Ангилал: хэлсэн-үг

  • С.БАТБОЛД: Хөгжлийг ард нийтийн сайн сайханд зориулах цаг болжээ

    ~ Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын ардчиллын төлөөх балийн дөрөвдүгээр форум дээр хэлсэн үг ~

    Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёно,

    Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, 

    Хатагтай, ноёд оо,

    Юуны өмнө Индонезийн найрсаг ард түмэн, Засгийн газарт Монголын ард түмэн, Засгийн газрын халуун мэндийг уламжилж байгааг минь хүлээн авна уу. Ардчиллын төлөөх Балийн Форумд Монгол Улс анх удаагаа Засгийн газрын тэргүүний түвшинд оролцож байгаа бөгөөд би энд өндөр нэр хүндтэй эрхмүүд та бүхэнтэй хамт байгаадаа баяртай байна. 

    Хатагтай, ноёд оо,

    2011 он – дэлхий дахинд тэр тусмаа Монголд олон чухал үйл явдлууд өрнөсөн жил болж байна. Тухайлбал, энэ жил манай улс орчин цагийн дипломат албаны 100 жил, НҮБ-ын гишүүн болсны 50 жилийн ойнуудыг тэмдэглэж байна. Эдгээр он жилүүд бол Монгол Улс тусгаар тогтнолоо олж авах,  түүнийг бэхжүүлэхийн төлөөх түүх байсан юм. 1990 оны ардчилсан хувьсгал, 1992 оны ардчилсан Монгол Улсын үндсэн хууль зэрэг нь Монголчуудын аж байдлыг боломж, эрх чөлөөгөөр хангасан эрс өөрчлөлтүүд байлаа.

    Манай улсын сүүлийн 20 жил хэрэгжүүлж ирсэн улс төр, эдийн засгийн хосолсон өөрчлөлтүүд нь эдүгээ үр ашгаа өгч байна. Манай улсын ДНБ энэ жил 20 хувь, 2012 онд 25 хувь өсөх төлөвтэй байна. Эдийн засгийн хурдан өсөлттэй орнуудын нэг болохын хувьд манай улсын  олон улсын харилцаан дахь байр суурь өргөжиж байна.  

    Өнгөрсөн 7 дугаар сараас Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн тэргүүлэх үүргийг хүлээж авлаа. Тэргүүн орны хувьд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хүсэл эрмэлзлийн байгууллагаас бодит үйл ажиллагаа явуулдаг болгоход чиглэсэн хэд хэдэн чухал арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд байна. Манай улс ардчиллын боловсрол, бүс нутгийн хамтын ажиллагаа, иргэний нийгмийг дэмжих, бусадтай туршлагаасаа  хуваалцах зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байна.  

    Миний дурдсан эдгээр асуудлыг бид одоо Балийн ардчиллын форум дээр ярилцаж байна. Манай улс Азийн бүс нутагт ардчиллын асуудлаар анхны Засгийн газар хоорондын форум бий болгосон Индонезийн энэ санаачлагыг өндөр үнэлж байна. Тийм ч учраас эл форум нь ардчиллын үнэт зүйлс, хүний эрхийг хүндлэн дээдэлсэн Азийн орнууд цуглан чуулах чухал талбар болжээ. АОХН-ийн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэл нь Балийн Ардчиллын төлөөх Форум шиг бүс нутгийн ийм механизмтай хамтран ажиллаж,  Азид ардчиллыг бэхжүүлэх, баяжуулах нэгдсэн хүч чармайлтад хүч нэмэх зорилготой юм. 

    Монгол Улс БНСУ-тай хамтран өнгөрсөн 8 дугаар сард Ардчиллын төлөөх Азийн түншлэл гэсэн шинэ санаачлага дэвшүүлсэн билээ. Энэ нь манай бүс нутаг дахь Ази,Номхон далайн Ардчиллын төлөөх түншлэл зэрэг бусад санал санаачлагыг баяжуулна гэж үзэж байна. Эдгээр механизмын хүрээнд Монгол Улс Азийн түншүүдтэйгээ хамтран бүс нутагтаа ардчиллын үзэл санаа, үнэт зүйлсийг дээдлэн сахих нийтлэг зорилгоо нэгтгэн, нэгэн урсгалд оруулахын төлөө ажиллахад бэлэн байна.

    Хатагтай, ноёд оо,

    Манай бүс нутаг дэлхийн дахины үйл явдлын төв болж байгааг бид харж байна. АРФ-ын гишүүн орны хувьд Монгол Улс бүс нутгийн хөгжилд АСЕАН-ы гүйцэтгэж байгаа үүрэг өсөн нэмэгдэж байгааг талархан хүлээн авч байна. Мьянмарын Засгийн газрын авч хэрэгжүүлж эхэлсэн өөрчлөлт шинэчлэл бидэнд найдвар төрүүлж байна. Хоёр орны хоорондын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг хөхиүлэн дэмжихийн төлөө Мьянмартай ажиллахад Монгол Улс бэлэн байна.  

    Энэ удаагийн чуулга уулзалтаар ардчиллын дуу хоолой, ард түмний хэрэгцээ, тэдний сэтгэлийг зовоосон асуудлуудад хандах төрийн чадварыг сайжруулах тухай хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон хэрэг гэж үзнэ. 1990-ээд оны үеэс өөрийн улсын туулсан замыг эргэн харвал ард түмний шударга шаардлагыг хүчээр няцаах бус харин ойлголцол, яриа хэлцээний замаар хүлээж авахын чухал нь нотлогдож байгаа юм. Улс орондоо гарсан тайван хувьсгалаас хойш бид нийгмийн бүхий л оролцогчидтой яриа хэлэлцээний замаар ойлголцож байна.

    Өнөөдөр Монголын нийгэмд яриа хэлэлцээ явуулах, өөр үзэл бодлыг хүндэтгэх, нийтлэг арга зам, үнэт зүйлийг эрэлхийлэх, зөвшилцлийг бий болгох зэрэг нь нийгмийн хэв хэмжээ, стандарт болжээ. Монгол Улсад иргэний нийгэм нь бодлого боловсруулах, шийдвэр гаргахад хүчтэй оролцогч болсон. Манай Засгийн газар төр, төрийн бус байгууллагын түншлэлийг санаачлан өрнүүлж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг сонгон авч, хэлэлцүүлэг явуулан, хүлээж авахуйц шийдлийг олж байна.   

    Хуулийн төсөл, шийдвэрүүдийг интернетэд байршуулж, иргэдийн санал, хүсэлтийг авч байна. Засгийн газрын бүх шийдвэрүүд, төсвийг интернэтэд байршуулах болсон. Ийнхүү иргэд мэдээлэл болон бодлогын баримт бичгүүдийг олж үзэх боломж нэмэгдэж байгаа нь Засгийн газрыг ил тод, хариуцлагатай байж, олон нийтэд тайлагнаж ажиллахад тус дөхөм үзүүлж байна. Нөгөөтэйгүүр, манай улс ардчиллын боловсролыг АОХН-ийн тэргүүн орны тэргүүлэх чиглэл болгон авсан. Учир нь иргэдэд ардчилсан нийгэмд зөвхөн эрхээ ойлгож, эдлээд зогсохгүй хариуцлагаа ухамсарлах явдлыг сургах хэрэгтэй юм.  

    Энэ хүрээнд Монгол Улс 2012 онд ЮНЕСКО-той хамтран дурдсан сэдвээр олон улсын семинар зохион байгуулна. Бид мөн ирэх оны сүүлээр Энэтхэгт ардчиллын боловсролын асуудлаар бүс нутгийн бага хурал зохион байгуулахаар тус улсын Засгийн газартай ярилцаж байна. Энэ бүх арга хэмжээ нь сургалтын хөтөлбөр боловсруулах, ардчиллын боловсролын асуудалд Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний анхаарлыг хандуулахад оршино.

    Монгол Улсын эдийн засаг хурдан өсч, баялаг хуримтлагдахын хирээр ард иргэдийн аж байдлыг дээшлүүлэхэд түлхүү анхаарах явдал чухал болж байна. Тиймээс манай Засгийн газар нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогыг тэгш хуваарилахад тэргүүлэх ач холбогдол өгч байна. Бид өнгөрсөн хугацаанд ардчилсан өөрчлөлтүүдийг хөгжлийн төлөөх боломж, орчинг  бүрдүүлэхэд чиглүүлж хийж байсан бол эдүгээ хөгжлийг ард нийтийн сайн сайханд зориулах цаг болжээ.

    Хатагтай, ноёд оо,

    Дэлхий дахин эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед манай Засгийн газрууд нэгдмэл зорилго, хүч чармайлтаа нэгтгэн ажиллах шаардлагатай байна. Балийн ардчиллын форумын жишээнээс харахад Азийн орнуудын Засгийн газрууд бүс нутагт ардчиллыг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллаж чадах юм байна үзэж байна.  Бид бодитой ажил хийх цаг болжээ. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн тэргүүн орны хувьд Монгол Улс манай туршлагаас суралцахад нь шинээр ардчилалд хөл тавьж буй орнуудад дэмжлэг үзүүлэх аливаа санаачлагыг дэмжиж, олон улсын тусламж дэмжлэгийг дайчлан ажиллахад бэлэн байна.  

    Бид нээлттэй байдал, ардчилсан өөрчлөлтүүдэд чиглэсэн бодлогыг сайшаан дэмжинэ. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд Азийн ардчилсан орнуудын жин, үүргийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Үүний зэрэгцээ, ардчилал, түүний үнэт зүйлийг урагшлуулахад бүс нутгийнхаа түвшинд хамтран ажиллах, зохицуулах явдлыг бэхжүүлэхэд бидний үүрэг чиглэсэн хэвээр байх болно. Монгол Улс Балийн ардчиллын форумыг цаашид ч дэмжиж ажиллана гэдгээ дахин нотолж, үгээ өндөрлөж байна.

    Энэ ялдамд таатай сайхан орчин бүрдүүлж, найрсгаар зочилсон Балийн ард иргэдэд, бүс нутагт ардчиллыг хөгжүүлэхийн төлөө эрхэмлэн зорьсон Ерөнхийлөгч Юдоёно Танд гүнээ талархаж байна.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

     

  • ХӨГЖИЛД ХҮРГЭХ ТҮНШЛЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

    “Хөгжилд хүргэх түншлэл” сэдэвт үндэсний форум 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төрийн ордонд болж байна.

    Форумд Засгийн газраас бизнесийн орчныг сайжруулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажил, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлд хувийн хэвшлийн оролцооны талаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар илтгэл тавилаа. Мөн салбар хуралдаанаар дээрх чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж гаргасан санал, зөвлөмжөө нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

    Үндэсний форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн орчны өнөөгийн байдал, цаашдын төлөв, ид өрнөж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар байр сууриа илэрхийллээ. Бизнесийн орчныг таатай болгох, төр, хувийн хэвшлийн хооронд байнгын, тогтвортой, нээлттэй яриа хэлэлцэл, ойлголцолыг бий болгох форум хэлэлцүүлэг туйлын чухал. Бид ярилцаж байж л аливаа ойлголтын зөрүүг даван туулж чадна гэдгийг тэрээр тэмдэглэв. Засгийн газрын тэргүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Хөгжилд хүргэх түншлэл” үндэсний форумд хэлсэн үг

    “Хөгжилд хүргэх түншлэл” форумд оролцогч төлөөлөгчид өө,

    Хатагтай, ноёд оо,

    Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр амралтын өдөр ч гэсэн бид улс орныхоо хөгжлийн төлөө санаачилга гаргаж, санал бодол, байр сууриа илэрхийлэхээр хуран чуулж байна. Энэ чуулганаар төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийнхэн, эрдэмтэн мэргэд хамтран хэлэлцүүлэг өрнүүлж, улс орны хөгжлийг хангахад бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон шийдвэрлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар нийтлэг ойлголцол бий болгохыг зорьж буй билээ.

    Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөн хүрээтэйгээр зохион байгуулж буй нь манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого боловсруулалт нээлттэй, олон нийтийн оролцоо, түншлэлд тулгуурладгийн томоохон илрэл юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд улс орныхоо эдийн засгийн өсөлтөд хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлага Та бүхэн чухал хувь нэмэр оруулсаар ирсэн. Үүнийг зарим тоо баримтаар нотлон дурдаж болно. Тухайлбал:

    • 2011оны 6дугаар сарын 30-ны байдлаар манай улсад 89 мянга гаруй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Үүнээс 50 мянга орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Жил бүр идэвхтэй бизнес эрхлэгчдийн тоо өсөн нэмэгдэх хандлагатай боллоо.
    • Сүүлийн 4 жилийн байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний 73.7-74.3 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж ирсэн. Мөн татварын нийт орлогын 30 орчим хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар төсөвт төвлөрүүлсэн.
    • Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. 2011-2016 онд хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ 19.3 их наяд буюу улсын нийт хөрөнгө оруулалтын 54 хувийг эзлэх тооцоог холбогдох байгууллагууд гаргасан. Эдгээр нь төр, хувийн хэвшил хамтран аж үйлдвэр, дэд бүтцийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах гол үүргийг гүйцэтгэж буйг харуулж байна. 

    Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс Дэлхий дахины өрсөлдөх чадварын судалгаагаар 99 дүгээр байрнаас 96 дугаар байрт орж урагшиллаа. Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээрээ дэлхийн 169 улс орноос эхний 100-д орж, “Хүний хөгжлийн дунд зэргийн үзүүлэлт”-тэй улс орны эгнээнд орлоо.Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь-2012” тайлангийн үзүүлэлтээр манай улс 89-өөс 86 дугаар байрт орж ахисан байна.

    Улс орныхоо боломжийг бүрэн дүүрэн ашиглах үүднээс Улсын Их Хурал, Засгийн газар бүтээн байгуулалтын дунд хугацааны шинэ хөтөлбөрүүдийг батлан гаргаж, хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга замуудыг судлан, “Хөгжлийн банк” болон санхүүгийн бусад шинэлэг арга, хэрэгслийг бүрдүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Засгийн газраас их бүтээн байгуулалтыг өрнүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг дэмжих бодлогыг нэн тэргүүнд тавьж байна.

    УИХ болон Засгийн газраас 2010-2011 онд хувийн хэвшлийн хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хамтын ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор “Төрөөс төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлого”, Концессийн тухай хууль, “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”, “Компанийн засаглалын үндэсний хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. 

    Бид эдийн засгийнхаа таатай боломжийг ашиглан улс орондоо их бүтээн байгуулалт өрнүүлэх бодлого, зорилт тавин ажиллаж байна. Энэ бүтээн байгуулалтыг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшил хамтран үр дүнтэй ажиллах орчин нөхцлийг бий болгох шаардлагатай гэж төлөвлөсөн.

    Засгийн газар бүтээн байгуулалт, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн. Энэ зорилгоор 2010 оныг “Бизнесийн орчныг шинэтгэх жил”, 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон ажиллаж байгааг Та бүхэн мэднэ. Эдгээр ажлын хүрээнд төрөөс бизнест үзүүлж буй үйлчилгээг хөнгөвчлөх, шаардлагагүй тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөлөх, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого, түүний хэрэгжилтэд түлхүү анхаарлаа.

    Тухайлбал, бизнес эрхлэхэд төвөг учруулдаг, хүнд суртлын эх сурвалж болдог 101 тусгай зөвшөөрөл, лицензийг цуцалсан. “Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2009 оноос 2012 оныг дуустал 3 жилийн хугацаанд гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн нь зохих үр дүнгээ өгч байна. Зөвхөн энэ онд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 200 орчим тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлсэн. Сум хөгжүүлэх санд 24 тэрбум, нийслэлийн дүүргүүдэд 30 тэрбум төгрөг хуваарилсаны дүнд олон жижиг үйлдвэрлэл, өрхийн амьжиргаа дэвжих боллоо.

    Үндэсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ хангах боломж бүрэн бий. Тиймээс импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүний дотоод  зах зээлийн борлуулалтад дэмжлэг үзүүлэх шийдвэрүүдийг ч Засгийн газраас гаргасан. Улс орны маань эдийн засгийн хөгжил иймэрхүү түвшинд байгаа ч гэсэн цаашид улам эрчимжүүлэх зорилго байна. Тиймээс Засгийн газрын тэргүүний хувьд улс орноо хөгжүүлэх алсын том цогц бодлогоо “Хөгжлийн мод” хэмээн тайлбарлан тодорхойлж байгаа. Бид “Хөгжлийн мод”-оо зөвөөр суулгаж, урган төлжих нөхцөл боломжийг сайтар хангаж чадвал улс орны хөгжил эрчимжиж, ард иргэдийн амьжиргаа дэвжин баталгаажих болно. Энэ “Хөгжлийн мод”-ны үндэс нь санхүүгийн зөв бүртгэл, тооцоо юм. Тиймээс санхүүгийн эрх чөлөөг иргэн аж ахуйн нэгжид олгохын төлөө Засгийн газар анхаарч ажиллах болно.  

    “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, “Шинэ төмөр зам”, Дархан, Сэлэнгийн бүсэд орших төмрийн хүдрийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг их бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэн, Та бүхнийхээ оролцоог дэмжин, боломж нөхцлийг бүрдүүлж ажиллана. Тиймээс бизнесийн орчныг таатай болгох, төр, хувийн хэвшлийн хооронд байнгын, тогтвортой, нээлттэй яриа хэлэлцэл, ойлголцолыг бий болгох форум хэлэлцүүлэг туйлын чухал юм. Бид ярилцаж байж л аливаа ойлголтын зөрүүг даван туулж чадна. Иймээс энэ чуулганыг “Хөгжилд хүргэх түншлэл” уриан дор “Бизнесийн орчинг шинэтгэх”, “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх” гэсэн сэдвээр явуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. Та бидний яриа хэлэлцүүлэг төр, засгийн бодлого шийдвэр, бизнес эрхлэгчдийн ажил, амьдралд тодорхой үр дүнгээ өгөх учиртай.

    Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хувийн хэвшлийн санал санаачилга, зөвлөмжийг төрийн бодлогод тусгуулах зорилго бүхий “Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороо” ажиллаж байна. Энэ хороо нь бизнес эрхлэгчдийнхээ санал зөвлөмжийг авч, уялдаа холбоотой ажиллаж байгаа гэдэгт итгэж байна. Та бүхнийг цаашид энэ хороотой хамтран ажиллахыг хүсье.

    “Хөгжилд хүргэх түншлэл” чуулганд идэвхтэй оролцож, улс орны хөгжилд хэрэгтэй ажил хэрэгч, санал, санаачилгуудыг гаргана гэдэгт итгэлтэй байна.

    Чуулганд амжилт хүсье.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Дэлхийн 140 гаруй улстай 10-аад тэрбум ам.долларын худалдаа хийдэг болжээ

    ~ Ерөнхий сайд С.Батболдын Монгол Улсад орчин үеийн худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан худалдаа эрхлэгчдийн улсын IV дүгээр зөвлөлгөөнийг нээж хэлсэн үг ~

    Эрхэм хүндэт төлөөлөгчид, зочид оо,

    Хатагтай, ноёд оо,

    Монгол Улсад орчин цагийн худалдааны харилцаа үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан тус салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, өнөөгийн ажиллагсад, бизнес эрхлэгчид Та бүхэндээ Засгийн газрын тэргүүний хувьд болон Үйлдвэр, худалдаа, гадаад харилцааны салбарыг удирдаж байсан хүний хувьд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

    Худалдаа үйлчилгээ нь манай улсын эдийн засгийн чухал салбаруудын нэг болж бэхжлээ. Монголчууд бид эрт үеэс гадаад ертөнцтэй худалдаа, арилжаа хийж, түүнийгээ өрх гэрийнхээ амьдрал ахуй, төр улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах чухал хэрэгсэл болгон ашиглаж ирсэн түүхэн уламжлалтай. Энэ үүднээс авч үзвэл манай улсын худалдаа арилжаа нь бидний өвөг дээдсийн байгуулсан эзэнт гүрний үе, их “торгоны зам”-ыг даган хөгжин цэцэглэж ирсэн билээ. Харин орчин үеийн худалдааны хөгжлийн түүх 90 жилээр хэмжигдэж Та бид өнөөдөр баярыг нь тэмдэглэж, амжилт ололт, алдаа оноо, хэтийн төлөвийг нь хэлэлцэж байна.   

    Монгол Улсын эдийн засаг үсрэнгүй хөгжлийн шатандаа ирсэн энэ цаг үед худалдааны салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж буйг тэмдэглэн хэлье. Манай улс худалдаагаар дамжин дэлхийн эдийн засгийн харилцаанд идэвхитэй оролцох болсон. 1997 онд манай улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болж олон улсын хэмжээнд худалдааны хууль эрх зүйн орчноо баталгаажуулсан нь түүхэн үйл явдал болсон билээ. 1990-ээд оны эхэн үед дэлхийн 20-иодхон улстай 200 хүрэхгүй сая ам. долларын худалдаа хийдэг байсан Монгол улс өнөөдөр дэлхийн 140 гаруй улстай 10-аад тэрбум ам.долларын худалдаа хийдэг боллоо.

    2003 онд 3878 аж ахуйн нэгж, 9352 хүн гадаад худалдаанд оролцож байсан бол энэ оны 11 дүгээр сарын байдлаар 6729 аж ахуйн нэгж, 9770 хүн болж өсчээ. Ингэж манай улсын худалдааны салбарын хүрээ өргөжин тэлж, дэлхий ертөнцийн өнцөг булан хүрч үйл ажиллагаагаа бэхжүүлж өсөн дэвжихэд хувь нэмрээ оруулсан төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчиддээ талархал илэрхийлье. Өнөөдөр манай улс зах зээлийн харилцаа хөгжсөн орнуудын нэгэн адил дотоодын худалдаандаа брэнд бүтээгдэхүүнүүдийн албан ёсны дисрибьютерүүд, их дэлгүүр, супермаркет зэрэг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн орчин үеийн худалдааны төрөлжсөн, дэвшилтэт технологи, үйлчилгээний соёлыг хурдацтайгаар нэвтэрүүлж буйг онцлон дурдахад таатай байна.

    Гадаад худалдааг хөнгөвчлөх, чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах, олон улсын худалдаанд мөрддөг бусад боломжуудыг ашиглах замаар худалдааны салбараа хөгжүүлэх асуудалд миний бие Үйлдвэр, худалдааны болон Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа ихээхэн анхаарсан. Өнөөдөр ч миний анхаарлын төвд байна. Гадаад зах зээлд монголын бараа бүтээгдэхүүнийг таатай нөхцлөөр гаргах, тааламжтай орчин бүрдүүлэх зорилгоор Европын холбооны зах зээлд монголын гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй гаргах гэрээ хэлэлцээрийг миний бие 2005 онд хийж хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан. Энэ боломжийг манай улс 2013 он хүртэл ашиглах ёстой.

    Саяхан манай Засгийн газар Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах чиглэлээр яриа хэлэлцээг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа. Үүнийг үр дүнтэйгээр ажил хэрэг болгох учиртай. Цаашид бүс нутгийн болон хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг байгуулах боломжийг судалж, үр өгөөжтэй хэлбэрээр ашиглах нь чухал юм. Худалдааны салбар өргөжин тэлхийн хэрээр шинэ хүндрэл бэрхшээл, яаралтай шийдвэрлэвэл зохих асуудлууд урган гарах боллоо.

    Тиймээс Засгийн газар худалдааны эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, зөв оновчтой бодлого хэрэгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх, экспортод нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний хувь хэмжээг нэмэгдүүлэх, худалдаан дахь тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах, хурдтай, оновчтой шийдвэр гаргахыг үүрэг болгон ажиллаж ирлээ. Мөн худалдааны салбарын хууль, эрх зүйн орчинг улам сайжруулах ажлын хүрээнд “Худалдааны тухай хууль”, “Гадаад худалдаанд төрөөс баримтлах бодлого”, “Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр” зэрэг баримт бичгүүдийг боловсруулан гаргахаар ажиллаж байна.

    Худалдааны салбарыг хөгжүүлэхэд хил, гааль, авто замын дэд бүтцийг сайжруулах асуудал нэн тэргүүнд тавигдах боллоо. Тиймээс Засгийн газраас гаалийн үйл ажиллагааг сайжруулах, бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр шат дараатай олон ажил хийж байна. Гэвч эдгээр ажлууд нь өнөөгийн худалдааны хөгжлийн хурдыг гүйцэхгүй байгаад шүүмжлэлтэй хандах ёстой. Гааль, мэргэжлийн хяналт гээд төрийн холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, шуурхай үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд гадаад худалдаанд “Цахим нэг цонх”-ны үйлчилгээ нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газраас баталж хэрэгжүүлэхээр болсоныг Та бүхэндээ дуулгъя.

    Байгалийн цэвэр органик бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн зах зээлээ хангах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлж боловсронгуй болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах асуудал чухлаар тавигдаж байгаа өнөө үед УИХ-аас “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийг энэ онд баталсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Олон улсын туршлагаас үзэхэд түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох оновчтой, үр дүнтэй арга нь бирж байгуулах явдал юм. Тиймээс бирж байгуулахыг хууль эрх зүйн болоод эдийн засгийн хувьд дэмжиж ирсэн.

    Мөн манай Засгийн газар томоохон худалдааны үйл ажиллагааг дэмжихээс гадна жижиг, дунд худалдаа үйлчилгээний салбарт ч ихээхэн анхаарч ирлээ. Сүүлийн хоёр жилд 60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 280 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгосон. Үүний 8 хувь буюу 4,8 тэрбум төгрөгийг худалдаа, үйлчилгээний салбарт өгсөн. Цаашид ч гэсэн жижиг, дунд худалдааны салбарыг бодитойгоор дэмжих болно. Ер нь худалдааны таатай орчинг төр засаг нь бүрдүүлж, бизнес эрхлэгчид нь бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Тиймээс худалдааны салбарын хөгжилд бизнес эрхлэгчдийг илүү үүрэг оролцоотой, санаачилгатай оролцоосой гэж хүсч байна.

    Худалдааны салбар нь хэрэглэгч, үйлдвэрлэгч болон борлуулагчийг шууд холбож өгдөг. Тиймээс хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэх, эрхийг хамгаалах замаар худалдааны салбарын хөгжлийг хангах олон улсын туршлагыг манай худалдаа эрхлэгчид анхаарч харгалзан үзвэл зохистой. Худалдаанд ёс зүйн соёл, ил тод байдлыг нэвтрүүлэхэд хүн бүр хүчин чармайлт тавих ёстой. Энэ нь эргээд Та бидний өөрсдийн болоод үр хүүхдийн эрүүл хүнс, аюул осолгүй амьдрал, цэвэр байгаль орчинтой шууд хамааралтай. Хүнсний аюулгүй байдлыг хангах нийгмийн үйл хэрэгт худалдааны салбар чухал үүрэгтэйг Та бүхэн санаж ажиллах ёстой. 

    Худалдааны системийг хөгжүүлэхгүйгээр, олон улсын худалдааны соёл, мэдлэгээс суралцахгүйгээр, худалдаа эрхлэгч мэргэжлийн хүн хүчгүйгээр бид үсрэнгүй хөгжлийн зорилтоо биелүүлэх боломжгүй. Тиймээс тулгамдаад байгаа бүхий л асуудлыг системтэйгээр шийдвэрлэж хөгжилд хүрэх нь бидний зорилт болно.

    Зөвлөлгөөний төлөөлөгчид өө,

    Эдийн засгийн тулгуур болсон худалдааны харилцааг бэхжүүлж, цаашдын зорилтыг тодорхойлоход худалдаа эрхлэгчдийн энэхүү зөвлөлгөөн чухал ач холбогдолтой. Худалдааны салбарын 90 жилийн ойг тохиолдуулан хийж буй энэ удаагийн зөвлөлгөөнөөр тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх арга замыг олж, худалдаа эрхлэгчдийн хүсэл зориг, ажил хэрэгч санал зөвлөмжийг нэгтгэн төр засагтаа болон хувийн хэвшлийнхэнд хүргэнэ гэж хүлээж байна. Шинэ үеийн түүхээ 90 жилээр баяжуулж буй худалдааны салбарын нийт хамт олон, зочид төлөөлөгчид Та бүхнэнд сайн сайхан бүхнийг хүсч, зөвлөлгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

    Анхааран соёрхсонд баярлалаа.

    2011 оны 11 дүгээр сар 17                             Төрийн ордон

  • С.Батболд: “Гэр бүл” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болсноо та бүхэндээ дуулгая

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын НАМЭХ-ноос зохион байгуулж буй “Эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө 2011” форумд хэлсэн үг

    Эрхэм хүндэт эмэгтэйчүүд ээ,

    Чуулганы төлөөлөгчид, зочид оо,

    Монгол Улсынхаа хөгжлийн төлөө санал бодлоо уралдуулахаар эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, хуран чуулж байгаа “Эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө 2011” чуулганы төлөөлөгч бүсгүйчүүд Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж халуун баяр хүргэе. Өнөөдөр 2011 оны 11 сарын 11 өдөр. Яг одоо 11 цаг 11 минут болж байна. Зуун жилд ганцхан тохиох энэ мөчид зууны манлай намын эмэгтэйчүүд зөвлөлдөж байгаа нь түүхэн үйл явдал боллоо. Тоон бэлгэдэлийн тохиол бүрдэл бүхий энэ өдрийг товлож хөгжлийн төлөө чуулж байгаа нь их үйл хэргийг эхлүүлэх бэлгэ ерөөлийг бодсоныхбиз ээ.

    Өнгөрсөн зуунд манай нам улс орны тусгаар тогтнол, их бүтээн байгуулалт, ардчилал шинэчлэлтийн их үйл хэргийн тэргүүн эгнээнд манлайлж ирлээ. Шинэ зуунд ч бид улс орныхоо хөгжил, хүн ардынхаа сайн сайхны төлөө бүтээснээсээ ихийг бүтээх ойрын ба хэтийн зорилтуудыг дэвшүүлсэн. Өнөөдрийн эрчимтэй өрнөж байгаа их бүтээн байгуулалтанд эмэгтэйчүүдийн дундаас ундран гардаг санал санаачилга, бүтээлч шийдлүүдийн үр өгөөж, ач холбогдол улам бүр өсч байна.           

    Монгол Ардын Нам ХХVIИх хурлаараа ирэх 20 жилийг шинэ зууны Монгол Улсын их бүтээн байгуулалтын үе гэж зарласан. Манай намын бүх бодлого, зорилго, үйл хэрэг үүнд чиглэгдэж байна. Та бид хамтдаа үүнийг хийх болно. Хийж ч чадна. Хөгжил дэвшилд хүргэх их бүтээн байгуулалтын анхны алхмыг хамтарсан Засгийн газар хийж эхэлсэн. Засгийн газар стратегийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, уул уурхай, металургийн салбарын үйлдвэр, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, “Шинэ төмөр зам” зэрэг их бүтээн байгуулалтын том төслүүдийг эхлүүлэх нөхцлийг бүрдүүллээ.

    Хүн амын орон сууцны хангамжийг сайжруулах зорилгоор “100.000 орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ зээлийн хүүг нь 0.6 хувиас хэтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргаж, барилгын үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг хангалаа. Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийн асуудалд ч ихээхэн анхаарч байна. Энэ онд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 200 орчим тэрбум, сум хөгжүүлэх санд 24 тэрбум, нийслэлийн дүүргүүдэд 30 тэрбум төгрөг хуваарилсны үр шим гарч, олон жижиг үйлдвэрлэл ашиглалтанд орж, цөөнгүй  өрхийн амьжиргааг тэтгэж эхэллээ. Цаашид хөдөөгийн хөгжил, гэр бүл, нийгэм, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдээс гаргаж байгаа санал санаачилгуудад онцгой анхаарна.

    Засгийн газраас хэрэгжүүлж буй мал аж ахуй, газар тариалангийн салбарыг эрчимжүүлэх бодлого ч үр өгөөжөө өгч эхэллээ. Энэ жил 448.1мянган тонн үр тариа, 199.2  мянган тонн төмс, 105.2  мянган тонн  хүнсний ногоо хураан авлаа. Энэ нь жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62.6хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдлээ гэсэн үг. Мал аж ахуйн салбарт “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Таван-Эрдэнэ” арга хэмжээг хэрэгжүүлж, зарцуулахтөсвийнхөрөнгийгэнэ оноосхоёр дахиннэмэгдүүллээ. Үр дүнд нь олон улсын зах зээлд өрсөлдөхүйц мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, малчдынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх боломжийг бий болгоно. Мөн энэ жил малчдынхаа хөдөлмөр зүтгэлийн үр дүнд улсын хэмжээнд хамгийн олон төл хүлээн авсан. Ирэх жил манай улс түүхэндээ байгаагүй олон малтай болох боломж бүрдээд байна.

    Ийнхүү уул уурхай,дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлчилгээний бүхий л салбарт ахиц дэвшил гарснаар эдийн засаг тэлж, түүний өсөлт энэ оны эцсээр 20 хувьд хүрэх төлөв хандлага ажиглагдаж байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн одоогийн байдлаар 3000 орчим долларт хүрлээ. Үүнийг дагаад иргэдийн амьжиргаанд ахиц дэвшил гарах болно. Засгийн газар нийгмийн хамгааллын салбарт ч анхаарлаа хандуулж, бодлого төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж ирлээ. Эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт ч эрчимтэй нэмэгдэв. Монгол Улсын бүх иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдах нөхцөл боломжийг бүрдүүллээ. Боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлтийг олон улсын стандартад нийцүүлэхийн төлөө тодорхой санаачилгууд хэрэгжиж байна.

    2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж 60 мянган шинэ ажлын байр бий болгох зорилтын биелэлт 90 гаруй хувьтай явж байна. Үр дүнд нь ажилгүйчүүдийн хувь хэмжээ нэг оронтой тоонд шилжлээ. Өнгөрсөн хугацаанд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмсэн. Ирэх онд аль алиныг  2 удаа 50 гаруй хувиар нэмэхээр төлөвлөсөн. Ингэснээр цалин, тэтгэвэр 2008 оны түвшингээс дунджаар 2 болон түүнээс илүү хэмжээгээр нэмэгдэнэ.  

    Эрхэм хүндэт эмэгтэйчүүд ээ,

    Гэр бүл боламьдралын анхдагч орчинюм. Хүн бүхний хамгийн ойрын амин чухал асуудлууд гэр бүлийн хүрээнд шийдэгдэж байдаг. Тийм ч учраас би Ерөнхий сайдын ажлыг аваад УИХ-д хандаж хэлсэн үгэндээгэр бүлд чиглэгдсэн бодлогод онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Энэхүү бодлого зорилтоо хэрхэн хэрэгжүүлэхээ олон удаа эргэцүүлэн бодож, эрдэмтэн мэргэд, намын нөхөд, ажлын алба, мэргэжлийн холбоодтой санал солилцож “Гэр бүл” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болсноо Та бүхэндээ дуулгая.

    Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлоготой уялдуулж, гэр бүлийн хөгжлийн асуудлыг орчин үеийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудтай цогцоор нь авч үзэн боловсруулах болно. “Гэр бүл” үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд манлайлагч эмэгтэйчүүд Та бүгдийн ухаан бодол, амьдралын туршлага, бүтээлч эрмэлзэл, үр хүүхдийнхээ ирээдүйг бодох сэтгэл онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

    Гэр бүлийн уламжлалт үнэлэмж, эрхэмлэл алдарч, салалт нэмэгдэж, хүчирхийлэл, ядуурал буурахгүйбайгаа баримт монгол хүн бүрийн сэтгэлгээг зовоож байна. Нөхөн үржихүйн насны залуучууд гадаадад гарч, хүйсийн харьцаа алдагдаж, гэр бүлийн харилцаа хүйтэрч, нийгмийн эмзэг бүлэгт хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэх боллоо. Эдгээр нь асуудлыг нийгмийн сэтгэл зүй, ёс суртахуун, эдийн засаг, эрх зүй зэрэг олон талын хүрээнд цогцоор авч үзэхийг шаардаж байгаа хэрэг юм. Тиймээс гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдэд оновчтойтодотгол хийххэрэгцээ бий боллоо.

    Гэр бүлнь хүний хөгжлийн анхдагч бичил орчин юм. Тиймээс Засгийн газар, УИХ-аас “Хүний хөгжил сангийнтухай хууль”-ийг батлан хэрэгжүүлж, гэр бүлээр дамжуулан хүний хөгжлийг дэмжих, өрхийн амьжиргааг дээшлүүлэх, эрүүлмэнд, боловсрол, даатгалын үйлчилгээг боловсронгуй болгох нөхцөл боломжийг өргөжүүлж байна. Мөн манай Засгийн газар байгалийн баялгаас ард иргэддээ хувь, хишгийг хүртээхдээ гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх хэлбэрээр олгох бодлого баримталж ирлээ. Үр дүнд нь НҮБ-ын “Хөгжлийн хөтөлбөр”-өөс явуулдаг судалгааны дүнгээр манай улс хүний хөгжлийн индексээрээ дундаж үзүүлэлттэй орны тоонд орлоо.

    Гэр бүл, эмэгтэйчүүдэд хандсан бодлогыг хууль эрх зүйн баталгаатай болгоход Засгийн газар ихээхэн анхаарч ирлээ. Энэ зорилгоор “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хуулиар улс төрийн, захиргааны, төрийн тусгай ба үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн захиргаа ба төсөвт байгууллагын ажилтнуудын дунд хүйсийн квотыг анх удаа хуульчлан тогтоож, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх эрх зүйн боломж баталгааг бүрдүүллээ. Үүний зэрэгцээ  эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрийн харилцааны хүрээнд хүйсийн тэгш байдлыг хангах төрөл бүрийн арга механизмыг нарийвчлан тогтоож өгсөн нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

    Мөн “Гэр бүлийн тухай хууль”-д өргөн хүрээтэй тодотгол оруулж уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь төрөөс гэр бүл, хүүхэд, өрх толгойлсон эхчүүдийн эрх ашгийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг сайжруулах, өмчлөх эрхийг хамгаалж өгснөөрөө онцлогтой. Засгийн газар олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг урамшуулах, одонтой эхчүүдийн тоог нэмэгдүүлэх болзлыг хөнгөвчлөх, эхчүүдийн үнэлэгдэхгүй байгаа хөдөлмөрийг үнэлгээтэй болгох, эмзэг бүлгийн өрхийн гишүүн бүрт хүнсний талон олгож, хүнсний үнийн өсөлтөөс хамгаалах асуудлыг шийдвэрлэж байна. Эхчүүдэд хандсан энэ мэт дэмжлэг, аливаа хөрөнгө оруулалт нь эмэгтэйчүүдээр дамжуулан гэр бүл, хүүхэд багачууд, монгол хүний болон улс орны хөгжлийн хувь заяаг шийдвэрлэхэд чиглэгдсэн давхар хөрөнгө оруулалтууд юм.

    Өрхийн болон жижиг бизнес хоршоог дэмжих санхүү, зээл батлан даалтын тодорхой хөшүүргүүд бий болгох арга механизмуудыг эрж хайх шаардлага тулгарлаа. Төр, бизнесийн байгууллагуудаас санхүүгийн үйлчилгээ авах, эмэгтэйчүүдийн үндсэн эрхийг хангах, эдийн засаг эрх зүйн орчин бүрдүүлэхийг Засгийн газар үйл ажиллагааныхаа нэг чиглэл гэж үзэж байна. Дэлхийн 40-өөд улсуудад туршлага нь дэлгэрч үр ашгаа өгч байгаа “Эмэгтэйчүүдийн банк” байгуулах танай форумын санаа сэдлийг дэмжиж ажил хэрэг болгоход МАН-ын дарга, Засгийн газрын тэргүүний хувьд санаа тавьж, дэмжин ажиллах болно.

    Өнөөдөр хүн төрлөхтний нийгмийн хөгжил дэвшлийн  нэг гол нөхцөл нь түүнд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах явдал боллоо. Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо нь тухайн нийгмийн иргэншил, соёлын хөгжлийн түвшинг илтгэх нэг үзүүлэлт болов. Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оролцуулах нь ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах, сайн засаглалыг цогцлон байгуулах зайлшгүй шаардлага мөн билээ. Тиймээс би эмэгтэйчүүдийг улс төрд олноор ороосой гэж боддог. Яагаад гэвэл та бүхний манлайлал, санаачилга нь гэр бүлийн хөгжил, хүүхдийн боловсрол хүмүүжил, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шударга ёсыг хэвшүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг.

    Шийдвэр гаргах түвшинд  болон парламентад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг манай нам санаачлан дэмжиж, одоо хэлэлцэж байгаа сонгуулийн хуулинд тодорхой санал оруулсан. Социнтерний гишүүн намын хувьд намынхаа дотоод бүтцэд эмэгтэйчүүдийн квот тогтоож, жендерийн тэгш эрхийг хангах талаар илүү бодитой ажил хэрэг өрнүүлэх болно. Бодлого боловсруулж квот тогтоох нь чухал боловч энэ нь бас эцсийн зорилго биш юм. Харин манай намын эмэгтэйчүүд эрдэм мэдлэг, нийгмийн идэвх, улс төрийн мэдрэмж, амьдрах арга чадвар, гэр бүлдээ аз жаргалыг цогцлоон бүтээх торгон ухаан, хөдөлмөрч чанараараа бусдыг манлайлан үлгэрлэж байх нь чухал юм.

    Чуулганы төлөөлөгч эмэгтэйчүүд ээ,

    Манай улсын хүн амын болон МАН-ын нийт гишүүдийн талаас илүү хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдээ төлөөлөн Та бүхэн маань улс орныхоо хөгжлийн асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хийж хэрэгжүүлэх олон бүтээлч санаачилга гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо бол Монгол Ардын Намын нэгэн гол түшиг тулгуур, манай намын нэр төр, нийгмийн ёс суртахуун, эв нэгдэл, шудрага ёсны үлгэр жишээ, энэ цаг үеийн эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог тодорхойлогч, их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн манлайлагч байгаасай гэж би хүсч байна. Та бүхэндээ итгэж байна.  

    Манлайлагч эмэгтэйчүүд Та бүхний мэдлэг боловсрол, удирдлагын хандлага, эерүү зөөлөн, эвсэг найрсаг, ухаалаг байдал өрх гэр, улс орныг маань өнгөлөг гэгээлэг болгодог. Манай намыг ч гэсэн өнгөлөг, гэгээлэг болгоход Та бүхний минь үүрэг оролцоо их ээ. Гэр бүл, улс орныхоо олон давхар ачааг үүрч эрчүүдтэй мөр зэрэгцэн намынхаа ажил хэргийн өнгө төрхийг бүтээлцэж яваа эмэгтэйчүүд Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.  

    Эцэст нь эмэгтэйчүүд Та бүгдийн мэдлэг, чадвар, туршлага, ухаалаг мэргэн санаа, эвийг эрхэмлэсэн уян хатан чанар манай намын, улс орны маань оршин тогтнол, амжилт ололтын эх суурь гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна. Манай улсын шилдэг эмэгтэй лидерүүд Та бүхний маань өрх гэр бүл, үр хүүхэд, улс орныхоо төлөө чин сэтгэлээр хичээн зүтгэдэг ажил үйлс бүхэн дэлгэрч байхыг хүсье.

                Анхаарал хандуулсанд баярлалаа.

    2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр                                   Улаанбаатар хот

  • НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

    “Нэг цонхны үйлчилгээний хэрэгжилтийн явц, үр дүн, цаашдын зорилт” сэдэвт үндэсний зөвлөлгөөн Төрийн ордоны Их танхимд 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эхэллээ. Засгийн газрын 2007 оны 264 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмж чанарыг сайжруулах, үр ашигтай хүргэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээ байгуулах дунд хугацааны хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болсон юм. Үндэсний зөвлөлгөөнөөр энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэн туршлага солилцож, “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн журмыг баталж, зөвлөмж гаргана.

    Иргэд нэг цэгийн үйлчилгээгээр хөдөлмөр, нийгмийн халамж, иргэний бүртгэл, нийгмийн даатгал, эд хөрөнгийн улсын бүртгэл, газрын харилцаа, хөдөлмөр эрхлэлт, банк, нотариат, хуулийн этгээдийн бүртгэл, гааль, татвар, бизнес, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр олон төрлийн үйлчилгээ авч байна. Ер нь Засгийн газар төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх, хүнд суртлыг багасгах, аль болох төрийн зүгээс дарамт, саад учруулахгүй байхыг чухалчилж байгаа.

    Энэ хүрээнд гэхэд л нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх, зочид буудал, жуулчин тээвэрлэлт, мал эмнэлэг, үржлийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх, барилга байгууламжийн газар сонгох, зураг төсөл зохиох, ашиглалтад оруулахад гаргах эрүүл ахуйн дүгнэлт авах гээд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай байсан 160 гаруй зөвшөөрлийн жагсаалтыг хүчингүй болгож, заримыг нь мэргэжлийн холбоодод нь шилжүүлсэн.

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд авч хэрэгжүүлсэн энэ шийдвэрийн дүнд бизнес эрхлэх зөвшөөрөл авахад учирч байсан саад, хүнд суртал эрс багасч энэ хэрээр иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа ч ихээхэн идэвхжсэн юм. Мөн үүнтэй холбогдуулан  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох 20 гаруй хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлжээ. Үндэсний зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    “Нэг цонхны үйлчилгээний хэрэгжилтийн явц, үр дүн, цаашдын зорилт”сэдэвт үндэсний зөвлөлгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдынхэлсэн үг

    Аймаг, дүүргийн удирдлагууд, төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе,

    Швейцарийн хөгжлийн агентлагийн Суурин төлөөлөгч Феликс Феллманн таныг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье,

    Бид төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, чанар, хүртээмжийг сайжруулж, түргэн шуурхай болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын хүрсэн үр дүн, ололт амжилт, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж шийдвэрлэх учиртай. Засгийн газраас иргэд, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах бодлогыг стратегийн баримт бичгүүдэд тодорхой тусгасан. Үүний нэг нь “Нэг цонхны үйлчилгээ байгуулах дунд хугацааны хөтөлбөр” юм.

    Энэ хүрээнд бүх  аймаг, дүүрэг, бүсийн төвд “Нэг цонхны үйлчилгээ”-ний төв байгууллаа. Үүнийг  Засгийн газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, “Хүний аюулгүй байдлын судалгааны төв” ТББ-ын хамтын ажиллагааны үр дүнд шийдвэрлэлээ.  Өнөөгийн байдлаар Нэг Цонхны Үйлчилгээний 31 төв үйл ажиллагаа явуулж байна. Мөн туршилтын журмаар хоёр сум, хоёр хороонд “Нэг цонхны үйлчилгээний төв” байгуулагдан ажиллаж байна. Төрийн олон үйлчилгээг нэг дороос шуурхай авах боломжийг олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Швейцарийн Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.  

    Төрийн үйлчилгээг нэг цэгээс шуурхай авах боломж бүрдсэн ч гэсэн бидэнд хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд бий. Тухайлбал төрийн олон үйлчилгээг нэг дороос шуурхай чирэгдэлгүй хүргэхтэй холбогдон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, иргэдийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны технологийг өргөн ашиглах, мэдээллийн нууцлалыг хадгалсан нэгдсэн сүлжээ бий болгох, алслагдсан нутгийн иргэдэд үйлчилгээг ойртуулах зэрэг асуудал шийдлээ хүлээх боллоо.  Эдгээрийг шийдвэрлэхэд төрийн үйлчилгээг иргэдэд үр дүнтэй хүргэх ажлыг хариуцан Төр-иргэдийг холбох гүүр болон ажиллаж буй Та бүхний санал, санаачилга чухал нөлөө үзүүлнэ. Тиймээс асуудлын талаар байр сууриа чөлөөтэй илэрхийлж, шийдвэрлэх арга замыг олно гэдэгт итгэж байна.

    Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Инновацийн үйл ажиллагааны явц, үр дүн” сэдвээр УИХ-ын нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ

    Улсын Их Хурлын дэд дарга,

    Эрхэм гишүүд ээ,

    Монгол Улсын Засгийн газраас мэдлэгийн эдийн засагт шилжих, инновацийн тогтолцоог бий болгох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч мэдээлэл хийе.

    Манай улс хөдөө аж ахуй, түүхий эдэд түшиглэсэн эдийн засгаасаа аж үйлдвэржилт, мэдлэгийн эдийн засагт шилжих зорилт тавин ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн төрлүүдийг нэмэгдүүлэх, үндэсний эдийн засаг, технологийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт онцгой ач холбогдол өгч тодорхой ажлуудыг хийж байна.

    УИХ-аас баталсан Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод “мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих” зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд “Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг 2008 онд батлан хэрэгжүүлж байна. Мөн УИХ-ын 2010 оны 34-р тогтоолоор “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг тодорхой болгосон.

    “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” нь Монгол Улсад тэргүүний дэвшилтэт технологид суурилсан өндөр технологийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнд өндөр технологийн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх, тэдгээрийг дотоод, гадаадын зах зээлд борлуулах, эдийн засаг, эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичиг болсон.

    Засгийн газрын 2010 оны 173 дугаар тогтоолоор Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010-2014 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтыг баталсан. Энэ арга хэмжээний хүрээнд тэргүүлэх чиглэл, цөм технологийн төслийг эрэлт хэрэгцээтэй, цаашдаа үйлдвэрлэлд хэрэглээ болох боломжтой байхаар сонгон эхлүүлэх бэлтгэл ажлыг хийж байна. Төслийн үр дүн богино хугацаанд инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгоход чиглэгдэнэ.

    Дэлхий эдийн засгийн форумаас гаргадаг “Өрсөлдөх чадварын судалгаа”-гаар манай улс энэ жил 142 орноос 96-д орсон. Манай байрыг хойш татахад инновацийн тогтолцоотой холбоотой багц үзүүлэлт сөргөөр нөлөөлсөн. Тухайлбал, Инноваци-102, Технологийн бэлэн байдал-102, Бизнесийн боловсронгуй байдал-119, Оюуны өмчийн хамгаалалт-136, Боловсролын тогтолцооны чанар-132, Шинжлэх ухааны байгууллагуудын чанар-110, Судалгаа болон сургалтын үйлчилгээний боломж гэсэн үзүүлэлтээр 141 дүгээр байранд тус тус орсон байна.

    Харин дэлхийн банкны хүрээлэнгийн судалгаагаар мэдлэгийн эдийн засгийн индексээр 2009 онд нийт 140 орноос 78 дугаарт орсон. 2010 оны байдлаар манай улсын нийт экспортын 83.2 хувийг технологийн боловсруулалт хийгээгүй түүхий эд, технологийн агууламжгүй бүтээгдэхүүн, 15.1 хувийг хагас боловсруулсан болон нам агууламжтай бүтээгдэхүүн, 0.8 хувийг дундаж өндөр технологит бүтээгдэхүүн, 0.88 хувийг дундаж нам технологит бүтээгдэхүүн, 0.02 хувийг өндөр технологийн бүтээгдэхүүн эзэлж байна. 

    Өнөөдөр манай улсад өндөр технологи, инновацийн салбарт 10 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн сургалт, судалгааны ажил эрхэлж байна. Судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инноваци болгох зорилгоор залуу судлаачдын тэтгэлгийг 2005 оноос, докторын дараах инновацийн судалгааны тэтгэлгийг 2010 оноос жил бүр олгож эхэллээ. Өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Шинжлэх ухааны академийн Технологийн инкубатор, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хүнсний технологийн инкубатор зэрэг 10 гаруй инкубатор, технологи дамжуулах төвийг тоног төхөөрөмжөөр тоноглож үйл ажиллагааг нь эхлүүлэн цөөн тоогоор бүтээгдэхүүн үйлдвэрлэн түгээж байна.

    Засгийн газраас баталсан “Дэвшилтэт технологийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд биотехнологийн 20, нанотехнологийн 10 орчим төслийг хэрэгжүүлж, тэдгээрт 1.2 тэрбум төгрөг зарцууллаа.  Өндөр технологийн сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар ч гэсэн тодорхой арга хэмжээ авлаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хувийн хэвшилтэй хамтарсан инновацийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан ажиллаж байна. 

    Одоогийн байдлаар хэрэгжиж буй инновацийн 37 төслийн 8-ийг нь хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага хэрэгжүүлж байна.  Тэдний судалгаа боловсруулалтын ажлыг дэмжих зорилгоор сүүлийн 3 жилд нийтдээ 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгосон. Үүний үр дүнд цөөнгүй шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрч эхэллээ. Тухайлбал, “Монхимо” ХХК Тамедин, Санитол ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэн зах зээлд байр сууриа олсноос гадна энэ жилээс адууны ясаар нано кальци үйлдвэрлэн БНСУ-д экспортлож байна. 

    Мөн “Биокомбинат” УҮГ, “Монос”, “Шинэ эхлэл”, “Монэнзим”, “Висдомс Ассетс Холдингс Групп” ХХК зэрэг компаниуд өндөр технологийн үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, эдгээрээс зарим нь бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргаж эхэллээ. Инновацийн төсөл, зэхэц ажилд сүүлийн 3 жилд 3 тэрбум 871,0 сая төгрөгийг зарцуулсан нь нийт эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын зардлын 28  хувийг эзэлж байна.

    Инновацийн төслийг 2009 оноос нээлттэй зарлаж, нийт 2 тэрбум 941,3 сая төгрөгийн санхүүжилт бүхий төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн үр дүнд 40 технологи, 20 гаруй жишиг үйлдвэр, цех бий болж харьцангуй богино хугацаанд үр дүнгээ өгч эхэлж байна. Тухайлбал,

    • “Уламжлалт нийлмэл жорын найрлагад суурилсан биологийн идэвхит 21 нэрийн бэлдмэлийн эмнэл зүй, стандарт, технологийг нэвтрүүлэх” төслийн хүрээнд 11 төрлийн эм болон биологийн идэвхит бэлдмэлийг үйлдвэрлэж, Польш, ОХУ-д экспортолж байна.  
    • Малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийн чанарыг сайжруулах инновацийн төслийг Архангай, Булган, Өвөрхангай аймгуудад хэрэгжүүлж эхлүүллээ.
    • Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн гүйцэтгэсэн “Барилгын дулаалгын хонины ноосон материал үйлдвэрлэх жишиг үйлдвэр” энэ оны 9-р сард ашиглалтад орж бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүллээ. Ашиглах боломж муутай 3-р зэргийн ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэх технологийг монгол эрдэмтэд хийлээ. Дулаалгын ноосон материал нь барилгын зах зээлд эрэлт ихтэй, импортыг орлосон, экспортын чиг баримжаатай инновацийн бүтээгдэхүүн юм. 
    • Эрдэмтдийн олон жилийн хөдөлмөрөөр бий болсон Дархан 144, Дархан 34 буудайн шилмэл сортыг 2011 онд санхүүжилтээр дэмжин тариалалт хийлгэн 360 тн-ийг хураан авч, 250 тн-ийг үрийн нөөцөд хадгалсан бөгөөд 2012 оны тариалалтаас Дархан 144 сортын үр нөөцөд их хэмжээгээр бэлтгэгдэх боломж бүрдлээ.
    • Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны түншлэлээр “Монос” группийн Эм судлалын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үйлдэл бүхий Эллипин шинэ эмийн бэлдмэлийг үйлдвэрлэл болон эмчилгээнд нэвтрүүлэх” төслийн хүрээнд клиникийн 1-р шатны туршилт хийгдэж байна.
    • Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд “Үүдэл эсийн эмчилгээ” инновацийн төсөл нь 2-р төрлийн чихрийн шижинг биотехнологийн аргаар өсгөвөрлөн хүний үүдэл эсээр эмчлэх технологийг туршин нэвтрүүлж байна. Үүдэл эсийн судалгаа, эмчилгээ нь дэлхийн өндөр хөгжилтэй цөөн оронд бий болж буй дэвшилтэт технологи юм. Ингэснээр чихрийн шижин өвчнийг эмийн бус аргаар эх орондоо эмчлүүлэх нөхцөл боломж бүрдэнэ.
    • Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвд “Тарваган тахал, хуурмаг сүрьеэгийн үүсгэгчийг оношлох нян залгиур хуурайшуулах судалгаа” инновацийн төсөл 2011 оноос хэрэгжиж эхэллээ. Нутгийн омгийн тарваган тахлын нян залгиурыг  импортын бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй тул энэ ажил стратегийн ач холбогдолтой юм.
    • Техник технологийн салбарт шинэ төрлийн санах ой, зай цэнэгийн систем бүхий зөөврийн компьютер болон бусад багаж хэрэгслийг зах зээлд нийлүүлэх зорилгоор Шинжлэх ухаан технологийн их сургуульд “Чипэд суурилсан компьютерийн процессорын технологийг өргөн хэрэглээний үйлдвэрлэлд нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.
    • Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Тэжээлийн жишиг үйлдвэрлэлийн цогц шийдэл” төслийн үр дүнд өндөр уулын бүсэд жилд 80.0 -100.0 тонн багсармал холимог тэжээл бэлтгэх тэжээлийн загвар цехүүдийг байгууллаа.

    “Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-т туссан зорилт, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхэд төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтээр бий болсон мэдлэг, технологийг эдийн засгийн эргэлтэд оруулан ашиглах, эдийн засаг, санхүүгийн олон төрлийн арга хэрэгслээр дэмжих механизм, эрх зүйн зохицуулалт тодорхой бус байгаа нь хөтөлбөрийн хэрэгжилтэд саад учруулж байна.

    Тиймээс Засгийн газраас “Инновацийн тухай хууль”-ийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүдийн санаачлан боловсруулсан “Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай хууль”-ийн төсөлтэй нэгтгэн УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэхэд бэлэн боллоо.

    Энэ хуулийн төсөл батлагдсанаар инновацийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт болон төрийн дэмжлэгийн эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн механизм бүрдэнэ. Улмаар Үндэсний инновацийн тогтолцоог бий болгоход чухал алхам  болно гэж үзэж байна. Ингэснээр улс орны эдийн засаг, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарт дараах эерэг үр дагавруудыг авчирна:

    • Мэдлэг, технологийг эдийн засгийн эргэлтэд оруулж, бий болсон орлогоос эрдэм шинжилгээний ажилд хөрөнгө оруулалт хийнэ.
    • Үйлдвэрлэл, үйлчилгээнд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эдийн засгийг инновацийн чиг баримжаатай хөгжүүлнэ.
    • Шинжлэх ухаан технологи, аж үйлдвэрийн салбарыг харилцан уялдаатай, нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
    • Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд гарч, улс орны өрсөлдөх чадвар дээшилнэ.

    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д “Өндөр технологийг дэмжих хөрөнгийн санг төрийн дэмжлэгтэйгээр байгуулах” зорилтыг тусгаж 2010 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад 1,0 тэрбум төгрөгийг өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын багцад, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны нэр дээр батлагдсан боловч дээрх зорилгоор хөрөнгийг захиран зарцуулах эрх зүйн орчин тодорхой бус байгаагаас хэрэгжилтийг зохион байгуулах боломжгүй болсон.

    Үүнтэй уялдуулан цаашид төрөөс технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, өндөр технологийн компаниудыг санхүүгийн аргаар дэмжих тогтолцоог тодорхой болгох чиглэлээр холбогдох хууль, эрх зүйг боловсронгуй болгох, институцийн тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа болно. Монгол Улсад өндөр технологи, инновацийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, үйлчилгээг олон эх үүсвэрээс санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх үүрэг бүхий “Өндөр технологи, инновацийн хөрөнгө оруулалтын корпораци”-ийг байгуулан ажиллуулахаар санал боловсруулж байна. Энэхүү байгууллага нь нь эдийн засгийн онцгой ач холбогдолтой өндөр технологийн үйлдвэрлэлийн төслүүдийг санхүүжүүлэх, хөрөнгө босгох, хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.

    Манай Засгийн газар технологийн инновацийг хөгжүүлэх, нийгмийн болон төрийн үйлчилгээний инновацийн талаар тодорхой арга хэмжээ авна. Мөн хүүхэд, залуучуудын инженер технологийн сэтгэлгээг сайжруулах зорилгоор “Зохион бүтээх төв”, “Шинжлэх ухааны музей” байгуулах, төрийн өмчийн зарим их сургуулийг сургалтад суурилсан өнөөгийн тогтолцооноос судалгаа, инновацийн их сургууль болгож өргөжүүлэх, инновацийн судалгааны нэгдсэн лаборатори байгуулахад анхаарч ажиллах болно.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх ажил эхэллийн шатандаа байна. Хөтөлбөрийн хэрэгжилт хөрөнгө санхүүгийн байдлаас үүдэн зорилтот үр дүндээ хүрэхгүй удааширч буйд анхаарлаа хандуулах шаардлагатай боллоо. Ойрын ирээдүйд олон улсын хөгжлийн жишгээр инновацийн санхүүгийн тогтолцоо, дэд бүтцийг тэргүүний орнуудын жишгээр хөгжүүлэх, шинжлэх ухааны парк хэлбэрээр байгуулах асуудлыг судалж, зах зээлийн эрэлтэд нийцсэн инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана.

    Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүгдээс “Инновацийн тухай хууль”-ийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн батлах, инновацийн болон өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх үйл ажиллагаатай холбогдсон санхүүжилтийг 2012 оны улсын төсөвт тусгах талаар анхаарч ажиллахыг хүсье.

    Анхааралаа хандуулсанд баярлалаа.  

    2011 оны 11 дүгээр сар 4.              УИХ-ын чуулганы танхим

  • НҮБ-ЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН КОНЦЕРТЫГ МОНГОЛ УЛС ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     – Монголын урлагийн тоглолтын нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг –

    Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, хатагтай Бан,

    Ноён Ерөнхий Ассамблейн дарга аа, хатагтай Аль-Нассер,

    Эрхэмсэг ноёд оо,

    Хатагтай, ноёд оо,

    Энэ жилийн “НҮБ-ын өдөр”-т зориулсан концертыг хариуцан зохион байгуулах нэр хүндтэй үүрэг хүлээх завшаан тохиолдсонд Монгол Улсын Засгийн газар туйлын баяртай байна. Жил бүр 10 дугаар сарын 24-нд бид НҮБ-ын өдрийг тэмдэглэж ирсэн ба чингэснээрээ дэлхийн энэ байгууллагад итгэл дүүрэн байдгаа нотлон илэрхийлдэг билээ. Энэ үдэш Соёлын олон төрлийнтухай түгээмэл тунхаглалаар хүлээн зөвшөөрсөн хүн төрөлхтний хамтын өв болох соёлын олон төрлийг тэмдэглэх ажиллагаанд бидэнтэй хамт оролцохыг урьж байна. Соёлын олон төрлийг хамгаалан хөгжүүлэх нь ирэх жил олон улсын нийгэмлэгийн онцлон хэлэлцэх тогтвортой хөгжлийн асуудлын цөм нь юм.

    Өдгөөгөөс 50 жилийн тэртээх энэ өдөр Монгол Улс НҮБ-д 101 дэх бүрэн эрхт гишүүнээр элссэн нь манай орны хувьд түүхэн үйл явдал болсон юм. НҮБ-ын гишүүн болсноор бидэнд нийтийн сайн сайхны төлөө үйлсэд хувь нэмрээ оруулах, дэлхийн бусад улстай харилцах шинэ үүд хаалга нээгдсэн билээ. Өнгөрсөн тавин жилийн хугацаанд бидний олон талт хамтын ажиллагаа цар хүрээ, агуулгын хувьд өргөжин хөгжиж ирсэн. Хүний нөөц болон чадавхийг бэхжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн технологийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, байгалийн гамшгийн эсрэг зохистой арга хэмжээ авах зэрэгт НҮБ-ын тусламж, дэмжлэг нэн чухал байв.

    Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан-ы 2009 онд хийсэн айлчлал бидний хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгсөн билээ. Улаанбаатарт хийсэн Далайн гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Олон улсын судалгааны төвийн нээлтийн ажиллагаа, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монголын цэрэг – цэнхэр малгайтнуудын оролцоо өсөн нэмэгдсэн зэрэг нь энэхүү айлчлалын бодит үр дүн юм гэдгийг би энд онцлон тэмдэглэхийг хүсч байна.

    Монгол Улс ч өөрийн зүгээс олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг үйлсэд хувь нэмрээ оруулахад чармайлт гарган ажиллаж ирсэн билээ. Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Улс түмэн энх тайван орших эрхийн тухай Тунхаглал, олон улсын яриа хэлэлцээ явуулах зарчим, чиглэлүүд, зэвсэг хураах долоо хоногийг жил бүр тэмдэглэж байх тухай, Бичигтэн болох НҮБ-ын 10 жилийг зарлах тухай болон хоршоолол, хөдөөгийн эмэгтэйчүүд, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар холбогдох тогтоолуудыг баталж гаргасныг тэмдэглэхдээ баяртай байна.

    Энэ үдшийн урлагийн тоглолт нь дэлхийн улс түмний соёл өөр хоорондоо ялгаатай, өвөрмөц онцлогтой хэдий ч хүн төрөлхтөн бол нэгэн гэр бүл юм гэдгийг онцлон харуулахад бидний зүгээс оруулах бас нэгэн өчүүхэн хувь хандив юм. ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний соёлын жагсаалтад орсон соёл, урлагийн хэд хэдэн гайхамшигт бүтээлээр дамжуулан Та бүхэн манай үндэсний уламжлалт соёлын онцлогоос мэдэрч таална гэдэгт найдаж байна. Эдгээрт байгалийн хөг аялгууг шингээж, нүүдэлчдийн амьдралын хэв маяг, өргөн уудам тал нутаг, ногоон бэлчээрийг дүрслэн илэрхийлэх хөгжим, урлагийн илэрхийлэлийн өвөрмөц хэлбэр болох морин хуур,  монгол уртын дуу, хөөмэй, монгол тууль, монгол биелгээ орж байгаа болно.

    Монголын үндэсний морин хуурын чуулга, Монголын ардын дуу, бүжгийн эрдмийн чуулгын олон улсад нэрд гарсан жүжигчдийн эрч хүч, сэтгэлийн дуудлага нь та бидэнд өөр өөрсдийн өвөрмөц онцлогийг хүмүүнлэг үзэл санааг түгээн дэлгэрүүлэх бас нэгэн давуу тал болгох талаар эргэцүүлэн бодох боломж олгоно гэдэгт би итгэж байна.  

                Та бүхэнд энэ үдшийг таалан өнгөрүүлэхийг хүсэн ерөөе. Баярлалаа.

  • ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД “АНХНЫ ТАВАН ЯАМ-100” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОЖ ХЭЛСЭН ҮГ

    Эрхэм хүндэт нийслэлчүүд, ард иргэд ээ!

    Өдөрлөг зохион байгуулж байгаа Төрийн албан хаагчд аа !

    Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая.

    Монголчууд бид Төв Азид нүүдэлчдийн анхны эзэнт улсыг байгуулан хүн төрөлхтний түүхийн олон үйл явдалд оройлон оролцож байсан бөгөөд улмаар хүмүүний ертөнцөд  Их улс, Эзэнт гүрнийг бий болгож, дэлхийд  нэр алдраа түгээн гайхамшигтай ололт амжилт олж,  хоёр зууныг өөрсдийн монгол гэсэн нэрээр овоглуулж чадсан бахархам үйлстэй, ховорхон хувь ерөөлтэй,тэнгэр заяатай нүүдэлчин ард түмэн билээ.

    XIII зуунд Чингис хаан бүх эсгий туургатнаа нэгтгэн Их Монгол Улсаа байгуулж, монгол хүний эр зориг, тэсвэр тэвчээр, хатуужил, алсын хараа, холын бодлого, уужим ухаан, ид хавын гайхамшгийг дэлхийн хүн ардад тод томруун харуулж чадсанаараа мянган жилийн түүхэн хүн, дэлхийн шилдэг удирдагчийн нэг болж чадсан билээ.

    Гэвч Та бид буурал түүхийнхээ турш дандаа өөдлөн мандан бадарч явсангүй. Харин алдаж оносон, сургамж, сэрэмж агуулсан намтар түүх бидэнд бас бий. Тухайн цагтаа их улсуудыг байгуулж, дэлхийг эзэгнэж байсан монголчууд өвөр зуураа эе эв алдарч, бутран сарниж, харь гүрний эрхшээлд хоёр зууныг өнгөрөөсөн болов ч  түүхээс устаж, бас бусдад уусаж үгүй болсонгүй. Их эзэнт улсын задралаас хойш хагас мянга гаруй жилийн хүнд бэрх, гачигдал зовлонг хангалттай амсч, түүнийгдаван туулсаар ХХ зууны эхээр түүхийн тавцнаа дахин гарч ирсэн түүхтэй.

    ХХ зуунд Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих чухалүйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгалын бодит хөрс болсон гэж үздэг.

    Түүх сөхөж үзвэл 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргажээ.

    Ингэж Монгол улсын тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарласан түүхт үйл явдлыг дурсаж, “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Ерөнхийлөгчийн 2008 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 399 дүгээр зарлиг гарч уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн юм. Ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжүүлэх үүднээс өнгөрсөн хугацаанд Засгийн газар багагүй ажлуудыг зохион байгуулав.

    Тухайлбал, Засгийн газрын 180 дугаар тогтоолоор байгуулагдсан “Үндэсний хороо” нь Үндэсний эрх чөлөөний хувьсгал хийгээд Монгол Улсын шинэ үеийн Төрийн албаны түүхэнд холбогдох сурталчилгааг эрчимтэй явуулах, түүхийн дурсгал, соёлын өвийг сэргээн засварлах,ном, зохиолтуурвих,  бодит баримтад тулгуурлан телевизийн цуврал нэвтрүүлэг явуулах, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, симпозиум зохион байгуулах, шуудангийн марк гаргах, анхдагч хэргийг бүтээсэн түүхэн хүмүүсийн намтар түүхийг дахин судалж, тэдний гавъяа зүтгэлийг түүхэнд бодитойгоор үнэлэх зэрэг олон бүтээлч ажилд анхаарлаа хандуулж байгаа дурдъя.

    Өнөөдөр Монгол төрийн анхны таван яам Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч  яам, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамдын үргэлжлэл болох ардчилсан Монгол Улсын ЗГХЭГ, ГХЯ, БХЯ, СЯ, ХЗДХЯ-дын 100 жилийн ой тохиож, “Анхны таван яам – 100” сэдэвт нээлттэй өдөрлөгт Ерөнхий сайдын хувьд уригдан оролцож байгаадаа баяртай байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу 2007 оноос эхлэн манай төв, орон нутгийн төрийн байгууллагууд иргэдэдээ үйлчлэх, тэдний санал бодлыг сонсох нээлттэй өдөр зохиох ажил хэвшил болж байна. Өнгөрсөн 7 хоногт миний бие энэ талбай дээр НХХЯ, түүний системийн байгууллагаас зохион байгуулсан нээлттэй өдөрлөгт оролцож, ард иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Өдөрлөгийн үеэр олон хүн нийгмийн халамжийн төрөл бүрийн үйлчилгээнд хамрагдаж, мэдлэг, мэдээлэл авч, ажлын байр, цалин, тэтгэвэр тэтгэмж болон бусад олон асуудлаар илэн далангүй санал бодлоо илэрхийлсэн.

    Энэ удаагийн Монгол төрийн анхны таван яам 100 жилийн ойн хүрээнд хамтарч хийж байгаа нээлттэй өдөрлөг ч ард иргэдийнхээ санал бодлыг сонсч, тэдэнд төрийн төрөл бүрийн үйлчилгээг газар дээрээс үзүүлж, урлаг, спортын тоглолт, түүхэн замнал, өнөөгийн үйл ажиллагаагаа сурталчилсан ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. Ард иргэдийг  энэхүү нээлттэй өдөрлөгт идэвхтэй оролцох, төрийн албан хаагчдыг олон нийтэд чанартай үйлчилгээ хүргэж, тэдний санал хүсэлтийг хүлээн авахыг  уриалж байна.

    Төр, ард түмний холбоо улам батжих болтугай.

    Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

    2011 оны 10 дугаар сарын 10

  • Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг эхлүүллээ

    – Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын УИХ-ын нэгдсэн чуулганд Засгийн газраас хийж буй ажлын талаар хийсэн мэдээлэл –

    УИХ-ын дарга аа,

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, үлдэж буй хугацаанд хийх томоохон ажил, тулгамдсан зорилтын талаар байр сууриа илэрхийлье. Хамтарсан Засгийн газар дөрөв дэх жилтэйгээ золгоход цөөн сар үлдэж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийнхээ үр дүнг нэгтгэн УИХ-д болон ард иргэддээ мэдээлж, ойрын үед улс орны өмнө тулгарах сорилтуудын талаар илэн далангүй ярилцах нь цаашдын ажил хэрэгт өгөөжтэй гэж үзэж байна.

    Эрхэм гишүүд ээ,

    УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрх ашгийн тулд хамтарсан Засгийн газрыг байгуулсан билээ. УИХ, Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн цаг үе нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямралтай давхцсан нь бидэнд давхар сорилтыг тулгасан юм. УИХ-ын дэмжлэгтэйгээр санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээг яаралтай авч Олон улсын валютын сантай тохиролцож “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2008-2009 онуудад хямралыг даван туулсан.

    Ингэснээр 2010 оноос уул уурхай болон дэд бүтцийн томоохон төслүүдийг нэн даруй эхлүүлж, ХХI зууны хөгжлийн шинэ суурийг тавих, үсрэнгүй хөгжлийн хөдөлгүүрийг асаах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд хөтөлбөрийн гол үндсэн зорилтууд хэрэгжиж байна. Үүнийг гэрчлэх цөөн тоог дурдъя. Хямралын үед хасах 1.6хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 6 орчим хувьд хүрсэн. Харин энэ оны эцсээр 20 хувьд хүрэх төлөвтэй байна.

    Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн одоо 3000 орчим долларт хүрээд байна. Эдийн засгийн өсөлт тогтвортой байвал 2012 оны эцэст хөтөлбөрт дэвшүүлсэн 5000 долларт хүрэх бололцоо бүрдэнэ. Сүүлийн гурван жилд нэгдсэн төсвийн орлого 88,6 хувь, нэгдсэн төсвийн зарлага 72,9 хувьд хүрлээ. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалт тогтмол 28,6 хувиар өсч, нэгдсэн төсвийн алдагдал 42.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 50.3 хувиар, үүнээс гаалийн татварын орлого 1.6 дахин өсч 1 их наяд 23 тэрбум 312 сая төгрөгт хүрлээ.

    Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж”-ийн үйл ажиллагааг удирдах Удирдлагын багийг сонгон шалгаруулж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулан энэ оны 7 дугаар сараас ажлаа эхлээд байна. 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж 60 мянган шинэ ажлын байр бий болгох зорилтын биелэлт 90 хувьтай байна. Оны эхний 3 улирлын байдлаар 54.7 мянган ажлын шинэ байр бий боллоо. Дэлхийн банкны судалгаагаар хоёрдугаар улиралд Монгол Улсын хөдөлмөрийн чадвартай  иргэдийн дунд нийт ажилгүйчүүдийн эзлэх хувь 8.7 хувь хүртэл буурсан. Ажилгүйчүүдийн хувь хэмжээ нэг оронтой тоонд орсон нь манай өнгөрсөн олон жилүүдийн үзүүлэлт, бусад орнуудын үзүүлэлттэй харьцуулахад чамлахааргүй амжилт юм.   

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс тогтмол явуулдаг судалгааны дүнгээр    Монгол Улс дэлхийд хүний хөгжлийн индексээрээ дундаж үзүүлэлттэй орны тоонд нэгэнт багтжээ. 5 жилийн өмнө хүний хөгжлөөрөө дэлхийн болон номхон далай, зүүн азийн бүс нутгийн орнуудын дундаж индексээс доогуур явсан манай улс дэлхийн дундажтай адил түвшинд хүрлээ. Ялангуяа сүүлийн 3 жилд Монгол Улсын хүний хөгжлийн үзүүлэлт урьд өмнө байгаагүй эрчимтэй өслөө.

    Хүний хөгжлийн үндсэн үзүүлэлт нь эдийн засгийн орлогоос гадна эрүүл мэнд, боловсролын салбарын үзүүлэлт байдаг. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсний үр дүнд 2008-2011 онд улсын хэмжээнд эмнэлэг, эрүүл мэндийг дэмжих 27 төвийг шинээр барилаа. Хөдөө орон нутагт 31 сумын эмнэлэг ашиглалтад орж, 23 сумын эмнэлэг баригдаж байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад олгох санхүүжилтийг гурав дахин нэмэгдүүлсэн нь урьд өмнө нь хийгдэж байгаагүй бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт боллоо.

    Бүх иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах нөхцөлийг бүрдүүллээ. Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийг даатгуулахад зориулж “Хүний хөгжил сан”-гаас 9.3 тэрбум төгрөг зарцуулсан. Даатгалтай иргэн оношлогоо, шинжилгээ, эмчилгээ сувилгаа хийлгэхэд даатгалын сангаас нэг сая төгрөг хүртэл санхүүжилт авах боломжийг хуульчилж өглөө.

    Боловсролын салбарт бүтцийн томоохон ахиц дэвшил гарч байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг Кембрижийн олон улсын ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртэй уялдуулан шинэчлэн боловсруулах, шинэчилсэн стандарт, хөтөлбөрийг туршиж эхэлсэн. Боловсролын салбарт олон улсын стандартыг нэвтрүүлэхэд багш нар гол үүрэг гүйцэтгэх учиртай. Тиймээс багш нарыг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, багш бэлтгэх сургуулийн сургалтын агуулга, хөтөлбөрийг өөрчлөн шинэчлэх, чанаржуулах цогц арга хэмжээг авч байна.

    Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэх шийдвэр гаргаж, нийт их, дээд сургуулийн тоог бууруулах, чанарыг нэмэгдүүлэх арга хэмжээний дүнд өнөөдөр их, дээд сургуулийн тоо 42 оос 14 хүртэл цөөрсөн. Өнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургуулийн оюутнуудад “Хүний хөгжил сан”-гаас 500.000 төгрөгийн тэтгэлэг олгож эхэлсэн. Энэ хичээлийн жилд өдөр, орой, эчнээ ангид суралцаж буй 170.000 гаруй оюутанд тэтгэлэгийг олгохоор боллоо. Ирэх оноос эхлэн оюутан бүрт сар тутам 70.000 төгрөг олгохоор УИХ-аас гаргасан шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлэх болно.    

    Засгийн газрын хөтөлбөрт туссан нийгмийн салбарын зорилгууд, нэн түрүүнд иргэн бүрт 1,5 сая төгрөг хүртээх зорилтоо биелүүлэхээр ажиллаж байна. 2010 оноос “Хүний хөгжил сан”-гаас үе шаттайгаар хишиг, хувь олгож эхэлсэн. 2011 оны 8 дугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын иргэн бүрт 120,000 төгрөгийг бэлнээр,  мөн сар бүрийн 21,000 төгрөгийг олгоход нийтдээ 475,8 тэрбум төгрөг зарцууллаа. Хишиг, хувиасаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт зориулж 2,3 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын хэлтсүүдэд, 66,4 тэрбум төгрөгийг сургалтын төрийн санд шилжүүлээд байна. Ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зориулалтаар хишиг хувийг нэг удаа бөөнөөр авах хүсэлт гаргасан 9053 иргэнд 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо.

    Төрөөс үзүүлж байгаа нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлж, хязгаарлагдмал хэрэглээтэй гэж тодорхойлогдсон өрхийн насанд хүрсэн гишүүн бүрт сар болгон 10 мянга, хүүхдэд 5 мянган төгрөгийн үнийн дүн бүхий хүнсний талоныг 2011 оноос эхлэн олгох замаар ард иргэдээ хүнсний үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээ авч байна.

    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

    Дээр дурдсан ахиц дэвшил нь Монгол төрийн бүх институциуд өнгөрсөн хугацаанд эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг эхлүүлэхийн төлөө эрч хүчтэй, ухарч хазайхгүйгээр хамтран ажилласны үр дүн юм. Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, барилга, санхүү, үйлчилгээ бүх салбарт мэдэгдэхүйц өсөлт, ахиц дэвшил гарсны ачаар эдийн засаг тэлж, ажилгүйдэл буурч, иргэдийн болон төсвийн орлого ашиг нэмэгдэж байгаа нь бодитоор мэдрэгдэж байна.

    Эдийн засгийн өсөлтийг хангаж, нийгмийн салбарын зорилтыг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа нь стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн, төмөр зам, авто зам, шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийг баталж эхлүүлсний үр дүн гэдгийг онцлон хэлье. Үүний эхнийх нь Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, төслийг хэрэгжүүлж эхэлсэн явдал мөн. Одоо уг төслийн бүтээн байгуулалтын ажил 50 хувьдаа хүрээд байгаа нь сайн мэдээний нэг билээ.

    Оюутолгой төслийн барилга, бүтээн байгуулалтад шууд болон гэрээт хэлбэрээр нийтдээ 11,000 гаруй монголчууд өнөөдрийн байдлаар оролцож байгаа бөгөөд энэ оны сүүлч гэхэд ил уурхайд 600 орчим хүн ажлын байртай болохоор байна.Төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжин үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа эхлэх үед нийт ажилчдын 90 гаруй хувь буюу 3500 гаруй монголчууд байнгын ажлын байраар хангагдах болно. Оюутолгой төслийн хүрээнд ажил үйлчилгээ гүйцэтгэж, бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг Монгол Улсад бүртгэлтэй нийт 2500 гаруй аж ахуйн нэгжүүд төслийн үйл ажиллагаанд оролцож байна. Зөвхөн энэ онд гэхэд 240 гаруй сая ам.долларын ажил, үйлчилгээг гүйцэтгэхээр байна. Оюутолгой төслөөс Монголын талын олох нийт 29.1 тэрбум ам.долларын 19.2 тэрбум ам.долларын орлого нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх татварын орлогоос бүрдэнэ. Оюутолгойн төслийн нийт ашгийн 59 хувийг татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг хэлбэрээр Монгол Улс авна.  

    Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдснаар зэс, алтны энэхүү арвин нөөцийг ашиглаж Монгол Улс эдийн засгийн эрчимтэй хөгжлийн шинэ шатанд гарсан билээ. Олон улсын хэмжээнд ч Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой гэрээ болсныг үгүйсгэх аргагүй юм. Цаашид энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр удахгүй дэлхийн санхүү, эдийн засагт нүүрлэж болзошгүй байгаа санхүүгийн хямралыг ч Монгол Улс эрсдэл багатайгаар даван туулах боломжтой юм.

    Оюутолгойн төслийн гэрээнүүд, үйл ажиллагаа нь бүх талаараа өө сэвгүй сайхан болсон гэж хэлэхгүй. Үүнийг ч Засгийн газар ойлгож байгаа. Энэ оны 6 дугаар сард Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл болох Эрдэнэс МГЛ-д санхүүгийн ихээхэн ашигтай зүйл заалтыг харилцан тохиролцсон. Тус төслийг удирдан авч явж буй Рио Тинто компани аливаа нэг төрийн өмчийн этгээдэд хувиа зарах шилжүүлэх тохиолдолд Монгол Улсаас бичгээр зөвшөөрөл авах гэрээг ч бас харилцан тохирсон.

    Хөрөнгө оруулалтын гэрээний зарим зүйлд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоолд дурдсаны дагуу өөрчлөлт оруулах талаар хэлэлцээ хийх байр сууриа Засгийн газар 9 сарын 23-нд илэрхийлсэн. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар хоёр талаас санал солилцож, хамтарсан мэдэгдэл өчигдөр гаргалаа. Мэдэгдэлд “Хөрөнгө оруулалтын гэрээний 15.30-д “Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасан. Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээний энэхүү зүйлд заасан эрхийн дагуу холбогдох өөрчлөлт оруулахаар санал солилцох байр сууриа илэрхийлсэн гэж Айвенхоу Майнз, Рио Тинто компаниуд үзэж байна. Монгол Улсын Засгийн газраас илэрхийлсэн байр суурийг Айвенхоу Майнз, Рио Тинто компани хүндэтгэн үзэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг үргэлжлүүлэн дэмжиж байгааг талархан тэмдэглэж байна” гэж тэмдэглэсэн болно.

    Монгол Улс цаашид Оюутолгой төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлж ажиллах ёстой гэж Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн гишүүд нэгдмэл байр суурьтайгаар үзсэн. Ойрын хугацаанд Засгийн газраас Оюутолгой ХХК нь Монголын ханган нийлүүлэгчдийг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэн бизнесийг хөгжүүлэх санаачилгуудад үргэлжлүүлэн хөрөнгө оруулах талаар тодорхой ахиц дэвшил гаргахыг бид шахаж ажиллана. Дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулна хэмээн гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлэх ажлыг шуурхайлж, Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах чиглэлийг тууштай баримтална. Үүний зэрэгцээ Монгол Улсын иргэдийн оролцоог 90 хувиар хангах, удирдах албан тушаалд дэвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах ажлыг эрчимжүүлэх талаар хамтарч ажиллана.

    Засгийн газраас онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа бас нэг төсөл нь Тавантолгойн нүүрсний орд юм.

    УИХ-аас Тавантолгойн орд газрыг ашиглалтад оруулах хоёр тогтоол баталж, удирдамж өгсөн. Үүний дагуу уг орд газарт төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компани олборлолтоо эхэлж, төсөв, Хүний хөгжлийн санд 116 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Энэ ондоо багтаан 1 сая тонн, ирэх онд 3-4 сая тонн нүүрс экспортлох зорилт тавин ажиллаж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэнд эзэмшүүлэх ажлыг 2011 оны 3 дугаар сард хэрэгжүүлж, иргэн бүр 536 ширхэг хувьцааны эзэн болж,гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлдхувьцааг арилжихбэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

    УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд хөрөнгө оруулагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж, нэгдсэн консорциумтай хэлэлцээ хийж, дамжин өнгөрөх тээвэр, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, урьдчилгаа төлбөр зэрэг асуудлыг тохиролцох үүрэг өгсний дагуу ажиллаж байна. Цанхийн баруун хэсгийн талбайд гадаадын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах хэлэлцээр хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулан санал зөвлөмжийг авсан. Яриа хэлэлцээ үргэлжлэн явагдаж байна.

    Уул уурхайн шинэ шинэ орд ашиглалтад орж, энэ салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө нэмэгдэж байна. 2009 онд 14 уурхай, 2010 онд 12 уурхай, 2011 оны 9 сарын байдлаар 19 уурхай ашиглалтад орлоо. Эдгээр уурхайд 8700ажлын байр шинээр бий болж, уул уурхайнсалбарт нийт 50 орчим мянган хүн ажиллаж байна. Хувиараа ашигт малтмал олборлогчдын эрх зүйн орчныг бүрдүүлж, тэдгээрийг хуулийн хүрээнд ажиллаж амьдрах, улсад татвар хураамж төлж нийгмийн халамжид хамрагдах нөхцөл бололцоог бүрдүүллээ.

    Нүүрсний экспорт 2008 онд 3,9 сая тонн, 2009 онд 7,5 сая тонн, 2010 онд 15 сая тоннд хүрсэн бол 2011 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 24 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа нь 2008 оны түвшинээс 6 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2005 онд 5913 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 44,5 хувийг хамарч байсан бол үүнийг цэгцэлж 2011 оны 9 дүгээр сарын байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл 1207, хайгуулын тусгай зөвшөөрөл 2701 нийт 3908 болж, нийт нутгийн 15,3 хувийг хамарч буурсан байна.

    Хамтарсан Засгийн газар хүн амын орон сууцны хангамжийн асуудлын талаар багагүй ажлыг амжуулж “100.000 орон сууц хөтөлбөр”-ийг эхлүүлэхээр боллоо. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ард иргэдийн худалдан авалтын нөхцөл байдалд тохируулахын тулд орон сууц хөтөлбөрийн зээлийн хүүг 0.6 хувиас хэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Ингэснээр барилгын үйлдвэрлэлийн салбарын хөгжил эрчимжинэ гэж үзэж байна. 

    2011 онд Говь-Алтай аймгийн нийт 18 сум, 2 тосгон, Завхан аймгийн 24 сумаас 21 сум  найдвартай эрчим хүчээр хангагдах ажил дууслаа.

    Зам тээврийн салбарт “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д эхний үе шатанд шинээр барихаар заасан Даланзадгад-Таван толгой–Цагаан суварга, Сайншанд–Баруун-Урт–Хөөт–Чойбалсан чиглэлийн  1100 км орчим төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид олгосны дагуу хөрс хуулалтын ажил эхэллээ.

    Агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд Бойнг 767-300 нэг, Бойнг-737-800 хоёрыг авахаар төлөвлөж, “МИАТ” ХК, Бойнг компанийн хооронд худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Төрөөс иргэний нисэхийн талаар баримтлах бодлогын төслийг ойрын үед Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхболно.

    Улсын төсвийн болон дотоодын хөрөнгө оруулалтаар 2008 онд 151 км хатуу хучилттай зам, 46 км хайрган хучилттай зам, 114 уртааш метр төмөр бетон гүүр, 2009 онд 120 км хатуу хучилттай зам, 40 км хайрган хучилттай зам, 498 уртааш метр төмөр бетон гүүр, 2010 онд 420 км хатуу хучилттай зам, 76 км хайрган хучилттай зам, 647 уртааш метр төмөр бетон гүүр барьж хүлээн авч ашиглаж байна. Харин 2011 онд 211 уртааш метр төмөр бетон гүүр барьж ашиглалтад орууллаа.

    Улсын хэмжээнд 2008 онд 5575 айлын орон сууц ашиглалтад орж байсан бол, 2009 онд 8314 айлын орон сууц, 2010 онд 11856 айлын орон сууц, 2011 оны эхний хагас жилийн байдлаар 6040 айлын орон сууц ашиглалтад оруулаад байна. Барилгын материалын 11 төрлийн 29 үйлдвэр шинээр ашиглалтанд орсоноор дулаан тусгаарлах ханын материалыг 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой боллоо.

    Хүнд аж үйлдвэр, бүтээн босголтын томоохон ажлын зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийн асуудал ч бидний анхаарлын төвд байсаар ирлээ. 2011 онд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 200 орчим тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлсэн. Сум хөгжүүлэх санд 24 тэрбум, нийслэлийн дүүргүүдэд 30 тэрбум төгрөг хуваарилсны үр шим гарч олон жижиг үйлдвэрлэл, өрхийн ажил амьжиргааг тэтгэх боллоо.

    Үйлдвэржүүлэлт, их бүтээн байгуулалт, уул уурхайн салбарын хөгжлийн зэрэгцээ үндэсний эдийн засгийн голлох салбар мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэлд Засгийн газар анхаарал тавьсаар ирлээ. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийн үйлдвэрлэлийн зэрэгцээ газар тариалан, мал аж ахуйн салбараа эрчимтэй хөгжүүлж орчин үеийн эдийн засгийн өрсөлдөөнд хос морьтой явах бодлогыг баримталж байна.   

    Газар тариалангийн салбараа хөгжүүлэх, сэргээх зорилгоор “Атрын III аян”-ыг эхлүүлсний үр дүнд тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжийн тоо, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өслөө. Буудайнд анх удаа мөнгөн урамшуулал олгох эрх зүйн үндсийг бүрдүүлснээр өнгөрсөн хугацаанд тариаланчдад 36.4 тэрбум төгрөгийн  урамшуулал олголоо. Хэрэгцээт үрээ 100 хувь дотоодоосоо хангах боломжийг бүрдүүлснээс гадна энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 427.0 мянган тонн үр тариа, үүнээс 419.1 мянган тонн буудай, 174.3 мянган тонн төмс, 90.5 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар байна. Ингэснээр жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах боломж боллоо. Ийнхүү газар тариалангийн салбар маань амжилт, ургац арвинтай байна. Цаашид ч энэ салбарын хөгжил бүрэн хангагдаж, хүнсний аюулгүй үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх бодлогыг эрчимжүүлэх болно.

    Мал аж ахуйн салбарын хөгжилд ч ихээхэн анхаарч “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг УИХ-аар батлан гаргасан. Үр дүнд нь тус салбарт зарцуулах төсвийн хөрөнгийг энэ оноос хоёрдахин нэмэгдүүллээ. Энэ жил малчдынхаа хөдөлмөрийн үр дүнд улсын хэмжээнд хамгийн олон төл хүлээн авлаа. Ирэх жил мал аж ахуйн бодлогыг эрчимжүүлснээр монгол улс түүхэндээ байгаагүй хамгийн олон малтай болох боломж нөхцөл бүрдүүллээ.

    Энэ зорилтод хүрэхийн тулд 2011 оноос эхлэн гурван жилийн хугацаанд бүх мал сүргийг төрийн зардлаар вакцинжуулалт, туулга, угаалганд бүрэн хамруулахаар арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүллээ. Ингэснээр мал сүргээ өвчлөлөөс сэргийлэх, монгол малын махыг гадаад зах зээлд гаргах, малчдынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх бодит боломж бүрдэнэ гэж үзэж байна.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойшхи хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тоймлон дурдахад ийм байна. Эдгээр ажлууд нь Ерөнхийлөгч, УИХ, хамтарсан Засгийн газрын хамтын ажиллагааны үр дүн билээ. Цаашид бидэнд хийж хэрэгжүүлэх, мөрийн хөтөлбөрийн дутуу заалтуудыг гүйцээх, ард түмнийхээ өмнө амласнаа ажил хэрэг болгох асуудал чухал зорилт хэвээр байна. Эдгээрийг бид улс эх орны нийтлэг эрх ашиг, ард түмний итгэл хүлээлт, хамтын ажиллагаа, бие биесээ харилцан хүндэтгэх хандлагад тулгуурлан хийж хэрэгжүүлнэ. Бидэнд эхэлснээ дуусгах, амалснаа ажил хэрэг болгох цаг хугацаа харьцангуй бага үлдлээ.

    Сүүлийн үед дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, одоо бүр хүнд сорилтын өмнө ирээд байна. Шинэ хямрал, шинэ бэрхшээл тулгарч болзошгүй тухай эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс мэдэгдэж байна. Европын зарим орноос эхэлсэн санхүүгийн хямрал өргөжиж, дэлхийн томоохон эдийн засгуудын өсөлт удаашрах магадлал улам нэмэгдэж байгааг Олон Улсын Валютын Сангийн албан тушаалтнууд энэ долоо хоногт албан ёсоор мэдэгдлээ. Энэ удаагийн хямрал бүр урт хугацаатай байж болох тухай ч зарим эдийн засагчид, эрдэмтэд онцолж байна.

    Ийм эгзэгтэй үед Монгол Улс дахин тулгарч буй давхар сорилтыг яаж давах вэ? Дөнгөж эхлээд байгаа үсрэнгүй хөгжлөө хэрхэн хадгалахын зэрэгцээ хүний хөгжлийн үзүүлэлтээрээ ойрын 10 жилд хэрхэн өндөр үзүүлэлттэй орны жагсаалтад багтах вэ? зэрэг томоохон сорилт, зорилт бидний өмнө чухлаар тавигдаж байна. Эдийн засгийн өсөлтийн үр дүнд бий болох хөрөнгө оруулалт, шинэ ажлын байр нь ядуурлыг бууруулах үндсэн түлхүүр юм. Эдийн засгийн тааламжтай хийгээд өрсөлдөх чадвартай орчинтой байж хөрөнгө ордог, хөрөнгө орж байж сая эдийн засаг өсдөг, эдийн засаг өсч байж шинэ ажлын байрууд бий болдог, ажлын байр бий болж байж ядуурал буурдаг гинжин урвалтай гэдгийг бүгд хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Үүнийг тасалдуулбал эдийн засаг тэр чигтээ гажна.

    Дан ганц төсвийн хөрөнгө оруулалтаар хол явахгүй, төр өөрөө эдийн засгийн өсөлтөөс татвараар цуглуулж буй орлогыг төсвийн хөрөнгө оруулалт болгон зарцуулдаг. Төсвийн хуримтлал угаасаа хязгаарлагдмал шинж чанартай, зээлжих боломж ч бас өөрийн гэсэн төгсгөлтэй байдаг гэдгийг бидэнд Европын тэр дундаа Грекийн жишээ тод харуулж байна.

    Тийм учраас эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, үсрэнгүй хөгжлийн замаасаа ухрахгүй байх ганц арга бол өөрийн давуу талыг ашигласан хөрөнгө оруулалт, бүтээмжийг урамшуулсан  өрсөлдөх чадвартай, тогтвортой өсөлттэй эдийн засаг юм. Энэ үзэл баримтлалаа бид хатуу баримталж чадвал давхар сорилтыг даван туулнаа. Бодлогын хувьд юуны өмнө бид нэгэнт эхлүүлсэн Оюутолгой, Тавантолгой төслүүдээ бүрэн ашиглалтад оруулах, бусад уул уурхайн төслүүдийг эхлүүлэх зайлшгүй шаардлага бий гэж үзэж байна.

    Цаашид хоёр толгойгоос илүү анхаарах ёстой асуудал бол үйлдвэржүүлэлт, боловсруулах үйлдвэрийн асуудал юм. Энд юуны өмнө улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барих ажлыг төрөөс дэмжиж хэрэгжүүлнэ. Үүний тулд хамгийн оновчтой, үр ашигтай арга замыг сонгож, төрөөс бүтээгдэхүүн борлуулалтын нөхцөлийг баталгаажуулж, хөрөнгө оруулалтын боломжийг бүрдүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хэлбэрээр шийдэх зорилт дэвшүүлж байна.

    “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, “Шинэ төмөр зам”, Дархан, Сэлэнгийн бүсэд орших төмрийн хүдрийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг их бүтээн байгуулалтын нэн том төслүүдийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан ажлыг эхлүүлээд байна. Мөн эх орондоо нефтийн үйлдвэр барих шийдвэр гаргаад байна. Эдгээр шийдвэрээ бодит ажил болгох болно.

    ОХУ-тай Улаанбаатар төмөр замыг байгуулсан 1949 оны хэлэлцээрийн асуудлаар идэвхтэй яриа хэлцэл өрнүүлж, Монголын талын хөрөнгийг 51 хувь байхаар зарчим баримталж хэлэлцээрийг явуулж байна. Улаанбаатар төмөр замын дүрмийн санг 250.0 сая ам. доллараар нэмэгдүүлэх шийдвэрийн дагуу 2012 оны улсын төсвийн төсөлд монголын талын 125.0 сая ам.долларыг тусгаад байна. Хөдөө аж ахуйн салбарт “Атрын III аян”-ыг үргэлжүүлэн хэрэгжүүлж, хүн амыг эх орны эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангаж, импортын хараат бус байдлаас гарна. “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд мал аж ахуйн үйлдвэрлэлийг  шинэ шатанд гаргэж, экспортын чиглэлтэй болгоно. 

    Дулааны Vцахилгаан станц, Говийн бүсийн эрчим хүчний эх үүсвэр, төмөр зам, аймгуудыг холбосон хатуу хучилттай авто замуудыг барьж байгуулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих талаар Засгийн газар идэвхитэй ажиллана. Өнгөрсөн хугацаанд бид цалин тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмсэн. Ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2 удаа нийтдээ 50 гаруй хувиар нэмэхээр төлөвлөөд байна. Ингэснээр цалин 2008 оны түвшингээс дунджаар 2 дахин түүнээс илүү хэмжээгээр өсгөх боломж бүрдэнэ. Тэтгэвэр ч мөн адил өснө.

    Ирэх онд Хүний хөгжлийн сангийн арга хэмжээгээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгохоор тооцсон. Харин бусад хүмүүст 1 сая төгрөгийг олгох эх үүсвэрийг бүрдүүлж, сонголт бүхий хэлбэрээр олгохоор төлөвлөж байна. Энэ бүх зорилтоо биелүүлэхийн тулд 2012 оны төсвийг ард түмэндээ амласнаа биелүүлэх, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх хөгжлийн төсөв болгохоор Засгийн газар бодож, төлөвлөж УИХ-д өргөн барьсан.

    Тиймээс Засгийн газраас явуулж байгаа эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааг  хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэх хууль, тогтоомжийн төслүүд шийдвэрлэх үүрэгтэй тул Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүд анхаарлаа хандуулж, дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.

    Анхаарлаа хандуулсанд баярлалаа

    2011 оны 10 дугаар сар 7. УИХ-ын чуулганы танхим

  • Бүртгэл, санхүү, эдийн засгийн салбарынхан чуулж байна

    Бүртгэл, санхүү, эдийн засгийн салбарынхан чуулж байнаБүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын 5 дугаар зөвлөлгөөн 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн ордоны Их танхимд эхэллээ. Нэгдсэн хуралдаанд Сангийн сайд С.Баярцогт “Монгол Улсын санхүү, эдийн засгийн хөгжил, сорилт, шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж, салбар хуралдаануудаар Макро эдийн засгийн тогтвортой байдал, тулгарч буй эрсдэлүүд, Банк, санхүүгийн тогтолцоо, хөгжлийн чиг хандлага, Сайн засаглал-нягтлан бодох бүртгэл, хяналт, Төсөв, төрийн сангийн шинэчлэлийн талаар хэлэлцэн зөвлөмж гаргах юм. Улсын 5 дугаар зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны V зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

    Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны V зөвлөлгөөнд  оролцогчид оо,

    Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

    Монгол Улсынхаа санхүү эдийн засгийн салбарт хичээл зүтгэл гарган ажиллаж ирсэн Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

    Манай хамтарсан Засгийн газар улс орныхоо эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж ирлээ. Ялангуяа уул уурхайн салбарын төслүүдийг эхлүүлэх, их бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр олон санаачилга гарган ажил хэрэг болгож байна.

    Moнгол Улсын эдийн засгийн анхдугаар чуулга уулзалтаар Хөрөнгийн зах зээл, Өрсөлдөх чадвар, Улсын бүртгэлийн шинэчлэл, Төсвийн шинэтгэл, Уул уурхай, Ногоон эдийнзасаг зэрэг улс орны хөгжилтэй холбоотой асуудлаар олон талын оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой шийдэлд хүрсэн нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал “Бизнесийн орчныг шинэчлэх жил”-ийн хүрээнд олон ажил хийж, шинэ боломжуудыг нэмэгдүүллээ. Олон улсын хөрөнгийн зах зээлд Монголын компаниуд хөл тавьж эхэлсэн нь үүний нэг илрэл юм.Монголчууд өөрсдийнхөө газар нутагт эзэн байж, түүнийхээ үр шимийг нийт олноор хүртдэг тийм цаг ирж байна. Үүнийг дагаад олон улсын жишигт нийцсэн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар ч бид томоохон өөрчлөлт хийлээ. Төсвийн шинэчлэлийн хүрээнд “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийг Улсын Их Хурлаар баталлаа.

    Эдийн засгийн бодит өсөлтийг 2011 онд 10.8 орчим хувь байхаар төсөөлж байсан. Гэвч  2011 оны эхний хагасын байдлаар эдийн засгийн бодит өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувьд хүрсэн нь ойрын жилүүдэд ажиглагдаагүй өндөр өсөлт гэдгийг санхүүгийн салбарын төлөөлөл Та бүхэн сайн ойлгож байгаа. Улсын нэгдсэн төсвийн орлого болон тусламжийн хэмжээ 2011 оны эхний 8сард 2,757.0тэрбум төгрөг боллоо. Харин зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2,530.0тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийнтэнцвэржүүлсэн нийт тэнцэл 186.3тэрбум төгрөгийн ашигтай байна.

    Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр, Монгол Улсын эдийн засаг 2011 онд 12.0хувь, үүнээс уул уурхайн салбар 8.0 хувиар, бусад салбар 12.9 хувиар өсөхөөр байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар дамжин эдийн засгийн бусад салбарын өсөлт нэмэгдэж эхэллээ. Харин эдийн засгийн энэ өсөлтийг иргэн бүртээ хүргэх талаар Засгийн газар ихээхэн анхаарч ажиллах болно.

    Улс орны нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүдээр илэрхийлэгдсэн Монгол Улсын байр суурь олон улсын тавцанд улам дээшиллээ. Тухайлбал аж ахуй, бизнес эрхлэх боломж нөхцөл, татварын ачаалал, татвар төлөлт, гадаад худалдаа, хөрөнгийн бүртгэл, ажил эрхлэх боломж зэрэг олон шалгуур үзүүлэлтийг багтаасан Бизнесийн орчны өрсөлдөх чадварын үзүүлэлтээр манай улс 2010 онд 139 орноос 99 дүгээр байрт орсон нь багагүй амжилт билээ. Энэ амжилт ололтоо бататгах, ахиулах нь бидний цаашдийн бодлого үйл ажиллагаанаас шууд шалтгаалах болно.  

    Эдийн засаг өсч, төсвийн орлого, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаагийн үр дүнд их бүтээн байгуулалтыг эхлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх,  хүүхэд залуусын сурч боловсрох орчинг сайжруулах, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх эдийн засгийн баттай үндэс суурь амжилттай тавигдаж байна.

    Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд бүртгэл, санхүү,  эдийн засгийн тэргүүний ажилтнуудын бүтээлч санаачлага, шинэ сэтгэлгээ, зоримог үйл ажиллагаа, нөр их хөдөлмөр, бүтээлч оролцоо голлох үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсч байна. Бүртгэл, санхүү гэдэг ойлголт зөвхөн өнөөгийн байгаа хөрөнгө мөнгийг бүртгэж данслах, хамгаалахаар хязгаарлагдахаа байсан. Харин төрийн болон хувийн хөрөнгө мөнгийг зохистой зарцуулах, санхүүгийн олон төрлийн шинэ арга хэрэгслийг ашиглан зүй зохистой байршуулах, өсгөн арвижуулах, аливаа эрсдэлээс хамгаалж байх нь Та бүхний үйл ажиллагааны  үндсэн зорилт болох учиртай.

    Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас тавьж байгаа нийтлэг шаардлага, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлын үзүүлэлтийг хангаж ажиллах, өөрийн улсын хөгжлийн түвшинд нийцсэн санхүүгийн  тогтвортой байдлыг мөрдөж ажиллах нь чухал гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Бид эдийн засаг, хөгжлийнхөө бодлогыг зөв зүйтэй  хэрэгжүүлснээр  бага орлоготой улс орны эгнээнээс дунд орлоготой орнуудын эгнээнд багтаж орох цаг хугацаа ойрхон боллоо. Бас тийм боломж, сорилт бидний өмнө тавигдаж байна. Үүнийг бид хамтдаа даван туулж чадна.  

    Бүртгэл, санхүү эдийн засгийн тэргүүний ажилтнууд Та бүхэн тулгамдсан асуудлуудынхаа шийдлийг ярилцаж, үзэл бодол байр сууриа чөлөөтэй илэрхийлж, Улсын зөвлөлгөөнөө амжилттай өндөрлөнө гэдэгт итгэж байна. Улс Монголын маань эдийн засаг, санхүүгийн салбар өргөжин тэлж, өсөн нэмэгдэхийг ерөөж, зөвлөлгөөнд амжилт хүсье.