Ангилал: хэлсэн-үг

  • “Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлт” семинар дээр хэлсэн үг

    “Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлт” семинар дээр хэлсэн үгХатагтай, ноёд оо

    Юуны өмнө энэ танхимд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, үндэсний семинарын үйл ажиллагаанд амжилт хүсье. Эрүүл мэндийн даатгал нь нэг талаас даатгуулагчдад эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд байгууллага, иргэдээс хуулийн дагуу шимтгэл хураагаад тэдэнд  эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэдэг өвөрмөц  тогтолцоо, нөгөө талаас эрүүл мэндийн даатгалын санхүүжилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу өвчтөний эмчилгээний зардалд эрүүл хүмүүсийн даатгалын мөнгийг ашиглах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурладаг тогтолцоо юм.

    Манай улс эрүүл мэндийн төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндээ хамгаалахад иргэн бүрийн ухамсартай  оролцоог бий болгох зорилгоор эрүүл мэндийн даатгалыг 1994 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Бас хууль, тогтоомж холбогдох дүрэм, журам ч байнга өөрчлөгдөж ирлээ. Өнөөдрийн байдлаар манай орны хүн амын 80 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байна.

    Гэсэн хэдий ч хууль эрх зүйн орчны өөрчлөлтөөс болж 2005-2008 онд эрүүл мэндийн даатгалын сангийн эрүүл мэндийн нийт зардалд эзлэх хувь 26-аас 18 хувь болтлоо буурлаа. Бас дээрх хугацаанд төсвийн нийт зардалд эзлэх эрүүл мэндийн зардал  5-аас 3 хувь болтлоо буурсан байна. Энэ нь улс орны төсвийн нийт зардлын 6-гаас доошгүй хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  зөвлөмж манай оронд хэрэгжихгүй байгааг харуулж байна.

    Харин 2009 онд холбогдох сайд нарын тушаалаар эрүүл мэндийн даатгалд хамрагдах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүрээг өргөтгөж, 107 оношийн бүлгийн хамаарлаар санхүүжүүлэх, эрүүл мэндийн даатгалын хувьсах зардлын хэмжээг өөрчилсний дүнд 2010 онд эрүүл мэндийн даатгалын санхүүжилт 76 тэрбум төгрөгт хүрч, эрүүл мэндийн даатгалын сангаас оруулж байгаа хөрөнгийн хэмжээний эрүүл мэндийн салбарын нийт зардалд эзлэх хувь 28 болж өсөхөөр байна.

    Өнөөдөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулагыг боловсруулж байна. Энэ үед улс төрчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид Төрийн ордонд цуглаж  эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн асуудлаар санал солилцож  байгаа нь чухал ач холбогдолтой юм. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд бид эрүүл мэндийн даатгалын үр ашгийг бууруулж байгаа цөөнгүй асуудалтай тулгарч байсан.
     
    Тухайлбал, нэгдүгээрт, эрүүл мэндийн даатгалд оролцогч талууд болох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн эрх үүрэг, хариуцлага тодорхой бус, байр суурь нь хуваагдмал, нэгдсэн бодлогогүй явж ирсэн байна. Хоёрдугаарт, 2004 оноос хойш боловсруулж эхэлсэн эрүүл мэндийн даатгалын бодлого, стратеги одоо хүртэл батлагдаагүй байгаагаас иргэний эрүүл мэндийн даатгалын хууль олон удаа өөрчлөгдөж, эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтад улс төрийн шийдвэр давамгайлж ирсэн байна.

    Гуравдугаарт, эрүүл мэндийн даатгал нийгмийн хамгааллын тогтолцоонд явж ирсэн 14 жилд даатгалын сангуудын нэгдсэн удирдлагын зардлыг бууруулж байсан сайн талтай ч эрүүл мэндийн даатгалын удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийн арга нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанартай уялдсан үр дүнтэй нэгдсэн тогтолцоо болж чадаагүй байна. Гэхдээ эрүүл мэндийн даатгал хэрэгтэй эсэх талаар өнөөдөр мэтгэлцэх шаардлага байхгүй. Эрүүл мэндийн даатгал янз бүрийн хэлбэр, агуулгаар дэлхийн улс орнуудад амжилттай хэрэгжиж  баялаг туршлага хуримтлагдсан байна. Манай орны хувьд ч энэ чиглэлээр зарим нааштай алхмууд хийгдсэн гэдгийг Та бүхэн мэдэж байгаа.

    Засгийн газар эрүүл мэндийн салбарын нийт зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас өгч байгаа хөрөнгийн эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн салбарын эдийн засаг эрүүлжиж, иргэдийн эрүүл мэндийнхээ төлөө тавих анхаарал, нийгмийн өмнө хүлээх хариуцлага дээшлэнэ гэж үзэж байна. Бид эрүүл мэндийн даатгалын бодлого, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд  нэгдүгээрт, эрүүл мэндийн даатгалын дунд болон урт хугацааны бодлого, стратегийг тодорхойлох, хоёрдугаарт, эрүүл мэндийн даатгалын бие даасан тогтолцоог бүрдүүлэх, гуравдугаарт, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанартай уялдуулах, дөрөвдүгээрт, оролцогч талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, тавдугаарт, даатгалтай иргэнд эмнэлэг, эмчээ сонгох  бололцоог олгох,  зургаадугаарт, эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцаж байгаа иргэдийн бүтэц, төлбөрийн хэмжээг үндэслэлтэйгээр тогтоох зэрэг тодорхой зорилт тавин ажиллаж  байна.
     
    Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр эрүүл мэндийн даатгалын байгууллагын үүрэг, хариуцлага, чадавхи дээшилж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирч, даатгуулагчдын сэтгэл ханамж дээшлэх болно. Засгийн газар эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас оруулж байгаа хөрөнгө, төлбөртэй тусламж, үйлчилгээний  зохистой харьцааг бий болгох нь шинэчлэлийн гол зорилт гэж үзэж байна. Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн дийлэнх хэсэг хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бус эмчлэхэд чиглэгдэж байгааг өөрчлөхөд анхаарч ажиллах болно. Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр хувь хүнийг эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн эрсдлээс хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэн бүрт тэгш хүртээх, чанарыг сайжруулах тухай эрүүл мэндийн салбарын үндсэн зорилтыг хангах нөхцөл бүрдэнэ.
     
    Сүүлийн үед эрүүл мэндийн даатгалын хамралт, даатгалын сан нэмэгдэх  хандлага бодитой ажиглагдахгүй байна. Энэ нь малчид, ажилгүй  иргэдийн хамралт  муу, төрөөс хариуцаж байгаа даатгуулагчийн даатгалын төлбөрийн хувь хэмжээ бага байгаатай холбоотой юм. Саяхан Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсанаар иргэн хишиг, хувиасаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх боломж бүрдүүлсэн нь цаашид эрүүл мэндийн хамрагдагсадын хүрээг өргөтгөх боломжийг бүрдүүлж байна. Иймд энэ асуудал дээр манай холбогдох байгууллагууд санаачлагатай ажиллах шаардлагатай байна. Нөгөө талаар  Засгийн газар эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцаж байгаа иргэдийн бүтэц, төлбөрийн хэмжээг үндэслэлтэйгээр тогтоох зорилгоор судалгаа хийж байна.

    Эцэст нь хэлэхэд хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, эрүүл мэндийн даатгалын талаархи мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх нь эрүүл мэндийн даатгалын үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болдог байна. Тийм учраас  миний бие энэхүү уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж байна. Та бүхний гаргасан ажил хэрэгч, оновчтой санал бидний шинэчлэн боловсруулж, удахгүй УИХ-д өргөн барих гэж байгаа Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төсөлд  тусгалаа олох болно.

    Уулзалтын ажиллагаанд дахин амжилт хүсье.
    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын эрүүл мэндийн салбарынхантай уулзахдаа хэлсэн үг

    ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ШИНЭЧЛЭЛИЙГ ЦОГЦООР НЬ ХИЙЦГЭЭЕ

    Хүн эрүүл байвал бүхнийг хийнэ. Эрүүл мэндийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна.

    Орчин үед аливаа улсын дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг эрүүл иргэдээ хэрхэн хөгжүүлснээр нь тодорхойлдог боллоо. Тиймээс би “эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай Монгол хүнийг төлөвшүүлэх” талаар өөрийн үзэл бодол байр сууриа илэрхийлж байгаа билээ. Сая эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй олон зүйлүүдтэй танилцлаа. Өндөр технологийг ашиглаж, зайн оношилгоо хийх, теле медициний талаар сайн эхлэлүүд байна. Мөн эрүүл мэндийн салбарын интернет номын санг байгуулж сайхан үйл хэргийг эхлүүлж буйд баяр хүргэе. Эрүүл мэндийн салбар том модоор төсөөлвөл мөчир хэсгээрээ ургаж байгаа боловч үндэс суурь нь хир зөв тавигдсан бэ гэдэг нь эргэлзээтэй байна.

    Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт олсон ололт, нааштай зүйл олон байна. Гэвч эмчилгээ оношилгооны чанарыг дээшлүүлэх, эмнэлгийн үйлчилгээнд иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй болгох гэх мэт олон тулгамдсан асуудлууд бидний өмнө бий. Тиймээс бид хийж амжаагүй зүйл, хүлээгдэж буй үр дүнд бодит дүгнэлт өгч, тулгарч буй бэрхшээл, түүнийг гэтлэх арга зам, салбараа хэрхэн хурдацтай шинэчлэх гарцыг тодорхойлох талаар ярилцах ёстой. Эрүүл мэндийн салбарт шинэчлэлийг цогцоор нь зорилготой, бүх шатанд хийж, уялдаа холбоотойгоор ахиц дэвшилд хүргэх шаардлага байна. Монголынхоо хүн амын тоог улам нэмэгдүүлэх, ард иргэдээ эрүүл байлгах үүднээс эрүүл мэндийн салбарт шинэчлэлийг дараах гурван чиглэлээр явуулах нь зүйтэй.Үүнд :
     
    1.    Хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс хэвшүүлэх,

    2.    Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ давамгайлсан тогтоцлоог бий болгох,

    3.    Оношилгоо, эмчилгээний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох,

    Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг иж бүрнээр өөрчлөхөөр боловсруулагдаж буй хууль, дүрэм, журам нь цаашид хийх цогц шинэчлэлийн үндэс суурь болох учиртай. Дээр дурдсан зорилтуудаа ойрын хугацаанд бодит ажил хэрэг болгохын тулд Эрүүл мэндийн салбарын байгууллага хоорондын уялдаа бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, санхүүжилтийг өөрчлөх, хүний нөөцийн хөгжилд онцгой анхаарч нэгдмэл нэг чадавхи, тогтолцоонд шилжих хэрэгтэй.

    Эрүүл мэндийн салбарын байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр:
     
    Өнөөгийн бүтэц зохион байгуулалтыг цаашид оновчтой болгон шинэчилж, салбарууд нь саланги задгай, бие биедээ саад тотгор болох биш, уялдаа холбоотой болох зорилт тавьж ажиллах учиртай. Тиймээс эрүүл мэндийн тухай хуульд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгүүд, төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн үйл ажиллагааны уялдааг хангах, холбогдох мэргэжлийн хүмүүсийн саналыг тусгаж Засгийн газраар хэлэлцүүлэн УИХ-аар батлуулахыг ЭМЯ-нд үүрэг болгож байна. Түүнчлэн Улаанбаатарын эмнэлгүүдийн тогтолцоог ч эргэж харах, боловсронгуй болгох шаардлага байгааг тэмдэглэх нь зүйтэй. Хүн хоорондын харилцааны чиглэлээр биш системийн өөрчлөлтөөр хангах нь чухал байна.
     
    Хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс хэвшүүлэх, эрүүл орчин бүрдүүлэх чиглэлээр:  
     
    Монголчууд бид сэтгэлгээний том өвчтэй байна. Бид ард иргэдээ өвчилсөн хойно нь эмчлэх биш өвчлөхөөс нь өмнө сэргийлдэг тогтолцоог бий болгомоор байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж, төсвийн хөрөнгийг энэ чиглэлд зарцуулдаг болох хэрэгтэй. Тиймээс дархлаажуулалтын томоохон хөтөлбөрийг энэ салбарт хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх хэрэгцээ, шаардлага ч бас байна. Мөн хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх талаар бүх нийтийг хамарсан кампанит ажлыг зохион байгуулах шаардлагатай.

    Эрүүл аж төрөх ажил нь бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх энэ ажлаас эхлэнэ. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт эрүүл хүнс хэрэглэх, эрүүл ахуйн дэглэм сахих, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх цогц мэдлэг эзэмшүүлэх бодит алхам хийх хэрэгтэй. Орчин үеийн дэлхийн боловсролын тогтолцоонд хүүхэд багаасаа бие бялдараа хэрхэн хөгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах аргачлал Мичиганы загвар зэргийг боловсрол сургалтын хөтөлбөрт оруулсан байдаг. Энэ мэт бэлэн хэв загвар, хэм хэмжээг шууд нутагшуулан хэрэглэх хэрэгтэй. Ер нь бүх нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг иргэний боловсролын нэгдсэн тогтолцооны нэг гол асуудал болгон суулгаж өгөх талаар тодорхой хөтөлбөр боловсруулж Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй.

    Биеийн тамираар тогтмол хичээллэх зуршил мөн л бага наснаас төлөвшиж амьдралын нэг хэв маяг болдог. Манай иргэд биеийн тамираар тогтмол хичээллэх боломж хомсоос гадна тийм орчин нөхцөл бас үгүйлэгдэж байна. Энэ асуудалд шинэ хандлага, санаачилга чухал. Эрүүл хот, эрүүл ажлын байр, эрүүл сургууль санаачилгыг дэмжин тэтгэх талаар томоохон алхам хийх цаг болсон. Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх бодлогыг УИХ-аар саяхан баталлаа.

    Үүнийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллах нь зөв болно. Бидний хувьд бодитой ажил болгох ёстой нэг ажил бол архи, тамхи үл хэрэглэх, осол гэмтлээс зайлсхийх зэргээр эрсдэлт зан үйлээс татгалзах нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэхэд онцлон анхаарах хэрэгтэй. Архидалттай тэмцэх ажил тодорхой үр дүнд хүрээгүй байтал шинээр  мансуурах донгийн асуудал тавигдаж эхлэх боллоо. Үл тэвчих, үл хэрэглэх нийгмийн орчинг бүрдүүлэх талаар шинэлэг бодлогыг ажил хэрэг болгох шаардлагатай.
     
    Орчин үед эмийн хэрэглээний асуудал зарим талаараа хорт зуршлын хэмжээнд хүрлээ. Эм, сүлжээний гэж нэрлэгддэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүний замбараагүй хэрэглээ иргэдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулаад зогсохгүй, айл гэрийн эдийн засагт ихээхэн дарамт болж байна. Иймээс хууль тогтоомжийг ягштал мөрдүүлэх, шаардлагатай бол эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх талаар санаачилгатай ажиллахыг мэргэжлийн хяналт эрхэлсэн байгууллага анхаарах хэрэгтэй. Мөн цар тахал, гамшгийн үед эмийн үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх талаар холбогдох хүмүүс бодлого боловсруулан мөрдлөг болгох арга хэмжээ авахыг үүрэг болгож байна. Үүнтэй холбогдуулан манай уламжлалт анагаах ухаанд суурилсан үндэсний эмийн үйлдвэрлэлийг ч гэсэн дэмжиж хөгжүүлэх нь зүйтэй. 
     
    Эрүүл мэндийн салбарын хувьд томоохон асуудал бол санхүүжилтийн тогтолцоог өөрчилж, олон улсын стандартад нийцүүлэх:
     
    Эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулах олон шаардлага цаг үеэс урган гарч наад зах нь манай 30 гаруй мянган иргэд гадаад оронд оношилгоо, эмчилгээ хийлгэхээр явж, олон арван сая доллар зарцуулсан тухай мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл манай улсын эрүүл мэндийн салбарт зарцуулагдах учиртай ихээхэн хэмжээний мөнгө гадаад урсгалтай боллоо. Энэ нь иргэд маань гадаадын эмнэлгүүдийг хөгжихөд бус дотоодынхоо эмнэлгийг хөгжихөд хувь нэмрээ оруулдаг механизмыг бүрдүүлэхийг шаардаж байгаа хэрэг. Тийм учраас олон улсын стандарт шаардлагад нийцсэн оношилгоо, эмчилгээний төвийг аль нэг нэгдсэн эмнэлгийг түшиглэн гадаадын зээл тусламжийн хүрээнд төсөл болгон хэрэгжүүлэх шаардлагатай байна. Засгийн газрын зүгээс зохих дэмжлэгийг үзүүлэх болно. 

    Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх, эрүүл мэндийн даатгалыг бэхжүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх ажлын хэсэг байгуулж асуудлыг холбогдох газруудаар хэлэлцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй. Манай улсын эрүүл мэндийн зардалд төсвийн санхүүжилтийн эзлэх хувийн жин сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж 2008 онд 79 хувьд хүрсэн. Харин эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн эзлэх хувь эсэргээрээ буурч 18 хувь болсон явдал бол энэ салбарын санхүүжилтийн тогтолцооны нэг гажуудал юм.

    Төрөөс эмнэлгийн тусламж үйлчилгээг шууд санхүүжүүлэх биш бүх нийтийг хамарсан, өрсөлдөөнт, хоёр шатлалтай даатгалын тогтолцооны хүрээнд шийдвэрлэдэг олон улсын стандарт байна. Эмнэлгийн үйлчилгээний өрсөлдөөнт орчинг бүрдүүлснээр эмнэлгийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж харагдаж байгааг манай хоёр хөрш орны туршлагаас харах ёстой. Монголын эмнэлгүүдийг ингэж хөгжих орчинг бүрдүүлэх нь бидний нэг зорилт байх учиртай.

    Бодлогын энэхүү шинэ чиглэлийг хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн суурь үзэл баримтлалын баримт бичгийг боловсруулж шийдвэрлүүлэх талаар Эрүүл мэндийн яамны удирдлагууд анхаарч холбогдох бусад байгууллагуудтай хамтран шийдвэрлэхийг үүрэг болгож байна. Манай эрүүл мэндийн салбарт осол аваар, гэнэтийн болгоомжгүй зүйлээс үүдэлтэй төлөвлөгдөөгүй зардал их гарч түүнийг нь улс нуруун дээрээ үүрч байна. Тиймээс цаашид төлөвлөгдөөгүй зардлыг буруутай этгээдээр нь төлүүлэх хууль эрх зүйн орчинг нь бий болгох хэрэгтэй. Энд манай эрүүл мэндийн яам анхаарч ажиллах ёстой.
     
    Төсвийн хөрөнгөөр эрүүл мэндийн салбарт бараа, үйлчилгээ нийлүүлэх сонгон шалгаруулалт шударга бус явагддаг тухай мэдээлэл их бий. Сонгон шалгаруулалтын дүнд авсан бараа бүтээгдэхүүн нь орчин үеийн техник технологийг тэтгэх бус тоног төхөөрөмжийн цуглуулга болсон цөөнгүй жишээ байна. Иймээс эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлыг багцаар нь шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Тухайлбал орчин үеийн шаардлагад нийцсэн техник, найдвартай засвар үйлчилгээ, мэдээллийн нэгдсэн тогтолцооны цахим хувилбар, хүний нөөцийн сургалт гэсэн олон улсын жишиг байдлаар шийдвэрлэх нь зүйтэй. Тиймээс Засгийн газар аливаа тендер буюу бараа, үйлчилгээ худалдан авахыг зохицуулж буй хууль эрх зүйн орчинг өөрчлөх талаар холбогдох хүмүүст нь үүрэг даалгавар өгсөн.   

    Эрүүл мэндийн салбарын уялдаа холбоог сайжруулж, хүний нөөцийн хэрэгцээг хангах асуудал байна.

    Сүүлийн жилүүдэд манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөц гүнзгий хямралд ороод байна. Тухайлбал хөдөө орон нутагт ялангуяа сум, сум дундын эмнэлэгт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эрс дутагдаж, хүн амын 40 орчим хувийг эзэлдэг хөдөөгийн иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хангалттай түвшинд авч чадахгүйд хүрлээ. Тиймээс ур чадвартай, ажиллах эрмэлзэлтэй хүний нөөцийг оновчтой төлөвлөх, сургаж чадавхийг нь дээшлүүлэх, тэнцвэртэй тоогоор байршуулан ажиллуулах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа сул, хамтын ажиллагаа дутагдалтай байна. Уг нь иргэн бүр эрүүл мэндийн тэгш хүртээмжтэй, чанартай үйлчилгээг баталгаатай хүртэх эрх зүйн орчинтой байх ёстой.

    Нийслэл, аймгийн төвүүдэд засаг захиргааны бүтцийг дагуулж бус харин иргэдийн чөлөөт сонголтыг хангасан байдлаар өрхийн эмнэлгийг хөгжүүлэх нь зүйтэй. Харин сум, багийн түвшинд өөр зарчим барих шаардлагатай. Сумын эмнэлгийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх төдийгүй нийгмийн эрүүл мэндийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлдэг гол бүтэц болгон шинэлэг байдлаар хөгжүүлэхийг цаг үе биднээс шаардаж байна.

    Олон улсын хандивлагч байгууллагуудаас эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр оруулдаг хандив тусламжийг нэгдсэн нэг санд төвлөрүүлэн, нэг удирдлагаар хангаж, зориулалтаар нь зүй зохистой ашиглах хэрэгтэй. Эх үүсвэрийн зонхилох хэсгийг буцалтгүй тусламж, хандиваар бүрдүүлдэг, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах нь зөв.

    Эдгээр зорилтуудаа ойрын хугцаанд бодитой ажил хэрэг болгохын тулд эрүүл мэндийн салбарын удирдлагууд идэвхи, санаачлагатай ажиллах шаардлагатай. Ард иргэд өөрийн орны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд итгэх итгэл буурах болсон хандлагыг өөрчилж, эрүүл мэндийн боловсрол олгох төгсөлтийн өмнөх, дараах сургалтын чанарт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Сургалт явуулах орчин, дадлага хийх эмнэлгээр хангах нөхцлийг сайжруулж, олон улсын эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд ЭМЯ, БСШУЯ хамтран анхаарч ажиллахыг даалгаж байна.

    Эрүүл мэндийн салбарын удирдлагууд,

    Эмч, эмнэлгийн ажилтнууд аа,
     
    Төр засаг хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож буй та бүхнийхээ цалин хангамж, ажиллах нөхцөл, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах болно. Ялангуяа алслагдсан хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад нэмэгдэл, урамшуулал олгохыг саяхан Эрүүл мэндийн хүний нөөцийн зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцэж уг асуудлыг боловсруулах чиглэл өгсөн. Мөн 4000 орон сууц хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт ажиллагсадаас 675 хүнд хөнгөлттэй нөхцлөөр орон сууц олгохоор квот тогтоож өглөө. Энэ мэтээр нийгмийн асуудалд бодитой хандах ёстой гэж бодож байна.

    Хүний амьдрал, эрүүл явахтай холбоотой байдаг энэ салбартаа шинэчлэлийг цаг алдалгүй цогцоор нь хийх шаардлага байна. Өнөөгийн салбарынхаа бодит байдалдаа зөв дүгнэлт өгч, өөрчлөлтийг үр дүнтэй болгоё. Энэ салбарын өөрчлөлт шинэчлэлтээс ард түмний маань, Монголчууд бидний  амьд явах, амьдралын баталгаа, эрүүл аж төрөх ёс зүй гээд олон зүйл шалтгаална. Шинэчлэлийг цогцоор нь бид хамтдаа хийж чадна. Засгийн газар та бүхэнтэйгээ хамтран ажиллах, бодлого зорилгоо хэрэгжүүлэхэд бэлэн байна. 

    Амжилт хүсье. Баярлалаа.

  • Тендерийн хууль эрх зүйн орчинг өөрчилж, шударга, ил тод, хөндлөнгийн хяналттай болгоё

    Тендерийн хууль эрх зүйн орчинг өөрчилж, шударга, ил тод, хөндлөнгийн хяналттай болгоё Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Санхүү, эдийн засгийн салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтанд хэлсэн үг

     

    Монгол улсын хөгжил, санхүүгийн бодлого, зорилтыг тодорхойлж байдаг та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Санхүүгийн хямрал гадаад худалдаа, түүхий эдийн үнэ ханшаар дамжин манай улсад чамгүй хүндээр туссаныг статистикийн тоо баримт, дуусаагүй олон барилга байгууламжууд, ажилгүй болсон иргэд, алдагдсан боломжууд илтгэн харуулж байна. Хямрал ямар хэмжээнд манай улсад нүүрлэснийг төсөв, түүний орлогын бүрдэлтээс бас харж болно. Энэ оны эхний 11 сарын байдлаар улсын төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 180 гаруй тэрбум төгрөгөөр тасалдлаа. Үүний дотор гадаад худалдаа, импортын үйл ажиллагаанаас олохоор тооцож баталсан гаалийн, НӨАТ-ын зэрэг татварын орлого 130,0 гаруй тэрбум төгрөгөөр дутагдах нь тодорхой боллоо.

    Дэлхийн өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа зарим улс орон хямралыг 2009 онд давах болсноо зарлаж, зарим нь 2010 оны эхний хагас жилд гэтлэн гарч цаашдын өсөлтөө хангана гэж мэдэгдэж байна. Тэгвэл Монгол улс хэзээ санхүүгийн хямралаас гарах вэ гэдгийг олон нийт мэдэхийг хүсэж байна. Үүнд манай эдийн засаг, санхүүгийн төв байгууллагууд, ялангуяа улсын сан хөмрөгийг удирдаж байгаа Сангийн яам тодорхой судалгаа хийж, хариултыг өгөх үүрэгтэй. Эдийн засгийн энэ уналтаас сэргэлтэд хүрэх зорилтыг тодорхой тусган ажил хэрэг болгох хэрэгтэй байна.

    Хөгжлийн төлөвлөлт – мөрөөдөл үү, бодит бодлого уу?

    Манай улсад шилжилтийн түвшнээс гарч, эдийн засгийн хөгжлийн өндөр түвшинд хүрэх боломжууд тодорхой харагдаж байгаа. Ийм үед ирэх жилүүдийн хөгжлийн төлөвлөлтөө тодорхой хийх нь маш чухал. Түүндээ зорилтыг салбар, бүс нутаг тус бүрээр нэн тодорхой болгосон байх шаардлагатай. Гэхдээ төлөвлөгөө гэхэд хэцүү, мөрөөдөл мэтийн зүйл бичээд энэ төсөөллөө амьдралд хэрэгжүүлэхийн тулд бодлогын ямар орчин хэрэгтэйг огт мартдаг ердийн зуршлаас салахгүй бол бидний өмнөө тавьсан олон сайхан зорилт цаасан дээрээ л үлдэнэ. Өнөөдрийг хүртэл бид 20 жилийн туршид тийм цаас үйлдвэрлэсээр л байгаа.

    Үндсэн чиглэл, үзэл баримтлал, бодлого гэсэн том нэртэй олон бичиг баримтуудыг уншихад хувийн хэвшлийн хийх ёстой ажлыг нэг нэггүй төлөвлөж, хаана, ямар нэртэй, ямар үйлдвэр баригдаж, хэдий хэмжээтэй, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг тооцоолсон атлаа үүний тулд бодлогын ямар алхам хийхээ тодорхой болгож тавихгүй байна. Эдийн засгийн өөрчлөлтийг эхлээд 20 жил болоход өнөөг хүртэл төр хувийн хэвшлийнхээ зааг ялгааг ойлгоогүй юм болов уу гэж заримдаа бодогдохоор байдаг. Төр засаг гэдэг чинь хувийн хэвшилдээ бодлогын орчин бүрдүүлдэг, хувийн хэвшлийг дэмждэг, харин бизнесийг хувийн хэвшил хийдэг гэдэг маш хялбархан зарчмыг төлөвлөлт хийхдээ мартаж болохгүй.

    Төр засаг хувийн хэвшлийг дэмжих цөөхөн боловч ихээхэн нөлөөтэй арга хэрэгсэлтэй. Түүний хамгийн чухлын нэг нь татвар. Ийм ч учраас татварын бодлогыг боловсруулдаг Сангийн яамны зөв эсвэл буруу алхам, ганцхан шийдвэр нь л салбарын яамны төдийгүй улсын эдийн засгийн бодлогыг бүрэн эргүүлэх боломжтой байдаг. Үүний нэг жишээ нь бидний үйлдвэржилтийн бодлого. Бид өнөөдөр нэмүү өртөгийг дэмжиж байгаагаа бүх түвшиндээ ярьдаг. Гэтэл татварын хувьд өнөөдөр дэлгүүр ажиллуулах, үйлдвэр эхлүүлж хөрөнгө оруулах хоёрт зарчмын ямар ч ялгаагүй. Өнөөдөр түүхий эдийг ухаж гаргах, харин тэр түүхий эдээ монголдоо боловсруулж бага боловч нэмүү өртөг нэмэх хоёрт бас бараг ялгаа алга гэж хэлэхэд хилсдэхгүй. 

    Үүний нэг гол шалтгаан эдийн засгийн төлөвлөлт нь бодит амьдралаас тасарсан, явцуу орчинд хийгддэгтэй шууд холбоотой. Энэ жил хуучин загвараараа улсын төсвөө дуулиан, шуугиантайхан баталлаа. Ирэх 2011 оны төсвийг боловсруулж эхлэхээс өмнө бид Монгол Улсын ойрын жилүүдийн хөрөнгө оруулалтын бодлогыг маш чамбай, нухацтай байдлаар боловсруулах хэрэгтэй. Гадаад, дотоодын, хувийн хэвшлийн, зээлээр хийгдэх хөрөнгө оруулалтын талаар мэдээллээ нэгтгэж салбарын яамд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран судлан боловсруулж бэлтгэхийг Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны удирдлагуудад үүрэг болгож байна.

    Иймд ирэх оны эхээр зохион байгуулахаар төлөвлөж буй “Монголын эдийн засгийн чуулга уулзалт”–ын хүрээнд эдийн засгийн хөгжлийн гол бодлого, санхүүжилтийн зарчим, сүүлийн 20 жилийн эдийн засгийн өөрчлөлт, ирээдүйн хөгжлийн стратеги, том төсөл хөтөлбөрүүдийн “Бодлогын уялдааг хангах” асуудалд та бүхэн санаачилгатай оролцох ёстой.

    Төсвийн бодлого – тодорхой, тогтвортой, тэгш

    Манай улс цаашид илүү хурдацтай, хөгжлийн зөв чиг, замаар явахын тулд юуны өмнө одоо мөрдөж буй төсвийн бодлогодоо томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Зөвхөн төсвийн бодлогоор бүхий л асуудал шийдвэрлэгдэхгүй. Гэхдээ өнөөгийн нийгэм, эдийн засгийн олон асуудал төсвөөс ихээхэн хамаардаг. Тиймээс төсвийн бодлогын хүрээнд хийх шинэчлэлийг дараахь хэдэн үндсэн чиглэлээр хийх ёстой гэж бодож байна. 

    Үүнд:

    1. Төсвийг УИХ-аас хэлэлцэн баталж байгаа цаг хугацааг шинэчлэн өөрчлөх;
    Ингэснээр улсын төсвийг УИХ-аас баталснаас хойшхи цаг хугацаанд ирэх оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалттай холбогдсон бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг явуулах зэрэг бүхий л бэлтгэл ажлууд хийгдэж дуусахаар тооцож төсвийг батлан гаргах цаг хугацааг нааш нь татаж өөрчлөх хэрэгтэй.

    2. Төсвийн тогтвортой байдлыг хангах;
    Төсвийн тэнцвэрт байдлыг хангах, төлбөрийн тэнцлийн огцом алдагдлыг бууруулахад төсвийн хариуцлагын тогтолцооны хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал юм. Сангийн яамнаас боловсруулж байгаа “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг батлан гаргах нь уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай эдийн засагтай өнөө үед төсвийн зарлагыг хязгаарлаж, тус салбараас орж ирэх бүх орлогын тодорхой хэсгийг тогтворжуулалтын санд хуримтлуулж, орлого буурсан үед төсвийн алдагдлыг нөхөн санхүүжүүлж байх зохицуулалтыг бий болгох юм. Саяхан УИХ-аар батласан ирэх оны төсвийн үзүүлэлтүүдээс авч үзвэл улсын нэгдсэн төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний 38,8 хувьд хүрч байна. Бид тавьсан зорилтдоо төсвийн зарлагыг нэмэгдүүлнэ гэж зориогүй боловч бидний алсын бодлогогүй төлөвлөлт нь ийм өндөр хэмжээний зарлагатай байх гарцаагүй байдалд хүргэлээ. Улсын төсвийн өндөр хэмжээний зарлага нь алсдаа засаглалын үнэлгээ, бизнес эрхлэлтийн орчны үзүүлэлтийг улам доош чангаагаад зогсохгүй сайжруулах ёстой гэж зорьж байгаа улс орны гадаад нэр хүндэд таагүй нөлөө үзүүлдэг.

    3. Төв, орон нутгийн төсвийн харилцааг тэнцвэржүүлэх;
    Өнөөдөр орон нутагт ногдож буй үүрэг, хариуцлагатай нь төсвийн хөрөнгийн зарцуулалтын эрх хэмжээ үнэхээр дүйцэхгүй байгаа гэсэн шүүмжлэл их гарах боллоо. Өмнө хэрэгжиж байсан тогтолцоо тухайн үедээ хэрэгтэй байсан бол одоо үр дүн муутай байна. Тиймээс орон нутгийн удирдлагад төсвийн хөрөнгийг зарцуулах эрх мэдлийг түлхүү өгөх, орон нутагт тавигдаж буй зорилтыг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагыг хамт шилжүүлэх хэрэгтэй.

    4. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгжүүлэх зарчмыг шинэчлэн тогтоох;
    Төрийн болон нийгмийн үйлчилгээг иргэдэд хүргэх нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх замаар, хөрөнгө оруулалтыг ямар нэгэн үзэмжээр, хэн нэгэн албан тушаалтанд олдсон харьцангуй давуу байдлаар шийдвэрлэдэг зарчмыг халах ёстой. Засаг захиргааны аль ч шатанд хөрөнгө оруулалтын хуваарилалт нь тогтсон стандарт, аргачлалын үндсэн дээр тэгш хуваарилагддаг шинэ тогтолцоог бий болгомоор байна.  

    5. Худалдан авах ажиллагааны тогтолцоо буюу тендерийн журмыг шинэчлэх;
    Төсвийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахад хамгийн их хүндрэл учруулж байгаа асуудал бол тендер юм. Тиймээс төсвийн шинэчлэлийн хүрээнд худалдан авах ажиллагааны тогтолцоо, тендерийг улам шударга, ил тод, хөндлөнгийн хяналттай, шуурхай болгох ёстой. Аливаа тендерийг дагасан авилга, хээл хахуулын асуудлыг ч цэгцлэх болсон тухай иргэд, бизнес эрхлэгчдийн санал, гомдлыг ч бодолцох нь зүйд нийцнэ. Үүний зэрэгцээ захиалагчийн хяналтын ажлыг дан ганц  салбарын яамны асуудал мэтээр өөрөөс түлхэх нь туйлын хариуцлаггүй юм. Энд нэг л жишээг бид бүгд бодолцох ёстой. Яахаараа Японы тусламжаар баригдсан Улаанбаатар хотын Нарны зам бараг 10 жил томоохон засваргүй байж болоод байдаг. Харин яг хажууд нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн замыг жилд хэдэн удаа нөхөх шаардлагатай байдаг юм бэ? Хариулт бол маш ойлгомжтой. Нэг л хүн, нэг л байгууллага тендерийн баримт бичгээ боловсруулаад, тендерээ зохион байгуулаад, сонгон шалгаруулаад, захиалагчийн хяналтаа хэрэгжүүлээд, ажлаа хүлээж авдаг байхад шударга хариуцлага тооцох тогтолцоо бүрдэхгүй байгаа нь ойлгомжтой. Иймд Тендерийн хууль эрх зүйн орчинг өөрчлөх ялангуяа захилагчийн хяналт, холбогдох стандартыг сайжруулах асуудлыг Сангийн яамны хамт олон та бүхэн сайтар судалж, холбогдох төрийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөллийн санал бодлыг тусгаж Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ёстой.

    Гадаад зах зээл – санхүүжилтийн эх үүсвэр

    Гадаад зах зээлээс хөрөнгийн эх үүсвэр бий болгох нэг арга хэрэгсэл бол бонд гаргах, бондын орлогыг ашиглахтай холбогдсон асуудал юм. Өнөөдөр бондыг гол төлөв төсвийн орлогын алдагдалыг нөхөх, банк, санхүүгийн байгууллагын активыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх зорилгоор гаргаж  байна. Энэ бол хөрөнгийн эх үүсвэрийг хөгжлийн зориулалтаар ашиглаж байгаа хэрэг биш. Улс орны цаашдын хөгжлийн бодлого, чиглэлтэй уялдуулан Сангийн яамнаас бондын эрэлт хэрэгцээг наад зах нь 2-3 жилийн өмнөөс урьдчилан төлөвлөдөг байх, борлуулалтын орлогоор хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр болгон ашиглах шаардлагатай. Дэлхийн зах зээлд Монгол Улсын бондыг таниулах, сурталчлах зэрэг олон талын ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.  Азийн бондын зах зээлд Монгол Улсын нэрийн бонд өнөөг хүртэл арилжаалагдаагүй байгаад бид эхний ээлжинд дүгнэлт хийх ёстой.

    2003 оноос бидний мөрдөж, хэрэглэж ирсэн Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах болсны нэг гол учир шалтгаан бол дутагдаж болох хөрөнгө, түүний эх үүсвэрийн тооцоог урьдчилан харах, хаанаас хэрхэн бүрдүүлэх, хөрөнгө босгох арга хэмжээг эртнээс бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх зорилготойг үндсэндээ ойлгож, хэрэгжүүлж чадаагүй явж ирснээ бас анхаарах хэрэгтэй байна. 2009 онд алтны санхүүжилт нэрээр гаргасан бонд нь Монголын Засгийн газрын анхны бонд байлаа. Гэсэн хэдий ч Монголын Засгийн газрын зээлжих эрхийг 11 хувиас дээгүүр тогтоосноор гадаад зах зээл дээр хувийн хэвшлийн зээлжих түвшинд энэ нь сөргөөр нөлөөлснийг цаашид харгалзах хэрэгтэй.     

    Өрсөлдөх чадвар – төрийн үйлчилгээний чанар

    Өнөөдөр бидний өмнө өрсөлдөх чадварын асуудал чухлаар тавигдаж байна. Хувийн хэвшлийнхэн энэ асуудлыг ойлгоод байдаг. Гэтэл төрийн байгууллагууд удаан хойрго хандаж байна. Тиймээс би “Монгол Улсаа бүс нутагтаа татвар, эрх зүй, хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадвараар өндөр үзүүлэлттэй орон болгохын төлөө чармайж ажиллах ёстой”-г бусад салбарынхантай хийсэн уулзалтынхаа явцад онцлон хэлж ирсэн. Өнөөгийн байдлаар хилийн боомтод гааль, хилийн цэрэг, гадаадын иргэн, харъяатын алба, улсын мэргэжлийн хяналт, авто тээврийн байгууллага гэсэн 6 байгууллага тус бүртээ үйл ажиллагаа явуулж байна. 

    Эдгээр байгууллагууд өөр өөрийн үйл ажиллагааг тус тусын дүрэм, журмаар зохицуулдаг. Бас өөр өөрийн байранд үйл ажиллагаа нь явагддаг. Хэрвээ бид өндөр хөгжилтэй улс орнуудын хилийн боомтын үйл ажиллагаанд мөрдөгддөг стандартыг авч хэрэгжүүлбэл эдгээр олон байгууллагын үйл ажиллагаа нь ил тод, тогтсон нэг л стандарт, журмаар хурдан шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй зохицуулагдах болно. Ингэснээр үйл ажиллагааны давхардал арилж, цаг хугацаа, орон тоог хэмнэж, гадаад худалдааг хөнгөвчлөх бодлого зорилтод ч өөрчлөлт гарч үр дүнд хүрнэ. Хил, гааль, гадаад худалдаатай холбоотой нэгдсэн нэг стандарттай болох нь манай улсын хөгжлийн нэг чухал үзүүлэлт юм.

    Гадаад худалдааг хөнгөвчлөх, хилийн боомтуудын дамжин өнгөрүүлэх чадварыг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг шинэ өнцөгөөс харж, олон улсын түвшний хил, гаалийн үйлчилгээг нэг дор хөнгөн, шуурхай үзүүлэх боломжийг бүрдүүлсэн “Цогцолбор боомт”-ыг хөгжүүлэх асуудлыг бодлого, төлөвлөлтдөө тусган хэрэгжүүлэх нь зүйтэй.  Энэ асуудлыг судалж шийдвэрлэх талаар судалгаа шинжилгээ хийж танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгож байна.

    Татвар, гаалийн байгууллагууд улсын төсвийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаагаас гадна аж ахуй, бизнес эрхлэгчид, иргэдтэй өдөр тутамд харьцаж тэдэнд үйлчилгээ үзүүлдэг. Олон нийтийн дунд явуулж ирсэн санал асуулга, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Азийн сангаас удаа дараа хийсэн судалгааны үр дүнд манай татвар, гаалийн байгууллагын үйл ажиллагаанд оршиж буй хүнд суртал, авилгын зарим илрэл, хандлагын талаар дурдагдсан байдаг. Сүүлийн жилүүдэд гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагч нартай холбогдсон авилга, гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаарх таагүй мэдээ багассан нь саашаалтай.

    Ер нь татвар, гаалийн чиглэлээр олон ажил хийгдэж үйл ажиллагаа нь сайжирч, ахиц дэвшилд хүрч байна. Цаашид ч гэсэн шинэчлэлийн чиглэлээр хийх ажил их бий. Мөн эрхэлж байгаа үйл ажиллагааны онцлог, байгууллагын хяналт шалгалтын тогтолцооны байдлаас хамаарч авилгад өртөх эрсдэл өндөр гэж судлаачид үзсэн хэвээр байна. Үүнийг анхаарч, урьчилан сэргийлэх, зөрчил илэрсэн тохиолдолд арга хэмжээ авч, хариуцлага тооцдог байх шаардлагатай.

    Сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, судлаачид Монгол Улсын өмнө бий болж байгаа асар их боломж, түүнчлэн цаашдын хөгжлийн хүрч болох амжилтад  ихээхэн итгэл найдвар тавьж буйгаа илэрхийлж байна. Монгол хүн бүр ажилтай, дундаж орлоготой, чанартай боловсролтой, эрүүл саруул амьдрах орчин нөхцөл, боломжоор хангагдсан тийм л улс оронд амьдрахыг хүсч байна. Энэ бол хоосон мөрөөдөл биш. Бидэнд ойрын ирээдүйд олдож байгаа бодит боломж юм. Энэ бүх итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, боломжийг бодит байдал болгон хэрэгжүүлэхийн төлөө бүгдээрээ зөв сэтгэж, зөв бодож, идэвхи санаачлагатай ажиллацгаая. Бид хамтдаа Монгол Улсаа хөгжүүлж чадна.

    Анхаарал тавьсанд баярлалаа.