Ангилал: хэлсэн-үг

  • Дорнодчууд хамтарсан Засгийн газрыг дэмжиж байна

    хөдөө, томилолтХамтарсан Засгийн газар иргэддээ сар бүр Эх орны хишиг, хувь түгээн, Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдээ ажилтай, орлоготой байлгахыг зорьж байгаад Дорнод аймгийн иргэд талархаж байна. Мөн иргэн бүртээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн болон давуу эрхийн нийт 536+1ширхэг хувьцаа хуваарилж, монголчууд байгалийн баялагийнхаа эзэн гэсэн түүхэн шийдвэрийг баталгаажуулсан юм. Үүний зэрэгцээ хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхээр Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж, хувьцааг олон улсын зах зээлд энэ ондоо багтааж арилжихаар шат дараатай арга хэмжээ авч байгаа нь иргэдийн талархлыг хүлээсэн ажил болсон нь тэдний ярианаас харагдаж байлаа.

    Иргэддээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 20 хувь буюу одоогийн энгийн 536 ширхэг хувьцааг  1072 ширхэг болгон нэмж олгох саналыг УИХ-ын нэр бүхий 4 гишүүн гаргасныг Засгийн газар судлаж, шийдвэрлэхэд болохгүй зүйл байхгүй гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Гэхдээ ингэхийн тулд эдийн засгийн тооцоо, судалгааг нарийн сайн хийх хэрэгтэй гэдгийг ч тэмдэглэлээ. Цаашид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх, нэгж хувьцааны үнэ хэдэн төгрөг байх, хэзээ ногдол ашиг тараах зэргийн талаархи мэдээллийг ойлгомжтой, ил тод, нээлттэй хэлбэрээр бүтэн жилийн турш хүргэх ажил хийж байгаа гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн онцоллоо. 

      Дорнод аймгийн иргэдтэй хийсэн уулзалт ажил хэрэгч боллоо гэж Ерөнхий сайд үзэж байна.

    Иргэд Засгийн газрынхаа тэргүүнд хандаж тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлээ ярих нь зүй ёсны хэрэг. Гэхдээ бид өнгөрсөн 20 жилд хийж бүтээхээсээ илүү ярьж, шүүмжилж, маргалдаж, улс төржиж байсан ч улс орны хөгжилд төдийлөн тус нэмэр болоогүй. Харин одоо ярих биш хамтарч ажиллах цаг болсон. Монгол Улсын Засгийн газар ажилгүйдэл, ядуурал, авлига, хүнд суртал, архидалт гээд тодорхой сэдвүүдийг сонгон авч шийдвэрлэхээр ажиллахдаа сэтгэлийн хөөрөл, улс төрийн шинжтэй бус, харин ч мэргэжлийн хүмүүсийнхээ судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд тулгуурлаж байгаа. Хамтарсан Засгийн газар улс орны хөгжилд түлхэц өгөх томоохон шийдвэрүүдийг гарган хурдтай ажиллаж байна гэж тэрээр онцлон тэмдэглэв. 

    Тухайлбал 10 жил ярьсан ч нэг ч алхам урагш нь явуулаагүй Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хамтарсан Засгийн газар байгуулсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд орд газрыг ашиглах ажил урагштай явж байгаа бөгөөд Оюутолгойг ашиглалтад хүлээн авч эдийн засгийн эргэлтэд оруулснаар улс орон хөгжиж, иргэдийн амьдрал ч энэ хэрээр дээшилнэ. Мөн ордыг дагаж хот, суурин, аж үйлдвэрийн цогцолбор байгуулагдан, дэд бүтэц бий болж, үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж ч бүрдэж байгааг Засгийн газрын тэргүүн онцолж байлаа.

    Орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрмийг чанд баримталж байгаа эсэх, хууль нь нийцэж байна уу гэдэгт иргэд ч хяналт тавих ёстой. Засгийн газар ч гэрээнд тодорхой өөрчлөлт оруулж, монголчууддаа илүү ашигтай нөхцөл бий болгохыг чармайж байна.Тухайлбал зээлийн хүүг эрс бууруулж 6,6 хувь болгосон, Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд хувьцаа худалдахгүй байх зэрэг зарчмын томоохон өөрчлөлт хийсэн гэж Ерөнхий сайд хэлэв.

    Оюутолгойн орд газарт гадаадын ажилчид олноор ажиллаж байгаа тухай нэг бус хүн хэлж, шүүмжилж байлаа.

    Бидэнд өндөр зэрэглэлийн гагнуурчнаас эхлээд инженер, техникийн мэргэжилтэй ажилчин хангалттай байхгүй учир тэднийг сургаж бэлтгэх хэрэгтэй. Хүнээ бэлтгэсний дараа болно гэвэл орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил энэ хэмжээгээр хойшлох юм. Иймээс Засгийн газар цаг хожих үүднээс гаднаас богино хугацаагаар мэргэжилтэй ажилчдыг оруулж ажиллуулан, энэ хооронд монголчуудаа сургаж бэлтгэхэд анхаарч байна. Тухайлбал Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг өргөтгөх, шинэчлэх зэрэгт Мянганы сорилтын сангаас 60 сая ам.доллар зарцуулж байгаа. Бэлтгэгдсэн боловсон хүчнүүд маань бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд гар бие оролцох юм. Ингэснээр жишээлбэл Оюутолгойн орд газарт нийт ажиллагсдын 95 хувь нь монгол иргэд болно гэдэгт Засгийн газар итгэлтэй байна гэж хэлснийг Дорнодчууд алга ташин хүлээж авав.

    Мөн Тавантолгойн орд газрыг ард түмэндээ өмчлүүлэхтэй холбоотой асуудалд Засгийн газрын тэргүүн хариулахдаа “Нүүрсний үнэ хямд байсан үед үндэсний хэдэн компани нэгдэн орд газрыг лицензийг авсан. Эдгээр компаниуд эндээс нэг хүрз нүүрс гаргаж аваагүй ч жил бүр татвараа төлж байгаад ард түмэндээ буцааж өгсөн түүхтэй. Ийм шийдвэр гаргахад багагүй хувь нэмэр оруулсан хүний нэг нь С.Батболд. Гадаадын компанид лицензээ худалдалгүй төрдөө буцааж өгсний дүнд монголчууд маань өнөөдөр энэ орд газраас хувьцаа эзэмших боломжтой болсон юм. Аливаа юм үнэнээрээ байх ёстой. Энэ утгаараа Тавантолгойн төслийг дэлхийн жишигт хүрсэн, өрсөлдөх чадвартай, дараа дараагийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд загвар болохуйцаар хэрэгжүүлнэ болно” гэлээ.  

    Газрын тосны бүтээгдэхүүнээ гадагш нь гаргах бус дотооддоо боловсруулж хэрэгцээгээ хангах хэрэгтэй байна гэж Дорнод аймгийн цөөнгүй иргэн хэлж байв. Засгийн газар Тамсагбулаг, Зүүнбаянд бага оврын боловсруулах үйлдвэр байгуулахаар судалж байна. Энэ ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх ёстой гэж би үздэг гэж Ерөнхий сайд хэллээ. 

    Иргэдээс тавьсан асуудлын дийлэнх нь цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжтай холбоотой байлаа.

    Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг өсгөх нь Засгийн газрын онцгой анхаарлын төвд байдаг. Ингэхдээ тооцоо, судалгаанд үндэслэж, үе шаттай нэмэгдүүлэх чиглэл баримталж байгаа. Засгийн газар өмнө нь цалин, тэтгэвэр тэтгэмжийг 30 хувь нэмж, хөдөлмөрийн доод хэмжээг 140 мянган төгрөг болгосон. Энэ шийдвэр хувийн хэвшлийн нээгж, байгууллагад хүнд тусч байгаа гэсэн яриа гардаг ч ингэж бодохгүй байна. Өнөөдөр зарим аж ахуйн нэгжид ажиллагсдын дундаж цалин 900 мянган төгрөгт хүрсэнтэй Өмнөговь аймагт ажиллах үеэрээ танилцаж байсан. Энэ нь боломж байгааг харуулж байна. Харин иргэд маань зөвхөн, төр засаг гэж дээшээ хандалгүй өөрсдөө хариуцлагатай байж, зах зээлд эрэлттэй, хэрэгцээтэй байгаа мэргэжлээр суралцан, улмаар ажилтай, орлоготой болоход анхаарах хэрэгтэй гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн сануулав. 

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жилийн хүрээнд дотооддоо үйлдвэрлэх боломжтой 38 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг зөвхөн үндэсний аж ахуйн нэгжээс авч байх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Одоо аж ахуйн нэгжүүд чанартай, өрсөлдөх чадвартай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Ноос ноолуурын салбараа дэмжих үүднээс 100 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Засгийн газраас дэвшүүлэн тавьсан энэ мэт олон ажлын хэрэгжилт ямар байгааг шалгаж, тухайн орон нутгийн удирдлагын ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болгоно гэдгийг Засгийн газрын тэргүүн анхааруулав.

    Өндөрхаан-Чойбалсан хотыг хатуу хучилттай замаар холбох, Матад сумыг байнгын, найдвартай цахилгаантай болгох, Хүүхдийн парк байгуулахад хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлтийг шийдвэрлэхийн төлөө Засгийн газар ажиллана. Өндөрхаанаас тавих 143 км замын ажил эхэлсэн. Мөн Матад сумыг гэрэлтэй болгоход шаардлагатай 1,5 тэрбум төгрөгийн тодорхой хэсгийг төсвийн тодотголд суулгаж эрчим хүчтэй болгоно гэж Ерөнхий сайд амаллаа.

    Хоёр улстай хил залгадаг, эрчим хүч, дулааны найдвартай эх үүсвэртэй гээд давуу тал Дорнодчуудад их байна. Энэ боломжоо ашиглаж хөгжихийн төлөө хаа хаанаа анхаарах ёстой. Байгаа боломжийг нь дэмжиж, нутаг орныг хөгжүүлж, иргэдийн ахуй амьдралыг сайжруулах шаардлага, сонирхол Монгол Улсын Засгийн газар, Ерөнхйи сайдад байна гэж тэрээр уулзалтын төгсгөлд онцлон тэмдэглэв. 21 дэх аймагтаа ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Чойбалсан хотноо болсон “Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт зүүн бүсийн улсын зөвлөгөөнд оролцож үг хэлэв.

    Зөвлөгөөн нь малчид, аж ахуйн нэгж, төв, орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын хамтын идэвхтэй ажиллагаанд тулгуурлан мал аж ахуйн хөгжлийг эрчимжүүлэх, малчдын хөдөөд ая тухтай амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлэн, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх, хөдөөгийн хөгжил, улс орны нийгэм, эдийн засагт эерэг үр дүн авчрах зорилготой юм. Зөвлөгөөнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн бүх сумын Засаг дарга, сумдад байгуулагдсан Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малчдын төлөөлөл болох 200 гаруй хүн оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөн өдөр Дорнод аймгийн Халх гол сумыг зорив

  • Нутаг орноо бие даан хөгжүүлэх боломж, гарц нь та бүхний гарт бий

    Нутаг орноо бие даан хөгжүүлэх боломж, гарц нь та бүхний гарт бий 2011 оны 5 дугаар сарын 05                    Баруун-Урт хот

    Сайн байцгаана уу,Сүхбаатарчуудаа,

    Нутаг усны ахан дүүс Та бүхнийхээ амар мэндийг эрэн мэндчилье. Хамт яваа УИХ, Засгийн газрын гишүүд болон ажлын албаныхны мэндийг уламжилъя. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод наран ургах зүг, эцэг өвгөдийнмаань гал голомт мөнхөд оршсон Сүхбаатар аймгаас хөдөө орон нутгийн анхны ажлаа эхлэх бодолтой байсан. Гэвч цаг уур, хорио цээр, улс төр нийгмийн байдал, гадаад томилолт, дотоод ажил гээд олон шалтгааны улмаас хойшлогдон зуны эхэн сарын шинийн хоёрны хур бороотой өдөр Та бүхэнтэйгээ ирж уулзаж байгаадаа баяртай байна.

    Манай Сүхбаатарчууд нутаг усандаа бишрэлтэй, уламжлал соёлдоо хүндэтгэлтэй, үзэл бодол үйлс зорилгодоо тууштай, эвсэг элгэмсэг, шулуун шударга зантай, эх нутаг, газар шорооныхоо төлөө гэсэн халуун сэтгэл, хатан зүрхтэй ард түмэн билээ. Эдгээр чанараараа Сүхбаатар нутгийнхан минь өрлөг түүхэнд ч, өнгөрсөн зуунд ч, өнөөгийн цаг үед ч улс төр, бизнес, урлаг соёл, спорт гээд нийгмийн бүхий л салбарт нэр алдраа дуурсгасан бахархах их үйлстэй ард түмэн.

     Энэ онд манай нутгийнхны овог, бахархал болсон Монголын ард түмний гарамгай хүү, цэргийн нэрт жанжин эх орны тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг манлайлагч Дамдины Сүхбаатарын үүсгэн байгуулалцсан улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын түүхт 90 жилийн их ойг улс орон даяар өргөн тэмдэглэлээ. Энэ ойн арга хэмжээний үеэр Монгол орны гал голомт болсон нэрэмжит талбайд нь Сүхбаатарынхаа хөшөөг шинэчлэн хүрэлдэж сүндэрлүүллээ. Талын энэ нутгаас, өвөг дээдсийн минь дундаас төрсөн их алдартныхаа үйл хэргийг үргэлжлүүлж, гавъяа зүтгэлийг нь алдаршуулж үеийн үед дуурсгаж явах нь Та бидний хүндэт үүрэг билээ.  

    Өнгөрсөн онд нутгийн хүүхэд Улсын баяр наадмын өсвөр насанд түрүүлж. Харин өнөө жил манай нутгийн хүү Цагаан сарын барилдааны түрүү бөхөөр тодорч ард олноо баярлуулсан. Монголчууд бид амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Тэгэхлээр Сүхбаатарчууд энэ жилдээ ч, ирэх ондоо ч аз хийморьтой, амжилт бүтээл арвинтай байна гэж билэгшээж байна. Монгол төрийн гарамгай удирдагчийнхаа нэрээр овоглосон, манай Сүхбаатарчууд улсынхаахөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэнэх оронч,  оюунлаг, хөдөлмөрч ард түмэн гэдгээрээ бахархах учиртай.

    Улсын баатар Чойн Дугаржав, АИХ-ын дарга асан Гомбожав, Монгол Улсын Ерөнхий сайд агсан Ц.Жигжиджав, Шадар сайд асан Ч.Улаан,УИХ-ын гишүүн Р.Буд, төрийн сайд Мажиг, Т.Намжим, Д.Готов, Ч.Хурц, У.Хүрэлсүх, Ц.Мөнх-Оргил, Т.Ганди улс төр, урлагийн зүтгэлтэн Магсархурцын Дугаржав, Ардын жүжигчин Ц.Шархүүхэн, Ш.Чимэдцэеэ, ардын багш Г.Батсүх, Ш.Шагдар, Ардын зураач Д.Амгалан, Төрийн соёрхолт нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар зэрэг төрнийгмийн зүтгэлтэн, эх оронч баатарлаг гавъяатнуудэнэ нутгийнх. Тэднийхээ тэнгэрлэг ухаан, оюунлаг авъяасыг өвлөсөн хожмын алдартнууд өнөөдөр өлгийдөө үнэгчлэн өсч, сурч боловсорч, дэгжин дэвжиж  байгаа. Энэ бүхэн та бидний ирээдүй. Үүний төлөө бид хамтдаа зүтгэх ёстой. 

    Эцэг өвгөдийн тахилга, шүншиг буян оршсон талнутгийнханмаань бурхан ухаант дархчууд, алдар цуутай уяачид, аргамаг хурдан хүлгүүдээрээ улс орондоо алдаршиж ирсэн баялаг сайхан уламжлалтай. Олон зуунаар амьдран суурьшсан нутаг ус маань Дарьгангын ариун дагшинбайгаль, Төрийн тахилгат Алтан овоо, эрийн хийморь сэргээсэн Шилийн богд, хун цэнгийн дуутай Ганга, Дуут нуурууд, өвөрмөц сонин тогтоцтой Талын агуй,  халтар халиун бугатай Лхачин вандад хайрханаасаа эхлээдолон зууны түүхийг хүүрнэх хүн чулууд гээд үзэмж төгс байгаль бүхий буурал түүхийн өлгий билээ.

    Энэ бүхний эзэн болсон элэг нэгт Сүхбаатарчуудтайгаа уулзаж, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийхээс гадна Та нарынхаа санал, бодлыг сонсох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төр засгийн анхаарлыг төвлөрүүлэх нь миний энэ удаагийн томилолтын зорилго болж байна. Өнгөрсөн зун намар миний бие баруун, төвийн, хангайн бүс нутагт ажиллаж, орон нутгийн иргэд, малчдаас гаргасан санал санаачилгыг дэмжиж хэрэгжүүлэх үүднээс 99 заалт бүхий төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 70 хувь нь хэрэгжиж бусад нь хэрэгжих шатандаа байна. Зүүн аймагт ажиллах энэ удаагийн томилолтоороо ч гэсэн тодорхой асуудлыг дэвшүүлэн хэрэгжүүлж Та бүхэндээ тайлагнах учиртай.

                Эрхэм хүндэт Сүхбаатарчууд аа,

    Манай Засгийн газар эцэг өвгөдөөс өвлүүлж үлдээсэн ашигт малтмал, эрдэс  баялагтаа тулгуурлан улс орноо хөгжүүлэх, хүн ардаа мэдлэг боловсролтой, өрсөлдөх чадвартай бүтээгч болгохын тулд их бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зорьж буй үедээ Та бүхэнтэйгээ уулзаж байна. Засгийн газар олон жил яригдсан томоохон асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж улс орныхоо хөгжлийг түргэтгэх төслүүдийг эхлүүлж, үйлдвэрлэл, бизнес хөгжих илүү тааламжтай нөхцөл бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж ирлээ. Ингээд Хамтарсан Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажил, бодлого зорилт, хэтийн төлвийн талаар  тоймлон хүргэе.

    Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүний үр шимийг ард иргэддээ тэгш шударга хүртээх  “Хүний хөгжил сан” байгуулж, Монгол хүн бүрээ ажилтай, орлоготой, боловсролтой болгох зорилт тавин хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Бас иргэн бүртээ ойр байж санал бодлыг нь сонсч бодлого үйл ажиллагаандаа тусган ажиллах нь Засгийн газрын үүрэг билээ. Үүний нэг илрэл нь иргэн бүрт олгох 1,5 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг, бэлэн мөнгө олгох зэрэг хэлбэрүүдээс сонгох талаариргэдээсээсаналавахажлыг зохион  байгуулан хэрэгжүүлж байна.

    Энэ оноос эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хүний хөгжил сангаас төлөхөөр болсон. Юуны өмнө ажил хөдөлмөр эрхлээгүй ард иргэд, их, дээд сургууль болон коллежийн оюутан, малчид хамрагдахболомжтой.  Эх орны хишиг хувиасаа их, дээд сургуульд сурч байгаа өдрийн ангийн оюутнуудын сургалтын төлбөрт зориулан 500.000 төгрөгийг өгч байна. “Хүний хөгжил сан”-гаас өнгөрсөн жил иргэн бүртээ 120.000 төгрөгийг бэлнээр олгосон. Энэ оноос иргэн бүртээ сар бүр 21.000 төгрөгийг буюу жилийн дүнгээр 252.000 төгрөгийг бэлнээр олгож байна.

    Засгийн газрын зүгээс байгалийн баялагаа тэгш шударга хуваарилахын зэрэгцээ хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Ард иргэдийн минь хувьцаа өсөж үржиж байдаг олон улсын жишигт нийцсэн орчин үеийн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр чармайн ажиллаж ирлээ. Энэ зорилгын үүднээс монгол улсынхаа иргэн бүрт Таван толгойн 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй олгох түүхэн шийдвэрийг манай хамтарсан Засгийн газар гаргалаа. Ийнхүү монгол улсын иргэн бүр эцэг өвгөдөөс өгсөн байгалийн баялагийнхаа эзэн болж, өмч хөрөнгөтэй байж, түүнийхээ хяналт хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх боломж бүрдлээ.   

    Хамтарсан Засгийн газар өнөө маргаашаа аргацаасан биш улс орны хөгжлийг олон арван жилээр тодорхойлох бүтээн босголтын их ажлуудыг эхлүүлж байна. Манай хамтарсан Засгийн газар улс орны хөгжлийн энэ л нийтлэг эрх ашгийн төлөө байгуулагдсан. Тиймээс “Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөр”, “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого” зэрэг уялдаа холбоо бүхий цогц бодлогуудыг шуурхай боловсруулан хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. 

    “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд шинээр 1100 км төмөр замыг барьж байгуулахаар болж өнгөрсөн сард энэ их ажлынхаа анхны шанг татлаа. Сүхбаатар аймгийн хувьд ч төмөр замын сүлжээнд холбогдожСалхит, Төмөртийновооны полиметалл, цайрын орд газар, Тал булаг,Бүрэнцогт,Далай булаг, Бумбат Өлзийтийн нүүрсзэрэг баялагорд газруудыг ашиглах, боловсруулах, дэлхийнзах зээлд гаргах, хүн ардынхаа ажил амьдралыг дээшлүүлэх, аймаг сум, улс эх орноохөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах асар их боломж бүрдэх юм.

    Төмөр замын хөтөлбөр хэрэгжсэнээр далайд гарах хамгийн дөт зам болох Бичигтийн боомтоор дамжуулан уул уурхай олборлох,боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн  нэгжүүдийг хөгжүүлэх, тэдний бүтээгдэхүүнийг экспортлох давуу талаа ашиглах томоохон гарцыг нээх боломжтой болох юм. Бид уул уурхайн орд газрынхаа ашигт малтмалыг түүхийгээр нь гадаад зах зээлд гаргахгүй. Харин эцсийн бүтээгдэхүүн болгох бодлогоо нийтээрээ хэлэлцэн шийдсэн. “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийн хүрээнд Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахаар төлөвлөж байна.

    Энэхүү цогцолборт кокс, химийн, гангийн, барилыг материалын гээд олон үйлдвэрийг байгуулж Монгол хүнээ ажилтай, улс орноо хөгжилтэй болгох зорилт хэрэгжих учиртай юм. Уул уурхайн салбараа хөгжүүлэхдээ бүх талуудын, ялангуяа нутгийн иргэдийн эрхийгхүндэтгэсэн, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөгнөлөөгүй, олон улсын шилдэг туршлагад тулгуурласан техник, технологитой, хуульёсыг дээдэлсэн,  ил тодхариуцлагатай уул уурхайг л хөгжүүлнэ.

    Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа томоохон бүтээн босголтоос гадна хувийн хэвшлийнхэн маань өөрсдийн санаачилга боломжоороо их ажлыг хийж гүйцэтгэж байна. Тухайлбал Өмнөговь, Ховд, Сэлэнгэ аймгийн орд газруудыг ашиглах болоод олборлолтыг дагасан дэд бүтцийн ажлуудыг өрнүүллээ. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт анх удаа үндэсний мэргэжилтэн, ажилчдын хүчээр дулааны цахилгаан станц барьж эхэллээ. Өөрөөр хэлбэл эх орныхоо бүтээн босголтыг монголчууд эзэн хүний хувьд гардан хийж байна.

    Гэвч их бүтээн байгуулалтын ажилд мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ шаардлага нэн их байна. Оюу толгой төсөлд 3600 гаруй монгол ажилчид өндөр цалинтай ажлын байраар хангагдахын зэрэгцээ өөр олон зуун хүний ажлын байр эзнээ хүлээж байна. Бид байгалийнхаа баялгийг хүн ардынхаа боловсрол мэдлэг, эрүүл мэндэд зарцуулах учиртай. Тиймээс Засгийн газар хүнээ өрсөлдөх чадвартай болгох, боловсрол мэдлэгтэй байлгахын тулд онцгой анхаарч байна. Төрийн өмчийн 42 их, дээд сургуулийг нэгтгэн 16 болгож цөөллөө. Олон улсын жишиг стандартын дагуу их, дээд сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх эхлэлийг тавилаа.

    Эхний ээлжинд ШУТИС-ийг Налайхын ойролцоо “Шивээтийн хөндий”-д байгуулахаар шийдвэр гаргасан. Энэ мэтээр их, дээд сургуулийг хотоос нүүлгэж Улаанбаатарын замын түгжрэл бөглөрөл, утааны асуудлыг шийдвэрлэхэд ч тус дөхөм болно гэж бодож байна. Хамгийн гол нь оюутан залуусын сурах орчин сайжирна. Их, дээд сургуулийг чанаржуулахын зэрэгцээ мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг олноор байгуулж өндөр цалинтай ажиллах хүчнийг бэлтгэх бодлогыг эхлүүллээ.

    Ерөнхий боловсролын салбарт олон улсын Кембрижийн стандартыг нэвтрүүлж, дэлхийд өрсөлдөх, хүлээн зөвшөөрөгдөх боловсон хүчин бэлтгэх бодлогыг тодорхой болголоо. Энэ жил олон улсын Кембрижийн стандартаар 30 ерөнхий боловсролын сургууль хичээллэнэ. Сүхбаатар аймагт ч гэсэн олон улсын стандартын дагуу нэг лаборатори сургуулийг шинэ хичээлийн жилийн эхнээс хичээллүүлнэ. Ингэж улс орныхоо бүх ерөнхий боловсролын сургуулийг дэлхийн жишигт хүргэх бодлогоо эхлүүллээ. Үүний үр шим нэг хоёр жилийн дараа биш нилээд хэдэн жилийн дараа мэдрэгдэнэ.

    Боловсрол, уул уурхай, хөрөнгийн зах зээлээс гадна Засгийн газар уламжлалт хөдөө аж ахуйн салбартаа ач холбогдол өгч ирсэн. Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсадаа ядуурлаас ангид байлгаж, эрүүл мэнд, нийгмийн хамгааллынх нь баталгааг бий болгох эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх нь бидний үүрэг юм. Тиймээс “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхан шатны нэгжийг бүх сумдад байгуулан Засаг даргын тамгын газарт гурван хүний орон тоотой  “Мал эмнэлэг, үржлийн тасаг”-ийг ажиллуулж эхлүүлсэн. Үр дүнд нь улсын хэмжээнд 329 суманд шинээр658 мэргэжилтэний ажлын байр бий боллоо.

    Засгийн газар хөдөө аж ахуйн салбараа дэмжиж хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлж байна. Анх удаа аймаг бүрт орон нутгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон дунджаар 800.0 сая, 5 бүсийн хөгжилд дэмжлэг үзүүлэхээр 24.0 сая, сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан бий болгоход 24 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт шинээр суулгалаа. “Монгол мал” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд улсын төсвөөс 2010 онд 5.3 тэрбум төгрөгийг зарцуулсан бол 2011 онд 51.0 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгасан гээд хэлэх зүйлтэй байна.

    Энэ удаагийн томилолтоороо ч мал аж ахуйн асуудалд анхаарлаа хандуулж яваа бөгөөд Зүүн бүсийн малчдын улсын зөвлөлгөөнийг Дорнод аймагт хийхээр төлөвлөсөн. Уг зөвлөгөөнөөр зүүн бүсийн мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудлаар жичдээ ярилцаж, санал солилцон шийдэлд хүрэх ёстой. Бид газар тариалангийн салбараа эрчимтэй хөгжүүлж, дотоодын хүнсний үйлдвэрлэлийнхээ хэрэгцээг бүрэн хангах зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Улиран одож буй онд бид улс орныхоо хэрэгцээт үр тарианы 97,0 хувь, төмсийг 100,0 хувь, хүнсний ногооны 53,7 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж чадлаа. Цаашид ч бид хүнсний үйлдвэрлэл, тариа будаагаа дотооддоо тарьж, үйлдвэрлэж байх нь эрхэм зорилгын маань нэг байх болно.

    Манай Засгийн газар аливаа хүнд суртал, авлига хээл хахууль, шударга бус байдлыг халахын төлөө байна. Өнгөрч буй 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж хүнд суртал чирэгдэл үүсгэж буй зөвшөөрлүүдийг хүчингүй болгож, зарим зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн төрийн үйлчилгээг хөнгөвчилж, нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Аливаа бүртгэлийн баримт бичгүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх, үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүлж, хураамжийг нь багасгалаа.  

    Харин 2011 оныг Засгийн газар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Манай улсад хөдөлмөрийн насны 130.000 хүн хөдөлмөр эрхлээгүй байна. Ажилгүйдэл ядуурлыг бууруулах талаар олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн ч үр дүн нь төлөвлөсөн бөгөөд хүссэн хэмжээнд гарахгүй байна. Тиймээс ядуурлыг бууруулах хамгийн том бодлого бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бодитой ажил болгох юм. Улсын төсвийн болон хувийн, гадаад, дотоодын,зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн хүрээнд 2011 онд шинээр 70.000гаруй ажлын байрбий болгохоор төлөвлөж байна. Энэ бодлогын хүрээнд өнгөрч буй 4 дүгээр сард Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянган төгрөг байсныг 30 хувь буюу 39600 төгрөгөөр нэмж 140 400 төгрөг болголоо.

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-тэй холбогдууланИргэдийн төлөөллийн болон  нутгийн захиргааны байгууллага ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад онцгой анхаарал хандуулж, аймгийн хөгжлийн давуу тал, нөөц боломжоо бүрэн ашиглаж, үйлдвэрлэл, үйлчилгээг бүх талаар дэмжин ажлын байрыг олноор бий болгох, оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Аймаг орон нутгийн удирдлагуудын ажлыг оны эцсээр дүгнэхдээ хичнээн ажлын байр бий болгосон бэ гэдэг нь хамгийн чухал үзүүлэлт байх болно гэдгийг зориуд хэлэхийг хүсч байна.

    Манай Сүхбаатар аймгийн хувьд ажилгүйдлийн түвшин өссөн, аж ахуйн нэгж болон ажлын байрны тоо өмнөх онуудаасаа буурсан нь онцгой анхаарал татаж байна. Энэхүү бодит байдалд аймаг орон нутгийн удирдлагууд дүгнэлт хийх хэрэгтэй. Засгийн газар төвлөрлийг багасгах төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх,  талаар бодитой ажлууд хийж байна. Энэ зорилгоор “Төсвийн тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Ингэснээр орон нутгийн төсвийн эрх мэдэл өргөжиж, үүрэг хариуцлага нэмэгдэх, иргэд төсвөө хянах зэрэг олон боломжууд бий болох юм.

    Мөн орон нутагт зарлагдах тендер буюу бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг оролцуулах бодлогыг ч баримталж байна. Эдгээр нь төвлөрлийг багасгахын зэрэгцээ орон нутгийн хөгжлийг дэмжсэн томоохон бодлого юм. Энэ мэтээр Засгийн газрын зүгээс хөдөө орон нутгийн ард иргэд та бүхэндээ тайлагнах, танилцуулах олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Хийж хэрэгжүүлэх гэсэн бодлого зорилт ч тодорхой байна. Дүгнэж хэлэхэд бид ард иргэдээ мэдлэг боловсролтой, ажилтай амьдралтай, орлоготой, орон сууцтай, хувьцаатай бүтээгч ард түмэн байлгахын төлөө хичээн ажиллаж ирлээ. Иргэд Та бүхнийхээ саналуудыг анхааран сонсч, ажил хэрэг болгохын төлөө ажиллах нь бидний үүрэг юм.

                Эрхэм хүндэт Сүхбаатарчууд аа, 

    Та бүхэн маань хөдөлмөрч хичээнгүй уламжлалаараа зах зээлийн нийгмийн үед орон нутгаа хөгжүүлэх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх талаар чамгүй амжилт олсон билээ.  2009 оны байдлаар аймгийн ДНБ-нийүйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн арван жилд 9дахин өсөж, 176.9тэрбум төгрөгт хүрсэн нь нэг хүнд ногдох хэмжээгээрээ 2.1 сая төгрөг болжулсын хэмжээнд Орхон аймгийн дараа буюу улсдаа аман хүзүүдсэн амжилт гаргасан.  

    Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 104,1 тэрбум  төгрөгбуюу өнгөрсөн оныхоос 3 тэрбумаар өссөн ньОрхон, Өмнөговь аймгуудын дараа  улсдаа гуравт орж байна. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэн өнгөрсөн 20 жилд манай Сүхбаатар аймгийн хөгжил дэвшлийн нүүр царай үндсээрээ өөрчлөгджээ. Аймгийн бүх сум суурин газрууд цахилгаан эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэр, өндөр хурдны шилэн кабель, үүрэн холбооны найдвартай сүлжээнд холбогдлоо.

    Төмөртэйн овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр, Тал булаг, Эрвэн хүдэр, Баян эрч гэх мэт уул уурхайн үйлдвэрүүд байгуулагдаж байгалийн баялагийг боловсруулж эхлээд байна. Мөн байнгын үйл ажиллагаатай Бичигтийн боомт нь ашигт малтмал, газрын тосыг экспортод гаргаж, гадаад худалдаа аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхитэй эрхэлж байна. Сүхбаатар аймаг маань эдийн засгийн хувьд бие дааж, улсын төсөвт орлого төвлөрүүлдэг цөөхөн аймгийн нэг болж чадсан. Нийгэм соёлын салбарууд ч амжилттай хөгжиж орчин үеийн сургууль, эмнэлэг, соёлын төвүүд баригдаж байна. Өнөөдөр л гэхэд аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумдын эмнэлэгүүдэд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2.5 тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүллээ.

    Энэ бүхэн Сүхбаатар аймаг төр засгийн бодлого, анхаарал дэмжлэгийн төвд ямагт байж ирсний үр дүн гэж үзэж болно. 2011 онд л гэхэд 13 тэрбум төгрөгийн 30 гаруй төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан. Аймагт хэрэгжиж байгаа томоохон төслийн нэг бол Дулааны цахилгаан станц, шугам сүлжээний иж бүрэн шинэчлэл юм. Анх 2007-2008 онд төсөл боловсрогдож БНСУ-ын “Койка” байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр гэрээ хэлэлцээр байгуулагдсан. Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан төслийн явцыг түргэтгэхэд, үр дүнтэй болгоход анхаарал тавих шаардлагатай.

    Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг эзэлдэг томоохон салбар хөдөө аж ахуйн ололт амжилт ч байна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймаг мал сүргээ таван төрлөөр өсгөн 1.9саятолгойдхүргэсэн. Энэ ньмал аж ахуйгцаашид тогтвортой хөгжүүлэх, түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх өргөнболомжбүрдсэнийг харууллаа.

    Мөн Сүхбаатар аймаг үзэсгэлэнт байгаль, домог түүх ихтэй бүс нутгийнхаа давуу талыг ашиглаж  аялал жуучлалыгэдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэхээр хөгжлийн хөтөлбөрт тусгасан нь оновчтой шийдэл юм. Энэ утгаараа байгалийн аялал жуулчлалын салбарт ч амжилт олж 2009 оны байдлаар 5,0мянга орчим жуулчидхүлээн авсан нь уг салбар ирээдүйтэйгхаруулж байна. Аймгийн эдийн засгийн үзүүлэлт сайжирч, тодорхой ажлын ахиц ололт байна. Бас нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагаас онцгой анхаарч ажиллах асуудлууд олон байгаа нь ажиглагдлаа.

    Ажилгүйдлийн түвшин 2009 оныхоос өссөн,  эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгжийн тоо буурсан, шинээр бий болгосон ажлын байрны тоо өмнөх оноос багассан зэрэг мэдээлэл байна. Энэ нь иргэдийн төлөөллийн болон нутгийн захиргааны байгууллага ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад анхаарал хандуулж, ажлын байрыг олноор бий болгох талаар оновчтой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг анхааруулж сануулсан хэрэг юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан сум бүрт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сан байгуулах зорилтыг өнгөрсөн жилээс эхлэн УИХ-ын гишүүдийн төсвийн багцаас санхүүжүүлэн хэрэгжүүллээ. Энэ жил улсын төсвөөс сум бүрт 50 сая төгрөг хуваарилсан. Уг хөрөнгийг үр дүнтэй зарцуулж ард иргэдэд хүртээлтэй ажлын байр бий болгохыг үүрэг болгож байна.

    Сүхбаатар аймгийн удирдлагын хариуцлагагүй, зохион байгуулалтгүй байдлаас болж малын гоц халдварт шүлхий өвчин газар авч малчид болоод улсад ихээхэн хэмжээний  хохирол учруулсан. Та бүхэн үйл ажиллагаандаа дүгнэлт хийх ёстой. Ард иргэд та бүхэн ч гэсэн ингэж шахаж шаардаж байх үүрэгтэй. Ер нь аймаг орон нутгийн удирдлага ард иргэдийн эрх ашгийг зөрчдөг биш хамгаалдаг байх зарчмыг анхаарах ёстой. Иргэдийн эрх ашгийг зөрчдөг тухай мэдээлэл Засгийн газарт нэг бус удаа ирж байна. Тиймээс үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, төр бол иргэддээ үйлчилж, эрх ашгийг нь хамгаалах үүрэгтэйг мартаж болохгүй.

               Эрхэм хүндэт Сүхбаатарчууд аа,

    Сүхбаатар аймгийн өөр нэг давуу тал бол эдийн засаг нь хурдацтай хөгжиж буй  БНХАУ-ын ӨМӨЗО-ны аймаг хошуудтай хөрш зэргэлдээ оршдог газар зүйн байршил юм. Тухайлбал Шилийн гол, Хянган,  Хөлөнбуйр зэрэг аймгуудтай харилцаа тогтоож, эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар аймгийн аялал жуулчлал, авто болон төмөр замыг хөгжүүлэх, гадаад, дотоод худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар анхаарч илүү идэвхи санаачилгатай ажиллах ёстой. Үүнийг дагаад иргэдийн орлого  нэмэгдэх, бүх талын үйлчилгээ өргөжих боломж бүрдэх юм. Энэ мэтчилэн аймаг өөрөө санаачилж зохион байгуулах ажил их байна. 

    Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын нэрэмжит  дунд сургуулийн байр 960 хүүхдийн суудалтай боловч 2115 хүүхэд суралцдаг, Тэмүүлэл цогцолбор сургуулийн 2, 3 дугаар байрууд нь хуучирсан, зэргэлдээ орших аймгуудтай хатуу хучилттай авто замаар холбогдоогүй зэрэг асуудлуудад Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу анхаарал тавьж, тодорхой дэмжлэг үзүүлэхээ Сүхбаатарчууддаа хэлье. Тулгарч буй бүхий л саад бэрхшээлийг даван туулахад аймаг, сумдын ИТХ, Засаг даргын тамгын газрын идэвх санаачлага, үүрэг хариуцлага чухал юм.

    Улс орныхоо эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын  амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг, ажилсаг хөдөлмөрч Сүхбаатарчууд Та бүхэн орон нутгаа хөгжүүлэхэд санаачлагатай хандаж, аймгийнхаа эрдэс баялгийн нөөцийг зохистой ашиглаж, мал аж ахуй, түүний дотор нутгийн шилмэл омог, махны чиглэлийн үхэр, Баяндэлгэрийн ноолуурын улаан ямаа, Эрдэнэцагааны ууцан сүүлтэй хонийг өсгөж үржүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэн хөгжүүлэх асар их боломж, сайхан ирээдүй байна.

    Сүхбаатар аймаг бол улсдаа томоохонд тооцогдох аж ахуйнууд ажиллаж байсан үр тариа, тэжээлийн ургамал тариалахад тохиромжтой хөрс бүхий газар нутгийн нэг. Тиймээс энэ боломж, уламжлалаа сэргээж илүү ихийг хийж бүтээнэ гэдэгт найдаж байна. Нутаг орноо бие даан хөгжүүлэх боломж, гарц нь Та бүхний гарт бий.  Цаашид олсон амжилт, бүтээлээ улам бататгаж, нутаг орноо хөгжүүлж,  илүү ихийг бүтээж төрт ёс, түүх соёлын арвин их баялагтай, тал нутагтаа сайн сайхан амьдрахыг нийт Сүхбаатарчууддаа  хүсэн ерөөе.

    Нутаг усны ахан дүүс Та бүхнийгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсч байна.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзахдаа хэлсэн үг

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзахдаа хэлсэн үг 2011 оны 05 дугаар сарын04-ний өдөр                                      Өндөрхаан хот

    Хан Хэнтий нутгийн эрхэм хүндэт ард иргэд ээ,

    Та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье,

    Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш анх удаа Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Өндөрхаан хотод ирж, дэлгэр зуны эхэн сарын шинийн нэгний хур бороотой энэ өдөр Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа билэгшээж байна. Уулзах хүсэл, төлөвлөгөө өнгөрсөн жилээс эхтэй ч учрал ерөөл өнөөдөр тохиолоо. Эзэн Чингэс хааныхаа гал голомтыг сахиж ирсэн ажилч, хөдөлмөрч Та бүхэнтэйгээ уулзсан завшааныг ашиглаж Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар ярьж, санал бодлоо хуваалцахыг хүсч байна.

    2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлснээс хойш гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Миний бие Засгийн газрын тэргүүний үүргийг хүлээж аваад жил зургаан сар боллоо. Энэ хугацаанд улс орныхоо өнөө, ирээдүйд дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлийг тодорхойлж ард олноо ажилтай орлоготой болгох, аж ахуйн нэгж, иргэдээ дэмжиж, хөгжлийг түргэтгэх, хэтийн зорилтуудаа дэвшүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар ихээхэн зүтгэл гарган ажиллаж байна.  

    Тухайлбал 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж,улс орны эдийн засгийн ачааг үүрч яваа бизнес эрхлэгчдийнхээ ажиллах орчинг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын хүнд суртлыг халах, шат дамжлагыг цөөлөх, хууль эрх зүйн орчноо сайжруулах зэргээр олон ажлыг эхлүүлсэн. Ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл чирэгдэл үүсгэж буй 100 гаруй зөвшөөрлийг хүчингүй болгож, 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагуудад шилжүүлж, бүртгэлтэй холбоотой хураамжуудыг хоёр дахин багасгалаа.

    Манай улсад ажилгүйдлийн түвшин 9.2 хувьтай байна. Тиймээс Засгийн газар ажилгүйдэл ядуурлын асуудлыг шийдвэрлэхийн төлөө бодлого зорилтоо тодорхой болгох зорилготойгоор 2011 онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж олон ажлуудыг эхлүүллээ. Эдийн засгийн өсөлтийг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой уялдуулах, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэн бүртээ хүрч ажиллахын зэрэгцээ өрх бүрээс нэг хүнийг ажил, хөдөлмөртэй болгох замаар энэ жилд 70 мянга гаруй  ажлын байрыг шинээр бий болгохзорилт тавиад байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны албан хаагчид, түүний дотор сум, багийн дарга нар, аймаг, орон нутгийн удирдлага, хувийн хэвшлийнхэн, ард иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллийн идэвхтэй оролцоо дэмжлэг чухал юм.

    Манай Засгийн газар улс орноо хөгжүүлэх, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, ядууралтай тэмцэх, хамгийн гол нь иргэнээ хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх явдал гэж үзэж, энэ асуудалд онцгой анхаарч байна. Ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлийг багасгах нь зөвхөн ядуурлыг бууруулах төдийгүй нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргийг багасгах, хүн ардын эрүүл амьдарч аж төрөх нөхцлийг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой.

    Зарим тохиолдолд аймаг орон нутагт шинээр гарсан ажлын байрны нөхцөлийг голох, ажлаас халшрах, биеэ оторлож хойш сууснаар тухайн аж ахуй нэгжид ажиллах боловсон хүчин олдохгүй байх явдал гарч байна. “Ажил хийвэл ам тосдоно” гэдэг нь зах зээлийн харилцааны өнөө үед ч нэн чухал боллоо. Хэн хөдөлмөрлөнө, тэр дэвжинэ. Хөгжлийг хүсч буй бол хөдөлмөрлөхөөс өөр гарцгүй. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн үр дүнд хичнээн хүн ажилтай болов гэдэг тоо баримт чухал ч гэсэн шинээр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн амьдрал ахуйд ямар өөрчлөлт, дэвшилт гарав гэдэг үүнээс илүү чухалгэж бодож байна. Танай аймаг, орон нутгийн удирдлагуудын ажлыг жилийн эцэст Засгийн газар дүгнэхдээ энэ л шалгуур үзүүлэлтийг гол болгоно гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

    Эрхэм хүндэт ард, иргэд ээ,

    Хамтарсан Засгийн газар байгуулснаар олон жил яригдсан асуудлуудыг шийдвэрлэж улс орны хөгжилд илүү тааламжтай нөхцөл бүрдүүлж эхлээд байна. Та бүгдийн сайн мэдэх Оюу толгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн оны өдийд байгуулсан. Одоо орд газрыг ашиглах, уурхайн үйлдвэрийн ажил ид өрнөж байна. Ирэх оноос үйлдвэр ашиглалтад орж бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй байна.

    Мөн Таван толгойн нүүрсний орд газрыг ашиглахтай холбоотой асуудлын талаарх төрийн бодлого, үзэл баримтлалыг Засгийн газар боловсруулан Улсын Их хурлаар батлуулсан. Ингэснээр Таван толгойн орд газрын 536 ширхэг хувьцааг иргэн бүртээ үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх шийдвэрийг манай Засгийн газар гаргалаа. Монгол хүн бүр эцэг өвгөдөөс өвлүүлж үлдээсэн өгөөж баян байгалийнхаа хишиг, хувийг ижил тэгш хүртэхийн зэрэгцээ эзэн хүний хувьд хараа хяналтаа тавих үүрэг, боломжуудыг бүрдүүллээ.

    Стратегийн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг хангаснаар нааштай эхлэлүүд бий болж, бүтээн байгуулалтын ажлуудад манай ард иргэд, аж ахүйн нэгжүүд идэвхи санаачилгатай оролцож, өргөн уудам говь нутагт хүн ам олноор суурьшиж эхлээд байна. Манай улсын уул уурхайн салбарын нийт ажиллагсадын тоо  48.000 хүрлээ. Өнөөгийн байдлаар Оюу толгой төсөлд 4600 гаруй монгол ажилтан ажиллаж байна.

    Ашигт малтмалын салбар Монгол орны ирээдүйн хөгжилд гол нөлөө үзүүлэх нь тодорхой болсон бөгөөд манай улс нүүрс, алт, зэс, уран, нефт болон бусад төрлийн ашигт малтмалын арвин нөөцтэй болох нь батлагдаж байгаа. Тиймээс цаашид стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг нарийн тооцоо судалгааны үндсэн дээр, ээлж дараалан улс орны эрх ашгийн үүднээс ашиглалтанд оруулах бодлогыг баримтлана.

    Хувийн хэвшлийнхэн маань уул уурхайн салбарын бүтээн байгуулалтыг эх орныхоо өнцөг булан бүрт хийсээр байна. Өмнөговь, Сэлэнгэ, Ховд зэрэг аймгуудад томоохон бүтээн байгуулалт өрнөж эхэлсэн. Уул уурхайн салбарын үр шимийг хүртэхийн тулд зөвхөн орд газруудыг ашиглалтанд оруулснаар хязгаарлагдахгүй. Олборлосон ашигт малтмалыг эцэслэн боловсруулах, тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэх, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд үнэ хүргэн арилжаалах нь чухал боллоо. Тиймээс томоохон орд газруудыг түшиглэн төвлөрсөн аж үйлдвэрийн парк бий болгох, ирээдүйд үр өгөөжөө өгөх их бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна.

    Засгийн газраас баталсан “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”, “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”, “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр” зэрэг баримт бичиг нь энэхүү бодлого, зорилгод чиглэж байгаа юм. Орд газруудыг түшиглэсэн аж үйлдвэрийн цогцолборыг Сайншандад байгуулахаар шийдлээ. Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд зэс хайлуулах, газрын тос боловсруулах, хар металлургийн, коксийн, гангийн, нүүрс химийн, барилгын материалын зэрэг томоохон үйлдвэрүүд баригдана.Үр дүнд нь манай улс байгалийн баялгаа түүхийгээр нь гадагш гаргахгүй, харинболовсруулж, нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эрэлт хэрэгцээг хангахаас гадна гадаадад илүү үнэтэй худалдаалах боломжууд нээгдэнэ.

    Урьдчилсан тооцоогоор Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг ашиглалтад оруулснаар эдийн засгийн бодит өсөлт эрс хурдацтай нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын эзлэх хэмжээ 60 орчим хувьд хүрнэ. Мөн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин нэмэгдэхийн зэрэгцээ айлөрх бүрийн орлого мэдэгдэхүйцөсч ард иргэдийн аж амьдралд нааштай өөрчлөлтгарах ирээдүй ойртлоо.

    Уул уурхайн салбарын бүтээн байгуулалтыг дагаж улс орныхоо дэд бүтцийн хөгжлийг хангах нь бидний бас нэгэн том зорилт сорилт болж байна. Энэ зорилгоор Даланзадгад – Тавантолгой – Цагаан суварга – Зүүнбаян – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсангийн чиглэлийн 1100 км шинэ төмөр зам барих ажлыг саяхан эхлүүллээ. Энэхүү бүтээн босголтод гадаад, дотоодын мэргэжилтнүүдээс гадна орон нутгийн ард иргэд, оюутан залуусыг татан оролцуулах бодлогыг түлхүү баримтлана. Бид бас бүх аймгийг хатуу хучилттай авто замаар холбох ажлаа үргэлжлүүлэн хийнэ.

    Улаанбаатараас Хэнтий хүртэл хатуу хучилттай авто замаар явахад туйлын таатай байна. Гэвч замыг чанаргүй хийж, дахин засварлаж байгааг холбогдох хүмүүс анхааралдаа авах хэрэгтэй. Энэ мэтээр дэд бүтцийн салбарт харагдахуйц олон бүтээлч ажлуудыг эхлүүллээ. Үр дүн нь алсдаа иргэн бүрт мэдрэгдэнэ. Бид өнөө маргаашыг биш арав, хорин жилийн алсыг харж, зорьж ажиллаж байна. Монгол Ардын Намын XXVI Их хурлаас дэвшүүлсэн “Их бүтээн байгуулалт”-ын зорилт ч үүнд чиглэгдэнэ. Манай нам сонгуульд ялсан ч улс орны хөгжил, хэрэгцээг угтан харж, нийгмийн сайн сайхан ирээдүйн төлөө Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулсан юм. Өнөөдөр үүнийг шүүмжилж эсэргүүцэгчид байгаа ч ирээдүйд улс орны хөгжилд дэвшил гарсан гэж дүгнэх нь гарцаагүй.       

    Сүүлийн жилүүдэд Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт онцгой анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл уламжлалт мал аж ахуйгаа тогтвортой хөгжүүлж шинэ шатанд гаргах нь уул уурхайгаас дутахааргүй ач холбогдолтой юм. Иймээс “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Үүний нэг илрэл нь “Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт улсын зөвлөгөөн юм. Энэхүү зөвлөлгөөнийг баруун, хангайн, төв, зүүн гэсэн 4 бүсүүдэд хийхээр шийдвэрлэж, Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа. Дорнод аймагт болох Зүүн бүсийн улсын зөвлөлгөөнд оролцож байр сууриа илэрхийлж, малчдынхаа санал бодлыг сонсох нь энэ удаагийн ажлын бас нэгэн зорилго болж байгаа.

    “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхан шатны нэгжийг бүх сумдад байгуулан гурван хүний орон тоотой “Мал эмнэлэг, үржлийн тасаг”-ийн ажлыг эхлүүллээ. Ингэснээр манай улсын 329 суманд шинээр658 мэргэжилтэн ажлын байртай боллоо. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсвөөс 2010 онд 5.3 тэрбум төгрөгийг зарцуулсан бол 2011 онд 51.0 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийх болно.

    Засгийн газар хөдөө аж ахуйн салбараа хөгжлийн шинэ шатанд гаргах зорилгоор анх удаа аймаг бүрт орон нутгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон дунджаар 800.0 сая, 5 бүсийн хөгжилд дэмжлэг үзүүлэхээр 24.0 сая, сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан бий болгоход 24 тэрбум төгрөгийг улсын төсөвт шинээр суулгасан. Аймаг, сумдад зарцуулагдах эдгээр мөнгийг жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг дэмжих чиглэлд түлхүү зарцуулах ёстой гэсэн Засгийн газрын байр суурийг илэрхийлье. Орон нутгийн удирдлагууд үүнд анхаарах ёстой.

    Энэ бүхэн хөдөөгийн хөгжлөө дэмжсэн, хүнрүүгээ хандсан бодлогын илрэл юм. “Монгол мал” хөтөлбөрийн эцсийн зорилго нь ч гэсэн малчин хүнийг хөгжүүлэх, чадавхижуулах, амьдралын түвшинг нь дээшлүүлэхэд л чиглэгдэх учиртай. “Атрын IIIаян” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амын гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавьж, тариаланчдыг дэмжих олон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрлээ.2010 онд манай улсын газар тариалангийн салбарынхан дотоодын хэрэгцээний үр тариа болон төмсөө 100 хувь хангах боломжийг бүрдүүлсэн.

    Хүнсний ногооныхоо 53,7 хувийг хангасныг Та бүхэн мэдэж байгаа. Энэ онд гаргасан амжилтаа ахиулах, бататгахын төлөө ажиллах болно. Энэ нь газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх тэлэх төдий бус улс орныхоо эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, удмын санг хамгаалахтай холбогдолтой стратегийн чухал зорилт билээ. Засгийн газар боловсролын салбарт томоохон шинэчлэлийг хийж байна. Тухайлбал төрийн өмчийн 42 их, дээд сургуулийг 16 болгон цөөллөө. Их, дээд сургуулийг гэхээсээ илүү мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг шинээр барьж байгуулахыг илүүд үзэж байна.

    Тиймээс Засгийн газар, УИХ-аас Зүүн бүсийн мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийг Хэнтий аймагт барьж 2012 онд ашиглалтанд оруулна. Жилд төрөл бүрийн мэргэжилтэй 2000 гаруй хүнийг сургах энэхүү төвийн үйл ажиллагаа жигдэрснээр Хэнтий аймагт томоохон дэвшлийг авчирна гэж бодож байна. Их, дээд сургуулийг хотоос нүүлгэн олон улсын жишиг стандартын дагуу хотхон хэлбэрээр хөгжүүлэх бодлого гаргалаа. Үүний эхлэл болгож Налайхын ойролцоо Шивээтийн хөндийд ШУТИС-ийн хотхоныг барьж байгуулахаар ажил нь эхэлж байна.

    Боловсролын салбарын шинэчлэл их, дээд сургууль Мэргэжлийн сургалт үлйдвэрлэлийн төвүүдэд хийгдэхээс гадна ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх насны хүрээг ч гэсэн хамарна. Энэ жилээс олон улсын Кембрижийн стандартын дагуу монгол улсын 21 аймаг, нийслэл хотод 30 лабартори сургуулийг хичээллүүлж эхлүүлнэ. Танай аймагт ч гэсэн нэг сургууль олон улсын Кембрижийн стандартаар хичээллэж эхлэх учиртай. Цаашид бүх аймаг сумын сургуулийг энэ тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр манай хүүхдүүд олон улсын стандартын дагуу суралцаж төгсөх, дэлхийн жишигт нийцсэн боловсролтой болох боломж нээгдэнэ. 

    Хүнээ хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, хүн амынхаа амьжиргааг дээшлүүлэх нь бидний хамгийн том зорилт болох учиртай. Тиймээс миний бие хүнийхээ хөгжилд анхаарах болно гэдгээ олон удаа хэлж ярьж, бодлого зорилтоо хүнийхээ хөгжилтэй уялдуулж ирлээ. Энэ зорилгоор “Хүний хөгжил сан”-г УИХ, Засгийн газраас байгуулсан. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр бүхэн энэхүү зорилгодчиглэж байна. Монгол хүн бүр ажилтай, орлоготой, эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй, бүтээлч байх боломжийг бүрдүүлэх үүднээс нийгмийн баялагаас хишиг, хувь хүртээх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч иргэн бүрт сар болгон 21 мянган төгрөг тогтмол олгож байна.

    Өмнө нь 120.000 төгрөг  олгосныг Та бүхэн маань авсан байх гэж бодож байна. Цаашид сар бүр олгож байгаа 21.000 төгрөгийг өрхийн бичил бизнес, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжиын зориулалтаар ах дүү хамаатан садан, өрх гэр найз нөхдөөрөө нийлэн хөрөнгө оруулна гэсэн тохиолдолд бөөнөөр нь өгч болох асуудлыг Засгийн газар судалж байна. Энэ мэтээр 500.000 төгрөгийг ард түмэндээ бэлэн хэлбэрээр олгоно. Харин үлдэх 1.000.000 төгрөгийг боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц, малчны ба бусад зээлийн төлбөрт нь зарцуулах болно. 

    Засгийн газрын тогтоол гаргаж, их, дээд сургууль, коллежийн суралцагчийн төлбөрөөс 500,0 мянган төгрөгийг 2011 оны 1 дүгээр сараас “Хүний хөгжил сан”-гаас бэлэн бусаар олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь манай ард иргэдэд учирч байсан оюутны сургалтын төлбөрийн болон банкны зээлийн дарамтыг багасгаж, тэдний ахуй амьдралд дэмжлэг болохуйц зөв зүйтэй шийдвэр болсныг хүмүүс хэлцгээж байгаа.

    Иргэдийнхээ нийгмийн халамж, хамгааллын асуудлыг цэгцлэх, хурдан шуурхай хүргэх талаар Засгийн газар бодлогоо шинэчилж байна. Улс орны эдийн засгийн чадавхи, хөрөнгө санхүүгийн хэмжээ өсөхийн хэрээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ бодлогын үүднээс 2010 оны 10 дугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар, 2011 оны 4 дүгээр сарын 5 өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мөн 30 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Олон хүүхэдтэй эхэд олгох мөнгийг нэмэгдүүлэн өгч байна.

    Засгийн газраас эдийн засаг, нийгмийн салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажлаа товчлон дүгнэхэд ийм байна. Засгийн газарт хийх, хэрэгжүүлэх ажил их бий. Бас цаг хугацаа давчуу, бэрхшээл саад багагүй байна. Гэвч бид зорьсондоо хүрэхийн төлөө ажиллана. Үүний тулд захиргааны шинэтгэлийг эрчимжүүлж, төрийн албыг чадавхижуулах, иргэдэд ойр, түргэн шуурхай болгох талаар шат дараатай арга хэмжээ авах болно.

                        Эрхэм хүндэт Хан Хэнтийчүүд ээ,

    Хан Хэнтийчүүд маань буурал түүхийн шар хуудаснаа мөнхрөн үлдсэн арвин баялаг түүхтэйгээс гадна алдартан гавъяатан олноор төрсөн сайхан нутаг билээ. Тухайлбал, Улсын баатарШ.ГонгорХ.ДамбаЭ.Бат-үүл, Хөдөлмөрийн баатар Ц.Чойдорж,Л.Дамдинсүрэн, УИХ-ын гишүүнБ.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Н.Ганбямба, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх зэрэг улс төр,урлаг соёл хөдөлмөрийн олон алдартнууд төрөн гарсныг Монголчууд бид сайн мэдэх билээ.

    Хувьсгалч, баатарлаг, хөдөлмөрч уламжлалаараа Та бүхэн улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглье. Одоо шинэ зууны Хэнтийчүүд Та бүхнийг XXI зууны монголын их бүтээн байгуулалт сорихоор угтаж байна. Та бүхэн их бүтээн байгуулалтын талбарт ажиллан түвшин сайхан амьдралаа цогцлоох учиртай.

    Хан Хэнтий нутгаа хөгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд Та бүхэн болон аймгийн удирдлагууд багагүй зүтгэл гарган ажиллаж байгааг харахад таатай байна. Өлзийт тосгоны Атарчандгана компанийн 1000 үнээний фермийн үйл ажиллагаатай танилцаж, бусдад үлгэр дууриал болох сайн эхлэл байгааг харлаа. Тус аймаг өөрийн онцлогт тохирсон “Хэнтий аймгийн хөгжлийн цогц хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай.

     2009 оноос эхлэн Хэнтий аймаг санхүүгийн хувьд бие даан ажиллаж улсын төвлөрсөн төсвөөс санхүүгийн дэмжлэг авахгүйгээр орлогоо өөрсдөө бүрдүүлдэг болсон. Одоо айл өрх бүрийг амьдралын хангалттай эх үүсвэртэй болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Айлаас гуйж, алгаа тосохгүйгээр амьдралаа залгуулна гэдэг иргэн хүний нэр төрийн хэрэг төдийгүй эрх чөлөөтэй байхын үндэс юм. Та бидний сонголт үүний төлөө байна. 

    “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гаас олгосон зээлээр танай аймагт 23 аж ахуйн нэгж шинээр байгyyлагдаж, 57 аж ахуйн нэгж үйлдвэрлэл үйл ажиллагаагаа өргөтгөж, шинээр 242 ажлын байр нэмэгдүүлжээ. Үүнд танай аймагт ”Жижиг дунд бизнесийн дэмжих сан” байгуулж банкаар дамжуулахгүй, хүүгүй эргэлтэнд оруулсан тэрбум гаруй төгрөгийн хувь нэмэр их байгааг хэлэх нь зүйтэй. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-д зээлийг хүрэх ёстой эзэнд  нь хүргэж ажиллах хэрэгтэй байна. Ийм боломж ч бий.  

    Аймаг орон нутгийн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд анхаарч БНСУ-ын Тайжон хотын Хан Мин Их сургуульд жил бүр 20 оюутан, БНХАУ-ын Хөх хотын Ерөнхий боловсролын сургуульд 10 хүүхэд сургах болсон зэрэг олон бүтээлч ажил хийж, санаачлагатай ажилласныг дэмжиж байна. Орон нутагт хөгжлийг авчрах шинэ цагийн боловсон хүчин нэн чухал. Хөгжсөн хүн л улс орноо, орон нутгаа дэвшилд хүргэнэ. Эдгээр амжилт ололтуудаа цаашид бататгаж, нутаг орны хөгжил ард иргэдийн амьдрал, нийгмийн тулгамдсан олон асуудлыг бүрэн шийдвэрлэхийг зорьж ажиллахыг хүсье. Үүнд орон нутгийн төрийн байгууллагын үүрэг нэн чухал гэдгийг хэлье.

    Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангахад Та бүхэн анхаарч тендэр шалгаруулалтыг ил тод явуулах, хяналтыг сайжруулах зорилгоор иргэний нийгмийн төлөөллийг ажлын хэсэгт оруулдаг болжээ. Мөн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд иргэний нийгмийн төлөөллийг багтааж, хэлэлцэж буй асуудлынхаа талаар орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа талаар нутгийн удирдлага танилцууллаа.

    Хэнтий аймгийн Засаг даргын Ерөнхий сайдтай байгуулсан гэрээний биелэлт боломжийн түвшинд байгаа. Гэхдээ гэрээний биелэлт ард иргэдэд хүрч, хүлээн зөвшөөрөгдөж байж үнэн бодит үнэлгээ болох учиртай. Эцсийн байдлаар иргэд төрийн ажил үйлчилгээнд хэр их сэтгэл ханамжтай байна, амьдралд нь мэдэгдэхүйц нааштай ямар өөрчлөлт гарсан эсэхээр үр дүн нь үнэлэгдэнэ. Хэнтий аймаг 2010 онд мал сүргээ өсгөж, 2.2 сая орчим толгой мал тоолуулсан.Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд манай Хэнтийчүүд бусдаас тусламж ирэхийг урьтал болголгүй өвөл, хаврынхүнд сорилтыг ажилч хичээнгүй хөдөлмөрөөр, өөрсдийн нөөц бололцоогоор даван гардагийг тэмдэглэх ёстой.

    Засгийн газраас аймаг, нийслэлийн 2009 оны ажлыг дүгнэхэд Хэнтий аймаг эхний 5-д орсон. Үүний зэрэгцээ улсын тэргүүний загвар сумыг бүс бүрээс шалгаруулж Засгийн газраас 100.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан. Энэ жил Зүүн бүсийн сумдаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум загвар сумаар шалгарсныг Та бүхэн мэдэж байгаа. Тиймээс улс орныхоо загвар сум болж, үлгэр жишээчээр түүх намтраа баяжуулж байгаа Өмнөдэлгэр сумынхандаа Засгийн газрын өмнөөс баяр хүргэж амжилт хүсье. Мөн Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн иргэдийн удаа дараагийн хүсэлтийн дагуу Бор-Өндөрийг сум болгох асуудлыг Засгийн газар хурлаараа хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг асуудлыг удахгүй УИХ-д оруулахаар бэлтгэж байна.

    Хэнтий аймаг “Мянганы зам”–ын хэвтээ тэнхлэг болох Багануур-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай замд бүрэн холбогдож, аймгийн нийт сумд цахилгаан, эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэртэй болсноор тав тухтай орчинд ажиллаж амьдрах, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх боломж бүрдсэн. Үүрэн телефоны 4 оператор бүх сумдад байгуулснаар тус аймгийн холбоо үйлчилгээний хүртээмж сайжирч, дотоод, гадаадтай шууд харилцах нөхцөл бүрдсэн,интернет ашиглах боломжтой болсон. Ийнхүү орон нутгийн хувьд нийгмийн болон хүний хөгжлийн суурь үндэс, үйлдвэрлэлийн дэд бүтэц үндсэндээ бүрджээ. Одоо эдгээр боломжоо ашиглаж, өөрсдийн санаачилга, хөдөлмөр зүтгэлээр сайн сайхан амьдралаа бүтээх нь нэн чухал болоод байна.

    Хан Хэнтийчүүд Та бүхний хөгжлийн бас нэг эх үндэс бол баялаг түүхтэй, онгон дагшин, гоо үзэсгэлэнт байгальтай билээ. Хан Хэнтийн нуруу, Хэрлэн, Онон, Улз, Балжийн гол, Гурваннуур, Аварга тосон, Тарс, Хангал, Хөхнуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд бий. Их Монголын буурал түүхийн хуудаснаа мөнхөрч, хүн төрөлхтний Мянганы түүхт хүнээр тодорсон их эзэн богд Чингис хааны амьдрал үйлсийн улбаа мөрийг үндэс мөчир, ширхэг чулуу бүртээ хадгалсан Бурхан Халдун, Хар зүрхний Хөх нуур, Хэрлэнгийн хөдөө арал, Дэлүүн болдог, Хажуу булаг зэрэг түүхэн дурсгалт газрууд олон байна. Энэ газар орныг түшиглэнаялал жуулчлалыг цогц байдлаар үлгэр жишээ болгож хөгжүүлэх өргөн боломжнэмэгдэж байгаа юм.

    Гэхдээ эдгээр онгон догшин байгалиа хайрлан хамгаалах нь Та бүхний төдийгүй Монгол хүн бүрийн ариун үүрэг гэдгийг онцлон тэмдэглье. Учир нь эдгээр газар нутаг бол уугуул Монгол хүний шүтээн болсон ариун өлгий гэдгийг бид бүгдээрээ мартах учиргүй. Тиймээс “Их эзэн Чингэс-Түүхийн дурсгалт газрууд” хэмээх соёл, түүхийн дурсгалын хөтөлбөрийг санаачлан боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байна. Ажлын хэсэгт манай улсын нэртэй түүхчид, соёл, архелогийн эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс багтаж байгаа.    

    Цаашид өргөн уудам түүхт газар шороо, байгалийн их нөөц баялагтаа тулгуурлан хөдөө аж ахуй,аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлж нутаг ус, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ажиллах боломж нэмэгдлээ. Аливаад сэтгэлээсээ хандаж, амжилт гаргаж, илүүг бүтээж, ихийг хийж, эзэн Чингэс хааныхаа ариун голомтыг сахин хамгаалж, аз жаргалтай амар тайван аж төрөхийн өлзийтэй ерөөлийг Хан Хэнтийн бүх ард иргэдээ хүсэн ерөөе.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • С.Батболд: Эрх мэдэл албан тушаалтнуудад ээлтэй шүүхийн салбарыг шинэчилж, ард иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, шударга ёсыг эрхэмлэдэг болгох ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” сэдэвт чуулганд хэлсэн үг

    Эрхэм хүндэт шүүгчид, прокурор, цагдаа, өмгөөлөгч, хуульчид, иргэний нийгмийн төлөөлөл, чуулганы оролцогчид, хүндэт зочид оо,

    С.Батболд: Эрх мэдэл албан тушаалтнуудад ээлтэй шүүхийн салбарыг шинэчилж, ард иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, шударга ёсыг эрхэмлэдэг болгох ёстой Та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье.

    “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” сэдэвт үндэсний чуулганд оролцож байгаа УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн тамгын газар, шүүх, прокурор, хууль сахиулах бусад байгууллага, иргэний нийгэм, бизнес эрхлэгчдийн төлөөлөл Та бүхэнд тулгамдаж буй чухал асуудлыг хамтдаа ярилцаж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байгаад талархаж байна. 

     

    Шүүх эрх мэдлийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг тодорхой болгох, шийдлийг хамтдаа олох нь манай нийгмийн олон талын оролцоо, зөвшилцлийн нэг арга хэлбэр хэмээн хүлээн авч байна. Бас өнөөдрийн энэхүү чуулга уулзалтыг Монголын шүүхийн үйл ажиллагаанд шинэлэг уур амьсгалыг бүрдүүлэхийн зэрэгцээ шүүхийн шинэчлэлийг түргэтгэх бас нэг алхам болно.   

    Шүүхийн шинэчлэл улс орны хөгжлийн салшгүй хэсэг юм

    Манай улсад өрнөсөн нийгмийн шилжилтийн үе дуусч, 20 жилийн хугацаанд алдсан оносондоо дүгнэлт хийж, цаашдын зорилтоо тодорхойлж буй цаг үед энэхүү чуулган болж байна. Бид улс төр, эдийн засгийн хувьд томоохон шинэчлэлүүдийг хийж тодорхой үр дүнд хүрч эхэллээ. Харин шүүх эрх мэдлийн салбарт тодорхой шинэчлэл хийсэн ч шийдвэрлэх ёстой асуудал олон байна. Шүүхийн шинэчлэлийг улс орны хөгжлийн салшгүй хэсэг гэж хандах ёстой. Бидэнд шүүхийн салбарыг төрийн эрх мэдлийн бие даасан нэг салааны хувьд бэхжүүлэн, чадваржуулах шаардлага улам нэмэгдлээ. Энэ нь шүүхийн бие даасан байдлын дархлааг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны хараат бус байдал, баталгааг бий болгоход чиглэгдэнэ гэсэн үг юм.

    Ардчилал, хүний эрх, шударга ёсыг хамгаалагчийн үүрэгтэй шүүх эрх мэдлийн байгууллагын тогтолцоо бүрэн шинэчлэгдээгүй, шүүн таслах ажиллагаа улс төрийн болон эдийн засгийн нөлөөнд автахгүй байх  үндсийг бүрдүүлж чадаагүй байна. Тиймээс шүүх эрх мэдлийн байгууллагын эдийн засгийн болон улс төрийн талаар хараат бус байх баталгааг бүрдүүлэх үндсэн механизм болох хууль тогтоомжийн шинэчлэлт, шүүхийн зохион байгуулалт, шүүгчдийг сонгон шалгаруулах, томилох журам зэрэг асуудал өнөө хүртэл оновчтой шийдлийг олсонгүй. Олон нийтийн зүгээс ч шүүх, хуулийн байгууллага хөрөнгө мөнгөтэй хэсэгт үйлчилж байна гэсэн шүүмжлэл ямагт гарсаар ирлээ.

    Шүүх хараат бус байх ёстой нь тодорхой. Хэнээс бас юунаас хараат бус байх ёстой вэ? гэдэг асуултын хариултыг та бид бүгд мэдэж байгаа. Шүүх төр засгаас, төрийн өндөр албан тушаалтнуудаас, мөнгө, эрх мэдэл, шударга бус байдлаас хараат бус байх учиртай. Харин юунаас хараат байх ёстой вэ? Хуулиас, тэр тусмаа Үндсэн хуулиас хараат байх учиртай. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчид нь хайрцаглагдсан, хуучирсан сэтгэлгээнээс бүрэн ангижирсан, ардчилсан, иргэнлэг, хүний эрхийг дээдлэн хүндэлдэг нийгмийн үнэт зүйл, үнэ цэнийг өөрийн итгэл үнэмшлээ болгосон байх ёстой.

    Шүүх эрх мэдлийн байгууллагын шинэтгэлийн үр дүн тэнд ажиллаж буй боловсон хүчнээсээ шууд хамаарах нь ойлгомжтой. Өнөөдөр манай улсын их, дээд сургуулиудыг хуульч мэргэжлээр төгсөж буй оюутны чамгүй тоо олон байна. Төгсөлтийн дараах сургалтаар нарийн мэргэшсэн шүүгч, хуульчдыг тэдэн дотроос бэлтгэх бололцоотой. Нөгөө талаар шүүх, эрх мэдлийн салбарынхны давтан сургалтын системийг ч бий болгох учиртай. Шүүхийн системд ажиллагсдын үйл ажиллагааг үнэлэн дүгнэх, урамшуулах зэмлэх, дэвшүүлэх бууруулах бодлого, үйл явц шударгаар гэхээсээ илүү урсгалаар магадгүй үзэмжээр явж ирснийг хүмүүс шүүмжилж байна.

    Нэгэнт шударга ажилтанг сайнаар үнэлэх урамшуулах механизм хаягдсан нөхцөлд нийт системийн хэмжээнд шударгаар ажиллах итгэл, урам зориг, хүсэл эрмэлзэл үгүй болж, аливаа шударга бус нөлөөлөлд автах нь хялбар болж байгааг хуульчид ярьцгааж байна. Нийгэмд шударга ёсны баталгаа болох ёстой шүүх нь өөрөө шударга бус болвол цаана нь юу үлдэх билээ? Ийм зүйл рүү санаатай ба санамсаргүйгээр түлхэж буй тэр хүчин зүйлүүдийг арилгах оновчтой санал санаачлагуудыг тусган авч хэрэгжүүлэх нь бидний зорилт бөгөөд тийм үр дүнг нийгэм хүсэн хүлээж байгаа нь тодорхой. Алив болохгүй зүйлийг хуулийн цоорхой гэсэн “хадны мангаа” руу чихдэг. Тэгвэл, тогтолцоо, системийг бүрдүүлж, шийдвэр гаргаж, хуулийг хэрэгжүүлж буй хүмүүсийн сэтгэлгээний шинэчлэл олон асуудлын зангилааг тайлах учиртай.

    Шүүх эрх мэдлийн шинэчлэлийг улс төржүүлж болохгүй

    Шүүх эрх мэдлийг хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болгон төлөвшүүлэхэд хууль эрх зүйн таатай орчин хамгийн чухал үндэс суурь нь юм. Тийм учраас таатай орчин нөхцлийг бүрдүүлэх төр засгийн бодлого, үүрэг, энэ салбарынхны хүсэл эрмэлзэл, ард иргэдийн санал бодолтой нийцэх учиртай. Бид цэрэг эрсээ ард түмнийхээ энхийн манаанд зогсож байгаа хэмээн хүндлэн хэлдэг. Тэгвэл шүүгчид, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчид бол ард түмнийхээ эрхийн манаанд зогсож буй хүмүүс хэмээн хүндлэгдэх учиртай билээ. Бидэнд өнөөдөр улс төржүүлэхгүйгээр улс орны ирээдүйн хөгжлийг харж зөв шийдвэрлэх ёстой олон асуудал байгаа. Тэдний нэг нь шүүхийн шинэтгэл юм. Шүүх эрх мэдлийн салбарын шинэчлэлийн асуудлыг хэзээ ч улстөржүүлж болохгүй ээ.

    Засгийн газрын тэргүүний хувьд нийгмийн салбар бүрт олон улсын стандартын хэм хэмжээг нэвтрүүлэхийг зорин ажиллаж ирлээ. Энэ бодлогын хүрээнд эрх мэдэл албан тушаалтнуудад ээлтэй байгаа шүүхийн салбарыг шинэчилж, ард иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, шударга ёсыг эрхэмлэдэг евростандартыг нэвтрүүлэх ёстой гэж бодож байна. Шүүх эрх мэдлийн шинэчлэл өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Гэхдээ энэ шинэчлэл удаан байна. Үр дүн нь ард иргэдэд бүрэн дүүрэн мэдрэгдэхгүй байна. Саяхан УИХ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг байгууллаа. Энэ нь захиргааны байгууллагын дур зоргоор авирлах, хууль бус шийдвэр гаргах явдлыг таслан зогсооход хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

    “Иргэн хүн хамгаалагдаж, эрх мэдэлтэн хязгаарлагдаж байхын учир хууль оршдог” гэдэг билээ. Энд хуран цугларсан та бүхэн ч энэ үгийн утгыг сайн мэддэг гэдэгт итгэж байна. МанайЗасгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно” гэсэн зорилт дэвшүүлж, Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлд тусган ажиллаж байна. Манай улсад уул уурхайн салбарын хөгжил эрчимжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаагийн зэрэгцээ иргэн бүрт стратегийн орд газруудын хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гарсантай холбоотойгоор хөрөнгө, санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлэх хандлагатай боллоо.

    Энэ үйл ажиллагаа хир амжилттай явагдах нь олон хүчин зүйлээс хамаарах бөгөөд үүний нэг нь үнэт цаас, санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчин юм. Энэ хүрээнд эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоос гадна хөрөнгийн зах зээл дээрх хэрэг, зөрчил, маргааныг шийдвэрлэх, урьдчилан сэргийлэхэд голлох үүрэгтэй оролцох хуульчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Гадаадын хөрөнгө оруулагчид маргаан гарсан тохиолдолд манай шүүх, арбитрын байгууллагад хандахаасаа илүү олон улсын шүүхэд хандаад байгаад дүгнэлт хийх цаг болсон.

    Сайн хууль, шударга шүүхийн тогтолцоо үйлчилдэг улс орны нэг хүнд ногдох орлого 1.9 хувиар өсдөг гэсэн судалгаа ч бий. Харин шударга бус шүүхтэй байх нь улс орны эдийн засгийн хөгжил, нийгмийн ёс суртахуун, ард иргэдийн амьдрал ахуйд шууд сөргөөр нөлөөлдөг билээ. Шүүх эрх мэдлийн шинэтгэлд чухал хувь нэмэр үзүүлэх ёстой хүмүүс бол бие даасан, хараат бус өмгөөлөгчид юм. Монгол улсад стратегийн өмгөөллийн, олон нийтийн эрх ашгийн өмгөөллийн хэлбэрүүд бий болж байгаа нь шүүх эрх мэдлийн шинэтгэлд чухал дэмжлэг үзүүлж буй ажиллагаа билээ.Мөн цагдаа, прокурорууд бол хохирогчийн хувьд төрийн нэрийн өмнөөс өмгөөлөгч нь гэсэн ардчиллын зарчим байдгийг байнга санаж байх хэрэгтэй юм.

    Энэ үүднээс чуулганд оролцогчдоос анхааран хэлэлцэж цаашид шийдвэрлэвэл зохих дараахь асуудлыг тодруулан ярилцахыг хүсч байна.

    • Шүүхийн бие даасан байдлыг хариуцан ажиллах үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр байдлыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Шүүхийн санхүүгийн байдал, боловсон хүчний сонголт, урамшуулал, ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг шууд хариуцах энэ Зөвлөл нь Улсын Дээд Шүүхийн харъяанд гэхээсээ илүү биеэ дааж ажиллах учиртай,
    • Шүүгчид, прокурор, цагдаагийн ажилтнуудын ажлыг шударгаар үнэлэн дүгнэх, хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэх, ёс зүйн хувьд эрүүл саруул ажиллах сонирхол, итгэлийг төрүүлэхүйц байхаар өөрчлөх,
    • Шүүгчид, хуульчдыг сонгон шалгаруулах, томилох механизмыг үзэмжээр, эсвэл хэсэг бүлгийн сонирхлоор хийх нөхцлийг хааж, шударга шалгуурыг үндэслэх нөхцлийг бүрдүүлсэн зохицуулалт хийх,
    • Шүүгч, прокурор, цагдаагийн ажилтнуудын ажлын ачааллыг хүний физиологийн чадвараас хэтрүүлэн тогтоож, хэрэг маргааныг бүрэн зохистой хянан шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлж байгааг өөрчилж, нийслэл хотод төдийгүй хөдөө орон нутгийн хэмжээнд ч орон тоог оновчтой тогтоох,
    • Шүүн таслах ажиллагааг явуулахад бүрэн хүрэлцэх, стандартад нийцсэн хэмжээний төсвийг батлан хэрэгжүүлэх, шүүгч, хуульчдын нийгмийн баталгаа, түүний дотор орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар анхаарч ажиллах болно. Шүүхийн санхүүжилтийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-д шууд оруулдаг зохицуулалтыг бий болгоход болохгүй гэх зүйлгүй,
    • Нийслэл хотод анхан шатны шүүхүүдийг хэргийн төрлөөр төрөлжүүлэн байгуулах нь ажлын ачаалал, төсөв хөрөнгийн өгөөжийг дээшлүүлэхэд тустайг анхаарах,
    • Хуулийг хоорондын зөрчилгүй, ёс зүй, шударга ёсны зарчимд нийцүүлэн боловсруулан баталж байхад анхаарах. Бид “Шүүгч бол ярьдаг хууль, Хууль бол хэлгүй шүүгч” гэж алдарт Цицерон хэлснийг санаж явах учиртай. Нийгмийн хөгжлийн өнөөгийн нөхцөлд хувь хүний ёс суртахуун, хүмүүжил, нийгмийн үнэт зүйлсийн өөрчлөлт төдийгүй эдийн засаг, санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлийн асуудлаар асар өргөн хүрээний зохицуулалт шаардсан хуулиуд хэрэгтэй болж байна. Хууль хоцрогдвол нийгмийн хөгжлийг саатуулан чөдөрлөдөг гэдэг. Хөгжлийн асар их хурдыг хойноос нь хөөн гүйцэхээр биш угтан тосож, ирээдүйг харж зохицуулсан тийм хууль тогтоомжийг батлан гаргах ёстой.
    • Өнөөгийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болох гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалахтай тэмцэх, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь хүний хөгжлийг хангах анхдагч асуудал болохыг гүнзгий ойлгож хандах, гэр бүлийн чиглэлээр дагнасан шүүх байгуулж ажиллуулах боломжийг ч анхааран хэлэлцэх,
    • Нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд дээдэлсэн эрх зүйн шинэ орчныг  бүрдүүлэх, нийтийн өмчийн хууль, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх бүхий субъектийн үүрэг хариуцлагын талаар шинэ зохицуулалт гаргах шаардлага улам илүү тавигдах болсныг анхаарах,
    •  Хохирогчийн эрхийг сэргээн эдлүүлэх, тэдний эд материалын төдийгүй сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх хамгийн үр дүнтэй хэрэгсэл болох “хохирол нөхөн төлүүлэх сан”-г бийболгох,
    • Хэрэг, зөрчил үйлдэгчийг хорьж шийтгэх аргыг голлох бус түүний зан үйлд нөлөөлөх сэтгэл зүйн аргуудыг өргөн хэрэглэхэд шилжих,
    • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь эцсийн дүндээ иргэд, гэр бүл бүхэн өөрсдийн санаа сэтгэл, үг яриа, үйлдэл, үнэлэмж,  хандлагаа эргэцүүлэн бодож, аж төрөх хэвшил зуршилдаа өөрчлөлт хийх явдал юм. Архидан согтуурах, мансуурах, шударга бусаар амьдрах үзэгдэлтэй үр дүнтэй тэмцдэг төрийн бус байгууллагуудыг дэмжин хамтран ажиллах нь ихээхэн үр дүнтэй гэж үзэж байна. Тиймээс “Шударга хүний ёс суртахуун хуулийг бүрнээ орлоно” хэмээсэн гүнзгий утгатай үг байдгийг бас санацгаая.

    Эрхэм зочид төлөөлөгчид өө,

    Эцэст нь тэмдэглэн хэлэхэд хууль тогтоомжийг шинэтгэх ажил амжилттай хийгдэж байгаа ч эрх зүйн шинэтгэлийн эцсийн үр дүн болоххуулийн хэрэгжилтхангалттай бус байна. Иймд шинэ хууль батлахын зэрэгцээ батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах нь түүнээс ч илүү ач холбогдолтой юм. Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах, эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог яаж сайжруулах, иргэдийн эрх зүйн мэдлэг соёлыг хэрхэн дээшлүүлэх зэрэг асуудлаар энэхүү чуулганаас ажил хэрэг болохуйц олон чухал санаа гарна гэдэгт найдаж байна.

    Монгол Улсын Засгийн газар “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах” үндсэн чиг үүргийнхээ дагуу энэ талаар гарсан санал, санаачилгуудыг анхааралтай судлан үзэж, ажил хэрэг болгохын төлөө та бүхэнтэйгээ хамтран ажиллана.

    Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

    2011.04.15.          Төрийн ордон

  • “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын үр дүнгийн талаар УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хийсэн мэдээлэл

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын үр дүнгийн талаар УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хийсэн мэдээлэл Улсын Их Хурлын дарга,

    Улсын Их Хурлын гишүүд ээ,

    Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний жилийн тайлан, мэдээллийн танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлсэн тул товч мэдээлэл хийе. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг 40 мянга орчим хувийн хэвшлийн аж ахуйн нэгж үйлдвэрлэж, тэдгээрт 800 мянга гаруй хүн ажиллаж байна. Тиймээс улс орны эдийн засгийн ачааг үүрч яваа бизнес эрхлэгчдийнхээ ажиллах орчинг сайжруулах, өрсөлдөх чадвартай болгох, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьжиргааг сайжруулах, төрийн байгууллагын хүнд суртлыг халах, шат дамжлагыг багасгах, хууль эрх зүйн орчноо сайжруулах зэргээр бизнесийн орчноо шинэтгэхийг зорьж ирлээ.

    Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Дэлхий дахины өрсөлдөх чадварын индекс”, Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь” тайланд манай орон дэд бүтэц, макро эдийн засгийн тогтвортой байдал, санхүүгийн зах зээл, бизнесийн боловсронгуй байдал, бизнес эрхлүүлэх, тусгай зөвшөөрөл, лиценз, зээл авах, гэрээний хэрэгжилт, компанийг татан буулгах зэрэг үзүүлэлтээр доогуурт бичигдэж байна. Засгийн газар дээрх үзүүлэлтийг сайжруулах зорилгоор 2011 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, жилийн ажлын төлөвлөгөөнд яам, агентлаг, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагын саналуудыг өргөн хүрээнд тусган хэрэгжүүлсэн. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн төлөвлөгөөнд нийт 131 зорилт, арга хэмжээг оруулсаны 105 арга хэмжээ нь бизнес эрхлэх орчинг сайжруулахад чиглэгдсэн.

    Уг жилийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий хувийн хэвшлийн болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй Зөвлөл байгуулан Монгол Улсын Ерөнхий сайд ахлан, улирал тутам хуралдаж, шинэтгэлийн жилийн үйл ажиллагааны биелэлтийн явц, үр дүнд хяналт тавьж ажиллалаа. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж үзвэл 100 хувиар биелсэн арга хэмжээ43, 90хувийн биелэлттэй арга хэмжээ 30, 70 хувийн биелэлттэй арга хэмжээ 19,50 хувийн биелэлттэй арга хэмжээ 14, 30 хувийн биелэлттэй арга хэмжээ 11, 10 хувийн биелэлттэй арга хэмжээ 14 байна. Үүний дотор бизнесийн орчны шинэтгэлийн төлөвлөгөөний дагуу боловсруулж Улсын Их Хурлаар батлуулсан багц хууль, төрийн бодлого, хөтөлбөр 10, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа хуулийн төсөл 13 орж байна.

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хууль эрх зүйн асуудлыг шинэчлэх, өөрчлөхөд ихээхэн анхаарч ажиллалаа. Тухайлбал, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах, эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, зарим нь батлагдсан. Нилээд нь одоо хэлэлцэгдэхээр хүлээгдэж буйг та бүхэн мэдэж байгаа. 

    Мөн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн төсөл, Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бизнесийн орчныг шинэчлэхтэй холбогдуулан боловсруулж байна. Бизнес эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, бодлогын орчныг боловсронгуй болгох чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад яам, агентлагтай хамтран 81 хуулийн зөрчил, давхардал, хийдлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулахаар ажиллаж байна.

    Бизнест үзүүлэх төрийн үйлчилгээний тогтолцоо, оролцоог оновчтой болгох зорилгоор Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж нийт 101 зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар, 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шилжүүлэх санал боловсруулж, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлээд байна. Хүчингүй болгох зөвшөөрлүүдийн 65-ыг нь Засгийн газрын тогтоолоор, 36-г нь холбогдох 21 хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэсэн.

    Хүчингүй болгох, төрийн бус байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэх  тусгай зөвшөөрлүүд нь Засгийн газар, яам, агентлагаас олгож байгаа нийт 337 зөвшөөрлийн 33.0 хувь буюу гуравны нэг нь болж байгаа юм. Ингэснээр Засгийн газар “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдэд хүндрэл учруулж байсан, шаардлагагүй зөвшөөрөл, түүнтэй холбоотой эрх зүйн актуудыг хүчингүй болгох арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж чадлаа.

    Барилга барих зөвшөөрөл, баталгаажуулалтыг гүйцэтгэх албан тушаалтан болон хугацааг тодорхой тогтоох зорилгоор “Барилга барих зөвшөөрөл, баталгаажуулалтад гарын үсэг зурах албан тушаалтны жагсаалт”-ыг Засгийн газрын 2010 оны 325 дугаар тогтоолоор батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүний үр дүнд барилга барих зөвшөөрөл, баталгаажуулалтад нийт 118 албан тушаалтан гарын үсэг зурдаг байсныг 58 болгосноор гарын үсэг зурах албан тушаалтны тоо 60 хүнээр цөөрч, энэ ажилд дунджаар 480 хоног зарцуулдаг байсныг 168 хоног болгон 3 дахин бууруулав. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдон аймаг, нийслэлээс гаргасан шийдвэрүүдэд ч өөрчлөлт оруулах чиглэл өгсөн.

    “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”, “Компанийн засаглалын хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” зэрэг бизнесийн байгууллагын хөгжил, засаглалыг сайжруулах чиглэлээр явуулах бодлого, зорилтыг багтаасан баримт бичгийг боловсруулан 2011 оны эхний улиралд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн баталлаа. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, татвар, хураамжийг багасгах талаар ч тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүллээ. Өнгөрсөн жил иргэний шинэчилсэн бүртгэл явуулж, бүртгэлийн баримт бичгүүдийг онлайн хэлбэрт шилжүүлэх, үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүллээ.

    Бүртгэлтэй холбоотой 128 нэр төрлийн үйлчилгээнд хураамж авч байсныг 57 болгон багасгасан. Мөн үйлчилгээний хөлс, хураамжийн тоог 2 дахин багасгаж, барьцааны, түрээсийн гэрээ цуцлах, бүртгэл хаах, гэрчилгээ хүчингүй болгох зэрэг үйлчилгээг хураамжгүй болголоо. Гааль, мэргэжлийн хяналт, иргэн, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээнд “Нэг цэг”, “Нэг цонх”, “Бизнес ширээ”-ний үйлчилгээ, 21 аймаг, нийслэл, дүүргийн Татварын газар, хэлтэст татварын цахим тайлангийн үйлчилгээг тус тус нэвтрүүллээ.

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг тэргүүлэх салбаруудад ажиллуулах, хөгжилтэй орнуудад өндөр боловсрол эзэмшсэн хүмүүсийн хувь нэмрийг улс орны хөгжилд татан оруулах зорилго бүхий “Зөгийн үүр” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлүүллээ. Мөн гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор хилийн “Боомтуудын ерөнхий төлөвлөгөө, концессын зүйлийн жагсаалт”-ыг баталж, концессын хуулийн дагуу хөгжүүлэхээр ажиллаж байна.

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын чухал хэсэг нь бизнесийн орчны макро эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх явдал байлаа. Энэ хүрээнд стратегийн ач холбогдол бүхий зарим ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал багтсан. Эдгээр асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн асуулгад хариулах, Ерөнхий сайд болон холбогдох сайдын Улсын Их Хуралд хийсэн мэдээлэлд тодорхой тусгагдсан болно.

    Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэл нь үйлдвэрлэгчдийн төлөөлөл болох Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоод, ажил олгогч эздийн төлөөлөл болох Монголын Ажил олгогч, эздийн нэгдсэн холбоо, ажилчны эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл болох Монголын үйлдвэрчний байгууллага, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, зөвшилцсөн нь ажлын үр дүнд эерэг нөлөө үзүүлж байна. Шийдвэр боловсруулах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлсэн нь нэг талаас амьдралд нийцсэн бодлого болж, нөгөө талаас энэ хамтын ажиллагаа нь хууль тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулах зорилгоор нэгдсэн ойлголтод хүрэхэд ихээхэн хугацаа шаардсан.

     “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийнхүрээнд авч хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн ажлууд эхнээсээ үр дүнгээ өгч байна. Өнгөрсөн 2010 оны байдлаар манай улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оноос 10 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 11.4 хувиар өслөө. Боловсруулах аж үйлдвэрийн салбар дотор хүнсний аж үйлдвэрлэл 24 хувиар, хувцас үйлдвэрлэл 17 хувиар, модон эдлэлийн үйлдвэрлэл 35.6 хувиар, төмрийн үйлдвэрлэл 29.6 хувиар, эрдэс бодисоор хийсэн эдлэлийн үйлдвэрлэл 54.0 хувиар нэмэгдлээ. Аж үйлдвэрийн салбарт зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоон үзүүлэлт нэмэгдээд зогсоогүй хөдөлмөрийн бүтээмж 5.5 хувиар, тус салбарт ажиллагсадын тоо өмнөх оныхоос 1.7 мянган хүнээр өссөн нь чанарын чухал үзүүлэлт юм.

    Бизнесийн орчин сайжирч, улсын бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчилж байгаагийн үр дүнд шинээр бүртгэгдэж буй аж ахуйн нэгжийн тоо өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, 2009 онд шинээр бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн тоо 379-өөр нэмэгдсэн бол 2010 онд 4044 аж ахуйн нэгж шинээр бүртгэгддлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн тоо 40.9 мянгад хүрээд байна. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 581 жижиг үйлдвэр шинээр бий болж, 1041 үйлдвэр техник, технологио шинэчилж үйл ажиллагаагаа өргөжүүллээ.  

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн бодлогын үр дүнд Монгол Улсын өрсөлдөх чадвар ч зохих хэмжээгээр дээшиллээ. Тухайлбал, 2010-2011 оны Өрсөлдөх чадварын тайлан судалгаагаар Монгол Улс 3.7 оноогоор 139 орноос 99 дүгээр байрт орсон нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 0.3 пунктээр дээшилж даруй 18 байраар урагшилсан. 2011 оныг Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ нь бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр олсон амжилтаа бататган, улмаар монгол хүнийг хөгжүүлэх, ажилтай болгох, тогтвортой амьжиргаа, орлоготой байлгах цогц бодлогын нэг хэсэг, үргэлжлэл юм.

    Засгийн газар “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд төлөвлөсөн зорилт, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог зохистой түвшинд хүртэл бууруулах, эрх зүйн болон зохицуулалтын таатай орчин, нөхцөл бүрдүүлэх асуудал нь зөвхөн нэг жилийн ажлын хүрээнд бүрэн хэрэгжүүлчихдэг зүйл хараахан биш юм. Энэ бол тогтмол хийгдэх үйл явц юм. Тиймээс манай хамтарсан Засгийн газар цаашид бизнесийн орчны шинэтгэлийн ажлын үр дүнг илүү бодитой, үр өгөөжтэй болгох, боловсруулсан бодлого, шийдвэр бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэнд хүрдэг байх, олон нийтэд таниулах талаар анхаарч ажиллана.

    “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Засгийн газар энэ оны эхний улиралд ажлын төлөвлөгөөний хэрэгжилт нь хангалтгүй, дуусаагүй байгаа зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тогтсон. Одоо яам, агентлагаас энэ оны 1 дүгээр улиралд багтаан авч хэрэгжүүлсэн ажлын тайланг авч байна. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг 2011 оны хагас жилээр нэгтгэн дүгнэж хэлэлцэх болно.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

    2011 оны 4 дүгээр сар 08.                                   УИХ-ын чуулганы танхим

  • “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Хөдөлмөрийн яармаг”-ийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг


    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн яармагт хүрэлцэн ирсэн ард, иргэд ээ,

    Уригдан оролцож байгаа хүндэт зочидоо, Та бүхнийхээ амар мэндийг айлтгая.

    Манай Засгийн газар монгол хүнээ ажилтай, хөдөлмөртэй, мэдлэг боловсролтой сайхан амьдруулахын төлөө бодлого, зорилтоо тодорхойлж байгаа билээ. Тиймээс 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж тодорхой ажлуудыг эхлүүллээ. Энэ оны хүрээнд Засгийн газар хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэн бүртээ хүрч ажиллахын зэрэгцээ өрх бүрээс нэг хүнийг ажил, хөдөлмөртэй болгох зорилт тавиад байна.

    Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд, иргэн бүрт, өрх бүрт хүрч ажиллахад,  төрийн бүх шатны албан хаагчид, түүний дотор сум, баг, хороо хэсгийн дарга нар, хувийн хэвшлийнхэн, ард иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллийн идэвхтэй оролцоо дэмжлэг чухал үүрэгтэй юм. Засгийн газар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг үр дүнтэй болгон хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлаж, шаардлагатай санхүүжилтийг үндсэнд нь шийдвэрлэлээ. Мөн шаардлагатай зарим арга хэмжээг ойрын үед УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр салбар хороодын ажлын хэсгүүд бэлтгэж байна.

    Тиймээс “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг үр дүнтэй болгох, ард иргэдээ ажиллаж, хөдөлмөрлөх боломжоор хангахыг зохион байгуулах л үлдлээ. Бид энэ ажлыг уялдуулах, зохион байгуулах талаар нилээд олон удаа хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгсөн. Харин өнөөдөр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд бий болох ажлын байр, түүнд шаардлагàтай мэргэжилтэй ажилчдын эрэлт, хэрэгцээг ард иргэддээ танилцуулахад чиглэсэн “Хөдөлмөрийн яармаг”-ийн нээлтийг хийж байна.

    Өнөөдрийн үзэсгэлэн, яармаг нь улсын төсвийн болон хувийн хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн хүрээнд 2011 онд шинээр бий болгох 70 гаруй мянган ажлын байр, түүнд шаардлагатай мэргэжлийн ажилчдын талаарх дэлгэрэнгүй  мэдээллийг оролцогчдод өгөх боломж олгож байна. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, баг хэсгийн дарга, ахлагч нараас, ажил, хөдөлмөр эрхлээгүй иргэддээ хүрч ажиллах, улмаар нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бизнесийнхэнтэй хамтарч шаардлагатай ажлын байранд өөрийн иргэдийг сургаж бэлтгэн ажиллуулах арга хэмжээ авахыг Засгийн газар хүсч байна.

    Ажлын байрны бүх мэдээллийг ард иргэдэд шуурхай өгч, ажил, хөдөлмөртэй болсон иргэн бүрээ регистрээр нь бүртгэлжүүлэн мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Хөдөлмөр эрхлэлтийн албадад даалгасан. Харин ажил хайж байгаа иргэдийг бүртгэх, ажилд авсан хүнээ Хөдөлмөрийн албанд мэдээлэх, мэдээллийн системийг энгийн болгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд үүрэг болгосон. Энэ бүхний дүнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн уялдаа холбоо шуурхай хангагдаж, олон мянган иргэн маань ажилтай хөдөлмөртэй болно. Тиймээс хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүр энэ жил идэвхтэй, хичээл зүтгэлтэй байхын зэрэгцээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Үндэсний хороотой хамтран ажиллаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх өргөн боломж нээгдэж байна.

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн үр дүнд хичнээн хүн ажилтай болсон тухай тоон статистик чухал. Шинээр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн амьдрал ахуй яаж дээшилсэн гэдэг чанарын үзүүлэлт статистик мэдээнээс илүү чухал байна. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын үр дүн ард, иргэдэд хэрхэн хүрч байгаад Үйлдвэрчний Эвлэл, иргэний нийгэм хяналт тавьж Засгийн газартай хамтран ажиллах болсонд таатай байна. Энэ нь Засгийн газар бодлого, шийдвэр, үйл ажиллагаандаа иргэд, иргэний нийгмийн төлөөллийг өргөн хүрээнд оролцуулж байгаагийн нэг илрэл, хамтын ажиллагааны  бодит үр дүн юм. 

    “Хөдөлмөрийн яармаг” тоон болон чанарын өндөр үзүүлэлттэй болж өндөрлөхийг хүсье. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийнхүрээнд зохион байгуулагдаж буй “Хөдөлмөрийн яармаг” нээснийг мэдэгдье. Монгол хүн эх орондоо ажилтай хөдөлмөртэй, сайхан амьдрах цаг ирж байна.

  • “Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт төвийн бүсийн улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

    УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Зөвлөгөөнд оролцож байгаа нийт зочид төлөөлөгчид, малчид аа,

    Хахир өвлийн хатуу сорилтыг хичээнгүй хөдөлмөр, зүтгэлээрээ даван туулж, урин хавартай сэтгэл тэнүүн золгосон Та бүгдийнхээ амар мэндийг айлтгаж, сайн сайхны ерөөл дэвшүүлье. Эх оронд минь уул уурхайн стратегийн орд газрыг дагасан их бүтээн байгуулалт өрнөж, үсрэнгүй хөгжил дэвшлийн тухай ярьж буй үед Та бид уулзаж байна. Тиймээс Засгийн газар энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, уул уурхайн салбараас олох орлогыг ард иргэддээ тэгш шударга хүртээх, зөв зарцуулах талаар бодлого боловсруулан хэрэгжүүлж байна.

    Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар улс орны хөгжлийг түргэтгэх томоохон боломжийг бидэнд олголоо. Гэхдээ хөдөө аж ахуйн салбар түүний дотор уламжлалт мал аж ахуйгаа тогтвортой хөгжүүлж шинэ шатанд гаргах нь уул уурхайгаас дутахааргүй урт хугацааны ач холбогдолтой гэж үзэж байна. Ийм учраас “Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт улсын зөвлөгөөнд ач холбогдол өгч Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа билээ. Энэ зөвлөгөөнийг баруун, зүүн, хангайн бүсэд үргэлжлүүлэн зохион байгуулна.  

    “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхэд төв, орон нутгийн төр, захиргааны болон мэргэжлийн байгууллагууд, иргэд, малчдын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагааг нэгтгэж, бүтээлч хөдөлмөр, санаачилга, оновчтой шийдлийг хэлэлцэж, гарах үр дүнг сайжруулах талаар бүсийн зөвлөгөөнүүдээр өргөн хүрээнд санал солилцоно.

    Монгол улсынхаа үндэсний соёл, ёс заншил, өв уламжлалын үнэт баялгийг эрхэмлэн шүтэж, их ачааг нуруундаа үүрч яваа малчин түмнээ дээдэлж, ахуй амьдрал, ашиг орлогыг нь тогтвортой нэмэгдүүлэх, мал сүргээ хамгаалах, чанарыг нь сайжруулах үндсэн зорилт бүхий бодлогыг хэрэгжүүлэх нь манай Засгийн газрын анхаарлын төвд байсаар ирлээ. Тиймээс миний бие өнгөрсөн жил Монгол Улсынхаа зүүн бүсийн 3 аймгаас бусад аймагт ажиллаж орон нутгийн иргэд, малчдын санал санаачилгыг биелүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.

    Төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг саяхан Засгийн газрын хуралдаанаараа авч хэлэлцлээ. Орон нутагт хийхээр заасан 99 заалт бүхий ажлын 70 нь хэрэгжиж байгаа бөгөөд тэдгээрийн санхүүжилт нь 2011 оны төсөвт тусгагдан ямар нэгэн байдлаар шийдлээ олсон. 23 заалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бол 6 заалт нь хэрэгжээгүй гэсэн дүгнэлт гарлаа. Эдгээр заалтыг хэрэгжүүлэх талаар цаашид анхаарч ажиллах, ажил хэрэг болгох нь Засгийн газрын үүрэг гэж бодож байна.  

    Малчдын боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэх, тусгай мэргэжил эзэмшүүлэх, малчдад үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн тусламж, үйлчилгээг сайжруулах замаар амьдралын дадал, заншилд өөрчлөлт оруулах чиглэл баримтлаж байна. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын хүрээнд нийт малчдын 70-аас доошгүй хувийг эрүүл мэндийн даатгалд, 50-иас доошгүй хувийг нийгмийн даатгалд хамруулахаар заасан. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх, малчдыг нийгмийн даатгалд хамруулах эрх зүйн орчинг бүрдүүлэхээр хувиараа хөдөлмөр эрхлэлтийн тэтгэврийн даатгал, төлбөрийн тухай тусгайлсан хуулийн төслийг Засгийн газар боловсруулсан. Үүний зэрэгцээ УИХ малчин өрхийг орлогын албан татвараас чөлөөлсөн зэрэг нь дээрх зорилтыг хэрэгжүүлэх нөхцлийг хангах үндэс боллоо.

    Мал аж ахуйн салбарт “Малчин-хоршоолол-үйлдвэрлэл” гэсэн шинэ эргэлт бий болгож орон нутагт малчдын хамтын зохион байгуулалтын хэлбэрүүдийг дэмжих замаар тэдгээрийн үйл ажиллагааны онцлогт нийцсэн үйлдвэрлэл, бизнесийг хөгжүүлэх, сум бүрт амжилттай ажиллаж байгаа загвар хоршоодыг төрөөс дэмжиж урамшуулал олгох, техник, тоног төхөөрөмжөөр хангах цогц бодлогыг хэрэгжүүлнэ. Тариаланчдын ургуулсан улаан буудайд нь урамшуулал  өгч байгаатай адил үйлдвэрт нийлүүлэх, эрүүл чанартай түүхий эд, бүтээгдэхүүнд тодорхой урамшуулал олгодог тогтолцоонд ойрын үед шилжих болно гэдгээ би мэдэгдсэн. Энэ талаар та бүхнийг ч гэсэн байр сууриа илэрхийлээсэй гэж хүсч байна.

    Дэлхийн болон ихэнх бүс нутагт хүнсний хомсдол нүүрлэх болсон энэ цаг үед монголчууд бид мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, будаа, төмс, хүнсний ногоо зэрэг эх орныхоо хөрсөнд бий болсон экологийн цэвэр, эрүүл хүнсээр гачигдах учиргүйг хаа хаанаа анхаарч ажиллах ёстой. Өвөг дээдсээс үлдээсэн өргөн уудам, үржил шимт газар, арвин баялаг мал сүргээсээ иргэн бүрийнхээ хэрэгцээг бүрэн дүүрэн хангах нөхцөл бололцоо бий. Түүгээр ч барахгүй дэлхийн зарим улс орны хүнсний бүтээгдэхүүний хомсдлыг багасгахад тодорхой хувь нэмэр оруулж экологийн цэвэр, чанартай тодорхой хэмжээний бүтээгдэхүүнийг экспортлох боломж ч бий.

    Иймээс бэлчээрийн мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагааг улам боловсронгуй болгон, нийгмийн болон олон улсын эрэлт хэрэгцээ, чиг хандлагатай уялдуулан мал аж ахуйн салбарынүйл ажиллагааг оновчтой болгон эрчимжүүлэх шаардлага тулгамдаад байна. Энэ зорилгоор “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн эцсийн зорилго нь малчин хүнийг хөгжүүлэх, чадавхижуулах, амьдралын түвшинг нь дээшлүүлэхэд л чиглэгдэх учиртай.

    “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхан шатны нэгжийг бүх суманд байгуулан ажиллуулж эхэлсэн. Хэдийгээр Засгийн газрын түвшинд төр, захиргааны шат дамжлагыг багасгах, төсөв хэмнэх, орон тоог цөөлөх бодлого баримталж байгаа ч мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэх, малчдынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх бодлогын ач холбогдлыг онцгойлон анхаарч бүх сумын Засаг даргын Тамгын газарт гурван хүний орон тоотой  “Мал эмнэлэг, үржлийн тасаг” байгуулсан юм. Улсын хэмжээнд 329 суманд шинээр658 мэргэжилтний ажлын байр бий боллоо. Түүнчлэн мал аж ахуйн салбараа сэргээх, бэхжүүлэх, эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас урьд өмнө  байгаагүй ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна.

    Засгийн газар хөдөө аж ахуйн салбараа дэмжих зорилгоор энэ оны төсөвт шинэчлэлийн олон асуудлыг тусгалаа. Тухайлбал анх удаа аймаг бүрт орон нутгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон дунджаар 800.0 сая, 5 бүсийн хөгжилд дэмжлэг үзүүлэхээр 24.0 сая, сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан бий болгоход 24 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт шинээр суулган өгч байна. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсвөөс 2010 онд 5.3 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ онд 51.0 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгасан. 

    Үүний зэрэгцээ сум орон нутгийн хөгжлийг дэмжих талаар ч Засгийн газар тодорхой арга хэмжээ авч байна. Тухайлбал, улсын тэргүүний загвар сумыг бүс бүрээс шалгаруулж 100.0 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Энэ жил төвийн бүсийн сумдаас Сэлэнгэ аймгийн Мандал сум загвар сумаар шалгарсныг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс Мандал сумынхаа төлөөлөгчдөд баяр хүргэе. Мөн Та бүхнийг төвийн бүсийнхээ загвар сумын үйл ажиллагаа, бүтээлч ажлуудтай танилцаж, туршлага судлахыг хүсч байна. Төрийн зүгээс шаардлагатай хөрөнгө оруулалтын арга хэмжээг энэ мэтчилэн цаашид үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ. Гагцхүү түүний үр өгөөжийг сайжруулах явдал нь дунд болон доод шатанд ажиллаж байгаа Та бүгдийн мэдлэг оюун, хичээл зүтгэлээс шууд хамаарах болно гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.

    Эрхэм төлөөлөгчид өө,

    “Монгол мал” хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааг амьдралд хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулж, улс орны болон аймаг, сумын хөгжилд хувь нэмрээ оруулах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүрэг Та бүхэнд оногдож байна. Энэ үүргийг биелүүлэхэд Та бүгдийн ажил, амьдралын арга, туршлага, эрдэм мэдлэг, тэвчээр хатуужил, сэтгэл зүтгэл, идэвх санаачилга, уян хатан бодлогоос олон зүйл хамаарна.

    Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлого эхний жилүүдэд ямар үр дүнд хүрч, малчид, хөдөөгийн ард иргэдийн амьдралд яаж ахиц дэвшил гарч чадсан бэ гэдгээс дараа дараагийн жилүүдэд хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээ улам тодорхой болно.  Харин хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажил эхний жилүүдэд удаашралтай, ажлын явц, үр дүн хангалтгүй байх аваас дараа дараагийн үе шатны бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд улам их хүндрэл бэрхшээл бий болно. “Зөв эхлэл сайн үр дүнг авчирдаг” гэж манай ард түмэн ярьдаг нь ажлыг эхнээс нь алдаа, мадаггүй хий гэсэн гүн агуулгатай нэг ёсны анхааруулга, сануулга гэдгийг та бүхэн анхаарч ажиллах хэрэгтэй.

    “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд яам агентлаг, аймаг, орон нутгийн удирдлага ажлын байр бий болгох, ажилгүйдлийг багасгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч эхлүүллээ. Малчид, малчдын бүлэг, хоршоод руу хандсан олон ажлыг  энэ жилийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэг, даалгаврыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгасан. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд зарцуулагдах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг ч энэ чиглэлд зарцуулах тал дээр сонголтоо оновчтой хийж баг, хороо, сум, дүүргийн түвшинд мал аж ахуйн түүхий эдийн бүтээгдэхүүнд суурилсан жижиг, дунд болон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хоршоо, хамтын хөдөлмөрийг түлхүү тавихад анхаарлаа хандуулж ажиллахыг бас анхааруулж хэлье.

    “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” хөтөлбөрийг зөвхөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хийх ажил мэтээр явцуурч болохгүй. Тиймээс төрийн бүх яам, агентлаг, байгууллага эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлого үйл ажиллагаагаа уялдуулж хамтран ажиллахыг үүрэг болгож байна. Яамдын ажлын уялдаа холбоо хангалтгүй байгаагаас эдгээр бодлого, хөтөлбөрийн үр дүн төдийлөн сайн гарахгүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй.   

    Өнөөдөр иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрөөс хариуцлагатай байхыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл төр, засгийн төлөөлөл болсон Та бүгдийг хариуцлагатай байхыг ард түмэн маань хүсч байна. Иймээс ажлын хариуцлагыг нэмэгдүүлж үйл ажиллагааны гүйцэтгэлийн явцад тавих хяналтыг сайжруулан ам ажил, үг үйлдлийн нийлбэрийг хангаж ажиллах учиртай. Мөн малчдын эрх ашгаа хамгаалах иргэний нийгмийн бүтцийг бий болгох, бэхжүүлэх талаар санаачилгатай ажиллах ёстой. Засгийн газрын зүгээс эрх ашгаараа нэгдсэн хоршоод, малчдын бүлгүүдтэй ажиллах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. Энэ бодлогын хүрээнд Ноос ноолуурын холбоо, Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо, Махны холбооны төлөөллийг хүлээн авч уулзан тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхээр Засгийн газар ажиллаж байна. Энэ мэт үр дүнтэй бүтэц бий болгохын зэрэгцээ өөрсдийн салбарын мэргэжлийн холбоодтой хамтран ажиллахыг хүсч байна.

    Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбогдож манай оронд тохиолдох байгаль, цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж ойртож, учрах хор хохирол нь нэмэгдэх хандлагатай болсныг хэн хэнгүй сайн мэдэж байгаа. Тодруулбал 2009-2010 онд ихэнх нутгийг хамарсан байгалийн гамшиг, зудад бид нийт малыхаа 23,4 хувь буюу 10,3 сая малаа зүй бусаар хорогдуулж томоохон гарз хохирол амссан.Үүнд  дүгнэлт хийж өнгөрсөн жил Засгийн газраас тодорхой төлөвлөгөө, зорилт дэвшүүлэн ажилласны үр дүнд малчид, баг, сум, аймгийн түвшинд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангасан. Ингэснээр өмнөх оны зуднаас дутахааргүй цастай байсан энэ онд аймаг, орон нутаг өөрсдийн нөөц бололцоогоор өвлийг давж чадлаа. Та бид хаана хаанаа нөөц бололцоондоо тулгуурлан хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж чадвал үр дүнд хүрдгийн бодит жишээг энэ жил харууллаа.

    Бэлчээрийн доройтол, байгалийн нөөцийн хомсдлын асуудал сүүлийн үед бидний анхаарлын төвд байх боллоо. Хариуцлагагүй уул уурхай, байгальтай зүй бусаар харьцах, малын хэт бөөгнөрөл, төвлөрлөөс улбаалан байгалийн унаган төрх ихээр алдагдаж байна. Эрдэмтдийн судлан тогтоосноор манай улсын нийт газар нутгийн 70 гаруй хувь нь ямар нэгэн хэмжээгээр цөлжиж, олон арван гол горхи, нуур цөөрөм ширгэжээ. Энэ бол байгаль орчныг хамгаалах бодлого, чиглэл алдагдсаны баримт, та бидэнд өгч байгаа томоохон дохио мөн.

    Ийм учраас “Монгол мал” үндэсний хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бэлчээрийн мал аж ахуйг зонхилон, эрчимжсэн мал аж ахуйг тодорхой бүс нутагт хязгаарлагдмал хүрээнд эрхлэн, бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх, сайжруулах, хамгаалах, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээхтэй холбогдсон тодорхой зорилт, үйл ажиллагаа тусгагдсан. Энэ үйл ажиллагааг анхан шатанд хэрэгжүүлэгч гол хүмүүс нь та бүхэн билээ.

    Тиймээс сум, орон нутгийнхаа хэмжээнд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутаг, хадлан, тариалан, отрын бүс нутгийг тогтоохоос гадна, байгалийн үзэсгэлэнт, түүх дурсгалын газрын байршил, хил, хязгаарыг тодорхой болгож, нэрсийн жагсаалтыг нэгтгэн цэгцэлж, багийн Нийтийн Хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг эрх бүхий байгууллагаар баталгаажуулж шат шатандаа сурталчилж ойлгуулах, хамгаалах, дотоод, гадаадын төсөл, хөтөлбөрт хамруулан сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөмж болгож байна.

    Мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж бүтээмжийг нь нэмэгдүүлэхэд илүү анхаарч, хүн, хүч, хөрөнгө, санхүүгийнхээ нөөцийг чиглүүлж, малчдаа дэмжиж, тэднийг ашиг сонирхол, үйл ажиллагааны чиглэлээрээ нэгдэж, хамтын аж ахуйн хэлбэрийг бий болгоход нь бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай. Эцэст нь хэлэхэд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал үндэсний хөтөлбөр”-ийг малчид, ард иргэдэд ойлгуулан сурталчлах ажил онцгой чухал шаардлагатай байна. Эдгээр бодлогын баримт бичгийн агуулга, ач холбогдлын талаар иргэд, малчид дутуу ойлголттой байгааг би орон нутагт ажиллах үеэрээ анзаарсан.

    Түүгээр ч барахгүй бодлого, хөтөлбөрийн талаар буруу, зөрүү мэдээлэлтэй байсныг хэлэхэд илүүдэхгүй байхаа. Иймээс энэ зөвлөгөөнд оролцож буй төр, захиргааны удирдах ажилтан, мэргэжилтэн ажилтан та бүхэн төрөөс малчдын талаар явуулж буй бодлогуудыг нарийвчлан судлаж, алхам тутамдаа сурталчилан ойлгуулж, 160 гаруй мянган малчин өрхөд хүргэх чиглэлээр өнөөдрөөс эхлэн 3 сарын бүтээлч аян зохион байгуулахыг үүрэг болгож байна. Эрдэнэт мал сүргээ эрүүлжүүлэн, үүлдэр, угсааг нь сайжруулж, түүхий эд, ашиг шимийг боловсруулан эх орондоо эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах эрхэм зорилго нь бидний хамтын ажиллагааны үр шим байх болно. 

    Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

    2011.03.28.       Төрийн ордон

  • С.Батболд: Монгол инженерүүдэд дэлхийн дэвжээ хэрэгтэй боллоо

    Эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн монгол инженерүүд Та бүхнийхээ амар амгаланг айлтгая.

    Улс орон маань их бүтээн байгуулалтын гараан дээр ирээд байгаа үед монголын инженерүүдийн анхдугаар чуулга уулзалт болж буйд Засгийн газрын тэргүүний хувьд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлье. Учир нь бидний зорьж буй их бүтээн байгуулалт, ирээдүйн хөгжил дэвшил инженерүүд Та бүхний ур ухаан, сэтгэл оюун, хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаалах цаг ойртон ирээд байна.

    Бид ойрын 5-10 жилд дэлхийн зах зээлд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч орноос өрсөлдөх чадвартай үйлдвэрлэгч орон болох зорилт дэвшүүлж, хэрэгжилтийг нь хангахаар ажиллаж байна. Хөгжлийн бодлогын чиглэлээр “Монгол Улсыг үйлдвэржүүлэх”, “Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх”, “Зөгийн үүр” хөтөлбөр болон “Орон нутагт үйлдвэр хөгжүүлэх чиглэл” зэрэг бодлогын баримт бичгийг гаргасан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчноо шинэчлэн сайжруулах ажил эрчимтэй хийгдэж байна.

    “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр эдийн засгийн бүтцэд зарим нааштай хандлага ажиглагдаж эхэллээ. Тухайлбал боловсруулах аж үйлдвэрийн салбарын Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДБН/-д эзлэх хэмжээ нэмэгдэж 2010 онд 8.5 хувьд хүрлээ. Уул уурхай, боловсруулах аж үйлдвэрийн салбарын өсөлтийн үр дүнд аж үйлдвэрийн салбар 2010 онд 7.7 хувиар өсч, ДНБ-ий 35.4 хувийг бүрдүүлж байна. 

    Үүний зэрэгцээ Засгийн газраас олборлох салбарт тулгуурласан эдийн засгаас боловсруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл явуулах, улмаар эдийн засгийг төрөлжүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл баримталж, хөнгөн үйлдвэрийг дэмжиж, шинээр аж үйлдвэрийн томоохон цогцолборуудыг байгуулахыг зорьж байна.

    Тухайлбал, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төслийн хүрээнд дэвшилтэт техник, өндөр технологи бүхий кокс, хар төмөрлөг, нүүрс хийжүүлэх, зэс хайлуулах, барилгын материалын болон газрын тос боловсруулах үйлдвэрүүд, инженерийн иж бүрэн хангамж бүхий дэд бүтэцтэй, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн хот  төлөвлөлттэй, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар ажиллаж байна. Эдгээр нь манай улсын Эрдэнэт, Багануур зэрэг томоохон бүтээн байгуулалтаас хойш анх удаа хийх гэж буй дорвитой бүтээн байгуулалт байх болно. Ингэснээр хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхэд чухал алхам хийгдэх үндэс суурь тавигдана.  

    Их бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлснээр манай  улсын ДНБ-д эзлэх аж үйлдвэрийн салбарын хэмжээ 57 хувьд, түүний дотор боловсруулах аж үйлдвэрийн салбарын хэмжээ 14 хувьд, эдийн засгийн бодит өсөлт эрс нэмэгдэж, 2013-2021 онуудад дунджаар 15.8 хувьд хүрэх боломж гарна.

    Мөн хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар, Засгийн газрын бодлого, дэмжлэгээр олон томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжинэ. Тухайлбал Тавантолгой, Оюутолгой зэрэг ордыг түшиглэн нүүрс, зэсийн баяжмал, эрчим хүч, уул уурхайн томоохон шинэ цогцолбор босч ашиглалтанд орох гэж байна.

    Бид уул уурхайг хөгжүүлэхдээ аж үйлдвэр, дэд бүтцийн обьектуудыг хамтад нь байгуулахыг хөрөнгө оруулагч нарт зайлшгүй тавигдах нөхцөл шаардлага болгоно. Энэ жил хийгдэж байгаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн гол зорилтуудын нэг нь тус ордыг түшиглэн хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэрийг байгуулах ажил юм. Ийнхүү аж үйлдвэрийг цогцоор буюу кластер хэлбэрээр хөгжүүлж улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг Засгийн газар стратегийн зорилтоо болгож байна.

    Эрхэм хүндэт инженерүүд ээ,

    Хөгжлийг үйлдвэржүүлэлтгүйгээр, үйлдвэржүүлэлтийг  техник, технологигүйгээр, техник, технологийг инженергүйгээр авч үзэх боломжгүй гэдэг нь тодорхой. Уул уурхайн томоохон төслүүд, их бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн цогцолборуудыг барьж байгуулахад монгол инженерүүд мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, сэтгэл санааны хувьд бэлэн байх шаардлага өсөн нэмэгдлээ.  

    Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өргөтгөл хийх, Хөтөлийн цементийн үйлдвэрт хаягдал ихтэй, өртөг өндөр хуурай технологиос татгалзаж, нойтон технологи нэвтрүүлэх, орон нутгийн дулааны станцуудын доголдлыг арилгах, орчин үеийн байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэрэг монгол инженерийн өмнө тулгарсан олон асуудлууд байна.

    Нөгөө талаар манай инженерүүдэд Оюутолгой, Тавантолгой, Сайншанд зэрэг аж үйлдвэрийн томоохон бүтээн босголтод оролцох мэргэжлийн өндөр ур чадвар шаардлагатай байна. Ийнхүү инженерүүд та бүхний өмнө өөрийгөө сорих, авъяас, ур ухаанаа уралдуулах, бүтээлчээр ажиллах өргөн дэлгэр боломж нээгдлээ. Өөрөөр хэлбэл инженерүүд та бүхний өмнө Монголын төдийгүй дэлхийн дэвжээ хэрэгтэй боллоо. Яагаад гэвэл бид дэлхийн хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна.

    Бүтээн байгуулалтын том зорилтыг хэрэгжүүлэхэд үндэсний боловсон хүчин, тэр дундаа мэргэшсэн инженер, инженер техникийн боловсролтой ажиллах хүчний хомсдол ажиглагдаж байна. Өнөөдөр улсын хэмжээнд 113 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгаа боловч төрийн өмчийн хэдхэн сургуульд л инженер бэлтгэж байна. Гэтэл ойрын жилүүдэд 7000 орчим инженер шинээр улсын хэмжээгээр шаардагдана гэсэн тооцоо судалгаа бий. Уг асуудлыг дээд  боловсролын тогтолцоотой холбож үзэхгүйгээр шийдвэрлэх арга зам байхгүй. Энэ талаар та бүхнийг санал бодлоо илэрхийлнэ гэж бодож байна. 

    Хөгжсөн улс орнуудад инженерийн үнэлэмж өндөр байдаг. Энэ бүхнийг хүүхэд, залуучууддаа ойлгуулж чадаагүйгээс техник, технологийн салбарт биш нийгмийн чиглэлийн боловсрол руу ханарахад хүргэлээ. Иймд ерөнхий боловсролын шинэчлэлийн хүрээнд уг асуудлыг онцгой анхаарч авч үзэх хэрэгтэй.  Инженер, техникийн ажилтны шилжилт хөдөлгөөн уул уурхайн салбарт төвлөрөх шинжтэй боллоо. Гэтэл бусад бүх салбарт мэргэшсэн инженер маш чухал гэдгийг бид одооноос бодолцож байх хэрэгтэйг анхааруулъя.

    Аж ахуйн нэгж, ажил олгогчид нь бэлэн бэлтгэгдсэн инженерийг хүлээж авч ажиллуулахаасаа илүү тэднийг бэлтгэх, сургах үйл явцад идэвхитэй оролцох, өөрөөр хэлбэл тэднийг ажлын байран дээр суралцах, шинэ техник технологи эзэмших, дадлагажих боломжоор хангах, төлөвшүүлэх, хөгжүүлэх үүрэгтэйгээ ойлгох ёстой. 

    Инженерийн бүтээл нь ихэвчлэн хамтын шийдэл байдаг учраас шинжлэх ухаан үйлдвэрлэлийг холбогч гүүр нь юм. Үүгээрээ та бүгд инновацийн гол хөдөлгөгч хүч болдог. Иймээс бид “Инновацийн хууль”-ийг шинээр гаргаж, “Өндөр технологийн хөтөлбөр”, “Технологи үндэсний хөтөлбөр”-ийг энэ жил батлаж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Би саяхан шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, мэргэдтэй уулзахдаа цаашид эх орны хөгжлийн тэргүүлэх чиглэлээр өөрийн орны нөхцөлд тохирсон стандарт, технологийг шилжүүлэн авах, боловсруулах, нутагшуулахад ихээхэн анхаарах хэрэгтэй гэж хэлснээ энд бас зориуд давтан хэлье.

    Эх орны бүтээн байгуулалт өрнөж байгаа өнөө үед та бүгд дэлхийн тэргүүний технологийг нутагшуулах, эзэмших талаар өөрийгөө дайчилж ажиллахад төрөөс бүх талын дэмжлэг үзүүлэх ёстой. Ямар дэмжлэг хэрэгтэй байгааг энэ чуулга уулзалтаар ярилцах учиртай. Монгол инженерүүд маань мэдлэг, чадвар, ур ухаанаа дайчлан үндэсний үйлдвэрлэлээ авч яваагийн зэрэгцээ мэдээлэл, нано, биотехнологийн салбарт амжилт гаргаж, дэлхийд нэрд гарсан олон компанийн өндөр шалгуурт нийцэн ажиллаж байна.

    Инженерүүдийн эрх ашгийг илэрхийлэх чиглэлээр Монголын мэргэшсэн инженерүүдийн нийгэмлэг, Монголын инженерүүдийн академи зэрэг олон нийтийн байгууллага байгуулагдан ажиллаж буй нь сайшаалтай. Гэвч инженерүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, шинэ санааг дэмжих, санаачлагыг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулж, хамтран явуулах хэрэгтэй байна.

    Шинэ санаа, шинэ бүтээлийг дэмжих, инженерийн үнэлэмжийг өсгөх хүрээнд тэдгээрийн бүтээлийг олон нийтэд болон үйлдвэрлэгчид хүргэх зорилгоор үзүүлэн таниулахад чиглэсэн ажил үгүйлэгдэж байгааг ч анхаарах ёстой. Монголын инженерүүдийн анхдугаар чуулганаас гарсан зөвлөмж, баримт бичигт туссан асуудал, саналуудыг ажил хэрэг болгох талаар Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллана. Инженерүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанаас гарах шийдвэр, зөвлөмжүүд нь улс орны бүтээн байгуулалтын, өнөөгийн хариуцлагатай үетэй уялдаж нийцнэ гэдэгт итгэж байна.

    Улс нийгмийнхээ хөгжил дэвшлийн төлөө зөвлөлдөх чуулганыг нээж, та бүхнийхээ амьдрал, ажил үйлс, бүтээлд амжилт хүсье.

  • Монголын инженерүүдийн анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

    Монголын инженерүүдийн анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг Эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн монгол инженерүүд Та бүхнийхээ амар амгаланг айлтгая.

    Улс орон маань их бүтээн байгуулалтын гараан дээр ирээд байгаа үед монголын инженерүүдийн анхдугаар чуулга уулзалт болж буйд Засгийн газрын тэргүүний хувьд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлье. Учир нь бидний зорьж буй их бүтээн байгуулалт, ирээдүйн хөгжил дэвшил инженерүүд Та бүхний ур ухаан, сэтгэл оюун, хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаалах цаг ойртон ирээд байна.

    Бид ойрын 5-10 жилд дэлхийн зах зээлд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч орноос өрсөлдөх чадвартай үйлдвэрлэгч орон болох зорилт дэвшүүлж, хэрэгжилтийг нь хангахаар ажиллаж байна. Хөгжлийн бодлогын чиглэлээр “Монгол Улсыг үйлдвэржүүлэх”, “Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх”, “Зөгийн үүр” хөтөлбөр болон “Орон нутагт үйлдвэр хөгжүүлэх чиглэл” зэрэг бодлогын баримт бичгийг гаргасан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчноо шинэчлэн сайжруулах ажил эрчимтэй хийгдэж байна.

    “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр эдийн засгийн бүтцэд зарим нааштай хандлага ажиглагдаж эхэллээ. Тухайлбал боловсруулах аж үйлдвэрийн салбарын Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДБН/-д эзлэх хэмжээ нэмэгдэж 2010 онд 8.5 хувьд хүрлээ. Уул уурхай, боловсруулах аж үйлдвэрийн салбарын өсөлтийн үр дүнд аж үйлдвэрийн салбар 2010 онд 7.7 хувиар өсч, ДНБ-ий 35.4 хувийг бүрдүүлж байна. 

    Үүний зэрэгцээ Засгийн газраас олборлох салбарт тулгуурласан эдийн засгаас боловсруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл явуулах, улмаар эдийн засгийг төрөлжүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл баримталж, хөнгөн үйлдвэрийг дэмжиж, шинээр аж үйлдвэрийн томоохон цогцолборуудыг байгуулахыг зорьж байна.

    Тухайлбал, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төслийн хүрээнд дэвшилтэт техник, өндөр технологи бүхий кокс, хар төмөрлөг, нүүрс хийжүүлэх, зэс хайлуулах, барилгын материалын болон газрын тос боловсруулах үйлдвэрүүд, инженерийн иж бүрэн хангамж бүхий дэд бүтэцтэй, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн хот  төлөвлөлттэй, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар ажиллаж байна. Эдгээр нь манай улсын Эрдэнэт, Багануур зэрэг томоохон бүтээн байгуулалтаас хойш анх удаа хийх гэж буй дорвитой бүтээн байгуулалт байх болно. Ингэснээр хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхэд чухал алхам хийгдэх үндэс суурь тавигдана.  

    Их бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлснээр манай  улсын ДНБ-д эзлэх аж үйлдвэрийн салбарын хэмжээ 57 хувьд, түүний дотор боловсруулах аж үйлдвэрийн салбарын хэмжээ 14 хувьд, эдийн засгийн бодит өсөлт эрс нэмэгдэж, 2013-2021 онуудад дунджаар 15.8 хувьд хүрэх боломж гарна.

    Мөн хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар, Засгийн газрын бодлого, дэмжлэгээр олон томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжинэ. Тухайлбал Тавантолгой, Оюутолгой зэрэг ордыг түшиглэн нүүрс, зэсийн баяжмал, эрчим хүч, уул уурхайн томоохон шинэ цогцолбор босч ашиглалтанд орох гэж байна.

    Бид уул уурхайг хөгжүүлэхдээ аж үйлдвэр, дэд бүтцийн обьектуудыг хамтад нь байгуулахыг хөрөнгө оруулагч нарт зайлшгүй тавигдах нөхцөл шаардлага болгоно. Энэ жил хийгдэж байгаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн гол зорилтуудын нэг нь тус ордыг түшиглэн хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэрийг байгуулах ажил юм. Ийнхүү аж үйлдвэрийг цогцоор буюу кластер хэлбэрээр хөгжүүлж улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг Засгийн газар стратегийн зорилтоо болгож байна.

    Эрхэм хүндэт инженерүүд ээ,

    Хөгжлийг үйлдвэржүүлэлтгүйгээр, үйлдвэржүүлэлтийг  техник, технологигүйгээр, техник, технологийг инженергүйгээр авч үзэх боломжгүй гэдэг нь тодорхой. Уул уурхайн томоохон төслүүд, их бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн цогцолборуудыг барьж байгуулахад монгол инженерүүд мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, сэтгэл санааны хувьд бэлэн байх шаардлага өсөн нэмэгдлээ.  

    Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өргөтгөл хийх, Хөтөлийн цементийн үйлдвэрт хаягдал ихтэй, өртөг өндөр хуурай технологиос татгалзаж, нойтон технологи нэвтрүүлэх, орон нутгийн дулааны станцуудын доголдлыг арилгах, орчин үеийн байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэрэг монгол инженерийн өмнө тулгарсан олон асуудлууд байна.

    Нөгөө талаар манай инженерүүдэд Оюутолгой, Тавантолгой, Сайншанд зэрэг аж үйлдвэрийн томоохон бүтээн босголтод оролцох мэргэжлийн өндөр ур чадвар шаардлагатай байна. Ийнхүү инженерүүд та бүхний өмнө өөрийгөө сорих, авъяас, ур ухаанаа уралдуулах, бүтээлчээр ажиллах өргөн дэлгэр боломж нээгдлээ. Өөрөөр хэлбэл инженерүүд та бүхний өмнө Монголын төдийгүй дэлхийн дэвжээ хэрэгтэй боллоо. Яагаад гэвэл бид дэлхийн хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна.

    Бүтээн байгуулалтын том зорилтыг хэрэгжүүлэхэд үндэсний боловсон хүчин, тэр дундаа мэргэшсэн инженер, инженер техникийн боловсролтой ажиллах хүчний хомсдол ажиглагдаж байна. Өнөөдөр улсын хэмжээнд 113 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгаа боловч төрийн өмчийн хэдхэн сургуульд л инженер бэлтгэж байна. Гэтэл ойрын жилүүдэд 7000 орчим инженер шинээр улсын хэмжээгээр шаардагдана гэсэн тооцоо судалгаа бий. Уг асуудлыг дээд  боловсролын тогтолцоотой холбож үзэхгүйгээр шийдвэрлэх арга зам байхгүй. Энэ талаар та бүхнийг санал бодлоо илэрхийлнэ гэж бодож байна. 

    Хөгжсөн улс орнуудад инженерийн үнэлэмж өндөр байдаг. Энэ бүхнийг хүүхэд, залуучууддаа ойлгуулж чадаагүйгээс техник, технологийн салбарт биш нийгмийн чиглэлийн боловсрол руу ханарахад хүргэлээ. Иймд ерөнхий боловсролын шинэчлэлийн хүрээнд уг асуудлыг онцгой анхаарч авч үзэх хэрэгтэй.  Инженер, техникийн ажилтны шилжилт хөдөлгөөн уул уурхайн салбарт төвлөрөх шинжтэй боллоо. Гэтэл бусад бүх салбарт мэргэшсэн инженер маш чухал гэдгийг бид одооноос бодолцож байх хэрэгтэйг анхааруулъя.

    Аж ахуйн нэгж, ажил олгогчид нь бэлэн бэлтгэгдсэн инженерийг хүлээж авч ажиллуулахаасаа илүү тэднийг бэлтгэх, сургах үйл явцад идэвхитэй оролцох, өөрөөр хэлбэл тэднийг ажлын байран дээр суралцах, шинэ техник технологи эзэмших, дадлагажих боломжоор хангах, төлөвшүүлэх, хөгжүүлэх үүрэгтэйгээ ойлгох ёстой. 

    Инженерийн бүтээл нь ихэвчлэн хамтын шийдэл байдаг учраас шинжлэх ухаан үйлдвэрлэлийг холбогч гүүр нь юм. Үүгээрээ та бүгд инновацийн гол хөдөлгөгч хүч болдог. Иймээс бид “Инновацийн хууль”-ийг шинээр гаргаж, “Өндөр технологийн хөтөлбөр”, “Технологи үндэсний хөтөлбөр”-ийг энэ жил батлаж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Би саяхан шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, мэргэдтэй уулзахдаа цаашид эх орны хөгжлийн тэргүүлэх чиглэлээр өөрийн орны нөхцөлд тохирсон стандарт, технологийг шилжүүлэн авах, боловсруулах, нутагшуулахад ихээхэн анхаарах хэрэгтэй гэж хэлснээ энд бас зориуд давтан хэлье.

    Эх орны бүтээн байгуулалт өрнөж байгаа өнөө үед та бүгд дэлхийн тэргүүний технологийг нутагшуулах, эзэмших талаар өөрийгөө дайчилж ажиллахад төрөөс бүх талын дэмжлэг үзүүлэх ёстой. Ямар дэмжлэг хэрэгтэй байгааг энэ чуулга уулзалтаар ярилцах учиртай. Монгол инженерүүд маань мэдлэг, чадвар, ур ухаанаа дайчлан үндэсний үйлдвэрлэлээ авч яваагийн зэрэгцээ мэдээлэл, нано, биотехнологийн салбарт амжилт гаргаж, дэлхийд нэрд гарсан олон компанийн өндөр шалгуурт нийцэн ажиллаж байна.

    Инженерүүдийн эрх ашгийг илэрхийлэх чиглэлээр Монголын мэргэшсэн инженерүүдийн нийгэмлэг, Монголын инженерүүдийн академи зэрэг олон нийтийн байгууллага байгуулагдан ажиллаж буй нь сайшаалтай. Гэвч инженерүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, шинэ санааг дэмжих, санаачлагыг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулж, хамтран явуулах хэрэгтэй байна.

    Шинэ санаа, шинэ бүтээлийг дэмжих, инженерийн үнэлэмжийг өсгөх хүрээнд тэдгээрийн бүтээлийг олон нийтэд болон үйлдвэрлэгчид хүргэх зорилгоор үзүүлэн таниулахад чиглэсэн ажил үгүйлэгдэж байгааг ч анхаарах ёстой. Монголын инженерүүдийн анхдугаар чуулганаас гарсан зөвлөмж, баримт бичигт туссан асуудал, саналуудыг ажил хэрэг болгох талаар Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллана. Инженерүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанаас гарах шийдвэр, зөвлөмжүүд нь улс орны бүтээн байгуулалтын, өнөөгийн хариуцлагатай үетэй уялдаж нийцнэ гэдэгт итгэж байна.

    Улс нийгмийнхээ хөгжил дэвшлийн төлөө зөвлөлдөх чуулганыг нээж, та бүхнийхээ амьдрал, ажил үйлс, бүтээлд амжилт хүсье.

  • Монголын эдийн засгийн 2 дахь удаагийн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

    Хатагтай, ноёд оо,

    Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, 

    Монголын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор хуран цугларсан Та бүхэнд чин сэтгэлийн мэнд хүргэе. Чуулга уулзалтыг зохион байгуулах ажилд идэвхи зүтгэлтэй оролцож буй бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.

    Та бид жил бүрийн эхний улиралд хөгжлийн бодлогын асуудлаа хэлэлцдэг сайхан уламжлал тогтож эхэллээ. Энэхүү чуулга уулзалт нь эрдэмтэн мэргэд, улс төрчид, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөллийнхөн хамтран нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, улс орны хөгжлийг хурдасгах асуудлаар нийтлэг ойлголцлыг бий болгох нэгэн зорилгод чиглэгддэг. Энэ нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагч нарт төдийгүй иргэдэд өгөөжтэй юм. 

    Эдийн засгийн чуулганыг ийнхүү өргөн хүрээтэй зохион байгуулж байгаа нь манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого боловсруулалт нь нээлттэй, олон нийтийн оролцоо, түншлэлд тулгуурлан явагддаг болж байгаагийн томоохон илрэл юм. Өнгөрсөн жил Монголын эдийн засгийн анхдугаар чуулга уулзалтыг “БИД ХАМТДАА ЧАДНА” уриан дор Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.

    Анхдугаар чуулга уулзалтаар Хөрөнгийн зах зээл, Өрсөлдөх чадвар, Улсын бүртгэлийн шинэчлэл, Төсвийн шинэтгэл, Уул уурхай, Ногоон эдийнзасаг зэрэг улс орны амьдралын нэн чухал асуудлаар олон талын оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой шийдэлд хүрсэн нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал бизнесийн орчныг шинэчлэх жилийн хүрээнд олон ажил хийлээ. Энэ нь хувийн хэвшлийн салбарын боломжуудыг нэмэгдүүлсэн. Олон улсын хөрөнгийн зах зээлд Монголын компаниуд хөл тавьж эхэлсэн нь үүний нэг илрэл юм. Төсвийн шинэчлэлийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ баталлаа. Иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулж, онлайн хэлбэрт шилжүүлж эхлээд байна.

    Тогтвортой, ногоон эдийн засгийн өсөлтийг хангахын тулд говьд Засгийн газрын хуралдаан зохион байгуулж цөлжилтийн эсрэг тусгай хөтөлбөр батлан, “Говийн уриалга” гарган хэрэгжүүлж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс өрсөлдөх чадварын судалгаагаар дэлхийд 117 дугаар байрнаас 99 дүгээр байрт орж урагшиллаа. Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээрээ дэлхийн 169 улс орноос эхний 100-д орж, “Хүний хөгжлийн дунд зэргийн үзүүлэлт”-тэй  улс орнуудын эгнээнд орлоо.

    Бидний туулах зам урт, хүрэх оргил өндөр, хийх ажлын цар их, хүрээ өргөн. Тиймээс хүний хөгжлөөр, өрсөлдөх чадвараар, нэг хүнд ногдох орлогоор богино хугацаанд томоохон ахиц дэвшил гаргахын тулд хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, хамтдаа эрчимтэй урагшлах нь бидний гол зорилго юм. Иймээс энэ жилийн Монголын эдийн засгийн чуулга уулзалтыг “ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, Дэд бүтэц, Засаглал гэсэн тэргүүлэх ач холбогдолтой 4 асуудлын хүрээнд 15 салбар хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Энэхүү хэлэлцүүлэг бидний амьдралд тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.

    Монгол Улсын хөгжлийн бодлогын төвд нь хүн байх учиртай. Эдийн засгийн өсөлт нь эцсийн эцэст монгол хүний хөгжил түүний сайн сайханд зориулагдах учиртай. Монгол хүнийг хөгжүүлэхийн тулд дараах 4 чиглэлээр онцгойлон анхаарал хандуулж ажиллах шаардлагатай.

    Нэгдүгээрт, засаглалыг сайжруулах ёстой.Засаглал зөв бол хөгжил нь зөв байх учиртай. Засаглалын механизм зөв зохион байгуулагдсан оронд нийгмийн хөгжил нь хурдацтай, баялгийн хуваарилалт нь оновчтой, иргэд нь амгалан тайван байдаг. Засаглалын механизмийг зөв төлөвшүүлж сайжруулснаар эрх мэдлийг зөв хуваарилж, улс төрийн намуудын эрх үүргийг тодотгон, ардчилалын сонгодог хэлбэрийг бий болгож, иргэдийн оролцоо, төрийн зохицуулалтыг тэгш хангах нөхцөл бүрдэх юм. 

    Хоёрдугаарт, хөгжлийн стратеги чиглэлийг зөв тодорхойлох нь нэн чухал. Монгол Улсын хөгжлийн стратеги бол өнөөгийн бодит байдалд тулгуурлан ойрын болон урт хугацаанд улс орноо хөгжүүлэх дэс дараатай, алсыг харсан, цогцоор төлөвлөсөн бодлогуудын багц юм. Энэ нь зөвхөн өөдрөг мөрөөдлийн хэлхээс биш бодит тооцоонд эрэмблэгдсэн бодлогын цогц нэгдэл байх учиртай. Улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг нэгдсэн хүрээнд авч үзэн зангидаж, хөгжлийн тэргүүлэх чиглэл рүү чиглүүлдэг механизм хэрэгтэй байна. Ингэснээр төрийн зохицуулалт жинхэнэ утгаар зөв болж, бүх зүйлийг төр дангаараа хариуцах бус, харин төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны оновчтой хэлбэр тогтох боломж бүрдэнэ.

    Гуравдугаарт, хүний хөгжлийг хангахад бүх бодлого чиглэх учиртай. Монгол хүний боловсрол, мэдлэг, ур чадварыг эрс дээшлүүлж байж л бид улс орноо хөгжүүлнэ. Өнөөгийн байдлаар “Хүнээ хөгжүүлэх асуудал” нь манай нийгмийн тулгамдсан томоохон асуудал болоод байна. Хүнд бэлэн юм өгөхөөс илүү баялгийг хэрхэн бүтээх аргыг нь зааж өгөх чухал гэдэг.  Иймээс цэцэрлэгээс эхлээд их, дээд сургууль хүртэл бүх шатанд хөгжлийн өнөөгийн хэрэгцээнд нийцсэн боловсрол, мэдлэг олгож байх шаардлага тулгамдаж байна. Тиймээс бидний өмнө тулгамдаад буй энэ асуудлын гарцын талаар өнөөдөр та бүхэн нээлттэй хэлэлцэж шийдлийг нь зөв тодорхойлно гэдэгт найдаж байна.

    Дөрөвдүгээрт, дэд бүтцийн хөгжилд онцгой анхаарал тавьж байна. Учир нь уул уурхай, аялал, жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл, бүсчилсэн хөгжлийн ирээдүй дэд бүтцээс шууд хамаарна. Иймээс энэ удаагийн хуралдаанаар дэд бүтцийн асуудлыг нэн түрүүнд анхаарч үзэхийг хүсч байна. Манай улсын хөгжлийн энэ тааламжтай цаг, боломжийг бүрэн дүүрэн ашиглах үүднээс Засгийн газар, Улсын Их Хурал бүтээн байгуулалтын дунд хугацааны шинэ хөтөлбөрүүдийг батлан гаргаж, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга замуудыг судлан, Хөгжлийн банк болон санхүүгийн бусад шинэлэг арга, хэрэгслүүдийг бүрдүүлж эхлээд байна.

    Бид урагш ахихын тулд хаана яваагаа зөв тодорхойлох нь чухал байна. Тэгвэл Дэлхийн банкны гишүүн 213 орныг хамруулсан орлогын ангиллаас авч үзвэл (Дэлхийн банкны Атласын аргаар тооцсон) нэг хүнд 1630 ам долларын орлого ногдож байгаа гэсэн үзүүлэлтээр манай улс “Дунд орлоготой орнуудын доод ангилал”-д, хөгжиж буй 56 улс орнуудын хамт багтаж байна. Энэ нь  бага орлоготой улс орнуудаас нэг хүнд ногдох орлогын үзүүлэлтээрээ 1.6 дахин өндөр, харин дунд орлоготой улс орнуудын орлогын түвшнээс 2.4, өндөр хөгжилтэй улс орнуудын орлогын түвшнээс 7.5 дахин бага орлоготой гэсэн үзүүлэлт юм.

    Тиймээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд хугацааны хөгжлийн зорилт бол Дунд орлоготой орнуудын дээд ангилалд багтах (энэ шатны 56 улс орны эгнээнд), улмаар Хүний хөгжлийн өндөр үзүүлэлттэй улс орнуудын эгнээнд  (эхний 85 улс орны эгнээнд) багтан ороход оршино. Үүнийг хэрэгжүүлэх бодлого, зорилт, шаардагдах цаг хугацаа, тодорхой алхамуудыг төр засаг, хувийн хэвшил, манай эрдэмтэн судлаачид, харилцан зөвлөлдөж, тодорхой шинжилгээ судалгааны үндсэн дээр тооцон гаргаж, стратегийн төслийг хамтран хэлэлцэх нь зүйтэй.

    Бид шилжилтийн тухай 20 жил ярилаа. 2000 оноос хүн амын ядуурлыг бууруулах талаар олон хөтөлбөр, бодлого гаргаж хэрэгжүүлсэн. Гэвч шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд манай ядуурлын түвшин мэдэгдэхүйц буураагүй байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 8 жилийн дунджаар 7.0 орчим хувийн эдийн засгийн өсөлттэй байсан боловч ард иргэдийн амьжиргаа, ядууралд дорвитой өөрчлөлт гарсангүй. Ийм учраас Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ээр зарлаж, тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна.

    Чуулганы нийт оролцогчид оо,

    Илүү өндөр бүтээмжтэй, хүнд өгөөжтэй, тогтвортой өсөлтийг хэрхэн хангах вэ” гэсэн бодлого, хөгжлийн шинэ загварын тухай ярих нь энэ удаагийн чуулга уулзалтын гол зорилго билээ. Энэ бол зөвхөн бидний өмнө бус, нийт дэлхийн өмнө тулгамдаж байгаа асуудал юм. Давосын эдийн засгийн форум, Вашингтоны Их 20-ийн уулзалт, Их-20-ийн гишүүн орнуудын Сангийн сайд нарын Парисын уулзалтын сэдвүүдээс үүнийг тодорхой харж болно. 

    Манай хоёр хөрш ч мөн адил ойрын жилүүдийн хөгжлийн зорилт, стратегиа цаг үеийн алхаатай нийцүүлэн шинэчлэн тодотгох чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, хуралдаан зохион байгуулж байна.

    Дэлхийн банк, Олон улсын Валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, НҮБ зэрэг олон улсын байгууллагууд ч дэлхийн хөгжлийн цаашдын бодлого, концепцийн талаар онолын болон практикийн хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулж, ОУВС-аас санаачлан М.Спенсе, Ж.Штиглиц, О.Бланчард, Д.Ромер зэрэг өнөөгийн шилдэг эдийн засагчдийн төлөөллийг оролцуулсан “Хямралын дараах макро болон хөгжлийн бодлогууд” сэдэвт хэлэлцүүлгийг ойрын өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

    Дэлхийн түвшинд хөгжлийн чиг хандлага хааш чиглэж байгаа, ямар эрсдэл тулгарч болох, түүнээс хэрхэн сэргийлэх арга замын талаар олон улсын шилдэг судлаач, эрдэмтэдийн зөвлөмж, хэлэлцүүлгийг бид бүх түвшиндээ байнга, анхааралтай сонсон судалж, үйл ажиллагаандаа үлгэр жишээ болгон тусган хэрэгжүүлж байх шаардлагатай.

    Хөгжлийнхөө гараанд ирээд байгаа Монгол Улс урт хугацааны хөгжлийн стратеги, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэл, өсөлтийн бодлого, загварыг тодорхой болгож, өнөөгийн өөрчлөгдөж буй гадаад, дотоод орчин нөхцөлдөө нийцсэн байдлаар шинэчлэн боловсруулах шаардлага тулгарч байна. 

    Иймд харьцангуй бодит хөрсөнд нийцсэн, амьдрах чадвар бүхий хөгжлийн зохистой загвар, үзэл баримтлалыг тодорхойлохын тулд улс орны эдийн засгийн бүтэц, шинж чанар, бодлогын орчин нөхцөл, гадаад хүчин зүйлсийг зөв тооцон тодорхойлох учиртай.

    Гэхдээ хөгжлийн загвар, бодлогоо ямар байдлаар тодорхойлохоос үл хамааран дунд болон ойрын хугацаанд зайлшгүй хэрэгжүүлбэл зохих бэлтгэл ажлууд бий. Эдгээр нь мэдлэг чадвар бүхий, ёс зүйтэй ажиллах хүчнийг бэлтгэх, дэвшилтэт шинэ технологиос суралцаж нэвтрүүлэх, эдийн засаг, нийгэм, улс төрийн бодлогыг эмх цэгцтэй, тууштай удирдан авч явах чадвар бүхий сайн засаглалыг хөгжүүлэх явдал болно.

    Өнгөрсөн жилүүдэд УИХ, Засгийн газраас баталсан олон хөтөлбөр, төслүүд бидэнд байна. Харин эдгээр олон зорилтыг ямар санхүүгийн эх үүсвэрээр, ямар цаг хугацаанд, хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар цэгцтэй бодож, бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг олон улсын стандарт жишиг, туршлагын дагуу хэрэгжүүлдэг байх цаг нэгэнт иржээ.

    Та бүхнийгээ чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, улс орны хөгжилд хэрэгтэй чухал санал, санаачилгуудыг гаргана гэдэгт итгэж байна.

    Монгол Улсын хөгжлийн зөв зам гарцыг тодорхойлцгооё. Иргэн бүрт хөгжлийн тэгш боломжийг бий болгоцгооё.    

    Анхаарлаа хандуулсанд баярлалаа.

    2011.03.02.     Төрийн ордон