Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээний “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах захирамж гаргалаа.
Ажлын хэсэг нь:
• Улаанбаатар хотын гэр хороолол, автомашин, нам даралтын зуухнаас гарах утааг бууруулах асуудлыг судлан боловсруулах,
• Улаанбаатар хотод тортог тоосыг бууруулах
• Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хот төлөвлөлт, эрчим хүч, дэд бүтцийн чиглэлээр авах арга хэмжээ
• Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг ажлын байр бүхий газарт нүүлгэн шилжүүлэх, Улаанбаатар хотод шилжин суурьшигчдын урсгалыг сааруулах, зогсоох,
• Хөтөлбөрийг сурталчлах, сургалт сурталчилгаа явуулах чадавхийг бүрдүүлэх асуудлыг судлан санал боловсруулах үүрэг бүхий ажлын таван дэд хэсэгтэй ажлын хэсэг байгуулснаа зарлаж анхны хурлаа хийлээ.
“Утаагүй Улаанбаатар” үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх ахалж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр орлогч даргаар нь ажиллана. Засгийн газрын холбогдох яамд, харьяа газар, хэрэгжүүлэгч агентлагуудын дарга, Нийслэлийн Засаг даргын гурван орлогчоос бүрдсэн энэ ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь ажиллах юм.
Монгол Улсын Ерөнхий сайд хурлын эхэнд “Улаанбаатарыг минь Утаанбаатар гэх боллоо. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, хувь хүмүүс, эрдэмтэн, судлаачид дор бүрнээ ямар нэг хэлбэрээр утаатай тэмцэх ажил хийгээд, туршаад, санал санаачилга гаргаж байна. Ийм сэтгэл, идэвх санаачилга гарч байгаа нь нааштай зүйл. Одоо бидэнд энэ санал санаачилга, хийж байгаа ажлаа нэгдсэн уялдаатай, төлөвлөгөөтэй болгох ажил дутаж байна. Энэ бол аль ч Засгийн газар, Их хурлын үед ярьдаг, хийдэг ажил. Гэсэн ч үр дүн гарахгүй байгаа нь үнэн.
Ойрын хугацааанд хийж буй ажлаа уялдаатай болгох, дунд хугацаанд хийх ажлаа төлөвлөх, урт хугацаанд хийх ажлынхаа төсөөллийг бодитой гаргаж ирэх үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр шаардлагатай. “Утаагүй Улаанбаатар” үндэсний хөтөлбөрийг ирэх хоёрдугаар сард багтаан УИХ-д танилцуулна. Тиймээс хурдтай ажиллах шаардлагатай. Гэхдээ яаран хөнгөн хандаж хэдэн цаас нийлүүлээд оруулж ирж болохгүй” гэж анхааруулаад ажлын хэсгийнхэнд хоёр долоо хоногийн дараа хөтөлбөрийн төслөө Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг бүх шатны байгууллагад байгаа төсөл хөтөлбөрийг нэгтгэн, судалгаа хийж, ойр, дунд, урт хугацааны гэсэн гурван зорилтод тулгуурласан үйл ажиллагааны нарийвчилсан дэс дараалал бүхий санхүүгийн төлөвлөгөө гаргах юм. Хөтөлбөр батлагдсаны дараа Засгийн газраас хэрэгжүүлэх зөвлөл байгуулан ажиллахаар төлөвлөж байна.
Утаанаас салах сонгодог арга бол гэр хорооллыг орон сууцжуулах. Энэ ажилд багагүй хэмжээний хөрөнгө шаардагдах нь тодорхой. Ерөнхий сайд энэ асуудлыг хөндөн “Орон сууцжуулах хөтөлбөрийг шийдэхэд хэдий хэмжээний хөрөнгө хэрэгтэйг тооцож гарга. Мөнгө төгрөг байхгүй юм чинь, том ажил хийнэ гэж төлөвлөөд хоосон өнгөрч магадгүй гэж болгоомжлох хэрэггүй. Хэрвээ бидэнд ийм эх үүсвэр, санхүүжилт шийдээд өгвөл Улаанбаатарыг утаагүй, эрүүл хот болгоод өгье гэсэн нарийн төлөвлөгөө л гаргаад ир. Ялангуяа орон сууцжуулах, дэд бүтцийнхээ талаар илүү тодорхой, тооцоо судалгаатай баримт дэлгэх хэрэгтэй. Бодит ажил болгох зоримог төлөвлөгөө хэрэгтэй байна” хэмээлээ.
Мөн тэрбээр “Өмнө ярьж байсан хэдэн цаасаа нийлүүлээд дахиад хэдэн сайхан цаас нэмээд гаргавал энэ асуудал шийдэгдэхгүй, бодитой судалгаа гаргаж хөрөнгө гаргаж шийдэгдэнэ. Ийм тодорхой ажил хэрэгтэй байна гэж хатуухан санууллаа
Улс тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Мөн улс төрийн намууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн төр, захиргааны байгууллага, Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон иргэдийн төлөөлөл хүндэтгэл үзүүлсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ОХУ-ын Воронеж мужийн амбан захирагч бөгөөд Монгол Улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал эрхэлсэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай үүрэг гүйцэтгэгч төлөөлөгч А.В.Гордеевийг хүлээн авч уулзав. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 2009 онд ихээхэн үр дүнтэй байсныг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев, Засгийн газрын дарга В.В.Путин болон бусад өндөр албан тушаалтан Монгол Улсад айлчилсныг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Монголын сайхан бичигтэн-2009” улсын уралдааны шагналтнуудад шагнал гардууллаа. Уралдаанд 21 аймаг, нийслэлийн дүүрэг бүрээс нийт 1000 орчим сайхан бичигтэн бүтээлээ ирүүлж дөрвөн ангилалд өрсөлджээ. Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийн монгол хэлний багш Б.Сэнгээ мэргэжлийн багш нарын дундаас шалгарсан бол уралдааны хамгийн олон оролцогчтой 1-10 ангийн сурагчдаас “Их засаг” лицей дунд сургуулийн наймдугаар ангийн сурагч А.Анармаа тэргүүлжээ.
Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ажлаа хүлээн авсны дараа УИХ-д үг хэлэхдээ бусад улс орны стандарт, дэвшилтэт аргуудыг судалж, нэвтрүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн билээ. Стандартын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд манлайлах үүрэгтэй оролцож Болгар, Унгар зэрэг Европын орны шинэ стандартыг нутагшуулж амжилтанд хүрсэн түүхийг судалж хэрэгжүүлэх, туршлага судлах чиглэлээр Гадаад харилцааны яам, Гадаад харилцааны сайдтай хамтарч захидал илгээх, ажил хэрэг болгохыг Мэргэжлийн хяналтынханд Ерөнхий сайд үүрэг болгов.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын Хөрөнгийн Бирж байгуулагдсаны 19 жилийн ойг тохиолдуулан Хөрөнгийн биржид зочлон 3631 дэх арилжааг эхлүүлэх цан цохилоо. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлага, боломж байгааг дурьдаад 2010 он Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг идэвхитэй хөгжүүлэх шинэ үе шатыг тавьсан он жил болно гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Мэргэжлийн боксын хөнгөн жингийн дэлхийн удаа дараагийн аварга, Монгол Улсын гавъяат тамирчин Ч.Цэвээнпүрэвийг хүлээн авч уулзав. Ч.Цэвээнпүрэвийг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын тамирчин энэ оны 2 дугаар сард нутагтаа болох мэргэжлийн боксын 2 холбооны дэлхийн аваргын халз тэмцээнд дуудсан байна. Энэ тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүсч Ч.Цэвээнпүрэвт Төрийн далбаа гардуулав.