Ангилал: ярилцлага

  • Сү.Батболд: Бидний үед асуудлыг зарчмаар нь л шийдээд явдаг байсан

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ дахь намын бүлгийн гишүүд нэлээд ширүүхэн мэтгэлцээд авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Сү.Батболд  “МАН төр барьж байхдаа ч, Засгийг тэргүүлж байхдаа ч сөрөг хүчний  горимын  саналыг зарчмаар  нь шийдээд явдаг байсан. Гэтэл одоо байдал ямар байгааг өнөөдрийн чуулганы хуралдааны жишээ бэлээхэн харуулж байна.  МАН-ын бүлгийн дарга, бүлгийн гишүүд горимын санал тавиад байхад өөрсдийн баримталж буй байр сууриар тайлбар хийгээд явчихлаа шүү дээ. Ардчиллаа хөгжүүлье гэж аман дээрээ ярьдаг ч ачир дээрээ сөрөг хүчнээ нам дарчих гээд л байна.  Олонхиороо асуудлыг түрж, богино хугацаанд шийддэг, өөрсдөд нь таалагдаагүй зүйлээ дардаг, дуугарах юм бол танхимын нөгөө талаас зэрэг хашгиралдаж, хуралд даргалагч давуу эрхээ эдэлж микорофон хаах зэргээр өнөөдрийн чуулганы хурал явагдлаа. Сөрөг хүчин нь өөрсдийн байр сууриа зарчмаар нь, горимоор нь тавих гэхээр боомилдог. Энэ зүйл өнөөдөртөө асуудлыг шийдээд байгаа мэт боловч улс орны хөгжлийн асуудал, эдийн засгийн хямралд энэ нь  уршгийг улам л дагуулж байна. Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг хойшлуулж, хугацааг нь бүр тодорхойгүй болгож хаялаа.  Бидний үед лав ийм зүйл байсангүй. Хамтарсан Засгийн газрын үед ч, манай Засгийн газрын үед ч бид асуудлыг зарчмаар нь л явуулдаг байсан.  Хэрэв яг өнөөдрийнх шиг  бид та нарт хандсан бол юу болох байсан бол, хачин л юм болох байсан даа” гэв.  

  • Сү.Батболд: ”Чалко”-гийн гэрээг засаад явах боломж Засгийн газарт байгаа

    Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганаар  2014 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Батболдын хэлсэн үг олны анхаарлыг ихээхэн татлаа.  

    Тодруулбал тэрбээр “Биднийг Засаг барьж байх үед янз бүрээр хардаж сэрдэж байсан.  Ялангуяа Тавантолгой дээр хийгдсэн “Чалко”-гийн гэрээ бол үүний хамгийн том жишээ.  Хардах эрх та бүхэнд бий.   Гэрээ хэлэлцээ дутуу хийгдсэн, үнэ ханш нь бага гээд л янз бүрээр шүүмжилж байлаа. Түүнийг сайжруулах үүрэг нь Засгийн газарт  бий шүү дээ. Бид ч гэсэн Оюутолгойн гэрээн дээр гарсан алдаа дутагдлыг сайжруулаад  явж байсан түүх бий. Аливаа юмны оношийг зөв тавибал эмчилгээ зөв хийгддэг. Энэ Засгийн газар Чалкогийн гэрээг дахин ярина гээд ачилтыг нь хэдэн сараар зогсоосон. Үр дүнд нь зээл нь буураагүй. Тэр үед үнэ ханш нь ч бас гайгүй байсан байх. Энэ хохирлыг тооцож үзсэн үү, өөрөөр хэлбэл Чалкогийн гэрээг маргааны сэдэв болгосон хохирлыг тооцож үзсэн үү. Алдаатай байсан уу, үгүй юу гэдэг дээр намуудын төлөөлөл орсон ажлын хэсгийг УИХ-ын дэргэд байгуулж дүгнэх хэрэгтэй юм. Хоёрдугаарт ДНБ-ийн өсөлтийн хурдац 2012 оноос эхлэн буурч байгаа бөгөөд 2014 оны  эхний улирлын гүйцэтгэл цаашдын төлөв байдлаас харахад өнгөрсөн хоёр жилийн дунджаас ч дахин буурч болзошгүй байна гэж та бүхэн танилцуулгадаа дурьджээ. Үүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ” хэмээн Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяраас асуулаа. 

    Эдийн засгийн хөгжлийн сайд хариуд нь “Чалкогийн гэрээний хувьд таны хэлсэнтэй санал нэг байна. Хоёр намын бүлгээс хамтарсан  ажлын хэсэг гарч, энэ асуудлыг дотооддоо нэг шийдэлд хүрч хаах хэрэгтэй. Хий хоосон зүйл дээр маргаад яах вэ дээ гэсэн хариулыг өгсөн юм. 

    Харин түүнийг хариултыг сонсоод С.Батболд гишүүн “Хэдэн  сар ачилтаа зогсоочихоод бүх бурууг Өмнөх Засгийн газрын алдаа гэсэн. Одоо харин дөнгөж ойлгоод хамтарч шалгая гэж  байгаа нь нэг талаар харамсалтай. Нөгөө талаар оройтсон ч гэлээ ийм шийдвэрт хүрч байгаа нь сайн хэрэг. Энэ асуудлыг дотроо яриад шийдчих юмсан гэж Уул уурхайн Сайд Д.Ганхуяг өглөөний чуулган дээр ярьж байсан. Уг нь ийм боломж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байсан юм шүү дээ” гэсэн юм.

  • Сү.Батболдын зөвлөгөө

    МАН-ын экс дарга, УИХ-ын гишүүн Сү.Батболд өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Зоригтоос асуулт асуух үеэрээ эрх баригч хүчинд зөвлөгөө өгч зангараг заав.

    Тэрээр “Аль ч нам Засгийн эрхэнд  гарсан  улс орныхоо хөгжлийн бодлогыг тууштай, тогтвортой урт хугацааны баримтлал, чиг хандлагатай байлгая гэж боддог. Бид ч мөн адил энэ бодлогыг барьсаар ирсэн.  Сөрөг хүчин л гэсэн шиг бүх зүйлд сөрөг байдаг гэж биднийг шүүмжилдэг ч улс орныхоо эрх ашгийг хөндсөн асуудал дээр бид харин саналаа нэмэрлэж, ярилцах ёстой юм. Тунхаглал, хүсэл мөрөөдлийн жагсаалт,  үндэслэлгүй тоо гаргаж дугуйг дахин бүтээх хэрэггүй.  Улс орны хөгжлийн макро  эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд, хүний хөгжлийн томоохон индексүүд,  бусад улс оронтой харьцуулсан харьцуулалт гэх мэт тодорхой хэдэн үзүүүлэлтээр дүгнэдэг ийм систем рүү орох ёстой юм. Үе үеийн Засгийн газруудынхаа үйл ажиллагааг ч ингэж дүгнэдэг болох хэрэгтэй. Ингэж байж Засгийн газрын бодлого нь тогтвортой, хэмжүүртэй болж үр дүнг нь ч дүгнэхэд хялбар. Эдийн засгийг эрчимжүүлэх  төлөвлөгөө энэ агуулгад нийцэж  чадаж байна уу, УИХ-ын бусад гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдтэй хэр уялдаж өгч байгаа вэ” гэсэн юм.

    Үүнд УИХ-ын гишүүн Д.Зоригт  “Эдийн засгийг эрчимжүүлэх энэ төлөвлөгөөндөө бид дөрвөн зорилт тавьж байгаа. Хөгжлийн төлөвлөлт нь сонгуулийн амлалтад өртөмтгий, савладаг. Энэ төлөвлөгөөгөөр тэр савалгааг алга болгоно гэж бодож байгаа. Өргөн  утгаараа олон улсын жишигт нийцүүлсэн тэдний туслалцаа дэмжлэг авсан ийм төлөвлөгөө болсон” гэж хариулна билээ.

  • Сү.Батболд: Дугуйг дахин бүтээх хэрэггүй

    Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар сайд нарын  “давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Аливаа хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд гишүүд шинээр санал дэвшүүлж мэтгэлцдэг зарчимтай. Ингээд гишүүдийн юу ярьсныг товчлон хүргэе. 

    Сү.Батболд: Тогтвортой, мэдлэгтэй, ойлгомжтой байх ёстой гээд л та бүхэн ярилаа. МАН ийм л байр суурь дээр байгаа.  Бид сонгуульд үнэмлэхүй ялсан ч гэсэн ярилцаж, хэлэлцэж л ирсэн. Одоо олонхи болсон та бүхэн биднийг байнга л дайрсан, загнасан байдалтай байх юм. 

    Сөрөг хүчнээ байнгын хорооддоо тэгш хувиарлаач. 20 гаруй гишүүнтэй байх ёстой байнгын хороон дээр бид гурвуулаа л сууж байна шүү дээ. Хууль номоороо бол энд бид 3/1 болоод сууж байх учиртай. Парламентын туршлага мэдлэг, сөрөг хүчнийг зохих ёсоор нь ажиллууулах тэр  ардчиллын хуулиа яагаад энд мөрдөхгүй байгаа юм.  Юм ярих гэхээр мөн чанар л гэх юм. Бидний мөн чанар арай өөр. Улс орны нийгмийн хөгжлийг урагшлуулахын төлөө ярьдаг. Одоо эдийн засгийн байдал ямар байгаа билээ, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унасан, аж ахуйн нэгжүүд  үүдээ хааж байгаа  гээд энэ талаар ярих олон асуудал бий. Үүнийг ярих, гарцыг олохын төлөө л байгаа.  Та бүхэн харин улс төрийн  үүсээд байгаа нөхцөл байдлаа олуулаа шийдэхгүй удаад байгаа биз дээ.   Одоо орж ирсэн саналаараа саналаа хураагаад улс төрийн энэ гацаатай байдлаа шийдье. 

  • Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд

    Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Сүхбаатарын Батболд 

  • С.Батболд: Төрд зүтгэж байгаа хүн бол өөрөө сэтгэл хоёрдохгүй мөн эргэж харамсахгүйгээр л ажлаа хийж байх ёстой

    ярилцлагаСэтгүүлч Б.Ганчимэг

    “Ярилцъя” наадмын дугаарын хүндэт зочныхоо хамт та бүхэнтэй мэндчилж байна. Баяр наадмын энэ өдөр та  бүхний сэтгэлийн хойморт  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чин сэтгэлийн халуун мэндчилгээтэйгээ хамт заларч байна. Хүлээн авна уу.

    -Монгол түмний үндэсний их баяр наадам болох гэж байна. Энэ жил олон ой давхацсан, арай онцгой наадам болно гэж хүмүүс их догдолж байгаа бололтой. Та хэрхэн яаж наадамлах гэж байна. Бэлтгэл хангагдчихсан уу?

    -Энэ жил их сайхан жил болж байна. Түүх талаасаа Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, дээр нь энэ жил Монгол улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 50 жилийн ой гээд ийм олон сайхан ой тохиож байна. Энэ дотроос онцлох нь долдугаар сарын 11-нд болдог манай ард түмний үндэсний их баяр наадам. Энэ баяр бол ардын хувьсгалын, монгол улсын тусгаар тогтнолын баярын өдөр.  Тийм учраас ард түмэн маань ч догдлон хүлээж байдаг. Ер нь их ой гэдэг бол бусдаас өөр л дөө. Эрийн гурван наадмын цар хүрээ ч өөр болоод явчихдаг.

    -Сүр хүчээрээ юу?

    -Сүр хүчээрээ ч, тоо хэмжээгээрээ ч,чансаа агуулгаараа ч өндөрлөг өдрүүд болж өнгөрдөг. Наад зах нь  512 биш 1024 бөх барилдаж, уралдах морьдын тоо нэмэгддэг. Эрхий мэргэн харваачид маань ч ойн жилийн түрүүг авах юм сан гэж хичээдэг. Тэр агуулгаар ойн наадамд түрүүлсэн бөхийн цол  ч гэсэн ч тэр наадмын бай шагнал ч тэр өөр байдаг шүү дээ. Ерөөсөө л өөр өдрүүд болж өнгөрдөг. Яагаад гэвэл ойн жил юм чинь. Энэ бол эргэж  тохиохгүй их ойн жил шүү дээ. Тэр утгаараа Монголын ард түмний их ойн жил. Иргэн бүрийн, хүн бүрийн их баяр цэнгэл. Мэдээж хэрэг албан ёсоороо Монгол төрийн их баяр наадам. Тийм болохоор Ерөнхий сайдын хувьд  ч, Монгол улсын нэг иргэний хувьд бусдын  нэгэн адил баярлаж наадахаар зэхэж байна. Гэр бүлээрээ баярын  сайхан сэтгэгдэл тээж, тэр агаар сэлтийн дор бэлтгэлээ базааж байна даа. Дээлээ бэлдэж байгаа, эхнэр маань дээлээ бэлдээд л, ямар малгай өмсөх вэ өвгөөн гээд асууж байна лээ. Монголын ард түмэн бол баяр наадмаа сайхан баярлаж тэмдэглээд ирсэн уламжлал заншилтай ард түмэн. Тэр заншлаараа ойн их баяр наадмаа улам өргөн дэлгэр хийнэ. Сайхан баяр наадам болноо.

    -Та бөх үздэг юм уу?

    -Үзэлгүй яахав. Та бол стадионд очдоггүй байх л даа. Тавын даваанаас хойш  би гэр бүлтэйгээ хамт яс   сууж үздэг. Арван хэдэн жил бид нар  стадионд бөх үзэж байгаа. Миний сүүлийн жилүүдэд байнга хамт сууж үзэж байгаа нэг үзэгч бол УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ л дээ. Бид хоёр цуг сууж, хоорондоо  ярьж үздэг. Би бүр багаасаа бөхөд хорхойтой. Миний найз хоёр ихэр начин байдаг. Ло. Эрхбаяр,Ло Энхбаяр гэж. Тэгээд найз нараа дагаад багаасаа бөхөд хорхойтой болчихсон. Би чинь бөхийн холбооны ерөнхийлөгчөөр 10 жил ажилласан хүн шүү дээ. Спортод ерөнхийдөө их хорхойтой. Тэр дундаа бөхийг их дэмждэг. “Алтайн барс” гээд бөхийн дэвжээтэй байсан.

    -Тийм үү. Эртний бөхийн хорхойтон байсныг мэдсэнгүй?

     -Д.Сумъяабазар аварга, их аварга Д.Дагвадорж нар бол  манай дэвжээний тамирчид байсан. Энэ клубээс л аваргын алдар хүндэд хүрсэн зам нь улбаатай даа.

    -Энэ жил шинэ аварга төрөх болов уу. Танд харж байгаа бөх байна уу?

    -Байлгүй яахав. Ер нь бол наадам их сайхан болноо. Өрсөлдөөнтэй ч болно. Залуучууд их сайхан өнгөлөг, өрсөлдөөнтэй, хүчтэй байна билээ. Би бол шинэ залуу, олон цолтонгууд төрсөн сайхан наадам болно гэж бодож байгаа.  Дээр нь манай аваргууд, том цолтнууд түүхт ойн жилийн наадамдаа их нухацтай бэлтгэж байгаа байх. Тэгэхээр наадмын бөхийн барилдаан өрсөлдөөнтэй болно гэж бодож байна. Дээр нь цаг агаар ч нар хур тэгшрээд сайхан болж байна. Наадам  гэдэг бол бас цаг агаартай их холбоотой. Хур бороо их орж байна. Олон аймаг сум өөрийн ойг тэмдэглэх гэж байгаа. 11 аймаг энэ жил тэгш ойтой. Тийм учраас энэ жилийн наадам  илүү өргөн дэлгэр болох төлөвтэй байна.

    -Наадам ярьсан чинь гоё байна шүү. Одоо ажил хэргийн асуултууд руугаа орох уу?

    -Тэгье.

    -Хамгийн сүүлийн чухал мэдээлэл Таван толгой. Тэгэхээр Тавантолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулагчдыг зарлачихлаа. Гэвч би хувьдаа хүнд л нөхцөл үүслээ гэж харж байна.  Хэлэлцээрийн ширээний ард гурван их гүрний нэгдэл ирээд суучихлаа. Гэтэл Таван толгойн ордын ашиглалтын эдийн засгийн тооцоог монголчуудад үзүүлээгүй байна. Тэд л хоорондоо ярилцаж байна гэсэн үг. Энэ сэдвээр хоёулаа яриагаа үргэлжлүүлэх үү?

    -Тавантолгойн орд газар бол Монгол Улсын хөгжилд  асар их хувь нэмэр  оруулах томоохон төслүүдийн нэг. Эрдэнэт үйлдвэр үүссэн цагаасаа хойш манай эдийн засагт их том хувь нэмэр орууллаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 35 хувь, экспортын 50 гаруй хувийг дангаараа авч явж, төсвийг бүрдүүлдэг ийм том аж ахуйн нэгж байж ирсэн. Оюутолгойн төслийг бид олон жил ярьж байгаад  2009 онд  гацаанаас гаргаж ажлыг нь эхлүүллээ.  Өнгөрсөн  оны дөрөвдүгээр сард л арваад жил тойрсон  энэ том төслийн барилгын ажлыг  эхлүүллээ шүү дээ.  Өөрөөр хэлбэл арваад жил яриад эхлүүлж чадахгүй явсан энэ төслийг хоёрхон жилийн дотор шийдэж галт тэргээ замд нь гаргалаа. Ажил нь одоо өрнөж байна. Ирэх жил ашиглалтанд орно. Тэгэхээр бид яриад л, хэрэлдээд л суугаад байх уу. Улс орныхоо хөгжлийн төлөө шийдвэрүүдээ гаргаад, ажил болгоод явах уу.  Энэ хоёрын ялгаа харагдаж байгаа биз. Ажил болгоод эхэлчихсэн юм чинь  мэдээж  үр дүнгээ өгч таарна. Нөгөө л урьдынхаараа алаагүй баавгайн арьсыг хуваагаад суугаад байсан бол байдал ямар байх байсан бол. Оюутолгой бол Эрдэнэтээс тав дахин том. Тэгэхээр Эрдэнэт ямар хэмжээний ачаалал улс орныхоо эдийн засагт үүрч байсан нь ойлгомжтой. Одоо Оюутолгой тав дахин том ачаалал үүрэх нь. Тэр хэмжээгээр нь эдийн засаг тэлнэ.  Энэ төслийн эдийн засгийн үр өгөөжийн  57-58 хувийнг  Монгол Улс хүртэнэ. Татвараар, ногдол ашгаар, бусад хэлбэрээр эдийн засгийн үр өгөөжийг  нэмэгдүүлэх боломжтой. Бид үе шаттайгаар зээлийн хүүг бууруулж байна.   Хөрөнгө оруулагчдын төвшинд зах зээлийн горимын дагуу асуудлаа тавиад улам сайжруулаад явах  боломж байна. Гэхдээ хамгийн гол  нь ажил эхлээд байна. Үйлдвэр ашиглалтанд орох нь бидэнд илүү чухал.

    -Оюутолгойг хангалттай ярьсан болохоор шууд Тавантолгойгоос асуултаа эхэлж тавьсан юм. Гэтэл ?

    -Энэ тухай яг одоо ярих гэж байна л даа. Тавантолгой гэдэг бол бүр өөр зүйл. Тавантолгойгоор бол монголчууд бид маргаашдаа сайхан амьдрах  хөрс сууриа тавьж байна.   Эдийн засгийн эргэлтэнд  хурдан л оруулах юм бол Оюутолгойгоос илүү үр өгөөжөө өгнө. Энэ нэгдүгээр ач холбогдол нь. Хоёрдугаарт, энийг  шийдэхдээ Монгол Улс өмчийн эзэн шиг шийдэж байгаа. Харин үүнийг зарим нэг хүмүүс санаатайгаар ард түмэнд буруу ойлгуулах гэж оролдож байх шиг байна. Бодит байдал гэвэл   Тавантолгойн орд газар, түүний лиценз эзэмшил бүгд 100 хувь Монгол Улсын мэдэлд, Монгол төрийн мэдэлд, Монголын ард түмний мэдэлд байгаа. Өөр хэнд ч очихгүй. Хэнд ч эрх нь шилжихгүй. Гуравдугаарт, Тавантолгой дээр хоёр уурхай ажиллана. Нэг нь зүүн Цанхи дээр, Монголын “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани  гэрээгээр олборлолтоо  хийлгээд ажиллуулна.  Энэ нь тендерээр гэрээт олборлогчийг шалгаруулаад, борлуулалт  өөрөө хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл монголчууд зүүн Цанхийн уурхайгаа өөрсдөө ашиглаж, өөрсдийн туршлагыг бий болгож, чанар чансаагаа бас үзнэ. Яг Ухаа худаг дээр “Энержи ресурс”-ийн хийж байгаатай адилхан зарчмаар монголчууд энд хийнэ гэсэн үг. Баруун Цанхи дээр нь 30 жилийн гэрээгээр бидэнтэй харилцаатай гол стратегийн түншлэгч орнуудынхаа төлөөлөлийг оролцуулсан ийм консорциумыг УИХ-ын тогтоолын дагуу шалгаруулаад явж байна. Олборлолтыг нь хийлгээд, борлуулалтыг нь хийлгээд ажиллуулна. Ахин хэлэхэд энд лиценз шилжихгүй. Зарим хүмүсийн болгоомжилж, санаа зовж  байгаа шиг  нөөц нь дуусахгүй. Яагаад гэвэл бид олборлолт дээр нь квот тогтооно. Магадгүй жилд 20-30 саяыг олборлоё гэж тооцъё. Тэгэхэд 30 жил хийлээ гэхэд 600-900 сая тонн л нүүрс олборлоно шүү дээ. Манай Тавантолгойн батлагдсан нөөц нь одоогийн байдлаар 6,4 тэрбум тонн. Цаашдаа  7,5 тэрбум болно гэсэн тооцоо байгаа. Илүү  нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр бид стратегийн хөрөнгө оруулагч нараар уурхай байгуулуулаад, тодорхой нөөцийнх нь жаахан хэсэг дээр ажиллуулаад л гэрээ дуусна. 30 жилийн гэрээ шүү дээ. Гуравдахь зүйл  бол мэдээж хэрэг тэд бүх татвараа Монгол улсын хуулийн дагуу төлнө. Гадны хөрөнгө оруулагч нартай ажиллаж байгаа зарчмуудыг манайхан бас сайн харж ойлгох хэрэгтэй. Ямар нэгэн өмчлөл шилжихгүй, татварын ямар нэгэн хөнгөлөлт байхгүй. Монгол Улсын хууль дүрмийн дагуу бүх төрлийн татвараа бүрэн төлнө. Дээр нь бид эдийн засгийн боломжуудыг бас нэмж тэднээс авч байгаа юм. Урьдчилгаа төлбөрүүдийг авч байгаа. Мөн нэмэлт түрээсийн төлбөр авна. Эдийн засгийн үзүүлэлтээрээ илүү ач холбогдолтой ийм үйл ажиллагаа хоёр дахь хэсэг дээр нь явж байгаа юм. Бид Орос, Хятад, Америк болон Япон Солонгос  зэрэг бусад түншүүдийгээ энэ хамтын ажиллагаанд санхүү менежмент, технологи талаас нь оролцох боломжийг бас бүрдүүлж байгаа. Үүнийг дагаад эдгээр улсуудтай тогтоосон улс төрийн болон эдийн засгийн харилцаан дээрээ том дэвшил гаргаж байгаа. Нүүрс бол өөрөө экспортын бүтээгдэхүүн. Зах зээл, төмөр зам, төмөр замын гарцууд, үнэ  тариф, далайн гарц, худалдаж авах орнууд энэ бүх зүйлүүд бол мэдээж дахиад л бидний гадаад орчноос хамааралтай шүү дээ. Бид гадна түншүүдтэйгээ тохирох ёстой. Энэ нь амаргүй, хүнд ажил. Гэсэн ч энэ улс орнуудтай тохирох ажлыг Засгийн газар богино хугацаанд  үр дүнтэй явуулж байгаа нь манай Засгийн газрын гарцаагүй амжилтын нэг .Тавантолгой дээр бидэнд алдаж байгаа юм байхгүй. Ганцхан юм энэ том төслийг хурдан эргэлтэд оруулах тусмаа л эдийн засагт хэрэгтэй. Одоо ингээд хаа нэгтэйгээс амаараа уралдуулсан төгс төгөлдрийг яриад, танин мэдэхүйг яриад, улс төр хийгээд  энийг зогсоосноор монголын ард түмэн хожихгүй. Монгол Улс хожихгүй. Хэсэг хүмүүсийн улс төр популизм болсноор энэ ажил явахгүй. Өнөөдөр бид улс төрөө ярихын зэрэгцээ эдийн засгийн чухал  асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Бид 20 жил ажилгүйдэл, ядуурал гэдэг үгнээс салсангүй. Ажилгүйдэл, ядуурал гэдэг үгэн дээр улс төр хийдэг  явдал бараг жишиг болчихсон. Үүнийг  шийдэхийн төлөө бид ажиллаж байна. Ажилгүйдлийн төвшин буурч өгөхгүй байна, ядуурлын төвшин буурсангүй л гэж шүүмжлээд байна. Үүнийг шийдэх ёстой. Үүнийг бодитой том төслүүд эргэлтэнд орсноор, түүнийг дагасан дэд бүтэц, түүнийг дагасан үйлдвэрлэл, мөн бусад салбар, жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуй хөгжсөнөөр л бид шийднэ.  

    -Ер нь та хийсэн гэрээндээ  нэлээн сэтгэл хангалуун байгаа юм байна. Ингээд Тавантолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулагчдыг зарлачихдаг юм байж.  Харин тэднийг ямар шалгуураар сонгосон бэ гэдэг асуултанд хариулахгүй юу?

    -Шалгуурыг ҮАБЗ, УИХ-аас тогтоож өгсөн. Түүнийг хатуу удирдлага болгон ажилласан.

    -Цаана нь бас улс төрийн талаас нь харах давхар зүйл мэдээж зөндөө байгаа байх л даа?

    -Зайлшгүй харна. Нүүрс гэдэг бол бүс нутгийн экспортын бүтээгдэхүүн. Бид хоёр хөршөөрөө дамжуулж төмөр замаар зөөнө. Мэдээж бид нүүрсээ бүр саран дээр аваачиж өгөхгүй нь ойлгомжтой. Хамгийн ойрхон том зах зээл дээрээ л зарна. Тэгэхээр Төмөр зам, далайн гарц, зах зээлийн хэрэглээ гэсэн энэ үзүүлэлтүүдийг тооцно шүү дээ. Тийм учраас хоёр хөрш орноо зайлшгүй тооцох ёстой. Тооцохгүй байх боломжгүй. Зөвхөн хоёр хөршөөс гадна бидэнд гуравдахь хөрш гэсэн гадаад бодлогын үзэл баримтлал байдаг. Гуравдагч хөршөө бид тэнцвэржүүлэгчээр оруулах ёстой. Тэгэхээр энэ улс төр, геополитикийн гэж хэлж болох эдгээр тооцоонууд бол гарцаагүй хийгдэнэ. Энэ бол тийм хэмжээний том төсөл.

    -Үнэндээ бол эдгээр том төслүүд тойрсон улс төрөөс хэн хүнгүй залхсан. Бид хөгжлийнхөө галт тэргийг хөдөлгөж чадлаа гэж харцгааж байгаа. Ажилгүйдэл ядуурал хоёрыг амны уншлага болгохоо больж юмаа хөдөлгөе, ажлаа явуулъя гэж ярьдаг болсон. Энэ бол сайн зүйл. Одоо Тавантолгой хөдөллөө. Харин  хувьцаагаа хэзээ яаж  гаргах вэ. Иргэд бид хувьцааны үр дүнг  хэдийнээс хүртэх бол?

    -Хэзээ хөдөлгөнө, тэр өдрөөсөө эхлээд авах хугацааны тоолуур эргэж  эхэлнэ. Байхгүй юмны хувьцаа гэж байхгүй ш дээ. Бий болчингуут авах юмны хувьцаа бий болно. Тавантолгой хөдөллөө л бол хувьцааны үнэлгээ  бий болно.  Тийм учраас Тавантолгойг хөдөлгөж байгаа нь хувьцааг бодитой, үнэтэй болгож байна   байна гэсэн үг.

    -Түрүүчийнхээ асуултыг дахиад тавимаар байх юм. Хэлэлцээрийн ширээний ард гурван том гүрний нэгдэл ирээд суулаа. Гэвч Тавантолгойн ордын ашиглалтын эдийн засгийн тооцоог  монголчуудад үзүүлээгүй байна. Тэд хоорондоо л ярьж байна гэж асуусан?

    -Тэд нар хоорондоо ярих боломжгүй л дээ. Наадах чинь буруу ойлголт байна. Хариуцлага гэж ойлголт мэдээж байна. Нэгдүгээрт, Засгийн газар хариуцна. Хоёрдугаарт, Төрийн өмчийн хороо, Эрдэнэс Тавантолгой гэдэг компаниуд энэ төслийг боловсруулж байгаа юм. Үүнийг боловсруулахдаа бид мэргэжлийн, хөндлөнгийн Олон улсын банк санхүүгийн байгууллагыг авч ажиллуулж байгаа.  Дэлхийд нэртэй дөрвөн том банкийг зөвлөхөөр авсан. Мэргэжлийн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, уул уурхайн яг энэ салбарынх нь зөвлөх компанийг  зөвлөхөөр авч байгаа юм. Энэ нөхцөл нь юун дээр үндэслэсэн юм гэхээр, Монгол Улсын Их Хурлаас баталж өгсөн олон улсын консерциумыг нэгтгээд нэг талд нь ажиллуулах , нөгөө талд нь оператор  ажиллана гэсэн тогтоолын дагуу Засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас цаана нь гурван гүрэн ярьж байгаад бидэнд нөхцөл тулгах  тухай асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол улс өөрийнхөө бодлогоор хөтөлж төслөө  явуулж байгаа. Хардах ямар ч асуудал байхгүй.  

    -Ойлголоо. Дөнгөж сая л хөрөнгө оруулагчдыг  зарлалаа. Нарийн сайтар тайлбарлах хугацаа бас гараагүй байхад бидний яриа өрнөж байна л даа. Гэхдээ л газрын доорх нүүрсний хэдэн хувийг хэн хэн авах тухай бидэнд ямар ч мэдээлэл алга. Ийм байдалд бас танд талархаж чадахгүй байна л даа?

    -Дөнгөж сая болсон үйл явдал учраас олон нийтэд сайтар тайлбарлах цаг хугацаа гараагүй байна. Манай ажлын хэсэг энэн  дээр ажиллаж байгаа. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан, мөн Ч.Хүрэлбаатар сайд, Х.Баттулга сайд, С.Баярцогт сайд, Д.Зоригт сайд нарын бүрэлдэхүүнтэй Засгийн газрын ажлын  хэсэг, дор нь Эрдэнэс Монгол, Төрийн өмчийн хороо орсон ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Энэ ажлын хэсэг  33 удаа хуралдсан гээд бод. 33 удаа шүү. Засгийн газар энэ асуудлаар дөрвөн  удаа хуралдсан. Зөвхөн энэ асуудлаар ажлын хэсэг 33 удаа хуралдсаныг дүгнээд, мөн яриа хэлэлцээний явцыг сонсч дүгнэж байж Засгийн газар дөрвөн  удаа хуралдаж энэ шийдлийг гаргаж байгаа юм. Одоо үүнийгээ бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна. Үүний дараа УИХ-д танилцуулна. Ийм үе шаттай явна. Процесс бол Монгол Улсын хууль тогтоомжинд заасан ёсоор, УИХ-аас гарсан хууль тогтоомжийн дагуу явж байгаа.  

    – Хөгжлийн банкны үүдийг нээгээд удаагүй байна. Энэ  банкин дээр юу болж байна вэ. Санхүүжилтын тал дээр ямар нэг асуудал үүссэн үү?

    -Улс орны маань хөгжил дараагийн том үе шат руугаа орж байна. Тэгэхээр эдийн засгийн эргэлтэнд орох уул уурхай, бусад үйлдвэр, хөдөө аж ахуй гээд энэ олон салбарууд бүгд арилжааныхаа  горимоор л  явна. Гэтэл төр засаг гарцаагүй онцгойлон анхаарал тавих салбар бас байна. Тэр бол  дэд бүтэц .Төмөр зам,  авто замын аль алийг нь барих ёстой юу, барих ёстой. Авто замыг арилжааны горимоор барина гэдэг бол бас хэцүү . Төмөр замын хувьд  асар том хөтөлбөр. Оюутолгой, Тавантолгой шиг хурдан хөрөнгө оруулалтаа  эргээд шууд нөхчихгүй шүү дээ. Гэтэл бид  уул уурхайгаас орох ашгаасаа  бас орон сууцны том хөтөлбөрүүдээ  юуны өмнө хэрэгжүүлэх ёстой байдаг. Хот хөдөөгүй энэ ажил  хийгдэх  ёстой. Тиймээс  шинэ бүтээн байгуулалтын энэ  том том төслүүд, үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг зөвхөн арилжааны горимоор  биш, төр засаг, төрийн бодлогоор дэмжлэг үзүүлж, санхүүжилтийг нь шийдэж явах  ёстой байдаг. Үүнийг шийддэг практик  дэлхийн улс орнуудад ялангуяа Азийн бар орнууд бүгдэд нь байна. Бүгдээрээ Хөгжлийн банк гэдэг бүтцийг бий болгож  санхүүжилтээ шийдэж иржээ.  Солонгос, Сингапур, Тайланд, Малайз ч тэр. Эдгээр орны хөгжлийн  банкууд нь төрөөсөө баталсан үндэсний том хөтөлбөрүүдээ  санхүүжүүлдэг. Энэ зарчмаар  бид төрөөс баталсан хөгжлийн том түлхэц тулгуур болсон дэд бүтцийн хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх зорилготойгоор энэ банкыг байгуулж байгаа юм. Засгийн газраас баталсан том хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх эх үүсвэрийг бид шийдсэн.   800 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргах энэ эрхийг  Хөгжлийн банкинд олгосон байгаа. Хөгжлийн банк үйл ажиллагаагаа эхлүүлэх шатандаа орж байна. Ийм том хэмжээний хөтөлбөрүүдийг хийх, тэрний боловсруулалтыг , тэр мэргэжилтэй боловсон хүчнийг сонгон шалгаруулж ажиллуулах, мөн үүнийг төлөвшүүлэх ажилд тодорхой хугацаа шаардана. Тавиад л маргааш нь салхи шиг ажиллана гэж байхгүй. Энэ процесс эхний шатандаа явж байна. Манай хамтарсан Засгийн үед эдийн засгийн шинэтгэлийн хэмжээний томоохон асуудлуудыг шийдэж чадсан нь чухал юм. Одоо нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн учраас цаашаа явах нь тодорхой. Галт тэргийг хөдөлгөхгүй байх нь их хортой. Хөдөлгөх нь өөрөө чухал. Бидний хамгийн том амжилт бол энэ бүх зүйлийг хөдөлгөж чадсан маань. Одоо ажиллуулах, тасалдуулахгүй байх, үр дүнд хүргэх нь төр засаг, нийгэм, ард түмний хамтын хариуцлага.

    -Хөрөнгийн бирж дээр маш том шинэчлэлт хийгдэж байгаа.  Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллаж байна. Энэ ажил хэр явж байна?

    -Хөрөнгийн бирж гэдэг бол зах зээлийн эдийн засгийн шинэтгэлийн бас нэг том механизм. Зах зээлийн эдийн засаг бол хоёр том баганан дээр тогтож байдаг. Нэг нь банк санхүү, нөгөөдөх нь хөрөнгийн зах зээл. Манайд сонгодог утгаараа банк санхүүгийн харилцаа нэлээн хүчтэй хөгжсөн. Хөрөнгийн зах зээл бол жинхэнэ утгаараа хөгжөөгүй. Нэр нь байгаа зарим үйл ажиллагаа байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ жинхэнэ утгаараа бусад улсын хөрөнгийн биржтэй нэг цаг дээр дэлхийн стандартыг хангасан, менежмент, үйл ажиллагаа, дэд бүтэц, эрх зүйн зохицуулалт энэ бүх зүйл нь байхгүй. Ер нь дэлхий дээр зах зээлийн орнуудын төр, хувийн бизнесийн  санхүүжилтын харьцаа банк санхүүгээс 50 хувь, хөрөнгийн зах зээлээс 50 хувь нь шалтгаалж байдаг. Манайд  банк санхүү  нь 98 хувь нь, хоёрхон хувь нь хөрөнгийн бирж дээр байгаа. Гажуудал байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл хөрөнгийн зах зээлээр ажил босгодог ийм механизм манайд байхгүй байна.  Энэ бол гэрийн тооныг  дороос нь хоёр том баганаар түшиж байдагтай адил ойлголт . Үүнийг бид шийдэх ёстой. Ингэж байж  зах зээлийн эдийн засгийн шинэтгэлийг сонгодог утгаар нь хэрэгжүүлнэ. Тэгэхээр хөрөнгийн зах зээл  нэг дугуй нь. Энэ дугуйг тавьж өгөх ёстой байсан. Тавьж өгөхдөө стандартын дугуй тавихгүй бол банкны дугуй нь их том дугуй, зах зээлийн дугуй нь  жижиг дугуй бол таарахгүй ш дээ. Тэгэхээр зах зээлийн утгаар нь зохицсон стандарт дугуй тавьж өгөх ёстой. Тэр стандарт  дугуйг  нь   Лондонгийн хөрөнгийн бирж оруулж өгөх хэлэлцээрийг бид хийсэн.  Бид Лондонгийн хөрөнгийн биржтэй  таван жилийн менежментын гэрээ хийсэн. Тэгээд суралцаад, тодорхой хугацааны дараа монголчууд өөрсдөө юмаа авч явж чаддаг болно. Энэ жил гэхэд манай хөрөнгийн зах зээлийн 60-80 ажилтныг Лондонд аваачиж сургаж байна. Энэ бүх ажлыг  эцсийн эцэст хүн л хийнэ. Хүнээ л сургах хэрэгтэй байна. Жинхэнэ утгаар нь Гонконгийн, Нью-Йоркийн, Лондонгийн хөрөнгийн биржтэй ижилхэн ажилладаг, нэг төвшний  цусны эргэлттэй болчих юм бол манай хөрөнгийн бирж босно.  Үүнийг дагаад манайд шинэ соёл, шинэ зах зээлийн зохицуулалт  орж ирнэ.  Тиймээс бид бусдын хөгжлийг гайхах биш харин  гадны технологи, банк санхүү зах зээлийн чиглэлээр сайн юмыг нь аваад, хаяхыг нь хаяаад урагшаа хөгжих учиртай.   Мэдээж монгол үндэснийхээ онцлогийг хадгалах юм бидэнд их байгаа. Гэтэл үүнийг зарим хүмүүс хольж хутгаад үндсэний үзэл яриад байдаг. Ингэхдээ ард түмний нэр барьж улс төр хийдэг. Харин ингэхийн оронд аливаа асуудлыг ул суурьтай, мэдлэгтэй, зөв ярьж, ялгаж салгах хэрэгтэй. Ер нь манайд дутагдаад байгаа нэг юм бол үндэслэлтэй, мэдлэгтэй, тэр үндэслэл нь бодитой, тодорхой  судалгаан дээр тогтсон ийм хэлбэр агуулга. Бид нар хийрхэл, омогшил, тэгээд популизм, улс төр дөрөв дээр амьдраад 20 жил явлаа. Тэгэхээр энэ хэлбэрээсээ гарах цаг болсон.  Зангараг, улс төр, популизм, ард түмэн, эх орон гэх зэрэг  үгсийн ар талд хариуцлагагүй байдал л нуугдаж ирлээ. Судалгаагүй байдал, шинжлэх ухааны бус элдэв хийсвэр үндэслэлүүд гаргаж тавьж нийгмээ хөөрөгддөг,  хариуцлагагүй байдал байна.  Үүгээрээ олон түмнээ  тэжээсээр  байгаад тэрнийхээ үр дагаварт  ажилгүйдэл, ядуурал, авилгал, хээл хахууль гэдэг юмнаас салж чадахаа байчихсан. Хөрөнгийн зах зээлийн  энэ сайн цаг руу ороод ирэхээр хүссэн хүсээгүй тунгалаг зохицуулалтанд орж эхэлнэ. Бид ийм механизмаа хийх ёстой. Одоо бидний хувьд ярих, хоосон хэрүүл маргаан дэгдээх биш, ажил хийхийг хөдөлмөрлөхийг  монголын ард түмэн төр засгаасаа, мөн өөрсдөөсөө шаардах цаг болсон гэж бодож байна.

    -Ямартаа ч Монгол гэдэг улсын дээр нэг гэрэл асчихаад бусдын анхаарлыг татан анивчиж эхэлсэн байна. Бид том гүрнүүдийн анхааралд өртөж эхэллээ. Эдийн засаг нь хурдацтай хөгжиж байна. Имфляц нэг оронтой гарлаа. Энэ бүх мэдээ хүмүүсийн чихэнд таатай бууж байгаа юм шиг байна. Мэдээж Засийн газар ялангуяа Ерөнхий сайд таны зүгээс нэлээд хүчин чармайлт гаргасан нь ойлгомжтой ?

    -Баярлалаа. Ер нь бол манай эдийн засаг нэлээн өсөх хандлагатай болчихлоо. Энэ нь  зөвхөн  Ерөнхий сайдаас хамаарсан хэрэг биш л дээ.  Мэдээж УИХ-аас авч хэрэгжүүлж байгаа бодлогууд  нөлөөлж байгаа. Нөгөө талаасаа бас бидний хөгжлийн дотоод хүчин зүйл гэж байна.  Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх суурь байна. Өнөөхөндөө эхний үед нь чирж явах уул уурхайн салбар гараад ирлээ. Ер нь манай улс төлөвшөөд эхэлж байна. Бидэнд асар их дотоод нөөц баялаг байна. Хоёрдугаарт, юу байна гэхээр харьцангуй боловсролтой, идэвхтэй бүтээлч сэтгэлгээтэй ард түмэн байна. Манай ард түмэн бол тийм ард түмэн. Төр засаг нь зөв залаад, энэ сэтгэлгээг нь өрнүүлэх асуудал  л чухал. Үүнийг   бид хийх ёстой . Мэдээж зөвхөн   төр  засаг ч  биш хэвлэл мэдээлэл  үүнийг хамт  хийх ёстой. Тэгвэл бидний явж байгаа  ардчилсан нийгэм, зах зээлийн харилцааны энэ тогтолцоо илүү төгөлдөржинө. Бүс нутагтаа Монгол улс   боломжийн хөгжил дэвшилтэй, улс төрийн тогтолцооны хувьд ч гэсэн бид нар илүү дэвшилттэй явж байгаа.  Төр засаг нь, иргэний нийгэм нь өөрөө идэвхжээд, төр болон  нийгмийн харилцаа ойртож байгаа. Нэг нэгэндээ хяналт тавих, хамтран ажиллах боломж нь бүрдэж байна.  Энэ бүхэн бидэнд асар их дотоод давуу талыг бий болгож байгаа юм. Гадаад орчин ч таатай байна. Эдийн засгийн хувьд манай баялгийн үнэ ханш өндөр,  бас том зах зээлүүдийн хажууд байна.  Манай уул уурхайн салбарыг сонирхож байгаа  улс орнуудын сонирхол улам өндөр болж байна,  мэдээллийн технологи, банк санхүүгийн салбар бидэнд  ойртож эхэллээ. Гадаад хүчин зүйл нь манай эдийн засгийн хурдасгагч болж чадах хэмжээнд байна.  Дотоод гадаад энэ нөхцөл байдлуудыг  нэгтгээд хөгжлөө хурдасгах боломж  байна. Манай хамтарсан Засгийн газар  хоёр жил арай хүрэхгүй хугацаанд ажиллаж байна. Үзүүлэлтүүд сайн гарч эхэлж байгаа нь сайн хэрэг. Зөвхөн гадаад худалдааны эргэлт гэхэд манайх эрс нэмэгдэж байна. Бүр  хэд дахин нэмэгдэж байна. Гаалийн удирдлагууд надад тооцоо хэлж байсан. Манайх урд хожид байгаагүй орлогыг гаалиас оруулах нь. Тэгэхээр бидний эдийн засгийг идэвхжүүлэх, тэр идэвхжилт нь богино хугацааны биш урт хугацааны, тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай байх юм бол энэ идэвхжилт улам хурдална. Улам эрчтэй явна. Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа шиг, бусад Азийн баруудын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа шиг.  Эдийн засгийн өсөлт  өнгөрсөн онд 6,1 хувь байсан. Энэ оны эхний байдлаар 9,7 хувьтай болчихсон байна. Өнгөрсөн онд бид яагаад 6,1 хувьтай байсан гэхээр 10-аад сая малаа алдчихсан. Энэ жилийн хувьд гайгүй байна.  Цаг агаар хүртэл таатай байна.  Атрын гуравдугаар аян амжилттай хэрэгжээд, гурил, төмсөө  өөрсдөө хангадаг болчихлоо. Махны нөөцөө боломжийн хэмжээнд бүрдүүллээ. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш өсөөгүй. Эдийн засгийн цусны эргэлт идэвхижчихсэн. Тэгэхээр гурил, махны үнэ харьцангуй тогтвортой байж бусад улс орнуудад өсчихсөн байхад манайд харвцангуй тогтвортой байлгасан нь  инфляцийг энэ оны долоон сарын байдлаар 4,2 хувь дээр байлгах үндсэн суурь нөхцөл болгож байгаа юм. Цаашдаа гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний бараагаа бид нар тогтвортой байлгах, урт хугацааны хүнсний аюулгүй байдлын хүрээнд нь чанартай тоо хэмжээгээр нь хангах энэ асуудал дээр Засгийн газар онцгой анхаарна. Инфляци  өнгөрсөн онд 11 хувьтай байсан бол, энэ жилийн эхний хагаст 4,2 хувь руу орсон. Энэ жилийн эдийн засгийн өсөлтийг  өнгөрсөн онтой харьцуулахад   9,7 хувьтай болчихсон  байна. Жишээлбэл бид 90-ээд оноос ойш байгаагүй хэмжээнд малаа төллүүлж,  13 сая төл хүлээж авлаа. Энэ бол том үзүүлэлт. Бидэнд болж байгаа зүйл их бий. Гэхдээ эдийн засаг тэлэхийн хэрээр, тавьж байгаа зорилт маань том болохын хэрээр, мөн хүрч очих гэж байгаа цэг маань улам өндөр болохын хэрээр бидний сорилтууд их болж байна. Энэ дээр бид нар хамтдаа чармайж урагшаа явах ёстой.

    -Цалин тэтгэврийг 30 хувиар нэмсэн. Энэ шийдвэр олон хүний амьдралд дэм болж, баярлуулсан. Тэр үед бол инфляцийг хөөрөгдөх гэж байнаа энэ нөхдүүд гээд шүүмжилж  л байсан.  Цаашид цалин хөлс нэмэх үү ?

    -Цалинг нэмэх ёстой. Ер нь  монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх  ёстой гэж би боддог. Энэ нь хоёр зүйлээс хамаарна. Нэгдүгээрт, эдийн засгаа   идэвхтэй байлгах . Төр засаг  макро эдийн засгийнхаа үзүүлэлтийг харгалзан зөв зохистой бодлогыг гаргаж ирж тавих ёстой. Бид өнгөрсөн жилийг  “Бизнесийн орчныг шинэчлэх” жил гэж зарласан. 2011 оныг  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жил гэж зарласан. Нийгэмд хамгийн тулгамдсан асуудал ажилгүйдэл, ядуурал л байгаа. Үүнийг шийдэх ёстой. Ингэхийн  тулд төр засаг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ бодлогыг гаргаж тавих ёстой. Мэдээж нөгөө талдаа иргэд маань хариуцлага үүрнэ. Учир нь тэр бодлогыг хэрэгжүүлэгч нь иргэн. Энэ бүх ажлаа хийхийн тулд өөрийгөө бэлтгэх ёстой.  Мэргэжилтэй, өрсөлдөх чадвартай боловсон хүчин болж өөрийгөө бэлтгэх ёстой. Бид ярьдаг. Баахан диплом өвөртөлсөн таксины жолооч,  ажилгүй   хүмүүс байнаа гэж. Тэгвэл зах зээл дээр мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ маш их байна. Ноолуурын хөнгөн үйлдвэрийнхэн өндөр цалин санал болгоод,  ажилчин авах  зарлал тавиад ажиллах хүн олдохгүй байнаа гэж нэг уулзалтан дээр ярьж байгаа юм. Учир нь мэргэжилтэй боловсон хүчин байхгүйд л байна шүү дээ. Би өнгөрсөн намар  Оюутолгой, Тавантолгойн том бүтээн байгуулалтуудтай газар дээр нь танилцсан. Монголын томоохон үндэсний компани нэг ажилтандаа дунджаар 900 мянган төгрөгний цалин өгч байна. 1000 ажилчинтай. Болж байна уу. Чадвартай  хүн хүссэн цалингаа  аваад эх орондоо ажиллаж амьдарч  болж байна.  Нэг сая төгрөгний цалин авна гэдэг бол хэвийн зүйл болсон байна шүү  дээ. Оюутолгойн төсөл дээр би очсон. Сайн гагнуурчин хэрэгтэй байна. Тавдугаар зэргийн , зургадугаар зэргийн гагнуурчин байвал сая төгрөгний цалин юу ч биш, илүүг  өгье гэжээ.  Гэтэл харин гагнуурчин олддоггүй.  Сайн сайхан амьдрал  хүнд хөдөлмөрөөр л бий болдог. Өөрийгөө хөдөлмөрт бэлтгэх хэрэгтэй. Төр засаг нь ч гэсэн ажлын байрны хүрээнд хүнээ сургах, иргэн өөрийгөө бэлтгэх ажлыг маш нухацтай хийх ёстой. Үүн дээр бид маш их анхаарал, хөрөнгө гаргаж байгаа. БСШУЯ-аар дамжуулан МСҮТ-ийн чиглэлээр их ажлуудыг шинээр зохион байгуулж байна. Ер нь энэ бүтээн байгуулалтаас 60 мянган ажлын байр бий болно гэж байгаа.  Одоо 60 мянган хүнээ бэлтгэх ёстой байна. Өнөөдөр төр засагт гаднаас ажиллах хүч оруулах сонирхолгүй байна. Тэр ажлыг хугацаанд нь хийгээд дуусгахын тулд нарийн мэргэжлийн ажилчин  авахгүй бол ажил нь зогсчихоод байна. Иймээс гаднаас ажилчин аваад байгаа хэрэг.  Бид мэргэжилтэй ажилтан бэлтгэх асуудлаа шийдэх ёстой. Энэ л бидний гол дэвшүүлж байгаа хийж байгаа ажил.

     Цалинг нэмнэ гэж бодож байгаа. Төр цаашдаа монгол хүнийхээ үнэлэмжийг дээшлүүлэх, цалинг нэмэх асуудлыг тууштай авч үзнэ. Дэлхийн банк, валютын сангаас Монголын эдийн засгийн өсөлтийн боломжийг ирэх 10 жилд дэлхийд хамгийн хурдтай өсөх тооцоонд оруулчихсан байна билээ. Энэ жил бид цалинг нэмэх бодолтой байгаа.

    -Наадмын дугаарын зочноосоо хамгийн супер мэдэгдлийг хүлээж авлаа гэж бодож байна. Үнэхээр сайхан мэдээ маргааш хүмүүст очих нь ээ?

    -Сайхан өдөр, сайхан мэдээ хүлээж авах сайхан шүү дээ.   

    -Төрийн албаны шинэтгэлийн томоохон хурлыг таны санаачилгаар хийсэн. Энэ үеэр бол таны амнаас жалга довны хуучин юмыг төрийн албанд бид цааш нь чирж явахгүй шүү гэсэн хатуу сануулга унасан. Энэ ажил хэр явж байна?

    -Энэ ажлыг гарцаагүй хийх ёстой. Дэлхий ертөнц даяарчлагдаж байна. Бид өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй байна. Төрийн ажлыг ч өндөр төвшинд өрсөлдөх чадвартай хийх ёстой болж  байна. Төрийн ажил  гавьяа зүтгэл, мэдлэг чадвар,  ажилласан жилийн туршлага гээд   бүх зүйл дээр үндэслэж  дүгнэгдэж явах ёстой. Албан тушаалын сонголт, томилолт, дэвшүүлэлт  нь бүгд үүн  дээр үндэслэх ёстой. Тэрнээс биш улс төрийн намын сонгуулийн ялалтаас хамаардаг, эсвэл нэг сайдын нутгийн юмуу, намын найз нөхдөөс шалтгаалаад өөрчлөлт хийдэг энэ зарчмыг бид хуулиараа зохицуулах ёстой. Би Канадад хийсэн айлчлалын үеэр үүнийг ярьсан.  Ер нь би айлчлалын үеэр тодорхой зүйл  ярихыг боддог. Канадтай хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэр технологи ярихын зэрэгцээ Канадын төрийн албанаас авах зүйл их. Канад  хүн амын хувьд харьцангуй цөөн орон ч  Америк хэмээх том улсын хажууд байна. Гэхдээ төрийн алба нь маш тогтвортой. Өндөр хөгжчихсөн ийм улс орон. Тэнд төрийн албаны нь үйл ажиллагаа нь маш системтэй, хуульчлагдчихсан, төлөвшчихсөн байна. Бид тийм улс орны жишгээс суралцах ёстой. Яагаад гэвэл манайд мерит зарчим буюу гавьяа зүтгэл, туршлага, мэдлэг чадвар дээр үндэслэсэн энэ тогтолцоог  хэвшил болгохгүй бол төрийн алба өөрөө тогтворгүй байгаад байна. Төрийн албаны хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Яаманд, агентлагт, төрийн албанд гурваас таван жил тогтвортой ажилласан хүн дараагийн шатны албанд нэр дэвшдэг байх ёстой. Тэгэхгүй бол гэнэт нэг хүн хөндлөнгөөс орж ирээд хэлтсийн дарга, албаны дарга, газрын дарга, төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж болохгүй. Ийм таагүй зүйлүүд төрийн албаны идэвхи сонирхлыг мохоож байгаа юм. Сонгуулиас хамаарч савладаг ийм төрийн албатай байж болохгүй. Ер нь зах зээлийн орнуудад төрийн алба маш тогтвортой байдаг. Сайд ирж л байдаг, явж л байдаг. Тэр төрийн алба бол доор нь ёстой швецари цаг шиг л ажиллаж байдаг. Хууль тогтоомж бүх юм нь ойлгомжтой. Ер нь төрийн алба өөрөө биеэ даасан суурь зарчмууд дээрээ тулгуурласан дэвшүүлэлт, сонголт энэ бүхэн нь хуульчлагдсан байх юм бол тогтвортой болно. Мэдээж хэрэг төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг зөв зохицуулах ёстой. Гэхдээ дахиад тусгайлсан юм хийх биш. Төрийн албан хаагчдын хүүхэд болохоор л тусгай хөнгөлттэй сурдаг ч юм уу, төрийн албан хаагч болохоор тусгайлж байранд ордог биш. Энэ нь бол нийтийн жишгээр байх ёстой. Харин төрийн албан хаагчийн үнэлэмж цалин өөр байх ёстой. Чадвартай хүний цалин өндөр л байг л дээ. Энэ зарчим руу орох ёстой. Бид нар энэ рүү явж байна.   

    -Шатахууны хомсдол нэлээн анхаарлын төвд байна. Жил бүр ургацийн үеэр ч юмуу, тариалалтын үеэр ч юм уу ямар нэгэн  ачаалалтай  үеэр л  ийм юм болдог.  Иргэд үүнд их бухимдах юм. Манайх энэ зовлонгоосоо хэзээ салах юм бэ ?

    – Энэ бол өмнө нь байгаагүй асуудал биш байсан л асуудал. Гэхдээ  гарцаагүй шийдэх асуудал . Хамтарсан Засгийн газар энэ тал дээр нэлээн бодитой бодлого гаргаж ирж  байгаа. Бид өөрийн үндэсний нефть боловсруулах үйлдвэрийг барих ёстой болжээ. Одоогоор манай түүхий  нефть олборлолт  хангалтгүй байгаа. Гэхдээ бид  нефть боловсруулах үйлдвэрээ барина. Өөрсдөө өөрсдийгөө хангах нөхцлийг бүрдүүлнэ гэж итгэж байгаа. Тийм учраас өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаараа нефть боловсруулах үйлдвэрийн асуудлыг  авч хэлэлцээд зарчмуудыг нь шийдээд байна. Нэгд, өөрийн үндэсний үйлдвэртэй болъё. Хоёрдахь нь бид нэг нийлүүлэгчээс хамааралтай байдаг энэ хамаарлаа багасгана.  Үүнийг өмнө нь зөндөө ярьж байсан. Гэхдээ хэзээ ч тогтвортой тууштай авч хэрэгжүүлж байгаагүй. Бид хоёрдогч эх үүсвэр, гуравдагч эх үүсвэрээс нефть авах  урт хугацааны гэрээ хэлэлцээр хийж байгаагүй. Цаг үеийн асуудлаа л шийдэж байсан. Одоо бол бид тогтвортой урт хугацааны гэрээ хийх асуудлыг нэгдүгээрт тавь гэж байгаа юм. Тэгэхгүй бол нэгнээс нь авч байгаад дуусангуут нь мориндоо мордоод хажуу талыйн айл руу давхидаг байж болохгүй ш дээ. Үүнийгээ системчилж, тогтвортой болгоё, урт хугацааны гэрээ болгоё. Энэ зарчмыг шийдэж байгаа. Тэгээд ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг нэг сайдыг, нэг засгийн газрыг энэ асуудлаар буруутгах нь утгагүй л дээ. Мэдээжийн хэрэг үүрэг хариуцлага хүлээж байгаа хүмүүс нь үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой. Тэрэн дээр бол хариуцлага тооцох юмыг нь тооцох ёстой. Тооцох ч болно. Гэхдээ урт хугацааны үндэслэлтэй шийдвэрийг гаргах ёстой. Энэ шийдвэрийг энэ Засгийн газар гаргаж байгаа. Эрвийх дэрвийхээрээ бүх шатанд нь ажиллаж байна.

    -Сонгуулийн хуулийн талаар хоёр нам санал нэгдэхгүй байна. эцэст нь та МАН-ын даргын хувьд ард түмнээсээ асууя гэж санаачилга гаргасан. Харин энэ саналыг  АН хүлээж авах бололцоогүй гэж байна?

    -Энэ бол Ардчилсан нийгэм шүү дээ. Хууль нь байна. Ер нь бол ард нийтийн санал асуулгыг асуух тухай хууль байгаа шүү дээ. Бид 93 онд батлаад тавьчихсан. Тэгэхээр ийм асуудал байж болохгүй гэж ярих нь зохимжгүй явдал. Олон улсад жишээлбэл, Швецарьт хамгийн энгийн асуудлаар санал хураалт явуулж байдаг ийм практик хэвшчихсэн. Ийм улс орнууд их байна. Жишээлбэл саяхан Англи улс сонгуулийн хуулиараа санал асуулга асуугаад явж байна. Италид санал асуулга хийсан байна. Ер нь Ардчилсан улс орнууд олон түмнээс асуулга асуух хэлбэр байж л байдаг. Мэдээж хэрэг манайд хэвшээгүй, практик болоогүй учраас дээр нь хууль эрх зүйн зохицуулалтууд нь боловсронгуй болоогүй учраас эргэлзээд байна. Бас  Үндсэн хуулийн өөрчлөлтүүдтэй холбогдуулаад илэрхийлж байгаа байр суурь бол бий л дээ. Бид үүнийг тооцох ёстой. Гэхдээ асууна гэж байгаа маань өөрөө буруу зүйл биш . УИХ бол ард түмний мөрөөдөл, сонирхлын төлөө л байгууллага.

    –Ерөнхийлөгчийг яагаад хориг тавьсан гэж бодож байна?

    -Ерөнхийлөгч манай бүлгийн  дарга нартай  уулзаж хууль эрх зүйн хувьд амаргүй асуудал шүү гэдэг талаас нь ярилцсан байгаа. Хууль эрх зүйн талаас нь нэлээн судалж үзэх асуудал гэсэн ийм байр суурийг илэрхийлсэн байгаа. Бид үүнийг  авч үзэх ёстой. Үнэхээр өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд болж байгаа хэсэг нь аль юм, болохгүй хэсэг нь аль юм гээд салгаад ярилцаж болно ш дээ. Бид ч заавал тулгаж байгаа зүйл биш, ард түмнээсээ асууя гэсэн хувилбарыг л санал болгож байгаа юм.  Энэ хувилбарыг маань эсэргүүцэх юм уу, хориг тавьж болно шүү дээ.  Энэ бол нээлттэй зарчим. Сонгуулийн хуулийг зарим нь намын нэрээр хйих ёстой гэж яриад байгаа. Зарим нь хүнээ мэдэх, гишүүнээ мэдэж мэдрэхийг чухалчилж байгаа. Яагаад гэвэл АН, МАН гээд дугуйлчихдаг. Цаана нь хэн байгааг мэдэхгүй. Тэр нь  буруу ч юм уу , зөв ч юм уу хэнийг нь мэдэхгүй хүнийг дугуйлчихдаг. Гэтэл яг иргэн хүнд бол намайг төлөөлж УИХ-д суух гэж байгаа тэр хүн аль намын хэн гэдэг хүн бэ  гэдэг нь чухал байгаа юм. Энэ хүнийг сонгох нь зөв үү, мэдлэг боловсрол бүх талаараа энэ хүн шаардлагыг маань хангаж байна уу гэдгийг харахгүйгээр зүгээр нам дугуйлчихаад байх бол амаргүй шүү дээ. Сонгуулийн тогтолцоо намыг дугуйлна гээд ярих нь өөрөө хүнд их гоё сонсогдоод байгаа боловч энэ өөрөө төгс төгөлдрийн туйл уу гэвэл бас биш . Тийм учраас бид холимог тогтолцоог яръя. Энэ элементийг оруулъя. Үе шаттайгаар энэ рүү явъя. Гуравны нэг нь бид нам сонгоно, гуравны хоёр нь хүнээ сонгоё. Тэгээд үүнийг үзье. Дараа нь бид үнэхээр боловсронгуй байна гэх юм бол цааш нь хөгжүүлээд явъя гэдэг дээр ерөөсөө эргэлзэхгүй байгаа. Ганцхан пал хийтэл нь нам болгоод тавьчихъя. Хүн нь чухал биш нам нь л гээд тавьчих юм бол зөв юм уу буруу юм уу гэдгийг өнөөдөр хэн нь ч хэлж чадахгүй. Магадгүй хүмүүс бас хүнээ харъя гэж байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр хэн нь сайн пиар хийж, хэн нь илүү хэвлэлийн бага хурал хийснээр ажлыг дүгнэдэг хорвоо бол өнгөрчихөөд байна. Одоо манайд уураа хүрвэл гүйж гараад хэвлэлийн бага хурал зарлана. Пиар хийнэ. Ард түмэндээ хандана гэдэг. Би үүнийг бол зөвшөөрч байна. Ганцхан үндэслэлтэй, судалгаатай, зөв байх ёстой. Энэ асуудалд бид болгоомжтой, үндэслэлтэй, хуулийн дагуу хандана. Наад зах нь Үндсэн хуулиа хар л даа. Цагаан дээр хараар Монгол Улсын Их Хурлын гишүүнийг шууд сонгоно гээд биччихсэн байгаа. Энэ дээр намыг сонгоно гэж бичээгүй. Гишүүнийг сонгоно гэсэн байгаа.   

    -Сонгуулийн хуулиас болж таныг огцруулах асуудлыг Э. Бат-Үүл гишүүн өргөн барина гэдгээ мэдэгдсэн байгаа. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин нар таныг намын удирдах зөвлөл дээрээ хэлэлцсэн асуудлуудаа парламентаар хэлэлцүүлдэг боллоо, парламентын бүрэн эрхэд халдаж байна гэж хурцаар шүүмжилж байна. Харин та хэрхэн хүлээж авч байна вэ?

    -Би Бат-Үүлийг улстөрчийнх нь хувьд бол хүндэлдэг. Яах аргагүй манай Ардчиллын алтан хараацайн нэг гэж хэлж болно. Ер нь зарчмын асуудлууд дээр гол ч байр сууринаас ханддаг гэж боддог.  Ардчиллын үнэт зүйлсүүдийг хамгаалах, зах зээлийн суурь зарчмуудыг хамгаалах, төр хувийн хэвшлийн харилцаа, төр нийгэм Ардчиллын суурь зарчмуудаас мань эр ухардаггүй.  Шаардлагатай бол эдгээр үнэт зүйлсийн төлөө  ямар ч алхам хийх чадвартай цөөхөн хүмүүсийн нэг гэж би үздэг. Тэр утгаараа бол  хүндлэлтэй ханддаг .  Гэтэл нөгөө талаасаа Э.Бат-Үүл маань болчимгүй алхам хийдэг л хүн юм байна. Хариуцлагагүй нөхөр юм байна.  МАН-ын даргын хувьд би Э.Бат-Үүлийг хариуцлагагүй мэдэгдэл хийж байна гэж үзэж байна.  Аливаа нам улс төрийн зохион байгуулалтын  хэлбэр.  АН ч тэр, МАН ч тэр мөрийн хөтөлбөрөө гаргаад, мөрийн хөтөлбөр дээрээ дэвшүүлсэн зорилтуудаа өөрийнхөө их хурал, бага хурал, удирдах зөвлөлөөрөө яриад л явдаг. Тавьсан мөрийн хөтөлбөрийнхөө  хэрэгжилтийг дүгнээд, улс орны өмнө тулгамдаж байгаа нийгэм эдийн засгийн бүх асуудлуудыг улс төрийн намууд л ярина ш дээ. Одоо “Монгол хүн-2020” гээд  хүн болгоноо ажилтай болгоно, мөнгөтэй болгоно гээд л АН чинь  аймаг болгоноор давхиад л байгаа биз дээ. АН-ынхан өөрсдөө болохоор 2020 онд бүгдэд нь аманд нь баахан юм чихэж хаяна гэж ярьж  давхичихаад, МАН болохоор эдийн засаг, хөгжлийн асуудал ярингуут  буруу болноо гэдэг асуудал бол байж болохгүй байх. Ихээхэн хийсвэр юм ярьж байгаа. УИХ-ын бүтцүүд байнгын хороо, УИХ-ын бүлэг шийддэг зарчмаараа л шийднэ. Аль аль намын удирдах зөвлөлүүд бол шийдвэрээ улс төрийн намын хуулийн хүрээнд гаргана.   Тэгэхээр үүнийг удирдах зөвлөл нь шийдвэр гаргаад яваад байна гэж шүүмжилж байгаа нь том улс төрчийн хувьд бол  тулын инээдтэй зүйл ярьж байх шиг харагдах юм. Э.Бат-үүл гишүүнийг ингэж ярьж байгаад их гайхаж байгаа. Ийм инээдтэй болчимгүй алхам хийхээ боль гэж би Э.Бат-Үүл гишүүнд хэлмээр байна. Х.Тэмүүжин гишүүнийг бол би залуу улс төрчдийн нэг гэдгийг ойлгож байна. Гэхдээ өөрийнхөө намын асуудлыг ярьж байгаа бол өөр хэрэг. Манай намын асуудалд орох нь зохисгүй гэж үзэж байна. Ёстой нөгөө  хүний хэрэгт бүү хошуугаа дүр гэж нэг үг байдаг байх аа. Мэдэхгүй юмаа ярьж хэрэггүй дээ гэж зөвлөмөөр байна. Хүн бас асуудлыг мэдэж байж ярих хэрэгтэй. Мэдэхгүй юмаа ярихаар хүн эвгүй харагддаг. Би одоо АН дотор байгаа юмыг яриад байвал бусдад таагүй харагдана биз дээ.   Бид АН-ын удирдлагуудын асуудлаар дүгнэлт хийгээд яриад байдаггүй. Надад тийм ёс суртахуун ч байхгүй. Тийм хүмүүжил ч байхгүй.

    -МАХН гэдэг томъёоллоор хуучин намын дарга байсан Н.Энхбаяр улсын дээд шүүхээс гэрчилгээ авчихлаа. Өмнө нь Монголын Алдарт Хувьсгалчдын нам (МАХН) гэж тэд хүсэлт гаргаж байсан санагдах юм. Тэр нам гэрчилгээ авчихав уу. Эсвэл хэдхэн сарын өмнө таны даргалж байсан МАХН-ын гэрчилгээг авчихав уу. Ерөөсөө ойлгохоо байчих юм?

    -Та ойлгохгүй байна. Та юмыг олон талаас нь хардаг, өндөр төвшний мэдээлэлтэй байдаг, нэр хүндтэй сэтгүүлч хүн. Та ойлгохгүй байнаа гэдэг бол нийгэм ойлгохгүй байна гэсэн үг. Тантай яг адилхан би ойлгохгүй байна. Яахаараа Монгол Улсын хууль тогтоомжуудыг өөрсдийн өнцгөөс тайлбарлаад, ингээд юмыг хүслээрээ хийгээд явж болдог юм бэ. Хуультай зөрчилдсөн ийм шийдвэр гарлаа гэж бид үзэж байгаа.  Тиймээс  манай намаас Улсын дээд шүүхээс яагаад ийм шйидвэр гаргасныг нь судалж үзэх гэж гаргасан тогтоолоо өгнө үү  гэсэн хүсэлт гаргасан. Саяхан  тогтоолыг нь авлаа. Бид энэ үндэслэлтэй санал нэгдэхгүй. Тийм учраас бид Улсын дээд шүүхэд хуулийн дагуу давж заалдаж байгаа.  Нэг шинэ улс төрийн нам шинээр бий болох нь мэдээж нээлттэй. Ижил нэртэй олгогдчихсон нь хууль зөрчсөн явдал гэж бид үзэж байгаа юм. Уг нь бол сая 19 дэхь шинэ нам, отгон нам бий болсон шүү дээ.

    -МАХН-ын улс төрийн товчооны гишүүн байсан Т.Рагчаа гуайтай ярилцсан нэгэн сонирхолтой номыг би сая уншлаа л даа. Тэр хүн бол 96 настай. Намын нэрний талаар байр сууриа илэрхийлжээ.   “Төөрөлдсөн эсвэл ашиг хайсан хэдэн хүн л тэр хувьсгалт гэдэг үгний хойноос гүйнэ биз дээ. Одоо шинээр бүртгүүлээд байгаа МАХН гэдэг бол  байдаггүй, бараа туруу нь харагддаггүй, цаасан дээр байдаг  олон намуудын л нэг болно” гэж . Би энэ хүнийг бол гайхалтай сэргэг, шинэ, ямар айхтар хүн бэ гэж харсан. Иймэрхүү ахмад гишүүд олон байна уу, эсвэл зарим  хэвлэлүүдийн бичиж байгаа шиг нам минь гээд бүгдээрээ сүүгээ өргөөд ханараад  байна уу?

    -Т.Рагчаа гуайг мэдэлгүй яахав. Т.Рагчаа гуай шиг ийм сайхан ахмад буурлууд бол манай намд олон бий. Тулхтай, ухаантай, алсыг өргөн харж чаддаг, ёс суртахуунтай хүмүүс бол асуудлыг яг зөв л харж байгаа. Энэ бол нэг шинэ отгон нам л байгуулагдсан. Монголын улс төрийн шинэ нам.  Ганцхан энэ дээр нэг зөрчилтэй асуудал бол манай намын өмч үнэт зүйл болсон хуучин нэрийг өгсөнтэй л  бид санал нэгдэхгүй эсэргүүцэж байгаа юм. Манай намын нэрийг авч, манай үнэт зүйлд халдсанд нь санал нэгдэхгүй байгаа учраас хуулийн дагуу дараагийн шатны шүүхэд хандана.  

    -МАН дээр “Хувьсгалт” гэдгийг шигтгэсэн тэр явдлыг монгол хүн хийгээгүй юм байна. Амгаа гэдэг коминтерний төлөөлөгч Оросоос ирж өгсөн гэж Т.Рагчаа гуайн яриан дотор байна л даа. Тийм Амгаа гэдэг тэр буриад хүн байсан гэдгийг та мэдэх үү ?

    -Мэдэлгүй яахав. Ер нь манай намын түүх бол том түүх. Тэр түүхийг яаж ч гуйвуулах бололцоогүй. Яагаад гэвэл Т.Рагчаа гуай шиг амьд түүхийн гэрчүүд нь байж байна. Архив баримт нь байж байна. Манай намын туулж ирсэн замнал өөрөө хүчирхэг. Үнэт зүйлдээ тийм амархан халдуулахгүй шүү дээ.  

    -Танаас Н.Энхбаяр даргын тухай асуумаар байна. Тэр хүн бол танай намтай салшгүй холбоотой хүн. Гэвч өнөөдөр өөр замаар алхаж байна.  Түүний одоогийн хийж байгаа улс төрийн талаар ямар дүгнэлттэй байна вэ?

    -Н.Энхбаяр дарга улс төр, хувь хүн гэдэг хоёр зүйлийг хэт их салгаад явчих шиг л надад санагдаад байгаа юм. Уг нь хүн нэг л арьсан дор явах ёстой гэж боддог юм ш дээ би. Энэ хоёр хэтэрхий их холдоод явчихаараа бас ойлгогдохоо больчихдог л доо. Олон зүйлийг өнөөгийн төр засаг хийхгүй, болгохгүй байгаагаар яриад байгаа л даа. Жишээлбэл, би энэ засгийн ажлыг аваад жил найман сар л болох гэж байна. Гэхдээ л амжиж олон зүйлийг хийхийн төлөө явж байгаа. Энэ яриад шүүмжлээд байгаа, болохгүй бүтэхгүй гээд байгаа зүйлүүд бол өмнөх 20 жилээс өвлөгдөж ирсэн зүйлүүд байгаа юм. Өвлөгдөж ирсэн зүйлүүдийг л бид заримыг нь хөдөлгөөнд  оруулаад, заримыг нь шийдэх гээд зүтгэж байна. Алдаж онож байгаа юм бий. Тэрийг түүх шүүх байх. Ямар ч байсан улс орны хөгжлийг гацааж байсан зүйлүүдийг хөдөлгөөнд оруулъя. Энэ өвлөгдөж ирсэн  үлгэр домог болсон асуудлуудаа өөрсдөө яриад байгаад л би гайхаад байгаа юм. Нэг үгээр хэлэх юм бол зарим хүмүүс саран дээр байж байгаад ирсэн юм шиг л ярих юм. Энэ асуудлыг аваад явж байсан хүмүүс ингээд яриад байхаар би ойлгодоггүй юм. Шийдчих хангалттай он жилүүд өнгөрсөн болов уу гэж боддог.

    -Та бол эдийн засгийн шинэтгэлийн бодлогуудаараа хүчирхэг лидер гэдгээ харуулж байна. Энэ талынх нь С.Батболд гялалзаж харагдав ч намын өнгөн дээр гарч ирж ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл байх юм?

    -Ер нь улс төрийн намуудыг янз бүр л хардаг даа. Улс төрийн намуудын зорилт бол улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлыг л шийдэх шүү дээ. Улс төрийн нам өөрөө өөрийгөө сайхан болгох талаар ярихгүй ш дээ. Улс орныг яаж сайхан болгох вэ гэж л ажиллаж байгаа. Тийм учраас улс төрийн намд олон жил ажилласан учраас ийм мундаг юмаа ч гэдэг юм уу, энэ бол харьцангуй ойлголт л доо. Улс төрч хүн гэдэг бол зангараг, хатуу байр суурь гэдэг ойлголтын нэгдэл ч бас биш. Нэг тал нь байж болох. Тийм болохоор зөвхөн үүгээр улс төрийн хэмжээ дамжааг тодорхойлно гэдэг бол өнөөдрийн ийм эрчимтэй хөгжиж байгаа, практик  талаасаа нийгэм хөгжөөд, амьдрал өөрөө бодитой шийдлүүдийг хүлээж байгаа, эдийн засгийн, улс төрийн, нийгмийн шийдлүүдийг  хүлээж байгаа үед сонин биш. Тэгэхээр бид аливаа асуудалд үндэслэлтэй, судалгаатай, талуудын байр сууриудыг  бодитой тооцсон ийм хандлагыг л тээх хэрэгтэй. Өнөөдөр жишээлбэл манайх олонх байна гээд асуудлыг  түрээд шийднэ гэвэл бас чадахгүй. Иргэний нийгэм төлөвшчихсөн. Ерөнхийлөгчийн институт  нь ажиллаж байна. Сөрөг хүчин ажиллаж байна. Тэгэхээр бодитой судалгаатай, үндэслэлтэй, зарчимтай байр суурь барьж байх нь өөрөө Монгол Улсын хөгжлийн өнөөдрийн засаглалын шинэ хэлбэр. Ерөөсөө сайн засаглал гэж юу юм бэ. Сайн засаглал гэдэг нь хатуу юмуу, зөөлөн байхыг хэлж байгаа зүйл биш. Сайн засаглал гэдэг бол үндэслэлтэй, бодитой, нээлттэй хариуцлагатай өрсөлдөх чадвартай, алсын хараатай асуудлыг харж чадаж байгаа, шийдэж чадаж байгаа, үр дүн гаргаж байгаа энэ засаглалыг л хэлнэ. Өнөөдөр бид сайн засаглалыг л ярьж байна. Сайн засаглалыг компанийн төвшинд, төрийн төвшинд нэвтрүүлье. Иргэний нийгмийг оролцуулсан, нийгмийн зөвшилцлийг бий болгосон энэ орчныг тэлэхийн төлөө л ажиллана. Нээлттэй засаглал руу явах ёстой. Өрсөлдөх чадвартай засаглал руу явах ёстой. Мэдлэгт суурилсан хөгжил руу явах ёстой. Энэ орчинг л бүрдүүлэх ёстой. Энэ нь бол Ардчиллын үнэт зүйл байх ёстой. Гол нь улс төрийн бодлого  энэ зарчим дээр суурилсан байх ёстой. Манай нам энэ рүү явж байгаа. Эргэлзэх зүйлгүй. Манай нам магадгүй өөр өөр өнгө аяс, байр суурьтай харагдаж магадгүй. Үүнийг үгүйсгэхгүй. Энэ бол манай нам ардчилалтай нам болохын нэг жишээ. Манай нам ямар нэгэн фракцуудын нэгдэл болоод, ямар нэгэн эрх ашгуудын нэгдэл хэзээ ч болж байгаагүй, хэзээ ч болохгүй. Улс төрийн хамгийн  өндөр зохион байгуулалттай, олонхийн зарчмаа барьж чаддаг, улс төрийн намын үндсэн соёлыг, ёс суртахууныг нь харуулж чаддаг ийм нам.  

    -Тань шиг ийм лидерийн үед намд  шинээр гарч ирж байгаа зарим залуучуудыг хараад жаахан гайхдаг юм. Ямар нэгэн сорви яриад л, ямар нэгэн цөс, эр зориг ярьсан тэр сонин нөхдүүд танд таалагддаг хэрэг үү?

    -Би тантай санал нийлэхгүй байна. Юмыг нэг хоёр тохиолдлоор юмуу  дүгнэж ярьж болохгүй л дээ. Энэ чинь 160 мянган хүнтэй асар том хүчин шүү. Хоёрдугаарт, манай нам нэрээ сольсноор 20 гаруй мянган залуучууд шинээр орж ирсэн. Улс орноо, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй боловсролтой сайхан залуус манай намд олон бий.  

    -Таны аливаад хөөсөрч өгдөггүй дипломат байр суурийг танай намынхан шүүмжилдэг үү. Заримынх нь хувьд  та сэлэм эргүүлж, том том мэдэгдэл хийж сүрийг үзүүлэх ёстой ч байж магадгүй ?

    -Үгүй. Хүн байгаагаараа л байх хамгийн сайхан. Нэг их салхилаад яахав. Нэг их намжаад ч яахав. Би бол хамгийн гол нь ажил ам хоёр нэг байх ёстой гэж үздэг хүн. Жингийн цуваа явж л байх ёстой. Тэр тайван, холыг зорьсон, амар амгалан цуваа жижиг сажиг юмнаас болоод зогсч, бужигналдах  ёсгүй. Төрд зүтгэж байгаа хүн бол өөрөө сэтгэл хоёрдохгүй мөн эргэж харамсахгүйгээр л ажлаа хийж байх ёстой гэж боддог. Намаа, нөхдөө, нийгмээ гомдоохгүй байх ёстой. Энэ бол бас зарчим. Тийм болохоор улс төр хүн хоёр хамт шүү л гэж хэлэх гэсэн юм.          

           

  • С.БАТБОЛД: ӨНГӨРСНИЙГ ШҮҮХЭЭ БОЛЬЁ. МӨРӨӨДӨЛ ЯРИХАА ЦЭГЛЭЕ. УРАГШАА Л ХАРЪЯ

    С.БатболдМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзлаа. Хөгжил дэвшлийг зорьсон монгол түмний их нүүдлийн нэгэн хөтөч нь болж яваа түүний санаа бодол, түүний тэргүүлсэн Засгийн газрын бодлого зорилтыг хөндөж бид ярилцав. Баахан урт ярилцлага болсон байж магадгүй. Гэхдээ хэвлэлээр тэр бүрий гараад, яриад байдаггүй Ерөнхий сайдаас асуух, сонирхох зйүл их байлаа. Уншигчид маань уйдахгүй биз ээ.

    – Сайн байна уу, Ерөнхий сайд аа. Сайхан хаваржиж байна уу? Та сая Засгийн газрын хуралдаан дээрээс гарч ирлээ. Ямар асуудал хэлэлцэж, шийдвэрлэж байна вэ?

    -Сайн. Сайн байна уу? Сайхан хаваржиж байна аа. Сая хамгийн сүүлд Орон сууцны хөтөлбөрийн асуудлыг ярьж байлаа. Аливаа улс орон хөгжил дэвшлийг зорьё гэвэл хүнээ хөгжүүлэх таван асуудлыг шийдэх хэрэгтэй юм байна гэж би ойлгож байгаа. Нэгдүгээрт, хүнээ эрүүл байлгах ёстой. Хоёрдугаарт өрсөлдөх, хөрвөх чадвартай боловсролтой болгох хэрэгтэй. Гуравдугаарт хүн ажилтай байх ёстой. Энэ талаар төр зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлнэ. Дөрөвт хүн оршин амьдрах орон сууцтай байхгүй бол болохгүй. Тавдугаарт ахмад настай, тодорхой бэрхшээлтэй хүмүүс тэтгэвэр, тэтгэмж халамжид байх учиртай.

    Шинэ бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрийн нэг болох Орон сууцны хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх вэ, ямар загварыг авах вэ, тэр нь иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэж, хүрч чадах уу үгүй юү гэдэг чухал. Байшин барьж болно. Борлогдохгүй бол яах юм? Тиймээс олон улсын туршлага, зарчмыг судаллаа. Сингапурт төрийн зохицуулалт их өндөр байдаг юм байна. Америк мэтийн өндөр хөгжилтэй орнуудад чөлөөт зах зээлийн зарчим зонхилж байна. Төрийн зохицуулалт, зах зээлийн зарчмыг хослуулж, банк санхүүгийн байгууллага, худалдан авагч харилцан үүрэг хүлээх механизмууд ч байдаг юм байна. Бид төрийн зохицуулалт өндөр байх хэлбэрийг сонгох шийдвэрт хүрч байгаа.

    Гэхдээ хавтгайруулахгүй байх ёстой. Утааг багасгах, ажлын байрыг нэмэгдүүлэх, орлого багатай хэсэгт дэмжлэг үзүүлэх гэх мэт бусад асуудлыг давхар шийдэхийг эрмэлзэж байна. Боломжтой, чадавхитай, дундаас дээгүүр орлоготой хэсэгт чөлөөт зах зээлийн зарчмаар хийх сонголтыг нь үлдээе. Харин дундаж, дунджаас доогуур, бага орлоготой иргэдийн сонголтод төр дэмжлэг үзүүлье. Урт хугацааны, харьцангуй бага хүүтэй зээлийг өгөхдөө банк, санхүүгийн тогтолцоотойгоо хамжиж, хамтрах ёстой. Хүүгийн зөрөөг төр өгнө. Жилийн 06 хувиас хэтрүүлэхгүй гэж үзэж байгаа. Банкны зээл 10-11 хувийн хүүтэй байна гэж бодоход төр тал хэсгийг нь үүрнэ гэсэн үг л дээ. Нэгээс хоёр өрөө сууц байна, нийт төлбөрийнх нь хэмжээ тэдэн төгрөг байна гэх мэтээр тодорхой хязгаарлалт тогтоох нь зайлшгүй. Энэ бол техникийн асуудал. Журам зарчим гарч таарна. Зах зээлийн зарчмаар чөлөөт сонголтоо хийж байгаа хэсэгт ч тодорхой дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл нэгэн зэрэг зэрэгцүүлэн хэрэгжүүлнэ. Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Сая Засгийн газрын хуралдаанаар холбогдох байгууллагуудад үүрэг өглөө. 100.000 орон сууцны эхлэл энэ болно.

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ.

    – Засгийн газар энэ оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. 100.000 орон сууцны хөтөлбөр хэрэгжвэл хэчнээн хүн ажилтай болох бол?

    – Миний хувьд, Засгийн газрын хувьд ч гэсэн өнгөрсөн цагийг шүүж, шүүмжлэхээ аль болох бага байлгая гэж зорьж байгаа. Түүнчлэн хэн нэгэн хүнээс юм уу, бусдаас бурууг хайдгийг ч эцэс болгох нь зөв. Мөрөөдөл ярихаа цэглэе, тодорхой ажил хийе гэж байгаа юм. Товчхондоо бол урагшаа л харъя. Реклам сурталчилгаанд цаг бага зарж, тэр хугацаагаа хийх зүйлдээ зориулъя. Ядуурал, ажилгүйдэл их байна. Энэ бэрхшээлийг гэтэлье гэвэл хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ёстой. Тиймээс бүх салбарт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. Зөвхөн орон сууцны хөтөлбөрөөр биш. Үр дүнд нь өрх бүрээс дор хаяж нэг хүнийг ажилтай болгоё гэж бодож байна даа.

    Бэлэнчлэхээс татгалзъя, өөрийнхөө боломжоор ажил хийе, бүтээе гэсэн хандлага өмнө ч байсан, одоо ч байгаа. Гагцхүү тэр нөхцөлийг нь бүрдүүлж өгөх тал дээр дутмаг хандсаар ирж. Энэ дутууг нөхөхийг бид эрмэлзэж байна. Засгийн газар, Их Хурал гээд төр засгийн төвшинд эрх зүй, санхүүжилтийн асуудлыг шийдэж, боломжийг бүрдүүлж өгч байна.

    -Хавар болж байна. Монголчуудын улс төрийн идэвх сэргэдэг цаг ирлээ. Жагсаал цуглаан олширч, тэр нь Засгийн газар луу чиглэх хандлага ажиглагдаж байна л даа. Засгийн газар тэдний шахалт шаардлагын өмнө хэлэх үгтэй, бэлэн байж чадах уу?

    -Ардчилсан орон юм чинь улс төрийн элдэв өнгө аяс байх нь зүйн хэрэг. Гэхдээ хавар болохоор улс төрийн идэвх сэргэдэг гэсэн ойлголтыг жаахан өөрчлөх ёстой гэж боддог. Хавар болохоор л жагсаж цуглаад эхэлдэг, элдэв тулгалт сөргөлдөөн амилдаг, сайн муугаа дуудалцдаг нь бараг үзэгдэл болоод байх шиг байна л даа. Үүнийг нийгмийн олонх тийм ч их таашаадаггүй. Жагсаж, шаардсанаараа үр дүнд хүрдэг бол өнгөрсөн 20 жилд бид урагшаа их хол явчих байсан. Хорин жилийн өмнө бидэнтэй ижил төвшинд байсан улс орнууд өнгөрсөн хугацаанд ихийг хийж чадсаныг бид харж байна. Бодлого нь тодорхой, авсан арга хэмжээ нь үр дүнтэй улс орнуудад хөгжил дэвшил иржээ. Хөрш орнууд, Булангийн орнууд, Ази Дорно дахиныхан, Зүүн Европ гээд хаанаас ч жишээ татаж болно.

    Тэгэхээр хаврын идэвхжил арай өөр арга замаар илрэх ёстой. Хавар болохоор хүрзээ бариад ажилдаа гардаг болохсон. Замын, барилгын, мал аж ахуйн, газар тариалангийн гээд бүх салбарт ажил буцалж байх тийм зам руу бид алхах ёстой. Иргэд нь хөдөлмөрлөгч, бүтээгч байж чадвал улс орон хөгжинө. Сайн шүүмжилдэг, маргалддагаар улс орны хөгжил тодорхойлогдохгүй байна шүү дээ.

    Хөдөлмөрлөдөг, бүтээдэг байх үйл явцын сууриуд энэ хамтарсан Засгийн газрын үеэс тавигдсан. Энэ он суурин дээрээ бүтээн босгох ажил эхлүүлэх, улс төр, нийгмийн бүтээх ардчиллын шинэ соёлын эхлэл тавигдах жил болно гэж бодож байна.

    -Бүтээн байгуулалтын хөтөлбөрүүд Хөгжлийн банкаар дамжиж хэрэгжинэ гэж ойлгож байгаа. Банкны үйл ажиллагаа хэдийгээс жигдэрч, үйл ажиллагаагаа эхлэх вэ?

    -Өнөөдрийн хуралдаанаар бүтэц, зохион байгуулалтын асуудлыг нь шийдэж байна. Эрх зүйн хувьд асуудал нь цэгцэрсэн. Орон сууц, авто зам, төмөр зам, эрчим хүчний гэх мэт үндэсний хэмжээний том хөтөлбөрүүд Хөгжлийн банкаар дамжин санхүүжигдэнэ. Менежментийн хувьд бусад улс орны туршлагыг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. 20-30 жилийн дотор үсрэнгүй хөгжилд хүрсэн улс орны жишээ БНСУ, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират гээд бидний эргэн тойронд байж л байна. Тавин жилийн өмнөх биш, энүүхэн 20 жилийн урьдах асуудлыг ярьж байна шүү дээ. Тэд төрийн зохицуулалтыг маш сайн хийж өгч чадсанд нэг нууц нь оршдог. Тэрний нэг механизм нь Хөгжлийн банк.

    Бид Хөгжлийн банкны менежментийг гаднынхантай хамтарч хийе гэсэн шийдвэр гаргасан. Энэ дагуу сонгон шалгаруулалт хийгдэж, Засгийн газарт танилцуулах шатандаа орчихоод байна. Надад танилцуулснаар БНСУ-ын Хөгжлийн банк түлхүү, идэвхтэй байр суурьтай байгаа юм билээ. БНСУ-ын хөгжил дэвшил, тэдний банкны туршлагыг бид сайн мэднэ. Хамтраад ажиллахад болохгүй зүйлгүй гэж бодож байгаа.

    -Тавантолгойгоос баахан мөнгө одоохон урсаж орж ирээд л, түүнээс нь хувь хүртээд, амьдрал ахуй огцом сайжраад явчих юм шигээр иргэд их энгийнээр ойлгож байх шиг байна. Чухамдаа бол ашиг хүртэх асуудал өнөө маргаашийн хэрэг биш байх. Одоохондоо стратегийн хөрөнгө оруулагч, зөвлөх банкийг сонгох ажил хийгдэж байна. Яг хэдийгээс Тавантолгойн ашиглалт эхэлж, үйл ажиллагаа нь жигдрэх вэ?

    – Би их ойрын хугацааг харж байгаа. Тодорхой хэлбэл энэ жилдээ багтана. Энэ төслийг үлгэр жишээ болохуйц хийх ёстой. Манайд одоо болтол улсын үйлдвэрийн газруудын үйл ажиллагаа нээлттэй биш, хаалттай байдаг. Иргэдийн хяналт оролцоо үндсэндээ байхгүй. Үр ашиг нь ч нэлээд тааруухан.

    Тавантолгой орчин үеийн зах зээлийн нийгмийн харилцаанд зохицсон, дэлхийн жишигт нийцэхүйц, үлгэр жишээ компани байх ёстой. “Рио Тинто” гэдэг компани манай Оюутолгойн ихэнх хувьцааг авсан. Тэдний үйл ажиллагааных нь хүрээ ил, интернэтэд ороод харахад бүгд л байж байгаа. Энэ компанийн 19 хувийг БНХАУ-ын Засгийн газар авъя гэсэн ч Австралийн Засгийн газар зөвшөөрсөнгүй гэдэг ч юм уу, хувьцааных нь үнэ ханш ямаршуу байгааг хувьцааг нь эзэмшигч хэдэн мянга, сая хүн тодорхой мэдэж байдаг. БНХАУ-ын төрийн өмчийн том компаниуд 1990-ээд он гэхэд үндсэндээ бүрэн хаалттай, үр ашиг нь тийм ч өндөр биш байжээ. Тиймээс зах зээлийн горимд шилжүүлж, Нью-Йорк, Хонконг, Лондон, Шанхайн хөрөнгийн биржүүд дээр гаргасан. Ингэснээр тэдгээр компаниудад иргэдийн оролцоог хангах, нээлттэй байх зарчимд эерэг өөрчлөлт гарч, дэлхийд өрсөлдөх чадвартай болсон байна. Манай Тавантолгой ийм жишгийг баримталсан компани болно. Цаашдаа “Эрдэнэт” ч юмуу бусад үйлдвэрүүд яг энэ замаар явах ёстой.

    Тийм ч учраас бид Монголын хөрөнгийн биржийг орчин үеийн стандартад нийцүүлэхийг зорьж, Лондонгийн хөрөнгийн биржтэй менежментийн гэрээ хийж байгаа. Дараа нь дэлхийн томоохон биржүүд дээрээс Тавантолгой руу чиглэсэн хөрөнгийн урсгалыг татах болно. Би Ерөнхий сайдын ажлыг аваад эрдэс баялгийн, эрчим хүчний, дэд бүтцийн чиглэлээр Монголын бэлгэ тэмдэг болохуйц компаниуд үүсэх ёстой гэж хэлж байсан даа. Үүний эхнийх нь “Эрдэнэс-Тавантолгой” болох ёстой. Энэ жил үйл ажиллагаа нь жигдэрч ард иргэдэд очих хувь, хувьцаа, үнэ цэнэ нь тодорхой болно. Ямар нэгэн эрх ашгийн бүлгийн явцуу сонирхол, давуу эрхийн хүчин зүйл огт үйлчлэхгүй. Иргэд, үндэсний компаниудын эрх ашгийн төвшин яг адил байна. Төрийн оролцоо, хяналт 51 хувиасаа буухгүй. Засгийн газар энэ талаар хатуу байр суурь баримтлах болно.

    -Тавантолгойн хувьцааг хуваарилах талаар янз бүрийн санал гардаг. Жишээлбэл компанигүй иргэн яах юм, шинээр төрсөн хүүхдэд яагаад өгөхгүй байгаа юм гэх мэт. Одоо байгаа хувилбарыг засаж, сайжруулах боломж бий юү?

    -Төгс төгөлдөр юм хийхийн төлөө байх ёстой гэдэгтэй би санал нэг байна. Гэхдээ бүрэн төгс төгөлдөр юм байна гэдэг бас хэцүү. Бид өнөөдөр өөрийнхөө цаг үед л амьдарч байна. Ирээдүй, өнгөрсөн, одоо цагийн холбоосыг яаж зангидах юм гэдгийг мэргэжлийн хүмүүс, хуульч, эдийн засагч, төслийг боловсруулж байгаа зөвлөхүүд гаргаж тавих ёстой байх. Янз бүрийн санал, хувилбар гарч байгааг сонсоно, анхаарна. Төгс төгөлдрийн талаарх гүн ухааны гэмээр яриа, маргаан магадгүй үйл явцыг удаашруулах нөлөө үзүүлж ч болох юм. Яг одоо байгаа өгөгдөхүүн, төвшин дээрээ хамгийн боломжтой, илүү үр дүнтэй байх тэр хувилбарыг сонгож аваад ирээдүйд түүнийгээ сайжруулж төгөлдөржүүлээд явах нь зөв болов уу гэж бодож байгаа.

    ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ХҮНЭЭ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ

    БОЛГОСОНД Л БАЙГАА

    -Оюутолгойн төсөл хэрэгжээд эхэлчихлээ. Гэрээг нь шүүмжилсээр л байна. Ер нь энэ гэрээ хэр болсон юм бэ?

    -“Эрдэнэт”-ийн гэрээг тухайн үед биднийг дэмжиж байсан системийн нөлөөн дор хийж байлаа. Тэр үед нийгэм одоогийнх шиг нээлттэй байгаагүй учраас олон нийтийн мэдэхгүй зүйл их байсан. Нэг жишээ хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэр 2003 он хүртэл одоо мөрдөгдөж буй 16-17 төрлийн татварын ихэнхийг төлдөггүй байсан. Нөөц ашигласны, газрын түрээсийн, гаалийн, ажиллах хүчний, байгаль орчны гэх мэт татваруудаас чөлөөлөгдөж, орлогын татвар л төлж байв. 2003 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн адил статустай ажилладаг болсон.

    Оюутолгойн гэрээ бол “Эрдэнэт”-ээс хойш хийгдэж байгаа үндэсний хэмжээний, “Эрдэнэт”-тэй харьцуулахад хэд дахин том гэрээ. Монголчууд өөрсдөө бие дааж хийж буй анхны том гэрээ. Өөрсдийн мэдлэг чадвар, гаднын зөвлөгөөг хослуулж, биеэ даасан байр суурин дээрээс хийсэн гэрээ. Гэхдээ төгс төгөлдөр болсон гэж хэлэхгүй ээ.

    Юуны өмнө уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилт хэрэгжиж эхэлсэн нь гарцаагүй ололт. Манай Засгийн газрын гишүүд мэдлэг, мэдээлэл, хууль эрх зүйн хүрээнд сайн ажилласан гэж үздэг. Харин бидний мэдлэгийн төвшин нэмэгдэх, зах зээлийн бөгөөд цаг хугацааны нөхцөл өөрчлөгдөх хэрээр цаашид сайжруулах асуудал нээлттэй. Сая бид зарим нэг өөрчлөлтүүдийг хийсэн шүү дээ. Зээлийн хүүг бууруулах, гуравдагч талд Монголын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарж болохгүй байх зэргээр хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Ийм зарчмаар улам сайжруулах боломжтой гэж үзэж байна.

    -Монгол баялгийн хувьд асар баян орон гэдэг нь хэнд ч тодорхой боллоо. Бараг л сууж байгаа газраа ухаад л алт олж болж байх шиг байна. Цаашид уул уурхайгаа ямар зарчмаар ашиглах вэ? Олдож, гарч байвал аваад байх уу? Хоёр Толгойгоо, дээр нь нэмээд уранаа, Асгатын мөнгөө, Цагаан суваргын зэс алтаа л авъя. Бусдыг нь хөндөх шаардлага байхгүй, хойч үедээ үлдээе гэсэн яриа нэг хэсэг байсан шүү дээ?

    -Засгийн газар стратегийн ордуудтай холбоотой бодлого, зохицуулалтыг хийх ёстой. Гэхдээ нөгөө талд нь хувийн хэвшлийнхэн уул уурхайн үйл ажиллагаанд нэлээд идэвхтэй оролцчихсон байж байна л даа. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд уул уурхайн лиценз олголт, ашиглалт сүрхий нээлттэй, задгай яваад ирчихэж. Сурсан, мэдсэн юм их байгаа байх. Бас алдсан алдаа, сургамж ч нэлээд хуримтлагдлаа. Хувийн хэвшлийн үйл ажиллагааг хумьж хязгаарлана гэдэг тун амаргүйг сая Урт нэртэй хууль гарсан үйл явц харууллаа шүү дээ.

    Зөвхөн Засгийн газрын төсөл л хэрэгжинэ, бусдыг хязгаарлана гэвэл хэцүү. Гэхдээ засаг бодлогоо гаргаж тавих шаардлагатай. Ялангуяа стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдгээрийн дэд бүтэц, эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх ажлыг Засгийн газар хариуцах ёстой. Эдийн засгийн эргэлтэд орсон орд газраас иргэнд юу ногдож байна, хуваарилалт нь шударга ёсонд нийцэж байна уу үгүй юу гэдэг асуудал анхаарлын төвд байх учиртай. Эхний ээлжинд томоохон бодлогын орд газруудаа зөв ашиглаж эхлээд дараа дараагийн шат руу зөв зохистой туршлага дээрээ үндэслээд орох ёстой болов уу. Нэгэн зэрэг биш тодорхой шат дараатай, бодлоготойгоор.

    Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал бидэнд бий. Түүний дагуу зөвхөн Өмнөговьд биш бусад бүс, эдийн засгийн тэнхлэгүүдэд хөгжлийн үндэс суурь тавигдах учиртай. Төр засаг энэ бодлогын үндсийг гаргаж өгөх учиртай. Бүхэлд нь хөгжлийн бодлогын асуудлыг, түүн дотроо уул уурхайн ашиглалтыг эдийн засгийн бүсийн төвүүдтэйгээ уялдуулж төлөвлөлт хиймээр байна. Зах зээлийн төлөвлөлт их тодорхой байхгүй бол болохгүй. Тиймээс Засгийн газар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд тодорхой үүрэг чиглэл өгч, асуудлыг боловсруулж байгаа. Ойрын үед ярилцана. Сая Эдийн засгийн форумаар хөгжлийн загварчлал, төлөвлөлтийн асуудлаар өргөн хүрээтэй ярилцлага хийж, нийгмийнхээ дуу хоолойг сонссон. Эндээс гарсан зөв санаа, сайн шийдлүүдийг тунгааж, бодлогын үндэс суурь болгоно.

    -Бүрэнхааны ордыг ашиглах хэрэггүй. Бүрэнхаанаас гадна хангалттай олон орд газар байна. Хөвсгөлийг фосфориттой фосфоритгүй хөгжүүлж болно. Монголын төдийгүй дэлхийн шим мандлын нэг гол цэг болсон энэ үзэсгэлэнт байгалийг бусниулж, буртаглахгүй байя гэсэн байр суурийг манай сонин барьж байгаа. Энэ талаар таны бодлыг сонсъё.

    – Сая та бид хоёрын ярьсан хөгжлийн төлөвлөлтийн асуудлын хүрээнд л яригдаж таарна. Гарцаагүй ярих асуудал мөн үү гэвэл мөн. Төрийн зохицуулалт, төлөвлөлт нь тодорхой биш байгаа учраас асуудал руу нийгмийн, мэргэжлийн, орон нутгийн, хэсэг бүлгийн, тодорхой хэвлэл мэдээллийн байгууллагын ч юм уу санаа бодол хандаж байгаа хэрэг. Урсгалаар явж байгаа бодлогоо эхлээд цэгцэлчихье. Ингэсэн цагт алийг яах нь нэн тодорхой болно. Ямрыг нь ашиглах, алийг нь хойш тавих, аль хэсгийг огт ашиглахгүй байх вэ гэдэг шийдвэрийг гаргах хэрэгтэй. Тэгэхгүйгээр Ерөнхий сайд нэг нөхөр ч юм уу энийг ашиглая, түүнийг болъё гэж ихийг мэдэгчийн дүрээр хандаж болохгүй.

    Хөшөөтийн орд том орд. МонЭнКо хэмээх Хятадын компани гаднын бирж дээрээс асар их мөнгө босгож байгаа нь ордын хэмжээ далайцыг харуулж байна. Бидний ойлгож байгаагаар энэ бол стратегийн орд. Хөшөөтийг стратегийн ордод багтаах асуудал яригдаж байна уу?

    -Одоогоор Засгийн газар дээр стратегийн ордын жагсаалтад шинээр орд газар нэмж оруулах асуудал яригдаж эхлээгүй байгаа. Гэхдээ ер нь эрдэс баялгийн салбарын асуудлыг бүхэлд нь, цогцоор нь авч үзэхгүй бол болохгүй нь гэдэг нь тодорхой байна. Үүний шийдлийг энэ Засгийн газрын үед гаргах ёстой.

    -Таны Ерөнхий сайд болонгуутаа дэвшүүлсэн Кэмбрижийн боловсролын жишиг, Евро стандартыг Монголд нутагшуулах зорилтыг олон нийт талархан хүлээж авсан. Хэрэгжүүлэх ажлын явц ямар байна вэ?

    -Бусад улс орны хөгжлийн нууц юунд байна вэ гэдгийг хүн бүр л хайж, цэгнэдэг. Би бол хөгжлийн нууц хүнээ боловсролтой, мэдлэгтэй болгосонд л байна гэж хараад байгаа юм. Тийм учраас тэгж зарласан. Сургууль төгссөн хүн ажлын байран дээр гараад ирэхээрээ ажил амьдралын их давалгаанд живчихгүй байх, харин ч өрсөлдөж сэлж чадах чадвартай байх ёстой. Шилжилтийн үед боловсролын тогтолцоонд шинэчлэл хийх шийдэл бүрэн дүүрэн гараагүй юм байна, боловсролын салбар маань шилжилттэйгээ зууралдаад үлдчихэж, шилжсээр байгаа юм байна гэсэн ойлголт надад төрсөн. Тиймээс энэ тойргоос гарах эхлэлийг тавья, тэр нь Кэмбрижийн стандарт байх нь зөв гэж үзсэн юм. Сингапураар дахиад жишээ татъя. Тэд энэ стандартыг авч, өөрсдийнхөө онцлогт нийцүүлэн боловсронгуй болгосноор өнөөдөр Сингапурт боловсрол эзэмшсэн хүн ямар ч төвшинд, ямар ч ажлыг бусдаас дутахааргүй өрсөлдөх чадвартай хийж, үнэлэгдэж чадаж байна. Гэхдээ хадаас тэгшилж байгаа юм шиг амархан шийдчихээгүй. Нэлээд урт хугацааг зарж байж, энэ чанарын дэвшилд хүрчээ.

    Бид тэр замаар явна. Өөрчлөлт хийх ажилд ихээхэн хөрөнгө, хүч, арга хэрэгсэл шаардагдаж байгаа. Юутай ч эхлэл нь тавигдсан. Кэмбрижийн их сургуультай гэрээ байгуулж, Кэмбрижийн хөтөлбөртэй уялдуулсан ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гараад ажиллаж байна. Удахгүй ЕБС-иуд Кэмбрижийг жишиг болгосон хөтөлбөртэй болчихно. Дараа нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нараа бэлтгэнэ. Ямар хэлбэрээр хэрэгжүүлж, нэвтрүүлэх вэ гэдгийн тухайд лаборатори сургуулийн хэлбэрийг сонгож байгаа. Лаборатори сургуулиуд энэ стандартыг нэвтрүүлэх түшиц газар, уурхай нь болох ёстой. Ийм төвүүдийг эхлээд хотод нэг, дараа нь аймаг, дүүргүүдэд нэг нэг, цаашлаад суманд гэх мэтээр нийтийг хамарна. Эдийн засгийн чадавхи нэмэгдэх тусам боловсролын салбарт хаях үр өгөөжтэй хөрөнгийн хэмжээг улам нэмэгдүүлнэ. Хөгжлийн түлхүүр энд байгаад эргэлзэхгүй байна..

    Европ стандартын тухайд гэвэл бид Европын холбоотой PCI буюу түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах гэж байна. Тэргүүн шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Бидэнтэй яг адил стандарттай байсан Болгар, Румын, Польш, Чех, Унгар улсууд Европын стандартыг авсан. Ингэснээр үйлдвэрлэл үйлчилгээний салбартаа арай илүү зардал гаргаж байгаа ч эцсийн дүндээ өрсөлдөх чадвар, баталгаа, чанар нь илүү сайн болж байна. Жаахан үнэтэй тусна, гэхдээ үр өгөөжтэй байх болно. Энэ тавдугаар сард Европын холбоонд айлчилж, тэр үеэр гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна. Гэрээ хийснээр техник эдийн засгийн туслалцаа авна.

    Манайх 7200 бүтээгдэхүүн Европын холбооны улсуудад экспортлох боломжтой гэж бид хөөрөөд л байгаа. Европын 28 улсын 600 сая орчим хүнтэй, төлбөрийн өндөр чадвартай зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ татваргүй гаргах боломжийг Европын холбоо манай ардчилсан ёс, чөлөөт зах зээлийг зорьсон чармайлтыг дэмжээд бидэнд нээж өгсөн нь үнэн. Гэтэл нөгөө хэдэн ноолууран цамцнаасаа хэтрэхгүй байна. Яагаад гэвэл бидэнд стандарт нь байхгүй, стандарт байхгүй болохоор өрсөлдөх чадвар байхгүй. Зэсийн үнэ уналаа, нүүрсний үнэ савлалаа гэвэл сандраад эхэлдэг эдийн засгийн өрөөсгөл байдлыг халъя гэвэл стандарттай болохоос өөр арга байхгүй.

    Боловсролын системд л гэхэд улсын болон хувийн сургууль, хятад, солонгос, турк сургууль гээд бүгдээрээ өөр өөр стандарттай. Монголд сургууль төгсөж байгаа хүн ямар стандартаар төгсөж байгаа нь ч ойлгомжгүй. Барилгад л гэхэд хэн нэгэн хүн стандарт зохиогоод л барьчихаж байна шүү дээ. Тэр нь  тэгээд нурлаа л гэнэ, шатлаа л гэнэ. Хоёрдугаар төрөхийн жишээг бид мэдэж байгаа. Засвар хийчихлээ гэсэн чинь дээвэр нь нураад уначихсан. Ямар стандартаар барихаараа тэгдэг юм бүү мэд. Нураахын тулд барих стандарт гэж баймааргүй юм. Тэгэхээр стандарттай болно гэдэг бол амин чухал асуудал. Хяналт, аюулгүй байдлыг тогтоох, авлига хээл хахуулийг устгах, хүнд суртлыг багасгах, ерөөсөө төр нийгмийн харилцааг эрүүлжүүлэх асуудлын нэг зангилаа нь энэ.

    ТӨРИЙН АЖИЛ, БИЗНЕСИЙН АЖЛЫГ БИ ХЭЗЭЭ Ч ХОЛЬЖ ХУТГАЖ БАЙГААГҮЙ

    -Тавантолгой ч бас олигтой юм болохгүй нь. Гурван сайд л мэдээд байх шиг байна. Батболдын хувийн сонирхол угаасаа тэнд байсан гэсэн яриа байгаад хариулт өгөхгүй юу?

    – Энэ ордыг анх 1997 онд “BHP” гэдэг дэлхийн хэмжээний том компани авсан байдаг. Уг нь бол нэлээд дээр үед нээгдсэн, тодорхой судалгаа хийгдчихсэн байсан. Монголын Засгийн газар тухайн үед Румыний, Хойд Солонгосын Засгийн газар гэх мэт олон газарт хандаж хамтарч ашиглая гэсэн санал тавьж байсан байдаг юм билээ. Тэр үед нүүрсний үнэ ханш өнөөгийнх шиг өндөр байгаагүй, дэд бүтэц хөгжөөгүй, хөрш орны зах зээл бий болоогүй зэрэг олон хүчин зүйлээс хамаарч, Тавантолгойг ашиглах төсөл явж өгсөнгүй. Ингээд “BHP” орж иржээ. Гэтэл дээрх шалтгаанаар бас л ашигггүй байсан учраас лицензийг нь 1998 онд буцаагаад өгчихсөн юм. Уг лицензийг Монголын “Майн инфо” гэдэг компани авчихаад хөдөлгөх гэсэн боловч чадал тэнхээ нь дутаж. Ер нь бол “BHP” чадаагүй юмыг Монголын нэг компани чадна гэдэг боломжгүй л дээ. Тэгээд манай “Алтай холдинг”-д хамтаръя гэсэн санал тавьсан. Нэг их том юм санаж, ашиглаж эзэмших тухай яриа байгаагүй. Лицензийн төлбөрийг нь хамтраад хийе, яваандаа ашиглах асуудал хөндөгдөх байх л гэж байсан. Тэр залуучуудыг би их үнэлж хүндэтгэдэг юм. Гадагш нь зарчих боломж байсан боловч тийм амин хувиа хичээсэн байдлаар хандаагүй, үндэснийхээ компанид санал тавьсанд нь баярладаг.

    Ингээд 1999 оноос манай хоёр хамтрахаар боллоо. Гэхдээ хэрэгтэй ашигтай гэдгийг нь мэдэж байсан ч яаж ашиглах аргаа олохгүй, мэдэхгүй л байлаа. Зах зээлийн нөхцөл ашиггүй хэвээрээ байгаад байдаг. Харин 2000 оноос хойш нүүрсний зах зээл сэргэх хандлага гараад ирэхээр үндэсний хэд хэдэн компани бидэнтэй нэгдэж, хамтарсан.

    Миний оролцоо тэнд байснаар энэ орд гадагшаа зарагдсангүй. Энэ бол бодит үнэн. ОХУ-ын Ерөнхий сайд М.Фрадковын манай улсад хийсэн айлчлалын үеэр О.Дерипаска тэргүүтэй том бизнесменүүд, “Северсталь” гэх мэтийн томоохон компаниуд санал тавьж, худалдаж авъя гэж байлаа. 51 хувийг нь төрдөө өгчих. 25 хувийг нь Оросын компаниуд авъя. 24 хувийг нь та нар өөрсдөө ав. Бид өөрийн эзэмших 25 хувьдаа зохих хэмжээний төлбөр, урьдчилгаа төлье гэж нэлээд их хэмжээний мөнгөний тоо хэлж байлаа, тэд. Тухайн үеийн ашиг хонжоогоо бодоод зарчихсан бол, тодорхой хувийг нь эзэмшээд ч юм уу явсан бол ямар ч хууль эрх зүйн зөрчил байгаагүй. Хуульд стратегийн ордын 51 хувь нь төрийн өмч байна л гэж байгаа шүү дээ.

    Гэхдээ бид, манай “Алтай холдинг” асуудалд тэгж хандаагүй. Энэ бол үндэсний хэмжээний асар том орд байна, төр, ард түмэн мэдэх нь зөв л гэж үзсэн. Тиймээс лицензийг нь худалдаагүй. Хөршийн болон гуравдагч орны компаниуд асар их хэмжээний үнэ төлбөр санал болгож байхад охиноо хадамд гаргахгүй гэж байгаа эцэг шиг харамлаад л, лицензийн төлбөрийг нь төлөөд, бас техник эдийн засгийн тодорхой хэмжээний үндэслэл, төслийг нь хийгээд байгаад байсан. Нэг хүрз нүүрс ч аваагүй. Эцэст нь төрдөө өгсөн.

    Оролцогч Монголын компаниуд гаргасан зардлаа нөхөж авъя, гэхдээ мөнгөөр биш, тодорхой хэмжээний газрыг Тавантолгойн ордын хажууд эзэмших маягаар авъя гэсэн санал тавиад тухайн үеийн Засгийн газар зөвшөөрсөн. Ухаа худаг бол Тавантолгойн орд газрын нийт талбайн дөрвөн хувьтай л тэнцэнэ гэж яригддаг шүү дээ. Ухаа худагийг ашиглах болоход “Алтай холдинг” тэнд хөрөнгө оруулалт хийж, ашиглах улс төр, эдийн засгийн сонирхол байхгүй ээ, гаръя гэж “Энержи ресурс”-ийнхэнд хэлээд, өөрийн хувиа үндэсний компаниудад зараад, татвараа төлөөд гарсан баримт нь байгаа. Ингээд өгчихсөн хэрнээ одоо Ерөнхий сайд байгаа миний бие өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлээд авч ашиглана гэвэл энүүн шиг утгагүй юм байхгүй. Өмнө нь хуулийн дагуу эзэмшээд аваад явчихаж болох байсан юмнаасаа татгалзчихаад одоо хууль зөрчиж оролцоно гэдэг эрүү саруул ухаанд бол огт ойлгогдохгүй шүү дээ.

    Тавантолгойг тунгалаг, ил тод, нээлттэй компани болгоно гэдгээ би дээр хэлсэн. Хувьцааг нь шударгаар хуваарилахын зэрэгцээ, олон нийтийн хяналтад бүрэн байлгана. Тавантолгойн хувьцааны ашиг, менежмент яаж явж байна гэдгийг 2.8 сая монгол хүн хянана. Өөрийнхөө юмыг эзэн нь мэдэж байх ёстой шүү дээ. Ард түмэндээ хэтэрхий их таалагдах гэсэн зарим хэсэг энэ ордыг 100 хувь ард түмэнд өг, энэ тэр гэж хийрхдэг. Хэрвээ ингэвэл ямар ч үнэ цэнэгүй болохоос өөр өөрчлөлт гарахгүй. Үнэ цэнэтэй байлгахын тулд 51 хувийг нь төр мэддэг, иргэд өөрсдөө хувьцаагаа оруулчихсан, хөрөнгийн зах зээл дээр үнэлгээ нь бодитой байх ийм төслийг Ерөнхий сайдын хувьд би хариуцаж хийнэ.

    -Нэгэнт иймэрхүү сэдэв хөндөгдөнийх, Таны нэрийг холбож ярьдаг “Чингис” зочид буудал, Бороогийн алтны ордын асуудлаар тайлбарыг тань сонсмоор байна…

    – Асуултад хариулахын өмнө өөрийнхөө тухай хэдэн үг хэлье. Боловсрол олох, ажлын дадлага туршлага суух, бизнес эрхлэх, төрд алба хаших гээд аль ч цагт надад их сайхан боломж нөхцөл тохиож байсан хувь заяандаа би баярладаг.

    Москвад Олон улсын харилцааны сургууль төгсөж ирээд тэр үеийн Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яаманд ажилд орсон. Тэнд зургаан жил ажиллах хугацаандаа төрийн ажлын дадлага туршлага олж, завсарт нь бас Англид мастер хамгаалсан. 1992 оноос хойш хувийн секторт орж, найман жил ажилласан. 2000 оноос төрийн ажилдаа эргэж орсон.

    Бизнес хийж байхдаа би бизнесээ л хийж байсан. Улс төрд орж ирээд төрийн ажлаа л хийсэн. Төрийн ажил, бизнесийн ажлыг би хэзээ ч хольж хутгаж байгаагүй. Ийм байж болохгүй гэдэг зарчмыг би барьсаар ирсэн.

    “Чингис” зочид буудлын хувьд социализмын үеийн сэтгэлгээгээр, ЭЗХТЗ-ийн орнуудын том том хурал хийж байх зориулалтаар төлөвлөсөн том танхимуудтай, ашигтай талбай багатай, бусад ижил төрлийн буудлаасаа орлогын хувьд ч илүү гарахааргүй барилга байсан. Тухайн үеийн Засгийн газраас гаднын хөрөнгө оруулагч хайсан боловч ашиг багатай болохоор авах газар олдохгүй, 1991-1993 оны хооронд хаягдчихсан байсан юм. Тэгээд үндэсний компаниудын дунд тендер зарласан. Тендерт манай “Алтай трейдинг” компани оролцож, 65 хувийн гүйцэтгэлтэй, тоногдож хулгайлагдсаар бараг балгас болчихсон барилгыг авсан нь үнэн. Аваад барилгын ажлыг дуусгаж, үйл ажиллагаанд оруулсан нь ч үнэн. Ажилд оруулаад төлбөр татварыг нь улсад бүрэн төлсөн нь ч баримтаар байгаа. Бусад буудлуудын хувьчлалтай харьцуулах юм бол хэдэн арав, зуу дахин өндөр үнээр авсан. Хаягдсан барилгыг аваад дуусгаж, төрд төлөх ёстой төлбөр тооцоог нь бүрэн хийж, олон зуун хүнийг ажлын байраар хангаж байгаа тийм л объект. Хэрвээ зөв ойлгох юм бол хэрэгтэй, шударга зүйл хийгджээ гэдэг нь ойлгогдоно. Хаягдсан барилгын жишээ бий шүү дээ. Аравдугаар хорооллын спорт комплекс байж л байна. “Чингис” зочид буудлын хувь заяа тийм замаар орохоос бид аварсан. Ер нь бол хийж бүтээсэн зүйлийг дагаж л шүүмжлэл өрнөдөг юм шиг байгаа юм. Юу ч хийхгүй байвал юу ч ярихгүй шүү дээ.

    Бороогийн ордыг 1960-аад онд Германы геологчид нээсэн юм байна лээ л дээ. Гэхдээ тэр үед ашиглах нөхцөл нь бүрдээгүй байж. 1990-ээд оны эхээр “Моррисон Кнудсен” хэмээх Америкийн компанид өгсөн. Энэ компани манай IV цахилгаан станцын өргөтгөл энэ тэрийг хийсэн маш компани. Тэд хэсэг хугацааны дараа буюу 1994 онд энэ төсөл одоохондоо эдийн засгийн хувьд үр ашиггүй юм байна гэж үзээд манай Засгийн газарт буцаагаад өгсөн байдаг юм. Яагаад гэвэл 2003 оныг хүртэл алтны үнэ их бага, дэлхийн зах зээл дээр нэг унци нь 250-300 долларын хооронд хэлбэлзэж байж. 2003 оноос хойш нэмэгдсээр одоо 1000 гараад явчихлаа. Нөгөө талаар ордын алтны агууламж харьцангуй бага байсан юм билээ. Нэг тонн хүдэрт 3.0 грамм алт байх тийм агууламж бол бусад ордтой харьцуулахад хэд дахин бага гэсэн үг. Унци нь 320 доллараас доош байх юм бол ашиггүй гэсэн тооцоо тухайн үед гарч байжээ.

    Улмаар 1996 онд нээлттэй тендер зарлагдаж, үндэсний дөрвөн компани, зарим нэг гаднын компани оролцсоноос манайх буюу “Алтай трейдинг” авсан. Аваад “Алт” хөтөлбөрийн хүрээнд ажил болгох гэхээр алтны үнэ өсөөгүй, ашиг багатай байсан тул гаднын хөрөнгө оруулагчийг татаж оролцуулах хэрэгтэй болсон. Бидэнд үнэнийг хэлэхэд тийм ордыг үйл ажиллагаанд оруулчих хэмжээний хөрөнгө ч байсангүй. Гаднын буюу Канад, Австралийн тэр хөрөнгө оруулагч 80 гаруй сая долларын хөрөнгө оруулсан. Манайх зөвхөн орд газраараа хувь оруулж, яваандаа эзэмших хувь маань 5.0 хувь болсон. 15 жилийн өмнөх бизнесийн орчин, хууль эрх зүйн нөхцөл одоотой харьцуулбал шал өөр. Ердөө тавхан хувьтай учраас “Алтай трейдинг” олборлолт ашиглалтын үйл ажиллагаанд үндсэндээ огт оролцоогүй. Ногдол ашиг ч хүртээгүй, өнөөх таван хувиа тэдэнд худалдсан. Төлөх ёстой татвар төлбөрөө бүрэн хийсэн.

    Харин Канадын тэр компани тухайн үеийн “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийн дагуу хөнгөлөлт эдэлсэн байдаг юм. Тэр хуулиар буюу Тогтвортой байдлын гэрээгээр 2.0 сая доллараас дээш хөрөнгө оруулсан гаднын компани орлогын албан татвараас эхний гурван жилдээ 100 хувь, дараагийн гурван жилдээ 50 хувь чөлөөлөгдөх ёстой байсан юм. “Алтай трейдинг” хувиа зараад, татвараа төлөөд гарсан нь тусдаа асуудал. Гэтэл үүнийг хольж хутгах гээд байдгийн учрыг би олдоггүй юм.

    НАМЫН УДИРДЛАГЫН ХҮРЭЭНД ЯМАР НЭГЭН ЗӨРӨӨТЭЙ, ЗӨРЧИЛТЭЙ АСУУДАЛ ОГТ БАЙХГҮЙ

                -МАХН гэсэн нэрийг өөрчлөх тухай яриа олон жил дуншсаны эцэст Таны үе дээр хийгдлээ. Ярьсан ч хийхгүй яваад байсан нь тодорхой хэмжээний эрсдэл байна гэж үзсэнийх байх. Та, таны нөхөд эрсдэлээ тооцсон уу, эрсдэлээс болгоомжлоогүй юу?

    -Эрсдэлгүй юм гэж амьдралд байхгүй л дээ. Эрсдэлгүй амьдаръя гэвэл юу ч хийхгүй зүгээр сууж бай л гэсэн үг. Гэхдээ эрсдэл хийж байна гээд байгаагаа нураагаад байвал болохгүй. Чиг хандлага зөв гэдгээ мэдрэх, тооцоо судалгаа үндэслэлээ сайтар гаргах учиртай. Бүгдээрээ ярьж буруугүйг тогтоож, олонхийн байр суурийг баримталбал эрсдэл тэгж айгаад байх зүйл биш. Дийлэнх олонхийнхоо санаа бодолд захирагдаж явдаг нь ардчиллын нэгэн үнэ цэнэ. Үзэл бодлын зөрөө байж болно оо. Гэхдээ олонхдоо захирагдах ёстой. Бүр эсрэг тэсрэг санаа бодолтой нь өөрийнхөөрөө амьдарч ч болно.

    Манай нам нийгмийнхээ ардчилалтай хамт ардчилагдаад, шинэчлэгдээд, түүх уламжлал, ахмад, дунд, залуу үеийнхээ хэлхээ холбоосыг зангидаад явж байгаа улс төрийн хүчин. Шинэчлэгдэж чадаж байгаа нь дотоод ардчилалтай байгаагийн шинж. Ардчилалтай намаас орж гарах, зарим хэсэг нь бүрмөсөн орхиод шинэ нам байгуулах энэ тэр нээлттэй асуудал шүү дээ. Нэг зүйлийг хэлэхэд манай намын гишүүд энэ өөрчлөлтийг бүрэн дүүрэн дэмжиж хүлээж авсан. Манай намын Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүд хөдөө орон нутагт, намын анхан шатны байгууллагууд дээрээ сая очиж ажиллахад энэ байдал тодорхой байна.

    Намын нэр сольсонтой холбоотойгоор ямар нэгэн эрсдэл гарах, нам 2012 оны сонгуульд хүссэн үр дүндээ хүрэхгүй бол намын даргын хувьд хариуцлагыг хамгийн түрүүнд хүлээнэ гэдгээ би Их хурлын индэр дээрээс гишүүддээ хандаж хэлсэн.

    Саяхан намын бат илэрхийлэхээ солилоо. Энэ үеэр намын гишүүдийн тоо эрс нэмэгдэж байгаа нь бидний өөрчлөлтийг иргэд дэмжиж байгаагийн нэг илрэл мөн. Цөөн тооны хүн гарч байгааг яриад байгаа хэрнээ орж байгааг нь ярихгүй, анзаарахгүй байна л даа.

    – Арав гаруй мянган хүн шинээр элслээ гэж ярьж байсан байх аа?

    -Арав биш ээ, хорь гарч байгаа байх. 90 жилийн ойн хоёр гуравхан хоногт л гэхэд 3000 гаруй гишүүд шинээр орсон байна лээ. Тэрний өмнө 14.000 гэсэн тоо байсан.

    -Гарсан нь 269 бил үү?

    -Албан ёсоор гарсан  нь 269. Илүү олон хүн гарсан гэж ярьж байгаа. Тоо баримтад л тулгуурлах хэрэгтэй шүү дээ.

    Шинээр элсэгчид цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна. Үзэл бодлын зөрүү, хувь хүний элдэв асуудлаас болоод намаас гарсан, түдгэлзсэн хүмүүс буцаж орж ирж байна. АИХ-ын дарга байсан Ж.Гомбожав гуай намдаа эргэж ирлээ. Бавуугийн Лхагвасүрэн гуай надтай уулзаад “Би намдаа эргэж орно оо” гэсэн. Ойрын үед нэлээд хэдэн хүн, тэр дотроо төр нийгмийн томоохон зүтгэлтэн хүмүүс эргэж орохоор саналаа тавиад байгаа.

    -Намаас гишүүн нь гарч, өөр нам байгуулж болох байх л даа. Гэтэл тэрийг нь танай намын дарга байсан, энэ намаас дэвшиж Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан хүн толгойлоод, санаачлаад явж байгаад Та хэрхэн хандаж байгаа вэ?

    -Шулуухан хэлэхэд ойлгохгүй л байгаа. Ардчилсан нийгэмд өөрийнхөө жам ёсны эрхийг эдлээд гарна аа гээд гарч байгааг нь хүндэтгэх хэрэгтэй ч Н.Энхбаяр дарга гараад явж байгааг ойлгохгүй байгаа. Яагаад ийм ойлгомжгүй алхам хийснийг нь өөрөөс нь асуувал дээр байх.

    -Та 2-3 удаа уулзсан гэсэн. Юу ярьж байх юм бэ?

    -Та нартай зарим асуудлаар үзэл бодлын зөрөөтэй байна аа л гэж байна лээ.

    -Ер нь бол таныг улс төрд хөтөлж оруулж ирсэн хүн Энхбаяр гуай мөн үү?

    -Намайг бизнес хийж байгаад шууд улс төр лүү ороод ирсэн юм шиг төсөөлдөг юм шиг байгаа юм. Би сургууль төгсөөд төрийн албанд 6-7 жил ажиллаж байсан тухайгаа дээр хэлсэн. Тэрний дараа бизнесийн салбарт 7-8 жил хүч үзсэн. Тэр үедээ улс төрийн идэвхтэй байр суурин дээр байсан. Дундаж давхарга зонхилсон нийгэм илүү хөгжин дэвших боломжтой, илүү аз жаргалтай нийгэм байдгийг Герман, Швед, Канад, Норвеги гэх мэтийн нийгмийн чиг баримжааг орхигдуулаагүй, төрийн зохицуулалт давамгайлж байгаа улс орнуудын жишээ харуулж байна. Энэ тогтолцоог би зөв гэж боддог. Энэ чиглэлд миний үзэл баримтлал бүрэлдсэн гэж хэлж ч болох юм. Ийм үзэл баримтлал 2000 онд дэд сайд болоод л бий болчихсон юм биш л дээ.

    Би 1995-1996 оноос эхлээд улс төрийн үйл ажиллагаанд оролцож ирсэн. Л.Түдэв гуайн охин Дарьбумтай би хамт ажиллаж байлаа. Тэр хүн намайг анх МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулж байлаа. Л.Түдэв гуай ч урьж уулзаж байсан. Нэг удаагийн залуучуудын байгууллагын хурал дээр У.Хүрэлсүх даргатай танилцаж байснаа санаж байна. 1996 оны сонгуулийн дараа МАХН-ын талыг баримтлагч компани гэгдэж, бас жаахан нүд үзүүрлэгдэх байдалд хүртэл орж байсан.

    Намынхаа улс төрийн үйл ажиллагааг дэмжиж, амаргүй бэрхшээлтэй байх үед нь тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байв. 1997 онд Худалдаа аж үйлдвэрийн танхимын шинэ жилийн арга хэмжээн дээр талийгаач Л.Энэбиш гуайтай нэг ширээн дээр хамт сууж таарлаа. Энэбиш гуай “Тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг юм даа, хө. Намыг дэмжээд нэг томоохон хөгжмийн аппарат хэрэгсэл аваад өгчихөөч. Үзэл суртлын, олон нийтийн арга хэмжээ явуулах юмгүй болчихлоо” гэлээ. Тэгэхээр нь нэлээд том, гудамж талбайд арга хэмжээ явуулахад шаардлагатай хөгжмийг 1998 оны зун хандиваар өгөхөд Л.Энэбиш гуай, Ө.Энхтүвшин, С.Баяр, Н.Энхбаяр дарга, талийгаач У.Уламбаяр нар хамт хүлээж авч байсан. Одоо энэ Энхбаярынх гэгдээд байгаа “Зууны мэдээ” сониныг гарч эхлэхэд санхүүгийн дэмжлэг бас үзүүлж байсан.

    Бас улс төрийн намуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, өөрсдийн дуу хоолойг нэмэрлэх зорилгоор хэсэг залуучууд нийлээд нам бусчуудын хөдөлгөөн байгуулж байлаа. Ц.Мөнх-Оргил гишүүн, Танхимын С.Дэмбэрэл, би гэх мэт хүмүүс тэнд нэгдэж байсан юм. Тэр үед би намд элсээгүй байсан үе. Намын үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг энэ нөхдийг татаж, дэмжиж ажиллах нь зүйтэй гэж тухайн үеийн намын удирдлагууд үзээд Н.Энхбаяр, Л.Энэбиш, Ө.Энхтүвшин, С.Баяр дарга нар бүгдээрээ сууж байгаад уулзаж байсан. Үүнд нь би одоо ч талархалтай ханддаг. Ё.Отгонбаяр, Ц.Мөнх-Оргил, би гэх мэт олон залуус орж ирснээр намын үйл ажиллагаанд шинэ өнгө аяс, арга барил бий болгоход тодорхой хувь нэмэр болсон байх гэж боддог.

    Хэн нэгэн хүн хөтлөөд л, түүнд нь хөтлөгдөөд л явж байсан гэж хэлэхэд хэцүү л дээ. Ерөөсөө энэ нийгмийн харилцаа чинь хүн хоорондын харилцан хүндэтгэл дээр тогтдог гэж би боддог юм шүү дээ.

    – Одоогийн намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх та хоёрын харилцаа ямар байдаг вэ? Хүрэлсүх нь намын даргынхаа үгэнд орохгүй, дураараа аашилдаг, нэг талд нь У.Хүрэлсүх, Шадар сайд М.Энхболд хоёр суучихаад Батболдыгоо буланд шахчихдаг гэсэн яриа гадуур байх юм байна шүү дээ?

    -Намын үйл ажиллагаа дүрмийнхээ дагуу л явдаг. Нам дүрмээрээ ажиллах ёстой гэж би үздэг. Намын дарга гаргах шийдвэрээ гаргаж, хийх ёстой ажлаа хийж байгаа. Энд ямар нэг зөрчил, гажуудал огт гараагүй, гарах ч үгүй. Яагаад гэвэл манай нам өөрийн гэсэн түүх уламжлалтай, зарчимтай, манай намын бодлого, боловсон хүчний нэг давуу тал үүндээ байдаг. Хүрэлсүх даргын хувьд энэ шалгуурыг бүрэн дүүрэн хангаж чадаж байгаа, эрч хүчтэй, намын лидер боловсон хүчний нэг. Хувь хүний хувьд зарим үед, тодорхой нөхцөл байдалд байр сууриа шулуухан, хатуухан хэлбэрээр илэрхийлэх үе байдаг л даа. Түүнийг нь дөвийлгөх, хэвлэлийн сенсаац сэдэв болгож хөөсрүүлэх оролдлого байх юм байна шүү дээ.

    М.Энхболд даргын хувьд нам дээрээ ч, Засгийн газарт ч миний түшиг тулгуур болж, санаа сэтгэлээ бүрэн ойлголцож, бие биенийг дэмжиж, нөхөж ажиллаж байгаа хүн. Ерөөсөө намын удирдлагын хүрээнд ямар нэгэн зөрөөтэй бөгөөд зөрчилтэй асуудал огт байхгүй.

    “ЧИ ЧАДНА АА” ГЭСЭН. БИ “ЗА, БИ ХИЧЭЭЕ ЭЭ” ГЭСЭН

    – Таныг нэлээд зөөлөн аядуу байр суурьтай хүн гэсэн дүгнэлт байдаг. Олон нийтийн зүгээс намын дарга, Засгийн газрын тэргүүн хүн хааяа захиргаадчихдаг, зандарчихдаг байх ёстой гэсэн уламжлалын ч  юм уу шаардлага тавих нь бий. Нөгөө талаар төрийн байгууллага, өндөр дээд албан тушаалтанд тооцох хариуцлага чанга байх ёстой гэх нь бий. Энэ талаар та юу хэлэх вэ?

    – Би өөр бодолтой байдаг шүү. Дарга байхаар бужигнаад л, гараад явахаар нь нам жим болчихдог, дарга чангахан дуугарахаар яралзтал ажиллаад, дуулгавартай гүйцэтгэгчийн царай гаргаад байх арга хэлбэр буруу гэж боддог. Үүрэг хариуцлагатаа л эзэн бай. Өөрийнхөө хариуцсаныг ямар нэгэн даргын ташуургүйгээр хийж л байх ёстой.

    Хариуцлага хүлээх, хүлээлгэхийн тухайд асуудлыг арай өөр өнцгөөс харах ёстой. Тогтолцооных нь хувьд янзлах ёстой зүйл бий. Төрийн албанд меритократын буюу карьерийн тогтолцоог оруулах нь зөв гэж би үздэг. Гэнэт нэг нөхөр гарч ирээд яамны газрын дарга болдог, ялсан намын сайдын ойрын хүн албан тушаалын шатаар алгасч харайдаг, эсвэл тодорхой эрх ашгийн төлөөлөл болчихдог энэ гажуудлыг арилгах ёстой. Төрийн албаны шинэчлэл урагшилж байгаа ч гэсэн зөрчил байна аа. Яаманд наад зах нь таван жил ажилласан хүн газрын дарга болох ёстой. Үүнийг нь хуульчилж өгөх хэрэгтэй. Түүнтэйгээ хариуцлагын асуудлыг давхар уяж өгөх нь зөв болно. Карьерийн тогтолцоон дээр байгаа хүнд бүх зүйл тодорхой байна. Анх төрийн албанд орох асуудал нь сонгон шалгаруулалтаар хийгддэг, цаашаа ажилласан жил, туршлага, чадвараараа дүрэм журмынхаа дагуу албан тушаалын шатаар өгсдөг болох нь зүйд нийцнэ. Энд бас л стандарт хэрэгтэй. Төрийн алба, төрийн албаны харилцааг стандартад оруулах ёстой.

    Гэхдээ тогтолцооны өөрчлөлтийг хүлээгээд суулгүйгээр хариуцлага тооцох, өөрчилж солих асуудал байна аа. Ажил аваад нэг жил гаруй болж байна. Яамд, хөдөө орон нутгаар нэлээд явлаа. Бодлого зорилтоо тодорхойллоо. Түүнийг хэрэгжүүлэх үйл явцад хэн нь яаж хандаж байна, аль нь хариуцлагагүй, чадваргүй байна гэдэг нь ил болж эхэллээ. Гарч байгаа дүгнэлтийг үндэслээд хариуцлага тооцох шаардлага гарч байна. Тэгэхээр ойрын үед хэд хэдэн салбарууд дээр энэ асуудлыг ярина.

    – Та санамсаргүй байдлаар Ерөнхий сайд болсон хүн. Өмнөх Ерөнхий сайд биеийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх болоод Танд санал тавьснаар шийдэгдсэн. Тэр үед юу бодогдож байв? Нөгөө талаар С.Баяр даргын нөлөөн дор таныг байдаг гэх нь ч бий. Намыг ч, Засгийг ч хэрэг дээрээ С.Баяр л өөрийнхөө гарт барьж байна гэж бичдэг…

    – Танай хэвлэлийнхний хардлага л даа. Өмнөх Ерөнхий сайд ажлаа өгөх болохдоо намайг сонгосон нь тохиолдлынх биш болов уу. Би яамны жирийн мэргэжилтнээс хэлтсийн дарга, дэд сайдаас сайд хүртэл алба хашсан, бизнесийн хүрээний туршлагатай, эдийн засгийн гадаад харилцааг хариуцдаг Үйлдвэр худалдааны сайд, гадаад бодлогын асуудал хариуцдаг Гадаад харилцааны яамыг толгойлж, төрийн албыг төвшин төвшинд нь хийсэн, тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн хүн болов уу гэж боддог юм. Өөрийгөө магтаж байгаа хэрэг биш шүү. Тэдгээрт хуримтлуулсан туршлага маань төрийн энэ өндөр албан тушаалыг хашихад чухал хөшүүрэг болж байна.

    Ерөнхий сайдаар томилогдоод хэлсэн үгэндээ би гол зорилгоо тодорхойлсон. Өгүүлбэр болгонд нь хийх ажлын зорилт тусгагдсан, нэг ёсны миний мөрийн хөтөлбөр юм. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө өгүүлбэр өгүүлбэрийн араас хөөцөлдөөд явж байна даа. Гоё сайхан, ерөнхий үг ярьж олонд таалагдахын тулд биш хэрэгтэй, ажил болох үг хэлэхсэн гэж боддог. Товчоор хэлбэл хэлэхийн төлөө хэлэх биш, хийхийн төлөө хэлэх юмсан гэж хичээдэг.

    Баяр даргын хувьд бол өөрийнх нь хэлсэн нэг үг бий шүү дээ. “Авч чадсан юм, өгч чад. Байхын тулд байх биш, чадахын тулд бай. Бүү зууралд, цагаа мэдэр. Явахдаа явсан шиг яв” гэсэн байх аа. Хэлсэн үгэндээ байж чаддагаа олон юман дээр харуулсан хүн. Эргэж орооцолдоод л, нөлөөлөө хадгалах гээд ч юм уу, Батболд оо наадах ажил чинь яаж байна, тэрийг нэг бодоорой, энэ хүнийг ингэчихмээр байна гэх мэтээр нэг ч удаа хандаагүй. Анх ажил өгөхдөө би иймэрхүү юм хийх гэж зорьж байсан юм, ийм ажлыг эхлүүлсэн, ингэвэл зүгээр болов уу гэж нэг хэлж байсан. Тэрнээс хойш бид хоёр Ерөнхий сайдын, Намын даргын ажил төрлийн талаар огт яриагүй. Намайг дуудаад “Би өөрийг чинь Ерөнхий сайдад санал болгох гэж байна. Чи чадна аа” гэсэн. Би “За, би хичээе ээ” гэсэн. Тэгээд л хаячихаад яваад өгсөн шүү дээ.

    -Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадах уу. Засгийг огцруулах санаархал, сөрөг үзэл бодол Засгийн газар байгуулагдсан өдрөөс хойш л дагасаар өнөөг хүргэлээ. Ер нь хамтарсны оноо, алдаа юундаа байна вэ?

    -Ямар ч намын үндсэн зорилго улс орноо хөгжүүлэх, иргэдийнхээ сайн сайхан амьдралын баталгааг бүрдүүлэхэд оршдог.  Намууд энэ зорилгоо хэрэгжүүлэхдээ өөр өөр байр сууринаас хандаж сөргөлдөж, үзэлцэх үе байдаг. Сонгуулиар жишээлбэл өөрсдийн үзэл баримтлалаар өрсөлдөх ёстой нь ойлгомжтой. Өрсөлдөөн шударга байх ёстой. Түүний эрх зүйн үндсийг бүрдүүлэх ёстой. Энэ хүрээнд парламентыг төлөвшүүлэх, сонгуулийн хуулийг боловсронгуй болгох чиглэлд зөвхөн эрх баригч, парламентад суудалтай нам биш нийт намуудын хийх зүйл бий. Өргөн хүрээнд хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлэх шаардлагатай гэж бид үзэж байгаа.

           Хамтарснаар алдаж байгаа бол шүүмжлэх, тэр ч байтугай огцруулах асуудал хөндөх нь зөв. Хэрвээ болж бүтэж байгаа бол түүнийг дэмжих, түших ёстой. Зөвхөн сөргөлдөхийн тулд сөргөлдөгч, эвдлэн нураахын тулд огцруулагч байх учиргүй. Түүнчлэн тэврэлдсэнээр бүх юм бас сайхан болчихгүй л дээ. Хамтраад Засгийн эрхээ барьсан, барьдаг жишиг ардчилсан орнуудад зөндөө л байна.      Манайд хамтарсан Засгийн газар ажилласнаар олон чухал асуудлыг гацаанаас гаргаж, боломж нөхцөл бүрдүүлснийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. Засгийн газар улс орны хэмжээний томоохон зорилтууд, дэвшүүлсэн бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдээ урагшлуулахын тулд нэгдэж хамтарч түүнийхээ үр дүнг үзэх ёстой. Засгийн газар 2012 оны сонгууль хүртэл хамтарч ажиллах нь зөв гэсэн байр суурийг би хувь хүнийхээ хувьд ч, Засгийн газрын тэргүүний хувьд ч, МАН-ын даргын хувьд ч баримталж байгаа. Амаргүй зүйлүүд нам дотор ч, нам хооронд ч бий. Гэхдээ бид том эрх ашигтаа захирагдаж чадаж байгаа. Энэ байдал цаашид ч үргэлжилнэ гэж бодож байна.

    -Гэр бүлийнхээ талаар товч танилцуулахгүй юу? Гэргийг тань монголчууд танина. Бас нэг нөхөр “Morgan Stanley”-д ажилладаг, компанийнхаа эрх ашгийг төлөөлж, аавдаа нөлөөлж магадгүй гэсэн яриа гарснаас бусдыг тэр бүр мэдэхгүй байх.

    – Ажил төрөл нь өөдрөг яваа эр хүний ард үнэхээр багана түшиг болсон эмэгтэй хүн байдаг гэдгийг би сайн мэднэ. Амьдралаараа ч үүнийг ойлгож байна. Эвсэг дулаан, өнөр өтгөн, бахархаж болох сайхан гэр бүл надад бий.

    Гэргий Отгонтуяа маань уг нь эдийн засагч хүн. Бас соёл урлагийн чиглэлээр боловсрол эзэмшсэн. Бизнесийн гэхээсээ илүү нийгэм, соёлын чиглэлд, хүний оюун сэтгэлгээнд гэгээ гэрэл нэмэх гэсэн эрмэлзэл санаачилга гарган ажиллаж байгаа. Урлаг, соёлыг дэмжих “Төгөлдөр” сан байгуулж, нэлээд ажил өрнүүлж, цаг заваа зориулж байгаад олон нийт талархалтай хандаж байх шиг байдаг. Дэлхийн сонгодог болон үндэсний урлагийн хөгжлийг дэмжихэд голлон анхаардаг.

    Хүүхдүүдээ хүн болгож төлөвшүүлэх нэргүй хэрнээ нөр их ажлын гол ачааг гэргий маань үүрдэг. Сонирхолтой хэрнээ ээдрээтэй тэр ажил их чухал. Эхнэр маань сүүлийн үед “Өсвөр насны бурхад” гэсэн Америкт бестселлер болсон цуврал сонирхолтой ном, өөр хэд хэдэн бүтээл орчуулж хэвлүүлэх гэж байгаа. Гэр бүлийн үнэт зүйл, хүүхэд-аав ээжийн харилцааг хөндсөн, монгол ээж, аавд хэрэгтэй, их чухал, сонин ном байна лээ.

    Том хүү АНУ-д сургуулиа дүүргээд нэг жил хэртэй “Morgan Stanley”-д ажилласан нь үнэн. Гэхдээ хэвлэлд гарсан шиг юм болоогүй. Болох ч боломж байхгүй. Дэлхийд нэр хүндтэй том компанид монгол залуу ажиллана гэдэг нэр төрийн хэрэг биз дээ. Би миний хүүг ажилд аваач гэж гуйгаагүй нь ойлгомжтой. Баттүшиг маань боловсрол, мэдлэг, чадвараараа тэндхийн тэр том шалгуурт тэнцээд ажилласанд аавын хувьд баярладаг. Сая Америкийн нэр хүндтэй нэг том сургуулийн мастерт шалгалт өгөөд тэнцэж, сургуульдаа орж байгаа.

                Хоёр дахь хүү Самади Англид сурдаг. Одоо Парист боловсролын солилцооны хөтөлбөрөөр оччихсон байгаа. Гурван бага нь эндээ, аав ээжтэйгээ ерөнхий боловсролын дунд сургуульд сураад, бужигнаж байна даа.

                -Та ярилцлагынхаа төгсгөлд монголчууддаа, манай сонины уншигчдад хандаж товч үг хэлэхгүй юү?

                -Бид ихээхэн хариуцлагатай үед ирээд байна. Улс орны хөгжил урагшаа явна аа. Энэ бол ойлгомжтой зүйл. Хүнээс хамаарахгүй юм ч байна, хамаарах нь ч байна. Хүнээс хамаарах тал дээр нь үйл явцыг хурдлуулах, дэм өгөх, хичээн шамдах нь чухал. Хурдлуулах шаардлага байна аа гэдэг нь нийгмийн хүсэмжлэл болоод байна. Шийдвэр гаргах төвшиндөө үүнийг ойлгож, эрмэлзэж зүтгэж байгаа нь сайн хэрэг. Амьдралаа сайжруулж, нөгөө яриад байгаа дундаж давхарга гэдгийг бодитоор бий болгомоор байна. Ядуурал, ажилгүйдэл, авлига гэж ярьсаар, амтай болгоны эх орон, ард түмэндээ жигтэйхэн хайртайгаа харуулахын тулд барьдаг лоозон боллоо шүү дээ. Энэ бүхнийг шийдэх хэрэгтэй. Шийдэхийн тулд ярих биш, хийх хэрэгтэй.

    Ажил хийх боломж хамтарсан Засгийн үед, өнөөгийн түүхэн нөхцөлд илүү таатай байдлаар тохиож байна. Нөгөө талаар илүү хариуцлагатай байх сорилтын өмнө бид иржээ. Нээлттэй засаглалыг бид хөгжүүлэх ёстой. Шилжилтээс хөгжил дэвшил рүү алхаж орох цаг ирсэн. Эдийн засгаа чанарын өөр төвшин рүү, өрсөлдөх чадвартай байх чанар луу шилжүүлье. Хатуу болон зөөлөн дэд бүтцээ яаж хөгжүүлэх вэ гэдгээ тодорхой болгоё. Асуудлын цөмд хүн байх ёстой. Хүнээ хөгжүүлж чадвал зорилго, үйл ажиллагаа тодорхой болно, зорьсондоо хүрэх зам нээлттэй болно. Тиймээс бүгдээрээ дор бүрнээ хичээе гэж хэлмээр байна даа.

    Монголынхоо нийт ард түмэнд сайн сайхныг ерөөе.

    -Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

  • Оюутолгойн төсөл монголын ард түмэнд ашигтай байгаа гэдгийг Засгийн газар нотоллоо

    Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Оюутолгой төслийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Учир нь өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайд С.Баярцогт болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар  Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрийн үр дүнг  танилцуулсан юм.

    Ерөнхий сайд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлэхдээ гэрээнд заасан  монголын талын 34 хувь буурсан зүйл огт байхгүй , хэвээр байгаа гэдгийг хатуу хэллээ.  Мөн түүнчлэн Засгийн газрын тэргүүн хэлэхдээ “ Оюутолгойг хөдөлгөх ёстой гэдэг дээр хүн бүр санал нэг байгаа. Харин ингэхдээ Монгол улсад, Монголын ард түмэнд ашигтай байх зарчмыг бид хатуу барих ёстой.

    Энэ үүднээс Оюутолгойн зарим заалтыг эргэж харья, алдаа байвал цаг алдалгүй засч залруулъя гэсэн байр суурь дээр  Ерөнхий сайдын хувьд  би хатуу зогсч байгаа. Тиймээс гэрээг монгол улсдаа илүү ашигтай байдлаар өөрчлөх талаар хөрөнгө  оруулагчидтай ажиллаж, тохиролцох үүрэг даалгаврыг энэ оны гуравдугаар сараас өгсөн.

    Бүр тодруулбал 2010 оны 8 дугаар сард болсон Хувь нийлүүлэгчдийн хурлаар санхүүжилтийн хүүг бууруулах арга хэлбэр, хувилбарыг судалж Төлөөлөн удирдах зөвлөлийн 12 дугаар сарын хурлаар Монголын талд танилцуулахыг хөрөнгө оруулагч талд хурлын тогтоолоор үүрэг болгосон” гэдгийг тэмдэглэсэн юм.

    Мөн хуралдааны төгсгөлд Монгол улсын ерөнхий сайд С.Батболд “Хөрөнгө оруулагч талтай хийсэн яриа хэлэлцээний үр дүнд Оюу толгойн төслийн санхүүжилтийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулах, давуу эрхийн хувьцааны гэрээнд тусгагдсан асуудлыг өөрчлөх, хөрөнгө оруулагч талууд өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа захиран зарцуулахдаа МУ-ын Засгийн газраас зөвшөөрөл авахаар болсон “ гэдгийг онцоллоо.

    Түүнчлэн үүнтэй уялдуулан холбогдох санамж бичиг, гэрээний нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурах эрхийг холбогдох сайд нарт өгсөн гэдгийг тэмдэглэсэн юм. Эдгээр нөхцөлөөр хувь нийлүүлэгчдийн гэрээг шинэчлэх ажил энэ оны эцэс хүртэл хийгдэх болно. Ямарч байсан Монгол улсын Ерөнхий сайдын хувьд би Оюутолгой төсөл Монголын ард түмэнд , Монгол улсад ашигтай байх тал дээр цаашид ч хатуу анхаарч ажиллах болно гэдгийг дахин  тэмдэглэлээ.

    Энэхүү яриа хэлэлцээний үр дүнд төслийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээг АНУ-ын инфляци нэмэх нь 9.90 хувиас Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBORнэмэх нь 6,50 хувь хүртэл бууруулахаар харилцан тохиролцоод байна. Өнөөдрийн байдлаар энэ нь 12 орчим хувиас 6.8 хувь болтол буурга гэсэн үг юм. Энэ нь олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн газрын болон төрийн өмчит оролцоот аж ахуйн нэгжүүдэд олгодог санхүүжилтын урт хугацааны зээлийн хувь хэмжээтэй дүйцэхүйц Монголын талд илүү үр өгөөжтэй хэлцэл болсон гэдгийг Сангийн сайд дурдлаа

  • С.Батболд: МАН улс орныхоо ойрын 20 жилийг их бүтээн байгуулалтын үе гэж төсөөлж байна

    -Монголын ууган хэвлэл “Үнэн” сонины 90 жилийн ойн баярын өмнө МАН-ын дарга Тантай ярилцаж байгаадаа таатай байна. Юуны өмнө Танд МАН-ын даргаар сонгогдсонд баяр хүргэе.

    -Баярлалаа. Монгол Улсын хоёр зууны түүхтэй ууган хэвлэл “Үнэн” сонины мянга мянган уншигчид, тус сонинд ажиллаж байсан үе үеийн сэтгүүлчид, уран бүтээлчид, ажилтнууд, идэвхтэн сурвалжлагч та бүхэнд 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. МАН-ыг үүсгэн байгуулагч их жанжин Дамдины Сүхбаатарын санаачлагаар анхны дугаараа зон олондоо хүргэсэн “Үнэн” сонин ардын хувьсгал, ардчилсан өөрчлөлтөд нийгмийн сэтгэл зүйг бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулсан. Энэхүү торгон агшинд 90 жилийн түүхт өдөр МАН-ын төв хэвлэл “Үнэн” сониныхоо хойморт уригдан ярилцлага өгч байгаадаа миний бие ч мөн адил баяртай байна. Би сониныхоо идэвхтэй уншигчдын нэг. Ард иргэдээ соён гэгээрүүлэх үйлсэд уриалан дуудаж, нийгмийн оюун санаа, мэдээллийн эрэлт хэрэгцээг хангахад үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн сонин гэж үнэлж явдаг.

    -Та бидний ярилцлага олон чухал үйл явдал давхацсан үед болж буйгаараа бэлгэшээлтэй юм. Манай сонины 90 жилийн ойн өмнө МАН-ын XXVI их хурал хуралдсан нь нийгмийн анхаарлыг зүй ёсоор татсан. Шинэчлэлийн уур амьсгал тээсэн их хурлаар улс орныхоо 20 жилийн ололтыг дүгнэж, 20 жилийн зорилтоо тодорхойлж, МАН хэмээх уугуул нэрээ сэргээсэн нь улс орны төдийгүй намын амьдралд шинэ хуудас нээсэн үйл явдал боллоо. МАН-ын даргын хувьд XXVI их хурлын үр дүнг хэрхэн үнэлж байгаа вэ?

    -Бидний ажил амьдралыг урагшлуулах ямар шийдлүүдийг гаргах бол гэж ээлжит XXVI хурлын үйл явцыг олон нийт ажиглан харж байсан. МАН-ын XXVI их хурал тавьсан зорилтоо амжилттай биелүүллээ. Юуны өмнө ардчилал, зах зээлд шилжсэн 20 жилийн амьдралаа үнэлж цэгнэн, ирэх 20 жилд юу бүтээж, юуны төлөө эрмэлзэж ажиллахаа тодорхойллоо. МАН нэрээ сэргээж, үзэл баримтлалаа тодотгон баяжуулж, Хичээн эрмэлзэх зүйл буюу мөрийн хөтөлбөр, намын дүрэмдээ тодорхой хэмжээний өөрчлөлт орууллаа. Одоо бидэнд их хурлаас гаргасан түүхэн шийдвэрүүдээ ажил хэрэг болгож, хэдэн өдрийн турш манай намын их хурлын үйл ажиллагааг ажиглаж, үнэлэлт дүгнэлт байсан иргэдийнхээ итгэл, хүлээлтэд бодит хариулт өгөх учиртай. Намын даргын ажлыг зургаан cap гаруйн өмнө XXV их хурлаас байгуулагдсан бага хурлын төлөөлөгчдийн итгэл найдвараас хүлээж авсан. XXVI их хурлын төлөөлөгчдөөс мөн итгэл найдвар тээсэн баталгаа дахин гардлаа. Энэхүү итгэл найдвар, хүсэл сэтгэлийг хичээл зүтгэлээр хариулахын төлөө зүтгэнэ. XXVI их хурлын өмнө нийт намын гишүүдээрээ хэлэлцүүлсэн “Шинэчлэл, манлайлал, хөгжил” тунхагт тусгасан үндсэн санаа зорилго маань одоо ажил хэрэг болох эхлэл тавигдлаа. Их хурлаараа баталсан шинэчлэлийн шийдвэрүүдээ амьдралд хэрэгжүүлэх, үр дүнг нь үзэх түүхэн хариуцлага ирлээ гэж ойлгож хүлээж авч байгаа. Энэ үйл хэргийг манлайлж хэрэгжүүлж ажиллах итгэл сэтгэл, үүрэг хариуцлагыг надад олгосон журмын нөхөддөө талархаж байна.

    -МАН хэмээх уугуул нэрээ сэргээсэн энэ цаг мөчөөс үйл ажиллагаа, арга барилаас эхлээд бүх зүйл шинэчлэгдэх байх аа. Нэр, үзэл баримтлалаас эхэлсэн намын шинэчлэл цаашид яаж түүчээлэх вэ?

    -Намын удирдлага хариуцлагыг өөрөөсөө эхэлж тооцдог байгаасай гэсэн хүсэлт саналыг XXVI их хурлын төлөөлөгчид надад тавьж байсан. Хариуцлагыг өөрөөсөө эхэлж манлайлж чанд мөрдөж ажиллана. Бодож төлөвлөж байгаа ажил их байна. Эхлүүлсэн ч зүйл нэлээдгүй бий, эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажил ч цөөнгүй. Юун түрүүнд намаа жинхэнэ утгаараа ард түмний нам, жирийн гишүүддээ ойрхон байлгаж, эргэх холбоотой болгохын төлөө ажиллана. Намын нийт гишүүддээ нээлттэй, ил тод байна. Боловсон хүчний бодлого, нэр дэвшүүлэлтэд шударга, зөв хандаж, зөвхөн ажил мэргэжилдээ эзэн болж чадна гэсэн шалгуураар нүдийг нь олсон томилгоо хийхийн төлөө ажиллана. Намын шийдвэр гаргагч механизм тодорхой, судалгаа тооцоо, боломжид үндэслэдэг зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно. Намын стандартыг бүх шатанд хэрэгжүүлэхийн төлөө санал санаачлагатай ажиллана гэж бодож байна. Үүний зэрэгцээ намынхаа эгнээг залуусаар өргөжүүлэх, намынхаа нэр хүнд имижийг олон улсын хүрээнд өргөх, гадаад харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө олон зүйлийг хийж төлөвлөж байгаа.

    -Та XXVI их хуралд “Шинэчлэл, манлайлал, хөгжил” улстөрийн илтгэл тавихдаа МАХН шинэчлэгдэж байж улс орон хөгжинө гэж онцолсон. Үүний тулд намын зүгээс ямар шинэчлэлүүд хийгдэх ёстой вэ?

    -Манай намын үе үеийн их хурал Монголын нийгмийн анхаарлын төвд байсаар ирсэн. Учир нь их хурал бүрээс намын амьдралын төдийгүй Монгол Улсын хөгжилд нөлөөлөхүйц жинтэй шийдвэрүүд гардаг. Манай нам улс орныхоо ойрын 20 жилийг их бүтээн байгуулалтын үе гэж төсөөлж байна. Энэ бүтээн байгуулалтын эцсийн зорилго, үр дүн нь монгол хүний хөгжил, сайн сайхны төлөө байх ёстой. МАН бүхий л бодлогоо хүнээс ургуулан гаргаж, шүтэлцүүлж, гол цөмд нь монгол хүнийг тавьж байна. Энэ бол манай намын бодлогын үндэс юм. Намаа цаг үеийн асуудлыг мэдэрч чаддаг, хэрэгжилтийг нь хангаж чаддаг улстөрийн хүчин байлгахын төлөө бид зорьж байгаа. Ийм болохоор намын маань шинэчлэл, өөрчлөлтийн асуудал зөвхөн манай намын гишүүдийн хэрэг төдий биш, нийт монголчуудын ирээдүйтэй холбоотой үйлс юм. Бидний шинэчлэл зөвхөн намынхаа төлөө төдий биш. Намын шинэчлэл нь манай төрийн шинэчлэлийн нэг хэсэг. Төрөө шинэчлэн сайжруулснаар улс орноо, амьдралаа шинэчилж, хөгжил дэвшилд хүрэх учиртай. Бага хурлаас сонгогдон байгуулагдах байнгын хорооны бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталсан нь намын бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлэхэд ач холбогдолтой. Манай нам төрийн бодлогын шинжлэх ухааны үндсийг дээшлүүлэх замаар улс орныхоо хэтийн хөгжлийг бодитойгоор төлөвлөн ажиллаж чадна. МАХН бол бидний амьдралын хамгийн үнэ цэнэтэй эрхэм зүйл болсон тусгаар тогтнол, эрх чөлөө, эв нэгдэл, уламжлалаа баталгаажуулж, түүхэн цаг үеүдэд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийг манлайлж ирсэн улстөрийн хүчин болохын хувьд их хурлуудынхаа шийдвэр бүрт шинэ нөхцөл байдалд тохируулан шинэчлэлийн бодлогоо тодотгон хэрэгжүүлж ирсэн. Намаа шинэчлэх замаар төр, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгаа. Бидний зорьж буй өөрчлөлт шинэчлэлт, бидний хийх их бүтээн байгуулалт, бидний бий болгох шударга ёс, хариуцлагын тогтолцоо, бидний манлайлал, зорилго тэмүүлэл манай улсад хөгжлийг авчирна гэдэгт итгэлтэй байна.

    Н.ХАЖИДСҮРЭН
  • С. Батболд: Ажил хийж ядуурлаас гарах ёстой

    (ЗГХМА)- Завхан аймагт хөдөлмөрийн биржэд бүртгэлтэй 2700 орчим иргэн ажил идэвхтэй хайж байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 900 орчим хүнээр нэмэгдсэн байна. Энэ нь эдийн засгийн хямрал, зудын хохирлоос улбаатай юм.

    Иймээс ирэх 2 жилд ажилгүйдлийг бууруулах чиглэлээр идэвх, санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг Ерөнхий сайд Завхан аймгийн удирдлагад анхаарууллаа.

    Ажлын байрны эрэлт, хэрэгцээ, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, хөдөлмөрийн насны залуучууд хангалттай байгаа ч нэгтгэн зохион байгуулах санаачлага дутмаг байна. Уул уурхайн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлснээр хэдэн мянган ажлын байр бий болно. Иймээс хөдөлмөр эрхлэлт, зуучлал, боловсролын байгууллагуудтай хамтран ажилгүй хүмүүсээ зуучлах, мэргэжил, ур чадвартай болгох, давтан сургалтад хамруулах боломж ч орон нутагт байгаа юм.

    Залуучууд ч бусдын гар харж суух биш, өөрсдөө эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжил, боловсрол эзэмшин, ажиллаж хөдөлмөрлөхийн төлөө байх ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх нь ажилгүйдэл, ядуурлыг туулах бодит гарц гэж Ерөнхий сайд Завхан аймгийн иргэдтэй уулзахдаа хэллээ.

    Социализмын үед хэдэн мянган залуус эвлэлийн илгээлтээр бүтээн байгуулалт өрнөж байгаа газарт ажиллаж байсан. Энэ сайн туршлагыг цаг үедээ нийцүүлэн дахин сэргээхэд ч болохгүй гэх газаргүй гэж тэрээр үзэж байна.

    Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь ажилгүйдлийг бууруулахад чухал нэмэртэй. Завхан аймгийн хувьд 2009 онд 780,0 сая төгрөгийг жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулж олгосны дүнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, худалдаа үйлчилгээ зэрэг нийт 81  төсөл хэрэгжсэн байна. Энэ дагуу 25  шинэ үйлдвэр, 334 ажлын байр шинээр бий болжээ. Засгийн газраас орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор 2009, 2010 онд нийт 60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм.