Ангилал: хэлсэн-үг

  • Сү.Батболдын зөвлөгөө

    МАН-ын экс дарга, УИХ-ын гишүүн Сү.Батболд өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Зоригтоос асуулт асуух үеэрээ эрх баригч хүчинд зөвлөгөө өгч зангараг заав.

    Тэрээр “Аль ч нам Засгийн эрхэнд  гарсан  улс орныхоо хөгжлийн бодлогыг тууштай, тогтвортой урт хугацааны баримтлал, чиг хандлагатай байлгая гэж боддог. Бид ч мөн адил энэ бодлогыг барьсаар ирсэн.  Сөрөг хүчин л гэсэн шиг бүх зүйлд сөрөг байдаг гэж биднийг шүүмжилдэг ч улс орныхоо эрх ашгийг хөндсөн асуудал дээр бид харин саналаа нэмэрлэж, ярилцах ёстой юм. Тунхаглал, хүсэл мөрөөдлийн жагсаалт,  үндэслэлгүй тоо гаргаж дугуйг дахин бүтээх хэрэггүй.  Улс орны хөгжлийн макро  эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд, хүний хөгжлийн томоохон индексүүд,  бусад улс оронтой харьцуулсан харьцуулалт гэх мэт тодорхой хэдэн үзүүүлэлтээр дүгнэдэг ийм систем рүү орох ёстой юм. Үе үеийн Засгийн газруудынхаа үйл ажиллагааг ч ингэж дүгнэдэг болох хэрэгтэй. Ингэж байж Засгийн газрын бодлого нь тогтвортой, хэмжүүртэй болж үр дүнг нь ч дүгнэхэд хялбар. Эдийн засгийг эрчимжүүлэх  төлөвлөгөө энэ агуулгад нийцэж  чадаж байна уу, УИХ-ын бусад гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдтэй хэр уялдаж өгч байгаа вэ” гэсэн юм.

    Үүнд УИХ-ын гишүүн Д.Зоригт  “Эдийн засгийг эрчимжүүлэх энэ төлөвлөгөөндөө бид дөрвөн зорилт тавьж байгаа. Хөгжлийн төлөвлөлт нь сонгуулийн амлалтад өртөмтгий, савладаг. Энэ төлөвлөгөөгөөр тэр савалгааг алга болгоно гэж бодож байгаа. Өргөн  утгаараа олон улсын жишигт нийцүүлсэн тэдний туслалцаа дэмжлэг авсан ийм төлөвлөгөө болсон” гэж хариулна билээ.

  • Сү.Батболд: Дугуйг дахин бүтээх хэрэггүй

    Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар сайд нарын  “давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Аливаа хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд гишүүд шинээр санал дэвшүүлж мэтгэлцдэг зарчимтай. Ингээд гишүүдийн юу ярьсныг товчлон хүргэе. 

    Сү.Батболд: Тогтвортой, мэдлэгтэй, ойлгомжтой байх ёстой гээд л та бүхэн ярилаа. МАН ийм л байр суурь дээр байгаа.  Бид сонгуульд үнэмлэхүй ялсан ч гэсэн ярилцаж, хэлэлцэж л ирсэн. Одоо олонхи болсон та бүхэн биднийг байнга л дайрсан, загнасан байдалтай байх юм. 

    Сөрөг хүчнээ байнгын хорооддоо тэгш хувиарлаач. 20 гаруй гишүүнтэй байх ёстой байнгын хороон дээр бид гурвуулаа л сууж байна шүү дээ. Хууль номоороо бол энд бид 3/1 болоод сууж байх учиртай. Парламентын туршлага мэдлэг, сөрөг хүчнийг зохих ёсоор нь ажиллууулах тэр  ардчиллын хуулиа яагаад энд мөрдөхгүй байгаа юм.  Юм ярих гэхээр мөн чанар л гэх юм. Бидний мөн чанар арай өөр. Улс орны нийгмийн хөгжлийг урагшлуулахын төлөө ярьдаг. Одоо эдийн засгийн байдал ямар байгаа билээ, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унасан, аж ахуйн нэгжүүд  үүдээ хааж байгаа  гээд энэ талаар ярих олон асуудал бий. Үүнийг ярих, гарцыг олохын төлөө л байгаа.  Та бүхэн харин улс төрийн  үүсээд байгаа нөхцөл байдлаа олуулаа шийдэхгүй удаад байгаа биз дээ.   Одоо орж ирсэн саналаараа саналаа хураагаад улс төрийн энэ гацаатай байдлаа шийдье. 

  • С.Батболд: Улс орны минь амьдрал дээшилсэн сайхан жил гарч байна

    ~ Жил бүрийн наадмын өдөр төр засгийн удирдлагууд сур харвааны талбайд очиж цэц мэргэнээ сорин тэр жилийн өнгөө тодруулдаг билээ. Мөн түүнчлэн хэвлэл мэдээллийнхнээр дамжуулж ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Ингээд Ерөнхий сайдын мэндчилгээг хүргэж байна ~


    Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын мэнд хүргэж мэндчилж байна. Энэ жил нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Улс орны минь амьдрал дээшилсэн сайхан жил гарлаа. Мал сүрэг 50 саяд хүрлээ, газар тариалангийн салбарт ч өндөр амжилт үзүүлж өөрсдийн тарьсан ногоогоороо улс орноо хангадаг боллоо.

    Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж эдийн засгийн өсөлт 20 шахам хувьд хүрлээ. Ийм сайхан амжилттай он жил боллоо гэж товчхондоо дүгнэж хэлмээр байна. Нийт монголын ард түмэндээ наадмын баярын мэндчилгээг дахин дэвшүүлж, бөхчүүд нь хүчтэй, морьд нь хурдан, харваачид нь мэргэн байхын ерөөлийг дэвшүүлье.

  • Мэндчилгээ

    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, ажиллагсад Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. 

    ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассемблейн 1991 онд ху­ралдсан чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн 5 дугаар сарын 3-ныг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхагласнаас хойш дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй сэтгүүлчид энэ өдрийг өргөн тэмдэглэж заншжээ. Хэвлэлийн эрх чөлөөний мөн чанарыг ухамсарлах, мэргэжлийн ёс зүйгээ дээдлэх ёстойг сануулах зорилго бүхий энэ өдрөөр Монголын сэтгүүлчид ч мэргэжил нэгт дэлхийн андуудтайгаа дуу хоолойгоо хүчтэй нэгтгэж ирлээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэ жил “ШИНЭ ДУУ ХООЛОЙ: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөд хувь нэмэр оруулах нь” сэдвийн дор тэмдэглэж орон орны ган үзэгтнүүд нэгдэж байна.

    Монгол Улсын Засгийн газар хэвлэлийн эрх чөлөөг хангах, хараат бус сэтгүүл зүйг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн төлөө хэвлэл мэдээллийн салбарын бүхий л байгууллагуудтай нээлттэй, ил тод  хамтран ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг санаачлан УИХ-аар 2011 онд батлууллаа. Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаад байна. Энэхүү хуулийн төслийг ойрын хугацаанд батлан гаргах нь хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаа, цаашдын хөгжилд ихээхэн хувь нэмэртэй юм. Энэчлэн ард түмний дуу хоолой, чөлөөт индэр болсон дөрөвдэх засаглалаа улам хөгжүүлэх, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгохын төлөө төр, засгийн зүгээс анхааран ажиллаж байна.

    Монгол оронд чөлөөт хэвлэл хөгжиж, хэвлэлийн салбар өргөжиж, дөрөвдэх засаглалынхаа үүргийг нэр төртэйгээр биелүүлж ирсэн. Гэсэн ч олон улсын байгууллагын дүгнэлтээр манай улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд багтсан хэвээр байна. Ардчилал, эрх чөлөөний хэмжүүр болсон чөлөөт хэвлэлийн дархлааг бэхжүүлж, хэвлэл мэдээллийн “Бүрэн эрх чөлөөтэй” улс хэмээн бардам хэлэх өдрийг бэлгэдэн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.   

    Ёс зүйтэй чөлөөт хэвлэл улам хөгжиж, сэтгүүлч Та бүхний үг үнэн, үзэг хурц байх болтугай.

             Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд

    2012-05-03

  • “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэй

     

    ~ Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг ~

    Монгол Улсын барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг тохиолдуулан улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцон хөдөлмөрлөж байгаа нийт барилгачид, барилгын салбарын алдар гавъяатан, ахмадууд, эрхэм хүндэт төлөөлөгчид, ноёд хатагтай та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье.

    Сүүлийн жилүүдэд манай орны барилгын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжиж, гүйцэтгэсэн барилга угсралт, зураг төслийн ажил, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж  байна. Өнгөрсөн 2011 онд 450.6 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн 2010 оны гүйцэтгэлээс даруй 99.8 тэрбум төгрөгөөр буюу 28.5 хувиар өсчээ. 2011 оны жилийн эцсийн байдлаар барилгын салбарт нийт 2130 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж, тэдгээрт ажиллагсадын тоо дөчин мянгагаруйд хүрлээ.

    Энэ нь барилгын үйлдвэрлэл эрчимжиж, улсын хөгжилд салбарын гүйцэтгэх үүрэг, оруулж байгаа хувь нэмэр үлэмж өсч байгааг  харуулж байна. Монгол Улсын Засгийн газраас “Нийслэл болон орон нутагт 100 мянган айлын орон сууц барих төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогод ахиц дэвшил гаргах” зорилтыг дэвшүүлж Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “100 мянган айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй өрнүүлж байна. 2011 онд хөдөө, орон нутагт 392, Улаанбаатар хотод 9443, улсын хэмжээнд нийтдээ 301.2 тэрбум төгрөгийн өртөгтэй, 562309.3 м2 талбай бүхий 9835 айлын орон сууцны, нийтдээ 128 барилга ашиглалтад оржээ.

    Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оныүйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц” төслийг гардан хэрэгжүүлэгчид нь манай барилгын салбарын нийт ажиллагсад, хамт олон билээ. Монгол хүн эрүүл, боловсролтой байж орлого олж, бүтээлч амьдрахад зайлшгүй шаардлагатай нэг “материаллаг” хөрөнгө бол орон сууц юм. Орон сууцтай болох нь хувь хүн болон гэр бүлд “хувийн бусад хөрөнгө”-ийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлдэг. Ингэж хувь хүн, өрхийн амьдрал сайжирвал улс үндэстний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд эерэгээр нөлөөлнө.

    Иймээс Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах үйлсэд ихээхэн анхаарч, ажиллаж байгаа бөгөөд үүнд “100 мянган айлын орон сууц” төслийн үйл ажиллагаа нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү төслийг 2016 он хүртэл хэрэгжүүлснээр зөвхөн хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилтыг биелүүлээд зогсохгүй бага, дунд орлоготой иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, барилга, орон сууцны үйлдвэрлэл, угсралтыг нэмэгдүүлэх, барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, барилгын салбарын мэргэжилтэй ажилчдыг сургаж бэлтгэх, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тогтолцоог хөгжүүлэх, урт хугацааны хөнгөлөлттэй орон сууцны зээлийг бий болгох, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэнэ.

    Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дэс дараатай бодлогын арга хэмжээнүүдийг авахад онцгой анхаарч, холбогдох шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган ажиллаж байна. Засгийн газрын 2011 оны 341 дүгээр тогтоолоор “100 мянган айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд барих 79486 айлын, 2012 оны 82 дугаар тогтоолоор 47537 айлын орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг тус тус баталж, 2016 он хүртэлх хугацаанд нийт 127023 айлын орон сууцны барилга, хотхон, хорооллыг баригдахаар боллоо. Энэ тоо цаашид ч нэмэгдэх бөгөөд иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ихээхэн дотоод нөөц, боломж байгааг бидэнд илтгэн харуулж байна.  

    Монгол улсын хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2011 оны 85 дугаар тогтоолоор иргэдэд олгох орон сууцны зээлийн хүүг 6 хувиас хэтрүүлэхгүйбайхаар шийдвэрлэж,  2012 оны 55 дугаар тогтоолоор иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 200.0 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрч, үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргалаа. Ингэснээр иргэдэд 20 хүртэл жилийн хугацаатай, 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг авч орон байрны нөхцөлөө сайжруулах боломжийг олгосон төдийгүй орон сууцны зах зээлд дэх эрэлтийг дэмжиж, урт хугацааны хөнгөлөлттэй орон сууцны зээлийн тогтолцоог бүрдүүлэх эхний алхмыг хийлээ. Өчигдөр Төрийн банкинд дээр анхны зээлдэгч нарт зээл олгох үйл ажиллагааг албан ёсоор нээж, бодитоор хэрэгжих эхлэлийг тавилаа.

    Түүнчлэн 2012 оны 54 дүгээр тогтоолоор орон сууц авахаар анх удаа хүсэлт гаргасан иргэдийнжилийн 6 хувь хүртэл хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлээр худалдан авах орон сууцны талбайн хэмжээг 55м–аар тогтоосон нь иргэдийн орон сууц худалдан авах сонголтыг 3 хүртэлх өрөө сууц болгон нэмэгдүүлж, тохилог ая тухтай орчинд амьдрах боломжийг бүрдүүллээ. “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд орон сууцны цогцолбор хорооллуудыг барих, гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2011 оны 149 дүгээр тогтоолоор эхний ээлжинд Баянголын ам, Буянт-Ухаа, Яармаг, МҮОНРТ-ийн орчмын орон сууцны хороолол, 7, 14-р хорооллын цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан хангамжийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхэд зориулан нийт 408.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэсэн. Ийнхүү гэр хороолол болон шинээр барилгажих талбайд орчин үеийн орон сууцны хорооллыг барьж байгуулснаар Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг багасахад чухал нөлөөг үзүүлэх болно.

    Бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, барилга угсралтын ажлын хэмжээ нэмэгдэн барилгын материалын хэрэгцээ өсөж байгаатай уялдуулан материал хийц, эдлэлийн чанар, аюулгүй байдал, бат бэхийг шинжлэн тогтоох лабораторийг байгуулах хөрөнгийн асуудлыг Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Ерөнхий сайдын 2011 оны 12 дугаарзахирамжаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын болон төрийн захиргаа, нутгийн захиргааны байгууллага хоорондын уялдааг хангаж шуурхай зохицуулах, зохих хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх үүрэг бүхий Үндэсний хороог байгуулж, Шадар сайд М.Энхболдоор ахлуулан ажиллуулж байна.

    Гэвч иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэнтэй холбогдон  энэ оны гуравдугаар сарын байдлаар “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд баригдаж ашиглалтад орж байгаа болон захиалга авч байгааорон сууцны барилгын 1мталбайн худалдан борлуулах дундаж үнэ 1.570.8 мянган төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 292.5 мянган төгрөгөөр буюу 22.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнийг судлан шалгаж үзэхэд барилгын компаниуд нь зах зээлд дэх эрэлтийн өсөлтийг далимдуулан бодит бусаар үнээ хөөсрөлттэй тогтоож байгаа дүгнэлт гарлаа. Өнөөгийн байдалд эрх бүхий байгууллагуудаас барилгын нэгж талбайн төсөвт өртөг, барилга угсралтын ажлын үнийн индексийн дагуу орон сууцны барилгын 1мталбайн өртгийг тооцоход дээд тал нь 1193,0 мянган төгрөгт багтаж байгаа бөгөөд барилгын захилагч, гүйцэтгэгч компаниудын ашиг 20 орчим хувиар орж тооцогдсон. Үүнд барилгын захиалагч, гүйцэтгэгч нар дүгнэлт хийж, нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж хариуцлагатай хандах шаардлагатай байгааг энд онцлон хэлэхийг хүсч байна.     

    Цаашид “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны барилга, хотхон, хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барих, гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч болон төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл, санхүүжилтийг олгосон банк, санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, мөн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэсэн бараа, импортолсон материал, техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, орон сууцны хотхон, хорооллын инженер/цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбоо/-ийн хангамжийн түгээх гол шугам сүлжээг төлөвлөх, барих ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч нарт улсын төсвөөс тухайн ажлын санхүүжилтийг буцаан олгохасуудлыг боловсруулж байна.

    Мөн Засгийн газраас хувийн хэвшлийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Хөгжлийн банкаар дамжуулан зээлийн баталгаа гарах, тусгайлсан орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох банк, санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. “100 мянган айлын орон сууц” төсөлд тусгасан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэйг энд зориуд цохон тэмдэглэж, идэвхи санаачилга гарган дэмжиж оролцохыг та бүхэнд уриалж байна. 

    Барилгачин та бүхний ажил үйлс дэлгэрч, барилгын салбар амжилт бүтээлээр арвин байх болтугай.

    АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

  • Ерөнхий сайд С.Батболдын “Хөдөөг хоршоолох аян”, Хоршоологчдын III чуулганы нээлтэд хэлсэн үг

    “Хөдөөг хоршоолох аян”-ны нээлтэд оролцож буй зочид, төлөөлөгчид, Хоршоологчдын III чуулганы оролцогчид Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

    Манай Засгийн газрын санаачилгаар энэ оныг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дүгээр чуулганаас “Олон улсын хоршооллын жил” болгон зарласан. Тив дэлхий бидний сайн дураараа нэгдэн нийлж, хамтран ажиллаж, амьдрал ахуй улс орноо хөгжүүлэх хичээл зүтгэлийн үнэт зүйлсэд тулгуурласан санаачилгыг дэмжиж, олон орон хэрэгжүүлэхээр ажиллаж буй цаг үед Та бид хуран чуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой, өргөн утга агуулгатай юм. Тиймээс бид хоршооллыг хөгжүүлэх, бэхжүүлэх талаарх бодлого, шийдвэр, үйл ажиллагаа, санаачилгаараа олон улсад үлгэр дууриал үзүүлэх учиртай. Цаг үеэ олсон энэхүү арга хэмжээний элч төлөөлөгч болж, эх орондоо ардчиллын үндэс суурь болсон сайн дураараа нэгдэн ажиллах арга замыг дэлгэрүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж, хоршооллын хөдөлгөөний манлайлагч, хоршоодыг хөгжүүлэх үйлсэд идэвхитэй оролцож ирсэн Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд талархал илэрхийлье.

     

    Иргэдийн хамтын санаачилга, оролцоонд тулгуурласан хоршооллыг өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хөгжүүлж ирлээ. Хамгийн гол нь хоршооллоор дамжуулан тулгамдсан асуудал, сорилтуудыг шийдвэрлэх хандлага түгээмэл бий боллоо. Их Британичууд хоршооллоор дамжуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж байсан бол Германчууд зээлийн системийг өөрчлөх хоршоо байгуулж амжилтанд хүрсэн. Харин Францууд ажлын байр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэлийн хоршоодыг байгуулж асуудал бэрхшээлээ шийдсэн зэрэг түүх дэлхийн ихэнхи оронд бий.  

    Өнөөдөр дэлхийн долоон тэрбум хүний гурван тэрбум нь хоршооноос ашиг хүртэж, 100 сая ажлын байрыг бий болгожээ. Энэхүү тоон үзүүлэлт хоршоололд ямар их боломж бололцоо байгааг, хамтраад яаж үр дүнд хүрдэгийг харуулж байна. Мөн олон улсын байгууллагын судалгаанаас харахад дэлхийн эдийн засгийн хямралыг хоршоолол хамгийн гарз хохирол багатайгаар даван туулсан нь нэгийг өгүүлж байна. Монголын хоршооллыг хөгжүүлэхэд олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүд ихээхэн хувь нэмэр оруулж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Тиймээс Монголын хоршооллыг бэхжүүлэхэд хөрөнгө санхүү, туршлага, үйл ажиллагаа гээд бүхий л талаар дэмжлэг үзүүлж ирсэн олон улсын байгууллагынхан, төсөл хөтөлбөрийнхэнд талархал илэрхийлье.    

    Бидний өвөг дээдэс хамтран ажиллах арга хэлбэрийг амьдрал ахуйдаа олон зуун жилийн өмнөөс хэвшүүлж, “саахалт хүний санаа нэг” хэмээн сургамжилж ирсэн. Анх ардын хувьсгал ялсны дараа 1921 онд төрийн бүтцэд хоршоог оруулж, ажиллах бодлого, үйл ажиллагааг тодорхой болгосон төдийгүй “Ардын харилцан туслалцах хоршоо”-г байгуулж байсан юм. Энэ үүднээс авч үзвэл хоршин ажиллах арга хэлбэрийн олон жилийн туршлага монголчууд бидэнд бий. Мөн хоршоо нь өнгөрсөн зуунд манай орны хөгжил дэвшил, соёл боловсрол, эдийн засагт үлэмж их нөлөө үзүүлснийг олон баримтаар ярьж болно.

    Манай ард түмэн хэзээнээс хоршин ажиллаж, сайн дурын үүсгэл санаачилгаа бэхжүүлж ирсэн арвин туршлагатай.

    Өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай манай улсын хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох, орон нутгийн хөгжлийг хангах үндсэн арга хэлбэр нь хоршоо байж ирсэн. Тиймээс Засгийн газраас явуулж байгаа бодлого шийдвэр нь хоршоодыг хөгжүүлэх, ард иргэдийн нэгдэн нийлж багаар ажиллах арга замыг дэмжихэд чиглэгдэж байна. Тухайлбал Засгийн газраас “2003 оныг хоршоог дэмжих жил” болгон зарлаж, 2009 онд “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-II”-ийг батлан хэрэгжүүлсэн. Мөн хоршоодод тулгуурлан үйл ажиллагаа явуулах хөдөө аж ахуйн бараа түүхийн бирж байгуулахаар шийдвэрлэж, “улсын тэргүүний малчдын бүлэг”-ийг шалгаруулах, хоршооны гишүүн малчдын үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн ноосонд урамшуулал олгох, хоршоог хөгжүүлэх татварын таатай орчинг бүрдүүлэх зэрэг олон ажлууд нь хоршоог бэхжүүлэхэд чиглэгдсэн. Эдгээр ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа нь төр, засгаас хоршоод, Та бүхэнд итгэл хүлээлгэж буйн илрэл юм. Манай хоршоологчид энэ итгэл, хариуцлагыг дааж зөвхөн өөрсдийгөө төдийгүй улс орныхоо эдийн засаг, нийгмийн амьдралд дорвитой хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэж байна.    

    Хөдөө орон нутагт хоршоологчдын хүч, хөдөлмөрийг зөв зохион байгуулах,  малчид, тариаланчдийн хорших үйл ажиллагааг дэмжих, хөдөлмөрийг нь үнэлэх,хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахад Засгийн газар анхаарч тодорхой ажлуудыг хийсэн. Эдгээр бодлого, шийдвэр нь хөдөөгийн хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулах хоршоолох явцыг өргөжүүлэх томоохон түлхэц болсон.  

    Манай улсын хоршооллыг хөгжүүлэх явцад салбарын эрдэмтэн мэргэд, нийгмийн зүтгэлтнүүдийн санаачилгаар олон төрийн бус байгууллага байгуулагдсан нь нэг том дэвшил юм. Эдгээр төрийн бус байгууллага, удирдлага нь монгол оронд хоршооллыг хөгжүүлэх, ард иргэдийн хоршооллын талаарх ойлголт хандлагыг дээшлүүлэх, дэлхийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, эдийн засгийн зөв арга замыг сонгох талаар ихээхэн хүчин зүтгэл гаргаж ирсэнийг онцлон тэмдэглэж байна.

    Хоршооллыг зөвхөн хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хэрэгжүүлдэг гэсэн ойлголт манай нийгэмд түгээмэл байгааг өөрчлөх цаг болсон. Хоршооллыг хөгжүүлэхэд хөдөөгийнхнөөс гадна хот суурин газрын иргэдийн идэвхитэй оролцоо чухал юм. Хоршоолол хөгжих эх суурь нь хүн бүрийн сайн дурын нэгдэл, ижил тэгш оролцоо юм. Тиймээс хоршоолол хаана ч гэсэн хөгжин цэцэглэх боломж нээлттэй байх ёстой. Үүний нэг илрэл нь манай улсад эд хэрэглэгчдийн, мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээ, банк санхүү, хадгаламж зээлийн гэх мэт бүхий л төрлийн хоршоод бий болж үйл ажиллагаагаа бэхжүүлж байна.

    Иргэдийн санал санаачилга, сайн дурын нэгдэл гэдэг утгаараа хоршоолол нь хөдөө орон нутгийн төдийгүй нийслэл Улаанбаатарын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. Тиймээс хоршоолол нь малчид болоод ард иргэдийн амьдрах арга замаас гадна асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх хамтын удирдлагын нэг хэлбэр юм.  

    Эрхэм нөхөд өө,

    Өнөөдөр бид хоршоог шинэ түвшинд өөр утга агуулгаар баяжуулан хөгжүүлэх зорилттой тулгарч байна. Өөрөөр хэлбэл хоршоог өөрийнх нь мөн чанар, агуулга, үнэт зүйлсэд нийцүүлэн, ардчиллын сайн дураараа эвлэлдэн нэгдэх, багаар ажиллах зарчимд тулгуурлан хөгжүүлэх ёстой. Тиймээс хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх, хүн амын ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх, бүсийн ялгааг багасгах зорилгоор Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны санаачилгыг дэмжиж “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлж байгаагаа мэдэгдэе.

    Засгийн газар өчигдөрийн хуралдаанаар “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлэх, сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс тодорхой хэсгийг нь жишиг хоршоо байгуулахад зарцуулах, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын багцад зохицуулалт хийх замаар 2012 онд хоршоололд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, цаашид жил бүрийн төсөвт тусгах, хоршооллын үндэсний зөвлөлийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан ажиллуулах шийдвэрийг гаргаснаа Та бүхэндээ дуулгая. Бид аливаа зөвлөлгөөний дараа Засгийн газрын шийдвэрийг гаргаж байсан бол энэ удаад “Хөдөөг хоршоолох аян”-ы санаачилгад ач холбогдол өгч урьдчилан шийдвэр гаргалаа.   

    Хоршооллыг хөгжүүлэхдээ гишүүдийн сайн дурын санаачилгын үнэт зүйлсийг бэхжүүлэх, зөвхөн гишүүдийнх нь өмчлөлтэй байлгах, удирдлагын үйл ажиллагаанд оролцохгүйгээр эдийн засгийн арга хэлбэрээр дэмжих бодлогыг баримтлана. Ард, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, амьдралын түвшний ялгааг багасгах, нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлэх, бүс нутгийн жигд хөгжлийг бий болгох, сумдын бие даасан байдлыг хангах, бүтээлчээр хөдөлмөрлөх боломжийг хүн болгонд олгох арга замуудын нэг нь хоршоолол юм. Хоршоо нь ард иргэдийг баялагийг бүтээхэд оролцох тэгш боломжийг бүрдүүлдэг, шинэ ажлын байрыг гаргадаг, гишүүдийнхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлдэг, асуудлыг шийдвэрлэхийн тулд олонхиороо шийдвэр гаргадаг бололцоог хангадаг олон давуу талтайг Та бид ярьж ойлгуулах үүрэгтэй.

    Хоршоог хөгжүүлэх өөр нэг зорилт хөдөөгийн баялаг бүтээгчдийг үйлдвэрлэгч, хэрэглэгчтэй шууд холбох тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдэх учиртай. Ингэснээр малчид үйлдвэрлэгчдийн дундаас ашиг олж, бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөдөг ченжийн тогтолцооноос гарах бодлого хэрэгжинэ. Үүний зэрэгцээ тодорхой зах зээл, бүртгэл хяналтын зөв тогтолцоо, нэгдсэн стандартыг тогтоож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний сүлжээг байгуулж, үнийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдлийг бууруулахын тулд даатгалтай болгох, хөрөнгө, хүчээ нэгтгэн хоршин ажиллах нөхцөл ч бий болно. Тиймээс хоршоологчдын хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн боловсруулалт, ноос, ноолуур, арьс шир, мах, сүү, чацарганын үйлдвэрлэлийг хоршин хөгжүүлэх үүсгэл санаачлагыг бүхий л талаар дэмжих болно. Хөдөлмөрөө хорших, хоршоолох аян өрнүүлж шинэ хоршоодод тулгардаг бэрхшээл болох санхүүгийн хомсдлын асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлнэ. Тиймээс Монгол Улсын бүх аймаг, сум, баг бүрт хоршоодыг шинээр байгуулах аяныг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлцгээе. Малчин бүр багаар ажиллаж, тэгш оролцоог эрхэмлэж, сумаараа, багаараа, хамт олноороо хамтран хоршоо байгуулж, өөрсдийн амьдрал ахуйгаа өөд нь татахыг уриалж байна.

    “Хөдөөг хоршоолох аян”-ыг дэмжиж Засгийн газраас дараах үүрэг чиглэлийг холбогдох газруудад өгч байна,

    • Монгол Улсын сум бүрт жишиг хоршоодыг ажиллуулж, үйл ажиллагааг нь дэмжих,
    • Хоршоодыг хөгжүүлэх, бэхжүүлэх ажлыг хүн л хийнэ. Тиймээс сум бүрээс хоршоодыг удирдах хүмүүсийг сонгож сургаж, мэргэшүүлэх ажлыг энэ жилдээ багтаан эхлүүлэх,
    • “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгийн 80-аас доошгүй хувийг жишиг хоршоодод олгох
    • Малчид, тариаланчдыг дэмжих урамшуулалын тогтолцоог хоршооны бүтэц үйл ажиллагаатай шууд холбон хөгжүүлэх,  
    • Салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран “Хөдөөг хоршоолох аян”-ыг тухайн орон нутгийн хэмжээнд удирдан зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож байна,  
    • Холбогдох сайд, яам, агентлагийн дарга нар хоршоолох аяныг эрчимжүүлэх, хоршооллын эрх зүйн орчинг сайжруулах, санхүү, хөрөнгө оруулалт, зохион байгуулалтын арга хэмжээ авах саналаа боловсруулан шуурхай арга хэмжээ авахыг чиглэл болгож байна,  

    Манай Засгийн газар төрийн зарим үйлчилгээг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх, иргэний нийгмийг бэхжүүлэх талаар багагүй ажлыг эхлүүлж байна. Үүний нэг илэрхийлэл болгож “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлэх, хоршооллын үндэсний IIIчуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд манай Засгийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоотой хамтран ажиллах албан ёсны байр сууриа илэрхийлж, харилцан үүрэг, хариуцлага хүлээсэн санамж бичигийг байгуулахаар төлөвлөж байна. Тиймээс уг санамж бичигт тусгагдсан бүхий л зүйлийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газрын тэргүүний хувьд анхаарч ажиллах болно. 

    Эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, хуран чуулж, “Хөдөөг хоршоолох аян”-ы нээлтийн ажиллагаанд оролцож буй орон нутгийн удирдлага, мэргэжлийн холбоод, хоршоологчид Та бүхний идэвхи санаачилгаас Монголын хоршооллын хөгжлийн нэгэн үе шууд шалтгаалах болно. Тиймээс Та бүхнийг “Хөдөөг хоршоолох аян”-ыг ард иргэдэд ойлгуулах, тэдний сайн дурын санаачилга дэмжлэгийг дэлгэрүүлэх их ажилд амжилт хүсье.    

    “Хөдөөг хоршоолох аян”, Хоршоологчдын үндэсний III чуулганыг нээснийг мэдэгдье.

    2012 оны 3 дугаар сар 29.      Төрийн ордон

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН-2012” уулзалтын нээлтэнд хэлсэн үг

    2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр      Улаанбаатар хот

    Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо, 

    Хүндэт зочид төлөөлөгчидөө,

    Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэгч нийслэл Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулж, харилцан уялдаатай ажиллан туслалцаа, дэмжлэг үзүүлэхээр хүрэлцэн ирсэн та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Аливаа улсын хөгжлийн цар хүрээ нийслэл хотынх нь хөгжлийн түвшин, иргэдийн ая тухтай амьдралын хэв, шинж, нийгмийн амьдралд оролцох тэдний идэвхээр тодорхойлогддог билээ.

     

    Чуулганд оролцогч Та бүхэн Улаанбаатар хотын хөгжлийн гол зангилаа асуудлуудад анхаарлаа төвлөрүүлж, энд хэлэлцэх төслүүдийг нийслэлийн иргэдийн сайн сайхны тусын тулд харилцан уялдаатайгаар авч үзэн, шийдвэрлэх арга замыг тодорхойлно гэдэгт итгэл төгс байна. Улаанбаатар хотын тулгамдсан  гол асуудал нь хот төлөвлөлтийн зохистой бодлогыг хэрэгжүүлэн гэр хорооллыг барилгажуулах ажлыг түргэвчлэх, агаар, хөрсний бохирдол болон авто замын түгжрэлийг дорвитой бууруулах, инженерийн шугам сүлжээг иж бүрэн шинэчлэх, нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлж метро байгуулах, цэцэрлэгт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх явдал юм.

    Хүндрэл, бэрхшээлийн гол шалтгаан нь ихэнхдээ иргэдийн хөдөөнөөс Улаанбаатар хотод шилжин ирэлт нэмэгдэж, хүн амын механик өсөлтийн үр дагавартай холбоотой. Хүн амын төвлөрөл нь эдийн засагт эргэлт бий болгодог эерэг нөлөөтэй ч энэ нь Улаанбаатар хотын хувьд дэд бүтцийн хэт ачаалал, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах сөрөг хүчин зүйл болж байна. Цаашид бид хүн амын өндөр нягтралтайхотын нийтлэг жишигт хүрсэн хот байгуулалтын оновчтой төлөвлөлтийн дагуухөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан, эрх зүйн таатай орчинг  бүрдүүлэх болно.

    Засгийн газраас Улаанбаатар хотод тулгамдаад буй олон асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болох томоохон төслүүд, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банк 5.75-6 хувийн хүүтэй 580 сая ам. долларын бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжлаа. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зээлийн хүүг 6 хувь болгох шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай инженерийн шугам сүлжээг барих ажлын эхлүүлэв. Нийслэл бүртгэлтэй өмчөө ашиглах замаар санхүүгийн зах зээлээс маш таатай нөхцөл бүхий хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэр босгох боломжтой болсон.

    Бид өнгөрсөн жилийн чуулга уулзалтаас хойш Төсвийн шинэ хуультай болж, төсвийн төвлөрлийг сааруулж, 20-30 жилээр хөгжлөө төсөөлж, тооцдог тогтолцоог хэвшүүлэх алхмууд хийгдэж эхлээдбайна. Мөн Засгийн газар дунд хугацааны тэргүүлэх чиглэлийн хөгжлийн бодлогын төслийг бэлтгэж, хөгжлийн бодлогыг хуулиар тогтоох нь хөрөнгө оруулагчдад нааштай хандлага үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бидэнд боломж их бий. Энэ боломжоо ашиглан хөрөнгө оруулагчид  зөв бодлого тодорхойлон хэрэгжүүлбэл амжилтанд хүрнэ. Нийслэл хотын иргэдийн ая тухтай амьдарч, ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн их бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр өнөөдөр энэ чуулганаар хэлэлцэгдэж байгаа олон төсөл, хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллах та бүхний ажилд амжилт хүсье.

    Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд оролцогч Хүндэт зочид төлөөлөгчдөө,

    Та бүхнийгУлаанбаатар хотын хөгжлийн хэтийн төлөвийн талаарх сонирхолтой илтгэлүүдэданхаарлаа хандууланчуулга уулзалтад идэвхтэй оролцож, саналбодлоо чөлөөтэй илэрхийлж, хөгжлийн хөшүүрэг болсон олон чухал санал, санаачилга гаргана гэдэгт итгэж байна. Монгол Улсын Засгийн газрын түвшинд Улаанбаатар хотын өмнө тулгамдсан бэрхшээл, хүндрэл, давуу тал, хөгжих боломжийг маш сайн ойлгож байгаа. Тэдгээрийг шийдвэрлэх эрх зүйн болон эдийн засгийн үндсийг бий болгоход Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах болно. Эдийн засгийн энэ чуулганаар хэлэлцсэн асуудлууд, гарсан санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаа, бодлого хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэхийг нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад чиглэл болгоё.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Ерөнхий сайд С.Батболдын “Аялал жуулчлал XXIзуун” үндэсний чуулганы нээлтийн ажиллагаанд хэлсэн үг

     

    “Аялал жуулчлал XXIзуун” үндэсний чуулганы эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

    Хатагтай, ноёд оо,  

    Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье.

    Улс орны маань хөгжилд томоохон хувь нэмэр оруулах болсон аялал жуулчлалын салбарын төлөөлөл Та бүхэн үндэсний чуулганаа зохион байгуулж, тулгамдсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж ойрын болон хэтийн зорилтоо тодорхойлж байгаад талархал илэрхийлье. Даян дэлхийн даяаршилын нөлөөгөөр олон улсын аялал жуулчлал жилээс жилд өсөн нэмэгдэж, хамгийн хурдацтай хөгжиж байгаа эдийн засгийн салбар, мөн олон улсын чанартай экспортын томоохон  үйлдвэрлэлд  тооцогдох болжээ. Аялал жуулчлалын байгууллагын албан ёсны мэдээнээс үзвэл дэлхий дахины дотоодын нийт бүтээгдэхүүний 5 гаруй хувь, нийт экспортын 6 орчим хувийг аялал жуулчлалын салбар дангаараа үйлдвэрлэдэг болж. Олон улсын жуулчдын тоо 2011 онд 980 саяд хүрч өмнөх оноос 4,4 хувиар өсчээ.

    Өөрөөр хэлбэл Японд болсон байгалийн гамшиг, Ойрхи дорнод, Хойд Африкийн улс төрийн нөхцөл байдлын өөрчлөлт зэргээс үл хамаарч  шинэ өсөлтийг үзүүлсэн бас онцлогтой гэж үзэж байна. Энэ өсөлт нь 2012 онд үргэлжилж нэг тэрбумд хүрэх тооцоо гарсан байна. Аялал жуулчлалын салбар ийнхүү өсч, түүнээс олох орлогын хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ ажлын байр, эдийн засгийн шинэ боломжуудыг нээж байгаа юм. 2011 онд Ази Номхон далайн орнуудад ирсэн гадаадын жуулчдын тоо 11 саяар нэмэгдэж 216 саяд хүрсэн байна. Харин сүүлийн 3 жилд Монголд ирсэн жуулчдын тоо 11 хувь, аялалжуулчлалаасолсонорлого32,5 хувиар нэмэгдсэн байна. 2011 оны байдлаар аялал жуулчлалын салбарын нийт орлого 280 гаруй сая ам.доллар болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувийг эзэлж, энэ салбарт 25мянга орчим ажлын байр бий болоод байна.

    Аялал жуулчлалын салбарын энэхүү өсөлтийг даган шийдвэрлэх ёстой асуудал бэрхшээл ч урган гарах боллоо. Бидний өмнө тулгамдаж байгаа асуудал бэрхшээл бүрийг шийдвэрлэж байж л энэхүү салбарын хөгжлийг эрчимтэй нөхцөл бүрдэнэ. Тийм учраас Засгийн газар аялал, жуулчлалын салбарын хөгжилд илүү их анхаарч байна. Энэ салбарын тогтвортой хөгжлийг хангахад төрөөсиргэдийнхээ бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлэх, ядуурал ажилгүйдлийг бууруулахад аялал жуулчлалын салбар голлох үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна. Ингэснээр байгаль, экологид ээлтэй ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэргүүлэх салбар болгох учиртай юм.

    Манай улсын хөгжлийн томоохон баримт бичигүүдэд аялал жуулчлалын салбарыг  эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх стратеги дэвшүүлсэнийг Та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ хүрээнд жуулчин тээвэрлэх болон хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын гол бүс нутгийн зам харилцаа, холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулах, томоохон цогцолборуудыг барьж байгуулах, аялагч, жуулчдын сонирхлыг татсан бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх зорилтуудыг тавьсан. Эдгээр зорилтууд маань ямархуу түвшинд хэрэгжиж байна вэ? аль асуудалд нь ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй, төрийн ямар дэмжлэг шаардлагатай байгаа, хувийн хэвшлийнхэнд ямар боломжийг бүрдүүлж өгөх талаар Та бүхнийг саналаа илэрхийлж байр сууриа нэгтгэсэн гэдэгт итгэж байна. Энэхүү үндэсний чуулганы дагуу манай Засгийн газар шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно.  

     Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төсөөлөлд дурьдснаар аялал жуулчлалын чиг хандлага Зүүн Азийн орнуудад чиглэгдэж, манай хөрш улсуудад зочлогчдын тоо эрс нэмэгдэх бодит боломжийг Та бид алдалгүй ашиглах ёстой. Монгол Улс энэ бүс нутагт  хамрагдаж байгаа орны хувьд XXI зууны дэлхийн аялал, жуулчлалын хөгжлийн чиг хандлагыг судалж, тэргүүлэх салбарын хэмжээнд хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлага бий болж байна. Түүнчлэн манай Засгийн газар Япон улсын жуулчдад визгүй зорчих хөнгөлөлтийг үзүүлсэн нь Зүүн өмнөд Азийн бүсэд  харилцан жуулчлах нөхцөл боломжийг нээж байгаа хэрэг юм. Энэ боломжийг манай аялал жуулачлалын байгууллагууд өргөнөөр ашиглах ёстой.  

    Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

    Монгол Улсын аялал жуулчлалын салбар хөгжлийнхөө эхний хүндхэн үеийг ардаа орхиж хөгжлийн шинэ шатанд гарлаа. Хөгжлийн энэхүү шинэ шат нь манай улс байгалийн нөөц баялагаа олборлох, мэдлэгт суурилсан эдийн засаг, бүтээлч үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх цаг үед таарч байна. Энэ боломж, бололцоог ашиглахийн төлөө хамтран ажиллах хэрэгтэй. Тиймээс аялал жуулчлалын салбарын хөгжлийн  зарим асуудлаар Та бүхэнтэйгээ саналаа хуваалцъя. 

    Нэгд: Аялал жуулчлалын хөгжлийн бодлого нь үйлдвэрлэл, үйлчилгээ, байгаль орчин, соёл урлаг, түүх соёлын өвийн асуудалтай холбогдож тэдгээрээс хамаарч байдаг. Жуулчин тээвэрлэх, хүлээн авах дэд бүтцийн хөгжил сул, тээврийн төрөл, хэлбэр зохистой хүрэлцээгүй, виз авах нөхцөл хүндрэлтэй, жуулчдын сонирхлыг татах бүтээгдэхүүн ховор, үйлчилгээний чанар харьцангуй  муу, бүтээгдэхүүний үнэ өндөр, жуулчны  улирал богино гэх зэрэг хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд эдийн засаг, эрх зүйн таатай орчин, бодит боломжийг бүрдүүлэх шаардлагатай юм. Аялал жуулчлалын салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, салбар хоорондын зохицуулалт, үүрэг хариуцлагыг тодорхой болгохын тулд аялал жуулчлалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай.

    Мөн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, томоохон цогцолборыг барьж байгуулах, маркетингийн оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тусган “Аялал  жуулчлал” нэртэй үндэсний шинэ  хөтөлбөрийг боловсруулж, батлуулах үүрэг чиглэл өгч байна.

    Хоёрт: Аялал жуулчлал нь даяаршилын эрин үед нэг улс орны төдийгүй олон улсын шинж чанартай болж, үндэстэн дамнасан, хоршсон хэлбэрт шилжиж байна. Ийм нөхцөл байдалд бүс нутаг, олон улсын хэмжээнд монголын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилт тулгарч байна.  

    Гадаадын жуулчдыг хүлээн авахын зэрэгцээ дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монголчуудыг гадаадад жуулчлуулах нь өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болно. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд салбарын яам, аймаг, нийслэлийн Засаг дарга ихээхэн санаачлага гарган хамтран ажиллаж  ахиц дэвшил гаргах цаг болсон. Дотоодын аялал жуулчлал бол хүн ардыг соён гэгээрүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэхээс гадна нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах онцгой ач холбогдолтой.

    Нөгөө талаас аялал жуулчлалын их түрэлтийг дагалдан хууль бус мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодис түгээх зэрэг улс үндэстэн дамнасан гэмт хэрэг,  нийгмийн шинж чанартай өвчин дэлгэрч байгааг бодлого, үйл ажиллагаандаа анхаарч ажиллах шаардлагатай. Тогтвортой хөгжлийн нийтлэг зарчмыг мөрдлөгө болгоогүй аялал жуулчлал нь хүрээлэн буй орчин, байгалийн нөөц баялаг, соёлын өв, үндэсний уламжлал, зан заншил, үнэт зүйлст хохирол учруулах аюултай  байна. Тиймээс аялал жуулчлалын үйлдвэрлэлд байгаль орчин, нутгийн иргэдийг дэмжсэн хариуцлагатай хэлбэрийг сонгон бэхжүүлж, олон улсын  стандартад хүргэх хэрэгтэй.   

    Гуравт: Жуулчдын сонирхлыг татах бүтээгдэхүүний асуудал бидний анхаарлын төвд байх учиртай. Манай улсад онгон дагшин байгаль, дэлхийд ховор нүүдэлчдийн ахуй, амьд соёл, зан заншил, газар дээрээ болон доороо түүхийн гайхамшигт  дурсгалууд үелээстэй байгаагаараа бид зүй ёсоор бахархдаг. ЮНЕСКО үүнийг хүлээн зөвшөөрч Монголын өв соёлын арав гаруй үнэт зүйлсийг дэлхийн өвөөр бүртгэн авч, хүн төрөлхтний ирээдүй хойчийн тусын тулд хадгалан хамгаалах ёстой гэж дэлхийд зарлан тунхагласан билээ. Гэтэл бид гайхамшигт өв соёлоо хадгалан хамгаалах, сэргээн засах, шинэчлэн бүтээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, сурталчилан алдаршуулахад хангалттай ажиллаж чадаагүй байна. Сүүлийн жилүүдэд түүх, соёлын үнэт дурсгалуудыг хууль бусаар ухаж төнхөх, тонох, эвдэн сүйтгэх, улмаар музейн үзмэрийг хулгайлах, наймаалах явдал оршсоор байна. 

    Мөн уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор байгалийн унаган төрхийг алдагдуулах, түүх соёлын үнэт зүйлс, түүний орчныг бохирдуулах хандлага ч нэмэгдэх хандлагатай боллоо. Иймээс байгаль, соёлын өвийг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулах, аялал жуулчлалын дорвитой бүтээгдэхүүн бий болгох, үндэсний соёлын парк, палентеологийн орд болон томоохон археологийн дурсгалт газруудад нээлттэй музей түүх, соёлын томоохон цогцолборууд барьж байгуулах зэрэгт Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллах  болно.    

    Дөрөвт: Аялал жуулчлалын байгууллага, зочид буудал, жуулчны бааз, амралт аялал жуулчлалын цогцолборуудын үйлчилгээ, хөтөч, тайлбарлагчийн соёл, зан ааш, мэдлэг, ур чадвар нь Монгол улсын нүүр царай болдог. Тиймээс олон улсын стандартад нийцсэн үйлчилгээний байгууламж барьж ажиллуулах, мэргэжилтнүүдийн чадварыг сайжруулах шаардлага тулгарч  байна. Энэ чиглэлээр төрөөс дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, татварын хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох, тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийн хөтөлбөрт аялал жуулчлал эрхэлдэг байгууллага, компани, төрийн бус байгууллага хувь хүмүүсийг хамруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.   

    Тавд: Манай улс  дэлхийн  Монгол судлал, Нүүдлийн соёл иргэншил судлал, сурталчилгааны эх орон, жинхэнэ төв нь байх учиртай. Монгол судлалыг өргөн хүрээнд хөгжүүлэх, монгол үндэстний  байгаль, соёлын өвийг дэлхийн өвд бүртгүүлэн алдаршуулах, сурталчлах ажлыг аялал жуулчлалын дэлхийн сүлжээтэй холбох шаардлага байна. Монгол Улсын Засгийн газар энэ талаар анхаарч  Монгол судлалыг хөгжүүлэх тусгай шийдвэр гаргаж санхүүгийн байнгын эх үүсвэрийг тодорхой болгосон. Цаашид төр, хувийн хэвшлийн байгууллагууд гадаад сурталчилгааны асуудалд хамтран ажиллахыг үүрэг болгож байна. Тиймээс монголын соёлыг сурталчилах, аялал жуулчлалын сурталчилгаа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг  жил бүрийн улсын төсөвт суулгах талаар бүгдээрээ санаачлагатай ажиллах хэрэгтэй байна.

    Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд эдгээр асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэхийнтөлөө ажиллах болно. Мөн “Аялал жуулчлал XXIзуун” үндэсний чуулганы зочид төлөөлөгчид Та бүхний санал, санаачилга, зөвлөмжийг засгийн газрын үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

    Улсынхаа эдийн засгийн гол салбар болсон аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх орноо сурталчилах, байгаль орчин, түүх соёлын өвөө хайрлан хамгаалах их үйлсэд  ажил амьдралаа зориулж ирсэн Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

    2012 оны 3 дугаар сар 23.   Төрийн ордон

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын “Эрүүл хүүхэд- Монголын ирээдүй” аяны нээлтийн арга хэмжээнд хэлсэн үг

     

    Монгол Улсынхаа ирээдүй, эзэн болсон хүүхэд, багачууд аа,

    Эцэг, эхчүүд, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, багш сурган хүмүүжүүлэгчид ээ,

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхээр тодорхой зорилтуудыг тусгасан байгаа. Энэ зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тэргүүний хувьд 18 хүртэлх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүлжүүлэх “Эрүүл хүүхэд” аяныг санаачлан “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” уриатайгаар зохион байгуулах ажил эхэлж байна.

    Манай улсынхүн амын цэвэр өсөлт2010 оны байдлаар 1.7 хувьд хүрч, тэдний 36.1 хувийг 18 хүртэлх насны хүүхэд, 12.1 хувийг 19-24 насны залуучууд эзэлж байна. Хүн амын гуравны нэгээс илүү хувийг 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа нь манай улсынирээдүй өөдрөг, гэгээлэг, хөгжлийн асар их нөөц, боломжтойг харуулж байгаа юм.

    Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод 2015 онд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөнд 20,0 промиль хүртэл буюу 1990 оны түвшингээс 5 дахин бууруулах зорилт дэвшүүлсэн. Бид Мянганы хөгжлийн зорилтод хүрэх магадлал өндөртэй орны тоонд орж байгаа хэдий ч хүүхдийн эрүүл мэндийн түвшин хангалтгүй хэвээр байна.

    Эрүүл мэндийн бүртгэл зүйн мэдээгээр 10.000 хүүхдэд ноогдох өвчлөл нялхсын хувьд 48.5, 1-4 хүртэлх насанд 72.3, 5-15 насанд 126.7, 16-19 насанд 66,8 хувь тохиолдож байна. Өсвөр насны хүүхдийн өвчлөлд амьсгал, хоол боловсруулах болон шээс, бэлгийн тогтолцооны өвчин эмгэгзонхилж, 10-19 насныхны дунд өвчлөл 10.000 хүүхэд тутамд 65.1 болж нэмэгджээ. Цэрэг татлагын өнгөрсөн оны тайлангаас үзэхэд эрүүл мэндээр хасагдаж байгаа залуусын 15,4 хувь нь дотрын, 14,3 хувь нь нүдний эмгэг, 14,3 хувь нь чих, хамар хоолойн, 10,7 хувь нь жин, өндрийн алдагдлын, 7,2 хувь нь мэдрэлийн өвчний улмаас тэнцээгүй гэсэн анхаарах ёстой үзүүлэлт байна.

    Эдгээр үзүүлэлтнь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээжигд биш байгааг илэрхийлэхийн зэрэгцээ хүүхэд, өсвөр үеийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, эцэг эх, асран хамгаалагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатайг харуулж буй үзүүлэлт юм. Энэ бүх нөхцөл байдал бидний санааг ихээр зовоож байгаа юм.

    Сүүлийн жилүүдэд хөдөөнөөс хот суурин газар руу шилжих хөдөлгөөн нэмэгдлээ. Үүнээс үүдэн хотын хүн ам огцом нэмэгдэж хөдөөгөөс шилжин суурьшигчдын хүүхэд эрүүл мэндийн болон нийгмийн бусад үйлчилгээг хүртэхэд хүндрэл учрах боллоо. Үүний зэрэгцээ эцэг, эхийн хараа хяналтаас гадуур, гэр оронгүй, хаяг, харьяалалгүйхүүхдийн эрүүл мэндийн асуудалд төрөөс онцгой анхаарах шаардлагатай байна.

    Сургууль, цэцэрлэгийн хүүхдэд өдөр тутмын хяналт тавьж, эрүүл мэндийн боловсрол олгох сургуулийн эмчийн тоог нэмэгдүүлэх, сумын сургуулийг сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тогтмол хяналтанд байлгах асуудлыг Боловсролын тухай хуульд тодорхой тусгасан байгаа. Цаашид уг хуулийн хэрэгжилтийг хангаж, Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн чанарыг сайжруулахад анхаарах ёстой болж байна.

    Өнөөдөр хүүхдийн өвчлөлийг арилгах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна эрүүл орчинд сурч боловсрох, амьдрахад эцэг, эхчүүд бид анхаарлаа улам нэмэгдүүлэх шаардлага бий болж байна. Хүүхдийг дам тамхидалтаас сэргийлэх, аливаа хорт зуршил, буруу зан үйлээс татгалзах, зөв хооллож, биеийн тамир, спортоор хичээллэх, амьдралын зөв дадал бий болгоход эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэн бүр хүчин зүтгэх учиртай.

    Засгийн газраас 2012 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд гэр бүлийн хөгжилд хүүхдийн эрүүл мэндийн асуудал онцгой байр суурь эзэлдгийг Та бид сайн мэдэж байгаа. Үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулахад гэр бүл, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, тэдний хүүхэд асран хамгаалах дадал, чадварыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг улам эрчимжүүлэх, дэмжих шаардлагатай байна.    

    Эдгээр нөхцөл байдлаас үүдэн Засгийн газрын тэргүүний хувьд хүүхэд, багачуудынхаа эрүүл мэнд, ирээдүйд анхаарал хандуулж, “Эрүүл хүүхэд” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлж байна. Уг арга хэмжээний хүрээнд 18 хүртэлх насны бүх хүүхдийг дотор, амны хөндий, чих, хамар хоолой, нүдний ерөнхий үзлэгт хамруулан, бие бялдрын хөгжлийг үнэлж эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн хүүхдийн эрүүл мэндийн талаар мэдээллийн сан бий болгож, үүнд тулгуурлан эрүүл мэндийн байгууллагуудын бүртгэлийн тогтолцоог төгөлдөршүүлнэ. Ингэснээр хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн боловсрол дээшилж, өвчлөлөөс хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн ихээхэн нөөцийг хэмнэх болно.

    Дөнгөж сая би Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Вербист” асрамжийн төвөөр орж аяны эхлэлтэй танилцлаа. Аян зохион байгуулалт сайтай, эцэг, эхчүүд, сургууль, цэцэрлэгүүдийн оролцоо өндөр, эмч, эмнэлгийн ажилтнуудын  сэтгэл, зүтгэл их байгаа нь таатай байлаа. “Эрүүл хүүхэд аян”-ыг амжилттай зохион байгуулах зорилгоор 100 ажил бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар бүх талаар зохион байгуулж, бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагууд хүчин зүтгэж байна.

    Төлөвлөгөөний хүрээнд үзлэг, оношилгоо хийх эмч, мэргэжилтнүүдийг сургалтад бүрэн хамруулахын зэрэгцээ хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийн маягтыг бий болгон мэдээллийн санд оруулах юм. Үүний зэрэгцээ хүүхдийн анагаахын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн мэргэд, шилдэг эмч, багш нарын бүрэлдэхүүнтэй зөвлөх багийг ч ажиллуулж байна. “Эрүүл хүүхэд” аяныг Засгийн газрын түвшинд нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг бүхий Ерөнхий сайдаар ахлуулсан Удирдах хорооны бүрэлдэхүүн, Ажлын хэсгийг байгуулсан. Энэ хорооны удирдах бүрэлдэхүүн, ажлын хэсгийнхний санаачилга, хичээл зүтгэл, хяналт хариуцлагаас аяны үр дүн шууд шалтгаалах учраас Та бүхнийг хамтдаа хариуцлагатай ажиллана гэдэгт итгэж байна.  

    Аяны хүрээнд зарцуулагдах 18 тэрбум төгрөгийг Засгийн газар шийдвэрлэж, үзлэгт хамрагдах хүүхдийнх нь тоогоор аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүллээ. Энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, олон улсын байгууллагуудын зүгээс тодорхой дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад Засгийн газрын тэргүүний хувьд гүн талархал илэрхийлж байна.

    Эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг, эрүүл мэндийг дэмжигч сургууль, хамт олон болоход идэвхтэй оролцож, хүүхдийн төлөө бүх хүн За гэж хэлэх хэрэгтэй гэж би уриалж байна. Аяныг хэрэгжүүлснээр 18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн байдлын түвшинг тогтоож, цаашид эрүүлжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Мөн өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж тогтмолжуулах Мянганы хөгжлийн зорилтыг хангахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болно.

    Засгийн газраас зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд мэргэжлийн байгууллага, иргэд, эцэг, эхчүүдийг идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.

    “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяны үйл ажиллгаанд амжилт хүсч, Монголын үрс маш олон болохыг ерөөе.

    2012 оны 3 дугаар сар 19.      Соёлын төв өргөө

  • С.Батболд: Ардчиллыг дэмжих Монголын итгэмжлэгдсэн сан байгуулах санаачилгыг дэвшүүлж байна

     

    ~ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих талаарх төрийн үзэл баримтлал” үндэсний чуулганд хэлсэн үг ~

    “Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих талаарх төрийн үзэл баримтлал”үндэсний чуулганы эрхэм хүндэт оролцогчид оо,

    Олон улсын байгууллагын төлөөлөгчид өө,

    Хатагтай ноёд оо,

    “Баясгалант” хэмээх хүчит луу жилийн тэргүүн сард хуран чуулж, уулзан золгож буй иргэний нийгмийн төлөөлөл Та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье. Засгийн газрын зүгээс иргэний нийгмийн төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийдэг уламжлал 3 дахь жилдээ үргэлжилж байна. Энэ удаагийн уулзалтад оролцогчдын хүрээг өргөтгөж, үзэл бодол, итгэл үнэмшил, зорилго, чиглэлийн олон төрөл бүхий иргэний нийгмийн байгууллагууд, нийгмийн бүлгүүдийн болон хувь иргэдийн төлөөллийг өргөнөөр хамруулж, үндэсний хэмжээний чуулган болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

    Ардчилсан өөрчлөлтийн он жилүүдэд анх удаагаа өргөн хүрээтэйгээр болж буй тус чуулгандУлаанбаатар хот, 21 аймгийн 500 гаруй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлөөс гадна төрийн болон олон улсын байгууллагынхан оролцож байна. Та бүхэн энэ чуулганаараа “Иргэний нийгмийн хөгжлийн талаархи төрийн үзэл баримтлал” хэмээх бодлогын чухал баримт бичгийн төслийг тал бүрээс нь хэлэлцэн шүүн тунгааж гаргах ёстой. Энэхүү үзэл баримтлал цаашид Засгийн газраар хэлэлцэгдэж, Улсын их хурлаар батлагдаж төрийн бодлогын албан ёсны баримт бичиг болно. Мөн иргэний нийгмийн байгууллагын тогтвортой хөгжлийг хангах Засгийн газрын үйл ажиллагааны хууль ёсны баримтлал болох учиртай. Ингэснээр Монгол улсад “…иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх” тухай Үндсэн хуулиндаа эрхэм зорилго болгосон үйл хэрэгт шинэ түрлэг нэмэгдэх болно.

    Чухам үүнд энэхүү үндэсний чуулганы онцлог ач холбогдол, нийгмийн үүрэг нь оршино хэмээн ойлгож байна.

    Чуулганы эрхэм төлөөлөгчид өө,

    Иргэний нийгмийн байгууллагын төлөвшил хөгжлийн тулгамдсан асуудлууд нь чуулганы хэлэлцүүлгийн нэг голлох сэдэв мөн. Ардчилсан нийгэмд иргэдийн оролцоог хангах гол механизм бол иргэний нийгмийн байгууллагууд билээ. Өнгөрсөн хугацаанд иргэний нийгмийн олон байгууллагууд үүсэн бий болж, үйл ажиллагаа явуулж байгаа нь Монгол дахь ардчиллын илэрхийлэл төдийгүй баталгаа нь юм. Ардчилал иргэний нийгмийг бид өнгөрсөн хорин жилд бий болгосон. Харин ирэх жилүүдэд баталгаажуулан бэхжүүлэх үйл явцыг нь хангах нь улс орны хөгжлийн баталгаа суурь болно. Гэхдээ нийгмийн хэрэгцээ шаардлагыг дагаад Иргэний нийгмийн байгууллагууд төлөвшин чадваржих, үзэл баримтлал, үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргах зорилттой тулгарч байна. Манай нийгэм ардчиллыг шинээр тогтоох биш, бүр гүнзгийрүүлэх үе шатанд орж, иргэний нийгмийн байгууллагууд хүн ардад үйлчилгээ хүргэх, төрийн чиг үүргийг гүйцэтгэх хандлага гарч ирч буй байдал нь үүнийг шаардах боллоо.  

    Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа бол иргэдийн өөрсдийн санаачлагаар, сайн дурын үндсэн дээр зохион байгуулагддаг, тэдний мэдлэг, чадвар, туршлага, авьяас, хүч чадал, зориг, тэвчээр зэрэг олон үнэт чанарт тулгуурлан санхүүгийн болон хүний нөөцийн аливаа бэрхшээлийг даван туулж явагддаг. Манай иргэний нийгмийн хөгжил, төлөвшлийн түүх ч ийм байж ирлээ.   

    Монголын иргэний нийгмийн байгууллагууд өнгөрсөн хугацаанд өөрсдийн итгэл үнэмшил, идэвхи зүтгэлээрээ ардчилал, хүний эрхийг хамгаалан, дэмжихэд манлайланоролцож, тэдгээрийн үнэт зүйлсийг хамгаалах, хүний эрх, ардчиллын боловсролыг иргэд олон нийт, төрийн байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх, ялгаварлагдсан бүлгүүдийн эрх ашгийг хамгаалан тэмцэх, нийгмийн дорой буурай хэсэгт үйлчилгээ хүргэх зэрэг олон чухал ажил үүргийг гүйцэтгэж ирсэнд Засгийн газрын тэргүүний хувьд талархал илэрхийлье.  

    Өнгөрсөн 20 гаран жилд олон улсын байгууллагуудын санхүү, техникийн туслалцааг эс тооцвол иргэний нийгмийг дэмжихдэд бүтэц нэн хязгаарлагдмал байлаа. Тэдгээрт үзүүлэх төрийн дэмжлэг өнөөг хүртэл тодорхой, тууштай биш хэвээр байна. Санхүүжилтийн тогтолцоо ойлгомжтой, ил тод биш байснаас төрийн өмнө ч, иргэний нийгмийн өмнө ч асуудал бий болж байна. Тиймээс иргэний нийгмийг бэхжүүлэх, чадваржуулахад хэдий хэмжээний хөрөнгө мөнгө хаана яаж зарцуулагдаад, ямар үр дүнд хүрч байгааг хэмжих, хянах, үнэлэх боломж хомс байна. Энэ асуудлын талаар байр сууриа илэрхийлж, бодлогыг нь тодорхойлох ёстой.

    Иргэний нийгмийг бэхжүүлэн төлөвшүүлэх, өсөлт хөгжилд саад тотгор учруулж буй хүчин зүйлсийг арилгаж  таатай орчин бүрдүүлэх нь төр засгийн хүлээх үүргийн нэг мөн. Ингэхдээ төр өөрөө ч иргэний нийгмийг дэмжих, түүнтэй хамтран ажиллах асуудлын хүрээнд  хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан, ам ажлын нэгдэл, үйл ажиллагааныхаа тууштай чанарыг хангах нь чухал байна. Иймд иргэний нийгмийн хөгжлийг дэмжих тодорхой үзэл баримтлал, бодлого чухал гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзсэн. Ийм бодлого, зорилгын үүднээс төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого боловсруулахыг холбогдох хүмүүст үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу “Иргэний нийгмийн хөгжлийн талаарх төрийн үзэл баримтлал” гэсэн бодлогын баримт бичгийн төсөл бэлэн боллоо.

    Энэхүү үзэл баримтлал нь өнгөрсөн 20 жилд анх удаа иргэний нийгмийн байгууллагын манлайлагчдын санаачлага, тэдний мэдлэг, чадвар, арга туршлага, зохион байгуулах хичээл зүтгэлийн үр дүнд ардчилал, хүний эрхийг дээдэлдэг улс орнуудын эрхзүйн туршлагад суурилан боловсруулагдсан юм. Мөн нийслэл төдийгүй аймгуудад үйл ажиллагаа явуулдаг 600 гаруй иргэний нийгмийн төлөөлөгчдийн өргөн оролцоотой хэлэлцсэн чухал баримт бичиг гэж үзэж байна. Өнөөдрийн чуулгандоролцожбайгааТа бүхэнч гэсэн иргэний нийгмийн хөгжлийгдэмжихтөрийнүзэлбаримтлалыгажилхэрэгчээрхэлэлцэндэмжинэгэдэгтитгэлтэйбайна. Та бүгдийн санал санаачилга, хичээл зүтгэлийн үр дүнд бэлэн болох энэхүү үзэл баримтлалыг Засгийн газар хурдан шуурхай хэлэлцэн Улсын их хурлаар батлуулахын төлөө ажиллах болно гэдгээ уламжилъя.

    Цаашид бид Иргэний нийгмийн хөгжлийн талаарх  төрийн бодлогод тусгаж байгаа үзэл санаа, зарчмыг чандлан мөрдөхийн тулд үндэсний болон орон нутгийн хэмжээнд хууль, тогтоомж, хөтөлбөр, үйл ажиллагааны чиглэлийг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөн ажил хэрэг болгоно. Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ч гэсэн үзэл баримтлалаа цаашид бодит үйл ажиллагааны түвшинд үр дүнтэй хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих чадвартай амьд тогтолцоо, шинэ механизмийг боловсруулан гаргах шаардлага гарна гэж үзэж байна.

    Төр засгийн зүгээс иргэний нийгмийг дэмжих бодлого, хууль эрх зүй, үйл ажиллагаа, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ хараат бус байдлыг нь эрхэмлэн дээдэлж байх нь чухал. Мөн иргэний нийгмээс засаг, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, нөлөөллийн болон үйлчилгээ үзүүлэх чиг үүргүүдийг хариуцлагатай, үр дүнтэй гүйцэтгэх таатай орчныг бүрдүүлэн ажиллах шаардлагатай гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзэж байна. Нөгөө талаас, нэгэнт баталсан хууль тогтоомж, бодлогынхоо хэрэгжилтийг хангах чадавхийг төрдөө бий болгохын чухлыг энд бас хэлье. Эн тэргүүнд иргэний нийгмийн асуудлыг эрхэлсэн чиг үүргийг засаг төрд бий болгох хэрэгтэй.

    Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг төрөөс дэмжих чухал асуудлуудын нэг нь татвар, нийгмийн даатгалтай холбоотой асуудлууд байна. Бид иргэдийн санаачлага, сайн дурын үндсэн дээр, нийгмийн сайн сайхны төлөө, хүн ардын нийтлэг эрх ашгийн төлөө хийж гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны зардлаас авч байгаа зарим татвар, даатгалыг эргэн харж, зохих хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Нийгмийн төлөө санаа тавьж өөрийн өмч хөрөнгөөр иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлдэг өгөөмөр сэтгэлтэй иргэн хүн, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжийг татварын зохицуулалтаар хөхиүлэн дэмжих явдал чухал гэж үзэж байна. Энэ нь нийгмийн эв эе, эв санааны нэгдэл, хүнлэг ёс гэгч бид бүхний сэтгэл зүрхэнд байдаг үнэт зүйлсийг бодитой болгох чухал хэрэгсэл юм.

     Чуулганы төлөөлөгчид өө,

    Монгол улс ардчилал, өөрчлөлтийн шинэ түүхээ бичээд удаагүй байна. Нийгмийн өөрчлөлтийн энэ 20 гаруй жилийн нэг нааштай үр дүн бол Монголын нийгэм иргэншиж байгаа үйл явц юм. Нэг үгээр хэлбэл монголчууд бид улс орны иргэн, эзэн байхын утга учир, эрх, эрх чөлөөгөө улам бүр мэдэрч, ухамсарлах болсон хэрэг юм. Ийм итгэл үнэмшил, үзэл бодолд суурилсан, нийтлэг ашиг сонирхлоороо холбогдсон нийгмийн нэгдлийн олон төрөл хэлбэр болох иргэдийн сайн дурын холбоо, эвсэл, хөдөлгөөн, ашгийн бус, төрийн бус зэргээр нэрлэгддэг иргэний нийгмийн байгууллагууд үүсэн байгуулагдаж, унаж босож, төлөвшин цэгцэрч байгаа нь манай нийгмийн нэгэн содон  шинж төдийгүй, онцлон тэмдэглэх, ололтын нэг мөн.

    Тэдгээр байгууллагуудын дийлэнх олонх нь өөрийн орны улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор  орон нутаг, салбар, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж ирснийг Засгийн газрын тэргүүний хувьд би онцлон тэмдэглэж байна. Тэр бүхний төлөөлөл болж энд хуран цугласан Та бүхнээрээ уламжлан иргэний нийгмийн байгууллагын гишүүд дэмжигчиддээ гүн талархал илэрхийлж, сэтгэлийн урам хайрлая.

    Иргэн хүний өөрийгөө илэрхийлэх, нээх, хөгжүүлэх, үнэ цэнээ мэдрэх, эрх эрх чөлөөгөө ухамсарлах, ардчилал, шударга ёсыг туйлаас хүсэмжлэх, түүнийг хамгаалан хөгжүүлэх үзэл итгэл, зориг хүсэл бол манай нийгмийн хамгийн чухал үнэт зүйлсийн нэг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Энэ бол иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжих шимт хөрс, бат үндэс, тулгын чулуу, тулгуур багана  мөн.

    Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

    Иргэний ниймгийн тухай Та бидний ойлголт, төсөөлөл улам бүр шинэчлэгдэн баяжсаар байна. Ингэх ч учиртай. Иргэний нийгэм гэдэг иргэдийн оролцоот нийгэм мөн гэдэг нь улам тодорхой боллоо. Бид ардчилал, иргэний нийгмийн боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх ёстой. Мөн ардчилалын институцуудыг бэхжүүлэх болно. Түүний нэг илрэл нь иргэний нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлэх явдал юм.

    Манай иргэдийн дунд дангаараа болон эвлэлдэн нэгдсэн байгууллагаараа дамжуулж, шууд болон дам, үйлдэл, үйл ажиллагаа ба санал санаачлагын олон хэлбэрээр орон нутаг, улс үндэстний хөгжилд оролцоогоо илэрхийлэх гэсэн хандлага нэмэгдлээ. Энэ бол зүй ёсны, эерэг үйл явц мөн. Төрийн зүгээс иргэдийн энэ идэвх оролцоог ухаалгаар тосон авч, хамтран  ажиллах зайлшгүй хэрэгцээ улам өсч байна. Ийм эхлэх үүсгэлийг бид өнгөрсөн жилүүдэд бий болгосон. Тухайлбал, 2008 онд Засгийн газар “Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах тухай” тогтоол гаргаж, Иргэний нийгмийн зөвлөлтэй гэрээ байгуулан ажиллах болсон. Үүний дагуу Засгийн газрын байгууллагууд өөр өөрсдийн салбар чиглэлээр Иргэний нийгмийн байгууллагуудтай тодорхой асуудлаар гэрээ байгуулан ажилласаар ирсэн.

    Өнгөрсөн жил манай улсын эдийн засгийн бодит өсөлт 17,3 хувьд хүрч дэлхийн өндөр өсөлттэй орны тоонд орсон. Энэ өсөлтөд манай иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо ихээхэн хувь нэмэр болсон гэдгийг зориуд тэмдэглэн хэлэхэд таатай байна. Саяхан гурав дахь удаагаа зохион байгуулагдсан “Монголын эдийн засгийн чуулган” бол төр нийгмийн хөгжилд иргэдийн оролцооны болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагааны нэгэн тод илэрхийлэл боллоо. Эдийн засгийн чуулганд оролцож үг хэлсэн, санал бодлоо илэрхийлсэн олон хүний амнаас улс орон, иргэдийн сайн сайхны төлөө иргэний нийгмийн оролцоог чухалчлан дэмжих, нийгмийн хөгжлийн явцад өргөнөөр татан оролцуулахыг байнга дурдаж байсныг хэлэх ёстой. Иргэний нийгэм бол нийгмийн хөгжлийн төлөөх тэгш эрхтэй түншлэгч байхыг нийгэм өөрөө шаардах боллоо.   

    Тийм учраас иргэний нийгмийн бүтээлч, тууштай, ил тод, хариуцлагатай, мэргэшлийн чанартай түвшиний идэвхи, санаачлагатай, ёс зүйтэй оролцоо чухал шаардлагатай болж байна. Орлогын тэгш хуваарилалтаас илүү оролцооны тэгш боломж, нөхцөл бүрдүүлэхийг иргэд хүсэж байгааг төр ухаалгаар олж харж угтан тосч, түншилж ажиллах нь өнөөгийн шаардлага төдийгүй сайн засаглалын нэг хэмжүүр болоод байна. Нийгмийн нөөц баялаг гэж үзэж буй иргэний нийгмийн харилцааны болон иргэдийн оролцооны өргөн боломжийг бүрэн дүүрэн ашиглах нь манай хөгжлийн бас нэг хөшүүрэг байх болно.

    Ардчилсан үзэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, өрсөлдөх чадвартай, эх оронч, хөдөлмөрч иргэний нийгмийн оролцоо нь хөгжлийг тэтгэгч шавхагдашгүй ундрага мөн гэдэг нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудын туршлагаас илт байна. Бүх шатны төрийн байгууллагын бодлого, шийдвэр гаргахад, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавихад, мөн орон нутаг, бүс нутаг, үндэсний түвшинд хөгжлийн тодорхой зорилт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нөхцөл боломжийг хангах нь хэзээ хэзээнээс чухал боллоо.

    Иргэний нийгэм, ардчилсан нийгэм гэдэг бол нэг зоосны хоёр тал юм. Иргэдийн оролцоо нь нийгмийн ардчилалтай шууд холбоотой. “Иргэдийн оролцоо бол ардчиллын оршин тогтнох сүүлийн тулах цэг” гэсэн судлаачдын үг үүнийг нотолно. Манай нийгмийн хөгжил, ардчиллын хөгжил эдүгээ шинэ шатанд шилжлээ гэдэгт би итгэж байна. Үүнийг шүүмжлэлт ардчиллаас оролцооны ардчилал руу, улс төрийн ардчиллаас эдийн засгийн ардчилал руу, үг ярианы хийсвэр ардчиллаас ажил хэргийн бодит ардчилал руу хийх шилжилт гэж тодорхойлж болно. Энэ зайлшгүй хэрэгцээ захиалга нь манай үндэсний чуулганыг хийхэд хүргэсэн. Та бүхэнд энэ цаг үе түүхэн хариуцлага оногдуулж байна.

    Бид улс орныхоо ардчиллын хөгжлийн эгзэгтэй үед хуран чуулж байна. Эдийн засаг, нийгмийн хүндхэн сорилт бэрхшээлүүдтэй тулгарч байгаа ч бүхэлдээ уналтаас сэргэлт рүү, сэргэлтээс өсөлт рүү явж байгаа гэдэгтээ өнөөдөр Та бид эргэлзэх учиргүй ээ. Гэхдээ энэ өсөлт урт удаан хугацаанд тогтвортой, ард иргэдэд өгөөжтэй хүртээмжтэй, улс оронд бодит хөгжлийг авч ирэх өсөлт байж чадах уу гэдэгт хариулт нэхэж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өнөөгийн тоон өсөлтийг бодит өсөлт, монгол хүний хөгжлийн өсөлт, айл өрх бүрийн амьдралын чанарын өсөлт, улс орон, иргэний хүний өрсөлдөх чадварын өсөлт болгох том зорилтын өмнө Та бид хамтдаа тулж ирлээ.

    Иргэний нийгмийн бүтээлч оролцоогүй, хүний эрхийг дээдлэн хүндэтгэсэн хандлагаар төр засаг нь ажиллаж чадаагүй бол энэ нь жинхэнэ хөгжил болж чадахгүй. Тиймээс ардчиллыг бэхжүүлэх, нийгмийн баялгийг бүтээх, улс орныг хөгжүүлэхэд хүний эрх, тэгш байдал, ардчилал, шударга ёсны үнэт зүйлсэд тулгуурласан төр иргэний нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа нь хэзээ хэзээнээс чухал болоод байна. Төр иргэний нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг үр дүнтэйгээр хэрэгжүүлж байгаа улс орнууд үсрэнгүй хурдацаар хөгжиж буй нь үүнийг нотолно. Өөрөөр хэлбэл иргэдийн оролцоо, хяналт, санал бодол санаачилга нь хөгжлийг тэтгэх хүчин зүйлс юм. Бид ийм л үзэл баримтлалаар асуудалд хандах ёстой.

    Төр, иргэний нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, идэвхжүүлэхэд  дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна.  Үүнд:

    1.    Салбарын яамд, агентлагуудад иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтарсан ажлын хэсгүүдийг байгуулж, иргэний нийгмийн үйл ажиллагаа, бие даасан, хараат бус байхад саад, тотгор болж байгаа хууль, тогтоомжийг судлан өөрчлөлт оруулах ажиллагааг зохион байгуулах,

    2.    Үндэсний болон орон нутгийн түвшинд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, нийгмийн зөвшилцөлийн хариуцлагатай, найдвартай, амьд тогтолцоог ил тод, нээлттэй байх зарчимд тулгуурлан баталгаажуулах,

    3.    Иргэний нийгмийн байгууллагуудыг ардчилал, хүний эрх, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, нийгэм, эдийн засаг, соёлын асуудлаар мэргэшин, тогтвортой ажиллах чадвар, чадавхитай болгоход нь дэмжлэг үзүүлэх,

    4.    Монгол улс 2011-2013 онд Ардчиллын хамтын нийгэмлэгүүдийн даргын үүргийг гүйцэтгэж байгаа энэ түүхэн чухал үед улс орондоо хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулах, улмаар тив, дэлхий, бүсийн хэмжээнд ардчилал, хүний эрхийг дээдлэн хүндлэж, үнэт зүйлсийг бодит амьдралд хэрэгжүүлэхэд манлайлан оролцох үүргээ нэр төртэй гүйцэтгэх шаардлагатай байна. Монгол Улсад төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээндхүний эрх, ардчиллын төлөө идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэх, эв нэгдэлийг хөгжүүлэх зэрэг үйл ажиллагааг дэмжихболно. Энэ зорилгоор “Ардчиллыг дэмжих Монголын Итгэмжлэгдсэн Сан”-г байгуулах санаачилгыг дэвшүүлж байгаагаа Та бүхэнд сонордуулж, дэмжин ажиллахыг уриалж байна.

    Эцэст хэлэхэд иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих тогтолцоо чухал шаардлагатай байна. Чухам ямар тогтолцоо, стандартыг бий болгон хэрэгжүүлэхийг чуулганд оролцож байгаа Та бүхэн санаачлах ёстой. Уг санаачилгыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах нь аливаа төрийн үүрэг гэж үзэж байна. Иргэн хүнийг төлөвшүүлэхэд иргэний нийгмийн байгууллага голлох үүрэгтэй. Бид ямар иргэнтэй байна, тийм л иргэний нийгэмтэй байна. Ямар иргэний нийгэмтэй байна, тийм л төртэй байна. 

    Хэлж ярьснаа нэгтгэн дүгнэхдээ Английн философч Жон Стюарт Миллийн “Эрх чөлөөний тухай” хэмээх улс төрийн сонгодог бүтээлээс иш татъя. Тэрбээр “Олон тохиолдолд хүмүүс аливаа юмыг засгийн түшмэдийн хэмжээнд хийж чадахгүй байж болох боловч засгийнхнаар бус, харин хүмүүсээр өөрсдөөр нь түүнийг хийлгэснээр тэдний чадавхи чадварыг нэмэгдүүлэх, тэдэнд цэгнэн дүгнэх дадал суулгах, улмаар амьдралд нь гарах асуудлуудаар тодорхой мэдлэгтэй болгох нь зүйтэй юм. Энэ нь эрх чөлөө гэгчтэй алсын хаялгаараа холбогдох бөгөөд мөн чанартаа хөгжиж дэвжих асуудал юм. Засаг төрийн үйл ажиллагаа хаана ч ижил байх хандлагатай. Харин хувь хүмүүс, тэдний сайн дурын байгууллагууд алив юмыг хийхдээ янз бүрээр оролдож хязгааргүй өргөн туршлага бий болгодог. Олон оролдлогоос үүсч гарсан энэхүү туршлагыг хуримтлуулдаг, идэвхтэй түгээн өрнүүлдэг цэг болж чадваас төр ашгаа сая өгнө. Өөрийнхөөсөө бусад эрлийг үл тэсвэрлэхийн оронд шинийг хайгч бүрт бусдын туршлагаас хүртэх бололцоо олгох нь засаг төрийн үүрэг мөн“ хэмээн бичиж байжээ.

    Сайн засаглалын үнэт зүйлсийг оновчтой томъёолсон энэ үгсийн үнэн зөвийг ухамсарлаж үйл ажиллагаандаа баримтлахаа Засгийн газрын тэргүүн, парламентад олонхийн суудалтай Монгол ардын намын даргын хувьд дахин илтгэе.

    Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

    2012.03.09. Төрийн ордон