Ангилал: хэлсэн-үг

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн”-д хэлсэн үг

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн”-д хэлсэн үг Монгол эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн иржэнэхүү зөвлөлгөөнд оролцож байгаа малын эмч, мэргэжилтэн, малчид, төлөөлөгчид өө,

    Та бүхэндээ Засгийн газрын өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Өнөөдрийн энэхүү зөвлөлгөөн нь цаг үеийн шаардлага, нийгмийн хөгжлийн хэрэгцээ, монголчуудын маань язгуур эрх ашгаас үүдэлтэйг нэн түрүүнд цохон тэмдэглэж хэлье.

    Эдүгээ Монголын эрдэс баялаг, түүхий эдийн талаархи тив, дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, зөвлөлгөөн ар араасаа болж байна. Энэ нь цаг үеийн маань өнгө төрх, хэрэгцээ, бодит шаардлагаас урган гарч байгаа юм. Тиймээс ч Монгол Улс дэлхий дахины анхаарлыг татаж байна. Хөрөнгийн урсгал уул уурхай, аж үйлдвэрлэл рүү чиглэлээ. Үүнийг дагаад ажиллах хүч хийгээд хүн амын шилжилт хөдөлгөөн энэ зүг хошуурах боллоо. Энэ буруу зүйл биш ээ.

    Гэхдээ бид ганцхан уул уурхай гээд уламжлалт эдийн засгийн үндэс суурь болсон мал аж ахуйн бодлогоо орхигдуулж, цалгардуулж болохгүй ээ. Ингэвэл “Уулын буга хараад унасан морио мартав” гэгчээр эцэстээ буга ч үгүй, морь ч үгүй болж хоосроно. Ийм байдалд орохгүйн тулд байгалийн баялагаасаа ч, мал аж ахуйгаасаа ч ашиг олж, дэлхий дахины эдийн засгийн өрсөлдөөнд хос морьтой явах боломж бидэнд байна. Өнөөдрийн энэ зөвлөлгөөн ийм боломжийн нэгийг онцлон хэлэлцэж, мал аж ахуйн салбараа хөгжүүлэх ач холбогдол, арга замын тухай ярилцахад оршино. “Мал, хэл, хил гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян” гэсэн монгол найрагчийн омгорхол, бахархал, анхааруулга, сануулга, уриалга, дуудлага нь энэ чуулганы зорилго чиглэл, үзэл санааг товчоор илэрхийлнэ.

    Олон зуун жилийн байгалийн шалгарлыг даван туулсан манай мал сүрэг нь эдийн засгийн суурь, ард түмний амьжиргааны гол эх үүсвэр, баталгаа нь болж ирсэн. Мөн улс орны Дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод тодорхой байр суурийг эзэлдэг билээ. Тийм ч учраас бид мал сүргээ эх орны шавхагдашгүй баялаг, “Таван эрдэнэ” хэмээн тодотгож байна. Үндэсний баялаг болсон мал сүрэгтээ онцгой анхаарч, мал аж ахуйн үйлдвэрлэлээ эдийн засгийн үр ашигтай, өрсөлдөх чадвартай салбар болгоход нь төрийн төдийгүй та бүхний үүрэг, оролцоо ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.  

    Мал аж ахуйг хөгжүүлж, улс орныхоо эдийн засгийн голлох салбар болгох бодлогыг манай улс тууштай хэрэгжүүлэх ёстой. Энэ нь стратегийн орд газруудыг ашиглахаас дутуугүй ач холбогдолтой, алсыг харсан шийдвэр юм. Стратегийн ач холбогдолтой салбар чиглэл гэдгийг төр, засаг нь бодлогодоо тусгаж, түмэн олон нь ойлгон дэмжиж ажиллах цаг ирсэн.

    Энэ зорилгоор манай Засгийн газар эдийн засгийг олон тулгуурт салбараар хөгжүүлэх бодлого баримталж байгаагийн дотор хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжсэн олон чухал арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ. Үүний нэг илрэл нь “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг УИХ-аар батлан гаргаж, мал аж ахуйн салбарт зарцуулах төсвийн хөрөнгийг энэ оноос эхлэн хоёрдахин нэмэгдүүллээ. Мөн бүх суманд Мал эмнэлэг, үржлийн тасгийг байгуулж, тэдгээрийг шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, мал аж ахуйн мэргэжилтнүүдийг давтан сургах, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх ажлуудыг эхлэн хэрэгжүүлж байна.

    Мөн энэхүү зөвлөлгөөний үеэр сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн албан хэрэгцээнд хэрэглэх унаа машины эхний ээлжийг хүлээлгэн өгөх ажил давхцаж буйг мэдэгдэхэд таатай байна. Мал сүргийн чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх хариуцлагатай үүргийг төр, засгийнхаа өмнө Та бүхэн хүлээсэн. “Хүний эмч бол хүнийг эмчилдэг. Харин малын эмч бол хүн төрөлхтний эмч байдаг” гэсэн ухаантны үгийг би санаж байна. Учир нь мал аж ахуйн салбарын хөгжлийн тулгуур болсон мал аж ахуйн мэргэжилтэнүүдээс хүнсний хангамж, түүний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн хувь заяа, цаашилбал үндэсний боловсруулах үйлдвэрүүдийн ирээдүй шууд хамааралтайг мартаж болохгүй.

    Мал эмнэлгийн ажилтнууд Та бүхний ажил үүрэг зөвхөн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын өвчин эмгэгтэй тэмцэх, эмчлэхээр хязгаарлагдахгүй. Хүн ам, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, гадаад худалдааны чөлөөт байдлыг баталгаажуулах талаар ч гэсэн үүрэг хариуцлага хүлээх учиртай. Миний бие малын эмч, мэргэжилтэн Та бүхнийг эрсдэлтэй хүнд хэцүү нөхцөлд ажилладаг гэж боддог. Та бүхэн маань хөдөөгийн хүнд хэцүү нөхцөлд, дөрвөн цагийн эргэлтэнд малыг эрүүлжүүлэх, өвчлөлийг нь бууруулах, сэргийлэх чиглэлээр ажилладаг. Энэхүү нөхцөл нь малаасаа өвчин эмгэг авахад нөлөөлж байна. Тиймээс малын эмч нарыг хүнд хөдөлмөр эрхэлдэг гэсэн ангилалд оруулах талаар тодорхой арга хэмжээ авна гэдгээ дуулгая.

    Улс хоорондын хүн, малын шилжилт хөдөлгөөн, байгаль экологийн өөрчлөлттэй уялдан сүүлийн жилүүдэд бүс нутагт хил дамжин халдварладаг гоц халдварт өвчний дэгдэлт шинээр болон дахин сэргэх, малаас хүнд дамжин халдварладаг зарим өвчний тархалт тэлэх, хүн, малын өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс эдгээр эрсдэлийг бууруулах олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай тулгарлаа. Малын өвчлөл нь малчдын амьдрал, улс орны эдийн засаг, гадаад нэр хүндэд ямар хэмжээний хохирол учруулдгийг 2010 онд зүүн аймгуудад гарсан гоц халдварт шүлхий өвчний сургамж Та бидэнд олон зүйлийг ойлгуулж өгсөн. Одоо бид ниргэсэн хойно нь хашгирах биш, ниргүүлэхгүй байх бүх нөхцөлийг бүрдүүлэх бодлого чиглэл барьж ажиллах хэрэгтэй.

    Монгол Улс хамгийн сүүлд 2004, 2005 онд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас үхрийн мялзан өвчин болон түүний халдвараас ангид эрүүл улс орны статусыг албан ёсоор тогтоолгосон. Үүнээс хойш зарим бүс нутгийг малын шүлхий өвчнөөс эрүүл статусыг тогтоож мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг тууштай нэмэгдүүлэх  бодлого чиглэл барьж байна. Малын эрүүл мэндийн бодлогын хүрээнд баруун бүс нутагт хяналтын цэгүүдийг байгуулах журмыг саяхан Засгийн газрын тогтоолоор баталсан. Тиймээс баруун бүс нутгийг малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчлөөгүй, вакцин хэрэглээгүй тайван статуст хамруулж,олон улсын түвшинд зарлах хүсэлтийг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад тавиад байна.

    Мөн зүүн бүсдэх малын шүлхийнөвчинтэй тэмцэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргийг жил бүр хамруулах, зарим нэр төрлийн вакциныг дотооддоо үйлдвэрлэхтехник, эдийн засгийн чадавхи бий болгохоор ажиллаж байна. Тухайлбал Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газрын урт хугацааны 25.0 сая ам.долларын хөнгөлөлтэй зээлээр “Биокомбинат” төрийн өмчийн үйлдвэрт техник, технологийн шинэчлэл хийж, мал эмнэлгийн ажил, үйлчилгээнд хэрэглэх эм, био бэлдмэлийн чанар, баталгаат байдлыголон улсын стандартын түвшинд  хүргэх ажлыг 2012 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болсон.

    Засгийн газар хөдөө аж ахуйн салбартаа ихээхэн анхаарч ирсний нэг илрэл нь өнөөдрөөс хэрэгжүүлж эхлүүлэх “Таван Эрдэнэ” арга хэмжээ юм. Энэхүү “Таван эрдэнэ” бодлогын хүрээнд гурван жил дараалан нийт мал сүрэгт вакцинжуулалт, угаалга, туулгалтын үнэ төлбөргүй арга хэмжээг төрөөс хариуцан хэрэгжүүлэх шийдвэрийг гаргалаа. Энэ нь “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлж байгаагийн нэгэн илрэл юм. Мөн “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль”-д заасан малын цусны шимэгчээс үүсдэг өвчин, хамуу, шимэгч хорхойтох өвчнөөс сэргийлэх зардлыг улсын төсвөөс хариуцан санхүүжүүлнэ гэсэн заалт бодит байдлаараа хэрэгжих эх суурь болж байгаа юм.

    Сүүлийн жилүүдэд энэ арга хэмжээг иргэд, малчдын нуруун дээр тохож, зөнд нь орхигдуулснаар малчдын эдийн засаг, үндэсний үйлдвэрүүдийн түүхий эд, бүтээгдэхүүний чанар, улс орны гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлж, мал аж ахуйн салбараас олох орлого, боломжийг хязгаарлаж байсан. Нэг үгээр хэлбэл, эдийн засгийн утгаараа ихээхэн алдагдал хүлээсэн. Малыг эрүүлжүүлэх ажиллагаа нь зөвхөн малд зориулсан, малчдад өгөөжтэй арга хэмжээ биш юм. Энэ бол нийт ард иргэдэд үр өгөөжөө өгөх, улс орны эдийн засгийг тэтгэх өргөн хүрээтэй бодлого шийдвэр билээ. Мал эрүүл байж хүнс эрүүл байна. Хүнс эрүүл байж хүн ам маань эрүүл байх учиртай.

    Малчид бол та бүхний ойрын туслагч, хамтрагч мөн. Малчид мэргэжилтний гар, сэтгэл нийлсэн хамтын хүчин чармайлтын үр дүнд энэ том зорилт хэрэгжиж үр дүнгээ өгнө. Бид малчин өрхийг үйлдвэрлэл эрхэлдэг нэгж, малчдыг мэргэжилтэн хэмээн хүлээн зөвшөөрч баталгаажуулж байна. Мөн энэ оноос эхлэн төрөөс мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгохын тулд мал сүргийг байршлаар нь дахин давтагдахгүй хувийн дугаараар ялган тэмдэглэх, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх гэж байна.

    Энэ ажлын эхлэл болгон өнөөдөр бид 4,5 сая малд ялган тэмдэглэгээ хийх иж бүрдэл хэрэгсэл, хуурамчаар хэвлэх боломжгүй үнэт цаас бүхий малын бүртгэлийн гэрчилгээг бүх аймаг, сум, багт хүргүүлж байна. Ингэснээр гадаад, дотоодын зах зээлд гарал үүсэл нь тодорхой малын түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэхнөхцөлийг бүрдүүлж байгаа билээ.Уг ажлыг орон нутагт шат шатны байгууллага хариуцлагатай зохион байгуулж, бүртгэлээр дамжуулан хяналт тогтоох замаар мал, түүний гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулахүүрэгтэйг зориуд анхааруулан хэлэхэд илүүдэхгүй.

    Тиймээс Улсын Их Хурал, Засгийн газраас мал ахуйнаж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг анхан, дунд шатанд ойлгож хэрэгжүүлэх, бүх шатны Засаг дарга, малын эмч мэргэжилтнүүданхаарч ажиллахыг даалгаж байна. Монгол малаас гарал үүсэл нь баталгаатай органик мах, сүү, чанартай ноос, ноолуур, арьс шир бэлтгэн эдийн засгийн эргэлтэд оруулах нь мал аж ахуйн салбарын тэргүүлэх зорилго байх ёстой. Засгийн газраас цаашид ч мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн хөгжлийг шинэ шатанд гаргах бодлогуудыг хэрэгжүүлэх болно.

    Эдгээрийг хийж хэрэгжүүлэхэд, ажил хэрэг болгоход, малчин түмэндээ ойлгуулахад малын эмч мэргэжилтнүүд Та бүхнийг гол үүрэг гүйцэтгэнэ гэж бодож өнөөдрийн энэ зөвлөлгөөнийг миний бие санаачлан хийлгэж байна. Зөвлөлгөөнөөр хэлэлцэх асуудлаар Та бүхэн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, бодлого шийдвэр тусгуулж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллана гэдэгт итгэж байна. Та бүхний хичээл зүтгэлээс Монголын шинэ хөдөөгийн хөгжил шууд шалтгаалах болно гэдгийг мартаж болохгүй.  

    Эрдэнэт сүрэг минь өсөн үржиж, ашиг шим нь арвижин дэлгэрч, ард түмэн улс орны маань амьдрал ахуй дэвжин дээшилнэ гэдэгт итгэж байна.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

    2011оны 09 дугаар сарын 17           Улаанбаатар хот

  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН БАЙГАЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН VII ЧУУЛГА УУЛЗАЛТЫН НЭЭЛТ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ

    Төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

    Хүндэт нөхөд өө,

    Хатагтай, ноёд оо,

    Ярославль хотод болсон онгоцны ослын улмаас олон хүн амь эрсдсэнд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Энд хуран цугласан Та бүхний амрыг айлтгахын ялдамд Зүүн Сибирийн төв болсон үзэсгэлэнт сайхан Эрхүү хотод урьж, Байгалийн эдийн засгийн 7 дугаар чуулга уулзалтад оролцож, үг хэлэх боломж олгосон тус уулзалтыг зохион байгуулагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа, тэр дундаа Сибирь, Алс Дорнодын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн боломж, чадавхийн талаар мэдээлэл, санал солилцох механизм болон төлөвшиж буй Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улс өндөр ач холбогдол өгч, төлөөлөгчөө тогтмол оролцуулсаар ирсэн бөгөөд цаашид ч идэвхтэй оролцох болно.  

    ОХУ-тай хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд улс төрийн харилцаа идэвхтэй өрнөж, бусад салбарын хамтын ажиллагаанд таатай нөхцөл бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Хоёр орны хоорондын худалдаа сүүлийн 5 жилд дунджаар 50 хувиар өсч, өнгөрсөн онд 1 тэрбум ам.доллар давсан нь 1990-ээд оны түвшинд дөхөж очсон үзүүлэлт юм. Гэхдээ хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг цаашид улам бүр дээшлүүлэх боломж их бий гэдэгтэй манай орос нөхөд санал нийлэх байхаа.

    Байгаль, Сибирийн бүс нутаг нь манай экспортын уламжлалт бүтээгдэхүүнүүдийн гол зах зээл байсан билээ. Энэхүү сайхан уламжлалыг хоёр талын хамтын хүч чармайлтаар үргэлжлүүлэх, улам гүнзгийрүүлэх боломж бий гэдэгт би итгэлтэй байна. Сүүлийн үед чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хандлага өсөн нэмэгдэж байна. Монгол Улс энэхүү хандлагыг ажиглаж, бидний сонирхлыг татах эдийн засгийн интеграцийн хэлбэрүүдэд нэгдэх боломжийг анхааралтай судалж ирлээ. Манай улс одоогоор Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх, Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн ОХУ, Беларус, Казахстаны Гаалийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлахаар ОХУ-тай тохиролцоонд байна.

    Манай улс Зүүн хойд Азийн бүс нутгийн бүх улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн нь тус бүс нутгийн эдийн засгийн интеграцийг хөгжүүлэхэд Монгол Улсын оролцоог хангах чухал хүчин зүйл юм. Бүс нутгийн бүх улс Зүүн хойд Азийн интеграцийн үйл явцад оролцох сонирхолтой байдаг бөгөөд Байгалийн Эдийн засгийн чуулга уулзалт нь энэ үйл явцыг урагшлуулахад чухал хувь нэмэр оруулна гэж итгэж байна.  Эрдэс баялаг, түүхий эдийн их нөөцтэй Оросын Алс Дорнодын бүс нутаг болон Монголын хувьд ЗХА болон Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн эрчимтэй хөгжлийн төв болох асар их боломж бий.

    Алс Дорнод, Сибирийн бүс нутгийн адил Монгол Улс ч байгалийн баялгийн нэр төрөл, нөөцөөрөө дэлхийн анхаарлыг татах боллоо. Манай байгалийн баялгийг сонирхох уул уурхайн том компаниудын сонирхол, байгалийн баялгийг боловсруулахад чиглэсэн гадаадын бодит хөрөнгө оруулалтын хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гэвч зөвхөн уул уурхайн салбарт тулгуурлах нь өрөөсгөл тул эрдэс түүхий эд нийлүүлэгч орон болохоос зайлсхийж, түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын нэр төрлийг олшруулах замаар олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэхийг бид зорьж байна.

    Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг хурдасгах, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тээвэр, эрчим хүчний хангамжийн асуудал нэн чухлаар тавигдах нь гарцаагүй. Манай хоёр хөрш болон Монголын нутгийг дамнасан авто болон төмөр замын найдвартай, өрсөлдөх чадвартай,  үр ашигтай сүлжээ байгуулан хямд тариф санал болгох боломж бүрдүүлбэл Европ болон Зүүн Азийг холбох  гүүр болох өргөн боломж бий. Гурван улсын хооронд 3 талт дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулахаар ажиллаж буй нь энэ чиглэлээр хийж буй чухал алхмын нэг юм.

    Чуулга уулзалт нь бүс нутгийн хөгжлийн асуудлаар үр бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой санал дэвшүүлэх боломжийг нийт оролцогчдод олгож байна. Тухайлбал, дараа жилийн уулзалтаар бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар голлон хэлэлцэж болох юм. Ази, Номхон далайн бүс нутгийн улс орон бүхэн өөр өөрийн онцлогтой, давуу талтай. Үүний нэгэн адил улс орон бүхэнд сул тал, бэрхшээл хүндрэл бас байгааг үгүйсгэх аргагүй. Иймд бие биенээ нөхөж, хамтдаа хөгжих нэгэн зорилго биднийг нэгтгэж байна.

    Манай монголчууд “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” хэмээн хэлэх дуртай. Бид хил залгаа оршин буй бүс нутгийн хөгжлийн төлөө саахалт айл мэт нэгэн зорилго, сэтгэлээр хүчээ нэгтгэн ажиллавал бүс нутгийн хөгжлийг урагшлуулж, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх зорилго биеллээ олно гэдэгт бүрэн итгэж байна. 

    Чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Ерөнхий сайд С.Батболдын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан баярын хуралд хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболдын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан баярын хуралд хэлсэн үг Генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нараа,

    Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа,

    Батлан хамгаалах яам байгуулагдсаны 100 жилийн ойн хүндэт зочид оо,

    Ноёд, хатагтай нар аа,

    Бидний өвөг дээдсийн батлан хамгаалах, цэрэг стратеги, дайн байлдааны түүх олон зуун жилээр хэмжигдэн баяжигдаж, бахархал бишрэлийн маань нэгэн хэсэг болсоор ирсэн. Харин орчин үеийн Батлан хамгаалах салбарын маань түүх нэгэн зуун жилээр бичигдэж байна. Энэхүү 100 жилийн түүхийг бүтээлцэж, улс орныхоо батлан хамгаалах салбарт бүхий л амьдралаа зориулсан алдар гавъяатнууд, ахмад буурлууд, генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, энхийг сахиулагчид, зэвсэгт хүчний бүх бие бүрэлдэхүүн, батлан хамгаалах яамны хамт олон, тэдний гэр бүлийнхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс баярын мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.  

    Олон ойн билэг ерөөлтэй тэгш дүүрэн энэ жил манай улсын анхны таван яамны 100 жилийн ой давхцан тохиож байна. Монгол Улсын орчин цагийн төрийн захиргааны эх суурь болсон энэхүү таван яамны нэг нь Батлан хамгаалах яам юм. Энэ бол манай улс батлан хамгаалах салбартаа илүү их ач холбогдол өгч, ард иргэд дэмжин хүрээлж ирсний нэгэн илрэл билээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний  хөдөлгөөний үр дүнд тусгаар тогтнолоо зарлаж, Богд Хаант Монгол Улсыг тунхаглан Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамыг байгуулсан нь өнөөгийн Та бүхний ажил амьдралаа зориулсан Батлан хамгаалах яамны эх суурь болсон.

    Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үргэлжлэл болсон 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд монголчууд бид хөгжил дэвшлийнхээ шинэ үед орсон. Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, шинэ цагийн цэргийг удирдах байгууллагаа бэхжүүлж Цэргийн явдлын яам болгон өргөжүүлсэн. Түүхийн энэ бүх ээдрээт цаг хугацаанд Монголын Зэвсэгт хүчин өсөн бэхжиж, Монгол Улсын тухайн цаг үеийн төр, нийгмийн байгуулал, гадаад орчин, олон улсын цэрэг-улс төрийн нөхцөл байдалтай холбогдон шинэчлэгдэж ирлээ.

    Төрийн батлан хамгаалах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, батлан хамгаалах салбарыг хөгжүүлэн бэхжүүлэх, цэргийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх зэрэг үйл хэрэгт Батлан хамгаалах салбарын хамт олны оруулсан хувь нэмрийг монголын ард түмэн өндрөөр үнэлж байдаг юм. Эх орныхоо батлан хамгаалах салбарт амь амьдралаа зориулж, идэвх санаачилга гаргаж ирсэн бүхий л хүмүүст Засгийн газрынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол Улсын сүр хүч батлан хамгаалах салбартаа байж ирсэн. Тиймээс түүхийн бүхий л явцад батлан хамгаалах яам нь онцгой үүрэг гүйцэтгэсэн чухал салбар байсаар ирлээ. Цаашид ч гэсэн энэхүү байр сууриа хэвээр хадгална гэдэгт итгэж байна. 

    Батлан хамгаалах салбарын маань 100 жилийн түүх дандаа бахархам амжилт, бишрэм үйл явдлаар бичигдэж байсангүй. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед Батлан хамгаалах салбарынхан илүүтэй өртөж, олон зуун шилдэг дарга, цэргийн нэрт зүтгэлтнүүдээ алдаж, хохирол амссаныг бид мартах учиргүй. Хүнд хэцүү энэ он жилүүдэд ч гэсэн эх орноо батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлэх, цэргийн хэргийг удирдан зохион байгуулах үүргээ тасралтгүй биелүүлж ирсэн гавъяа зүтгэлийг нь дурсан санаж байх учиртай.

    Дэлхийн болон Халхын голын, чөлөөлөх дайны хүнд жилүүдэд ард түмнийхээ хүчийг нэгтгэж, амжилт ялалтанд хүрэхэд, хүнд хэцүү шалгуур сорилтыг даван туулахад батлан хамгаалах салбарын үе үеийн удирдлага, эрэлхэг дайчид чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэж байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн үеийн эсрэг тэсрэг хоёр нийгмийн байгууллын үеийн олон улсын харилцаа, цэрэг- стратегийн бодлогод зохицсон, өөрийн орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөөх төрийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Батлан хамгаалах салбар тэргүүн үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.

    Ардчилсан өөрчлөлтийг дагаж Монгол Улс нийгмийн шинэ тогтолцоонд шилжиж, хүмүүнлэг иргэний нийгмийг байгуулах замыг эргэлт буцалтгүй сонгон авч хэрэгжүүлж байна. Энэхүү шинэчлэлийн үндсэн агуулга нь нийгмийн шинэ тогтолцоонд нийцсэн Үндэсний аюулгүй байдлын үзэл, баримтлалыг төлөвшүүлж, батлан хамгаалах бодлогыг шинээр тодорхойлох, нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх, цэргийн номлол, зэвсэгт хүчний байгуулалтын зарчмыг шинэ нөхцөл байдалд зохицуулан боловсруулах, зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт шинэчлэл хийх зэрэг олон талт, өргөн цар хүрээтэй үйл явцыг хамарсан үйл ажиллагаа байсан юм.  

    Дээрх бодлого, зорилтын хүрээнд Үндэсний аюулгүй байдал, Төрийн батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний шинэчлэлтэй холбогдсон  олон чухал хууль тогтоомжийг шинээр буюу шинэчлэн боловсруулж батлуулах, тэдгээрийг хэрэгжүүлэх  арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж ирлээ. Ингэснээр Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгоход чиглэгдсэн  цэргийн  шинэчлэлийн зорилт амжилттай биелэгдэж байна. Мөн Батлан хамгаалах гадаад харилцаа шинэ шатанд гарлаа.  

    Орчин үеийн батлан хамгаалах салбарын маань түүхэнд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа явдал онцгой байр суурийг эзлэх ёстой. Бидний цэрэг арми, батлан хамгаалах бодлого даян дэлхийд энхийг бүтээлцэж байгаа нь бахархууштай үйл явдал мөн. Эх орноо батлан хамгаалах их үйл хэрэгт  амь биеэ үл хайрлан тэмцэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, ахмад дайчид, цэргийн нэрт зүтгэлнүүдийнхээ гавъяат үйлсийг дурсан санаж, хайрлан хүндэтгэж, тэднийхээ үйл хэргийг үргэлжлүүлэх нь бидний эрхэм зорилтын нэг байх болно гэдгийг 100 жилийн энэ ойн өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

    Батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн Та бүхэн 100 жилийн түүхээ үйл хэрэг, үйлс гавъяагаараа баяжуулж, амжилт ололт, алдаа дутагдлаа эргэцүүлэн дүгнэж, алс хэтийн хөгжлөө тодорхойлж их ойн баяраа утга төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсье. Батлан хамгаалах салбар маань батжин бэхжиж, монгол улсын сүр хүч, сүлд хийморь болж байх болтугай.

     

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг Дундговь аймгийн ахан дүүс, ард иргэд ээ

    70 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

    Монгол нутгийн дуу хуурын хөг аялгуу, айраг найрын хоймор болсон Дундговьчууд Та бүхэндээ аймаг байгуулагдсаных нь түүхт 70 жилийн ойн халуун дотно мэндчилгээг Засгийн газрын нэрийн өмнөөс болон хүүгийн хувиар хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Дундговь аймаг миний сэтгэлд ойр байдаг.Ээжийн минь төрсөн нутаг, миний хүүхэд насны минь гэгээн дурсамж энэ сайхан нутагтай холбоотой билээ.

    Манай Дундговь аймгийн 70 жил Монголын түүхийн дүүрэн билэгтэй, өлзий ерөөлтэй олон чухал ойнуудтай давхцан тохиож буйд билэгшээж байна. Тиймээс Дундговьчууд Та бүхэндээ Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Төв халхын нутагт амьдран суугаа бид энэхүү тэгш ойнуудыг бусдаас илүү хүндэтгэл, ёслолтой тэмдэглэн өнгөрүүлэх эрхтэй. Монголын тулгар төрийн эх сурвалж болсон Хүннүчүүдийн амьдарч ирсэн ул мөр, дурсгал Дундговь аймгийн Ярх, Замбага хайрхан ууланд их бий.

    Мөн бидний 100 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гол төлөөлөгч, Монгол төрийн нэрт зүтгэлтэн Г.Чагдаржав энэ нутгаас төрөн гарсан билээ. Бид энэхүү эрхэм хүнийхээ гэрэлт хөшөөг өөрийн үүсгэн санаачилж, амжилтанд хүргэсэн Үндэсний эрх чөлөөний хувьсгалынх нь 100 жилийн ойгоор төрөлх нутгийнх нь төв талбайд босгож, мөнхжүүлж байгаа нь санаандгүй хэрэг биш юм. 90 жилийнх нь ойг тэмдэглэж буй Ардын хувьсгалын партизан, ахмад дайчид, эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эрэлхэг эх орончид энэ нутгаас олон төрсөн билээ.     

    Энэ мэт утга учиртай тэмдэглэн өнгөрүүлэх их ойн жил улс орон маань амжилт бүтээл, хөгжил дэвшил, итгэл найдвар, бахархал омогшил, гэгээн ирээдүйг дагуулж ирлээ. Бид эцэг өвгөдөөс өвлүүлж, уламжлуулсан эрдэс баялагийнхаа ачаар дэлхий дахины анхаарлын төвд орлоо. Уул уурхайн олон үйлдвэрүүд эх сууриа тавьж, улс оронд маань хөгжих боломж нээгдлээ.

    “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” зэрэг бодлогын бичиг баримтын хүрээнд мал аж ахуйн салбарт зарцуулах төсвийн хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүллээ. Байгаль цаг уурын таатай орчин, малчдынхаа хичээл зүтгэлээр энэ онд улсын хэмжээнд 13 сая орчим төл бойжуулж, ойрын жилүүдэд байгаагүй амжилтыг үзүүллээ. Газар тариалангийнхаа салбарт ч ихээхэн амжилтанд хүрлээ. Айлаас гуйдаг биш авдраа уудалдаг болж, улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хангаж эхэллээ. “Атрын III”аяны үр дүнд гурилын үйлдвэрлэл сүүлийн 2 жилийн дотор 2.2 дахин нэмэгдлээ.

    Энэ жилийн дэлгэр зун, налгар намар, ажилсаг тариаланчдынхаа ачаар илүү их ургац авна гэсэн өөдрөг бодол, төсөөлөл бидэнд байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар уул уурхайгаас гадна хүнсний, бүтээн байгуулалтын олон шинэ үйлдвэр эх орны минь өнцөг булан бүрт ашиглалтанд орж байна. Эдгээр амжилт, ололтыг дагаж эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагасын байдлаар 9.7 хувьд хүрлээ. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ гурван сая орчим төгрөг боллоо. Эдийн засгаа эрчимжүүлэх, ард иргэдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх үүднээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого ажил болж байна.

    Байгалийн баялагаа иргэн бүртээ тэгш шударга хүртээх зорилгоор Таван толгойн орд газрын хувьцаанаас 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй хүртээх шийдвэрийг Хамтарсан Засгийн газар гаргаад удаагүй одоо ажил болгох шатандаа орж байна. Оюу толгой, Тавантолгойн орд газрыг дагасан их бүтээн байгуулалт эхэлж байна. Стратегийн орд газруудаа түшиглэж барилгын материалын, хими, гангийн, металлург, эрчим хүчний зэрэг үйлдвэрүүдийг Сайншанд цогцолбор болгон говийн бүс нутагт барихаар болсон.

    Үүнийг дагаад говийн бүс нутагт хөгжлийн, бүтээн байгуулалтын томоохон ундарга нэмэгдэнэ. Уул уурхайн орд газраа, аж үйлдвэрийн цогцолборын бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлтэй холбох шинэ төмөр замын суурийг тавьж ажлыг нь эхлүүллээ. Манай Засгийн газар бүх аймгийг холбосон хатуу хучилттай авто зам, дундаж орлоготой иргэдэд зориулсан орон сууцны томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн өсөлтөд тулгуурлан ирэх он жилүүдийг их бүтээн байгуулалтынх болгохоор зорьж байна. Хийснээсээ илүү ихийг хийж, бүтээснээсээ илүү ихийг бүтээж босгох үүрэг бидэнд ноогдож байна.

    Эдийн засгийн салбараас гадна боловсрол, эрүүл мэнд, нийгмийн, шинжлэх ухааны гээд бүхий л салбарт хийж хэрэгжүүлж байгаа зүйл олон бий. Боловсролын салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн стандартыг нэвтрүүлж эхлүүллээ. Ирэх хичээлийн жил улсын хэмжээд Кембрижийн стандартаар 30 сургууль хичээллэж эхэлнэ. Үүнд Дундговь аймаг ч багтаж, дэлхийн стандартаар хичээллэх сургууль энэ хичээлийн жилээс танай аймагт үүд хаалгаа нээх сайхан мэдээг дуулгая. Их дээд сургуулиудыг цэгцэлж, хотхон хэлбэрээр хөгжүүлэхээр ажлыг нь эхлүүллээ. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүллээ. Цаашид ч гэсэн нэмэх бодлого баримтлан ажиллана.

    Эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдэж байна. Бүхэлдээ Засгийн газар томоохон зорилт тавьж түүнийгээ хэрэгжүүлэх их бүтээн байгуулалт өрнөж байна.

    Эрхэм хүндэт Дундговьчууд аа,

    Их ойн зочид төлөөлөгчид өө, 

    Одоогоос 70 жилийн тэртээ говийн бүс нутгийг хөгжүүлэх зорилгоор Дундговь аймгийн бүтээн байгуулалтын эх суурь тавигдаж, их үйлсийн ундарга өрнөж эхэлсэн юм. 

    “Ембүү дэрсэнэ ус” хэмээх эрдэнэ мэт нэртэй билэг ерөөлтэй газар эх сууриа тавьсан Дундговь аймаг өнөөдөр бүх сумньэрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, үйлдвэрлэл, уул уурхай эрхэлсэн, нэг өрхөд ногдох малын тоогоорулсдаатэргүүлсэн томоохон аймгуудын нэг болж хөгжсөн нь Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнбилээ. Тиймээс Дундговь аймгийг барьж байгуулахад оролцсон бүх ард иргэдэд 70 жилийн ойн баярын мэнд хүргэж талархал дэвшүүлж байна.

    Өнөөгийн Дундговь бол бидний өвөг дээдсийн нөр их хөдөлмөр, уйгагүй ажиллагааны үр дүнд байгуулагдсан аймаг юм. Харин өнөө ба маргаашийнхны санал санаачилга, идэвхитэй байр суурь, мэдлэг боловсрол, нутгаа гэсэн чин сэтгэл, өрсөлдөх чадвараар Дундговь нутгийн хөгжлийн түүх үргэлжлэн бичигдэнэ. Тиймээс Дундговь нутгийн хөгжлийн түүхийг баяжуулж, бэхжүүлэх, шинэ шатанд гаргах шинэ үеийхнийхээ их үйлст нь амжилт хүсье. 

    Дундговь нутгаас манай улсын нэрийн хуудас, монголын ард түмний хийморь бахархал болсон Зууны манлай  уртын дуучин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Намжилын Норовбанзад, Монгол Улсын ууган гавьяат жүжигчин, Зууны манлай уртын дуучин Жигзавын Дорждагва, Монгол Улсын алдарт гавьяат дуучин Цэнджавын Төмөр тэргүүтэй олон алдартнууд төрөн гарсан. Тиймээс Монголын ард түмэн Дундговь аймгийг “Дуу хуурын их өлгий” хэмээн эртнээс эдүгээг хүртэл хүндэтгэн хүлээн зөвшөөрч, бахархан биширч ирсэн билээ.

    Энэхүү бахархал бишрэлийг өнөө үеийнхэн ч гэсэн нэр төртэй өргөж явна. Дундговь аймгийнхан маань дуу хуурын их өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийн тулд Улаанбаатар хотод “Дуу хуурын өлгий-Дундговь” урлаг соёлын өдрүүдийг хоёр удаа, “Зууны манлай уртын дуучны хөшөө цогцолбор”, монголд анх удаа байгалийн “Задгай театр”-ыг  байгуулсанд таатай байна. Цаашид бид оюуны өв соёлоо залуу үедээ өвлүүлж, уламжлуулах, өргөжүүлэн сурталчилах талаар олон бүтээлч ажил хийж хэрэгжүүлэх үүрэгтэй. 

    Түүхт 70 жилийн хугацаанд энэ нутгаас монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, шашин соёлын гарамгай төлөөлөгч, тив дэлхийд монголыг сурталчилсан утга зохиол, урлаг, спортын алдартан, улсын болоод хөдөлмөрийн баатар, гавъяатнууд олноор төрөн гарсныг баярын энэ өдөр бахархан дурсах ёстой. Энэхүү алдар гавъяатнуудынхаа суу алдарыг мөнхжүүлж, үйлс бүтээлийг дээдэлж байх нь бидний хийж хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг байх болно.

    Дундговь аймаг адуутай, айрагтай нутаг билээ. Тиймээс айраг, найрын нутгийнхаа хийморийг бадрааж, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалийн баялаг, өгөөж шимийг нутаг орны хөгжлийн бодлого, ард иргэдийн амьжиргаа, санаа сэтгэгдэлтэй нийцүүлэн ашиглах хэрэгтэй. Дундговь аймгийн хөдөлмөрч, бүтээлч ард иргэд, малчид сүүлийн жилүүдэд байгалийн хатуу ширүүнийг даван туулж, мал аж ахуйн салбарт учруулсан хохирлыг арилгах талаар ихээхэн анхаарч ирсэн.

    Тиймээс цаашид мал сүргээ чанаржуулах, эрчимжүүлэх, үйлдэр угсааг нь сайжруулах талаар ахиц дэвшилтэй бодлого явуулах ёстой. ОХУ болон монгол эрдэмтэдийн багийн заавар зөвлөгөөний дагуу Дэрэн, Дэлгэрцогт сумын нутагт “Бэлчээр сайжруулах, тэжээлийн ургамал тарих туршилт, эрдэм шинжилгээний талбай” байгуулж, гүний худаг гаргаад байгаа нь сайн хэрэг юм. Энэ нь говь хээрийн нөхцөлд жилээс жилд доройтож байгаа бэлчээрийг сэргээх, цөлжилттэй тэмцэх том ажлын эхлэл билээ.

    Өнгөрсөн жил миний бие Дундговь аймагтаа ажиллаж ард иргэд, ахан дүүсийнхээ амьдрал ахуйтай танилцаж, санал солилцож, хөгжлийн хэтийн асуудлаар байр сууриа дэлгэрэнгүй илэрхийлсэн. Энэ үеэр Дэлгэрцогтыг Монгол Улсын жишиг сум болгох, тус сумын хүн эмнэлгийн барилгыг барих, Эрдэнэдалай сумын төвийн цэвэр, бохир усны нэгдсэн системийн барилга, байгууламжийн зураг төслийг боловсруулах, Дэлгэрцогт, Дэрэн сумын нутагт “Бэлчээр сайжруулах экологийн туршилт, судалгааны төв”-ийг байгуулах, Дундговь аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барих асуудлуудыг шийдвэрлэсэн. Эдгээрийг ажил бодит ажил болж байна гэдэгт итгэж байна.

    Төрөлх нутгийнхаа 70 жилийн тэгш дүүрэн ойд оролцож, баяр баяслыг нь хуваалцаж байгаагийн хувьд зарим асуудлыг шийдвэрлэх ёстой. Тиймээс Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан төрийн ёслол хүндэтгэлийн их цагаан өргөө гэрийг дурсгал болгон өгч байна. Мөн ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор “Түмний өргөө”-г ирэх жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.     

    Сүүлийн жилүүдэд Дундговь аймаг улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн болоод хувийн хэвшлүүдийн хөрөнгөөр хүүхдийн парк, аймгийн төвийн цэвэр усны ус дамжуулах хоолой солих, “Ногоон хөгжил Дундговь”зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийж хэрэгжүүлж байгаа нь сайн хэрэг юм. Монгол Улсын Засгийн газраас авто замын талаар баримтлах гол бодлого нь бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоход чиглэгдэж байгаа.

    Эхний ээлжинд уул уурхайн орд газруудтай холбогдуулан говийн бүс нутгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил явж байна. Тухайлбал Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163 км замыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хувийн аж ахуйн нэгжээр хийлгэж байгаа ажил нь эд өрнөөд явж байна. Одоо 104 км замыг нэмж барьж байгуулбал Мандалговийг Улаанбаатар хоттой холбох боломж бүрдэнэ. Энэхүү замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр шууд гэрээгээр хийж барихаар төлөвлөж байна.   

    Цаашид Дундговьчууд маань хүүхэд залуучуудынхаа хөгжилд анхаарч, чөлөөт цагийг нь зөв зүйтэй өнгөрүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх,  өрхийн бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ард иргэд, айл өрхийн амжиргааг тэтгэх, ажлын байр нэмэгдүүлэх талаар хийж хэрэгжүүлэх зүйл их байна. Уртын дуу, морин хуурын аялгуутай түүхээ их бүтээн байгуулалтаар баяжуулж, айраг, найрын жавхаагаа ажил үйлстэй хослуулж, Дундговь нутагт минь хөгжил бүхэн цэцэглэх, хүн бүрийн ажил амьдрал дэвжиж сайхан цаг ирж байна.

    Дөрвөн цагийн уртад дүүрэн билэг тэгширсэн нутагтаа өндөр дээд, өлзий дэмбэрэлт өвөг дээдсийнхээ заяа буянд ивээгдэж, өнөө үеийнхэний мэдлэг боловсролд тэтгэгдэж, үе удмаараа аз жаргалтай амьдарч, үйлс бүтээл нь дэлгэрч байхыг ерөөе.

    Дундговь аймаг. 2011 оны 7 дугаар сар 27

  • Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх Зөвлөлийн 33-р хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын хэлсэн үг

    Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, зочид оо,

    Хатагтай, ноёд оо,

    Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.  

    Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хуралд хүрэлцэн ирж, энэ танхимд хуран цугларсан тус байгууллагын эрхэм хүндэт удирдлага, ЮНЕСКО-гийн элч төлөөлөгчид, гишүүн агентлагуудын удирдагчид, төлөөлөгчид та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлье. Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх Зөвлөлийн хуралдааныг өөрийн эх орондоо нээж буйдаа сэтгэл хангалуун байна. Энэ нэр хүндтэй байгууллагын удахгүй болох 50 жилийн ойн баярын мэндийг та бүхэнд хүргэе.

    Танай энэ удаагийн чуулга уулзалт эртний түүхт Монгол Улсын онцгой тэмдэглэлт их ойн жилд болж байгаагаараа онцлогтойг тэмдэглэн хэлье. Энэ онд Монголчууд бид манай хамгийн анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Дэлхийн мянганы суут хүн, их эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 805, тусгаар тогтнолоо дахин сэргээн тогтоох эх үндэс болсон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

    Манай ард түмэн эв нэгдлийг ямагт эрхэмлэн дээдэлж, амгалан тайван амьдралын зарчмыг баримталж ирсэн хандлага нь 20-иод жилийн өмнө хийгдсэн нийгмийн шилжилтийн үед ч алдагдаагүй билээ. Сүүлийн жилүүдэд манай оронд уул уурхайн салбар хурдацтай хөгжиж, дэлхийд дээгүүрт орох “Оюутолгой”-н зэсийн, “Тавантолгой”-н нүүрсний зэрэг томоохон орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимтэй өрнөж, дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж байгааг та бүхэн мэднэ. Бид уул уурхай байгалийн баялагтаа тулгуурлан улс орноо хөгжүүлэх, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилт тавьж хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна.

    Үүнийгээ дагаад манай улс харьцангуй өндөр өсөлт бүхий эдийн засагтай орны тоонд орлоо. 2010 онд эдийн засгийн өсөлт 6 хувь байсан бол 2011 оны нэгдүгээр улирлын байдлаар 9,7 хувьд хүрлээ. Энэ өсөлтөд олон хүчин зүйл нөлөөлж байна. Манай улсын боловсруулах үйлдвэр зөвхөн 2010 онд 10 хувиар өссөн. Худалдаа, үйлчилгээний салбарын өсөлтийн хурдац ч эрчимтэй нэмэгдэж эхэллээ. Энэ бүхэн манай улсын эдийн засгийн хурдтай өсөлтийн нэгэн илэрхийлэл юм.

    Бид эдийн засгийн үйлдвэрлэлийн салбарын зэрэгцээ мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх бодлого баримталж байна. Тиймээс мэдээллийн технологи улс орны амьдралд маш эрчимтэй нэвтэрсэн нь өнөөгийн хөгжил, дэвшлийг илтгэн харуулах нэгэн үзүүлэлт юм. Тэртээх 13-14 дүгээр зуунд манай өвөг дээдсийн байгуулсан, БНХАУ, ОХУ, Европ хүртэлх 15 мянга гаруй км үргэлжилсэн өртөө, улаа нь нүүдэлчдийн дэлхийн соёл иргэншилд оруулсан  түүхэн хувь нэмэр байв.

    Энэ өртөөг “Мэдээллийн технологийн хүн төрөлхтөний түүхэнд гарсан 3 том хувьсгалын нэг” гэж нэрт судлаач Ким Жон Ре дүгнэсэн байдаг билээ. Мөн тэрээр “Чингисийн их гүрэнд өргөн уудам Евроазийг нэгэн нетворкийн сүлжээнд холбож байсан харилцаа холбооны арга зарчим нь энэ өртөө юм” хэмээн онцлохын зэрэгцээ Монголчуудын байгуулсан өртөө, улаа нь “орчин үеийн интэрнэтийн үндсэн загвар байсан”-ыг нотолсон юм.   

    Өнөөгийн дэлхий ертөнцийг нийтэд нь хамарсан мэдээллийн технологийн ийм ирмүүн хөгжил дэвшлийг дагалдан, мэдээллийн хүчирхэг давалгаа түрэн орж ирж, хүн төрөлхтөн чухамхүү мэдээллээр амьсгалж, бас мэдээллээр өрсөлдөж буй эрин үед энэ чуулга уулзалтын ач холбогдол их юм. Мэдээллийн агентлагууд улс орнуудын түүхэнд ямагт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр ч тийм хэвээрээ байна. Цаашид ч энэхүү хүндэт байр сууриа хэвээр хадгалах нь ойлгомжтой юм.   

    Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын эгнээнд бүс нутгийн 33 орны 42 мэдээллийн агентлаг багтаж байгаа гэсэн мэдээллийг надад өгсөн. Энэ Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн нийт бүтээгдэхүүний 56 хувь, худалдааны эргэлтийн 50 орчим, далайн тээврийн 60, агаарын тээврийн 25 орчим хувь нь ногдож байна. Энэ нь дэлхийн санхүүгийн болон шинжлэх ухаан, технологийн хамгийн том нөөц хүч энд оршдог гэсэн үг юм. Тиймээс энэ бүс нутгийн мэдээллийн агентлагуудыг нэгтгэсэн байгууллагын үүрэг, ач холбогдол, нэр хүнд, нөлөө дэлхий дахинд их юм. Хамгийн гол нь асар их хариуцлагыг үүрч байгааг онцлон дурдах ёстой.  

    Өнөөдөр дэлхий дахиныг холбосон интернет нь асар их багтаамжтай мэдээллийн аварга том сан төдийгүй мэдээллийг хамгийн шуурхай дамжуулагч хүчтэй хэрэгсэл, технологийн том ололт амжилт гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ аливаа улс орны талаархи хамгийн үнэн бодитой мэдээ, мэдээллийг тухайн орны мэдээллийн агентлаг л олж цуглуулж, олон нийтэд, дэлхий дахинд түгээж чадна гэж би боддог. Харин мэдээллээ гадаадад шуурхай дамжуулан хүргэх, өөр хоорондоо солилцох орчин үеийн техник, технологийн хүчин чадал улс орон бүхэнд харилцан адилгүй байдаг нь ойлгомжтой. Иймд улс орнууд хоёр талын болон олон талын, бүс нутгийн хэмжээний хамтын ажиллагааны хүрээнд хүндрэлтэй асуудлаа хамтран шийдвэрлэхийг зорьж байгаа нь зүй ёсны хэрэг. Уг уулзалтаар хэлэлцэж буй асуудлын агуулга, сэдвээс ч энэхүү хамтарсан хандлага тод харагдаж байна.       

    Хүн ам, газар нутаг, хөгжил дэвшлийнхээ хурдацаар дэлхийд тэргүүлж буй бүс нутгийнхаа амжилт бүтээл, сайн сайхан бүхний талаарх үнэн бодитой, шуурхай мэдээллийг дэлхий ертөнцийн хүн ардын сонорт хүргэх, хол ойрын сонин сайхныг ард түмэндээ дуулгаж, соён гэгээрүүлэх нь сэтгүүлчид, инженер, техникийн ажилтнууд та бүгдийн эрхэм хүндтэй, бахархалтай үүрэг юм. Энэ үүрэг, зорилгоо биелүүлэхэд, харилцаа хамтын ажиллагаагаа өрөгжүүлэхэд Улаанбаатарын уулзалтаар хэлэлцэж ярилцсан зүйл, шинэ санал санаачилга, гаргасан шийдвэр тус дөхөм болно гэдэгт би эргэлзэхгүй байна.

    Монголчуудын хэлдэгээр нар хур тэгширсэн дэлгэр зуны сайхан өдрүүдэд манай оронд зочилж, монгол түмний минь элэгсэг зочломтгой зан, ажил амьдрал, ололт амжилтыг ойлгон мэдэрч, эх орны маань байгалийн гоо сайхны нэгээхэн хэсгийг ч болов үзэж танилцах сайхан боломжийг уулзалт зохион байгуулагчид бүрдүүлж өгнө гэдэгт итгэлтэй байна. Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн нэгдсэн байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн хурлын хүндэт төлөөлөгчид та бүхнийг Нарлаг Монгол эх оронд минь тавтай морилон саатаж, зорьж ирсэнээ бүтээж, зорилгоо хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, хурлаа амжилттай өндөрлөнө гэдэгт итгэж сайны ерөөл дэвшүүлье.

    Анхааран сонссонд баярлалаа.

    2011 оны 6 дугаар сарын 27         Улаанбаатар хот

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганд” хэлсэн үг

    2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр                   Улаанбаатар хот

    Эрхэм хүндэт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ,

    Чуулганы төлөөлөгчдөө,

    Эх орныхоо өнцөг булан бүрт өөрийн бизнесээ эрхлэн, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж яваа эмэгтэйчүүд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа амжилт бүтээлийн дээдийг өргөн  мэндчилье. Манай Засгийн газрын эрхэм зорилго бол Монгол хүний хөгжлийн асуудал бөгөөд хүн бүрийг ажил хөдөлмөртэй, орлогын тогтвортой эх үүсвэртэй байлгах замаар амьдралын чанарыг сайжруулах явдал билээ.

    Хөдөлмөрийн насны хүн амын тоо нэмэгдэж, нийт хүн амд эзлэх хувь нь хамгийн их байх үе одоо тохиож байна. Энэ нь сүүлийн 50 гаруй жилийн хамгийн оргил үе юм. Цаашид энэ хандлага харьцангуй тогтвортой хадгалагдах бөгөөд  2025 он гэхэд нийт хүн амын 61 хувийг хөдөлмөрийн насныхан эзлэх төлөв хандлагатай  байна. 

    Ийнхүү хөдөлмөрийн насны хүн ам харьцангуй хурдацтай өсч байгаа явдал нь Засгийн газрын зүгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй, шинэлэг бодлого авч хэрэгжүүлэхийг зүй ёсоор шаардаж байгаа юм. Энэ үед их бүтээн байгуулалтыг өрнүүлж, эдийн засгийн хөгжлийг тэлэх замаар үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүний дотор өрхийн болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогыг нэн тэргүүнд тавьж байна. 

    “Шинэ бүтээн байгуулалт”, “Шинэ төмөр зам”, “Аж үйлдвэрийн парк” зэрэг улс орны хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүд нь энэ зорилтыг хэрэгжүүлэх үндсэн гарц бөгөөд эдгээрийг ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлоготой нягт уялдуулан явуулахыг чухалчилж байна. Энэ ч үүднээс сүүлийн 2 жилд Засгийн газар Бизнесийн орчны шинэтгэлийн  болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилүүдийг зарлан хэрэгжүүлж байгааг та бүхэн мэднэ.

    Эдгээр жилийн ажлын хүрээнд жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого, түүний хэрэгжилтэд түлхүү анхаарлаа.

    Тухайлбал: “Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2009 оноос 2012 оныг дуустал 3 жилийн хугацаанд гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг  батлууллаа. Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч ажил олгогчдод аж ахуйгаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, бизнесийн орчинг нь сайжруулах, зээлийн хөнгөлөлттэй эх үүсвэрээр хангахад дэмжин тусалж ирлээ.

    Улсын төсвөөс жижиг, дунд үйлдвэрийн зээлийн сан бүрдүүлж сүүлийн 2 жилд 60.0 тэрбум төгрөгний зээл олгоод байгаагийн зэрэгцээ шинээр бонд гаргах, Япон улс , Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл  зэрэг эх үүсвэрээр ЖДҮ-т олгож байгаа зээлийн нийт хэмжээг 300 тэрбум төгрөгт хүргэхээр ажиллаж байна. Үндэсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой бөгөөд импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүний дотоод  зах зээлийн борлуулалтад дэмжлэг үзүүлэх шийдвэрүүдийг ч Засгийн газраас гаргаад байна. 

    ЖДҮ, компаниуд, ажил олгогчдыг шаардлагатай мэдээллээр хангахад зориулан хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, түгээх зорилготой интернэтэд суурилсан бүртгэл мэдээллийн программ хангамжийг бүх аймаг, дүүргүүдэд нэвтрүүлснээр ажил олгогч болон иргэн хүн харилцан мэдээллээ бүрэн авах боломж бүрдэж байна.

    Ажил олгогчид, компаниудыг  эрэлт хэрэгцээнд нь нийцсэн өндөр мэргэжлийн ажилчдаар хангах үүднээс Мэргэжлийн боловсрол, сургалтын  Үндэсний зөвлөл,  түүний  дэргэдэх   салбар  зөвлөлүүдийг төр, хувийн хэвшлийн тэнцүү төлөөлөлтэйгээр ажиллуулж, уул уурхай, барилга зам, хүнсний үйлдвэрлэлийн салбар зөвлөлүүд байгуулагдан ажиллаж эхэллээ. Монголын мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд зарим МСҮТ-ийн сургалтын материаллаг орчинг орчин үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах чиглэлээр нийт 47,6 сая. ам долларын санхүүжилт хийгээд байна.

    Цаашид бид:

    • жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд зориулан олгож буй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг бууруулах, жижиг аж ахуйд зориулсан зээлийг тусгайлан хуваарилж, барьцаа хөрөнгийн зэрэг шаардлагыг сулруулах, зээлийн баталгааны сан ажиллуулах замаар бодит дэмжлэг үзүүлэх,
    • ажлын байр олноор бий болгосон ажил олгогчдыг урамшуулах, эдийн засаг, мөнгө, санхүү, татварын бодлогоор дэмжих, үр дүн өгөхүйц арга механизмыг бий болгох,
    • сургалтын дадлагын түшиц компаниудыг бий болгох, том үйлдвэр, аж ахуйн газруудын дэргэд МСҮТ байгуулах,    ажил олгогчдын захиалгаар сургах хэлбэрийг хөгжүүлэх,
    • Уул уурхайн болон бусад үйлдвэрлэлийн хүнс, үйлчилгээний зэрэг хэрэгцээг тухайн орон нутгийн хүнс, ХАА, ЖДҮ, өрхийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах,
    • Нийслэлийн дүүргүүдэд “ЖДҮ дэмжих төвүүд” байгуулан, “хөдөлгөөнт бирж”,  “нэг ажил олгогч-нэг ажлын байр” зэрэг хэлбэрээр хороод, иргэдийн дунд ажиллуулах явдлыг улам өргөжүүлэх,
    • жижиг дунд бизнесийг том үйлдвэрүүдтэй хоршин хамтран ажиллах хэлбэрийг зохион байгуулалттайгаар дэмжих бодлогуудад анхааран ажиллах ёстой гэж үзэж байна.

    Эрхэм бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ээ,

    Манай нийт үндэсний үйлдвэрлэгчдийн 80 гаруй хувь нь жижиг дунд бизнес эрхлэгчид байгаа бөгөөд тэр дундаа жижиг үйлдвэрлэгчид илүүтэй хувийг эзэлж байгаа. Энэ бизнесийг мөн эмэгтэйчүүд олноор хөтлөн удирдаж яваа нь бодит үнэн билээ. Тийм ч учраас энэ асуудлыг жендэрийн талаас харж, Жендэрийн Үндэсний хороо Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, ЖДҮГ-тай хамтран зохион байгуулж байгаа. 

    Манай эмэгтэй бизнес эрхлэгчид маань хамгийн хариуцлагатай бөгөөд бас найдвартай зээлдэгчид байдаг гэсэн судалгааны дүн ч гарсан байдаг.         Та бүхэн маань тулгамдсан асуудлаа нухацтай хэлэлцэн ярилцаж, төр засгийн түвшинд болон өөрсдийн хүч, хөрөнгө, хамтын зохион байгуулалтаар шийдвэрлэвэл зохих асуудлуудаа тодорхойлон гаргаж, зөвлөмж гарна  гэдэгт итгэж байна.  Та бүхний гаргасан шийдвэрийг Засгийн газрын зүгээс бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлж байна.

    Ард иргэдийнхээ амьдрал ахуйд үнэтэй хувь нэмэр оруулж, улс орныхоо эдийн засгийн хөгжлийг  өндөр түвшинд гаргах үйлсдээ улам их амжилт олж, бизнесээ улам их өргөжүүлэн ажиллахын ерөөлийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • С.Батболд: Төрийн албанд аль намын, аль нутгийн, хэний хүн байх нь гол биш гагцхүү төр, ард түмэнд үнэнчээр ажилладаг мэргэшсэн хүн байх ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Төрийн албаны шинэтгэл сорилт боломж” сэдэвт төрийн албаны үндэсний чуулганд хэлсэн үг

    Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

    Төрийн албаны үндэсний чуулгандаа хүрэлцэн ирж, Төрийн ордондоо цуглан чуулж байгаа Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр энд монголын хамгийн олон иргэдийг эгнээндээ багтаасан төрийн албаныхан гэдэг том айлын бүх ангилал, зэрэглэлийн албан хаагчдын төлөөлөл иргэний нийгэм, бизнесийн байгууллага, иргэдийнхээ төлөөлөлтэй хамтран чуулж, алдаа оноогоо хэлэлцэж, ажил төрлөө сайжруулах арга замаа ярилцах нь ихээхэн онцлогтой, ач холбогдолтой  арга хэмжээ болно гэдэгт итгэж байна. 

    Ийм чуулганыг зохион байгуулах шийдвэрийг сар хүрэхгүй хугацааны өмнө Төрийн албаны шинэтгэлийг Удирдах хорооны хурлаас гаргасан. Засгийн газар 5 сард шийдвэр гаргаж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх шат дараалсан үйл явцыг удирдах чиг үүрэг бүхий Удирдах хороог Ерөнхий сайдаар ахлуулан ажилуулахаар тогтож, дүрмийг нь баталж өгсөн. Удирдах хороо үйл ажиллагааныхаа ойрын болон хэтийн зорилго, зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж ажиллахын тулд юуны өмнө төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх шаардлага, түүнд тулгарч болзошгүй сорилт, боломж, бас өөрсдийн сайн муу талуудаа үндэсний хэмжээний төлөөлөлтэй өргөн дэлгэр ярилцъя гэдгээ  анхныхаа хурлаар хэлэлцэж тогтсон.

    Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Үнэхээр ч хэлэлцэж ярилцах зүйл та бидэнд олон бий. Та бүхэн чуулгандаа идэвхтэй оролцож, цаашдын стратеги  бодлого чиглэлд үнэтэй санал санаачлага бүхий хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэж байна. Өнөөдрийн энэ чуулганд Монгол улсад суугаа гадаад орны элчин сайдууд, НҮБ болон олон улсын байгууллагын төлөөлөл, мөн Канад улсын Төрийн албаны комиссын Ерөнхийлөгч хатагтай Мария Баррадос тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Эрхэм Зочиддоо та бүхний өмнөөс халуун дотно мэндчилгээ дэвшүүлье.

    Чуулганы зочид төлөөлөгчид өө,

    Хатагтай ноёд оо,

    Монгол улс хөгжлийн шинэ гараан дээрээ ирлээ. Бид ардчиллын гэгдэх нийгмийн өөрчлөлтийн 20 жилийг ардаа орхилоо. Энэ хугацаанд алдсан олсон зүйлийн талаар бишгүй ярьсан. Одоо угтах ирээдүйн 20 жилээ төлөвлөн, хийж бүтээх учиртай. Ирэх 20 жил бол улс нийгмийн эрчимтэй хөгжлийн, эх орны их бүтээн байгуулалтын он жилүүд байх болно. Энэ бүхний үр дүнд Монгол хүн хөгжиж, хүний хөгжлийн таатай нөхцөл бүрдэнэ. Үүнд бид итгэлтэй байна. 

    Эдийн засаг тэлж байна. Хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Улсын болоод хувийн салбарт алсдаа өгөөжтэй бодит бүтээн байгуулалтын ажлууд өрнөж эрч хүчээ авч эхэллээ. Хүний хөгжлийн сангаар дамжиж иргэдэд байгалийн баялгийн хувь хишиг бага багаар очиж эхэлсэн. Хөгжлийн банкийг байгуулж, эдийн засгийн томоохон хөтөлбөр төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр бүрдүүлэх хөшүүргийг бий болголоо.   

    Нэг үгээр хэлбэл, манай Засгийн газар ээлж өнгөрөөх, гал унтраах байдлаар биш холыг харсан, хөгжлийн бодлогоор ажиллахыг хичээж байна. Алийн болгон бид “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” гэсэн сэтгэлгээгээр ажиллахав. Хэдийгээр нийгмийн зарим хэсгийн амьдралд “өнөөдрийн уушиг” нь чухал байгааг ойлгож  буй хэдий ч бид нөхцөл байдлыг өөрчилж, өөрөөр сэтгэж, өөр өнцгөөс харж, том зорилт тавихыг чухалд үзэж хамтран зүтгэж байна. “Оюу толгой”, “Таван толгой”, “Шинэ төмөр зам”, “Сайншандын аж үйлдвэр” цогцолбор, “Шинэ бүтээн байгуулалт” зэрэг хөгжилд хөтлөх хөтөлбөр, төслүүд бэлтгэгдэж, ажил хэрэг болж амьдралд биелэлээ олох эхлэлийн гараан дээр байна. Энэ бол дотоод нөхцөл байдал, хүчин зүйл юм.

    Гадаад орчин, нэг талаасаа, бидэнд эдийн засгийн таатай боломжийг бүрдүүлж байгаа ч, нөгөө талд нь, хүндхэн сорилтууд хүлээж байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, эрчим хүч, экологийн хямрал, байгалийн баялгийн төлөөх ил далд өрсөлдөөн, дэлхийн хүн амын хүнсний хомсдол, түүний аюулгүй байдал, элдэв өвчин тахлын хил хязгааргүй тархалт, харийн соёлын түрэлт зэрэг өдрөөс өдөрт ойртон нүүрлэж буй эрсдэл сорилтууд нь үндэсний оршин тогтнол, айл өрхийн аюулгүй байдал, Монгол хүний хөгжилд сөргөөр нөлөөлөхүйц бодит аюул заналыг сануулж байна. Дотоод, гадаад энэ бүх нөхцөл байдал нь биднийг хөгжлийн философио, засаглалын хэв загвар, өгөөж бүтээмжээ дахин шинээр харахыг шаардаж байна.

    Тэгвэл эрсдлийг багасгаж, сорилтыг давж, боломжийг ашиглаж, хөгжлийг түргэсгэх гол хөшүүрэг нь зөв менежмент бүхий сайн засаглал юм. Үүнд эргэлзэх явдалгүй. Энэ бол бидний итгэл үнэмшил байх ёстой. Би Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад нэг жил найман сар болж байна. Энэ хугацаанд бүх аймаг, орон нутагт ажиллаж, ард иргэдтэйгээ уулзаж зовлон жаргалыг нь сонслоо. Тэдэнд асуудал, бэрхшээл байна. Амьдрал өрнөж байгаа газар асуудал байх нь мэдээж. Гэхдээ хүмүүс нэг л зүйлд, тодруулбал, төрийн байгууллагын ажил үйлчилгээ, төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, ажилдаа болоод хүнд хандах хандлагад нь сэтгэл дундуур байгаа нь ажиглагдсан.

    Мөн дээрх хугацаанд боловсролын шинэчлэл, хөрөнгийн зах зээл, санхүү, бизнесийн орчны шинэтгэл, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүч, эрдэс баялаг, дэд бүтэц, мал аж ахуй, газар тариалан гээд үйлдвэрлэлийн бараг бүх салбараар орж, хүн ам нийгмийн эрсдэлт бүлгүүд, хүүхэд залуучууд, гэр бүлийн тулгамдсан асуудлаар үгээ хэлж, үүрэг даалгавар, чиглэл өгч ажиллаж ирлээ. Салбарын яам, агентлаг, төв, орон нутгийн төр захиргааны байгууллагуудад хэдэн мянган албан хаагч ажиллаад байгаа хэрнээ гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бодит өөрчлөлт энэ хугацаанд гарсан гэж бардам хэлэх үндэслэл бага байна. Хүн амын амьдралд шууд мэдэгдэхүйц өөрчлөлт дорвитой гарахгүй байна. Энэ бүхнээс Монголын төрийн албаны ажил хэрэг,  түүний гүйцэтгэлийн үр өгөөж ямар байна вэ? гэдэг нь тодорхой болно.

    Тэгэхлээр бид засаглалын хэлбэр маягаа илүү үр өгөөжтэй болгож, төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Засаглалын үр ашигтай механизмыг тогтоох, төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагыг эрс сайжруулах нь эдийн засаг, нийгмийн том зорилтуудыг хэрэгжүүлж,  улс орны болоод монгол хүний хөгжлийг хангах гол түлхүүр, үндсэн хөшүүрэг гэж би үзэж байна. Хөгжиж ирсэн улс орны туршлага, тэдний амжилтын нэг нууц ч энд байна. Тиймээс төрийн албаны шинэтгэлийг ярих нь нийгмийн хэрэгцээ шаардлага, өнөө цагийн дуудлага юм.

    Энэ дуудлагыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ Засгийн газрын өмнөөс талархал илэрхийлж баяр хүргэе. Асуудлыг олон талаас нь ажил хэрэгчээр, ний нуугүй ярилцахыг та бүхнээс хүсье.

    Эрхэм нөхөд өө,

    Төрийн албаны шинэтгэл нь байнгын тасралтгүй үйл явц юм. Бүр 1980-аад оноос эхлэн дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улс орнуудын өмнө Төрийн захиргааны шинэтгэлийн асуудал тавигдсаар ирсэн байна. Энэ хооронд захиргааны шинэтгэлийн олон үзэл онол, хандлагууд бий болж засаглалын практикт нэвтэрч, эерэг сөрөг үр дагаваруудыг дагуулсаар, туршлага, сургамж хуримтлуулсаар өнөө хүрч иржээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд өөрчлөлт шинэчлэлийн хэд хэдэн үеийг дамжин монгол улсын төрийн албаны тогтолцоо институтын хувьд цоо шинээр бүрэлдэн тогтжээ.

    Өнөөгийн манай төрийн албаны тогтолцоонд ололттой, дэвшилтэй зүйл мэдээж багагүй бий. Гэхдээ дутагдал доголдол нэлээдгүй байгааг амьдрал өөрөө харуулж байна. Ард иргэд шүүмжлэн хэлэлцэж байна. Ерөнхийлөн шүүмжлэх, хавтгайруулан үгүйсгэх биш дутагдал доголдол нь хаанаа, юундаа байна вэ? гэдгийг нарийн оношлон тогтоох нь цаашдын шинэтгэлийн стратеги зорилтыг тодорхойлоход чухал ач тустай. Шинэтгэлийн гол зорилго нь нэгэнтээ хэлбэржин тогтсон институтын тогтолцоог дахин задлан, шинээр эмхлүүлэхийг зорих биш, харин одоогийн бүтэц тогтолцоог боловсронгуй болгон тогтвортой байдлыг хангах, улмаар түүний дотоод үйл ажиллагаа соёл хандлага, төрийн албан хаагчдын бодол сэтгэлгээ, арга барилын шинэтгэлийг эрчимжүүлэхэд оршино гэж үзэж байна.

    УИХ-аас баталсан “Монгол улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний биелэлтийг зохион байгуулах ажил цаг хугацааны хувьд 2010 оноор дуусгавар болсон ч дунд хугацааны стратегийн зорилго, эрхэмлэн дээдлэх зүйлс, монгол төрийн албаны үнэт зүйл хэм хэмжээ болж хараахан бүрэн төлөвшөөгүй. Тиймээс бидний хийхийг хүсч буй шинэтгэлийн стратеги зорилт эндээс урган гарах учиртай.

    Мэргэшсэн, тогтвортой, мерит зарчимд суурилсан төрийн албаны үр өгөөжтэй, иргэддээ үйлчилдэг, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх явдал гэж тодорхойлж болох байна. Ерөнхий сайдын албыг хүлээн аваад УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ “Төрийн жинхэнэ албанд гавьяа зүтгэлийн буюу Меритократ тогтолцооны зарчмыг тууштай хэрэгжүүлэх бодит шаардлага байна” гэж тэмдэглэсэн байр суурь хэвээр байгааг дахин нотлон хэлэхийг хүсч байна.

    Өнөөдөр дэлхийн улс орнуудын хөгжлийн түвшний ялгааны нэг үндэс нь засаглалд байна. “Засаглалын ялгаа” байгаа учраас зарим нь хөгжиж, зарим нь хөгжлийн өндөрлөгт хүрч чадахгүй байна. Хөгжлийн зөв шийдвэр гаргах үндсэн нөхцөл нь сайн засаглалын стандарт юм. Тиймээс бид сайн засаглалын стандартыг төвд ч, орон нутагт ч, нутгийн өөрөө удирдах ёсонд ч нэн даруй нэвтрүүлэхийг хичээх учиртай. 

    Сайн засаглалын нэг үндсэн шинж бол төрийн алба мэргэшсэн, тогтвортой байж, иргэддээ чанарын үйлчилгээ үзүүлэх явдал мөн. Төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх нь улс орны тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл юм. Төрийн албаны тогтвортой байдал гэдэгт бодлогын, хууль тогтоомжийн, байгууллагын бүтэц, тогтолцооны, үйл ажиллагааны чиглэлийн, боловсон хүчний гээд олон зүйлс багтана. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд бид дээрх зүйлийн алинаар нь ч тогтвортой тууштай байдлыг хадгалж чадаагүй явж ирсэн байна. Засгийн газрууд байн байн солигдож байсан нь үүнд нөлөөлсөн нэг хүчин зүйл яах аргагүй мөн. Сүүлийн 15 жилд 9 засгийн газрын нүүрийг үзээд байгаа бөгөөд бүрэн эрхийн хугацаагаараа ажилласан нь нэг л байна.

    Засгийн газрын халагдах солигдох үйл явцыг дагалдаад бүтэц зохион байгуулалтын элдэв өөрчлөлтүүд, боловсон хүчний халаа сэлгээ төв орон нутаггүй хийгдсэн нь төрийн албаны тогтвортой байх зарчмыг алдагдуулаад зогсохгүй, эцсийн дүндээ  иргэдийн амьдралд халгаатай, бүтээн байгуулалтад саадтай байсны горыг  бид өнөөдөр ч даван туулж чадаагүй байна. Эндээс сургамж авах нэгэн зүйл харагдана. Засгийн газрын кабинетийн  бүрэлдэхүүн өөрчлөгдлөө ч засгийн газрын бүтцийн байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагааны чиглэлийн тогтвортой байдлыг хадгалахыг эрмэлзэх нь чухал юм байна. Энэ чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар мэргэшсэн, туршлагатай төрийн албан хаагчид тогтвортой ажиллаж, төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагаа тасалдалгүй хэвийн явагдах нөхцлийг эрх зүйн бүрэн дархлаатай болгох нь чухал байна.

    Төрийн жинхэнэ албаны ажилтнуудын ангилал, зэрэглэлийн стандартыг ч тодорхой болговол зохино. Тухайлбал, яам агентлагийн хэлтэс, газрын дарга нар болон ерөнхий менежерүүдэд тавигдах шаардлагыг бусад улс орны ижил түвшний менежерүүдэд тавигддаг орчин үеийн шаардлагын түвшинд маш тодорхой стандартчилж өгөх ёстой. Төрийн албаны тухай хуулинд тодорхой нэмэлт өөрчлөлтүүдийг оруулъя. Төрийн болоод төв, орон нутгийн байгууллагад тогтвортой ажилласан хүнийг албан тушаалд дэвшүүлэн томилдог болохыг хуулчилъя. Тухайлбал, төрийн яаманд магадгүй 3 аас 5 жил ажилласан туршлагатай, ёс зүйтэй, ур чадвартай болохоо харуулж чадсан хүнийг хэлтэс, газрын дарга болгодог, карьерийн зарчмаар албан тушаалд дэвшүүлдэг байх тодорхой өөрчлөлтүүдийг төрийн албаны тухай хуулинд оруулъя. Энэ талаар та бүхэн зөвлөлдөж ярилцах ёстой. 

    Төрийн албанд аль намын, аль нутгийн, хэний хүн байх нь гол биш гагцхүү стандарт шаардлагыг хангасан сайн менежер, зохион байгуулагч, төрд сэтгэлтэй хүн ажилладаг байх ёстой. Төрийн шийдвэр гаргах тогтолцоог нотолгоо, судалгаа, бодит тооцоонд тулгуурласан зарчимд шилжүүлэх нь бодлогын тогтвортой байдлыг хангах, нэг хүчин зүйл мөн. Төрийн албаны тогтвортой байдал, засаглалын чадавхийг сулруулж, хүний нөөцийн бодлогыг алдагдуулахад хүргэсэн нэг зохисгүй хандлага бол улс төрийн нөлөөлөл гэсэн ерөнхий нэрийн дор халхавчлагдсан зүй бус оролцооны зохисгүй үр дагавар юм.

    Намчирхах, нутгархах, бүлгэрхэх, албан тушаал, эрх мэдлийн нэр сүрээр төрийн байгууллагын дотоод ажил хэрэг, хүний нөөцийн бодлогод ил далд хэлбэрээр нөлөөлдөг энэ зүй бус зохисгүй оролцоо, хандлагыг таслан зогсоох улс төр, эрх зүйн баталгааг бүрдүүлэх ёстой. Энэ талаар та бүхэн салбар хуралдаан дээрээ сайн ярьж, хэрхэх тухайгаа хэлэлцэж тогтоно бизээ. Сайн засаглалын нэг гол шалгуур бол иргэддээ ойр байх, тэдний төлөө чанартай, адил тэгш, алагчлалгүй үйлчилгээ үзүүлдэг байх явдал мөн.

    Төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” хэмээн бид хуульчилсан. Үүнийг хуулийн хуурай заалт, хоосон тунхаг байлгалгүйгээр төрийн албан хаагч бүр үйлдэл, сэтгэл болгон хувиргаж, үйл ажиллагаагаараа нотлон харуулахыг амьдрал та биднээс шаардах боллоо. “Өндөр чанартай үйлчилгээг ард түмэндээ хүргэх” нь дэлхийд жишиг болохуйц стандарт бүхий Канад улсын төрийн албаны хамгийн нэгдүгээр эрхэм зорилго болдог байна.

    Үнэндээ улсынхаа ард иргэдэд чин сэтгэлээсээ үйлчлэх гэсэн үзэл бодол бүх төрийн албан хаагчдын зүрх сэтгэлд шингэсэн байвал зохино. Сэтгэл л байвал таны үйлчилгээ хүнд хүрнэ. Үг яриа, үйлдэл, зан үйл, үйлчилгээ, ажлаас таны сэтгэлийг иргэд мэдэрч, харж, уншиж байгаа. Иргэд та биднээс их юм шаардахгүй. Гагцхүү бодитой, нээлттэй сэтгэл шингэсэн үйлчилгээ, хүн ёсны харилцааг л хүсч байна.

    Төрийн байгууллагын ажил, үйлчилгээний соёлд эргэлт гаргахад хувийн хэвшлийн байгууллага, тэндхийн ажилтнуудаас санаа авах, сурах юм их бий. Хөндий харьцаа, хөшүүн хойрго байдал, хүлээлгэж уях, хариу нэхэх байдлын илрэл нь шуурхай түргэн, шударга тэгш хандаж, угтаж авч тосч үйлчилдэг үйлчилгээний хэм хэмжээг мэдэх болсон манай иргэдийн уур уцаарыг хүргэх нь гарцаагүй. Төрийн нэрээр хувийн ажлаа амжуулж, төрийн алба гэсэн вакум орчинд сууж хүнд суртлын үүр уурхай болсон зарим хандлагыг өөрчлөхийг ард иргэд шаардаж буйг бид анзаарахгүй байж болохгүй.

    Өнөөдөр төрийн нэрийн өмнөөс нийтдээ 150 гаруй мянган албан хаагч ажиллаж байна. Тэдний 113 мянга гаруй нь төрийн үйлчилгээний албан хаагчид бөгөөд тэд өдөр тутам төрийн нийтлэг үйлчилгээг иргэдэд хүргэх үүрэгтэйгээр ажилладаг. Төрийн тусгай, төрийн захиргаа, улс төрийн албан хаагч хэн нь ч байсан өдөр бүр хүнтэй харилцаж  байгаа. Энэ олон хүнийг хүний төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлд нэгтгэн зангидвал “олны хүч оломгүй далай” гэгч болно. 

    Ард түмэндээ үйлчлэх андгай тангараг бүхий төрийн албан хаагч та бүхэн нийтээрээ эрхэмлэн дээдлэх, үнэт зүйл, чин эрмэлзлээ анхны чуулганаараа тунхаглан илэрхийлж, сахин мөрдөх нь зүйтэй. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, түмний төлөө төрийн нэрийн өмнөөс үнэнч шударгаар зүтгэж байгаа хэнийг ч манай ард түмэн мэднэ, хүндэтгэнэ. Төр тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж нэр төрийг нь хамгаалахыг хичээнэ. Ингэж ажиллаж байгаа төрийн албан хаагчиддаа Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж та бүхнээр уламжлан ажлын амжилт, сайн сайхны ерөөл дэвшүүлье.

    Монгол улсын төр, тэр дундаа Засгийн газар бол хамгийн том ажил олгогч, ажил үйлчилгээний хамгийн том захиалагч, хамгийн их хөрөнгө оруулагч мөн. Ажил олгогчоос ажил эрхлэгчид тавих болзол, шаардлага цөм стандартчилагдсан байх учиртай. Энэхүү стандарт нь хэн нэгэн хүнд зориулагдсан биш хийж гүйцэтгэх ажил үйлчилгээний цар хүрээ, чанар, хүртээмж, соёл, хариуцлагын хэмжээгээр тодорхойлогдох ёстой. Дээр нь энэ стандарт бидний жишиг болгохыг зорьж буй улс орны төрийн байгууллагын ижил түвшний албан тушаалд тавигддаг стандартын хэмжээнд буюу түүнд дөхөж очсон байх шаардлагатай болоод байна. Даяаршил, нийгмийн хөгжил, биднийг тосон ирж буй хөгжлийн давалгаа үүнийг шаардаж байна.

    Манай төрийн байгууллагын ажил үйлчилгээ, албан хаагчдын мэдлэг, ур чадвар дэлхийн түвшний төрийн албаны стандартаас л доогуур байх юм бол төрийн алба бол улс орны хөгжлийн хөтөч байна гэдэг үг зүгээр л хоосон зүйл болно. Төрийн захиргааны шинэтгэл, улсын салбарын шинэ удирдлага, сайн засаглал, шинэ хэв маягийн Засгийн газар, төрийн шинэ менежмент, эзэн агентийн харилцаа, ажил үйлчилгээний өртөг зэрэг төрийн захиргааны үзэл онолын мөн чанарыг илэрхийлсэн ойлголтууд нь зөвхөн онолын ном зохиолд хэрэглэгддэг эсвэл зарим хүний цэцэрхсэн хоосон үг болж үлдэнэ. Бид үүнийг хүсээгүй. Үгийг үйл хэрэг, онолыг практик хэрэглээ болгохыг та бүхнээс хүсч байна.

    Төрийн засаглалын өгөөж, үр дүнг дээшлүүлэхэд компанийн засаглалын зарим сайн стандартаас суралцвал зохино. Компанийн ажлын байранд тавигдах шаардлага, удирдлагын менежмент, стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн үнэлгээ, хяналт шинжилгээ, тайлагнал гэж бидний ярьдаг зүйл цөм стандартчилагдсан, тэгэхдээ бүр дэлхийн түвшинд гэж ярих хэмжээнд хүрчээ. Төрийн байгууллагаас шаардаад, бидний хүрэх гээд хүсээд байгаа ажил үйлчилгээ, менежментийн стандарт жишиг бидний дэргэд ойрхон байна. Үүнээс суралцацгаая, тэдэнтэй уралдацгаая гэж уриалмаар байна.

    Төрийн байгууллагын хөгжил, төрийн албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадвар, харилцааны соёл, хүнд хандах сэтгэлээс, төрийн албаны шинэтгэлийн хувь заяа шууд хамаарах нь тодорхой. Тийм л хүнийг олж тодруулах, сонгон шалгаруулах, ажилд томилох, сонгоход Төрийн албаны зөвлөл болон түүнд оролцогч эрх бүхий субьектүүд нэгдмэл бодлого, нэг л шалгуураар ханддаг, шинэ соёлын хэм хэмжээг хэвшүүлэх нь зүйтэй.

    Улс төрийн намууд ч энд тодорхой үүрэг хүлээх ёстой. Тэд төр, иргэнээ хүндэтгэж байгаа л бол төрийн албаны стандарт шаардлагад нийцэх хамгийн сайн боловсон хүчнийг л төрд илгээвэл зохино. Ингэж чадвал ажил хэргийн нэгдмэл эрх ашгийн үүднээс ашиг сонирхлын зөрчил үүсэх ёсгүй. Харин хаана энэ стандарт зөрчигдөж, иргэдийн итгэл хүлээхгүй хүнийг төрийн албанд зүтгүүлнэв, тэнд сонирхлын зөрчил үүсэж, намынхаа ч, төрийн албаны ч нэр хүндийг унагаадаг муу зуршил, дутагдлыг өөрчилье гэж намуудад хандан уриалья. Энд бас л стандарт шаардлага, хуулийн зохицуулалт хэрэгтэй. Холбогдох хууль тогтоомжуудад ийм зохицуулалт хэм хэмжээг суулгаж өгөхөд цаг алдмааргүй байна.

    Мерит зарчимд суурилсан мэргэшсэн, чадварлаг төрийн албаны ажилтан, албан тушаалтанд зайлшгүй байх бас нэг гол шалгуур шинж бол чин шударга, хариуцлагатай байх чанар билээ. Үүнийг ч иргэд хүсэж шаарддаг, бас шүүмжилж баалдаг. Ингэх ч эрхтэй. Тиймээс салбар хуралдааны хэлэлцүүлгийн үеэр төрийн байгууллага, төрийн зарим албан хаагчдын шударга бус, хариуцлагагүй үйлдлийн талаар баримттай, эзэнтэй, тодорхой яригдана гэж бодож байна. Үүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан анхааралдаа авбал зохино. Чухамдаа шударга, зөв шүүмжлэл шинэчлэлийн хөшүүрэг, хөтөч болно гэдэгт би санал нэг байна.

    Шударга хариуцлагатай байх нь ерөөс хүн бүрт байвал зохих эрхэм чанарууд мөн. Гэхдээ төрийн байгууллага болон хувийн хэвшилд ижилхэн эрэмбийн ажил, албан тушаал эрхэлж байгаа 2 хүн байхад иргэд төрийн албан хаагчаас нь дээрх чанарыг илүү нэхэмжилж, хүсэмжилдэг буюу илүү өө сэвийг олж хардаг байна. Энэ бол төрөө хүндэтгэх уламжлалт хандлагын үүднээс бол төрийн албаа цэвэр ариун байлгах, шударга бус хүнийг шургалуулахгүй байх гэсэн бодол эрмэлзлэл, орчин үеийн ойлголтоор бол татвар төлөгчид түүнд хяналтаа тавьж, хариуцлага нэхэж байгаагийн илэрхийлэл юм. Шударга бус, хариуцлагагүй хүнийг хэн ч хаана ч цалинжуулахыг хүсэхгүй нь тодорхой. Төрийн албанд ч энэ зарчмыг хатуу мөрдлөг болгох ёстой. Хариуцлага тооцдог маш тодорхой механизмуудыг Төрийн албаны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжуудад нэмж суулгаж өгье.

    Хаа газрын төрийн алба ёс зүйн асуудалд ихээхэн анхаарал хандуулах болжээ. Төрийн албанд ажилд авах, албан тушаал дэвшүүлэхдээ мэдлэг, мэргэшлийн ур чадвараас гадна тухайн хүний биеэ зөв авч явдаг, эрх мэдлээ урвуулан ашигладаггүй, улс төрийн нөлөөнд автдаггүй, зүй бус авирладаггүй, ноцтой алдаа гаргадаггүй байх зэрэг шинжүүдийг зарим улс орон төрийн албаныхаа үндсэн шалгуур болгодог болжээ. Үүнийг ч манай төрийн алба жишиг болгох хэрэгтэй. Засгийн газар өнгөрсөн оны эцсээр “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний дүрэм”-ийг баталж гаргасан нь энэ чиглэлээр хийсэн нэг ажил юм.

    Энэ дүрмийг мөрдөж хэрэгжүүлэх нь чухал. Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөлүүд төрийн албан хаагчдыг мэргэшүүлж чадваржуулахын зэрэгцээ илүү өндөр ёс зүйтэй болгох, иргэдэд ёс зүйн үлгэрлэл, манлайлал үзүүлдэг болгох талаар, төрийн албаны эрхэмлэл, үнэт зүйлийг нийтэд түгээх талаар сургалт, соён гэгээрүүлэх ажлыг өрнүүлэх шаардлагатай байна. Төрийн алба шударга, хариуцлагатай байх гэдэг нь зөвхөн төрийн албан хаагч нэг бүрийн ёс зүй, хариуцлагаар хязгаарлагдахгүй. Мөн төрийн байгууллагын үйл ажиллагаа, түүний шийдвэр гаргах арга механизм, гүйцэтгэлийн хэмжүүр, шалгуур, үнэлгээ нь нээлттэй, ил тод, шударга байх зарчимаар бас тодорхойлогдоно.

    Шударга бус, хариуцлагагүй байсныхаа төлөөсөнд асар их төлбөр төлж байгаагаа нийгмээрээ ухаарч сэхээрч байна. Тиймээс энэ шаардлагыг иргэд Та бидэнд нэхэл хатуутай тавьж байгаа нь зүй ёсны юм. Иймд та бид хичээх учиртай. Ажил албандаа илүү хариуцлагатай, шударгаар ажиллахын тулд бид хэнд ч, юунд ч төлөөс төлөхгүй, зарлага гаргахгүй, харин ч итгэл, хүндэтгэлийг олно. Төрөө гэх ард түмний итгэл сэргэж ирнэ. Тэгэхээр энд тухайн хүний хүсэл зориг л хэрэгтэй. Та бүхэнд ийм хүсэл зориг, эрмэлзлэл бий гэдэгт итгэж байна. Надад тийм итгэл эрмэлзлэл, хүсэл зориг байна. Шударга, хариуцлагатай төрийн албаны төлөө бид хамтран ажиллацгаая.

    Чуулганы эрхэм төлөөлөгчид өө,

    Нэн түрүүнд ард түмэндээ үйлчлэх эрхэм зорилгоо ухамсарласан, хүний төлөө сэтгэл, хүсэл зоригтой, шударга, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай, мэргэшсэн тогтвортой албан хаагчдаас бүрдсэн, үйл ажиллагаа нь нээлттэй, уян хатан, чадварлаг, иргэддээ ойр, стандартны төрийн албыг хөгжүүлэхийн төлөөх өөрийн байр суурь, үзэл баримтлалаа товч илэрхийллээ. Та бүхэн үүнийг баяжуулан хэлэлцэж, төрийн албаны шинэтгэлийг улам эрчимжүүлэх талаар санал бодлоо шингээсэн зөвлөмж чиглэлийг энэ чуулганаас гаргавал удирдах хорооны төдийгүй төрийн албаны цаашдын ажил хэрэгт ач тустай байх болно.

    Төрийн албаны шинэтгэлд нийгмийн бүх бүлэг, хэсгийн зөв оролцоо, дэмжлэг хэрэгтэй. Төрд иргэний хяналт, хэвлэл мэдээлэлийн байгууллагын үүрэг нэн чухал. Төрийн үйл ажиллагааны төвлөрөлийг бүхий л шатанд багасгаж, ачааллыг нийгэмд жигд хуваарилан эрх үүрэг, оролцоо-хяналтын тэнцвэртэй тогтолцоог бий болгоход анхаарах цаг болсон. Төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийнхний зүгээс үр ашигтай түншлэл, эрүүл шударга өрсөлдөөн нь төрийн албаны шинэтгэлд түлхэц болно. Зөв алхам, нааштай өөрчлөлтийг дэмжих гадаад хамтрагч дэмжигч нар ч байна. Тэдний сайн туршлага ч бидэнд боломж олгож байна.

    Ийнхүү хамтын хүчин чармайлтаар төрийн албаны шинэтгэлийг ашигтай үр өгөөжтэй хэрэгжүүлж чадваас хөгжилтэй улс орон, бүтээгч ард түмэн болох боломж улам ойртоно. Учрах сорилтыг даван туулж, сайн засаглалын стандартыг бий болгосноороо Монголчууд бид эх орон, байгалийн баялагийнхаа эзэн нь байж, иргэний эрх чөлөөгөө бүрэн эдэлж, тав тухтай амьдралын орчин бүрдэж, үндэстнээрээ хөгжих болно. Хөгжил бидэнд ойртон ирж байна.

    Түрхрэн ирэх хөгжлийн шинэ давалгааг төрийн албаны шинэтгэлээр угтан тосч, түрлэг нэмэн, эх орондоо их бүтээн байгуулалтыг өрнүүлцгээе.

    Чуулганы ажиллагаанд амжилт хүсье.

    Төрийн ордон.    2011.06.23

  • С.Батболд: Нийт мал сүргийг вакцинжуулалт, туулгалт, угаалгад жилд 3 удаа бүрэн хамруулах ажлыг удахгүй эхлүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ цаашдын бодлого, чиглэлийн талаар Улсын Их Хурлыннэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл

    УИХ-ын дэд дарга аа,

    УИХ-ын  эрхэм гишүүд ээ,

    Мал аж ахуй нь олон зуун жилийн турш манай ард түмний амьжиргааны гол эх үүсвэр, өвөрмөц соёл иргэншлийн уламжлалыг хадгалж, дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод тодорхой байр суурь эзэлдэг. Тиймээс манай Засгийн газар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжсэн бодлогыг тууштай хэрэгжүүлж ирлээ. Манай улс 2010 оны жилийн эцсийн байдлаар 32.7 сая малтай, 160,0 мянган малчин өрхтэй  байна. Өнгөрсөн онд мал аж ахуйгаас 493.7 сая литр сүү, 264,4 мянган тонн мах, 12,7 сая ширхэг арьс шир, хонины ноос 22,4 мянган тонн, ноолуур 6,4 мянган тонн тус тус бэлтгэсэн нь энэ салбарын хөгжлийн том ирээдүйг илтгэн харуулах үзүүлэлт юм.

    чуулган, мэдээлэл

    Өнөөдөр Монгол оронд байгалийн баялгийн нөөцөө ашиглан уул уурхайг хөгжүүлэх сайхан боломж нээгдсэн ч улсын эдийн засагт мал аж ахуйн эзлэх байр суурь хэвээр хадгалагдаж, улам өгөөжтэй, үр дүнтэй байх төлөв харагдаж байна. Газрын хэвлийн нөөц баялаг нөхөн сэргээгддэггүй бол мал аж ахуйд хөдөлмөрөө шингээн ажиллаж чадвал үр төл, үржил шим, ашиг орлого нь тасралтгүй нэмэгдэж байдаг.

    Нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн олон мянган жилийн туршлагаараа Монголын ард түмэн дэлхий нийтэд гайхагдах соёл иргэншлийг бий болгосон. Гэвч дэлхийн уур амьсгал, байгаль экологийн өөрчлөлтийн улмаас бэлчээрийн доройтол, цөлжилт ихсэж, ган, зудын давтамж ойртох боллоо. Ийм үед байгалиас шууд хараат бэлчээрийн мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгож, олон улсын чиг хандлагатай уялдуулах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс хөдөө аж ахуйн салбарын бодлого,үйл ажиллагааг оновчтой болгон эрчимжүүлэх, зарим арга хэмжээг шинээр төлөвлөн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байлаа.  

    Манай Засгийн газар хөдөө аж ахуй, малчид, мал руугаа хандсан бодлого, шийдвэрүүдийг тодорхойлон боловсруулж өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж байна. Бас шаардлагатай эрх зүйн баримт бичгийн төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, мал аж ахуйн хөгжилд онцгой анхаарал хандууллаа. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг батлуулж, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-д эх орондоо үйлдвэрлэсэн мах, сүү, хүнсний ногоог татвараас чөлөөлөх чиглэлээр нэмэлт оруулж, “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль”-ийг Улсын Улсын Их Хурал өчигдөрхөн хэлэлцэн батлаад байна.  

    Хууль батлагдсанаар биржийн сүлжээ бий болгож, мал, малын гаралтай түүхий эд болон малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах механизмыг оновчтой болгох нөхцөл бүрдэнэ. Мөн малын гаралтай түүхий эдийг үнэгүйдүүлэхгүй байх, малчдын хүч, хөдөлмөрийг зөв үнэлэх нөхцөл бий болох юм. Малчид нэг талаасаа үйлдвэрлэгчид, нөгөө талаасаа томоохон ажил олгогчид билээ. Тиймээс үйлдвэрлэгч–малчид маань явуулын худалдаачдын гарыг хараад суух биш өөрсдөө, айл хотлоороо, баг, сумаараа нэгдэж, хамтын хоршоо бий болгон эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ашиг орлоготой сайхан амьдрах өргөн боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Хүн амын хүнсний хэрэгцээ нэмэгдэж байгаа нь малчид, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөтгөх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх таатай боломж, нөхцлийг бүрдүүлж байна. Энэ боломжийг малчид маань бүрэн дүүрэн ашиглах ёстой.

    Төрөөс малчдын талаар баримтлах бодлого нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн гол бүтээгч эзэн болох малчин хүнийг хөгжүүлэх, малчдын амьдралын төвшинг дээшлүүлэх, хөдөөгийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн. Өөрөөр хэлбэл малчин хүн рүүгээ хандсан эрх зүйн баримт бичиг болсон. Харин “Монгол мал” үндэсний хөтөлбөрөөр мал руугаа чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж, мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах үзэл баримтлалыг дэвшүүлэн тавьсан. Энэ бүхэн нь малчдын нийгмийн асуудал, мал аж ахуйг хөгжүүлэх шинэ бодлого, түүхэн шийдвэр, томоохон хөрөнгө оруулалт болсон.

    Бэлчээрийн мал аж ахуйдаа зохицсон монгол ахуй, монгол дээл хувцас, эдлэл хэрэглэл, уламжлалт ёс заншлаа өдөр ирэх бүр бага багаар гээж, “нүүдэлч малч сэтгэлгээ”, “холч монгол ухаан” улам бүр алсарсаар байгааг зориуд тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Орчин цагийн Монгол малчин морио моторт хүлгээр, монгол дээлээ курткаар сольж  байгаа нь хувь хүний эрх мэт боловч нөгөө талаасаа малдаа ээлгүй, байгаль орчиндоо халгаатай үйлдэл болохыг мал дагаж насыг элээсэн буурлууд маань хэлж сануулах боллоо. Үүнд залуу малчид маань дүгнэлт хийж, ахмад буурлуудаа хүндэлж, уламжлал заншлаа дээдэлсэн, байгаль орчиндоо ээлтэй, мал сүрэгтээ сайн нөлөөтэй малч арга ажиллагааг аж ахуй эрхлэхдээ мөрдлөг болговоос зохилтой.  

    Малчин хүн малаа чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, сүргийн бүтцийг зохистой барих, малын гарал үүслээ тодорхой болгох, мал сүргээ эрүүлжүүлэхэд санаачилга гаргаж, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллах хэрэгтэйг Засгийн газрын тэргүүний хувьд анхааруулан ажиллаж ирлээ. Мал эмнэлэг, үржлийн  ажил, үйлчилгээг орон нутагт оновчтой хослуулан зохион байгуулснаар мал сүргийг төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, малын чанар, ашиг шимийг сайжруулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах, чанартай түүхий эд нийлүүлэх, малчдын хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл, биржийг хөгжүүлэх үндсэн нөхцөл бүрдлээ. 2011 оноос мал аж ахуйн салбарт зарцуулах төсвийн хөрөнгийг 2 дахин нэмэгдүүлж, бүх суманд мал эмнэлэг, үржлийн тасгийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулж байна.

    Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээлээс хамааралтай олон жилийн нүүрийг үзлээ. Бидний шийдвэрлэхээр зорьж байгаа нэг асуудал бол дотооддоо нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх явдал юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд УИХ-аас гаргасан томоохон бодлого, хөтөлбөрүүд үр дүнгээ өгч, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хөдөө орон нутагт биеллээ олж, малчид, иргэдийн орлого нэмэгдэж байна. Тухайлбал, ноолуурын зах зээлийн үнэ 3 жилийн өмнө 25,0 мянга байсан бол одоо 50-70 мянган төгрөг болсон.

    Засгийн газар ноолуурын салбарт 100 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хэлэлцүүлгийн явцад нэмж тэмээний ноос, хонины нэгдүгээр зэргийн 1 килограмм ноос тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх томоохон арга хэмжээ болж байна.  

    2011-2012 оныг мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжихэд онцгой анхаарч төрөөс малчдынхаа талаар олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Малчдынхаа эрүүл мэндийг илүү анхаарч, сум, орон нутгийн өрх, иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэгт оруулах, малчдын хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд бүрэн хамруулах, XXI  зууны иргэн, малчин өрх айл ямар байх тэр жишигт ойртуулах талаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Гэхдээ энэ салбар зөвхөн төрийн дэмжлэгээр бус мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, малчдын өөрсдийнх нь хичээл зүтгэл, идэвх, санаачилгаар өрнөн дэлгэрэх учиртай.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Мал аж ахуйн салбарын бодит нөхцлийг ойлгох, хөдөө орон нутгийн ажил байдалтай танилцахын тулд миний бие 21 аймгийн 70 гаруй сумаар нийт 15600 км явж, нутгийн удирдлага, малчид, иргэдтэй уулзаж санал, бодлыг нь сонслоо. Малчдын гаргасан олон бүтээлч саналуудыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэн тодорхой төлөвлөгөө болгон хэрэгжүүлж байна. Мөн бодлого, шийдвэрт тусгаж, орон нутгийн ард иргэдийн зарим хүсэлтийг тухай бүрт нь шийдвэрлэж ирлээ.

    Түүнчлэн Улсын Их Хурлаас батлан гаргасан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хөдөөгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн удирдлага, малчид, мал аж ахуйн мэргэжилтний 1500 гаруй төлөөлөгчийг хамруулсан үндэсний зөвлөгөөнийг 4 бүсэд зохион байгууллаа. Энэ зөвлөлгөөнд Засгийн газар онцгой ач холбогдол өгч хоёрт нь Ерөнхий сайдын хувьд оролцож малчид, мал аж ахуйн талаархи бодлого, үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлсэн. Бүсийн зөвлөлгөөнүүдэд Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд оролцож, санал бодлоо хэлж Засгийн газар, орон нутагт хандан тодорхой чиглэл өгсөнд талархаж байна. Уг зөвлөлгөөний үеэр гарсан үнэтэй санал санаачилгыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна.

    Малчдыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах бодлогын хүрээнд 2010 онд хийсэн судалгаагаар 80.4 мянган малчин эрүүл мэндийн даатгалд, 20.0 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдсан дүн гарлаа. “Хүний хөгжил сан”-гаас малчдын 2011 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх асуудлыг шийдвэрлэн хэрэгжүүлж байна. Малчдыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын тогтолцоонд хамруулах асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Суурь тэтгэврийн тухай болон Малчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн төслийг боловсруулж байна. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд уг асуудлыг тусгасан.Мөн малчдын өр зээлийг шийдвэрлэхэд Засгийн газар ихээхэн анхаарч байна. Энэ зорилгоор малчдын өр зээлийг “Хүний хөгжил сан”-гийн хүрээнд шийдвэрлэхээр судалж байна.

    2009-2010 оны өвөл, хаврын зудын сургамжид Засгийн газар дүгнэлт хийж, 2011 онд бүх түвшинд өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр тодорхой үүрэг, даалгавар өгч ажилласан. Өнгөрсөн өвөл зарим аймаг, сумын нутагт олон жилийн дунджаас ахиу цас орж, хүйтэн байсан ч аймаг, сум, малчид, иргэд өөрсдийн түвшинд өвс, тэжээл, хашаа, саравч, хэвтэр бууцаа сайн бэлтгэснээр өвөл, хаврыг өнтэй давж, эх мал жилбэтэй төллөж дуусах дөхөөд байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд оны эхний нийт малын 1,6 хувь буюу 534,3 мянган мал зүй бусаар хорогдоод байгаа нь олон жилийн дундажаас бага үзүүлэлт юм. Энэ онд нийт төллөх ёстой 15,4 сая хээлтэгч малын 77,9 хувь буюу 12,0 сая орчим мал төллөж, гарсан төлийн 97,7 хувь нь бойжиж байна. Энэ нь мөн л олон жилийн дунджаас өндөр үзүүлэлт боллоо.

    Хөдөө орон нутагт ажиллах үед хээлтүүлэгч малын хүрэлцээ хангамж, угшлын асуудал чухлаар тавигдах болсон нь анзаарагдлаа. Өнөөдөр хээлтүүлэгч малын хүрэлцээг бод малд хэвийн, бог малд 2,0 дахин нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Энэ нь 2009-2010 оны өвөл, хаврын зудын улмаас бог малын хээлтүүлэгч ихээр хорогдсоноос үүдэлтэй юм. Үүнийг шийдвэрлэх зорилгоор үржлийн сайн чанарын хээлтүүлэгч, хээлтэгч мал бойжуулж, борлуулах аж ахуйн үйл ажиллагааг бодлогоор дэмжиж “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд санхүүжилтийн тодорхой хувийг энэ чиглэлд зарцуулснаар асуудлыг ойрын 2 жилдээ багтааж  шийдвэрлэх болно. Мөн энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, биотехнологи, зохиомол хээлтүүлгийн арга хэлбэрийг өргөжүүлэн ажиллахад анхаарч байна.

    УИХ-ын гишүүд ээ,

    Засгийн газар мал сүргийг өвчин, эмгэгээс эрүүлжүүлэх бодлогыг нэн тэргүүний зорилт болголоо. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр баруун долоон аймгийг малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчлөөгүй, вакцин хэрэглээгүй тайван бүс нутгийн статуст хамруулж олон улсын түвшинд зарлах хүсэлтийг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад тавиад байна. Энэ нь эхний ээлжинд Монгол Улсын баруун бүс нутгаас мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бүрдүүлэх юм.

    Цаашид малын чанартай эм, био бэлдмэлийг аль болох дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах бодлого, чиглэл барьж байна. Малын эм, био бэлдмэл үйлдвэрлэх улсын үйлдвэрээс гадна хувийн үйлдвэрүүдийг шинээр бий болгох, малчдад үйлчилгээ хүргэж байгаа хувийн мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний нэгжүүдийн материаллаг бааз, чадавхийг сайжруулах чиглэлээр санхүү, зээл, татварын бодлого хэрэгжүүлнэ. Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газрын урт хугацааны 25.0 сая ам. долларын хөнгөлөлтэй зээлээр “Биокомбинат” төрийн өмчийн үйлдвэрийн газарт техник, технологийн шинэчлэл хийнэ. Ингэснээр тус үйлдвэр Европын Холбооны Үйлдвэрлэлийн зохистой дадлыг бий болгох (GMP)шаардлага ханган, мал эмнэлгийн ажил, үйлчилгээнд хэрэглэх эм, био бэлдмэлийн чанар, баталгаат байдал олон улсын стандартын түвшинд  хүрэх болно.

    Шүлхий өвчний гаралт Зүүн өмнөд Азийн бүс нутаг, манай хөрш орнуудад сүүлийн жилүүдэд идэвхжиж байна. Манай улсын зүүн бүсэд малын гоц халдварт шүлхий өвчин 2010 онд гарч малчдын болон улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулсан. Энэ өвчинтэй тэмцэхийн тулд Засгийн газар цаг тухай бүрт нь тодорхой арга хэмжээ авч ажилласнаар өвчлөлийг бүрэн зогсоож, малчдад учирсан хохирлыг барагдуулсан. Цаашид зүүн бүсийн мал сүргийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд жил бүр хамруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.Шүлхий өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжийн талаархи судалгааг Олон улсын Цөмийн энергийн агентлагийн тусламжийн хүрээнд хэрэгжүүлнэ.

    Засгийн газар мал эмнэлэг, үржил, үйлчилгээний хүрээг өргөтгөх, үр дүнг дээшлүүлэх зорилгоор тодорхой зүйлүүдийг төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал энэ онд бүх малыг паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх, бүх үхэр, цөм сүргийн малыг  ээмэгжүүлэн,  бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулна. Мал сүргийг нэг стандартын хувийн дугаартай болгож, бүртгэлд авах, тухайлбал, адуунд “цахим чип” суулгах зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ нь мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, аюулгүй байдлыг баталгаажуулж, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэн гадаад, дотоодын зах зээл, худалдаанд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

    Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд, манай орны нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр доройтсон байна.Бэлчээрийн доройтол, цөлжилтийг сааруулах зорилгоор “Бэлчээрийн тухай хууль”-ийн төсөл боловсруулсан. Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн дагуу уг хуулийн төсөлд нийт малчин өрхийн 10-аас доошгүй хувиас санал асуулга авч байна. Малын даатгалын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр индексжүүлсэн даатгалыг 2006 оноос 3 аймагт туршин хэрэглэж, 2011 онд 15 аймаг болгон өргөтгөж, 2012 оноос бүх аймагт хэрэгжүүлэх болно.

    Засгийн газар бэлчээрийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр зарцуулах төсвийн хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж ирлээ. Бэлчээрийг усжуулах,  хортон мэрэгч шавьжтай тэмцэх, хашиж хамгаалах, отрын бэлчээр шинээр бий болгох зэрэгт 2010, 2011 онд 6.0-7.0 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ хүрээнд манай Засгийн газар аймаг дундын отрын бүс нутаг 2-ыг бий болгож, бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх арга хэмжээг 2008-2010 онд 2611.3 мянган га талбайг хамруулан зохион байгуулсан.  Цаашид Засгийн газраас аймаг, сум дундын отрын бэлчээр нутгийг өргөтгөн хамгаалах, усжуулах, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлж, тэжээлийн агуулах, отрын бүс нутагт салхи, шуурганаас хамгаалсан бод, бог малын хашаа, хороо барих зэрэгт анхаарч хөрөнгө оруулалтыг ээлж дараатай нэмэгдүүлэх болно.

    Бэлчээрт нийт 36.0 мянга гаруй худаг ашиглагдаж байгаагийн 68 хувь нь гар худаг, 32 хувь нь инженерийн хийцтэй худаг байна. 2008-2010 ондинженерийн хийцтэй 1000 худаг гаргаж, 1500 худаг засварлаж, малчдын хүчээр 1600 гар худаг гаргасан. Хөдөөгийн хүн амыг болон 40,0 сая толгой малыг найдвартай усны эх үүсвэртэй болгоход инженерийн хийцтэй 8000 худгийг шинээр барих шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд тогтоолоо. Үүнийг үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд тодорхой зардлуудыг төсөвт тусган ойрын жилүүдэд шийдвэрлэнэ.

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар зарим нааштай үр дүн гарч байна. Эрчимжсэн мал аж ахуй болон хөдөө аж ахуйн тэжээвэр амьтан үржүүлж байгаа ферм, аж ахуйн нэгжийн тоо сүүлийн 3 жилд 458-аар нэмэгдэж 1295 боллоо. “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд сүүний 6 цогцолбор загвар аж ахуй байгуулж, 44 ферм, иргэнд цэвэр үүлдрийн үхэр олгох дэмжлэг үзүүлсэн. “Сүү” хөтөлбөрийн хүрээнд фермерийн аж ахуйнуудын дунд сүү хөргөж хадгалах 20 төв, 24 хөргүүрийн тоног төхөөрөмж, сүү боловсруулах 30 үйлдвэр, цех шинээр ашиглалтад оруулж, сүүлийн жилүүдэд 1367.0 сая төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг 60 гаруй иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон эрхлэх бүс нутгийн хилийн зааг, түүний эзлэх хувийг тогтоох асуудлыг шийдвэрлэж энэ хоёр салбарын бие биеэ нөхөх органик холбоог бүрдүүлэх шаардлагатай боллоо.

    Газар тариалангийн салбарыг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан зохистой хөгжүүлэх, малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх боломж манай улсад бий. Зүүн, баруун бүс нутгийн газар тариаланг хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар хураан авах ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх, улмаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон, бие биеэ тэтгэсэн үндэсний томоохон үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

    Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрийг түүхий эдэд нь тулгуурлан аймаг, сумын түвшинд барьж байгуулах, гадаадад экспортлох, хил орчмын бүс нутгуудад байршуулах нь эдийн засгийн хувьд үр ашигтай байх төдийгүй алслагдсан бүс, аймаг, орон нутгийн хөгжил, малчдын амьжиргаанд сайнаар нөлөөлөх юм. Үүнд зориулан 2009, 2010 онд жижиг, дунд үйлдвэрийг өргөтгөх, шинээр байгуулахад улсаас тус бүр 30 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр дэмжсэн. Харин одоо 150.0 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргах тухай Улсын Их Хурал хэлэлцэж байгаад талархал илэрхийлье.

    Манай улсад чанар сайтай мах, сүү, ноос ноолуур, арьс ширний асар их нөөц байна. Юуны өмнө сүү, махны боловсруулах үйлдвэрүүдийг олон улсын шаардлагын дагуу бодлогоор байгуулж, дотоодын хэрэгцээгээ сүү, махаар хангах, улмаар экспортлох ажлыг шуурхай зохион байгуулна. Мэдээж олон томоохон үйлдвэр барьж байгуулахад төсвийн хөрөнгө хүрэлцэхгүй байж болно. Гадаадын зээл тусламжийг ашиглах, хөрөнгө оруулалтын үр ашигтай санал боловсруулах олон хувилбар манай Засгийн газарт бий.  

    Төрийн өндөрлөгүүдийн гадаад албан ёсны айлчлалын хөтөлбөрт мал аж ахуйн хөгжлийн асуудал чухал байр суурийг эзэлж ирсэн. Тухайлбал өнгөрсөн жил Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нарын түвшинд монгол малыг эрүүлжүүлэх, улмаар мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцсан. Үр дүнд нь малын гоц халдварт шүлхий өвчнөөс нийт мал сүргийг эрүүлжүүлэхэд зориулан ОХУ-аас 375,0 сая рублийн буцалтгүй тусламжийг мал эмнэлгийн салбарт үзүүлэхээр тохиролцсон. Энэ хөрөнгийг малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, 6 аймаг, нийслэлийн өвчлөмтгий мал сүргийг хоёр жилийн хугацаанд вакцинжуулж эрүүлжүүлэхэд зарцуулна. Тусламжийн эхний шатны 8,5 сая тун вакцин ачигдахад бэлэн болж, уг баримт бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр сая гарын үсэг зурлаа.

    Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр тохирсон 200 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хүрээнд Монгол Улсад мах, сүү боловсруулах үйлдвэрийн цогцолбор барих, малчид, өрхийн тариаланчдад зориулсан газар тариалангийн болон хадлангийн иж бүрдэл бүхий 8000 бага оврын трактор авахаар ажиллаж байна. Энэ мэтээр Улсын Их Хурал, Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт авч, хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ хангалттай байна. Гэсэн хэдий ч, тухайн бодлого, үйл ажиллагааг анхан, дунд шатанд ойлгож хэрэгжүүлэх тал дээр анхаарах зүйл байгааг тэмдэглэж байна.

    Манай Засгийн газар цаашид мал аж ахуйн талаар дараахь асуудалд анхаарлаа төвлөрүүлж ажиллах болно:

    • XXI зууны малчин гэсэн ойлголтыг шинээр төсөөлж, малчин хүн бол үйлдвэрлэгч бөгөөд мэргэшсэн болохыг хүлээн зөвшөөрч, аж ахуй эрхлэх мэдлэгтэй, данс тооцоотой болгохоор ажиллана.
    • Малчдыг хөдөлмөрөө хоршиж хоршоо, нөхөрлөл, бүлэг болж ажиллахыг дэмжинэ. Манай улсын санаачлагаар НҮБ 2012 оныг “Олон улсын хоршооны жил” болгон зарласан. Одоо энэ ажлын бэлтгэлийг хангаж байна.
    • Хөдөөд ажиллаж байгаа малын эмч, мал зүйчдыг давтан сургах, мэдлэг чадварыг сайжруулах, тоог нэмэгдүүлэх нь төрөөс мал аж ахуйн талаар явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны эцсийн үр дүнг дээшлүүлэх нэг нөхцөл гэж үзэж байна.
    • Хүн амыг эрүүл хүнсээр хангах зорилгоор нийт мал сүргийг вакцинжуулалт, туулгалт, угаалгад жилд 3 удаа бүрэн хамруулахаар энэ жилээс эхлүүлэхээр төлөвлөж байна.

    Ийнхүү манай хамтарсан Засгийн газрын мал аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаас тоймлон танилцууллаа. УИХ-ын эрхэм гишүүд та бүхнийг мал аж ахуйн бодлогын талаар явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэхийг хүсье.

                 Анхаарал тавьсанд баярлалаа.

    2011оны 06 дугаар сарын 03-ны өдөр                   Улаанбаатар хот

  • НҮБ-ын “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

    УИХ-ын дэд дарга, гишүүд ээ,

    Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч нар аа,

    Энхийг сахиулагч цэрэг дайчид аа,

    Хатагтай, ноёд оо,

    Та бүхэндээ “НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн баярын мэндийг хүргэн мэндчилж байна.

    Манай улс энхийг эрхэмлэгч, энхийн төлөөх улс орон билээ. Монголын төр, ард түмэн энхийг сахиулагч эрэлхэг хөвгүүдээрээ бахархаж, хүндэтгэж ирсэн. Энэ жил Монгол Улсын Батлан хамгаалах яамны 100 жил, Зэвсэгт хүчний 90 жилийн түүхэн ой тохиож байна. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхэн маань эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баттай хамгаалж ирсэн бахархам сайхан намтар, түүхтэй. Энэ бахархам түүхээ даян дэлхийн амар амгалан, аюулгүй байдлын төлөөх энхийг дэмжих ажиллагаанд оруулсан хувь нэмрээрээ баяжуулсаар байна.

    Монгол цэргүүд энхийг сахиулах олон улсын ажиллагаанд оролцох болсон нь Зэвсэгт хүчний шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцын түүхэн ололтуудын нэг юм. Өнгөрсөн хугацаанд Конго, Баруун Сахар, Ирак, Афганистан, Косово, Сьерра-Леон, Гүрж, Этиоп-Эритрей, Чад, Судан зэрэг дэлхийн 3 тивийн 10 гаруй улсад манай 5000 гаруй цэргийн албан хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэлээ. Монгол цэргийн ур чадвар, тэсвэр тэвчээр, хатуужил дэлхийн хэмжээнд үнэлэгдлээ. 

    Монгол Улсын энхийн үйлсэд оролцсон цэргийн тоог хүн амтай нь харьцуулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орны нэг болж чадсан. Ингэснээр Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн нэмэгдэж, гадаад харилцаа улам бүр нээлттэй, чөлөөтэй болж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

    Өнөөдөр Монгол цэрэг мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадавхи, бие бялдрын болоод сэтгэл зүйн бэлтгэлжилтээрээ ямагт манлайлж ирсэнд Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бахархалтай байна. Монголын төр гадаад орны амаргүй нөхцөлд үүргээ гүйцэтгэж ирсэн энхийг сахиулагчидаа урамшуулан шагнасаар байх болно. Цаашид ч бид энхийг сахиулагч цэргийн алба хаагчдынхаа хийсэн бүтээснийг үнэлэх, үйл хэргийг нь алдаршуулах, ажлын орчин нөхцөл, зэвсэг техникийг сайжруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх талаар тодорхой бодлого хэрэгжүүлнэ.  

    Олон улсын энхийн хүчин чармайлтын талаархи Монгол Улсын байр суурийг анхнаас нь дэмжиж хамтран ажилласан НҮБ болон батлан хамгаалах, цэрэг техникийн салбарт хамтран ажилладаг улс орнуудад гүн талархал илэрхийлье. Эх орныхоо нэрийн хуудас болж үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн нийт энхийг сахиулагчид, тэдний гэр бүл, энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцсон бүх хүнд Засгийн газрынхаа өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улсынхаа төлөө, даян дэлхийн энх амгалангийн төлөө зүтгэж буй энхийг сахиулагчдийн маань суу алдар, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай.

    Сүхбаатарын талбай.                                                        2011.05.28

  • С.Батболд: Би ч гэсэн Facebook, Twitter-ийг ард түмнийхээ санаа бодлыг сонсох, залуусыхаа хүсэл эрмэлзлийг ойлгох гүүр болгон ашигладаг

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Мэдээлэл, харилцаа холбооны улсын зөвлөлгөөнийг нээж хэлсэн үг

    Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,  

    Хатагтай ноёдоо,  

    Та бүхэнд, Монгол Улсад мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Орчин үеийн мэдээлэл, шуудан, харилцаа холбооны шинэ үеийн түүх 90 жилээр хэмжигдэж байна. Гэвч бидний өвөг дээдэс өртөө улаагаар дамжуулан энэ салбарын эх суурийг олон зууны өмнө тавьж хүн төрөлхтний хувьд анхдагч болсон гайхам уламжлал бидэнд байгаа. Олон зууны өмнө бидний өвөг дээдсийн эх суурийг тавьсан энэ салбар өргөжин тэлж хил хязгааргүй болж хөгжлөө.

    Монгол улсын хувьд ч Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбар нь хамрах хүрээ, хөгжлийн хурдаараа бусад салбараа тэргүүлж байгаа билээ. Энэхүү манлайлал нь мэдээлэлжсэн нийгмийг бий болгоход оршиж байна. Мэдээллийн өндөр технологийг нэвтрүүлснээр төрийн бодлого, үйлчилгээг хурдан шуурхай болгох, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажилгүйдлийг багасгах, худалдааг хөнгөвчлөх,  мэдээллийн ил тод нээлттэй ажиллагааг бүрэн хангах, хүнд сурталыг бууруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ардчиллын боломжууд  улам нэмэгдэж баталгаажих юм. Ийм боломжуудыг бий болгож бэхжүүлэхийн төлөө манай Засгийн газар ажиллаж байна. 

     

    1955 онд зохион байгуулагдсан харилцаа холбооны салбарын Улсын анхдугаар зөвлөлгөөнөөр тус салбарын талаар баримтлах нэгдсэн суурь бодлого, төлөвлөгөө шаардлагатай  байгаа талаар хэлэлцэн шийдэлд хүрч байсан.  Уг зөвлөлгөөнөөс гаргасан бодлогын баримт бичгийн дагуу хөдөө орон нутаг сум суурин газарт холбооны үйлчилгээг хүргэх их аянг эхлүүлэн техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, үндэсний мэргэжилтэй боловсон хүчний асуудалд анхаарсан нь орчин үеийн хөгжлийн эх суурь болсон юм. Харин улсын анхдугаар зөвлөлгөөнөөс хойш 40 жилийн дараа энэ салбарын үндсэн сүлжээг аналоги технологиос тоон технологид шилжүүлэх ажил эрчимтэй хийгдэж,  суурин телефоны холболт, хот хоорондын дамжуулах системүүд, хотын кабель шугамын байгууламжуудыг иж бүрэн шинэчиллээ.   

    Өнөө үед харилцаа холбооны салбарыг либералчилах асуудал зайлшгүй тавигдаж байна. Энэ зорилгоор шударга өрсөлдөөн, зохицуулалтын бие даасан тогтолцоог бий болгох үүднээс Харилцаа холбооны зохицуулах хороог одоогоос 15 жилийн өмнө байгуулсан. Харин 2004онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрыг бие даан байгуулсан зэрэг нь энэ салбарт ач холбогдол өгч хөгжлийн хурдыг түргэтгэж өгсөн гэж хэлж  байна. Бид тэргүүлэх салбарынхаа хөгжлийг түргэтгэхийн тулд хууль эрх зүйн асуудалд ч ихээхэн анхаарах ёстой. Тиймээс харилцаа холбооны тухай хуулинд нэмэлт өөрчлөлтийг цаг тухай бүрт нь оруулж ирсэн. Цаашид ч цаг үеийн шаардлагын дагуу тодорхой өөрчлөлтүүдийг хийж хэрэгжүүлэх ёстой. Мөн хуулийн дагуу мэдээллийн эрх чөлөөг хангах нь илүү нээлттэй, илүү бат бэх ардчиллын үндэс суурь болно.

    Манай улс өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээний  хувьд дэлхийн дунджаас доогуур байна. Гэсэн хэдий ч амжилт бахархал энэ салбарт олон байгааг 90 жилийн түүхэн ойн босгон дээр онцлон тэмдэглэх ёстой. Гар утасны нэвтрэлтийн түвшин 90 хувиас илүү болж  ярианы үйлчилгээ дэлхийн дунджаас дээгүүрт хүрлээ. Мөн үүрэн телефоний оператор компаниуд үйл ажиллагаандаа “ISO-9001” Олон улсын стандарт болон үйлчилгээний салбарт шинэчлэл авчрах Сингапурын “Service Excellence” стандартыг нэвтрүүллээ. Харилцаа холбооны энэ салбараас нийгмийн хариуцлага, татвар төлөлтөөрөө бусдадаа үлгэр дууриал үзүүлсэн олон аж ахуйн нэгж төрөн гарлаа. Үйлчилгээ үнэ тарифын хувьд ч олон нийтийн сэтгэлд нийцлээ. Мэдээлэл технологийн салбарт монгол хүний ур ухаан дэлхийн түвшинд үнэлэгдэж байна. Yahoo,Google,Microsoft, Facebookгээд мэдээллийн технологийн дэлхийн хэмжээний компаниудад монгол залуус ажиллаж ур ухаанаараа бусадтай өрсөлдөж чадаж байна. Энэ бүхэн мэдээлэл технологийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх ирээдүй манай улсад байгааг харуулна.  

     

    Улс орныхоо ачаанаас үүрэлцэж, эрчимтэй хөгжиж, манлайлал үлгэр дууриал болж байгаа энэ салбарын улсын зөвлөгөөнөөр олон асуудлыг  та бүгд хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Орчин үед мэдээллийн эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж, технологийн хөгжил ч үүнийг даган хурдасч богино хугацаанд ихээхэн хөрөнгө оруулалттай техникийн шинэчлэл хийхийг шаарддаг боллоо. Цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд компьютер болон интернэтийн хүртээмжийг дээшлүүлж, гар утасны хэрэглээг эрс нэмэгдүүлж чадсан. Цаашид айл бүрт шилэн кабель, хүн бүрийг утасгүй интернэттэй болгохын төлөө ажиллах ёстой.  

    Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компанийн тоо олон ч гэсэн хэрэглэгчдэд үзүүлж буй хурд, чанар, зохицуулалтын орчин ч сайнгүй байгааг анхаарах нь зүйтэй. Энэ зөвлөгөөнөөр уг асуудлаар тодорхой зорилго чиглэл тавигдана гэдэгт итгэлтэй байна. Улс орны тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудын мэдээллийн технологийг тэргүүн ээлжинд  шинэчилж байх ёстой. Мэдээллийн технологийг боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн бүхий л салбарт  ашиглах талаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байна. Жишээ нь, эмчийн хүрэлцээ муутай байгаа хөдөө орон нутгийн иргэдийг зайнаас оношлох эмчлэх тогтолцоог бүрдүүлэх нь бидний холын биш ойрын зорилт болох ёстой. 

    Бид дэлхийн даяаршлын үед үндэсний соёл, боловсролыг контент буюу агуулгаар дамжуулан  системтэйгээр хөгжүүлэх, дэмжих зайлшгүй шаардлагатай байна. Мэдээллийн технологийг нэвтрүүлснээр хүн амын амьдралын чанар, түвшин дээшлэх учиртай. Бас улс орны хөгжлийн боломжуудыг хангаж өгнө. Энэ бол 90 жилийн түүхтэй салбарынхны хийх ёстой ажлын нэг хэсэг гэж ойлгож байна. Сүүлийн үед мэдээлэлжсэн нийгэм, хавтгай дэлхий гэж их ярих боллоо. Өөрөөр хэлбэл, бидний аж амьдрал, мэдээллийн хүртээмж нь хайлтын системийг хэрхэн бүрэн дүүрэн, зөв ашиглаж байгаагаас ихээхэн хамаарч байна.

    Улс төрийн дэглэм нь ямар байхаас үл хамааран улс орнууд өөрсдийн хайлтын системийг зориуд дэмжин ажиллаж байгааг бид анхааралтай ажиглах, давуу боломжуудыг нэвтрүүлэх бэхжүүлэх хэрэгтэй. Хамгийн наад захын жишээ гэвэл манай хоёр хөрш маань Google-ийг бус өөрийн хайлтын системийг түлхүү ашиглаж байгааг анхаарахгүй байхын аргагүй. Интернэтийн хайлтын систем нь тухайн улсын шинжлэх ухааны ололт дэвшлийн нэг томоохон илрэл юм. Энэ хандлагыг та бүхэн ойлгож бодлого шийдвэртээ тусгана гэдэгт итгэж байна.   

    Монголын залуучууд нийгмийн сүлжээ буюу Facebook, Twitter зэргийг  өргөнөөр хэрэглэдэг боллоо. Би ч гэсэн Facebook, Twitter-ийг өөрийн бодлого үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэх, ард түмнийхээ санал бодлыг сонсох, залуусынхаа хүсэл эрмэлзлийг ойлгох гүүр болгон ашиглах ёстой гэж үздэг.  Сүүлийн үеийн мэдээллээр 160000 орчим монголчууд Facebook ашигладаг гэсэн тоон судалгаатай танилцлаа. Энэ бол Монголчууд тэр дундаа залуучууд маань шинэ соргог зүйлд хурдан дасан зохицдогийн нэгэн жишээ юм.

    Хэдийгээр интернэт нээлттэй, хил хязгааргүй мэт боловч хувь хүний, байгууллагын, улс орны нууц, халдашгүй, аюулгүй байдалд ямар нэг хэмжээгээр нөлөө үзүүлж болзошгүй юм. Гэхдээ Facebook, Twitter гэх мэт нийгмийн сүлжээнүүдийг хаах, хориглох явдал байж болохгүй. Учир нь нийгмийн сүлжээ нь манай улс оронд иргэний сэтгүүл зүй, ардчиллыг, олон ургалч үзэл бодлыг төлөвшүүлэх, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Хамгийн гол нь бид үүний давуу болон сул талуудыг мэдэж байх, зөв ашиглах, зөв нутагшуулах явдал туйлаас чухал юм.

    Бид улс орондоо бүртгэл мэдээллийн үл үзэгдэх томоохон дэд бүтцийг барьж байгуулахаар зорин ажиллаж байна. Энэхүү дэд бүтцийг зөвөөр барьж байгуулж чадвал аливаа үйлчилгээ худалдааг гэрээсээ худалдан авах боломжууд төгс хэлбэрээрээ бүрдэнэ. Гар утасны үйлчилгээ, хэрэглээ ч гэсэн иргэн бүрт ижил тэгш болгох талаарх бодлого, дэмжлэг хэрэгтэй байна.

    Мэдээллийн технологийн орчин үеийн үсрэнгүй хөгжлийг дагаад боловсон хүчний асуудал ч бидний анхаарлын төв байх ёстой. Бид техник технологийн хөгжлийн тухай ярихаасаа илүү боловсон хүчнийхээ хөгжлийн тухай ярьдаг болмоор байна. Тиймээс мэдээллийн технологийн боловсролыг олгодог тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтын тогтолцооны талаар ч гэсэн та бүхэн  ярьж зөвлөлцөх байх аа. Орчин үеийн шинэ технологи, инновацийг хөгжүүлэх санхүүжилтийн олон арга замууд байгааг, АНУ, Европын холбоо, Япон зэрэг технологи хөгжсөн орнуудын туршлагыг судалж хэрэгжүүлэх хэрэгтэй.

    Өнөөдрийн уул уурхайгаас хэт хараат болж буй Монголын эдийн засгийг төрөлжүүлж зөөлөн буюу технологийн дэд бүтцийн хөгжил нөлөөлөл үзүүлдэг болгох бодлого чухал байна. Энэ асуудлаар ч гэсэн та бүхнийг бодлогоо тодорхойлоход хувь нэмрээ оруулна  гэдэгт итгэж байна. Программ хангамжийн үйлдвэрлэл, үйлчилгээг өргөнөөр нэвтрүүлснээр мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжүүлэх нөхцөл бололцоо бүрдэх юм. Ийм учраас энэ удаагийн Улсын зөвлөлгөөнөөр Монгол улсад уг салбарыг хөгжүүлэх зөв бодлогыг тодорхойлох ёстой гэж би хувьдаа ойлгож байна.

    Өнгөрсөн жил та бүхний төлөөлөлтэй уулзахдаа орчин үеийн жишиг стандартад нийцсэн Силикон Ваалий-Цахиуран Хөндийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн кампустай уялдуулан байгуулах  төсөл санаачилга гаргаж ярилцсан . Өнөөдөр энэ ажлын явц, та бүхэн үүрэг оролцооныхоо талаар санал солилцож ажлыг түргэтгэх талаар нэгдсэн шийдвэр гарган хамтран хөгжүүлэх талаар ярилцана  гэдэгт итгэж байна. Бид мэдээллийн кластерийг хөгжүүлж байж энэ салбараа бүрэн бэхжүүлнэ. Мөн мэдээллийн кластерийг европын стандартын дагуу хөгжих гэж буй хөрөнгийн зах зээлтэй уялдуулахад анхаарах хэрэгтэй байна. Тиймээс та бүхнийг хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж, энэ чиглэлийн сандарт туршлагад тулгуурласан шинэ бодлогыг бий болгон хэрэгжүүлэх талаар санал бодол байр сууриа илэрхийлэхийг хүсье.

    Манай мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар, түүний хамт олны өмнө хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн технологид тулгуурласан үйлчилгээг бусад салбарт нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэх, уялдуулах, салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх, хөдөө, орон нутагт үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлж ижил тэгш болгох зэрэг олон чухал зорилтууд тавигдаж байна. Бодлогоо зөв тодорхойлж, гарцаа олж амжилттай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.  

    Та бүхнийг Улсын зөвлөлгөөний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эх орныхоо  хөгжилд хэрэгтэй чухал санал, санаачилгыг  гаргаж хэрэгжүүлэхийг хүсье. Монгол Улсын мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарыг  өөрчлөн шинэчилж, өргөжүүлэн хөгжүүлж нийгмийн салбар бүрт хүрч үйлчилдэг болгоё.   

                Мэдээлэл, Харилцаа, Холбооны Улсын зөвлөлгөөнийг нээснийг мэдэгдье!

                                      Анхаарал тавьсанд баярлалаа