Ангилал: мэдээ-мэдээлэл

  • Унгарын Засгийн газар 25.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгоно

    Унгарын Засгийн газар 25.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгоно Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Унгарын Ерөнхий сайдын Бүрэн эрхт төлөөлөгч, Унгар, Монголын Засгийн газар хоорондын комиссын Унгарын хэсгийн дарга др. Вереш Янош бараалхав. Монгол Улсын Ерөнхий сайд Унгарын төлөөлөгчидтэй уулзахдаа таатай байгаагаа илэрхийлээд эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комисс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү Комиссын ээлжит III хуралдаан амжилттай хуралдаж өндөрлөсөнд баяртай байна.

    Манай хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад нэн талархалтай байна. Тус хуралдаанаас боловсруулан гаргасан протоколын заалтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсч байна. Танай улсын техник, эдийн засгийн туслалцаатайгаар баригдсан Биокомбинатыг шинэчлэхэд зориулан 25.0 сая ам. долларын урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэнд баяртай байна. Биокомбинатыг шинэчилснээр мал сүргийг вакцинжуулах зорилтыг бүрэн хангаж, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх болно. Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаад Монголчууд бид бэлэгшээж байна хэмээн ярилаа. 

    Унгарын төлөөлөгч Вереш Янош Ерөнхий сайд Таныг хүлээн авч уулзах боломж олгосонд талархаж байна. Бид өнөөдөр хоёр орны Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хуралдаанаа амжилттай хийж дууслаа. Бидний хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлууд хоёр орны аль алинд нь чухал асуудал байв. Хамтран ажиллах чиглэлийнхээ баримт бичгүүдийг баталлаа. Манай Засгийн газраас үзүүлж байгаа 25.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийг үр ашигтай зарцуулна гэдэгт найдаж байна. Хоёр орны Гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа улам өргөжин гүнзгийрэх болно.

    Ашигт малтмалын салбарт хамтран ажиллахаар тохиролцож баталсан гэрээ хэлэлцээр үр дүнгээ өгөх болно гэдэгт итгэлтэй байна. Хоёр талын харилцан баталгаажуулсан гэрээ хэлэлцээр, баримт бичгүүд хоёр орны харилцааны 60 жилийн ойг тэмдэглэхэд томоохон алхам болж байна. Хоёр орон цаашид аялал жуулчлалын болон нарны эрчим хүчийг ашиглах, биотехнологийн шинэчлэлийн салбарт уламжлалт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж бүрдлээ. Нийгмийн хамгааллын асуудлаар яригдсан яриа ч хэлэлцээрийн түвшинд хүрнэ гэдэгт найдаж байна. Энэ дашрамд Танд Ерөнхий сайдынхаа мэндчилгээг уламжлахын ялдамд Таныг Манай оронд тохиролцсон хугацаандаа айлчлана гэдэгт итгэлтэй байна хэмээн хэлэв

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010.01.13

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.01.13Засаг дарга нарын ажлыг үнэлэх журамд өөрчлөлт оров

    Засгийн газрын хуралдаанаар “Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ын талаар хэлэлцэж нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн батлав. Журамд дараах нэмэлт, өөрчлөлтийг орууллаа.

    Үүнд:

    •   Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг ашиглах, хэрэгжүүлэх талаар заалт нэмж оруулав. Тухайлбал, яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодруулж, тэргүүний арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сургалт зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шалгалт хийж, дүгнэлт гаргах,

    •    Яам, аймаг, нийслэлийн үйл ажиллагаанд хийсэн хяналт- шинжилгээ, үнэлгээний тайлан нь бүтэц, агуулгын хувьд харилцан адилгүй байгааг нэг загвар, жишигт оруулах зорилгоор хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, бүтэц, агуулгын хүрээг журамд тусгав.

    •    Журамд “Үйл ажиллагааны ил тод байдал”-ын үзүүлэлтийг тусгав.

    •    Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны үр дүнг үнэлэхэд харгалзан үзэх эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг оновчтой болгох талаар төв, орон нутгаас тавьсан саналыг нэгтгэн судалж, яам аймаг, нийслэлийн холбогдох ажилтнуудаар урьдчилан үе шаттай хэлэлцүүлсний үндсэн дээр зарим нэмэлт, өөрчлөлт оруулав.

    •    Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ иргэдэд хэрхэн хүрч, түүний үр дүнг иргэд хэрхэн үнэлж байгааг харуулах “Хэрэглэгчийн үнэлгээ”-г мэргэжлийн судалгааны байгууллагын захиалгын үндсэн дээр гүйцэтгүүлж байхаар болов.
     
    Товчхон:

    •    Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Мянганы сорилтын гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Байнгын хороод гэрээний төслийг дэмжсэн тохиолдолд гэрээний нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд С.Баярцогтод олгохоор болов.

    •    Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрийг зарчмын хувьд дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов. Байнгын хороо дэмжсэн тохиолдолд уг хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд С.Баярцогтод олгохоор шийдэв.

    •    Ерөнхий сайдын захирамжаар “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг ГЕГ-ын дарга Д.Цэвээнжавт олгов.

    •    Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хооронд байгуулсан гэрээний дагуу хэрэгжиж байгаа УИХ-ын ордон барих төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулан ажиллуулахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгав.

    •    Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди “Нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулав. Хуралдаанаас хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөтөлбөрт тусгагдсан зорилтыг шуурхай хэрэгжүүлэх талаар хийгдсэн ажлын явц, үр дүнг 2010 оны 4 дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.

    Томилгоо
    Ч.Наранбаатарыг Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд томилов

  • Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010.01.08

    Гашуун сухайт”, “Шивээ хүрэн”, “Ханги” боомт 24 цагийн горимд шилжинэ

    Засгийн газрын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар нүүрсний экспортын талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцээд тогтоол гаргав. Манай  Улсад 36 орд газар нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмч давамгайлсан 2, орон нутгийн өмч давамгайлсан 3 хувьцаат компани байна. Бусад нь хувийн болон гадаадын хөрөнгө оруулалтад тулгуурлан ажиллаж байгаа юм.

    Нүүрсний салбарт сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь нүүрс олборлолтын хэмжээ огцом өсч, улс орны эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй 2003 оны сүүлээс БНХАУ-д нийлүүлж, улсын эдийн засгийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлж эхэллээ. Нүүрсний экспортын хэмжээ жил бүр нэмэгдсээр өнгөрсөн оны эцсийн байдлаар 6.1 сая тонн нүүрсийг экспортод гаргажээ. Энэ нь манай улсын экспортын бүтээгдэхүүнд нүүрсний эзлэх хувийн жин нэмэгдэх нөхцөл бүрдэж буйг харуулсан үзүүлэлт юм.

    Нүүрсний экспорт нь нүүрс олборлох, тээвэрлэх, экспортлох, эдгээр үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын зүгээс хяналт тавих, зохицуулах зэрэг үйл ажиллагааны хувьд өргөн хүрээг хамрах боллоо. Иймд аж ахуйн нэгж, иргэд, төрийн байгууллагууд, орон нутгийн захиргаа, удирдлагын ажлын уялдааг хангах, зохицуулах үүрэг Засгийн газарт ногдож, нүүрс экспортлогч компаниудын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээнүүдийг авч эхлэх шаардлагатай байна.
      
    Засгийн газрын тогтоолоор:

    • Стратегийн ач холбогдолтой томоохон орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил хэрэгжиж эхлэн, нүүрс олборлох, экспортлох хэмжээ эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан “Гашуун сухайт”, “Шивээ хүрэн” боомтыг ачаа болон зорчигчдын хөдөлгөөний урсгалыг төрөлжүүлэн саадгүй нэвтрэх боломжтой, дэд бүтэц, суурин газар бүхий олон улсын жишигт нийцсэн хилийн боомт болгон өргөтгөх ерөнхий төлөвлөгөө, холбогдох төслүүдийг 2010 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт оруулах,
    • Эдгээр боомтуудад авто пүү, рентген болон шалган нэвтрүүлэх бусад тоног төхөөрөмж /гэрэлтүүлэг, камерийн хяналтын систем/ суурилуулах, лаборатори, ариутгал халдваргүйжүүлэлтийн пункт байгуулах,
    • Байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хангуулах зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” хэмээх газарт нүүрс ачиж буулгах цэгийн одоогийн үйл ажиллагааг өөрчилж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй техник, технологи нэвтрүүлж, олон улсын стандарт, жишигт нийцсэн нүүрс шилжүүлэн ачих байгууламжийг барих,
    • “Гашуун сухайт”, “Шивээ хүрэн”, “Ханги” боомтыг энэ оны 2 дугаар сард багтаан 24 цагийн үйл ажиллагаатай, олон улсын боомт болгох талаар БНХАУ-ын талтай холбогдох хэлэлцээ хийж хэрэгжүүлэх арга хэмжээ авах,
    • Тус боомтууд 24 цагийн горимд шилжихтэй холбогдуулан хил, гааль, хяналтын байгууллагын орон тоог нэмэгдүүлэх, шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж, Засгийн газарт энэ оны 1 дүгээр улиралд багтаан оруулах,
    • Улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолж байгаа аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөөр Тавантолгойн орд газраас “Гашуун сухайт болон “Ханги” хүртэл автозам бариулах зэрэг асуудлыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
    Түүнчлэн аж ахуйн нэгж, компани, төрийн захиргааны байгууллага, нутгийн удирдлагын байгууллагын ажлын уялдаа холбоог хангаж, хилийн боомтын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулахаар шийдвэрлэв.

    Товчхон:

    • 2010 оны 1 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын III хуралдааныг зохион байгуулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах болов.

  • Тогтоолын төслийг өргөн барив

    Тогтоолын төслийг өргөн барив Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2010 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив. Хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, эдийн засаг дахь төрийн хувь хэмжээг багасгаж хувийн хэвшил, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн өмчит компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор энэхүү тогтоолын төслийг боловсрууллаа.

    Өмч хувьчлахад өмнө нь хэрэглэж байсан дуудлага худалдаа зэрэг уламжлалт аргыг хэрэглэнэ. Гэвч улс орны эдийн засгийг хөгжүүлэх гол хөшүүрэг нь хөрөнгийн зах зээл тул үүнийг гол механизм болгон ашиглахыг зорилоо хэмээн Ерөнхий сайд С.Батболд хэлэв. “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэл”-ийн төсөлд уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын зарим төрийн өмчит хуулийн этгээдийг хамруулахаар тусгасан бөгөөд эрүүл мэндийн болон боловсролын салбарын өмчийг хувьчлах шаардлагагүй гэж үзэж байна.

    “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар улс орны эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн зохистой хэлбэрийг бий болгох зорилтыг хангахад тодорхой дэвшил гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд уг тогтоолын төслийг энэ намрын чуулган завсарлахаас өмнө хэлэлцүүлж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2010.01.06

    Иргэн хишиг, хувь хүртэх журмыг батлав

    Засгийн газрын 2010 оны анхны ээлжит хуралдаан хуралдаж олон асуудал хэлэлцсэний дотор  Иргэнд хишиг, хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай  тогтоол гаргахаар болов.

    Уг тогтоолоор:
    • “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”, “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”, “Хүний хөгжил сан” дэвтрийн загварыг батлав.
    • Иргэний бүртгэлийн зөрчилгүй иргэдэд Хүний хөгжил сангаас хишиг, хувь үе шаттай хүртээх ажлыг 2010 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулахыг НХХ-ийн сайд Т.Гандид,
    • Иргэнд 2010 онд олгох хишиг, хувийг 2 хувааж олгох бөгөөд эхний ээлжинд 70.000 төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгоход шаардагдах хөрөнгийг тухай бүрд нь санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод,
    • Иргэн бүрт олгох “Хүний хөгжил сан” дэвтэр, маягт хэвлүүлэх ажлын гүйцэтгэгчийг энэхүү ажлыг хийж гүйцэтгэх чадвартай этгээдүүдийг оролцуулан, үнэ болон нийлүүлэх хугацааг харгалзан шууд гэрээ байгуулах аргаар сонгон шалгаруулахыг НХХ-ийн сайд Т.Гандид,
    • Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 онд явуулахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт,
    • Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг сар бүр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарт,
    • Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэнд хишиг, хувь хүртээх дэвтэр олгох, хишиг, хувийг 2010 онд багтаан хүртээж дуусгахыг НХХ-ийн сайд Т.Гандид,
    • Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх, Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээх ажлыг зохион байгуулахад иргэний бүртгэл болон нийгмийн халамжийн байгууллагад бүх талын дэмжлэг үзүүлж, эрх хэмжээнийхээ хүрээнд хүн хүч, хөрөнгө нөөц дайчлан гаргаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

    Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журмаас:

    Иргэн хишиг, хувь хүртэхийн тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.  Үүнд:
    • Иргэний үнэмлэх, 16-аас доош насны хүүхдэд төрсний гэрчилгээ,
    • 16-аас доош насны хүүхдийн хувьд эх /эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн иргэний үнэмлэх,
    • Хэрэв хүүхэд асрамжийн газарт байгаа бол тухайн асрамжийн газрын тодорхойлолт,
    • Гэр бүлийн тухай хуулийн 66.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг даргын шийдвэр, түүний хуулбар,
    • Хүний хөгжил сангийн тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан иргэний хишиг, хувийг авах бол нас барсны гэрчилгээ, түүний хуулбар, / Тайлбар: Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд тухайн иргэнд хуваарилагдсан боловч аваагүй байсан хишиг, хувийг өв залгамжлагчид нь олгож болно /
    • Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулийн газрын тодорхойлолт, итгэмжлэл зэрэг юм.

    Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэв
         
    Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн барихаас өмнө ажлын журмаар дахин ярилцаад дараа нь УИХ-д өргөн барихаар болов. Энэ хуулийн төслийг батлан мөрдүүлснээр төсвийн бодлого, стратегийг тодорхойлоход төсвийн удирдлагын  зарчим ба төсвийн тусгай шаардлагыг тогтоож, дунд, урт хугацааны төсвийн тогтвортой байдлыг хангахад хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагын үүрэг хариуцлага өндөрсөж, төсвийн тусгай шаардлагад суурилсан төсвийн удирдлагын эрх зүйн шинэ орчин бүрдэх юм.               

    Нягтлан бодох бүртгэлийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр хөтлөнө

    Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Уг төслөөр тус хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар шийдэв.

    Үүнд:

    • “харилцагч санхүүгийн байгууллага” гэсэн нэр томъёог уг хуулийн нэр томъёоны хэсэгт нэмж тусгах,
    • “аж ахуйн нэгж байгууллага нь улирал, жилийн санхүүгийн тайланг батлагдсан маягтаар болон цахим хэлбэрээр хуульд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад тушаана” гэж нэмэх,
    • “шийтгэврийн хуудасны загварыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлана” гэж оруулах,
    • Нягтлан бодох бүртгэлийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр хөтлөнө гэж өөрчлөн найруулахаар боллоо.

    Товчхон

    • 2010 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр БНЭУ-ын Шинэ Дели хотноо болох Улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, соёлын салбарын хамтын ажиллагааны Монгол-Энэтхэгийн хамтарсан хорооны II хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Тус хуралдаанд оролцох төлөөлөгчдийг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр ахлах юм.
    • Томуугийн цартахлын А хүрээний шинэ вирүсын халдварын өвчлөл үргэлжилсээр байгаатай холбогдуулан  ИБУИНВУ-аас худалдан авах 540.000 хүн/ тун вакцины үнэ, тариур, тээврийн зардалд шаардагдах 2.500.000.000 /хоёр тэрбум таван зуун сая/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
    • “Ус” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
    • Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Говьсүмбэр, Дорноговь аймгийн зарим сумын нутгийг хамран орших Чойрын богд уул, Бүрдэнэ булаг, Арван наймын Богд уул, Дундговь аймгийн Дэлгэрхангай уул, Сүхбаатар аймгийн Онгон таван булаг, тэдгээрийн орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Дундговь  аймгийн нутагт орших Бага газрын чулуу, түүний орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар болов.
    • Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг 2010 оны 1 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд Канад Улсад ажлын айлчлал, 2010 оны 1 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд АНУ-д ажлын айлчлал хийхийг зөвшөөрөв.
    • Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр “Сонгодог урлаг”, “Үндэсний өвийг тоон системд оруулан хадгалах” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг тус тус танилцуулав.
    • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг 2010 оны 1-дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд БНТУ-д ажлын айлчлал хийхийг зөвшөөрч, удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов
    • Газрын тосны хайгуулын Дарьганга-XXIV талбайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар, “Апекспро Инвестмент Лтд” компанитай байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн хуралдаан дээр гаргасан саналыг тусган ҮАБЗ-д танилцуулахаар тогтов

  • Ерөнхий сайд НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

    ЕРӨНХИЙ САЙД НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Дебора Коминиг хүлээн авч уулзав. Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа үр дүнтэй байгааг Ерөнхий сайд тэмдэглээд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн  Монгол Улсад айлчилсан нь чухал үйл явдал гэж онцлов.

    НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ, түүний үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хатагтай Дебора Коминигийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. НҮБ-тай харилцах харилцаа нь бусад улс оронд загвар болж байдгийг хатагтай Дебора Комини хэлээд Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төвийг Монгол Улсад нээсэн нь чухал үйл явдал гэж тэмдэглэв. Мөн Мянганы хөгжлийн зорилтуудыг Монгол Улс амжилттай хэрэгжүүлж байгааг хатагтай Дебора Комини үнэлэв.

    2011 онд Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой тохионо. Цаашид талууд хөгжлийн тулгамдсан асуудал, уул уурхай, байгаль орчин, хүн амын бодлого зэрэг чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлыг НҮБ тууштай дэмжинэ гэж хатагтай Дебора Комини хэллээ.
    НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Дебора Комини үүрэгт ажлаа хүлээлгэн өгч бүрмөсөн нутаг буцах юм

  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.12.30

    2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ээр зарлав

    Засгийн газрын энэ оны отгон хуралдаан буюу 86 дахь хуралдаанаас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж тогтоол гаргав. Уг тогтоолд:
    • “Бизнесийн орчныг шинэтгэх талаар хууль, тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулах,
    • Засгийн газар, эрх бүхий албан тушаалтнаас батлан гаргасан бизнесийн холбогдолтой дүрэм, журмыг шинэчлэх ажлыг хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлэх,
    • Энэ ажлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хуралдаанаар батлуулах,
    • “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд   эрхэлсэн салбар, харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллахыг  холбогдох албан тушаалтнуудад даалгах зэрэг заалт орлоо. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийг Ерөнхий сайд даргалах бөгөөд орлогч дарга нь Тэргүүн шадар сайд байх юм.

    Гишүүд нь Сангийн, ЗТХБ-ын, ХХААХҮ-ийн ЭБЭХ-ний сайд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга болон ГХЯ, БСШУЯ, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ХЗДХЯ, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газар, ТӨХ, МҮХАҮТ, Хөрөнгийн бирж, ГЕГ, ТЕГ, МХЕГ зэрэг байгууллагаас төлөөлөл орох боллоо. Энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлын тухай тодорхой хугацаанд олон нийтэд нээлттэй  шуурхай мэдээлж байхыг Ерөнхий сайд үүрэг болгов.

    Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүлнэ       

    “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэл”-ийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 

    Үндсэн чиглэлийн зорилго нь:
    • хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх,
    • төрийн өмчит хувьцаат компанийн хувьцааг хөрөнгийн биржээр арилжих, нэмэлт хувьцаа гаргаж нийтэд санал болгох /IPO хийх/ замаар төрийн оролцоог багасган хувийн хөрөнгө оруулалтыг татах явдал юм.

    Хувьчлалын үндсэн зарчим нь:
    • эдийн засаг дахь төрийн хувь хэмжээг багасгаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх,
    • төрийн өмчийн салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф зах зээлийн зарчмаар тогтох боломжийг бүрдүүлэх,
    • төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнтэй арга хэлбэрийг нэвтрүүлэх, түүнд олон улсын дэмжлэг, зөвлөгөөг ашиглах явдал хэмээн үзэж байна.

    Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг тогтоов

    Эрүүл мэндийн даатгалын 2010 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай хэлэлцээд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг үндэслэн тогтоол гаргахаар шийдвэрлэв.

    Уг тогтоолд:
    • 2009 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь байхаар тогтоох,
    • Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг даатгуулагчийн шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын хураамжийг 500 төгрөгөөр, гадаадын иргэн, харъяалалгүй хүний сарын хураамжийг 4000 төгрөгөөр тус тус тогтоох  тухай заалаа.

    Товчхон:
    • УИХ-ын гишүүн Г.Баярсайханы санаачлан боловсруулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган зарчмын хувьд дэмжиж буйгаа хууль санаачлагчид уламжлахаар болов.
    • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Ази, Номхон далайн бүс нутгийн хүн амыг шувууны томуугаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хянах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээний төслийг зарчмын хувьд дэмжиж, хэлэлцээ хийсний дараа уг гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд С.Баярцогтод олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг гаргахаар тогтов.
    • Шинээр үүсгэн байгуулагдсан Төрийн банкны үйл ажиллагааг дэмжих, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 100.0 /нэг зуу/ тэрбум хүртэл төгрөгтэй тэнцэх Засгийн газрын бондыг арилжаалахыг Сангийн сайдад зөвшөөрөв.
    • Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны шинэ буудлын зорчигч үйлчилгээний гол барилгын архитектурын шийдлийн талаарх хувилбартай танилцав

  • Ерөнхий сайд МҮОНР-д ярилцлага өглөө

    Ерөнхий сайд МҮОНР-д ярилцлага өглөө Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн сурвалжлагчид  2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ярилцлага өгөв. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд улиран өнгөрч буй онд улс орны хэмжээнд олсон ололт, үзүүлсэн амжилтыг нэгтгэн дүгнэхдээ Эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэх боломжийг хангасан томоохон төслүүд хэрэгжих үндэс суурь нь тавигдсан жил боллоо. Үр тариа, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц ургац хураан авлаа. Шинээр шийдвэрлэх олон ажлын эхлэлийг тавьсан он байлаа. Мөн сургамж дагуулсан жил байв.

    Монголчууд бидэнд эд баялаг, хүний нөөцийн боломж байна. Бодлогын суурь ч бүрэлдсэн. Хамгийн гол нь нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглахын тулд зөв бодлого баримтлах, тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх, харилцан ойлголцох, тогтвортой ажиллах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь юу юунаас чухал гэдгийг ойлгуулсан жил байлаа гэж дүгнэж болох юм. Цаашид улсынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтыг оновчтой болгох, уул уурхайн салбарыг  эдийн засгийн эргэлтэд баттай оруулах, орлогыг хүн рүүгээ чиглэсэн бодлого баримтлах гэх зэрэг нэн тэргүүн ээлжинд анхаарах олон асуудал байна” гэлээ.

    Түүнчлэн монгол хүн бүр эрүүл, ажилтай, боловсролтой байх боломжийг хангахын төлөө анхаарах, төрийн байгууллагын бүх шатанд хүнд суртлыг арилгах, төр, иргэдийн хоорондын харилцаа тунгалаг, нээлттэй, ойлгомжтой байх, иргэний оролцоо, хяналтыг идэвхжүүлэх нь манай ажлын үндсэн зорилго юм гэв. Дараа нь Ерөнхий сайд С.Батболд цаг үеийн асуудлаар сурвалжлагчийн асуултад хариулав

  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын эрүүл мэндийн салбарынхантай уулзахдаа хэлсэн үг

    ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ШИНЭЧЛЭЛИЙГ ЦОГЦООР НЬ ХИЙЦГЭЭЕ

    Хүн эрүүл байвал бүхнийг хийнэ. Эрүүл мэндийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна.

    Орчин үед аливаа улсын дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг эрүүл иргэдээ хэрхэн хөгжүүлснээр нь тодорхойлдог боллоо. Тиймээс би “эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай Монгол хүнийг төлөвшүүлэх” талаар өөрийн үзэл бодол байр сууриа илэрхийлж байгаа билээ. Сая эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй олон зүйлүүдтэй танилцлаа. Өндөр технологийг ашиглаж, зайн оношилгоо хийх, теле медициний талаар сайн эхлэлүүд байна. Мөн эрүүл мэндийн салбарын интернет номын санг байгуулж сайхан үйл хэргийг эхлүүлж буйд баяр хүргэе. Эрүүл мэндийн салбар том модоор төсөөлвөл мөчир хэсгээрээ ургаж байгаа боловч үндэс суурь нь хир зөв тавигдсан бэ гэдэг нь эргэлзээтэй байна.

    Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт олсон ололт, нааштай зүйл олон байна. Гэвч эмчилгээ оношилгооны чанарыг дээшлүүлэх, эмнэлгийн үйлчилгээнд иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй болгох гэх мэт олон тулгамдсан асуудлууд бидний өмнө бий. Тиймээс бид хийж амжаагүй зүйл, хүлээгдэж буй үр дүнд бодит дүгнэлт өгч, тулгарч буй бэрхшээл, түүнийг гэтлэх арга зам, салбараа хэрхэн хурдацтай шинэчлэх гарцыг тодорхойлох талаар ярилцах ёстой. Эрүүл мэндийн салбарт шинэчлэлийг цогцоор нь зорилготой, бүх шатанд хийж, уялдаа холбоотойгоор ахиц дэвшилд хүргэх шаардлага байна. Монголынхоо хүн амын тоог улам нэмэгдүүлэх, ард иргэдээ эрүүл байлгах үүднээс эрүүл мэндийн салбарт шинэчлэлийг дараах гурван чиглэлээр явуулах нь зүйтэй.Үүнд :
     
    1.    Хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс хэвшүүлэх,

    2.    Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ давамгайлсан тогтоцлоог бий болгох,

    3.    Оношилгоо, эмчилгээний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох,

    Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг иж бүрнээр өөрчлөхөөр боловсруулагдаж буй хууль, дүрэм, журам нь цаашид хийх цогц шинэчлэлийн үндэс суурь болох учиртай. Дээр дурдсан зорилтуудаа ойрын хугацаанд бодит ажил хэрэг болгохын тулд Эрүүл мэндийн салбарын байгууллага хоорондын уялдаа бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, санхүүжилтийг өөрчлөх, хүний нөөцийн хөгжилд онцгой анхаарч нэгдмэл нэг чадавхи, тогтолцоонд шилжих хэрэгтэй.

    Эрүүл мэндийн салбарын байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр:
     
    Өнөөгийн бүтэц зохион байгуулалтыг цаашид оновчтой болгон шинэчилж, салбарууд нь саланги задгай, бие биедээ саад тотгор болох биш, уялдаа холбоотой болох зорилт тавьж ажиллах учиртай. Тиймээс эрүүл мэндийн тухай хуульд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгүүд, төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн үйл ажиллагааны уялдааг хангах, холбогдох мэргэжлийн хүмүүсийн саналыг тусгаж Засгийн газраар хэлэлцүүлэн УИХ-аар батлуулахыг ЭМЯ-нд үүрэг болгож байна. Түүнчлэн Улаанбаатарын эмнэлгүүдийн тогтолцоог ч эргэж харах, боловсронгуй болгох шаардлага байгааг тэмдэглэх нь зүйтэй. Хүн хоорондын харилцааны чиглэлээр биш системийн өөрчлөлтөөр хангах нь чухал байна.
     
    Хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс хэвшүүлэх, эрүүл орчин бүрдүүлэх чиглэлээр:  
     
    Монголчууд бид сэтгэлгээний том өвчтэй байна. Бид ард иргэдээ өвчилсөн хойно нь эмчлэх биш өвчлөхөөс нь өмнө сэргийлдэг тогтолцоог бий болгомоор байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж, төсвийн хөрөнгийг энэ чиглэлд зарцуулдаг болох хэрэгтэй. Тиймээс дархлаажуулалтын томоохон хөтөлбөрийг энэ салбарт хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх хэрэгцээ, шаардлага ч бас байна. Мөн хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх талаар бүх нийтийг хамарсан кампанит ажлыг зохион байгуулах шаардлагатай.

    Эрүүл аж төрөх ажил нь бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх энэ ажлаас эхлэнэ. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт эрүүл хүнс хэрэглэх, эрүүл ахуйн дэглэм сахих, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх цогц мэдлэг эзэмшүүлэх бодит алхам хийх хэрэгтэй. Орчин үеийн дэлхийн боловсролын тогтолцоонд хүүхэд багаасаа бие бялдараа хэрхэн хөгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах аргачлал Мичиганы загвар зэргийг боловсрол сургалтын хөтөлбөрт оруулсан байдаг. Энэ мэт бэлэн хэв загвар, хэм хэмжээг шууд нутагшуулан хэрэглэх хэрэгтэй. Ер нь бүх нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг иргэний боловсролын нэгдсэн тогтолцооны нэг гол асуудал болгон суулгаж өгөх талаар тодорхой хөтөлбөр боловсруулж Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй.

    Биеийн тамираар тогтмол хичээллэх зуршил мөн л бага наснаас төлөвшиж амьдралын нэг хэв маяг болдог. Манай иргэд биеийн тамираар тогтмол хичээллэх боломж хомсоос гадна тийм орчин нөхцөл бас үгүйлэгдэж байна. Энэ асуудалд шинэ хандлага, санаачилга чухал. Эрүүл хот, эрүүл ажлын байр, эрүүл сургууль санаачилгыг дэмжин тэтгэх талаар томоохон алхам хийх цаг болсон. Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх бодлогыг УИХ-аар саяхан баталлаа.

    Үүнийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллах нь зөв болно. Бидний хувьд бодитой ажил болгох ёстой нэг ажил бол архи, тамхи үл хэрэглэх, осол гэмтлээс зайлсхийх зэргээр эрсдэлт зан үйлээс татгалзах нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэхэд онцлон анхаарах хэрэгтэй. Архидалттай тэмцэх ажил тодорхой үр дүнд хүрээгүй байтал шинээр  мансуурах донгийн асуудал тавигдаж эхлэх боллоо. Үл тэвчих, үл хэрэглэх нийгмийн орчинг бүрдүүлэх талаар шинэлэг бодлогыг ажил хэрэг болгох шаардлагатай.
     
    Орчин үед эмийн хэрэглээний асуудал зарим талаараа хорт зуршлын хэмжээнд хүрлээ. Эм, сүлжээний гэж нэрлэгддэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүний замбараагүй хэрэглээ иргэдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулаад зогсохгүй, айл гэрийн эдийн засагт ихээхэн дарамт болж байна. Иймээс хууль тогтоомжийг ягштал мөрдүүлэх, шаардлагатай бол эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх талаар санаачилгатай ажиллахыг мэргэжлийн хяналт эрхэлсэн байгууллага анхаарах хэрэгтэй. Мөн цар тахал, гамшгийн үед эмийн үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх талаар холбогдох хүмүүс бодлого боловсруулан мөрдлөг болгох арга хэмжээ авахыг үүрэг болгож байна. Үүнтэй холбогдуулан манай уламжлалт анагаах ухаанд суурилсан үндэсний эмийн үйлдвэрлэлийг ч гэсэн дэмжиж хөгжүүлэх нь зүйтэй. 
     
    Эрүүл мэндийн салбарын хувьд томоохон асуудал бол санхүүжилтийн тогтолцоог өөрчилж, олон улсын стандартад нийцүүлэх:
     
    Эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулах олон шаардлага цаг үеэс урган гарч наад зах нь манай 30 гаруй мянган иргэд гадаад оронд оношилгоо, эмчилгээ хийлгэхээр явж, олон арван сая доллар зарцуулсан тухай мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл манай улсын эрүүл мэндийн салбарт зарцуулагдах учиртай ихээхэн хэмжээний мөнгө гадаад урсгалтай боллоо. Энэ нь иргэд маань гадаадын эмнэлгүүдийг хөгжихөд бус дотоодынхоо эмнэлгийг хөгжихөд хувь нэмрээ оруулдаг механизмыг бүрдүүлэхийг шаардаж байгаа хэрэг. Тийм учраас олон улсын стандарт шаардлагад нийцсэн оношилгоо, эмчилгээний төвийг аль нэг нэгдсэн эмнэлгийг түшиглэн гадаадын зээл тусламжийн хүрээнд төсөл болгон хэрэгжүүлэх шаардлагатай байна. Засгийн газрын зүгээс зохих дэмжлэгийг үзүүлэх болно. 

    Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх, эрүүл мэндийн даатгалыг бэхжүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх ажлын хэсэг байгуулж асуудлыг холбогдох газруудаар хэлэлцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй. Манай улсын эрүүл мэндийн зардалд төсвийн санхүүжилтийн эзлэх хувийн жин сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж 2008 онд 79 хувьд хүрсэн. Харин эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн эзлэх хувь эсэргээрээ буурч 18 хувь болсон явдал бол энэ салбарын санхүүжилтийн тогтолцооны нэг гажуудал юм.

    Төрөөс эмнэлгийн тусламж үйлчилгээг шууд санхүүжүүлэх биш бүх нийтийг хамарсан, өрсөлдөөнт, хоёр шатлалтай даатгалын тогтолцооны хүрээнд шийдвэрлэдэг олон улсын стандарт байна. Эмнэлгийн үйлчилгээний өрсөлдөөнт орчинг бүрдүүлснээр эмнэлгийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж харагдаж байгааг манай хоёр хөрш орны туршлагаас харах ёстой. Монголын эмнэлгүүдийг ингэж хөгжих орчинг бүрдүүлэх нь бидний нэг зорилт байх учиртай.

    Бодлогын энэхүү шинэ чиглэлийг хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн суурь үзэл баримтлалын баримт бичгийг боловсруулж шийдвэрлүүлэх талаар Эрүүл мэндийн яамны удирдлагууд анхаарч холбогдох бусад байгууллагуудтай хамтран шийдвэрлэхийг үүрэг болгож байна. Манай эрүүл мэндийн салбарт осол аваар, гэнэтийн болгоомжгүй зүйлээс үүдэлтэй төлөвлөгдөөгүй зардал их гарч түүнийг нь улс нуруун дээрээ үүрч байна. Тиймээс цаашид төлөвлөгдөөгүй зардлыг буруутай этгээдээр нь төлүүлэх хууль эрх зүйн орчинг нь бий болгох хэрэгтэй. Энд манай эрүүл мэндийн яам анхаарч ажиллах ёстой.
     
    Төсвийн хөрөнгөөр эрүүл мэндийн салбарт бараа, үйлчилгээ нийлүүлэх сонгон шалгаруулалт шударга бус явагддаг тухай мэдээлэл их бий. Сонгон шалгаруулалтын дүнд авсан бараа бүтээгдэхүүн нь орчин үеийн техник технологийг тэтгэх бус тоног төхөөрөмжийн цуглуулга болсон цөөнгүй жишээ байна. Иймээс эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлыг багцаар нь шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Тухайлбал орчин үеийн шаардлагад нийцсэн техник, найдвартай засвар үйлчилгээ, мэдээллийн нэгдсэн тогтолцооны цахим хувилбар, хүний нөөцийн сургалт гэсэн олон улсын жишиг байдлаар шийдвэрлэх нь зүйтэй. Тиймээс Засгийн газар аливаа тендер буюу бараа, үйлчилгээ худалдан авахыг зохицуулж буй хууль эрх зүйн орчинг өөрчлөх талаар холбогдох хүмүүст нь үүрэг даалгавар өгсөн.   

    Эрүүл мэндийн салбарын уялдаа холбоог сайжруулж, хүний нөөцийн хэрэгцээг хангах асуудал байна.

    Сүүлийн жилүүдэд манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөц гүнзгий хямралд ороод байна. Тухайлбал хөдөө орон нутагт ялангуяа сум, сум дундын эмнэлэгт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эрс дутагдаж, хүн амын 40 орчим хувийг эзэлдэг хөдөөгийн иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хангалттай түвшинд авч чадахгүйд хүрлээ. Тиймээс ур чадвартай, ажиллах эрмэлзэлтэй хүний нөөцийг оновчтой төлөвлөх, сургаж чадавхийг нь дээшлүүлэх, тэнцвэртэй тоогоор байршуулан ажиллуулах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа сул, хамтын ажиллагаа дутагдалтай байна. Уг нь иргэн бүр эрүүл мэндийн тэгш хүртээмжтэй, чанартай үйлчилгээг баталгаатай хүртэх эрх зүйн орчинтой байх ёстой.

    Нийслэл, аймгийн төвүүдэд засаг захиргааны бүтцийг дагуулж бус харин иргэдийн чөлөөт сонголтыг хангасан байдлаар өрхийн эмнэлгийг хөгжүүлэх нь зүйтэй. Харин сум, багийн түвшинд өөр зарчим барих шаардлагатай. Сумын эмнэлгийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх төдийгүй нийгмийн эрүүл мэндийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлдэг гол бүтэц болгон шинэлэг байдлаар хөгжүүлэхийг цаг үе биднээс шаардаж байна.

    Олон улсын хандивлагч байгууллагуудаас эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр оруулдаг хандив тусламжийг нэгдсэн нэг санд төвлөрүүлэн, нэг удирдлагаар хангаж, зориулалтаар нь зүй зохистой ашиглах хэрэгтэй. Эх үүсвэрийн зонхилох хэсгийг буцалтгүй тусламж, хандиваар бүрдүүлдэг, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах нь зөв.

    Эдгээр зорилтуудаа ойрын хугцаанд бодитой ажил хэрэг болгохын тулд эрүүл мэндийн салбарын удирдлагууд идэвхи, санаачлагатай ажиллах шаардлагатай. Ард иргэд өөрийн орны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд итгэх итгэл буурах болсон хандлагыг өөрчилж, эрүүл мэндийн боловсрол олгох төгсөлтийн өмнөх, дараах сургалтын чанарт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Сургалт явуулах орчин, дадлага хийх эмнэлгээр хангах нөхцлийг сайжруулж, олон улсын эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд ЭМЯ, БСШУЯ хамтран анхаарч ажиллахыг даалгаж байна.

    Эрүүл мэндийн салбарын удирдлагууд,

    Эмч, эмнэлгийн ажилтнууд аа,
     
    Төр засаг хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож буй та бүхнийхээ цалин хангамж, ажиллах нөхцөл, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах болно. Ялангуяа алслагдсан хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад нэмэгдэл, урамшуулал олгохыг саяхан Эрүүл мэндийн хүний нөөцийн зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцэж уг асуудлыг боловсруулах чиглэл өгсөн. Мөн 4000 орон сууц хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт ажиллагсадаас 675 хүнд хөнгөлттэй нөхцлөөр орон сууц олгохоор квот тогтоож өглөө. Энэ мэтээр нийгмийн асуудалд бодитой хандах ёстой гэж бодож байна.

    Хүний амьдрал, эрүүл явахтай холбоотой байдаг энэ салбартаа шинэчлэлийг цаг алдалгүй цогцоор нь хийх шаардлага байна. Өнөөгийн салбарынхаа бодит байдалдаа зөв дүгнэлт өгч, өөрчлөлтийг үр дүнтэй болгоё. Энэ салбарын өөрчлөлт шинэчлэлтээс ард түмний маань, Монголчууд бидний  амьд явах, амьдралын баталгаа, эрүүл аж төрөх ёс зүй гээд олон зүйл шалтгаална. Шинэчлэлийг цогцоор нь бид хамтдаа хийж чадна. Засгийн газар та бүхэнтэйгээ хамтран ажиллах, бодлого зорилгоо хэрэгжүүлэхэд бэлэн байна. 

    Амжилт хүсье. Баярлалаа.

  • С.Батболд : Эрүүл мэндийн салбар том модоор төсөөлвөл мөчир хэсгээрээ ургаж байгаа боловч үндэс нь хир зөв тавигдсан бэ гэдэг эргэлзээтэй байна

    С.Батболд : Эрүүл мэндийн салбар том модоор төсөөлвөл мөчир хэсгээрээ ургаж байгаа боловч үндэс нь хир зөв тавигдсан бэ гэдэг эргэлзээтэй байнаМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн яамны байранд эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзлаа. Аливаа улсын дэлхийд өрсөлдөх чадварыг эрүүл иргэдээ хэрхэн хөгжүүлснээр нь тодорхойлдог. Иймээс “Эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай Монгол хүнийг төлөвшүүлэх” талаар үзэл бодол, байр сууриа илэрхийлж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглэв. Эрүүл мэндийн салбарт олсон ололт, амжилт их ч цаашид анхаарах, тулгамдсан асуудал ч цөөнгүй байна. Иймээс энэ салбарын шинэчлэлийг бүх шатанд цогцоор нь, зорилготой, уялдаа холбоотой хийх нь ахиц дэвшилд хүрэх арга зам гэж Ерөнхий сайд үзэж байна.

    Шинэчлэлийг хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс хэвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ давамгайлсан тогтолцоо бий болгох, оношлогоо, эмчилгээний чанарыг олон улсын стандартад хүргэж, тэгш, хүртээмжтэй болгох чиглэлээр хийх нь зүйтэй гэж Ерөнхий сайд хэлэв. Эрүүл мэндийн байгууллага хоорондын уялдаа, холбоо, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, санхүүжилтийг өөрчлөх, хүний нөөцийн хөгжилд онцгой анхаарч нэгдмэл чадавхи, тогтолцоонд шилжих хэрэгтэй гэж Ерөнхий сайд үзэж байна. Эрүүл мэндийн тухай хуульд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгүүд, төрөлжсөн мэргэжлийн  төвүүдийн үйл ажиллагааны уялдааг хангах, мэргэжлийн хүмүүсийн саналыг тусган Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-аар батлуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгов.

    Мөн Улаанбаатар хотын эмнэлгүүдийн  тогтолцоог ч эргэж харах, боловсронгуй болгох шаардлага байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Ард иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгож төсвийн хөрөнгийг энэ чиглэлд зарцуулдаг болох  нь чухал гэж Ерөнхий сайд үзэж байна. Хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх талаар бүх нийтийг хамарсан ажил зохиох, иргэдийг нийтийн бие тамираар хичээллэдэг орчин нөхцөл бүрдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

    Эм, сүлжээний гэж нэрлэгддэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүний замбараагүй хэрэглээг хязгаарлах, хууль тогтоомжийг мөрдүүлж, шаардлагатай бол хууль, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэхэд санаачлагатай хандахыг Ерөнхий сайд анхааруулав. Мөн цар тахал, гамшгийн үед эмийн үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх талаар бодлого боловсруулан мөрдлөг болгох, үүнтэй холбогдуулан уламжлалт анагаах ухаанд суурилсан үндэсний эмийн үйлдвэрлэлийг ч дэмжиж, хөгжүүлэхийг  холбогдох байгууллага, хүмүүст үүрэг болгосон байна. Жилд манай 30 гаруй мянган иргэн гадаад оронд их хэмжээний мөнгө зарцуулж, оношлогоо, эмчилгээ хийлгэдэг. Энэ тогтолцоог өөрчлөн олон улсын стандартад нийцсэн оношлогоо, эмчилгээний төвийг гадаадын зээл, тусламжийн хүрээнд байгуулах, шаардлагатай бол Засгийн газар ч дэмжлэг үзүүлнэ гэж Ерөнхий сайд хэлэв.

    Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх, даатгалыг бэхжүүлэх, эрх зүйн орчин бүрдүүлэх ажлын хэсэг байгуулж асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. Гадаадын орнуудад төрөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээг шууд санхүүжүүлэх бус, харин бүх нийтийг хамарсан, өрсөлдөөнт, хоёр шатлалтай даатгалын тогтолцооны хүрээнд шийдвэрлэдэг стандарт тогтсон. Үүнийг нэвтрүүлэхийн тулд санхүүжилтийн суурь үзэл баримтлалын баримт бичгийг боловсруулж, шийдвэрлүүлэхийг Эрүүл мэндийн яамны удирдлагад үүрэг болгов.
    Осол аваар, гэнэтийн болгоомжгүй зүйлээс болж гарч байгаа төлөвлөгдөөгүй  зардлыг улс нуруундаа үүрдэгийг болиулж буруутай этгээдээр төлүүлдэг хууль, эрх зүйн орчин бий болгох нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байна.

    Бараа, үйлчилгээ нийлүүлэх сонгон шалгаруулалт шударга бус явагддаг тухай мэдээлэл их гардаг. Үүнийг цэгцлэхийн тулд тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шийддэг байхыг Ерөнхий сайд зөвлөж Засгийн газар ч холбогдох арга хэмжээг авна гэв. Хөдөө орон нутагт эмч, эмнэлгийн ажилтнуудын тоо эрс дутагдалтай байгаад дүгнэлт хийн хүний нөөцийг оновчтой төлөвлөх, ажиллах хүний чадавхийг дээшлүүлэх, тэнцвэртэй тоогоор байршуулахад анхаарахыг Ерөнхий сайд сануулав.

    Нийслэл, аймгийн төвүүдэд өрхийн эмнэлгээ иргэд сонгодог байх, сумдын түвшинд анхан шатны тусламж үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлдэг гол бүтэц болгож шинэ байдлаар хөгжүүлэх цаг болсныг Ерөнхий сайд анхаарууллаа. Олон улсын хандивлагч байгууллагаас үзүүлж байгаа хандив, тусламжийг нэгдсэн нэг санд төвлөрүүлэн, нэг удирдлагаар хангаж, зориулалтын дагуу зарцуулах, эх үүсвэрийн зонхилох хэсгийг буцалтгүй тусламж, хандиваар бүрдүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах нь зөв гэж Ерөнхий сайд үзэж байна.

    Гадны эмнэлэг, эмчийг шүтсэн буруу жишгийг өөрчлөхийн тулд бэлтгэн гаргаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын чанарт онцгой анхаарах, орчин нөхцлийг нь бүрдүүлэхийг Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд даалгав. Эрүүл мэндийн салбарынхны нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд амаллаа. Алслагдсан, хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад нэмэгдэл, урамшуулал олгох асуудал боловсруулахыг даалгасан. Мөн салбарын 675 хүнд хөнгөлттэй нөхцлөөр орон сууц олгохоор квот тогтоосныг Ерөнхий сайд хэлэв.  

    Ерөнхий сайд С.Батболдыг үг хэлсний дараа Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Шастины нэрэмжит клиникийн 3 дугаар эмнэлэг, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олон онлайнаар холбогдож ажлаа танилцуулан тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар саналаа хэлэв. Төр , засгаас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч шаардлагатай арга хэмжээ авч байгааг эмч нар үнэлж байгаагаа илэрхийллээ.

    Гэмтэл, согог судлалын үндэсний төв гэхэд л нарийн мэргэжлийн тоног, төхөөрөмжтэй болсноор гадаадад өндөр үнэтэй хийдэг өвдөг, түнх, нурууны мэс заслыг эх орондоо амжилттай хийж байгааг Ерөнхий сайдад дуулгав. “Цаашид мэс заслын тоног төхөөрөмж, материал, хэрэгслийг  гаалийн татвараас чөлөөлөх, тухай эмнэлэг үйлдвэрлэгчтэй шууд харилцан шаардлагатай зүйлсээ авдаг болох нь чухал. Үүнд ойролцоогоор 8 тэрбум төгрөг хэрэгтэй бөгөөд хөрөнгийн асуудлыг шийдчихвэл манайхан гадаадын орнуудаас хэд дахин хямд үнээр эх орондоо мэс засал хийлгэх боломжтой” гэж эмнэлгийн  ерөнхий захирал С.Отгонгэрэл хэлэв.

    Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэг Олон улсын магадлан итгэмжлэл авахыг зорьж байгаа ч хөрөнгө мөнгө дутагдалтай байна. Мэс засал, эрчимт болон нөхөн сэргээх эмчилгээний санхүүжилт ч дутмаг байгаа талаар эмнэлгийн захирал Б.Батсуурь хэллээ. “Төрөлт эрс нэмэгдэж байгаа энэ үед нийслэлд дөрөвдүгээр амаржих газрыг нэн даруй байгуулах, удам зүйн лаборатори байгуулах зэрэгт төр, засгаас дэмжлэг үзүүлэх, 2010 онд Ерөнхий сайдын ивээл дор үндэсний чуулган зохион байгуулах”-ыг Эх нялхсын эрдэм, шинжилгээний төвийн захирал хүсэв.

    Дэлхий нийтийг хамарсан томуугийн А хүрээний /H1N1/  вирус болон бусад халдварт өвчний эсрэг хийж байгаа ажлынхаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү танилцуулав. Тус төв томуугийн А хүрээний /H1N1/ вирусийг оношлох зориулалтын  лабораторгүйгээс эмч, ажилтнууд халдвар авах, тархах магадлал өндөртэй. Иймээс гуравдугаар зэрэглэлийн зориулалтын лабораторитой болох, сүрьеэ өвчтэй хүмүүсийн сувилал байгуулах, эмч, ажилчдыг орон сууцтай болгох, 23 жил болж байгаа цэвэрлэх байгууламжаа шинэчлэхэд дэмжлэг  үзүүлэхийг хүсэв.

    Уулзалтад оролцсон эмч, ажилтнууд мэдлэг, чадвараа дээшлүүлэх, Эрүүл мэндийн даатгалын санг тусад нь гаргаж бие даалгах, өрхийн эмнэлгийн санхүүжилтийг шинэчлэн, эмч, сувилагчдын цалин, нийгмийн асуудлыг нь шийдэх, иргэн хүн өрхийн эмчээ өөрсдөө сонгодог байх, хүн амын тоо бүртгэлийг цахим хэлбэрт оруулах зэрэг санал, хүсэлт гаргалаа