БНУУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд С.Батболд тус улсын Улсын Хурлын дарга Катона Белатай уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн мэндчилгээг уламжилж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагаанд ач холбогдол өгч ирснийг дурдав. Энэ бодлогын хүрээнд УИХ-ын байнгын хороодын шугамаар хамтын ажиллагааг эн тэргүүнд идэвхжүүлэх талаар санал солилцлоо.
Тус улсын Ерөнхий сайд Байнаи Гордон Европын стандартуудыг Монголд нутагшуулах асуудлаар боломжтой дэмжлэг үзүүлэхээр болсон. Тиймээс үүнтэй холбогдуулан хууль эрх зүйн зөвлөгөө, арга зүйн дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн даатгалын асуудлаар хийх хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахад анхаарлаа хандуулахыг хүсэлт болголоо.
БНУУ-ын Хурлын дарга Катона Бела Ерөнхий сайд С.Батболдын тавьсан асуудлуудад дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтойг илэрхийлэв. Цаашид хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Парламентын үүрэг оролцоо чухал болохыг өгүүлж байнгын хороодыг чиглэлээр нь идэвхтэй ажиллуулахад анхаарахаа илэрхийлэв. Мөн БНУУ 2011 онд Европын холбоог тэргүүлнэ.
Тухайн үед Европын стандартыг монголд нэвтрүүлэх зэрэг Европын холбоогоор дэмжүүлэх асуудлуудад анхаарч бэлдэхийг чухалчиллаа. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНУУ-ын Хурлын дарга Катона Бела хоёрын албан ёсны уулзалт амжилттай болж, худалдааны эргэлтийг бодитойгоор нэмэгдүүлэх, Европын стандартыг нэвтрүүлэхтэй холбогдуулан хууль эрх зүйн дэмжлэг авах, парламент хоорондын харилцааг өргөжүүлэх, тус улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн нийгмийн даатгалыг шийдвэрлэх зэрэг асуудлаар санал нэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхийлөгч Шойом Ласлод бараалхав. Ерөнхийлөгч Шойом Ласло БНУУ Европын холбооны гишүүн орон болсноос хойш анх удаа Монгол улсын Ерөнхий сайд албан ёсоор айлчилж буйд ач холбогдол өгч хамтын ажиллагааны ирээдүй их байгааг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд анхны албан ёсны айлчиллаа Бүгд Найрамдах Унгар Улс /БНУУ/-аас эхэллээ. Айлчлалын хүрээнд С.Батболд БНУУ-ын Ерөнхий сайд Байнаи Гордонтой уулзлаа. Тэрээр Европын холбооны стандартуудыг бүхий л салбарт хэрэгжүүлэх зорилт тавьж байгаа. Энэ зорилтоо биелүүлэх үүднээс Европын холбоотой байгуулах “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Европын стандартыг Монголд нэвтрүүлэх тухай тусгай заалт оруулах болсныг мэдээлж, уг асуудлаар Унгар улстай хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын эрх ашгийг хамгаалах Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжихийг Унгарын талд мөн хүсэлт болголоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Будапешт хотын захирагч Д.Габортой уулзав. Ерөнхий сайд С.Батболд Будапешт хотын дарга, хотын захиргааны ажилтан, нийт оршин суугчдад талархал илэрхийлж хоёр орны нийслэлийн харилцааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв. Будапешт хотын захирагч Д.Габор Ерөнхий сайд С.Батболдод оршин суугчдынхаа өмнөөс талархал илэрхийлж, энэ айлчлал нь хоёр орны нийслэл хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр болж байгааг онцлон дурдлаа.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд С.Батболдод Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Удирдлагын газрын дарга Дэвид Уоллер бараалхлаа. Уулзалтын үеэр Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төвөөр шалгаруулсныг Дэвид Уоллер албан ёсоор мэдэгдэж баяр хүргэв. Ерөнхий сайд С.Батболд ГХ-ны сайд байхдаа энэ саналыг хөндөн тавьж байсан юм. Монгол улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төв болгосноор Олон улсын атомын энергийн агентлаг нь холбогдох санхүүжилтийг хандивлагч орнуудтай хамтран шийдвэрлэх юм байна. Ийнхүү Монгол улсад азийн бүсийн эрүүл мэндийн томоохон загвар төв бий болох боломж бүрдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Австри Улсад хийж байгаа ажлын айлчлалынхаа хүрээнд өнөөдөр тус улсын Холбооны канцлер Вернер Файманнтай уулзаж, Вена хотноо болсон Монгол, Австрийн Эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны үеэр тохирсон зүйлсийг бүрэн хэрэгжүүлэхээр тохиролцов.
Ерөнхий сайд С.Батболд Европын стандартуудыг бүхий л салбарт нэвтрүүлэхийг зорьж байгаа. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-тай хамтран ажиллахаар болов. Энэ талаар Ерөнхий сайд С.Батболдод бараалхсан НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ё.Урамото хийсэн уулзалтын үеэр хөндөж ярив. ЮНИДО нь 1990-ээд оны эхээр Монголын аж үйлдвэржилтийн бодлогын талаар судалгаа явуулсан нь манай улсын хөгжилд чухал нөлөө үзүүлснийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд анхны ажлын айлчлалаа 2010 оны 3 дугаар сар 8-ны өдөр Бүгд Найрамдах Австри Улсаас эхэллээ. Ажлын айлчлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Вена дахь салбар төвийн захирал Антонио Мариа Костатай уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс НҮБ-д элсээд 50 жил болсныг тэмдэглэж энэ хугацаанд үр дүнтэй хамтран ажилласныг онцлон дурдав. Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан малчдад тусламж, дэмжлэг үзүүлэх уриалгыг Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах НҮБ-ын албанаас гаргахаар бэлтгэж байгаад талархал илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Европын зарим улсад албан ёсны айлчлал хийхээр явах замдаа ОХУ-ын нийслэл Москва хотноо түр буудаллаж, Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин, “Росатом” цөмийн эрчим хүчний улсын корпорацийн ерөнхий захирал С.В.Кириенко, “Ростехнологи” улсын корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезов нартай ажлын уулзалт хийв.