Ангилал: хэлсэн-үг

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын аймаг,нийслэлийн ИТХ-ын дарга, засаг дарга нарын нэгдсэн сургалт, семинарын үеэр хэлсэн үг

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын аймаг,нийслэлийн ИТХ-ын дарга, засаг дарга нарын нэгдсэн сургалт, семинарын үеэр хэлсэн үг2010 оны 12 дугаар сарын 21                  Улаанбаатар хот

    Аймаг,  нийслэлийн удирдлагууд аа ! 
    Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
    Засгийн газар уламжлал ёсоор жил бүр улсын төсөв УИХ-аар батлагдсаны дараахан орон нутгийн удирдлагуудыг урьж, нэгдсэн сургалт, семинар зохион байгуулж, өнгөрч буй оны ажлаа дүгнэн, ирэх оны үүрэг, зорилтоо төлөвлөн ярилцдаг хариуцлагатай цаг мөчид Та бүхэнтэйгээ уулзаж байна. 

    Манай хамтарсан Засгийн газрын гишүүд тус тусын эрхэлсэн салбарын хүрээнд энэ онд орон нутагт хийсэн ажлын үр дүн, 2011 онд хэрэгжүүлэх бодлого, зорилт, үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудлын талаар тодорхой мэдээлэл хийнэ. Тиймээс би нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан Та бүхнээс цаашид анхаарлаа төвлөрүүлж ажиллавал зохих зарим онцлог асуудлын талаар Засгийн газрын байр суурийг илэрхийлж, санал бодлоо хуваалцахыг хүсч байна.

    Миний бие өнгөрсөн жилийн өдийд аймаг, нийслэлийн удирдлагуудтай уулзахдаа хэлж байсныхаа дагуу монгол орныхоо баруун, төв, хангай, говийн бүсийн 18 аймгийн 70 гаруй сумдын нутагт ажиллалаа. Харин Зүүн бүсийн гурван аймагт энэ ондоо багтан ажиллах боломж байсан ч, хорио цээрийн улмаас албан томилолт маань хэрэгжиж чадсангүй. Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагууд малын халдварт өвчний гаралтыг бага дээр нь богино хугацаанд таслан зогсоох, тархалтыг хумих талаар хамтын идэвхи чармайлт, санаачлага, зохион байгуулалт муутай ажилласандаа дүгнэлт хийх хэрэгтэй.

    Орон нутагт ажиллах үеэрээ ард иргэд, малчид, хөдөлмөрчдийн санал бодлыг сонсож, Засгийн газрын бодлого шийдвэрт тусгах, хөдөөгийнхний өмнө тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Мөн ард иргэд, аймаг, сумдын удирдлагаас тавьсан санал хүсэлт, хөрөнгө оруулалтын шинжтэй тулгамдсан 98 асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хэрэг эрхлэх газрын зүгээс Засгийн газрын хуралдаанаар хоёр ч удаа хэлэлцүүлж, тодорхой заалт бүхий тогтоол, төлөвлөгөөг батлан, холбогдох сайд нарт үүрэг чиглэл өгч, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Иймд  2011 онд аймгийн удирдлагуудаас анхаарах зорилтын нэг бол Засгийн газрын дээрх тогтоол, шийдвэрийг аймаг бүр өөрт хамаарах ажлыг бүрэн хэрэгжүүлэхэд оршино. Энэ чиглэлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон нутгийн удирдлагын хэлтэс, аймгуудын Засаг дарга нар бусдаас илүү их чармайлт гаргах шаардлагатай.

    Орон нутагт ажилласан байдлаа дүгнэн үзэхэд ард иргэд маань хамтарсан Засгийн газрын бодлогыг тууштай дэмжихийн зэрэгцээ ихээхэн үр дүн хүлээж байгаа нь анзаарагдлаа. Мөн аймаг бүрт тодорхой бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, хүмүүс эх орныхоо хөгжил дэвшилд гар бие оролцон хөдөлмөрлөх идэвхи, урам зориг дүүрэн байсныг дурдах нь зүйтэй. Гэхдээ аймаг, орон нутагт бүтээн байгуулалтын хэмжээ, далайц, үр өгөөж харилцан адилгүй байна. Энэ нь тухайн аймгийн удирдлагын арга барил, гар сэтгэл нийлсэн хамтач ажиллагаа, санаачлага зүтгэлээс ихээхэн хамааралтай нь харагдаж байлаа.

    Орон нутгийн удирдах албан тушаалтан Та нөхдөд өөр өөрийн аймаг, суманд ажлын байр шинээр бий болгох, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, иргэдээ ядуурлаас гаргах, тэдний санал бодлыг үйл ажиллагаандаа тусгах, төр засгийн бодлого шийдвэрийг хүргэж сурталчлах, боловсон хүчний ам ажил, эрх үүрэг, хариуцлагын нэгдлийг хангах  зэрэг цөөнгүй тулгамдсан асуудлууд шил шилээ даран хүлээгдэж байгааг онцлон хэлэхийг хүсч байна.

    Өнгөрч буй 2010 онд анх удаа өмнийн говьд Засгийн газрын тусгай хуралдаан хийж, дэлхий нийтийн анхаарал татаж байгаа цөлжилттэй холбоотой асуудлыг тусгайлан хэлэлцэж тодорхой шийдвэрүүд гаргалаа. Энэ нь байгаль орчноо хамгаалах, цөлжилтийн эсрэг тэмцэх, бэлчээрийг зүй зохистой ашиглах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах  бодлогын хүрээнд хийгдсэн ажил юм. Аймаг, орон нутгийн удирдлагууд Та бидний өмнө тулгамдсан асуудлын нэг болсон байгаль орчноо хамгаалах, цөлжилтийг бууруулах, элсний нүүдлийг зогсоох, бүх нийтээр мод тарих хөдөлгөөн өрнүүлэх, улмаар мал аж ахуй эрхлэх уламжлалт арга барилдаа шинэчлэл хийх талаар нэгийг бодож, хоёрыг хийх цаг болжээ. Үүнд анхаарч ажиллах нь зүйтэй.

    Бизнесийн хөгжлийг дэмжих таатай орчин бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас  2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд төрөөс үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл, хяналт шалгалтын дарамт, шат дамжлагыг судалж, эрх зүйн орчинг сайжруулах, үйлчилгээг хөнгөвчлөх, байгууллагын зарим чиг үүргийг  мэргэшсэн  төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын эхлэлийг тавилаа. Энэ талаар төрийн захиргааны төв байгууллагууд төдийгүй мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, төрийн бус байгууллагынхан идэвхтэй  ажиллаж, тодорхой саналууд гарч, зарим үр дүнд хүрч  байна.

    Уг ажлын хүрээнд судалгаа шинжилгээ хийж, бизнес эрхлэгчид мэргэжлийн байгууллагуудын дунд өргөн хэлэлцүүлэг явуулсны үр дүнд 101 зөвшөөрлийг хүчингүй болгож, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаар эхний ээлжинд 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв. Энэ мэтээр төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад шилжүүлэх эхлэлийг тавилаа. Мөн энэ чиглэлээр холбогдох 21 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүллээ. Харин аймгийн удирдах ажилтнууд энэхүү хариуцлагатай ажилд  төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаад анхаарах хэрэгтэй. Бизнесийн орчны шинэтгэлийг зөвхөн энэ онд хийгээд зогсохгүй, цаашид үргэлжлүүлэн  бодит үр дүнд хүргэх ёстой. Тиймээс Та бүхэн ирэх 2011 онд ч гэсэн энэ асуудлын талаар орон нутагтаа тодорхой ажил хийх ёстой.

    Улсын Их Хурал Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан. Энэхүү үндсэн чиглэлд  “Хүний хөгжлийг хангах макро эдийн засгийн бодлого”, “Бодит салбарыг хөгжүүлж, хүний амьдрах орчныг  сайжруулах”, “Хүнд ээлтэй байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийг хангах нийгмийн бодлого”, “Иргэнд ойрхон төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэл”, “Гадаад бодлого, батлан хамгаалах” гэсэн 6 бүлэг, 19 зорилтыг тодорхойлж, энэ хүрээнд нийтдээ 665 арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа.

    Засгийн газраас “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулсан нь бидний 2011 оны ажлын шинэ эхлэл болно гэж үзэж байна. Энэ нь төмөр замын сүлжээ, газрын тос боловсруулах үйлдвэр, цахилгаан станц байгуулах, олон улсын болон Европын холбооны стандартын шаардлага хангасан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг эдийн засгийн суурь бүтцийг бэхжүүлэхэд шаардлагатай санхүүгийн хуримтлалыг бүрдүүлэх, төсвийг тогтворжуулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

    Засгийн газраас төсвийн шинэчлэлийн хүрээнд төвлөрлийг сааруулах, төв, орон нутгийн төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт, хяналтын явцад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах, улс орны хөгжлийн бодлого болон төсвийн төлөвлөлтийн уялдаа холбоог дээшлүүлэхэд чухал ач холбогдол үзүүлэх Төсвийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлснийг онцлон тэмдэглэж байна. Энэхүү хууль нь төсвийн хариуцлага сахилгыг сайжруулахад онцгой анхаарч, холбогдох албан тушаалтан болон шийдвэр гаргагч этгээдийн эрх хэмжээ, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгоход чиглэгдсэн. Уг хуулинд улс төрийн намуудын нийгмийн болон төсвийн хариуцлагыг дээшлүүлсэн тусгай заалт орууллаа.

    Мөн Засгийн газраас төсвийн шинэчлэлийн хүрээнд анх удаа орон нутагт  хөрөнгө оруулалтаар аймаг бүрт дунджаар 800.0 сая төгрөг, 5 бүсийн хөгжилд  дэмжлэг болгон дунджаар 24.0 сая төгрөгийг тус тус  2011 оны төсвийн тухай хуульд тусган  Улсын Их Хурлаар батлууллаа. Засгийн газраас бараа ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны төвлөрлийг багасгах зорилт тавьж байгаа. Энэ бодлогынхоо хүрээнд орон нутагт хийгдэх улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх эрхийг, хүлээх хариуцлагын хамт орон нутагт нь шилжүүлэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.

    Энэхүү хуулийн төсөлд тусгаснаар улсын болон бүс нутгийн шинж чанартай худалдан авалтыг Засгийн газрын тусгай агентлаг төвлөрсөн байдлаар зохион байгуулна. Харин аймаг, нийслэлийн хувьд худалдан авах ажиллагааг өөрсдөө бие даан зохион байгуулахаар болж өөрчлөгдөх юм.

    Ингэснээр орон нутагт төсвийн эрх мэдэл бодитойгоор шилжиж, төвлөрөл саарч, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт оновчтой болж, ажлын байр нэмэгдэх, амьдарч буй орчноо өөрсдөө сайжруулах санаачлага идэвхитэй өрнөх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Энэ бүх шинэ онцлогууд нь аймаг, нийслэлийн удирдах ажилтан Та бүхнээс үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа шинэчлэл хийхийг шаардана гэдгийг зориуд онцлон тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан Та бүхэн дараах асуудлуудад анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй.

    Үүнд:

    Нэгдүгээрт: Манай улс зах зээлийн шилжилтийн үеийг дуусгаж их бүтээн байгуулалтын үйлсэд дэвшин орж байгаатай холбогдуулан Та бүхэн бодит шаардлага,  нотолгоонд суурилсан шийдвэр гаргаж, зохион байгуулж буй ажлынхаа арга барилыг олон нийтэд ойлгомжтой, үр дүн нь мэдэгдэхүйц хэмжээнд  шинэчилж өөрчлөх  хэрэгтэй байна.

    2011 онд улсын төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ихээхэн ажил хийгдэнэ. Иймд ажлын байр шинээр бий болгох, мэргэшилтэй ажилчид бэлтгэх, мэргэжил олгох асуудалд тал талаасаа анхаарч ажиллая. Орон нутагт хэрэгжиж байгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, энэ жил улсын төсвөөс  орон нутгийн хөгжил, бие даасан байдлыг хангах зорилгоор аймаг, нийслэлд олгож байгаа хөрөнгө оруулалт, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг  ажлын байр шинээр бий болгоход чиглүүлж ажиллах ёстойг сануулъя.

    Хоёрдугаарт:  Улс орон, бус нутагт шинээр бий болж байгаа санхүү эдийн засгийн таатай нөхцлийг үр дүнтэй ашиглах ёстой. Үүнд орон нутгийн удирдлагууд Та бүхний мэдээлэл, зөвлөгөө, удирдлагын манлайлал чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Иргэд, өрх гэр бүлээрээ, нөхөрлөл, хоршоогоороо, сум, багаараа нэгдэн нийлж ажиллах, өндөр ашиг шимт мал үржүүлэх, үр тариа, ногоо, жимс жимсгэнэ тариалж, борлуулах, мах, сүү, ноос, арьс шир боловсруулах, бэлтгэн нийлүүлэх сүлжээ үүсгэх талаар санаачлага хөдөлгөөн өрнүүлж бодит ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Энэ талаар бид олон жил ярьсан ч бодит үр дүнд хүрсэнгүй. Харин эдийн засгийн талаасаа ирэх жилүүдэд боломж тохионо гэж үзэж байна.

     Гуравдугаарт: Орон нутгийн өмчийн эрхийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй боллоо. Аливаа тендер шалгаруулалт болон аж ахуйн үйл ажиллагаатай холбогдсон багагүй эрхийг аймаг, нийслэлд олгож, эрх мэдлийн хүрээг өргөтгөснийг орон нутгийн хөгжил, нийтийн ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх учиртай. Эрх мэдэл, үүрэг хариуцлагыг дагаж олон нийтийн хяналт, оролцоо  өргөжиж,  шинэ шаардлага  тавигдана гэдгийг  анхааруулъя. Орон нутгийн төсвийн төлөвлөлт, орлого, зарлагын уялдааг сайжруулах хэрэгтэй байна. Үргэлж Засгийн газрын гарыг харж, Сангийн яамны арга эвийг олох гэдгээ зогсоох ёстой.

    Дөрөвдүгээрт: Төр засгийн зүгээс сүүлийн 20 жилд хөдөөгийн малчид руу хандсан доривтой бодлого гараагүйд Засгийн газар дүгнэлт хийж тодорхой арга хэмжээг авч эхэлсэн. Малчдаа орон нутагтаа тав тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, тэднийг ядуурлаас ангид байлгах, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын баталгаа бий болгох эрх зүй, эдийн засаг, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхээр “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг УИХ-аар батлуулсан. Түүнийг 2009-2015 онд хэрэгжүүлэх эхний шатны ажлын төлөвлөгөөг Засгийн газар батлан хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх эхний шатны төлөвлөгөөнд нийт малчдын 70-аас доошгүй хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулахаар заасан.

    2009 оны байдлаар нийт малчдын 4,1 хувь буюу 13,1 мянган малчин нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулсан. Эдгээр байдлыг харгалзан малчдыг нийгмийн даатгалд хамруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгал, төлбөрийн тухай тусгайлсан хуулийн төслийг Засгийн газраас боловсруулаад байна. Мөн Малчин өрхийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар батлуулан, малчин өрхийг орлогын албан татвараас чөлөөлсөн.

    Засгийн газраас цаашид малчдын малынхаа чанарыг сайжруулах, таримал бэлчээр, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутгийн бэлчээрийг ашиглаж худаг, уст цэг гаргах, түүхий эд бүтээгдэхүүнийг орон нутагтаа боловсруулах чиглэлээр нэгдэж хоршоо, бүлэг, нөхөрлөлийн хэлбэрээр ажиллах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр 2011 оны улсын төсөвт 56,0 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг тусгуулаад байна.

    УИХ-аар батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үе шатны төлөвлөгөөг Засгийн газар баталж, хэрэгжүүлэх арга хэмжээг авч байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын төсвөөс 2010 онд 5,3 тэрбум төгрөг зарцууллаа. Мөн Засгийн газраас бүх сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд “Мал эмнэлэг, үржлийн тасаг” байгуулах асуудлыг шийдвэрлэж, нийт 329 суманд 658 мэргэжилтэнг ажиллуулан, тэдгээрийн цалин, үйл ажиллагааны зардлыг хариуцаж байна. Ийнхүү малчдын талаар Засгийн газраас баримтлах бодлого тодорхой байгаа.

    Энэ бодлогыг та бүхэн маань хэрхэн, яаж хэрэгжүүлж байна вэ? Малчдын хүүхдийг дотуур байраар бүрэн хангаж чадаж байна уу? Малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудал ямар шатанд явж байна вэ? Малчин бүрт эмнэлгийн үйлчилгээг үзүүлж чадаж байна уу? Хичнээн малчин нэрийн данстай болсон бэ? гээд та бүхнээсээ асуух олон асуулт надад байна. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэх үүргийг Засгийн газраас та бүхэнд өгсөн. Хэрэгжилт нь ямар байгааг Засгийн газарт төдийгүй хөдөөгийн малчин иргэдэд тайлагнах цаг болсон гэж бодож байна. Мөн отор нүүдлээр яваа малчдаас ихээхэн хэмжээний татвар хураамж нэхэж, дарамт үүсгэдэг хандлага их байгааг аймаг, орон нутгийн удирдлагууд Та бүхэн анхаарах хэрэгтэй.  
     
    Тавдугаарт: Бидний онцгой анхаарах өөр нэг асуудал нь байгалийн баялгийг зохистой ашиглахын зэрэгцээ байгаль орчноо хамгаалах явдал боллоо. Энэ талаар их ярьсан ч үр дүн нь эсрэг байгааг олон нийт, орон нутгийнхан ярьж шүүмжилж байгаа нь зөв юм. Орон нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа компани бүр нутгийн иргэдтэй хамтран ажиллаж үйл ажиллагаа, олборлолт, нөхөн сэргээлтийн талаар зөв мэдээлэл солилцдог тогтсон механизмтай болох шаардлагатай. Мөн Сангийн яам, орон нутгийн удирдлага ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс улс, орон нутгийн төсөвт оруулсан татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг, хандив, тусламжийн тайланг гаргаж нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад мэдээлж, тэдний хяналтыг бий болгох явдал чухал  юм.

    Хөрс, ургамал, ус, бэлчээр, хадлан тариалангаа хамгаалах талаар судалгаа шинжилгээ, үнэлгээг тодорхой давтамжтайгаар тогтмол хийж, түүнд суурилсан төлөвлөгөөг иргэдийн оролцоотойгоор гаргаж, олон нийтийг  хамруулсан ажил зохион байгуулж,  мэдэгдэхүйц үр дүнд хүргэх хэрэгтэй.

    Зургаадугаарт: Даяаршиж буй өнөөгийн  нийгэмд тулгамдсан олон асуудлыг төрийн байгууллагууд  дангаар шийдвэрлэх боломжгүй юм.  Төрийн болон орон нутгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын оролцох оролцооны ач холбогдол нэмэгдсээр байна.  Иймд төр, иргэний итгэлцлийг бэхжүүлэх, гарч буй шийдвэрийн бодит биелэлтийг хангах үүднээс нутгийн удирдлагын байгууллагууд аливаа асуудлыг боловсруулах, хэлэлцэх, хэрэгжүүлэх, хяналт тавих  ажилд хувийн хэвшил, иргэд, олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийнхнийг оролцуулах боломжийг бүрдүүлж ажиллах  хэрэгтэй. Энэ бодлогын хүрээнд орон нутгийн төрийн бус байгууллагуудад тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болгож байна. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар иргэдийнхээ оролцоогүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдгийг зарчим болгон ажиллах хэрэгтэй.

    Долоодугаарт: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн үндэслэлгүй  өсөлтөөс орон нутгийн ард иргэдээ хамгаалах асуудлыг анхаарлынхаа төвд байнга  байлгаж,  зохион байгуулалтыг сайжруулах хэрэгтэй. Засгийн газар “Атрын III аян” тариалангийн  хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, улаан буудай, төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой боллоо. Газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн тоо нэмэгдэж, тэдгээрийн хөдөө аж ахуйн техник хэрэгслийн хангамж нэмэгдсэн нь манай орны тариаланчид бас Та бүхний хичээл зүтгэлийн үр дүн юм. Хүн ардаа хүнс тэжээлтэй, ажилтай, орлоготой болгох нь Засгийн газар, Та бидний хамтын ажиллагааны зорилт, үр дүн байх учиртай.

    Наймдугаарт: Сахилга, зохион байгуулалтын асуудлыг Та бүхэнд байнга сануулж ирсэн. Энэ удаа ч дахин сануулъя. Хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг орон нутагт шуурхай зохион байгуулж, биелүүлдэг хариуцлагыг бүх шатны нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд Та бүхэн хэнтэй ч хуваалцахгүйгээр үүрэх ёстой. Орон нутагт ажиллах явцад хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилт сайнгүй байгаа нь олон удаа ажиглагдсан. Орон нутгийн захиргааны байгууллагууд төрийн мэдээлэл, төрийн үйлчилгээг ард иргэдэд хангалтгүй хүргэдэг гэсэн шүүмжлэл байсаар байна. Иймд манай бүх шатны Засаг дарга нар хуулийн  хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн үүрэгт ажилдаа  анхаарлаа хандуулж ажиллахыг сануулъя.

    Монгол Улсын Засгийн газар үр дүнд суурилсан удирдлага, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх бодлогыг тууштай баримтлах болно. Энэ бодлогын хүрээнд Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний эрх зүйн орчин, тогтолцоог төгөлдөршүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг дээшлүүлэх талаар тодорхой зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Бид хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн бодлого, зорилтынхоо үр дүнг нэг бүрчлэн тооцон үнэлж дүгнэх учиртай. Хийсэн бүтээснээ иргэд, олон нийтэд ил тодоор хэлж, болохгүй бүтэхгүй зүйлээ тухай бүр нь засч залруулахын төлөө тууштай чармайж, тэдний дэмжлэгийг авч ажиллах шаардлагатай байна.

    Эцэст нь тэмдэглэж хэлэхэд  ард түмэн Та бидний үйл ажиллагаанд дүн тавих сонгуулийн бүрэн эрхийн  хугацаа дуусах  ойртож байна. Ард иргэдээ ажилтай, орлоготой болгож, амьдралыг нь сайжруулах үүднээс л бид төсвийн болон бизнесийн  шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа. Эдгээр зорилтыг ажил хэрэг  болгож, ард иргэдийн амьдралд мэдэгдэхүйц үр дүн гаргахын төлөө  Та бүхнээс гаргасан хүчин чармайлт, арга  туршлагыг бүх талаар дэмжин тусалж,  идэвх  санаачлагагүй үйлдэл  бүрт хариуцлага тооцох болно.

    2011 он бол Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны бүтэн жилээр ажиллах сүүлийн жил. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт энэ оны ажлаас бүрэн хамааралтай гэдгийг зориуд цохон тэмдэглэе. Та биднийг хүлээж байгаа өвөлжилт, хаваржилтын цаг үеийн амаргүй ажилд байнга анхаарч ажиллах хэрэгтэй. Хүйтний эрч эрс чангарч, зарим аймаг, сумдад өвөлжилтийн байдал хүндэрч сэтгэл түгшээж эхэллээ. Гэхдээ энэ жил өнгөрсөн жилийн сургамжид тулгуурлан орон нутгийн удирдлагууд Та бүхэн ажилдаа хэрхэн хандсаныг, үүрэг даалгаврыг яаж биелүүлснийг илтгэн харуулах нэгэн шалгуур болно гэж би харж байна.   

    Амжилт ололтын зэрэгцээ дутагдал бэрхшээл ч байсан энэ он бидэнд туршлага, сануулга болон үлдэж байна. Харин угтан ирж буй 2011 ондоо ихийг бүтээж, илүүг хийж, амжилтаа бататгаж, алдаагаа засаж ажиллахыг нэг багийн хамт олон Та бүхнээс хүсье. 

      Анхаарлаа хандуулсанд баярлалаа.

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улс ба Зүүн Хойд Ази” сэдвээр лекц уншив

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улс ба Зүүн Хойд Ази” сэдвээр лекц уншив Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Москва хотын Олон Улсын харилцааны дээд сургуульд зочилж “Монгол Улс ба Зүүн Хойд Ази” сэдвээр лекц уншив. Энэхүү илтгэлийн орчуулгыг дор сийрүүлэв

    Эрхэм хүндэт Анатолий Васильевич,
    Эрхэм хүндэт эрдэмтэн, багш нар аа,
    Хүндэт МГИМО-чуудаа, хатагтай ноёд оо,
    МГИМО-г төгссөн нийт монгол оюутнууд, түүний дотроос 11 төгсөгч багтсан манай айлчлалын бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа биднийг халуун дотноор хүлээн авч буй Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

    Төрөлх сургуулийнхаа “Хүндэт доктор”-ын зэргийг хүртэнэ гэдэг миний хувьд  нэр төрийн хэрэг юм. “Хүндэт доктор”-ын зэргийг орон орны цуу алдартай улс төрч, нийгэм, шинжлэх ухааны зүтгэлтнүүд хүртэж байсан бөгөөд энэхүү нэр төртэй эгнээнд элсэж буйдаа миний бие мөн баяртай байна. 

    Түүнчлэн, энэ үйл явдал нь дипломат, олон улсын харилцааны мэргэжилтнүүдийг бэлтгэгч, дэлхийд танигдсан эрдмийн их уурхайгаас төрөн гарсан үе үеийн монгол төгсөгчдийн нэр төрийн хэрэг хэмээн  үзэж байна. Үүнтэй холбогдуулан хилийн чанадаас оюутан элсүүлж сургаж эхэлсний 65, тэдний анхны төгсөгчдийн 60 жилийн ой ирэх онд тохиож буй МГИМО-д баяр хүргэе.

    Чухамхүү монгол залуус л анхны гадаад оюутнууд болсон нь бидний энэхүү ойд ач холбогдол үзүүлж буйн утга учир оршиж байгаа юм. Мөн манай Засгийн газрын танхимын 20 хувь, түүнчлэн төр, засгийн өндөр хариуцлагатай албан тушаал, бизнес, нийгмийн амьдралд тэргүүлэх байр суурийг МГИМО төгсөгчид эзэлж буйг Та бүхэнд дуулгахад таатай байна.

    Вернадскийн өргөн чөлөө дэх будаг нь ханхалсан шинэхэн байрны босгыг анд нөхдийн хамт алхан орсноос хойш эдүгээ 30 шахам жил өнгөрчээ. Өнөөдөр төгссөнөөсөө хойш анх удаа өөрийн төрөлх сургуульдаа зочлоход оюутан ахуйн гэгээн дурсамжууд хөврөн орж ирж байна. “Энэ л манай сургууль, энэ л манай тамга, өөрийг бид зуун зуунаар ч хүсэхгүй” хэмээсэн бид бүхний сайн мэдэх нэгэн яруу найрагч-дипломатын хэлсэн үг бий. Би ч мөн адил МГИМО хэмээх ертөнцийн нэгээхэн хэсэг болсноороо бахархаж байна.

    Сургууль маань зааж буй гадаад хэлнийхээ тоогоор “Гиннесийн ном”-нд бүртгэгдсэнийг дуулахад их таатай байсан. Түүнчлэн МГИМО төгсөгчдийн Монголын Холбоо нь ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд доторх хамгийн идэвхитэй нь бөгөөд энэ удаагийн уулзалтад тус байгууллагын тэргүүн, миний нөхөр, нэг сургуулийн анд Зоригт оролцож байгааг Та бүхэнд дуулгая.

    Эрхэм нөхөд өө,
    Ирж буй 2011 он бол манай орны хувьд ихээхэн чухал жил болох юм. Бид 1911 оны Эрх чөлөөний хөдөлгөөний/хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойгоо тус тус тэмдэглэн өнгөрүүлэх юм. Түүнчлэн манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг ирэх онд бид хамтран тэмдэглэнэ.

    Хорьдугаар зууны Монголын түүх Оросын ард түмний гүйцэтгэсэн үүрэг, тусламж дэмжлэгтэй салшгүй холбоотой. Манай хоёр улс 1939 онд Халхын голд хамт тулалдаж, 1945 онд ах дүүгийн барилдлагат үндэстнүүдийг гадны түрэмгийлэгчдээс хамтдаа чөлөөлж байсан билээ. Дэлхийн хамтын нийгэмлэг Аугаа их эх орны дайны ялалтын 65 жилийн түүхт ойг энэ жил тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд манай ард түмэн зөвлөлтийн Улаан арми болон оросын ард түмэнд сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлж Аугаа их ялалтад хувь нэмрээ оруусныг дурсахад таатай байна.

    Хорьдугаар зууны хоёрдугаар хагаст Эрдэнэт, Монросцветмет, Улаанбаатар төмөр зам зэрэг Монголын нийгэм-эдийн засгийн хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлсэн билээ. Зөвлөлтийн, өнөөдрийнхөөр Оросын их, дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн мянга мянган охид, хөвгүүд эдүгээ манай хоёр орны найрамдлын гүүр болж байна.

    Сүүлийн жилүүдэд манай хоёр орны хоёр талын харилцаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэхийг хүсч байна. 1990-ээд оны эхэн үеэс хойш уналтад ороод байсан хоёр талын харилцаа 2000 оноос хойш гайхалтай өргөжин тэлж байна. Бид олон жилийн нөхөрлөл, тууштай хамтын ажиллагааны хүчинд бий болгосон ололт амжилтаа бататгахын зэрэгцээ улам илүү  амжилтад хүрэхийн тулд бүх хүчээ дайчлах ёстой гэж үзэж байна.

    Иймээс ч манай улс ОХУ-тай сайн хөршийн харилцаатай байх нь бидний нэн тэргүүний зорилт юм. 2009 оны 8 дугаар сард гарын үсэг зурсан Стратегийн түншлэлийг хөгжүүлэх “Улаанбаатарын Тунхаглал”-ын утга агуулга, зарчмын дагуу харилцааг өргөжүүлэх нь манай засгийн газрын гадаад бодлогын гол чиглэл байх болно. Монгол улсын Засгийн газрын тэргүүний хувьд ОХУ-д хийж буй энэхүү албан ёсны айлчлал маань хоёр улсын стратегийн түншлэлийг хөгжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн бөгөөд хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан техник,худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.

    Бидний өмнө хэлэлцэж байсан орд газруудыг хамтран ашиглалтанд оруулах асуудлын зэрэгцээ, чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судлах, байгалийн хий,  нефть,  нефтийн бүтээгдэхүүн болон эрчим хүчийг харилцан нийлүүлэх, дамжин өнгөрүүлэх /транзит/ боломж,  нөхцөлийг бүрдүүлэх үүднээс газрын тос, хийн болон эрчим хүчний дэд бүтэц байгуулах, хил залгаа бүс нутгийн хамтын ажиллагааг  өргөжүүлэх, төмөр замаар ачаа тээвэрлэх асуудлаар урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал транзит тээврийн чиглэлээр хамтран ажиллах зэрэгасуудал нь манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхэд чухал хүчин зүйлс юм.

    /Хүндэт нөхөд өө,/
    Өнөөгийн Улаанбаатар умард дорнодыг хослуулан өнгө зүсээ маш хурдтайгаар өөрчилж буй хот юм. Энд орчин үеийн хийц дизайн бүхий өндөр барилгууд, 70, 80-аад оны угсармал орон сууцууд, шинэ барилгууд гэр хороолол, буддын шашны сүм хийд болон дэлхийд зартай тансаг брэндийн дэлгүүрүүдтэй зэрэгцэн оршиж байна. Гудамжинд хүмүүс зөвхөн монгол хэлээр тогтохгүй англи, солонгос, япон, хятад хэлээр, мэдээж орос хэлээр харилцаж буйг сонсож болно.

    Өнөөдөр Улаанбаатар хотоор зорчиж буй 200 гаруй мянган тээврийн хэрэгслэл нь Москвагийн төв тойрогт үүсдгээс дутахааргүй түгжрэл үүсгэх болсон. Өнгөрсөн зууны эхэнд хамгийн буурай хөгжилтэй, түгжигдмэл улсуудын нэгд тооцогдож байсан манай улс өнөөдөр хамгийн залуу, эрч хүчтэй улсын нэг болж байна. Манай нийт хүн амын 70 хувийг 35 хүртэлх насны иргэд эзэлж байна. Хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч байгалийн баялаг, нүүдэлчин аж амьдралаа хадгалж ирсэн Монгол Улс сүүлийн 20 жилийн хугацаанд парламентын засаглалтай ардчилал болон зах зээлийн эдийн засгийн үндэс суурийг бий болгон хөгжүүлж ирсэн.

    Манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн шилжилтийн үе нь харьцангуй тайван болж өнгөрснийг би энд цохон тэмдэглэмээр байна.
    90-ээд оны эхнээс Монгол улс нь эдийн засгийн шинэчлэлийн асуудалдаа тодорхой амжилтууд гаргасан. Харьцангуй богино хугацаанд бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж чадсан. Өдөр ирэх тусам манай эдийн засгийн үзүүлэлт,иргэдийн аж амьдрал дээшилж байна. Манай орны эдийн засгийн өсөлт 2000 оноос эхлэн тогтвортойгоор дунджаар 8-9 хувиар өсөж ирсэн ба 2009 онд дэлхий нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямралаас үүдэн огцом буурсан.

    Харин энэ онд байдал сайжирч, эдийн засгийн өсөлт 7.0 хувьтай байх төсөөлөл байна. Санхүү, эдийн засгийн байдал энэ онд бүрэн тогтворжиж, ирэх онд эрчимтэй хөгжлийн үе шатандаа бид шилжинэ. Монгол улсын талаар миний дүрсэлсэн зураг бол төгс байж чадахгүй. Цаашид ч Улаанбаатар хот эрс тэс уур амьсгалтай  нийслэл гэдэг нэрээ зүүсээр байх болно. Монгол улс одоо ч гэсэн хөгжиж буй орон хэвээр байгаа ба нэг хүнд ногдох ДНБ 3000 ам.доллараас хэтрэхгүй байна.

    Манай улс хүрээлэн буй орчныхоо унаган дүр төрхийг хадгалан үлдээхийн зэрэгцээ дэд бүтэцээ хөгжүүлэх, ажилгүйдлийг багасгах, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Өнөөдөр Монгол улсад дундаж орлоготой орон болох, хурдацтай  хөгжин дэвших бодит боломж бүрдээд  байна. Уг зорилгод хүрэхэд саяхан нээгдсэн байгалийн баялагийн том ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь чухал байна.

    Манай улс хөршүүд болон Энэтхэг, Австрали, Европын Холбоо, Өмнөд Солонгос, Япон, Хойд Амеркийн үндэстэн дамнасан уул уурхайн том том пүүс корпорацуудын анхаарлын төвд орсон. Гэхдээ бид хий хөөрөлд автах биш үндэсний эрх ашиг, бодит байдлыг тунгаан дүгнэсэн бодлого баримтлана. Одоогоор уул уурхайн том төслүүдээ эдийн засгийн эргэлтэнд оруулах, түүнтэй холбогдох санхүү, дэд бүтцийг бий болгох стратеги баримтлан ажиллаж байна.

    Бид цоо шинэ нээлт хийхийг урьтал болгоогүй. Байгалийн баялгийн арвин нөөцтөй ихэнх улс орон  баялгаа үр ашигтай зарцуулсан байхад зарим нэг нь үр дүнгүй дэмий зарцуулсан тухай бусад орны туршлагыг бид судлаж байна. Стратегийн томоохон орд газруудыг ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийг гадаад зах зээлд нийлүүлэх, тээвэрлэх болон олон улсын зах зээлд гаргахын тулд биднээс ихээхэн хүчин чармайлт гаргах шаардага тулгарч байна.

    Гэхдээ энэхүү бодлогын гол нь манай улс зөвхөн түүхий эд нийлүүлэгч орон болох болон аливаа нэг орны эдийн засгаас шууд хамааралтай болох бус, харин эдгээр байдлаас сэргийлэхэд оршиж байгаа болно. Эдийн засгийг хөгжүүлэх олон талт бодлогын хүрээнд экспортын барааны нэр төрлийг олшруулах болон нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих нь чухал юм. Уул уурхайн салбарын хөгжил дээр тулгуурлан Монгол Улс аж үйлдвэр хөгжсөн орон болохын төлөө бид зорьж байна.

    Манай улс хөгжлийн шинэ шатанд гараад байгаа бөгөөд орчин үеийн шинэ аж үйлдвэрийн цогцолборыг Сайншанд хотод барих, ижил төстэй төвүүдийг бусад бүс нутагт байгуулах, дэд бүтцийн салбарыг шинэчлэх, шинээр төмөр зам, автозам барихын зэрэгцээ хамгийн сүүлийн харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна. Эдгээр зорилгоос зарим нь өнөөдөр биеллээ олоод байна.

    Дээрх зорилгын хүрээнд эдийн засаг өндөр хөгжсөн орнуудаас туршлага судлах, өөрийн хөрсөнд нутагшуулах зорилт тавин ажиллаж байна. Жишээ дурдахад, саяхан үүсгэн байгуулагдсан Төрийн банк нь стратегийн обьектууд байгуулах ажлыг санхүүжүүлэхээс гадна хувийн хэвшлийнхэнд зээл олгох болно. Монголын Хөрөнгийн бирж Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар болсон явдал нь бидний зорилгыг стратегийн шинж чанартай болгож байгаа бөгөөд энэ ньМонголын хөрөнгийн биржийг олон улсын санхүүгийн зах зээлд гарган таниулах гол хүчин зүйл байх болно.

    Түүнчлэн олон улсын стандарт, ялангуяа европын стандартыг бүх салбарт нэвтрүүлж, нутагшуулахаар төлөвлөж байна. Эдгээр зорилтыг улс төрийн түвшинд бэхжүүлэх нь чухал бөгөөд ардчилсан парламентын тогтолцоо нь манай улсад бүхий л боломжуудыг олгож байна.

    2008 оны сонгуулиар МАН/МАХН парламентад дийлэнхи олонхийн санал авч дангаар Засгийн газраа бүрдүүлэх эрх олдсон ч улс орны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө шийдвэр гаргаж Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байна. Энэхүү шийдвэр нь манай улсын өмнө тулгамдаад буй стратегийн гол зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах боломж олгож байгаа бөгөөд 2012 он хүртэл эрх барих Хамтарсан Засгийн газар улс орны өмнө тулгараад байгаа  чухал асуудлуудыг шийдвэрлэж ихээхэн амжилтанд хүрнэ гэдэгт бид итгэлтэй байдаг.

    Саяхан болж өнгөрсөн манай намын ээлжит хурлаар бид Монгол Улсад сүүлийн 20 жилд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтэд үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ Монгол Улсын хөгжлийн дараагийн 20 жилийн бодлогыг тодорхойлсон. Манай нам энэ удаагийн ээлжит хуралдаанаар өөрийн нэрээ өөрчилж, Монгол Ардын нам хэмээх анхны нэрээ сэргээн аваад байгааг олон улсын улс төр судалдаг эрхэм нөхөд та бүхэнд мэдээлэхэд таатай байна.

    /Эрхэм хүндэт хамтран зүтгэгчид ээ/,
    Бидний өмнө тавигдсан зорилгуудыг хэрэгжүүлснээр бидэнд бүс нутгийн хэмжээнд хамтран хөгжих боломж бүрдэх юм. Бидний хөгжлийн бодлогын гол хэсэг нь тухайн бүс нутгийн орны ашиг сонирхол болон хэтийн төлвийг харгалзан үзсэн нэгдсэн нэг бодлого байх болно. Монгол Улсын бодлогын тэргүүлэх зорилго нь хөрш орнуудтайгаа хамтран ажиллах явдал юм.

    Зүүн хойд Ази нь улс төр болон эдийн засгийн харилцаагаараа эрчимтэй хөгжиж буй бүс нутагт зүй ёсоор тооцогдож байна. Энэхүү бүс нутаг нь өөрийн эрдэс баялагийн нөөц, эрчим хүчний үүсвэрээс гадна үйдвэрлэлийн бүтэц, ажиллах хүчний нөөц, хөрөнгө, технологи болон зах зээлийн хэмжээгээрээ дэлхий дахины анхаарлыг татаж байна. Эдгээр нь энэхүү бүс нутгийг 21-р зууны дэлхийн эдийн засгийн тэргүүлэх төвүүдийн нэг болгохыг тодотгон харуулж байгаа юм. Сүүлийн 30 жилийн турш Зүүн хойд Азийн  дэлхийн эдийн засагт оруулж буй хувь нэмэр тасралтгүй өссөөр байна.

    2009 оны байдлаар дэлхийн нийт эдийн засгийн экспортын 20 хувь, импортын 16  хувь тус бүс нутагт ногдож байна.
    Зүүн хойд Азийн хувьд эдийн засгийн интеграцийн явц, аюулгүй байдлын хүрээн дэх олон талт хамтын ажиллагаа нь тогтворжсон Европын түвшинд хүрэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. Хүйтэн дайны ул мөрийг даван туулсан бүс нутгийн орнуудад даяаршлын нөлөө болон харилцан хамааралтай байх явдал илүү мэдрэгдэж байна.

    Солонгосын хойгийн байдал, түүхэн маргаантай асуудлууд гэх зэрэг тогтвортой байдлыг алдагдуулсан хүчин зүйлүүд одоо ч дээрх бүс нутагт оршин тогтносоор байна. Эдгээр болон бусад асуудлыг зохицуулан шийдвэрлэхэд цаг хугацаа болон бүх талын хүчин чармайлт ихээхэн шаардлагатай байгаа юм. Манай хоёр их хөрш болох Орос, Хятад хоорондын харилцаа бүс нутгийн төдийгүй дэлхий дахины тогтвортой байдал, хөгжил дэвшлийн чухал хүчин зүйл хэвээр байгаа билээ.

    200 орчим жилийн өмнөхөн Оросын гадаад бодлогын хүрээнийхэн дунд Оросын ашиг сонирхол зөвхөн Балканы хойгоор тогтохгүй Амур мөрөн, Хар Иртышд буй талаар яригддаг байсан. Гадаад, дотоод хүчин зүйлсийн улбаатайгаар 1990-ээд оны сүүлээс ОХУ Азийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх байр суурь баримтлах болсныг нааштай хандлага хэмээн Монгол улс талархан хүлээн авсан.

    Сүүлийн хэдэн жил Москва Алс Дорнодын хөгжилд чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд “2020 он хүртэлх Алс Дорнодын нийгэм эдийн засгийн хөгжлийн стратеги”-ийн талаар Хабаровскийн бага хурал дээр Ерөнхий сайд В.Путины саяхан хэлсэн үгийг ихэд талархан дэмжиж байна. Хөгжлийн хөтөлбөрөө харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа болгон зохион байгуулах бодит боломж байгаа хэмээн үзэж байгаа.

    Тухайлбал, бид хөрш Эрхүү муж улсад Ковыктинскийн байгалын хийн нөөцийг олзворлох ажлын явцыг ажиглаж байгаа бөгөөд энэ бус нутгаас хий дамжуулах хоолойг Монгол Улсаар дамжуулах сонирхолтой байдаг билээ. Энэ нь манай нийслэл хотын эрчим хүчний хамгамжийн асуудал болон экологийн нөхцөл байдлыг сайжруулахаас гадна транзитаар Хятадад хий экспортлох ирээдүйн боломжийг нээнэ хэмээн үзэж байна. Монгол Улс нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон улсын хувьд энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг хил залгаа болон ОХУ-ын орон нутгийн субъектүүдэд нийлүүлэх өргөн боломжтой.

    Бид ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэхийг ямагт дэмжиж ирсэн. Үүнтэй холбогдуулан хоёр талын хэлэлцээний үндсэн дээр 2005 онд холбогдох протоколд гарын үсэг зурсан билээ. ОХУ-тай хийж буй манай худалдаан ихээхэн алдагдалтай хэвээр байна. Манай экспортын гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татвар болон хэд хэдэн татварын бус хоригоос шалтгаалж оросын зах зээлд нэвтрэх боломжоор нэлээд хязгаарлагдмал байна.

    Худалдааг харилцан либералчлах асуудлыг хоёр тал бараг 20 жилийн турш хэлэлцэж байгаа боловч амьдрал дээр бодит ахиц гарахгүй байна. Үүнтэй холбогдуулан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цоо шинэ түвшинд авчрах, магадгүй Гаалийн холбооны түвшинд ч яригдаж болох чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах саналыг бид дэвшүүлж байгаа юм.

    Монгол Улс ураны ихээхэн нөөцтэй бөгөөд атомын эрчим хүчний салбарт ч ОХУ-тай хамтарч ажиллах сонирхолтой байгаа бөгөөд цөмийн эрчим хүчний ашиглалтыг нарийн судлах, энэ салбарт тодорхой төсөл хэрэгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийг хамтарч боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулах санал дэвшүүлж байна.

    Монгол Улс, Оросын Алс Дорнод, Зүүн хойд Хятад, хоёр Солонгос, болон Япон нь эрчим хүч, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй г.м. олон салбарт нягт хамтарч ажиллах өргөн боломжтой худалдаа, эдийн засгийн асар том орон зай билээ. Энэ төрлийн хамтын ажиллагааны урьтал нөхцөл бидэнд байгаа. Тус бүс нутгийг хөгжил цэцэглэлийн хүчирхэг хөдөлгүүр болгох зорилгоор зарим улсын байгалийн нөөц, хүний нөөцийг нөгөө хэсэг улсын өндөр хөгжсөн дэд бүтэц, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн чадавхитай хослуулах боломжтой юм.

    Дээрх нь худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбоо, аялал жуулчлал, болон хүрээлэн буй орчныг хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бүс нутгийн хэмжээний тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох юм. Зүүн хойд Азийн үйлдвэрлэлийн чадавх, шинжлэх ухаан техникийн дэвшил, хөрөнгө санхүүгийн боломжийг оновчтой, зөв тараан байршуулснаар бие биеэ харилцан нөхсөн, тухайн бүс нутгийн хөгжлийг урагшлуулсан, ард олны амьжиргааг дээшлүүлсэн нэгдсэн зорилт биелэлээ олно гэдэгт бүрэн итгэж байна.

    Хүндэд анд нар аа,
    Нийгэм-эдийн засаг, улс төрийн салбар дахь олон талт хамтын ажиллагаа нь хамтын хөгжлийн баталгаа юм. Зүүн хойд Ази нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд бид тус бүс нутгийн улс гүрнүүдтэй хамтран ажиллах явдлыг үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн гол тулгуур хэмээн үздэг. Зүүн хойд Азийн орнууд улс төр, эдийн засгийн салбарт өөр хоорондоо нягт холбоотой байдаг. Эдгээр улсын дэлхийн геополитик болон худалдаанд эзлэх жин өсөн нэмэгдсээр байна. Тиймээс бүх нийтийн сайн сайхан, энх тайвны төлөө тус бүс нутгийн улсуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөөх үйл хэргээ Монгол Улс үргэлжлүүлэх болно.

    Хүндэт Анатолий Васильевич,
    Хүндэт багш, профессорууд аа,
    МГИМО-гийн оюутнууд аа,
    Өөрийн улсын болон ОХУ-тай тогтоосон найрамдалт харилцааны талаар, түүнчлэн Зүүн хойд Ази дахь хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар ийм онцгой хүндтэй хүмүүсийн өмнө санал бодлоо хуваалцах боломж олгосонд дахин талархал илэрхийлж байна. ОХУ-д хэрэгжүүлж буй миний энэ айлчлал манай хоёр улсын харилцааг цаашид өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай сургууль цаашид цэцэглэн хөгжихийг хүсэхийн хамт, багш нартаа улам их бүтээлч амжилт гаргах, Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль төгсөгчдийн ирээдүй үе болох оюутан залуучууддаа эрч зоригтойгоор хүчээ сорьж, шинэ шинэ амжилтад хүрэхийн ерөөл дэвшүүлж байна.

    Анхаарч сонссонд баярлалаа.

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын МҮХАҮТ-ын XVIII Их хуралд хэлсэн үг

    С.Батболд: МҮХАҮТ эх орныхоо бизнесийн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан нэр хүндтэй байгууллага боллоо

    Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын нийт гишүүд,дэмжигчид ээ,

    XVIII их хурлын зочид, төлөөлөгчид өө,

    Бизнес эрхлэгчдийнхээ итгэлийг тээж Монгол Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхаа XVIII Их хуралд оролцож буй төлөөлөгчид та бүхэндээ чин сэтгэлийн баярын мэндийг хүргэе. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь эх орныхоо худалдаа, үйлдвэрлэл, бизнесийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй манай улсын нэр хүнд бүхий, томоохон байгууллага болсон нь бизнес эрхлэгчид та бүхний хичээл зүтгэл, идэвхи санаачлагын үр дүн билээ.  Та бүхэн үйл ажиллагаагаараа ч, үйлс бүтээлээрээ ч, нэгдэн нийлэх арга хэлбэрээрээ ч нийгмийн хөгжлийн манлайд нь явж ирсэн.

    Бизнес эрхлэгч та бүхний санаачлагаар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын саналаар Монгол улсын Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.

  • Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд ард түмэндээ хандаж үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд ард түмэндээ хандаж үг хэллээ Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого эхэлж
    байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий Сайд, 
    Тооллогын улсын комиссын дарга С.Батболд 
    ард түмэндээ хандаж үг хэллээ

    Монголын нийт ард иргэд ээ, 
    Манай оронд ажиллаж, амьдардаг гадаадын харъяат болон харъяалалгүй хүмүүс ээ. Энэ оройны 00 (тэг.тэг) цагт товлож Монгол орон даяар хүн ам, орон сууцны тооллогыг эхлүүлэх гэж байна.

    Улс орнууд хүн амаа 10 жил тутам тоолж байх НҮБ-ын зөвлөмжийн дагуу ээлжит тооллогоо “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” гэсэн уриан дор Монгол Улс явуулахаар бэлтгэлээ базаагаад байна.  Өнөөгийн байдлаар дэлхийн 53 улсын 2,6 тэрбум хүн тоологдоод байна. Манай хөрш ОХУ өнгөрсөн 10 дугаар сарын 14-25-нд, БНХАУ энэ сарын 1-ээс хүн амаа тоолж өнөөдөр дуусаж байна. БНСУ, Аргентина улсад мөн ийм ажил өрнөж байна.  Энэ онд дэлхийн нийт хүн амын 58 хувь тоологдох юм. Манай улс 1918 оноос хойш хүн амаа 10 дахь удаагаа тоолох гэж байна.

    Хүн ам, орон сууцны тооллого нь хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан нөхцөлийг судлах, нийгэм эдийн засгийн олон чухал хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцох, ирээдүйн хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөх, бодлого, хөтөлбөрийг боловсруулах, эрдэм шинжилгээний ажил, судалгаанд шаардлагатай статистикийн тулгуур мэдээлэл бүрдүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой.

    Энэ тооллогын үр дүнд тулгуурлан улс орны нийгэм,  эдийн засгийн цаашдын хөгжлийн төлөвлөлт, хөгжлийн бодлогыг боловсруулахад нэн чухал шаардлагатай мэдээллийн эх сурвалж бүрдэнэ. Тухайлбал, цаашид шинээр барьж байгуулах нийгэм соёлын газрууд, сургууль, эмнэлгийг хаана ямар багтаамжтай, хүчин чадалтайгаар баривал оновчтой болох, хүн ам зүй, нийгмийн мөн шилжилт хөдөлгөөний, эдийн засгийн болон хүн амын орон сууцны нөхцөл, хангамжийн талаарх мэдээллүүдийг цуглуулан авч цаашдын бодлого үйл ажиллагаандаа ашиглах боломж нөхцөл бүрдэнэ. Тооллого бол үнэт лавлагаа болж үлдэнэ. 

    Хүн ам, орон сууцны тооллого явуулах урьдчилсан бүх нөхцөл хангагдсан гэж улсын комисс үзэж байгаа. Энэ удаагийн тооллогын ажилд улсын хэмжээнд 30 гаруй мянган хүн дайчлагдан ажиллаж байгаагийн дотор 17 мянган тоологч, шалгагч нар тооллогын ажлыг гардан гүйцэтгэнэ. Бэлтгэл ажлын хүрээнд эдгээр хүмүүсийн шат шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тооллогын үр дүнг нэгтгэн гаргах, гадаадад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдийг интернэтээр тоолох программ хангамж, асуулга, заавруудыг бэлтгээд байна. Одоо ажил хариуцсан хүн бүр үүрэг, хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, ажилдаа чин сэтгэлээсээ, зүтгэл чармайлт гарган ажиллахаас энэ чухал ажлын эцсийн үр дүн шалтгаалах мөч тулж ирлээ.

    Тооллого энэ сарын 11-17-ны хооронд долоохон хоногт улс орон даяар нэгэн зэрэг явагдах ихээхэн хэмжээний хүн хүч, зохион байгуулалт, идэвхи зүтгэл шаардсан ажил байгаа юм. Бүх шатны Засаг дарга нарт энэ ажилд онцгой анхаарч тооллогын комиссоо удирдлагаар хангаж, биечлэн оролцож зохион байгуулах үүрэг даалгавар өгч байна. Үйлчилгээний газруудын хуваарийг оновчтой зохицуулах, ялангуяа, согтууруулах ундааг хязгаарлах талаар өөр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож байна.

    Зарим аймагт шүлхий өвчин гарсныг Та бүхэн мэднэ. Эдгээр аймгийн удирдлагууд хорио цээрийн дэглэмээ чанд сахиж, тооллогын ажилдаа нэгэн зэрэг анхаарч ажиллах хэрэгтэй. Тооллогын комиссын гишүүдийн олонх нь манай Засгийн газрын гишүүд байгаа. Сайд бүр хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тооллогын ажилд онцгой ач холбогдол өгч оролцохыг мөн анхааруулъя.

    Тооллогын ажлыг амжилттай явуулахад манай нийт иргэдийн оролцоо, эх оронч сэтгэл нэн чухлыг эцэст нь тэмдэглэе. Улс орны төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой 10 жилд ганцхан удаа явагддаг хүн ам, орон сууцны тооллогод иргэн бүр нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу идэвхитэй оролцохыг уриалж байна.

    Сайн үйлс дэлгэрэх болтугай.

  • Төв аймагчууд ургацын баяраа хийлээ

    Төв аймагчууд ургацын баяраа хийлээТөв аймагчууд 2010 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Зуунмод хотноо Ургацын баяраа хийж, ололт амжилтаа дүгнэлээ.
    Ургацын баярт оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД УРГАЦЫН БАЯРТ ОРОЛЦОХДОО ХЭЛСЭН ҮГ

    Эрхэм хүндэт Төв аймагчууд аа!
    Тариаланч нөхөд өө!
    Эрхэмсэг хатагтай ноёд оо!

     “Атрын гурав дахь аян”-ы 3 дахь Ургацын баяраа тэмдэглэж байгаа Төв аймгийн тариаланчид, бүтээлч хөлдөлмөрчид та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор манай улс түүхэндээ гурван удаа Атрын аяныг зарлаж, хэрэгжилтийг амжилттай зохион байгуулсан билээ.

    Анхны болон хоёр дахь атрын аян нь тэр үеийн ЗХУ болон бусад орны тусламжтайгаар газар тариалангийн аж ахуйнуудыг шинээр байгуулах, иж бүрэн техникжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, инженер техникийн ажилтан, механикжуулагчид бий болгох бүхэл бүтэн цогц бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж энэ салбарыг биеэ даасан салбар болтол нь хөгжүүлсэн аянууд байлаа. Эдгээр аяны хүрээнд Монгол Улс улаан буудайн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортод гаргадаг байв.

    Харин 2008 онд Засгийн газраас баталсан “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийг дэмжих хөтөлбөр нь зах зээлийн нөхцөлд хувийн хэвшил бүхий аж ахуйн нэгжид тулгуурлан газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амын хүнсний хангамжийг дотоодын үйлдвэрлэлээр хангахад чиглэсэн төрийн бодлого, үйл ажиллагаа байлаа.  
      
    Засгийн газар “Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ зах зээлийн нөхцөлд газар тариалангийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, эдийн засгийн урамшууллыг бий болгон тариаланчидаа дэмжих, техникийн шинэчлэл хийх, улмаар дэвшилтэт технологи нэвтрүүлэн хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн хүнсний аюулгүй бүтээгдэхүүнээр бүрэн хангах боломжийг бүрдүүлэхэд анхаарсан болно. Мөн Засгийн газар, орон нутгийн удирдлага хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын цогц арга хэмжээ авч, хэрэгжилтийг жил бүр дүгнэж ирсэн нь өнөөгийн амжилт гаргах нэг нөхцөл болж байлаа.

    “Атрын гурав дахь аян”-ы зорилтыг амжилттай хэрэгжүүлэгч үндсэн хүч нь манай орны тариаланчид, газар тариалан эрхлэгч аж ахуй нэгж, түүний удирдлага, инженер техникийн ажилтнууд, мэргэшсэн ажилтнууд Та бүхэн байсныг өнөөдөр дахин онцлон тэмдэглэж нийт тариаланчиддаа баяр хүргэж байна.

    “Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж ажилласны үр дүн нь газар тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн тоо өсч, хураан авсан ургацын хэмжээ нэмэгдэж, гурил, төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах болж, тариалангийн үйлдвэрлэл нь бие даасан байдлаа дээшлүүлж, эрчимтэй хөгжиж эхэллээ. Энэ хугацаанд газар тариалангийн салбарт ашиглагдаж байгаа зүтгэх хүчний техникийн 80 хувь, үр тариа хураах комбайны 65 хувийг бүрэн шинэчиллээ. Газар тариалангийн салбарт бий болсон энэ ололт нь манай орны хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн хөгжилд ч чухал түлхэц өгснийг энд онцлон тэмдэглэж байна. 

    2010 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр улсын хэмжээгээр 361.7 мянган тонн үр тариа, 167.8  мянган тонн төмс,  88.3 мянган тонн хүнсний ногоо, 38.2 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авсан нь хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн суурь жил болох 2007 оны ургацтай харьцуулахад  үр тариа 245.4 мянган тонн,  төмс 54.2  мянган тонн, хүнсний ногоо 9.2 мянган тонноор тус тус ахиу байна. Амжилт бүтээл илтгэсэн энэ тооны цаана манай газар тариалангийн аж ахуйн тариаланч, механикжуулагч, ногоочдын шинэ залуу халаа бэлтгэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурах бодитой үр дүн гарч байна.   

    Төв аймагчууд аа!

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байгаа спорт урлагийн шинэхэн ордондоо ургацынхаа баярыг тэмдэглэж байгаа Төв аймгийн тариаланч ногоочид та бүхэн 2010 онд 81.0 мянган  тонн үр тариа, 50.1 мянган тонн төмс, 11.7 мянган  тонн  хүнсний ногоо тус тус хураан авсан нь улсын хэмжээний нийт үр тарианы 22.5 хувь, төмсний 30 хувь, хүнсний ногооны 13.2 хувийг хангах үзүүлэлт бөгөөд  сүүлийн 25 жилд нэг жилд хураан авч байгаагүй арвин их ургац хураан авчээ.

    Ийнхүү “Атрын гурав дахь аян” үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтоос үр тариаг 128 хувиар, төмс, хүнсний ногоог 118 хувиар тус тус биелүүлсэн бахдам амжилт гаргаж, энэ онд га-гаас хурааж авсан ургацынхаа хэмжээгээр улсдаа тэргүүлсэн танай аймгийн тариаланч, ногоочдод Засгийн газрын өмнөөс халуун баяр хүргэж байна.

    Тус аймгаас сүүлийн жилүүдэд ажлын тогтвортой өндөр амжилт гаргасан Жаргалант сумын “Дэлгэр-Уянга” ХХК, “Хөх баянбулаг” ХХК, “Жинсрэгт хайрхан” ХХК, Баянцогт сумын “Гуна” ХХК, Угтаалцайдам сумын “Элсэнцагаан” ХХК, “Чандмань-дөл” ХХК, Сүмбэр сумын “Өгөөж-Сүмбэр” ХХК-ууд улсын ургацын аварга тариаланч хамт олноор, Батсүмбэр сумын ногоочин Д.Лувсан, Борнуур сумын ногоочин Л.Энхтайван, Т.Хишигтогтох нар улсын тэргүүний тариаланчаар тус тус шалгарсан байна.

    Мөн  Баянцогт сумын “Гуна” ХХК-ны захирал Ц.Сүрэнхорлоо, Баянчандмань сумын иргэн А.Бадарчин, Угтаалцайдам сумын “Элсэн цагаан” ХХК-ны механикжуулагч Р.Төмөрбаатар, Цээл сумын тариаланч Х.Батжаргал, Жаргалант сумын “Хөх баянбулаг” ХХК-ны захирал Ж.Ариунболд нар Монгол Улсын гавъяат механикжуулагч,  агрономч цол хүртсэн нь Төв сайхан нутгийн хөдөлмөрчид тариаланч, механикжуулагчид, ногоочдын бахархал болж байна.

    Төв аймгийн тариаланч хөдөлмөрчдийн энэ сайхан амжилт нь “ажил хийвэл ам тосдоно” гэдгийн бодит үлгэр жишээ болж, ажил хөдөлмөрт олон түмнийг уриалан дуудаж, атрын аяныг улам өргөжүүлж эрчимжүүлэхэд хүч нэмлээ.

    Манай Засгийн газар газар тариалангийн салбарыг атрын аяны их бүтээлийн талбар болгож, үйл ажиллагааны хөтөлбөрт газар тариалангийн талаар дэвшүүлсэн зорилт нэг бүрийг хэрэгжүүлэхийн төлөө цаашид ч онцгойлон анхаарч ажиллах болно.
     
    Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх нэг гол түлхүүр бол тариалах талбайн хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нэгж талбайгаас хураан авах ургацыг нэмэгдүүлэх, манай орны нөхцөлд тохирсон чанарын өндөр үзүүлэлт бүхий шинэ сортын үрийг бий болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэх, нутагшуулах, хүнсний ногооны нэр төрлийг олшруулан нийт ургацын хэмжээг тогтвортой өсгөх явдал мөн.

    Манай орны байгаль цаг уурын нөхцөл хуурайшиж байгаа нь юуны өмнө усалгаатай тариаланг хөгжүүлэх, зуны богино хугацаанд арвин ургац өгөх нутагшсан сорт бий болгох, түүнд тохирсон техник технологи хэрэглэх, чадварлаг инженер техникийн ажилтан, мэргэжсэн ажилчидтай болох, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэн бүрийн санхүүгийн чадавхийг сайжруулах, хураан авсан ургацаа хадгалах агуулахын аж ахуйг хөгжүүлэх, ургац тээврийн замыг засварлах, шинээр тавих зэрэг олон зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

    Төв аймгийн тариаланчдын хувьд нийслэл хотын дэргэд, зах зээлд хамгийн дөт зам харилцаатай давуу талаа ашиглан эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх замаар үр тариа, төмс, хүнсний ногоо, мах, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ашиглалтгүй байгаа талбайд малын тэжээлийн ургамал тариалах, улмаар түүнийг боловсруулах үйлдвэр байгуулах нь нэн чухал байна.

    Засгийн газрын зүгээс тус аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрт байрлах 36.0 мянган тонны багтаамжтай үр тариа хадгалах элеваторыг ашиглалтанд оруулах, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, тариаланчид малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор бага оврын тракторын иж бүрдлээр хангах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг дуулгахад таатай байна. 
     
    Атрын гурав дахь аяныг амжилттай хэрэгжүүлсэн Төв сайхан нутгийн ажилсаг, хөдөлмөрч тариаланч, механикжуулагч, ногоочид, тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг, тэднийг дэмжин тусалдаг байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага Та бүхэндээ ажлын их амжилт хүсэхийн ялдамд цаашдын тань жил жилийн алтан намрын ургац арвин байж, ажил үйлс тань сэтгэлчилэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

    Ургацын баяраа хийж байгаа Та бүхэндээ дахин халуун баяр хүргэе.

    Анхаарал тавьсанд баярлалаа

  • 2.7 сая Монголчууд бид дэлхийн 6 тэрбум хүний хаана нь явна вэ

    2.7 сая Монголчууд бид дэлхийн 6 тэрбум хүний хаана нь явна вэ МАХН-ын дарга,
    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын
    МАХН-ын XXVI Их хуралд тавьсан
    “Шинэчлэл, Манлайлал, Хөгжил” сэдэвт улс төрийн илтгэл

    2010.11.04

    МАХН-ын XXVI Их хурлын хүндэт төлөөлөгчид өө,
     Журмын нөхөд өө,
    Эрхэм зочид, хатагтай, ноёд оо,
    Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, намын хамт олныхоо итгэл сэтгэлийг тээж, эх орныхоо өнцөг булан бүрээс хуран цугларсан төлөөлөгчиддөө чин сэтгэлийн баяр хүргэж, зочиддоо гүн талархал илэрхийлье.

    Өнөөдөр МАХН-ын удирдах байгууллага болох XXVI Их хурал үйл ажиллагаагаа эхэлж байна. Манай намын үе үеийн Их хурал Монголын нийгмийн анхаарлын төвд байсаар ирсэн. Учир нь их хурал бүрээс намын амьдралын төдийгүй Монгол Улсын хөгжилд нөлөөлөхүйц жинтэй шийдвэрүүд гардаг. Энэ удаа ч мөн адил манай намын их хурал руу олон нийтийн анхаарал хандаж байна.

    Арвин ургацынхаа ард гарч амсхийж буй тариаланчид, айсуй өвлийг их ажлаар угтаж буй малчид, амьдралынхаа ирээдүйг эргэцүүлж яваа залуус, алдаа оноог минь дэнслэх ахмадууд, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, банкны зээлээ хэрхэн төлөх вэ, яаж ажилтай орлоготой болох вэ гэж санаашран буй хүмүүс, тэтгэвэр, тэтгэмж, халамж, даатгалын үр өгөөжийг тооцож суугаа иргэд, шинэ бүтээн байгуулалт, ажлын байр бий болгох талаар сэтгэж зүтгэж яваа  бизнес эрхлэгч бүгд та бидний шийдвэрийг хүлээж байгаа. Та бидний гаргах шийдвэрүүд нь улс орны хөгжил цэцэглэлт, түмэн олны ажил амьдралтай  шууд холбоотой учраас тэр билээ.

    Хамгийн их догдлон харж буй хүмүүс бол манай намын мянга, мянган гишүүд, дэмжигчид юм. Тэдэндээ их хурлын төлөөлөгч та бүгдийн өмнөөс  халуун дотно мэндчилгээг дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

    Их хурлын эрхэм төлөөлөгчид өө,
    Улс орондоо шинэ эдийн засаг, зах зээлийн харилцаа, улс төрийн ардчиллыг тогтоон төлөвшүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулахаар 20 жилийн тэртээгээс бидний сонгосон зорилт амжилттай хэрэгжсээр байна. Энэ бодит хөрс суурин дээрээ тулгуурлаж “шилжилтийн” гэсэн сэтгэлгээг цэглэж, их бүтээн байгуулалт өрнүүлэх, хөгжилтэй улс орон, бүтээгч ард түмэн болох түүхэн цаг үе тулж ирлээ гэж манай нам үзэж байна.

    Их бүтээн байгуулалтын агуулга зорилт нь монгол хүнийг бүх талаар хөгжүүлж, иргэн бүр тав тухтай, хангалуун амьдрах  нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
    Улс орныхоо цаашдын хөгжлийн асуудлаар том зорилго, зорилт дэвшүүлэх, түүнийгээ биелүүлэх, үүнд учрах сорилт бэрхшээлийг даван туулах чадвартай улс төрийн хүчин бол МАХН юм гэж ард иргэдийн маань дийлэнх олонхи нь үзэж байгаа. Үүнийг удаа дараагийн сонгуулийн дүн ч харуулсан. Сүүлийн үеийн судалгааны дүн ч бас ийм байна. Энэ бүхэн манай намд урам зориг хайрлаж, эрч хүч, итгэл найдварыг бадрааж, улс орноо үсрэнгүй хөгжүүлэхэд бусдаас илүү хариуцлага хүлээх, түүхэн үүргийг бидэнд дахин оноож байна.

    Сэтгэлгээгээ, үйл ажиллагаагаа шинэчилж, өнгөрснөө зөв дүгнэж, ажил үйлс, зохион байгуулалтаа цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөн сайжруулж, бодлого зорилгоо улам тодорхой болгож, бодитоор хийж бүтээж байж л манай нам ард түмнийхээ итгэл, найдварыг биелүүлэх болно. Дэлхий дахинаа өрнөж буй даяарчлалтай холбогдон Монгол Улсын гадаад байдал ч өөрчлөгдөж  байна. Даяаршиж буй дэлхий ертөнц, өөрчлөгдөн буй өрсөлдөөнт нийгэмд оршин тогтнож, улмаар хөгжил дэвшлийн манлайлагч улс төрийн хүчин байхын тулд цаг ямагт шинэчлэгдэж байх учиртай. МАХН өөрийгөө өөрчилж шинэчилсээр ирсэн. Сүүлийн 20 жилийн түүх үүнийг гэрчилнэ. Цаашид ч тийм байх болно. Тиймээс манай намын шинэчлэл нь өөнтөгч нэгний хэлж байгаа шиг “өнгөлөн далдлалт” биш үүрэг хариуцлагаа ухамсарласан үйл ажиллагааны шинэчлэл юм. Өргөн олон түмнийхээ тусад, улс орноо хөгжүүлэхийн тулд шинэчлэгдэх ёстойгоо ухамсарлаж байна. Өнөө маргаашийн эсвэл сонгуулийн хугацаагаар хэмжигдэх “богино зайн” биш угтан ирэх 20 жилийг тоссон урт хугацааны стратеги бүхий шинэчлэлийн тухай ярьж байна. Үүний тулд та бид туулж ирсэн 20 жилийнхээ туршлага, сургамжийг эргэн санах учиртай.

    НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
    Ардчилсан өөрчлөлтийн 20 жил: түүхэн сургамж, өнөөгийн байдал

    1990 оны эхнээс идэвхжиж эрчимжсэн нийгмийг өөрчлөн байгуулах, ардчилах үйл явцын эхний оргил үр дүн бол мөн оны 7 дугаар сард болсон тэр үеийн БНМАУ-ын АИХ-ыг сонгож байгуулах анхны ардчилсан, чөлөөт сонгууль байлаа. Үр дүнд нь олон намын төлөөлөлтэй төрийн  эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага- АИХ, байнгын ажиллагаатай хууль тогтоох дээд байгууллага Улсын Бага Хурал гэсэн 2 танхимтай парламентын шинэ хэв маяг хэлбэршин тогтсон нь чухал ололт байлаа. Үр дүнд нь хүний эрх, эрх чөлөөг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээний стандартад хүргэж хууль эрх зүйн хувьд баталгаажсан гэж хэлж болно.

    Энэ цаг үеэс эхлэлтэй удаа дараагийн парламентаас гаргасан бодлогын шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгуулагдсан Засгийн газруудын үйл ажиллагаа нь ардчилсан өөрчлөлтийн гэх тодотголтой өнгөрсөн 20 жилийн өнгө аясыг тодорхойлж ирлээ. Өнгөрсөн 20 жилд эдийн засгийн уналт өсөлт, иргэдийн амьжиргааны эрсдэл, улс төрийн ялалт, ялагдал, түүнийг дагасан Монгол хүний бахархал омогшил, бухимдал, цөхрөл цөм багтана. Энэ хэрээр алдаа онооны арвин сургамж үлдээжээ. Иймд өнгөрсөн түүхээ  эргэцүүлж нухацтай дүгнээд улс орныхоо ирэх 20 жилийг ухаалгаар харж, бодлого зорилтоо тодорхойлох нь улс төрийн туршлагатай, тулхтай намын өөртөө хүлээх журамт үүрэг мөн.

    Ардчиллын 20 жилийн ойн хүрээнд ололт амжилтаа бид бишгүй ярьж байгаа. Үнэхээр ч ололт амжилт бий. Тухайлбал улс төрийн салбарт шинэ Үндсэн хуулиа баталж, үндсэн хуульт төрийн байгууллагын тогтолцоо, парламентат ёс, олон нам, иргэний нийгэм, өрсөлдөөнт чөлөөт сонгууль хэлбэршин тогтнож, улс төрийн эрх, эрх чөлөө хүртээмжтэй болсон.

    Эдийн засгийн салбарт, өмчийн болон аж ахуйн олон хэлбэр, хэвшил бий болж, хувийн өмч хуулиар хамгаалагдаж, өдгөө ДНБ-ний 70 орчим хувийг хувийн хэвшил бүтээж байна. Улсын үйлдвэрийн газрууд, мал сүрэг, орон сууцны хувьчлал, газар өмчлөлийн шийдвэрүүдийг гаргаж, эдийн засгийн харилцааг зах зээлийн зарчимд нийцүүллээ. Үүний үр дүн ч гарч байна. Тухайлбал эрдэнэт мал сүргийн тоо хорин жилд 10 гаруй саяар өслөө. “Атрын III аян”-ыг эхлүүлснээр газар тариалангийн үйлдвэрлэл сэргэж, үр тариа, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангах үндсийг бүрдүүллээ. Гадаад худалдаа, валютын ханш, үнэ, дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгож, эдийн засаг бүхэлдээ нээлттэй боллоо. Дэд бүтцийн салбар хөгжиж өнгөрсөн хорин жилд хатуу хучилттай авто зам 2824 км болж 2.4 дахин нэмэгдсэн бол үүрэн холбоо хэрэглэгчид давхардсан тоогоор 2.3 саяд хүрлээ.

    Нийгэм, оюун санааны амьдралд үг хэлэх, хэвлэн нийтлэх, шүтэн бишрэх, бүтээн туурвих эрх, эрх чөлөө бүрэн нээлттэй болж, олон ургальч үзэл, чөлөөт хэвлэл, эвлэл, холбоод, сүм хийд, шашны нэгдэл, бүлгүүд нийгэмд байр сууриа бодитой эзлэх боллоо. Боловсрол, соёл, эрүүл мэнд, халамж, даатгал, нийгмийн үйлчилгээний бусад бүх салбарт улсын болон хувийн хэвшил зэрэгцэн оршиж, өрсөлдөн уралдах болсон. Соёл, урлаг, шинжлэх ухааны салбарт шинэ санаа, нээлт бүхий үнэ цэнэтэй оюуны бүтээл туурвигдах нөхцөл бүрдлээ.

    Монгол хүний бие бялдар, билиг оюуны авъяас чадвар, мэдлэг ухааны үнэлэмж дэлхийн тавцанд гарлаа. Спорт, урлагийн салбарт олимп, тив, дэлхийн олон аваргууд төрлөө. Монгол хүн оюун ухаан, мэдлэг чадвараараа дэлхийд өрсөлдөж, нэр хүндтэй үйлдвэр, компани, урлаг, соёл, шинжлэх ухааны байгууллагад уригдан ажиллаж, олон улсын хөгжилд хувь нэмэр оруулдаг боллоо. Монголын компаниуд дэлхийн зах зээлд гарч, монголын гэсэн  олон брэндүүд бий болж эхэллээ.

    Монгол Улсын гадаад харилцаа бүрэн нээлттэй болсноор манай улс олон улсын Валютын сан, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын нэр хүндтэй олон байгууллага, нийгэмлэг, эвсэл, холбооны бүрэн эрхт гишүүн болсон. Ингэснээр бүс нутаг, тив, дэлхийд бүрэн гарцтай болж, тэр түвшний бодлого, үйл ажиллагаанд оролцож, улмаар улсын дотоод хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлж чадлаа. Ийнхүү улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санаа, гадаад орчны хүрээнд гарсан эерэг, дэвшилттэй зүйл, ололт амжилтыг МАХН онцлон тэмдэглэж байна. Энэ амжилт ололтоор МАХН бахархах бүрэн эрхтэй. Манай намын мянга мянган гишүүдийн зүтгэл, оролцоо энд бий. Сайн үйлийг бүтээлцсэн МАХН-ын бүх гишүүддээ, улсынхаа нэрийг дэлхийд гаргаж, нэр төртэй амьдарч байгаа Монгол хүн бүртээ намынхаа Их хурлын өмнөөс халуун баяр хүргэж, амжилт хүсье.
    20 жилийн ололт амжилтыг хамтран бүтээлцсэн бусад улс төрийн нам, хүчнүүдэд ч мөн талархлаа илэрхийлье.

    Төлөөлөгч, нөхөд өө,
    Өнгөрсөн 20 жилд энэ мэт гэрэл гэгээтэй, бахархах зүйл байгаа ч алдаа, эндэгдэл  багагүй гарсан. Гэхдээ энд өнгөрсөн үеийн бүх зовлонг тоочихгүй ээ. Тэгэх ч боломжгүй, тийм ч зорилготой Та бид цуглаагүй. Гагцхүү бидний бодлого, үйл ажиллагааны дутагдал, алдаа юу вэ? Түүнээс үүдэлтэй нийгмийн сөрөг үзэгдлийн үр дагавар, уршиг юу вэ? Түүнийг яаж засаж залруулах вэ? гэсэн сургамж, дүгнэлт, цаашдын бодлогоо ярих учиртай. Энэ учир шалтгааны үүднээс 20 жилийнхээ өндөрлөгөөс эргэн харахад бид ямар хүндрэлтэй нүүр тулгараад байгааг багцалж үзвэл:
    Нэг:  Ядуурал, ажилгүйдэл буурахгүй байна,
    Хоёр: Байгаль орчны доройтол, хямрал газар авч байна,
    Гурав: Нийгэм эдийн засгийн шударга ёсны хүсэмжлэлд бид бүрэн хариу өгч чадахгүй байна.
    Дөрөв: Хүмүүжил, ёс суртахууны доройтолыг зохих ёсоор засаж залруулж чадахгүй байна.
    Тав: Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын дархлааг сайжруулах шаардлагатай байна.
    Энэ таван багц  асуудал нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн, нэн тулгамдсан асуудал болоод байна. Эндээс 20 жилийн ололт амжилт ямар үнэ цэнээр ямар хохирол амсаж ирсэн нь харагдана.

    Монгол хүнийхээ амьдралыг сайжруулах тал дээр сүүлийн 20 жилд дорвитой ахиц гаргаж чадахгүй байна гэсэн гашуун ч гэсэн үнэн дүгнэлтийг хийхээс өөр арга алга. Ядуурал, ажилгүйдэл манай нийгмийн хамгийн том “өвчин” болоод байна. Өнөөдрийн байдлаар аваад үзэх юм бол хүн амын 2-3 хувь нь чинээлэг, 60 орчин хувь нь дундаж орлоготой, 38 хувь нь ядуу байна. 20 жил өөрчлөлт шинэчлэлт ярьж, том бодлого хөтөлбөр дэвшүүлж, уйгагүй их ажилласан ч гэсэн бид хүссэн амжилтандаа хүрсэнгүй. Ард түмний минь амьдрал сайжирсангүй. Дэлхий Банкны судалгаагаар 1998 онд хамгийн өндөр буюу 43 хувьтай байсан ядуурал аажмаар буурч байгаа хэдий ч Статистикийн газрын мэдээгээр 2009 оны байдлаар иргэдийн маань 38.7 хувь ядуу амьдарч байна. Харьцуулалтын аргын ялгаа байгаа ч энэ тоо нь нэг л зүйлийг илэрхийлж байна.

    Ядуурал дорвитой буурсангүй. Шилжилтийн эхэн үед эдийн засгийн суурь бүтэц эвдрэн хүн амын зарим хэсгийн амьжиргааны түвшинг буурч туйлдах сөрөг үр дагаварт хүргэсэн билээ. Үүнээс болж ард иргэдийн дунд урьд өмнө байгаагүй баян, хоосны ялгарал үүсэж цаашид улам нэмэгдэх аюул гараад байна. Манай намын зорилт бол баян хоосны туйлд хуваагдсан нийгмийг биш харьцангүй чинээлэг дундаж давхарга зонхилсон, нийт нийгмээрээ эвтэй, сэтгэл хангалуун амьдардаг тийм нийгмийг цогцлоон хөгжүүлэх зорилготой юм.

    Шилжилтийн үед манай эдийн засаг ихээхэн уналтанд орлоо. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1990 оноос хойш буурсан. Эдийн засаг сэргэсэн 2005 онд л 1989 оныхоо түвшинд хүрсэн байна. Хувьчлалыг оновчтой хийж чадаагүйгээс болж олон үйлдвэр, аж ахуйн газрын үйл ажиллагаа зогсож, олон зуун барилга байгууламж хоосон балгас болж, зарим нь бүр устаж арилсан юм. Хөдөө аж ахуйн нэгдлүүд татан буугдаж, худаг ус, хашаа хороо  тоногдон сүйрч эргээд нөхөхөд хүндрэлтэй томоохон гарз хохирол боллоо. Манай намын санаачилгаар тухайн үедээ хийгдэж байсан их бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон олон үйлдвэр аж ахуйн газар устаж үгүй болж ажилгүйдэл ядуурал ихээр нүүрлэсэн.

    Аж үйлдвэрийн салбар зогсонги байдалд орсныг өөрчлөх  гэж олон жил чармайсан ч боловсруулах салбар гэхэд  2004-2008 оны дунджаар ДНБ-ний дөнгөж 6 орчим хувийг эзлэх хэмжээнд хүрч байна. Энэ нь бага орлоготой улс орнуудынхаас 3-4 дахин доогуур үзүүлэлт юм. Тиймээс боловсруулах салбарынхаа үйлдвэрлэлийг өсгөх нь бидний бас нэгэн зорилт, сорилт болж байна.

    Аж үйлдвэр, банк хоёр харилцан бие биенээ дэмжиж хөгжих бололцоог тэр болгон бүрдүүлж чадсангүй. Банк санхүүгийн олон байгууллагууд  дампуурч олон мянган энгийн иргэд хохирсон. Буруутай этгээдүүдэд үйлдсэн хэрэгт нь тохирсон хариуцлага тооцсонгүй гэж олон иргэд бухамдаж байна. Бид бүх бурууг үүрдэг төртэй биш буруутай этгээдэд нь хариуцлага хүлээлгэж чаддаг шударга төртэй байхын төлөө зүтгэнэ. Хөрсөн доорхи баялагийг нээж, ашиглахдаа алдаа, дутагдал гарснаас болж байгаль сүйрч, гол мөрөн бохирдож, эх ундрага нь татарч, хүмүүсийн аж амьдралд хүндрэл учруулж байна. Тиймээс төрөөс тавих хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, иргэний нийгэм, ард иргэдийн сайн үйлсийн оролцоог дэмжиж тэтгэх, түгээн дэлгэрүүлэх, байгалийн баялагийг зөв ашиглах шинэ бодлогыг бид л хэрэгжүүлэх үүрэгтэй.

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний салбарт амжилт байгаа хэдий ч өмнө хүрсэн түвшингээсээ доошилж, ялангуяа хүртээмж нь багасч, тэгш адил чанартай үйлчилгээг нийтээрээ хүртдэг суурь зарчмаас ухарлаа. Одоо эдгээр салбаруудад суурь шинэчлэлт хийж Монгол хүн бүрийг боловсролтой, эрүүл болгохын төлөө өөрчлөлтийн бодлогоо эхлүүлж байна.

    Хөдөө, хотод сургууль завсардсан, нийслэлд гудамжны хүүхэд бий болж, нийгмийн оюун санааны амьдрал хямралд орж, гэмт хэргийн нөхцөл байдал хүндрэх болсон нь өнгөрсөн 20 жилийн бас нэг том алдаа юм. Нийгмийн шударга ёс алдагдаж, хууль ёс завхарч байгаа мэт ойлголт олон нийтийн дунд тархаж байгаа  нь өнгөрсөн он жилүүдээс үлдсэн сөрөг үзэгдэл төдийгүй өнөөгийн том эмгэнэл юм. Хүн бүр хуулийн өмнө адил эрх эдэлж, тэгш үүрэг хүлээх учиртай байтал хууль ялгавартай үйлчилдэг гэсэн дүгнэлтийг олон нийт хийж байна. Яагаад ийм дүгнэлт газар авч байна вэ? гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Хууль хүн бүрт тэгш шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх нь та бидний эрхэм зорилго мөн.

    Нийгэм улс орныг гутааж байгаа нэн аюултай үзэгдэл бол авилгал хээл хахууль юм. Энэ үзэгдлийг бид таслан зогсооно. Сүүлийн хорин жилээ эргэж харах юм бол нухацтай дүгнэлт хийх зүйл олон байна. Бид шилжилтийн гэх тодотголтой 20 жилийн бартаа, саадтай замыг даван туулж төгсгөлд нь ирлээ гэж бодож байна. Өнгөрсөн 20 жилд нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоотой парламент ёс руу, үзэл сурталчилсан нийгмээс чөлөөт ардчилсан нийгэм рүү, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн засаг руу харилцааны зарчмын хувьд шилжилт хийж чаджээ. Гэхдээ энэ шилжилтийг хийхэд асар их үнэ төлжээ. Одоо бид чанарын хувьд ахиц дэвшил гаргаж ажилгүйдэл ядуурлын асуудлыг шийдэхэд дорвитой алхам хийх шаардлагатай байна.
    Ийнхүү улс орныхоо ардчилсан өөрчлөлтийн түүхийг ололт амжилт, алдаа дутагдлын аль алинаар бичиж үлдээлээ. Одоо биднийг их бүтээн байгуулалтын урт зам, агуу их үйл хэрэг бүтээх цаг үе тосон хүлээж байна. 20 жилийн өмнө боломжгүй байсан олон зүйл өнөөдөр боломжтой боллоо.

    Монгол мөрөөдлийг биелүүлэхийн төлөө итгэл үнэмшил, тэмүүлэл зорилготой байх цаг ирлээ. “Бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй гэх явдал огт үгүй” гэж манай намыг үндэслэгч Дамдины Сүхбаатарын хэлж сургаж байсан хуучиршгүй үгийг санацгаая. Ийм ариун зорилго, эв нэгдэлтэй байгуулагдсан манай намынхан одоо ч нийт нэгэн үзүүрт сэтгэлээр их бүтээн байгуулалтыг эхлүүлэх итгэл төгс  хэвээр байна. Тиймээс одоо ирэх 20 жилээ угтан төлөвлөж, бодлого зорилтоо ярьцгаая. 

    ХОЁРДУГААР ХЭСЭГ
    МАХН-аас ойрын 20 жилд Их бүтээн байгуулалтын талаар баримтлах бодлого, зорилт

    Эрхэм нөхөд өө,

    Манай нам улс орныхоо ойрын 20 жилийг их бүтээн байгуулалтын үе гэж төсөөлж байна. Энэ бүтээн байгуулалтын эцсийн зорилго, үр дүн нь монгол хүний хөгжил, сайн сайхны төлөө байх ёстой. Учир нь нам бүхий л бодлогоо хүнээс ургуулан гаргаж, шүтэлцүүлж, гол цөмд нь Монгол хүнийг тавьж байна. Энэ бол манай намын бодлогын үндэс юм.

    Хүний амь амьдрал, эрх, эрх чөлөө, нэр төр, өмч хөрөнгө бол халдашгүй нандин зүйл мөн гэсэн үзэл санааг нам тууштай баримталж ажиллах болно. Улс орны хөгжлийн эцсийн хэмжүүр нь хүний хөгжил, иргэдийн амьжиргааны түвшин, чанар байх учиртай. Бид хөгжлийг тодорхойлохдоо улс орны өрсөлдөх чадварын индекс, хүний хөгжлийн индекс, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ зэргийг дэлхийн стандартын нэгдмэл хэмжүүрээр хэмжиж байх нь зүйтэй. Ингэж байж 2.7 сая Монголчууд бид энэ дэлхийн 6 тэрбум хүний хаана нь явна вэ гэдгээ тов тодорхой харах болно. Өөрөөр хэлбэл Монголчууд бид хүн төрлөхтний хөгжлийн, дэлхий ертөнцийн хүмүүсийн яг аль хавьд нь явна вэ гэдгээ багцаалж байх хэрэгтэй. Ийм стандарт хэмжүүрээр харвал өнөөдөр Монгол Улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийн улс орнуудын дотор 114 дүгээр байранд байна. Энэ үзүүлэлтээр 2015 онд 65-р байранд, 2021 он гэхэд эхний 50-р байранд орохоор зүтгэх тодорхой зорилт саналыг дэвшүүлж байна.

     Ийм учраас манай намын ойрын үеийн зорилт бол :
    • Монгол хүнийг ажилтай, орлоготой болгох,
    • Монгол хүнийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд эрүүл байлгах нөхцлийг бүрдүүлэх,
    • Монгол хүнийг дэлхийн түвшний боловсролтой болгох,
    • Монгол хүн гэмт хэрэггүй, амар тайван орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх,
    • Монгол Улсыг энэ бүхнийг дааж чадах эдийн засгийн чадавхитай орон болгоход оршино.  
    Монгол хүний төлөө гэсэн нэгэн багц зорилгод багтах эдгээр зорилтод хэрхэн, яаж хүрэх вэ гэдэг талаар одоо ярилцъя.
    Монгол хүн бүр ажил, орлоготой байх нь хөгжин дэвшихийн үндэс мөн
    Ажил хөдөлмөр бол амьдралын үндэс билээ. Монголчууд үүнийг “ажил хийвэл ам тосдоно” гэсэн маш энгийн гаргалгаагаар илэрхийлдэг. Бидний цаашдын 20 жилд хийх хамгийн том ажлын нэг бол ажилгүйдэл ядуурлыг бууруулах явдал. Цөөн хүнтэй Монгол орон баялагийн асар их нөөцтэй атлаа ядуурал ихтэй байгаа нь эмгэнэл юм.

    Өнгөрсөн хугацаанд ядуурлыг бууруулах чиглэлээр төрөөс, олон улсын ба гадаад, дотоодын төрийн бус байгууллагаас олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, асар их хөрөнгө мөнгө зарсан. Хүмүүнлэгийн байгууллагууд ч хандив өглөг их тараалаа. Байдал өөрчлөгдсөнгүй. Харин ч ядуурлын эргүүлэг улам гүнзгийрэх шинжтэй боллоо. Ийм байдлыг эцэс болгож, “ажилгүйдэл-ядуурал, ядуурал- ажилгүйдэл” гэсэн мухар эргүүлэгээс гарах гарцыг МАХН олж харах ёстой. Энэ бол их бүтээн байгуулалт. Их бүтээн байгуулалт бол асар том хөдөлмөрийн талбар, ажлын байрны багтаамж ихтэй зах зээл юм. Тэнд ажил ундарч, хүн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, хөгжин дэвжинэ. Ажилгүйдлийг бууруулж, ядуурлаас гарах бодитой гарц, хөгжил дэвшилд хүрэх баттай зам энэ юм. Манай нам бүтээн байгуулалтыг удирдах арвин туршлагатай учир энэ ажлыг манлайлж чадна. Их бүтээн байгуулалтанд гар бие оролцож, хийж бүтээснээрээ бахархах хүсэл эрмэлзэлд хөтлөгдсөн мянга, мянган гишүүд, Монголын нийт ард түмэндээ итгэж байна.

    Манай намд бүтээн байгуулалтын маш тодорхой бодлого, хөтөлбөр байна. Эдийн засгийн бодлого бүхэлдээ үүнд чиглэгдэх болно. Монгол хүн бүр үндэснийхээ баялагаас оролцооныхоо хэрээр шударга хүртэх, иргэн бүр ажил хөдөлмөр эрхлэн байнгын орлоготой болох боломжтой байхаар хүний амьдралын чанарыг дээшлүүлэх нөхцөл бололцоог хангах нь намын эдийн засгийн бодлогын үндсэн зорилт байсаар байх бөгөөд эхний ээлжинд хүний хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлого баримтлах нь зүйтэй.

    Энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ орчин цагийн дэвшилтэт зүүн төвийн социал-демократ намын хувьд зах зээлийн эдийн засаг дахь харилцааг тууштай эрчимжүүлэх, төрийн зохицуулалтыг оновчтой болгох, эдийн засгийн нийгмийн баримжааг гүнзгийрүүлэх зарчмыг баримтална. Ойрын хугацаанд уул уурхайн салбар нь эдийн засгийн хөдөлгүүр, орлогын үндсэн эх үүсвэр байх болно. Иймд стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах нь төр засгийн үүрэг тул гадны хөрөнгө оруулалтын хяналтын тогтолцоог бий болгож, дотоодын, ялангуяа орон нутгийн бараа үйлчилгээг худалдаж авах зарчмыг хуульчилж, уул уурхайн салбараас орох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна.

    Бид эрдэс, түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрийн газруудыг цогцолбор хэлбэрээр түлхүү хөгжүүлэх шаардлагатай. Манай намын хэтийн зорилго нь мэдлэгт суурилсан, байгаль орчинд ээлтэй, өрсөлдөх чадвартай, хүнд болон боловсруулах аж үйлдвэр хослон хөгжсөн эдийн засагтай болоход оршино.

    Үүний зэрэгцээ газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо бага хэмжээгээр ч хамаагүй үйлдвэрлэж, эрчим хүчний хангамж, шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулан дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, эрчим хүч экспортлох шаардлагатай байна. Шинээр ашигт малтмалын орд газруудыг ашиглах, уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмжин бүс нутгуудыг холбосон, далайд гарах боломжийг бүрдүүлж, Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэх төмөр замыг сүлжээг өргөтгөнө. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрийн нэмүү өртөг үйлдвэрлэх салбаруудыг дэмжиж, түүнийг дагалдах дэд бүтцийг бий болгоход онцгой анхаарна.

    Их бүтээн байгуулалтын буухиа галт тэрэг нэгэнт хөдөлсөн. “Шинэ бүтээн байгуулалт”, “Шинэ төмөр зам” зэрэг улс орны хэмжээний том төслүүдийг санаачилж, төрийн бодлого болгон батлуулж эхний алхмаа хийгээд байна. Цаашид улам хурдлуулж, эрчийг нь авахуулах болно. Үүний тулд аймаг бүрт нэг томоохон төсөл хэрэгжүүлэхийг бид зорьж байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймагт Асгатын мөнгөний ордыг, Дорнодод ураны орд газруудыг, Дорноговьд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг, Өмнөговьд Оюутолгой, Тавантолгойн орд гэх мэт төслүүдийг эхлүүлж үр дүнд хүргэнэ. Эдгээрийг дагаад олон арван мянган ажлын байр бий болгоно.

    Үүний зэрэгцээ ажлын байр олноор бий болох барилга, зам гүүр, аялал жуулчлал, харилцаа холбоо, худалдаа, банк, санхүүгийн болон үйлчилгээний бүх төрлийн салбарыг тодорхой бодлоготойгоор үе шаттай хөгжүүлнэ. Орчин үеийн мэдээллийн болон нано, био зэрэг өндөр технологийг дэмжин инновацийг хөгжүүлэх замаар эдийн засгийнхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарна. Эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах, хөрөнгө оруулалтаар дэмжих, банк санхүү, даатгалын тогтолцоог зах зээлийн горимд бүрэн оруулах, хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин, менежментийг сайжруулах зэрэг олон асуудал манай эдийн засгийн бодлогод багтаж байна.

    Ядуурлыг бууруулах, харьцангүй чинээлэг нийгмийн дундаж давхаргыг бий болгоход төрөөс жижиг дунд бизнесийг дэмжих нь чухал гэдэгтэй бүгд санал нийлнэ. Өнөөдөр энэ чиглэлээр тодорхой ахиц байна. Анх удаа төсөвт тэрбум, тэрбумаар хөрөнгө суулгаж, орон нутагтаа төсөл шалгаруулж жижиг дунд бизнест санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Татварын таатай орчинг бүрдүүлж өгснөөр бизнесийн нааштай орчин бүрдэж эхэллээ. Гэхдээ олон чиглэлээр хийгдэж байгаа ажлыг нэгтгэж, илүү үр ашигтай болгож, хувийн хэвшлийн удирдлага, менежментийн зарчмыг нэвтрүүлэхэд онцгой анхаарах цаг нь болжээ. Олон улсын шугамаар орж ирсэн төслийг нэг газар удирдаад, төсвөөс өгсөн ажлыг өөр газар удирдаад, хөдөлмөр эрхлэлтийн шугамаар гуравдах газар ажиллаад байгаа нь бодит үр дүн гаргахад хүндрэл учруулж байна. Үүнийгээ ч засаж залруулах хэрэгтэй.

    Өрхийн амьжиргааг дэмжих микро-бизнесийн талаар зориуд цохож хэлье. Энэ асуудлыг бүр мөсөн орхигдуулсан байна гэхэд хилсдэхгүй. Гол төлөв гэр бүлийнхээ хүрээнд ажилладаг, томоохон барьцаа тавьж зээл авах чадваргүй мөртлөө хэдэн зуун мянга, цөөн хэдэн сая төгрөгөөр эргэлдэж байгаа микро-бизнесүүд олон арван мянган гэр бүлийг ажил амьдралтай болгож, ядуурлын ирмэгээс холдуулж байна. Иймд төрөөс өрхийн амьжиргааг дэмжих микро-бизнесийн орчин, тогтолцоо, санхүүжилтийн асуудлыг шийдэх зорилт дэвшүүлж ажиллана.

    Хөдөө аж ахуй бол манай улсын хамгийн чухал эдийн засгийн том салбар билээ. Түүнийг эрсдэлээс үл хамаарах, үр ашигтай, эрчимжсэн, өөрийгөө бүрэн тэтгэх чадвартай, үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилгоор Хөдөөг цогцлуулах 21-р зууны бодлого, үйл ажиллагааг бид эхлүүлнэ. Хөдөөгийн хөгжлийн цогц бодлогын хүрээнд мал аж ахуйн салбарт “Малчин-хоршоолол-үйлдвэрлэл” гэсэн шинэ эргэлтийг бий болгон, малчдын “өөрөө-өөртөө туслах”, “өөрөө-өөрийгөө удирдах” иргэний нийгмийн бүтцийг үүсгэн хөгжүүлэхийг дэмжих, малчдын боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэх, тусгай мэргэжил эзэмшүүлэх, малчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах замаар амьдралын дадал, заншилд өөрчлөлт оруулах чиглэлийг баримталж байна.
    Тариаланчдын ургуулсан улаан буудайд урамшуулал  өгч байгаатай адил эрүүл, өндөр ашиг шимтэй малтай малчдад болон үндэсний үйлдвэрт тушаасан түүхий эд, бүтээгдэхүүнд урамшуулал олгодог тогтолцоог бий болгоно.

    Монгол улсынхаа үндэсний соёл, ёс заншил, өв уламжлалын үнэт баялгийг эрхэмлэн шүтэж, их ачааг нуруундаа үүрч яваа малчин түмнээ дээдэлж, мал сүргээ хамгаалах  манай намын уламжлалт бодлого хэвээр байх болно.

    “Атрын III аян”-ны хүрээнд өрнөсөн шинэчлэлийг эрчимжүүлж газар тариалангийн үйлдвэрлэлийг стратегийн салбар болгож, Монгол Улс экспортлогч орон болохыг зорино. Тиймээс байгаль дэлхийнхээ ашиг шимийг хүртэж, эх орныхоо хөгжлийг тэтгэж байгаа тариаланчдаа дэмжсэн бодлогоо улам өргөжүүлнэ.
    Ажлын байрны тоог нэмэгдүүлэхэд Төв банкны бодлого, үүрэг чиглэл чухал юм. Дэлхийд олон оронд байдаг жишгийн дагуу Төв банк нь үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүргээс гадна, үүний зэрэгцээ санхүүгийн тогтвортой байдал болон хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжих гэсэн хоёрдогч чиг үүргийг хүлээдэг болгох нь зүйтэй. Иймээс цаашид Төв банкныхаа чиг үүргийг өргөжүүлж, үнийн тогтвортой байдал ба хөдөлмөр эрхлэлт гэсэн тэнцвэртэй хоёр асуудлыг бодлогынх нь үндсэн чиг үүрэг болгох талаар судлан үзэх нь зүйтэй гэж үзэж байна.

    Ийнхүү их бүтээн байгуулалтыг өрнүүлж, эдийн засгийг тэлэх замаар Монгол хүн бүр ажлын байртай болсноор манай улс байгалийн баялагт дулдуйдсан хэрэглэгч “баян улс” байхаасаа илүү хөдөлмөрөөрөө баялаг бүтээдэг бүтээгч ард түмэнтэй жинхэнэ хөгжилтэй улс орон болно. Тэр цагт бүтээн байгуулалтын эдийн засаг бүгдэд үр шимээ өгч хүн бүр үндэснийхээ баялагаас оролцооныхоо хэрээр шударгаар хүртэх тогтолцоо бүрдэнэ. Ойрын 20 жилийн хэтийн төлөвөө манай нам ингэж тодорхой харж байна. Иймд их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхийн тулд бид бүх боломж нөөцөө дайчлах нь ойлгомжтой. Саад бэрхшээлд шантрахгүйгээр “Хэцүү ч гэсэн хийж бүтээхийг зорьё” гэсэн уриагаар бүтээн байгуулалтаа өрнүүлж чадвал хүссэн зүтгэсэндээ заавал хүрэх болно. Та бид үүнийг хийж чадна. Энэ их үйл хэргийг манлайлан зүтгэхийг Их хурлын төлөөлөгч та бүхэндээ, намын нийт гишүүддээ хандан уриалж байна.

    Эдийн засгийн өсөлт нь хүний хөгжлийн үндэс болох ёстой
    Бид сая хөгжлийн төлөө гэсэн Монгол хүнийг хэрхэн бэлтгэх тухай ярилаа. Тэгвэл одоо хүний төлөөх хөгжлийн тухай цөөн хэдэн зүйл хэлье.
    Хүний хөгжлийн материаллаг үндэс нь эдийн засаг түүний өсөлт юм. Иймээс манай намын эдийн засгийн бодлого энэ зүг чиглэх ёстой. Манай эдийн засгийн өсөлтийн эмзэг, бүтцийн өрөөсгөл байдлыг өөрчилж, тогтвортой өсөлтийн баттай суурийг бүрдүүлэх нь манай намын эдийн засгийн бодлогын үндсэн чиглэл байх болно. Эдийн засгийн тогтвортой, баттай өсөлтийг хангаж чадсанаар нийгмийн асуудал, хүний хөгжлийн зорилтуудыг амжилттай шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

    Иймд манай нам эдийн засгийн болон нийгмийн бодлогын уялдаа холбоог хангахад онцгой анхаарна. Учир нь сүүлийн 5 жилд нэг хүнд ногдох орлого 38.5 хувиар өссөн байхад ядуурлын түвшин буурахгүй байгаад дүгнэлт хийх ёстой. Өөрөөр хэлбэл эдийн засаг өсөөд байдаг, ажилгүйдэл ядуурал буурахгүй харин ч нэмэгдээд байдаг. Ийм урвуу хамаарал, гаж үзэгдэл нь манай эдийн засгийн тогтолцоо, нийгмийн баялагийн хувиарлалтын төрийн механизм эрүүл бус байгааг, эдийн засаг нь нийгэмдээ, хүндээ, өгөөж муутай байгааг илтгэж байна. Тиймээс бид энэ асуудлыг ирээдүйн бодлогодоо зайлшгүй харгалзаж үзэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох учиртай.

    Өнөөдрийн нийгэмд тэгш биш байдлын тухай асуудал ихээхэн хөндөгдөж байна. Тиймээс орлого хувиарлалт, санхүүжилт, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал төдийгүй амьдралын гарааны тэгш байдал, ижил хүртээмжийг дэмжсэн бодлогыг зүүн төвийн намын хувьд илүү хүчтэй тавих зайлшгүй шаардлага байна.

    1999 оноос хувь хүний шимтгэлийн хуримтлалаас хамааран тэтгэвэр тогтоох нэрийн дансны шинэ тогтолцоонд шилжсэн билээ. Гэвч тэтгэврийн хэмжээ  тэтгэвэр авагчийн амьдралд хүрэлцэж байгаа эсэхийг хянан дүгнэж үзэх хэрэгтэй байна. Цаашид манай нам ахмад настны амьжиргаанд бодитой дэмжлэг үзүүлэхүйц байхаар тэтгэврийн шинэчлэл хийнэ.

    Нийгмийн халамжийн үйлчилгээний 2008 оны гүйцэтгэлийг 1996 оныхтой харьцуулбал хамрагдсан хүний тоо 5 дахин, зарцуулсан хөрөнгийн хэмжээ 10 дахин нэмэгджээ. Нийгмийн халамжийн нийт зардлын 30 орчим хувь нь л тэтгэмж авбал зохих хэсэгт очиж, үлдсэн 70 хувь нь улс төрийн намуудын  сонгуулийн амлалтаас үүдэлтэйг судалгаагаар тогтоожээ. Тиймээс халамжийг очих ёстой эзэнд нь, эмзэг хэсэгт нь онож олгох төрийн бодлогыг хэрэгжүүлнэ. Бас хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах асуудлыг ч шуурхайлан шийдэж энэ салбарт шинэчлэлийг зоригтой эхлүүлнэ. Мөн нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгож бүх хүн тэтгэврийн харилцаанд хамрагдах баталгааг хангах болно.Эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнтэй, хувийн хэвшлийн бүтээгч чанарыг хөгжүүлсэн, их бүтээн байгуулалт, их үйл хэргийн талаар ярилцдаг, дундаж давхарга нь олонхийг бүрдүүлдэг тийм нийгмийг байгуулах нь бидний ирэх 20 жилийн том зорилт мөн.

    Бүтээн байгуулагч хүн эрүүл байх ёстой
    “Эрүүл биед саруул ухаан оршино” гэж эцэг өвгөд маань сургаж ирсэн. Бас “Эрүүл мэнд хамгийн үнэт баялаг” гэсэн эртний үг бий. Эрүүл биетэй, саруул ухаантай, эх оронч сэтгэлтэй, эзэн Монгол хүн бол манай улсын эрхэм дээд баялаг билээ. Устах аюулын эрмэгт тулсан ядуу буурай, өвчин зовлонд баригдсан XX зууны эхэн үеийн хагас сая Монголчуудыг эмчлэн эдгэрүүлж 2.7 сая хүргэсэн нь XX зууны түүхэн ололт, МАХН-ын нэг гавъяа мөн. Уг нь энэ салбарт болж бүтэж байгаа юм багагүй бий. Энгийн нэг жишээ дурдахад л Мянганы хөгжлийн зорилтуудад дурдсан эх, нялхасын эндэгдлийг 2015 он гэхэд хоёр дахин бууруулах зорилтыг бид бүрэн биелүүлэх боломж бүрдээд байгаа. Гэхдээ нэгээс бусад бүх эрхтэн эрүүл байгаад ч ганц л эрхтэн эмгэгтэй бол хүнийг бид цоо эрүүл гэж үздэггүй шиг эрүүл мэндийн салбарт ч дутагдалтай, доройтолтой байгаа зүйлс нь түүнийг бүхэлд нь доголдолтой болгон харагдуулж байгаа нь нууц биш. Цаашид хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс хэвшүүлэх, эрүүл орчин бүрдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ хөгжих таатай нөхцөл бий болгох нь төрийн эн тэргүүний үүрэг байх ёстой гэж үзнэ.

     Эрүүл хүнс хэрэглэх нь эрүүл аж төрөх ёсны анхдагч нөхцөл юм. Тиймээс хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцооны асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хэрэгтэй байгааг онцлоё. Нийт иргэдийг биеийн тамираар тогтмол хичээллэх нөхцөл боломж бий болгож, биеийн тамираар хичээллэсэн хүн бүрийг бүх талаар дэмжих орчин, нийгмийн уур амьсгал бүрдүүлэх нь нэг их хөрөнгө шаардахгүй хийх ажил. Энэ бүхэнд манай гишүүдийн манлайлал чухал.

     Гэхдээ хамгийн гол асуудал нь яагаад манайд эмчилгээгүй эмгэгтэй хэмээн оношилсон хүн гадаадад очоод эрүүл хэмээн оношлогддог юм бэ? Яагаад эрүүл хэмээн явуулсаар байсан зарим нь гадаадад очоод архаг эмгэгтэй гэсэн хатуу онош сонсдог юм бэ? Онош яагаад ийм хол зөрдөг юм бэ? Нэгэнт оношилсон эмгэгийг яагаад гадаадад илүү эмчлээд, энд эмчилж болдоггүй юм бэ гэх зэрэг олон “яагаад” гэсэн зүй ёсны асуултууд шил шилээ даран гарах боллоо.
    Төрөөс иргэдэд үзүүлэх суурь үйлчилгээний нэг болох эмнэлгийн тусламж үйлчилгээ хөгжих таатай нөхцөлийг бүрдлүүлэх талаар дараах зүйлийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байна.

    Тухайлбал:
    Нэг: Европ болон өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн салбарын стандарт, арга зүй, “ноу-хау”, технологийг Монголд нэвтрүүлэхийг зорино.
    Хоёр: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн хувиарлалтыг оновчтой, зарцуулалтыг үр ашигтай болгох шаардлагатай байна. Эрүүл мэндийн салбарын орлогын тэгшитгэлийг халж, сайн ажилладаг, ур чадвар, боловсрол өндөртэй нь илүү хөлс авдаг байх шударга тогтолцоог нэвтрүүлэх болно. 
    Гурав: Эрүүл мэндийн даатгалын системд өрсөлдөөнт хоёр тогтолцоог нэвтрүүлэхийг зорино. Өрсөлдөөнт гэдэг нь даатгалын байгууллагууд нь даатгуулагчаа нэмэгдүүлэх гэж хоорондоо өрсөлддөг, эмнэлгийн байгууллагууд нь даатгалын байгууллагыг өөртөө татах гэж шударга ханддаг орчинг бүрдүүлэх тухай юм. Өөрөөр хэлбэл, даатгалын байгууллага – эмнэлэг – даатгуулагч гэсэн олон улсын стандартад нийцсэн тогтолцоог нутагшуулах гэсэн санаа юм.  
    Дөрөв: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох шаардлагатай байна. Манай улс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 3 шатлалын зохион байгуулалтай хэдий ч бодит амьдрал дээр дүүргийн эмнэлэгүүд нь эрүүл мэндийн хоёр дахь шатны  үйлчилгээгээ үзүүлэхгүй, харин гурав дахь шатны эмнэлэгүүд нь тэднийн үүргийг гүйцэтгэж, улмаар сонгодог утгаар нь нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хөгжүүлж чадахгүй байна. Иймд цаашид манай орны өнөөгийн нөхцөл байдалд нийцсэн бүтэц, зохион байгуулалтын оновчтой  хувилбарыг тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээг дэс дараатай төлөвлөж,  ажил хэрэг болгох хэрэгтэй байна.
    Тав: Эрүүл мэндийн салбарт төр ба хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг болно.
    Монгол хүн эрүүл байхын нэг үндсэн нөхцөл бол экологийн аюулгүй орчинд амьдрах явдал билээ. Гэтэл хүний энэ үндсэн эрх хотод ч, хөдөөд ч зөрчигдөж байна. Монголын байгаль орчны бохирдол доройтол нь манай өнөөгийн хамгийн ноцтой, хамгийн эмзэг нэн тулгамдсан бүх нийтээр анхаарлаа хандуулбал зохих асуудлын нэг боллоо. Байгаль экологийг сэргээх нь зарим талаар хүний өвчнийг анагаахаас хэцүү. Гэхдээ арга зам, гарц олон бий.

    Байгаль орчныг хамгаалах бодлого манай намын үзэл баримтлалд онцгой байр суурь эзэлдэг. Эдийн засаг, эрх зүй, сурталчилгааны чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон хөтөлбөр, төслүүд манай намд бий. Энэ бүхнийгээ бид цаг алдалгүй хийж хэрэгжүүлж бодит үр дүнд хүрэх ёстой.

      Боловсролтой хүн бүхнийг бүтээнэ
    Их бүтээн байгуулалтыг хийх хүн заавал боловсрол, мэргэжилтэй, дэлхийд өрсөлдөх хэмжээний чадвартай байхыг цаг үе биднээс шаардаж байна. Энэ нь нэгдүгээрт, манай бүтээн байгуулалт өөрөө том цар хүрээтэй, орчин үеийн техник, технологийн өндөр түвшнийг шаардаж байгаагаас, хоёрдугаарт, орчин үеийн бүтээлч сэтгэлгээтэй бүтээлч иргэн гэдэг бол дэлхийн хүний стандартад нийцсэн шаардлагаар нөхцөлдөж байгаа юм.

    МАХН XX зууны Монгол оронд жинхэнэ боловсролын хувьсгал хийж, бүх нийтийг бичиг үсэгтэй, бага, дунд, тусгай мэргэжлийн боловсролтой болгож, дээд боловсрол, үндэсний шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөрийн бүх салбарт манлайлагч үндэсний сэхээтнүүдийг төрүүлсэн бахархам түүхтэй.
    Өнгөрсөн 20 жилд манай нийгэмд тохиосон нэг эмгэнэл бол хот, хөдөөгийн олон хүүхэд сургууль завсардаж, нийслэлд гудамжны гэх хүүхдийн нэгэн давхраа үүссэн төдийгүй, нийгэмд оюун санааны хомсдол бий болсон явдал билээ. Энэ нь хүний мөс чанар, зан суртахуун, ёс зүйн эвдрэлд хүрснээр гэмт хэрэг, нийгмийн элдэв сөрөг үзэгдлүүдийг төрүүлсэн. Энэ бүхнийг засаж залруулах асуудал нийгэмд нэн хурцаар тулгараад байна.

    Эдгээр бэрхшээлтэй асуудлыг даван гарах, улмаар дэлхийд өрсөлдөх боловсролын чадавхитай Монгол хүнийг сургаж бэлтгэх түүхэн үүргийг манай нам биелүүлнэ. Үүний тулд  боловсролын салбартаа олон өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлсэн. Энэхүү өөрчлөлт шинэчлэлтээ эрчимтэйгээр улам гүнзгийрүүлэх шаардлага байна

  • Ерөнхий сайд С.Батболд: Монгол Улс иргэнийхээ бүртгэлийн нэгэн шинэ үеийг эхлүүлж байна

    Ерөнхий сайд С.Батболд: Монгол Улс иргэнийхээ бүртгэлийн нэгэн шинэ үеийг эхлүүлж байна Монгол Улсын иргэний  шинэчилсэн бүртгэлийн ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл

    Улсын Их Хурлын дарга,
    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
    Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

    Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бий болгож бэхжүүлэх, үйл ажиллагааг сайжруулж төгөлдөршүүлэх нь Засгийн газрын хөтөлбөрт туссан гол зорилтуудын нэг мөн. Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний цогц бодлого”, Засгийн газрын 2008 оны 78 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-т төрийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог шинэтгэж, эрх зүйн орчин, мэдээлэл, технологийн дэд бүтцийг бүрдүүлж, улсын бүртгэлийн үйл ажиллагааг үнэн зөв, бодитой хөтлөх зорилтыг дэвшүүлэн тавьсан билээ.

    Эдгээрийн хүрээнд Улсын Их Хурлаас 2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг баталснаар бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох эрх зүйн орчин бүрдсэн. Мөн Хүний хөгжил сангийн тухай хуулиар Хүний хөгжил сангаас хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний бүртгэлийн зөрчилгүй Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээхээр хуульчилсан.

    Улсын Их Хурлын 2009 оны 85 дугаар тогтоолоор Хүний хөгжил сангаас иргэн бүрт хишиг, хувь хүртээхдээ иргэний бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох зорилттой уялдуулан зохион байгуулахаар болсон. Мөн оны  100 дугаар тогтоолоор Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг хишиг, хувь хүртээх үйл ажиллагаатай уялдуулах, иргэний ухаалаг үнэмлэх олгох суурь дэд бүтэц, биеийн өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан бий болгох талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан билээ.

    Ашигт малтмал, уул уурхайн салбараас олсон орлого, нийгмийн баялгийн шударга хуваарилалт нь халамжийн үйлчилгээний тэгш хүртээмжтэй шударга тогтолцоо, иргэний бүртгэлийн давхардал, зөрчилгүй байдлаас шууд хамааралтай. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хүний хөгжил сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ.

    Монгол Улсын иргэний бүртгэл нь мэдээлэлд суурилсан хэлбэрээр хөтлөгдөж ирсэн түүхтэй. Харин одоо орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр баталгаажуулснаар Монгол Улс иргэнийхээ бүртгэлийн нэгэн шинэ үеийг эхлүүлж байгааг онцлон тэмдэглэж байна. Иргэний шинэчилсэн бүртгэлийн бас нэг давуу тал нь иргэний гэрэл зургийг авч дижитал зургийн сан үүсгэх нөхцлийг бүрдүүлж байгаа явдал юм.
    Иймээс Хүний хөгжил сангийн тухай хуульд заасны дагуу иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн иргэн эх орныхоо байгалийн баялгаас хишиг, хувь хүртэх бүрэн эрх нь нээгдэх юм.

    Төрөөс иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай, бодитой, тэгш, шударга хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэдийнхээ эрхийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад шинэчилсэн бүртгэлийн гол ач холбогдол оршиж байгаа болно. 

    Иргэний шинэчилсэн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, цахим үнэмлэх олгох суурь дэд бүтцийг бий болгож, хэрэглээнд оруулж ашиглах нь бидний дараагийн томоохон зорилт юм.Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг хуульд заасан чиг үүргийн дагуу  Улсын бүртгэлийн ерөнхий газарт улсын хэмжээнд удирдах үүрэг бүхий ажлын хэсэг, нийслэл, орон нутагт Засаг даргын орлогч болон Засаг даргын Тамгын газрын даргаар  ахлуулсан зохион байгуулах дэд ажлын хэсгүүдийг ажиллуулж байна.

    Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажилд Улсын бүртгэлийн ерөнхий газар, аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн 707, сум, дүүрэг, хорооны 524 бүртгэлийн ажилтнаас гадна 502 гэрээт ажилтныг түр хугацаагаар нэмж ажиллууллаа. Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах бэлтгэл ажлын хугацаанд ажлын хэсгүүд байгуулан холбогдох дүрэм, журам, заавар боловсруулж, бүртгэлийн зөрчил арилгах аян, сургалт семинар явуулан хүний нөөцийг бүрдүүлэх, дадлагажуулах, бүртгэл явуулах аюулгүй орчин бий болгох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Үүнээс гадна сум, хорооны 468 анхан шатны бүртгэлийн нэгжийг зөөврийн компьютер, гэрэл зургийн камер, хурууны хээ авах сканнер, маягт хэвлэх принтер болон бар код уншигч зэрэг тоног төхөөрөмж, програм техникээр хангав.

    Шинэчилсэн бүртгэлийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэхийн тулд орчин үеийн шийдэлд тулгуурласан үндсэн 16 программ хангамжийг шинээр боловсруулан ашиглаж байна.

    Засгийн газрын 2010 оны 3 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ын дагуу бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр  2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг улсын хэмжээнд эхлүүллээ. Иргэний шинэчилсэн бүртгэлийг 21 аймгийн 331 сум,  нийслэлийн 9 дүүргийн 132 хороо, нийт 468 бүртгэлийн нэгжид хийж байна. Анхан шатны бүртгэлийн  мэдээллийг аймаг, дүүрэг бүр хүлээн авч Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж байна.

    2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд нийт бүртгэгдвэл зохих иргэний 76.9 хувь буюу 1 458 027 иргэн хамрагдсан. Үүнээс нийслэлийн хэмжээнд 74.7 хувь буюу 601 220 иргэн, орон нутгийн хэмжээнд 78.5 хувь буюу 856 807 иргэн бүртгэлд хамрагдаад байна.

    Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил Дундговь аймагт 90.0, Өмнөговь аймагт 89.3, Баянхонгор аймагт 88.4, Дорноговь аймагт 88.7, Архангай аймагт 87.5, нийслэлийн Багануур дүүрэгт 91.5,  Багахангай дүүрэгт 84.7, Чингэлтэй дүүрэгт 82.6 хувьтай байна. Харин Баян-Өлгий аймагт 62.5, Ховд аймагт 66.6 хувьтайгаар бүртгэлийн ажил удааширалтай байна.

    Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт иргэний шинэчилсэн бүртгэлд мэдээлэл нь тулгагдсан, бүртгэлийн зөрчилгүй иргэний нэрийн жагсаалтыг шилжүүлэх ажлыг 12 удаа зохион байгууллаа. Энэ оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 712 037 иргэний мэдээллийг шилжүүллээ.
    Төрсний гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн, овог, нэр нь зөрсөн, иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан зэрэг иргэний баримт бичгийн зөрчил нийтлэг байна.

    Дээрхи зөрчлийг арилгах үүднээс орон нутгийн улсын бүртгэлийн нэгжүүдэд болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт үйлчилгээний ачаалал нэмэгдэж, 3 сарын хугацаанд тус газраас зөвхөн төрсний гэрчилгээний лавлагааг 97918 иргэнд олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт юм. Баримт бичгийн зөрчилтэй иргэдийн 46,2 хувийг төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн сангийн зөрүүтэй мэдээлэл эзэлж байна.
    Иймд баримт бичгийн зөрчлийг арилгуулах, 1951 оноос хойш төрсөн иргэний төрсний гэрчилгээний лавлагааг шуурхай олгох зорилгоор энэ оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Иргэний баримтын төв архив 24 цагаар ажиллаж, 1 хоногт 1600 орчим лавлагааг иргэдэд олгож байна. Түүнчлэн иргэдэд 7 цонхоор архивын үйлчилгээ үзүүлдэг байсныг 14 болгон үйлчилгээний хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлэв.

    Мөн иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн хороодын ажлын цагийг нэмэгдүүлэн долоо хоногийн “Бямба” гариг бүрт ажиллуулж байна. Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлын ач холбогдлыг иргэдэд ойлгуулах, сурталчлах ажлын хүрээнд төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллаж байна. Энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон цэрэг татлагын үеэр шинэчилсэн бүртгэлийн явуулын цэгүүдийг аймаг, нийслэлийн цэрэг татлагын товчоонд  ажиллуулсан нь үр дүнгээ өглөө.

    Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил эхлээд 3 сар болсон хэдий ч энэ ажлын явц улсын хэмжээнд 76.9 хувьд хүрлээ. Энэ нь шинэчилсэн бүртгэлийн ажил төлөвлөсөн хэмжээнд явагдаж байгааг харуулж байна. Цаашид Засгийн газраас иргэдийг бүртгэлд бүрэн хамруулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно. Юуны өмнө орон нутгаас нийслэлд ирж суралцаж бүртгэлд хамрагдаагүй оюутныг тухайн сургуулиар нь, хугацаат цэргийн алба хаагчид тэдний гэр бүлийг анги нэгтгэлээр нь, хорих ял эдэлж байгаа иргэнийг хорих ангиар, эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн биеэр хүрэлцэн очих боломжгүй хүнийг гэрээр нь бүртгэх ажлыг зохион байгуулна.

    Мөн 2011 оноос хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол Улсынхаа иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг Гадаад харилцааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Улсын бүртгэлийн байгууллагын ажлын ачаалал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан архивын байрны багтаамжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг ч авах болно. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл, түүний үр дүнд бий болсон мэдээллийн бааз нь цахим иргэний үнэмлэх нэвтрүүлэх анхдагч, суурь дэд бүтэц  болох юм.

    Ингэснээр төрийн бодлогын нэгдмэл чанарыг хангах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх, төрөөс иргэд болон бизнесийн байгууллагад үзүүлэх нийгмийн бүх салбарыг хамарсан үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай болгох, иргэний нэгдсэн бүртгэл төгөлдөрших боломж бүрдэж байна.

    2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр                                                    Төрийн ордон

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Монгол улсын ерөнхий сайд С.Батболдын “Харилцан ойлголцол, хамтын ажиллагаа” залуучуудын үндэсний зөвлөлгөөнд хэлсэн үг

    Монгол улсын ерөнхий сайд С.Батболдын “Харилцан ойлголцол, хамтын ажиллагаа” залуучуудын үндэсний зөвлөлгөөнд хэлсэн үгЭрхэм залуучууд аа,
    Хүндэт зочид, төлөөлөгчид өө

    “Харилцан ойлголцол, хамтын ажиллагаа” сэдэвт үндэсний зөвлөлгөөнд оролцогч залуус та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

    Энэхүү залуучуудын үндэсний зөвлөлгөөн нь НҮБ-аас гаргасан Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, хүний хөгжил, залуучуудын олон талт асуудлуудаар халуун яриа хэлэлцүүлэг өрнүүлэх, та бүгдийнхээ манлайлал, шинэ санаачилгыг дэмжих, хамтран ажиллахыг уриалсан чухал арга хэмжээ хэмээн үзэж Засгийн газар дэмжин оролцож байна. НҮБ, түүний Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүн амын сан ч ийм итгэл найдвараар дэмжиж байгаа гэдэгт итгэж байна.

    НҮБ-аас дэлхийн залуучуудын үйл ажиллагааны хөтөлбөрийг 1995 онд батлан хэрэгжүүлсэн нь даян дэлхийн залуусын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, тэдний нийгмийн олон талт оролцоог хангахад чиглэсэн чухал алхам болсон юм. Монгол Улс ч гэсэн залуучуудынхаа санал санаачилгыг дэмжих, нийгмийн идэвх зүтгэлийг бий болгох талаар олон арга хэмжээ авч ирсэн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар 1998 оныг “Залуучуудын” жил, 2002 оныг “Оюутны” жил болгон зарлаж, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэсээр ирсэн билээ.

    “Харилцан ойлголцол, хамтын ажиллагаа” сэдэвт хурлаар залуучуудын өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн өнгөрөх биш шийдвэрлэх арга замыг нь олж харах ёстой. НҮБ-аас гаргасан Мянганы хөгжлийн зорилтуудыг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, санал бодол, дуу хоолойг сонсох нь чухал ач холбогдолтой. Залуучуудынхаа энэхүү үзэл бодол, байр суурийг хурлаас гарах зөвлөмжид тусган Мянганы хөгжлийн зорилтод хүрэхийн тулд санал сэтгэл нэгдэн ажиллаж, хөгжил дэвшлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлнэ гэдэгт итгэж байна.

    Миний бие өнгөрсөн сард болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганд оролцож Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрхэн ханган биелүүлэх талаар байр сууриа илэрхийлэхдээ: “Мянганы Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэхдээ салбар дамнасан, оролцоог хангасан, хүн төвтэй арга барил баримтлах, хөгжлийн амжилтын суурь болох засаглалыг сайжруулах, цаашдын үйл ажиллагаандаа илүү сайн мониторинг, үнэлгээ хийж ажиллах болно” гэдгээ илтгэсэн.

    Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэхийн төлөө санаа нэгдэн тууштай зүтгэн, энх тайван, эрх чөлөө, ахиц дэвшлийн үзэл санааг залуучуудын дунд түгээн дэлгэрүүлэх зорилтот үйл ажиллагааг бүхий л түвшинд дэмжихийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас уриалсныг бид талархан хүлээж авсан. Тийм ч учраас Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас зарласан Олон Улсын Залуучуудын жилийг үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх ёстой. Монгол орон даяар олон улсын Залуучуудын жилийн аяныг эхлүүлсэн бөгөөд цаашид илүү үр дүнтэй олон арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг холбогдох шат шатны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож байна.

    Мөн өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэн ажиллах хэрэгтэй бөгөөд энэ санаачилгыг зөвхөн Засгийн газрын ажил гэлгүй холбогдох иргэд, байгууллагууд хамтран зохион байгуулахыг уриалж байна. Мөн хуралд хүрэлцэн ирсэн та бүхэн ч гэсэн бусдаасаа үлгэр жишээ авч, өөрсдийн удирдаж буй байгууллага, хамт олноо уриалан залуучуудынхаа дунд олон талт хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

    Залуус аа,
    Манай Хамтарсан Засгийн газар бодлого, зорилгоо “Хүний хөгжил”-д чиглүүлж байна. Аливаа улс орон хүнийхээ хөгжлийг хангаж байж л хөгжилд хүрдэг. Хөгжлийн төлөө хүний нэн тэргүүний хэрэгцээ бол боловсрол, мэдлэг, эх орон, ард иргэдээ гэсэн сэтгэл юм. Бид Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудалд ихээхэн анхаарлаа хандуулж байгаа. Монгол залуу хүн өөрийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн бусад орны залуустай адил хэмжээнд сэтгэж, бодож, бүтээж, нэр төртэй явах нь Монгол Улсын өрсөлдөх чадвар, хөгжлийн хамгийн гол илэрхийлэл юм.

    Энэ оны эхний байдлаар манай улсын хүн амын 66.8 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг гэсэн тоо байна. Тиймээс Монгол бол залуучуудын орон. Залуучууд та бүхэн манай улсын хамгийн том баялаг. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн тайлангаас үзэхэд дээд боловсролтой төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин  дөнгөж 35.5 хувьтай байна. Тэгэхээр хүн амын ихэнх хувийг эзэлж буй залуучуудын өмнө бас хамгийн том асуудлууд тулгамдаж байна гэсэн үг. Залуучуудынхаа өмнө тулгамдаж буй энэ мэт асуудлыг шийдвэрлэх, санал санаачилгыг дэмжиж тэтгэх нь улс орныхоо ирээдүйг харсан алс хэтийн бодлого мөн.

    Монголын хүн амын ихэнхийг бүрдүүлж буй залуучууд та бүхний асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага өнөөг хүртэл байхгүй байна. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газраас залуучууд, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулах талаар санаачилга гарган ажиллаж байна. Төр засгийн зүгээс залуучуудын талаар баримтлах бодлого, үйл ажиллагаагаа улам тодорхой болгох, дэлхийн хэмжээний боловсролын стандартыг нутагшуулах, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих, эрүүл мэндийг нь хамгаалах талаар хийх ажил олон байна.

    Бас залуучуудаа илүү нийгмийн хариуцлагатай болгож,  хийж бүтээх эрхийг нь өгөх хэрэгтэй. Эдгээр бодлогын хүрээнд Засгийн газар гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сурч боловсорсон залуусаа эх орныхоо хөгжилд оролцуулах зорилгоор “Зөгийн үүр” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлүүллээ. Мөн гадаадын өндөр хөгжилтэй орнуудад залуусаа сургах талаар олон ажил хийж эхлүүлж байна. Энэ жилээс эхлэн уул уурхай, дэд бүтцийн салбарын томоохон бүтээн байгуулалтын ажилд залуучуудаа өргөнөөр татан оролцуулах зорилгоор МСҮТ-ийг олноор нь бий болголоо.

    Нобелийн Энхтайваны шагналт зохиолч Анатоль Франс хэлэхдээ “Аугаа их зүйлд хүрэхийн тулд бид ажиллаад зогсохгүй илүү их мөрөөдөх хэрэгтэй. Төлөвлөхийн хажуугаар итгэх шаардлагатай гэж хэлсэн байдаг.” Тиймээс ч дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай боловсролыг эх орондоо бий болгох үндэс суурийг тавихын төлөө бид мөрөөдөж, төлөвлөж, илүү их итгэл та бүхэнд өгч ажиллаж байна.

    Эрхэм Залуус аа,
    Монгол Улсын маань хувьд, өнөө цаг үед хөгжил дэвшлийн үүр гийж байна. Эдийн засаг нийгмийн хүнд үеүдийг давж, нойрноосоо сэрж, их хөгжлийн гараан дээр ирлээ. Энэ нь нэг жилийн, нэг хүний, нэг үеийнхний асуудал биш бөгөөд монголчуудыг угтан ирж буй олон арван жилийн өнгийг залуус та бүхэн хамтдаа тодорхойлох учиртай.

    Залуу хүн бүр эрдэм боловсролтой, хүнлэг, энэрэнгүй, хийж бүтээх хүсэл эрмэлзлэл, алсын хараатай байхаас гадна Монгол Улсдаа эзэн нь байх ёстой гэдгээ мартаж болохгүй. Өчигдөрхөн “Нэр төрөө эрхэмлэх дэлхийн өдөр”-ийг залуучууд өөрсдөө санаачлан улс даяараа зохион байгууллаа. Монголчууд бид нэр төрөө ихэд эрхэмлэж ирсэн ард түмэн. Бидний өвөг дээдэс “Энэ бие хэврэг, Эрхэм нэр мөнх” гэсэн сайхан үгийг мөрдлөг болгож ирсэн. Залуу хүн бүр нэр төрөө нэн эрхэмлэх учиртай. Яагаад гэвэл, та бүхний ирээдүй урд тань байна.

    Шинэ амьдралынхаа гараан дээр шалихгүй зүйлээр нэр төрөө сэвтээвэл насан турш гэмшин харуусах болно. Иймд эрхэм нэр төрийг эхнээс нь хайрлаж хамгаалж явах нь хамгийн чухал. Тухайн хүний нэр төрийг мөнхлөх үйлс нь хөдөлмөр бүтээл, туурвил билээ. Нэр төртэй амьдрахын тулд “Эх орондоо юу хийж чадах вэ?” гэж өөрөөсөө юун түрүүнд асуудаг байх ёстой. Түүндээ хариулт олж амьдралд хэрэгжүүлж чаддаг байх нь чухал.

    Ирээдүйн хөгжил, цэцэглэлтийн төлөө яриа хэлэлцээ өрнүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх зорилго бүхий энэхүү зөвлөлгөөний үеэр нийтийг хамарсан, ажилгүйдэл, ядуурлыг багасгах, байгалийн гамшигтай тэмцэх асуудлуудыг дэвшүүлэхийн зэрэгцээ залуучуудын соёл, боловсрол,  ёс суртахуун, гэр бүлийн үнэт зүйл, нийгмийн оролцоо зэрэг өргөн хүрээтэй зүйлсэд онцгой анхаарал хандуулан бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэхийг та бүхнээс хүсэн хүлээж байна.

    Тулгамдсан олон асуудал байгаа хэдий ч өөрчлөлтийг санаачлан, бусдыгаа уриалан шинэ технологийг бүхнээс урьтаж ашиглан, XXI зуунд тэгш боломж, тэгш байдлыг хангах зам харгуйн шан татахад манлайлан оролцох хэрэгтэй. Бид хамтдаа Монгол Улсаа хурдацтай хөгжлийн замд оруулж, эдийн засгийн хувьд хараат бус бие даасан болгох боломж бүрэн байна. Үүнд залуучууд та бүхний минь хичээл зүтгэл, итгэл сэтгэл, бүтээлч санаачилга, холын бодол, алсын хараа нэн хэрэгтэй.

    Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтэд залуучуудын оролцоог хангах, залуучуудын өмнө тулгамдаж буй олон асуудлын шийдлийг энэ хурлаас хүлээж байна. Учир нь залуучуудын төлөөлөл та бүхэн өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө хэлэлцэж, өөрсдөө санал санаачилга гарган шийдвэрлэхэд оролцох ёстой. Залуучуудаа дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших, баталгаатай ажлын байраар хангагдах, шийдвэр гаргах бүхий л түвшинд дуу хоолойг нь хүргэх, оролцоог нэмэгдүүлэхэд энэхүү үндэсний чуулганд оролцогчдын идэвхи санаачилга чухал болохыг зориуд онцлон тэмдэглэж байна.

    Та бүхний гаргасан шинэ шийдэл, сайн санаачилга, зорилгодоо хүрэх гэсэн хүсэл тэмүүлэл, үйл ажиллагааг Засгийн газрын тэргүүний хувьд дэмжиж ажиллах болно. Залуучууд та бүхнийг Мянганы хөгжлийн зорилтуудад тулгуурлан тодорхойлсон санал зөвлөмж, эрхэм зорилгоо хэрэгжүүлж, улс орныхоо хөгжлийн төлөө нийгмийн салбар бүрт шинэ манлайллыг бий болгон ажиллахыг хүсье.

  • Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын “Хөдөлмөр хөгжлийн үндэс” үндэсний чуулганы нээлтэд хэлсэн үг

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын “Хөдөлмөр хөгжлийн үндэс” үндэсний чуулганы нээлтэд хэлсэн үг2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр  Төрийн ордон

    Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
    Та бүхний энэ өглөөний амгаланг айлтгая.

    Одоогоос нэг жилийн өмнө миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганд хандаж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл, баримтлалын талаар тодорхой ярьсан. Манай хамтарсан Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг нь МОНГОЛ ХҮН БҮР АЖИЛТАЙ БОЛОХ явдал юм. Хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй, хөдөлмөрийн чадвартай Монгол хүн бүр ажлын байртай байх боломжийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

    “Хөдөлмөр хөгжлийн үндэс” үндэсний чуулга уулзалтын сэдэв нь зөвхөн Монгол улсын хэмжээнд төдийгүй, саяхан болж өнгөрсөн НҮБ-ын ээлжит чуулганы үеэр хамгийн их яригдаж, анхаарлыг татсан асуудал юм. Энэ нь эдийн засгийн өсөлтийг дэлхийн хэмжээнд хүний хөгжилтэй уялдуулж, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал байгаа юм.

    Энэ асуудал дэлхийн хэмжээнд анхаарлын төвд орж, өнгөрсөн 2004-2008 онуудад эдийн засгийн өсөлт нь өндөр байсан боловч ажилгүйдэл, ядуурал мэдэгдэхүйц  буураагүй байгаа манай улсын хувьд ч онцгой ач холбогдолтой юм. Эдийн засгийн өсөлтийн гол зорилго нь хүний амьжиргааг сайжруулах, хувь хүн, өрх гэр бүлийн сайн сайхан байдлыг улам нэмэгдүүлж зорилтоо биелүүлдэг байх естой. 

    Монгол улс цаашдын хурдацтай хөгжлийн шинэ үеийн гараанд ирээд байгаа олон үзүүлэлт, судалгаанаас тодорхой болж байна. Ирэх жилүүдэд хүрэхээр төлөвлөгдөж байгаа энэхүү эдийн засгийн өсөлт нь зөвхөн тоо хэмжээний өсөлт байх бус, харин иргэдийн,  хувь хүмүүсийн амжиргааны түвшинг бодитойгоор өөрчилж, ажлын байр нэмэгдүүлсэн, чанарын өсөлт байх ёстой. Ийм өсөлтөд хүргэх нь төрийн нийгэм, эдийн засгийн урт хугацааны бодлогын үндэс юм.

    Аливаа нийгэм эдийн засгийн хөгжлийн үндэс суурь нь хөдөлмөр, хүн байгаа юм. Иймээс “ХҮНЭЭ ХӨГЖҮҮЛЖ, УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛДЭГ” зарчмыг бид тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол улсын хувьд Хүний хөгжлийн индекс 2009 оны байдлаар 0.742 буюу дэлхийд 115-д байгаа нь  харьцангүй доогуур үзүүлэлт байгаа юм.

    Өнөөгийн нийгэмд байгаа хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийн талаарх тулгамдсан асуудлууд, нөхцөл байдалдаа үндэслэн бид Монгол хүн бүрийг ажлын байртай болгох дээрх зорилтоо хэрэгжүүлэх алхам бүрийг маш тодорхой болгох шаардлагатай болж байна. Сайшаалтай нь өнгөрсөн жилүүдэд хөдөлмөрийн зах зээлийн чиглэлээр судлагаа явуулж байгаа манай төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудын багш, судлаачдын хийсэн цөөнгүй тооны судалгаа нь бидэнд үнэ цэнтэй эх сурвалж, материал болж байгаад талархаж байна.

    Одоо бид шинээр хууль, хөтөлбөрийн төсөл боловсруулах зэрэг цаг хугацаа, хөрөнгө хүч шаардсан, эцсийн үр өгөөж нь төдийлөн харагдахгүй ажилд хөрөнгө, хүчээ тарамдуулалгүйгээр илүү бодитой, практик ажлаа хэрэгжүүлэх шаардлагатай байна.

    ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

    Манай улсын хувьд ажил, хөдөлмөрийн бүх талыг төрөөс зохицуулдаг байсан үеэс 20 жилийн хугацаа өнгөрч өдгөө зах зээлийн харилцаа төлөвшин хөгжиж, хувийн хэвшлийг түлхүү хөгжүүлсэн эдийн засгийн бүтэцтэй болоод байгаа ч хөдөлмөрийн зах зээл сонгодог утгаар хараахан бүрэлдэн бий болоогүй байна.  Иймээс хөдөлмөрийн зах зээлийн талаарх төрийн зохицуулалт, бодлогыг илүү оновчтой болгож, хөдөлмөрийн зах зээлийг сонгодог утгаар нь хөгжүүлэх нь чухал байна.

    Төрийн бодлогын хувьд ойрын хугацаанд улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тогтоон батлаж, ард түмэн, хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар, түнш донор орнуудад Монгол улс ойрын жилүүдэд ямар салбаруудаа түлхүү хөгжүүлж, бүсчилсэн хөгжлийг хэрхэн хэрэгжүүлэх, дэд бүтэц, зам тээврийн сүлжээг хэрхэн хөгжүүлэх гэж байгаагаа ил тод, нээлттэй болгож  замналаа тодорхой болгох нь чухал. Ингэснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, улсын бодлого цэгцтэй болж, Монгол улсын хөгжлийн ирээдүйн дүр зураг тодорхой болно.

    Төрөөс хөдөлмөрийн зах зээлийг зохицуулахдаа хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд ажлын байрыг олноор бий болгоход анхаарч ажиллана. Ажлын байрны өсөлт нь ажилгүйдлийг бууруулж, ядуурлыг багасгахад хамгийн их нөлөөлдөг гэж судлаач нар үздэг. Ойрын жилүүдэд уул уурхай, боловсруулах салбаруудад 40 мянган ажлын байрыг бий болно гэсэн судалгаа, төсөөлөл байгаа. Энэ нь манай нийт бүртгэгдсэн ажилгүйчүүдийг ажилтай болгохуйц төсөөлөл юм.

    Нөгөө талаас эдгээр ажлын байранд тэнцэх хүнийг бэлтгэх асуудал мөн чухал байна. Аливаа улсын хөгжлийн түвшин нь хүмүүсийн хөдөлмөрийн чадвараас, мөн хувь хүний ажил эрхлэх, санаачлах, хөдөлмөрлөх соёл, өөрийн зүтгэл, хандлагаас ихээхэн шалтгаалдаг. Өнөөгийн даяаршсан дэлхийд хөрөнгө, технологи хил дамнасан байдалтай байхад харин хүний нөөцийг бэлтгэх, дайчлах, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх  төрийн бодлогын гол зорилгуудын нэг болж байна. 

    Нийгмийн халамжаас, улсын төсвөөс тэжээгддэг бус, харин “БҮТЭЭГЧ МОНГОЛ”, хөдөлмөрч хүнийг бид төлөвшүүлэн хөгжүүлэх ёстой гэж манай Засгийн газар үзэж байна. Бүтээгч Монгол хүнийг нийгмийн дундаж давхарга болгон төлөвшүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжлийн өмнө тулгамдаад байгаа маш олон асуудалд шийдлийг олох боломжтой.

    Монгол улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн хүрсэн түвшин, цаашдын хэтийн төлөв нь ажилгүй байгаа иргэдийг ажлын байраар бүрэн хангах таатай боломжийг олгож байгаа бол хүн амын насны бүтэц, хөдөлмөрлөх насны залуучуудын эзэлж байгаа хувь, Их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг жил тутам төгсөж  байгаа тодорхой мэргэжил, ур чадвар бүхий ажиллах хүчний нийлүүлэлт нь цаашид эрэлт хэрэгцээтэй байгаа ажиллах хүчний эрэлтийг хангах гэсэн ийм 2 талын таатай боломжийг бүрдүүлж байна.

    Иймээс “Насан туршдаа суралцах” (School of Lifelong Learning) гэсэн санаачлагыг дэвшүүлж, хүмүүст насны туршид боловсрол олгон хөрвөх чадварыг сайжруулж, хоер дах мэргэжилтэй болоход төрөөс дэмжлэг үзүүлж, аж үйлдвэр, ажил олгогчид, ажилчид болон төр хоорондын түншлэлийн хүрээнд түүнийг хэрэгжүүлж, ажилчдын боловсрол, сургалтыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний гол зорилго нь насанд хүрсэн ажилчдыг байнга суралцахыг дэмжиж, цаашид насан туршийн ажлын байраар хангагдах боломжийг нэмэгдүүлэх явдал юм.

    ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААРХ ЦААШДЫН ЗОРИЛТУУД

    Төрөөс дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хувь хүмүүс нь өөрснөө хичээж, бүтээлч, өндөр бүтээмжтэй байх шаардлагатай. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг Монгол ардын зүйр үг байдагтай адил хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээлийг авч үзэхдээ ямар ажлыг нь төр, ямар ажлыг нь ажил олгогчид, ямар ажлыг хөдөлмөр эрхлэгчид хийх естой зах зээлийн жам ёсоор нь сайтар ялгаж, бодлогоо боловсруулах нь амжилтын суурь болно.

    Уул уурхай, өндөр технологи, хөдөө аж ахуй, тээвэр, боловсрол, эрүүл мэндийн салбаруудад шинэ техник технологи, материал ашиглаж машин тоног төхөөрөмж ажиллуулж чадахуйц мэдлэгтэй, ур чадвартай, бүтээлч, хөдөлмөрийн сэтгэлгээ, соёлд төлөвшсөн багш, эмч, инженер, техникийн ажилчид эрэлт хэрэгцээтэй байна.

    Иймд, мэдлэг ур чадварт суурилсан эдийн засгийн нөхцөлд ажиллах боловсон хүчнийг тодорхой бодлогын хүрээнд бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлийг сонгодог утгаар нь уян хатан, салбар болон бүс нутгийн хооронд хөдөлмөрийн нөөц хөрвөх боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна.

    Үүний тулд хөдөлмөрийн зах зээлд оролцогчид болох бүх талууд (Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, компаниуд болон иргэд өөрсдөө) юу хийвэл зохих вэ гэсэн асуудлаар товч байр сууриа илэрхийлье:

    • Засгийн газраас иргэддээ илүү сайн боломжийг бүрдүүлж, томоохон хөрөнгө оруулалтын төслөөр дамжин ажлын байрыг олноор бий болгох,
            • Иргэдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж өрсөлдөх, хөрвөх чадавхийг нэмэгдүүлэх
            • Цалин хөлсний оновчтой тогтолцоог бий болгох. Энэ хүрээнд цалин хөлсийг аажмаар нэмэгдүүлж Монгол хүн гадаадад авч байгаа цалинг эх орондоо авдаг болгох, цалин хөлсийг бүтээмж ур чадвартай холбох систем бий болгох.

    • Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системд шуурхай хамрагдах, ажлын байраа хайж олох илүү сайн боломжийг олгоё. “Үндэсний ажиллах хүчний мэдээллийн тогтолцоо”-г (development of an enhanced Manpower information system) бүрдүүлж, бодлого боловсруулагч, ажил олгогч, сургалт үйлчилгээний газар болон хувь хүмүүст шаардлагатай мэдээллийг улсын хэмжээгээр нэгдсэн байдлаар шуурхай хүргэх. Бүрэн зөв, тодорхой, цагаа олсон мэдээлэлгүйгээр ажиллах хүчний төлөвлөлтийг гүйцэтгэх нь бүтэхгүй асуудал юм.

    • Ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтыг ажлын байрны эрэлт хэрэгцээтэй уялдуулж, мөн хөтөлбөрт хөдөлмөрийн ур чадвар, чадамж, үр бүтээлч сэтгэлгээний талаар тодорхой сэдэв, агуулгыг шинээр оруулж шигтгэх, төлөвшүүлэх.

    • Иргэдэд үндсэн мэргэжлээс гадна, шаардлагатай гэж үзвэл зах зээлд илүү эрэлт хэрэгцээтэй байгаа Хоёрдогч мэргэжилд суралцах, шинээр мэргэжил олж авах тогтолцоог бүрдүүлж төрөөс дэмжлэг үзүүлэх.

    • Ажил олгогчидтой зөвшилцсөний үндсэн дээр төрөөс зохион байгуулж буй сургалт нь аж үйлдвэрийн шаардлага, хүсэлттэй нийцэж, цаашид илүү ажлын байр, өндөр цалинтай болох боломжийг бүрдүүлсэн байхаар хэрэгжүүлэх.

    • Компаниуд, ажил олгогчид өөрийн зүгээс ажиллах хүчинг бэлтгэх, сургах тал дээр нийгмийн хариуцлагыг хүлээж ажиллах хэрэгтэй байна. Өндөр хөгжилтэй орнуудад бизнес эрхлэгчид, ажил олгогчид нь Ажлын байран дахь сургалтад (on-the-job training)  ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Ингэснээр компаниуд хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэхэд бизнес эрхлэгчид томоохон хувь нэмрийг оруулдаг юм байна.  Ажиллах хүчний сургалтыг зөвхөн төр дангаараа хийхгүй. Өндөр ур чадвартай, хариуцлагатай ажилтантай байх нь бүхий л талуудад хэрэгтэй.

    • Ажлын байрыг шинээр гаргагч болсон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг тууштай дэмжиж, ажлын байраа нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд ямар нэг хэлбэрээр дэмжлэг үзүүлдэг болье.

    •  Хөдөлмөрийн чадварын тодорхой стандарт, шаардлагыг боловсруулж, эдгээрийг хангасан сургалтанд хамрагдсан ажилчныг баталж, тодорхойлох.
     
    • Нэг цэгийн ажил мэргэжлийн зөвлөлгөө өгдөг төвийг байгуулж, ажилчдад ажиллах хүчний зах зээл, ур чадварын шаардлага, ажлын байр, сургалтын талаар зөвлөлгөө, нэгдсэн мэдээллийн эх үүсвэрээр хангах.

    • “ЗӨГИЙН ҮҮР” хөтөлбөрийг хэрэгжүүлж гадаадад байгаа ур чадвартай ажиллах хүчийг эх оронд татах. 

    • Гадаад орнуудаас авч байгаа ажиллах хүчний талаар төрөөс баримтлах бодлого чиглэлээ дахин нухацтай авч үзэх. Цаашид дунд болон урт хугацаанд шинээр бүрдэж байгаа хөгжлийн боломжууд, шинэ ажлын байранд юуны өмнө үндэсний ажиллах хүчин, иргэдээ түрүүлж авдаг байх тогтолцоог эрх зүй, санхүүгийн болон зохицуулалтын олон талаас нь хангаж өгье.

    Эцэст нь “Хөдөлмөр, хөгжлийн үндэс” гэсэн сэдвийн дор нээлтээ хийж байгаа хөдөлмөр эрхлэлтийн асуудлаарх Үндэсний чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч, ард иргэдийн маань амьдралд мэдэгдэхүйц бодит үр дүнтэй чуулган болно гэж найдаж байгаагаа илэрхийлж, чуулганы үйл ажиллагаа нээснийг мэдэгдье.

    Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

  • “Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” зөвлөлгөөнд хэлсэн үг

    “Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” зөвлөлгөөнд хэлсэн үг Юуны өмнө энд хуран цугласан эрдэмтэд, судлаачид та бүхний энэ өдрийн амрыг эрье! Чухал  сэдвээр та бүхэн зөвлөлгөөн хийж байгаад баяртай байна. Аливаа хөгжил шинжлэх ухааны үндэслэл, судалгаанд суурилан хөгжиж урагшилж явдаг. Иймд өнөөдрийн зөвлөлгөөнөөс шинжлэх ухаан, үйлдвэрлэл хосолсон хөгжлийн бодлого боловсруулах шинэ санаануудыг тусгасан зөвлөмж гарах байх гэдэгт найдаж байна.

    Би өнгөрсөн зургадугаар сард ШУА-ийн удирдлагуудыг урьж уулзаж, цаашид улс орны хөгжлийг шинжлэх ухаантай яаж уялдуулах, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг яаж уялдуулан хөгжүүлэх талаар саналаа солилцсон. Энэ ярилцлагын хүрээнд өнөөдөр энэ зөвлөгөөнийг хийж байна гэж ойлгож байна. Манай орны хөгжлийг авч үзэхэд нэлээд нааштай зүйлүүд их байгаа боловч анхаарах зүйл бас их байна. Дэлхийн банкнаас гаргадаг өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс чамгүй урагшилж 18 пунктээр урагш ахисан үзүүлэлт гарсан. Гэвч энэ бол тууштай биш үзүүлэлт юм. Би хойш татаж байгаа зүйлүүдийн талаар яримаар байна. Манай улсын дэд бүтэц, санхүүгийн тогтолцооны хангалтгүй байдал, технологийн инновацийн  хөгжил сул дорой  байна гэсэн шалгуурт орсон байна.  Иймд бид энэ тал дээр дүгнэлт хийх ёстой.

    Дараагийн нэг анхаарах асуудал бол нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэр хөгжүүлэх явдал юм. Манай үндсэн үйлдвэрлэл бол хөдөө аж ахуй, уул уурхай. Манай улс дотоодын нийт бүтээгдэхүүнд  аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь 28.7 хувь, түүн дотроо боловсруулах үйлдвэрийн салбарын эзлэх хувь дөнгөж 6 хувь байна. Манай орны экспортын бүтээгдэхүүний 70 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг ба өртөг шингээж чадахгүй, бүтээгдэхүүнээ түүхий эд чигээр нь гаргаж байна гэсэн үг юм.

     Манай орны бас нэг бэрхшээл бол далайд гарцгүй орны зардал юм. Бид дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг далайд гарцгүйгээсээ болж гаргаж байна. Тухайлбал, зэсээр жишээ авахад 25 хувийн баяжмал, 75 хувийг шороог зөөж байна гэсэн үг юм. Бид түүхий эдээ түүхийгээр нь гадаадад гаргаж, дээрээс нь далайд гарцгүйн улмаас транзит тээврийн  зардал нэмэгдэж байгаа юм. Үүнд бид анхаарах ёстой. Яаж бид үндэсний эдийн засгаа үр өгөөжтэй, нэмүү өртөг шингэсэн байх их гарааг яаж тодорхойлох, төр засгаас бодлогоор яаж дэмжих талаар цогц бодлого боловсруулах хэрэгтэй байна.

    Манай орныг эмзэг эдийн засагтай гэж гадаадад үздэг. 1-2 зүйлийн бүтээгдэхүүний зах зээлээс шууд хамаардаг эдийн засгийг эмзэг гэж нэрлэх бөгөөд манай эдийн засаг бол ганцхан зэсийн зах зээлээс шууд хамаарч байгаа юм.  Сүүлийн үед түүхийгээр гаргаж буй бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж байна. Иймд экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийх, төрлийг нь нэмэгдүүлэх, ганц бүтээгдэхүүнээс хамаарах хамаарлыг нь багасгахад бид бодлогоо хандуулах ёстой.

     Манайд мэдлэгт суурилсан эдийн засгийн суурийг тавих талаар хийсэн зүйл бий. Бид Мянганы хөгжилд суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулсан. Шүүмжлэл их байдаг. Энэ нь хэр үндэслэлтэй юм бол, үнэхээр хэт өргөн дэлгэрэнгүй, бүхий л салбарыг хамарснаас алдаа гарсан уу гэдгийг бодох л хэрэгтэй. Гадаадын орнуудын туршлагаас харахад тодорхой салбарыг сонгон авч, түүнийг хөгжүүлэх зорилт, түүндээ хүрэх арга замыг тодорхойлсон байдаг. Бид Үндэсний хөгжил шинэтгэлийн хороог байгуулсан,  манай орны хөгжлийн тэргүүлэх чиглэлийг гаргаж, хөгжлийн зорилт, түүнд хүрэх арга замыг тодорхойлох үүрэгтэй  байгууллага.  УИХ-аас Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх шаардлагатай томоохон төслүүдийн жагсаалтыг  гаргаад  байна.

    Өндөр технологийг хөгжүүлэх баримт бичгийг гаргалаа. Удирдлагын институтийг боловсронгуй болгох арга хэмжээ авч байна.  Мөн өндөр технологийг хөгжүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
    Улсын хөгжлийн бодлогын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх үүднээс “Хөгжлийн банк”-ийг байгуулахаар болоод байна. Энд мөн улс орны томоохон асуудлууд тэр дотроо шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог  дэмжсэн томоохон төслүүдийг дэмжих, санхүүжүүлэх зорилготой. 
    Мөн эрхзүйн орчныг боловсронгуй болгоход тодорхой алхмуудыг хийж байна. Бид концепцийн хууль, үйлдвэрийн технологийн паркийн эдийн засгийн орчны тухай хууль, төрөөс аж үйлдвэрийн парк байгуулах тухай хууль зэрэг олон хуулиудыг батлан гаргаад байна.

    Бодлогын хөгжлийн талаар үйлдвэржилтийн хөтөлбөрийг 2009 онд баталсан бол энэ онд “Зөгийн үүр” хөтөлбөрийг батлан гаргалаа. Энэ хөтөлбөрөөрөө гадаад оронд ажиллаж амьдарч байгаа үндэсний мэргэжилтнүүдээ татаж авчрах бодлого баримталж байна. Энэ мэт олон арга хэмжээнүүдийг бид авч хэрэгжүүлж эхлээд байна. Цаашид ч олон арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Та бүхний зохион байгуулж байгаа энэ зөвлөлгөөнөөс ч гэсэн олон арга хэмжээний шинэлэг санаанууд гарна гэж найдаж байна. Эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны ажил, их дээд сургуулийн эрдэмтэн багш нарын оюуны чадамжийг хэрхэн уялдуулах, санхүүжилтийн шинэ эх үүсвэр олох, гаднын орны дэвшилтэт технологиудыг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулах зэрэгт анхаарах шаардлагатай байна. Эрдэм шинжилгээний байгууллагууд суурь судалгааны ажлаас гадна шинжлэх ухаан технологийн төслийн хавсарга судалгааг хийхэд илүү анхаарч орчин үеийн шинэлэг стандарт, аргазүй, аргачлалыг сурч эзэмших зорилтыг хэрэгжүүлэх нь чухал юм. Үүнийг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

    ШУА-ийн удирдлагуудтай уулзсан уулзалтын үеэр бид ярьсан. Бидний адил хөгжиж байгаа ижил төстэй орны шинжлэх ухааны ололт амжилтаас судалъя. Тухайлбал Зүүн Европын орнуудын стандартыг  судлах, зөв зүйтэйг нь авч хэрэгжүүлье. Яагаад вэ гэвэл, социализмын үед бид СЭВ-ийн орнуудын түвшинд нэг ижил стандартыг мөрдөн ажилладаг байсан. Одоо тэр орнууд маань Европын холбооны бүрэлдэхүүнд орж нэг айл болж, Холбооны Герман, Англи зэрэг өндөр  хөгжилтэй орнуудын стандартыг аваад хөгжиж байна. Иймд бид Европын холбооны гишүүн орнуудтай түншлэл, хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулахаар тохиролцоод байна.

    Дараагийн нэг чиглэл бол технологийн асуудал юм. Технологийн хувьд бид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаж ирсэн. Тэгвэл одоо өөрийн орны нөхцөлд тохирсон гаднын технологийг шилжүүлэх, нутагшуулахад илүү их анхаарах шаардлагатай байна.  Би саяхан Канад улсад айлчлаад ирлээ. Канад улсын хөгжил, зан заншил өөр ч гэсэн байгаль цаг агаар нь манайхтай адил, өвлийн хүйтэнд 50 хэм хүртэл хүйтэрдэг нь жирийн үзэгдэл, цэвдэг хөрстэй, хүйтэн орон юм. Энд эдийн засгийн дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй маш сайн технологиор хөгжсөн байна. Иймд энэ технологиудыг өөрийн оронд шилжүүлэх, нутагшуулах чиглэлээр судлах  хэрэгтэй байна.  Канад улсын эдийн засгийн гол салбар нь  манайхтай адил  хөдөө аж ахуй, уул уурхай байсан. Энэ салбаруудын хөгжлөөрөө загвар орон болсон төдийгүй Чили улсад Канадын уул уурхайн технологи нэвтэрсэн байна. Иймд бид байгаль цаг уурын  ижил төстэй орны хувьд уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, мал аж ахуй, зам барилгад өөрийн өртөг багатай технологийг нэвтрүүлэх, хуулбарлах, шилжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Энэ чиглэлээр гаднын холбогдох эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллахад Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлэх болно.

    АНУ-ын Натогийн цэргийн командлагчаар ажиллаж байсан, одоо эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаа  нэр хүнд бүхий генералтай уулзахад надад нэг зүйл хэлсэн юм. Та нар Хятадын хөгжлийг анхааралтай хар. Хөгжлийн гол түлхүүр нууц нь өндөр хөгжилтэй гадаадын орны  технологийг нутагшуулах, шилжүүлэхийг төрийн бодлого болгосон явдал юм гэж ярьсан. Иймд бид гаднын дэвшилтэт технологиудыг шилжүүлэх, нутагшуулахад их анхаарах хэрэгтэй.

    Бидэнд санхүү мөнгө, эрхзүйн орчин гэх мэт олон зовлон бэрхшээл бий. Судалгааны ажлын бодит үр дүн гарч чадахгүй байна. Энэ талаар бодлогын асуудлыг хөндсөн  үр дүнтэй зөвлөлгөөн болох байх. Энэ зөвлөлгөөнд их ач холбогдолтой нэр өгсөн байна. Энэ нэрийг агуулгаар баяжуулсан  зөвлөлгөөн болно гэж найдаж энэхүү зөвлөгөөнийг нээж байна.