ цаашид сургамж авч залруулууштай зарим зүйлийг тодруулж өгсөнд түүний ач холбогдол оршино.

    Эрхэм нөхөд өө,
    Анхны чөлөөт, ардчилсан сонгуулийн ач холбогдлыг онцлон тэмдэглэхдээ, түүнийг угтвар нөхцөл, дараагийн үйл явдлаас нь салангид авч үзэх учиргүй. Энэ сонгуульд хүрсэн зам мөр шулуун дардан, амар хялбар байгаагүй. Үүнийг өнөө ба хойч үеийнхэнд үнэн мөнөөр нь бид бас хэлэх учиртай. Анхны чөлөөт сонгууль ч, ардчиллын өнөөгийн ололт, үнэт зүйлс ч аль нэг улс төрийн хүчин, нийгмийн аль нэг бүлэгт дангаараа харяалагдах өмчлөгдөх учиргүй, Монголын ард түмний хамтын бүтээл, нийт иргэд, улс төрийн бүх хүчний хамтын оролцооны үр дүн, нийтлэг ололт мөн билээ.

    Харин оролцооны хэлбэр агуулга, хувь хэмжээ  гүйцэтгэсэн үүрэг, үүрсэн ачааны  жин өөр өөр байсан нь ойлгомжтой. Энд би МАХН-ын даргын хувьд тухайн үйл явдалд МАХН-ын гүйцэтгэсэн үүрэг, оролцооны тухай хэдэн үг хэлэх нь зүйтэй. Тэр үед улс төрийн үйл явц маш хурдтай, далайцтай тархаж, нөхцөл байдал өдөр хоногоор, бүр цаг минутаар өөрчлөгдөж байсан. Мэдээж аливаа тэмцэл шинэ ба хуучин, эрх баригч ба эсрэг хүчин гэсэн хоёр талын хооронд явагддаг тэр жам ёсны дагуу л үйл явц өрнөсөн байна. Энд нэг талаас эрх баригч, хуучинсаг хүчин гэгдэх МАХН, нөгөө талаас эрх баригчдыг эсэргүүцэгч шинэ хүчин гэгдэх ардчилсан хөдөлгөөнд багтагч холбоо, эвсэл,  нам, хүчнүүд үйл явдлын хоёр гол оролцогч, тоглогч байлаа.

    1990 оны 2 дугаар сарын 18-нд болсон Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурлаас МоАН-ыг байгуулсан үеэс үйл явц эрс идэвхжиж, хурцдаж өрнөсөөр ердөө 5 сарын дараа дээрх сонгуулийг хийсэн юм. Энэ хугацаанд МоАХ-г гол цөмөө болгосон ардчилсан хүчний эвслийнхэн мэдэгдэл, сонордуулга хийх, шүүмжлэл, эсэргүүцэл өрнүүлэх, ил захидал, шаардлага хүргүүлэх, өргөх бичиг өргөх, тулган шаардлага тавих, жагсаал цуглаан, бүслэлт, суулт, өлсгөлөн зарлах зэргээр тэмцлийн энгийнээс хамгийн хурц хэлбэрүүдийг сонгон шаргуу тэмцэл өрнүүлж байжээ.

    Нөгөө талд нь эрх баригч хүчин хориглолт, хамгаалалтын байдалд орсон боловч бүхэлдээ аядуу намдуу, ухаалаг хүлээцтэй хандаж, удирдлагын зүгээс “хэрхэвч хүч хэрэглэж болохгүй” гэсэн зарчмыг баримталж,  асуудлыг шийдэх гарцуудыг хайж, үйл явдлыг зөв чигт залж чиглүүлж байлаа. Ингэхдээ ардчилсан хүчнийхэнтэй хэлэлцээрийн ширээний ард суух, хамтарсан тунхаглал гаргах, буулт хийх, зөвшилцөлд хүрэх зэрэг “зөөлөн” аргаар хурцадмал байдлыг намжааж байсан нь ази дахь ардчиллын үлгэр жишээ буюу “аядуу ардчиллын загвар”-ыг бүтээхэд оруулсан хувь нэмэр гарцаагүй мөн.

    Дээрх 5 сарын хугацаанд МАХН өөрийн дотоодод болон улс төрийн хүрээнд зоримог өөрчлөлтүүдийг хийсэн. Тухайлбал, бүгд хурлаа хуралдуулж, улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, намын онц их хурлыг хуралдуулах, “МАХН бол төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч мөн” гэсэн үндсэн хуулийн онцгой эрх бүхий заалтаас татгалзах шийдвэр гаргаснаараа МАХН хариуцлагатай хүчин гэдгээ харуулсан гэж түүхчид дүгнэсэн байдаг. Намын онц их хурлаараа хөтөлбөр, дүрмээ шинэчлэн, удирдлагын сэлгээ хийж, нийгэмд улс төр, эдийн засгийн эрчимтэй өөрчлөлт хийхийн төлөө шийдвэр гаргасан.

    Улмаар МАХН-ын гишүүдийн 100 хувийн төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй БНМАУ-ын АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн 9 дүгээр чуулганыг зарлан хуралдуулж, Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг хэлэлцэж баталсан юм. Хожим шилжилтийн үеийн “Бага Үндсэн хууль” гэж судлаачдын онцлон тэмдэглэх болсон эл хуулинд нам, төрийн эрх үүргийг зааглах, улс төрийн тогтолцооны гол цөм нь төр байх, ингэхдээ төрийн байгуулал нь АИХ-аас гадна байнгын ажиллагаатай парламент-УБХ, төрийн тэргүүн-ерөнхийлөгчийн институт, Засгийн газар гэсэн бүтэцтэй байх, тэдгээрийн хоорондын эрх мэдлийн харилцан хамаарал, зөв тэнцэлтэй, хуваарилалттай байх заалтуудыг оруулж баталсан. Ийнхүү чөлөөт сонгуулийн дараа байгуулагдах төрийн шинэ тогтолцоо, төрийн байгууллын бүтцийг хуульчлан баталгаажуулсан байна.

    Улмаар тус чуулганаар Улс төрийн намуудын тухай хуулийг шинээр, Ардын депутатуудын хурлын сонгуулийн хуулийг шинэчлэн баталж, бүх нийтийн чөлөөт ардчилсан сонгууль явуулах шийдвэр гаргасан юм.  Ингэснээр олон намын тогтолцооны үндсийг бүрдүүлж, дөнгөж үүсээд байсан балчир шинэ намууд улсын бүртгэл авч, улс төрийн үйл ажиллагаа явуулах хууль ёсны эрхтэй болж, улмаар ердөө 3 сарын дараа сонгуульд бие даасан субьект болж өрсөлдөх зам мэдлийг засаж, боломж бололцоог олгосон юм.

    Хэдийгээр ийнхүү цаг үеийн шаардлага, АХ-ний тулгалт байсан ч олон намын болон чөлөөт ардчилсан сонгуулийн тогтолцоо бүрдэх, төрийн шинэ байгуулал бий болох улс төр, эрх зүйн угтвар нөхцөлийг бүрдүүлэхэд МАХН онцгой үүрэг гүйцэтгэснийг энэ өдөр эргэн дурсахгүй байж боломгүй. Түүх түүхээрээ байх ёстой. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан АИХ-ын суудлын 84.4 хувь, УБХ-ын суудлын 60.4 хувийг МАХН авч, төрийн тэргүүн-БНМАУ-ын анхны ерөнхийлөгчөөр тэр үеийн МАХН-ын гишүүн Пунсалмаагийн Очирбат гуай сонгогдож томилогдсон нь ардчилсан төрийн шинэхэн түүхийн эхэн үеийн содон үйл явдлын нэг болж тэмдэглэгдсэн байдаг.

    Ингэлээ гээд МАХН монголын ардчиллын хөдөлгөөнд саад болоогүйгээр барахгүй, ачааны хүндийг мөрлөж, улс төр, нийгмийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд зүтгүүр хүчин болж ирсэн. Шинэ үндсэн хуульт байгуулал бүрдэх хүртэлх шилжилтийн үеийн улс төр, эдийн засаг, нийгмийн амаргүй алхмуудыг МАХН, түүний тэргүүлсэн Засгийн газар нуруундаа үүрч гарсан. Олон түмэн энэ бүхнийг үнэлж, ойлгож, удаа дараа итгэл хүлээлгэсээр ирсэн. Ардчиллын 20 жилийн 16 жилд нь засгийн эрхийг дангаар болон хамтран барилцаж байгаа нь үүний тод нотолгоо болно. Итгэл хүлээлгэсээр ирсэн иргэд олондоо МАХН-ын мянга мянган гишүүдийн өмнөөс болон хувиасаа гүн хүндэтгэл илэрхийлж, талархал дэвшүүлж байна. Мөн манай намыг шинэчлэн өөрчлөгдөхөд түлхэц өгч, шударга шүүмжлэл, шахалт шаардлагаар өдөөж, хурцалж ирсэн ардчилсан хүчнийхэндээ түүхт ойн баяр хүргэж, талархлаа илэрхийлж байна.

    Эрхэм хүндэт иргэдээ,
    20 жилийн тэртээх чөлөөт ардчилсан сонгуулиар үндсэн суурь нь баталгаажсан, ардчиллын замнал Та бидэнд олон зүйлийн ухаарал сургамж үлдээсэн, бахархам ололт амжилт, өмгөөлөн хамгаалах, эрхэмлэн дээдэлбэл зохих олон олон үнэт зүйлсийг бий болгожээ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шүтлэг бишрэлтэй байх эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт сонголт, бизнесийн болон бүтээн туурвих эрх чөлөө, олон намын тогтолцоо, иргэний нийгмийн байгууллагад суурилсан ардчиллын институциуд бодит байдал, бидний амьдралын ердийн хэм хэмжээ үнэлэмж болжээ. Улс төрийн намуудын харилцаанд улс төрийн шинэ соёл, шинэ хэм хэмжээ тогтож, улс төрийн намууд сөргөлдөгчид биш түншлэгчид болж төлөвшиж байна. 

    Сонгуулийн үед өрсөлдөгчид байх боловч  улс орны нийтлэг асуудал, үндэсний эрх ашгийн төлөө хамтран ажиллагчид боллоо. Үүний жишээ нь өнгөрсөн жилүүдийн эвслийн болон өнөөгийн манай хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа юм. Бид эвсэж нэгдвэл их зүйлийг хийж бүтээж чадахаа ойлгодог боллоо, туршлагатай боллоо. Энэ бол өнгөрсөн 20 жилийн ардчиллын сургамж бид бүхний хамтын ололт, хамтын ухаарал мөн. Хамтарсан засгийн газар өнгөрөгч хугацаанд УИХ-тай  хамтран олон жил яригдаад шийдэж чадаагүй томоохон асуудлуудыг эхнээс шийдвэрлэж, улс орныхоо хөгжлийг түргэтгэх, хүн ардынхаа аж амьдрал, хүний хөгжлийг хангах, үйлдвэрлэл бизнесийг хөгжүүлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зоримог алхмуудыг хийж эхлээд байна.

    Стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах энхий алхам болох Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө орууллалтын гэрээг байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Таван толгойн орд газрыг ашиглах үзэл баримтлалыг батлуулснаар байгалийн баялагтаа эзэн нь байх, иргэн бүр өмчтэй болох хувь хишиг хүртэх, үндэсний компаниуд давуу эрхийн хувьцаа эзэмших, өсөж хөгжих түүхэн шийдвэр гаргалаа. Үндэсний аж Үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, шинэ бүтээн байгуулалт, говийн бүсийн дэд бүтцийн хөгжил, атрын III аян, монгол мал хөтөлбөр гээд асар их хөрөнгө оруулалт шаардсан аварга том бүтээн байгуулалт, ажлын байрны багтаамжтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүүлэх эхний алхамуудыг хийлээ. Эдийн засгийн хөгжлийн галт тэрэг нэгэнт хөдөлсөн гэдгийг хамтарсан Засгийн газрын тэргүүний хувьд хэлж байна.

    Нэг үгээр хэлбэл улстөр, нийгмийн өөрчлөлтийн 20 жил дуусч, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн 20 жилийн буухиа эхэлж байна. Энэ буухиа галт тэрэгний эрч хурдыг сааруулахгүйн тулд хамтарсан Засгийн газар олон арга хэмжээ авч байна. Үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, бүртгэлийн тогтолцоог бүрдүүлэх, банк санхүүгийн тогтолцоог тогтворжуулах, төрийн өмчийн компаниудын удирдлагыг нээлттэй болгох менежментийг шинэчлэх, бизнесийн орчны шинэтгэлийг эрчимжүүлэх, боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, нийгмийн эрүүл мэнд, даатгал, халамжийн  үйлчилгээг чанарын шинэ түвшинд гаргах, ажлын шинэ байрыг нэмэгдүүлэх талаар чармайн ажиллаж байна.

    Хүний хөгжлийн сан, Хөгжлийн банк байгуулж, иргэддээ хувь хишиг хүртээх, их бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх  ажлыг эхлүүлж байна. Хүний хөгжлийг хангах , иргэдийн амьжиргааг хамгаалах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байна. Иргэдийн хөдөлмөр эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр 30,0 тэрбум төгрөгийг баталж, 10 дугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин, иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар өсгөх, хүний хөгжил сангаас иргэддээ сар бүр хувь хишиг хүртээх шийдвэрүүдийг гаргаад байна. Энэ бүхэн Засгийн газрын хийх л ёстой ажлууд. Бид бодитой ажил хийх болно.

    Эдийн засаг, нийгмийн эдгээр зорилтуудын зэрэгцээ ардчиллын хөгжлийг хангах, ардчиллын шинэ соёлыг нийгмийн бүх салбарт нэвтрүүлэх зорилтууд тулгараад байна. Энд юуны өмнө сонгуулийн тогтолцоо, сонгуулийн ардчиллыг улам боловсронгуй болгох нь тулгамдсан зорилт юм. Анхны чөлөөт сонгуулиас хойш УИХ-ыг сонгох 5 удаагийн, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 5 удаагийн сонгуулийг явуулжээ. Ахиц дэвшил мэдээж байгаа боловч зарим талаараа анхны чөлөөт сонгуулийн ардчилсан, шударга өрсөлдөөний зарчмаас гажсан зүйл бий. Үүнийг сүүлийн сонгуулиуд тойрсон маргаан будлиан, иргэдийн санал шүүмжлэл нотолж байгаа. Энэ байдлыг засч залруулахын тулд сонгуулийн тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох гарцаагүй шаардлагатай. Одоо сонгуулийн хуулийн төсөл ид ярьж байна. Төсөлд хувь тэнцүүлэх / пропорциональ / хувилбар тодорхой хэмжээгээр тусгагдсан. 1990 онд УБХ-ыг бүрдүүлэхдээ энэ зарчмыг баримталсан нь тухайн үедээ улс төрийн шударга хуваарилалт, оновчтой шийдэл болсон туршлагыг ч харгалзан үзүүштэй.

    Хамгийн гол нь бид бүгдээрээ сонгуулийн ардчиллын шинэ соёлд суралцах шаардлагатай байна. Сонгууль бол түүнд оролцогч улс төрийн намууд нэр дэвшигчид, сонгогчид, сонгуулийг зохион байгуулагч олон субъектуудын оролцоо, харилцааны соёлыг илтгэх чухал толь билээ. Сүүлийн үед энэ толинд бид тийм ч сайхан харагдахгүй байгаа билээ. Энэ дутагдлаа засч залруулах нь ардчилалд суралцаж, түүнийг хөгжүүлж буйн нэгэн шалгуур болно. 20 жилийн өмнөх анхны чөлөөт ардчилсан сонгуулийн цэвэр шудрага өрсөлдөөний уламжлалыг сэргээж, сонгуулийн ардчиллын шинэ соёлыг төлөвшүүлж, монголын ардчиллын хөгжилд шинэ түрлэг нэмэхийг нийт иргэд сонгогчид, улс төрийн бүх намд уриалж байна.

    Та бүхэндээ анхны ардчилсан сонгуулийн 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргье.

  • Монгол Улсын Иргэний шинэчилсэн бүртгэлийн нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

    Монгол Улсын Иргэний шинэчилсэн бүртгэлийн нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг Эрхэм хүндэт Монгол Улсын Иргэд ээ, эрхэм хүндэт Зочид оо,
    Та бүхний энэ өглөөний амгаланг айлтгая.

    Хамтарсан Засгийн газар “Хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн” гэж бодлогоо тодорхойлон “Монголын төр иргэндээ ойрхон байх ёстой”-г миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын албыг дөнгөж аваад хэлж байсан. Монголын төр иргэнийг холбох гүүр нь улсын бүртгэл. Энэхүү гүүрийг төр, иргэн хамтдаа шинэчлэх, дахин тулгуур багана босгох суурийг тавьж байна. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл өнөөдөр орон даяар эхлэж байна.
     
    Төр иргэнийг холбосон бүртгэлийн төгөлдөршил бол хөгжлийн нэг гол түлхүүр юм. Иймээс Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсад бүртгэл, мэдээллийн тогтолцоог бий болгох Үндэсний хөтөлбөр”-ийг баталж, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгож, бэхжүүлэх” зорилтыг дэвшүүлэн тавьсан. УИХ-аас 2009 онд “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийг баталсанаар улсын бүртгэлийг нэгдмэл, хараат бусаар үнэн зөв хөтлөх, бүртгэлийн ажлыг шинэ шатанд гаргах хууль зүйн орчинг бүрдүүлсэн.
    Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл “Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох” үндэс, суурь нь болох юм.

    Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, байгалийн баялгаас олох ашгаа ард иргэддээ тэгш хүртээх асуудлыг Иргэний шинэчилсэн бүртгэлтэй уялдуулан зохион байгуулахаар Засгийн газраас холбогдох шийдвэрийг гаргаад байна.Oдоо УИХ-аар хэлэцэж байгаа Таван Толгойн хувьцааны 10 хувийг ард түмэндээ тараахад ч  иргэний шинэчилсэн бүртгэл  гол тулгуур болох учиртай. Төрөөс иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай, бодитой, тэгш, шударга хүргэх нөхцлийг бүрдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэний эрхийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад Иргэний шинэчилсэн бүртгэлийн ач холбогдол оршино  Иргэний шинэчилсэн бүртгэлийг иргэний биеийн давхацахгүй өгөгдөлд суурилан явуулна.

    Иргэний шинэчилсэн бүртгэлийг бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн суурь өгөгдөл болгож, цаашид хэрэглэгээнд оруулж ашиглах нь чухлаар тавигдаж байгаа төдийгүй «ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРОН, БҮТЭЭГЧ АРД ТҮМЭН»  болох үзэл баримтлалын үндэс суурийг бэхжүүлэхэд
    улсын бүртгэл голлох үүрэгтэй. Монгол Улсын иргэд ээ. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлдээ бүртгүүлцгээе.

    Анхаарал тавьсанд баярлалаа

  • “Нотолгоонд суурилсан худалдааны бодлого ба Ази, номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх хэлэлцээний арга хэрэгслүүд” сэдэвт гүнзгийрүүлсэн семинарыг нээлт

    “Нотолгоонд суурилсан худалдааны бодлого ба Ази, номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх хэлэлцээний арга хэрэгслүүд” сэдэвт гүнзгийрүүлсэн семинарыг нээлт

    Хатагтай, ноёд оо,
    Зочид, төлөөлөгчид өө,

    Энд хуран цугларсан та бүхний амрыг эрэн мэндчилье.

    Юуны өмнө, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэхүү семинарыг манай улсын Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулж буй НҮБ-ын Ази, номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комисст талархлаа илэрхийлье. Семинарын сэдэв, агуулга нь манай улсын хувьд тулгамдсан зарчмын асуудлыг хөндөж байна. Ийм ч учир яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, агентлаг, газруудын удирдлага нарыг энэ арга хэмжээнд хамруулж байгаа юм. Шийдвэр гаргахад нотолгоо, судалгаанд суурилах нь хүний нөөц, боловсролын түвшин, техник технологийн ашиглалт зэрэг олон зүйлээс хамаарах бөгөөд шийдвэр гаргах механизм бүрдүүлэх, нотолгоонд үндэслэх соёлыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

    Монгол Улс шилжилтийн үеийг дуусгаж, эдийн засгийн хөгжлийн өндөр түвшинд хүрэх зорилтын дор нийгэм, эдийн засгийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх түүхэн үедээ орж байна. Гэвч ардчилал, зах зээлийн эдийн засгийн асар их нөөц бололцоог хөгжлийн хүчин зүйл болгохын тулд сайн засаглал, ил тод, тодорхой, тогтвортой, ойлгомжтой бодлого, цэгцтэй хөгжлийн төлөвлөлт үгүйлэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор төрийн шийдвэр гаргах тогтолцоог нотолгоо, судалгаа, бодит тооцоонд тулгуурлах зарчимд шилжүүлэх нь цаг үеийн шаардлага нэгэнт болжээ.

    Өнөөгийн төр засгийн бүхий л түвшин, нийгмийн салбарт өвлөгдөж ирсэн нэг зүйл бол мөрөөдлийн жагсаалт мэтийн зүйл бичээд түүнийгээ төлөвлөлт гэж нэрлэдэг, түүнчлэн нээлттэй, ил тод хэлэлцүүлэг явуулж байж хамгийн оновчтой хувилбарыг сонгохын оронд үзэмж буюу баримжаагаар шийдвэр гаргахаа бодлого гэж нэрлэдэг явдал юм. Үүний дүнд дэвшүүлсэн олон сайхан зорилт цаасан дээр үлдэж, төр засгийн бодлого амьдралаас хол хөндий байна гэсэн шүүмжлэлд байнга өртөж байна. Энэ ужгирсан арга барилаас шийдвэртэй салах хэрэгтэй.

    Бодлого бол бодит нотолгоон дээр суурилсан байх учиртай. Шийдвэр гаргагч нарт асуудлыг боловсруулж танилцуулах үүрэг бүхий та бүгд бодит мэдээлэл дээр суурилан, тал талаас нь тунгаан хэлэлцэж, шүүсний үр дүнд хамгийн боломжийн хувилбаруудыг гаргаж ирэх учиртай. Ажлын ийм арга барилд нэн даруй суралцах нь чухал. Үүний тулд ажилд хандах сэтгэлгээгээ өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй. Энэхүү семинар нь нотолгоонд суурилсан худалдааны бодлого ба Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх хэлэлцээний арга хэрэгслүүд гэсэн тодорхой чухал сэдвийг хэлэлцэнэ. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь аливаа улстай хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал хэрэгсэл болон өргөжиж, цөөнгүй улс орон энэ хэлбэрийн хамтын ажиллагааг сонгон ажиллаж байна.

    Түүнчлэн, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны үйл явц хурдацтай хөгжиж байна. Сүүлийн 2 өдөр Улаанбаатар хотноо ээлжит байнгын хуралдаанаа зохион байгуулсан “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-ийн байгууллага нь үүний нэг жишээ юм. Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т ажиглагчийн статустай оролцож байгаа бөгөөд цаашид энэхүү Хэлэлцээрт гишүүн болох сонирхлоо илэрхийлсэн. Монгол Улс бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид нэгдэн орсноор зах зээл улам нэмэгдэх, бараа, үйлчилгээний чанар, стандарт сайжрах, худалдааны эргэлт өсөх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Гагцхүү эдгээрийг тоон болон чанарын хэмжүүрээр нотлох судалгаа, аргачлал бидэнд хэрэгтэй байна.

    Хатагтай, ноёд оо,

    “Долоо хэмжиж нэг огтол” хэмээх манай ардын сайхан үг бий. Энэ үгийн мөн чанар, цаад утга нь сайтар бодон тунгааж, судалж, нотолж байж шийдвэр гарга гэсэн санаа мөнөөс мөн гэж бодож байна.

    Иймд энэхүү чухал сургалт, семинарт оролцогч Та бүгдэд шамдан суралцах, бас дээр нь түгээн дэлгэрүүлэх гэсэн хоёр чухал хариуцлага ногдож байгааг анхаарна биз ээ. Өөрөөр хэлбэл, энэхүү сургалтын үеэр заасан зүйлсийг хичээнгүйлэн сурч, түүний дараа өөрийн байгууллага, хүрээлэлд нэвтрүүлэн, төлөвшүүлэх нь та бүгдийн эрхэм зорилго байх учиртай юм. Нотолгоон дээр суурилсан бодлогын үзэл баримтлал нь эрүүл мэндийн салбарт анх хөгжсөн гэдэг. Та бүхэн семинарын энэ гурван хоногийн туршид манай нийгэмд нүүрлэж буй архаг согогийн угшлыг нотолгоон дээр суурилсан аргачлал хэрэглэн арилгах арга замын тухай ярилцаж, энэ талаархи мэдлэгээ баяжуулах болно.

    Эцэст нь энэхүү сургалт, семинарыг манай улсын Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулж байгаа НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комисс, түүний дотор Худалдаа, хөрөнгө оруулалтын хэлтсийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа гүн талархлаа дахин илэрхийлье. Түүнчлэн, “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-ийн Байнгын хорооны хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах санаачлага гарган бидэнд өндөр итгэл үзүүлсэн Та бүхэнд баярласнаа дахин илэрхийлж байна.

    Семинарын үйл ажиллагаанд амжилт хүсье.

    Анхааран соёрхсонд баярлалаа.

  • С.Батболд: Алгаа тосдог бус ажил хийдэг үе ирлээ

    С.Батболд: Алгаа тосдог бус ажил хийдэг үе ирлээ Тавантолгой ордыг ашиглах асуудлаар УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд С. Батболдын хэлсэн үг

    Улсын Их Хурлын дарга, 
    Улсын Их Хурлын гишүүд ээ,
    Хатагтай, ноёд оо,

    Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн эх орныхоо байгалийн баялаг, өгөөж хишгийн үр шимийг хүртэх бололцоог Монголчууд бидэнд олгох уул уурхайн томоохон төслийн талаарх Засгийн газрын байр суурийг Улсын Их Хуралд танилцуулж байна. Энэ бол Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах үзэл баримтлал юм. Өмнийн говьд орших Тавантолгойн нүүрсний, Оюу толгойн зэс-алтны  ордын зүг эзэн нь болсон монгол хүн бүр итгэл найдварын харц тавьсаар багагүй хугацаа өнгөрч байна. Стратегийн ач холбогдол бүхий эдгээр ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай Улсын Их Хурал 2008-2009 оны заагаар нухацтай хэлэлцэж, холбогдох удирдамж, ерөнхий зарчмыг баталсан билээ.

    Оюу толгойгоор түүчээлсэн их бүтээн байгуулалт одоо Тавантолгойгоор үргэлжлэх гэж байна. Хамтарсан Засгийн газрын үед анх удаа нүүрс угааж баяжуулах үйлдвэрүүдийн суурь тавигдлаа. Хагас коксжсон түлш үйлдвэрлэх ажил эхэллээ. Зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах ажлыг эрчимжүүллээ. Монголын сэргэн мандалт, үндэсний эдийн засгийн тэлэлт, Монгол хүний хөгжлийн өсөлт, аж ахуйн нэгжүүдийн өөдлөн дэвжилт ирэх үеийг бид угтаж байна. Тиймээс Монголын төр засаг, хувийн хэвшлийнхэн, ард иргэдтэйгээ нийлээд бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүлэх хүсэл итгэл дүүрэн байна. 

    Энэ хүсэл итгэл маань Монголоо баян чинээлэг бас хөгжсөн улс болгох зорилгод чиглэж байгаа юм. Дэлхийд байгалийн нөөцөөр баян улс олон байдаг. Уул уурхайн салбараар хөрөнгөжсөн нь ч цөөнгүй бий. Тэгэхдээ баян байна гэдэг нь хөгжсөн улс байна гэсэн үг биш. Хөгжсөн улс гэдэг баян байхын зэрэгцээ үйлдвэрлэгч байдаг бөгөөд, иргэд нь бэлэнчлэх сэтгэлгээг бус бүтээгч сэтгэл, бүтээлч хөдөлмөрийг эрхэмлэдэг. 

    Аливаа улс орны хөгжил нь газар зүйн байршил, далайн гарц, том гүрнүүдийн стратегийн бодлогод эзлэх байр суурь, байгалийн баялаг гээд олон хүчин зүйлээс хамаарч ирсэн. Баялаг бүтээх чадвартай, хөдөлмөрч ухаалаг ард түмнүүд хөгжиж ирснийг далайд гарцгүй Ботсвана, Чех, Люксембург зэрэг орон харуулж байна. Байгалийн баялаггүй шахам атлаа хөгжлийн өндөрлөгт хүрсэн Япон, Солонгос, Сингапур болон Европын олон орон ч бас бий.

    Юмгүй үед гачигдах дутагдахын зовлон байдаг бол юмтай үедээ эзэн байж чадахгүй бол бас зовлонд учирдаг. Эрснээ олоогүй хүн хоосон буцдаг бол эзэн болж чадаагүй хүн хоосорч үлддэг гашуун сургамжийг ч түүх үлдээжээ. Хувь заяаны хишиг, цаг үеийн зол завшаан тухайн улс үндэстэнд баян чинээлэг байж чадах эсэхийн шалгуур, сорилт болдог. Ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний түүхийн жам ёсны хөгжлийн голдрилд хөл тавиад хоёр арваныг туулж буй Монгол улсын өмнө өнөөгийн нөхцөл байдал нь ийм шинэ сорилт, шинэ боломжийг нээж байгаа юм.

    Эх орны газар нутгаас бэлэн олдож буй ордууд нь монголчуудыг баялагтай төдийгүй, бүтээгч ард түмэн, хөгжилтэй улс орон болох давхар давхар боломж, завшааныг олгож байна. Энэхүү боломжийг би улсаа шинэ үзэл баримтлалаар бүсчлэн хөгжүүлэх, үүнд зохицсон төрийн үйлчилгээний стандарт, бүтэц зохион байгуулалтыг бий болгосон хөгжлийн бодлого гэж харж байна. Ийм ч учраас Таван толгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал нь юуны өмнө ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРОН, БҮТЭЭГЧ АРД ТҮМЭН болох үзэл баримтлалд тулгуурласан. Мөн уул уурхайн салбарын дагалдах аж үйлдвэр, дэд бүтцийн  салбарыг эрчимтэй хөгжүүлж, 2.7 сая иргэндээ эдийн засгийн үр шимийг нь хувьцаа хэлбэрээр тэгш хүртээх, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хэрэгцээндээ зориулах боломжийг бодлогодоо тусгалаа.
      
    Бэлэнчлэх сэтгэлгээнээс салж бүтээх аянд бүх нийтээрээ шамдах нөхцлийг Тавантолгой зэрэг томоохон орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого бүрдүүлэх учиртай. Орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулахаас бий болох санхүүгийн эх үүсвэр нь бүтээн байгуулалтанд далайцтай хөрөнгө оруулж, ард иргэдээ ажил хөдөлмөрийн фронтоор хангах өргөн боломжийг Та бидэнд нээж байна. Уул уурхайн салбар нь ашиг орлого ихтэй боловч ажлын байр шууд олноор бий болгохоос илүү техник, технологийн дэвшлийг шаарддаг. Харин уул уурхайг дагалдах төмөр зам, авто зам, эрчим хүч, барилга, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт нь ажлын байрыг хамгийн ихээр бий болгоно.

    УИХ-аар одоо хэлэлцэгдэж буй “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”, “Утаагүй Улаанбаатар” төсөл нь уул уурхайн салбарын хөгжил, тэр дотроо Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулахтай уялдаатай. Энэ бүтээн байгуулалтыг уул уурхайн салбартай холбож, түүнээс орох орлогоор санхүүжүүлэх саналыг Засгийн газраас дэвшүүлсэн бөгөөд “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт хувь хишиг олгох нь энэ цогц бодлогын нэг хэсэг юм.
               
    Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ашиг орлого нь Монгол Улсад үлдэж байх зарчмыг баримтлах нь бидний эрхэм зорилго. Тавантолгойн ордоос гарах нүүрсийг угааж баяжуулах, боловсруулах нь энэ ордыг ашиглах төслийн салшгүй хэсэг юм. Үүнийг зөвхөн ярих биш Засгийн газрын хувьд заавал хэрэгжүүлэх ёстой ажил гэдгийг бид ухамсарлаж байна. Энэ ажил нь Тавантолгой төслийн нэгэн бодит үр дүн болж хэрэгжинэ. Энэ чиглэлээр Засгийн газраас татвар, санхүүгийн бодлого боловсруулж,  Өмнийн говийн дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөрийг баталж, Хөгжлийн банк байгуулахаар болж санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-д өргөн барьсан. Татварын холбогдох хуульд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр зарим нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар хэлэлцэж УИХ-д өргөн барихаар боллоо. 

    Аж үйлдвэрийг дотооддоо хөгжүүлэх бодлогыг тэргүүн ээлжинд тавьж хэрэгжүүлэхдээ Тавантолгой ордоос гарах боловсруулсан нүүрс болон бүтээгдэхүүнийг аль болох олон чиглэл, гарцаар хөрш орнуудын болон гуравдагч зах зээлд гаргахаар эрмэлзэж байна. Австрали, Индонези зэрэг улсын нэгэн адил дэлхийд нүүрс экспортлогч тэргүүлэгч улс болж байж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн зорилго биелэх нэг арга зам нээгдэнэ. Энэ явцад дэлхийд тэргүүлэгч үндэсний уул уурхайн аж ахуйн нэгжүүдийг бий болгох зорилт бодитоор хэрэгжих боломжтойг Бразил, Индонези, Австралийн туршлага нотолж байна.  
           
    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

    Тавантолгойн үзэл баримтлалын агуулга нь дан ганц хатуу дэд бүтэц, үйлдвэр байгуулахад чиглэгдээгүй. Зөөлөн дэд бүтэц, өөрөөр хэлбэл боловсрол, эрүүл мэндийн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулах бодлого зорилгыг агуулсан. Үүний цаана хүний хөгжлийг хангах том зорилго байна. “Монгол Улс маань бүтээгч байхын тулд Монгол хүн бүр ажилтай, Монгол хүн бүр боловсролтой, Монгол хүн бүр эрүүл байх боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Үүний тулд төр нь иргэдтэйгээ ойрхон байх ёстой” гэж би Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон тэр агшинд УИХ-д хандан хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн. Ийм учраас өргөн барьсан бодлогын хүрээнд Тавантолгойн урьдчилгаа төлбөрийг “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлж, тус хуульд заасан хэлбэрээр боловсрол, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулна.

    Тухайлбал уул уурхайн салбараас олох орлогоос олон мянган залуусаа өндөр хөгжилтэй орнуудад сургах, дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэхэд зарцуулж хүнээ хөгжүүлнэ. Ингэснээр Монгол улсыг монгол толгой хөгжүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох алсын том зорилт хэрэгжих үндэс тавигдана.      

    БҮТЭЭГЧ АРД ТҮМЭН гэдэг нь юуны өмнө бодит өмчийн жинхэнэ эзэн байж зах зээлийн нийгэмд өөрийн гэсэн ашиг орлоготой, алдах юмтай эсэхээр тодорхойлогдоно. Мал, орон сууц, газрыг өмнөх Засгийн газруудын үед иргэддээ шууд хувьчилсан. Энэ нь зах зээлийн нийгмийг хөгжүүлэх, иргэдийг өмчтэй болгох чухал алхам байсан.    

    Иймд Тавантолгойн орд газрын лиценз эзэмших төрийн өмчит компанийн хувьцааны хэсгийг ард иргэддээ “Хүний хөгжил сан”-гийн хуулийн дагуу эзэмшүүлэх, мөн Ашигт малтмалын хуулийн дагуу хувьцааны тодорхой хэсгийг дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах заалтыг үзэл баримтлалын төсөлд санал болгосон. Энэ нь төрийн өмчийг ард иргэддээ шууд эзэмшүүлэхээс гадна Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд хувьцааны тодорхой хэсгийг эзэмшснээр компанийн менежментийг сайжруулах, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд өнөөдрийг хүртэл түгээмэл байгаа засаглалын доголдол, авлига, хээл хахуулийн хардлага сэрдлэгээс эхнээс нь ангид байлгахад чухал ач холбогдолтой байх болно.

    Бид уул уурхайн баялгийн үр шимийг иргэдээ ялгаварлалгүй, тэгш хуваарилах, тэгэхдээ хүний хөгжлийг нь тэтгэх зарчмыг баримтална. Монгол хүн бүр эх орныхоо баялгаас шударгаар хүртэх бүрэн эрхтэй. Мөн үндэснийхээ компаниудад уул уурхайн олборлолтонд оролцох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүдийг тэргүүн ээлжинд барьж байгуулах, төрийн өмчийн компанийн хувьцааг эзэмших боломжийг ч тэгшхэн олгоно.

    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

    ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРОН, БҮТЭЭГЧ АРД ТҮМЭН болохыг бидний хөгжлийн өнөөгийн цаг үе шаардаж байгаагийн зэрэгцээ гадаад нөхцөл ч үүнийг бүрдүүлж байна. Дэлхийн хүн ам огцом нэмэгдэж, хүнсний дутагдалд нэрвэгдэх хүний тоо ч өслөө. Дэлхийн байгаль орчны өөрчлөлтийн явцад ган зуд, газар хөдлөлт, гал усны аюулийн давтамж ч нэмэгдлээ. Байгалийн нөөц шавхагдаж, өрсөлдөөн улам ширүүсч байна. Улс үндэстэн бүр ойрын ирээдүйд учирч болох эдгээр аюулаас өөрийгөө хамгаалан авч гарах чадамж, санхүүгийн боломж, харилцаа хамтын ажиллагаа, дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн байр суурьтай байх ёстой.

    Дэлхийн дахинд хүлээн зөвшөөрөгдсөн байр сууриа бэхжүүлэх боломж томоохон уул уурхайн төслүүдээр дамжин бий болж байгааг үгүйсгэх аргагүй юм. Монгол Улс далайд гарцгүй. Иймд уул уурхайн орд газруудын бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах нь далайд гарах гарцаа баталгаажуулах ач холбогдолтойгоос гадна үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшилд түлхэц өгөх нөхцлүүдийг ч угтуулан тавьж ажиллах болно.
     
    Ийм арга хэмжээг Тавантолгой болон бусад орд газрын талаар яриа хэлэлцээ явуулахдаа зайлшгүй бодолцож бодитоор хэрэгжүүлэх ёстой. Энэ боломжийг бүрдүүлсэн хувилбарыг Тавантолгойн бодлогын хүрээнд өргөн барьж байна.

    Үзэл баримтлалыг амжилттай хэрэгжүүлэхэд зөвхөн ирмүүн хүсэл, элбэг баян түүхий эд байснаар бүх юм санаснаар бүтэхгүй. Энд зөв менежмент бүхий сайн засаглалын стандарт нэн чухал. “Засаглалын ялгаа” байгаа учраас зарим нь зөв, зарим нь алдаатай, үрэлгэн шийд гаргадаг. Зөв шийдвэр гаргах үндсэн нөхцөл нь сайн засаглалын стандарт байдаг. Сайн засаглал нь байгалийн баялгаас орж ирэх орлогыг төрийн мэдэлд ойрхон цөөн этгээд завших явдлаас хамгаалж, ард түмнээ бүтээн байгуулалтад оролцуулах, өрх бүрийг сайхан амьдрах бололцоогоор хангаж чаддаг засаглал юм.

    Манай Засгийн газар олон улсад түгээмэл хэрэглэгддэг сайн засаглалын стандартыг нийгмийн бүхий л салбарт нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байна. УИХ-аар одоо хэлэлцэгдэж буй “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль” нь энэ чиглэлээр авч буй алхмуудын нэг болно. Мөн олборлох салбарын ил тод байдлын олон улсын санаачилгад нэгдэж, өөрийн улсдаа амжилттай хэрэгжүүлж байна. Засгийн газрын ажлын хэсгүүд байгуулагдан стандартыг сайжруулах, бизнес орчныг шинэчлэх ажлуудыг хийж байна. Европын холбоотой байгуулахаар хэлэлцэгдэж буй Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөлд Европын стандарт, нормыг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах заалт оруулж байна. 

    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

    Хамтарсан Засгийн газрын үед Тавантолгойн асуудлыг шийдэхгүй бол томоохон уул уурхай, төмөр зам, орон сууц, аж үйлдвэрүүдийн цогцолборыг бүтээн байгуулах ажил олон жилээр ухрах урхагтайг улс төрд ойр хүн бүхэн сайн ойлгож байгаа.

    Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүний үр шимийг ард иргэддээ хүртээх нь манай Засгийн газрын нэг гол зорилго юм. Чухам энэ зорилгын үүднээс гол хоёр нам хамтарч Засгийн газрыг байгуулсан. Иймд Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, эрхэм гишүүд Та бүхнийг Таван толгой ордыг ашиглах үзэл баримтлалыг сайтар хэлэлцэж зөв жишиг тогтооход анхааралтай хандана гэж найдаж байна. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэж ардын минь зүйр үг бий. Асуудлыг олон талаас нь хэлэлцэж, их хөгжилд хүргэх, иргэн бүрт ашигтай, эх орондоо хэрэгтэй хэлбэрээр нь шийднэ гэж итгэж байна.

    Нийт ард иргэд ээ,

    Монгол тооллоор зуны дунд сар гуравхан хоногийн дараа гарах гэж байна. Хүнд өвөл, хахир хатуу хаврыг бид хамтдаа давлаа. Дэлгэр сайхан цагтай золголоо. Монголчууд бид бүтээгч ард түмэн болох, сайн цагийг ойртуулах хөгжил дэвшил, их бүтээн байгуулалт, ирмүүн хөдөлмөрийн гараан дээр ч бас ирлээ. Энэ бол алгаа тосдог бус ажил хийдэг, бэлэнчилдэг биш бүтээдэг үе. Гар хардаг биш гараа хөдөлгөх үе. Толгой сэгсэрч суух биш толгойгоо ажиллуулах үе. Ингэснээр Монгол улсын, Монгол хүний хөгжил дэвшлийн шинэ үеийн эх суурь тавигдах болно. Та бид хамтдаа чадна. Ерөнхий сайд УИХ-ын чуулганд үг хэлсний дараа УИХ-ын гишүүдийн асуултанд хариулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

    Төрийн ордон. 2010.06.10

  • МУ-ын Засгийн газар ба гадаад түншүүдийн хамтарсан уулзалтыг нээж ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

    МУ-ын Засгийн газар ба гадаад түншүүдийн хамтарсан уулзалтыг нээж ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үгУИХ-ын эрхэм гишүүд ээ,
    Эрхэм хүндэт, гадаад түншлэгчид ээ,  
    Эрхэм ноёд, хатагтай нараа, Та бүхний энэ өглөөний амгаланг айлтгая.

    Нэг. Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Монгол улстай өнгөрсөн 20 гаруй жилийн туршид хамтран ажиллаж, хүнд цаг үед байнга туслаж, санхүүгийн хямралыг гэтлэн давахад үнэтэй туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн гадаад түншлэгчиддээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхэнд олон тоо мэдээллийг давтан дурьдаж, нуршилгүйгээр  статистикийн сүүлийн үеийн тоо мэдээлэлд тулгуурлан эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаар товч дурьдъя.

    Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2009 оны жилийн эцэст 1.6 хувийн бууралттай гарсан бол энэ  оны эхний 4 сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 60,7 тэрбум төгрөгөөр буюу 12.7 хувиар, гадаад худалдааны нийт эргэлт өмнөх оны мөн үеэс 570,3 сая ам доллараар буюу 58,1 хувиар өсч эдийн засгийн хямралт үеийг нэгэн хэмжээгээр даван туулж байна. Ийм эерэг нааштай үзүүлэлтүүд гарч  байгаагийн зэрэгцээ инфляцийн өсөлт, мал аж ахуйн салбарт учирсан томоохон хохирол, ажилгүйдлийн өсөлт зэрэг таагүй, онцгой анхаарал татсан үзүүлэлт ч бас цөөнгүй гарч байна.

    Тухайлбал:
    •    Манай улсад өнгөрсөн 2009-2010 оны өвлийн улиралд цочмог хүйтрэн, байгаль, цаг агаарын гамшигт үзэгдэл учирч мал аж ахуйн салбар, малчдын аж ахуйд ихээхэн хүндрэл учруулсан. Энэхүү зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 8,1 сая толгойгоор хорогдоод байна.
    •    Хүнсний гол нэрийн барааны үнийн өсөлтийн улмаас өргөн хэрэглээний барааны үнийн түвшин оны эхний 5 сард өнгөрсөн оны мөн үеэс 13,1 хувиар өсөөд байна. Инфляцид голлон нөлөөлж байгаа  хүнсний барааны үнийн өсөлт нь зарим талаар махны нөөцийн бэлтгэлтэй, мөн зудын хохиролтой холбоотойгоор махны нийлүүлэлт эрс багассантай голчлон холбоотой гэж судлаачид дүгнэж байна.
    •    Өнгөрсөн жилүүдэд тохиолдсон эдийн засаг, санхүүгийн хямралын улмаас барилга, барилгын материалын үйлдвэрлэлд ихээхэн бууралт бий болж, олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон, үүний улмаас сүүлийн жилүүдэд аажмаар буурч байсан ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн оноос дахин нэмэгдэж одоогоор ажил идэвхитэй эрж байгаа 38,1 мянган хүн ажлын байргүй, ажилгүй байна. Хэдийгээр зарим нэг бэрхшээл саад учирч байгаа хэдий ч манай Засгийн газар эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан макро эдийн засгийн үндсэн зорилт, шалгуур үзүүлэлтүүдийг оны эцэст ханган биелүүлэх боломжтой гэж бид үзэж байна.     

    Хоёр. Баримталж ирсэн бодлого ба тулгарч буй асуудлууд
    Өнөөдөр УИХ, Засгийн газраас гадаад түншүүдтэйгээ хамтран хэрэгжүүлж ирсэн нийгэм, эдийн засгийн бодлогын эерэг, сөрөг талууд, гарч байгаа үр дүнгийн талаар болон цаашид бодлогоо хэрхэн улам сайжруулж болох арга замыг хэлэлцэн, зөвлөлдөхөөр энэ танхимд хуран цуглаад байна. УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн зарим үндсэн бодлогын талаар тоймлон дурьдвал:
    •    Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд хэрэгжүүлж буй зорилтууд;
    •    Европын стандартыг Монгол улсын бүхий л салбар хүрээнд нэвтрүүлэх;
    •    Төсвийн тогтолцоо, харилцааны шинэчлэлт хийх;
    •    Хүний хөгжлийн асуудлууд: үүний дотор нийгмийн халамжийн тогтолцооны шинэчлэл, боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэл;
    •    Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бодит салбарын төслүүд;
    •    Хөрөнгийн зах зээлийг шинэчлэх, цаашид хөгжүүлэх бодлого;
    •    Ашигт малтмалын томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үүнтэй холбоотойгоор өмнөд говийн бүсийн дэд бүтцийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх гэх мэт олон зорилтыг манай УИХ, Засгийн газар хувийн хэвшилтэйгээ хамтран хэрэгжүүлэхээр зорьж байна.
    Өнгөрсөн жилүүдэд, тухайлбал хямралын өмнөх жилүүдэд бид эдийн засгийн  өсөлтийн  өндөр тоон үзүүлэлтэд илүү их анхаарал хандуулж, зорьж явсан цаг үе байсан.

    Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал, дэлхийн байгаль, цаг уурын өөрчлөлтөөс хамаарч манай улсын эдийн засгийн тодорхой салбаруудад учирч байгаа хүндрэл, тулгамдсан асуудлуудаас дүгнэж үзэхэд бид өнөөгийн хэрэгжүүлж  байгаа бодлого, зорилтоо алхам тутамдаа хэлэлцэх, эргэцүүлэн дүгнэж байх шаардлагатай болж байна. Жилээс жилд өөрчлөгдөн хувьсаж байгаа байгаль цаг уур, дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтолцоо, хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдийн сэтгэл зүй зэрэг нь бүхэлдээ бидэнд цаашдын хөгжлийг зохистой авч явах бодлогын өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй болох нь харагдаж байна.

    Саяхныг хүртэл бид Монгол Улс алт, зэс, нүүрс, цайр зэрэг ашигт малтмалын орлогод түшиглэн хөгжиж чадна гэсэн төсөөлөл, ойлголттой явж ирсэн. Ашигт малтмалын салбар манай улсын  экспортын 60-70 орчим хувийг эзэлж, улс орны эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэсээр байгаа билээ. Гэвч ашигт малтмалын салбарын тогтворгүй, урьдчилан тааварлашгүй хувьсамтгай орлого нь нэг таатай өдөр өсөлтийг бий болгох боловч, өөр нэгэн таагүй өдөр хямрал, бууралтыг авчирдаг болохыг өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид бүхэн тодорхой харж, мэдэрсэн.

    Ашигт малтмалын орлого дээр өрөөсгөл байдлаар тулгуурласан улс орны эдийн засагт ямар хүндрэл, сөрөг талууд гарч байсан талаар түүхэн сургамж ч цөөнгүй байгаа. Иймээс зөвхөн ашигт малтмалын салбараа түлхүү хөгжүүлэх нь алс хэтдээ алдаатай бодлого болох нь тодорхой учир цаашид ашигт малтмалын салбарын эхний жилүүдийн орлогод түшиглэн өөрийн улсын аж үйлдвэрлэл, бусад салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн олон тулгууртай  болгох улмаар алс хэтдээ мэдлэгт тулгуурласан эдийн засгийн суурийг бий болгох нь манай улсын  дунд болон урт хугацааны хэтийн зорилтын үндсэн суурь, тулгуур байх ёстой гэж үзэж байна. Ийм ч байр сууринаас бид хандаж Засгийн газраас аж үйлдвэржүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг түлхүү хэрэгжүүлэхийг зорьж, тодорхой хөтөлбөрүүдийг батлан гарган ажиллаж байгаа билээ.

    Гурав. Бодлогын уулзалт, хэлэлцүүлгээс хүлээж буй үр дүнгийн талаар
    Бид өөрсдийгөө хэт дөвийлгөн “туйлын зөв бодлогыг бүрэн гаргаж, тодорхойлсон”  гэж хэлэх боломжгүй юм. Бид алхам тутамдаа, өдөр тутамд шинэ, шинэ асуудалтай тулгарч, түүнийг хэрхэн богино хугацаанд, шуурхай, зөв зүйтэй шийдвэрлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулан ажиллаж ирсэн. Өнөөдрийн хүрсэн хөгжлийн нэгэн цэг, цаг мөчөөс цаашдын ирээдүйг, маргаашийн өдрийг угтуулан харвал бидний хэрэгжүүлж ирсэн бодлого, арга хэрэгсэлүүд нь бүхий л тулгарсан асуудлыг шийдвэрлэх хүчирхэг арга хэрэгсэл, бодлого байж төдийлөн чадахгүй болов уу гэж үзэж байна. Ийм учраас өнөөдөр дэлхий нийтээр хүн төрөлхтөний маргаашийн өдөр болгонд шинээр урган гарч ирж байгаа асуудлуудад зөв хариулт өгч, шийдвэрлэж чадахуйц тийм зөв бодлого, зөв тогтолцоо буюу “Хүчтэй, тогтвортой, тэнцвэртэй өсөлт”-ийг бий болгохын төлөө ухаан бодлоо уралдуулж, энэ чиглэлээр олон улсын түвшинд ч харилцан ярьж, зөвлөлдөж, санал бодлоо солилцож байна.

    Монгол Улсын Засгийн газар олон арван жилийн туршид хамтран ажиллаж ирсэн түншүүд, улс орнуудтайгаа хамтран хөгжлийн зөв гарц, бодлогыг хэрхэн оновчтой тодорхойлох, бодлогоо яаж шинэчлэх вэ гэдэгт өнөөдрийн зохион байгуулж байгаа энэхүү уулзалт ярилцлага тодорхой хэмжээгээр хариулт өгөх болов уу гэж бид итгэж байна. Манай гадаад түншлэгчид маань, манай салбарын яамдын мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдсөний үндсэн дээр бидний өмнө тулгамдаад байгаа олон тооны асуудлуудаас энэ удаад дараахь бүлэг асуудлуудыг сонгон авчээ.

    Энэ нь:
    •    Төсвийн харилцааг хэрхэн шинэчлэх асуудал,
    •    Нийгмийн хамгааллын шинэ тогтолцоог хэрхэн бүрдүүлэх тухай асуудал,
    •    Эдийн засгийн өсөлтийг дэмжих арга замуудын тухай гэсэн үндсэн 3 асуудлыг энэ удаад хэлэлцэхээр сонгон авсан байна.

    Хэлэлцүүлэгт оролцогчдийн маань хувьд анхаарвал зохих зүйл бол зөвхөн өнөөдөр хэлэлцэж буй 3 асуудлаар бидний өмнө тулгарч буй бүхий л асуудал хязгаарлагдахгүй гэдгийг бид сайн ойлгож, мэдэрч байгаа. Иймээс бид цаашид ч ийм төрлийн бодлогын зөвлөлдөх уулзалтуудыг янз бүрийн түвшинд, өөр цаг хугацаанд зохион байгуулах нь зайлшгүй юм. Манай Засгийн газар өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа зүйлээ өөрсдөө дүгнэж, үнэлэхээс илүүтэйгээр юуны өмнө ард иргэдийнхээ санал бодлыг, шүүмжлэлийг сонсохыг илүү эрхэмлэж байгаа.

    Мөн үүний зэрэгцээ Монголчууд биднээс эдийн засаг, нийгмийн хөгжлийн хувьд өөр өөр түүхийг туулж ирсэн улс орнуудын болон, эдгээр улс орнуудын хөгжлийн ололтой сайн туршлагыг хуримтлуулан мэдлэгийн сан бүрдүүлсэн  олон улсын байгууллагуудын арвин их туршлага бүхий шинжээчид, судлаачдын санал, дүгнэлт, шүүмжлэлийг сонсож, үйл ажиллагаандаа  тусган авч байхыг бид эрмэлзэж байна. Иймээс урьдчилан аливаа дүгнэлт хийлгүйгээр асуудлуудаа нухацтай ярилцаж, зөвлөлдөе. Ингээд хэлэлцүүлгийн явцад гарч байгаа санал, дүгнэлт, шүүмжлэлийг анхааралтай шүүн тунгааж цаашид хэрэгжүүлэх бодлогодоо ямар өөрчлөлт, шинэчлэлт хийвэл зохистой вэ гэдгийг  уулзалт ярилцлагынхаа төгсгөлд дүгнэн ярилцвал зүйтэй болов уу гэж бодож байна.

    Санхүүгийн  хямралтай холбоотойгоор олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран, богино хугацаанд хэрэгжүүлж байгаа “Стэнд-бай” хөтөлбөр энэ оны 9 дүгээр сард хэрэгжиж дуусах бөгөөд үүний дараа гадаад түншүүдтэйгээ  хөгжлийн ямар чиглэлүүдээр түлхүү анхаарч, хамтран ажиллах вэ гэдгийг ч бид өнөөдрийн хэлэлцүүлгийнхээ явцад анхаарах учиртай. Өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийн үнэ, цэнтэй цаг мөчийг бүрэн ашиглаж, хэлэлцэхээр төлөвлөсөн асуудал тус бүрээр идэвхи, санаачлагатай, ажил хэрэгчээр оролцохыг  Засгийн газрын гишүүд, сайд нартаа болон хэлэлцүүлэгт оролцож байгаа яамд, агентлагын албан хаагчиддаа үүрэг чиглэл болгож байна.

    “Монгол Улсын Засгийн газар -Гадаад түншүүдийн хамтарсан бодлогын хэлэлцүүлэг”-ийн үйл ажиллагаа тодорхой үр дүнтэй, цаашид олон улсын байгууллага, гадаад орнуудтай Монгол Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлэх стратеги-төлөвлөгөөнд тусгалаа олохуйц тодорхой үр өгөөжтэй болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.

    Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.  

    Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

  • Гэр бүл, эмэгтэйчүүд, жендэр, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан агентлаг байгуулах шаардлагатай

    Гэр бүл, эмэгтэйчүүд, жендэр, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан агентлаг байгуулах шаардлагатай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын
    “ЭМЭГТЭЙЧҮҮД-ХҮНИЙ ХӨГЖИЛ”
    Монголын эмэгтэйчүүдийн үндэсний чуулганыг нээж хэлсэн үг
     
    2010 оны 6 дугаар сарын 5-ны өдөр        Төрийн ордон

    Чуулганы төлөөлөгч эрхэмсэг Хатагтай нараа,
    Хүндэт зочид оо!
    Монгол Улсын нийт хүн амын тавь гаруй хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдээ төлөөлөн эх орныхоо өнцөг булан бүрээс цугларч “Эмэгтэйчүүд-хүний хөгжилд-2010” Үндэсний чуулганаа хийж байгаа Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооны даргын хувьд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Сүүлийн жилүүдэд төдийлөн хийгдээгүй Эмэгтэйчүүдийн Үндэсний чуулган нь нийгмийн бүхий л салбар дахь эмэгтэйчүүдийн оролцооны асуудалд төр засаг, иргэний нийгэм, олон нийтийн анхаарлыг хандуулсан чухал үйл явдал болж байна.

    1206 онд байгуулагдсан Монголын эзэнт гүрний үеэс эдүгээг хүртэл үйлс гавьяагаараа мөнхөрсөн үе үеийн алдар цуутай эмэгтэйчүүдээрээ бид бахархдаг. Монголын эмэгтэйчүүд ард түмнийхээ зовлон, жаргалыг үүрэлцэж, улсынхаа түүхэн замналын хүнд эгзэгтэй үед ч шантаршгүй зүтгэж ирсэн. Энэхүү Монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл Та бүхэн Үндэсний чуулгандаа үзэл бодлоо уралдуулж, тавьсан зорилтоо хэрэгжүүлэхээр их үүрэг хариуцлага өвөрлөн ирсэн нь дамжиггүй.

    Монгол Улс чөлөөт эдийн засаг, ардчилсан тогтолцоог сонгосон өнгөрсөн 20 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо ямар түвшинд байсан бэ гэдгийг энэхүү чуулганаар дүгнэн ярилцаж, цаашдын нэгдсэн бодлогоо тодорхойлох нь ихээхэн чухал юм. Монгол Улс жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хангах талаарх олон улсын эрх зүйн хэм хэмжээг хүлээн зөвшөөрч, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-аас эхлэн олон улсын хүний эрхийн үндсэн гол актуудад нэгдэн ороод байгаа билээ. Энэ нь Монгол Улсад хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн.

    1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн 4 дүгээр бага хурлаас баталсан үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас “Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг 1996 онд батлан 2002 он хүртэл, “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг 2002 онд батлан одоог хүртэл хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөр нь үндэсний хэмжээнд жендэрийн тэгш байдлын талаарх ойлголт, мэдээллийг түгээх, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухаан, гэр бүлийн харилцаанд жендэрийн тэгш байдлыг хангахад тулгарч буй бэрхшээлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааг дэс дараатай авч хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

    Монгол Улсын Засгийн газраас Мянганы хөгжлийн зорилтууд болон “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хангах талаар тодорхой зорилтуудыг тусган хэрэгжилтийг зохион байгуулж байна. Нийгмийн бүх салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, жендэрийн тэгш байдлыг хангах асуудал  хүний хөгжлийн бодлогын чухал хэсэг гэдгийг XXI зуунд дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөнийг манай бодлого боловсруулагчид анхааран үзэж буй гэдэгт итгэлтэй байна.

    Энэ асуудлаар УИХ, Засгийн газар цөөнгүй бодлогын баримт бичиг баталсан. Харин одоо хэрэгжилт нь ямар байна вэ, дэлхийн жишгийн хаана нь байна вэ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Ардчилсан, нээлттэй засаглалд эмэгтэйчүүдийн оролцоо төдийгүй хөдөөгийн эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг онцгойлон авч үзэж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Төрөөс хүн бүрт хөгжлийг тэтгэсэн ижил боломжийг олгож, иргэн бүрээ чадавхижуулж, боловсролтой, эрүүл чийрэг, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай оюунлаг, хүнлэг Монгол хүнийг төлөвшүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.

    Монгол төр хүчирхэг байсны нууцыг эрт цагаасаа “ХААН” ухаан “ХАТАН” ухааныг хослуулан уялдуулж ирсэнтэй холбон түүхчид нотолсоор ирсэн билээ. Тэгвэл бид улс орныхоо хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд, хүн амын 51,4 хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, бэрхшээл, тэдний хүсэл зоригийг илэрхийлсэн дуу хоолой, санал бодлыг тусгаж чадаж байна уу гэдэгт дүгнэлт хийх цаг нь болсон. Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтод “Үндэсний парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувийг 2015 он гэхэд 30 хувьд хүргэх”, Үндэсний хөгжлийн цогц бодлогод “Жендэрийн  тэгш байдлыг хангах бие даасан хуультай болох, бүх шатны боловсролын хөтөлбөрийн агуулгыг жендэрийн мэдрэмжтэй болгох, өмчийн болон хөдөлмөрийн харилцаан дахь тэгш оролцоог хангах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” гэсэн стратегийн зорилтуудыг дэвшүүлсэн.

    Эдгээр зорилтууд тодорхой хэмжээгээр хэрэгжиж эмэгтэйчүүд бодлого боловсруулах, хууль тогтоох, улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдон ажиллаж ирлээ. Өнөөдөр орон нутгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга нарын 16.2 хувь, төлөөлөгчдийн 30.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Төрийн үйлчилгээний албан хаагчдын 71.7 хувь нь, улс төрийн албан хаагчдын 22,0 хувь нь  эмэгтэйчүүд байна. Харин Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байсаар ирлээ. Тэдний эзлэх  хувийн жин 1992 онд 3.9 хувь, 2000 онд 12 хувь, 2004 онд 6.6 хувь, 2008 онд 3.9  хувьтай байна. Ардчилал шинэчлэлийн үйл явц эхлэхээс өмнөх үед эмэгтэйчүүдийн төрийн байгууллага дахь удирдлагын оролцоо 23-25 хувь байсантай нь харьцуулбал ухралт болсон гэдгийг дээрх үзүүлэлтүүд харуулна.

    Дэлхийн улс орнуудын энэхүү асуудлыг шийдвэрлэх үндсэн арга зам нь ардчилсан сонгуулийн тогтолцоо байдаг. Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулганаар  “УИХ-ын Сонгуулийн тухай хууль”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-иудыг хэлэлцэх гэж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Эдгээр асуудлаар эмэгтэйчүүд өөрсдийн байр сууриа нэгтгэн илэрхийлэх нь ач холбогдлоо өгнө гэж бодож байна. Монгол хүн бүр ажилтай, тогтмол орлоготой байх нь төр засгийн хамгийн чухал  стратегийн зорилтын нэг.  Засгийн газар энэ  зорилгоор эдийн засгийн өсөлтийг хангах,  жижиг дунд үйлдвэр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ.

    Манай улс уул уурхайн баялагтаа түшиглэн Оюутолгой, Тавантолгойн зэрэг ордуудыг ашиглаж эхлэх, алт, зэс, төмөр, барилгын материалын томоохон үйлдвэрүүд, авто зам, төмөр замын, эрчим хүчний том сүлжээнүүдийг байгуулах зааг дээр ирээд байна. Эдгээр уул уурхайн баялгаас олсон хөрөнгийг эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийнхээ хөгжилд зарцуулах ёстой. Өнөөдөр бид амьдарч буй эх дэлхийдээ хэрхэн хандаж харьцаж буйгаа эмэгтэйчүүдийн нүдээр харж, өвөг дээдсийнхээ “хүн-байгалийн шүтэлцээг эрхэмлэсэн” гүн гүнзгий уламжлалыг сэргээн хөгжүүлэх цаг тулгараад байна. Үүнд эмэгтэйчүүд та бүхний дуу хоолой, байр суурь чухал нөлөө үзүүлэх учиртай.

    Эхчүүд та бид үр хүүхдүүдийнхээ хүмүүжил төлөвшил, гэр бүлийн хөгжил, үнэт зүйлсийн талаар зөвхөн ярих төдий биш төрийн бодлогод онцгойлон тусгаж шат дараатай арга хэмжээ авах  шаардлагатай болсон. Тиймээс гэр бүл, эмэгтэйчүүд, жендэр, хүүхэд залуучуудын асуудлаар Төрийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах агентлаг бий болгож ажиллуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа энд онцлон дурдъя. Иргэний нийгмийн байгууллагуудын хөгжлийг хангах, идэвхтэй ажиллаж ирсэн эмэгтэйчүүдийн ТББ-уудтай Засгийн газар бүх шатанд хамтран ажиллах болно.

    Энэ бодлогын хүрээнд иргэний нийгмийг хөгжүүлэх бодлогын хөтөлбөр, ТББ-дын хуулийг шинэчлэх асуудлыг боловсруулж байна. Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Эмэгтэйчүүд-Хүний хөгжил” Үндэсний чуулганаар Та бүхэн эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, хариуцлага, улс орны хөгжилд оруулж буй хувь нэмэр, цаашдын зорилтын талаар олон чухал сэдвийг хөндөн ажил хэрэгчээр ярилцаж  шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

    Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Монгол, Хятадын бизнес уулзалтад хэлсэн үг

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Монгол, Хятадын бизнес уулзалтад хэлсэн үгБНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд, эрхэмсэг ноён Вэнь Зябао, эрхэмсэг хатагтай ноёд оо,

    Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая.

    БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд ноён Вэнь Зябаогийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. Өчигдөр болсон бидний уулзалт, хэлэлцээ найрсаг байдалд болж Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг шинэ жаранд шинэ шатанд хөгжүүлэх асуудлаар тодорхой ярилцаж, олон чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Айлчлалын хүрээнд хоёр талын зохион байгуулж буй хоёр талын бизнес эрхлэгчид, ажил хэрэгч хүмүүс оролцож буй энэхүү эдийн засгийн чуулга уулзалт нь хоёр талын хооронд хийсэн яриа хэлэлцээг ажил хэрэг болгох, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

    БНХАУ-ын тууштай хүчин чармайлт нь эдийн засгийн хямралыг богино хугацаанд даван туулахад бүс нутаг, дэлхий нийтийн түвшинд чухал үүрэг гүйцэтгэж, хувьсан өөрчлөгдөж буй даяарчлагдсан дэлхийн эдийн засагт Хятад улс улам бүр чухал байр суурийн нэгийг эзлэж байна. Хятад Улс нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ экспорт болон дотоодын эрэлт хэрэгцээнд суурилсан эдийн засгийн өсөлтийг үргэжлүүлэх, үүнд шаардлагатай түүхий эдийн улам бүр өсөн нэмэгдэх нөөцийн найдвартай нийлүүлэлтийг хадгалахыг чухалчилж байна.

    Өөрөөр хэлбэл Хятад Улс өнгөрсөн хугацаанд дэлхийн нийтийн аж үйлдвэрийн нэг чухал төв нь болж чадсан бол одоо дэлхийн урт хугацааны өсөлтийн нэг эх үүсвэр болох зах зээл нь болж байна. Монгол Улсын хувьд 21-р зуунд эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг авчирах томоохон төслүүд эхэлж буй шинэ гарааны өмнө зогсож байна. Манай улс бүс нутгийн хэмжээнд уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэгч болох үүд хаалга нээгдэж буй бөгөөд үүнд үндэслэн эрчим хүч, уул уурхайн боловсруулсан бүтээгдэхүүний салбарт бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай тоглогч болох бүрэн боломжтой юм. Ийм ч учраас хөрш хоёр манай орны хувьд хөгжлийн шинэ шат нь “хамтдаа ялж, хамтдаа хожих” боломжийг бүрдүүлж байна.

    Хатагтай, ноёд оо,
    Хоёр улсын эдийн засгийн хөгжлийн энэ шинэ боломжийг бүрэн дүүрэн, эрх тэгш, харилцан ашигтай байдлаар ашиглахын төлөө бид хамтран ажиллах нь зүйтэй юм. Бид гэдэг нь Засгийн газрын байгууллага, мөн төлөөлөл нь болж байгаа бизнесийн байгууллагууд нэгэн адил хамтран хүчин зүтгэн байж энэ шинэ боломжийг ашиглах боломжтой болно.

    Засгийн газруудын зүгээс хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг улам хөгжүүлэхэд онцгой анхаарч байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд эрхэмсэг ноён Вэнь Зябаогийн Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалын хүрээнд энэ чиглэлээр томоохон амжилт дэвшил гарлаа. Уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан нэмүү өртөг шингэсэн боловсруулах салбарыг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгой анхааран дэмжиж, энэ чиглэлээр Сайншанд, Замын-Үүд, Чойр зэрэг аж үйлдвэрийн бүсүүдэд боловсруулах үйлдвэр барихад хятадын аж ахуйн нэгжүүдийг урьж, дэд бүтэц, санхүүгийн салбарт хамтран ажиллах талаар санал дэвшүүлсэн.

    Эрхэмсэг ноён Вэнь Зябаогийн талаас уул уурхайн томоохон төслүүдэд хятадын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах сонирхлоо илэрхийлэхийн зэрэгцээ 500 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн шугамыг өмнө нь олгохоор шийдвэрлэсэн 300 сая ам доллар дээр нэмж олгох болсоныг мэдэгдсэн болно. Энэхүү хөнгөлөлттэй зээлийг олгож байгаад Монголын Засгийн газрын зүгээс талархлаа дахин илэрхийлж, Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тэргүүлэх ээлжинд ашиглах талаар ажиллах болно.                   
       
    Дэд бүтцийн салбар нь хоёр орны хамтын ажиллагааны нэг чухал чиглэл хэвээр байх болно. Монгол Улсын хувьд дэлхийн зах зээлд өөрийн бүтэгдэхүүнээ гаргах өрсөлдөх чадвартай гарцыг аль болох олон байлгахыг эрэлхийлэх нь зүй ёсны сонирхол бөгөөд БНХАУ-тай холбосон, улмаар цаашлаад далайн боомтуудтай холбосон төмөр зам, авто замын сүлжээг хөгжүүлэхэд анхаарч ажиллана. УИХ-аар хэлэлцэгдэж буй төмөр замын бодлогод энэ чиглэл зохих байдлаар туссан бөгөөд энэ оны эхээр батлагдсан Концессийн хуулийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллаганы хэлбэрээр эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой юм.

    Монгол Улс нь эрчим хүчний томоохон нийлүүлэгч болох нүүрсний, тэр дотроо хүрэн нүүрсний асар их нөөцтэй билээ. Иймд нүүрсний уурхай, цахилгаан станцын цогцолборуудыг байгаль орчинд хамгийн нөлөөлөл багатай орчин үеийн техник технологийг ашиглан төр, хувийн хэвшлийн бүх талын оролцоотой барьж байгуулж БНХАУ-д эрчим хүч экспортлохыг бид зорьж, энэ талаархи хамтын ажиллагааг чухалчлан дэмжиж байна.
       
    Эдгээр дэд бүтцийн төслүүдийг хятадын аж ахуйн нэгжүүд Монголын түнш байгууллагуудтай хамтран анхааралтай судлахыг урьж байна. Дэд бүтцийн энэхүү төслүүд нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, хамтын ажиллагааны шинэ түвшин, шинэ жишгийг тогтоох бүрэн боомжтой юм. Мал аж ахуй, хүнсний салбарт, ялангуяа мах боловсруулах, малын гаралтай түүхий эдийг боловсруулах салбарт хамтран ажиллах өргөн нөөц боломж байна. Малын гаралтай түүхий эдийг боловсруулж, хүнсний өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар санхүүгийн болон бусад чиглэлээр хамтран ажиллах асуудлаар яриа хэлэлцээний үеэр санал солилцсон болно. 

    Монгол Улсын Засгийн газрын зүгээс дээрхи болон бусад бүх салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нарт ижил тэгш нөхцөл олгох, үл ялгаварлах, ил тод, нээлттэй хөрөнгө оруулалт, бизнесийн орчин бүрдүүлэх зарчим баримталж ирсэн. 2010 оныг “Бизнесийн орчинг шинэчлэх жил” болгон зарлаж, эрх зүйн орчинг боловсронгүй болгох, бизнесийн холбогдолтой дүрэм журмыг шинэчлэх ажлыг хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлэхийг бид зорьж байна.
       
    Цаашид ч бизнесийн орчныг улам нээлттэй, ил тод болгохдоо Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөж, Засгийн газраас тогтоосон тэргүүлэх салбарын хөгжлийг татвар, санхүү, зохицуулалтын бодлогоор улам эрчимтэй дэмжин эдгээр салбарт нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй тэргүүний технологитой, орон нутгийн хөгжлийг дэмждэг аж ахуйн нэгжүүдийн оролцоог улам өргөжүүлэх болно.

    Энэ айлчлалын үеэр хамтын ажиллагааны гурван талт томоохон төслүүдийн талаар санал солилцсон нь ихээхэн ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэмээр байна. Хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан тавих нь эдийн засгийн ач холбогдолтой байх үндэслэлтэй учир энэ талаар ОХУ-тай боломж бололцооны талаар үргэжлүүлэн ярилцах нь ач холбогдолтойг талууд онцолсноор бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ шатыг нээх суурийг тавьсан гэж үзэж байна.
       
    Аливаа эдийн засгийн хамтын ажиллагаанд нэг хэлээр ярьж, нэгдсэн ойлголтод хүргэж чаддаг боловсон хүчин маш чухал үүрэгтэй. Энэ удаагийн айлчлалаар БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр 5 жилийн хугацаанд 2000 монгол оюутныг суралцуулах болж, мөн Хятадын Засгийн газрын тусламжаар Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн хотхоныг шинээр барихаар тохиролцсон нь бизнесийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой байх болно.

    Хатагтай, ноёд оо,
       
    Манай хоёр орны хоорондын өндөр дээд хэмжээний айлчлалууд нь хоёр орны сайн хөршийн, харилцан итгэсэн түншлэлийн харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлж ирсэн билээ. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд ноён Вэнь
    Зябаогийн энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн, хоёр орны эдийн засаг хөрөнгө оруулалтын тэргүүлэх салбаруудад нэгэн доор ахиц дэвшил авчирсан, хүмүүнлэгийн харилцааг улам гүнзгийрүүлсэн, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ шатны суурийг тавьсан айлчлал боллоо гэж дүгнэн үзэж байна.

    Шинээр нээгдэж буй боломж бололцоог бүрэн дүүрэн ашиглаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх боломж бизнес эрхлэгчид та бүхэнд өргөн дэлгэр нээгдэж байна.

    Анхаарал тавьсанд баярлалаа.