Ангилал: хэлсэн-үг

  • Ахмад настан, азай буурлууд аа!

    ахмад, мэндчилгээМонгол Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй  зүтгэж ирсэн үе үеийн  ахмад  буурлууд Та бүхэндээ олон улсын ахмадуудын баярын өдрийн халуун мэндийг хүргэе!

    Ахмад настны өдрийг олон улсын хэмжээнд 19 дэх жилдээ, Монгол Улсад 17 дахь жилдээ өргөн дэлгэр тэмдэглэж байна. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг билээ. Монгол Улсын Засгийн газрын бодлогын төвд ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлдэг бөгөөд  ахмадуудад зориулсан шуурхай үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

    Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын хүн амын насжилтын стратеги”-ийг 2009 онд баталсан нь ахмад настны аж байдлыг сайжруулах, тэдний нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, эрүүл насжих нөхцөл боломжийг нэмэгдүүлэх талаар  бодлогын чиглэлийг тусгасан анхны урт хугацааны бодлогын баримт бичиг юм.

    Хамтарсан Засгийн газраас байгалийн баялгийн орлогоо иргэддээ тэгш, шударгаар хуваарилах бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулж, эхний ээлжинд иргэн бүртээ 120.000 төгрөг олгож эхлээд байна. Ирэх оноос иргэн бүрт сар тутам 21000 төгрөгийг бэлнээр, үлдэх мөнгийг тухайн иргэний хэрэгцээнд тулгуурлан бэлэн бусаар олгох болно. Ялангуяа,  ахмадууд   бэлэн бус  хэлбэрээр эрүүл мэндийн үйлчилгээ хүлээн авах боломжийг бүрдүүлэх нь чухал байна. 

    Засгийн газар  тэтгэврийг нэмэгдүүлэх талаар үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын хүрээнд  2010 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэврийг  30,0 хувиар, мөн алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тэтгэмжийн хэмжээг 50.0-100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Дайнд оролцсон ахмад настнуудад орон сууцны дэмжлэг олгох ажлыг 2009 оноос эхлүүлж өнөөдрийн байдлаар 992 ахмад дайчин энэ арга хэмжээнд хамрагдаад байна. Энэ онд багтаан 600  ахмад дайчдад  орон сууц олгох ажлыг хийж дуусгана гэдгийг дуулгахад таатай байна.
     
    Цаашид ч ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж хэрэгжүүлэх болно. Төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан  буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД  С.БАТБОЛД

  • НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганы ерөнхий шүүмжлэлийн хуралдаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

    Нью-Йорк, 2010 оны 9 дүгээр сарын 27

    Чуулганы дарга ноён Жозеф Дайс,
    Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн,
    Хатагтай, ноёд оо,

    Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулган нь хүнс, эрчим хүчний үнийн огцом өсөлттэй зэрэгцэн нэрвэсэн дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын дараагаар сэргэлтийн зарим шинж тэмдэг илэрч буй үед тохиож байна. Олон улсын хамтын нийгэмлэг хавсарсан, харилцан уялдаа бүхий эдгээр хямралын үр нөлөөг арилгах амаргүй сорилттой тулгарч байгаа хэдий ч Мянганы хөгжлийн зорилтууд (МХЗ)-ыг хэлэлцсэн Дээд хэмжээний уулзалтаас өнгөрсөн долоо хоногт  илүү эрчимжсэн хамтын үйл ажиллагаа явуулахыг уриалсан нь найдвар төрүүлж байна.

    Их Уналтаас хойшхи хамгийн гүнзгий эдийн засгийн хямрал нүүрлэсэн цагаас эхлэн дэлхий ертөнцийн шилдэг эрдэмтэн мэргэд яагаад ийм байдалд оров, засаж залруулахын тулд юу хийвэл зохилтой вэ гэдэгт тодорхой хариулт олохоор чармайж ирлээ. Өнгөрсөн 25 жилийн туршид ноёлж ирсэн нео-либерализм, эсвэл зах зээлийн фунтаментализм гэж томъёолдог эдийн засгийн онолууд алдаатай байжээ гэж мэтгэх хүн цөөнгүй байна. Эдгээр онолын үндэс, тухайлбал зах зээл өөрийгээ засч залруулдаг учраас зохицуулалт шаардлагагүй гэсэн ойлголт буруу болох магадлалтай байна.

    Эрчимтэй өсөлтөд хүрэхийн зэрэгцээ ядуурлыг бууруулах чиглэлээр ахиц дэвшил гаргасан улс орнууд, бүс нутгийн туршлагаас харахад төрийн зүгээс нийтэд хүртээлтэй өсөлт, тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих зорилгоор эдийн засагт зориуд интервенц хийж, зах зээлийн хөшүүргүүдийг ч залж залруулж болдогийг харуулж байна. Эндээс төр болон зах зээлийн үүрэг ролийн тухай ойлголтоо эргэн харахад чиглэсэн «хөгжлийн төлөөх төр» хэмээх концепц сонирхол татаж байна.

    НҮБ дэлхий дахиныг өөрчилсөн шинэ, бүтээлч санаа, хөгжлийн тухай ойлголт төрүүлэгчийн хувьд гишүүн орнуудын хөгжлийн бодлого, төлөв байдалд багагүй нөлөө үзүүлж болох тийм суурь ойлголт, үзэл баримтлалуудыг хэлэлцэн хөгжүүлэхэд тэргүүлэн оролцох газар мөн гэж бид үзэж байна. Энэ бол ноён Дарга таны тус чуулганы ерөнхий шүүмжлэлийн гол сэдэв хэмээн санал болгосон «Дэлхий дахины засаглал дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын амин гол үүргийг дахин бататгах нь» гэсэн хэлэлцүүлгийн нэг чухал хэсэг байж болох талтай юм.

    Өнөөгийн глобал сорилтуудад глобал шийдлүүд шаардлагатай гэдгийг өргөнөөр хүлээн зөвшөөрч байгаа билээ. НҮБ-ын үндсэн зарчмууд, шинж чанар нь түүнийг дэлхий дахины засаглалын үүсэн бий болж буй тогтолцооны салшгүй хэсэг болгож байна. НҮБ бол дэлхийн хамгийн өргөн төлөөлөлтэй, хууль ёсны, эрх мэдэл бүхий байгууллага, глобал хамтын ажиллагааны улс төрийн төв билээ. Тус байгууллага нь цөмийн зэвсгээс уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн асуудлаас хүний эрх гээд глобал бүхий л асуудлын шийдлийг нэгтгэн томъёолох хосгүй форум юм. Дэлхийн удирдагчид дэлхий ертөнцийг өнөөгийн болоод ирээдүйн үеийнхэндээ илүү аюулгүй, шударга, цэцэглэн хөгжсөн, ногоон болгон үлдээхээ хариуцлагатайгаар амладаг газар нь НҮБ мөн.

    Гэвч шийдлээ НҮБ-аас гадуур олсон, эсвэл эрж хайж байгаа сорилтууд байгаа нь үнэн. Яагаад гэж асуух нь зүй ёсны хэрэг. Үүнд хялбар хариулт өгөхөд цөөнгүй хүчин зүйлс, олон асуудал нөлөөлж болно. Гэхдээ дэлхий дахины засаглал дахь амин гол үүргээ дахин бататгахын тулд НҮБ үйл ажиллагаагаа үр ашигтай болгож, шинэчлэлээ тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь бидний хэлэлцүүлгээс тодорхой харагдаж байна.

    Ерөнхий Ассамблейн хэлэлцүүлэг, шийдвэр нь бидний төлөөлж буй ард иргэдийн амьдралд бодитой, наалдахуйц үр нөлөө үзүүлдэг байхын тулд түүний үйл ажиллагааг цаашид эрчимжүүлэх шаардлагатай байна. Глобал эдийн засгийн шийдвэр гаргах үйл явц дахь Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн үүрэг ролийг өндөржүүлэх хэрэгтэй. Өнөөгийн дэлхий ертөнцийн бодит байдлыг илүү төлөөлөхөд чиглэсэн Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл нь дэлхий дахины засаглал дахь НҮБ-ын амин гол үүргийг дахин баталгаажуулахад чухал түлхэц болох юм. Монгол Улс байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэн, өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын зохистой төлөөллийг хангах замаар Аюулгүйн Зөвлөлийг шударгаар, тэнцвэртэй өргөжүүлэхийн төлөө байна.

    Хөгжил, энх тайван ба аюулгүй байдал, хүний эрх бол НҮБ-ын тулгын гурван чулуу билээ. Өнгөрсөн долоо хоногт Мянганы хөгжлийн зорилтууд/МХЗ/-ыг авч хэлэлцсэн Ерөнхий Ассамблейн Өндөр түвшний бүгд хуралдаан, хамгийн гол нь түүний өмнө өрнөсөн олон улсын идэвхтэй яриа хэлэлцүүлэг хөгжлийн төлөөх НҮБ-ын ажиллагааг эрчимжүүлж байгааг Монгол Улс талархан тэмдэглэж байна. Үүний үр дүнд МХЗ-ыг 2015 он гэхэд хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлтаа эрчимжүүлье гэсэн дэлхийн удирдагчдын амлалт бидний итгэл найдварыг бататгаж өглөө.

    Монгол Улсын хувьд гэвэл бидний хоцроод байгаа Мянганы хөгжлийн 3 зорилт болох ядуурлыг бууруулах, жендэрийн тэгш байдлыг хангах, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах талаар хүчин чармайлтаа эрчимжүүлнэ гэдгээ манай Засгийн газар Дээд хэмжээний уулзалт дээр дахин нотолсон. Бид МХЗ-ыг хэрэгжүүлэхдээ салбар дамнасан, оролцоог хангасан, хүн төвтэй арга барил баримтлах, хөгжлийн амжилтын суурь болох засаглалыг сайжруулах, цаашдын үйл ажиллагаандаа илүү сайн мониторинг, үнэлгээ хийж ажиллах болно.

    Бид ядуурлыг бууруулах хүч чармайлтаа эрчимжүүлэхдээ жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадваржуулахад чухалчлан анхаарахаар төлөвлөж байна. Бидний энэ хүч чармайлтад саяхан байгуулсан «НҮБ-Эмэгтэйчүүд» газар чухал түнш болно гэдэгт манай Засгийн газар итгэлтэй байна. Энэ жил Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадваржуулах асуудлаар Үндэсний сайн дурын илтгэлээ Эдийн засаг, нийгмийн зөвлөлд танилцуулсан. Эмэгтэйчүүдийн нөөц болоцоог эдийн засаг, улс төрийн хувьд бүрэн дүүрэн ашиглах, тэднийг эрүүл мэндийн үйлчилгээнд үр хүүхдийн хамт түлхүү хамруулах, ардчилсан засаглалд бодитойгоор оролцох боломжийг олгосон эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр бид ажиллах болно.

    Эмзэг орнуудын хэрэгцээ шаардлагад санаа тавих нь хөгжлийн төлөөх НҮБ-ын үйл ажиллагааны цөм нь билээ. Далайд гарцгүй хөгжиж буй орон (ДГХБО)-ы хувьд Монгол Улс эдгээр бүлэг орны ашиг сонирхлыг урагшлуулахын төлөө бусад гишүүн орны хамт чармайн ажиллаж байна. Алматын Үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд ахиц гарч байгаа хэдий ч ДГХБО-ууд олон улсын худалдаанаас алслагдаж,  бараа бүтээгдэхүүнийг хил дамнуулан тээвэрлэх зардал өндөр хэвээр байгаа нь тэдний бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадваргүй болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад сөрөг нөлөөлөл үзүүлж байна.

    Өөрсдийн онцгой хэрэгцээ шаардлагын талаар судалгаа, дүн шинжилгээ хийх чадавхиа нэмэгдүүлэх замаар Алматын Үйл ажиллагааны хөтөлбөр, МХЗ-ыг бүрэн дүүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөөх хамтын хүч чармайлтыг улам эрчимжүүлэх зорилгоор  ДГХБО-уудын Олон улсын судалгааны төвийг байгуулах санаачилгыг Монгол Улс дэвшүүлсэн билээ. Энэхүү төвийг байгуулах олон талт хэлэлцээрийг өнгөрсөн долоо хоногт хуралдсан ДГХБО-уудын Гадаад хэргийн сайд нарын ээлжит 9 дүгээр уулзалтаас сайшаан баталсныг өнөөдөр Та бүхэнд сонордуулахад таатай байна.

    Тууштай дэмжлэг үзүүлж ирсэн бүх тал, түүний дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,   Нэн буурай хөгжилтэй орон, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал хариуцсан  Дээд төлөөлөгчийн газар болон хамтран зүтгэгч бусад улсад манай Засгийн газар гүн талархал илэрхийлж байна.

    Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн засаглалын бас нэгэн чухал талбар мөн билээ. Улс төрийн өргөн хүрээтэй зөвшилцөл бий болгох чиглэлээр Копенгаген хотноо олсон ахиц дэвшилд дөрөөлөн, энэ оны эцсээр Канкун хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Оролцогч талуудын 16 дугаар бага хурал хүртэл Конвенцийн хүрээнд явуулж буй дэлхий нийтийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх хойшлуулшгүй шаардлага эдүгээ тулгараад байна.

    Уур амьсгалын өөрчлөлтийн Монголд үзүүлж буй сөрөг нөлөөллийг үгүйсгэх аргагүй юм. Сүүлийн 20 хүрэхгүй жилийн дотор манай газар нутгийн 70 гаруй хувь цөлжилтөд нэрвэгдээд байна. Олон зуун гол горхи, булаг шанд, нуур цөөрөм ширгэсний улмаас усны хомсдол бий болж, биологийн төрөл зүйлс устан доройтлоо. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүний нөлөөллийг багасгах чиглэлээр манай улсын хэрэгцээнд тохирсон арга хэрэгслэлийг тодорхойлж, нэвтрүүлэх шаардлагатай байна.

    Өнөөгийн хэрэгжүүлж буй стратеги, хөтөлбөрүүд  бидний хүсэн хүлээж буй үр дүнд хүрэхгүй байна. Аж үйлдвэрийн голлох салбар болох уул уурхайн хөгжил нь хүрээлэн буй орчны хувьд санаа зовоосон бас нэг асуудал болж байна. Иймд улс орныхоо байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хангаж, экологийн эмзэг байдлыг шийдвэрлэх нь ирэх он жилүүдэд бидний анхаарлын төвд байх болно. Хэрэгжилтийг хангах, тууштай байх, санхүүжилтийг шийдвэрлэх болон хөгжлийн төлөө хамтрах гэсэн 4 асуудал эдгээр сорилтыг даван туулахад тэргүүлэх үүрэгтэй байх болно.

    Өнгөрсөн сард бид Говийн элсэн цөлд Засгийн газрын тусгай хуралдаан  хийлээ. Цөлжилт нь 100 гаруй орны тэрбум гаруй хүний тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалсан буюу хөдөө аж ахуйг зохисгүй эрхэлснээс үүдэлтэй өргөжин тэлсээр байгаа газрын доройтол нь түүнд өртөгсдийн хүнсний аюулгүй байдал, эцсийн дүндээ хүний аюулгүй байдалд  ноцтой аюул занал учруулж байна. Цөл болон Цөлжилтийн Эсрэг Тэмцэх НҮБ-ын 10 жилийн хүрээнд цөлжилттэй тууштай тэмцэх шийдвэр төгс байгаагаа манай Засгийн газар Говиос гаргасан илгээлтээрээ нийтэд илэрхийлсэн.          

    Зэвсэг хураах олон талт үйл ажиллагааны хүрээнд олон улсын түвшний өөдрөг чиг хандлага 2010 оноос сэргэж буйг бид анзаарч байна. Энэхүү чиг хандлага нь манай Засгийн газраас сайшаасан Стратегийн зэвсгийг хорогдуулах шинэ гэрээ болон  Цөмийн аюулгүй байдлын Дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичгээр дахин баталгаажсанаас гадна Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх Бага хурлын төгсгөлийн баримт бичигт тусгалаа олсон билээ.

    Энэхүү Бага хурлаар Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнц бий болгох үзэл санааг гүйцэлдүүлэхэд чухал шаардлагатай ирээдүйд чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг тохиролцлоо. Монгол Улс Бага хурлын үр дүнг сайшааж байгаа бөгөөд өөрийн нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид болгон зарлах зэргээр зэвсэг хураах болон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх Бага хурлын Төгсгөлийн баримт бичигт тусгалаа олсончлон манай улсын энэхүү статусыг олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс бүрэн хүлээн зөвшөөрсөн билээ.

    Айдас түгшүүр болон үгүйрлээс ангид байх эрхийг хангах үйлсэд Олон улсын атомын энергийн агентлаг(ОУАЭА)-аас оруулж буй хүвь нэмэр өсөн нэмэгдэж байгаад Монгол Улс талархан хүлээн авч байна. Цөмийн эрчим хүч, эрүүл мэнд, хүнс болон хүрээлэн буй орчны аюулгүй байдал зэрэг салбарт цөмийн хэрэглээг хэрхэн хангахаас МХЗ-ын биелэлт тодорхой хэмжээнд шалтгаална. Монгол Улс ОУАЭА-тай, ялангуяа хүний нөөцийг хөгжүүлэх болон эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт цөмийн технологи ашиглах талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Өнгөрсөн жил тус Агентлагтай гарын үсэг зурсан  2009-2014 оны хөтөлбөрийн хүрээнд цөмийн эрчим хүчний дэд бүтцийн хөгжил, манай улсын ураны нөөцийг хамтын ажиллагааны тэргүүлэх салбар болгон нэмж орууллаа.

    Энэ жил Монгол Улс Хорт хавдрыг эмчлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн загвар төсөл хэрэгжүүлэх 8 улсын нэгээр сонгогдоод байна. Энэ нь Монгол Улсад өргөн тархацтай байгаа хорт хавдрын өвчлөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэх, хөгжиж буй бусад оронтой туршлага хуваалцахад тус дөхөм болох юм. Тиймээс бидэнд үнэтэй туслалцаа үзүүлж байгаа ОУАЭА болон түүний Ерөнхий захиралд Монгол Улсын Засгийн газар энэхүү боломжийг ашиглан талархал илэрхийлж байна.

    Терроризмын эсрэг тэмцлийг үндэсний түвшинд хэрэгжүүлэхийг онцлохын сацуу гишүүн орнуудад энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэхийн чухлыг тэмдэглэсэн Дэлхий нийтийн терроризмын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын стратегийг хянах хоёр дахь удаагийн хурлын дүнг  Монгол Улс сайшааж байна.

    Монгол Улс нь терроризмын эсрэг дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмэр оруулах асуудалд онцгойлон анхаарч ирсэн бөгөөд терроризмын эсрэг олон талт бүх гэрээ, хэлэлцээрт нэгдэн ороод байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1373 дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлаарх дэд бүсийн семинарыг манай улс өнгөрсөн тавдугаар сард НҮБ-тай хамтран амжилттай зохион байгуулсан юм. Терроризмтэй тэмцэх улс орнуудын чадавхийг бий болгоход хөгжил дэвшил, ардчиллыг урагшлуулах, хүний эрхийг дээдлэх зэрэг нь нэн чухал үүрэгтэй гэдэгт бид бүрэн итгэдэг.

    Энхийг сахиулах үйл ажиллагаа нь дэлхийн засаглалд хувь нэмрээ оруулах НҮБ-ын нэг чухал арга хэрэгсэл мөн. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эв зүйгээр зохицуулах, мөргөлдөөний дараах нөхцөл байдалд энх тайвныг сахин хамгаалах болон цогцлоон байгуулахад улс орнуудад дэмжлэг үзүүлж, чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг илүү хүчтэй, үр дүнтэй, харьцангуй бага зардалтай болгох чиглэлд өнгөрсөн арван жилийн хугацаанд шинэчлэлийн чанартай чухал алхамууд хийгдсэн.

    НҮБ-ын энхийг сахиулах болон энхийг цогцлоон байгуулах хүч чармайлт нь уялдаа холбоо бүхий нэгэн цогц үйл ажиллагаа байх нь чухал гэж Монгол Улс үзэж байна. Өнгөрсөн арван жилийн туршид Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж, тодорхой алхамуудыг хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр НҮБ-ын мандат бүхий энхийг сахиулах 6 ажиллагаа, түүний дотор хамгийн хүнд нөхцөлтэйд тооцогддог Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улс, Чад, Судан дахь ажиллагаанд оролцож байна. Монгол Улс цаашид ч оролцоогоо өргөжүүлэхэд бэлэн байна.

    Сүүлийн жилүүдэд Монгол Улс нь ардчилсан засаглалын институц, үйл явцыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, ардчиллыг урагшлуулахад чиглэсэн олон улсын  үйл ажиллагааны идэвхтэй оролцогч байж ирлээ. Монгол Улс 1992 оны Үндсэн Хуулиараа ард иргэдийнхээ үндсэн эрх, эрх чөлөө, хүний эрхийг баталгаажуулж, хүний эрхийн тухай олон улсын гол гол баримт бичгүүдэд нэгдэн орсон. Мөн хараат бус, бие даасан Хүний эрхийн үндэсний комиссыг байгуулж, 2003 онд батлагдсан Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

    Бодлогын үндсэн баримт болсон энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь төрийн байгууллагуудын чадавхи, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн оролцоог хангах, хүний эрхийг хамгаалах болон хүний эрхийн зөрчихийн эсрэг олон нийтийн идэвхийг хөхиүлэн дэмжихэд чиглэж байна. Товчхондоо манай улсад хүний эрхийг дээдлэн хамгаалах улс төрийн хүсэл эрмэлзэл, эрх зүйн орчин бий болсон гэж хэлж болно.

    Гэхдээ аливаа улс орны хүний эрхийн байдал төгс төгөлдөр байдаггүй. Манай улсын хувьд гэвэл хүний эрхийг бүрэн дүүрэн дээдлэн хамгаалахад мэдлэгийн болон чадавхийн хомсдол голчлон саад болсоор байна. Үүний зэрэгцээ ХДХВ/ДОХ болон бусад халдварт өвчин, хүний наймаа, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг хил дамнасан асуудлыг шийдвэрлэхэд бүс нутгийн болон олон улсын үр дүнтэй хамтын ажиллагаа шардлагатай байна. Монгол Улс энэ оны 11 дүгээр сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хуралдаанд Хүний эрхийн байдлын тухай үндэсний илтгэлээ хэлэлцүүлэх хүрээнд тус Зөвлөлтэй үр дүнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна.

    Үндэсний болон олон улсын түвшний аль ч засаглалд иргэний шууд оролцоо нэн чухал билээ. Манай Засгийн газар бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх явцад иргэний нийгэм, олон нийтийг идэвхтэй оролцуулахыг чухалчилж байна. Бид иргэний нийгэмтэй хамтын ажиллагааны холбогдох гэрээ байгуулсан бөгөөд Засгийн газрын нээлттэй засаг вэб сайтаар дамжуулан иргэд бодлогын баримт бичгүүд болон хуулийн төслийн талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлэх боломжтой. Миний бие сүүлийн хоёр сарын хугацаанд хөдөө орон нутагт багагүй хугацаанд ажиллаж, орон нутагт тулгарч буй хөгжлийн сорилтуудтай газар дээр нь танилцан жирийн иргэдийн санаа бодлыг сонслоо.

    Ийнхүү иргэдтэй нүүр тулан уулзаж ярилцах нь тэдний хувьд эн тэргүүнд тулгарч буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, цаашид анхаарвал зохих зүйлийг Засгийн газрын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов. Мөн энэ оны эхээр бид Монголын эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулж, эдийн засаг, хөгжлийн өргөн хүрээтэй асуудлаар хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй нухацтай санал солилцсоноор ойрын ирээдүйн тэргүүлэх зорилтуудаа тодорхойлоход ач тустай болов. 

    Хүн амаа ажилтай, боловсролтой, эрүүл байлгах, өөрөөр хэлбэл, хүний хөгжлийг хангах нь манай Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны анхаарлын төвд байна. Энэ зорилгын хүрээнд манай Засгийн газар аж үйлдвэржилт, уул уурхай, дэд бүтцийн хөгжлийн томоохон төслүүд хэрэгжүүлэх замаар хүн бүрт наалдацтай эдийн засгийн өсөлтийг хангах бодлого баримталж байна. Саяхан байгуулсан Хүний хөгжлийн сангаар дамжуулан бид байгалийн баялгийн орлогоос халамжийн тэтгэлэг, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг үзүүлэх хэлбэрээр иргэн бүрт хүртээхээр ажиллаж байна.

    Монгол Улс ирэх оноос Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах үүргийг хүлээнэ. Энэхүү нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг хэрэгжүүлэхдээ бид түүний гишүүн орнууд, холбогдох оролцогчидтой идэвхтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзлэл дүүрэн байна. Эцэст нь Монгол Улс НҮБ-ын үйл хэрэгт үнэнч, түүнийг бүрэн дэмжиж байдгаа илэрхийлж, “Хүчтэй, нийтэд хүртээлтэй, нээлттэй НҮБ бол дэлхийн засаглалын баталгаа мөн” гэсэн ноён дарга Таны хэлсэн үгээр өндөрлөхийг хүсч байна.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянан хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний бүгд хуралдаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

    Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянан хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний бүгд хуралдаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үгНью-Йорк хот, 2010.09.22
    Ноён Дарга аа,

    Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

    Мянганы хөгжлийн зорилтууд /МХЗ/-ыг цаг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэх чиглэлээр юу хийж гүйцэлдүүлэв, дутуугаа гүйцээхийн тулд цаашид юу хийвэл зохистой талаар бид өнгөрсөн 3 өдрийн турш хэлэлцлээ. Бидний хэлэлцүүлгээс дараах тодорхой дүгнэлтийг хийж болохоор санагдаж байна.

    Шаардагдах хөрөнгө нөөц хангалттай байж, хүлээсэн амлалт үүргээ биелүүлэхийн зэрэгцээ хамтын үйл ажиллагаагаа эрчимжүүлбэл бид МХЗ-уудад хүрч чадна, тэгэх ч ёстой гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Бид бүгдийн санал нийлсэн энэхүү дүгнэлт нь Дээд хэмжээний уулзалтаас гаргах «Амлалтандаа хүрцгээе, МХЗ-уудын хэрэгжилтийг хамтдаа хангацгаая» хэмээх Төгсгөлийн баримт бичгийн гол агуулгатай нийцэж байгаа нь урам төрүүлж байна. Манай Засгийн газар эл баримт бичгийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэхийн төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно.

    Бидний урагшлах зам амар хялбар байхгүй нь ойлгомжтой. Дэлхий ертөнц өнөөдөр өөр хоорондоо шүтэлцсэн санхүү, эдийн засгийн, эрчим хүч, хүнсний хямрал, мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өсөн нэмэгдэж буй олон сорилтыг гэтлэн туулахыг оролдож байна. Дээр дурдсан олон хямралын сөрөг үр дагавар өнөөдрийг хүртэл хүрсэн хөгжлийн ололт амжилтыг ухраан, хөгжиж буй олон орны эмзэг, тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.

    Эдгээр болон шинээр нэмэгдэж буй сорилтуудыг даван туулахад хөгжлийн төлөөх дэлхийн үр ашигтай түншлэлийг бэхжүүлэх шаардлагатай байна. Ийм түншлэл нь  улс үндэстний өөртөө эзэн байх, манлайлах эрхийг хүлээн зөвшөөрдөг, авсан амлалтуудаа, түүний дотор Монтеррей, Дохагийн хурал дээр авсан амлалтаа биелүүлдэг, эмзэг буурай хөгжилтэй, түүний дотор далайд гарцгүй хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээ шаардлага, тэдгээрийн өмнө тулгарч буй сорилтуудыг анхааран авч үздэг байх ёстой.

    Дээр нь, нэн ялангуяа олон төрлийн хямрал давхцсан энэ үед, олон улсын санхүүгийн байгууллагуудыг шинэчлэх, олон талт худалдааны Дохагийн  хэлэлцээг иж бүрэн, хөгжлийн чиг баримжаа бүхий үр дүнд хүргэх явцыг түргэвчлэх, бүс нутгийн интеграци, худалдааг өргөжүүлэх, хөгжиж буй орнуудын гадаад өрийн дарамтыг үр дүнтэй шийдвэрлэх  зэргээр Мянганы хөгжлийн 8 дахь зорилтын хүрээнд гаргаж буй хамтын хүч чармайлтыг олон улсын түвшинд  эрчимжүүлэх хэрэгтэй байна.

    Зөвхөн эдийн засгийн тогтвортой өсөлт дангаараа хангалтгүй гэдгийг МХЗ-уудыг хэрэгжүүлж ирсэн өнгөрсөн 10 жил харуулж  байна. Эдийн засгийн тогтвортой өсөлт хүн бүр, ялангуяа ядуу хүмүүст эдийн засгийн боломж бий болгоход гар бие оролцох, түүнээс ашиг хүртэх, ажлын байр бий болгоход хүргэх ёстой бөгөөд нийгмийн үр дүнтэй бодлогоор түүнийг дэмжих нь зүйтэй. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэх үүднээс ийм бодлого баримтлахыг зорьж байна.

     МХЗ-уудын хэрэгжилтийн тухай Үндэсний 3 дахь илтгэлийн хүрээнд манай Засгийн газар  МХЗ-аар хүрсэн ахиц дэвшлийн байдалдаа нарийн дүн шинжилгээ хийж, дараагийн 5 жил болон түүнээс цааших хугацаанд хийж гүйцэтгэх эн тэргүүний зорилтуудаа тодорхойллоо. Дээрх илтгэлээс харахад манай МХЗ-уудын хэрэгжилт 66 хувийн биелэлттэй байна.

     Бүрэн дунд боловсролын сургуульд суралцагсдын эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тооны харьцаа, эн тэргүүний дархлаажуулалтад хамрагдсан хүүхдийн тоо, нярайн эндэгдлийн бууралт, 5-аас доош насны хүүхдийн нас баралтын тоо зэрэг үзүүлэлтээр Монгол Улс МХЗ-уудыг хэдийнэ хангаад байгааг тэмдэглэхэд таатай байна.

     Энэ нь МХЗ-уудыг улс орны урт хугацааны хөгжлийн бодлого, төсөвтэй уялдуулж, МХЗ-уудын хэрэгжилтийг зохицуулах үүрэг бүхий Засгийн газрын дагнасан агентлагийг бий болгож, МХЗ-уудын үнэлгээний иж бүрэн мэдээллийн  санг байгуулж ажилласны үр дүн мөн билээ.

    Гэвч бусад зорилтын хувьд биелэлт нь “удаашралтай, эсвэл ухарсан” байдалтай байгааг тус илтгэл сэрэмжлүүлж байгаа.  Эдгээрээс хамгийн хүндрэлтэй нь ядуурлыг бууруулах, жендэрийн тэгш болон байгаль орчны тогтвортой байдлыг хангах асуудал байна. Эдгээр сорилтыг үр дүнтэй шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн бүрт хүртээхэд манай Засгийн газраас цогц бодлогыг хэрэгжүүлж байна. Чухал заримаас нь дурдвал:

    Бүтээлч хөдөлмөр эрхлэлт, ялангуяа аж үйлдвэрийн салбарт баялаг бүтээгч залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар ажлын байр бий болгох нь тэргүүн зорилтуудын нэг мөн. Уул уурхай, зам, барилга зэрэг аж үйлдвэрийн салбарт нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын эрэлт хэрэгцээ их байна. Аж үйлдвэрийн эдгээр салбарт ажиллах мянга мянган хөдөөгийн залуучуудыг энэ намраас эхлэн үйлдвэрлэл, мэргэжлийн сургалтад хамруулахад шаардагдах нэмэлт хөрөнгө гаргах чухал шийдвэрийг манай Засгийн газар өнгөрсөн сард гаргалаа.

    Орлогыг тэгш хуваарилж, боломжийг жигд олгох, үр өгөөжтэй дэмжлэгийг шаардлагатай хүмүүст нь хүргэх зорилгоор манай Засгийн газраас эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, боловсрол эзэмших боломжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүнсний тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох, тодорхой нөхцөлтэйгээр  бэлэн мөнгө олгох замаар Засгийн газрын бодлого үйл ажиллагааг илүү үр дүнтэй байлгахад бид байнга анхаарах болно.

    Уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий мал аж ахуй эрхэлж буй хүн амынхаа 40 хувь болох хөдөөгийхний амьжиргааг тогтворжуулахад хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт хөрөнгө оруулах шаардлагатай байна. Өнгөрсөн өвөл л гэхэд хахир хатуу өвлөөс үүдэлтэй зудын гамшиг мянга мянган малчдыг амьжиргааны эх үүсвэргүй болгов. Зудын гамшиг манай улсын эдийн засаг, экологийн эмзэг байдлыг илүү тод томруун харуулж, МХЗ-уудын хэрэгжилтэд шууд нөлөөлөөд байна.

    Дээрх бодлогыг санхүүжүүлэх асуудал  нь томоохон зорилт мөн. Манай Засгийн газар хөгжлийн түншүүдтэйгээ цаашид хамтран ажиллаж, ялангуяа гадаад хүчин зүйлд өртөх эмзэг байдал, далайд гарцгүй байдлын сул талуудаа нөхөх талаар тэдний дэмжлэг туслалцааг авч ажиллах болно. Гэхдээ дотоод нөөц боломжоо дайчлах нь хамгийн чухал бөгөөд эл зорилгоор уул уурхайн орлого, роялти зэргээс бүрдэх “Хүний хөгжил сан”-г үүсгэн байгуулаад байна. Энэ сангаас эрүүл мэнд, боловсрол болон нийгмийн үйлчилгээний бусад салбарт дэмжлэг үзүүлэх учиртай. Бидний саяхан баталсан “Санхүүгийн тогтвортой байдлын тухай хууль” нь уул уурхайн баялгаас орж ирэх орлогыг ил тод, хариуцлагатай ашиглах, ядууралтай тэмцэхэд зориулсан эх үүсвэр болгон дайчлах бас нэг механизм  юм.

    Газрын элэгдэл, ялангуяа цөлжилт, бэлчээрийн даацын хэтрэлт, ойгүйжилт, усны хомсдол, биологийн олон төрөл зүйл устаж үгүй болох, хот суурин газрын агаарын бохирдол зэрэг асуудал сэтгэл ихээр түгшээж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл Монгол Улсын газар нутагт илт мэдрэгдэж байна. Газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд  өртөж, усны хомсдол газар авч байна. Энэ нь байгалийн гамшигтай хавсарсан үедээ хүний аюулгүй байдалд шууд  заналхийлж байна. Байгаль орчны доройтол, ялангуяа цөлжилттэй тэмцэх үүрэг амлалтаа биелүүлэх үүднээс бид Засгийн газрын тусгай хуралдааныг өнгөрсөн сарын сүүлээр говь цөлд зохион байгууллаа.

    МХЗ-уудыг хэрэгжүүлэхэд бэрхшээл их ч, тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бат бэх түншлэл чухал юм. Энэ нь орон нутгийн удирдлага, төр засгийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог дотооддоо хангаж, хөгжлийн хоёр болон олон талт түншүүдийг хамруулбал зохистой. Миний бие үгийнхээ эхэнд хэлсэнчлэн, дээрх үр дүнд хүрэхийн төлөө манай Засгийн газар өөрөөсөө хамаарах бүхнийг хийхэд бэлэн байгааг эцэст нь дахин тэмдэглэе.

     Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Ерөнхий сайд С.Батболдын Эрдэнэт хотын иргэдтэй хийсэн уулзалтад хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболдын Эрдэнэт хотын иргэдтэй хийсэн уулзалтад хэлсэн үг2010 оны 9 дүгээр сарын 4

    Эрдэнэт хот
    Эрхэм хүндэт Эрдэнэтчүүдээ!
    Тавтай сайхан намаржиж байна уу?

    Манай улсын 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалтын эзэд болсон Эрдэнэт хотын бүтээлч, хөдөлмөрч иргэд Та бүхэнтэй намрын их ажил хөдөлмөр өрнөж байгаа энэ өдрүүдэд уулзаж байгаадаа баяртай байна.

    Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би энэ онд бүх аймгаар явж, орон нутгийн ажил амьдралтай танилцах, Засгийн газраас авч хэрэгжүүлж  байгаа болон хийхээр төлөвлөж буй ажил хэргийн талаар олон түмэндээ танилцуулан, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилго тавин ажиллаж байгаа юм. Энэ зорилгын үүднээс наадмын дараагаас төвийн болон  баруун бүсийн  9 аймаг, мөн говийн 4 аймгаар явж, иргэдтэй уулзаж, ахуй амьдрал, ажил байдалтай нь танилцлаа.

    Энэ удаагийн томилолтоороо манай орны үйлдвэрлэл, газар тариалангийн гол бүс нутгийн аймгуудад ажиллаж байна. Манай хөдөөгийн иргэд маань өвөг дээдсийнхээ гал голомтыг залгамжлан өөрийн төрж өссөн нутаг орондоо мэдлэг оюун, ажил үйлсээ зориулан бүтээлчээр хөдөлмөрлөж, ахуй амьдралаа дээшлүүлэх, аймаг, сумаа хөгжүүлэх үйлсэд идэвхийлэн ажиллаж байгаа нь харагдлаа. Аймгуудад өөр өөрийн онцлогтой олон сайхан бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлэн,  зарим үр дүнд хүрч байгааг газар дээр нь үзэж танилцлаа. Үүний зэрэгцээ төр засгийн хэмжээнд анхааралдаа авч нэгдсэн бодлоготойгоор шийдвэрлэх асуудлууд ч цөөнгүй байгаа нь уулзсан орон нутгийн иргэд, удирдлагуудын санал хүсэлтээс харагдаж байна.

    Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор саяхан Засгийн газрын  хуралдаанаар тусгайлан хэлэлцэж, шийдвэр гаргаж, тодорхой арга хэмжээ авч байна.  Тодруулан хэлэхэд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх, хөдөө аж ахуйн бирж болон мах боловсруулах үйлдвэрийн сүлжээ байгуулах, малгүй болсон малчдын банкны зээлийн өрийн зарим хэсгийг Хүний хөгжил сангаас иргэн бүрт хүртээх хишиг, хувиас нөхөн төлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

    Байгаль бол бидний гэр орон, бүлээн дулаан өлгий, амьдрал тэтгэгч эх булаг билээ. Гэвч эх болсон байгаль дэлхийтэйгээ хэрхэн харьцаж буйгаа эргэцүүлж нэг нухацтай бодож, эргэн тойрноо бодитой харвал асуудал ноцтой байдалд хүрээд байгаа нь нэн тодорхой байна. Тодорхой нэг улс үндэстний төдийгүй хүн төрөлхтний  ирээдүй байгальтайгаа цаашид хэрхэн харьцахаас шууд хамаарах болжээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурт гарч буй огцом өөрчлөлт, байгалийн элдэв гамшигт үзэгдлүүд нь ихэвчлэн  хүний болчимгүй буруу үйл ажиллагаатай холбоотой гэдгийг судлаачид нотолж байгаа.

    Эрс тэс уур амьсгал, эмзэг онгон хөрс, ургамалтай манай орны хувьд  байгаль экологийн энэхүү сөрөг өөрчлөлтийн үр дагавар хурц тодоор шууд  мэдрэгдэх боллоо.  Дулааны улирлын хугацаа богиносон, хэт халалт, хүйтрэлт, хуурайшилт явагдаж бэлчээрийн даац хомсдсон нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан манай хөдөөгийн ард иргэдийн амьдралд хүндээр тусч байна. Цөлжилт нь манай гариг дэлхийн нэг тэрбум гаруй хүний   амьдралд шууд аюул учруулж байгааг НҮБ болон Олон улсын байгаль орчныг хамгаалах байгууллагуудаас удаа дараа хийсэн судалгаа тайланд дурьдсан байна.

    Энэ асуудалд олон нийтийн анхаарлыг онцгойлон хандуулахын тулд Засгийн газрын хуралдааныг анх удаа цөлжилт ихээр явагдаж байгаа Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг Гашууны хоолойд саяхан хийлээ. Уг  хуралдаанаар  манай оронд болон дэлхий нийтийн өмнө ч нэгэн адил тулгарч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн тухай асуудлыг хэлэлцэж,  хурдацтай  явагдаж буй цөлжилт, цаг уурын өөрчлөлт, түүний дэлхий дахинд үзүүлж буй нөлөөллийн асуудалд дэлхийн улс гүрний анхаарлыг төвлөрүүлэх зорилтыг тавьсан юм.

    Энэ хүрээнд Монгол оронд хэрэгжүүлэх Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийг Засгийн газрын дээрх хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын зэрэгцээ, байгалийнхаа баялагийг зөв зохистой ашиглан эдийн засгаа өсгөн, хүн ардынхаа хөгжил дэвшил, сайн сайхан амьдрах  нөхцлийг  бүрдүүлэх нь  Засгийн газар бүрийн  эрхэм зорилт  төдийгүй түүний сорилт, шалгуур болдог. Энэ жишгийн дагуу манай хамтарсан Засгийн газар  асуудлын хүнд бэрхээс халгаж халшралгүй, өнөө маргаашаар аргацаалгүйгээр  ирээдүйд үр дүнгээ өгөх их бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлэхээр зориглон ажиллаж байна.

    Энэхүү төсөл хөтөлбөрүүдээ Та бүхэндээ тайлбарлан таниулж, иргэд олон түмнийхээ сэтгэл зүтгэлийг их бүтээн байгуулалтын зүг хандуулах нь энэ удаагийн томилолтын нэг гол зорилт юм. Их бүтээн байгуулалтын ажлын гол  цөм нь улс орноо аж үйлдвэржүүлэхэд оршино. Учир нь орчин үеийн эдийн засгийн өсөлтийн үндэс тулгуур нь  аж үйлдвэржүүлэлт, өндөр технологи, мэдлэг мэдээлэл болоод байна.  Тиймээс ч  аж үйлдвэржүүлэх бодлого улс орны хөгжлийг шинэ шатанд гаргана хэмээн манай Засгийн газар үзэж байгаа юм.
     
     Эрхэм хүндэт иргэд ээ!

    Улс оронд олон жилийн туршид яригдаж байсан боловч бүрэн шийдэж чадаагүй байсан асуудлуудын зангилааг хамтарсан Засгийн газар тайлж, бүтээн байгуулалтын зарим томоохон ажлуудыг эхлүүллээ. Тухайлбал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох  Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар  одоо үйлдвэрлэлийн бэлтгэл ажил ид  өрнөж байна.

    Мөн Таван толгойн орд газрыг ашиглах талаарх төрийн бодлого, үзэл баримтлалыг Улсын Их Хурлаар батлууллаа. Ингэснээр  Монгол улсын иргэн бүр эх орныхоо байгалийн баялгаас хувь  эзэмших, ашиг хүртэх орд газрыг эзэмших болон түүнийг дагасан бүтээн байгуулалтын ажилд манай иргэд, дотоодын аж ахуйн нэгж  давуу эрхтэйгээр оролцох, цаашид үндэсний компаниуд өсөн бэхжих бодлого эрх зүйн үндэс баталгаажиж байгаа юм. Орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын эхлэлүүд ч ач холбогдлоо өгч эхэлж байна. Тухайлбал, оны эхний саруудын байдлаар уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 1100 гаруй хүнээр нэмэгдэж, өнөөгийн байдлаар Оюу толгой төсөлд 3600 гаруй монгол ажилчид ажиллаж байна. 

    Үүнээс гадна манай хувийн хэвшлийнхэн Өмнөговь аймгийн Ухаа худаг, Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний орд, Сэлэнгэ аймгийн Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрын олборлолтыг эхлүүлж, түүнийг дагалдсан дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эрчтэй өрнөж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт анх удаа үндэсний мэргэжилтэн, ажилчдын хүч хөдөлмөрөөр дулааны цахилгаан станцыг барьж байгуулж байна. Ийнхүү ашигт малтмал, уул уурхайг түшиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажил эх орны өнцөг булан бүрт өрнөж эхэллээ.

    Үйлдвэрлэлийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилбэл 2012 оноос Таван толгойн, 2013 оноос Оюутолгойн орд газрын  үндсэн олборлолт  эхэлж, түүхий эд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргана. Ашигт малтмалыг боловсруулах, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг бий болгох, ингэснээр ард иргэдээ ажлын байраар хангаж аж амьдралыг нь дээшлүүлэхэд төр засгийн бодлого чиглэж байгаа билээ.

    Оюутолгойн үндсэн олборлолт эхлэхэд өнөөгийн үйл ажиллагаагаа явуулж буй Эрдэнэт үйлдвэрээс 3 дахин илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргана гэсэн тооцоо судалгаа бий. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байсан зарим он жилүүдэд Эрдэнэт үйлдвэр дангаараа экспортын нийт орлогын 40-50 хувь, улсын төсвийн орлогын 40 гаруй хувийг бүрдүүлж байсан.

    Монгол улс зах зээлийн эдийн засгийн шилжилтээ эхэлсэн 1990-ээд оноос хойш өнөөг хүртэл Эрдэнэт үйлдвэр улс орны эдийн засгийн томоохон хувь нэмэр оруулж, санхүү, эдийн засгийн хямралтай байсан он жилүүдэд ч улсын төсөвт олон зуун тэрбум төгрөгийн татварын орлого оруулж, улс орны өмнө тулгамдаж байсан олон талын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд жинтэй хувь оруулж ирснийг ч өнөөдөр энд хэлэхэд таатай байна. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчид та бүхний бүтээлч хөдөлмөрийг төр засаг өнөөдөр ч гэсэн өндөрөөр үнэлж байгаа билээ.  

    Ойрын жилүүдэд Оюутолгой, Тавантолгой, Ухаахудагт бий болж байгаа томоохон бүтээн байгуулалтын үр дүнд Монгол улсын төсөв болон хүн амыг ирэх 30-40 жилд мөнгөн орлогоор тасралтгүй хангах шинэ орд газар, үйлдвэрийн газрууд баригдаж, эхнээсээ зарим төрлийн түүхий эдээ экспортод гаргаж, улсын төсөвт багагүй хувь нэмрээ оруулж байна. Импортыг багасгаж, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн аж үйлдвэржилтийн бодлогыг цогцоор хэрэгжүүлснээр улс орны хөгжил шинэ шатанд гарна. Энэ бүх ажлыг нэгтгэж зангидсан алсын хараатай төрийн бодлого, сайн зохион байгуулалт хэрэгтэй.

    Засгийн газраас баталсан “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”, “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр” зэрэг баримт бичгүүд нь энэхүү бодлого, зорилгод чиглэж байгаа юм. Эдгээр хөтөлбөр, чиглэлийн дагуу улс орны эрчимтэй хөгжлийг хангах зорилгоор Оюутолгой, Тавантолгойн орд газруудыг түшиглэсэн аж үйлдвэрийн цогцолборыг Сайншанд хотод байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү аж үйлдвэрийн цогцолбор  байгуулах төслийн хүрээнд зэс хайлуулах, газрын тос боловсруулах, хар металлургийн, кокс химийн, нүүрс химийн, барилгын материалын үйлдвэр зэрэг улс орны цаашдын хөгжлийг тодорхойлсон томоохон үйлдвэрүүд баригдана.

    Ингэснээр Монгол Улс уул уурхайн баялгаа түүхийгээр нь гадагш гаргах бус дотооддоо боловсруулах, нэмүү өртөг шингэсэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орныхоо эрэлт хэрэгцээг хангахаас гадна гадаадад экспортлох боломжтой болно. Томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж, хэдэн мянган шинэ ажлын байр бий болж, орчин үеийн аж үйлдвэрийн хот үүсч хөгжинө.

    Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг ашиглалтад оруулснаар урьдчилсан тооцоогоор манай улсын эдийн засгийн бодит өсөлт эрс хурдацтай нэмэгдэж,  ДНБ-д  аж үйлдвэрийн салбарын эзлэх хэмжээ 60 орчим хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2 дахин нэмэгдэх, өрх гэр бүлийн орлого хурдацтай өсөн нэмэгдэх зэргээр ард иргэдийн аж амьдралд мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарах болно.
     
    Аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад эхний ээлжинд нийт 5000 инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчид шаардагдана гэсэн урьдчилсан тооцоо байдаг. Ерөнхий боловсролын сургууль болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн, одоогоор ажилгүй байгаа залуучуудыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ ихтэй байгаа инженер техникийн ажилтан, гагнуурчин, бетон цутгагч, засварчин зэрэг ажил мэргэжлээр сургахаар бид шийдвэрлэж, энэ онд эхний удаад 3000 гаруй залуучуудыг ямар нэгэн төлбөргүйгээр холбогдох чиглэлийн МСҮТ-д сургахаар шийдвэрлэсэн.

    Ингэхдээ орон нутгаас, иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу аймаг тус бүрт суралцах залуучуудын квот гаргаж, бүтээн байгуулалтын ажилд бүхий л аймгийн залуучуудыг хамруулна. Үүнд Орхон аймгаас энэ удаад 111 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Монгол улсад уул уурхай, дэд бүтцийн салбарт ажлын байр олноор бий болж, түүнд ажиллах хүсэл сонирхол бүхий залуус мэргэжлийн дадал, ур чадвар олгох сургуулиуд нь бэлэн байна. Одоо гагцхүү суралцагчийн, залуучуудын маань өөрсдийн сахилга хариуцлага, санаачлагатай байдлаас л цаашдын сайхан амьдралын  баталгаатай эсэх байдал шалтгаалах болно гэдгийг сайтар анхаарах  ёстой.
     
    Төслийн хүрээнд дэвшилтэт техник, өндөр технологи бүхий үйлдвэрүүд тэдгээрийн найдвартай үйл ажиллагааг хангах дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжтай, байгаль орчинд ээлтэй, шилдэг хот төлөвлөлттэй, олон улсын хэмжээнд эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвар бүхий аж үйлдвэрийн цогцолборыг төрийн болон хувийн хөрөнгө оруулалтаар байгуулах болно.

    Саяхан батлагдсан “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд эхний ээлжинд Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн хэвтээ тэнхлэгийн нийт 1000 гаруй км төмөр зам  барихаар төлөвлөж үүнийг гүйцэтгэснээр эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц өгч, шинэ шинэ ажлын байр бий болох боломж мөн бүрдэнэ. Аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам төслийн зэрэгцээ 2011-2016 онд хэрэгжүүлэх “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарыг сэргээх, нийслэл болон хүн ам төвлөрсөн хот суурин, бүс нутгийн дэд бүтцийг сайжруулах, орон  сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг  бүрдүүлэх олон талын томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

    Аж үйлдвэржүүлэлт,  шинэ бүтээн байгуулалтын зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгох, олон шаттай зөвшөөрлийн тогтолцоог өөрчлөх, бүртгэл мэдээллийн шинэ тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн болон боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, өөрөөр хэлбэл эдийн засгийг ардчилахад чиглэсэн удирдлага зохион байгуулалтыг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

    Уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ манай орны эдийн засгийн нэг үндсэн тулгуур болох хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд Засгийн газар онцгойлон анхаарч байгаа. Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тариа бусад ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх замаар дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүргэх нь бидний ойрын зорилт юм. Энэ нь зөвхөн тухайн салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх төдий бус бүхэлдээ  манай эдийн засгийн тэр дундаа улс үндэстний маань хүнсний аюулгүй байдлын чухал холбогдолтой том зорилт гэдгийг хэлье.

    Атрын 3 дугаар аян үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амын гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавьж, тариаланчдыг дэмжих олон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тодорхой үр дүн гарч байна. Энэ онд 330 гаруй мянган тонн улаан буудай хураан авч, 250.0 мянга орчим тонн гурил үйлдвэрлэх боломжтой, ингэснээр гурилын хомсдол гарахгүй байх нөхцөл бүрдэнэ гэсэн тооцоо, судалгааг холбогдох мэргэжлийн яам, байгууллага гаргаад байгаа.

    Мал аж ахуй бол манай орон нутгийн үндсэн салбар, хөдөөгийн иргэдийн маань амьжиргааны гол эх үүсвэр билээ. Иймд Засгийн газрын онцгой анхаарлын төвд байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг УИХ-аас батлан гаргасныг хэрэгжүүлэхээр Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч эхлээд  байна.

    Өнгөрсөн өвөл, хавар байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл зуд болж,  мал аж ахуйн салбар, малчдын аж амьдралд ихээхэн хүндрэл учруулсан. Энэхүү  зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 9,7 сая толгойгоор хорогдож, олон арван тэрбум төгрөгийн шууд  хохирол учирч, 8700 гаруй өрх огт малгүй болсон. Зудын хор хохирлыг арилгах, зутарч хохирсон малчдынхаа амьжиргааг тэтгэх зорилгоор Засгийн газраас саяхан тогтоол гарган  “Малчин өрхийг малжуулах журам”-ыг батлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ журмаар улсын хэмжээнд малгүй болсон нийт өрхийн 50 хувийг 2010 онд малжуулна. Үүнд зориулан эхний ээлжинд Засгийн газар 3 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж, аймаг бүрт хуваарилан олгож эхэлсэн.

    Манай Засгийн газрын тэргүүлэх үндсэн зорилго бол Монгол хүнээ хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа. Монгол хүн бүр ажилтай, орлоготой, эрүүл саруул, эрдэм боловсролтой, бүтээлч чадвартай байх нь бид бүхний нийтлэг хүсэл эрмэлзэл билээ. Засгийн газар юуны өмнө нийгмийн баялгаас иргэн бүрт хувь хишиг хүртээх, хувь хүний болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Эхний ээлжинд иргэн бүрт 70 мянган төгрөг олгосон.
     
    Мөнгийг бэлнээр, бөөнөөр олгох нь инфляци өсгөж, юмны үнэ хөөрөгдөх сөрөг үр дагавартай байгаа учир, цаашид сар бүр тогтмол олгож байхаар саяхан шийдсэн. Тухайлбал, энэ оны 8 дугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт 10 мянган төгрөг олгож байгаа бол 2011 оноос эхлээд сар бүр 20 мянгаас доошгүй төгрөг олгохоор тогтож байна. Үүнийг удахгүй 2011 оны улсын төсвийн төсөл, Хүний хөгжил сангийн төсвийг хэлэлцэн батлах үед эцэслэн шийдвэрлэж, баталгаажуулах болно.
     
    Үлдэх 1.0 сая төгрөгийг иргэдэд боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр болон орон сууцны, малчны ба бусад зээлийн төлбөрт нь зарцуулах хэлбэрээр олгохоор судалгаа тооцоог холбогдох яам байгууллагууд хийж байна. Саяхан манай Засгийн газрын хуралдаанаар “Сургалтын төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай”  асуудлыг хэлэлцээд тогтоол гаргаж, их, дээд сургууль, коллежийн суралцагчийн төлбөрөөс 500,0 мянган төгрөгийг 2011 оны 1 дүгээр сараас эхлэн Хүний хөгжил сангаас бэлэн бусаар олгохоор шийдвэрлэлээ.
      
    Энэ арга хэмжээ нь манай ард иргэдэд учирч байсан сургалтын төлбөрийн болон банкны зээлийн дарамтыг багасгаж, тэдний ахуй амьдралд томоохон дэмжлэг болохуйц зөв зүйтэй арга хэмжээ болсон гэж манай ард иргэд, олон нийт үзэж, ихээхэн дэмжиж  байна. Мөн энэ оны 10 дугаар сараас төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэхээр шийдсэн. Олон хүүхэдтэй эхэд олгох мөнгийг нэмэгдүүлсэн бөгөөд түүнийг энэ оны IV улирлаас олгохоор шийдвэрлээд байна. 

    Сүүлийн жилүүдэд буюу 2005 оноос хойш төрөлт ихээхэн хурдацтай нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ жилээс эхлэн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн асуудал тулгамдсан асуудал болон гарч ирж байна. УИХ, Засгийн газраас сургуулийн өмнөх боловсролын тогтолцоо, цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулахад ихээхэн анхаарч жил бүрийн төсөвт цөөнгүй тооны цэцэрлэгийг шинээр барих хөрөнгийг тусган гүйцэтгэж ирсэн. Үүний үр дүнд улсын хэмжээнд 2009 онд 31, энэ оны эхний 8 сарын байдлаар 28 цэцэрлэгийн барилга тус тус шинээр баригдаад байна.

    Өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд 814 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа боловч жил тутам 60,0-67,0 мянган хүүхэд шинээр төрж байгаагийн улмаас, шинээр төрсөн хүүхдийн тооны өсөлтийг цэцэрлэгийн анги, танхимын хангамж гүйцэж чадахгүй байна. Ойрын жилүүдэд ч хүн амын насны бүтэц, өсөлттэй холбоотой энэ асуудал ирэх жилүүдэд ч сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-уудад дамжин олон жил үргэлжлэх хандлагатай байна.

    Удахгүй Засгийн газраас Монгол улсын ирэх 2011 оны төсвийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа. Энэхүү төсвийн төсөлдөө ч бид хүүхдийн цэцэрлэг, яслийн барилга, өргөтгөлийн асуудлыг дахин анхаарч тусгах, зохистой шийдлийг олох, олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх зэрэг олон талын арга хэмжээг авах болно.

    Эрхэм хүндэт иргэдээ,

    Засгийн газар эдийн засаг, нийгмийн бодлогын дээрх зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагын ажил, үйлчилгээг бүх шатанд сайжруулах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхийг эрмэлзэж байна. Энэ чиглэлээр төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн. Засгийн газраас орон нутагт олгож байгаа төсвийн шилжүүлгийг тухайн орон нутгийн хөгжлийн индекст тулгуурлан тодорхойлж байх зарчимд шилжинэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улс, бүс нутгийн шинж чанартайгаас бусад бүх бараа, ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааруулан тухайн орон нутаг худалдан авдаг байх журам тогтооно.

    Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох, чөлөөлөх  эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлэх зэрэг арга хэмжээг авна. Бүх шатанд хариуцлагын тогтолцоог бий болгож, хууль дүрмийг чанд мөрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн ёс суртахууны эсрэг үзэгдэлтэй тууштай тэмцэж, ард иргэдийн амгалан тайван байдлыг хангахад ч онцгойлон анхаарч ажиллаж байгаа, ажиллах ч болно.

    Төр засгийн шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бүх салбар, орон нутгийн түвшинд  бодит ажил болон өрнөж, түүний үр дүн ард иргэдэд шууд хүрч, мэдрэгдэж байх учиртай. Тийм ч учраас энэ удаагийн томилолтын нэг зорилго бол гаргасан шийдвэрийг аймаг, сум, багийн түвшинд иргэдэд хүргэх талаар хэрхэн ажиллаж байгаа, иргэдийн санал бодол ямар байгаатай танилцах, мөн орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаар ямар арга хэмжээ авч болох талаар санал бодлоо солилцоход чиглэж байна.

     Эрдэнэт хотын иргэдээ!

    Манай улсын аж үйлдвэрийн томоохон төв болсон Эрдэнэт хотын хэмжээнд 2010 оны эхний 8 сарын байдлаар 756.2 тэрбум төгрөгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 55.5 хувь өссөн өөдрөг үзүүлэлт нааштай сайн мэдээ гарсан байна. Энэ оны эхний 8 сарын байдлаар аймгийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон  өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сангаас 93 аж ахуйн нэгж, 51 төсөлд 2.8 тэрбум төгрөгийн зээл тус тус олгож, 330 байнгын ажлын байр шинээр бий болгожээ.

    Үүний үр дүнд жилд 3000 тонн яс боловсруулах, 165.2 мянган метр квадрат сендвичин хавтан үйлдвэрлэх, 1100 ширхэг арьс шир боловсруулж суран бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөнгөн блок, өнгөлгөөний тоосгоны зэрэг үйлдвэрүүд, гахайны 300 аж ахуй шинээр байгуулагдсан байна. Бүтээн байгуулалтын чиглэлээр сүүлийн 2 жилд хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, цэвэр усны өргөтгөх станц, 11.5 км хатуу хучилттай зам баригдаж, хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөл барих ажлууд хийгдэж байна.

    Ирэх онд тохиох Эрдэнэт хот байгуулагдсаны 35 жилийн ойг угтаж томоохон бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байгаа нь сайшаалтай. УИХ-аас Засгийн газарт өгсөн үүрэг чиглэлийн дагуу Зэс хайлуулах үйлдвэрийг барих асуудлыг нарийвчлан судлан, боловсруулж байна. Холбогдох тооцоо судалгааг ойрын хугацаанд бэлэн болгож, УИХ-д танилцуулахаар Засгийн газар ажиллаж байна.  Бид аль болох богино хугацаанд урьдчилсан бэлтгэлийг хангаж зэс хайлуулах үйлдвэрийг барьж эхлүүлэх болно.

    Мөн Үйлдвэр технологийн хууль батлагдсантай холбогдуулан Эрдэнэт хотод аж үйлдвэрийн парк байгуулах асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газар нухацтай судалж байна.

    Эрхэм хүндэт иргэдээ,

    Орхон аймаг, Эрдэнэт хот улам бүр өргөжин хөгжиж, улс орныхоо хөгжил дэвшилд улам их хувь нэмэр оруулахын хамт та бүхний амьдрал ахуй ямагт өөдлөн дэвжиж байхын өлзийтэй ерөөлийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье. 

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Ерөнхий сайд С.Батболдын Өмнөговь аймгийн иргэдтэй хийсэн уулзалтад хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболдын Өмнөговь аймгийн иргэдтэй хийсэн уулзалтад хэлсэн үг

    / БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ НЬ НЭГДМЭЛ ЗОРИЛТ МӨН /

    2010 оны 8 дугаар сарын 27

    Даланзадгад хот                              
    Тавтай сайхан намаржиж байна уу, Өмнөговьчууд аа.

    Уудам дэлгэр орны маань өлзийт үүдэн Өмнийн говь нутгийн ард иргэд Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна.
    Миний бие Монгол Улсын хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдоод яг 10 сар болж байна. Энэ хугацаанд УИХ-ын чуулганы болон Засгийн газрын хуралдаан, ОУ-ын болон  гадаад орны зочин төлөөлөгчдийн айлчлал, ажил хэргийн уулзалт, гадаад томилолт гэрээ хэлэлцээр, иргэд сонгогчдын уулзалт яриа, Үндэсний ба олон улсын хурал гээд онцгой нөхцөл байдал ба цаг үеийн шуурхай ажил хэрэг гэсээр орон нутгийн ард иргэдтэйгээ уулзаж учрах боломж нөхцөл хомс байлаа. Орон нутгийн хөгжил, хөдөөгийн хүн ардын нийгмийн асуудал Засгийн газрын онцгой анхааралд байсаар ирсэн, байх ч болно гэдгийг хэлье.

    Засгийн газрын тэргүүний хувьд би энэ онд, бүр тодруулбал, ирэх оны улсын төсвийн үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө хөдөөгийн бүх аймгаар явж, төсвийн зарцуулалт, үр ашиг, үндсэн чиглэлээр баталсан зорилтуудын хэрэгжилт явц, төрийн ажил, үйлчилгээний хүртээмж, үр нөлөө, иргэдийн аж амьдрал, орон нутаг дахь бүтээн байгуулалт, цаг үеийн ажил төрөлтэй танилцах шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

    Энэ зорилгын үүднээс наадмын дараагаас төвийн болон баруун бүсийн 9 аймгаар 20-иод хоног явж, 5000 км замыг туулан 6300 гаруй иргэдтэй уулзаж, ахуй амьдрал, ажил хэрэгтэй танилцаад ирлээ. Орон нутаг бүр өөр өөрийн онцлогтой олон сайхан бүтээлч ажлуудыг  хийж хэрэгжүүлэн, зарим үр дүнд хүрч байгааг газар дээр нь үзэж танилцлаа. Манай хөдөөгийн иргэд маань өвөг дээдсийнхээ голомтыг залгамжлан өөрийн төрж өссөн нутаг орондоо мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө зориулан бүтээлчээр ажиллаж, ахуй амьдралаа  дээшлүүлэх, аймаг, сумаа хөгжүүлэх үйлсэд идэвхийлэн ажиллаж байгаа нь харагдлаа. Үүний зэрэгцээ төр засгийн хэмжээнд анхааралдаа авч, нэгдсэн бодлоготойгоор шийдвэрлэх олон асуудал байгааг уулзаж учирсан аймаг, сумын удирдлага, иргэд хөдөлмөрчид санал болгож байлаа. Энэ талаар саяхан Засгийн газрын хуралдаанаар тусгайлан хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авахаар болсон.

    Говь нутгийг зорьсон энэ удаагийн томилолт нь орон нутгийн төдийгүй улс орны хөгжлийн ирээдүйтэй шууд холбоотой Засгийн газрын  тэргүүлэх чиглэлийн ажлын явцтай газар дээр нь танилцах, асуудлыг ард иргэдтэйгээ хамтран хэлэлцэх зорилготойгоороо онцлог юм.
    Хамтарсан Засгийн газрын бодлогыг хамгийн товчоор “Хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн” хэмээн тодорхойлж байгаагаа Ерөнхий сайдаар томилогдох үедээ УИХ-ын индэр дээрээс илэрхийлснийг Та бүхэн санаж байгаа байхаа.

    Тэгвэл Хүний хөгжлийг хангахын тулд эдийн засгаа хөгжүүлэх нь эн тэргүүний зорилт мөн. Эдийн засгийн хөгжлийн үндсэн тулгуур нь аж үйлдвэржүүлэлт, бүтээн байгуулалт, гол хөшүүрэг нь хөрөнгийн зах зээл, сайн засаглал, хөдөлгөгч хүч нь бүтээлч сэтгэлгээтэй, боловсрол мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай иргэн хүн билээ.

    Энэхүү гурван хүчин зүйлийг нийтгэн нэгтгэж, эдийн засгийн өсөлтийг хангах гол түлхүүр, эхлэх цэг нь стратегийн ач холбогдолтой орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах явдал гэж бид үзсэн юм.Энэ бодлого нь зөв байсныг бид зүүн говийн аймгаар хийсэн энэ ажлын айлчлалын үеэр дахин мэдэрлээ.Монголын их говь сэрж байна.Энд монгол орны маань ирээдүйн хөгжлийг тодорхойлох их бүтээн байгуулалтын төслүүд гараагаа хэдийнээ эхэлжээ. Өчигдөр зөвхөн нэг уурхайд очиход ажиллагсадын дундаж цалин 890000 төгрөг гэж мэдээлж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, хүний газар бэдэрч хөдөлмөр эрхлэхийн оронд эх орондоо мэргэжлээ үнэ төлбөргүй эзэмшээд, эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулж хилийн чанадаас дутахгүй орлоготой ажиллаж амьдрах боломж бүрдэж байна гэсэн үг.Энэ боломж бололцоог улам өсгөн нэмэгдүүлэхийн төлөө Засгийн газар та бүхэнтэйгээ хамтран чармайн ажиллах болно.

    Иймээс Оюутолгойн хөрөнгө  оруулалтын гэрээг батлуулахын төлөө Засгийн газар тууштай ажилласны үр дүнд өнгөрсөн 4-р сарын эцсээр гэрээ хүчин төгөлдөр болсон. Энэ хүчин чармайлт талаар болсонгүй гэдэгт өнөөдөр бид итгэлтэй байна. Өчигдөр Оюутолгойн бүтээн байгуулалтын үйл явцтай газар дээр нь танилцлаа. Нийтдээ  5,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах энэ том төслийн ажил гэрээ байгуулсанаас хойш эрчимтэй өрнөж, нийт хөрөнгө оруулалтынхаа гуравны нэг орчмыг Монголд нэгэнт оруулжээ.

    Ажил  хэрэг энэ эрчээрээ өрнөвөл 3 жилийн дараа уурхай болон үйлдвэрлэлийн цогцолбор бүрэн баригдаж дуусах төлөвтэй. Тэр үед  Эрдэнэтээс 3 дахин  илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн тооцоо судлагаа бий. Эрдэнэт маань өнөөдөр дангаараа  манай ДНБ-ний 40 орчим хувийг үйлдвэрлэж байгаа гээд бод бүгдээрээ. Ямар их ирээдүйтэй бүтээн байгуулалт эхэлчихээд байгаа нь хэн бүхэнд төсөөлөгдөнө. Бодит байдал гэвэл өнөөдөр тэнд дэлхийн олон орноос ирсэн шилдэг мэргэжилтэнүүд бүхий 3500 гаруй хүн шилдэг технологи ашиглан ажиллаж байгаагаас 2600 гаруй нь монгол хүн байна. Энэ бол өчнөөн шинэ ажлын байр, түүгээр дамжаад төчнөөн гэр бүлийнхэн үр шимийг нь шууд хүртэж байна гэсэн үг. Бүхэлдээ Монголын бүх иргэд энэ орд газраас хувь хишгээ хүртээд эхэлчихсэн гэж хэлж болно. Иймээс Засгийн газар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх замаар хөрөнгө оруулагч талтай үр дүнтэй харилцан ажиллаж, энэ төслийн эцсийн үр дүнг үзэхийн төлөө тууштай ажиллах болно.

    Засгийн газрын хэрэгжүүлж эхлэж  буй нэг том төсөл бол “Тавантолгойн орд” газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах явдал. Энэ бол коксжих болон эрчим хүчний нүүрсний нүүрсний дэлхийд дээгүүр орох их нөөцтэй олон жил ашиглагдах, ингэхдээ жил бүр дунджаар 1,0 тэрбум орчим ам.долларын орлогыг улсын төсөвт оруулах бололцоотой стратегийн чухал орд юм.Энэ орд газрыг ашиглах үзэл баримтлал, бодлогыг УИХ-аар батлуулсан нь эхний чухал алхам мөн. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр байгалийн баялагаасаа хувь эзэмших, ашиг хүртэх, орд газрыг эзэмших болон түүнийг дагасан бүтээн байгуулалтын ажилд дотоодын аж ахуйн нэгж, Монгол хүн давуу эрхтэйгээр оролцох, цаашид үндэсний томоохон компаниуд өсөн бэхжих бодлого, эрхзүйн үндэс баталгаажиж байгаа юм.

    Энержи ресурс компани “Ухаа худаг” төслийн хүрээнд жил гаруйхны хугацаанд 1000 орчим ажлын байр шинээр бий болгож, ингэхдээ нийт ажиллагсадынхаа 40 гаруй хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлж, монголын 500-аад аж ахуйн нэгж, компанийг төслийн гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгчээр ажиллуулж байгаа нь бүс нутгийн хөгжилд төдийгүй улс орны эдийн засагт чухал хувь нэмэр оруулж буй хэрэг юм.
    Энэ төслийн хүрээнд нүүрс олборлох, нүүрс баяжуулах,  гүн  боловсруулах үйлдвэрийг, дулааны цахилгаан станц, усан хангамж, орон сууцны хотхон, нисэх буудал зэрэг дагалдах дэд бүтцийн хамт цогцоор барьж байгуулах ажил ид явагдаж байсантай бид танилцсан. Энэ удаа төрийн өмчит Эрдэнэс МГЛ –ийн үйл ажиллагаатай танилцаж цаашид ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.

    Ажил урагшилж дэвшиж байгаа нь тодорхой байна. Хөрс хуулалт эхлэж тоног төхөөрөмжөө авч 100 гаруй шинэ ажлын байр буй болон техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж оператор компанийг шалгаруулах ажлаа аль хэдийнэ эхэлжээ.Энэ ажлаа улам эрчимжүүлж ард иргэд аж ахуйн нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэх, олон улсын болон үндэсний хөрөнгийн биржид хувьцаа арилжаалах арга хэмжээг 2011 онд эхлүүлэх үүргийг Засгийн газраас холбогдох Яам, газрын удирдлагуудад өглөө.

    Ирээдүйн Тавантолгойн бүтээн байгуулалтанд хувийн хэвшлийн ийм ур чадвартай, үүрэг хариуцлагатай үндэсний компаниудтай Засгийн газар  үр ашигтай түншлэн ажиллах бөгөөд цаашид тэдний өсөн бэхжих орчин, бүхэлдээ бизнесийн орчны шинэтгэлийг эрчимжүүлэх бодлогоо тууштай хэрэгжүүлнэ. Өмнөговь аймгийг Монгол улсын хөгжлийн загвар аймаг болгон хөгжүүлэх зорилго тавигдаж байгаа билээ. Уул уурхай дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудын зэрэгцээ нутгийн иргэдийн нийгэм соёл, орон сууцны асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.

    Эдгээр асуудлуудыг тусгайлан авч үзэж Засгийн газарт ойрын хугацаанд танилцуулахыг холбогдох яам Өмнийн говийн хөгжлийн зөвлөл, аймгийн удирдлагад чиглэл болгож байна. Ураны орд газруудыг ашиглаж эхлэх нь говийн аймгуудын хөгжилд төдийгүй улс орны эдийн засгийн хөгжил,аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой. Иймд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орших орд газрын талаар яриа хэлэлцээг эрчимжүүлж ашиглалтанд оруулах үүргийг өгсөн.

    Газрын тосны хайгуулын үйл ажиллагаа эхнээсээ эхлэн олборлолтонд шилжиж байна.Иймд газрын тосыг түүхийгээр нь экспортлохоос гадна дотооддоо газрын тос боловсоруулах бэлтгэл ажлыг яаралтай хангах шаардлагатай байна. Энэ үүргийг Эрдэс баялаг, Эрчим хүчний яаманд өгч ойрын хугацаанд газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгын хамт газрын тосны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна.

    Монголын их говь сэргэж байгааг ч дээр хэлсэн. Нүүрс зэс алтны  том төслүүд хүчээ авахын зэрэгцээ уран, газрын тос дэд бүтэц, хот байгуулалтын төслүүдийг цаг алдалгүй эхлэх боломжийг Засгийн газар бүрдүүлэх ёстой.

    Эрхэм нөхөд өө

    Энд би өөрийн биеэр үзэж танилцсан хоёрхон газрын бүтээн байгуулалтын тухай дурдлаа.Үүнээс гадна танай аймгийн Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний уурхай, Сэлэнгийн Төмөртэйн төмрийн хүдрийн орд гээд эх орны өнцөг булан бүрт уул уурхайн олборлох үйлдвэрлэл, түүнийг дагасан бүтээн байгуулалт ид өрнөж байна.

    Ингэхдээ Монгол Улс уул уурхайн баялагаа түүхийгээр нь гадагш гаргах бус дотооддоо боловсруулах, нэмүү өртөг шингэсэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орныхоо эрэлт хэрэгцээг хангахаас гадна гадаадад экспортлох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийн дагуу “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”, “Төмөр зам”, “Шинэ бүтээн байгуулалт” зэрэг аварга том төслүүдийг хэрэгжүүлэхээр Засгийн газар бэлтгэл ажилдаа ороод байна.

    Хамтарсан Засгийн газраас хүчин чармайлт тавиад байгаа аж үйлдвэржүүлэлт, их бүтээн байгуулалтын зорилтууд нь хөрөнгө оруулалт, ажлын шинэ байрыг ихээр нэмэгдүүлэх, өндөр технологи, шилдэг менежмент, дэлхийн стандартыг нэвтрүүлэх, бизнесийн орчин, төрийн удирдлагын болон боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх замаар Монгол хүний хөгжлийн түвшинг ахиулах, хамгийн товчоор хэлбэл, хүний төлөө хөгжлийн бодлогын суурь үндэс юм гэдгийг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэ том аврага зорилт, их бүтээн байгуулалтыг хүн л хийж таараа. Ойрын 5 жилд 40 мянга гаруй ажлын байр шинээр бий болох төлөвтэй.

    Их бүтээн байгуулалт шаардагдах боловсон хүчин мэргэжилтэй ажилтан, ажиллагсадыг бэлтгэх тогтолцоог өнөөгийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх шаардалагатайг бид бүхэн сайн ойлгож байгаа. Өнөөдөр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 45000 залуучууд сурч байна.Үүнээс гадна саяхан Оюут толгой төслийн санхүүжилтээр 3300 ажилгүй иргэдийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан сурган мэргэжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан.Дэлхийн түвшний энэ шаардлагад уялдуулан МСҮ-ийн төвүүдийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, чадавхийг бэхжүүлж сургалтын тоног төхөөрөмж, сурах орчин нөхцөлийг сайжруулах дорвитой арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх болно. Мөн хамтарсан засгийн газраас хүн рүү хандсан шууд хөрөнгө оруулалт буюу иргэдийн  орлогод дэмжлэг үзүүлэхэд анхаарч байна. Үүний тулд ” Хүний хөгжлийн сан” байгуулж, иргэн бүрт олгох 1,5 сая төгрөгөөсөө эхний ээлжинд 70000 төгрөгийг олгосон. Та бүхэнд хүрсэн гэж ойлгож байгаа.

    Мөнгийг бэлнээр бөөнөөр олгох нь инфляци өсгөж, юмны үнэ хөөрөгдөх сөрөг үр дагавартайг тооцож, цаашид сар бүр тогтмол олгож байхаар саяхан шийдсэн. Тухайлбал энэ оны 08 дугаар сарын 01 нээс эхлэн он дуустал иргэн сар бүр 10000 төгрөг, 2011 оноос эхлээд сар бүр 20000 төгрөг олгохоор тогтсон. Үлдэх 1,0 сая төгрөгийг иргэдэд  аль хэрэгтэй байдлаар нь буюу боловсрол, сургалт, эрүүл мэндийн үйлчилгээ болон орон сууцны , малчны болон бусад зээлийн төлбөрт нь зарцуулах хэлбэрээр заавал хүртээх зорилготой ажиллаж байна.

    Мөн энэ оны 10 дугаар сараас төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг 30 хувиар нэмэхээр шийдсэн. Ийнхүү иргэдийг мөнгөн орлогын тогтвортой эх үүсвэртэй байлгах талаар бид аль болохоор хичээн ажиллаж байна.

    Бүтээн байгуулалтаар дамжуулан хүний хөгжлийг хангах чухал зорилтын зэрэгцээ Засгийн газрын онцгой анхааралд буй нэг асуудал бол байгаль орчныг хамгаалах зорилт мөн. Энэ бол эцсийн дүндээ цаанаа хүний хөгжлийн төлөөх төрийн бодлогын нэг хэсэг юм.  Учир нь байгаль бол бидний гэр орон, бүлээн дулаан өлгий, бүр амьдрал тэтгэгч эх булаг билээ. Бид амьсгалах агаар, уух ус, идэх хүнс ногоо ер нь хүний бүхий л хэрэгцээт бүх зүйлээ байгалиас шууд ба шууд бусаар авдаг. Гэвч эх болсон байгаль дэлхийтэйгээ  бид хэрхэн харьцаж байгаа билээ.  Эргэцүүлж нэг нухацтай бодож, эргэн тойрноо бодиттой харвал асуудал ноцтой байдалд хүрээд байгааг ойлгож ядах юмгүй. Тодорхой нэг улс үндэстний төдийгүй хүн төрөлхтний  ирээдүй бүхэлдээ байгальтайгаа цаашид хэрхэн харьцахаас шууд хамааралтай болоод байна.

     Эрс тэс уур амьсгал, эмзэг онгон хөрс ургамалтай манай орны байгаль экологийн хувьд  цаг уурын  өөрчлөлтийн  сөрөг үр дагавар ил шууд  мэдрэгдэх боллоо.  Дулааны улирлын хугацаа богиносон, хэт халалт, хүйтрэлт, хуурайшилт явагдаж бэлчээрийн даац хомсдсон нь мал аж ахуйн эдийн засаг дээр суурилсан манай хөдөөгийн ард иргэдийн амьдралд хүндээр тусч байна. Зөвхөн өнгөрсөн өвөл, хаврын байгалийн гамшгийн улмаас 9,7 сая мал хорогдож, 8700 гаруй айл өрх огт малгүй болж, нийтдээ 57,5 тэрбум төгрөгийн шууд хохирол улсад учирсан тооцоо гарсан. Танай аймаг гэхэд л хагас сая гаруй малаа алдаж, 500 шахам айл өрх малгүй болж, ихэнх малчдын амьдрал ахуй эрс хүндэрсэн.

    Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурт гарч буй огцом өөрчлөлт , байгалийн элдэв гамшигт үзэгдлүүд нь ихэвчлэн  хүний болчимгүй буруу үйл ажиллагаатай холбоотой гэдгийг судлаачид нотолж байгаа. Иймд энэ асуудалд олон нийтийн анхаарлыг онцгойлон хандуулахын тулд Засгийн газрын хуралдааныг цөлжилт ихээр явагдаж буй говь нутагт зохион байгуулж, асуудлыг шийдэх гарцыг ард иргэдтэйгээ хамтран хэлэлцэх нь энэ томилолтын гол зорилгын нэг байсан.
     
    Энэ зорилгын хүрээнд өнөөдөр Баяндалай сумын Гашууны хоолойд Засгийн газар ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар, цаашид авах арга хэмжээний талаар БОАЖ-ийн сайдын мэдээллийг сонсож, уур амьсгалын өөрчлөлтийн шинэчилсэн хөтөлбөрийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол оронд болон дэлхий дахинаа үүсэн бий болж байгаа ноцтой асуудлуудад олон улсын анхаарлыг хандуулахын тулд дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудад хандаж илгээлт гаргалаа. Энэ бүхэн зохих үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.

    Орон нутагт тэр тусмаа хөдөө хээр анх удаа хийж байгаа энэ удаагийн Засгийн газрын хуралдааны бэлтгэлийг зохих ёсоор хангасан орон нутгийн удирдлага, иргэд болон ирж оролцсон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл, зочдод Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.

     Уур амьсгалын өөрчлөлтийн зэрэгцээ уул уурхайн олборлолттой холбоотойгоор байгаль орчин, хөрс,  ургамал сүйдэж доройтож байгаа нь Өмнөговь аймагт илэрхий ажиглагдаж байна. Эндээс уул уурхай болон үйлдвэржүүлэлт нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэсэн болгоомжлол гарч байгаа нь яах аргагүй үнэн. Гэхдээ шууд тийм дүгнэлт, гаргалгаа хийж хараахан болохгүй. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж чадвал бид энэ аюулыг тойрч гарах боломж бий.

    Хариуцлагатай уул, уурхай  гэдэг бол байгальд ээлтэй, эдийн засагт үр ашигтай, хувь хишиг нь ард иргэдэд хүртээлтэй байх явдал гэж бид ойлгож байгаа. Тийм ч учраас орд газарт хөрөнгө оруулалт хийж, олборлолт, үйлдвэрлэл явуулах хүсэлтэй гадаад, дотоодын аль ч компанид энэ шаардлагыг тавьж, шалгуур үзүүлэлт тогтоон,  хариуцлага тооцож ажиллах болно. Тэгэхлээр өнөөдөр хайран газар шороо гэж халаглаж, шүүмжилж  харж суухын оронд зам, талбай зэрэг дэд бүтцийг нэн түрүүнд яаралтай барьж байгуулахыг үйл ажиллагаа явуулж буй компаниудаас шахаж шаардах, улмаар тэдний энэ талын бүтээн байгуулалтад гар бие оролцох нь иргэн хүний үүрэг болоод байна. Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, нөхөн сэргээлт, хөрсжүүлэлт, мод  бут, зүлэг, ногоо тариалах бүтээлч ажлыг өрнүүлэх замаар байгалийн эвдрэл доройтлыг сэргээн засахаас өөр үр дүнтэй арга зам үгүй гэдгийг хаана хаанаа ойлгох цаг болсон. Энэ талаар өмнөговьчууд та бүхэн эхлүүлсэн нааштай санал санаачилгаа идэвхжүүлэхийн хамт өмнөд хөршийнхөө бэлэн туршлагыг өргөнөөр хэрэгжүүлбэл зохино. Тэнд уул тал, говь цөлийг бүхэлд нь ногооруулж, ургамалжуулж байна. Мэдээж, энд хөрөнгө мөнгө хэрэгтэй.  Үүнийг байгалиас өөрөөс нь буюу уул уурхайн үйлдвэрлэлийн ашиг, орлогоос гаргаж байгаа. Тэгэхлээр уул уурхайг байгальд халтай бус, ээлтэй байдлаар эрхэлж болох арга зам бүрэн байна. Манай Засгийн газрын “ногоон эдийн засгийн бодлого” үүнд чиглэгдэж байгаа.

     Орон нутагт газрын эзэмшилт, ашиглалт, газар зохион байгуулалтад холбогдох байгууллага онцгой анхаарч, эхнээс нь хэтийн төлөвлөгөөтэй бодлоготой хийх хэрэгтэй. Танай аймгийн нутаг дахь орд газрын ашиглалтыг дагалдаж бий болох хот тосгоны хэрэгцээнд зориулж Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын тодорхой хэмжээний газрыг улсын тусгай хэрэгцээний газарт авсан Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь хуулийн дагуух үйлдэл бөгөөд эдгээр газруудад ирээдүйн хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил хийгдэж байгаа. Энэ нутагт байгаа орд газруудыг аймгийнхаа хөгжлийн гол тулгуур болон байгальд сөрөг нөлөөлөл багатайгаар эргэлтэд оруулан ашиглахад лиценз эзэмшигч компани болон орон нутгийн удирдлага санаачилгатай ажиллаж, орчны  тэнцлийг алдагдуулахгүй, байгалиа хөнөөж бохирдуулахгүй байхад онцгой анхаарал хандуулахыг дахин сануулж байна.

    Бүтээн байгуулалт, байгаль хамгаалал гэсэн хоёр сэдвийн дор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засаг, нийгмийн гол зорилтуудыг хураангуйлан Та бүхэнд сонголоо. Үүнээс гадна мал аж ахуй, газар тариалангийн салбарт манай Засгийн газар томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ талаар би бусад аймагт хэлсэн үгэндээ дэлгэрэнгүй дурдсан тул энд товчхон хэлье.

    Мал аж ахуй бол орон нутгийн аж амьдралын үндэс. Өмнөговь аймгийн эдийн засгийн хөгжилд энэ салбар өнөөг хүртэл тэргүүлэх байр суурийг эзэлсээр ирсэн бөгөөд цаашид ч мөн уул уурхайн салбартай хослон эрчимтэй хөгжүүлэх бодлого чиглэлийг баримталвал зохино.
     
    Өнгөрсөн өвөл, хавар мал аж ахуйд учирсан хохирлыг арилгахад Засгийн газраас 6,8 тэрбум төгрөгийг  зарцуулсан бөгөөд   малгүй өрхүүдийг малжуулах арга хэмжээнд зориулан  нэмж 3,0 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэрийг  өнгөрсөн  7 сард гаргасан.
     
    Цаашид МАА-н салбарыг бүхэлд нь сайжруулах зорилгоор “Монгол мал” хөтөлбөрийг боловсруулж дэс дараатай арга хэмжээ авч байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд малыг чанаржуулах, фермерийн аж ахуй хөгжүүлэх, мал аж ахуйн түүхий эд, ашиг шимийг иж бүрэн боловсруулах чиглэлээр орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг Засгийн газар хөрөнгө санхүүгээр дэмжихээр заасан. Энэ талаар танай аймагт ихээхэн боломж бий. Тус аймагт буй хилийн хоёр боомтоор гадагш урсаж байгаа малын түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийгээд гадагш гаргах нь ашигтай бизнесийн нэг байх боломжтой.

    Засгийн газраас хүн амынхаа хүнсний хэрэгцээ, аюулгүй байдлыг хангах үүднээс ” Атрын III аян”-ыг цаашид эрчимжүүлэх, энэ онд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах зорилт  тавин ажиллаж байна. Танай аймагт  төмс хүнсний ногооны тариалалт  өнгөрсөн оны мөн үеэс буурч, харин тэжээлийн ургамал өссөн дүн мэдээтэй байна. Сүүлийн 10 жил тус аймгийн газар тариалангийн салбар өсөлт бууралттай явж ирсэнд дүгнэлт хийн цаашид тогтворжуулах, жимс жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллавал зохино. Саяхан   ХХААХҮ-ийн сайд  томилолтоор ажиллах явцдаа 20 хүлэмж, ХАА-н бага оврын 9 тракторын асуудлыг шийдвэрлэсэн нь аймгийн газар тариалангийн салбарын хөгжилд бага ч гэсэн бодит дэмжлэг болж байгаа гэж үзэж байна.

    Ийнхүү Засгийн газар бүхий л салбарт тодорхой бодлого гаргаж, бодит ажлыг эхлүүлээд байна. Одоо энэ бүхнийг орон нутаг дэмжин дор бүрнээ хөдлөх, хийх, санаачлах хэрэгтэй байна. Үүний тулд орон нутаг руу чиглэсэн төрийн бодлого, өөрөө өөрийгөө хөгжүүлэх орон нутгийн санаачлага хоёр хослон нийлэх хэрэгтэй. Бид аливаа шийдвэрлэвэл зохих, бэрхшээлтэй асуудлыг ярилцаж, хэлэлцэхэд үйл ажиллагааны болон эрх мэдлийн зохистой бус “Төвлөрөл” нь ажил хэргийг зөв зохион байгуулж, хэрэгжүүлэхэд саад болж байгаа нэг хүчин зүйл юм. Иймээс Засгийн газраас төвлөрөлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Засгийн газраас улсын төсөв, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагаа, боловсон хүчний томилгоо, хяналтын  төвлөрлийг  багасгаж, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг  илүү тодорхой болгох замаар  иргэд  өөрийн асуудлаа өөрөө шийдэх  эрхийг нутгийн засаг захиргаанд шилжүүлэх зэрэг арга  хэмжээг авахаар төлөвлөж байгаа болно.

    Эрхэм нөхөд өө

    Монголчууд бид баялагтаа эзэн болж, хүний аюулгүй байдал хангагдсан амар тайван чинээлэг орон  болж хөгжих  алсын зорилтдоо хүрэхийн тулд засаглал  ойлгомжтой, хууль дүрэм  шударга, олон нийтийн хяналттай,  төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа ил тод, нээлттэй,  төрийн үйлчилгээ  орон нутагт тэгш хүртээмжтэй хүрдэг, ажлаа иргэдээрээ үнэлүүлдэг байх ёстой. онгол Улсын Засгийн газрын “Хүний аюулгүй байдлыг хангах, сайн засаглал хөтөлбөр”, мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын  түншлэлийн харилцааг бэхжүүлэх,  засаглалын институцын чадавхи, үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг  дээшлүүлэхэд чиглэсэн Төрийн албаны шинэтгэлийн өргөн хүрээтэй бодлого зорилтыг хэрэгжүүлж байгаа билээ.

    Өмнөговь аймгийн хувьд  төрийн үйлчилгээний хүнд суртал бий болгосон дүрэм, журмуудыг хуульд нийцүүлэхээр сум, байгууллагын дарга эрхлэгч нарын захиргааны шийдвэрийг улирал бүр хянан зөвлөгөө туслалцаа үзүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үйл ажиллагааны  ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд  иргэд үнэлгээ өгөх  зэрэг  ажлын эхлэл бий болж байгаа нь зөв зүйтэй алхам юм.

    Өмнөговь аймаг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын зорилтуудаа хэрэгжүүлэхэд зохих санаачилга гарган ажиллажээ. Тухайлбал, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг өргөтгөн бэхжүүлж, уул уурхайн салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг дотоод, гадаадад сургаж бэлтгэх, хөдөө сумдад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх зорилгоор “эмчийн орон сууц хөтөлбөр”, “эмчийн тэтгэлэгт хөтөлбөр”-үүдийг “Оюутолгой”  төсөлтэй хамтран хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Гэсэн  хэдий ч эх нялхасын эндэгдэл зэрэг анхаарал татсан асуудлууд байгааг сануулж хэлье. Тус аймагт ажлын байр шинээр мэдэгдэхүйц нэмэгдэж, аймгийн хэмжээнд үйлдвэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2009 онд өмнөх оноос 55,2 хувиар өсч, нэг хүнд ногдох хэмжээ нь 906,8 мянгаар өссөн нь бусад аймгуудынхтай харьцуулахад нааштай үзүүлэлт юм.

    Орон нутагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэх, төрөөс үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах бодлогыг баримтлан Концессийн тухай хуулийн дагуу эргэн төлөгдөх нөхцлөөр хийгдэх хөрөнгө оруулалтын жагсаалтыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж,  шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан нэн тэргүүнд шаардлагатай 80 бүтээлч ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа юм байна.

    Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил нэмэгдэж буйтай холбогдуулан улсын төсвөөс орон нутагт оруулах хөрөнгө оруулалтын хувь хэмжээ ч жил бүр өсөн нэмэгдэж байгаа. 2010 онд танай аймагт Улсын төсвөөс 5,5 тэрбум төгрөгийн барилга байгууламж их засвар хөрөнгө оруулалтын ажил төлөвлөгдсөн нь өмнөх оноос 50 хувийн өсөлттэй байна. Энэ онд мөн тус аймагт бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр 1,2 тэрбум, Эрүүл мэндийн салбарт 793,5 сая, боловсролын салбарт 2,4 тэрбум, эрчим хүчний салбарт 380,0 сая, хил хууль хяналтын салбарт 734,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Засгийн  газраас олгосон билээ.

    Өнөө үед цаг үеийн ажил буюу хадлан тариа, намаржилт, өвөлжилтийн бэлтгэл ажил Та бидний анхаарал хандуулах чухал асуудал болоод байна. Наадмын  дараахан Засгийн газрыг 7 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Мал аж ахуй, эрчим хүчний болон зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай асуудлыг авч хэлэлцээд тогтоол гаргаж, улс орон даяар зохион байгуулалттай бэлтгэл ажлыг хангах үүрэг, даалгаврыг яамдын сайд нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн. Өвөлжилтийн бэлтгэлийг зөвхөн Засаг дарга нар, салбарын яамд бус айл өрх бүр, малчин тус бүр хүйтний улирал эхлэхээс урьтаж, цаг хугацаатай уралдан олон талын бэлтгэл ажлыг хангасан байх шаардлагатайг онцлон анхааруулъя.

    Эрхэм хүндэт Өмнөговьчуудаа!

    21 дугаар зууны Монголын говь нутгийн өнгө төрх өөдрөг, гэгээлэг байна. Өмнийн говь өнөөдөр онгон зэлүүд газар биш их бүтээн байгуулалтын талбар болж, эрдэс баялагынхаа үүцийг нээж, эх орны маань нэрийн хуудас болж байгаа нь бахархалтай.

    Чухамдаа дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуай ” Говь” хэмээх алдарт шүлэгтээ ” Хөрсөн дороос ус гаргаж
                      Хөх цэнхэр тэнгис тогтооно
                      Хангайн модыг говь рүү нүүлгэж
                      Ханагар ногоон ой шуугиулна
                      Гандирсан хотын илбэн зургийг
                      Газар дээр хот болгож гараараа бид барих болно” хэмээн зөгнөн бичсэн нь өнөөдөр бодит байдал болж хувирах бололцоотой болжээ. 
    Эх нутгийнхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, газар шорооны төлөө эрэлхэгээр  тэмцэж, баатарлагаар хөдөлмөрлөж явсан  эх орончдын үр хойч болсон говьчууд та бүхэн эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож, өвөг дээдэс, ахмад үеийнхнийхээ өв  уламжлалыг бататган,  Монгол эх орон, говь сайхан нутгаа хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Та бүхэндээ хандан уриалж байна.

    Өгөөмөр уудам, өгөөж баян говь нутагтаа уул уурхайн олборлолтыг дагасан эрин цагийн шинэ бүтээн байгуулалт өрнүүлж, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, эрдэм соёл, урлаг спортоо улам баяжуулан хөгжүүлж, эв найртай элбэг хангалуун, чинээлэг сайхан аж төрөхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

     Буцаад ирэхэд булаг шиг, дахиад ирэхэд далай шиг байгаарай гэдэг  эртний сайхан ерөөлөөр энэхүү үгээ өндөрлөе өө.   

      Монгол Улс улам хөгжин цэцэглэх болтугай

  • Ерөнхий сайд С.Батболд Дорноговь аймгийн иргэдтэй уулзахдаа хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболд Дорноговь аймгийн иргэдтэй уулзахдаа хэлсэн үг/Аж үйлдвэржүүлэх бодлого- улс орны хөгжлийг шинэ шатанд гаргана/

    Домог түүхийн өлгий, эрдэс баялагийн уурхай болсон энэ сайхан нутгийн эзэд Дорноговьчууд Та бүхнийхээ амар амгаланг айлтган, хувиасаа болон хамт яваа нөхдийнхөө халуун дотно мэндийг дэвшүүлье.

    Төр засгийн тэргүүн нар орон нутагт ажиллаж ард иргэдтэйгээ уулздаг нь тогтсон жишиг боловч энэ удаагийн уулзалт Та бидний хувьд анхных гэдгээрээ онцлог. Бас өргөн бүрэлдэхүүн яваа нь аливаа асуудлыг ажил хариуцсан Засгийн газрын гишүүн болон холбогдох албан тушаалтанд шууд тавих боломжийг Та бүхэнд олгож байгаагаараа онцлог.

     Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би  энэ онд хөдөөгийн бүх аймгаар явж, орон нутгийн ажил амьдралтай танилцах,  Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа болон хийхээр төлөвлөж буй ажил хэргийн талаар олон түмэндээ танилцуулан, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилго тавин ажиллаж байгаа юм. Энэ зорилгын үүднээс наадмын дараагаас төвийн болон  баруун бүсийн  9 аймгаар 20-иод хоног  албан томилолтоор явж, 5000 км замыг туулан 6300 гаруй иргэнтэй уулзаж, ахуй амьдрал, ажил хэрэгтэй танилцаад ирсэн.

    Манай хөдөөгийн иргэд маань өвөг дээдсийнхээ голомтыг залгамжлан өөрийн төрж өссөн нутаг орондоо мэдлэг оюун, ажил үйлсээ зориулан бүтээлчээр хөдөлмөрлөж, ахуй амьдралаа дээшлүүлэх, аймаг сумаа хөгжүүлэх үйлсэд идэвхийлэн ажиллаж байгаа нь харагдлаа. Аймгуудад өөр өөрийн онцлогтой олон сайхан бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлэн,  зарим үр дүнд хүрч байгааг газар дээр нь үзэж танилцлаа. Үүний зэрэгцээ төр засгийн хэмжээнд анхааралдаа авч нэгдсэн бодлоготойгоор шийдвэрлэх олон асуудал байгааг уулзсан орон нутгийн иргэд, хөдөлмөрчид, удирдлагуудаас санал болгож байлаа.

    Энэ талаар саяхан Засгийн газрын  хуралдаанаар тусгайлан хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авахаар болсон. Говь нутгийг зорьсон энэ удаагийн томилолтын үндсэн зорилгыг  байгаль хамгаалал, бүтээн байгуулалт гэсэн товчхон үгээр илэрхийлж болно.

    Байгаль бол бидний гэр орон, бүлээн дулаан өлгий, бүр амьдрал тэтгэгч эх булаг билээ. Энэ үг хэн бүхэнд мэдээж зүйл мэт сонсогдож байгаа. Гэвч эх болсон байгаль дэлхийтэйгээ хэрхэн харьцаж буйгаа эргэцүүлж нэг нухацтай бодож, эргэн тойрноо бодиттой харвал асуудал амаргүй байдалд хүрээд байгааг ойлгож ядах юмгүй. Тодорхой нэг улс үндэстний төдийгүй хүн төрөлхтний  ирээдүй байгальтайгаа цаашид хэрхэн харьцахаас шууд хамааралтай болоод байна.

    Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурт гарч буй огцом өөрчлөлт , байгалийн элдэв гамшигт үзэгдлүүд нь ихэвчлэн  хүний болчимгүй, буруу үйл ажиллагаатай холбоотой гэдгийг судлаачид нотолж байгаа. Эрс тэс уур амьсгал, эмзэг онгон хөрс ургамалтай манай орны байгаль экологийн хувьд энэ сөрөг өөрчлөлтийн үр дагавар ил шууд  мэдрэгдэх боллоо.  Дулааны улирлын хугацаа богиносон, хэт халалт, хүйтрэлт, хуурайшилт явагдаж бэлчээрийн даац хомсдсон нь мал аж ахуйн эдийн засаг дээр суурилсан манай хөдөөгийн ард иргэдийн амьдралд хүндээр тусч байна.

    Иймд энэ асуудалд олон нийтийн анхаарлыг онцгойлон хандуулахын тулд Засгийн газрын хуралдааныг цөлжилт ихээр явагдаж буй говь нутагт зохион байгуулж, асуудлыг шийдэх гарцыг ард иргэдтэйгээ хамтран хэлэлцэх нь энэ томилолтын  бас нэг  том зорилго юм.

    Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын зэрэгцээ, байгалийнхаа баялагыг зөв зохистой ашиглан эдийн засгаа өсгөн, хүн ардынхаа хөгжил дэвшил сайн сайхан амьдрах  нөхцлийг  бүрдүүлэх нь  Засгийн газар бүрийн  эрхэм зорилт  төдийгүй түүний сорилт, шалгуур болдог.  Энэ жишгийн дагуу манай хамтарсан Засгийн газар  асуудлын хүнд бэрхээс  халгаж халшрахгүйгээр, өнөө маргаашаар аргацаахгүйгээр  ирээдүйд үр дүнгээ өгөх их бүтээн байгуулалтын томоохон  төсөл хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлэхээр зориглон ажиллаж байна.

    Энэ төсөл, хөтөлбөрүүдээ Та бүхэндээ тайлбарлан таниулж, иргэд олон түмнийхээ сэтгэл, зүтгэлийг их бүтээн байгуулалтын зүг хандуулах нь энэ томилолтын хоёр дахь гол зорилт юм. Их бүтээн байгуулалтын ажлын гол  цөм нь улс орноо аж үйлдвэржүүлэхэд оршино. Учир нь орчин үеийн эдийн засгийн өсөлтийн үндэс тулгуур нь  аж үйлдвэржүүлэлт, өндөр технологи, мэдлэг мэдээлэл болоод байнаа.  Тиймээс ч  аж үйлдвэржүүлэх бодлого улс орны хөгжлийг шинэ шатанд гаргана хэмээн манай Засгийн газар үзэж байгаа юм.
     
    Дорноговь аймаг болон говийн  энэ бүс нутаг шинэ аж үйлдвэржүүлэлтийн нэгэн гол төв болох гэрэлт сайхан ирээдүй нэн холгүй байгаа тул энэ талаар Засгийн газраас хийж байгаа болон төлөвлөж байгаа ажлынхаа тухай Та бүхэндээ товчхон танилцуулъя. 

    Эрхэм хүндэт иргэд ээ!

    Миний бие Монгол Улсын хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдоод  10 сарын нүүр үзэх гэж байна.  Энэ хугацаанд манай Засгийн газраас олон жил яригдаад шийдэж чадаагүй томоохон асуудлуудын зангилааг тайлж, бүтээн байгуулалтын зарим ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах эхний алхам болох  Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг 4 сард байгуулснаар  одоо үйлдвэрлэлийн бэлтгэл ажил ид  өрнөж байна.

    Мөн Таван толгойн орд газрыг ашиглах бодлого, үзэл баримтлалыг Улсын Их Хурлаар батлууллаа. Ингэснээр  Монгол улсын иргэн бүр байгалийн баялгаасаа хувь  эзэмших, ашиг хүртэх орд газрыг эзэмших болон түүнийг дагасан бүтээн байгуулалтын ажилд дотоодын аж ахуйн нэгж, Монгол хүн давуу эрхтэйгээр оролцох, цаашид үндэсний компаниуд өсөн бэхжих бодлого  баталгаажиж байгаа юм.

    Орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын эхлэлүүд ч ач холбогдлоо өгч байна. Тухайлбал, оны эхний саруудын байдлаар уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 1100 гаруй хүнээр нэмэгдэж, Оюу толгой төсөлд 2200 гаруй монгол хүн ажиллаж байна. Үйлдвэрийг барьж байгуулах явцад  цаашид ч ажлын байр нэмэгдэх бөгөөд ашиглалтад орсон үед ажиллах мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, НХХЯ гэрээ байгуулан  ажиллаж байна.

    Үүнээс гадна манай хувийн хэвшлийнхэн Өмнөговь аймгийн Ухаа худаг, Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний орд, Сэлэнгэ аймгийн Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрын олборлолтыг эхлүүлж, түүнийг дагалдсан дэд бүтцийн   ажлууд  өрнүүлж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт анх удаа үндэсний мэргэжилтэн, ажилчдын хүчээр дулааны цахилгаан станц барьж байна. Ийнхүү ашигт малтмал, уул уурхайг түшиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажил эх орны өнцөг булан бүрт өрнөж эхэллээ.

    Үйлдвэрлэлийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилбэл 2012 оноос Таван толгойн, 2013 оноос Оюутолгойн орд газрын  үндсэн олборлолт  эхэлж, түүхий эд, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргана. Ашигт малтмалыг боловсруулах, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг бий болгох, ингэснээр ард иргэдээ ажлын байраар хангахад л төрийн бодлого чиглэж байгаа билээ.

    Импортыг багасгаж, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн аж үйлдвэржилтийн бодлогыг цогцоор хэрэгжүүлснээр улс орны хөгжил шинэ шатанд гарах юм. Энэ бүх ажлыг нэгтгэж зангидсан алсын хараатай төрийн бодлого, сайн зохион байгуулалт хэрэгтэй.

    Засгийн газраас баталсан ” Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл” , Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр” зэрэг баримт бичиг нь энэ бодлого, зорилгод чиглэж байгаа юм. Энэ хөтөлбөр чиглэлийн дагуу Монгол Улсын эрчимтэй хөгжлийг хангах зорилгоор Оюутолгой, Тавантолгойн орд газрыг түшиглэн аж үйлдвэрийн цогцолборыг Сайншанд хотод байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа та бүхэнд дуулгахад таатай байна.

    Энэ бол сэтгэл хөдлөлийн шийдвэр биш. Олон талын шалгуур тооцоонд үндэслэн  хамгийн тохиромжтой байршил гэж  тодорхойлсон, Олон улсын зөвлөх байгууллагын дүгнэлтэд тулгуурласан бодит үндэслэлтэй шийдвэр.  Сайншанд хотод аж үйлдвэрийн цогцолбор  байгуулах төслийн хүрээнд зэс хайлуулах, газрын тос боловсруулах үйлдвэр, хар металлургийн, кокс химийн, нүүрс химийн, барилгын материалын үйлдвэр зэрэг улс орны цаашдын хөгжлийг тодорхойлсон томоохон үйлдвэр баригдана.

    Ингэснээр Монгол Улс уул уурхайн баялгаа түүхийгээр нь гадагш гаргах бус дотооддоо боловсруулах, нэмүү өртөг шингэсэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орныхоо эрэлт хэрэгцээг хангахаас гадна гадаадад экспортлох боломжтой болно. Томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөнө, хэдэн мянган шинэ ажлын байр бий болно, орчин үеийн аж үйлдвэрийн хот үүсч хөгжинө.

    Урьдчилсан тооцоогоор Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг ашиглалтад оруулснаар манай улсын эдийн засгийн бодит өсөлт эрс нэмэгдэж ДНБ-д эзлэх аж үйлдвэрийн салбарын эзлэх хэмжээ 57 хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2 дахин нэмэгдэж, хүмүүсийн аж амьдралд мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарна гэж үзэж байна.

    Аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад эхний ээлжинд 5000 инженер, техникийн ажилтан болон мэргэжлийн ажилчин шаардагдана гэсэн урьдчилсан тооцоо байна. Эдгээр ажилчдыг дагаж ирэх, тэдгээрийн гэр бүл, тэдэнд үйлчлэх нийгмийн суурь үйлчилгээ хүртэл өсөн нэмэгдэх зайлшгүй шаардлага гарна.

    Мөн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Даланзадгад, Чойр, Сайншанд зэрэг орон нутгийн томоохон хотод ажиллаж байгаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд хөрөнгө оруулалт хийж хөгжүүлэх хэрэгцээ байна. Орон нутгийн иргэд ажлын байраар хангагдах, аж ахуй эрхлэгчид, уул уурхайн компаниудад үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх замаар орлого олох бололцоо бүрдэнэ.

    Өнөөгийн байдлаар “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад хамрагдаж болох үйлдвэр, дэд бүтцийн төслүүдийг хамруулан нийтдээ 10 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдахаар урьдчилсан тооцоо гараад байна. Төслийн хүрээнд дэвшилтэт техник, өндөр технологи бүхий “үйлдвэр”-үүд, тэдгээрийн найдвартай үйл ажиллагааг хангах дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжтай, байгаль орчинд ээлтэй, шилдэг хот төлөвлөлттэй, олон улсын хэмжээнд эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвар бүхий аж үйлдвэрийн цогцолборыг төрийн болон хувийн хөрөнгө оруулалтаар байгуулах болно.

    Саяхан батлагдсан “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд Сайншанд аж үйлдвэрийн цогцолбортой уялдуулан Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн хэвтээ тэнхлэгийн 1000 гаруй км төмөр зам  барина. Энэ нь  эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болж, шинэ ажлын байр бий болох боломж бүрдэнэ.

    Аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам төслийн зэрэгцээ 2011-2016 онд хэрэгжүүлэх “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарыг сэргээх, нийслэл болон хүн ам төвлөрсөн хот суурин, бүс нутгийн дэд бүтцийг сайжруулах, орон  сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг  бүрдүүлэхээр томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж эхэлсэн.

    Аж үйлдвэржүүлэлт,  шинэ бүтээн байгуулалтын зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн өмчийн  компаниудыг нээлттэй болгох, олон шаттай зөвшөөрлийн тогтолцоог өөрчлөх, бүртгэл мэдээллийн шинэ тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн болон боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, өөрөөр хэлбэл эдийн засгийг ардчилахад чиглэсэн удирдлага зохион байгуулалтыг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

    Уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ манай орны эдийн засгийн нэг голлох бүтэц болох хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд Засгийн газар ихээхэн анхаарч байгаа.

    Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тариа бусад ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх замаар дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүрэх нь бидний ойрын зорилт юм. Энэ нь зөвхөн тухайн салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх төдий бус бүхэлдээ  манай эдийн засгийн тэр дундаа хүнсний аюулгүй байдлын чухал ач  холбогдолтой  том зорилт гэдгийг хэлье.

    Атрын 3 дугаар аяныг үргэлжлүүлэн гурилын хэрэгцээгээ дотооддоо хангах зорилт тавьж, тариаланчдыг дэмжих олон арга хэмжээ авснаар тодорхой үр дүн гарч байна. Энэ онд 330 гаруй мянган тонн улаан буудай хураан авч, 250 мянга орчим тонн гурил үйлдвэрлэх боломжтой, ингэснээр гурилын хомсдол гарахгүй байх нөхцөл бүрдэнэ гэсэн тайлан мэдээллийг холбогдох яам, байгууллага гаргаад байгаа.

    Мал аж ахуй бол манай үндсэн салбар учир Засгийн газрын онцгой анхаарлын төвд байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 5 дугаар сард УИХ-аас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

    Өнгөрсөн өвөл, хавар байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл зуд  болж, мал аж ахуйн салбар, малчдын аж амьдралд ихээхэн хүндрэл учруулсан.

    Зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 9,7 сая толгойгоор хорогдож, нийт 550,0 орчим  тэрбум төгрөгийн шууд  хохирол учирч, 8700 гаруй өрх огт малгүй болсон. Зудын хор хохирлыг арилгах, зутарч хохирсон малчдынхаа амьжиргааг тэтгэх зорилгоор Засгийн газраас саяхан тогтоол гарган  “Малчин өрхийг малжуулах журам” батлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ журмаар улсын хэмжээнд малгүй болсон нийт өрхийн 50 хувийг энэ онд малжуулах юм. Үүнд зориулан эхний ээлжинд Засгийн газар 3 тэрбум төгрөг гаргаж, аймаг бүрт хуваарилан олгож байгаа. Энэ бүхэн нь эцсийн дүндээ хүн рүүгээ  хандсан бодлого билээ.    

    Манай Засгийн газрын хамгийн гол үндсэн зорилго бол хүний  асуудал  буюу Монгол хүнээ хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа.  Монгол хүн бүр ажилтай, орлоготой, эрүүл саруул, эрдэм боловсролтой, бүтээлч чадвартай байх нь бид бүхний нийтлэг хүсэл эрмэлзэл билээ. Засгийн газар юуны өмнө нийгмийн баялгаас иргэн бүрт хувь хишиг хүртээх, хувь хүний болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Эхний ээлжинд иргэн бүрт 70000 төгрөг олгоод байгаа.
     
    Мөнгийг бэлнээр, бөөнөөр олгох нь инфляци өсгөж, юмны үнэ хөөрөгдөх сөрөг үр дагавартайг тооцож, цаашид сар бүр, тогтмол олгож байхаар саяхан  Засгийн газраас шийдсэн байгаа. Тухайлбал, энэ оны 8 дугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт 10000 төгрөг, 2011 оноос эхлээд сар бүр 20000-оос доошгүй төгрөг байлгахаар тогтсон.
     
    Үлдэх 1.0 сая төгрөгийг иргэдэд аль хэрэгтэй байдлаар нь буюу боловсрол сургалт, эрүүл мэндийн үйлчилгээ болон орон сууцны, малчны ба бусад зээлийн төлбөрт нь зарцуулах хэлбэрээр олгохоор судалж байна. Ямар ч байсан иргэддээ 1,5 сая төгрөгийн хувь хишгийг бэлэн ба бэлэн бус хэлбэрээр заавал хүртээх болно. Мөн энэ оны 10 сараас төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэхээр шийдсэн. Олон хүүхэдтэй эхэд олгох мөнгийг нэмэгдүүлсэн бөгөөд түүнийг энэ оны IV улирлаас өгч эхлэхээр төлөвлөөд байна. Ийнхүү иргэдээ мөнгөн орлогын тогтвортой эх үүсвэртэй байлгах талаар бид аль болохоор хичээж байна.
     
    Засгийн газар эдийн засаг, нийгмийн бодлогын дээрх зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагын ажил, үйлчилгээг бүх шатанд сайжруулах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ аж ахуйг удирдах арга барилдаа ч шинэчлэл хийхийг эрмэлзэж байна. Энэ чиглэлээр төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлэсэн.

    Засгийн газраас орон нутагт олгож байгаа төсвийн шилжүүлгийг тухайн орон нутгийн хөгжлийн индекст тулгуурлан тодорхойлж байх зарчимд шилжинэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, орон нутгийн чанартай ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааран тухайн орон нутгийн удирдлага худалдан авдаг байх журамд шилжинэ.

    Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн болон мэргэжлийн хяналтын агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох, чөлөөлөх эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлэх зэрэг арга хэмжээ авна.

    Мөн бүх шатанд хариуцлагын тогтолцоо бий болгож, хууль дүрмийг чанд мөрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн ёс суртахууны эсрэг үзэгдэлтэй тууштай тэмцэж, ард түмний амгалан тайван байдлыг хангахад ч онцгойлон анхаарч ажиллаж байгаа, ажиллах ч болно.

    Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ойрын ирээдүйн бодлого зорилтын талаар  Та бүхэнд товч танилцууллаа. Төр засгаас гаргаж байгаа шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бүх салбар, орон нутгийн түвшинд  бодит ажил болон өрнөж, түүний үр дүн ард иргэдэд шууд хүрч байх учиртай. Тийм ч учраас энэ удаагийн томилолтын нэг зорилго бол гаргасан шийдвэрийг аймаг, сум, багийн түвшинд иргэдэд хүргэх талаар хэрхэн ажиллаж байгаа, иргэдийн санал бодол ямар байгаатай танилцах, мөн орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаар ямар арга хэмжээ авч болох талаар санал бодлоо солилцоход чиглэж байгаа юм.

    Эрхэм хүндэт иргэд ээ.

    Дорноговь нутаг байгалийн баялгийн арвин нөөцтэй, соёл, түүхийн гэрч болсон эртний түүхт газар нутаг, зан үйл, дуу хуур элбэгтэй, улс орондоо төдийгүй тив дэлхийд нэр алдраа дуурсгасан гавъяат үйлстнүүдээрээ алдартай билээ.

    Дорноговьчуудын ирээдүй ч бас гэгээлгээр төсөөлөгдөж байна. Яагаад гэвэл улс орны эдийн засгийн хөгжлийн стратегийн олон чухал түүхий эд, ашигт малтмалын орд энэ нутагт илэрч, зарим нь олборлох шатандаа орж байна. Үүнийг дагалдаад аж үйлдвэржүүлэлтийн ажил өрнөхийн хирээр зах зээлийн боломж нэмэгдэх учраас энэ боломжийг алдахгүй байх нь амжилтын үндэс болно.

    Дорнын их говь нутагт хайлуур жонш, цеолит, гөлтгөнө, нүүрс, газрын тос, алт, зэс, нефть зэрэг 38 төрлийн ашигт малтмалын 73 орд, 400 гаруй илэрц тогтоогдсон байдаг. Зөвхөн хайлуур жоншны нийт нөөцийн 30 гаруй хувь нь энэ нутагт бий. Зүүнбаянгийн  орд газарт нефтийн, Дулаан уулын орчимд ураны, Цагаан суваргын зэс-молибден, Хонгор, Чандмань уулын төмрийн хүдэр, холимог металл, Лугийн голын газрын ховор элемент болон хайлуур жонш, шохойн чулуу, гөлтгөнө зэрэг олон ашигт малтмалын нөөцийг тогтоож, хэд хэдэн газарт алт, уран, нүүрсний эрэл, хайгуулын ажил үргэлжлэн явагдаж байна. 

    Энэ уул уурхайг түшиглэсэн олборлох, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах, түүнийг дагалдсан бусад салбарын ажил хэрэгжиж эхэлснээр олон мянган ажлын байр бий болж, зөвхөн Дорноговьчууд төдийгүй, монголчууд ажлын байраар хангагдаж, ард иргэдийн маань амьдрал ахуй дээшилж, улс орны хөгжил шинэ шатанд гарах гэгээлэг ирээдүй харагдаж байгаа юм.

    Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт дэд бүтэц болоод нийгмийн чиглэлийн арга хэмжээнд хөрөнгө оруулалт сүүлийн 20-иод жилд байгаагүй хэмжээгээр өсч байгаа. Дорноговь аймагт зөвхөн 2010 онд гэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,1 тэрбум төгрөг, авто зам, Замын-Үүдийн дэд бүтцийг шийдвэрлэхэд 100  гаруй сая ам,долларын хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлж байна.

    Тус аймгийн Замын-Үүд боомт бол улс орны үүд хаалга болсон чухал ач холбогдолтой газар билээ. Замын-Үүдийн хөгжлийн хоцрогдлыг арилгах талаар олон жил шүүмжлэн ярилцсаар ирсэн. Хоцрогдлын шалтгаан нь нэгдсэн бодлогогүй явж байгаад байна гэж Засгийн газраас  дүгнээд, Замын-Үүд сумын ерөнхий төлөвлөгөөг 300,0 сая төгрөгөөр шинэчлэн хийлгэж байгаа.

    Тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар Засгийн газрын томоохон бодлогыг удахгүй гаргаж, орчин үеийн боомт хотын түвшинд хүргэх талаар хувийн хэвшлийнхэн, ард иргэдтэйгээ хамтран ажиллана гэж бодож байна.

    Орон нутагт ч өөрийн боломжоор хийж хэрэгжүүлэх ажил олон байна. Мал аж ахуйд суурилсан эдийн засагтай  аймгийн хувьд өөрийн газар нутаг, цаг уурын онцлогтоо тохирсон мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд малын эзэн-малчдын өөрсдийн оролцоо нэн чухал. Мөн  багийн Иргэдийн нийтийн хурал, сум, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэн шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

    Залуу малчдыг мал маллах арга ухаанд сургах, мал сүргээ эрүүлжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, байгаль цаг агаарын эрсдлээс хамгаалах зэрэг дээшээ харахгүйгээр орон нутагтаа шийдэх асуудал олон байна. Мал аж ахуйн түүхий эд, байгалийн нөөц баялаг, газар тариалангийн бүтээгдэхүүнийг  боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн хийх замаар орон нутгийн болоод шинээр бий болж байгаа уул уурхайн төвлөрлийн зах зээлд ажиллах жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ихээхэн боломж харагдаж байна.

    Ийм боломж байсаар байтал 2009 оны эцэст  ажилгүйчүүдийн тоо 2008 оныхоос 65,2 хувь өссөн  дүн гарсан байгаа.Цаашид Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор олгож байгаа зээлийг ажлын байр бий болгох төслүүдэд өгч, үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах хэрэгтэй нь харагдаж байна.

    Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор Засгийн газраас сүүлийн 2 жилд тус бүр 30,0 тэрбум төгрөг зарцуулсан. 2010 онд аймаг бүрт 530 сая төгрөг хуваарилсан. Энэ хөрөнгийг үр ашигтай зарцуулах нь чухал. Ийм нааштай эхлэл ч байна. Сая бид танай аймгийн иргэн Өнөрбаярын фермерийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. 50,0 сая төгрөгийн зээл авч жилийн дотор үнээний ферм, хүлэмжийн аж ахуй гээд юм юмтай болж чадсан байна. Та бүхний дотор ийм хөдөлмөрч, санаачилгатай иргэн олон байгаа. Тэднийхээ сайн үлгэр жишээгээр ажиллахад хүн бүрт их боломж бий.

    Дорноговьчууд ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүхийн бичиг, соёлын биет болоод биет бус өв дурсгалыг хадгалж үлдсэн оюунлаг ард түмэн билээ. Ноён хутагт Данзанравжаа нь хосгүй авъяас, эрдэм мэдлэгтэй үндэсний сэхээтний томоохон төлөөлөл бөгөөд шашин соёлын нэрт зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач, ая зохиогч, соён гэгээрүүлэгч гээд нэгэн биенд багтаж ядсан авъяастай ховорхон хүн байжээ.

    Энэ түүх уламжлал нь ч энэ нутгаас оюуны болоод урлагийн олон алдартан төрөн гарах үндэс суурь болсон бизээ. Аливаа улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч хүн, хүний хөгжлийн асуудал байдаг. Тиймээс иргэддээ боловсрол, мэдлэг, мэргэжил олгох асуудал юу юунаас чухал.

    Дорноговь аймгийн нийт хүн амын 22,4 хувь нь ерөнхий боловсролын сургууль, коллежийн сурагч, оюутан байна. Сургуулийн насны хүүхдийн сургуульд хамрагдалт, хичээлийн байрны хүрэлцээ хангамж аймгийн дунджаар улсын дундаж үзүүлэлтийн түвшинд явж байна. Харин Замын-Үүд сумын хувьд 960 хүүхдийн сургуульд  2500-аад хүүхэд суралцаж, 3 ээлжээр хичээллэж байгаа нь багш, сурагчдын суралцах орчныг бүрдүүлэхийн тулд өргөтгөл хийх шаардлага тулгарч байгаа юм байна.

    Аймгийн эрүүл мэндийн салбарын ажлын үзүүлэлтүүд улсын дунджийн түвшинд байгаа бөгөөд эхийн эндэгдэлгүй, хүүхдийн эндэгдэл урьд оноос буурсан байна. Дорноговь аймгийн нэг давуу тал бол Анагаах ухааны коллежоор эмч эмнэлгийн ажилтан бэлтгэдэг учраас энэ салбарын боловсон хүчний хангамж бусад аймагтай харьцуулахад өндөр байна. Энэ мэт нааштай эхлэл, давуу талаа бататгахын зэрэгцээ сул тал, ажлын хоцрогдол, дутагдлаа дор бүрнээ засаж залруулан ажиллах нь чухал. Одоо нам эвслээрээ талцаж толхилцож суух цаг биш болсон. Эвлэн нэгдэж, эвлүүлэн бүтээж барьж байгуулахын төлөө хамтран зүтгэх цаг.
    Эдийн засаг, нийгэм, соёлын зорилтуудаа хамтран шийдвэрлэхийн зэрэгцээ хэзээ мөдгүй болох өвлийн бэлтгэлээ бүх шатандаа хангахын төлөө цаг нартай уралдан ажиллаж, өрсөж амжуулахыг бас анхааруулъя аа.

    Эрхэм хүндэт Дорноговьчуудаа.

    Өвөг дээдсээсээ өвлөсөн эх оронч эрэлхэг зориг, хөдөлмөрч хичээнгүй, баатарлаг дайчин уламжлал Та бүхэнд бий. Угаас заяамал онгод авъяас, орчин үеийн боловсрол сургалтаар олж авсан онолын мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, бизнесийн ухаан бий.

    Мөн байгаль эхээс  хайрласан элбэг баян эрдэс баялаг байна. Та бүхний өмнө маш их боломж, элбэг хангалуун амьдрах сайхан ирээдүй байна. Төр засаг энэ боломжийг ард иргэд Та бүхэнтэйгээ хамтран ашиглаж улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд чармайн ажиллаж байна. 

    Дорнын говийн хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэцгээе. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

    Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэдтэй уулзахдаа хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэдтэй уулзахдаа хэлсэн үг/Хөгжлийн төлөө Хүн хамгийн үнэт баялаг/
    2010.08.14

    Сайн байцгаана уу, Эрхэм хүндэт иргэд ээ.
    Онгод найргийн унаган авъяастан, энэ нутгийн уугуул их найрагч Дэндэвийн Пүрэвдорж гуайн магтан бахдан шүлэглэсэн Хөвч ногоон хангай, хөшиг номин тал, уудам цэнхэр говь хосолсон улс монголын галавт нутгийг эзэгнэгхэн суугаа хөдөлмөрч хичээнгүй, оюунлаг авъяаслаг Өвөрхангайчууддаа Засгийн газрын тэргүүний хувиасаа болон хамт яваа албаны нөхдийн халуун дотно мэндийг дэвшүүлье. Орон нутагт ажилласан бидний олон хоногийн томилолт маань Өвөрхангайгаар эхэлж бас өндөрлөж байна. Эхлэл нь эртний түүхт нийслэл Хархорин, бариа нь домогт Арвайхээрээр овоглосон хот. Ердийн нэг тохиолдол биш ерөөл бэлэгдэлтэй гэж бодож байна. Эх орны хөгжил, их бүтээн байгуулалтын явц Арвайхээрийн хурдаар урагшлах болтугай хэмээн бэлэгшээж байна.

    Эрхэм нөхөд өө
    Бид олон аймгаар явж, олон хүнийг сонсож, орон нутгийн дүр төрх, ажил байдлыг өөрийн биеэр үзэж, мэдэрлээ. Засгийн газрын зүгээс ч, орон нутгийнхны талаас ч бодох сонсох зүйл, хийх ажил, шийдэх асуудал их байна. Юуны өмнө Та бүхэндээ Засгийн газрын зүгээс хийж байгаа болон ойрын ирээдүйд хийхээр төлөвлөж буй ажлаасаа тоймлон танилцуулъя. Миний бие Монгол Улсын хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллаад 9 сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд манай Засгийн газар олон жил яригдаад шийдэж чадаагүй томоохон асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж, улс орныхоо хөгжлийг түргэтгэх бодит алхам хийж, үйлдвэрлэл, бизнес хөгжих илүү тааламжтай нөхцөл бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллалаа.

    Энэ бүх хүчин чармайлтын үр дүнд эдийн засаг, нийгмийн салбарт эргэлт, сэргэлт болохуйц томоохон төсөл, хөтөлбөрүүд ам яриа, бичиг цаасны хэлбэрээсээ ажил хэрэг, бодит бүтээн байгуулалт болж эхэллээ. Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ 4 дүгээр сарын эцсээр байгуулагдсанаар ажил хэрэг ид өрнөж байна. Одоо тэнд 3000 гаруй хүн өдөр шөнөгүй ажиллаж байгаагаас 2300 шахам нь мэргэжилтэй монгол ажилтан, ажилчид юм.

    Цаашид нийтдээ 5700 гаруй хүн ажиллана, бүхэл бүтэн тосгон суурин болж, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий өндөр хүчин чадлын үйлдвэр уурхай ойрын жилд босно. Олон жилийн яриа, маргаан түүх болон үлдэж, одоо бодит ажил хэрэг, бүтээн байгуулалтаар бүх зүйл хэмжигдэх боллоо. Ингэснээр энэ орд газрын хувь, хишгээс иргэн бүр хүртээд эхэлчихсэн. Дараагийн ээлжинд Таван толгойн орд газрын ажлыг эхлүүлэх гэж байна. Бодлого, чиглэлээ Улсын Их Хурлаар батлуулчихсан. Энэ бодлогын гол зорилго нь монгол хүн бүртээ хувьцаа эзэмшүүлж, байгалийн баялгаар баталгаажсан өмчийн эрхтэй болгоход оршиж байгаа юм. Мөн үндэсний компани, аж ахуйн нэгж, үндэсний мэргэжилтэн боловсон хүчнээ нэн түрүүнд дэмжиж, ажлын байртай болгох давуу эрхийг эзэмшүүлэх бодлого барьж байгаа.

    Энэхүү шийдвэр нь малыг малчдад, орон сууцыг иргэдэд, газрыг хувьд өмчлүүлсэнтэй дүйцэхүйц ач холбогдолтой түүхэн алхам боллоо гэж үзэж байна. Одоогийн хурдаар ажил хэрэг цааш өрнөвөл 2012 оноос Таван толгойн орд газрын, 2013 оны дунд үеэс Оюу толгойн орд газрын үндсэн олборлолт эхэлж, түүхий эдээ экспортод гаргаж эхлэх болно. Оюу толгой, Таван толгой ордоос гадна манай хувийн хэвшлийнхэн гадаад дотоодын зах зээлээс хөрөнгө мөнгө босгож, Өмнөговийн Ухаа худаг, Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний орд, Сэлэнгийн Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрын олборлолтыг эхлүүлж, дэд бүтэц, дагалдах бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт анх удаа монголчууд өөрсдийн мэргэжилтэн, ажилчдын хүчээр дулааны цахилгаан станц барьж байгуулж байгаа. Ийнхүү уул уурхайг түшиглэсэн томоохон бүтээн байгуулалтууд эх орны өнцөг булан бүрт өрнөж эхэллээ.

    Стратегийн орд газруудад бүтээн байгуулалтын ажил эхлүүлснээр эдийн засаг, нийгмийн зарим нааштай хандлага гарч байна. Шинээр ажлын байр нэмэгдэж байна. Оны эхний 5 сарын байдлаар зөвхөн уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 1100 гаруй хүнээр нэмэгдлээ. Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаатай холбоотойгоор гадаад худалдааны эргэлт оны эхний хагас жилд 50 гаруй хувиар өслөө. Орд газарт манай олон арван аж ахуйн нэгж, байгууллага бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлж, харилцаа холбоо, тээвэр, нийтийн хоол зэрэг олон чиглэлээр ажил үйлчилгээ хамтран гүйцэтгэснээр тэдний ашиг орлого тогтмолжиж эхэллээ.

    Хамгийн гол нь тэдний ажлын шаардлага, нийгмийн хариуцлага нь өндөржиж, олон улсын нийтлэг стандарт руу ойртож байгаа явдал юм. Төрийн бодлого бол ашигт малтмалыг түүхийгээр нь экспортод гаргах бус, эхний ээлжинд угаах, цаашид боловсруулах, улмаар нэмүү өртөг шингэсэн, үнэ цэнэд хүрсэн эцсийн бүтээгдэхүүн болон экспортолоход чиглэж байгаа. Иймд Засгийн газар нүүрсийг боловсруулан кокс гаргах үйлдвэр, хийжүүлэх үйлдвэр, зэс хайлуулах, газрын тос боловсруулах үйлдвэр, төмрийн үйлдвэрүүдийг бий болгох, улмаар аж үйлдвэрийн цогцолбор байгуулах хөтөлбөр, төслийг боловсруулж байгаа төдийгүй зарим үйлдвэрийн ажлын эхлэл суурь тавигдаж, ажил өрнөж байна.

    2011-2014 онд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулснаар Монгол улс уул уурхайн баялгаа түүхийгээр нь гадагш гаргах бус, боловсруулах эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох боломжтой болно. Хэдэн мянган шинэ ажлын байр бий болно. Дотоодын нийт бүтээгдэхүүн одоогийнхоос 2-3 дахин өсч, нэг хүнд ногдох хувь хэмжээ эрс нэмэгдэж, хүмүүсийн аж амьдралд мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарна. Ийнхүү уул уурхайн үйлдвэрлэлийг дагаад аж үйлдвэржүүлэлт эрчимтэй хөгжих нөхцөл боломж, хэрэгцээ шаардлага аль аль нь бүрдэж байна.

    Дэд бүтцийн салбарт ч томоохон ажил өрнөж эхэлсэн. Засгийн газар саяхан Улсын Их Хурлаар “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлууллаа. Ингэснээр ирэх 4 жилд 1000 гаруй км төмөр зам тавихаар төлөвлөж байна. Энэ бол аварга том бүтээн байгуулалт, ажлын байрны шинэ их нөөц юм. Мөн 2011-2016 онд хэрэгжүүлэх “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарыг бүхэлд нь сэргээх, нийслэл хот болон хүн ам төвлөрсөн хот суурин, аймгийн болон бүсийн төвийн инженерийн шугам сүлжээ, дулааны цахилгаан, зам тээврийн дэд бүтэц, хот суурины тохижилт, ногоон байгууламж, орон сууц, барилгажилтыг цогцоор шийдэх их ажлыг эхлүүлж байна. Ингэснээр олон мянган хүн ажлын байраар, олон айл өрх орон сууцаар хангагдаж, иргэдийн тав тухтай амьдрал, эрүүл аюулгүй орчин нөхцөл бүрдэнэ.

    Нийгмийн захиалга, хэрэгцээ шаардлагын дагуу боловсролын шинэчлэлийг эрчимжүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай дэлхийн жишигт нийцсэн тогтолцоог бий болгох, өнөөгийн хүүхэд багачуудад олон улсын түвшний ерөнхий боловсрол эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг бид зорьж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан өрсөлдөх чадвартай цөөн их дээд сургуулийг буй болгох зорилтыг хэрэгжүүлэхдээ бүтцийн өөрчлөлтийг төр өөрөөсөө эхлэх ёстой гэсэн чиглэлийг удирдлага болгож байна. Энэ шийдвэр хэрэгжсэнээр төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын тоо 42 байсан бол 16 болж цөөрлөө.

    Засгийн газраас “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл”-ийг баримтлан төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авч байгаа. Эхний ээлжинд ШУТИС-ийг Налайхын ойролцоо Шивээтийн хөндийд байгуулахаар төсөл боловсруулж байна. Хотхон байгуулах хөрөнгөний асуудал шийдэгдэж байна. БНХАУ-аас олгох 270 сая юаны буцалтгүй тусламжийг ШУТИС-ийн хотхоны бүтээн байгуулалтад зарцуулахаар санхүүжүүлэгч талтай тохироод байна.

    Сургалтын материаллаг орчин бүрдүүлэх нэг хэрэг. Хамгийн гол нь сургалтын агуулга, чанар юм. Гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүмүүнлэг орчныг бүрдүүлэх замаар хүүхэд залуусыг ёс суртахуунлаг, хүнлэг энэрэнгүй хүн болгон төлөвшүүлэх нь боловсролын шинэчлэлийн нэг чиглэл юм. Бас үндэсний уламжлал, ёс заншлаа мэддэг, дээдэлдэг, эх оронч иргэн төлөвшүүлэх нь чухал. Чухамдаа мэдлэг боловсролдоо даяаршсан, уламжлал соёлоороо дангааршсан Монгол хүн л улс эх орноо хөгжүүлнэ.

    Иймд боловсролын шинэчлэлд бид онцгой анхаарал хандуулж байгаа юм. Танай аймгийн ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, дээд сургуульд нийт 25 мянга гаруй хүүхэд, залуус суралцаж байгаа юм байна. Өвөрхангайчууд ирээдүй болсон энэ хүүхэд залуусын боловсрол, хүмүүжилд орон нутаг, боловсролын байгууллагын бүх хүн онцгой анхаарвал зохино. Уул уурхайд түшиглэсэн үндэсний аж үйлдвэржүүлэлт, төмөр зам, шинэ бүтээн байгуулалтын зорилтыг хэрэгжүүлж эхэлснээрээ манай улс хөгжлийн шинэ үе шатанд шилжиж байгаа юм. Энэ бол улс төр, нийгмийн өөрчлөлтийн 20 жилийг залгаж байгаа эдийн засгийн өсөлтийн, бодит бүтээн байгуулалтын 20 жилийн эхлэл гэдэгт эргэлзэхгүй байна. Ирээдүйдээ итгэлтэй байж, аймаг сум, орон нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлж ажиллахыг Та бүхэндээ уриалъя.

    Эдийн засгийн өсөлтийн хурд, хүчийг нэмэгдүүлэх, их бүтээн байгуулалтын зорилтуудыг бодит ажил хэрэг болгохын тулд Засгийн газар олон чухал арга хэмжээ авч, тодорхой шийдэл, бодитой шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгох, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх, бүртгэл мэдээллийн шинэ тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн орчны болон боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, бүхэлдээ эдийн засгийг ардчилах, илүү нээлттэй, чөлөөтэй болгох шийдмэг алхмуудыг  ээлж дараатай хийж ирлээ. Цаашид эрчимжүүлнэ.

    Энэ он гарснаас хойш манай Засгийн газар эдийн засгийн форум, хөрөнгө оруулагчдын чуулга, Засгийн газар ба гадаад түншүүдийн хамтарсан уулзалт, уул уурхай, барилгын болон бусад олон салбарын зөвлөгөөн, гадаадад байгаа монголчуудын анхдугаар чуулга, гадаад улс, олон улсын байгууллагатай хоёр талын болон олон талын уулзалт хэлэлцээ зэрэг олон арга хэмжээ зохион байгууллаа. Энэ бүхний эцсийн зорилго нэг юм. Энэ бол эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх, төлөвлөсөн том зорилтуудыг хэрхэн ажил хэрэг болгох, түүний үр дүнг аль болох ард иргэддээ хүргэх, хүртээх тухай юм.

    Засгийн газрын бодлого зорилгын хэрэгжилт их бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүн эцсийн эцэст хүнээс, иргэдийн итгэл сэтгэл, хүчин чармайлтаас хамаарна. Аливаа ажил хэргийн ард тодорхой хувь хүн, хамт олон байдаг. Түүхийг ард түмэн бүтээдэг гэдэг. Эдийн засгийн өсөлтийг хангах энэ том зорилт, их бүтээн байгуулалтын ажлыг хөгжлийн төлөөх хүсэл эрмэлзэлтэй эрч хүчтэй, орчин үеийн өндөр боловсролтой хүн л хэрэгжүүлж чадна. Тэгэхээр хөгжлийн төлөө хүн бол эдүгээ манай хамгийн үнэтэй , үндэсний эрхэм дээд баялаг төдийгүй нэн чухал хэрэгцээ болоод байна. Хөгжлийн төлөө хүн гэдэг бол хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэсэн сэтгэлгээгээр хоног өдрийг өнгөрөөж буй хүн биш. Өсөж дэвшихийн төлөө үргэлж сурч, боловсорч байдаг хүн. Маргааш хүрэх зорилтдоо өнөөдөр хүрэхийн төлөө махран зүтгэдэг, ажилч хичээнгүй хүн.

    Эрхэм нөхөд өө
    Манай орны эдийн засгийн нэг голлох бүтэц бол хөдөө аж ахуйн салбар билээ. Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тариа, бусад ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх замаар дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүргэх нь бидний ойрын зорилт юм. Энэ нь зөвхөн тухай салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх төдий биш, бүхэлдээ манай эдийн засгийн тэр дундаа хүнсний аюулгүй байдлын учир холбогдолтой, том зорилт гэдгийг хэлье.

    “Атрын III аяны” үр дүнд өнгөрөгч онд хэрэгцээт үр тарианы 97.0 хувь, төмсний 100 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд 2010 онд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60.0 хувийг дотоодын ургацаас хангах зорилт тавин ажиллаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлээр орон нутгийн хэрэгцээг хангах улмаар улсад нийлүүлж, энэ салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах өргөн боломж Өвөрхангайчуудад бий. Энэ тухай Хархорин суманд хэлсэн үгэндээ тодорхой дурдсан.

    Өнгөрсөн онд Та бүхний хураан авсан үр тарианы хэмжээ өмнөх жилүүдийнхээс 4 дахин нэмэгдэж, газар тариалангийн “Техник үйлчилгээний дундын төв”-ийг шинээр байгуулж, Тарагт сумын “Хүрэмт”-ийн ашиглалтгүй байсан услалтын системийг ашиглалтад оруулан 48 га талбайг хашаажуулан, 50 шахам га талбайг төмс, хүнсний ногоо тариалах зорилгоор эзэмшүүлсэн зэрэг ажлын нааштай эхлэл байна. Энэ ололт амжилтаа улам бататгаж арвижуулахыг хүсье.

    Мал аж ахуй бол манай уламжлалт үндсэн салбар билээ. Иймд Засгийн газрын онцгой анхаарлын төвд байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 5 дугаар сард УИХ-аас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

    Өнгөрсөн өвөл, хавар байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл зуд болж, мал аж ахуйн салбар, малчдын аж амьдралд ихээхэн хүндрэл учруулсан. Зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 9,1 сая толгойгоор хорогдож, 8700 гаруй айл өрх огт малгүй болсон. Танай аймаг мал сүргийн тоогоороо улсдаа эхний 3-т ордог. Гэвч өнгөрсөн өвөл, хавар ихээхэн хохирол үзэж, сая гаруй малаа алдаж 1000 гаруй өрх айл огт малгүй болжээ. Зудын хор уршгийг арилгах, зутарч хохирсон малчдынхаа амьжиргааг тэтгэх зорилгоор Засгийн газар саяхан тогтоол гарган “Малчин өрхийг малжуулах журам” батлан хэрэгжүүлж эхэллээ.

    Энэ журмаар улсын хэмжээнд малгүй болсон нийт өрхийн 50 хувийг энэ онд малжуулах юм. Үүнд зориулан эхний ээлжинд Засгийн газар 3 тэрбум төгрөг гаргаж, аймаг бүрт хуваарилсанаас танай аймагт 536 сая төгрөг оногдож байгаа.Зудын хохирлыг давахад Засгийн газрын хүчин чармайлтаас гадна аймаг орон нутаг, иргэдийн санал санаачлага, малчдын бэлтгэл нэн чухал. Бид дандаа “ниргэсэн хойно нь хашгирах”-ын үлгэрээр ажиллаж болохгүй. Энэ нь эдийн засгийн их хохиролтой. Зах зээлийн зарчимд харш гэдгийг хаа хаанаа ойлгох цаг болсон. Иймээс бид угтуулан бэлдэх, цаг хожих, хохирол бага амсах зарчмаар ажиллах ёстой.

    Энэ зорилгоор мал аж ахуйн салбарын “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг саяхан Засгийн газар гаргасан. Уг тогтоолд маш тодорхой үүрэг даалгавар орон нутагт өгөгдсөн. Тухайлбал, танай аймаг өвс 1200 тн, тэжээл 400 тн, сум бүр өвс 100 тн, тэжээл 70 тоннийн нөөц бүрдүүлэх хуваарьтай. Ядаж энэ даалгаврыг биелүүлсэн байхыг бид шаардана. Зах зээл бол бүхэлдээ хариуцлагын тогтолцоо. Зуд бол байгалийн үзэгдэл мөн боловч нөгөө талаас хүний нийгмийн хариуцлагын нэг шалгуур юм.

    Эрдэнэт мал сүргээ өсгөж, үр шимийг хүртэж амьдрах нь монгол хүнд бурхнаас өгсөн буян хишиг билээ. Үүнийг өнөөдөр зах зээлийн зарчим, шинжлэх ухаан, шинэ технологитой хослуулж чадвал монголын эдийн засаг, монгол хүний амьжиргаанд маш тустай. Ядуурлаас гарах нэг гарц мөн. “Монгол мал” хөтөлбөрийн гол зорилго, утга агуулга үүнд байгааг сануулж хэлье. Манай Засгийн газрын хамгийн гол үндсэн зорилго бол хүний асуудал юм. Монгол хүн бүр ажилтай, орлоготой, эрүүл саруул, эрдэм боловсролтой, бүтээлч чадвартай байх нь бид бүхний нийтлэг хүсэл эрмэлзэл билээ.

    Засгийн газар юуны өмнө нийгмийн баялгаас иргэн бүрт хувь хишиг хүртээх, хувь хүний болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Эхний ээлжинд иргэн бүрт 70000 төгрөг олгоод байгаа. Мөнгийг бэлнээр, бөөнөөр олгох нь инфляци өсгөж, юмны үнэ хөөрөгдөх сөрөг үр дагавартайг тооцож, цаашид сар бүр, тогтмол олгож байхаар саяхан шийдсэн. Тухайлбал, энэ оны 8 дугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт 10000 төгрөг, 2011 оноос эхлээд сар бүр 20000-оос доошгүй төгрөг байлгахаар тогтсон. Үлдэх 1.0 сая төгрөгийг иргэдэд аль хэрэгтэй байдлаар нь буюу боловсрол сургалт, эрүүл мэндийн үйлчилгээ болон орон сууцны, малчны ба бусад зээлийн төлбөрт нь зарцуулах хэлбэрээр олгохоор судалж байна. Ямар ч байсан иргэддээ 1,5 сая төгрөгийг бэлэн ба бэлэн бус хэлбэрээр заавал хүртээх болно.

    Мөн энэ оны 10 сараас төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэхээр шийдсэн. Олон хүүхэдтэй эхэд олгох мөнгийг нэмэгдүүлсэн бөгөөд түүнийг энэ оны IV улирлаас өгч эхлэхээр төлөвлөөд байна. Ийнхүү иргэдээ мөнгөн орлогын тогтвортой эх үүсвэртэй байлгах талаар бид аль болохоор хичээж байна. Засгийн газар эдийн засаг, нийгмийн бодлогын дээрх зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагын ажил, үйлчилгээг бүх шатанд сайжруулах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхийн зэргэцээ аж ахуйг удирдах арга барилдаа ч шинэчлэл хийхийг эрмэлзэж байна.

    Энэ чиглэлээр төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлэсэн. Засгийн газраас орон нутагт олгож байгаа төсвийн шилжүүлгийг тухайн орон нутгийн хөгжлийн индекст тулгуурлан тодорхойлж байх зарчимд шилжинэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, орон нутгийн чанартай ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааран тухайн орон нутгийн удирдлага худалдан авдаг байх журам тогтооно. Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн болон мэргэжлийн хяналтын агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох, чөлөөлөх эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлнэ.

    Хүндэт Арвайхээрчүүд ээ!
    Танай аймаг хүн ам, малын тоо толгойгоороо улсдаа эхний 3 байрт тогтмол ордог манай улсын томоохон аймгийн нэг. Өвөрхангай аймаг нь дэд бүтцийн салбар түлхүү хөгжсөн, байршлаараа улсынхаа газар нутгийн төв цэгт оршиж, нийслэлтэйгээ засмал замаар болон төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, байнгын найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангагдсан бүс нутаг юм. Мөн Бат-Өлзий сумын нутагт орших Орхоны хүрхрээ, Төвхөн хийдийн туурь, Хархорин сумын нутагт орших Эрдэнэзуу сүм, музей, Их хаадын хөшөө, дурсгал, Уянга сумын нутагт орших үзэсгэлэнт Хүйсийн найман нуур зэрэг Монгол Улсын аялал жуулчлалын үндсэн маршрутад хамаардаг байгалийн үзэсгэлэнт газартай, аялал жуулчлалын салбар хөгжих хамгийн ирээдүйтэй аймаг билээ.

    Монгол Улсын Их Хурлаас баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндсэний хөгжлийн цогц бодлого” зэрэг бодлогын баримт бичигт Өвөрхангай аймгийн Хархорин хотыг Хангайн бүсийн тулгуур төв болгон хөгжүүлэхээр тусгаж, аялал жуулчлал, газар тариалан, үйлдвэрлэл-үйлчилгээг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөсөн нь бусад аймгаас давуу боломж олгож байна.

    Сүүлийн жилүүдэд боловсрол, эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж, Арвайхээр хотод 1000 хүүхдийн хичээлийн байр, Арвайхээр, Хужирт сумдад 225 хүүхдийн цэцэрлэгийн байр ашиглалтад орж үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц гарч байна. Үүний үр дүнд тус аймагт хүүхдийн сургууль завсардалт, эх нялхсын эндэгдэл буурсан нааштай үр дүн гарсан байна.

    Тус аймагт өнгөрсөн онд 27.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 1503 иргэнийг байнгын, 1204 хүнийг түр ажлын байраар хангаж, ажилгүйчүүдийн түвшин 0.2 хувиар буурчээ. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх бодлого баримталж ажилласнаар жижиг, дунд үйлдвэрийн тоо 121, олгосон зээлийн хэмжээ 936,0 сая төгрөгт хүрч, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 33,3 хувь болсон нь ажлын байр нэмэгдүүлэх нэг үндсэн эх үүсвэр болсон байна. Гэхдээ ажилгүйчүүдийн түвшин 4.9, ядуурлын түвшин 24.3 хувь байгаад дүгнэлт хийж ажиллах шаардлага байна.

    Төрийн ажилтнуудаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, нээлттэй, ил тод, шударга болгох шаардлага өнөө үед нэн чухал байна. Танай аймгийн нутгийн захиргааны байгууллагууд 2009 онд аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт, “Төрийн албанд шударга, шуурхай, ил тод байдлыг бий болгох нь” аймгийн удирдах ажилтны зөвлөлгөөн, “Багийн ажил, үйлчилгээг шинэ шатанд гаргая” багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга, Засаг дарга нарын аймгийн зөвлөлгөөн зохион байгуулж, төрийн албан хаагчдын ажлын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, авлига, хүнд суртлаас ангид байлгах, сум, байгууллагуудын нээлттэй өдөрлөг зохион байгуулж, иргэдэд ажлаа мэдээлж тайлагнах, иргэдээс санал, хүсэлт, үнэлгээ, дүгнэлт авах, саналын хайрцаг ажиллуулах зэрэг олон хэлбэрийн ажил зохион байгуулсан нь төрийн ажил, үйлчилгээний хүртээмж, чанарт эерэгээр нөлөөлөх ажлын эхлэл болжээ. Цаашид улам чанаржуулан шинэ хэлбэрээр баяжуулж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

    Өвөрхангайчууд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч, төр, нийгэм, шашин, соёлын нэрт зүтгэлтэн, хөдөлмөр бүтээлийн алдартан, урлаг спортын мастер олныг төрүүлж улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан ард түмэн билээ. Халхын анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар Монгол түмний бахархал болсон оюун соёлын гарамгай зүтгэлтэн төдийгүй дэлхий дахины хүлээн зөвшөөрөгдсөн их соён гэгээрүүлэгч билээ.

    Өвөрхангайчууд энэ эрхэм хүний үйл хэрэг, үзэл сургаал, гэгээн дурсгалыг мөнхжүүлэх санаачлага гарган, Өндөр гэгээний сэрэг дүр бүхий шүтээн урлалын цогцолбор байгуулах хөдөлгөөн өрнүүлснийг сайшааж, энэ ажлын бүтээн байгуулалтад Засгийн газраас бодитой дэмжлэг үзүүлэх болно. Тус аймагт ажиллах үеэрээ Богд Хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн гэр өргөө, Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн хөшөөнд тус тус хүндэтгэл үзүүллээ.

    Ирэх 2011 онд Та бид хамтдаа Эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ ойн хүрээнд Сайн ноён хан Намнансүрэнгийн “Музей, номын өргөө”-г барьж байгуулахад Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэхэд таатай байна. Мөн аймгийн удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу Арвайхээр хотод дулааны цахилгаан станц барих асуудлыг судлах, эхний ээлжинд техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төсөв боловсруулах, Тарагт, Нарийнтээл сумын хүн эмнэлгийн барилгыг шинээр барих, Богд сумыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох, Арвайхээр, Хархорин хотын инженерийн ба төвийн дулааны шугам сүлжээний урсгал болон их засвар, тэдгээрийн шинэчлэлд Засгийн газар онцгой анхаарч санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт үе шаттайгаар тусган шийдвэрлэх бодлого боловсруулан ажиллах болно.

    Эрхэм хүндэт Өвөрхангайчууд аа
    Төр ёсны уламжлалтай, соёл түүхийн баялаг өвтэй, авъяас төгөлдөр, хөдөлмөрч хичээнгүй Та бүхэндээ хандаж төвшин төрийн түшиг хангай, түүх соёлын баян хангай, оюун билгийн өндөр хангай, онгод авъяасын оргил хангай, хөдөлмөр бүтээлийн алдрын хангай, хөгжил дэвшлийн манлай хангай байхын өлзий ерөөлийг дэвшүүлж, ирэх онд тохиох түүхт их ойн болон аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоо их бүтээн байгуулалтаар угтахыг хүсье.

    Та бүхэндээ сайн сайхныг ерөөе.

  • Ерөнхий сайд С.Батболд Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзахдаа хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболд Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзахдаа хэлсэн үг/Бүх шатанд хариуцлагыг дээшлүүлснээр бүтээн байгуулалтын зорилтыг амжилттай хэрэгжүүлнэ/

    2010.08.11

    Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт иргэдээ!
    Та бүхнээр уламжлан Баянхонгорчууддаа Засгийн газрын өмнөөс болон хувиасаа, мөн аян замын уртад хамт яваа ажлын хэсгийнхнийхээ чин сэтгэлийн мэндийг дэвшүүлж, сайн сайхныг хүсье.Орон нутагт ажиллах олон хоногийн томилолт өндөрлөх дөхөж, аяны жолоо нийслэлийн зүг эргэж, ар дахь ажилдаа яарч байгаа энэ мөчид Хонгор нутгийн Та бүхэнтэйгээ уулзаж байна. Уулзалт яриа маань намрын тэргүүн сарын эхэн өдөр тохиож буй учир ажил хэргийн яриагаа эндээс эхэлье гэж бодож байна.

    Намрын сар найм биш гэсэн үг бий. Найр хурим, наадам цэнгээн бүхий намрын налгар өдрүүдэд арын ажлаа, өвлийн бэлтгэлээ мартаж болохгүй гэсэн өвгөдийн сануулга, ардын ухаан биз ээ. Захиргаадалтын үед ч, зах зээлийн үед ч энэ үгийн учир холбогдол, үнэ цэнэ хэвээр байгааг сануулъя. Өнгөрсөн үед аж төрөхүйн сургаал шинжтэй байсан бол өнөө үед өвлөөс өрсөж бүхнийг амжуул, эс тэгвэл хохирол хүлээнэ гэсэн эдийн засгийн шууд агуулгатай болжээ. Үүнийг саяхны гашуун сургамж нотолно.

    Өнгөрсөн өвөл, хаврын байгаль цаг уурын хүндрэлээс 9.1 сая малаа алдаж, 550.0 тэрбум гаруй төгрөгийн шууд хохирол амссан. Үүний цаана малчдын амьдрал нэлэнхүйдээ хүндэрснээс, нийтдээ 8700 гаруй, танай аймагт 360 шахам айл өрх огт малгүй болсон. Энэ бүхний гол буруутанг цаг агаарын хэт хүйтрэл, зуд зурхан, байгалийн гамшиг гэж ярьж байна. Үнэхээр байгалийн давтагдашгүй хүчин зүйл гэж бий. Гэтэл бас хийх ёстой ажлаа хийдэггүй хариуцсан ажил, хувийн амьдралдаа хайнга ханддаг хариуцлаггүйн гамшигт нэрвэгдсэн гэдгээ хаа хаанаа бодох учиртай.

    Энэ гамшигт дахин нэрвэгдэхгүйн тулд мал аж ахуйн салбар, түлш эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай тогтоолуудыг Засгийн газар сарын өмнө гаргасан. Энэ тогтоолоор олон үүрэг даалгавар орон нутаг, ажил хариуцсан мэргэжилтэн, иргэд, аж ахуйн нэгжид өгсөн. Зөвхөн ганцыг дурдахад цаг агаарын хүндрэл, гамшгийн үед хэрэглэх өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд танай аймаг 400 тн өвс, 300 тн тэжээл, сум бүр 50 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэх үүрэгтэй. Үүний тулд хадлангийн болон тэжээл үйлдвэрлэх техникийн засвар үйлчилгээ долдугаар сарын 20 гэхэд дуусаад өдийд ажилдаа орсон байх учиртай.

    Түүнчлэн малын тарилга, угаалга, туулга, отор нүүдэл, хээлтүүлэг, мах бэлтгэх, нөөцлөх ажлын явц, малчдын хувийн бэлтгэл, шаардлагатай үед тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, сум, аймгийн төвийн эрчим хүчний бэлтгэл, нүүрс нөөцлөх, түлш шатахуун татан авах, байр орон сууцны дулааны шугам сүлжээний засвар үйлчилгээ гэх мэт олон ажлын гүйцэтгэлийг тайлагнах хугацаа түрүүчээсээ болж байна. Засгийн газарт цаасаар тайлагнах нэг хэрэг. Байгалийн шалгалтад бодитойгоор тайлагнах нь чухал. Харамч хүн илүүг төлдөг гэсэн үг бий. Тэгвэл хариуцлагагүй үйлдэл хэд дахин илүү төлөөсийг шаарддаг гэдгийг хатуу ойлгох цаг болсон.

    Зах зээлийн нийгэм өөрөө хариуцлагын тогтолцооны нийгэм. Таны хариуцлагагүй үйлдлийн төлөөсийг өөр хэн ч хүлээх ёсгүй гэсэн хатуу хуультай. Иймээс иргэн бүр, айл өрх бүр, аж ахуйн нэгж бүр, аймаг, сум бүр өөрөө өөрийгөө хариуцах ёстой гэсэн ганцхан гаргалгаа л байна. Тэгэхлээр Та бид дор бүрнээ, үйл ажиллагааныхаа бүхий л хүрээнд үүрэг хариуцлагаа эрс дээшлүүлэх нь цаг үеийн шаардлага төдийгүй, нийгмийн захиалга болоод байна.

    Ардчиллын нөгөө тал нь хариуцлага гэдэг. Монголчууд Та бид ардчилалыг сонгосон. Тиймээс хариуцлагын тогтолцоог сонгосон гэсэн хэрэг. Харамсалтай нь өнгөрсөн 20 жилд хангалттай хариуцлагатай байж чадсангүй, хариуцлагын тогтолцоог жинхэнээр төлөвшүүлж чадсангүй. Иймээс бид 20 жилд хүссэн үр дүндээ хүрээгүй, хөгжлийн хоцрогдлоо даван туулж чадаагүй, зарим талаар урьд өмнөхөөсөө ухарсан үзүүлэлттэй байна. Ажилгүйдэл, ядуурал, амьжиргааны түвшний доройтол үүнийг бэлхнээ харуулж буй. Одоо энэ байдлыг өөрчлөх цаг болсон. Үүний тулд хариуцлагатай ардчилалд хүн бүр суралцах хэрэгтэй. Хариуцлагатай ардчилал гэдэг бол хариуцлагатай улс төр, хариуцлагатай сонголт, хариуцлагатай уул уурхай, хариуцлагатай банк, санхүүгийн тогтолцоо, хариуцлагатай боловсрол, сургалт, иргэн бүр эрүүл мэнддээ хандах хариуцлага, бусдын өмнө болон өөрийнхөө төлөө хүлээх хариуцлага гээд тун өргөн хүрээтэй. Олон талтай. Хөгжлийн төлөө хүн гэдэг хариуцлагатай иргэнийг хэлнэ.

    Уулзалт ярианы эхэнд хариуцлагын тухай хөндөж ярьсан нь шалтгаантай. Учир нь манай улсын хөгжил тун хариуцлагатай, эгзэгтэй үедээ байна. Бахь байдгаараа байгаад байх уу. Бүх нийтээрээ хичээж чармайгаад хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх үү. Хамтарсан Засгийн газар хоёр дахь хувилбарыг сонгоод байна. Их бүтээн байгуулалтыг өрнүүлж, эдийн засгийн өсөлтийн 20 жилийг эхлүүлэхээр зорьж байна. Иймд Та бүхэндээ Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, зорилтоо тоймлон товч илтгэе. Миний бие хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдоод 9 сарын нүүр үзэж байна. Улс орныхоо эдийн засаг, нийгмийн байдалд дүн шинжилгээ хийж, ард олныхоо аж амьдралыг судлан, Засгийн газрын үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилттой ажиллалаа.

    Энэ хугацаанд хамтарсан Засгийн газар олон жил яригдаад шийдэж чадаагүй байсан томоохон асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж улс  орныхоо хөгжлийг түргэтгэх талаар анхны алхамаа хийж, үйлдвэрлэл, бизнес хөгжих илүү тааламжтай нөхцөл бүрдүүлж эхэллээ гэж хэлэх байна. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Таван толгойн орд газрыг ашиглах эрх зүйн орчны үндсийг тавилаа. Ингэснээр Монголын ард иргэд, үндэсний компаниуд давуу эрхийн хувьцаа эзэмших боломж нээгдэж, Монгол Улсын иргэн бүр өөрийн гэсэн өмчтэй болох, байгалийн баялагтаа эзэн нь байх  түүхэн шийдвэрийг хамтдаа гаргаж чадлаа.

    Уул уурхайн салбарын үр шимийг хүртэхийн тулд зөвхөн орд газруудыг ашиглалтанд оруулснаар хязгаарлагдахгүй, олборлосон ашигт малтмалыг тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэх, ашигт малтмалыг эцэслэн боловсруулах, олон улсын зах зээлд үнэ хүргэн арилжаалах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх гээд олон олон ажил ар араасаа ундарч байна. Энэ бүхнийг Засгийн газар ээлж дараатай, тодорхой үндэслэл судалгаатайгаар, нэгдсэн бодлого, нэгдмэл удирдлагаар хангахын төлөө шаргуу ажиллаж байна.

    Энэ арга хэмжээний нэг болох Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын төслийг Засгийн газраас боловсруулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа. Энэ бодлого хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд 2011-2014 онд мянга гаруй км төмөр замыг Тавантолгой-Сайншанд-Баруун Урт-Чойбалсангийн чиглэлд барих болно. Энэ бол аварга том бүтээн байгуулалт, ажлын шинэ байрны төсөл. Энэ төслийн хоёр дахь үе нь баруун чиглэлийн төмөр зам байх бөгөөд тэр нь Баянхонгор нутгийг дайран өнгөрөх юм. Тэр үед зам дагаж хөгжил ирнэ.

    Төмөр замын төсөлтэй уялдаад “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” байгуулах төслийг боловсруулж дуусч байна. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газар хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд, төслийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ цогцолборт нүүрс боловсруулан кокс гаргах үйлдвэр, үрлэн төмөр, нүүрс хийжүүлэх, газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр болон бусад үйлдвэрийн газрыг барьж байгуулахаар төлөвлөж байна. Цогцолборын эхний ээлжийг 2011-2014 онд барьж байгуулах юм.

    Ингэснээр 2015 оноос Монгол Улс уул уурхайн түүхий эдийг экспортлогч бус, түүхий эдийн тодорхой хэсгийг боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн экспортолдог улс орон болох боломжтой. Хамгийн гол нь “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ыг бүрэн байгуулснаар 2010-2021 онд нийтдээ 70-80 орчим мянган ажлын байр шинээр бий болно гэж үзэж байгаа юм. Бараг танай аймгийн бүх хүн амтай тэнцэхүйц тооны хүн ажлын байртай болно гэсэн үг. Ийнхүү уул уурхайд түшиглэсэн үндэсний их бүтээн байгуулалтын үе эргэлт буцалтгүй эхэлсэн.

    Дээрх бүх том төслийн зорилго нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийн бат бааз суурь бий болгох, Монгол хүний аж амьдралын баталгаа, хөгжлийн үндсийг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Засгийн газар ийнхүү алсыг харж, ард түмнийхээ амьдралын чанар, ахуй нөхцлийг сайжруулах зорилтыг аж үйлдвэржүүлэлтийн бодлоготой уялдуулж, хамтад нь шийдвэрлэхийг зорьж байна. Үүний тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, 2010 оныг “Бизнесийн орчны, шинэтгэлийн жил” болгох зэргээр асуудлыг аль болох цогцоор шийдвэрлэхийн төлөө ажиллаж буй. Ер нь бүх шатанд хариуцлагыг дээшлүүлснээр бүтээн байгуулалтын зорилтуудаа амжилттай хэрэгжүүлнэ гэдгийг дахин хэлье.

    Та бүхнийг Их бүтээн байгуулалтад бие сэтгэлээрээ бэлэн байж, гар бие  оролцон, гавъяат үйлсийг бүтээж, алдар нэрээ амжилт бүтээлээр мөнхжүүлэхийг уриалж байна. Уул уурхай, аж үйлдвэржүүлэлтийн том зорилтын зэрэгцээ Хөдөө аж ахуйн салбарт газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэх замаар дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээгээ бүрэн хангах, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхийг зорьж байгаа. Хүн амынхаа хүнсний хэрэгцээ, аюулгүй байдлыг хангах үүднээс “Атрын III аян”-ыг цаашид эрчимжүүлж, 2010 онд Улсын хэрэгцээт буудай, төмсийг 100%, хүнсний ногооны 60%-ийг дотоодын ургацаас хангах зорилт  тавин ажиллаж байна. Энд Хонгор нутгийнхны хувь оролцоо нэн чухал гэдгийг онцлон хэлье.

    Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий  “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг саяхан Улсын Их Хурлаас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Өнгөрсөн өвөл, хавар манай орны мал аж ахуйд учирсан гарз хохирол, гамшгийн хор уршгийг арилгах, амин зуулга болох мал сүргээ алдсан малчдын санаа сэтгэл, ахуй амьдралыг харж үзэж, бололцоотой бүх арга хэмжээг авах нь Засгийн газрын нэн ойрын зорилтын нэг байсаар байх болно.

    Зудын хохирлыг гэтлэн давахад өнгөрсөн хавар иргэд, байгууллагын хандив, гадаадын тусламж, төсөл хөтөлбөр болон улсаас нийтдээ 45,7 тэрбум төгрөг зарцуулснаас Засгийн газар дангаараа 6.8 тэрбум төгрөг гаргасан. Тэгвэл малгүй айл өрхийг малжуулахад зориулж сая 7 дугаар сард 3.0 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор батлуулсны 107.1 сая төгрөг нь Баянхонгорт хуваарилагдсан. Энэ бол малаар дамжуулж хүнд зориулж буй хөрөнгө оруулалт юм.

    “Монгол хүний хөгжлийг хангах нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болно” гэдгийг би энэ ажлыг хүлээж авах үедээ онцлон хэлсэн. Энэ байр суурь одоо ч, цаашид ч хэвээр байх болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1,5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлнэ” гэсэн зорилт хэрэгжих хууль эрх зүйн орчинг өнгөрсөн хугацаанд бүрдүүллээ. “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг УИХ-аар батлуулан байгалийн баялгаас олсон орлогыг иргэддээ тэгш, шударгаар хүргэх ажлыг эхлүүлсэн. “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын дагуу эхний ээлжинд 70,000 төгрөгийг иргэддээ олгоод байна.

    “Хүний хөгжлийн сан”-гийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  саяхан УИХ-д өргөн барьсан. Энэ хуулиар “Хүний хөгжлийн сан”-гаас иргэдэд бэлэн мөнгө олгож буй хугацаанд өөрчлөлт оруулж 2010 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн сар бүр иргэн бүрт 10,000 төгрөг олгож байх, цаашид 2011 оны 01 дүгээр сараас сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн 21,000-аас доошгүй төгрөгт хүргэхээр зорьсон болно. Үүнийг Засгийн газар хэрэгжүүлнээ.

    Иргэн бүрт олгох 1,0 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох зэрэг хэлбэрээс нь сонголт хийх саналыг иргэдээс авсан. Нийт саналын 50 шахам хувь нь орон сууц худалдан авах урьдчилгаа зээл болон малчны зээл, бусад зээлийн төлбөрт зориулахаа илэрхийлсэн байна. Үүнийг ч Засгийн газар бодолцох болно. Төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар өсгөхийн зэрэгцээгээр төрийн албан хаагчдийг орон сууцжуулах үүднээс дөрвөн мянган хүнийг хөнгөлттэй зээлд хамруулах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж эхлээд байна. Мөн олон хүүхэдтэй эхэд олгох мөнгийг нэмэгдүүлсэн бөгөөд энэ оны IV улирлаас өгч эхлэх болно.

    Хүний хөгжил нь зөвхөн халамж, тэтгэмж, цалин орлогоор хангагдахгүй, түүгээр хэмжигдэхгүй ээ. Улс орны хөгжил хүний хөгжлөөр, харин хүний хөгжлийн түвшин нь Монгол хүний эрүүл мэнд, боловсролын түвшин, амьдралын чанар, өрсөлдөх чадвараар л тодорхойлогдоно. Тиймээс эрүүл мэнд, боловсролын салбарт ахиц шинэчлэл гаргах иж бүрэн бодлогыг бид хэрэгжүүлэхийг зорьж байна. Их бүтээн байгуулалтыг эрүүл бие бялдартай, өндөр боловсрол мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай, хөгжлийн төлөө хүсэл эрмэлзэлтэй, хөдөлмөрч хичээнгүй, хатуужилтай хүн л хийх болно. “Монгол хүний хөгжил” гэдгийг манай Засгийн газар ийм өргөн утгаар харж, Их бүтээн байгуулалт хийх, иргэн хүний хөгжлийг хангах хос том зорилтыг нэг зоосны хоёр тал хэмээн үзэж, нэгдмэлээр шийдэхийг зорьж байна.

    Эдийн засаг, нийгмийн энэ том зорилтуудыг иж бүрэн цогцоор нь, үр нөлөөтэй хэрэгжүүлэхийн нэг нөхцөл нь төр, түүний байгууллага, албан тушаалтан, албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх юм. Чухам хариуцлагатай төр л тавьсан зорилтоо хэрэгжүүлж, иргэдийн төлөө үйлчилж чадна. Юуны өмнө төрөөс иргэддээ үзүүлэх үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, нээлттэй, ил тод, шударга болгох шаардлага өнөө үед тун чухлаар тавигдаж байна. Иймд төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг дээд зэргээр сахиулж, ёс зүйн зөрчил гаргах, хууль тогтоомж зөрчиж ажлын хариуцлага алдах, ажлаа цалгардуулж хийдэл дутагдал гаргавал зохих зэм, хариуцлагыг тухай бүрд нь хүлээлгэдэг байх хэрэгтэй. 

    Төрийн байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төрөөс аж ахуйг удирдах арга ухаанд ч өөрчлөлт хийхээр зорьж байна. Төрийн удирдлага нь зорилтоо хэрэгжүүлэх зөв хөшүүрэг болохоос түүнд саад болох учиргүй. Үүний тулд төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ  авч хэрэгжүүлж эхлээд байна. Засгийн газраас орон нутагт олгож байгаа төсвийн шилжүүлгийг тухайн орон нутгийн хөгжлийн индекст тулгуурлан тодорхойлж байх зарчимд шилжинэ.

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, орон нутгийн чанартай  ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааран тухайн орон нутгийн удирдлага худалдан авдаг байх журам тогтооно. Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн болон мэргэжлийн хяналтын агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох, чөлөөлөх эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлнэ.

    Баянхонгорчууд аа!
    Тус аймгаас төр, нийгэм, шашин, соёлын нэрд гарсан зүтгэлтнүүд, хөдөлмөрийн сайчууд, авъяастнууд олноор төрж, манай орны материаллаг ба оюун санааны сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнөө үед ч боломж, бололцоондоо тулгуурлан орон нутагтаа бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлж байгаа нь сайшаалтай. Боловсрол, эрүүл мэндийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, үйлчилгээний хүртээмж, чанарт ахиц гарч, хүүхдийн сургууль завсардалт , эхийн болон нялхсын эндэгдэл тус тус буурсан байна.

    Тус аймаг 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” болгон зарлаж 52 төсөлд 784.3 сая төгрөгний зээл олгож, ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх тодорхой ажил хийжээ. Гэсэн хэдий ч хүн амын 40 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, ажилгүйдлийн түвшин өсөх хандлагатай байна. Иймд ажилгүйдлийг бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал байна.

    Нутаг орноо хөгжүүлэхэд дараахь хэдэн чиглэлээр орон нутгийн удирдлага, иргэд хамтын хүчээ төвлөрүүлэн ажиллах нь зүйтэй байна.

    1.Хонгор нутгийн хөгжил, хүн ардын амьжиргааны үндсэн тулгуур бол уламжлалт мал аж ахуй билээ. Гэтэл мал аж ахуй эрхлэх аргыг үндсээр нь өөрчлөх цаг болсныг өнгөрсөн өвлийн байгаль, цаг уурын хүнд сорилт бидэнд харууллаа. Иймд Та бүхэн малчдын бүлгэм, хоршоо зэрэг хамтын аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулан эрчимжүүлэх, үндэсний фермерүүдийг бий болгон дэмжих, сүргийн бүтцийг зохистой байлгах, малчдын шинэ үеийг бэлтгэн сургах, орон нутгийн тэжээлийн аж ахуйг өргөтгөн бэхжүүлэх, баг, сум бүрт усалгаатай талбайг олшруулан хашиж хамгаалах, малын даатгалын системийг нэвтрүүлэх зэргээр мал сүргийг байгалийн эрхшээлээс сэргийлэн хамгаалах цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага нэн чухал байна. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жинхэнэ үр ашигтай үйлдвэрлэл болгох ёстой.

    2.Танай аймагт мал аж ахуйн түүхий эдэд түшиглэсэн малын гаралтай мах, сүү, ноос, арьс шир боловсруулах жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх боломжийг ашиглан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Орон нутгийн хөгжлийн 2 дахь тулгуур үндэс бол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх явдал мөн. Засгийн газар энэ талаар онцгойлон анхаарч сүүлийн 2 жилд 60 тэрбум төгрөг баталж өгсөн. Өнөө жил энэ чиглэлээр аймаг бүрд 530 сая төгрөг хуваарилаад байгаа. Энэ боломж, нөөцийг орон нутгийн хэрэгцээтэйгээ уялдуулан үр дүнтэй ашиглах нь чухал. Мал аж ахуйн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлийг зөв хослуулж чадвал бие биеэ тэтгэн хөгжих бүрэн боломжтой.

    3.Баянхонгор аймаг нь байгалийн баялаг, түүний дотор алт, зэс, нүүрс, болор, жоншны орд газартай. Эдгээр орд газрыг аймгийн хөгжлийн бас нэг тулгуур болгон байгальд сөрөг нөлөөлөл багатайгаар эргэлтэд оруулан ашиглахад лиценз эзэмшигч компани болон орон нутгийн удирдлага санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Орд газар, бичил уурхайг ашиглахдаа орчны тэнцлийг алдагдуулахгүй, байгалиа хөнөөж, бохирдуулахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. Алтыг нь аваад авдрыг нь хаяв гэгчийн үлгэрээр байгаль орчинд хэт хөнөөлтэй хандлага газар авч байгаа нь сэтгэл түгшээж байна. Орон нутгийн засаг захиргаа, ажил хариуцсан мэргэжилтэн, иргэд энэ талаар нэгдэн нийлэн, нэн яаралтай арга хэмжээ авбал зохино. Эс тэгвэл тос даасан Хонгор нутаг маань тоос боссон хоосон зэлүүд газар болох аюул ойрхон байна. Байгаль дэлхийгээс баялгийг нь хүртэсний хариуд нөхөн сэргээлт хийх нь хариуцлагатай уул уурхайн үндсэн зарчим төдийгүй, иргэн хүний журамт үүрэг байх ёстой. Хүн байгальд хэдий чинээ хатуу хандана, байгаль хариугаа төдий чинээ чанга авдаг гэсэн эртний мэргэдийн үгийг эргэцүүлж сайн бодоорой.

    4.Аялал жуулчлал танай аймгийн хөгжлийн бас нэгэн тулгуур болох бүрэн боломж бий. Баянхонгор аймгийн байгалийн өвөрмөц тогтоц, дэлхийд ховордсон ан амьтан, ургамал, эртний түүхэн дурсгалууд зэрэг давтагдашгүй нөөц боломж байгаа нь гадаад, дотоодын аялагч, жуулчдын анхаарлыг татдаг билээ. Гагцхүү жуулчдыг хүлээн авах соёлч боловсон үйлчилгээ, тохилог цэвэр орчин бий болгоход анхаарч ажиллах нь зүйтэй. Орон нутгийн болон нутгийн харъяат бизнес эрхлэгчдийн хүчин чармайлтыг нэгтгэн аймаг орон нутагтаа үйлдвэр, үйлчилгээ, соёлын бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа зөв эхлэлийг цаашид ч дэмжин үргэлжлүүлэн дэмжих учиртай. Хонгор нутгийн ард иргэд ухаалаг, ажилч хичээнгүй, юуг ч хийж, ямар ч бэрхшээлийг даван туулах чадвартай ард түмэн. Гагцхүү тэдний санаа бодлыг сонсож, санал санаачлагад тулгуурлаж, тусалж дэмжиж ажиллах нь чухал юм. Орон нутгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрийг Та бүхэн санаачлан хэрэгжүүлбэл Засгийн газар бүх талаар дэмжинэ. Танай аймгийн удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу Баянхонгор хотод Халдвартын эмнэлэг шинээр барихад Засгийн газар онцгой анхаарч 2011 оны төсөвт тусган хэрэгжүүлэх бодлого баримтлан ажиллах болно.

    Эрхэм хүндэт Баянхонгорчуудаа.
    Хонгор нутгаас эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан эх оронч, хөдөлмөрч, оюунлаг сэхээтэн,  улсын болон хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат зүтгэлтэн, төр нийгэм, шашин соёлын зүтгэлтнүүд, урлаг спортын алдар цолтод олноор төрөн гарсан бахархам сайхан уламжлалтай. Өвөг дээдэс, ахмад үеийнхнийхээ энэ сайхан уламжлалаа өвлөн бататгаж, Монгол эх орон, Хонгор сайхан нутгаа хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Та бүхэндээ хандан уриалж байна.

    Хангай, говь, тал хээр хосолсон, ханагар уудам, өгөөж баян нутагтаа эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, эрин цагийн шинэ бүтээн байгуулалт өрнүүлж, эрдэм соёл, урлаг спортоо улам баяжуулан хөгжүүлж, эв найртай элбэг хангалуун, чинээлэг сайхан аж төрөхийн өлзий ерөөлийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

  • Ерөнхий сайд С.Батболдын Завхан аймгийн Улиастай сумын иргэдтэй хийсэн уулзалтад хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболдын Завхан аймгийн улиастай сумын иргэдтэй хийсэн уулзалтад хэлсэн үг(Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх нь ажилгүйдэл, ядуурлыг туулах бодит гарц мөн)

    2010 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Улиастай хот

    Энд хүрэлцэн ирсэн Эрхэм хүндэт иргэд ээ,
    Монгол орны оройн дээд ариун шүтээн Отгонтэнгэр хайрхан уулаа олон үеэрээ тахин шүтэж, энэ сайхан нутагтаа эзэн нь болж, энх тунх, эрх чөлөөтэй аж төрөн суугаа Завхан нутгийн зон олон Та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье. Мөн намайг нааш гарахад биечлэн уулзан, нутаг ус, хүн зоныхоо тухай, орон нутгийн хэтийн хөгжлийн тухай санаа бодлоо илэрхийлж, санал, зөвлөмжөө хэлсэн Монгол Улсын 2 дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди гуайн нутгийн олон Та бүхэндээ хандсан чин сэтгэлийн мэндийг уламжилъя.

    Миний бие хамтарсан Засгийн газрын тэргүүний хариуцлагатай албанд томилогдоод 9 сарын нүүр үзэж байна. Ажил хүлээн авснаас хойш улсын төсвөө батлуулах, улс орны өмнө тулгамдсан болон цаг үеийн яаралтай ажлууд, төр засгийн бодлого чиглэл, хөтөлбөр төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулах гээд цаг хугацаатай уралдан ажиллалаа. Хоёр талын болон олон талын хэлэлцээ тохирооны дагуу хэд хэдэн гадаад томилолтыг үр дүнтэй хийгээд байна. УИХ-ын чуулган завсарлаж, улс амьтан хавар, намрын их ажлын заагт түр амсхийж буй энэ цаг үед орон нутагт ажиллах олон хоногийн томилолттой гарсан. Олдож буй энэ цаг мөчийг ашиглаж баруун бүс нутгийн бүх аймгаар орж, орон нутаг дахь төр засгийн ажил, олон түмний ахуй амьдралыг нүдээр үзэж, хөдөөгийн иргэдийнхээ санаа бодлыг сонсож явна.

    Завхан нутаг, Улиастай хотын иргэд Та бүхэнтэй уулзаж буй энэ завшааныг ашиглаж Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй гол ажил, ойрын ирээдүйн бодлого зорилт, орон нутгийн хөгжлийн асуудлаар зарим санал бодлоо би та бүхэнтэй хуваалцъя. Хамтарсан Засгийн газрын бодлого зорилтыг хамгийн товчоор “Хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн” хэмээн тодорхойлж байгаагаа Ерөнхий сайдаар томилогдох үедээ УИХ-ын индэр дээрээс илэрхийлснийг Та бүхэн санаж байгаа байхаа.

    Хүний хөгжлийг хангах манай Засгийн газрын бодлогын гол агуулга нь монгол хүн бүрээ эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой болгоход чиглэгдэж байна. Ингэхдээ хүнийг бөөцийлөх, бэлэнчлэх сэтгэлгээнд сургах замаар бус хүн бүрийг хөдөлмөр эрхлүүлэх замаар энэ зорилтыг шийдвэрлэнэ гэж үзэж байна. Мэдээж бид үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрдээ 1,5 сая төгрөг хүртээх” үүрэг, амлалтаа биелүүлнэ. Энэ чиглэлээр өнгөрсөн богино хугацаанд иргэддээ эх орны хишиг, хувь хүртээх эрх зүйн үндэс болох “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг УИХ-аар батлуулж, тус санд хөрөнгө мөнгө хуримтлуулж, эхний ээлжинд иргэн бүртээ 70000 төгрөгийг хүртээгээд байгаа.

    Гэвч мөнгийг бөөнөөр олгох нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсч, зарим бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болгох хандлага ажиглагдаж байна. Иймд үүнээс сэргийлэх, иргэддээ хишиг, хувийг байнга хүртээх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж, “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт энэ оны 8 дугаар сарын 1-нээс он дуустал 10 мянган төгрөг, 2011 оноос 21 мянган төгрөг сар бүрт тогтмол хүртээх шийдвэрийг саяхан гаргалаа. Энэ нь амьдрал ядуу, огт орлогогүй айл өрхөд сар бүр тогтмол хүн бүрийн тоогоор орлого болж очно. Бага ч гэсэн амин зуулгад нь нэмэр болно. Бололцоотой айл өрхөд бол нэмэгдэл орлого болж очно.

    Энэ тооцоог бид улс орны санхүүгийн өнөөгийн боломжид тулгуурлан гаргасан. 500.000 төгрөгийг ийнхүү үе шаттайгаар бэлэн мөнгөөр сар тутам олгоно. Үлдсэн 1 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох, зээлийн төлбөрт шилжүүлэх зэргийн аль хэлбэрээр авахыг иргэдээсээ санал асуулга авсан. Засгийн газар иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах хэлбэрээр дээрх мөнгийг хүний хөгжлийг хангах том зорилттой уялдуулж байна. Гэхдээ иргэдийнхээ, аймаг бүрээс ирсэн саналыг харж үзэх болно.

    Төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр,  тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар өсгөхийн зэрэгцээгээр төрийн албан хаагчдийг орон сууцжуулах үүднээс 4 мянган хүнийг хөнгөлттэй зээлд хамруулах шийдвэр гаргаж, зээл өгч эхлээд байна. Энэ мэтээр хүнд хандсан шууд хөрөнгө оруулалтад Засгийн газар олон тэрбум төгрөг зарцуулж байна. Цаашид бид бүтээн байгуулалтаар дамжуулж хүндээ хөрөнгө оруулах бодлогыг тууштай барьж ажиллана. Энэ нь олон талын ач холбогдолтой. Улс оронд хэрэгтэй бүтээн байгуулалт бий болно. Олон хүн ажил хөдөлмөр эрхэлж, ажлын байраар хангагдах нөхцөл бүрдэнэ.

    Иргэд байнгын орлоготой болно. Хамгийн гол нь хөдөлмөрч, бүтээлч, ажил хөдөлмөрийнхөө үр шимээр бахархдаг, эрүүл саруул, мэргэжил мэдлэгтэй хөгжлийн төлөө гэсэн эрмэлзэл тэмүүлэлтэй Монгол хүн төлөвшин хөгжүүлэх нь туйлын зорилго болно. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх нь ажилгүйдэл, ядуурлыг даван туулах бодит гарц мөн. Эдийн засгийн салбар дахь бүтээн байгуулалтад оруулж буй хөрөнгө бол эцсийн дүндээ хүнд зориулж буй хөрөнгө оруулалт гэдэг нь ойлгомжтой. Бид халамжийн биш эдийн засгийн аргаар хүний нийгмийн асуудлыг шийдэхийг зорьж байна. Зах зээлийн үеийн Засгийн газарт үүнээс өөр үр дүнтэй гарц байхгүй. Иймээс бид эдийн засгийн салбарт ихээхэн анхаарч, томоохон хөрөнгө оруулалт хийнэ. Ингэж байж бид ажилгүй, ядуу, амьдрал хүрэлцэхгүй байна гэсэн 20 жилийн шилжилтийн, амаргүй бэрхшээлээс гарч хөгжлийн 20 жилээ эхэлнэ.

    Энэ онд Засгийн газраас улс орны цаашдын хөгжил, бүтээн байгуулалттай холбоотой олон томоохон асуудлыг боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн. Завхан нутгийн  хөгжил дэвшлийн төлөө Засгийн газар 2009  онд 23.8 тэрбум, 2010 онд 21.8 тэрбум,  баруун бүс нутгийн хөгжлийг  дэмжих хөрөнгө оруулалтын хүрээнд 4.5  тэрбум төгрөг, нийтдээ 50,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудлыг шийдвэрлэсэн.

    Төрийн байгууллагын ажиллах орчин нөхцлийг дэмжиж Аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтсийн конторын барилга, хүн амын төвлөрөл ихтэй Тосонцэнгэл, Их-Уул,  Отгон, Түдэвтэй сумын  сургуулийг шинээр барих, боловсрол, соёл, эрүүл  мэндийн салбарын байгууллагуудын стандарт орчин нөхцлийг бүрдүүлэх,  үйлчилгээ үйл ажиллагааг  дэмжсэн нэлээд хөрөнгө оруулалт хийсэн.

    Аймаг орон нутгийн хөгжлийн нэг тулгуур бол жижиг, дунд үйлдвэрлэл билээ. Энэ чиглэлээр улсын болон аймгийн хэмжээнд олон ажил хийж байна. Худалдаа наймаа эрхэлдэг гол төв болох захын үйл ажиллагааг сайжруулах, орчин үеийн тохилог худалдааны төв байгуулах ажлыг эхлүүлснийг үзлээ. Энэ ажилд дэмжлэг болгох зорилгоор Засгийн газраас энэ оны 5 дугаар сард тогтоол гарган, 500.0 сая төгрөгийн төсвийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Аймаг, орон нутагт бүтээн байгуулалтын олон ажил хийж байгааг харлаа. Хүнсний захаар орж, махны үйлдвэр, нэгдсэн эмнэлэг, замын ажлын эхлэлтэй танилцлаа.

    Орон нутгийн онцлогт тохирсон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах замаар ажлын байр бий болгох асуудал маш чухал байна. Засгийн газраас орон нутагт жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх зорилгоор 2009, 2010 онд тус бүр 30 нийт 60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж, зээлийг зохих журмын дагуу олгож байгаа. Завхан аймгийн хувьд 2009 онд аймгийн дэд санд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 570,0 сая, орон нутгаас 30,0 сая,  оролцогч банкнаас 180,0 сая, нийт 780,0 сая төгрөгийн эх үүсвэр бүрдэж  Монгол шуудан банкаар дамжуулан олгосон. Үр дүнд нь хүнсний үйлдвэрийн чиглэлд 18, хөдөө аж ахуйн салбарт 15, хөнгөн үйлдвэрийн салбарт 18, барилгын материалын үйлдвэрлэлд 7, ахуйн үйлчилгээний 14, худалдаа үйлчилгээний зориулалтаар 9,  нийт 81  төсөлд санхүүжилт хийгдэж, 25  шинэ үйлдвэр, 334 ажлын байр шинээр бий болсон гэсэн тайлан мэдээг Засгийн газарт гаргаж өгсөн.

    Оны эхний хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд хөдөлмөрийн биржэд бүртгэлтэй ажилгүй байгаа 2700 орчим иргэн ажил идэвхтэй хайж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс даруй 900 орчим хүнээр нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Ийнхүү ажилгүйдлийн хэмжээ нэмэгдэж байгаа нь өнгөрсөн жилүүдэд тохиолдсон эдийн засгийн хямрал болон зудын хохирлоос шалтгаалсан гэж үзэж болох юм.

    Сүүлийн жилүүдэд Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, мэргэжлийн боловсролыг дэмжин хөгжүүлж байгаа, Завхан, Говь-Алтай аймагт эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох чиглэлээр зарцуулсан ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт зэрэг олон талын арга хэмжээнийхээ эцсийн үр дүнг бид гаргаж, хүртэх ёстой. Иймээс аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс ирэх 2 жилийн хугацаанд ажилгүйдлийг бууруулах талаар тавьсан зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ихээхэн хүч чармайлт гаргаж, санаачлагатай, зохион байгуулалттай ажиллах шаардлага улам нэмэгдэж байна.

    Ажлын байрыг зөвхөн энд, аймаг сумандаа гаргана гэж ойлговол учир дутагдалтай хэрэг болно. Уул уурхайн салбарыг дагасан бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа говийн бүс нутагт шинээр олон мянган ажлын байрны эрэлт хэрэгцээ бий болж ажилгүй залуучуудыг зуучлах нэн таатай боломж бүрдэж байна. Оюутолгой, Тавантолгой орд газар болон удахгүй хэрэгжиж эхлэх автозам, төмөр зам, цахилгаан станцыг барьж байгуулах зэрэг дэд бүтцийн олон төсөл, үйлдвэрт дотоодын ажиллах хүчин ихээр шаардагдахаар байгаа юм.

    Шинээр бий болж байгаа энэ таатай боломжийг бүрэн дүүрэн ашиглах, ажил эрхлээгүй, ажлын байрны эрэлт хэрэгцээнд мэргэжил, ур чадвар нь дутагдаж байгаа залуучуудыг хөдөлмөр эрхлэлт, зуучлал, боловсролын байгууллагуудтай хамтран давтан сургалтад хамруулах зэрэг өргөн хүрээтэй ажлыг аймагтаа зохион байгуулах шаардлагатай. Сүүлийн үед өдөр тутмын сонин, хэвлэлийн нийтлэлд ажлын байрны зарлалын эзлэх хувь ихээхэн хурдацтай нэмэгдэж байгааг ч та бүхэн харж байгаа байх.

    Өнөөдөр бидэнд буюу Монгол улсад ажлын байрны эрэлт, хэрэгцээ нь байна, иргэдийг давтан сургах тодорхой хүчин чадал, багтаамж бүхий Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв сургалтын байгууллага, цаашдын ажиллах хүчин болох боломжтой хөдөлмөрийн насны залуучууд байна. Одоо энэ бүхнийг хооронд нь нэгтгэн зохион байгуулах санал санаачлага, үйл ажиллагаа хаа хаанаа чухал шаардлагатай байна. Залуучууд маань ч гэсэн зөвхөн өөрийн аймаг, сумандаа бүгж, ажилгүй хэмээн гансарч, гар хумхин суух хэрэггүй. Одоо үе алгаа тосч суудаг биш ажил хийж амьдрах цаг. Бүтээн байгуулалт өрнөж байгаа бүс нутаг, аймагт, ажлын байрыг зарлаж байгаа компаниудад хандаж ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтээ гаргах, давтан сургалтад хамрагдах чиглэлээр идэвхтэй байх хэрэгтэй.

    Бидний туулж ирсэн хуучин төвлөрсөн тогтолцооны үед ч залуучууд шинэ бүтээн байгуулалт өрнөж байгаа газарт өөрсдийн идэвх санаачлагаар “эвлэлийн илгээлтээр” очин ажиллаж байсан сайн туршлага байсныг ч бид мартах ёсгүй. Сайн туршлагаа шинэ цагийн нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэхэд болохгүй гэх зүйлгүй юм.  Шинэ үеийн “илгээлтийн эзэд” та бүхэн байх бүрэн бололцоотой. Манай улсын хүн ам 2008 оны байдлаар 2.6 саяд хүрч, өмнөх оноос 1.7 хувиар өссөн нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт юм.  Өнөөдөр хөдөлмөрийн насны хүн амын нийт хүн амд эзлэх хувь хамгийн их болж, судлаачдын хэллэгээр бол “хүн ам зүйн цонх”-ны гэж нэрлэдэг цаг үе эхлээд байна.  Тиймээс энэ үеийг туйлын ухаалгаар ашиглах, бүтээн байгуулалтын цаг үетэй оновчтой хослох асуудал чухал байна.

    Хүн амаа өсгөх, хөдөлмөрт бэлтгэх бодлогод төр засгаас туйлын анхаарал хандуулж байгаа. Үүнд бодлого тодорхойлогчдын хүчин чармайлт ихээхэн чухал юм.   Энэ ч үүднээс Та бүхний итгэлийг хүлээн сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-ийг санаачлан УИХ-аар батлуулсныг хэлэхэд таатай байна.  Ингэснээр 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд Эхийн алдарт 2-р зэргийн одонг,  6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд 1-р зэргийн одонг олгох болж байгаа юм. Бидний ирээдүй болсон хүүхэд залуучууд маань эрүүл саруул, боловсрол мэдлэгтэй, ёс суртахуунлаг, ажилч хичээнгүй хүн болж өсөж төлөвших нь нэн чухал байна. Үүнд эцэг эх болон төр засгийн байгууллагын хамтын ажиллагаа хэрэгтэй.

    Засгийн газраас боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэхийг эн түрүүнд анхаарч, ерөнхий боловсролын хүрээнд олон улсын стандартыг нэвтрүүлэх, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг эрс шинэчлэн улс оронд хэрэгцээтэй, мэргэжилтэй ажилчин олноор бэлтгэх, их дээд сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх талаар дэс дараатай арга хэмжээ авч байна. Мөн эрүүл мэндийн салбарт бүтэц, үйл ажиллагааны өргөн хүрээтэй өөрчлөлт хийх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох замаар нийгмийн эрүүл мэндийн төлөв байдалд эргэлт гаргахаар эрмэлзэж байна. Энэ бүхэн “Хүний төлөө хөгжил” гэсэн зорилгод чиглэгдэж байгаа юм.

    Хүндэт иргэдээ,
    Хөдөө аж ахуй бол манай эдийн засгийн нэг голлох салбар бөгөөд хүн амын амьжиргааны үндсэн эх үүсвэр билээ. Орон нутгийн хөгжил дэвшил ч хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлээс ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн салбар бол орон нутгийн хөгжлийн нэг тулгуур үндэс хэвээр байх болно.Хөдөө аж ахуйн салбарт газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тарианы чанар, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүргэхээр ажиллаж байна. Энэ нь зөвхөн тухай салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх төдий биш, бүхэлдээ манай эдийн засгийн, тэр дундаа хүнсний аюулгүй байдалтай холбоо бүхий том агуулга, том зорилт тавьж байгаа юм.

    “Атрын III аяны” үр дүнд өнгөрөгч онд хэрэгцээт үр тарианы 97.0 хувь, төмсний 100 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд 2010 онд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60.0 хувийг дотоодын ургацаас хангах зорилт тавин ажиллахын зэргэцээ 274,3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулаад байна.

    Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 5 дугаар сард УИХ-аас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Өнгөрсөн өвөл, хавар байгаль, цаг агаарын гамшигт үзэгдэл зуд турхан болж, мал аж ахуйн салбар, малчдын амьдралд ихээхэн хүндрэл учруулсан. Энэхүү зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 9 сая  толгойгоор хорогдож, 8700 гаруй айл өрх огт малгүй болж 550 гаруй тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан.

    Энэ оны эхний хагас жилийн статистикийн тоо мэдээллээс үзвэл Завхан аймагт байгаль цаг уурын хүндрэл, зудын улмаас оны эхэнд тоологдсон нийт мал сүргийн 34,9 хувьтай тэнцэх 986,9 мянган толгой мал хорогджээ. Эх мал олноор хорогдсоны улмаас энэ онд гарсан төлийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,7 дахин бага байгаа нь ихээхэн харамсалтай юм. Зудын хохирол зөвхөн энэ жил учраад зогсохгүй ойрын жилүүдэд төллөх малын тоо буурах, улмаар хүнсний хангамжид ч таагүй нөлөө үзүүлэх хандлагатай байна.

    Засгийн газраас зуншлагын байдал хүндрэхээс эхлээд, өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, өвөлжилт хүндэрсэн үед цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээ авах, малчдад хямдралтай өвс тэжээл нийлүүлэх, хандив тусламжийн ажил зохион байгуулах, малгүй болсон иргэдийг малжуулах зэрэг олон талын арга хэмжээ авч ажилласныг Та бүхэн мэдэж байгаа. Засгийн газар саяхан малгүй болсон айл өрхийг малжуулахад зориулж 3.0 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргасан. Үүнээс Завхан аймагт 500 сая төгрөг хуваарилагдсан.

    Цаашдаа мал аж ахуйн салбарт сүргийн бүтцийг сайжруулж, өвөлжилтийн бэлтгэлээ бие даан хангадаг, мал сүргээ эрсдлээс хамгаалж чаддаг мал аж ахуйн үйлдвэрлэлийн шинэ бүтцийг бий болгох зүй ёсны шаардлага тавигдаж байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн зохион байгуулалтын асуудлыг малчдын өөрсдийн оролцоотойгоор багийн Иргэдийн нийтийн хурлаас эхлээд сум, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа хэлэлцэн орон нутгийн онцлогтоо тохирсон бодлогоо боловсруулж, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох нь нутгийн удирдлагын байгууллагуудын нэн тэргүүний ажил гэдгийг энд Та бүхэнд сануулж хэлье.

    Тус аймгийн хувьд олон жилийн туршид тулгамдсан бүрэн шийдвэрлэгдээгүй хүндхэн асуудлын нэг бол цахилгаан эрчим хүчний хангамж, эх үүсвэрийн дутагдал байсан. Эрчим хүчний байнгын эх үүсвэрт холбогдоогүй Говь-Алтай, Завхан аймгийн эрчим хүчний хангамжийг шийдвэрлэхийн тулд Улсын Их Хурал, Засгийн газраас ихээхэн анхаарал тавьж өнгөрсөн 3 жилийн хугацаанд усан цахилгаан станц барьж байгуулахад 50 гаруй тэрбум төгрөг, 1800 гаруй км урттай сумдын цахилгаан дамжуулах шугам, дэд станцуудыг барьж байгуулахад 40,0 орчим тэрбум төгрөг нийтдээ 90,0-95,0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. 

    Тухайлбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Завхан аймгийн 20 сум, Говь-Алтайн 11 сумыг Тайширын цахилгаан станцтай холбох цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ажил хийсэн. 35-110 кв-н нийт 1816 км шугам, 57 дэд станцаас бүрдсэн дамжуулах, түгээх шугам сүлжээнд 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Усан цахилгаан станц нь байгаль орчинд хор нөлөө багатай, экологийн цэвэр үйлдвэрлэл гэж дэлхий нийтээр үзэж байгаа учир Засгийн газраас ийм төрлийн үйлдвэрлэлийг тууштай дэмжиж байгаа. Харин Тайширын усан цахилгаан станцын хувьд барьж байгуулах үе нь цаг агаарын өөрчлөлт, хуурайшилттай цаг таарсан, тухайн нутаг оронд жилд ордог хур тунадасны дундаж хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор усан сангийн дүүргэлтэд төлөвлөснөөс нилээд их цаг хугацаа шаардагджээ.

    Сая бид Говь-Алтай аймгаас Улиастай ирэх замдаа Тайширын усан цахилгаан станцын ажил, өнөөгийн байдалтай газар дээр нь үзэж танилцлаа, мэргэжлийн хүмүүсийн тайлбар дүгнэлтийг сонслоо. Тайширын усан цахилгаан станцыг байгуулахад бүтээн байгуулалтын томоохон ажил хийгдэж, ажиллаж эхлэх бэлтгэлээ сайтар хангаж байгаа нь харагдаж байна. Усан сан дахь усны түвшин 6 дугаар сард 1690 гаруй метрт хүрсэн учир одоогоор жижиг тоноглолуудыг ажиллуулж Тайшир, Жаргалан сумыг эрчим хүчээр хангаж эхэлсэн  байна. Энэ жил төвийн нутгаар бороо хур сайтай байсны үр дүнд усан сангийн дүүргэлт зохих түвшинд буюу 1696 метрт ойртож байгаа учир станцыг ирэх 9 дүгээр сараас эхлэн бүрэн хүчин чадлыг туршилтаар ажиллуулж, үйл ажиллагаа нь цаашид хэвийн явагдах боломжтой эсэхийг судлахаар төлөвлөж байна. Хэрэв туршилт амжилттай болж, нааштай сайн үр дүн үзүүлбэл ирэх өвлийн улирлаас эхлэн станц бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

    Үүний зэрэгцээ Завхан, Говь-Алтай аймгийн нийт хэрэглэгчдийг тасралтгүй байнгын эрчим хүчээр хангах, улмаар баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээг бүрдүүлэхийн тулд Хөвсгөлийн Могойн голд дулааны цахилгаан станц байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэж, сар гаруйн өмнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт шавыг нь тавьсан. Мэргэжлийн байгууллагын хийсэн техник эдийн засгийн үндэслэлийн дагуу станцыг барьж байгуулах ажил ямарваа саадгүй байвал ирэх 2011 онд багтаан барьж дуусгахаар төлөвлөсөн байна.

    Станцыг шалгаж зүгшрүүлэх, мэргэжлийн байгууллагууд, улсын комисс шалгаж, нягтлан хүлээн авах зэрэгт тодорхой цаг хугацаа орно. Ямар боловч Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд багтаан бид эрчим хүчний найдвартай сүлжээнд бүх аймаг, сумдыг холбох зорилтыг бүрэн хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ зорилт маань үндсэндээ ирэх 2011 оны эцэст хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Ийнхүү Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаа зүгширч, улмаар Могойн голын дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар Говь-Алтай, Завхан аймгийн ард иргэдийн олон арван жилийн туршид хүлээж байгаа байнгын найдвартай эрчим хүчний эх үүсвэрт холбогдох зорилт хэрэгжих юм.

    Ерөнхий сайд болон манай Засгийн газрын гишүүд орон нутагт томилолтоор явж ажиллахдаа зөвхөн иргэдтэй уулзаж, ярилцах гэж байгаа бус тухайн аймаг, сумдын түвшинд Засгийн газрийн мөрийн хөтөлбөрийн зорилт хэрхэн хэрэгжиж байгаа явцтай танилцах, тулгамдсан шийдвэрлэвэл зохих асуудлыг хэрхэн шийдвэрлэх оновчтой арга замыг олох, зөвлөлдөхөд оршиж байгаа юм. Өмнөх Засгийн газрын үед аймгийн удирдлагаас Засгийн газарт хандаж шийдвэрлэвэл зохих, УИХ, Засгийн газрын дэмжлэг туслалцаа шаардлагатай гэж үзсэн тодорхой 5 асуудлаар хүсэлт тавьж байжээ.
    Ийнхүү тавьсан дараахь асуудлуудыг шийдвэрлэсэн буюу хэрэгжүүлэн ажиллаж байна.

    Үүнд: 
    1. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн нийт 77 км хатуу хучилттай автозамын барилгын ажил үргэлжилж байгаа. Улсын 2010 оны төсвийн төсөлд уг ажилд зориулан 8,8 тэрбум төгрөгийн хөрөнгө тусгаж, замын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна.  Баянхонгор-Алтай чиглэлийн 269 км, Баянхонгор-Улиастай чиглэлийн 470 км хатуу хучилттай автозамыг тус тус барьж байгуулах төслийг “Концессийн тухай хууль”-ийн дагуу концессын гэрээгээр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр бариулахаар Засгийн газраас саяхан шийдвэрлээд байна. Удахгүй гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажил үе шаттай хийгдэх болно.

    2. Тайширын усан цахилгаан станцыг гадаадын төслийн зээлийн болон улсын төсвийн нийт 40,0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж байгуулсан. Завхан аймгийн сумдыг Тайширын усан цахилгаан станцтай цахилгаан дамжуулах шугамаар холбох, сумдын дэд станц барихад 2008-2009 онуудад улсын төсвөөс 21,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. 

    3. Сумдын усалгаатай газар тариаланг дэмжих, мал эмнэлгийн үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2010 оны улсын төсвөөс 455,0 сая төгрөг зарцуулж байна. 

    4. Тайширын УЦС ашиглалтад бүрэн орж, эрчим хүчний хангамжийн асуудал тогтворжсон нөхцөлд дараагийн жилүүдэд Завхан аймагт хөдөө аж ахуйн түүхий эд болон зарим төрлийн ашигт малтмалыг боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэлийг барьж байгуулах төслийг улсын төсвийн болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэж эхлэх боломжтой болно.

    Ийнхүү манай үе үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж, орон нутгийнхаа удирдлагуудын ажилтай танилцсаны мөрөөр тодорхой үр дүнтэй ажлыг, хөрөнгө санхүүгийн боломждоо тулгуурлан хэрэгжүүлж байгаа, цаашид ч ийм байдлаар ажиллах болно. Энэ хүрээнд Завхан аймгийн удирдлагууд, Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ч багагүй ажил хийж байгаа. Аймгийн төвд тавих хатуу хучилттай 4 км зам, Донойн хөндийн замд шаардлагатай хөрөнгийг 2011 оны төсөвт тусгах, гэр хорооллын авто замын асуудлыг шийдэх зэргийг холбогдох яамдын сайд нарт үүрэг болгож байна.

    Гагцхүү бүх асуудлыг УИХ, Засгийн газар, гадаадын зээлийн хөрөнгөөр шийдвэрлэх бус орон нутагт, өөрсдийн санал санаачлагаар шийдвэрлэж болох олон асуудлыг санаачлан зохион байгуулж хийдэг байх учиртай. Орон нутагт асуудлаа аль болох өөрсдөө шийдвэрлэдэг болохын тулд Засгийн газраас орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг өргөжүүлэх чиглэлээр хийж  байгаа зүйл бий. Тухайлбал Монгол Улсын Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах журмын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Эдгээр хуулийн шинэ найруулга, нэмэлт өөрчлөлтийн хүрээнд орон нутгийн төсвийн эрх мэдлийг тодорхой хэмжээгээр өргөжүүлэх алхмыг хийхээр тусгасан.

    Цаашид ч аливаа асуудлыг шийдвэрлэхэд нэг талаас Улсын Их Хурал, Засгийн газар, нөгөө талаас орон нутгийн засаг захиргааны санаачлага, зохион байгуулалт, гуравт түүнийг хэрэгжүүлэх гол хүч болох ард иргэдийн идэвхтэй оролцоо хамтарч байж гэмээнэ бидний тавьсан зорилт, арга хэмжээ бүхэн хурдан шуурхай хэрэгжих боломжтой гэдгийг та бүхэн сайтар ойлгож ажиллах нь зүйтэй байна.

    Эрхэм хүндэт Завханчуудаа, Завхан нутаг сайхан нутаг, замын хүн саатам нутаг гэдэг. Үнэхээр тийм байна. Энэ сайхан нутаг, байгалиа хайрлаж хамгаалах нь та бүхний журамт үүрэг гэдгийг хэлье. Өнөөдөр байгаль орчны асуудал амин чухал болоод байна. Завханчууд хөдөлмөрч, авъяаслаг, оюунлаг, хийморлиг ард түмэн.

    Завхан нутгаас улс орны түүх, хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан хутагт хувилгаад, төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын алдартнууд, хөдөлмөрийн баатар, гавъяатнууд олноор төрөн гарсан билээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт С.Дамдинбазар, Улиастайн сайд Дилав хутагт Б.Жамсранжав, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын анхны дарга Н.Багабанди болон төр нийгмийн зүтгэлтэн Б.Элдэв-Очир, Улсын баатар, Армийн генерал Б.Дорж, Хөдөлмөрийн баатар, хоньчин Ц.Намхайнямбуу, Дорнын их яруу найрагч Б.Явуухулан, Урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Ванган, уран нугараач Б.Норовсамбуу, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нарын алдартнаар Завханчууд төдийгүй Монголын ард түмэн бахархдаг юм. Энэ сайхан бахархалт түүхээ үргэлжлүүлж, эх нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлж, элбэг хангалуун амьдарч, эх орныхоо хөгжилд их хувь нэмэр оруулахыг Та бүхнээсээ хүсье.

    Монгол Улс маань цэцэглэн хөгжих болтугай.

  • Ерөнхий сайд С.Батболдын Говь-алтай аймгийн иргэдийн уулзалтанд хэлсэн үг

    Ерөнхий сайд С.Батболдын Говь-алтай аймгийн иргэдийн уулзалтанд хэлсэн үгЭрхэм  хүндэт Алтайчууд аа, Ард иргэд ээ,

    Та бүхэн тавтай сайхан зусаж  байна уу.

    Өндөр сүрлэг Алтайн уул шигээ алдар гавъяаны замналтай, өргөн уудам говь шигээ уужим тэнүүн сэтгэлтэй Говь-Алтайчууд Та бүхэнтэй нүүр тулан уулзаж ярилцах завшаан олдож  байгаад  туйлын  баяртай байна. Та бүхэн саяхан аймаг байгуулагдсаныхаа  түүхт 70 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ. Хэдийгээр аймгийн 70 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээнд ирж оролцож амжаагүй ч гэсэн  түүхт ойн баяр, наадмын чимээ төдийлөн алсраагүй, уралдсан хурдан хүлгийн хөлс хатаж амжаагүй байгаа энэ цаг үед Говь-Алтай аймагт ирсний хувьд Засгийн газрынхаа нэрийн өмнөөс Говь-Алтай аймгийн нийт ард иргэд Та бүхэндээ түүхт ойн баярын халуун мэндийг дэвшүүлж, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

    Эх орны маань  баруун урд  хязгаарын  уудам их газар нутагт  аж төрөн амьдарч байгаа Та бүхний өвөг дээдэс, мөн өнөө үеийнхний дундаас улсынхаа тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгчид, нэрт зохиолч, соён гэгээрүүлэгчид, төр нийгмийн зүтгэлтэнүүд, ардын армийн генералууд, эрдэмтэн мэргэд, хөдөлмөрийн сайчууд олон арваараа төрөн гарсан билээ. Эх оронч, хөдөлмөрч энэ сайхан уламжлал нэр төрөөрөө Та бүхэн бахархах бүрэн эрхтэй.   

    Монгол улсын урт хугацааны хөгжлийн хувьд эрхэм нандин үнэт зүйл бол  байгалийн баялаг, ашигт малтмал бус харин  эрүүл чийрэг биетэй, эрдэм  боловсролтой, хөдөлмөрч, бүтээгч  Монгол хүн билээ. Говь-Алтай аймаг бусад аймгаас хамгийн анхлан аймгийнхаа урт хугацааны хөгжлийн цогц  хөтөлбөрийг боловсруулж, үүндээ “Хүний хөгжил”-ийг тэргүүлэх чиглэлээ болгон тодорхойлон мөрдөж байгаа нь ихээхэн сайшаалтай. Энэхүү  хөгжлийн цогц бодлогын баримт бичигт тодорхойлсон зорилтуудыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө төр, орон нутаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хүч нөөцийг нэгтгэн дайчилж чадвал Говь-Алтайхан хөгжил дэвшлийн шинэ шатанд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

    Төр, засгийн хөгжлийн бодлогын тэргүүн эгнээнд Хүний хөгжлийн бодлого тавигдаж байгаа. Сүүлийн жилүүдэд УИХ, Засгийн газраас хүн амын эрүүл мэнд, эх нялхасын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлийг эмчлэх, эдгэрүүлэх талаар ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, зохих боловсон хүчнийг бэлтгэж ирсний үр дүнд Монгол Улсын хүн амын өсөлтийн хурдац жилээс жилд нэмэгдэж, хүн амын цэвэр өсөлтийн хурдац 8-9,0 хувьд хүрч, 2010 оны эхний байдлаар хүн амын тоо 2736,0 мянгад хүрээд байна.

    Засгийн газраас зарлаж, саяхан хэрэгжүүлж эхлээд байгаа Хүн амын шинэчилсэн бүртгэл, тооллогын явцад бид ард иргэд, хүн амынхаа тоо, хүн ам зүйн байдлын талаар илүү дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэлтэй болох юм. Сүүлийн жилүүдэд төрөөс өрх гэр бүл, хүүхдийг дэмжих чиглэлээр олон талын бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн дотор шинэ гэр бүлийн, шинээр төрсөн хүүхдийн мөнгийг олгож байгаагийн зэрэгцээ, Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн дагуу 2010 оноос эхлэн иргэн бүрт тодорхой хэмжээний хувь, хишгийг олгож байгаа билээ.

    Хэдийгээр төр, засгаас хүн амынхаа эрүүл энхийг сахин хамгаалахын төлөө ихээхэн хүч хөрөнгө зарцуулж, эрүүл мэндийн байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож байгаа боловч халдварт өвчний гаралт, эх нялхасын эндэгдэл зэрэг анхаарал татахуйц, таагүй үзүүлэлт зарим аймаг, орон нутагт гарсаар  байна. Тухайлбал оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 15 эх төрөлтийн явцад эндсэний дотор Говь-Алтай аймагт 1 эх энджээ.

    Магадгүй алслагдсан сумдад яаралтай тусламж үзүүлэхэд хүндрэлтэй зарим асуудлууд байхыг үгүйсгэхгүй боловч улсын хэмжээнд нийт 14 аймагт эхийн эндэгдэл гаргаагүй байгаа бодитой, сайн жишээнээс сургамж авч, цаашид эх, нялхасын эндэгдэл гаргахгүй байх талаар бүхий л бололцоот арга хэмжээг, бүх түвшинд авч ажиллах шаардлагатай байна. Хүний амь наснаас илүү үнэт зүйл гэж үгүй билээ.  

    Манай ард иргэдийн байнгын анхаарал татаж байдаг өөр нэг асуудал бол боловсрол, сургуулийн тухай асуудал билээ. Төр засгаас бүх шатны боловсрол олгох тогтолцоог иж бүрнээр хөгжүүлэх, боловсрол олгох стандартыг олон улсын түвшинд хүргэх шинэ шаардлага, зорилтыг тавьж ажиллаж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн туршид бид гол төлөв сургуулийн анги, танхимын хүрэлцээ, барилга байрны асуудлыг түлхүү анхаарч үүнд улсын төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж ирсэн.

    Үүний үр дүнд өнөөдөр нийслэлээс бусад манай улсын 21 аймгийн 360 гаруй суманд үндсэндээ сургуулийн барилгын хүрэлцээ, хангамжийн асуудал үндсэндээ шийдвэрлэгдсэн гэж хэлж болохоор байна. Өнөөг хүртэл манай улсын төсвийн зарлагад боловсролын салбарын зардал хамгийн өндөр хувийн жинг эзэлсээр байгаа нь төрөөс энэ салбарт ихээхэн анхаарал тавьж ирсний илрэл юм.

    Цаашид хийгдэх их ба урсгал засварын асуудал гарах нь тодорхой. Одоо бид сургалтын материаллаг орчноос гадна боловсролыг олон улсын түвшинд хүргэж олгох, төгсөгчид гадаад хэлний өндөр мэдлэг чадвар эзэмшсэн байх, сургуулиа төгсөөд аливаа нэмэлт сургалт, бэлтгэлгүйгээр гадаад орны их, дээд сургуульд шууд элсэн суралцахуйц түвшинд боловсролыг олгодог байх зорилтыг Засгийн газар дэвшүүлэн тавьж, үүнийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийг зорьж байна.  

    Хөдөө орон нутгийн боловсролын байгууллагуудад боловсон хүчний хүрэлцээ, дэд бүтцийн байгууламж хангалтгүй байх зэрэг зарим саад бэрхшээл өнөөг хүртэл тулгарсаар байгааг бид сайн ойлгож, үүнийг аль болох богино хугацаанд арилгахыг хичээж ажиллаж байна. Эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдоогүй байгаа Завхан, Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын хувьд эрчим хүчний хангамжтай холбогдсон бэрхшээл энэ ондоо багтаж шийдвэрлэгдэж эхэлнэ. Саяхан Алтай суманд Олон улсын санхүүгийн корпораци, Даян дэлхийн байгаль орчны сан зэрэг олон байгууллагын төслийн 2.7 сая ам долларын зээлийн хөрөнгөөр нарны эрчим хүчний станц байгуулж ашиглалтад өгсөн нь сумын сургууль, эмнэлэг зэрэг олон байгууллагын үйл ажиллагаанд томоохон ахиц, дэвшлийг авчирч байгаа гэдэгт итгэлтэй байна.

    Дашрамд дурьдахад Говь-Алтай аймгийн хувьд хэдийгээр эрчим хүчний хангамжийн асуудал хамгийн сүүлд шийдвэрлэгдэж байгаа боловч үүний зэрэгцээ байгаль орчинд хамгийн хал багатай, орчин үеийн технологи бүхий усан болон нарын эрчим хүчний цахилгаан станцууд баригдаж байгаа нь говийн эмзэг байгальд сөрөг хор нөлөөлөл бага үзүүлэх ач холбогдолтой, давуу талтай шийдэл болж байгаа нь олзуурхууштай юм. 

    Засгийн газраас мэргэжлийн боловсрол олголтыг дэмжин хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.  Говь-Алтай аймагт өнөөгийн байдлаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд жилд дунджаар  1000 орчим хүүхэд, залуус суралцаж, жил тутамд  250-260 гаруй залуус тодорхой мэргэжлийн ур чадвар эзэмшин төгсөж байна.  Цаашид Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөр олгож байгаа ажил мэргэжлийн чиглэлийг зах зээлийн эрэлт хэрэгцээтэй илүү нягт уялдуулах, сургалтын явцад үйлдвэрлэл дээр дадлага олгох чиглэлийг зохистой хослуулах, өндөр хөгжилтэй орнуудын техник, технологид суурилсан сургалтыг түлхүү баримтлах шаардлагатай болж байна.

    Эрхэм хүндэт малчид аа,
    Малчин түмний өмч хөрөнгө болсон мал сүрэг, түүнээс гарч байгаа түүхий эд нь манай улсын эдийн засгийн тогтолцооны нэг чухал суурь болсоор байгаа билээ. Мал аж ахуйн салбарын ололт амжилт, эсвэл түүний гарз хохирлоос манай хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн салбар, гадаад худалдааны тодорхой хэсэг шууд хамаарч байгаа. Тухайлбал өнгөрсөн өвөл бидэнд тулгарсан байгалийн хүнд шалгуур, бэрхшээлийг бид мартаагүй байна.

    Байгаль цаг уурын гэнэтийн гамшигт үзэгдэл, зудын улмаас Говь-Алтай аймгийн  нийт өрхийн 43.4 хувь нь буюу 3580 малчин өрх зуданд ихээхэн нэрвэгдэж, аймгийн хэмжээнд оны эхэнд тоологдсон мал сүргийнхээ 35.0 орчим хувийг хорогдуулсан нь ихээхэн харамсалтай, гашуун сургамжтай үйл явдал юм.  Засгийн газраас Говь-Алтай аймагт  мал аж ахуйн салбарт өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулахад зориулан  улсын төсвөөс мөнгөн  дүнгээрээ 635 сая төгрөг,  гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив тусламжаар 577,2 сая төгрөг, нийт 1 тэрбум 214, 2 сая төгрөгөөр тооцогдох тусламж, дэмжлэг үзүүлсэн.

    Байгалийн аюулт үзэгдэл, зудыг даван туулах, учирсан хохирлыг арилгах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын холбогдох Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулган болон  Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцэн, тодорхой арга хэмжээнүүдийг авч ажилласан. Манай улсын хувьд  хатуу өвөл буюу зуд анх удаа тохиолдож байгаа хэрэг биш, ахмадууд маань бичин жилийн зудын гашуун сургамжийг залуу малчиддаа хэлж, анхааруулсаар л ирсэн. Нэгэнт тохиолдож, өнгөрсөн зудаас сургамж авч, ирэх жилүүдэд өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, малыг оторлож таргалуулах, бэлчээрийг зохистой хуваарилж ашиглах, мал сүргийг паразит өвчнөөс хамгаалах, эрүүлжүүлэх зэргээр цаашид учирч болох өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх, суралцах ёстой.

    Өнөөдөр билгийн тооллоор зуны адаг сарын 27-ны өдөр тохиож байна. Хуучин цаг тооллын дагуу намрын уур амьсгал орох өдөр гэсэн үг. Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар сэрүүсч хүйтний ам наашилж байгааг сануулж байгаа билээ. Наадмын дараахан Засгийн газрын 7-р сарын 14-ний өдрийн хуралдаанаар Мал аж ахуй, эрчим хүчний болон зам тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай асуудлыг авч хэлэлцээд тогтоол гаргаж, улс орон даяар зохион байгуулалттай бэлтгэл ажил хангах үүрэг, даалгаврыг яамдын сайд нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгөөд байна.

    Өвөлжилтийн бэлтгэлийг зөвхөн Засаг дарга нар, салбарын яамд бус айл өрх бүр, малчин тус бүр хүйтний улирал эхлэхээс урьтаж, цаг хугацаатай уралдан олон талын бэлтгэл ажлыг хангасан байх шаардлагатай. Бид аливаа шийдвэрлэвэл зохих, бэрхшээлтэй асуудлыг ярилцаж, хэлэлцэхэд үйл ажиллагааны болон эрх мэдлийн зохистой бус “Төвлөрөл” нь ажил хэргийг зөв зохион байгуулж, хэрэгжүүлэхэд саад болж байгаа нэг хүчин зүйл юм. Иймээс Засгийн газраас төвлөрөлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

    Засгийн газраас улсын төсөв, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагаа, боловсон хүчний томилгоо, хяналтын  төвлөрлийг  багасгаж, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг  илүү тодорхой болгох замаар  иргэд  өөрийн асуудлаа өөрөө шийдэх  эрхийг нутгийн засаг захиргаанд шилжүүлэх зэрэг арга  хэмжээг авахаар төлөвлөж байна. Төвлөрлийг сааруулсан нөхцөлд аймаг, сумд, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг зохион байгуулах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, брэнд бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж экспортлох,   энэ бүхэнд зайлшгүй хэрэгтэй эрчим хүч, зам, тээвэр, барилгын үйлдвэрлэлийн баазыг өргөтгөх арга хэмжээг өөрсдөө санаачлан гаргаж, хэрэгжүүлэх  боломж бодитойгоор нэмэгдэх болно.

    Говь-Алтай аймгийн хувьд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас  570,0 сая, орон нутгаас 30,0 сая,  оролцогч банкнаас 180,0 сая нийт 780,0 сая төгрөгийн эх үүсвэрийг аймгийн жижиг, дунд үйлдвэрийн дэд санд бүрдүүлжээ. Уг сангаас өнгөрсөн онд хүнсний үйлдвэрийн чиглэлд 18, ХАА-н салбарт 20, хөнгөн үйлдвэрийн салбарт 23, барилгын материалын үйлдвэрлэлд 5, худалдаа үйлчилгээний зориулалтаар 15, эм бэлдмэлийн зориулалтаар 1 төсөл, нийт 92 төсөлд санхүүжилт хийгдэж, зээл олголтын  үр дүнд 24 шинэ үйлдвэр, 274 ажлын байрыг бий болгоод байна.

    Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь хөдөө орон нутагт  зөвхөн үйлдвэрлэлийн салбарыг л хөгжүүлнэ гэсэн зорилт биш бөгөөд мал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл,  эрчимжсэн мал аж ахуй, өндөр ашиг шимтэй малд түшиглэсэн фермерийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг зүй зохисоор нь хөгжүүлэх өргөн хүрээтэй бодлого юм. Манай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар тодорхой зорилт тусгагдсан. Байгаль цаг уурын өөрчлөлт эрчимжиж, цөлжилт нэмэгдэж, бэлчээрийн даац жилээс жилд доройтож байгаа энэ цаг үед төв суурин газрын ойролцоо аль болох эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь зохистой болохыг манай хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид зөвлөж байгаа юм.

    Бид барууны өндөр хөгжилтэй орнуудад фермерийн аж ахуйг хэрхэн хөгжүүлж, ашиглаж байгаа туршлагаас суралцаж нэвтрүүлэх хэрэгтэй.           Хөдөө аж ахуйн салбарын хувьд хөгжлийн харьцангуй өндөр түвшинд хүрч хөгжиж байгаа Канад улсын фермерийн аж ахуйн тэргүүн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ихээхэн өндөр үр ашигтай ажиллаж байгаа аж ахуй нэгж манай улсад өнөөдөр үйл ажиллагаагаа амжилттай эрхлэн явуулж байна. Энэ бол Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй Л.Чинбат захиралтай “Гацуурт” компаний бүтээлч, хөдөлмөрч хамт олон юм.

    Удахгүй ХХААХҮЯ-аас санаачлан “Гацуурт” компаний жишээн дээр фермерийн аж ахуйг хэрхэн эрхлэн явуулж болох жишээг олон нийтэд үзүүлж, туршлагыг нь дэлгэрүүлэх зорилгоор өдөрлөг буюу олон улсын тогтсон нэршлээр “Фарм шоу”-г энэ 8 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Цагааннуур суманд зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ өдөрлөгт манай бүхий л аймаг тус бүрээс тодорхой тооны төлөөлөгчдийг оролцуулах учир танай аймгийн төлөөлөгчид ч гэсэн өндөр хөгжилтэй орны фермерийн аж ахуйн тэргүүн туршлагатай өөрийн орондоо, газар дээр нь үйл ажиллагааны бүхий л явцыг нь үзэж танилцаж, судлах таатай боломж гарах болно.

    Байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас ган, зудын давтамж ойртож, цөлжилт нэмэгдэж байгаа учир говийн нөхцөлд услалтын системийн ашиглалтыг сайжруулах, тариалах  талбайн хэмжээг нэмэгдүүлэх, га-гийн ургацыг өсгөх замаар газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого барьж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Шаардлагатай зарим нөхцөлийг бүрдүүлбэл хангайн сэрүүн бүсээс илүүтэйгээр говийн бүсэд илүү тогтвортой ургаж, арвин ургац өгөх боломжтой олон нэр төрлийн жимс жимсгэнэ, тэжээлийн ургамлыг говийн бүсэд тариалах нь илүү тохиромжтой гэдгийг манай судлаачид, агрономчид тогтоосон байдаг.

    Одоогоор үйл ажиллагаа нь эхлээд явагдаж байгаа Таяннуурын төмрийн хүдрийн болон илэрч байгаа бусад ашигт малтмалын илэрц, орд газруудыг түшиглэн, аймгийнхаа эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг бие даан хөгжүүлэх боломж  байгааг цаашид хэрхэн илүү үр өгөөжтэй ашиглах вэ гэдгийг олон талаас нь судлан боловсруулах, шаардлагатай бол салбарын яамд, мэргэжлийн хүмүүсийн туслалцаа дэмжлэг, зөвлөгөөг авч ажиллах хэрэгтэй.

    Тус аймгийн хувьд олон жилийн туршид тулгамдсан, бүрэн шийдвэрлэгдээгүй хүндхэн асуудлын нэг бол цахилгаан эрчим хүчний хангамж, эх үүсвэрийн дутагдал билээ. Эрчим хүчний байнгын, тогтвортой эх үүсвэрт холбогдоогүй байгаа Говь-Алтай, Завхан аймгийн эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдвэрлэхийн тулд УИХ, Засгийн газраас ихээхэн анхаарал тавьж, өнгөрсөн 3 жилийн хугацаанд усан цахилгаан станцыг барьж байгуулахад 50 гаруй тэрбум төгрөг, сумдын 1800 гаруй км урттай  цахилгаан дулааны шугам, дэд станцуудыг барьж байгуулахад 40,0 орчим тэрбум төгрөг, нийтдээ 90,0-95,0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

    Усан цахилгаан станц нь байгаль орчинд хор нөлөө багатай, экологийн цэвэр үйлдвэрлэл гэж дэлхий нийтээр үзэж байгаа учир Засгийн газраас байгаль орчинд халгүй ийм төрлийн үйлдвэрлэлийг тууштай дэмжиж байгаа. Харин Тайширын усан цахилгаан станцын хувьд барьж байгуулах явцад цаг агаарын өөрчлөлт, хуурайшилттай цаг үе таарсан, бидэнд урьд өмнө судлагдаж ирсэн тухайн нутаг оронд жилд унах хур тунадасны дундаж хэмжээ өөрчлөгдөж, багассантай холбоотойгоор усан сангийн дүүргэлтэд төлөвлөснөөс илүү их хугацаа шаардагджээ.

    Усан сан дахь усны түвшин 6 дугаар сард 1680 метрт хүрсэн учир одоогоор жижиг тоноглолуудыг ажиллуулж Тайшир, Жаргалан сумдыг эрчим хүчээр хангаж эхэлсэн  юм байна. Энэ жил төвийн нутгаар бороо хур сайтай байсны үр дүнд усан сангийн дүүргэлт зохих түвшинд буюу 1696 метрт ойртож байгаа учир Эрчим хүчний удирдах газар, Төслийг удирдах нэгжийн зүгээс тус станцыг ирэх 9 дүгээр сараас эхлэн бүрэн хүчин чадлыг туршилтаар ажиллуулж, үйл ажиллагаа нь цаашид хэвийн явагдах боломжтой эсэхийг судлахаар төлөвлөсөн байна.

    Хэрэв станцын үйл ажиллагааны эхний туршилт, тохируулгын ажил цаг хугацаандаа хийгдэж, нааштай сайн үр дүн үзүүлбэл ирэх өвлийн улирлаас эхлэн станцыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхлэх боломжтой гэж манай эрчим хүчний мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Манай ажлын бүрэлдэхүүн маргааш Тайширын усан станцын өнөөгийн үйл ажиллагааны явц байдалтай газар дээр нь очиж танилцахаар төлөвлөсөн. Газар дээр нь станцыг барьж байгуулсан болон өнөөдөр ашиглалтын үйл ажиллагааг явуулж байгаа хүмүүстэй уулзаж, цаашид үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр эхлүүлэх, хэвийн жигд явуулах нөхцөл бүрэлдсэн эсэхтэй танилцаж, шаардлагатай бол зарим нэмэлт арга хэмжээг авахаар төлөвлөж байна.

    Үүний зэрэгцээ Завхан, Говь-Алтай аймгийн нийт хэрэглэгчдийг тасралтгүй байнгын эрчим хүчээр хангах, улмаар баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээг бүрдүүлэхийн тулд Хөвсгөлийн Могойн голд дулааны станц байгуулахаар Засгийн газар шийдвэрлэж одоогоос сар гаруйн өмнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт шавыг нь тавьсан. Мэргэжлийн байгууллагын хийсэн техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу станцыг барьж байгуулах ажил саадгүй явагдвал ирэх 2011 онд багтаан  барьж дуусахаар төлөвлөсөн байна.

    Станцыг шалгаж зүгшрүүлэх, мэргэжлийн байгууллагууд, улсын комисс шалгаж, нягтлан хүлээн авах зэрэгт тодорхой цаг хугацаа шаардагдах болно. Ямар боловч Засгийн газрын үйл ажиллагааны бүрэн эрхийнхээ хугацаанд багтаан бид Монгол Улс орон даяараа эрчим хүчний найдвартай эрчим хүчний сүлжээнд бүх аймаг, сумдыг холбох зорилтоо хэрэгжүүлэхээр бид зорьж, хичээж байна. Ийнхүү Тайширын усан цахилгаан станцын ажил зүгширч, улмаар Могойн голын дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар Говь-Алтай, Завхан аймгийн ард иргэдийн олон арван жилийн турш хүлээж байгаа байнгын найдвартай эрчим хүчний эх үүсвэрт холбогдох зорилт хэрэгжих цаг хугацаа тун ойртож байна.

    Гэсэн хэдий ч энэ өвлийн бэлтгэл ажлаа сайтар базаагаарай. Засгийн газар ч дэмжиж, туслах болно. Аймгийн тулгамдсан гол асуудлууд болох Алтай хотын цэвэр усан хангамжийг сайжруулж, хүн амын эрүүл ахуйн шаардлагад нийцэхүйц ундны цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах зэрэг асуудлыг  шийдвэрлэхэд Засгийн газраас онцгой анхаарч ажиллаж байгаа. Аймагт эхний ээлжинд хүрэн нүүрс, хром, төмөр, магнезит, алт, нефть олборлох, тэдгээрт түшиглэсэн боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, аймгийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэх боломж байна.

    Үүнд:
    • Цээл сумын Таян нуурын төмрийн хүдрийн олборлолтыг нэмэгдүүлэх  улмаар тус ордыг түшиглэн  төмөрлөгийн үйлдвэр байгуулах;

    • Чандманын Зээгт, Төгрөгийн Хүрэнгол зэрэг нүүрсний уурхайн олборлолтыг эрс нэмэгдүүлж, улмаар экспортод гаргах;

    • Нүүрснээс утаагүй шахмал түлш гаргах бага оврын үйлдвэр байгуулах;

    • Тайшир сум дахь цементийн түүхий эдийг түшиглэн цементийн үйлдвэр байгуулж дотоодын болон зэргэлдээ аймгуудын хэрэгцээг хангах зэрэг гэх мэт олон боломжийг та бүхэн орон нутагтаа санаачлан эхлүүлж, ажил хэрэг болгон хэрэгжүүлэх шаардлагатай.

    Бодитой санал, санаачлагыг Засгийн газар дэмжиж ажиллах болно.
    Дэд бүтэц, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсрол, үйлдвэрлэл үйлчилгээг ард иргэддээ ойртуулах, хүн амыг мэдээллээр хангах, ашигт малтмалын орд газруудыг эргэлтэнд оруулах, ашигт малтмалын нөөцдөө тулгуурлан боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, бүтээгдэхүүнээ хөрш зэргэлдээ орны зах зээлд гаргах, хамтран ашиглалт явуулах, бүс нутгийн хөгжлийн талаар дорвитой, үр дүнтэй арга хэмжээ авч, зоригтой санаачилга гарган ажиллах хэрэгтэй.

    Алтай нутгийн нийт ард иргэдээ,
    Та бүхэндээ аймаг, орон нутгаа хөгжүүлэх зорилтоо амжилттай хэрэгжүүлж, олон жилийн туршид тулгамдаж ирсэн олон талын асуудлуудаа шийдвэрлэж, улмаар мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутагтаа байгалийн баялаг, ашигт малтмалаа боловсруулах чиглэлээр бусад аймгуудаа үлгэрлэхүйц тэргүүний үйл ажиллагаатай, амжилт бүтээл дүүрэн аймаг болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.   
       
            Монгол Улс маань улам бүр цэцэглэн хөгжих болтугай.

            Анхаарал тавьсанд баярлалаа.